3 сар 14, 2025

У.Хүрэлсүх: Айлчлалын эмхэтгэл

А.Энхтуул миний бие олон улсын сэтгүүлч мэргэжилтэй учраас У.Хүрэлсүхийн Шадар сайд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр ажллах хугацааны гадаад айлчлал, хамтын ажиллагааны мэдээг улс тус бүрээр нь цагаан толгойн үсгийн дарааллаар урьдчилсан байдлаар сайн дураар эмхэтгэв.

1.Монгол, Австралийн харилцаа

1.1. Австрали буюу өмнөдийн газар нутаг

Австрали гэдэг нь латин хэлний Аустралис буюу өмнөдийн газар нутаг гэсэн утгатай аж. Эртний судар бичгүүдэд Терра Аустралис гэж тэмдэглэсэн байдаг аж. Сэр Рчиад Хаклойт гэгч 1625 онд анх удаагаа Австрали гэдэг нэршил хэрэглэсэн нь англи хэлт орнуудад түгэн дэлгэрчээ. Голландчууд энэ нэршлийг өөрийн хэлэнд буулгахдаа Аустралише гэж буулгасан байдаг. Австрали гэдэг нэрийг албан ёсоор хуульчилж ашиглах санаачилгыг анх Лорд Батхөрст 1817.04.04-ний өдөр гаргасан бол, түүнийг санал гаргаснаас хойш 1817.12.12-ны өдөр Колониудын төв хороо Австрали нэрийг албан ёсных болгожээ. Харин 1824 оноос газрын зураг дээр Австрали гэдэг нэрийг албан ёсоор тавьж эхэлсэн байна. Австрали тивийг 1606 онд Голландын далайн аялагчид анх илрүүлсэн ч, Зүүн Австралийн тал хэсгийг 1770 онд британичууд эзэлж бүрэн захирах болжээ. Улмаар 1850-иад онд Австралийн таван өөр газрыг эзлэн түрэмгийлж бүрэн хяналтаа тогтоожээ. Үүнээс өмнө 50 мянган жилийн тэртээгээс тэнд анх хүн суурьшиж эхэлсөн бөгөөд уугуул австраличуудыг Абориген гэх бөгөөд 250 гаруй овог, аймаг байдаг аж. 1901.01.01-ний өдөр Австралийн зургаан муж улс нэгдэн Хамтын Нөхөрлөлийн Улсаа зарлан тунхаглажээ. Австрали улс нь үндсэн хуульт хаант засаглалтай. Нийт 7,692,208 км2 нутаг дэвсгэртэй бөгөөд зургаан муж, харьяа олон газар нутагт нийт 24 сая хүн амьдардаг байнаа. Нийслэл нь Канберра бол, хамгийн том хот нь Сидней юм. Австрали нь эдийн засгийн багтаамжаараа дэлхийд 13-т, нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийд 9-т, Хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 2-т эрэмбэлэгдэж байна. Харин амьдралын чанар, эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн эрх чөлөө, иргэний чөлөөт үзэл, улс төрийн эрхээрээ дэлхийд тэргүүлдэг байна. Мөн НҮБ, Их-20, Үндэстнүүдийн холбоо, Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагааны байгууллага, Дэлхийн худалдааны байгууллага. Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгуулага, Номхон далайн арлуудын форум зэрэг бүс нутаг төдийгүй дэлхийн томоохон хамтын ажиллагааны байгууллагуудад гишүүнээр элсэн оржээ. Австрали далайн орнуудын бүс нутагтаа хамгийн том нь бөгөөд дэлхийн зургаа дахь том орон юм.

1.2. Mонгол, Австралийн улс төрийн харилцаа

2025.01.25. Mонгол Улс. Улаанбаатар хот. Австрали улс Монгол улстай 1972.09.15-нд дипломат харилцаа тогтоосон. Монгол улс Элчин сайдын яамаа Канберра хотноо 2008 онд нээсэн бол, Австрали улс Элчин сайдын яамаа Улаанбаатар хотноо 2015 оны сүүлчээр нээжээ. Монгол Улсаас Австралид суух Элчин сайд Д.Даваасүрэн 2021.11.30-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ барьсан бол, Австрали Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Кэти Смит 2022.06.27-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ барьсан. Талууд Монгол, Австралийн хооронд Ажиллах болон амрах визийн зохицуулалтыг хэрэгжүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт 2022.03.31-нд Канберра хотноо гарын үсэг зурсан. Санамж бичгийн дагуу Ажиллах болон амрах визийн хөтөлбөр 2022.07.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд Монгол Улсаас 100 залуу Австрали Улсад 1 жилийн хугацаатай ажиллах, 4 хүртэлх сарын хугацаанд суралцах эрхтэй болсон гэх мэдээлэл байна. 2022 оны байдлаар Австрали Улсад 11000 монгол иргэн амьдардаг бол, Монголд 512 Австрали иргэн тогтмол оршин сууж амьдардаг гэх судалгаа гарчээ. Тэгвэл богино хугацааны томилолтоор ирж очиж буй Австрали иргэдийн тоо 1000-аас буурдаггүй байна. Австралийн талаас Монголд айлчилсан улстөрийн өндөр, дээд албан туршаалтнуудаас дурдвал:

  • 1994 онд Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Билл Хэйдэн,
  • 2005 онд Парламентын Төлөөлөгчдийн танхимын спикер Дэвид Хоукер,
  • 2011 онд Парламентын Төлөөлөгчдийн танхимын спикер Харри Женкинс,
  • 2007 онд Гадаад хэргийн сайд Александр Даунэр,
  • 2012 онд Гадаад хэргийн сайд Боб Карр,
  • 2018 онд Улаанбаатар хотноо болсон Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд ГХХЯ-ны Олон улсын хөгжил, Номхон далайн асуудал эрхэлсэн сайд К.Фиэрраванти-Уэлс оролцжээ.

1.3. Австрали, Монголын эдийн засгийн харилцаа

2011 оноос хойш Австралийн Худалдаа, хөрөнгө оруулалтын төлөөлөгчийн газар (AusTrade) Австралийн бизнесийн үйл ажиллагаанд туслах зорилгоор Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байна. Австралийн 60 орчим аж ахуйн нэгж, тэр дундаа Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй 12 компани Mонгол Улсад үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн дотор уул уурхайн салбарт ажилладаг Австралийн томоохон компани болох оюутолгойн төслийн хөрөнгө оруулагч Рио Тинто, Жэйд газ, Эликсир Энержи, Аспайр Майнинг, Монаделфус, Тийс, Уорли, Ножа Пауэр зэрэг компаниудыг дурдаж болно. Мөн уул уурхайн Тиэс компани, хуулийн байгууллага болох Минтер Эллисон, санхүүгийн компаниуд болох Си Пи Эс Секюритис болон Гаррисон Капитал зэрэг олон аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа эрхэлдэг гэх судалгаа байдаг аж. 2008 онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан Discover Mongolia уул уурхай, хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг Австралийн Би-Эйч-Пи Биллитон, Рио Тинто компаниуд ивээн тэтгэж хамтран зохион байгуулжээ.Австралийн Гадаад хэргийн сайд А.Даунер 2007 оны 04 дүгээр сард Монгол Улсад айлчлах үеэр уул уурхай, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон. Энэ дагуу уг ажлын хэсгийн анхдугаар хуралдааныг 2007 оны 08 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Хамтарсан ажлын хэсгийн хуралдааныг Канберра хотноо 2009 оны 09 дүгээр сард хийсэн. Монгол-Австралийн хоорондын хамтын ажиллагааны ирээдүйтэй салбар, чиглэлийн нэг нь уул уурхайн салбар бөгөөд 2006, 2008, 2009, 2010 онд Монголын төлөөлөгчид Австралийн уул уурхайн хөгжлийн туршлагатай танилцаж байв. Хоёр улсын худалдааны эргэлт:

  • Экспорт: 2015 – 2,9 сая, 2016 – 1,2 сая, 2017 –3,4 сая, 2018- 1,27 сая, 2019 – 39,48 сая, 2020 – 1.08 саяам.доллар, 2021 673 мянган ам.доллар, 2022 оны эцсээр манай экспорт 1023.3 мянган ам.долларт хүрэв. Үүнээс гол бүтээгдэхүүн: гянт болдын хүдэр, баяжмал, өргөгч, ачигч, буулгагч зэрэг машины эд анги байжээ.       
  • Импорт: 2015 – 11,7 сая, 2016 – 21,9 сая, 2017 – 36,5 сая, 2018 – 49,9 сая, 2019 – 53,72 сая, 2020 – 44,89 сая ам.доллар. 2021 онд 48,5 сая ам.доллар, 2022 – 51.6 сая ам.долларт хүрэв. Үүнээс нол бүтээгдэхүүн: өргөгч кран, өргөгч, буулгагч зэрэг машин механизмд зориулалттай эд анги, дамжуулагч бул, муруй тэнхлэг, эд анги, суудлын автомашин зэрэг байсан тухай Гадаад харилцааны яамнас гаргасан судалгаанд дурджээ.

1.4. Австрали-Монголын боловсролын харилцаа

Австрали Улс 1994 оноос хойш Монгол Улсад сургалтын тэтгэлэг олгож ирсэн бөгөөд нийт 650 гаруй монгол иргэн тус хөтөлбөрийн хүрээнд Австралид боловсрол эзэмшжээ. Австралийн Засгийн газраас олгодог тэтгэлэг 2014-2015 онд царцсан байсныг 2016-2017 оны санхүүгийн жилд сэргээсэн байна. Харин Монгол Улсын Төрийн сангийн тэтгэлгээр Өмнөд Уэльсийн Их сургууль, Сиднейн их сургууль, Монашийн Их сургууль, Канберрагийн Их сургууль зэрэг 15 их дээд сургуульд нийт 200 орчим хүн суралцсан байна. Түүнчлэн Монголын оюутнууд Австралийн их, дээд сургуулиудад хувийн зардлаар суралцдаг байна. Элчин сайдын яамнаас гаргасан судалгаагаар Баруун Австрали мужид – 8 оюутан (Күртний Технологийн Их сургууль, Баруун Австралийн Их сургууль, Мэрдокийн Их сургууль), Куинсланд мужид – 9 оюутан (Куинсландын Их сургууль, Гриффитийн Их сургууль), Виктори мужид – 7 оюутан (Викторигийн Их сургууль, Мельбурний Их сургууль, Свинборний Технологийн Их сургууль), Шинэ Өмнөд Уэльс мужид – 20 оюутан (Сиднейн Их сургууль, Австралийн Худалдааны Их сургууль, Сиднейн Технологийн Их сургууль, Макуарийн Их сургууль, Меркүри коллеж, Оксфорд коллеж, Мартины коллеж), Өмнөд Австрали мужид – 1 оюутан (Флиндерсийн Их сургууль), Канберрагийн Их сургуульд 4 оюутан тус тус суралцаж байна. Монгол Улс 2014 оноос эхлэн Австралийн Засгийн газраас зарласан Шинэ Коломбо хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд анхны Австрали оюутан Монголд 2015 оны 7 дугаар сараас суралцаж эхэлсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд 2017 онд Австралийн Үндэсний их сургууль, Эдит Кованы их сургууль, Нью Кастлийн их сургуулийн 48 оюутан Монголд богино хугацааны сургалтад хамрагдсан байна.

1.5. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Рио Тинто группын гүйцэтгэх захирал Жан Себастъяан Жакийг хүлээн авч уулзлаа

2018.01.23. Mонгол Улс. Улаанбаатар хот. Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын эхэнд хэлэхдээ; Хөрөнгө оруулагч талуудын хувьд бид Оюу толгой төслийг Монголын ард түмэнд өгөөжтөй байлгах, Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг үр ашигтай  хэрэгжүүлэх шаардлагатай. Хамтарсан ажлын хэсэг байгуулах нь зүйтэй. Хувь нийлүүлэгчийн хувьд Монголын төр, Монголын ард түмэн Оюу толгой төслийн үр ашгийг нэмэгдүүлж өгөөжийг нь хүртэх нь эцсийн зорилго. Иймд төслийн санхүүжилтийн зардал болон зээлийн хүүгийн хувийг бууруулах  шаардлагатай байна. Мөн Таван толгойн ордод түшиглэн станц байгуулж говийн бүсийн эрчим хүчний  хангамжийг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтыг хийх хэрэгтэй. Нүүрсний экспорт, ачаа тээвэрлэлтийг эрчимжүүлэх төмөр замыг барих ажлыг эхлүүлэх цаг нь болсон гэв. Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Жан Себастъяан Жак хэлэхдээ; Монгол Улсын Ерөнхий сайдын хамтарсан ажлын хэсэг байгуулах саналыг хүлээн авч, санхүүжилтын зардлыг бууруулах арга замууд, эрчим хүчний шийдэл болон бусад дэд бүтцийн асуудлаар хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Ханбогдод төр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх яриа хэлэлцээг идэвхтэй өрнүүлэхийг дэмжиж байна. Цаашид хөрөнгө оруулагчид тууштай, тогтвортой бодлого хэрэгжүүлж,  өгөөжөө өгөх урт хугацааны шийдэлд хүрэхийн төлөө Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллах хүсэлтэй байна. Рио Тинто групп Монгол Улс дахь үйл ажиллагаагаа өргөтгөж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, хайгуулын хөтөлбөр болон Олон улсын технологийн үйлчилгээний чадавхиа бэхжүүлэх зорилгоор төлөөлөгчийн газраа нээсэн. Оюу толгой уурхай нь Рио тинто группын хамгийн аюул осолгүй, өндөр бүтээмжтэй, олон талт дэлхийн хэмжээний төслүүдийн нэг болсон. Өдгөө 14,000 орчим ажилтан ажиллаж байгаагийн 90 гаруй хувь нь монгол ажилчид. Тэдний ур чадвар өдрөөс өдөрт өссөөр байгаа юм.

1.6. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Австралийн Элчин сайдыг хүлээн авч уулзав

2019.02.26. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Австрали Улсын Элчин сайд Дэвид Воусэнийг хүлээн авч уулзав. Талууд уул уурхайн салбараас гадна хөдөө аж ахуй, мал аж ахуй, сайн засаглал зэрэг өргөн хүрээтэй асуудлаар ярилцаж, санал солилцов. Хоёр орны хооронд өндөр, дээд түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулах нь чухал гэдгийг Элчин сайд Дэвид Воусэн тэмдэглэв. Цаашид улс хооронд төдийгүй бүс нутаг, олон улсын хэмжээнд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж бий гэдэгт талууд санал нэгдэв.

1.7. Хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд Австрали Улс талархал илэрхийлэв

2020.01.03. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Австрали Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Дэйв Воусэнийг хүлээн авч уулзав. Австрали Улсын Шинэ Өмнөд Уэльс болон Күинслэнд мужид ойн түймэр гарч их хэмжээний хохирол учирсантай холбогдуулан Монгол Улс тусламж үзүүлсэнд Элчин сайд талархал илэрхийлэв. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны илрэл болсон тусламжийг гамшигт өртсөн иргэдэд шаардлагатай байгаа зүйлд зарцуулна гэдгээ хэлэв. Энэ тусламж Mонгол Улс Австрали Улсын ард иргэдтэй сэтгэл санаа нэг байгаагийн илэрхийлэл. Зургаан сая гаруй га талбайг хамарсан түймрийн улмаас эд материалын их хохирол учраад байгаа ажээ.Цаашид гамшгийг хохирол багатай даван гарна гэдэгт итгэлтэй байна гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэв.

1.9. Австралийн элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2022.06.28. Монгол Улс. Улаанбаатар хот. Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэти Смит Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргэж, амжилт хүсэв. Мөн Монгол, Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны түүхэн 50 жилийн ой энэ онд тохиож буйг онцолж, харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсролын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв. Элчин сайд Кэти Смит Монгол, Австралийн Өргөтгөсөн түншлэлийн харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, Австралийн Холбооны Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх, иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв. Ажиллах болон амрах визийн тохиролцооны тухай Монгол Улс, Австралийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг 2022.07.01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм. Ингэснээр Монгол, Австралийн 100 хүртэлх залуу тус бүр нэг жил хүртэлх хугацаанд ажиллах, сурах, аялах боломж нээгдэж буй нь иргэдийн солилцоог нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдэв.

1.10. Австралид суух элчинд итгэмжлэх жуухыг нь гардуулав

2021.10.01. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдинсүрэнгийн Даваасүрэнд Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулж, ажлын амжилт хүсэв. Тэрбээр үндэсний язгуур эрх ашгийг ямагт эрхэмлэн дээдэлж, гадаад бодлогыг нэг цонхоор харж хэрэгжүүлэхийг Элчин сайдад захилаа. Мөн эх орноо сурталчлах, хөрөнгө оруулалт татах, гадаад харилцааг эдийн засагжуулах чиглэлээр идэвхтэй ажиллахыг сануулав. Тухайн орондоо оршин суугаа монгол иргэддээ боломжит бүх хэлбэрээр туслалцаа дэмжлэг үзүүлэх, үр хүүхдүүдэд нь монгол хэлээ сургах, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэн үлдээх нь чухал байгааг хэллээ. Элчин сайд нар хууль бус зүйлд холбогдсон тохиолдолд нэн даруй эгүүлэн татна гэдгийг онцгойлон анхааруулав.

1.11. Австралийн элчин сайд Кейти смитийг хүлээн авч уулзлаа

2023.01.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Сангийн яам. Уулзалтын үеэр хоёр орны эдийн засаг, хамтын ажиллагаа Монгол дахь хөгжлийн хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Сангийн сайд  Б.Жавхлан хоёр улсын хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй хөтөлбөрүүдээс дараах хэдэн зүйлийг онцлон ярилаа.

  • Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн үргэлжлүүлж, хугацааг сунгаж, оюутны тоог нэмэгдүүлэхийг хүссэн. Австрали улсын талаас энэ тал дээр анхаарч дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.
  • Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр /AMEP/ төслийн II дугаар шат амжилттай хэрэгжиж энэ оны 6 дугаар сард дуусахтай холбогдуулан энэ талаар хоёр тал ярилцаж санал солилцсон.
  • Рио Тинто группийн Оюутолгой төслийн хэрэгжилттэй холбоотой 2 улсын хоорондын хөгжлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тал дээр анхаарал хандуулахыг Сангийн сайд онцгойлон хүссэн.
  • Австрали Улсаас Монгол Улсад сайн дурын хөтөлбөрөөр ирж ажиллаж буй Австрали иргэдийн тоог цаашид нэмэгдүүлэх тухай мөн ярилцсан юм.   

Австрали Улсын Элчин сайд хадагтай Кэйти Смитийн зүгээс шинээр хэлэлцэх хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд дараах гурван зүйл дээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн.

  • Уур амьсгалын өөрчлөлт
  • Жендерийн тэгш байдал
  •  Нөхөн сэргээгдэх эрчим хүч

Сангийн сайд Б.Жавхлан түүний саналыг сайшаагаад, дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлээд, цаашид Австрали Улсын уул уурхайн экспортлогч орон хэрнээ эдийн засгийн 30%-иас хэтрүүлэхгүй байгаа туршлага, мөн мал аж ахуй, газар тариалан, санхүү хөрөнгийн зах зээлийн сайн туршлагыг судалж, нэвтрүүлэх нь Монгол Улсын эдийн засагт чухал ач холбогдолтой талаар хэллээ. Энэ онд хоёр Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд манай улсын хөгжлийн сайн түнш орон юм.

1.12. Австралийн амбан захирагч мэндчилгээ дэвшүүлэв

2022.07.16. Mонгол Улс. Улаанбаатар хот. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Австралийн Холбооны Улсын Амбан захирал Дэвид Хөрли мэндчилгээ дэвшүүллээ. МЭНДЧИЛГЭЭНД: Монгол Улсын Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойг тохиолдуулан Австралийн Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Танд болон Монгол Улсын Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Австрали Улс Монгол Улстай хөгжүүлж буй найрсаг харилцаагаа өндрөөр үнэлдэг бөгөөд хоёр талын хамтын ажиллагаа худалдаа, уул уурхай, боловсролын салбарт тууштай өргөжин хөгжиж ирсэн. Монгол Улсын бахархалтай гуравдагч хөршийн хувьд бид иргэд хоорондын бат бэх хэлхээ холбоо, улс төрийн харилцаа улам бүр гүнзгийрэн хөгжиж байгаад талархалтай байдаг болно. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 онд тохиож буй бөгөөд манай хоёр улсын харилцаа жилээс жилд улам бэхжиж ирсэн билээ. Хоёр улсын найрсаг харилцаа ирж буй он жилүүдэд өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна.

1.13. Дэвид Хөрли мэндчилгээ дэвшүүлэв

2023.07.10. Mонгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Австралийн Холбооны Улсын Амбан Захирагч Дэвид Хөрли Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ ирүүлэв. Тэрбээр Австралийн Холбооны Улсын төр, засгийн нэрийн өмнөөс болон хувиасаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монголын найрсаг ард түмэнд Үндэсний их баяр наадмын мэнд хүргээд, Австралийн Засгийн газраас Монгол Улсын иргэдэд олгож буй боловсролын тэтгэлгийн 30 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглэв. Цаашид Австрали, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв.

1.14. Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч айлчилна

2024.10.14. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалангийн урилгаар Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс 2024 оны 10 дугаар сарын 16-наас 19-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан болон Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянс нар хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар өргөтгөсөн уулзалт хийнэ. Мөн айлчлалын үеэр Австралийн Холбооны Улсын Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхана. Энэхүү айлчлал нь Австралийн Холбооны Улсын Сенатын Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжиж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог бөгөөд Монгол, Австралийн хооронд улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд ач холбогдолтой.

1.15. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Австралийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч бараалхлаа

2024.10.17. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс бараалхлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгчийн айлчлал харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно  гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Ардчилалын нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш” Австрали Улстай харилцааны түвшинг удахгүй шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хөгжүүлэхээр тохиролцсонд сэтгэл хангалуун байгаагаа хэлэв. Боловсрол, уул уурхай, батлан хамгаалах, хүмүүнлэг зэрэг салбар болон иргэд хоорондын харилцааг бэхжүүлж, ашигт малтмал, эрчим хүч, ногоон шилжилтийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэв. Австралид монголын 6,000 гаруй залуус, түүний дотор 60 орчим оюутан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд суралцаж, Австралийн 60 гаруй аж ахуйн нэгж Монголд үйл ажиллагаа явуулж байгаа нь харилцааны цар хүрээ тэлж байгаагийн тод жишээ гэдгийг  Ерөнхийлөгч онцоллоо. Иргэд хоорондын солилцоо жилээс жилд нэмэгдэж буйтай холбогдуулан хоёр улс Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг эцэслэн тохиролцож, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээ эхлүүлэх болсныг сайшаав. Австралийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянс харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн олон салбарт өргөжин хөгжиж байгааг тэмдэглэлээ. Монгол Улс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн эрх зүй, бодлогын шинэчлэлийг тууштай хийж байгааг онцоллоо. Мөн Ерөнхийлөгчийн ивээл дор наймдугаар сард зохион байгуулсан “Ногоон ирээдүйн төлөө” уриатай Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын үр дүнг бодит ажил хэрэг болгоход Австралийн Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхыг бэхжүүлэх төсөл” хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

2. Монгол, Америкийн харилцаа

1911 оноос өмнө барагцаалбал 200 жилийн хугацаанд өнөөгийн Монгол үндэстэн нь Хятадын Эзэнт Гүрний газар нутгийн хүрээлэлд харъяалагддаг байв. Энэхүү эзэнт гүрэн задран бутарсны дараа эх оронч Монголчуудын бүлгэм Зөвлөлт Холбоот Улсын тусламжтайгаар 1924 онд бүгд найрамдах улсаа зарлан тунхаглажээ. Монголчууд 1945 оны 10-р сард тусгаар тогтнолоо бүх ард түмний санал хураалтаар баталгаажуулсан боловч, Зөвлөлт Холбоот Улстай ойр дотно байсан учраас Монгол улс болон Америкийн Нэгдсэн Улсын хоорондын харилцаа хөгжихөд удаашралтай байв. Америкийн Нэгдсэн Улс нь 1987 оны 1-р сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хараат бус байдлыг хүлээн зөвшөөрч хоёр улс хамтын мэдэгдэл хийснээр албан ёсны дипломат харилцаа тогтоожээ. Үүнээс өмнө Америкийн Нэгдсэн Улс Ерөнхийлөгч Кеннеди, Жонсон, Никсон болон Картерын эрх барьж байх үед дотоодын уулзалт хэлэлцүүлэг болон Монгол улсын элч төлөөлөгчидтэй албан бус ярилцлагаар дамжуулан Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх талаар хэд хэдэн удаа хэлэлцсэн боловч бүтээгүй юм. Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсыг 1961 онд НҮБ-д элсэхэд хаалт тавиагүй(Америкийн Нэгдсэн Улс санал өгөхөөс түдгэлзсэн) бөгөөд Монгол Улсын нэгдэн орсон хэд хэдэн олон талт олон улсын гэрээнд гарын үсэг зурж байсан ч, эдгээр арга хэмжээ нь Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөд хангалтгүй байлаа гэж АНУ-ын Элчин сайдын яамныхан өгүүлдэг юм.

  • 1944 АНУ-ын Дэд ерөнхийлөгч Хэнри Уоллас Монгол Улсад айлчлав.
  • 1988 VI сард Улаанбаатар хотноо АНУ-ын Элчин сайдын яам албан ёсоор нээгдэв.
  • 1989 III сард Вашингтон хотноо Монгол Улсын Элчин сайдын яам албан ёсоор нээгдэв.
  • 1990 VIII сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер Монгол Улсад айлчлав.
  • 1991 VII сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер Монгол Улсад хоёр дахь удаагийн айлчлал хийв.
  • 1991 Улаанбаатар хотноо Энх тайвны корпус нээгдэж, VII сарын 3-нд Энх тайвны корпусын анхны ээлжийн сайн дурын 21 ажилтан Монгол Улсад ирэв.
  • 1991 АНУ-ын Элчин сайдын яам Сэлбэ голын дэргэдэх одоогийн байрандаа нүүж оров.
  • 1991 XII сард анхны USAID хөтөлбөр Монгол Улсад хэрэгжиж эхлэв.
  • 1995 Тэргүүн хатагтай Хилари Клинтон Монгол Улсад айлчлав.
  • 1998 V сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Маделин Албрайт Монгол Улсад айлчлав.
  • 2004 Улаанбаатар хотноо Америкийн соёл мэдээллийн төв үүдээ нээв.
  • 2005 XI сард Ерөнхийлөгч Жорж Буш, тэргүүн хатагтай Лора Буш, Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райсийн хамт Монгол Улсад айлчлав.
  • 2011 VIII сард Дэд ерөнхийлөгч Жоу Байден Монгол Улсад айлчлав.
  • 2012 VII сард ТНБД Хилари Родхам Клинтон Монгол Улсад айлчлав.
  • 2013 VIII сард АНУ-ын Сенатийн гишүүн МакКэйн АНУ-ын Конгрессийн төлөөллийг ахлан Монгол Улсад айлчлав.
  • 2016 АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэй ЛИЙД (Ардчиллыг Бэхжүүлэгч Залуу Манлайлагчид) хөтөлбөрт анхны оролцогчид хамрагдлаа.
  • 2017 АНУ, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв.
  • 2018 Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Вашингтон хотод айлчилж, Дэд ерөнхийлөгч Майк Пенстэй уулзав.
  • 2018 ТНБД Майкл Помпео Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамтаар Улаанбаатарын цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх Мянганы Сорилтын Сангийн 350 сая ам. долларын хоёр дахь компакт гэрээнд гарын зурав.
  • 2019 АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, Mонгол Улсын Ерөнхий сайд нарын хамтран тунхагласан АНУ-МУ-ын Залуучуудын Жилд хоёр улсын залуу үеийн харилцааг иргэний оролцоо, соёл боловсролын хөтөлбөрүүдээр онцлон тэмдэглэв.
  • 2019 VIII сард АНУ-ын Батлан хамгаалахын сайд гадаад дахь анхны албан айлчлалаа Монгол Улсад хийв.
  • 2024 АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Mонгол Улсад айлчилж, Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзав.

