Соёлын асуудлаа шийдвэрлэв
Монгол Улсын Засгийн газраас сүүлийн 20 гаруй жилд хийгдээгүй томоохон хөрөнгө оруулалтыг Соёл, урлагийн салбарт оруулж, бодлогоор удирдан чиглүүлэх Соёлын яамыг байгуулаад байна. Тус салбарт 2019-2020 онд нийт 144 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн бол, 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тодорхой зорилтуудыг дэвшүүлж, бодлогын түвшинд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгаад байна. Ийнхүү Соёлын яамыг 26 жилийн дараа дахин эмхлэн байгуулсан ч, үйл ажиллагаагаа эрчимжүүлж үр дүн гаргах нь чухал байгаа юм. Тиймээс
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх даваа гаригт Уран зургийн галерей, Улсын филармони, Хүүхэлдэйн театр, Дүрслэх урлагийн музей, Үндэсний номын сан, Соёлын яаманд ажилласан бол, лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар энэ салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэлээ.
Соёлын яаманд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажиллах үеэр урлаг, соёлын салбарыг хариуцсан яамыг бие даалган байгуулсан нь оновчтой шийдэл болсон. Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь бүх төрлийн үйл ажиллагаанд мэдрэгдэж, дэмжлэг болж байгааг ажилтан албан хаагчид нь хэлж байлаа. Энэ үеэр Соёлын сайд С.Чулуун үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулсан бол, Монгол Улсын Ерөнхий сайд дараах 10 үүрэг даалгаврыг өгсөн юм. Тухайлбал, Соёлын үйлчилгээний чанар стандартыг шинэ шатанд гаргах, Цахим соёлын санг бүрдүүлэх, Үндэсний контентуудыг бэлдэх, Үндэсний агуулгатай инноваци шингэсэн бүтээл туурвих, Иргэдийг соён гэгээрүүлэх, урлаг соёлын бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, Чадварлаг хүний нөөц бүрдүүлэх, Соёлын үнэт өвүүдийг бүтээх, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, Нүүдлийн соёл, уламжлалыг хадгалах, түүнд тулгуурласан аялал жуулчлалын бренд бүтээгдэхүүн бий болгох, Салбарын санхүүжилтийг олон эх үүсвэртэй болгох зэрэг бодлогыг нэн түрүүнд хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй гэсэн юм. Соёлын төв өргөөг нийслэлийн өмчөөс төрийн өмчид шилжүүлж анхны зориулалтаар нь буюу “Соёлын хотхон”-ы зориулалтаар эзэмших талаар судалж танилцуулах зэргийг холбогдох сайд, агентлаг, хотын дарга нарт даалгажээ.
Хүүхэлдэйн театрын хувьд 30 гаруй ажилтан албан хаагчтайгаар үйл ажиллагагаа үргэлжүүлж байна. Үүнээс 11 нь мэргэжлийн жүжигчдийн орон тоо бөгөөд хүүхдэд зориулсан томоохон уран бүтээл тавихад учир дутагдалтай бөгөөд орон тоо төсвийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага буйг театрын удирдлага учирласан. Улсын драмын эрдмийн театрын барилгын урд жигүүрт байрлаж байгаа бөгөөд байр танхимын хүрэлцээ бага нь чанар хүртээмжийг бууруулдаг аж. Иймд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, уран бүтээлийн чанарыг сайжруулахад нэн тэргүүнд театрын байрыг өргөжүүлэх, орон тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа гэв. Тиймээс Хүүхэлдэйн театрын орон тоо, төсвийг нэмэхээр шийдвэрлэсэн байна. Дүрслэх Урлагийн музей нийт үзмэрийнхээ дөнгөж 10 хувийг нийтэд дэлгэн үзүүлдэг бол, 90 хувь нь хадгалалтад байна. Үзмэрүүдийг хадгалах байр савны багтаамжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Дүрслэх урлагийн музей “Augmented Reality technology” төсөл хэрэгжүүлж, хосгүй үнэт үзмэрүүдийг дижитал хэлбэрээр бодит мэт орон зайн хэмжээстэй үзэх боломжийг үзэгчдэд олгожээ. Үүнээс гадна Байгалийн түүхийн музей болон Үндэсний урлагийн театрын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн бөгөөд гүйцэтгэгчийг шалгаруулах ажлыг 2021 оны гуравдугаар сард дуусгаж дөрөвдүгээр сард барилга угсралтыг эхлүүлэхээр төлөвлөжээ.
