12 сар 4, 2024

Засгийн газрын үнэт цаасны өрийн үлдэгдэл 2.2 их наяд төгрөгт хүрэв

Засгийн газрын дотоодын зах зээлд арилжаалсан үнэт цаасны өрийн үлдэгдэл өнгөрсөн оны эцэст 1.9 орчим их наяд төгрөгөөр хэмжигдэж байсан. Тэгвэл энэ оны эхний зургаар сарын байдлаар засгийн газрын үнэт цаасны өрийн үлдэгдэл 2.2 их наяд төгрөгт хүрчээ.

2009 онд “Зоос” банкны найдваргүй зээлийг нөхөх зорилгоор засгийн газар 100 гаруй тэрбум төгрөгийн бонд гаргаж, Төрийн банк руу шилжүүлсэн байдаг. Мөн 2011 онд “4000 айлын орон сууц хөтөлбөр”-ийг санхүүжүүлэхэд зориулж 72 тэрбум төгрөгийн бонд, ноос, ноолуур, жижиг дунд үйлдвэрийг дэмжихэд зориулж 197 тэрбум төгрөгийн бонд тус тус гаргасан юм. Тэгвэл эдгээр биет үнэт цаасны дийлэнх нь эргэн төлөгджээ. Тухайлбал, банкны бүтцийн өөрчлөлтөд зориулж гаргасан бондын үлдэгдэл 22 тэрбум төгрөг болж буурсан бол, 4000 айлын орон сууц хөтөлбөрт зориулсан бондын үлдэгдэл 44 тэрбум төгрөг, ноос ноолуур, жижиг дунд үйлдвэрийг дэмжихэд зориулсан бонд 16 тэрбум төгрөгт болжээ.