Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

12 сар 2013
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 1 сар   1 сар »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
5 сар 21, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Эдийн засаг 2013 онд…

Монгол- 93

Манай улс газрын тосны үйлдвэртэй болох хүртэл Петро Чайна Дачин Тамсаг болон Доншин газрын тос монгол компаниуд олборлосон бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байхаар Засгийн газартай тохиролцжээ. Тэр хүрээнд олборлосон бүтээгдэхүүнээ бүгдийг нь экспортолж байгаа юм. Энэ оны тухайд дээрх хоёр компани 660 мянган тонн буюу 5 сая баррель газрын тос экспортлохоор төлөвлөсөн байна. Ингэхдээ, бүтээгдэхүүнээ Сингапурын болон Лондонгийн түүхий эдийн биржийн ханшаар худалдаалж байна. Тухайлбал, Дорнод аймагт орших газрын тосны 19 талбай болох Тосон уул, 21 талбай болох Тамсагийн сав газраас олборлосон бүтээгдэхүүнийг Сингапурын биржийн Дачин төрлийн үнээр худалдаалж байгаа юм. Харин Дорноговь аймагт орших 97 оны бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайгаас олборлосон газрын тосыг Лондонгийн биржийн брент төрлийн нефтийн үнээр худалдаалж байна. Ийм үнээр бүтээгдэхүүнээ хятадын Чайна ойл компанид оны эхээр нийлүүлж эхэлсэн. Харин тус компани авсан тосоо Хөх хотын боловсруулах үйлдвэрт нийлүүлж, тэнд боловсруулж байгаа юм. Үүнийг манай улс хятадын Чайна ойл компаниар дамжуулан буцаан импортолж байна. Өөрөөр хэлбэл, газрын тосоо урд хөрш рүү экспортолж, тэнд нь боловсруулж, эргүүлэн импортолж байна гэсэн үг. Одоогийн байдлаар 60 мянган тонн Монгол-93 шатахууныг урд хөршөөс импортлоод байна. Цаашид хилийн нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлбэл сард 30-40 мянган тонныг импортлох бололцоотой гэж салбарын яам нь үзэж байна.

20 саяас дээш хадгаламжийг даатгахгүй

Банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах тухай хуулийг УИХ 2008 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр гаргасан. Хуулийн хүрээнд татан буугдсан банкуудын харилцах, хадгаламж эзэмшигчдийг төрөөс хохиролгүй болгож ирсэн юм. Тухайлбал, Анод банк татан буугдах үед төвбанк 160 тэрбум төгрөгийн зээл гаргаж байсан бол, Зоосыг хүндрэх үед Засгийн газар 100 тэрбум төгрөгийн бонд гаргаж байлаа. Цаашид ийм байдлаар явах бололцоогүй учир Банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах тухай хуулийн хугацаа 2012 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр дуусмагц, араас нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг энэ оны нэгдүгээр сарын 10-ны өдөр гаргасан юм. Шинэ хуулийг хэрэгжүүлэх үүднээс Хадгаламжийн даатгалын корпорацийг байгуулж, үйл ажиллагааг нь энэ оны наймдугаар сарын 16-ны өдөр албан ёсоор эхлүүлсэн. Ингэхдээ тус байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс эхлэлтийн хөрөнгө болгож 100 тэрбум төгрөгийг Засгийн газар, Төвбанк хамтран гаргаж Хадгаламжийн даатгалын санд байршуулсан юм. Арилжааны банкууд иргэд аж ахуйн нэгжийн 20 хүртэлх сая төгрөгийн Хадгаламжинд жил бүр 0,5 хувийг шимтгэл төлж Хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгийг бүрдүүлэх юм. Ямарваа нэг банк татан буугдах үед энэ сангийн хөрөнгөнөөс 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжийг буцаан олгох ёстой. Харин үүнээс давсан мөнгийг Хадгаламжийн даатгалын сангаас олгохгүй байхаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл 30 сая төгрөгийн хадгаламжтай байсан бол, 20 сая төгрөгөө Хадгаламжийн даатгалын корпорациас авахаар хуульчилсан билээ.