2.1. АНУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2014.12.13. Mонгол Улс. Улаанбаатар хот. Шадар сайд У.Хүрэлсүх АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Пайпер Энн Уинд Кэмбэллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед УИХ-д суудалтай улс төрийн намууд зөвшилцөж, хамтарсан Засгийн газар байгуулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрснээр шинэ Засгийн газар байгуулагдан ажиллаж байгааг Шадар сайд У.Хүрэлсүх хэллээ. Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгмийг сонгосон үеэс  бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн АНУ-ын ард түмэн, Засгийн газарт талархалтай ханддаг. Хоёр орны харилцаа хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин хөгжиж байна гэж Шадар сайд хэллээ. АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсний нэг нь Мянганы сорилтын сангийн хөтөлбөр гэдгийг онцлоод тус хөтөлбөрийн хоёр дахь шатны гэрээг дахин хэрэгжүүлэх болсонд баяртай байна гэлээ. Элчин сайд хатагтай Пайпер Энн Уинд Кэмбэлл Шадар сайдыг хүлээн авч уулзсанд талархлаа илэрхийлээд АНУ-ын Засгийн газар Монгол Улсын үе үеийн Засгийн газартай хамтран ажилласан уламжлалтай бөгөөд шинээр байгуулагдсан Засгийн газартай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

2.2. АНУ-ын Элчин сайдтай уулзлаа

2016.09.27. Mонгол Улc. Улаанбаатар хот. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Галтыг хүлээн авч уулзлаа. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол зэрэг салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Шадар сайд У.Хүрэлсүх илэрхийллээ. Ялангуяа   батлан хамгаалах салбар, түүний дотор энхийг сахиулах хамтын ажиллагаа онцгой байр суурь эзэлдэг гэдгийг онцолж, Говийн чоно олон улсын хамтарсан сургалтыг амжилттай зохион байгуулж ирснийг тэмдэглэв. Монгол Улс нь АНУ зэрэг гуравдагч хөршийн эдийн засгийн сонирхлыг бий болгох сонирхолтой, энэ чиглэлээр АНУ-ын талтай идэвхтэй хамтран ажиллана. Мянганы сорилтын корпорацийн хоёрдахь Компакт гэрээ байгуулахад Монголын тал ач холбогдол өгч байгаа гэв. Энх тайвны корпусын сайн дурынхан Монгол Улсад ирж ажиллаж эхэлсний 25 жилийн ой энэ жил тохиож байна. Өнгөрсөн хугацаанд сайн дурынхан манай орны өнцөг булан бүрт англи хэл, эрүүл мэнд, боловсрол болон хөгжлийг дэмжих чиглэлээр хүчин зүтгэж ирсэнд талархал илэрхийлэв. Цаашид хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, хүнс, өндөр технологи бүхий аж үйлдвэр, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулж, томоохон төслүүдэд хамтран ажиллахыг Шадар сайд санал болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

2.3. Шадар сайд “Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөрийн нээлтэд оролцлоо

2017.04.04. Монгол Улс. Улаанбаатар хот. Мерси Кор” олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй  “Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөрийн нээлт өнөөдөр боллоо. Хөтөлбөрийн нээлтэд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх оролцож,  засгийн газрыг төлөөлөн үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ  “Манай улсын малын тоо толгой 2016 онд  61.5 саяд хүрсэн. Нийт хүн амын гуравны нэг нь зөвхөн мал аж ахуйн орлогоор амьдардаг билээ. Иймд төр засгийн зүгээс хүнс, хөдөө аж ахуйн салбарыг эрчимтэй хөгжүүлж, улмаар хөдөөгийн иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулахад байнгын анхаарал тавьсаар ирсэн. Одоогийн засгийн газар ч мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжлийг эрчимжүүлэх, мал амьтныг эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал амьтны өвчний тархалт, гаралтыг тогтвортой бууруулахад цогц үйл ажиллагааг бүх талуудын оролцоо,хамтын ажиллагаатайгаар хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Тиймээс ч “Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөрийг “Мерси Кор” олон улсын байгууллагаас найман аймагт хэрэгжүүлэхээр болсонд талархаж буйгаа онцгойлон илэрхийлж байна гэж онцоллоо. Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөр нь 2016-2019 оны хооронд Архангай, Булган, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл аймагт хэрэгжүүлэх юм. Улмаар хөтөлбөрийн хүрээнд 3 аймагт эдийн засгийн зангилаа төв байгуулж, зэргэлдээ таван аймгийг  туслах төв болгохоор төлөвлөжээ. Зангилаа төвүүд үйлдвэрлэл, борлуулалтын шилдэг загварыг хөгжүүлж, сурталчилснаар бусад аймгийн бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгчдэд суралцах боломжийг олгох юм.

2.4. АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2017.10.27. Mонгол Улc. Улaaнбaaтaр хот. Эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Ж.Гаалтыг хүлээн авч уулзлаа. Шадар сайдын хувиар Элчин сайд Ж.Гаалттай нягт хамтран ажиллаж байсандаа сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжихөд Элчин сайдын оруулсан хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлж байна гэв. Монгол Улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахыг АНУ тууштай дэмжиж, шийдвэр гаргахад гол үүрэг гүйцэтгэсэнд талархал илэрхийлж, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө байна гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх нотлов. Бүрэн эрхийн 2.5 жилийн хугацаанд улсаа хүнс экспортлогч орон болох суурийг тавих, Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх зэрэг олон асуудлыг шийдэхийг зорьж байгаа бөгөөд АНУ-ын тал дэмжиж байгаад талархал илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд нь Элчин сайд Ж.Гаалт баяр хүргээд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын мэндчилгээг гардууллаа. Өнгөрсөн хугацаанд АНУ нь Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэн бол одоо эдийн засгийн хамтын ажиллагаанд голлон анхаарч байгааг Элчин сайд тэмдэглэв. Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь Монгол Улс эдийн засгаа сэргээн тогтворжуулах, өсгөх боломж гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд хувь нэмрээ оруулж байгаад Элчин сайд талархаад цаашид инженерийн ротын чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэв. Мөн Улаанбаатар хотын усан хангамжийн системийг сайжруулах, Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд АНУ хамтран  ажиллана.

2.5. Монгол Улсад олгох 350 сая ам.долларын санхүүжилтийг баталгаажуулахаар ажиллаж байна

2017.12.05. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Мянганы сорилтын корпорацийн дэд ерөнхийлөгчийн орлогч Фатема Зумарыг хүлээн авч уулзахдаа АНУ-ын Мянганы сорилтын корпорац манай улсыг хоёр дахь Компакт гэрээ байгуулах боломжтой орноор шалгаруулснаас хойш хоёр тал Компакт боловсруулах ажлыг амжилттай гүйцэтгэж хэрэгжүүлэх төслүүдээ үндсэндээ тохироод байгаад баяртай байна гэв. Компакт гэрээнд онцгой ач холбогдол өгч байгаа, АНУ-ын Засгийн газар, ард түмний олон зуун сая долларын буцалтгүй тусламж манай улсын эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжилд урт хугацаандаа томоохон дэмжлэг үзүүлэх салбарт чиглэгдэж байгаад талархлаа илэрхийллээ. Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл болон ус дахин ашиглах төслийн техник эдийн засгийн үндэслэлийн судалгааны урьдчилсан дүнг дэмжсэн. Усны салбарын цогц хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх маш чухал зангилаа асуудал болох Төв цэвэрлэх байгууламжийг шинэлчлэн сайжруулахад онцгой ач холбогдол өгч байгаа гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцоллоо. Мянганы сорилтын корпорац шинэ Төв цэвэрлэх байгууламжийн төслийн захиалагчийн үүрэг, шаардлага болон хуримтлагдсан лагтай холбоотой асуудлыг боловсруулж байгааг Үндэсний ажлын алба мэдээлсэн. Шинэ Төв цэвэрлэх байгууламжийн төслийг олон улсын стандартын дагуу амжилттай хэрэгжүүлэхэд корпорацийн мэргэжилтнүүд манай холбогдох яамдтай нягт хамтран ажиллах шаардлагатай гэв. Компакт боловсруулах ажлыг хариуцаж буй холбогдох багууд техникийн нарийн асуудлуудаа ирэх оны эхээр эцэслэн тохиролцвол гэрээг 2018 оны эхний хагаст багтаан байгуулах боломжтой. Монгол Улсын 350 сая ам.доллар хүртлэх санхүүжилтийг баталгаажуулахаар шуурхай ажиллаж байгаа гэж хатагтай Фатема Зумар хэлжээ.

2.6. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ дахь албан ёсны айлчлал эхэллээ

2018.09.19. АНУ. Цагаан ордон. Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсын Дэд Ерөнхийлөгч М.Пэнстэй Цагаан ордонд уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож ярилцав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол, Америк хоёр нь ардчилал, хууль ёсыг дээдлэх, хүний эрхийг хүндэтгэх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдлыг эрхэмлэх зэрэг нийтлэг үнэт зүйлтэйг онцолж, дипломат харилцаа тогтоосноос хойшхи 30 гаруй жилд Монгол, Америкийн харилцаа улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн зэрэг бүхий л салбарт амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд Монгол оронд өрнөсөн ардчилал, эрх, эрх чөлөөний төлөөх ард түмний хүсэл эрмэлзлийг АНУ-ын үе үеийн засаг захиргаа, ард түмэн тууштай дэмжиж, чөлөөт зах зээлийн харилцаанд шилжих хүнд үеийг даван туулахад дэмжиж, тусалж байсан ачийг монголын ард түмэн ямагт санаж явдгийг Дэд Ерөнхийлөгчид хэлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш, дотны түнш орон болохыг нотлохын сацуу манай хоёр орны цэрэг, энхийг сахиулагчид дэлхий дахин, бүс нутгийн аюулгүй байдлын төлөө мөр зэрэгцэн хамтдаа зүтгэж байгааг тэмдэглэв. Уулзалтаар талууд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, харилцааг стратегийн түвшинд хүргэхийг зорьж байгаагаа нотолж, энэ зорилгын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг “Өргөтгөсөн иж бүрэн түншлэл”-ийн түвшин рүү ахиулж байгааг нотолж, “Монгол, Америкийн эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглал”-ыг тохиролцов. Замын зураглалыг хэрэгжүүлэх нь манай улсын эдийн засгаа төрөлжүүлэх зорилтын чухал хэсэг бөгөөд АНУ-тай хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх юм. Мөн Монголын ноолууран болон оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй нийлүүлэх боломжийг эрэлхийлэн, АНУ-ын Конгрессын зарим гишүүн энэ тухай хуулийн төслийг санаачлан Конгресст өргөн бариад байгаа билээ.Монгол Улсын Засгийн газрын АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай байгуулсан Компакт гэрээ нь монголын ард түмний аж амьдрал, эдийн засгийн өсөлт, улмаар хүрээлэн буй орчин, экологийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтойг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцолж, АНУ-ын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Ерөнхий сайд Америкийн Өмнөд хэсгийн зарим муж далайн хар шуурганд өртөж, хүний амь эрсдэн, эд материалын хохирол учирсан явдалд Засгийн газар, монголын ард түмний нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлж, тусламж үзүүлэхээр болсноо мэдэгдэв. Дэд Ерөнхийлөгч М.Пэнс Флоренс хар шуурганд өртөгсдөд Монголын Засгийн газар, ард түмнээс сэтгэлийн дэм үзүүлж байгаад талархал илэрхийлж, Монголтой байгуулсан Мянганы сорилтын корпорацийн компакт гэрээ нь АНУ-ын Засаг захиргаа Монгол Улстай явуулж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгч буйн илрэл болохыг онцлов. М.Пэнс Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Афганистан дахь үүргээ нэр хүндтэй гүйцэтгэж байгаад баяр хүргэв. Мөн Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгахын төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтыг Монгол Улс дэмжиж ирснийг тэмдэглэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэд Ерөнхийлөгч М.Пенсийг тааламжтай цагтаа Монголд айлчлахыг урив. Уулзалтад AНУ-ын талаас Ерөнхийлөгч Д.Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ж.Болтон, Дэд Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Дэслэгч генерал К.Келлог, Тамгын газрын дарга Н.Айерс, Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Азийг хариуцсан Ахлах захирал М.Поттинжир, Дэд Ерөнхийлөгчийн ажлын албаны Азийг хариуцсан зөвлөх Н.Снайдер нар байлцав. Уулзалт яриа найрсаг, дотно уур амьсгалд болж өндөрлөв.

2.7. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео бараалхав

2018.09.20. АНУ. Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр бараалхаж, талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, олон улс, бүс нутгийн харилцааны харилцан сонирхсон асуудлаар ярилцав. Ерөнхий сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар Монгол, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Ерөнхий сайдын АНУ-д хийж буй айлчлалын дүнд хоёр талын харилцаа шинэ шатанд гарч, Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн түвшинд хүрснийг сайшаан тэмдэглэж, энэхүү түншлэлийг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэхийн төлөө тууштай байхаа харилцан нотлов. Дээрх зорилгын хүрээнд талууд Монгол, АНУ-ын хоорондын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглалыг тохирч хэрэгжүүлэхээр болсонд Ерөнхий сайд У.Хүрэлсүх сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрээр АНУ-ыг Монгол Улсын томоохон хөрөнгө оруулагч, худалдааны түнш байж, харилцан ашигтай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа хөгжүүлэхийг уриалав. Мөн Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газар эдийн засгаа төрөлжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг тэмдэглэж, Монголын ноолууран болон оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй нийлүүлэх тухай тогтоолын төслийг АНУ-ын Конгрессын гишүүд Конгресстоо өргөн барьсныг мэдээлж, дэмжлэг хүсэв. Мөн Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын МСК-ийн хооронд 350 сая ам.долларын Хоёр дахь Компакт гэрээ байгуулагдсаныг хоёр тал уулзалтынхаа үеэр цохон тэмдэглэв. Энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болох усны хангамжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд Монголчуудын нийгмийн амьдралыг сайжруулахад нэн хэрэгцээтэйг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцлон дурдлаа. Тэрээр хоёр орны ард түмний удаан жилийн нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхээ нотолж, Америкийн Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв. МСК-ийн хүрээнд олгогдож буй энэхүү тусламж нь сайн засаглал, эдийн засгийн эрх чөлөө, хүн арддаа хөрөнгө оруулалт хийж буй Монгол Улсын тууштай зорилтыг дэмжиж буйн илэрхийлэл хэмээн америкийн тал онцлов.

2.8. АНУ, МУ-ын Засгийн газар МУ-д тулгамдаад буй хэрэглээний усны нөөцийн асуудлыг шийдвэрлэх 350 сая ам.долларын Усны компакт гэрээнд гарын үсэг зурав

2018.09.20. АНУ. Вашингтон хот. АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн Дарга бөгөөд Мянганы Сорилтын Корпорацийн Удирдах Зөвлөлийн Дарга Майкл Помпео болон Монгол Улсын Ерөнхий Сайд Ухнаагийн Хүрэлсүх Монгол улсад хэрэгжүүлэх нийт 350 сая ам долларын өртөг бүхий Мянганы Сорилтын Корпорацийн ээлжит шинэ гэрээ болох Усны Компакт Гэрээг албан ёсоор баталж, Хамтарсан Тунхаг Бичигт гарын үсэг зурав. Бид бүхэн өнөөдөр Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улс хоорондын түүхэн түншлэл бөгөөд эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдол бүхий Монгол улсад хэрэгжүүлэх Усны Компакт Гэрээнд гарын үсэг зурж байгаадаа баяртай байна гэж Мянганы Сорилтын Корпорацийн Гүйцэтгэх Захирлын үүрэг гүйцэтгэгч Брок Биерман мэдэгдэв. Тэрээр, Энэ удаа Мянганы Сорилтын Корпораци нь нийслэл Улаанбаатар хотын ус хангамжийн асуудлыг шийдвэрлэж, цаашид эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахуйц засгийн газрын чадавхийг бэхжүүлэх зорилготой институцийн болон бодлогын шинэчлэлийг эхлүүлэхээр Монгол Улсын Засгийн Газартай түншилж хамтарч ажиллах болсондоо таатай байна гэж хэлэв. Мянганы Сорилтын Корпораци болон Монголын ард түмний хоорондын харилцаа нь 2007 онд Монгол улсад хэрэгжүүлсэн 285 сая ам долларын анхны Компакт Гэрээнд гарын үсэг зурснаас хойш 10 гаруй жилийн нүүр үзжээ. Энэхүү анхдагч Компакт Гэрээ нь дэд бүтэц болон тээвэрлэлт, эрүүл мэнд, эрчим хүч, газрын эрхийг хамгаалах шинэчлэл зэрэг бусад төслүүдээр дамжуулан Монгол улсын эдийн засгийг дэмжихэд төвлөрсөн бөгөөд нийт 2 сая гаруй иргэнд үр ашгаа өгсөн гэж үздэг. Энэхүү түүхэн хамтын ажиллагаа, түншлэл болон нээлттэй зах зээл, ардчиллын төлөөх хоёр орны нийтлэг үнэт зүйлс дээр үндэслэсэн Монгол улсад хэрэгжүүлэх ээлжит шинэ Компакт Гэрээ нь зон олны туйлын чухал хэрэгцээ болох усны хүртээмжийн асуудлыг хөндөж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. 10 жил хүрэхгүй хугацаанд нийслэл Улаанбаатар хотын хүн ам, түүнийг дагаад усны хэрэгцээ нь ойролцоогоор гурав дахин өссөн үзүүлэлттэй байна. Мянганы Сорилтын Корпорацийн статистик мэдээллээс үзвэл, 2019 он гэхэд нийслэл хотын усны хэрэгцээ нь нийлүүлэлтээсээ хол давах төлөвтэй байна. Монгол улсад хэрэгжүүлэх Мянганы Сорилтын Корпорацийн Усны Компакт Гэрээ нь дэд бүтцийн чадавхийг дэмжиж, зохицуулалтын шинэчлэлийг тогтвортой байдлаар эхлүүлж, усан хангамжийг 80 хувиар нэмэгдүүлснээр Монгол улсад нүүрлэж буй эдийн засгийн хямралын асуудлыг хөндөх болно. Энэхүү хөрөнгө оруулалт нь төрийн зүгээс хувийн хэвшлийнхэн манлайлсан эдийн засгийн өсөлтийг дэмжихэд тус дөхөм үзүүлнэ. Мянганы Сорилтын Корпораци 350 сая ам долларын хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн Газар өөрсдөө 111.8 сая ам доллар зарцуулах амлалт авч байгаа нь Мянганы Сорилтын Корпорацийн түүхэнд түншлэгч орон маш чухал хариуцлага хүлээж буй тохиолдол юм. Мянганы Сорилтын Корпораци нь эдийн засгийн өсөлтөөр дамжуулан дэлхий дахинд нүүрлэж буй ядуурлыг бууруулахын төлөө ажилладаг АНУ-ын Засгийн Газрын хараат бус агентлаг юм. 2004 онд байгуулагдсан Мянганы Сорилтын Корпораци нь авлигатай тэмцэхээс авахуулаад ардчилсан эрхүүдийг эрхэмлэн дээдлэх зэрэг асуудлуудыг хөндөх хүртэл сайн засаглалын дээд зэргийн стандарт, хэм хэмжээг хангасан доогуур орлого бүхий улс орнуудад хугацаатай санхүүжилт олгодог.

2.9. AНУ-д оршин суугаа Mонгол иргэдтэй уулзав

2018.09.20.АНУ. Цагаан ордон. Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д оршин суугаа монгол иргэдийн төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийж, иргэдийн сонирхсон асуултад хариу өгөв. Тэрээр энэ удаагийн АНУ-д хийж буй айлчлалын дүнгээр хоёр талын харилцаа шинэ шатанд гарч, Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн түвшинд хүрснийг онцолж,  Монгол, АНУ-ын хоорондын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглалыг тохирч хэрэгжүүлэхээр болсныг мэдээлэв. Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газраас хилийн чанадад аж төрж буй буй иргэдээ хамгаалах, тэдэндээ шаардлагатай үед тусалж дэмжих зэрэг авч хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулж, АНУ-д манай иргэд зорчих, оршин суух таатай эрх зүйн орчинг бүрдүүлэхэд зарим ахиц гарч,  монгол иргэд АНУ-д H2A, H2B визээр хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргуулсныг онцлон тэмдэглэв. Энэхүү уулзалтад АНУ-ын Вашингтон ДиСи орчмын Монголчуудын холбоо, Монгол соёлын төв ТББ,  Вашингтон хот дахь Монгол сургууль, Соёл төв зэрэг монголчуудын үүсгэл санаачилгын байгууллагын төлөөлөл, бизнес эрхлэгчид зэрэг 150 гаруй иргэн оролцов. Өнөөдрийн байдлаар АНУ-д 30 гаруй мянган монгол иргэн оршин сууж байна. 1999-2017 онд  манай улсын 160 гаруй мянган иргэн АНУ-д зорчсон бөгөөд жилд дунджаар 10 гаруй мянган монгол иргэн АНУ-д зорчиж байна.

2.10. Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний АНУ-ын зах зээлд татваргүй нэвтрүүлэх талаар сенатад танилцуулахад оролцоно гэв

2018.09.24. АНУ. АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Конгрессын Сенатын танхимын гишүүн ноён Дан Салливантай уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Ерөнхий сайд түүнтэй уулзаж байгаадаа баяртай байна гээд түүний Америкийн Нэгдсэн Улсад хийж буй айлчлал  амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Дэд Ерөнхийлөгч М.Пэнстэй хийсэн яриа хэлэлцээний үр дүнд хоёр талын харилцаа шат ахиж, Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн түвшинд хүрч байгааг зарласныг тэмдэглэж, улмаар хоёр тал эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэн тэлэх замын зураглалыг тохирсныг мэдээлэв. Мөн Мянганы сорилтын корпорацитай байгуулсан 350 сая ам.долларын буцалтгүй тусламж нь Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болох усны хангамжийг сайжруулах төсөлд зориулагдаж байгааг дурдаж, төслийн нийгэм, эдийн засгийн ач холбогдлын талаар ярив. Сенатор Дан Салливан Монгол, Америкийн найрсаг сайн харилцаа харилцан итгэлцсэн уур амьсгалд өргөжин тэлж байгаад баяртай байна гээд Монгол, Америк цэргүүд Афганистанд хамтдаа алба хааж, дэлхий дахин болон бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад хувь нэмрээ оруулж байгааг сайшаан тэмдэглэж, талархал илэрхийлэв. Тэрээр АНУ-ын Конгресст өргөн барьсан Монголын ноолууран, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд татваргүй нэвтрүүлэх хуулийн төслийг Сенатад танилцуулахад хамтран зохиогчоор оролцож, дэмжиж ажиллахаа мэдэгдэв. Мөн Монгол Улсын Засгийн газар, ард түмнээс Хойд, Өмнөд Каролина мужид тохиолдсон далайн шуурганд нэрвэгдсэн  хүмүүст зориулж чин сэтгэлийн тусламж үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлэв. Мөн талууд хоёр орны иргэдийн хэлхээ холбоо гүнзгийрэн хөгжиж байгааг сайшаан, дэмжиж ажиллахын чухлыг тэмдэглэж, үүнд ялангуяа АНУ-ын сайн дурынхны оруулж буй хувь нэмэр их байгааг онцлов.

2.11. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Мянганы сорилтын корпорацийн төлөөлөгчидтэй уулзлаа

2018.09.23. АНУ. Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Америкийн Нэгдсэн Улсад хийж байгаа албан ёсны айлчлал үргэлжилж байна. Ерөнхий сайд тус улсын засгийн газрын агентлаг Мянганы сорилтын корпорацийн төлөөлөгчидтэй уулзаж, Улаанбаатар хотын усны хангамжийг сайжруулах  ажлын төлөвлөгөөтэй танилцлаа. Мянганы сорилтын сангийн усны асуудал хариуцсан Кумар Ранган хэлэхдээ “Улаанбаатар хотын усны хангамж сэтгэл зовоох түвшинд хүрсэн. Оршин суугчид газрын гадарга болоод гүний усны нөөцийг өнөөгийн аргачлалаараа ашигласаар байвал 20 хүрэхгүй жилийн нөөц байна. Ундны болон хэрэглээний усны гол эх үүсвэр Туул голын урсац хэвийн хэмжээнээс хэд дахин багасах  төлөвтэй байна. Иймд Мянганы сорилтын корпораци 350 сая америк долларын буцалтгүй тусламжийг Монгол Улсын нийслэл хотын ус хангамжийн асуудлыг таван жилийн хугацаанд иж бүрнээр шийдэх төсөлд хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн. Энэхүү төслийг  хэрэгжүүлснээр Монгол Улсын нийгэм, эдийн засагт олон талын эерэг нөлөөг үзүүлэх болно гэдэгт найдаж байна гэв. Төслийг 2019-2023 онд гурван үе шаттай хэрэгжүүлнэ. 50 цэгт газрын гүнд усны нөөц нэмэгдүүлэх, цэвэршүүлж, шүүх төхөөрөмж суурилуулна. Ус цэвэршүүлэх үйлдвэр байгуулж, саарал усыг дулааны цахилгаан станцад ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ. ДЦС-ын жилийн хэрэгцээнд 15 сая метр/куб саарал ус нэвтрүүлэх боломжтой болно. Усан хангамжийн тухай хууль, эрхзүйн орчныг боловсронгуй болгоно. Гэр хорооллын ундны усны худагт цэвэршүүлэх технологи болон хэрэглээний  систем суурилуулж, нөөцийг 70 сая метр кубээр нэмэх боломж бүрдэнэ хэмээн тооцож байгаа юм.

2.12. Ерөнхий сайд конгрессын номын санд зочлов

2018.09.22. АНУ. Ерөнхий сайдын АНУ-д хийж буй албан айлчлал үргэлжилж байна. Тэрээр Конгрессын номын сангаар зочилж, Азийн танхимын Түвд, Монголын номын тасагт ном бүтээлтэй танилцав. Энэ үеэр Монгол судлаач Алиша Kэмпи PETIS, FRANCOIS зохиолчийн бичсэн “history du grand Genghizcan буюу Чингис хааны намтар” түүхийн номын талаар тайлбар өгүүлэв. Мөн Томас Жефферсоны номын сан, төв уншлагын танхимаар явж танилцлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Конгрессын номын санд ном гардуулж, дурсгалын дэвтэрт гарын үсэг зурав.

2.13. Хоёр улсын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтын өргөн боломж байна

2018.09.28. АНУ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ дахь айлчлалынхаа үеэр тус улсын удирдагчидтай уулзав.Дэд ерөнхийлөгч Майк Пэнс: Монгол Улсын зэвсэгт хүчин Афганистанд “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулах болсонд баяртай байна. Хоёр улсын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтын маш өргөн боломж байна. Флоренс хар салхины уршгаар орон гэргүй болсон, хохирол амссан хүмүүст Монголын ард түмний нэрийн өмнөөс эд материалын туслалцаа үзүүлж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна. Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео: Монголд Америкийн бизнесүүд хөрөнгө оруулах сонирхол их байгаа. Ил тод, тогтвортой байдал чухал. Монголын зэвсэгт хүчин Афганистанд гүйцэтгэж буй албыг үргэлжлүүлэх тухай танай шийдвэрт талархал илэрхийлье. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах тухай танай улсын дэмжлэгт талархаж байна. Сенатын танхимын гишүүн Дан Салливан: Монголын ноолууран болон оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй нэвтрүүлэх хуулийн төслийг дэмжиж байгаа. Би энэ хуулийн төслийг Сенатад танилцуулагдахад нь бүрэн дэмжинэ.Ерөнхийлөгч Доналд Трамп: Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нью-Йорк хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай санал солилцлоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр орны харилцаа шинэ шатанд гарсанд талархалтай байгаагаа илэрхийлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол орны тухай, монголын соёл уламжлалын талаар сонирхон асууж ярилцсан байна. Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким: Монгол Улсад эдийн засгийн олон эерэг үр дагаврууд гарч байгаа болон Гадаад, дотоод хөрөнгө оруулалт өссөн, экспорт нэмэгдэж байгаад баяртай байна. Улс төрийн хувьд дарамт их байх ч та бүхэн эдийн засгийн реформууд, өөрчлөлт шинэчлэлтийн бодлогуудыг амжилттай хэрэгжүүлж байгаад баяртай байна. ОУВС-ийн тэргүүн Кристин Лагард: Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд Та бүхний идэвх чармайлт мэдээж их нөлөөлсөн. Үр дүн нь бид бүгдийн хамтын амжилт юм. Эдийн засгийн уналтыг давж гарч чадсандаа баяртай байна. Монгол Улс өрийн хэмжээгээ бууруулахад ихээхэн амжилт олж байгаад талархал илэрхийлье. Эдийн засгийг тогтворжуулах нь эдийн засгийг солонгоруулах, монголчуудын амьжиргааг дээшлүүлэхэд чухал гэдэгт бид санал нэгдлээ. Та бүхэнд амжилт хүсье.

