11 сар 16, 2024

Ажлын хэсгийн анхны зөвлөлдөх уулзалт боллоо

Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан ажлын хэсгийн анхдугаар зөвлөлдөх уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны яам болон холбогдох төрийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцсон юм. Мөн Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны бодлогын газрын удирдлага, мөн Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болох Армен, Беларусь, Казахстан, Киргиз, Оросын төлөөлөгчид оролцлоо. Уулзалтын үеэр талууд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан ажлын хэсгийн ажлын төлөвлөгөөг зарчмын хувьд тохиролцож, хамтарсан судалгаа боловсруулах хүрээнд холбогдох мэдээллийг харилцан солилцох асуудлаар нэгдсэн шийдэлд хүрчээ. Дэлхий нийтийг хамраад буй цар тахлын өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан дараагийн зөвлөлдөх хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулж байх нь зүйтэй хэмээн талууд санал нэгдэв. ОХУ, Беларусь, Казахстан, Киргиз, Арменийг багтаасан 184,3 сая хэрэглэгчтэй, гадаад худалдааны нэгдсэн бодлого, горим бүхий, гаалийн нэгдсэн зохицуулалттай Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нь газар нутгийн хувьд ойр дөт, аж ахуйн уламжлалт харилцаа холбоотой энэ бүс нутагтай худалдааны алдагдлыг бууруулах, хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлж харилцан ашигтай ажиллах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой болно. Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах Хамтарсан ажлын хэсгийг байгуулах саналыг Монголын тал 2016 оноос тавьсан. Үүний үр дүнд Евразийн эдийн засгийн комиссын Зөвлөлийн 2020 оны есдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны Ажлын хэсэг байгуулах асуудлыг дэмжсэн шийдвэр гарсан юм.