Хөрөнгө оруулагчид үргэж, доллар уяанаасаа алдуурлаа

2009 оны гуравдугаар сарын 19-ны өдөр буюу хямралын үед төвбанкнаас зарласан америк долларын албан ханш 1590 төгрөгт хүрч түүхэн дээд цэгтээ хүрч байлаа. Тэгвэл энэ онд америк долларын ханш үүнээс өсч, түүхэн дээд ханшаа эвдсэн жил боллоо. Тухайлбал, төвбанкнаас зарласан америк долларын албан ханш есдүгээр сарын 12-ны өдөр 1722 төгрөг болж өссөн бол, арваннэгдүгээр сарын 15-ны өдөр 1758 төгрөгт хүрсэн юм. Экспортоос давсан импортын зөрүүд гадаад худалдаа 2 тэрбум долларын алдагдалтай гарсан бол, нөгөө талаас гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеийнхээс 50 хувиар буурсан нь дотоодын зах зээлд долларын ханш өсөх гол шалтгаан болсон гэж судлаачид үзэж байгаа юм. Гадаад хүчин зүйлээс хамаарч уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаж гадаад худалдаа алдагдал гарч байгаа бол, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан нь дотоод хүчин зүйлтэй шууд холбоотой. Үүнд 2012 оны тавдугаар сарын 17-ны өдөр батлагдсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулах тухай хууль нөлөөлсөн гэж мэргэжлийн хүмүүс дүгнэсэн. Тиймдээ ч, гадаадын хөрөнгө оруулалтыг үргээсэн энэ хуулийг хүчингүй болгож, оронд нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийг намрын чуулганаар баталсан юм. Ингэснээр манай улсад хөрөнгө оруулсан хуулийн этгээдэд 5, 8, 10, 15 жилийн хугацаатай тогтворжуулах гэрчилгээ олгохоор болсон. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг дээрх хугацаанд Аж, ахуйн нэгжийн, Нэмэгдсэн өртгийн, Гаалийн албан татвар болон Нөөц ашигласны төлбөрийг одоо байгаа хэмжээнд нь тогтворжуулах юм. Ингэснээр монгол улсад гадаадын хөрөнгө оруулагчид эргэж ирнэ гэж найдаж сууна.  

Засгийн газар бондод хорхойссон нь

Шинэчлэлийн засгийн газар байгуулагдсан даруйдаа дэлхийн зах зээлд таван тэрбум долларын бондыг хоёр жилийн хугацаанд үе шаттайгаар гаргаж арилжаалах шийдвэр гаргасан. 2012 оны есдүгээр сарын 15-ны өдөр гаргасан засгийн газрын энэ шийдвэрийг УИХ өнгөрсөн оны аравдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа дэмжсэн юм. Энэ дагуу Засгийн газар эхний ээлжинд 1,5 тэрбум долларын өртөгтэй Чингис хэмээн нэрийдсэн евро бондыг өнгөрсөн оны сүүлчээр дэлхийн зах зээлд арилжаалсан. Ингэхдээ, таван жилийн хугацаатай 500 сая ам.долларын бондоо жилийн 4,1 хувийн хүүтэй, арван жилийн хугацаатай 1 тэрбум долларын бондоо жилийн 5,1 хувийн хүүтэй арилжсан юм. Ийм өртгөөр олдсон мөнгийг өдөр хоног алдахгүй, үр ашигтай төсөл хөтөлбөрт зарцуулах ёстой ч, бондын орлогын тал хувийг зориулалт бүхий төсөл хөтөлбөрт нь зарцуулаагүй гэх шүүмжлэл араасаа дагуулсан билээ. Гэтэл араас нь залгуулаад Японы зах зээлд энэ ондоо багтаан 600 сая ам.долларын өртөг бүхий иений бонд гаргах яриа хэлэлцээрийг Н.Алтанхуяг их наран улсыг зорихдоо хийгээд ирсэн. Самурай хэмээн нэрийдсэн энэ бондыг Монгол Улсын Хөгжлийн банкны баталгаатай гаргах мэдээлэл байна. Эхний ээлжийн 290 сая долларын иений бондын арилжааг эхлүүлнэ гэсэн мэдээлэл байсан ч, манай улс өрийн дээд хязгаартаа хүрсэн учраас хугацаа хойшилж магадгүй гэж мэргэжлийн хүрээнийхэн үзэж байна.  