2.14. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалд өндөр ач холбогдол өгч, баяртай байгаагаа илэрхийллээ

2018.09.28. АНУ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ дахь албан ёсны айлчлалаа Нью-Йорк хотод НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73-р чуулганд оролцох томилолтоор үргэлжлүүлж байна.Вашингтонд хийсэн айлчлалын үеэрээ тэрбээр АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пэнстэй хэлэлцээ хийж хоёр орны харилцааны түвшинг шат ахиулж Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн харилцаанд шилжүүлж буйгаа зарласан билээ. АНУ-ын Дэд ерөнхийлөгч Маик Пэнс “Монгол Улсын зэвсэгт хүчин Афганистан дахь шийдвэртэй дэмжлэг ажиллагаанд үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулах болсонд байртай байна.  Хоёр улсын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтын маш өргөн боломж байна” гэж онцлоод Флоренс хар салхины уршгаар орон гэргүй болсон, хохирол амссан хүмүүст Монголын ард түмний нэрийн өмнөөс эд материалын туслалцаа үзүүлж байгаад чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлсэн билээ. Мөн энэхүү айлчлалын хамгийн чухал зорилго болох Улаанбаатарын усан хангамжийг сайжруулах цогц хөтөлбөр хэрэгжүүлэх 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео нар гарын үсэг зурж Хамтарсан мэдэгдэл гаргасанИнгэснээр АНУ-аас Монгол Улсад 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгон үүнийхээ зарцуулалтыг Улаанбаатарын усан хангамжийг цогцоор нь шийдэх шийдвэрт хүрээд байна. М.Помпео “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах тухай танай улсын дэмжлэгт талархаж байна. Монголд Америкийн бизнесүүд хөрөнгө оруулах сонирхол их байгаа. Ил тод, тогтвортой байдал чухал” гэж уулзалтын үеэрээ онцлон тэмдэглэж байв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Вашигтонд АНУ-ын төр засгийн удирдлагуудтай уулзахаас гадна олон улсын байгууллагын удирдлагуудтай уулзаад байна. Тухайлбал, ОУВС-ийн тэргүүн тэргүүн хатагтай К.Лагард, Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ён Кимтэй уулзаж, хамтын ажиллагаа, үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцсон тухай бид мэдээлсэн. Ерөнхий сайд энэ өдрүүдэд Нью-Йорк хотод ажиллаж байгаа бөгөөд тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганд оролцож байна. Тэрбээр энэ үеэр Вашингтонд уулзаж амжаагүй АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай уулзлаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр орны харилцаа шинэ шатанд гарсанд талархалтай байгаагаа илэрхийлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ч Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж Монгол орны тухай, монголын соёл уламжлалын талаар сонирхон асууж ярилцсан байна. У.Хүрэлсүх Д.Трамптай Вашингтонд Цагаан ордонд уулзах хуваарьтай байсан ч яаралтай нөхцөл байдлын улмаас Д.Трамп Флоренс хар шуурганд өртсөн иргэдтэйгээ уулзаж, газар дээр нь ажиллах шаардлага гарсан юм. Тиймээс хойшлогдсон уулзалтаа тэд ийнхүү Нью-Йорк хотод НҮБ-ын чуулганы үеэр хийсэн юм.

2.15. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нью-Йоркийн Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцлаа

2018.09.26. AНУ. Нью-Йоркийн бирж. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассемблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл оролцох үеэр буюу есдүгээр сарын 26-ны өдөр Нью-Йоркийн Хөрөнгийн биржид зочлов. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх улс орныхоо эдийн засгийн байдал, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, Нью-Йоркийн хөрөнгийн биржтэй үргэлжлүүлэн хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Жон Таттл өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Монгол Улстай идэвхтэй хамтран ажиллаж ирснээ тэмдэглээд, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сайжирч буй энэ үед хамтын ажиллагаа улам бүр өргөжинө гэдэгт итгэлтэй байна гэв. Хөрөнгийн биржид зочлох үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Хөдөө аж ахуйн сайд Сонни Пердутай уулзав. Уулзалтын үеэр, Монгол Улс хүнс үйлдвэрлэгч орон болох зорилтын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг хөдөө аж ахуйн салбарт хөгжүүлэх өргөн боломж буйг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцолсон бөгөөд сайд Сонни Перду АНУ-аас бүхий л талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн буйг нотлов.

2.16. Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

2019.03.04. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Майкл С.Клеческийг хүлээн авч уулзав. Монгол Улсыг ардчилал, зах зээлийн харилцаанд шилжин орсноос хойш бүх талаар тууштай дэмжиж ирсэн АНУ-ыг гуравдагч хөрш, ойр дотны түнш гэж үздэгийг Ерөнхий сайд тэмдэглэв. Цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа улам бататгаж Стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэхийн төлөө байна гэв. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхийн төлөө ажиллана гэдгээ Элчин сайд Майкл С. Клечески илэрхийлэв.  Цаашид улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг салбар болон ноос, ноолуур, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний экспорт, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв.

2.17. Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, элчин сайд Жон Болтоныг хүлээн авч уулзав

2019.06.30. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсад айлчилж буй АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Элчин сайд Ж.Болтон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Талууд харилцан итгэлцсэн, найрсаг харилцааг стратегийн түвшинд хүргэх, энэ хүрээнд Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийг бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, улс төр, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх, Монгол Улс, АНУ хоорондын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглалыг бодитойгоор хэрэгжүүлэх, шинэ салбаруудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хуулийг АНУ-ын Конгрессоор батлуулах болон бусад асуудлаар санал солилцов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш, ойрын түнш орон гэдгийг онцолж, АНУ-тай явуулж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгч ирснийг тэмдэглэв. АНУ нь Монгол Улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийг бататгах, зах зээлийн эдийн засагт шилжин, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгэм байгуулах, тулгарч буй сорилт, бэхшээлийг даван туулахад эхнээс нь тууштай дэмжиж ирсэнд талархав. Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай байгуулсан Хоёр дахь компакт гэрээний хэрэгжилт, ач холбогдлыг өндрөөр үнэлдэгээ илэрхийлэв. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Дэд Ерөнхийлөгч М.Пэнс нар Монгол Улсад айлчлах урилгатайг Ерөнхий сайд нотлов. АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Элчин сайд Ж.Болтон Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Дэд ерөнхийлөгч М.Пенсийн мэндчилгээг Ерөнхий сайдад уламжлав. АНУ нь Монгол Улсыг тус бүс нутаг дахь чухал түнш, дотны анд хэмээн үздэг гээд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхийн төлөө байдгаа тэмдэглэв.

2.18. АНУ-д амьдарч, ажиллаж байгаа монгол иргэдэд туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хүсэв

2020.08.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 08 дугаар 13-ны өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клеческийг хүлээн авч уулзлаа. Элчин сайд М.Клечески Парламентын ээлжит сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэж, Ерөнхий сайдад ажлын амжилт хүсэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх сонгуулийн дүнд байгуулагдсан шинэ Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг боловсруулж, УИХ-ын ээлжит бус чуулганаар батлуулах гэж байгааг дурдав.  Мөн Монгол, Америкийн хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд Ковид-19 цар тахлаас үл хамааран идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэж,  эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай Замын зураглалыг амжилттай хэрэгжүүлэхийн чухлыг тэмдэглэв.  Ковид-19 цар тахалтай тэмцэх чиглэлээр Монгол Улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ үр дүнгээ өгч байгаад Элчин сайд баяр хүргэж, АНУ-д нэг сая ам.долларын үнэ бүхий хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлэв. Мөн эдийн засгийн чиглэлээр хийгдэж буй хоёр талын хамтын ажиллагааны зарим төсөл, санал, санаачлагын талаар танилцуулж, хамтран хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа хэлэв.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ковид-19 цар тахалтай тэмцэхэд АНУ-аас манай улсад дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлээд, тус улсад амьдарч байгаа монгол иргэдийн аюулгүй байдалд анхаарч, тусалж дэмжихийг хүсэв. Талууд Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх тухай АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хоёр дахь Компакт гэрээ, Америкийн хөгжлийн хамтын ажиллагааны Агентлагийн шугамаар хэрэгжиж буй сайн засаглалыг бэхжүүлэх, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.

2.19. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзав

2022.09.12. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг нутаг буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Элчин сайд Майкл Клечески ажиллах хугацаандаа хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлэв. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд хоёр дахь Компакт гэрээ байгуулсан нь Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэх, усны нийлүүлэлтийн хомсдолын сөрөг нөлөөллийг бууруулах онцгой ач холбогдолтой болсныг дурдав. Элчин сайд Майкл Клечески Монгол Улсад ажилласан хугацаандаа Монгол Улсын ардчиллын үйл явц, хөгжил дэвшлийг ажиглаж байсан бөгөөд цар тахлын амаргүй цаг үед ч харилцаа, хамтын ажиллагаа идэвхжин хөгжсөнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч мөн зарлиг гаргаж, Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлж, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг Төрийн дээд шагнал-Алтан гадас одонгоор шагналаа.

2.20. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден баяр хүргэж, баярын цахилгаан илгээлээ

2021.06.25. Mонгол Улс. Улаанбаатар хот. Өнөөдөр тангараг өргөсөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден баяр хүргэж, баярын цахилгаан илгээлээ. АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БАЯРЫН ЦАХИЛГААНД: Монгол Улсын Ерөнхийлөгч, Эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх Танаа, Хүндэт Ерөнхийлөгч өө. Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Танд баяр хүргэе. КОВИД-19 цар тахлын үеэр Монгол Улс ардчилсан үйл явцыг тууштай дэмжиж байгаа нь бүс нутаг, дэлхий дахинд үлгэр жишээ болоод байна. КОВИД-19-ийг ялан дийлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг томоохон сорилтуудыг ирэх сар, жилүүдэд даван туулах шаардлага манай хоёр улсад тулгарч байгаа бөгөөд эдгээр тулгамдсан асуудалд анхаарал хандуулан, Тантай хамтран ажиллах болсондоо миний бие баяртай байна. Өнгөрсөн жилийн нөхцөл байдал амаргүй байсан ч манай хоёр улс стратегийн түншийн хувьд нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсээр ирлээ. Үүнд ирэх арван жилүүдэд Улаанбаатар хотын эдийн засгийн тогтвортой байдлыг хангах Мянганы Сорилтын Сангийн усны төсөл зэрэг түүхэн төслүүд орж байна. Энэ завшааныг ашиглан Танд болон Монголын ард түмэнд дэлхийн энхийг сахиулах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн явдалд чин сэтгэлийн талархал илэрхийлье. АНУ болон Монголын цэргүүд 18 жилийн турш Афганистан улсад мөр зэрэгцэн алба хаасан бөгөөд тус улс дахь ажиллагаа дуусгавар болж буй энэ үед бид хамтрагчийн хувьд үйл ажиллагаагаа өндөрлөж байна. АНУ – Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоогоод 34 жил болсныг тэмдэглэхийн ялдамд хоёр улсын харилцаа өндөр түвшинд хөгжсөнийг харахад бахархалтай байна. Ирээдүйгээ харан, ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан, Монгол Улсын гуравдагч хөршийн хувьд стратегийн түншлэлээ бэхжүүлэхдээ таатай байх болно. Хүндэтгэсэн, Ж.Р.Байден.

2.21. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден нар захидал солилцож, мэндчилгээ дэвшүүлэв

2022.01.27. Mонгол Улс. Улаанбаатар хот. Одоогоос 35 жилийн өмнө энэ өдөр Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосон бөгөөд өдгөө манай хоёр улс ардчиллыг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлстэй Стратегийн түнш орнууд болжээ. Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд бүхий л салбарт өргөжиж, ардчиллын төлөөх нийтлэг үнэт зүйлс, энх тайван, тогтвортой байдлыг хангах хамтын ашиг сонирхолд тулгуурлан идэвхтэй хөгжиж байна. Энэхүү ойн жилд манай хоёр улс хамтын ажиллагааны ололт амжилтаа бататгаж, цаашид Стратегийн түншлэлээ бэхжүүлж, улам бүр өргөжүүлэх, ялангуяа хоёр талын харилцаанд эдийн засгийн хамтын ажиллагааны эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, цар тахлын дараах үеийн эдийн засгаа сэргээхэд чиглэсэн, хоёр талын хөгжилд хувь нэмэртэй, бодит, харилцан ашигтай ажлыг хэрэгжүүлэх томоохон зорилт тавин ажиллаж байна. Ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Ж.Байден нар захидал солилцож, мэндчилгээ дэвшүүлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээндээ Гучин таван жил гэдэг хугацаа богино мэт боловч хоёр талын хүч чармайлтын дүнд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, эрх зүйт ёс, ил тод, нээлттэй байдал зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан идэвхтэй өргөжин хөгжиж, эдүгээ Стратегийн түншлэлийн түвшинд хүрээд байгааг тэмдэглэхэд нэн таатай байна… АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш бөгөөд эдүгээ Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн хоёр улсын энэхүү ойр дотно түншлэлийг цаашид улам бүр бататган бэхжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахдаа баяртай байна гэж тэмдэглэв. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден мэндчилгээндээ АНУ нь Монгол Улсын Стратегийн түнш бөгөөд гуравдагч хөрш байдгаараа бахархдаг, АНУ нь Монгол Улсын ардчилсан тогтолцоогоо бэхжүүлэх, эрх зүйт ёсыг баримтлах болон эдийн засгаа төрөлжүүлэхэд чиглэгдсэн хүч чармайлтыг тууштай дэмжихээ илэрхийлье…  Бид ирээдүйгээ төсөөлөхдөө Монгол Улсыг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дэлхий дахинаа эрүүл мэндийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг өргөнөөр ашиглах, эдийн засгийн тогтвортой бөгөөд тэгш өсөлтийг хангахад нэн чухал түнш орон гэж үзэж байна хэмээв. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг бүтэн жилийн турш хамтран тэмдэглэх бөгөөд энэ хүрээнд хамтран хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг тодорхойлж, харилцан айлчлал зохион байгуулах зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

2.22. Монгол Улсын Ерөнхийлөгчид АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэндчилгээ дэвшүүлэв

2022.07.14. Mонгол Улс. Улаанбаатар хот. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэндчилгээ дэвшүүллээ. АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД: Америкийн Нэгдсэн Улсын нэрийн өмнөөс Танд болон Монголын ард түмэнд энэ 07 дугаар сарын 11-ний өдөр тохиож буй Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн баярын мэндийг дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Дипломат харилцаатай 35 жилийн хугацаанд манай хоёр улсын харилцаа өсөн нэмэгдсээр ирлээ. Манай хоёр ард түмний ойр дотно нөхөрлөлийн хамт ардчиллын үнэт зүйлс, хүний эрх, хууль дээдлэх ёсны төлөөх бидний хамтын тууштай зүтгэл ирэх он жилүүдэд ч биднийг улам ойртуулах болно. Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсын стратегийн түнш бөгөөд гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг. Америкийн ард түмний нэрийн өмнөөс, Жилл бид хоёр дэлхийн өнцөг булан бүрд оршин суугаа монголчуудад Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан аз жаргал, баяр цэнгэлийг хүсэн ерөөе.

2.23. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Колумбын их сургуулийн Тогтвортой хөгжлийн төвийн захирал Жеффри Сакс бараалхав

2021.09.20. АНУ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Колумбын их сургуулийн Тогтвортой хөгжлийн төвийн захирал Жеффри Сакс бараалхжээ. Талууд Тогтвортой хөгжлийн зорилтууд болон цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов. Жеффри Сакс Тогтвортой хөгжлийн төлөөх санаачилга” хөдөлгөөнтэй бөгөөд үүнд МУИС, зарим их, дээд сургууль элссэн байна. Иймээс түүнийг Монгол Улсад урьж, тогтвортой хөгжлийн бодлого, хэрэгжилт, ялангуяа цар тахлын дараах эдийн засгийг хэрхэн сэргээх, дэлхийн улс орнууд яаж хөгжих, энэ чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцав. Мөн тогтвортой хөгжлийн талаар Монгол Улсад бүс нутгийн форум зохион байгуулах, их, дээд сургуулиудад лекц унших боломжийн талаар санал солилцлоо. Монгол Улсад байгаа чадавхыг ашиглан тогтвортой хөгжлийн бодлогыг чиглүүлэх чиглэлээр туслахад бэлэн. Бүх талаар дэмжиж ажиллана гэдгээ Жеффри Сакс хэллээ. Жеффри Сакс нэр хүндтэй эдийн засагч, сурган хүмүүжүүлэгч, шинийг санаачлагч, гэгээрүүлэгч бөгөөд эдийн засаг, тогтвортой хөгжлийн чиглэлээр судалгаа хийдэг юм. Тэрбээр байгаль орчны манлайллын Цэнхэр гарагийн шагналыг 2015 онд хүртэж байсан. Time сэтгүүлийн дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 удирдагчийн тоонд хоёр удаа нэрлэгдэж байжээ. Түүний ядуурлыг устгах, макро эдийн засгийн тогтворгүй байдлыг даван туулах, өлсгөлөн/өвчинтэй тэмцэх, байгаль орчны тогтвортой үйл ажиллагааг сурталчлах чиглэлээр хийсэн ажил нь дэлхийн 125 гаруй улсад хүрсэн гэж үздэг юм. New York times сэтгүүл Магадгүй дэлхийн хамгийн чухал эдийн засагч, Time” сэтгүүл Дэлхийн хамгийн алдартай эдийн засагчаар нэрлэсэн бол The Economist сэтгүүлийн судалгаагаар хамгийн нөлөө бүхий гурван эдийн засагчаар тодорч байжээ.

2.24. АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2022.11.17. Mонгол Улс. Улаанбаатар хот. АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Элчин сайд Р.Буанган-ыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзах үеэрээ Монгол Улсын чухал гуравдагч хөрш, Стратегийн түнш орон АНУ-тай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг болохыг тэмдэглэв. АНУ-аас Монгол Улсад сууж байсан үе үеийн Элчин сайд нар ардчилсан үнэт зүйлсэд суурилсан түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцолж, Элчин сайд Р.Буанганыг хоёр улсын харилцааг цаашид өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Элчин сайд Р.Буанган АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон нь нэр төрийн хэрэг гэдгийг тэмдэглэв. Тэрбээр АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг бөгөөд Монгол Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийг цаашид бататган бэхжүүлэх, хоёр улс хоорондын дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны эзлэх байр суурь болон иргэд хоорондын хэлхээ холбоог  нэмэгдүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв. Элчин сайд Р.Буанган нь АНУ-ын дипломат албанд 20 гаруй жил ажилласан, Энэтхэг-Номхон далай, Зүүн хойд Азийн бүс нутаг, олон нийтийн харилцааны асуудлаар мэргэшсэн, Ази, Африк, Европ, Ойрхи Дорнод дахь АНУ-ын Дипломат төлөөлөгчийн газруудад ажилласан, Төрийн департаментад удирдах албан тушаалыг удаа дараа хашиж байсан юм.

2.25.АНУ-ын иргэн Жак Уэтерфордод Чингис хаан тэргүүн зэргийн одон хүртээв

2022.11.24. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жил, Их эзэн Чингис хааны мэндэлсний түүхт 860 жилийн ой, Монгол бахархлын өдөрийг тохиолдуулан AНУ-ын иргэнд Монгол Улсын төрийн дээд шагнал, Чингис хаан тэргүүн зэргийн одон хүртээв. Чингис хаан, түүнийг залгамжлагчид болон монгол хатдын дэлхий ертөнцийн түүхэнд оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг сурвалжлан судалж, шинжлэх ухаанчаар үнэлэн дүгнэсэн Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан, Монголын их хатдын нууц товчоо, Чингис хаан ба эрхэм дээд үнэний эрэлд зэрэг судалгааны бүтээл, ном зохиол туурвисан. Энэхүү бүтээлүүд нь олон хэлээр орчуулагдан дэлхий нийтийн хүртээл болохдоо монголчуудын талаарх түүхэн бодит ойлголтыг өнөөгийн дэлхий ертөнцөд дахин таниулж, Чингис хаан судлалыг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлэн Америкийн Нэгдсэн Улсын иргэн, эрдэмтэн судлаач, доктор, профессор Жак Уэтерфордыг шагнажээ. АНУ-ЫН ЭРДЭМТЭН ЖАК УЭТЕРФОРД /JACK WEATHERFORD/. Жак Уэтерфорд Монголын түүх, соёл, тэр дундаа Чингис хаан, Монголын эзэнт гүрний талаар олон арван ном бүтээл туурвисан. 1990 оноос хойш монголчуудын түүх, соёлыг дэлхий дахинд шинжлэх ухааны үндэстэйгээр шинээр таниулж, буруу зөрүү олон ойлголтыг залруулан, олон оронд монгол хүн, монгол үндэстнийг ойлгох, үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэхэд онцгой гавьяа байгуулсан. Жак Уэтерфорд Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн анхны гадаад хүн болж байна.  Энэ бол гадаад дахь монгол судлал, тэр дундаа Чингис хаан судлалыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж байгаагийн нэг илэрхийлэл юм. 

Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан (2004)

  • Тус ном “Нью-Йорк Таймс” сонины шилдэг бүтээлээр шалгарч, 300 гаруй мянган хувь борлогдон, 20 гаруй хэлээр орчуулагдсан.
  • Энэ бүтээлээрээ Чингис хаан болон монголчуудын талаарх дэлхийн түүхэнд үлдсэн олон ойлголтыг залруулж, “Чингис хаан бол чөлөөт худалдаа, нээлттэй харилцаа, мэдлэг, мэдээллийн солилцоо, олон улсын эрх зүй, дипломатын халдашгүй дархан байдал, шашны эрх чөлөө, сүм хийдээс ангид орших улс төрийн тогтолцоо тэргүүтний суурийг тавьснаар өнөөгийн ертөнцийг үндэслэсэн их хаан” гэдэг үзэл санааг дэвшүүлсэн.

Монгол хатдын нууц товчоо (2010)

  • “Монгол хатдын нууц товчоо” ном нь зургаан хэлээр орчуулагдсан бөгөөд монгол хатад эмэгтэйчүүдийн гавьяа зүтгэлийг олон улсад алдаршуулсан.
  • Тус бүтээлд монгол хатад, охид, мөн харьд бэр болон одсон алтан ургийн бусад хатан, охид очсон газар орондоо Монгол төрийн алтан аргамж болон эрдэм чадал, ургийн хэлхээгээрээ улс гүрнийхээ гадаад, дотоод харилцааг батлан бэхжүүлж, зуун зууны турш алтан ургийн эрчүүдтэй эн зэрэгцэн ухаан билгээ уралдуулан төрийг барьж, улсыг засан, түүхийг бичилцэж, үг хэл, үйл хэрэг, үзэл санаагаараа дэлхийн түүхэнд ул мөрөө тод үлдээж ирснийг дэлхийд сурталчлан таниулсан.

Чингис хаан ба эрхэм дээд үнэний эрэлд (2016)

  • Хүн төрөлхтний түүхэнд зөвхөн Монголын эзэнт гүрэнд л янз бүрийн шашин шүтлэгтэй, өөр өөр ард түмэн эв найртай зэрэгцэн оршиж байсныг дурдаж, Чингис хаан шашин шүтэх эрх чөлөөг үндэслэгчдийн нэг болохыг шинжлэх ухааны үндэстэй таниулснаараа Чингис хаан судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан.
  • Америкийн Нэгдсэн Улсын гурав дах Ерөнхийлөгч Томас Жефферсон энэ дэвшилтэт үзэл санаанд тулгуурлан Америкийн анхны Шашны эрх чөлөөний тухай хуулийг боловсруулсан байсан нь Чингис хааны үзэл санаа, суу билгээс дэлхийн нэртэй удирдагчид хэрхэн суралцаж, үлгэр дуурайл авч ирснийг гэрчлэх нэгэн түүхэн баримт болохыг уншигч түмэнд таниулсан юм.

Судалгааны ажил:

  • 1997 оноос хойш Монгол Улсад 40 гаруй хээрийн судалгааны ажил, экспедиц зохион байгуулан, Монголын нууц товчооны түүхэн газар нутгуудад судалгааны ажлын материал цуглуулсан.
  • Энэ хүрээнд Монголын нууц товчооны газар орныг судалдаг О.Сүхбаатар, судлаач Г.Аким зэрэг эрдэмтэн судлаачтай хамтрахын зэрэгцээ харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.
  • “Жак Уэтерфорд сан” нь залуу судлаачдыг бэлтгэн, тэднийг урамшуулж шагнал олгодог.

2.26. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ

2023.07.12. Mонгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ. МЭНДЧИЛГЭЭНД: Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө, Америкийн ард түмний нэрийн өмнөөс Танд болон монголын ард түмэнд наадмын баярын мэнд дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе. Монгол Улс, АНУ-ын түншлэл нь манай хоёр улсад ашиг тустай бөгөөд Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь ардчиллын ирээдүйд чухал юм. Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн хэрэгжилт, Мянганы сорилтын корпорацтай хамтран хэрэгжүүлж буй усны төсөл, эрдэс баялаг, эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагаа өргөжиж байна. Байгаль орчны хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт, энхийг сахиулах болон цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх зэрэг дэлхий нийтэд тулгарч буй сорилтуудад танай улс анхаарч, хувь нэмрээ оруулж байгааг сайшааж байна. АНУ-д аж төрж буй монголчууд манай нийгмийн чухал хэсэг бөгөөд Монгол Улсад амьдарч, ажиллаж, аялж буй америкийн иргэд бидний хэлхээ холбоог улам бататгаж байдаг билээ. Цаашид Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам хөгжүүлэхийн төлөө байна. Дэлхийн өнцөг булан бүрд буй монголчуудад баяр наадмаа сайхан тэмдэглэж, эрүүл энх, хөгжил цэцэглэлт, аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн ерөөе.

2.27. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга бараалхлаа

2024.08.01. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхлаа. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд мэндчилгээ дэвшүүлж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа. Уулзалтын үеэр талууд олон улсын болон хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо. Монгол Улс чухал гуравдагч хөрш, итгэлт түнш АНУ-тай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч онцоллоо. Хоёр улсын ард түмний найрамдлын бэлгэ тэмдэг болсон Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хамтран хэрэгжүүлж буй хоёр дахь Компакт гэрээ нь Улаанбаатар хотын ус хангамжийн асуудлыг шийдвэрлэж, Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой болохыг тэмдэглээд, Компакт гэрээг хуваарийн дагуу амжилттай хэрэгжүүлэхийн төлөө тууштай буйгаа нотоллоо. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Монгол Улсын олон улсын болон бүс нутгийн түвшинд дэвшүүлсэн санал, санаачилгуудыг дэмжиж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Талууд Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн үзэл санааны хүрээнд цэвэр эрчим хүч, боловсрол, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, эдийн засаг зэрэг салбаруудад харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхээр санал нэгдлээ.

