Б.Жавхлан: Бодлогын хүүг өсгөсөн нь зээлийн хүү нэмэгдэх шууд шалтгаан болохгүй

2012.03.19. Монгол Улс. Улаанбаатар хот. Сангийн сайд Б.Жавхлан Монголбанкны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Монголын мэдээ сонинд өгсөн ярилцлага.
-Монголбанк яагаад бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 12.75 хувьд хүргэх
шийдвэрт хүрэв?
-Монголбанкны захирлуудын зөвлөлийн 2012 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн хурлаас
Монголын макро эдийн засгийн цаашдын чиг хандлагыг судалж үзсэний үндсэн дээр бодлогын
хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлэн, 12.75 хувьд хүргэх шийдвэр гаргалаа. Үүнд хэд, хэдэн хүчин
зүйл нөлөөлсөн. Тухайлбал, Үндэсний статистикийн хорооноос 2012 оны эхний хоёр сарын
байдлаар хэрэглээний үнийн индексээр хэмжсэн инфляци улсын хэмжээнд жилийн 12.5 хувь,
Улаанбаатар хотынх жилийн 13.3 хувьд тус тус хүрснийг мэдээлсэн. Манай эдийн засаг 2012
онд үнийн өсөлтийг эрчимжүүлэх нийлүүлэлтийн сөрөг хүчин зүйлсийн нөлөөлөлд өртөж
байна. Тухайлбал, мах, махан бүтээгдэхүүний үнэ оны эхнээс 29.6 хувиар өсч Улаанбаатар
хотын эхний хоёр сарын инфляцийн 58 хувийг дангаараа бүрдүүлж байгаа юм. Түүнчлэн
шатахууны үнэ 15.6 хувиар өсч, хүнснээс бусад бараа, үйлчилгээний үнэ мөн хугацаанд 2.4 хувиар өсч, нийт инфляцийн 31 хувийг бүрдүүлсэн. Эрэлтийн хүчин зүйлээс хамаарах
инфляци буурахгүй байгааг дээрх үзүүлэлт харуулж байна. Нөгөөтэйгүүр энэ оны төсвийн
тодотгол эдийн засаг дахь илүүдэл эрэлтийг өсгөж, улмаар эрэлтийн төдийгүй нийлүүлэлтийн
инфляцийг нэмэгдүүлж байна. Иймд Монголбанк өөрийн тодорхой үүргийн дагуу инфляцийг
хязгаарлах, гадаад валюттай харьцах төгрөгийн ханшинд ирэх дарамтыг бууруулах, макро
эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалах зорилгоор төгрөгийн хүүний бодит өгөөжийг
нэмэгдүүлэн мөнгөний бодлогыг чангаруулах арга хэмжээг авч байна. Цаашдаа ч
шаардлагатай тохиолдол бүрт Монголбанкны зүгээс инфляцийг хязгаарлах арга хэмжээг авах
болно.
-Бодлогын хүүг нэмэгдүүлснээр арилжааны банкуудын зээлийн хүү өсөхөд нөлөөлөх
үү?
-Бодлогын хүү арилжааны банкуудын зээлийн хүүг өсгөх шууд шалтгаан болохгүй. Харин дам
нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Үүнийг юу гэж тайлбарлах вэ гэхээр бодлогын хүү нь арилжааны банкуудад орлого болж очдог. Өөрөөр хэлбэл, энэ нь зээлийн хүүг өсгөх өртгийн шалтгаан
болохгүй. Зээлийн хүүгээ өсгөсөн ч болно, өсгөхгүй байж ч болох учраас энэ нь бодлогын
сонголт юм. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт арилжааны банкуудын зээл 70 гаруй хувиар
өссөн үзүүлэлттэй байна. Арилжааны нийт банкны системийн зээлийн үлдэгдэл нийт активынхаа 60 гаруй хувь руу дөхсөн. Энэ нь тийм тайван байхаар үзүүлэлт биш. Ер нь 2008, 2009
оны эдийн засгийн хямралыг санаж байгаа бол зээлийн багцын хэмжээ нийт активынхаа 80
гаруй хувь руу дөхөж байсан. Үүнээс арилжааны банкууд сургамж авсан учраас гадаад болон дотоод сөрөг нөлөөллийг тооцоолж, зээлийнхээ өсөлтөд маш болгоомжтой хандаж байна.
Тиймээс бодлогын хүүг өсгөж байгаа нь арилжааны банкуудын зээлийн хүүг өсгөнө гэж шууд
ойлгож болохгүй.
-Бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлснээр инфляцийг яг хэдэн хувиар бууруулж
байгаа юм бэ?