“Чингис хаан музейн барилга угсралтын ажлууд 75-80 хувийн гүйцэтгэлтэй, арванхоёрдугаар сард бүрэн дуусах аж. Чингис хааны музейн дэглэлт, үзмэрийг бүрдүүлэх, музейн гадна чимэглэл, гэрэлтүүлэг, үзмэрийн танхимын интерьер дизайн, бусад ажилд шаардагдах хөрөнгийг 2021 оны төсвийн төсөлд тусгахаар боллоо.
Монголын Уран зургийн галерейд хадгалагдаж байсан 900 бүтээл галд өртөж 500 гаруйг нь гадаад улс орнуудын дэмжлэг хамтын ажиллагааны хүрээнд сэргээн засварласан байна. Үлдсэн 400 орчим галд өртсөн бүтээлийг сэргээн засварлахад дэмжлэг үзүүлэх, их тэнгэр цогцолборт хадгалагдаж буй нэр бүхий зураачдын бүтээлийг Уран зургийн галерейд шилжүүлэх шийдвэр Засгийн газрын хуралдаанаас гарлаа. Мөн шинээр нэвтрүүлээд буй Урлагийн сэтгэл заслын танхимын үйлчилгээг өргөн хүрээнд хүргэх, ажилтнуудын тоог нэмэгдүүлэх, түүнд шаардагдах цалингийн санг нэмэх зэрэгт 2 тэрбум төгрөгийн төсвийн дэмжлэг хэрэгтэй байгааг Уран зургийн галерейн удирдлага учирласан. Энэ хүрээнд уг байгууллагыг Үндэсний уран зургийн галерей болгон өөрчилж, орон тоо төсвийг нь нэмэхээр шийдвэрлэжээ. Мөн Лениний музейн барилгыг Дүрслэх урлагийн музей болон Уран зургийн галерейн зориулалтаар ашиглах талаар судалж шийдвэрлэхээр болсон байна.
Монгол Улсын филармонийн симфони, оркестрын хөгжим, хэрэгсэл, Морин хуурын чуулгын морин хуур, ятга, цохилуурт хөгжмийг шинэчлэх, уран бүтээлчдийн бэлтгэлийн танхим, хувцасны өрөөг засварлах гээд нийт хоёр тэрбум гаруй төгрөг шаардлагатай байгааг Филармонийн удирдлага мөн танилцуулжээ. Улсын филармони жилд өөрийн болон олон улсын тайзнаа 120 гаруй тоглолт, арга хэмжээ зохион байгуулдаг. Олон улсын стандартад симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүнд хамгийн багадаа модон үлээвэр болон гуулин үлээвэр хөгжмийн тус бүр дөрөв, утсан хөгжмийн тав, цохивор хөгжмийн 5-10 төрөл буюу нийт 80 гаруй хөгжмийн төрөл дуугарч байх ёстой гэж үздэг. “Симфони найрал хөгжим”-ийн хөгжмийн зэмсэг хуучирч, ашиглах хугацаа 12-23 жилээр хэтэрч шаардлага хангахгүй болсон байна. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын филармонийн “Симфони найрал хөгжим”-ийн хөгжмийн зэмсгийг шинэчлэхэд зориулж 1 тэрбум 800 сая, “Морин хуурын чуулга”-д шаардлагатай 200 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.
Үндэсний төв номын сангийн барилга угсралтын ажил 75-80 хувийн гүйцэтгэлтэй, арванхоёрдугаар сард бүрэн дуусах юм байна. Барилга угсралтын ажлын явцтай засгийн газрын тэргүүн танилцах үед Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны 12а, 12б байрны 240 гаруй өрхийн 1000 гаруй оршин суугчийн төлөөлөл гомдол хүсэлт гаргалаа. Энэ нь Үндэсний төв номын сангийн барилга, болон дээрхи 12а, 12б орон сууцны байрны дунд 16 давхар бүхий орон сууцны барилгыг өнгөрсөн долдугаар сараас барьж, дөрөвдүгээр давхар хүртэл угсралт хийж байгаа. Номын сан болон орон сууцны байруудаас 7 метр хүртэлх зайтай, орох гарах гарц хаасан, байгалийн гэрэл тусах боломжгүй, үзэгдэх орчин хязгаарласан, хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоол байгуулах боломжгүй нөхцөл үүссэн зэрэг олон сөрөг талууд бий болжээ. Ерөнхий сайд нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад орон сууцны барилгын норм, стандарт зөрчсөн байж болзошгүй байдлын талаар судалж, шийдвэрлэх гарц олохыг НЗДТГ-ын дарга болон бусад албан тушаалтнуудад үүрэг болгосон. Энэ дагуу холбогдох шийдэл гартал тус 16 давхар орон сууцны барилга угсралтын ажлыг НЗД-ын захирамжийн дагуу түр зогсоох шийдвэрийг гаргаад байгаа юм.