2.28. Төрийн нарийн бичгийн дарга Блинкен англи хэлний боловсролыг нэмэгдүүлэх АНУ-Монгол Улсын өргөжсөн хамтын ажиллагааг зарлав

2024.08.02. Mонгол Улс. Улаанбаатар хот. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр Монгол дахь англи хэлний хөтөлбөрүүдийг өргөжүүлэх зорилготой цогц хөтөлбөр буюу АНУ болон Монгол Улсын Англи Хэлний Төгөлдөршил Санаачилгыг шинээр эхлүүлж буйг зарлалаа. Энэхүү санаачилга нь хоёр орны боловсрол, соёлын харилцааг бэхжүүлэхийн зэрэгцээ Монголын оюутан сурагч, сурган хүмүүжүүлэгчдийг 21-р зуунд амжилтад хүрэхэд шаардлагатай ур чадваруудыг эзэмшүүлэх зорилготой юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкен: Англи хэл бол бидний хамгийн хүчирхэг экспорт юм хэмээгээд Хоёр орны иргэд хоорондын харилцаа бол бидний хамтын ажиллагааны амин сүнс нь гэдгийг онцлов. АНУ болон Монгол Улсын Англи Хэлний Төгөлдөршил Санаачилга нь Аксесс хөтөлбөрийн хүрээнд суралцаж буй оюутнуудын тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монголын их дээд сургуулиудад англи хэл заах чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр багшилж буй феллов, мэргэжилтнүүдийн тоог нэмэгдүүлэх юм. Энэхүү санаачилгаар АНУ-ын Төрийн департаментаас Мэргэжлийн англи хэлний цахим сүлжээ (OPEN) зэрэг цахим багшийн хөтөлбөр болон бусад нөөц бололцоогоор хангах болно. Ингэснээр хөтөлбөрийн хамрах хүрээг Монгол орон даяар өргөжүүлж, нөлөөллийг нэмэгдүүлэх юм. АНУ-ын Элчин сайд Буанган: Энэхүү шинэ санаачилгыг хүчтэй дэмжиж буй нь манай хоёр үндэстэн боловсролын ач холбогдлыг хэр их үнэлдэг болохыг, мөн англи хэл нь монголчуудад тоо томшгүй олон боломжийг нээж өгөх түлхүүр юм гэдэг дээр бид санал нийлж байгааг харуулж байн гэж хэлэв. Эдгээр хөтөлбөрүүд бидний нөхөрлөл, стратегийн түншлэлийг цаашид хэрхэн бэхжүүлэхийг харахыг тэсэн ядан хүлээж байна. Санаачилга нь:

  • Англи хэлний Аксесс хөтөлбөрийг өргөжүүлэх: Төрийн департамент 2024-2026 онд 180 гаруй оюутныг хамруулах таван шинэ Аксесс хөтөлбөрийг санхүүжүүлнэ. Мөн хөтөлбөрөөр Монголын англи хэлний багш нарын холбоонд 22 багш бэлтгэх сургалтыг санхүүжүүлэх юм.
  • Англи хэлний тэтгэлэгт феллов багш, мэргэжилтнүүд: Англи хэлний феллов хөтөлбөрт хамрагдаж буй туршлагатай Америк багш нар монгол багш нарт сургалтын тогтолцоогоо бэхжүүлэх, ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх, орон нутгийн монгол багш нарыг чадавхжуулахад нь тусална. 2024-2025 оны хичээлийн жилд Монгол Улсын Боловсролын Их Сургууль, ШУТИС, Дотоод Хэргийн Их Сургууль гэсэн гурван их сургуулийн англи хэлний сургалтын чадавхыг бэхжүүлэхэд англи хэлний феллов багш нар дэмжлэг үзүүлнэ. Англи хэлний мэргэжилтнүүд богино хугацааны туршлага солилцоогоор сургалтын хөтөлбөр боловсруулах талаар зөвлөгөө өгнө.

Мөн бид Монгол Улсад англи хэлний сургалтын стандарт, чанарыг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын Их Сургуулийн дэргэд Англи хэлний сургалтын шинэ төвийг байгуулахад дэмжлэг үзүүлж байна. Их Британи, Австрали, Канад болон хувийн хэвшлийнхэнтэй хамтран байгуулах тус төвийг монголчууд өөрсдөө удирдаж, хамтран ажиллаж авч явах болно. Тус төв нь боловсролын системдээ англи хэлний заах арга барилыг сайжруулахад чиглэсэн Монгол Улсын Засгийн газрын  хүчин чармайлтыг дэмжих нөөц, шилдэг туршлага, мэдлэгээр хангах зорилготой юм. Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яам Монгол Улсын Боловсролын яамтай хамтран олон нийтийн харилцаа, англи хэл, боловсролын яриа хэлэлцээрийг жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүгээр хоёр орны албаны хүмүүс болон салбарын мэргэжилтнүүд цугларч боловсрол, англи хэл, ард иргэд хоорондын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцох юм гэж АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлэв.

3. Монгол, Азербайжаны харилцаа

3.1.Азербайжан Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023.11.17. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Азербайжан Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Рамин Музаффар Оглу Хасанов Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд Рамин Музаффар Оглу Хасанов харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлэв.

3.3. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор мордлоо

2024.11.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Ильхам Алиевийн урилгаар 2024 оны 11 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд тус улсын Баку хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дээд түвшний уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ манай улс хамтран зохион байгуулах уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх өндөр түвшний хэлэлцүүлэгт зарим улсын төрийн тэргүүний хамт оролцоно. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 29 дүгээр бага хурлын үеэр болох дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад 160 гаруй улсын төр, засгийн тэргүүн оролцоно.

3.4. Монгол Улсын Eрөнхийлөгч Азербайжан улсад хүрэлцэн очив

2024.11.10. Азербайжан Улс. Баку хот. Монгол Улсын Eрөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Азербайжан улсад ням гаригт хүрэлцэн очив. Тэрбээр НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 29 дүгээр бага хуралд оролцохоор тус улсыг зорьсон юм. Түүнийг албаны хүмүүс угтан авсан нь Азeртакийн дуранд ийнхүү буужээ.

3.5. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй уулзлаа.

2024.11.11. Азербайжан Улс. Баку хотМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Азербайжан Улсын нийслэл Баку хотноо өнөөдөр эхэлж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 29 дүгээр бага хурлын үеэр Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уулзалтын эхэнд Нэгдсэн үндэстний байгууллагын томоохон арга хэмжээг эх орондоо амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэж, амжилт хүсэв Уулзалтын үеэр Төрийн тэргүүн нар Монгол, Азербайжаны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улс төрийн салбарт идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэж, цаашид харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо. Энэ хүрээнд хоёр улсын хооронд өндөр, дээд түвшний айлчлалыг ойрын хугацаанд хэрэгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх үндэс суурийг бэхжүүлэхээр санал нэгдэв. Түүнчлэн Монгол, Азербайжаны харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тухайлбал, хөдөө аж ахуй, тээвэр логистик, боловсролын салбарт бодит үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлэх боломжийн талаар ярилцав. Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг дэлхийн нийтэд тулгамдаж буй бэрхшээлийг даван туулахад хоёр улсын хамтын хувь нэмрийг оруулах талаар ярилцаж, олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байна

2024.11.12. Азербайжан Улс.Баку хот. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг дээд түвшний уулзалтад оролцохоор Баку цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Илхам Алиев нар угтав. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 29 дүгээр бага хурал (COP29)-ын үеэр болж буй дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл явцыг урагшлуулах, талуудын эв нэгдлийг бэхжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг 2050 он гэхэд тэглэх, дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барих зорилгоор хүлээсэн үүрэг амлалтын биелэлтийг түргэтгэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дасан зохицоход чиглэсэн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, санхүүжилт босгох, түүний дотор хөгжиж буй орнуудын өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагыг хангах санхүүжилтын хамтын шинэ зорилтыг тодорхойлохыг зорьж байна. СОР29 бага хурлыг даргалагч Бүгд Найрамдах Азербайжан Улс 2025 он гэхэд дасан зохицох санхүүжилтыг дор хаяж хоёр дахин нэмэгдүүлэх талаар мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргахыг хөгжингүй орнуудад уриалж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулах, тэсвэртэй байдлыг бий болгох, тогтвортой туршлагыг дэмжих, нүүрстөрөгч багатай эдийн засагт шилжих бодлого, санаачилгыг хэрэгжүүлэх зэрэг асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дээд түвшний уулзалтын 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанд үг хэлж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад үг хэллээ

2024.11.13. Азербайжан Улс. Баку хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх: Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Илхам Алиев, Эрхэм хүндэт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, хатагтай, ноёд оо, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 29 дүгээр бага хурлыг амжилттай зохион байгуулж байгаа Бүгд Найрамдах Азербайжан Улсын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлж, дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт болон бага хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье. Байгалийн хүчин зүйл, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөгөөр дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хурдацтай явагдаж, дэлхий дахины тогтвортой хөгжил, хүн төрөлхтний амьдралд сөргөөр нөлөөлж буй энэ цаг үед Та бид улс төрийн манлайлал, хамтын хүчин чармайлт, үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Улс орнууд Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх боломж улам бүр буурсаар байгааг НҮБ-аас анхааруулсаар байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Амжилтгүй манлайлал, биелүүлээгүй үүрэг амлалт, асар их алдагдсан боломжоос шалтгаалж ам, ажлын зөрүүний ангал хавцал үүслээ” хэмээн хэлснийг бид онцгой анхаарах ёстой. Тиймээс өнөөдөр хүн төрөлхтөн эх байгалийг эрхшээх бус энэрэн хүндэтгэх нэгэн зорилго дор хамтын ирээдүйн төлөө нэгдэж, улс орон бүр илүү бодит үр дүнд хүрэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг нийгмийн бүх бүлгүүдийг хамарсан үндэсний хэмжээний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцлыг бэхжүүлэх шаардлагатай байна. Хэрвээ хүн төрөлхтөн эх дэлхийгээ хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолтой цаг алдалгүй эрс шийдэмгий тэмцэхгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин тогтнох өөрийн замаа сонгох болно.

Эх байгальтайгаа зүй зохистой зэрэгцэн орших нь хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс болохыг Бид хэзээ ч мартаж болохгүй. Ялангуяа, хөгжиж буй болон уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий, эмзэг улс орнуудын хувьд өрийн хэмжээ өндөр, дотоод төсөв, санхүүгийн нөөц боломж бага байгаагаас тэдгээр улс орнууд Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа амжилттай бүрэн биелүүлэхэд санхүүжилтийн эрсдэлтэй нүүр тулж байна. Тиймээс энэ удаагийн 29 дүгээр бага хурлаар дэлхийн удирдагчид, улс орнууд, ялангуяа хөгжиж буй орнуудын тэргүүлэх чиглэл, хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэж Уур амьсгалын санхүүжилтийн нэгдмэл хамтын шинэ зорилгыг дэмжин баталж, уур амьсгалын санхүүжилтийг эрс нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэж байна. Монгол Улсын хувьд Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа бүрэн амжилттай хэрэгжүүлэхэд ойролцоогоор ДНБ-ий 50 гаруй хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт шаардлагатай байна. Энэ хүрээнд манай улс сэргээгдэх эрчим хүч, ногоон хөдөө аж ахуй, ойн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор хууль эрх зүй, бизнесийн орчны цогц шинэчлэлийг хийж байна. Тухайлбал, манай улс Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, Өнө мөнхийн Монгол байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлээд байна. Эрхэм хурлын дарга аа, НҮБ-ийн эмэгтэйчүүдийн байгууллагын судалгаагаар хэрэв дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтдоо хүрч чадахгүй тохиолдолд 2050 он хүртэл 160 сая орчим охид, эмэгтэйчүүд шинээр ядууралд өртөж, 240 сая орчим охид, эмэгтэйчүүдийн хүнсний аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй байгааг анхааруулсан байна.

Тиймээс Монгол Улс өнгөрсөн 8 дугаар сард НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг “Ногоон ирээдүйн төлөө” уриан дор эх орондоо амжилттай зохион байгуулж, “Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглал”-ыг гарган уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх уриалгыг дэлхийн улс орнуудад дэвшүүлээд байна. Мөн уур амьсгалын өөрчлөлт нь уламжлалт бэлчээрийн аж ахуйд түшиглэсэн улс орнуудад хүчтэй сөргөөр нөлөөлж байгаа энэ цаг үед Монгол Улс Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл байгуулах санаачилгыг дэвшүүлж байна. Энэхүү санаачилгыг дэлхийн улс орнууд дэмжсэнээр уламжлалт бэлчээрийн аж ахуйтай дэлхийн 100 гаруй улс орон руу чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэж, 500 орчим сая хүний эрүүл мэнд, аж амьдралыг хамгаалан сайжруулахад бодит дэмжлэг болно гэж үзэж байна. Түүнчлэн энэхүү санаачилга нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн баталсан “2025 оныг Хоршооллын олон улсын жил болгон тэмдэглэх тухай”, “2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын жилээр зарлах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх болон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэлийг хангахад чухал хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. Мөн Монгол Улс хүлэмжийн хийг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг бүрэн дэмжиж, Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхийн төлөө хувь нэмрээ оруулан, бүхий л боломжоо дайчлан ажиллана гэдгээ үүгээр дахин нотолж байна. Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай. Анхаарал хандуулсанд баярлалаа.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хүрээнд Уулсын хөтөлбөрийг ахиулж, уул нурууд болон уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах нь сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэгт зохион байгууллаа

2024.11.13. Азeрбeйжан улс. Баку хот. Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс хамтран “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хүрээнд уулын зорилго, хөтөлбөрийг ахиулж, уул нурууд болон уур амьсгалын асуудлыг зохицуулах нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Өндөр түвшний хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Ерөнхийлөгч Рам Чандра Поудэл, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн сайд Жейхун Баярамов нарын төлөөлөгчид оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр өндөр уулын экосистемийг хамгаалах, энэ бүс нутагт дасан зохицох арга хэмжээ авч хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх яриа хэлэлцээ, шийдвэр гаргах үйл явцад уулархаг бүс нутгийн улс орнуудын эрх ашгийг хамгаалах, тулгарч буй сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэх гарц, боломжийг хэлэлцэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэлсэн үгэндээ:

Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Эрхэм хүндэт Садыр Жапаров, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Ерөнхийлөгч Эрхэм хүндэт Рам Чандра Поудэл, Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, хатагтай, ноёд оо, Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хамтран зохион байгуулж буй энэхүү өндөр түвшний хэлэлцүүлэгт бидний урилгыг хүлээн авч, оролцож байгаа Та бүхэнд талархал илэрхийлье. Байгалийн үзэсгэлэнт тогтоц, биологийн олон янз байдал, уур амьсгалын таатай нөхцөлд чухал үүрэгтэй уулсын экосистемийн асуудлыг “Уулын түншлэл”-ийн оролцогч талууд чухалчлан үзэж, анхаарч ирснийг Монгол Улс талархан дэмжиж ирсэн билээ. Хималай, Альп, Андын нуруу, Рокки, Кавказ, Тэнгэр, Алтай зэрэг өндөр уулс, нурууд нь дэлхий олон улс орны өргөн уудам нутаг, орон зайг дамнан оршиж, ховор амьтан, ургамлын өлгий нутаг, олон мянган гол мөрний эх ундарга болж, хүн төрөлхтөн бидний тав тухтай аж төрж, амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг. Дэлхийн нийт газар нутгийн дөрөвний нэг болох уулархаг бүс нутгийн экосистем нь уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас үүдэлтэй цаг агаарын эрс тэс үзэгдэл, ойн хомсдол, газрын доройтол, байгалийн гамшигт өртөж, мөнх цас, мөсөн гол, цэвдэг хурдтайгаар багасаж байна. Үүнээс шалтгаалан өндөр уулсын амьтан, ургамлын амьдрах, ургах орчин өөрчлөгдөж, тархац нутаг хумигдаж, төрөл зүйлүүд нүүдэллэх, шилжих, эсхүл мөхөх аюулд орж байна. Түүнчлэн үер ус, цас, хөрсний нуранги зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн тоо нэмэгдэж, орон нутгийн оршин суугчдад аюул учруулж байна. Цаашлаад усны нөөц хомсдсоноос хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, өндөр уулын бүс нутгууд дахь байгалийн үзэсгэлэнт газруудын талбай хумигдан аялал жуулчлалын салбарт ч сөргөөр нөлөөлж байгааг олон улсын судалгаа харуулж байна.

Дэлхийн нийт хүн амын 10 гаруй хувь нь уулсын байгалийн нөөцөөс хамааралтай амьдардаг бөгөөд өндөр уулсын экосистемийг хамгаалахад хүчин чармайлт гаргахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалах зорилгоор энэхүү өндөр түвшний хэлэлцүүлгийг Киргиз Улсын санаачилгыг дэмжин манай улс хамтран зохион байгуулж байгаа юм. Уулархаг бүс нутгийн улс орнууд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн “Тогтвортой уулын хөгжил”, “Уулархаг бүс нутгийн хөгжлийн 5 жилийн хөтөлбөр батлах тухай”, “2026 оныг бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгон тэмдэглэх тухай” тогтоолуудыг батлуулж, “Уулын түншлэлийн бүлэг”-ийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тогтвортой хөгжлийн 6 болон 15 дугаар зорилгыг ханган хэрэгжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулж байна. Мөн уулархаг бүс нутгийн улс орнуудын дуу хоолой, онцгой хэрэгцээ шаардлагыг олон улсын хамтын нийгэмлэгийн анхааралд хүргэх, уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын яриа хэлэлцээнд байр сууриа илэрхийлэхэд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлэг болон уулын түншлэлийн бүлэг хоорондын хамтын ажиллагаа нэн чухал байгааг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Монгол Улсын хувьд нийт усны нөөцийн 10.5 хувийг бүрдүүлдэг мөнх цас, мөсөн голууд улам багассаар байна. Манай орны алтайн уулсын мөнх цас, мөсөн голын талбайн хэмжээ сүүлийн 80 гаруй жилд 40 орчим хувиар багассан гэсэн эрдэмтдийн дүгнэлтэд үндэслэн уулсын экосистемийн тэнцвэрт байдлыг хамгаалах чиглэлээр бид онцгой анхааран ажиллаж байна. НҮБ-ын гишүүн орнуудын зүгээс уулархаг бүс нутгийн улс орнуудын тогтвортой хөгжлийг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дасан зохицох, тэсвэртэй байдлыг сайжруулах чиглэлээр дэвшүүлсэн санал, санаачилгуудыг Монгол Улс бүх талаар дэмжин хамтран ажиллаж ирсэн.

Ирэх 12 дугаар сард Ботсвана Улсад зохион байгуулагдах Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлаар 2024-2034 оны үйл ажиллагааны 10 жилийн хөтөлбөрийг батлах болно. Энэхүү хөтөлбөрийн төсөлд уулархаг бүс нутагт хамаардаг далайд гарцгүй улс орнуудад тулгарч буй уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, дасан зохицох, тэсвэртэй байдлыг сайжруулах, холбогдох санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг олон чухал зорилтуудыг тусгасан нь уулархаг бүс нутгийн хөгжлийг дэмжих, экосистемийг хамгаалахад бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Энэхүү хөтөлбөрийн төсөлд уулархаг бүс нутагт хамаардаг далайд гарцгүй улс орнуудад тулгарч буй уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, дасан зохицох, тэсвэртэй байдлыг сайжруулах, холбогдох санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг олон чухал зорилтуудыг тусгасан нь уулархаг бүс нутгийн хөгжлийг дэмжих, экосистемийг хамгаалахад бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Мөн өнөөдрийн энэхүү хэлэлцүүлгээр зуу зуун сая хүн оршин амьдарч байгаа өндөр уулсын экосистемийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр олон бодит санал санаачилга гаргаж, гарц шийдлийг хамтдаа хэлэлцэн зохих үр дүнд хүрнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай. Анхаарал хандуулсанд баярлалаа гэлээ.

4. Монгол, Арабын харилцаа

Ерөнхий сайдыг АНЭУ-д айлчлахыг урив

2018.10.10. Монгол Ул. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Абдулла Аль-Тунэйжисийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ерөнхий сайд У.Хүрэлсүхийг АНЭУ-ын ерөнхий сайд өөрийн оронд албан ёсны айлчлал хийхийг урьж, урилга илгээснийг гардуулж өгөв. Ерөнхий сайд Монгол, АНЭУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, үүнд элчин сайдын үүрэг оролцоо, хичээл зүтгэл их гэдгийг тэмдэглэв. Тухайлбал, Абу Дабигийн хөгжлийн сантай эхлүүлсэн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, ялангуяа Монголд дэд бүтэц, зам барилга, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт хөрөнгө оруулалт хийх боломж байгааг тэмдэглэн дэмжиж ажиллахыг хүсэв. Элчин сайд АНЭУ-ын компаниуд Монголд хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахад бэлэн гээд юуны өмнө Давхар татварын хэлэлцээрийг шинэчлэн байгуулахын чухлыг тэмдэглэв. Мөн Элчин сайдын яамны зүгээс Монгол орны түүх, соёлыг сурталчлах чиглэлээр тодорхой ажил зохион байуулсны үр дүнд АНЭУ-ын иргэдийн  Монголд жуулчлах сонирхол нэмэгдэж байгааг тэмдэглэж, иргэд харилцан зорчих асуудлыг хөнгөвчлөх нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал түлхэц болохыг онцолжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Арабын Нэгдсэн Эмират Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2021.10.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Абдулла Аль-Тинижиг бүрэн эрхээ дуусгаж, эх орондоо бүрмөсөн буцах болсонтой нь холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Абдулла Аль-Тинижи АНЭУ-аас Монгол Улсад суугаа анхны Элчин сайдаар томилогдон ажиллаж, хоёр орныг холбосон гүүр болж харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсанд нь талархал илэрхийлэв.АНЭУ “ЭКСПО 2020-Дубай” дэлхийн үзэсгэлэнг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргээд үзэсгэлэнгийн хүрээнд болох Монголын үндэсний өдөрлөг, бизнес форум зэрэг нь Монгол Улсыг сурталчлах чухал ач арга хэмжээнүүд болохыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэв.Элчин сайд Абдулла Аль-Тинижи “ЭКСПО 2020-Дубай” дэлхийн үзэсгэлэн нь Монгол Улсыг АНЭУ-д төдийгүй дэлхий нийтэд сурталчлах томоохон боломж гэдгийг онцлоод арга хэмжээнүүдэд амжилт хүсэв. Түүнийг албан үүргээ гүйцэтгэх хугацаанд Монгол Улсын төр засгийн зүгээс дэмжлэг үзүүлж, нягт хамтран ажилласанд талархал илэрхийлээд, Монгол, Эмиратын харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам бүр бэхжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа  илэрхийлэв.

Катарын элчин сайд итгэмжлэх жуухаа барив

2023.02.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Төрийн ордон. Катар Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Мухаммад Аль-Дахайми Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч уулзан, Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргэв. Монгол Улс, Катар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиож буйг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглээд, харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүч чармайлтаар амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Цаашид худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй, байгаль орчин зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж байгааг онцлов. Элчин сайд Мухаммад Аль-Дахайми Монгол Улсын Ерөнхийлөгчид Катар Улсын Эмир Эрхэм дээд Шейх Тамим бин Хамад Аль-Тани-гийн халуун дотно мэндчилгээ уламжлав. Мөн Монгол, Катарын харилцааг улам бүр бэхжүүлж, хамтын ажиллагааг боломжит бүх салбарт хөгжүүлэхийн төлөө анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Арабын ханхүү мэндчилгээ дэвшүүлэв

2023.07.10. Mонгол Улс. Улаанбаатар хот. Саудын Арабын Хаант Улсын Хаан Салман бин Абдулазиз Аль-Сауд, Угсаа залгамжлах Ханхүү бөгөөд Ерөнхий сайд Мухаммед бин Салман Аль-Сауд: Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан, найрсаг монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе.

Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъян, Дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд Мухаммад бин Рашид Аль-Мактум, Дэд Ерөнхийлөгч бөгөөд Шадар сайд Шейх Мансур бин Заид Аль-Нахъян

2023.07.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъян, Дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд Мухаммад бин Рашид Аль-Мактум, Дэд Ерөнхийлөгч бөгөөд Шадар сайд Шейх Мансур бин Заид Аль-Нахъян нар Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчид мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саудын Арабын Хаант Улсын Эрхэм дээд Ханхүүг хүлээн авч уулзав

2023.09.05. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Эрхэм дээд Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд-г хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саудын Арабын Хаант Улсын Хаан, Хоёр ариун сүмийн хамгаалагч Эрхэм дээд Салман бин Абдулазиз Аль-Сауд-д мэндчилгээ дэвшүүлж байгааг  уламжлахыг хүсэв. Монгол Улс Булангийн орнууд, тэр дундаа бүс нутагтаа эдийн засгийн хөгжил, чадавхаараа тэргүүлдэг Саудын Арабын Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг хэлэв. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, аялал жуулчлалын зэрэг салбарт хамтрах өргөн боломж байгааг тэмдэглэв. Мөн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 16 болон 17 дугаар бага хурлыг Саудын Арабын Хаант Улс,  Монгол Улс зохион байгуулах чиглэлээр туршлага солилцож, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд Саудын Арабын Хаант Улсын Хаан, Хоёр ариун сүмийн хамгаалагч Эрхэм дээд Салман бин Абдулазиз Аль-Сауд-ын халуун дотно мэндчилгээг уламжлав. Тэрбээр байгаль орчин болон бусад боломжит бүх салбарт харилцан ашигтай хамтрах эрмэлзэл дүүрэн байгаагаа тэмдэглэж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

Сирийн элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023.11.17. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Арабын Бүгд Найрамдах Сири Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хасанеин Хаддам Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ  илэрхийлэв. Мөн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд Хасанеин Хаддам харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023.11.17. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Исламын Бүгд Найрамдах Иран Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохсен Бахтиар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд Мохсен Бахтиар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор мордлоо

2023.11.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъян-ы урилгаар 2023 оны 12 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд тус улсын Дубай хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дээд түвшний уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ Арабын Нэгдсэн Эмират Улс зэрэг зарим улсын төрийн тэргүүнтэй уулзалт хийнэ. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурлын үеэр болох дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад 140 гаруй улсын төр, засгийн тэргүүн оролцоно.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНЭУ-ын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян-тай уулзлаа

2023.11.29. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсад зохион байгуулагдаж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хуралд оролцох үеэрээ 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус улсын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян-тай уулзав. Уулзалтаар талууд Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсын харилцааг өргөн хүрээтэй салбарт өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх удахгүй тохиох Арабын Нэгдсэн Эмират Улс байгуулагдсаны 52 жилийн ойн мэндийг дэвшүүллээ. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүнсний аюулгүй байдал зэрэг дэлхий дахинд тулгарч буй сорилтыг даван туулахад олон улсын хамтын нийгэмлэг төдийгүй улс бүр хувь нэмрээ оруулахын ач холбогдлыг тэмдэглэж, эдгээр чиглэлд хоёр улсын санаачилга, зорилтуудыг уялдуулан үр дүнтэй хамтран ажиллахын чухлыг онцлов.Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян тус улсын хөгжлийн хөтөлбөр, ирээдүйн зорилтуудын талаар танилцуулж, цаашид Монгол Улстай энэ өдөр байгуулж буй баримт бичгүүдийн хүрээнд олон салбарт хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагаагаа нягт, тууштай хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Визийн шаардлагаас чөлөөлөх тухай санамж бичиг байгууллаа

Хоёр улсын Төрийн тэргүүн нарын уулзалтын хүрээнд Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсын хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бэхжүүлэх дараах баримт бичгүүдийг байгуулав. Үүнд:

  • Дипломат, албан/тусгай болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;
  • Засгийн газрын хөгжил, шинэчлэлийн талаар туршлага солилцох тухай Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, АНЭУ-ын Засгийн газрын Хэрэг эрхлэх яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;
  • Монгол Улсын Гадаад харилцааны яам, Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хамтарсан хороо байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг;
  • Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэн, АНЭУ-ын Эмиратын бодлогын төв хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;
  • Цахим сургалтын санаачилгад хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсролын ерөнхий газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын Дижитал сургууль хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

Эдгээр баримт бичгийг байгуулснаар хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих эрх зүйн орчин бүрдэж, худалдаа, эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхай, боловсрол, зам тээврийн салбарт болон цөлжилттэй тэмцэх чиглэлд хоёр улсын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй буйгаа талууд тэмдэглэв. Мөн энэ хүрээнд хоёр талын яриа хэлэлцээний механизмуудыг байгуулж, хуваарийн дагуу тогтмол хуралдуулж байхаар болов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байна

2023.12.01. АНЭУ. Дубай хот. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъян-ы урилгаар дээд түвшний уулзалтад оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Дубай экспо төвийн задгай асарт хүрэлцэн ирэхэд АНЭУ-ын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъян, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар угтлаа. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурал (COP28)-ын үеэр болж буй дээд түвшний уулзалтад 140 гаруй улсын төр, засгийн тэргүүн оролцож, Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, түүний дотор хүлэмжийн хийн ялгарлыг 2050 он гэхэд тэглэх, дэлхийн дулаарлыг 1,5 хэмд тогтоон барихад хүлээсэн үүрэг амлалтаа ахиулан тодорхойлох, уур амьсгалын асуудлаарх яриа хэлэлцээнд бүх талын оролцоог нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг бууруулах хүч чармайлтыг нэгтгэхийг зорьж байна. СОР28 бага хурлыг даргалагч Арабын Нэгдсэн Эмират Улсын хувьд эрчим хүчний шилжилт хийх, газар ашиглалтыг шинэчлэх, хүнсний тогтолцоог өөрчлөх замаар агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг эрчимжүүлэхийн тулд талуудын дунд зөвшилцлийг бий болгох, уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг улс орнуудад зориулсан алдагдал, хохирлыг бууруулах сангийн үйл ажиллагааг эхлүүлэх, Парисын хэлэлцээрийн хэрэгжилт, ахиц дэвшлийн талаар цогц үнэлгээ хийх зэрэг асуудлыг чухалчлан үзэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дээд түвшний уулзалтын 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанд үг хэлж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад үг хэллээ

2023.12.02. АНЭУ. Дубай хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдаж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад 12 дугаар сарын 01-ний өдөр үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: Эрхэм хүндэт Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъян, Эрхэм хүндэт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, хатагтай, ноёд оо, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулж байгаа Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газарт гүн талархал илэрхийлж, дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт болон бага хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье. Өнөөдөр хүн төрөлхтөн аж үйлдвэржилтээс хойших хугацаанд дэлхийн цаг уурын хувьд хамгийн халуун он жилтэй нүүр тулсан нэн онцгой цаг үед амьдарч байна. Дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийх тэмцлээ улам эрчимжүүлж, бодит үр дүнд хүрэх зайлшгүй шаардлага Та бидний өмнө тулгарч байна. Дэлхий даяар хэт халалт, гал түймэр, ган гачиг, үер усны гамшиг нүүрлэж, байгаль орчин, хүний нийгэмд үлэмж хэмжээний хохирол учирч, дайн дажин, өлсгөлөн зовлонгоос шалтгаалан олон сая хүн хохирч, амь насаа алдаж, эх нутгаа орхин гарах дүрвэгсдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Энэхүү хүнд хэцүү цаг үед гаргасан Стокхольмын олон улсын энхтайвны судалгааны хүрээлэнгийн тайланд дурдсанаар дэлхийн улс орнуудын цэрэг, армийн зардал бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч, 2.2 их наяд ам.доллароор хэмжигдэж байгаа нь нэн харамсалтай. Энэ их зардал, мөнгийг хүн төрөлхтний өмнө тулгараад буй дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх их үйлсэд зарцуулсан бол ямар их хэмжээний ахиц дэвшил гарч, хүн төрөлхтний хөгжил, дэвшилд ямар их эерэг нөлөө үзүүлэх байсан бол гэдгийг дэлхий нийтээрээ эргэцүүлэн бодож, тунгаан үзэх цаг нэгэнт болжээ. Эх байгаль, хүн төрөлхтөн зүй зохистой зэрэгцэн орших нь хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс болохыг Та бид хэзээ ч мартаж болохгүй.

