Барилгын материалын эрэлт саарч, үнэ нь буурсан уу…
-Барилгын материалын үнэ буурсан уу-
2009.08.01. Монгол Улс. Улаанбаатар хот. Улсын хэмжээнд өнөөдөр 420 гаруй барилгын ажил зогсчихоод байгаа гэсэн мэдээлэл байна. Барилгын компаниудын ажил зогссон тул, барилгын материалын эрэлт саарч, үнэ нь буух учиртайг ч эдийн засагчид хэлж байгаа. Тэгвэл Барилгын материалын худалдаа эрхлэгч Бүрд: Барилгын материалын үнэ хичнээн хувиар буурсаныг хэлж мэдэхгүй. Гэхдээ, зарим бүтээгдэхүүний үнэ эрс буурсан. Заримых нь өнгөрсөн оны түвшинд байгаа. Бидний худалдаалдаг бүтээгдэхүүний үнэ буурсан нь эрэлт буурсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, худалдан авагчгүй болсон. Үүнээс болж, барилгын материалын үнэ буурсан. Өнгөрсөн сарын 15-нд төмөр замын тээвэрлэлтийн зардал 40 хувиар нэмэгдсэн ч, үүнтэй холбоотойгоор барилгын материалын үнэ одоогоор өссөн юм алга гэсэн тайлбар өгсөн. Тэгвэл, барилгын материалын худалдаачин Жавзансүрэн: Барилгын материалын эрэлт саарч, үнэ буурсан болохыг хэлж байна. Банкууд зээл гаргахгүй байгаа, тэр дундаа, орон сууцны засварын зээл гаргахгүй байгаагаас шалтгаалж иргэд орон сууцандаа засвар хийх нь багассан байна. Мөн барилгын компаниудын барилгын материал худалдаж авах нь багассан байна. Эдгээр нь барилгын материалын үнэ буурах гол шалтгаан болсон гэж ихэнх худалдаачид хэлж байгаа юм. Тэгвэл зарим худалдаачид барилгын материалын эрэлт нэг хэсэг багассан ч гэлээ, өнгөрсөн зургадугаар сараас эргэн сэргэсэн. Тиймээс барилгын материалын үнэ ханш өссөн. Ер нь барилгын материалын үнэ өсч байгаа шалтгааныг юанийн ханш өссөн, мөн төмөр замын тээвэрлэлийн зардал өссөнтэй холбон тайлбарлаж байна. Зарим газрууд барилгын материалын үнээ буулгасан. Харин зарим нь өсгөсөн болох нь эндээс харагдаж байна. Ерөнхийдөө барилгын материалын үнэ хямд байгаа ч, цаашид өсөх төлөвтэй байгаа юм байна. Учир нь, өнгөрсөн сарын 15-наас төмөр замын ачаа,тээвэрлэлтийн зардал 40 хувиар өсчээ. Үүнтэй холбоотойгоор ихэнх худалдаачид барилгын материалын үнээ өсгөнө гэцгээж байлаа.
-Мишээл экспод барилга болон барилгын материалын үзэсгэлэн нээлтээ хийлээ-
2009.08.22. Монгол Улс. Улаанбаатар хот. Мишээл экспо төвд өчигдөр барилга, орон сууц, барилгын материалын үзэсгэлэн нээлтээ хийлээ. Үзэсгэлэн худалдаа тав хоног үргэлжлэх юм. Ер нь энэ он гарсаар барилгын үзэсгэлэн цөөнгүй зохиогдсон. Энэ удаагийн үзэсгэлэн худалдааны онцлог нь орон сууцны дуудлага худалдаа явуулна. Ингэхдээ, орон сууцыг үнэ хүргэж худалдах бус, зах зээлд байхгүй хамгийн хямд үнээр борлуулахаараа онцлог болохыг зохион байгуулагчид нь хэлж байна. Үүнээс гадна, үзэсгэлэнгийн үеэр лизингээр байр худалдан авах боломж иргэдэд нээгдэж байгааг зохион байгуулагчид нь онцолж байна.