-Өнгөрсөн онд инфляцийн төсөөллийг манай банкны зүгээс болон олон улсын байгууллагууд
нэлээд өндөр хэлж байсан. Тэгвэл оны эхээр авч хэрэгжүүлсэн бодлого Засгийн газраас авч
хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд инфляцийг тодорхой хэмжээнд барьж чадсан. Энэ
жилийн хувьд ч ялгаагүй Монголбанкны зүгээс эдийн засгийн гол гол тоглогчидтой хамтран
ирээдүйд гарч болзошгүй сөрөг нөлөөлөл болон дарамтыг урьдчилан тооцоолсон байгаа. Бид
20-25 хувь хүртэл инфляцийн өндөр хүлээлттэй байгааг өнгөрсөн онд мэдээлж байсан. Харин
энэ жилийн хувьд инфляцийг олон нийтэд мэдээлэхгүй шалтгаан байна. Учир нь Монгол
Улсынхаа эдийн засгийн нийтлэг эрх ашгийн үүднээс тодорхой мэдээлэхгүй байсан нь дээр
гэж бодож байна. Халамжийн бодлогоор дамжуулж иргэдийн гар дээр очиж байгаа бэлэн
мөнгө эрэлтийг өдөөдөг. Бид бодлогын хүүг 0.5 хувиар өсгөснөөр инфляцийг тодорхой
төвшинд барьж, удирдаж чадна гэж үзэж байна. Мөнгөний бодлогын зүгээс нөлөөлөхөөс илүү
Засгийн газар гүйцэтгэх засаглалын зүгээс авч хэрэгжүүлж болох арга хэмжээ инфляцид
ихээхэн нөлөөлж байна. Тухайлбал, энэ оны эхний хоёр сарын байдлаар гэхэд л Улаанбаатар
хотын нийт инфляцийн 50 гаруй хувийг махны нийлүүлэлтийн шок дангаараа бүрдүүлсэн. Энэ
асуудлыг шийдвэрлэхийн тулд НЗДТГ болон Монгол Улсын Засгийн газрын зүгээс дорвитой
алхмуудыг хийж байна. Тиймээс Монголбанкны хувьд ч ялгаагүй иргэдтэй адил махны үнийн
хувьд нааштай шийдвэрт хүрэх байх гэж найдаж байгаа. Шатахууны үнийн хувьд ч ялгаагүй
цаашдаа өсөх хандлага, хүлээлт үүсээд байна. Учир нь ойрхи дорнодод гарч байгаа улс
төрийн үйл явдлууд болон ОХУ-ын эдийн засгийн нөхцөл байдал, шатахууны нийлүүлэлттэй
холбоотой бензиний үнэ өсөх хандлага ажиглагдаж байгаа. Дээрх асуудлуудыг зохицуулахад
Засгийн газрын шийдвэр чухал нөлөөтэй учраас бид хамтарч ажиллахад бэлэн байгаагаа удаа
дараа мэдэгдээд байна.
-Шатахууны үнийг зохиомлоор барьж байгаа гэдэгтэй Монголбанк санал нийлэх үү?
-Шатахууны үнийг зохиомлоор барьж байгаа гэдэгтэй Монголбанк санал нийлэхгүй. Нөгөөтэйгүүр уул уурхайн салбарын хөгжилтэй холбоотой импортын бүтцэд огцом өөрчлөлт гарсан.
Тухайлбал, нийт импортын 10 хувийг шатах, тослох бүтээгдэхүүн эзэлж байна. Өөрөөр хэлбэл,
Монгол Улсын хувьд бүтээн байгуулалтын үедээ явж байна. Томоохон экспорт хараахан
эхлээгүй байна. Тиймээс зөвхөн шатахууны импортод зориулж бид валютын ханшийн бодлого
явуулна гэж байхгүй. Учир нь Монголбанк чөлөөт ханшийн тогтолцоонд шилжээд 15-16 жил
болж байна. Өөрөөр хэлбэл, төрийн зохицуулалттай тодорхой ханш бидэнд үйлчилдэггүй.