Эрхэм хурлын дарга аа, Монголчууд бид эрт дээр үеэс сав, шим ертөнцийн зохилдлого нь хүмүүний дотоод ертөнцийн ариусал, ухамсарт үйлдлээс хамаарна хэмээн үзэж, эх дэлхийтэйгээ зохицон амьдрах, онгон дагшинаар нь хадгалан хамгаалах хандлага, сэтгэлгээг өсөх наснаас нь үр хүүхдүүддээ төлөвшүүлэн сургаж ирсэн сайхан уламжлалтай. Орчин үед техник технологи эрчтэй хөгжиж, хүний амьдралд гүн гүнзгий нэвтрэхийн хэрээр бидний үр хүүхэд амьд байгалиас алсран холдож байна. Иймээс бидний ирээдүй болсон үр хүүхдүүддээ улс үндэстэн бүр өөр өөрсдийн байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах уламжлалт арга ухаан, мэдлэг чадварыг бага балчраас нь сэтгэл зүрх, оюун санаанд нь суулган, эх байгалиа хайрлан хамгаалах үйл хэрэгт бие сэтгэлээрээ оролцдог дэлхийн иргэн болгон хүмүүжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээний амжилтын түлхүүр нь хүн бүрийн зөв хандлага, идэвхтэй оролцоо, улс үндэстэн бүрийн хичээл зүтгэл, үүрэг хариуцлага, улс төрийн манлайлал юм. Улс орнууд Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх боломж улам багасаж, нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байгааг НҮБ-ын сүүлийн үеийн судалгааны тайланд анхааруулсан байна. Энэ талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Амжилтгүй манлайлал, биелүүлээгүй үүрэг амлалт, асар их алдагдсан боломжоос шалтгаалж ам, ажлын зөрүүний ангал хавцал үүслээ” хэмээн тодорхойлсныг бид анхаарч үзэх учиртай. Дэлхийн улс орнууд эх дэлхийнхээ сайн сайхны төлөө нэгэн сэтгэлээр нэгдэн нийлж, хүсэл зорилгоо хамтатган, харилцан ойлголцож, хамтран ажиллаж чадах аваас уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл бодит биеллээ олж, тогтвортой хөгжлийн зорилтууд зэрэглээ болон замхрахаас сэргийлж чадна. Монгол Улс үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтоо ханган хэрэгжүүлэх хүрээнд “Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономи”, “Ногоон таксономи”  зэрэг баримт бичгүүдийг НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцүүлэн баталсан дэлхийн анхдагч улсуудын нэг болсон. Энэ хүрээнд Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх зорилгоор “Тэрбум мод”, ”Хүнсний хангамж, аюулгүй байдал”, ”Эрүүл монгол хүн” зэрэг харилцан уялдаа холбоотой үндэсний хөдөлгөөнүүдийг эх орондоо санаачлан амжилттай хэрэгжүүлж байна. Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой. Тиймээс энэ удаагийн бага хурлаас гарах “Уур амьсгал, эрүүл мэндийн асуудлаарх тунхаглал”, “Тогтвортой хөдөө аж ахуй, хүнсний тогтолцоо ба уур амьсгалын үйл ажиллагааны тухай Эмиратын тунхаглал“ санаачилгуудыг Монгол Улс сайшаан дэмжиж, нэгдэн орж байгаагаа илэрхийлэхэд таатай байна. Цаашлаад дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтоо ханган хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх болон уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий улс орнуудад тусламж, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Алдагдал, хохирлын сан”-гийн үйл ажиллагааг дэмжиж, бодит үр дүнд хүрэх асуудал нэн чухал байгааг цохон тэмдэглэж байна.

Эрхэм хурлын дарга аа, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын нарийн бичгийн дарга нарын газраас 2022 онд гаргасан тайланд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд охид, эмэгтэйчүүд илүү их өртөж байна хэмээн дурджээ. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал чухал үүрэгтэй тул Монгол Улс ирэх 2024 онд НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг эх орондоо зохион байгуулж, энэ асуудлыг тусгайлан хэлэлцэхээр төлөвлөж байна. Мөн 2026 онд Цөлжилтийн тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улс хүлээн авч зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Түүнчлэн Монгол Улс ирэх 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг санаачлан батлуулсныг дуулгахад таатай байна. Мөнх хөх тэнгэрийн орон тал нутгийн манай сайхан улсад зохион байгуулагдах эдгээр чуулга уулзалт, арга хэмжээнд эрхэм хүндэт Та бүхнийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна. Хүн байгаль хоёр хүйн холбоотойг үргэлж санаж, эх болсон байгаль дэлхийгээ  авран хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын төлөө Монгол Улс дэлхийн улс орнуудын хамтаар бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллах болно. Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээх болтугай. Анхаарал хандуулсанд баярлалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэ Нэйче Консерванси” байгууллагын гүйцэтгэх захирал Женнифер Моррисийг хүлээн авч уулзав

2023.12.02. АНЭУ. Дубай хот. Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Дэ Нэйче Консерванси” байгууллагын гүйцэтгэх захирал Женнифер Моррисийг 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус байгууллагаас байгаль орчны чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж, говь, хээрийн экологийн бүс нутгийн үнэлгээ болон хамгаалах шаардлагатай газар нутгийг тогтоох судалгаа хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх зэргээр манай улсын төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай ойр ажиллаж буйд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв. “Дэ Нэйче Консерванси” байгууллагын гүйцэтгэх захирал Ж.Моррис Монгол Улсын Ерөнхийлөгчийн байгаль орчны чиглэлийн бодлого, улс төрийн манлайллыг дэмжиж байгаагаа илэрхийлж, хоёр талын хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх сонирхолтой байна гэв. Тус байгууллага нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хөрс, ус хамгаалах, хүнс, усны зохистой хэрэглээг бий болгох, эрүүл хотуудыг байгуулах гэсэн тэргүүлэх чиглэлийн хүрээнд дэлхийн 74 улсад үйл ажиллагаа явуулж байна. “Дэ Нэйче Консерванси” байгууллага нь Монгол Улс дахь төлөөлөгчийн газраа Улаанбаатар хотноо 2008 онд байгуулж, газар нутгийн 30 орчим хувийг 2030 он хүртэл хамгаалах зорилтыг хангах хүрээнд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх өндөр түвшний хуралдаанд оролцож үг хэллээ

2023.12.03. АНЭУ. Дубай хот. Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Далайд гарцгүй хөгжиж буй орнууд дахь уур амьсгалын өөрчлөлтийн өвөрмөц сорилт, бэрхшээлийг түншлэлийн замаар шийдвэрлэх нь” сэдэвт өндөр түвшний хуралдаанд оролцож үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх: “Эрхэм хүндэт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга аа, Эрхэм хүндэт Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийн дарга аа, Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, хатагтай, ноёд оо, Өнөөдөр хүн төрөлхтөн аж үйлдвэржилтээс хойших хугацаанд дэлхийн цаг уурын хувьд хамгийн халуун он жилтэй нүүр тулсан нэн онцгой цаг үед амьдарч байна. Дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийх тэмцлээ улам эрчимжүүлж, бодит үр дүнд хүрэх зайлшгүй шаардлага Та бидний өмнө тулгарч байна. Дэлхий даяар хэт халалт, гал түймэр, ган гачиг, үер усны гамшиг нүүрлэж, байгаль орчин, хүний нийгэмд үлэмж хэмжээний хохирол учирч, дайн дажин, өлсгөлөн зовлонгоос шалтгаалан олон сая хүн хохирч, амь насаа алдаж, эх нутгаа орхин гарах дүрвэгсдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Энэхүү хүнд хэцүү цаг үед Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийн дарга цаг үеэ олсон энэхүү чухал арга хэмжээг санаачлан зохион байгуулж байгаад баяртай байна. Далайд гарцгүй хөгжиж буй орнууд олон улсын зах зээлээс алслагдмал, гадаад худалдааны өртөг өндөр, транзит улс орнуудаас хамаарал ихтэй зэрэг олон сорилттой тулгарч байдгийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж байдаг билээ. Монгол Улс дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын ердөө 0.1 хувийг эзэлдэг хэдий ч уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй нэрвэгдэж байгаа улс орнуудын нэг юм. Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий улс орнуудад тусламж үзүүлэх зорилго бүхий “Алдагдал, хохирлын сан”-гийн үйл ажиллагааг эхлүүлэх нь тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнуудад чухал дэмжлэг болно хэмээн үзэж тус санаачилгыг Монгол Улс дэмжиж байгаа билээ.

Бүлгийн дарга аа, Манай улс НҮБ дахь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийн дэд даргаар ажиллаж, Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын дэргэд ДГХБО-ын бүлгийг байгуулах санаачилга дэвшүүлэн ажиллаж байна. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, дэлхийн дулааралтай тэмцэх дэлхийн нийтийн хүч чармайлтад оруулж буй үндэсний хувь нэмрийг нэмэгдүүлэхийг эрмэлзэж, энэ хүрээнд  “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийг санаачлан  орон даяар амжилттай хэрэгжүүлж байна. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал чухал үүрэгтэй тул Монгол Улс ирэх 2024 онд НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг эх орондоо зохион байгуулж, энэ асуудлыг тусгайлан хэлэлцэхээр төлөвлөж байна. Мөн 2026 онд Цөлжилтийн тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улс хүлээн авч зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Түүнчлэн Монгол Улс ирэх 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг санаачлан батлуулсныг дуулгахад таатай байна. Мөнх хөх тэнгэрийн орон тал нутгийн манай сайхан улсад зохион байгуулагдах эдгээр чуулга уулзалт, арга хэмжээнд эрхэм хүндэт Та бүхнийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.

Бүлгийн дарга аа, Далайд гарцгүй хөгжиж буй орнууд дахь уур амьсгалын өөрчлөлтийн өвөрмөц сорилт бэрхшээлийг даван туулахад бидэнд шинжлэх ухааны үндэслэлтэй бодит тоо баримт бүхий судалгаа шинжилгээний ажил хэрэгтэй.Тийм учраас манай улс Улаанбаатарт төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулж, бие даасан олон улсын засгийн газар хоорондын байгууллага болтол нь хөгжүүлэн бэхжүүлж, тус байгууллагын шугамаар далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хөгжлийн бодлого боловсруулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ. Тус судалгааны төв нь сүүлийн арван жилийн турш НҮБ-тай хамтран ДГХБО-ын  бүлгийн гишүүн орнуудад чухал ач холбогдол бүхий бодлогын судалгааны ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсээр ирсэн гэж бид үздэг. Тус судалгааны төв нь далайд гарцгүй хөгжиж буй орнууд дахь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүний сөрөг нөлөөллийг даван туулах, ялангуяа уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарууд дахь бодлого, стратеги, хамтын ажиллагааны үр дүнтэй арга замыг тодорхойлоход хувь нэмэр болох ач холбогдол бүхий судалгааны ажлыг гүйцэтгэх боломжтой юм. Тиймээс Та бүхнийг энэхүү олон улсын судалгааны төвтэй хамтран судалгааны төслүүд хэрэгжүүлэхийг уриалж байна. Түүнчлэн “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т нэгдэхийг эл хэлэлцээрт нэгдээгүй Далайд гарцгүй хөгжиж  буй орнуудад уриалж байна. Ингэснээр эл судалгааны төв улам бэхжин хөгжиж, далайд гарцгүй орнуудын судлаачдын баг хамтран ажиллаж, томоохон судалгааны ажлыг гүйцэтгэх боломж улам нэмэгдэнэ гэж үзэж байна.

Бүлгийн дарга аа, Монгол Улс 2024 онд Руанда Улсын Кигали хотноо болох Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хуралд өндөр ач холбогдол өгч, бэлтгэл ажлыг хангахад  идэвхтэй оролцож байна. Бага хурал нь “Венийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн үнэлгээний туршлага, сургамжид тулгуурлан тусгай хэрэгцээ шаардлагатай эдгээр улсын ирэх 10 жилийн хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах чухал арга хэмжээ болно гэдэгт бид итгэлтэй байна. Эцэст нь хэлэхэд далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын нэгдмэл байдал, харилцан ойлголцол, түншлэл, хамтын ажиллагаа, зоримог шийдвэр, тууштай хичээл зүтгэл нь тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулах, дэвшүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүлж, тогтвортой хөгжлийг цогцлооход чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Монголчууд бид эх болсон байгаль дэлхийгээ  авран хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын төлөө бүхий л нөөц бололцоогоо дайчлан дэлхийн улс орнуудтай бүх талаар хамтран ажиллах болно. Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээх болтугай. Анхаарал хандуулсанд баярлалаа.

Саудын Арабын хаан мэндчилгээ дэвшүүллээ

2024.07.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Саудын Арабын Хаант Улсын хаан Салман бин Абдулазиз Аль-Сауд, Угсаа залгамжлах ханхүү бөгөөд Ерөнхий сайд Мухаммад бин Салман Аль-Сауд нар баяр наадмын мэндчилгээ ирүүллээ. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд эрүүл энх, аз жаргал, Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе. Чин сэтгэлийн гүн хүндэтгэлээ илэрхийлье гэжээ. 

АНЭУ-ын удирдлагууд мэндчилгээ дэвшүүллээ

2024.07.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммед бин Зайд Аль-Нахъяан, Дэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Дубай хотын захирагч Мухаммед бин Рашид Аль-Мактуум, Дэд Ерөнхийлөгч, Шадар сайд, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Мансур бин Зайд Аль-Нахьяан нар баяр наадмын мэндчилгээ ирүүллээ. Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлж, Эрхэмсэг ноён Танд эрүүл энх, аз жаргал, найрсаг Монгол Улсын төр, засаг, ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе гэжээ.

Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсын Ерөнхийлөгч Абделмаджид Теббун: Монгол Улс Үндэсний баяр наадмаа тэмдэглэж буйг тохиолдуулан Алжир Улсын ард түмэн, Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэж, Танд эрүүл энх, аз жаргал сайн сайхан, Монголын найрсаг ард түмэнд цаашдын хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе. Алжир, Монголын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, хоёр орны нийтлэг сонирхол, найрсаг ард түмний хүсэл эрмэлзэлд нийцүүлэн хөгжүүлэхийн төлөө тантай хамтран ажиллахаа дахин нотолж байна. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Та миний нэн өндөр хүндэтгэлийг хүлээн авна уу.

Бахрейны Хаант Улсын Хаан Хамад бин Аиса Аль-Халифа: Найрсаг Монгол Улсын Үндэсний их баяр наадам тохиож байгаатай холбогдуулан өөрийн нэрийн өмнөөс болон Засгийн газар, Бахрейны ард түмний нэрийн өмнөөс Эрхэмсэг ноёнтон Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Эрхэмсэг ноёнтон танд эрүүл энх, аз жаргал, ард түмэнд тань хөгжил дэвшил, мандан бадрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Палестин Улсын Ерөнхийлөгч Махмуд Аббас: Үндэсний баярыг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгаадаа таатай байна. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээл, Монгол Улсын төр, засаг, ард түмэнд зорьсон зорилгодоо хүрэх амжилт, хөгжил цэцэглэлт хүсэн ерөөе. Манай хоёр орон, ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжинэ гэдэгт найдаж байна. Сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж буйг минь хүлээн авна уу.

Мароккогийн Хаант Улсын Хаан VI Мухаммед: Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд халуун баяр хүргэж, танай ард түмний цаашдын хөгжил цэцэглэлтэд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Хоёр орны ард түмний ойр дотно харилцах, улам их үр ашигтай хамтран ажиллах эрмэлзлийг бодит болгохын тулд Мароккогийн Хаант Улс Монгол Улстай хөгжүүлж буй найрамдалт харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлье гэжээ. 

Оман Улсын Гадаад хэргийн сайд бараалхав

2024.08.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд Сайид Бадр Бин Хамад бин Хамуд Аль-Бусайди бараалхав. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс гадаад бодлогынхоо хүрээнд Булангийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлэхийг эрмэлздэг гэдгийг тэмдэглэв. Оманы Султант Улсаас манай улсад дээд, өндөр түвшинд хэрэгжүүлж буй анхны албан ёсны энэхүү айлчлал нь хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн шинэ агуулгаар баяжуулахад чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Гадаад хэргийн сайд Сайид Бадр Аль-Бусайди Оманы Султант Улсын Султан Хайтам бин Тарикийн халуун дотно мэндчилгээг уламжлаад Оман Улсын Засгийн газар Монгол Улстай эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсрол, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлэв. Уулзалтын үеэр талууд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оманы Султант Улсын Султан Хайтим бин Тарикт мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урив.

Арабын Нэгдсэн Эмиратын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2024.09.18. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мухаммад Аль-Гуртаси Аль-Нуаими Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа орлоо. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг онцолж, АНЭУ нь Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа дахин нээж байгаа нь тус улсаас хоёр орны харилцаанд ач холбогдол өгч буйн илэрхийлэл гэж үзэж буйгаа хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 онд АНЭУ-д айлчлах үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян-тай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцсоноо тэмдэглэлээ. Цаашид хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв. Элчин сайд Мухаммад Аль-Нуаими улс төр, эдийн засаг, худалдаа зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллахаа илэрхийлэв.

5. Монгол, Алжирийн харилцаа

2023.10.07. Mонгол УлсУлаанбаатар хот. Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсын Ерөнхийлөгч Абдельмаджид Теббун: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон монголын ард түмэнд Үндэсний их баяр наадмын баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан, энх тайван, хөгжил, цэцэглэлтийг хүсэн ерөөе. Монгол, Алжирын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, хоёр орны ард түмнийхээ хүсэл эрмэлзэлд нийцсэн үр дүнтэй түншлэлийн харилцааг бэхжүүлэн ахиулахын төлөө хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байна.

6. Монгол, Арменийн харилцаа

Арменийн Ерөнхийлөгч Ваагн Хачатурянтай уулзав

2022.11.08. Египет улс. Шарм Эль Шейх хот. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уулзалтад оролцож, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах чиглэлээр Монгол Улсын баримталж буй байр суурийг илэрхийлж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулах юм. Мөн зарим улсын төрийн тэргүүн болон олон улсын байгууллагуудын удирдлагуудтай хоёр талын уулзалт хийнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Шарм Эль–Шейх хотын International Congress Center хурлын төвд хүрэлцэн ирэхэд Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч Абдел Фаттах Аль-Сиси, Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар угтан авлаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх COP27-ийн үеэр Арменийн Ерөнхийлөгч Ваагн Хачатурянтай уулзав.

7. Монгол, Афганистаны харилцаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Афганистанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн багт төрийн одон, медаль гардуулав

2021.08.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс /ИБНАУ/-д үүрэг гүйцэтгэсэн цэргийн нэр бүхий алба хаагчдыг Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль, Энхийн төлөө медалиар шагнаж, баяр хүргэлээ. Зэвсэгт хүчний Хамгаалалтын ротын XII, XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн ИБНАУ-д олон үндэстний “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ болон ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгээд ирсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх монгол цэргүүд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд идэвхтэй оролцож эх орон, монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөж байгааг хэллээ. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд цэргийн багууд ИБНАУ-д үүргээ нэр төртэй гүйцэтгэхийн зэрэгцээ анх удаа гадаадын цэргүүдийг тодорхой чиглэлээр сургаж дадлагажуулсныг онцлон тэмдэглэв. Алба хаагчдын хуримтлуулсан цэргийн хээрийн дадлага, ажиллагааны туршлага Зэвсэгт хүчний хөгжилд ихээхэн дэмжлэг болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэв. Цагийн байдал болон цаг агаарын хүнд нөхцөлд ур чадвар, эр зориг, тэсвэр хатуужил, сахилга, зохион байгуулалтаараа бусад орны цэргийн алба хаагчдад үлгэр жишээ үзүүлсэн цэрэг эрс, тэдний найдвартай ар тал, түшиг тулгуур болсон гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд талархал илэрхийллээ. “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд оролцсон цэрэг дайчдаа төлөөлж Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн ротын ахлагч, ахлах ахлагч Ш.Жамсран үг хэллээ. Тэрбээр Монгол Улсын төр, засаг, цэргийн дээд удирдлагаас өгсөн үүргийн дагуу дайчин нөхөдтэйгээ хамт иргэд, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, аюулгүй байдлыг нь хангах хариуцлагатай албаа нэр төртэй биелүүлсэндээ баяртай байгаагаа хэлэв. “Хамгийн сүүлийн буюу XIII ээлжинд оролцоод ирсэн. Пулемётын цэгт гарах, афган эмэгтэйчүүдийг шалгаж нэвтрүүлэх гээд эрчүүдтэй адил үүрэг гүйцэтгэж байснаараа бахархаж байна. “Зургаа дахь удаагаа ажиллагаанд оролцсон. Цар тахлын улмаас хоорондын зай барих зэргээр халдвар хамгааллын дэглэм мөрдөх нь бага зэрэг хүндрэлтэй байсан. Цэргийн дээд удирдлагаас медаль гардаж авсандаа баяртай байна. “Хоёр дахь удаагаа оролцоод ирсэн. Цагийн байдал тогтворгүй, цар тахал тархсан байсан ч цэргийн баг сахилга баттай байж, хүлээсэн үүргээ биелүүлээд эх орондоо ирсэн. “Халдлага, дайралт ихтэй, цаг агаар, цар тахлын амаргүй нөхцөлд цэргийн баг үүргээ нэр төртэй биелүүлээд ирсэндээ баяртай байна.” Монгол Улс 2002 онд НҮБ-ын цэргийн ажиглагчид, 2003 оноос Ирак, ИБНАУ-д цэргийн багаа илгээсэн түүхтэй. Одоогоор Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад цэргийн баг үүрэг гүйцэтгэж байна.

8. Монгол, Африкийн харилцаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Гадаад хэргийн сайд Наледи Пандорыг хүлээн авч уулзлаа-

2023.06.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Төрийн ордон.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Гадаад хэргийн сайд Наледи Пандорыг хүлээн авч уулзлаа. Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэнд Ерөнхийлөгч талархал илэрхийлж, энэ айлчлал хоёр улсын найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдгийг тэмдэглэв. Мөн Ерөнхийлөгч Сурил Рамафосад мэндчилгээ уламжлахыг хүсэв. Гадаад хэргийн сайд Наледи Пандор Ерөнхийлөгчтэй санал нэг байгаагаа илэрхийлж, Ерөнхийлөгч Сурил Рамафосагийн мэндчилгээг уламжиллаа. Уулзалтын үеэр дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.

ӨАБНУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023.11.16. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сабонга Киприан Квеле Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ  илэрхийлэв. Мөн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд Сабонга Киприан Квеле харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв. 

Бүгд Найрамдах Гвиней Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023.11.17. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Гвиней Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аба Ньянкой Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ  илэрхийлэв. Мөн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд Аба Ньянкой харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв.

9. Монгол, Балбын харилцаа

Монгол, Балбын соёлын харилцаа

2023.03.28. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол-Төвд эртнээс улстөр, утга зохиолын харилцаатай байсныг Төвдөөс Монгол хэлнээ орчуулсан ном, зохиолоос уншиж болно. Ер нь Төвдөөс монгол хэлэнд XIII-XIV зууны үед орчуулсан зохиолын дийлэнх нь бурханы шашны ном байсан ч, цөөн тооны ардын цэцэн үгийн түүвэр чанартай яруу найраг байжээ. Үүний нэг нь Сажа Бандид Гунгаажалцангийн XIII зууны эхэн үед төвд хэлээр зохиосон Субашид шүлэглэл юм. Ардын цэцэн үгийн түүвэр чанартай яруу найраг болон шүлэглэлийг одоогоос 2000 жилийн тэртээ Энэтхэгийн зохиолч Нагаржуна үүсгэж дэлгэрүүлсэн гэдэг. Түүний зохиосон бэлгийн модон, Зуун бэлэг, Ардыг тэжээх дусал, Чогсрэдийн Зуун шүлэглэл, Занака хааны шастир зэрэг зохиол 1000-аад жилийн өмнө төвд хэлэнд орчуулагдсан бөгөөд Төвд-Монгол Данжуурт багтан оржээ. Дээр дурдсан зохиолуудыг Сажа Бандид Гунгаажалцан дуурайж, Субашидыг зохиожээ. Субашидын дотор Нагаржунагийн зохиолоос шууд авсан мөр, бадгууд ч байдаг байна. Субашидыг монгол хэлнээ орчуулбал сайн үгт эрдэнийн сан гэх утгатай аж. Тиймээс Эрдэнийн сан Субашид нэрээр уншигчдад хүрч байжээ. Сажа Бандид Гунгаажалцан 1182-1251 оны хооронд амьдарсан нэгэн. Тэрбээр Төвдийн Зан мужийн зохиолч байсан бөгөөд XIII зууны дундуур Өгөөдэйн хүү Годан, Хөх нуурт нутаглаж байхдаа анх залж авчирсан байна. Тиймээс түүнийг амьд ахуйд, уригдан ирэх үед нь Субашидийг монгол хэлнээ орчуулсан болов уу гэж их зохиолч Ц.Дамдинсүрэн үзсэн байдаг. 1906 онд Финляндын нэг жуулчин Дорнод Туркстаны нутгаас ганц уранхай хуудас ном олжээ. Үүнийг Финляндын монголч эрдэмтэн Рамстедт судалж, 1912 онд нэг өгүүллэг бичиж хэвлүүлжээ. Тэгэхдээ Рамстедт энэ бичгийн 9 тасархай мөрийн доторх 10 үгийг уншсан байна. Рамстедт энэ хэдэн үгнээс хэдэн дүгнэлт хийсэн байна. 

  • Энэ бол монгол хэлээр дөрвөлжин үсгээр бичигдсэн бурханы шашны тасархай бололтой
  • Энэ бол дөрвөлжин үсгээр хэвлэгдсэн номоос олдсон ганц чухал дурсгалт баримт мөн
  • Энэ бол XIII зууны эцэс буюу XIV зууны эхний үед хэвлэгдсэн номын тасархай гэж хэлсэн байна.