-Барилга-2009 үзэсгэлэн-
2009.08.24. Монгол Улс. Улаанбаатар хот. Барилгын салбар өнөөдөр хүндхэн байгаа билээ. Банкууд орон сууцны зээл гаргахгүй байгаа тул, иргэд байр худалдан авах нь эрс багассан. Үүнээс гадна, иргэд баригдаж дуусаагүй орон сууцанд захиалга өгөх сонирхолгүй болсон. Эдгээр нь барилгын салбар хүндрэлд орох нэг шалтгаан болж байгаа. Ер нь сүүлийн үед иргэд, орон сууц худалдаж авах нь багассан, барилгын эрэлт буурсан зэргээс шалтгаалж, барилгын компаниуд бүтээгдэхүүнээ худалдах янз бүрийн арга хэмжээ авдаг болсон. Үүний нэг нь барилгын үзэсгэлэн худалдаа юм. Он гарсаар барилгын үзэсгэлэн худалдаа гурван удаа зохиогдсон. Өнөөдөр л гэхэд, Мишээл экспо төвд Барилга-2009 үзэсгэлэн худалдаа зохиогдож байна. Энэ үзэсгэлэнгийн үеэр барилгын компаниуд орон сууцны үнээ хямдруулна гэсэн амлалтыг иргэдэд өгсөн. Тиймээс барилгын компаниуд үзэсгэлэнгийн үеэр орон сууцны үнээ хичнээн хувиар хямдруулсан, цаашид барилгынхаа үнийг буулгах эсэхийг барилгын компаниудаас тодруулсан юм. Номин констракшны менежер Нацаг: Номин констаркш компанийнхан үзэсгэлэнгийн үеэр худалдаалж байгаа орон сууцаа 4 хувиар хямдруулсан гэлээ. Гэсэн ч, бодит байдал дээр ердөө 10 доллараар хямдруулсан байх юм. Хэрэв, орон сууцаа 4 хувиар хямдруулсан бол, нэг метр квадратын үнэ 10 доллараар бус, дор хаяж 30 доллараар хямдрах тооцоо гарч байгаа юм. Учир нь тус компани орон сууцныхаа нэг метр квадратыг 850 орчим доллараар худалдаалдаг. Үүний дөрвөн хувь нь 34 америк доллар болж байгаа юм. Тиймээс Номин констракшн компани үзэсгэлэнийн үеэр орон сууцныхаа үнийг 4 хувиар хямдруулсан гэж хэлж боломгүй байгаа юм. Үзэсгэлэнгийн үеэр орон сууцны үнээ хямдруулна гэж амласан барилгын компаниудаас жишээ татахад энэ. Номин констракшн компани орон сууцныхаа нэг метр квадратыг 10 ам.доллараар хямдруулсан бол, бусад барилгын компаниуд үнээ хичнээн хувиар хямдруулсан бол. Барилга-2009 барилгын үзэсгэлэнгийн үеэр орон сууц хямдарна гэж байсан ч, бодит байдал дээр орон сууцны үнэ буураагүй байлаа. Тэд үзэсгэлэнгийн үеэр барилгын үнээ хямдруулаагүй бол, цаашид мөн хямдруулахгүй гэж байсан. Өнөөдөр барилгын салбар бүхэлдээ зогсони байдалд орчихоод байгаа. Банкууд хүндрэлд орсон энэ үед барилгын салбарыг аврахаар гар сунгах хүн одоогоор олдохгүй байна. Тиймээс барилгын салбарынхан хөл дээрээ босох эцсийн найдвар бол, компаниуд барьсан орон сууцныхаа үнийг хямдруулж, бодит өртөг рүү нь оруулж ирэх шаардлагатай. Ер нь нэг метр квадрат орон сууц, бага зэргийн ашгаа багтаагаад 650 ам.доллараар босдог байна. Тиймээс барилгын компаниуд орон сууцаа бодит өртөгөөр нь буюу 650 америк доллараар худалдахад орон сууц худалдан авах иргэдийн тоо ч нэмэгдэнэ. Барилгын салбар ч хүндрэлээс гарна гэж эдийн засагчид тооцоолжээ. Тэгвэл, барилгын компаниуд цаашдаа үнээ хямдруулах бодолгүй байгаагаа нуусангүй. Тэд барилгын материалын үнэ өндөр байгаа тул, орон сууцны үнийг хямдруулах боломжгүй. Хэрэв, орон сууцны үнийг хямдруулбал, барилгын компаниуд өөрсдөө эрсдэлд орж болзошгүй гэсэн тайлбарыг барилгын салбарынхан хэлж байлаа. Үзэсгэлэнгийн үеэр ХААН банк орон сууцны зээл олгоно гэж байлаа. Гэсэн ч бодит байдал дээр тэд зөвхөн орон сууцны зээлийн танилцуулга хийж байсан юм. Иргэд, бид үзэсгэлэнгийн үеэр орон сууцны үнэ хямдарч, түүнийг нь банкны лизингээр авч болно гэсэн ойлголтой явсан нь ийнхүү талаар болох нь тэр.
