12 сар 6, 2024

Кастодионы журам эцэслэгдлээ

Хөрөнгийн зах зээлийг зохицуулах хуулийг манай улс 1995 онд гаргаж, 2002 онд өөрчлөлт оруулж байлаа. Гэвч энэ хууль өнөөгийн хөрөнгийн зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцэхгүй болсон учраас хууль эрх зүйдээ өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан юм. Энэ ч үүднээс өнгөрсөн оны тавдугаар сарын 24-нд “Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, энэ оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөж эхэлсэн. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа энэ хуульд цоо шинэ нэр томьёо оруулж өгсөн нь “КАСТОДИОН”-ы үйлчилгээ юм. 19 зууны үед хувьцаа биет хэлбэртэй буюу бидний сайн мэдэх, цэнхэр ягаан тасалбар шиг байсан. Тиймээс ч хөрөнгө оруулагчид их хэмжээний үнэт цаасаа гэртээ бус, найдвартай газарт хадгалуулах шаардлага тухайн үед үүсчээ. Энэ л хэрэгцээ шаардлагын улмаас иж бүрэн хадгалалт, хамгаалалт бүхий “кастодион” банкууд ар араасаа байгуулагдаж, 200 жилийн турш байр сууриа алдалгүй оршин тогтнож байна. Өнөөдөр кастодион банкууд хөрөнгө оруулагчийн үнэт цаас болон бусад хөрөнгийг найдвартай хадгалах үндсэн үүргээ биелүүлж байгаагаас гадна, тэдний дансны мэдээллийг нэгтгэх, хөрөнгөтэй холбогдсон татварын үйлчилгээг үзүүлэх, хувьцаагаар баталгаажсан эрхийг хэрэгжүүлэх зэрэг олон төрлийн үйлчилгээ үзүүлж байна. Гадаадын хөрөнгө оруулагчид болон хөрөнгө оруулалтын сангууд Монгол Улсад үнэт цаасны зах зээлээр дамжуулан хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байдаг ч, дээрх төрлийн үйлчилгээ байхгүй байсан нь томоохон бэрхшээл учруулж байсан юм. Тиймээс ч манай улс өнгөрсөн онд баталж, энэ оноос мөрдөж эхэлсэн Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулгад кастодион үйлчилгээний зүйл заалтыг тусгаж өгсөн. Гэвч кастодионы үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан журам гараагүй байсантай холбоотойгоор энэ үйлчилгээ нэвтрэхэд хүндрэл учруулж байсан. Тэгвэл хүсэн хүлээсэн кастодионы үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан журмын төслийг энэ сарын гуравны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголбанкны Ерөнхийлөгчийн 85/А-106 тоот хамтарсан тушаалаар эцэслэн баталлаа. Ингэснээр эрх бүхий этгээдүүд кастодионы үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авч, гүйцэтгэх боломжтой болж байна. Хуулиараа энэ үйлчилгээг Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвөөс /ҮЦТТТХТ/ гадна, арилжааны банк, түүний хараат болон охин компаниуд явуулах эрхтэй. Одоогоор эрх бүхий байгууллагуудаас кастодионы үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасан нэг ч байгууллага алга. Гэхдээ Хаан, Хас, Голомт, Худалдаа хөгжил зэрэг банкууд энэ чиглэлээр үйлчилгээ явуулахаар бэлтгэлээ хангаж байгаа гэх мэдээлэл байна. Үүнээс гадна Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна.

Translate