11 сар 14, 2024

Чалког чадах гэсэн биш, өөрсдөө чадууллаа

Оюутолгойн далд уурхайг хэн дуртай нь ашиглалтад оруулах чадамжгүй. Тиймээс ч “Туркойз хилл” /хуучны Айвенхоу майнз/ компани далд уурхайг ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулах чадамжтай гэдэг утгаар нь “Рио Тинто”-той хамтрахаар 2006 оны аравдугаар сард стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан юм. Энэ цагаас эхлэн “Туркойз хилл” компани өөрийн хувьцааг “Рио Тинто” компанид худалдах замаар Оюутолгойн бүтээн байгуулалтад шаардагдах санхүүжилтийг босгож ирсэн. Ингэж явсаар 2012 оны эхээр “Рио Тинто” компани “Туркойз хилл” компани дахь эзэмшлээ хоёр хувиар нэмэгдүүлж 51 хувьд хүргэсэн юм. Хяналтынх нь багцыг эзэмшдэг болсон даруйдаа “Рио Тинто” компани өөрийн хүмүүсийг “Туркойз хилл” компанийн удирдлагад томилж, тэднээр дамжуулж өөрийн бодлогыг явуулж эхэлсэн. Тэдний бодлогын нэг нь “Туркойз хилл” компанийн охин компаниудыг худалдаж, орлогыг нь Оюутолгой төсөлд зарцуулахад чиглэгдэж байлаа.

Энэ ч үүднээс  “Саус гоби ресурсес” компанийг хамгийн эхэнд худалдах оролдлого хийсэн юм. Тодруулбал, тронто болон Хонгконгийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй “Саус гоби ресурсес” компанийн 56 хувийг “Туркойз хилл” компани эзэмшдэг. Энэ хувийг Хятадын төрийн өмчит “Чалко” компанид худалдах гэрээг 2012 оны дөрөвдүгээр сарын 1-нд байгуулж үзэглэж байлаа. Өөрөөр хэлбэл, “Туркойз хилл” компанийн “Саус гоби ресурсес”-д эзэмшдэг 104 сая  807 мянга 155 ширхэг хувьцааг бүгдийг нь худалдах гэрээ байгуулсан юм. Ингэхдээ нэгж хувьцааг 8.48 канад доллараар худалдахаар тохиролцсон. Үүнээс 889 сая канад долларын орлого олж, бүгдийг нь Оюутолгойн бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөж байлаа.   Үүнээс гадна “Саус гоби ресурсес” компанийн монгол дахь охин компани болох “Саус гоби сэндс”-ийн эзэмшил дэх “Цагаан толгой”-н ордын 15041 дугаартай ашиглалтын, 7662 дугаартай хайгуулын лицензүүдийг 30 сая ам.доллараар “Модун ресурсес” компанид худалдах гэрээг 2012 оны гуравдугаар сарын 5-нд мөн үзэглэж байсан юм.

Ингэхдээ 7.5 сая долларыг бэлнээр, үлдсэнийг нь “Модун ресурсес” компанийн хувьцаанд хөрвүүлэхээр хоёр тал тохиролцсон гэгддэг. Энэ гэрээ амжилттай болвол, “Саус гоби ресурс” компани Австралийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй бөгөөд нийслэлээс 120 киллометрийн зайд орших “Нүүрст” хэмээх ордод үйл ажиллагаа явуулдаг “Модун ресурсес” компанийн томоохон хувьцаа эзэмшигч болох байлаа.   Өөрөөр хэлбэл, “Модун ресурсес” компанийн томоохон хувьцаа эзэмшигч нь “Саус гоби ресурсес” болно. Харин “Саус гоби ресурсес” компанийн томоохон хувьцаа эзэмшигч нь “Чалко” болох байлаа. Нэг ёсондоо, “Чалко” компани нэг сумаар хоёр туулай буудаж, “Саус гоби ресурс” компанийн дийлэнх хувийг эзэмшээд зогсохгүй, энэ компаниар дамжуулан “Модун ресурсес” компанийн хувьцааг давхар эзэмших боломжтой байсан гэсэн үг. Компанийн хувьцааг худалдах болон худалдан авах энэ мэт гэрээ дэлхий дээр өдөрт хэдэн мянгаараа хийгдэж байдаг энгийн үзэгдэл.

