12 сар 21, 2024

Зээлийн мэдээллийн нэгдсэн сантай болно…

Арилжааны банк, хадгаламж зээлийн хоршоо зэрэг бүхий л санхүүгийн байгууллагаас зээл авсан иргэд, аж ахуйн нэгжүүд хэнд хэдэн төгрөгийн өртэйг нэгтгэсэн мэдээллийн сан дэлхийн ихэнх оронд байдаг. Манай улсад зээлийн мэдээллийн сан байдаг ч, зөвхөн арилжааны банкуудаас зээл авсан иргэн, аж ахуйн нэгжийн мэдээлэл байдаг юм. Харин хадгаламж зээлийн хоршоо болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан хувь хүн, хуулийн этгээдийн мэдээлэл байдаггүй. Тиймээс арилжааны банк, хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан иргэдийн нэгдсэн мэдээллийн санг бий болгох зорилгоор Зээлийн мэдээллийн төвийг байгуулахаар болжээ. Өнгөрсөн хугацаанд зээлийн мэдээллийн сан байгуулахад шаардлагатай бэлтгэл ажлыг хангаж хамтран ажиллах түншээ сонгохоор олон улсын тендер зарласан байна. Үүнд 10 гаруй компани саналаа ирүүлснээс АНУ-ын Дан энд Брадстрит компани шалгарчээ. Монгол Улсын Зээлийн мэдээллийн төв, АНУ-ын Дан энд Брадстрит компани хамтран зээлийн мэдээллийн нэгдсэн санг ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм. Зээлийн мэдээллийн сан байгуулах нь банкны системд ихээхэн ач холбогдолтой гэж Зээлийн мэдээллийн төв хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга н.Болд, АНУ-ын Дан анд Брадстрит компанийн өмнөд болон дундад азийг хариуцсан салбарын дэд захирал Артак Мелкоен нар мэдэгдлээ.