12 сар 6, 2024

Дэлхийд цөөн олдох зулзаган Торбозавр

Одоогоос 220 сая жилийн өмнө үлэг гүрвэл дэлхий дээр үүсч хөгжсөн гэж үздэг. Дэлхийн цаг агаарын өөрчлөлтөөс болж энэ амьтан 60 сая жилийн өмнөөс бүр мөсөн устаж үгүй болсон юм. 150 гаруй сая жилийн хугацаанд дэлхий дээр амьдарсан гэгдэх энэ амьтаны судалгаа шинжилгээний ажил хожуу эхэлсэн байдаг. Тодруулбал, 1840-өөд оны эхээр хүн төрөлхтөн энэ амьтаны тухай дөнгөж судалж эхэлжээ. Английн эрдэмтэн Ричард Ой үлэг гүрвэлийг анх судалж нэр томъёог нь шинжлэх ухааны оруулсан хүн юм. Харин европчууд Америкад суурьшсан цагаас үлэг гүрвэлийн судалгаа, шинжилгээний ажил энэ тивд эрчимтэй хөгжиж эхэлжээ. Манай улсын тухайд судалгаа шинжилгээний ажил 19 зууны эхээр эхэлсэн байдаг. Америкийн байгалийн түүхийн музейн экспедицийнхэн 1920 онд манай улсад ирж, эртний хүний олдворыг эрж хайх явцдаа үлэг гүрвэлийн олдвор олжээ. Америкчууд судалгааны ажлаа үргэлжлүүлснээр манай улсын говийн бүсийн аймгууд үлэг гүрвэлийн баялаг олдвортой болох нь тогтоосон байна. Үүний дараа 1940 онд ЗХУ-ын Шинжлэх ухааны академи болон Монголын палеонтологийн экспедицийнхэн, 1960-1970 оны үед Польш Монголын хамтарсан палеонтологийн экспедицийнхэн манай улсад үлэг гүрвэлийн хайгуул судалгааны ажил хийжээ.

Тэр цагаас хойш Монгол-Оросын хамтарсан, Америкийн түүхийн музей Монголын Шинжлэх ухааны төвийн хамтарсан, Монгол-Японы хамтарсан палеонтологийн экспедицийнхэн үлэг гүрвэлийн хайгуул судалгааны ажил хийсэн байна. Манай улсад үлэг гүрвэлийн хайгуул, судалгааны ажил эхэлснээс хойш 90 гаруй жилийн хугацаанд 60 төрлийн, 70 зүйлд хамрагдах үлэг гүрвэлийн олдвор олджээ. Үүний дийлэнх нь махчин үлэг гүрвэл, тэр дундаа Торбозавр юм. Хэдийгээр Тобозавр манай орны говийн бүсээс элбэг олддог ч, түүний зулзага монголд байтугай дэлхийн түүхэнд олдож байсан удаагүй. Харин 2006 оны наймдугаар сард Монгол-Японы палеонтологийн хамтарсан экспедиц Өмнөговь аймгийн Гурван-Тэс сумын нутаг, Бугын цав гэдэг газраас залуу Торбозавр анх олсон юм. Уг олдвор одоогоос 70 гаруй сая жилийн өмнө амьдарч байсан Монголоос олддог аварга махан идэшт үлэг гүрвэлийн зулзага гэж тухайн үед холбогдох албаныхан хуучилж байлаа. Ямарваа нэг амьтны зулзага ясжиж амжаагүй хэврэг байдаг. Тиймээс зулзаган үлэг гүрвэлийн яс хадгалагдаж үлдэх боломж нөхцөл бага байдаг байна. Зулзаган үлэг гүрвэлийн олдвор тэр бүр олдоод байдаггүй нь үүнтэй холбоотой юм. Тиймээс олдсон олдвороо палеонтологийн буюу шороо, чулуутай нь тусгай малтлагын аргаар авсан байна.

Үүнийг цэвэрлэх, боловсруулахад удаан хугацааны палеонтологийн нарийн үе шаттай. Судлаачид хамтарч ажилласан Япон улсад боловсруулалтын ажил хийх нь зөв гэсэн дүгнэлт гаргажээ. Ингээд нэн ховор аварга махчин үлэг гүрвэлийн зулзага анх удаа олсон учраас манай улс лабраторын нөхцөлд цэвэрлэх, боловсруулахдаа сайн гэснийг нь сонгожээ. Тиймээс зулзаган Торбозаврыг олмогцоо 2006 оны есдүгээр сард Япон руу явуулсан бол, 2008 оны долдугаар сард боловсруулалтын ажил дууссан байна. Боловсруулалтын ажил дуусч, шинжилгээ судалгааны ажил эхэлсэн тул зулзаган Торбозавр олсноо Шинжлэх ухааны академийн Палеонтологийн төвийнхөн олон нийтэд дэлгэсэн юм. Байгалийн түүхийн музейн нас биед хүрсэн үлэг гүрвэл болох Торбозавр уртаараа 12-13 метр, өндрөөрөө 2-3 метр, хүндийн жин нь 5 тонн юм. Харин 2006 онд манай улсын говийн бүсээс олдсон зулзаган Торбозаврын урт нь 2 метр, өндөр нь 1 метр орчим болох нь тогтоогдсон байна. Ийнхүү дэлхийд цөөн олдох зулзаган Торбозавр манай улсаас олдсон нь энэ юм.

Translate