9 сар 2026
М Т W Т F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
9 сар 9, 2026

У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө

2026.09.08. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө.

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн анхны айлчлал нь хоёр орны ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүхийн шинэ хуудас нээж, харилцаагаа бататгасан түүхэн ач холбогдолтойг талууд тэмдэглэлээ. Мөн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх чухал алхам болсныг онцлов.

Нийтлэг үнэт зүйлс, гадаад бодлогын ижил төстэй байр сууриа бататгаж, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхээ нотоллоо. Албан ёсны хэлэлцээний үеэр харилцан тохиролцсон зүйлсийг бодит ажил болгохын төлөө бүх түвшинд тууштай ажиллахаар тогтлоо.

Халуун дотноор хүлээн авсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Монголын ард түмэнд Ерөнхийлөгч Яков Милатович талархал илэрхийллээ. Хоёр улсын төрийн тэргүүний хэлсэн үгийг хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Энд хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Эрхэм хүндэт Яков Милатович Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар өнө эртний түүхт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад анх удаа төрийн айлчлал хийж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монгол Улс, Монтенегро Улс нь газар зүйн хувьд алс хол оршдог хэдий ч хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, ардчилсан үнэт зүйлсээрээ ойр дотно холбогддог билээ. Монгол Улс “гуравдагч хөрш”-ийн бодлогынхоо хүрээнд Монтенегро Улстай харилцан сонирхсон бүхий л салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байна.

Дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны хийж байгаа төрийн анхны айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн, онцгой ач холбогдолтой түүхэн айлчлал болж байгааг онцлон тэмдэглэж байна.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Тантай хийсэн албан ёсны яриа хэлэлцээ халуун дотно, ажил хэрэгч уур амьсгалд амжилттай болж өнгөрлөө. Өнөөдөр бид өнгөрсөн 20 жилийн ололт, амжилтаа дүгнэн, ирэх он жилүүдэд харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож, хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойллоо.

Яриа хэлэлцээний дүнд хоёр улсын төрийн тэргүүн “Монгол Улс, Монтенегро Улсын Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа. Айлчлалын хүрээнд улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл зэрэг салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар болон байгууллага хоорондын 7 баримт бичиг солилцлоо.

Бид харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Дэлхийд танигдсан монгол ноос, ноолуур, арьс ширэн  болон өрсөлдөх чадвартай бусад бүтээгдэхүүнийг Монтенегро Улсын зах зээлд нийлүүлж, хамтын ажиллагааны шинэ боломж бий болгохоор санал нэгдлээ.

Дотоодын боловсруулах болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох чадавхыг бэхжүүлэх, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Цагаан алт”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” зэрэг үндэсний хөдөлгөөний хүрээнд Монтенегро Улстай хамтран ажиллах талаар ярилцлаа.

Айлчлалын хүрээнд зохион байгуулах “Бизнес эрхлэгчид хоорондын дугуй ширээний уулзалт” нь аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдийн хамтын ажиллагаа, хэлхээ холбоог бэхжүүлж, шинэ түншлэл, шинэ зах зээл бий болгоход хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна.

Аялал жуулчлалын салбарт хамтарч, тур оператор компаниудын шууд харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохирлоо. Боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа нь харилцааны чухал хэсэг хэмээн тодорхойлж, идэвхтэй, үр дүнтэй хамтрах нь зүйтэй гэж үзлээ.

Соёл, урлаг, спортын салбар бол ард иргэдийн харилцан ойлголцол, итгэлцлийг бататган бэхжүүлж, сэтгэл зүрхээрээ холбогдох бас нэгэн чухал гүүр юм. Тиймээс өв соёлоо харилцан сурталчилж, иргэд хоорондын найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ харилцан нотоллоо.

Харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх яриа хэлэлцээний механизм бий болгож, тогтмол ажиллуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ. Эх дэлхийгээ дээдлэн шүтэж, хайрлан хамгаалах эртний түүхэн уламжлалтай Монгол Улс “Экологийн улс” хэмээн нэрлэгддэг Монтенегро Улстай тогтвортой хөгжил, ногоон эдийн засаг, хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байна.

НҮБ болон бусад олон улсын байгууллагын танхимд тохой залган сууж, бие биеэ харилцан дэмжиж, хамтран ажиллаж ирсэн манай хоёр улс бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотоллоо.

Саяхан Улаанбаатар хотноо болсон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд Монтенегро Улсын төлөөлөгчид идэвхтэй оролцсонд талархал илэрхийлье. Манай улс эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих, шийдвэр гаргах үйл явц дахь оролцоог нь нэмэгдүүлэх, жендерийн эрх тэгш байдлыг хангахад чухал ач холбогдол өгч, 2022 оноос хойш олон улсын эмэгтэйчүүдийн цуврал арга хэмжээг  Ерөнхийлөгчийн ивээл дор эх орондоо зохион байгуулж ирлээ.

Ирэх 10 дугаар сард Улаанбаатар хотноо болох “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-д Монтенегро Улсын төлөөлөгчдийг өндөр түвшинд, өргөн бүрэлдэхүүнтэй оролцохыг урьж байна.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны төрийн тэргүүний хувиар хийж буй анхны  айлчлал харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдэх түүхэн айлчлал болж байна. Харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Бидний хэлэлцэж, тохиролцсон асуудлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард түмний найрамдал нөхөрлөл, сайн сайхны төлөө бодит биеллээ олж,  харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна. Ард түмний найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, Монгол, Монтенегрогийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Та өнө эртний түүхт, эртний нүүдэлчдийн төрт ёсны ариун гал голомт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад тавтай морилохыг хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа гэжээ.

Хариулт үлдээнэ үү

Элсэн дугуй ХХК, dailypost.mn | Newsphere by AF themes.
Translate