12 сар 31, 2024

Энхийн их наадам…

2008-09-09. Улаанбаатар. Дэлхий дахинаа улс орон, үндэстнүүдийн нөхцөл байдал хямарч, эмх замбараагүй байдал цөөнгүй гарах болсон. Тиймээс улс орнуудыг эв найрамдалтай байлгах үүднээс Ертөнц дахины энхтайваны холбоо 2007 оноос Энхийн их наадам зохион байгуулж эхэлсэн юм. 2007 онд тус наадам дэлхийн дөрвөн оронд зохиогдсон байдаг. Тухайлбал, 2007 оны наймдугаар сард Англид, арваннэгдүгээр сард Бенин улсад, арванхоёрдугаар сард Солонгос, Филиппин зэрэг улсуудад зохиогдож байсан юм. Харин 2008.09.6-9-ний өдрүүдэд Энхийн их наадам манай улсад зохиогдсон юм. Ертөнц дахины энхтайваны холбооны монгол дахь төлөөлөгчийн газар уг наадмыг зохиох байгуулах санаачлага гаргаснаар манай улсад зохиогдсон нь энэ юм. Энэ наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар, БСШУЯ, Монгол Улс дахь гадаадын Элчин сайдын яамдууд хамтран зохион байгуулсан юм. Ертөнц дахины Энхтайваны Монголын холбооны нарийн бичгийн дарга Чинзориг: Наадмын хүрээнд бид найман арга хэмжээ зохион байгуулсан. Эхнийх нь олон улсын удирдагчдын чуулга уулзалт юм. Энэ чуулга уулзалтаар Удирдлага ба сайн засаглалын шинэ чиг хандлага: Монголчуудын гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагын талаар хэлэлцсэн. Наадмын хүрээнд Энхийн үзэсгэлэн гарсан байгаа. Энхийн үзэсгэлэнгээ Жанжин Сүхбаатарын тайлбайд зохион байгуулсан. Дотоодын болон гадаадын зочид төлөөлөгчдөд эх орноо танилцуулах зорилгоор энэ үзэсгэлэнг зохион байгуулсан юм. Үүний хажуугаар хүүхдийн боловсролын байгууллагын оролцоог дэмжсэн Жинхэнэ удирдагч хэн бэ гэсэн уран илтгэлийн уралдаан зохион явуулсан. Оюутны тэтгэлгийн хөтөлбөр  мөн явуулсан. Эмэгтэйчүүдийг оролцоог дэмжсэн эмэгтэйчүүдийн олон улсын зөвлөлгөөн, семинар мөн энэ өдрүүдэд зохиогдсон. Харин 2008.09.07-нд залуучууд, нийт ард иргэд, гэр бүлийнхэн оролцож болох соёлын наадмыг зохион явуулсан.2008.09.09-ний өдөр бид хамгийн том үйл ажиллагаагаа зохион явуулсан. Энэ өдөр урлагийн их наадам болсон юм. Урлагийн их наадамд монголын болон дэлхийн хамтлаг дуучдыг урьж оролцуулахаар төлөвлөсөн юм. Мөн Энхийн жагсаал, Энхийн илгээлт энэ өдөр болсон. Энэ арга хэмжээн дээр Ертөнц дахины энхтайваныг үндэслэгч ирж, монгол залуучуудад, ард түмэнд хандан энхийн илгээлт уриалгыг хэлсэн. Хамгийн гол нь бид ямар нэг үйл ажиллагаа зохион байгуулаад яриад өнгөрөх бус, эргээд монголд ард түмэнд үлдэх арга хэмжээг зохион явуулна гэсэн тайлбарыг тэр үед өгч байлаа. Энхийн их наадамд дэлхийн 100 гаруй орны зочид төлөөлөгчид оролцсон байна. Дэлхийн улс орнуудын парламентийн төлөөлөгчид, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөгчид ирж оролцжээ. Тэр үеийн УИХ-ын гишүүн Ч.Авдай: Энэ наадмыг монголд зохиосноор дэлхийн улс орнуудын ард түмэнтэй эв санаагаа нэгтгэх боломжтой болж байна хэмээн мэдэгдэж байв.