Манайхан ч гэсэн “Чалко” болон бусад дурын компанийн хувьцааг ч авах боломж нээлттэй. Гэвч манай төрийн томчууд хөрөнгийн зах зээлийн энгийн ойлголтгүйгээс тэр үү… Эсвэл сонгуулийн өмнө хэсэгхэн шоудаад авъя гэж шийдсэн үү… Энгийн нэг гэрээг эвэртэй туулай мэтээр ярьж, ойлгуулж, сурталчлах нь тэр…   Тухайлбал, “Саус гоби ресурсес” хэмээх толгой компанийнх нь хяналтын багцыг авчихаар, “Саус гоби сэндс” охин компанийнх нь эзэмшил дэх нүүрсний ордууд бүхэлдээ Хятадын төрийн өмчийн “Чалко” компанийнх болчих мэтээр ярьж, ойлгуулж, ухуулж байсан удаатай. Тиймдээ ч, “Чалко”-д хаалт тавих үүднээс 2012 оны тавдугаар сарын 17-нд “Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг яаравчлан баталсан юм. УИХ-ын сонгуулийн өмнө батлагдсан энэ хуулийн 4.7-д Монгол Улсын эрдэс баялаг, банк санхүү, хэвлэл мэдээллийн салбарын 49 дээш хувь эзэмших, эсвэл 100 тэрбум төгрөгөөс давсан хөрөнгө оруулалт хийвэл УИХ-аас зөвшөөрөл авна.

Бусад тохиолдолд зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ гэж тусгасан. Гэвч ийм зүйл заалт бүхий хуулийг дагаж мөрдөх журам огт гараагүйгээс болж, хөрөнгө оруулагчид эрхзүйн таатай орчинтой газар руу усны шувуу мэт нүүдэллэсэн. Үүний нэг нотолгоо бол, 2012 онд манай улсад дөрвөн тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэн бол, 2013 онд хоёр тэрбум ам.доллар болж буурсан. Ийнхүү Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журам гараагүйгээс болж нэг талаас хөрөнгө оруулалт буурлаа. Нөгөө талаас  “Рио Тинто”-гийн бодлогоор “Цагаан толгой”-н ордыг  “Модун ресурсес”-д худалдах гэрээ, “Саус гоби ресурсес” компанийн 56 хувийг “Чалко”-д худалдах гэрээ бүгд хүчингүй болсон юм. Ийнхүү сонгуулийн өмнө яаравчлан баталсан Сратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль гаргаснаар “Чалко”-д хаалт тавьж чадах нь чадсан ч, гадаадын хөрөнгө оруулагчдыг бүхэлд нь үргээчихлээ.

Үүнээс болж валютын нийлүүлэлт буурч, америк долларын ханш 1900 төгрөг рүү дөхөж, төгрөгийн худалдан авах чадвар буурч, иргэд болон бизнес эрхлэгчдээ сөхрүүлж байна.  Манайхан Хятадын төрийн өмчийн “Чалко” компанийг чадах гэсэн биш, өөрсдийгөө чадаж орхисон нь энэ. Мэх мэхэндээ унана гэдгийн бодит жишээг манайхан хожуу ухаарч, хөрөнгө оруулагчдыг үргээсэн Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулах тухай хуулийг өнгөрсөн онд хүчингүй болгох нь тэр. Харин оронд нь “Хөрөнгө оруулалтын хуулийг 2013 оны аравдугаар сарын 3-ны өдөр гаргасан. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн энэ хуульд уул уурхай, банк санхүү, харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн салбарын 33-аас дээш хувийг гадаадын төрийн өмчит хуулийн этгээд эзэмших тохиолдолд, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авахаар тусгажээ.  