Тиймээс тодорхой ханшийн төвшинд валютын бодлого явуулах шаардлагагүй төдийгүй ийм
боломжгүй. Гадаад худалдааны эргэлт 20 тэрбумд хүрлээ. Үүний эсрэг өнөөдрийн байдлаар
хоёр тэрбум 155 сая долларын нөөц үлдэгдэлтэй байна. Энэ нь тийм ч хангалттай үлдэгдэл
биш. Энэ оны эхээр үүссэн бензиний шок болон бусад өргөн хэрэглээний барааны өсөлтийн
20-25 хувь нь валютын ханшнаас шалтгаалсан. Тэгэхээр цаана нь хуримтлагдсан ямар нэгэн
шалтгаан байсан байж таарна. Үүнийг маш олон удаа тайлбарлаж байсан. Валютын ханшаас сэргийлэх олон аргууд бий. Нефтийн худалдаачид зөвхөн эрэлт нийлүүлэлт биш валютаас
шалтгаалсан борлуулалт, худалдан авалттай холбоотой асуудлын хүрээнд банкуудтай
хамтарч эрсдлээс хамгаалах боломжууд байна. Энэ талаар он гарсаар импортлогчдод
зориулсан хоёр удаагийн сургалтыг Монголбанкны зүгээс зохион байгуулсан. Харамсалтай нь
идэвхтэй оролцохгүй байна. Гэхдээ цаашдаа энэ байдал өөрчлөгдөх байх. Улс төр болон маш
олон хүчин зүйлс валютын ханшинд нөлөөлдөг. Ингэж улс төр орсноор хэвийн явж байсан
эрэлт нийлүүлэлтийг алдагдуулж, хүмүүсийн дунд хүлээлт үүсгэдэг. Энэ мэт эдийн засагт
нүүрлээд байгаа захын гажгийг засах зорилгоор зах руу орох шаардлага тулгарч байна. Гэхдээ
валютын зах зээлд гарч байгаа зарим өөрчрөлтүүдийг эсрэгээр нь болгох интервенц хийх
боломжгүй. Энэ нь Төв банкны зорилго биш. Төв банкны үүрэг юу вэ гэхээр эрэлт нийлүүлэлтээс бусад шалтгаанаар ханшинд гарч буй хэлбэлзлийг багасгах юм. Тухайлбал,
өнгөрсөн оны 11,12 дугаар саруудад нийтдээ 300 орчим сая ам. долларын нийлүүлэлтийг зах
руу хийсэн. Валютын эрэлт байсан. Гэхдээ тийм их байгаагүй. Бид түүний 50-60 хувийн
нийлүүлэлтийг хийсэн.
-Хавар болж ноолуурын улирал эхэлж байна. Үүгээр далимдуулж гадаад валют их
хэмжээгээр орж ирдэг?
-Урьд нь ноолуур болон бусад худалдаагаар дамжин орж ирж буй юань манай эдийн засагт
хүчтэй нөлөөлдөг байсан. Харин сүүлийн үед манай эдийн засагт маш сонирхолтой бөгөөд том
өөрчлөлт орсон. Тухайлбал, ноолуураар дамжин орж байгаа юань эдийн засагт урьдынх шигээ
хүчтэй нөлөөлөхөө больсон. Тэгээд ч юань бол манай гадаад валютын нөөцийн бүтцэд
байхгүй валют. Миний дээр дурьдсан 2.1 тэрбум төгрөгийн гадаад валютын нөөцөд юань
ороогүй. Гэхдээ сүүлийн жилүүдэд гадаад худалдааны 25-30 хувьд юань хэрэглэгдэж байна. Иймээс жил бүр доллараар дамжин ирж байгаа юанийн эрэлтийг зохицуулах шаардлага
зайлшгүй тулгарсан. Үүний хүрээнд өнгөрсөн онд БНХАУ-ын Төв банктай таван тэрбум
доллартай тэнцэх худалдаа хийх гэрээ байгуулсан. Валют солилцох ажил маань техникийн
шатандаа явж байна. Өөрөөр хэлбэл, урагшаа явж байгаа худалдаачид маань эндээс доллар
аваад юаниар солиулдаг. Энэ ачааллыг сааруулах зорилгоор шаардлагатай юанийг нийлүүлж
байна. Өөр нэг сайн мэдээ бол Хөгжлийн банкнаас гаргасан 580 сая ам.долларын бонд олон улсын бирж дээр амжилттай худалдаалагдаж, нийлүүлэлтээсээ 10 дахин давсан эрэлт гарсан.
Хөгжлийн банкны бондын баталгааг Засгийн газар бүрэн гаргасан. Удахгүй Монгол Улсын
Засгийн газраас бонд гаргахаар төлөвлөж байна. Хөгжлийн банкны бонд амжилттай
борлогдсоноос шалтгаалж бусад хоёр банк бонд гаргах төлөвлөгөөгөө бидэнд танилцуулсан
байгаа. Харин манай эдийн засагт тэдгээр валют яаж шингэх вэ гэдэг нь сонирхолтой.
Тухайлбал, Хөгжлийн банкаар дамжин орж ирэх 580 сая долларын 30 хувь нь манай эдийн
засагт орлого болоод, үлдсэн нь бусад гадаад худалдааны төлбөрт зориулагдах техник эдийн
засгийн төлөвлөгөө байна. Ер нь дан ганц Хөгжлийн банк бус Засгийн газар, компаниуд бонд
гаргах боломжтой. Олон улсын зах зээлд Засгийн газрын болон компаниудын бондыг илүү
сонирхдог учраас хэрэгцээт мөнгийг үнэт цаасаар дамжуулж татах боломжтой.