12 сар 27, 2024

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдав

Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит бус хурал 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Сангийн яамны хурлын танхимд боллоо.

Ээлжит бус хуралд Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хадгаламжийн даатгалын корпорацын гүйцэтгэх захирал Д.Дуулал болон бусад албан хаагчид оролцлоо.

Тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит бус хурлаар Короновируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тэдгээрийн үр дүн, Монгол Улсын төсөв, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.

Монгол Улсын төсвөөс Короновируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр 2020 онд нийт 2.4 ихнаяд төгрөгийн арга хэмжээг хэрэгжүүлсэн бол 2021 онд энэ чиглэлээр төсвөөс 1.7 ихнаяд төгрөг зарцуулагдахаар байна. 

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос мөнгөний бодлогын зорилтод нийцүүлэн мөнгөний бодлогын хүү болон банкуудын заавал байлгах нөөцийн хувийг тус бүр 6% болгон бууруулж, иргэн, аж ахуйн нэгжийн авсан зээлийн төлбөрийг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулах, төрөөс хэрэгжүүлсэн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг хойшлуулах, жижиг, дунд үйлдвэрлэл, уул, уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслээр зээлийн эх үүсвэр олгох арга хэмжээг зохион байгуулж байгаагийн үр дүн,  цаашид эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хурлаар авч хэлэлцлээ.