Мөн хөрөнгө оруулалтын төслийн үйл ажиллагааны салбар, байршил, хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарч 5, 8, 10, 15 жилийн хугацаатай тогтворжуулах гэрчилгээ олгохоор болсон байна. Энэ хугацаанд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг Аж, ахуйн нэгжийн орлогын албан татвар, Нэмэгдсэн өртөгийг албан татвар, Гаалийн албан татвар болон Нөөц ашигласны төлбөрийг одоо байгаа хэмжээнд нь тогтвортой төлөх юм. Хөрөнгө оруулалтын шинэ хуулийн дагуу “Рио Тинто” компани өмнөх бодлогоо дахин үргэлжлүүлэхээр болжээ. Ингэж хэлж байгаа нь, “Саус гоби ресурсес”-ийн охин компани болох “Саус гоби сэндс”-ийн эзэмшил дэх “Цагаан толгой”-н талбайг хоёр сая ам.доллараар худалдах гэрээг байгуулсан байна.   Үүнээс гадна, “Туркойз хилл” компанийн “Саус гоби ресурс” дэх эзэмшлээс 26 хувийг өөртөө үлдээж, 30 орчим хувий Хонг – конгийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй “National United Resources holdings limited” компанид худалдахаар гэрээ байгуулжээ.

Өөрөөр хэлбэл, 56 сая 102 мянган ширхэг хувьцааг худалдах тухайгаа өнгөрсөн сарын 29-нд албан ёсоор зарлалаа. Үүнийг нэг бүрийг нь 0.455 канад центээр худалдаж, 25.5 сая канад доллар олохоор төлөвлөжээ.   Үүний тал хувийг буюу 12.8 сая канад долларыг бэлнээр авах бол, үлдэх 12.8  сая канад долларыг жилийн дараа авахаар тохиролцсон гэх мэдээлэл байна. Ийм тохиролцоо бүхий гэрээг ирэх арваннэгдүгээр сарын 30-наас өмнө дуусгавар болгохоор төлөвлөж байна. Ийнхүү Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн гайгаар “Саус гоби ресурс”-ийн 56 хувийг 889 сая канад доллараар, “Цагаан толгой”-н ордын талбайг 30 сая ам.доллараар шилжүүлэх гэрээ бүтэлгүйтэж байлаа.  Харин Хөрөнгө оруулалтын шинэ хуулийн ачаар “Саус гоби ресурс”-ийн 30 орчим хувийг 25 сая канад доллараар, цагаан толгойн ордын талбайг хоёр сая ам.доллараар шилжүүлэх гэрээ бүтэлтэй болж магадгүй нь.

Гэхдээ өмнөхтэй харьцуулахад сүүлийн гэрээнүүд хэд дахин бага үнийн дүнтэй байх юм… Ер нь сүүлийн гэрээг өмнөх гэрээтэй харьцуулахад, дундаасаа 890 орчим сая долларын зөрүү харагдаж байна. Хэрэв өмнөх гэрээнүүд амжилттай болсон бол, энэ мөнгө манай улс руу чиглэсэн хөрөнгө оруулалт болж, Оюутолгойн бүтээн байгуулалтад зарцуулагдах байлаа. Тэр хэрээр валютын энэ нийлүүлэлт долларын ханшийн өсөлтийг нэлээд хугацаанд торгоож дийлэх байсан тухай мэргэжлийн хүмүүс хэлдэг. Гэтэл бид “Чалко”-г чадах гэж Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль гаргасны гайгаар энэ мөнгөө салхинд хийсгэчихлээ. Үүнээс болж долларын ханш чамгүй чангарч байна. “Чалко”-г чадах гэсэн биш, өөрсдөө чадуулсан нь энэ.