12 сар 4, 2024

Я.Батсуурь: Чалкогоос өөр компанид нүүрс нийлүүлж, зээлээ төлөх боломжтой

Засгийн газрын тэргүүн өнгөрсөн онд БНХАУ-д айлчлах үеэр Эрдэнэс-Тавантолгой, Энержи ресурс, Тавантолгой компани хамтран 20  жилийн хугацаанд нэг тэрбум хүртэлх тонн нүүрс Хятадын Шэн Хуа Энержи компанид нийлүүлэхээр тохиролцсон. Үүний эхлэл болгож Эрдэнэс-Тавантолгой компани 450 мянган тонн нүүрс Шэн Хуа Энержи компанид энэ сард нийлүүлэхээр болсон байна. Энэ болон бусад асуудлаар Эрдэнэс-Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурьтай ярилцсан юм.

– Энэ жил манай улс 31 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Үүний хэдэн хувийг Эрдэнэс-Тавантолгой компани дангаараа экспортлох боломжтой вэ?
– Манай компани нүүрсний томоохон олборлогч, экспортлогч болохоор ажиллаж байна. Нүүрсний компаниуд 31 сая тонн нүүрс экспортлохоос, гуравны нэгийг нь манай компани дангаараа экспортлох зорилт тавьсан. Өөрөөр хэлбэл, Эрдэнэс-Тавантолгой компани энэ онд хоёр уурхайгаасаа 11 сая тонн нүүрс олборлож, экспортлох шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эхний улиралд нүүрсний зах зээл маш муу, уналттай байсан ч бид ойролцоогоор нэг сая тонн нүүрс экспортолж чадсан. Эрдэнэс-Тавантолгой компани өнгөрсөн оны эхний улиралд 100 мянган тонн нүүрс экспортолж байсантай харьцуулахад энэ бол амжилт. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрсний экспорт 10 дахин өссөн нь чамлахаар үзүүлэлт биш л дээ.

– Эрдэнэс-Тавантолгой компанийн гэрээт олборлогчид Цанхийн баруун, зүүн хэсэгт нэгэн зэрэг нүүрс олборлож байгаа. Тэд хоёр уурхайгаас хэдэн тонн нүүрс олборлож, үүний хэдийг нь экспортолсон гэсэн үг үү?
– Он гарсаар баруун, зүүн цанхиас хоёр сая тонн нүүрс олборлосон. Үүний талыг экспортолсон бол, талыг нь борлуулж амжаагүй байна. Борлуулаагүй нүүрсэн дээр өнгөрсөн оны үлдэгдлээ нэмж тооцвол манайд 2,5 сая тонн нүүрс ачуулахад бэлэн байна. Дээр нь хөрс хуулж, олборлоход бэлэн болгосон хоёр сая тонн нүүрс манайд мөн бий. Үүнийг оролцуулбал, манайд 4,5 сая тонн нүүрс борлуулахад ачуулахад бэлэн байгаа. Манай компани он гарсаар Хятадын найман том худалдан авагчтай нүүрс борлуулах гэрээ байгуулсан. Тэдэнд нийт 4,25 сая тонн нүүрс нийлүүлэхээр тохиролцоод байгаа юм. Үүнийг багаар буюу уурхайн амны нөхцөлөөр тонныг нь 35 ам.доллараар худалдана гэж тооцвол ойрын үед 150-160 сая ам.долларын борлуулалтын орлого орж ирэх боломжтой.

– Олборлосон нүүрснийхээ талыг оны эхэнд экспортолсон гэлээ. Гэтэл экспорт зогссоноос болж баруун цанхийн гэрээт олборлогчдын төлбөрийг өгч чадахгүйд хүрсэн гэж яригдаад байгаа. Энэ ямар учиртай юм бол?
– Цанхийн баруун хэсэгт Монголын үндэсний олборлогч, Хишиг арвин, Мера гэсэн гурван компанийн хамтарсан Монгол уурхайчин нэгдэл гэрээгээр нүүрс олборлодог. Энэ нэгдэлд хийсэн ажилд нь тааруулж, уулын цулыг метр кубээр нь үнэлж гэрээгээр нүүрс олборлосны төлбөрийг төлдөг. Бид барууны цанхийн нүүрсийг худалдаж төлбөрөө төлнө шүү дээ. Баруун цанхийн гэрээт олборлогч оны эхнээс үйл ажиллагаагаа зогсоолгүй, олборлолт хийсэн. Гэтэл баруун цанхийн борлуулалт уурхайн аман дээр хэд хоног зогсож, саатсан л даа. Үүнээс болж манай компани гэрээт олборлогчид 60 тэрбум төгрөгийн өртэй болчихсон. Үүнээс болж хоёр компанийн хооронд бага зэргийн зөрчил, хүндрэл үүссэн тал бий. Гэхдээ баруун цанхийн борлуулалтыг өнгөрсөн хоёр долоо хоногт амжилттай явуулж, гэрээт олборлогчид төлөх төлбөрийн 70 хувийг барагдуулсан. Одоо хоёр компани хамтын ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна. Ийм л асуудал үүссэн. Түүнээс манай экспорт бүхэлдээ зогссон юм биш.

