12 сар 21, 2024

Банкны шинэчлэл хэрхэн өрнөх вэ…

Банкны систем арав гаруй жилийн өмнө бүхэлдээ хүндрэлд ороод байсныг эдийн засагчид хэлж, ярьж, анхааруулж байлаа. Банкны систем хүндэрсэн гэж ярих ч чухам яаж хүндрээд байгааг гайхах хүн цөөнгүй байсан юм. Үүнд товчоор хариулахад арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн хэмжээ өмнөхөөсөө буурч байсан явдал юм. 2008 оны зургадугаар сард арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн хэмжээ 426 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсан бол, 2009 оны эхний хагас жилд 323 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байлаа. Арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэсээ 24 хувиар буурсан нь энэ юм. Үүнээс гадна, арилжааны банкуудын нийт активын дийлэнх хувийг зээл эзэлж байна. Төвбанкнаас явуулсан судалгаагаар 2008 оны зургадугаар сарын эцсээр арилжааны банкуудын нийт актив 3.9 триллион төгрөгөөр хэмжигдэж байсан юм. Үүний 2,4 триллион төгрөг нь иргэд, аж ахуйн нэгжид олгосон зээл юм. Өөрөөр хэлбэл, арилжааны банкуудын нийт активийн 63 орчим хувийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээл эзэлж байлаа. Нийт активын дийлэнх хувийг зээл эзэлж байхад иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон дээрх зээлийн эргэн төлөлт харамсалтай нь хэт удаашралтай байсан гэдэг. Үндэсний статистикийн хорооноос тухайн үед явуулсан судалгаагаар арилжааны банкуудын зах зээлд гаргасан нийт зээлийн эргэн төлөлт өнгөрсөн оны мөн үеэсээ ердөө 0.02 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Тэдний өмнө гаргасан зээлийн эргэн төлөлт ийнхүү удаашралтай байсан тул арилжааны банкууд нэмж зээл гаргах хөрөнгийн эх үүсвэргүй болчихоод байжээ. Үүнээс гадна, чанаргүй зээл, хугацаа хэтэрсэн зээл арилжааны банкуудын зах зээлд гаргасан нийт зээлийн багагүй хувийг эзэлж байжээ. Эдгээр нь банкны системийг хүндрэлд оруулсан гэж ойлгож болно. Монголбанкны Ерөнхийлөгч асан Ж.Үнэнбат: Банкны системийг хүндрүүлсэн гол буруутнууд нь арилжааны банкуудын төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагууд. Танил тал, найз нөхдөдөө их хэмжээний зээл дур мэдэн олгосон нь банкны салбарт чанаргүй зээл нэмэгдэхэд нөлөөлж, банкны систем хүндэрсэн. Тиймээс цаашид арилжааны банкуудын төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагуудыг нийт хадгаламж эзэмшигчдийнхээ өмнө хариуцлагатай ханддаг болгох хэрэгтэй байна гэсэн тайлбарыг өгч байлаа. Тэгвэл Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж: Банкны салбарыг хүндрэлээс гаргах гарц бол жижиг банкуудыг томруулах явдал гэсэн тайлбар өгч байсан юм. Тухайн үед манай улсад үйл ажиллагаа явуулж байсан банкуудын дийлэнх нь жижиг. Тиймээс тэднийг томруулах шаардлагатай. Ингэхдээ 2010 оноос тэдний тоог цөөлж банкуудыг нэгтгэх замаар томруулна гэж байсан юм. Тухайн үед Монгол шуудан болон Хадгаламж банкууд нэгдээд байсан билээ.

Худалдаа хөгжлийн банкны Жижиг, дунд байгууллагын банкны захирал н.Өсөхбаяр: Арилжааны жижиг банкуудын тоог цөөлж томруулах нь зайлшгүй зүйл. Энэ процесс ганц манайд явагдаж байгаа юм биш. Дэлхийн бүхий л улс оронд байдаг зүйл гэлээ. Харин Хас банкны гүйцэтгэх дэд захирал Төр-од: Өнөөдөр банкны системд нүүрлээд байгаа хүндрэлийг арилгахын тулд банкуудын тоог цөөлөхдөө биш юм. Хамгийн гол нь арилжааны банкуудын чанарыг сайжруулах, мөн компанийн засаглалыг сайжруулах хэрэгтэй. Мөн банктай холбоотой хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох хэрэгтэй гэсэн тайлбарыг өгсөн юм. Арилжааны банкууд нэгдсэнээр тэдний активын хэмжээ нэмэгдэнэ. Актив нэмэгдвэл, зээл гаргах боломж бололцоо тэр хэрээр нэмэгдэнэ. Тиймээс банкууд нэгдсэнээр банкны системд нүүрлээд байгаа хүндрэлийг даван туулахад амар болно гэж зарим эдийн засагчид үзэж байлаа. Хэдийгээр ийм сайн талтай ч, өмнө нь олгосон найдваргүй, хугацаа хэтэрсэн зээлээ хэрхэн барагдуулах вэ. Нийт зээлийн эргэн төлөлтөө яаж сайжруулах вэ. Энэ асуудал тухайн үед бүрхэг хэвээр байлаа. Үүнд ч холбогдох албаныхан тоймтой хариулт өгөхөд хүндрэлтэй байв. Тиймээс жижиг банкуудыг томруулахын хажуугаар чанаргүй, хугацаа хэтэрсэн зээлийн эргэн төлөлтийг сайжруулахад анхаарах хэрэгтэйг эдийн засагчдын зүгээс зөвлөж байсан юм. Ийнхүү 2008-2009 онд арилжааны банкуудад дээрх бэрхшээл тулгарч байлаа. Тэгвэл 2010 оны есдүгээр сарын 25-ны хавьцаа арилжааны банкуудын төлбөрийн чадвар бүх банкуудад хангалттай сайжирсан байв. Гэхдээ өөрийн хөрөнгийн хүрэлцээ хангалтгүй байжээ. Тиймээс төвбанкнаас өөрийн хөрөнгийн хүрэлцээ нь хангалтгүй байсан арилжааны банкуудыг Монголбанк дэмжиж ажиллахаа мэдэгдэж байсан юм.