Тэгвэл 1929 онд Унгарын монголч эрдэмтэн Лигети Өвөр-Монголоор жуулчилж яваад Харчины Конефүгийн Еши-Дамчаа хувилгаанаас төвд-монгол хадмал нэг Субашидыг олж авчээ. Лигети 1948 онд үүнийгээ фотогоор хэвлэж гаргав. Лигети энэ Субашидын монгол орчуулгын хэлний байдлыг хянаж үзээд, XVI зууны орчуулга гэж хэлжээ. Мөн энэ орчуулгын эхний хуудас дээр тарнич тойн Соном Гара орчуулбай гэж тэмдэглэсэн байжээ. Рамстедийн шав Аалто өнөөх уранхай хуудасны бичгийг Лигетийн хэвлүүлсэн Субашидтай тулгаж үзтэл хэдэн тохирох мөр дайралдсан байна. Энэ тухай Аалто тусгай өгүүллэг бичиж, Финляндын дорно дахины судлалын сэтгүүлийн 1952 оны дугаарт хэвлүүлсэн байна.

  • Рамстедтийн хэвлүүлсэн ганц уранхай хуудас бол Субашидын хуудас болох нь тодорлоо
  • Субашидыг 1206 оноос урьд, дөрвөлжин үсгийг өргөн хэрэглэж байх үед дөрвөлжин үсгээр хэвлүүлсэн нь мэдэгдлээ
  • Соном-Гарагийн орчуулга бол XIII зууны эцсийн үейин буюу XIV зууны бүр эхний үеийн орчуулга байна гэдэг нь баттай боллоо
  • Олон газрын эрдэмтэн нар монгол хэл бичгийг хамтран судалж байгаа ариун сайхан ажлын ач үр тодорч байна
  • Ганц уранхай хуудас монгол хэл бичгийн судлалд ийм чухал ачтай болсныг бодож, хуучин бичгийг хайрлан хамгаалахын чухлыг улам сайнаар ойлгож авч байна гэжээ.

Аалто бас дөрвөлжин үсгээр хэвлэгдсэн Субашидын нэг хуудас Берлинээс олж, энэ тухай өөр нэг өгүүлэл бичиж байжээ. Субашид монголд их дэлгэрсэн ном бөгөөд дээр дурдсан орчуулгын хуулбараас гадна, өөр хэд хэдэн орчуулга байдаг аж. Үүний заримыг дурдвал, Соном-Гарагийн орчуулгыг хянаж засаад, сүүлийн үеийн уншигч нарт ойлгомжтой болгож бичсэн, төвд-монгол хадмал субашидын сайн орчуулга Монгол Улсын номын санд бий. Мөн XVIII зууны үед урд хошууны мэргэн гэгээн Дамбажалсаны орчуулж хэвлүүлсэн Субашид байдаг ажээ. Үүнээс гадна, Цахар гэвшийн орчуулсан Субашид, түүний тайлбарыг Өвөр монголд ба Буриадад XVIII-XIX зууны үед хэвлэн гаргажээ. Мөн энэ Субашидын орчуулгыг 1940 оны орчим Чуулалт хаалга хотод дахин хэвлэсэн байна. Субашидыг анх европын уншигчдад танилцуулсан хүн бол XIX зууны эхний хагаст Төвдөд удаан суусан Унгарын төвдөч эрдэмтэн Чома дэ Көрөш ажээ. Түүнээс хойд Субашидыг төвд хэлнээс европын зарим хэлэнд хэдэн удаа орчуулжээ. Субашид монголчуудын дунд яагаад алдаршсан зохиол вэ сайн, мууг хэрхэн ялгаж, салгаж, тунгаах талаар мэргэн цэцэг үгээр шүлэглэж бичсэн зохиол учраас тэр юм. Субашид 9 бүлэгтэй бөгөөд гарчиг тус бүрээс энэ нь тодорхой харагдана. Тухайлбал:

  • Нэгдүгээр бүлэг: Сайн номлолт эрдэнийн сан Субашидаас мэргэн цэцнийг танихын аймаг
  • Хоёрдугаар бүлэг: Сайн номлолт эрдэнийн сан субашидаас дээд ихсийн танихын аймаг
  • Гуравдугаар бүлэг: Сайн номлолт эрдэнийн сан Субашидаас муу тэнэгүүдийг танихын аймаг
  • Дөрөвдүгээр бүлэг:  Сайн номлолт эрдэнийн сан Субашидаас сайн муу хоёрын нийлүүлэн танихын аймаг
  • Тавдугаар бүлэг Сайн номлолт эрдэнийн сан Субашидаас муу явдлыг танихын аймаг
  • Зургаадугаар бүлэг: Сайн номлолт эрдэнийн сан Субашидаас ер номын чухам голыг танихын аймаг
  • Долоодугаар бүлэг: Сайн номлолт эрдэнийн сан Субашидаас ер зохисгүй юмыг танихын аймаг
  • Наймдугаар бүлэг: Сайн номлолт эрдэнийн сан Субашидаас ер явах явдал үйлсийн танихын аймаг
  • Есдүгээр бүлэг: Сайн номлолт эрдэнийн сан субашидаас номоор явахын ёсыг танихын аймаг хэмээн гэсэн 9 бүлэгтэй юм. 

-Субашидын тайлбар-

Эрдэнийн сан Субашидад мэргэн цэцэн үгээр аливаа зүйлийн сайн, мууг ялган таниулахыг оролдсоноороо онцлог. Харин Субашидын тайлбарт шүлгийн бадгуудад зохилдох утгатай үлгэрийг жишээ татаж бичсэнээрээ огцлог юм. Өөрөөр хэлбэл, Субашид цэцэн үгийн цоморлиг бол, Субашидын тайлбар нь үлгэрийн цоморлиг гэж ойлгож болно.

Субашидын 3-р бүлгийн 93 бадгийг Соном Гара дараах байдлаар орчуулжээ.

  • Нас бусдад тэжээгүүлэн явагчин аран
  • Хэзээ бээр бөгөөс магад шантарью
  • Хон хэрээнд өргүүлэхгүй
  • Яст мэлхий хөсөр унажухуй гэжээ

Тэгвэл Субашидын 3-р бүлгийн 93 бадгийг Цахар гэвш дараах байдлаар орчуулжээ.

  • Ашид хүний хүчээр явсан муу хүн
  • Алсдаа аргагүй нэг доройтох болъую
  • Адилтгаваас хоёр галуунд дамнуулсан яст мэлхий
  • Айлын дэргэд унаж хоцорсон мэт хэмээн орчуулжээ. 

Энэ бадгийн тайлбар болгож бичсэн үлгэрийн товч утга нь: Нэг нуурт хоёр галуу, нэг мэлхий амьдарч байжээ. Гэтэл ган халуун болоод нуурын ус ширгэж тэр гурван амьтан хатаж үхэхэд хүрчээ. Тэгэхлээр хоёр галуу өөр устай газар очихоор нисэх гэтэл мэлхий тэр хоёрыг гуйжээ. 

  • Та хоёр намайг аваад яваач, хамт устай газар очъё гэжээ. Тэгэхлээр хоёр галуу, мэлхийг өрөвдөөд нэг бяцхан мөчрийн дундаас мэлхийг зуулгаж, мөчрийн хоёр үзүүрээс хоёр галуу зуугаад нисэх болжээ. Мэлхийг тун дуугарч болохгүй, хэрэв амаа ангайлгавал бяцарч үхнэ гэж сайн ухуулан хэлж гэнэ. Үгэнд дурлаж үргэлж бахирч байдгаа болих хэрэгтэй гэжээ. Мэлхий: 
  • Би огт амаа анхайхгүй, ганц ч үг хэлэхгүй, ердөө бархирахгүй гэжээ. Тэгээд хоёр галуу мэлхийг аваад нисэж явсаар нэг айлын дээгүүр гарчээ. Олон хүүхэд тэднийг үзээд:
  • Пээ та минь, үзээч, хоёр шувуу нэг мэлхийг аваад явж байна гэж бахиралдаж гэнэ. Мэлхийн түүнийг сонсоод тэссэнгүй.
  • Энэ хоёр намайг аваад явж байгаа юм биш, би өөрөө явж байгаа юм гэж хэлэх гээд амаа ангайтал модоо алдаад газар ойчиж гэнэ. 

Энэ бол Ази, Европ олон газар дэлгэрсэн ардын үлгэр. Эндээс Субашидын цэцэн, мэргэн үгсийн цоморлиг, түүнийг тайлбарласан үлгэрийн цоморлиг хаа хүртэл түгсэнийг харж болно. Мөн Эрдэнийн сан Субашид цэцэн үгийг цоморлиг, Субашидын тайлбар нь тэрхүү цэцэг үг бүрийг үлгэрчлэн тайлбарласан зохиол гэдгээрээ алдартай юм.

Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023.11.17. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бишну Пукар Шреста Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд Бишну Пукар Шреста харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө зүтгэл гарган ажиллахаа илэрхийлэв.

Далай лам амжилт хүслээ

2021.06.11. Энэтхэг, ХП, Дарамсала.Дээрхийн гэгээнтэн Далай Лам Монгол Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Ухнаагийн Хүрэлсүхэд баяр хүргэж  захидал илгээлээ. Захидалдаа Би анх 1979 онд танай оронд зочилж, хүнлэг үнэт зүйлс хийгээд буддын эрдэм ухааныг орчин цагийн боловсролтой хослуулах талаар хийж буй хичээл зүтгэлийг маань Монголын ахмад төдийгүй, залуу үеийнхэн талархан дэмжиж, урам өгч байсныг ямагт сайхнаар дурсаж явдаг билээ. Түүхэндээ эртнээс Монгол, Төвөд хоёр орны ард түмэн ахан дүүгийн харилцаатай байж ирсэн билээ. Гуравдугаар Далай Лам Содномжамцаас хойших үе үеийн Далай Лам нар монголчуудтай ойр харилцаатай байсаар өнөө цагтай золгосон юм. Би Монгол улсад өмнө очихдоо дурдсанчлан, танайд өөр өөр шашин дэлгэрч байгаа хэдий ч түүхийн талаас ард түмний үндэсний ижилсэл, соёл, оюун санааны амьдрал өнөөгийн дүр төрхөөрөө хэлбэржин тогтоход буддын шашин голлон нөлөөлсөн билээ. Бурхан Багшийн сургаал нь энэрэл нигүүлсэл ба хүчирхийлэл үл хэрэглэх тухай үзэл санааг дээдэлсэн үнэт зүйлсийг чухалчилдаг тул аливаа хувь хүний итгэл үнэмшилд харшлалгүй хэн бүхэнд ач тустай байх нь мадаггүй юм. Та болон танай улсын засгийн газар энэхүү үнэт зүйлсээ цаашид ч эрхэмлэн хадгалах болно гэдэгт итгэж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад ихээхэн хөгжил дэвшил гарсныг машид сайшаалтай. Энэ хөгжил дэвшил эгэл ард түмний аж амьдралыг бүхий л талаар сайжруулна гэдэг эргэлзэхгүй байна хэмээн дурджээ. Захидлын төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн шинээр сонгогдсон ерөнхийлөгчид ард түмнийхээ итгэл найдвар, хүсэл тэмүүллийг биелүүлэх цаашдын үйл хэрэгт нь амжилт хүсчээ.

10. Монгол, Бангладешийн харилцаа

Бангладешийн Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2022.04.27. Төрийн ордон. Улаанбаатар хот. Монгол улс.Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Махбуб Уз Заман өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайдад баяр хүргэж, Монгол, Бангладешийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгааг онцоллоо. Хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайд бодит хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, амжилт хүсэв. Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтарч байгааг Элчин сайд Махбуб Уз Заман тэмдэглэлээ. Харилцаа, хамтын ажиллагааг цаашид худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Бангладешийн элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023.11.17. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жашим Уддин Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ  илэрхийлэв. Мөн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд Жашим Уддин харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв.

11. Монгол, Беларусийн харилцаа

Шадар сайд У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайд С.Чепурнойг хүлээн авч уулзлаа

2016.09.02. Монгол Улс. Улаанбаатар хот. Шадар сайд У.Хүрэлсүх Бүгд найрамдах Беларусь улсаас Монгол улсад  суугаа Элчин сайд С.Чепурнойг хүлээн авч уулзлаа. Шадар сайд У.Хүрэлсүх хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжиж байгааг тэмдэглээд мал аж ахуй, газар тариалан, аж үйлдвэр, уул уурхай, зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Монголоос Беларусь улсад 2015 онд гэхэд л 73.5 мянган ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолж, 18.0 сая ам.долларын бараа импортолсон байна. Тиймээс хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг Шадар сайд У.Хүрэлсүх онцлов. Элчин сайд С.Чепурной хоёр улсын өндөр дээд хэмжээний айлчлал тогтмолжиж, байгааг хэллээ. Монголын хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт Беларусийн тоног төхөөрөмжийг нийлүүлж, эдгээр тоног төхөөрөмжийг ажиллуулах боловсон хүчнийг бэлтгэх чиглэлд амжилттай  хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа дурдав. Цаашид Беларусь улсаас Монголд нийлүүлж байгаа тоног, төхөөрөмж, бараа бүтээгдэхүүний төрлийг өргөжүүлж, өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр Элчин сайд С.Чепурной илэрхийллээ.

Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2021.11.08. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улс 1991 оны арван хоёрдугаар сард Бүгд Найрамдах Беларусь Улсын төрийн бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрсөн анхны орнуудын нэг болж, хоёр улсын хооронд 1992.01.24-нд дипломат харилцаа тогтоосон. Энэ дагуу хоёр улсад Элчин сайдын яамд ажиллаж байна. Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамыг 2014.06.30-ны өдөр нээсэн бол, Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Н.Горелик 2021 оны зургадугаар сард томилогдож, 2021.11.08-ны Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс, Беларусь Улсын харилцаа сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуй, зам тээвэр, онцгой байдал, боловсрол зэрэг салбарт идэвхтэй хөгжиж байгааг онцлон, цаашид хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлж, Элчин сайдад ажлын өндөр амжилт хүсэв. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дмитрий Горелик шинжлэх ухаан, технологийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж буйг онцлон тэмдэглэж, уламжлалт найрсаг харилцаатай Монгол Улстай харилцааг идэвхжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв. Тэгвэл 2019.10.11-ний өдөр Монгол Улсаас Минск хотод Элчин сайдын яам нээх тухай УИХ-ын тогтоол гарч, 2020.05.21-нд Элчин сайдын яам үйл ажиллагаагаа эхлүүлж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан 2021.09.21-ний өдөр томилогдон ажилдаа оржээ.

Александр Лукашенко мэндчилгээ дэвшүүлэв

2023.07.10. Mонгол Улс. Улаанбаатар хот. Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко: Хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, боловсрол, шинжлэх ухааны салбаруудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд бараалхав

2024.03.15. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейник Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхав. Ерөнхийлөгч олон жилийн уламжлалт найрсаг харилцаатай Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд айлчилж байгаад талархал илэрхийлж, беларусийн анд нөхөд, мэргэжилтнүүд Эрдэнэт, Дархан, Налайх, Багануур, Шарын гол зэрэг хот, хөдөө орон нутгийн бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлов. “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд модны суулгацыг хөрстэй саванд ургуулах цогцолборыг Монгол Улсад байгуулах, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломж байгааг тэмдэглэв. Уулзалтын үеэр ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дээд түвшний айлчлалыг үр дүнтэй хэрэгжүүлэх, харилцан сонирхсон асуудал болон харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейникийн  айлчлал нь тус улсаас Гадаад хэргийн сайдын түвшинд 28 жилийн дараа хийж буй хоёр дахь удаагийн айлчлал юм. Айлчлалын бүрэлдэхүүнд Беларусь Улсын Аж үйлдвэрийн орлогч сайд, Хөдөө аж ахуй, хүнсний орлогч сайд болон бизнесийн 20 гаруй төлөөлөгч багтжээ.

Беларусийн Ерөнхийлөгч А.Г.Лукашенко айлчилна

2024.05.30. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенко Монгол Улсад 2024.06.01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийнэ. Айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Бүгд Найрамдах Беларусь Улсын төрийн тэргүүний түвшинд манай улсад хийж буй анхны айлчлал юм. 1991 оны 12 дугаар сард Монгол Улс Белорусийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн гурав дахь орон болж байжээ. Харин Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын хооронд 1992.01.24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон байна. 1992 оны нэгдүгээр сард Беларусийн Ерөнхий сайд Вячеслав Кебич Улаанбаатарт айлчлахад төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Александр Лукашенко байсан. Тэгэхэд хоёр улс дипломат харилцаа тогтоосон юм гэж Беларусийн Элчин сайд Дмитрий Горелик тодотгожээ. Дипломат харилцаа тогтооход төлөөлөгчийн хувиар айлчилсан бол, энэ удаа Бүгд Найрамдах Беларусь Улсын төрийн тэргүүний түвшинд манай улсад анхны айлчлалаа хийж байна. Дубайд болсон цаг уурын өөрчлөлтийн дээд хэмжээний уулзалт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Белорусийн ерөнхийлөгч Александр Лукашенког манай улсад айлчлахыг урьжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотод ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэр Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенко болон бусад улсын төрийн тэргүүний хамт оролцож байсан учраас тэд хэдийнэ танил. Үүнээс өмнө Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар У.Хүрэлсүх сонгогдоход баярын цахилгаан ирүүлж байсан юм. Мөн тэрбээр 2023 оны наадмаар хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, боловсрол, шинжлэх ухааны салбаруудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна гэжээ баярын цахилгаан ирүүлж байсан юм.

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ  

2024.06.02. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч А.Г.Лукашенко болон дагалдан яваа төлөөлөгчдийг Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад харилцааны сайд болон Беларусь Улсын Гадаад хэргийн сайд болон бусад албаны хүн угтан авав. Беларусийн Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн манай улсад хийж буй энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, БНБУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог болж байна. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, Засгийн газар, байгууллага хоорондын 10 гаруй баримт бичигт хоёр тал гарын үсэг зурна. Мөн Монгол-Беларусийн бизнес форум зохион байгуулахаар төлөвлөж байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенког албан ёсоор угтан авлаа

2024.06.03. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад 2024.06.01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенког  Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй  мэндчилэв. Хоёр орны Ерөнхийлөгч угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улсын болон Бүгд Найрамдах Беларусь Улсын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй мэндчиллээ. Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав. Хоёр улс 1992.01.24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд беларусийн талаас Монгол Улсад анх удаа Төрийн тэргүүний түвшинд айлчилж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2024.06.03. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад 2024.06.01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв. Бүгд Найрамдах Беларусь Улсын төрийн айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ. Айлчлалын үеэр байгуулах Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ нь хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бататгах, найрсаг харилцааг хөгжүүлэх суурь баримт бичиг мөн болохыг тэмдэглэв. Хэлэлцээний үеэр Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан зорилтууд болон Тэрбум мод, Эрүүл монгол хүн, Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах талаар ярилцлаа. Худалдаа, хүнс, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин, онцгой байдал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо. Талууд төрийн айлчлалын үеэр хийсэн хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард иргэдийн сайн сайхны төлөө биеллээ олж, харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ.

Хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурав

2024.06.03.Монгол Улс.Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Төрийн айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээнд гарын үсэг зурав. Тус гэрээ нь уламжлалт найрсаг харилцааны үндсийг тодорхойлох чухал баримт бичиг бөгөөд хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, улс төр, эдийн засаг, нийгэм, соёл болон бусад салбар дахь харилцаа өргөжин хөгжих юм. Талууд мөн доорх баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Үүнд:

  • МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛС ХООРОНД 2024-2026 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЗАМЫН ЗУРАГЛАЛ

Харилцаа, хамтын ажиллагааг тухайлбал, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, барилга, уул уурхай, спорт, аялал жуулчлал, соёл, мэдээлэл зэрэг салбарт хөгжүүлнэ.

  • БОЛОВСРОЛЫН БАРИМТ БИЧИГ, ЭРДМИЙН ЗЭРГИЙН ГЭРЧИЛГЭЭГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР

Талууд бакалавр, магистр, доктор болон бусад төрлийн боловсролын баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрч, энэ салбар дахь харилцааг хөгжүүлэн, боловсролын чанарыг ахиулах талаар хамтран ажиллана.

  • ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХИЙГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ, СОЛИЛЦОХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ТЭЭВРИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ

Беларусь Улсад байнга оршин суугаа монгол иргэд, Монгол Улсад байнга оршин суугаа беларусийн иргэд жолоодох эрхийн үнэмлэхээ тухайн суугаа улсын жолоодох эрхийн үнэмлэхээр солиулах боломжтой болно. 

  • ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ОНЦГОЙ БАЙДЛЫН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ

Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдал, түймэртэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллаж, салбар хоорондын мэдээлэл, туршлага солилцож, мэргэжилтэн бэлтгэнэ.   

  • ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ,
  • ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ОЮУНЫ ӨМЧИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ

Мэдээлэл, туршлага солилцох, арга хэмжээ зохион байгуулах, мэргэжилтэн сургах, мэргэшүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Оюуны өмч эзэмшигч, зохиогчид бүтээлээ гадаад зах зээлд гаргах, эдийн засгийн эргэлтэд оруулахад хоёр улсын мэргэжлийн байгууллага ажлаа уялдуулна.

  • ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ҮАБЗ-ИЙН АЖЛЫН АЛБА, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ҮАБЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗАР ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ,
  • ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ҮНДЭСНИЙ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР

Шинжлэх ухааны академи хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох эрх зүйн үндэс бүрдлээ.  Эрчим хүч, хөдөө аж ахуйн  үйлдвэрлэлийн технологи, анагаах ухаан, эм зүй, хими болон нано зэрэг өргөн хүрээтэй салбарт хамтран ажиллах боломж нээгдэж байна.

  • ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ҮНДЭСНИЙ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХООРОНДЫН ГЭРЭЭ

Хамтарсан судалгаа, инновацын төсөл хэрэгжүүлэх замаар шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг дэмжих, судлаач, мэргэжилтэн бэлтгэх  хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, эрдэм шинжилгээний бага хурал, семинар, уулзалт зохион байгуулна. 

  • БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ЗАМЫН ЗУРАГЛАЛ

Замын зураглал нь эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх, ахисан түвшний сургалт зохион байгуулах зэргээр хоёр улсын их, дээд сургууль хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хүмүүнлэг, соёл, урлагийн харилцаа, залуу үе хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх ач холбогдолтой.

  • ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ЗАМЫН ЗУРАГЛАЛ

Хөдөө аж ахуйн салбарт өмнө байгуулсан баримт бичгийн хэрэгжилтийг хангаж,  мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалангийн чиглэлээр ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх ажлын талаар тусгажээ.

  • БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН БАЙГАЛИЙН БАЯЛАГ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ

Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах чиглэлээр салбар хариуцсан яам хоорондын урт хугацааны хамтын ажиллагааны үндсийг тодорхойлох баримт бичиг юм. Түүнчлэн байгалийн нөөцийн менежмент, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр туршлага солилцох, харилцан төлөөлөгч илгээх, эрдэм шинжилгээний семинар, хурал зэрэг арга хэмжээ хамтран зохион байгуулна.

  • АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ ХООРОНДЫН ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ

Аялал жуулчлалын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, туршлага, мэдээлэл солилцох, аялал жуулчлалын маркетинг болон сурталчилгаа хийх,  хувийн хэвшлийн байгууллага хоорондын харилцааг хөгжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар мэдээлэл хийлээ

2024.06.03. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний дүнгийн талаар  мэдээлэл өглөө. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш беларусийн талаас төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны айлчлалын үеэр уламжлалт, найрсаг харилцааг бататгаж, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээнд гарын үсэг зурсанд баяртай байгаагаа Ерөнхийлөгч нар илэрхийлэв. Талууд эдийн засаг, худалдаа, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө гэдгээ нотоллоо. Төрийн айлчлалын үеэр харилцаа, хамтын ажиллагааны ололт, амжилтыг бататган, эдийн засгийн агуулгаар баяжуулахад чиглэсэн, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх талаар ярилцлаа.

Айлчлалын үеэр байгуулсан гэрээ, хамтын ажиллагааны замын зураглал, хэлэлцээр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, хууль, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин, аялал жуулчлал, онцгой байдал, оюуны өмч зэрэг салбарт хамтрах тухай баримт бичгүүд, бизнес форум нь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдгийг төрийн тэргүүн нар тэмдэглэв. Төрийн айлчлалын үеэр хийсэн яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон асуудлын мөрөөр хоёр орны Засгийн газар, холбогдох байгууллагууд идэвх, санаачилгатай ажиллаж, бодит үр дүн гаргана гэдэгт итгэл төгс байгаагаа талууд илэрхийллээ. Монгол Улс нь Бүгд Найрамдах Беларусь Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг 1991 онд хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн улсын нэг байсныг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх онцлов. Мөн Беларусийн мэргэжилтнүүд үйлдвэр, завод, орон сууц, сургууль, цэцэрлэг, соёлын барилга, байгууламж болон Эрдэнэт, Дархан, Налайх, Багануур, Шарын гол зэрэг хот, суурин газрын бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж байсныг тэмдэглэв. Eрөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсын хэрэгжүүлж буй гадаад бодлого, түүнийг хэрэгжүүлж буй прагматик хандлага бидэнд ойр, ойлгомжтой байдаг гээд, хоёр орны харилцаанд ямар нэг хүндрэл, үл ойлголцол байхгүй гэдгийг онцлов. Цаашид өргөн хүрээнд, урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг БНБУ-д төрийн айлчлал хийхийг урилаа.

Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтарна

Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн угсралт, үйлдвэрлэл, засвар, үйлчилгээний хамтарсан төв, үнээний хамтарсан ферм байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, шилмэл үүлдрийн үхрийн генийн нөөцийг сайжруулах, махны экспортыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Беларусийн эрдэмтэд археологи, малтлага, хээрийн судалгаанд оролцоно

Талууд боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ. Хоёр улсын Шинжлэх ухааны академи хамтарсан судалгааны төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа бөгөөд беларусийн эрдэмтэд археологийн малтлага, хээрийн судалгааны ажилд оролцох боллоо. Олон монгол иргэн Беларусь Улсад суралцаж, боловсрол, мэргэжил эзэмшсэн. Одоо тус улсын тэтгэлгээр манай 28 оюутан Беларусийн техник мэргэжлийн дунд сургууль, их дээд сургуульд суралцаж байна. Цаашид Ерөнхийлөгчийн Илгээлт-2100 тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллана

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүнсний аюулгүй байдал зэрэг дэлхийн нийтийн өмнө тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд олон улсын хамтын нийгэмлэг, улс орон бүрийн хүчин чармайлт, хувь нэмэр чухал гэдэгтэй санал нэгдэж, Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Беларусь Улстай хамтран ажиллахаар тохиролцлоо.

2Беларусийн Ерөнхийлөгч А.Г.Лукашенко мод тарив

2024.06.04. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтыг даван туулах хүч чармайлтад хувь нэмрээ оруулахыг бэлгэдэж Монгол соёлын парк цогцолборт дурсгалын мод тарилаа. Ерөнхийлөгч А.Г.Лукашенко мөн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зочлох үеэрээ нүүдэлчин ахуй, зан заншлын талаар танилцан, морьт харваа, ардын урлагийн тоглолтын дээжээс толилуулсан бэсрэг наадам үзэж сонирхлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө. БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенког Чингис хаан олон улсын нисэх буудалд хоёр орны гадаад харилцааны сайд болон албаны бусад төлөөлөгчид үдлээ.

12. Монгол, Бeлгийн харилцаа

Бельгийн Хаант Улсын Хаан Филипп Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлэв

2023.07.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Бельгийн Хаант Улсын Хаан Филипп Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын Хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ ирүүлэв. Мэндчилгээнд Ерөнхийлөгч Танд болон монголын ард түмэнд эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе гэжээ.

Бельгийн Хаант Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Иан Хоогмартенс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ барив

2022.04.27. Улаанбаатар хот. Монгол Улс. Бельгийн Хаант Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Иан Хоогмартенс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ барив. Монгол, Бельгийн харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх нь чухал гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцоллоо. Мөн дэлхийн улс орнуудын өмнө тулгамдаад байгаа уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг баяжуулах, Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, санаачлагын хүрээнд үр дүнтэй ажил хэрэгжүүлэхийг зорьж буйгаа хэлэв. Элчин сайд И.Хоогмартенс хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2021 онд тохиосныг дурдаж, цаашид эрүүл мэнд, тээвэр, логистик зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг эрэлхийлж ажиллахаа илэрхийлэв. Элчин сайд И.Хоогмартенс нь 2019 онд Бельгийн Хаант Улсаас БНХАУ-д суух Элчин сайд, Монгол Улсыг хавсран суух Элчин сайдаар томилогджээ. 