– Эрдэнэс-Тавантолгой компани Чалко компанид 130 сая ам.доллар төлөх дутуу байгаа. Нүүрсний үнэ өндөр байвал багахан нүүрс нийлүүлж өрөө төлчих боломжтой. Гэвч сүүлийн үед нүүрсний үнэ унаж Чалко компанид ахиу нүүрс нийлүүлж өрөө дарах дүр зураг ажиглагдах боллоо?
– Чалко компанитай байгуулсан гэрээний дагуу Ганц модны нөхцөлөөр тус компанид нүүрс нийлүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, 57-60 ам.доллараар нүүрсээ нийлүүлэх ёстой гэсэн үг л дээ. Энэ үнээр тооцвол, хоёр сая гаруй тонн нүүрсээр үлдэх зээлээ төлөх бололцоотой ч, сүүлийн үед Чалко компанийн борлуулалт хүндэрч манайхаас бүтээгдэхүүн авахаа хязгаарлаж байна. Гэхдээ тус компани бидэнд боломж олгосон. Ямар боломж вэ гэхээр зүүн цанхийн нүүрсийг өөр компаниудад худалдаж, орлогыг нь Чалкод шилжүүлж болно гэсэн боломж олгож байгаа. Чалко компани гэрээний дагуу өмнө нь бидэнд ийм боломж олгодоггүй байсан юм. 

– Чалкотой дахин хэлэлцээрийн ширээний ард сууж гэрээнд өөрчлөлт оруулсан гэсэн үг үү?
– Гэрээнд өөрчлөлт оруулах талаар дахин ярилцаж ерөнхийдөө ийм тохиролцоонд хүрсэн. Энэ бол чухал тохиролцоо. Ийм тохиролцоо хийснээр бид нүүрсээ цаашид Уурхайн амны, Цагаан хадны, Ганц модны гэсэн гурван нөхцөлөөр худалдах боломжтой болж байгаа юм. Бид нэг тонн нүүрсийг Уурхайн амны нөхцөлөөр 35 ам.доллараар,  Цагаан хадны нөхцөлөөр 48,5 доллараар, Ганц модны нөхцөлөөр бол 57 ам.доллароор одоогоор худалдаж байна. Цаашид энэ гурван нөхцөлийн аль алинаар нь нэгэн зэрэг нүүрсээ худалдвал, одоо бэлэн байгаа 4,5 сая тонн нүүрсээ хурдан хугацаанд борлуулж Чалкогийн үлдэх өрийг түргэн дарах боломжтой. Бид мэдээж нүүрснийхээ үнийг Чалкод нийлүүлж байгаа үнээс ахиулахыг л бодож байгаа.

– Эрдэнэс-Тавантолгой компани Хятадын найман компанид нүүрс нийлүүлэх гэрээ хийсний нэг нь Шэн Хуа компани. Тус компанид энэ сард 450 мянган тонн нүүрс Цагаан хадны нөхцөлөөр нийлүүлэхээр тохиролцсон гэсэн. Чалкогийн аваагүй нүүрсийг цаашид энэ компанид нийлүүлээд явах бололцоотой юу?
– Хятадын Шэн Хуа компанид 450 мянган тонн нүүрс нийлүүлэх гэрээг өнгөрсөн сарын 17-нд үзэглэсэн. Ингэхдээ нэг тонн нүүрсийг Цагаан хадны нөхцөлөөр буюу 48,5 ам.доллараар нийлүүлэхээр тохиролцсон. Ийм хэмжээний нүүрсийг энэ үнээр тавдугаар сард нийлүүлнэ. Үүний нийт төлбөр 21,8 сая доллар болж байгаа. Тэгвэл энэ төлбөрийн 80 хувь нь буюу 17.4 сая доллар ороод ирчихсэн байна. Өөрөөр хэлбэл, төлбөрийн урьдчилгаа манай дансанд байршсан байгаа. Энэ бол Шэн Хуа компанитай 20 жилийн хугацаанд хийх томоохон худалдааны эхлэл. Цаашид бид нүүрснийхээ хэмжээ болон үнээ сар тутам тохироод явах юм. Одоогоор нүүрсний үнэ тогтворгүй өсч, уруудаж байгаа учраас тус компанитай хатуу үнэ тохироод явах бололцоогүй байна. Тиймээс хоёр компани хэлэлцээд сар тутам нүүрсний хэмжээ болон үнээ тохироод явъя гэсэн шийдэлд хүрсэн. Үүнээс гадна, бусад компаниуддаа нүүрсээ нийлүүлээд явна.

-Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулаг гурван компани урт хугацаанд Шэн Хуа Энержи компанид нүүрс нийлүүлэхээр тохиролцсон. Үүнээс гадна тус компанитай хамтарч хийх томоохон ажил бол хил хооронд барих төмөр зам шүү дээ. Төмөр замын барилгын ажил хэзээ эхлэх вэ?
– Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн онд БНХАУ-д айлчлах үеэр Эрдэнэс-Тавантолгой, Энержи ресурс, Тавантолгой компаниуд Хятадын Шэн Хуа Энержи компанитай хамтран хил хооронд төмөр зам барих тохиролцоонд хүрсэн. Үүнээс хойш дөрвөн компани долоо хоног бүр тогтмол уулзаж, яриа хэлэлцээр хийсний үр дүнд өнгөрсөн сарын 7-нд Гашуунсухайтын төмөр зам хамтарсан компани байгуулсан. Энэ компанийн 51 хувийг Эрдэнэс-Тавантолгой, Энержи ресурс, Тавантолгой компаниуд хамтран эзэмших бол үлдэх 49 хувийг Хятадын Шэн хуа компани эзэмшинэ. Зураг төслийн ажил дуусангуут Гашуунсухайтын төмөр зам хамтарсан компани зургаадугаар сараас төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Хагас жилд багтаагаад хил дамнасан 18 км төмөр зам барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

– Манай Гашуун сухайтын боомтоос урд хөршийн Ганц модны боомт хүртэл төмөр замтай болвол хилийн нэвтрүүлэх чадвар хэдэн хувиар нэмэгдэх боломжтой вэ?
-Хил хооронд 18 километр төмөр зам барина гэж би түрүүн хэлсэн. Энэ бол асар өндөр ач холбогдолтой төмөр зам болох юм. Энэ төмөр замыг барьж ашиглалтад оруулснаар 20 сая тонн нүүрс тээвэрлэх бололцоотой учраас тэр л дээ. Өнөөдөр манай улсад ийм төмөр зам байхгүй учраас Цагаан хаднаас Ганц модны боомт хүртэл автомашинаар тээвэрлэлт явуулж байна. Энэ нь хил дээр уртаас урт дараалал, цуваа, түгжрэл үүсгэдэг. Үүнээс болоод манай компаниудын экспорт буурах тал бий. Хэрэв төмөр зам ашиглалтад орвол хил дээрх ачааны автомашины дараалал, цуваа, түгжрэл арилж, хилийн нэвтрүүлэх чадвар нэмэгдэж, манай компаниудын нүүрсний экспорт нэмэгдэх давуу талтай.

– Хил хооронд төмөр замаар нүүрсээ экспортолвол тээврийн зардал буурах байх. Тээврийн зардлын судалгааг мэдээж хийсэн байх?
-Ачааны автомашинаар хил дамнуулан тээвэрлэлт хийхэд тонн тутамд 8-9 ам.долларын өртөг гардаг л даа. Гашуунсухайтын боомтоос Ганц модны боомт хүртэл 18 км төмөр зам барьж ашиглалтад оруулбал хил хоорондын тээвэрлэлтийн зардлыг 5-6 ам.доллараар бууруулах боломжтой. Өөрөөр хэлбэл, хил хооронд нүүрс тээвэрлэхэд 2-3 ам.долларын зардал гарах ийм тооцоог бид хийгээд байна. Хятадын Шэн Хуа Энержи компанитай Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг гурван компани хамтран Гашуунсухайтаас Ганц модны боомт хүртэл төмөр зам барьж, ашиглалтад оруулснаар хилийн ачаалал буурна, тээвэрлэлтийн зардал багасна, нүүрсний экспорт нэмэгдэнэ гээд их олон талын ач холбогдолтой байх юм.  

– Эрдэнэс-Тавантолгой компани Энержи ресурс компанийн баяжуулах үйлдвэрт нүүрсээ угааж, экспортод гаргахаар төлөвлөж байгаа шүү дээ. Хэдэн тонн нүүрс угаахаар хэлэлцэж байна. Яриа хэлэлцээр эцэслэсэн үү?
-Манай компани жилд 20 сая тонн нүүрс усаар угаах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулаад байгаа. Гэвч энэ ажлаа түр хойш тавьсан. Японы Нагата инженеринг компанитай хамтран элс ашиглан хуурай аргаар нүүрс баяжуулах технологийг туршиж үзэхэд амжилттай болсон учраас усаар угаах үйлдвэрээ түр хойшлуулаад, элсээр угаах туршилтын үйлдвэр барихаар эхний ээлжинд төлөвлөж байна. Говь нутаг ус ховор учир өртөг өндөртэй. Тиймээс элсээр угаах туршилтын үйлдвэрийг барихаар төлөвлөж байгаа. Энэ нь амжилттай болвол хуурай аргаар баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлээд явах юм. Тэр болтол Энержи ресурс компанийн угааж баяжуулах үйлдвэрийг хамтран ашиглахаар ярилцаж байна. Ингэхдээ хоёр талаасаа ижил хэмжээний нүүрс нийлүүлж Энержи ресурс компанийн баяжуулах үйлдвэрт угааж, бүтээгдэхүүнээ Хятадын зах зээлд хамтраад худалдахаар ярилцаж байгаа юм. Энержи ресурс компанитай хийж буй гэрээ хэлэлцээр төгсгөлийн шатандаа яваа. Удахгүй гэрээний төслөө төлөөлөн удирдах зөвлөл рүү оруулж батлуулах чиглэлээр ажиллаж байна.