-Баригдаж дууссан орон сууцны судалгааг гаргажээ-
2009.08.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Монголын барилгын үндэсний ассоциаци Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамтай хамтран баригдаж дууссан орон сууцны судалгааг гаргаад байгаа. Одоогоор улсын хэмжээнд 4 мянга гаруй баригдаж дууссан орон сууц байгаа гэсэн судалгааг тэд гаргасан байна. Энэ орон сууцыг төрийн албан хаагчдад урт хугацаатай, бага хүүтэй зээлээр олгох асуудлыг холбогдох албаны хүмүүс барилгын компаниудын удирдлагуудад тавьсан байна. Үүнийг нь барилгын компаниудын удирдлагууд хүлээн авчээ. Барилгын компанийн удирдлагууд баригдаж дууссан орон сууцны үнээ 10-40 хувиар бууруулна гэсэн амлалт өгөөд байна. Ингэснээр орон сууцны нэг метр квадратын үнэ 700 мянгаас 1 сая 166 мянган төгрөгийн дундаж ханштай болж байгаа юм. Энэ үнийн санал зөвхөн төрийн албан хаагчдад зориулсан урт хугацааны зээлээр олгох орон сууцны үнэ юм. Төрийн албан хаагчид төсвөөс цалинждаг учраас найдвартай зээлдэгчид гэж үзжээ.
-Барилгын материал үнэтэй байгаагаас шинээр баригдсан орон сууцны үнэ өссөн юм биш-
2009.12.08. Монгол Улс. Улаанбаатар хот. Хуучин орон сууцнуудын ашиггүй талбай тухайн байрны метр квадратад багтдаггүй. Тиймээс хуучин гурван өрөө байрны нийт талбай 40 орчим метр квадрат гэж явдаг. Гэтэл шинээр баригдсан орон сууцны ердөө нэг өрөө нь 50 метр квадрат болж байх жишээтэй. Шинээр баригдсан орон сууцны тайлбай нь томроод байгаадаа биш. Сүүлийн үед барилгын компаниуд шинээр барисан орон сууцныхаа ашиггүй тайлбайг метр квадратдаа оруулж тооцдог болсонтой энэ нь холбоотой. Тухайлбал, тагт, ариун цэврийн өрөө, угаалгын өрөөг барисан орон сууцныхаа метр квадратад багтаан тооцож, иргэдэд худалдаж байгаа юм. Ер нь аливаа орон сууцны ариун цэврийн өрөө дор хаяж 5 метр квадрат болдог. Өнөөдөр барилгын компаниуд барьсан орон сууцныхаа нэг метр квадратыг сая гаруй төгрөгөөр худалдаалж байгаа.Үүгээр тооцвол, барилгын компаниуд ариун цэврийн өрөө, угаалгын өрөөгөө таван сая төгрөгөөр худалдаалж байна. Түүгээр ч зогсохгүй, шинээр барисан орон сууцныхаа нэг метр квадрат тагтыг 0.3 метр квадратад шилжүүлж худалдаж байгаа юм. Угтаа бол, ингэх ёсгүйг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Гэтэл тэд барисан орон сууцныхаа ашиггүй тайлбайг үнэд хүргээд зогссонгүй. Ашгийн төлөө улаарайн хөөцөлдөж шинээр барисан орон сууцныхаа үнийг байх ёстой хэмжээнээс нь хэт хөөрөгдөж байна. Эс Оу Эл компанийн хамгийн сүүлд явуулсан судалгаагаар Улаанбаатар хотод нэг өрөө байр 35 сая, хоёр өрөө байр 47 сая, гурван өрөө байр 62 сая төгрөгийн ханштай байна. Энэ бол хотын төвд байрлалтай орон сууцны үнэ. Өөрөөр хэлбэл, хуучин орон сууцны хамгийн өндөр ханш