13. Монгол, Бразилын харилцаа

Бразилын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023.11.16. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Маркос Безерра Аббот Галвао Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд Маркос Безерра Аббот Галвао харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

14. Монгол, Ватиканы харилцаа

15.1. Хүннү гүрэн /НТӨ209-НТ93 он

Монголын анхны төрт улс бол Хүннү гүрэн юм. Хүннү гүрэн хаанаа шанью хэмээн нэрийдэж ирсэн тухай түүхийн бүхий л эх сурвалжид тэмдэглэн үлдээжээ. Эцэг Түмэн шаньюг хүү Модун шанью буулгаж, Хүннү гүрний хаан ширээнд суусан нь дэлхийн нийтийн анхаарлыг татдаг түүхийн нэг хэсэг юм. Модун хаан хэдэн онд Хүннүгийн шаньюгийн суудалд суусан талаар янз бүрийн таамаг байдаг ч, монголын эрдэмтэд НТӨ209 он гэж үздэг. Модун шанью Хүннү гүрэнд түмт, мянгат, зуут, аравтын зохион байгуулалтыг нэвтрүүлсэн түүхэн хүн юм. Чингис хаан түмт, мянгат, зуут, аравтын зохион байгуулалтыг нэвтрүүлэхээс өмнө Модун шанью уг зохион байгуулалтыг төр, цэрэг, засаг захиргаандаа нэвтрүүлж, шинэтгэл хийж байсан гэсэн үг юм. Хүннү гүрний удирдагч миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг хэмээн зарлигдсан талаар ном, сурах бичгээс олонтаа уншиж болно. Модун шанью улсын үндэс бол газар гэж сургасантай үүнийг холбон тайлбарлаж болох юм. Хүннү гүрний газар нутаг Байгаль нуураас Цагаан хэрэм, Солонгосын хойгоос Баруун хязгаар хүрч байсан гэдэг. Хэдийгээр ази, европын цээжинд өргөн уудам газар нутгийг эзлэн суусан ч, Модун Шаньюгийн байлдан дагуулж чадаагүй улсад Эртний Солонгос ордог нь нэн сонирхолтой. Хүннү гүрний нийслэл нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон Луут хот гэдгийг дэлхий нийтээрээ мэддэг болоод удаагүй байна. Уг туурь өнөөдөр түүхийг сэргээж, танин мэдэхэд чухал сурвалж болж байгаагаараа онцлог. Хүннү гүрний хөрш зэргэлдээ эртний Хан улс оршин тогтнож байв. Тиймээс ч НТӨ198 онд Хүннү гүрэн Хан улстай гэрээ байгуулсан тухай түүхэнд тэмдэглэн үлдээсэн байна. Хоёр улсын харилцан тогтоосон гэрээний дагуу Хан улс Хүннү гүрэнд алба барьж байсан байх юм. Мөн Хүннү гүрэн, Хан улсын хооронд байгуулсан анхны гэрээний гол агуулга нь хоёр улс харилцан бие биеэ зөвшөөрч, хилийг цагаан хэрэмээр тогтоосон явдал байжээ. Эртний Хань улс нь Хожуу Хан, Тан улс гэдгийг тайлбарлах нь илүүц биз. Хүннү гүрэн буурч доройтоход тус гүрний язгууртнуудын шаньюн төлөөх тэмцэл, Хан улстай хийсэн олон удаагийн дайн, Хүннү гүрний бүрэлдэхүүн дэх нүүдэлч аймгуудын тэмцэл нөлөөлсөн гэж үздэг байна. НТӨ I зууны дундуур Хүннү гүрнийг Чжичжи болон Хуханье нар хуваан захирсан байна. Тодруулбал, НТ53 онд Хүннү гүрэн Өмнөд болон Умард хэсэгт хуваагдсан гэж хэлж болох юм. НТ215 онд Өмнөд Хүннү улс тусгаар байдлаа алдсан бол, НТ93 онд умард Хүннү улс мөхсөн тухай түүхэнд тэмдэглэн үлдээжээ. Хүннү гүрний захиргаанд байсан Сяньби нар Хан улстай хамтарч Монголын анхны төрт улс болох Хүннү гүрнийг мөхөөсөн тухай түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг. Хүннү улсын хүн амын зонхилох хэсгийг монгол угсаатан бүрдүүлж байсан ч, хожим Умард Хүннү улс эзлэгдсэнээр 500.000 орчим хүн ард нь Сяньби улсын бүрэлдэхүүнд оржээ. Энд дурдагдсан НТӨ-ийг Нийтийн тооллын өмнөх, НТ-ыг Нийтийн тоолол гэж ойлгоно.

Тэнгэрийн хүү Шаньюгийн Луут хот-

Архангай аймгийн Өлзийт сумын нутагт Орхон голын хойд биед, Харганатын хөндий гэх газар хуучин тариан талбайн дунд эртний нэгэн хотын туурь байсныг 2017 онд Улаанбаатарын их сургуулийн Археологийн тэнхимийн багш Т.Идэрхангай агаарын зургийн хайгуулаар анх нээжээ. Ингээд өнгөрсөн гурван жил тус газарт археологийн тандалт судалгааг явуулж Тэнгэрийн хүү Шанью гэсэн бичиг бүхий барилгын нүүр ваарыг олж баримтжуулсан байна. Хэдхэн жилийн өмнө анхны малтлага судалгааг явуулж Хүннүгийн хааны зуны орд, тэр дундаа түүхэн эх сурвалжид гардаг Лунчен буюу Луут хот мөн болох талаар анхны таамгийг дэвшүүлээд байна. Энэ хотын туурь нь 550 харьцах 550 метр хэмжээтэй давхар хэрэмтэй юм. Хэрэмний төв хэсэгт 250 харьцах 210 метр хэмжээтэй саравчит хашаатай. Саравчит хашааны төв хэсэгт хоёр том ордны суурь байжээ. Мөн урд талын саравчит хашааны баруун урд хэсэгт нэг том ордны суурьтай. Түүнчлэн хойд, зүүн урд болон баруун талд илэрхий мэдэгдэх хаалгатай бөгөөд хаалга тус бүрээс төв хэсэгт орших хоёр ордон руу холбосон замтай аж. Сонирхолтой нь тус ордны баруун урд хэсэгт, түүний дөрөвний нэгт хүний гараар бүтээсэн усан сантай байгаа нь зориуд төлөвлөж байгуулсан тансаг ордон байсныг гэрчилдэг гэнэ. Монгол эрдэмтэн, археологичид бие даан өөрийн хөрөнгөөр түүхийн хосгүй үнэт олдвор олсны нэг том тохиолдол нь энэхүү Луут хотыг нээн илрүүлсэн явдал юм. Цаашид хотын туурийг нэн тэргүүнд улсын хамгаалалтад авч, бүрэн малтаж, хотын эх загварын үзүүлэнг жижигрүүлсэн хэлбэрээр хийж жуулчдад хотын туурийг дээрээс нь харж болох шилэн хорготой болгохоор Монгол Улсын Шинжлэх ухааны салбарынхан зорьж байгаа юм. Архангай аймагт энэ мэт үзэж харах юм ихтэй учраас арын сайхан хангай гэж нэрлэсэн нь ийм учиртай биз. Мөн манай улсыг зорин ирэх жуулчдын 10 хувь нь Архангай аймагт саатдаг гэх судалгаа бий. Ингэхдээ гол төлөв Хятад, Орос, Солонгос, Япон, Америк, Герман, Франц, Казакстан, Австралийн жуулчид энэ аймгийг илүүтэй зорьдог нь сонирхол татам юм.

-Хүннүгийн үеийн шилдэг олдворууд-

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг дахь Хүннүгийн язгууртны булш, оршуулгын цогцолбор дурсгалт газар Гол мод 2-ыг анх 2001 онд археологич доктор, профессор Д.Эрдэнэбаатар илрүүлжээ. 2002-2005 онд дурсгалт газрын дэвсгэр зургийг гаргаж, язгууртны нэгдүгээр булшны 29 дагуул булшийг малтжээ. 2006-2009 онд язгууртны нэгдүгээр булшны үүдэвч болон чулуун өрлөгийн өнгөн хөрсийг хуулж цэвэрлэсэн байна. 2010 онд уг язгууртны булшны 30 дугаар дагуул булшийг малтаж Ромын шилэн аяга илрүүлжээ. Энэ нь Хүннү гүрэн Ромын эзэнт гүрэнтэй харилцаатай байсныг илтгэх том баримт юм. Тэгвэл 2017 онд 189 дүгээр булшны малтлага судалгааны ажлыг эхлүүлэн 2018, 2019 онд БНХАУ-ын Хенан мужийн Археологийн хүрээлэн, Лоян хотын археологийн хүрээлэнтэй хамтын малтлагаа үргэлжлүүлжээ. Гол мод 2 дурсгалт газраас олон үнэт олдворууд гарсны дотор эвэртэй, нохой биетэй хос алтан луу гарсан нь түүхийн сурвалж дахь хэд хэдэн таамгийн тайлал болж чадсан хосгүй үнэт олдвор болжээ. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Балгасын тал дахь Гол мод-2-ын Хүннүгийн 1, 10, 189-р язгууртны булшнаас археологичдын 2001-2011, 2019 оны малтлага судалгаагаар олж илрүүлсэн Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт зүйлийн жагсаалтад бүртгэгдсэн алт, мөнгө, хаш эдлэл, эртний Ромын шилэн аяга, хүрэл эдлэлүүдийг Монголбанкны Эрдэнэсийн санд шилжүүлэн авч, үзмэрийн танхимдаа дэлгэн байршуулаад байгаа юм. Энэхүү гол мод – 2, Хүннүгийн язгууртны бүлэг булшны зарим олдворыг АНУ-ын археологийн хүрээлэнгийн Археологи сэтгүүлээс 2019 оны дэлхийн шилдэг 10 олдворын нэг хэмээн зарлажээ.

-Хүннүгийн Атилла хаан Ромын эзэнт гүрэн рүү довтолсон нь- 

2023.08.30. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол-Италийн түүхэн харилцаа өнө эртнийх билээ. Цаг тооллын тухайд Хүннү гүрэн, Ромын эзэнт гүрний үеэс гэж ойлгож болох талтай. Тэр үед евро-азийн тавцанд Хүннү гүрэн, Ромын эзэнт гүрэн зэрэгцэн оршиж байсан учраас түүхэн харилцаатай байх нь ч аргагүй юм. Монголын газар нутагт хамгийн анхны төрт улсаа байгуулсан Хүннү Сүннүд эзлэгдэх үеэр тэдэнд захирагдахыг хүсээгүй хэсэг хүннүчүүд өөр газар нутаг олж суурьшихийг оролджээ. Тэд баруун тийш нүүдэлэн замдаа тааралдсан ази-европын улсуудыг эзлэн өөртөө нэгтгэж явсаар Ромын эзэнт гүрэн рүү цөмрөн оржээ. Хүннүчүүд 375 онд Төв Азиас нүүдлэн баруун зүгийн орнууд руу дайран довтолсон хэмээн түүхэнд тодорхой он заажээ. Ингэхдээ Дунай болон Днепр мөрний хоорон дахь нутагт Германы зүүн хэсгийг эзэлж, цааш баруун зүг рүү нүүдэлэн Ромын Эзэнт гүрний хязгаарт тулж, хүннүчүүдийн довтолгоон эхэлсэн байна. Ром дахь хүннүчүүд 430 онд гурван толгойлогчтой байсан бөгөөд Руас, Мундиук, Октар  гэсэн ах дүүс байжээ. Тэднийг хорвоог орхисны дараа Мундиукын хөвгүүд болох Атилла, Бледа нар авга ах Руасийн хаан ширээг 434 онд өвлөн авчээ. Гэтэл 445 онд Бледа хорвоог орхиж Атилла хэмжээгүй эрхт ноёрхлыг ганцаар эзэмших болжээ. Атилла хаан ширээнд заларсныхаа дараа улсаа төвхнүүлэхэд анхаарч, ордон бариулах, гэрээ хэлэлцээр хийх, алба гувчуур авах, албат нартаа анхаарах гээд ихээхэн завгүй байжээ. Атилла хаан 447 он гэхэд Унгарын газар нутгийн зүүн хэсгийг Константинополь болон Грекийн газар нутаг хүртэл тэлсэн байна. Үүнээс өмнө буюу 330 онд Ромын нийслэл Константинополь болсон гэдэг. Сайтар бэлтгэлээ базаасны дараа Атилла баруун Ромын эсрэг хийх аян дайнаа эхлүүлсэн байна. 3-р Цезарь Валентиниан дүүгээ Атиллад өгөөгүйгээс хорссондоо 451 онд Реймс, Труаг эзлэн авч, Галидуучийг дарсан гэдэг. Харин 452 онд Итали руу довтолсон ч, 1-р пап лам Леоноос алба гувчуур авсан учраас Ром руу довтлоогүй гэж ярих хүмүүс ч байх аж. 453 онд Атилла хаан сүүлийн эхнэр Hildchen гэх герман бүсгүйг богтолсны дараа, хуримынхаа шөнө нас баржээ. Цэргийн аугаа их жанжин тулалдааны талбарт бус, харин хуримынхаа шөнө, сүүлчийн гэргийн дэргэд нас нөгцсөн түүхчдийн анхаарлыг татдаг. Атиллагийн эзэнт улс түүнийг тэнгэрт хальснаас хойш 10 жилийн дараа бутарсан гэх нь бий. Европт гэнэт мандан бадарсан шигээ Ром дахь Атиллагийн байгуулсан Хүннүгийн эзэнт улс хаантайгаа хамт түүхийн тавцангаас арчигдсан гэж эрдэмтэд үздэг ч тийм биш юм. Түүний үлдээсэн түүхийн ул мөр өнөөг хүртэл Ромоос олдсоор буйг дараах зураг гэрчилнэ. Мөн түүний нэр алдар Унгар, Туркэд түгсэн гэж түүхчид үздэг юм. 

-Хүннүгийн хаан Атилла дуурь болон бүжгэн жүжигт мөнхөрсөн нь-

Атилла, Италиа гэх хоёр нэрийг сайтар ажиглаж, үгийн үндэс, ойролцоо дуудагдах байдлыг анзаарвал зарим талаараа төстэй мэт. Магадгүй Атилла гэх үгнээс Италиа гэх нэршил гарсан байж болзошгүй юм. Уйгар гэх үгнээс Унгар гэх үг гарсан юм уу даа гэж хувьдаа таамагладаг. Афганистаны нийслэл Кабул хотыг Чингис хааны элэнц эцэг бөгөөд Хамаг монголын анхны хаан Хабулын нэрээр нэрлэсэн мэт. Арабын Нэгдсэн Эмират нийслэл Абу Даби хотын өөрсдөө хэрхэн тайлбарлаж орчуулахыг мэдэхгүй ч, монголчуудыг аавыг уйгаржин монгол бичгээр Абу хэмээн бичдэг билээ. Эндээс Абу Даби хотын нэрийг Аав Даби хэмээн монгол хэлнээ утгачилж болохоор байгаа юм. Нэгэн цагт монголчууд персийн булан хүрч, монголын эзэнт гүрнийг байгуулж явснаас эдгээр нэршил уламжлагдаж үлдсэн байхыг үгүйсгэх аргагүй юм. Ер нь монголчууд персийн булан хүрч, тэнд ил хаант улсыг байгуулж, ил хаадаар нь монголчууд өргөмжлөгдөж, хатдыг нь монголоос аваачиж байсныг нотлох нэг баримт бол Марко Поло мюзизл юм. Тус мюзизлд Марко Поло Хувилай хааны элчээр ажиллаж, Юань гүрнээс Ил хаант улсын хаанд хатныг хүргэж өгөхөөр явахдаа Энэтхэгийн далай гаталж, Персийн булан хүрэхэд замчилсан тухай гардаг. Италийн аялагчийн монголд ирсэн болон буцсан газрын зураг нь үүнтэй зарим нэг талаараа таардаг билээ. Энэ мэт газарзүйл байршлийн нэршил хийгээд, дуудлагаас нь монгол хэлний аялгатай төстэй үг хэллэг дэлхий дахинаа байгааг анзаарч, түүх соёлын ямар нэг холбогдолтой эсэхийг гүнзгийрүүлэн судалах нь зүйн хэрэг биз. Үүн шиг Ромчуудыг донсолгож явсан Хүннүгийн эзэн хаан Атиллагийн нэрнээс Ром нийслэлтэй Итали Улсын нэршил гарсан юм болов уу даа гэж таамаглахад хүрэв. Энэ бол зөвхөн миний таамаг бөгөөд түүхчид өөрөөр тайлбарлахыг үгүйсгэх аргагүй юм. Мөн Атилла хэмээх операгаас тэрбээр дэлхийн түүхэнд нэр алдараа өнөөг хүртэл цуурайтуулсан, Ромчуудыг донсолгож явсан Хүннү гүрний эзэн хаан байсныг түвэггүйхэн ойлгож болно. Уншигч хэнбугай ч Атилла дуурийг интернетээс хайгаад үзэхэд илүүдэхгүй ээ. Монголынхоо түүх соёлыг гүнд нь ортол мэдрэх нь гарцаагүй биз. Гагцхүү дуурийн тухай уншиж ойлголттой болсны дараа үзвэл, уншсан тань амилж, тэр үеийн түүхээр аялах мэт сэтгэгдэл төрөх нь гарцаагүй юм. 2020 онд Монгол- Итали улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн үеэр Италийн элчин сайдын яамны санаачилгаар Монгол Улсад Ж.Вердигийн Аттила дуурийг Монголын сонгодог урлаг сонирхогчдын хүртээл болгохоор ярилцаж байсан нь саяхан. Үүнээс гадна, Хүннүгийн удирдагч Атиллагийн тухай өгүүлэх тэнгэрийн ташуур хэмээх балет ч бий. Уг бүжгэн жүжгийн Хүннү гүрэн үүссэний 2220 жилийн ойд зориулж, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Жамъяандагва, хөгжим болон бүжиг дэглэлтийг СТА А.Батдэлгэр нар 2011 онд анх найруулан тавьж байжээ. Тэнгэрийн ташуур балет хоёр бүлэг, дөрвөн үзэгдэлтэй Монголын үндэсний балет, үндэсний хөгжим гэдгээрээ онцлог. Хүннүгийн удирдагч Атилла хааны дэлхийг чичрүүлж явсан үеийг балетийн урлагаар үзүүлсэн бүтээл юм. Өөрөөр хэлбэл, Атилла хааны хэрхэн тулалдаж байсныг бүжгэн жүжгээр харуулсан юм. Мөн бүжгэн жүжигт Атилла хаанаас эцгийнхээ өсийг авах гэж буй Ильдико бүсгүйн дүр мөн гардаг байна.

-Плано Карпини ба Монголчуудын түүх -

Плано Карпини Монгол руу 1245 онд аялалд гарчээ. Түүний монгол руу хийсэн аяллыг газрын зурагаас харахад ямар нэг далай, тэнгис, нуур гатлаагүй, хуурай замаар аялсан байгаа юм. Ингэхдээ, Леон-Киев- Сарай-Хархорум гэх маршрутаар хуурай замаар аялсан нь түүний аяллын газрын зурагаас харагддаг. Ингэхдээ монголын нутгаарх хуурай замын аяллын зураг нь Виллиам де Рубрукийн аяллын зурагтай төстэй байгааг анзаарч болно. Ялгаатай нь тэдний аяллаа эхэлсэн газрууд л өөр байгаа юм. Плано Карпини Монголын Хаант улсад айлчилсан анхны европ гэгддэг. Түүнийг Монголд ирэхэд Гүюг албан ёсоор хаан ширээнд сууж байсан аж. Тодруулбал, 1246 онд Гүюгийг Шар ордонд Их Монгол Улсын хаанаар өргөмжлөгдөхөд гэрчээр оролцсон анхны гадаад аялагч байжээ. Плано Карпини аяллын үеэр цуглуулсан мэдээллээ Монголчуудын түүх нэрээр хожим хэвлүүлсэн гэдэг. Уг ном 9 бүлэгтэй. Эхний 8 бүлэгт татаруудын аж байдал, ёс заншил, зан ааш, шашин шүтлэг, төрийн бодлого, тэдэнтэй хэрхэн харьцах талаар гардаг бол, эцсийн бүлэгт замдаа туулж өнгөрүүлсэн газар нутгийн тухай өгүүлдэг ажээ. Европ аялагч гэхээс тоймтой өөр мэдээлэл байдаггүй байсан ч, тэрбээр Италийн аялагч байсан байх магадлал нь судалгаа шинжилгээгээр илүү тодорхой болж буй юм. Тухайлбал, өнөөдөр Чингисийн музейд нээлтээ хийсэн Монгол-Итали ялтсан зоосноос үүнийг ойлгож болно.

-Италийн аялагч Марко Поло Монголын нутгаар аялсан нь-

Марко Пологийн хөшөө Централ Товерийн урд сүндэрлэсэн байдгийг монголчууд андахгүй. Италийн энэ аялагч монголын түүхэнд ямар нэг хувь нэмэр оруулсан болоод хөшөө нь сүндэрлэсэн биз ээ. Марко Поло Юань гүрний үед Хубилай хааны дэргэд 17 жил байсан гэлцдэг. Өөрөөр хэлбэл, 1272-1289 оны хооронд монголд байсан тухай өгүүлдэг. Түүний 1298 онд гаргасан Орчлонгийн элдэв сонин номонд монголчуудын түүхэн амьдралын тухай өгүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Өгөөдэй хааны үед Ата Малык Жувейны, Гүюг хааны үед Плано Карпини, Мөнх хааны үед Виллиам де Рубрук, Хубилай хааны үед Марко Поло манай улсад байсан бөгөөд монголчуудын аж амьдралын талаар үзсэн, харсан, мэдсэн зүйлээрээ тэмдэглэл бичиж үлдээсэн байгаа юм. Эдгээр нь монголчуудын талаарх хамгийн баттай мэдээлэлд тухайн цаг үедээ орж байжээ. Марко Пологийн аяллын газрын зурагаас тэрбээр монголд ирэхдээ Плано Карпини, Виллиам Рубрукийн ирсэн маршрутаар аялсан байж магадгүй харагддаг. Түүний аяллын маршрут өмнөх хоёроо бодвол хуурай газраар явж, бага зэрэг товчилсон байгаа юм. Гэхдээ Плано Карпини, Виллиам де Рубрук нарын аяллын маршруттай ойролцоо байгаа нь анзаарагддаг. Харин тэрбээр олон жилийн дараа буцахдаа усан замаар Энэтхэгийн далай гаталж Персийн буланд хүрсэн байдаг. Тэрбээр, Хубилай хааны зарлигаар Юань гүрнээс Ил хаант улсын хаанд хатан хүргэж өгөх ёстой болжээ. Марко Поло аяллын туршлагатай учраас Монголын эзэнт гүрний Юань улсаас Ил хаант улс руу хатныг замчилж явсан тухай түүхэнд гардаг. Энэ талаар ном зохиолд гарахаас гадна, сонгодог бүтээлүүд хүртэл туурвисан нь бий. Ер нь тэр үеийн торгоны замаар бүрэн аялсан хүн бол Марко Поло гэж үздэг. Тиймээс түүний тэмдэглэж үлдээсэн аяллын зургийг тэр үеийн Торгоны замын маршрут байсан гэж ойлгож болохоор байгаа юм. Сайтар ажиглахад, Торгоны замын маршрут Монгол руу аялсан жуулчдын маршрут зарим талаараа ойролцоо байгаа юм. Ази-Европ-Арабыг холбох асар урт энэ замаар худалдаа, наймаа, арилжаа хийгдэх учраас энэ замын төлөөх тэмцэл их байж иржээ. Өөрөөр хэлбэл, торгоны замыг хяналтандаа байлгаж чадсан нь худалдаа наймааг хяналтандаа байлгаж чаддаг байсан гэсэн үг. Тиймээс бусад улстай худалдаа наймаа хийж, хүчирхэг эдийн засагтай байхын тулд Торгоны замын төлөөх ширүүн тэмцэл олон зууны туршид өрнөсөн болов уу. Ийнхүү хэдэн зуун жилийн тэртээ Хүннүгийн Хаан Атилла ромыг донсолгож явсан бол, Монголын эзэнт гүрний үед Итали аялагч монголд саатаж байсан баримт байна. Хэдийгээр хоёр орон хэдэн мянган жилийн түүхэн харилцаатай ч, Бүгд Найрамдах Итали Улстай 1970.06.29 өдөр дипломат харилцаа тогтоосон байна. Харин Италийн нийслэл Ром хотод орших Ватикан улстай 1992.04.04-ний өдөр дипломат харилцаа тогтоожээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав

2023.06.06. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга Пол Ричард Галлагерийг хүлээн авч уулзав. Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис ирэх есдүгээр сард Монгол Улсад айлчлах болсон нь харилцаа, хамтын ажиллагаанд шинэ хуудас нээж, алтан үсгээр бичигдэх түүхэн үйл явдал гэдэгт талууд санал нэгдэв. Уулзалтын үеэр дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал, байгаль орчин, аялал жуулчлал, соёлын салбар, түүний дотор Гэгээн Ширээт Улсын архив, номын санд хадгалагдаж буй Монголын түүхэн баримт, соёлын өвийг хамтран судлах, эрдэм шинжилгээний бүтээл гаргах, тэдгээрийг хойч ирээдүйдээ таниулан өвлүүлэх талаар санал солилцов. Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга Пол Ричард Галлагер нь 1992 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улсад өндөр түвшинд анх удаа айлчилж байна.

Пап Францис айлчилна

2023.06.03. Монгол Улс. Улаанбаатар хот. Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд Монгол Улсад Төрийн айлчлал хийхээр болжээ. Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой өнгөрсөн онд тохиосон байдаг. Уг айлчлал нь Гэгээн Ширээт Улсаас манай улсад хэрэгжүүлж буй анхны өндөр түвшний айлчлал гэдгээр онцлог аж. Гэгээн Ширээт Улс нь НҮБ болон олон улсын байгууллагуудад Ватикан улсыг төлөөлөх, дэлхийн улс орнуудтай албан ёсны дипломат харилцаа тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг байна. Харин Ватикан улс нь Гэгээн Ширээт Улсаар дамжуулан засаглалын үйл ажиллагаа болон дипломат харилцааны асуудлыг хэрэгжүүлдэг байна. 1929 онд Латераны гэрээгээр Италиас тусгаар тогтносон Ватикан улс байгуулагдснаар тус улсын удирдах бүрэн эрхт субъект болжээ.