Том төсөв

2013 оны улсын нэгдсэн төсвийг урьд хожид байгаагүй их хэмжээний орлоготой, бас зарлагатай байхаар баталсан. Тухайлбал, энэ оны төсвийн орлого 7 их наяд төгрөг, зарлага 7,4 их наяд төгрөг байхаар баталсан юм. Гэвч том төсвөө манай улс энэ онд бүрдүүлж чадсангүй.   Төлөвлөсөн төсвийн орлого нь 1,5 их наяд төгрөгөөр тасалдах тооцоо гарсан учир, 2013 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, төсвийн орлогыг 800 тэрбум төгрөгөөр, төсвийн зарлагыг 815 тэрбум төгрөгөөр танасан юм. Мөн наймдугаар сарын 23-ны байдлаар тендер нь зарлагдаж, сонгон шалгаруулалт хийгдээгүй бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зогсоосон юм. Цаашлаад энэ хүртэл хугацаанд гэрээ байгуулагдаагүй шинээр эхлэх хөрөнгө оруулалтын төслийг эхлэх хугацааг хойшлуулах. Техникийн нөхцөл бүрдээгүй, дэд бүтцийн болон газрын асуудал шийдвэрлэгдээгүй ажлын явц нь удааширсан барилга, байгууламжийн ажлыг түр зогсоосон юм. Төсөвт тодотгол хийснээр эдгээрт зарцуулагдах байсан 425 тэрбум төгрөгийн зарлагыг хэмнэсэн болохыг холбогдох албаныхан хэлж байна. Хэдийгээр төсвийн зарлагыг хэмнэсэн ч, хийгдэх ёстой ажлууд хийгдэлгүй ирэх онтой залгах нь… 

1,1 их наяд төгрөгийн өртөгтэй 8 хувийн зээл

Монгол улс түүхэндээ анх удаа найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгосон жил байлаа. Энэ хөтөлбөрийн эхлэлтийн хөрөнгө болох 1,1 их наяд төгрөгийн санхүүжилтийг төвбанкнаас олгосон юм. Үүгээр 8 хувийн хүүтэй орон сууцны зээл шинээр олгохоос гадна, иргэдийн өмнө авсан өндөр хүүтэй ипотекийн зээлийг 8 хувь руу шилжүүлсэн юм. Ингэснээр нийт 1,4 их наяд төгрөгийн орон сууцны зээлийн 1,1 их наядтай тэнцэх зээлийг 8 хувь болгожээ. Бага хүүтэй зээл олгоход зориулж гаргасан мөнгийг арилжааны банкууд Монголбанкинд эргүүлэн өгөх ёстой. Тиймээс ч, Хаан, Худалдаа хөгжил, Голомт, Хас, Капитал, Капитрон, Эрэл, Улаанбаатар зэрэг банкууд өмнө олгосон орон сууцны зээлээ багцалж, үүнд тулгуурлаж МИК-Актив компани 322 тэрбум төгрөгийн ипотекийн үнэт цаасыг 20 жилийн хугацаатай гаргаж, 90 хувийг нь төвбанкинд өгчээ. Харин 10 хувийг нь арилжааны банкууд авсан байна. Төвбанк давуу эрхтэй ипотекийн үнэт цаас авсан учир жил бүр 4,5 хувийн хүү, арилжааны банкууд энгийн эрхтэйг авсан учир 10,5 хувийн хүү жил бүр авах юм. Давуу эрхтэй нь эхэлж ипотекийн үнэт цаасны хүү болон үндсэн төлбөрийг авах учир ийм төрлийн бондын хүү бага тогтжээ. Харин энгийн эрхтэй нь давуу эрхтэй хуулийн эдгээдийн дараа хүүгээ авахаас гадна, хугацааны эцэст үндсэн төлбөрөө авах учраас хүү нь өндөр тогтсон байна. Ийнхүү төвбанкнаас олгосон 1,1 их наяд төгрөгийн санхүүжилтийн тодорхой хувийг банкууд орон сууцны зээлээр баталгаажсан үнэт цаасаар барагдуулаад байна. Үлдэх мөнгийг ирэх онд багтаан үнэт цаасжуулах мэдээлэл байна.    

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.
Translate