12 сар 6, 2024

Хууль бусаар олгосон 106 лицензийг сэргээнэ

Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 20 хувьд хайгуулын ажил хийгдсэн гэх мэдээлэл бий. Харин үлдэх талбайд огт хайгуул хийгдээгүй байх юм. Энэ талбайд хайгуул хийж манай улс газрын гүн дэх эрдэс баялгийнхаа нөөцийг тогтоох шаардлагатай. Гэвч хайгуул хийнэ гэдэг амаргүй, өвсөн дундаас зүү эрхтэй адил зүйл. “Зүү”-гээ олохын тулд их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулна. Хайгаад юу ч олохгүй бол оруулсан хөрөнгөөрөө шатдаг эрсдэлтэй салбар юм.  Тиймээс ч манай улс энэ эрсдэлтэй салбарт сүүлийн үед хөл тавьж, төсвөөс их хэмжээний хөрөнгө мөнгө гаргахаа больсон. Гол төлөв гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулж, тэдний мөнгөөр хайгуул хийлгэх бодлого сүүлийн жилүүдэд барьж ирсэн гэхэд болно. Хэрэв хөрөнгө оруулагчид хайгуул хийгээд юу ч олохгүй бол, тэд эрсдлээ өөрсдөө хүлээнэ. Харин нөөц тогтоож, үүнийгээ ашиглавал манай улс татвараа авч, үйл ажиллагаа явуулах боломжоор нь хангах ёстой юм. 1990 оноос хойш манай улсын геологи, хайгуулын салбар ийм л энгийн томьёоллоор хөгжиж байна.

Гэвч аливаа зүйл хоёр талтай байдаг шиг сайны хажуугаар саар зүйл ч ажиглагдаж байлаа. Тухайлбал, Монгол Улсын нутаг дэвсгэрт төрөл бүрийн чиглэлээр хайгуул хийхээр авсан тусгай зөвшөөрлөө хилийн чинадад худалдах тохиолдол мэр сэр гарч байсан нь нууц  биш. Тиймээс ч, лицензийн наймааг цэгцлэх зорилгоор УИХ 2010 оны зургаадугаар сарын 17-нд “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль” гаргасан юм. Энэ хуульд 2010 оны арванхоёрдугаар сарын нэгнийг хүртэл хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй байхаар тусгасан байдаг. Гэвч хожим энэ хуульд өөрчлөлт оруулж, хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох хугацааг хэд хэдэн удаа сунгасан юм. Эхлээд 2011 оны дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгасан бол, дараа нь 2011 оны арванхоёрдугаар 31 хүртэл сунгаж байлаа. Гэхдээ энэ нь эцсийн өөрчлөлт байсангүй. 2012 оны арванхоёрдугаар сарын 28-нд дээрх хуульд дахин өөрчлөлт оруулж, “Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн батлаж, дагаж мөрдөх хүртэл хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох болон бусдад шилжүүлэхийг хориглосон юм.

Ийнхүү манай улс “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль” гаргасан цагаас хойш дөрвөн жилийн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгосонгүй. Энэ хугацаанд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоо эрс цөөрсөн судалгаа байна. 2010 онд манай улсын нийт нутаг дэвгэрт 4137 тусгай зөвшөөрөл олгогдоод байсан бол, одоо 2880 болж буураад байна. Энэ хэрээр манай улсын нийт газар нутагт эзлэх ашигт малтмалын талбайн хэмжээ ч буураад байгаа юм. Тухайлбал,  2010 онд нийт газар нутгийн 46 хувийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэлж байсан бол, өнөөдөр 7.6 хувь болтлоо буурчээ. Хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглосонтой холбоотойгоор нэг талаас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл цэгцэндээ орсон нь маргаангүй үнэн.  Гэхдээ нөгөө талаас энэ салбарт орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт буурч, үүний нөлөө америк долларын ханшийн өсөлтөөр илэрч, төгрөгийн ханшийн сулралтад нөлөөлж байгаа юм. Цаашлаад гадаадын хөрөнгө оруулалт буурсантай холбоотойгоор ашигт малтмалын хайгуулын ажил зогсч, геологичид ажилгүй сууна. 

Ер нь дэлхий дээр жилд 6.5 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хайгуулын салбарт зарцуулагддаг гэх судалгаа бий. Үүний 300-400 сая ам.доллар нь манай улсын геологийн салбарт өмнө нь орж ирдэг байсан ч, хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохоо больсон цагаас  энэ тоо 3-4 дахин буурчээ. Тиймээс  манай улс энэ салбарт гадаадын хөрөнгө оруулагчдыг дахин татах үүднээс “Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн батлах хүртэл хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй” гэсэн байр сууринаасаа үндсэндээ ухарсан гэж ойлгож болно. Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болгох хуулийн төслийн хамт УИХ-д өргөн барьсан учраас ингэж хэлж байгаа юм. Эдгээр хуулийн төслийг хууль тогтоогчид хаврын чуулганы хаалтын өдөр хэлэлцэж, гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэнээр баталжээ. УИХ өнгөрсөн намрын чуулганаар “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг”-ийг баталсан. Үүнд нийцүүлэн “Ашигт малтмалын тухай хууль” болон холбогдох бусад хуулиудад ийнхүү өөрчлөлт оруулаад байна.

Ингэснээр төрөөс тогтоож өгсөн газарт хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох бололцоотой болж байгаа юм. Мөн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль” хэрэгжих хугацаанд хууль бусаар олгогдсон хайгуулын 106 тусгай зөвшөөрлийг сэргээх боломж нээгдэж байна. Эдгээр тусгай зөвшөөрлийг сэргээхээр Уул уурхайн яам, Хууль зүйн яамтай хамтран ажлын хэсэг байгуулсан байна…Дашрамд дурдахад, өнгөрсөн онд хүчингүй болгосон 106 тусгай зөвшөөрлийн 87 нь дотоодын, 14 нь гадаадын, 5 нь гадаад дотоодын хамтарсан хөрөнгө оруулалттай компанийн эзэмшилд байсан юм. Дээрх компаниуд тусгай зөвшөөрөл эзэмшиж байх хугацаандаа, хайгуулын ажилд их хэмжээний хөрөнгө мөнгө зарсан. Гэтэл гэнэт тусгай зөвшөөрлийг нь цуцласан учраас нөхөн төлбөрөө төрөөс нэхэхэд хүрчээ. Гэвч үүнийг төсвөөс гаргах бололцоогүй. Тиймээс ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулж, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болгосноор дээрх 106 тусгай зөвшөөрлийг сэргээх боломжтой болж байгаа юм. Ингэснээр хайгуулын салбар сэргэж жилдээ 300-400 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ. Энэ тоо цаашид 1 тэрбум ам.долларт хүрэх бололцоотой гэж албаныхан үзэж байна.

Translate