12 сар 4, 2024

Тогтворжуулах гэрчилгээ

Урт нэртэй хууль гаргаж, алтны тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлсэн. Хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглосон зэргээс шалтгаалж хөрөнгө оруулагчдын итгэл алдарч байсан цаг саяхан. Гэвч, араас нь 2012 оны тавдугаар сарын 17-нд Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль гаргасан нь хөрөнгө оруулагчдыг дахин үргээхэд хүргэсэн гэхэд болно. Тодруулбал, энэ хуулийг дагаж мөрдөх журам огт гараагүй учраас хөрөнгө оруулагчид Монголыг орхиход хүрсэн юм. Үүний нөлөөгөөр манай улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурсан гашуун түүх бий. Тухайлбал, хууль гарахын өмнөх жил манай улсад 4,9 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн нь түүхэн дээд рекорд байсан бол, үүнээс хойш тасралтгүй уруудлаа. Тодруулбал, 2012 онд манай улсад 4,1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн бол, 2013 онд 2.1 тэрбум ам.доллар болж буурчээ.

Тиймээс ч алдаагаа залруулахын тулд хөрөнгө оруулагчдыг үргээсэн дээрх хуулийг хүчингүй болгож, оронд нь Хөрөнгө оруулалтын шинэ хууль гаргасан билээ. Шинэ хууль 2013 оны арваннэгдүгээр сарын нэгнээс мөрдөгдөж эхэлснээр 2008 оноос хойш хөрөнгө оруулсан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалтаасаа хамаарч, 5-18 жилийн хугацаанд дөрвөн төрлийн татварыг өнөөгийн түвшинд төлөх бололцоо бүрдсэн юм. Өөрөөр хэлбэл, хожим холбогдох хуулиудад өөрчлөлт орсон ч, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Гаалийн албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг өнөөгийн түвшинд тогтвортой төлөх хууль эрхзүйн орчин бүрдсэн билээ. Гадаадын хөрөнгө оруулалтын газар үүнийг баталгаажуулсан тогтворжуулах гэрчилгээг хөрөнгө оруулагчдад өгөх ёстой.

Гэтэл хууль хэрэгжиж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрч байхад нэг ч компанид тогтворжуулах гэрчилгээ олгоогүй байх юм. Манай улсад 1990 оноос хойш 12 мянган гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулагдсан байдаг. Үүнээс өнөөдөр 8800 нь үйл ажиллагаа явуулж байгаа юм. Эдгээрийн 300 нь өнгөрсөн онд байгуулагдсан бөгөөд 10 нь тогтворжуулах гэрчилгээ авахаар бэлтгэлээ базааж, Хөрөнгө оруулалтын газраас зөвлөгөө авч байгаа гэнэ. Харин дотоодын зургаан компани тогтворжуулах гэрчилгээ авах хүсэлт гаргасан ч, нэг нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах санал тавих болжээ. Тэдний нэрсийг одоогоор нийтэд зарлахгүй гэдгээ албаныхан мэдэгдэж байна. Дашрамд дурдахад, Хөрөнгө оруулалтын тухай хуулиар цөмийн энергиэс бусад салбарт 500 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна гэж тусгасан билээ.