юм. Иргэд хайгаад, судлаад явбал дээрх үнээс хямд орон сууц цөөнгүй байна. Хуучин орон сууцны үнэ ийм байхад шинээр баригдсан орон сууцны үнэ үүнээс хоёр дахин өндөр үнэтэй байх юм. Угтаа бол шинээр баригдсан орон сууцны нэг метр квадратын үнэ 650 мянган төгрөгөөс давах учиргүйг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа юм. Ийнхүү шинээр баригдсан орон сууцны нэг метр квадратын бодит өртөг 650 мянган төгрөгөөс давах учиргүй байхад, өнөөдөр барилгын компаниуд барисан орон сууцныхаа нэг метр квадратыг сая гарган худалдаалж байна. Орон сууцны үнийг ингэж хөөрөгдчихөөд барилгын материалын үнэ өндөр байх үед барилгын ажлаа эхлүүлсэн тул, бид өндөр үнээр орон сууцаа худалдаж байгаа гэж өөрсдийгөө өмөөрч байх юм. Барилгын компаниудын төлөөлөл Барилгын материалын үнэ өндөр байгаа учраас үнэ буурахгүй байна гэсэн тайлбар өгч байгаа юм. Хуучин орон сууц нурлаа гэж та сонссон уу. Мэдээж ийм тохиолдол ховор. Хуучин нийгмийн үед чанарын шаардлагаар барьсан учраас тэр биз. Харин сүүлийн үед баригдсан орон сууц таазнаасаа эхлээд нурсан тохиолдол цөөнгүй гарсан мэдээлэл мэр сэр гарч байсан. Шинээр баригдсан орон сууцнууд гол төлөв хямд материал ашиглаж, чанаргүй баригдсан болохыг мэргэжлийн хяналтынхан хэлдэг. Гэтэл барилгын компаниуд материалын үнэ өндөр, чанартай барьсан учраас орон сууцны үнэ өндөр байгаа гэж тайлбарлаж байх юм. Үнэхээр барилгын материалын үнэ өндөр байгаасаас шинээр баригдсан орон сууцны үнэ буурахгүй байна уу. Монгол дээвэр компанийн захирал Алтангэрэл: Орон сууц барихад ашигладаг гол материалын үнэ өнгөрсөн жилүүдээ бодвол харьцангуй буурсан. Тиймээс барилгын материалын үнэ өссөнөөс болоод шинээр баригдсан орон сууцны үнэ өссөн гэдэг нь худал болохыг хэлж байна. Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Оч: Нэг тонн цемент 112 төгрөг, нэг ширхэг тоосго 100 төгрөг байхад шинээр баригдсан орон сууцны нэг метр квадратын үнэ сая давах учиргүй. Шинээр баригдсан орон сууцны нэг метр квадрат нь 650 мянган төгрөг байхад болно. Харамсалтай нь энэ хэрэгжихгүй байна. Энэ хэрэгжихгүй байгаагийн гол шалтгаан нь холбогдох байгууллагууд шинээр баригдаж байгаа орон сууцны нэг метр квадрат нь яг ямар өртөгөөр босч байгааг тооцож, судлахгүй байна. Тиймээс ямар орон сууц, ямар материалаар баригдсаныг тухайн барилгын компани бүр дээр нь тооцож гаргах хэрэгтэй. Ингэсний дараагаар энэ орон сууцаа босго үнээс өндөр үнээр худалдаж болохгүй гэх шаардлагыг төрөөс тавих ёстой. Энэ үед шинээр баригдсан орон сууцны үнэ буурах учиртай. Ингээд ч барилгын компаниуд үнээ буулгахгүй бол, иргэд тэр байрыг нь худалдаж авахгүй байх хэрэгтэй. Тэр үед барилгын компаниуд үнээ буулгахаас өөр аргагүй болно гэж хэлж байгаа юм.