Ромын Пап нарын Монголын Хаадад илгээсэн захидал

2023.08.30. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын гадаад харилцааны хосгүй үнэт дурсгал болсон захидал бичгүүд дэлхийн хэд хэдэн оронд хадгалагдаж байдаг. Эдгээрийн дунд Ватиканы нууц архивт хадгалагдаж буй Эзэнт гүрний болон Ил хант улсын захидал бичгүүд онцгой байр эзэлдэг. Тиймээс 2018.07.04-ний өдөр Элчин сайд Ц.Жамбалдорж Ватиканы Нууц Архивын Гүйцэтгэх захирал, Хамба лам Сержио Пагано-тай албан өрөөнд нь уулзав. Ватиканы Нууц Архивт ХШ зууны үеэс буюу Их Монгол Улс байгуулагдсан цагаас дэлхий дахинтай, ялангуяа Ромын Пап лам нартай харилцаж ирсэн түүхэн захидал, баримт материал цөөнгүй тоогоор хадгалагдаж байх ёстой хэмээн манай эрдэмтэн судлаачид үздэгийг дурдаад, өнөөгийн байдлаар Монголын Их хаан Гүегээс Ромын Пап IY Инносент-д 1246 онд илгээсэн захидлын хувийг л Ватиканы талаас манайд хүлээлгэн өгсөнийг тэмдэглэж, тус архивт хадгалагдаж буй түүхэн материалуудтай танилцах, хувийг авах боломж олгохыг Элчин сайд тухайн үед хүссэн юм. Уулзалтын үр дүнд Гадаад харилцааны яам Их Монгол Улс болон Ил Хаант Улсын хаад 13 дугаар зуунд тухайн үеийн Ромын Пап лам нартай харилцаж байсан түүхэн 8 захидлыг Гадаад харилцааны төв архивт хадгалуулахаар Ватиканы нууц архиваас 2019 онд албан ёсоор гэрээ байгуулан эх хуулбарыг худалдан авчээ. Тодруулбал, Ромын Пап IV Инноцентээс Гүюг хаанд ирүүлсэн захидал /1245.03.13/, Ромын Пап IV Урбанаас Ил хан Хүлэгүд ирүүлсэн захидал /1263.05.23/, Ил хан Абагаас IY Клеменцэд илгээсэн захидал /1268 оны зун/, Ромын пап III Николасаас Ил хан Абагад ирүүлсэн захидал /1278.04.01/, Ил хан Абагаас Ромын католик шашны элчид олгосон аян замын баталгаа үнэмлэх бичиг /1279 он/, Ромын пап IV Николасаас Ил хан Аргунд ирүүлсэн 2 захидал /1288.04.02, 1289.07.15/, Ил хан Аргунаас Ромын пап IV Николаст илгээсэн захидал /1290 онд/-уудын албан ёсны хуулбарыг Гадаад харилцааны яам албан хүлээн авсан юм. Захидлуудыг Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж тэргүүтэй төлөөлөгчид Ватиканы нууц архивтай албан ёсны гэрээ байгуулан Гадаад харилцааны яамны захиалгаар хуулбарлан авсан байдаг. Эзэнт гүрний хаан, Ил хан болон Ромын пап нарын харилцан солилцсон захидлуудыг нэг дор хуулбарлан авсан нь манай улсын хувьд онцгой ач холбогдолтой бөгөөд тухайн цаг үеийн түүхэн харилцааг бүтэн болгон эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах боломжийг түүхч, судлаачдад олгосон юм. Эдгээр 8 захидлыг Дипломат албаны музейд тухайн үед байрлуулсан ч, одоо Чингисийн музейд хадгалагдаж байна. Соёлын яамнаас дээрх түүхэн 8 захидлыг Чингис хаан музейн үзмэрт авах тухай хүсэлт гаргасны дагуу 2022.06.24-ний өдөр Чингис хаан музейд хүлээлгэн өгчээ. Эдгээр нь Монгол-Итали улс өнө эртний түүх, улс төр, эдийн засгийн харилцаатай байсныг гэрчилнэ. Өнөөг хүртэл хоёр орон уг найрсаг харилцаагаа үргэлжлүүлсээр байгаагийн нэг тод жишээ бол Ромын Пап Монгол Улсад айлчилж буй явдал юм.

-Италийн зохиолч Жованни Боккачогийн бүтээл-

2023.11.21. Монгол Улс. Улаанбаатар хот. Италийн нэрт зохиолч Жованни Боккаччо 1313-1375 онд амьдарсан бөгөөд дахин сэргэлтийн үеийн шилдэг зохиолчдын тоонд багтдаг билээ. Түүнийг аав нь худалдаа наймаа, хууль эрхзүйн мэдлэг эзэмшүүлэхийг эрмэлздэг байсан ч, тэрбээр уран зохиол, худалдаа наймаа ихэд сонирхдог байжээ. Боккаччо анх яруу найраг бичиж, эцэстээ роман тууж бичиж эхлэв. Энэ үед дээгүүр алба хашиж, дипломат алба хашиж явжээ. Боккачагийн уран бүтээлийн оргил нь 1350-аад онд бичсэн Декамерон хэмээх роман юм. Декамерон бол европ дахин сэргэлтийн үеийн шилдэг зохиолын нэг ажээ. 1348 онд флоренци хотод тахал дэгдэж, 10 залуу зэлүүд газар руу хотоос зугатан гарчээ. Нэг хүн өдөрт 1 түүх ярьдаг байжээ. Декамерон нь 10 залуугийн 10 өдөр ярьсан 100 үлгэрээс бүтсэн зохиомжтой ажээ. Иймд зохиолын үлгэр Араб дахины үлгэрийн далай болсон 1001 шөнө хэмээх зохиол лугаа адил салангад явдлууд нь нэг ерөнхий жишмээр холбогджээ. Тууриуд нь сургаалийн, шоглосон, егөөдсөн, элэглэсэн гэх мэт олон талтай бөгөөд Бокаччо түүх, домог, хууч шог яриа тэргүүтнээс сэдэж бичжээ. Бокаччогийн зохиолын үйл явдал монголтой нягт холбоогүй ч, уг зохиолчийн бүтээл 1967 онд хэвлэгдсэн гадаадын уран зохиол унших, бичих түүвэрт хэвлэгдсэнээр монголчуудад хүрч эхэлсэн байгаа юм.  

-Декамерон хэмээх бичээс буюу эхний өдрийн гурав дахь туурь-

Нэгэн Мельхисидек хэмээх еврей султан Саладинд гурван билзэгний үлгэр ярьсан нь: Саладин Султаны суу заль хэтэрхий тул урьд бяцхан хүмүүн байснаа улам мандаж Вавильоны Султан болж, Сарацинуудыг олон удаа ялсан ба мөн адил христос ёсны олон вангуудыг дийлсэн боловч, өчнөөн олон дайн, цэрэг хөтөлж, их сүйтгэл гаргасны улмаас санхүүгээ хоосолжээ. Гэтэл нэгэн цаг дор чухал явдал тохиолдож, үлэмжхэн мөнгө хэрэгтэй болсонд хаанаас ийм их мөнгө даруй түргэнээ олох билээ хэмээн санаашран гайхаж суутал, Александр хотон дахь мөнгө хүүлэгч Мельхисидек хэмээх нэгэн баян еврей санаанд нь оржээ. Энэ хүн тусалж чадах хөрөнгөтэй боловч, гагцхүү гар татуу нэгэн ажээ. Еврейг дуудаж ирүүлээд, хүлээн авч уулзаад, зэрэгцэн суугаад өгүүлрүүн: 

Эрхэм эр ээ. Олон хүнээс сонсвоос таны биеийг тэнгэрийн номд цэцэн мэргэн бөгөөд гүн оюут хэмээх тул асуух нь: 

Чиний бие иуди, сарацин, христос энэ гурван шашны аль нь үнэн хэмээн санадаг вэ хэмээн асууваас еврей хүн сэцэн хүн тул, үгсээс өө сэв эрэлхийлж, Саладины далд санааг таниад, дотроо сэтгэх нь:

Үүнд хэрхэвч асуусан гурван шашины алины нь ч бусдаас дээр хэмээн өргөмжилж, Саладины арганд унаж болохгүй тул эрхбиш ая зүйг олж, өө сэв эрэхгүйгээр хариу тавих хэрэгтэй болжээ хэмээн бодоод өгүүлэх нь:

Аяа эзэн, миний бие юу санаж буйг танд мэдүүлэхийн тулд нэгэн бяцхан үлгэр хэлсүгэй. та сонсмуу. Миний сонссон нь:

Урьд нэгэн цагт нэр алдар өндөр бөгөөд баялаг нэгэн хүн суун ажээ. Санд нь нэгэн гайхамшигт эрдэнийн билзэг буй болой. Энэ билзэгний эрдэм ба сайхныг нь хүндэлж тахих ба өөрийн үр хүүхдүүдэд үүрд уламжлахыг бодож, хөвгүүдийн дотор хэнд нь эцгийн гараас энэ билзгийг өгвөөс мөн тэр хөвгүүн нь эцгийн өв хөрөнгийг уламжлан өвлөх бөгөөд бусад ах дүү нарын дотор ахмад, тэргүүн хэмээн хүндлэгдэхээр журам гаргаж, энэхүү билзгийг хувь хүртсэн хүн нь мөн энэ мэтээр цаашид уламжлах болжээ. Тийнхүү үе улиран шилжсээр суу зальт бөгөөд гурван сайхан адил хөвгүүдтэй хүнд хүрчээ. Эдгээр гурван хүү нь эцгийн үгээр бөгөөд шулуун шударга тул, эцэг нь гурвууланг нэг адил эрхлүүлсэн бөлгөө. Гурван залуус билзгийн тухай тогтсон заншлыг мэдэцгээх тул, тус бүр билзгийг авч, бусдаас илүү хүндлэгдэхийг хүсэн, өтөлж хөгширсөн юүгээ элдэвчлэн аргадаж, үхэхийн урьд билзгийг өөрийн биед уламжлан өгөхийг тус тус гуйх бөгөөд, өвгөн хэн хэнд нь адилхан хайртай ба бас ч, хэн хэнд нь билзгээ өгсүгэй хэмээн үгээ өгсөн ба гурван хөвгүүдийн алинд өгөхийг гайхан бүхий тул гурвуулын хүслийг хангасугай хэмээн сэтгэж, нэгэн сайн дархнаар сэмхэн хоёр ав адилхан билзэг хийлгээд үзвээс таньшгүйгээр бүтээсэн тул, үхэхийнхээ урьд гурван хөвгүүн тус бүрт нөгөө хоёроос нууж билзгийг өгөв. Хөвгүүд уламжлан авсан өв хөрөнгө ба ахлах хүндлэхийг эрж тэмцвээс, бүгд нэгэн ижил билзэг гаргаж үзүүлэх тул, ижил билзэгнүүдийн аль нь жинхэнэ, хуурамчийг таньж чадсангүй, хөвгүүдийн чухам хэн нь эцгийн өв хөрөнгийг өвлөх эрх бүхий нь тэр цагт шийдэж болсонгүй учир хэрэг хоцорсон бөлгөө. Эрхэм хаанаа таны асуусан асуулт болвоос, энэхүү үлгэр адил лүгээ адил бөгөөд дээд тэнгэрээс өөр өөр үндэсний ард түмэнд гурван ондоо ёс соёрхсон нь алины нь зөв, алины нь буруу хэмээн шилэх явдалгүй. Үндэс бүрийн ард нь өвийг өвөлж, үнэн ёсыг дагаж буй хэмээн санах боловч, чухамдаа аль нь үнэн ёсыг олж авсныг мэдэх хэмээсэн нь сайхан гурван билзэг лүгээ адил бус уу хэмээвээс Саладин түүний ихээхэн урхинаас еврей эвтэйхэн мултран гарч чадсаныг мэдэж, арга буюу өөрийн үнэн гачигдлыг хэлж хэрхэн туслах эсэхийг үзсүгэй хэмээн ямар санаатай асуусан ба хэрэв асуудалд хариу тавьж эс чадваас хэрхэн мушгих гэсэн юугээ шууд хэлбээс, еврей Саладинд хэрэгтэй мөнгийг нь туслан өгсөн билээ. Саладин хэргээ бүтээсэн хойно авсан мөнгөө тоо ёсоор бүрэн эргүүлэн өгснөөс гадна, еврейд их хүндэт бэлэг шагнаад, өөрийн шадар хүн болгон ихээхэн хүндтэй тушаалд тавьж, үргэлж нөхөрлөх боллоо гэжээ.

-Ромын Пап Францис Монголд айлчилна-

2023.08.30. Монгол Улс. Улаанбаатар хот. Италийн нийслэл Ром хот бол, Ромын төвд Ватикан хэмээх биe даасан улс бий. Энэ улс дэлхийн 1 тэрбум хүнийг итгэл үнэмшлээр нь өөртөө нэгтгэсэн христийн шашны eртөнц гэж ойлгож болох талтай. Ватикан буюу Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар 2023.08.31-ний өдрөөс 2023.09.04-ний өдрүүдэд Монгол Улсад Төрийн айлчлал хийх юм. Монгол Улс, Ватикан Улстай 1992.04.04 өдөр дипломат харилцаа тогтоосон байдаг. Дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой өнгөрсөн онд тохиосон юм. Уг айлчлал нь Гэгээн Ширээт Улсаас манай улсад хэрэгжүүлж буй анхны өндөр түвшний айлчлал гэдгээр онцлог аж. Гэгээн Ширээт Улс нь НҮБ болон олон улсын байгууллагуудад Ватикан улсыг төлөөлөх, дэлхийн улс орнуудтай албан ёсны дипломат харилцаа тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг байна. Харин Ватикан улс нь Гэгээн Ширээт Улсаар дамжуулан засаглалын үйл ажиллагаа болон дипломат харилцааны асуудлыг хэрэгжүүлдэг гэх мэдээлэл байна. 1929 онд Латераны гэрээгээр Италиас тусгаар тогтносон Ватикан улс байгуулагдснаар тус улсын удирдах бүрэн эрхт субъект болжээ.

-Пап Францисын айлчлалд зориулсан шуудангийн марк гарав-

2023.08.31. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис 2023.08.31-ний өдрөөс 2023.09.04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийх гэж байна. Үүнтэй холбогдуулан Пап Францисын Монгол Улс дахь айлчлал сэдэвт шуудангийн маркийг худалдаанд гаргах ёслол Гадаад харилцааны яаманд боллоо. Ёслолд  албаны хүмүүс оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар:Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын харилцаа, хамтын ажиллагаа соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарт өргөжин хөгжиж байгааг тэмдэглэлээ. Мөн түнш орнуудтай дипломат харилцаа тогтоосны тэгш ой, томоохон айлчлалыг тохиолдуулан тусгай марк гаргаж ирсэн Монгол шуудан компанийн уран бүтээлчдэд талархал илэрхийлэв. Гэгээн Ширээт Улсын Эванжелийн номлолын газрын тэргүүн, кардинал Луис Антонио Тагле: Шуудангийн маркийн нээлтийн ёслолд оролцож байгаадаа баяртай байна. Түнш орнуудтай дипломат харилцаа тогтоосны тэгш ой, түүхэн айлчлал зэрэг үйл явдлыг  тохиолдуулан Монгол шуудан компани тусгай марк гаргаж ирсэн уламжлалын дагуу уг маркийг гаргажээ. Энэ нь хоёр улсын ард түмэн, хүн хоорондын харилцааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал гэжээ.

-Монгол-Итали дурсгалын ялтсан зоос гарлаа-

2023.08.31. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис 2023.08.31-ний өдрөөс 2023.09.04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийх гэж байна. Түүхэн айлчлалыг угтан Монголбанк, Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран гаргасан Монгол-Итали дурсгалын ялтсан зоосны нээлт Чингис хаан музейд болов. Ромын Пап IV Инносент энх тайвныг хүсэн Монголын их хаан Гүюгт бичсэн захидлыг дипломат элч Плано де Карпини гардуулж байгааг зоосонд дүрсэлсэн байна. Их хаанд бараалхаж байгаа энэ мөчийг Италийн зураач Жерардо Доттори зурсан бөгөөд 1949 онд Плано де Карпинигийн төрөлх нутаг Мажионэ хотын захиргааны зөвлөлийн танхимын хананд мөнхөлсөн байдаг. Таван грамм жинтэй, 999.9 сорьцтой цагаан мөнгөн ялтсан зоос 50 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 150х65 мм хэмжээтэй юм. Нээлтийн ёслолд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лаура Ботта болон албаны бусад хүн оролцжээ. Дурсгалын зоос нь тэмдэглэлт ой, онцгой үйл явдалд зориулсан зураг чимэглэл, тусгай бичвэрээрээ бусад зоосноос ялгаатай бөгөөд нэрлэсэн үнэ, банкны бэлгэ тэмдгийг агуулдаг. Техник, технологийн хөгжилтэй зэрэгцэн дурсгалын зоосыг хэлбэр хийцийн хувьд олон төрлөөр үйлдвэрлэх болсны нэг нь ялтсан зоос юм гэжээ. 

-Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис хүрэлцэн ирлээ-

2023.09.01. Монгол Улс. Улаанбаатар хот.Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийхээр Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх энэ айлчлал хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол Улсын гуравдагч хөршийн болон энх тайванч гадаад бодлого, үйл ажиллагааг бататгах ач холбогдолтой. Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 31 жилийн хугацаанд харилцаа, хамтын ажиллагаа соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт өрнөж байна. Хоёр улсын харилцаа олон зуун жилийн түүхтэйг Гэгээн Ширээт Улсын номын сан, архивт хадгалагдаж буй харилцан солилцсон захидал, түүхэн баримт бичгүүд нотолдог юм гэжээ.

-Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисын айлчлал эхэллээ-

2023.09.02. Монгол Улс. Улаанбаатар хот. Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар 2023.08.31-ний өдрөөс 2023.09.04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисыг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилсний дараа цэргүүд ёслолын хүндэтгэлийн жагсаалаар алхан өнгөрөв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн хоёр улсын төлөөлөгчид, Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар болон Олон улсын байгууллагын Суурин төлөөлөгчидтэй мэндчиллээ. Төрийн тэргүүн нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Пап Францис Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар ганцаарчилсан уулзалт хийв. Пап нь дэлхийн 183 улстай дипломат харилцаатай Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн бөгөөд 1,3 тэрбум гаруй сүсэгтэнтэй католик шашны тэргүүн юм. Тэрбээр Гэгээн Ширээт Улсын гадаад бодлого, дипломат үйл ажиллагааг өмнөх үеэс илүү идэвхтэй хэрэгжүүлж байгаа бөгөөд 2013-2023 онд 62 улсад, үүнээс Мьянмар, Арабын Нэгдсэн Эмират, Ирак, Бахрейн зэрэг улсад  анх удаа айлчилжээ.

-Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис-

2013 оны 03 дугаар сарын 13-нд 266 дахь Пап-аар сонгогдсон. Европ бус тив болон Есүсийн нийгэмлэг буюу Иезуитын нийгэмлэгээс сонгогдсон анхны Пап. 1936 оны 12 дугаар сарын 17-нд Аргентин Улсын Буэнос Айрес хотноо төрсөн.

Боловсрол:

  • 1986 онд ХБНГУ-ын Франкфурт хотын Гүн ухаан, шашны номлол судлалын Ариун Жоржийн Их сургуульд докторын зэрэг,
  • 1970-1971 онд Испани Улсын Алкала дэ Энаресын Их сургуульд эрдмийн зэрэг,
  • 1967-1970 онд Сан Хосегийн коллежид Шашны номлол судлалын эрдмийн зэрэг,
  • 1963 онд Сан Мигель хотын Сан Хосегийн коллежид Гүн ухааны лиценциатын зэрэг,
  • 1958-1960 онд Чили Улсад хүмүүнлэгийн чиглэлээр суралцсан,
  • 1955-1958 онд Буэнос Айрес хотын Католик шашны Вилья-Девото сургууль,
  • Буэнос Айрес хотын Аж үйлдвэр, техникийн 27 дугаар дунд сургуулийг химийн технологич мэргэжлээр төгссөн.

Ажилласан байдал:

  • 2013 оны 03 дугаар сарын 13-нд 266 дахь Пап-аар сонгогдсон,
  • 2001-2013 онд Гэгээн Ширээт Улсын Кардиналаар томилогдож, Санваартны асуудал хариуцсан яам, Зан үйл ёслолын асуудал хариуцсан яам, Католик шашны байгууллагуудын асуудал хариуцсан яаманд ажилласан,
  • 1998-2001 онд Буэнос Айресын тэргүүн хамба,
  • 1992-1998 онд Буэнос Айресын хамба,
  • 1986- 1992 онд Аргентины Кордода хотын тэргүүн хамбын газарт санваартан,
  • 1980-1986 онд Сан Хосегийн коллежийн ректор,
  • 1973-1979 онд Аргентин дахь Иезутын нийгэмлэгийн тэргүүн,
  • 1969-1973 онд Аргентин дахь Иезутын нийгэмлэг,
  • 1969 онд Сахил хүртсэн,
  • 1964-1966 онд Санта Фе, Буэнос Айрес хотын Католик шашны коллежид утга зохиол, сэтгэл судлалын багш,
  • 1958 онд Есүсийн нийгэмлэг буюу Иезутын нийгэмлэгт элссэн,
  • Испани, итали, герман хэлтэй.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар албан ёсны уулзалт хийв-

2023.09.02. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар Төрийн ордонд албан ёсны уулзалт хийв. Уулзалтын үеэр эртний түүхэн харилцаат Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын найрсаг харилцааг өргөжүүлэх, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцлаа. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчны доройтол зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд улс бүрийн оролцоо чухал гэдгийг харилцан нотолж, Тэрбум мод, Хүнсний хангамж, аюулгүй байдал, Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцов. Монголын эзэнт гүрний хаадууд XIII зуунд тухайн үеийн Пап нартай элч шийтгэн захидлаар харилцаж, улс түмний асуудлаар хэрэг хэлэлцэж байснаас хойш хоёр улсын албан ёсны харилцаа эхлэлтэй гэж судлаачид үздэг. Пап IV Инносентээс 1245 онд Гүюг хаанд илгээсэн захидал болон түүний хариу болгож илгээсэн 1246 оны захидал бол хоёр улсын түүхэн харилцааг нотлох үнэт эх сурвалж юм.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар олон нийтэд хандаж үг хэлэв-
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:  

Эрхэм хүндэт Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис, Монгол Улсад суугаа Элчин сайд, дипломат төлөөлөгчид өө, Эрхэм хүндэт зочид оо. Та бүхэнд мөнх хөх тэнгэрийн орон, дэлхийн мянганы суут хүмүүн Их эзэн Чингис хааны өлгий нутаг, Монголын эзэнт гүрний гал голомт манай сайхан эх оронд Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис анх удаа төрийн айлчлал хийж байгаа энэхүү түүхэн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Энэхүү түүхэн айлчлал нь Чингис хааны мэндэлсний 860 жил, Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 30 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа ач холбогдолтой юм. Монгол Улс болон Гэгээн Ширээт Улсын харилцаа эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын үеэс эхэлсэн түүхтэй. Одоогоос найман зууны тэртээ, 1246 онд Пап IV Иннокентийн элч төлөөлөгч санваартан Плано Карпини Их Монгол Улсын нийслэл Хархорум хотноо хүрэлцэн ирж, Чингис хааны ач Гүюг хаанд бараалхан Папын захидлыг өргөн барьснаар манай хоёр орны түүхэн харилцааны үндэс суурийг тавьсан билээ. Санваартан Плано Карпини Их Монгол Улсын хаанд анх удаа бараалхан албан ёсны харилцаа тогтоосон Европын анхны элч төлөөлөгч байсан гэдгийг онцлон дурдах нь зүйтэй. Энэ үед Гүюг хааныг хаан ширээнд залах ёслол тохиосноор Папын элч төлөөлөгч Плано Карпини хүндэт зочноор уригдан оролцсон байдаг. Тэрбээр өөрийн аяллын тэмдэглэлд тулгуурлан Монголчуудын түүх хэмээх бүтээл туурвиж, дэлхий нийтийн хүртээл болгосон нь монголчуудын түүх, соёлыг өрнө дахинд таниулан мэдүүлсэн түүхэн бүтээл болсон төдийгүй Дундад зууны үеийн Монгол болон Евроазийг судлан шинжлэхэд одоо ч гэсэн чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Энэхүү түүхэн үйл явдлаас хойш яг 777 жилийн дараа Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Их Монгол Улсын гал голомт, Монгол Улсад айлчилж байгаа нь цаг тооны хувьд ч онцлогтой сайхан үйл явдал болж байна. Эртний түүхт манай хоёр орны харилцаа тэр цаг үеэс хойш үргэлжлэн 1274 онд Ил хаан Абага Пап X Грегорид, 1278 онд Пап III Николас Хубилай хаанд, 1285 онд Ил хаан Аргун Пап IV Хонориуст 1288, 1289 онд Пап IV Николас Ил хаан Аргунд, 1290 онд Ил хаан Аргун Пап IV Николаст, 1302 онд Ил хаан Хасан Пап VIII Бонифаст тус тус элч төлөөлөгчөө илгээж албан бичгээр харилцаж байсан нь манай хоёр орны харилцааны түүхийн чухал эх сурвалж болон хадгалагдан үлдсэн байна. Эдгээр эх сурвалж нь манай хоёр орны хооронд тухайн үед дипломат харилцаа, албан яриа хэлэлцээ идэвхтэй өрнөж байсныг гэрчлээд зогсохгүй өрнө, дорнын өргөн хүрээний хамтын ажиллагааны үндэс суурь, өнгийг тодорхойлогч гол хүчин зүйл, батжин бэхжих баталгаа болж байсныг нотолж байгаа юм. Орчин цагт манай хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 31 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд соёл боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллаж ирлээ. Энэхүү харилцаа өнөөдрийг хүртэл өргөжин тэлж, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж байгаад гүн талархал илэрхийлье.

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө. Монголчууд бидний өвөг дээдэс Их эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчид монгол туургатныг нэгтгэн, Монголын эзэнт гүрнийг байгуулж, өрнө, дорнодод олон зуун жил үргэлжилсэн дайн тулаан, зөрчил мөргөлдөөнийг эцэслэн, Монголын их амар амгаланг тогтоосноор, Ази, Европын олон үндэстэн, ард түмэн энх тайвнаар зэрэгцэн оршиж, амар амгалан амьдарч, судлан шинжлэх, бүтээн туурвих, цогцлоон байгуулах нөхцөл боломжийг бүрдүүлж чадсан юм. Үүний үр дүнд даян дэлхийн олон ард түмэн өөрсдийн үнэт зүйлсээ харилцан хүлээн зөвшөөрч, олон соёл иргэншил зэрэгцэн оршиж, өртөө шуудан, зам тээвэр, дипломат харилцаа, худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, урлаг, соёлын олон салбар цэцэглэн хөгжиж, шашны эрх чөлөөний тухай үзэл санаа, хууль дээдлэх зарчим төлөвшин тогтсон зэрэг нь монголчуудын дэлхийн түүхэнд оруулсан чухал хувь нэмэр, хүн төрөлхтөнд өвлүүлсэн үнэт өв болохыг дэлхийн эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагууд онцлон тэмдэглэдэг. Эзэн Чингис хаанаас уламжилсан төрт ёсоо дээдлэх, эв эеийг хичээж, амар амгаланг цогцлоох монгол төрийн бодлого зуун зууныг өртөөлөн өнөөгийн бидэнд өвлөгдөн ирсэн бөгөөд эдүгээ Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлж, олон улс, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэхийн төлөө тууштай байр суурь баримтлан ажиллаж байна. Монгол Улс олон талт яриа хэлэлцээг чухалчилж, олон улс, бүс нутгийн аюулгүй байдалд тулгарсан сорилт, бэрхшээлийг шийдвэрлэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад энхийн замаар хувь нэмрээ оруулахын төлөө идэвх санаачилга гарган, мөнхийн хоёр хөрш болон гуравдагч хөршүүдтэйгээ идэвхтэй хамтран ажиллаж байна. Монгол Улс өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Энхийг сахиулах 15 удаагийн ажиллагаанд 20 гаруй мянган энхийг сахиулагчдаа оролцуулж, дэлхий дахинаа энх тайван, аюулгүй байдлыг хангах ариун үйл хэрэгт хувь нэмрээ оруулж байгаа бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ тив, дэлхийн халуун цэгүүдэд нэр төртэй биелүүлж байна. Монголчууд эрт дээр үеэс оюун санааны эрх чөлөөг дээдэлж, олон ургалч үзлийг хүндэтгэж ирсэн түүхэн уламжлалтай бөгөөд эзэн Чингис хаан, Их Монгол Улсын үеэс монгол хаад, язгууртнууд аливаа шашин шүтлэгт хүндэтгэлтэй хандан, сүм, хийдийг алба татвараас чөлөөлж, нийслэл Хархорум хотод Буддын, Христийн, Исламын зэрэг 12 сүм дуган зэрэгцэн оршиж байсан түүхтэй билээ. Оюун санаа, итгэл үнэмшлийн эрх чөлөөг хүндэтгэх энэхүү үзэл санааг өнөөгийн монголчууд залгамжлан хөгжүүлж Үндсэн хуульдаа тунхаглан дархалсан юм.

Нүүдлийн соёл иргэншилт монголчууд бид өнө эртнээс эх дэлхий,  байгаль орчноо хайрлан хамгаалж, ирээдүй хойчдоо унаган төрхөөр нь өвлүүлэн үлдээхийг эрхэмлэж ирсэн. Эрхэм хүндэт Пап Францис Таны дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаар болон дэлхийн хүн амын хүнсний хомсдол, хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар хэлсэн үг, байр суурь, баримталж буй бодлого манай улсад хэрэгжүүлж буй Тэрбум мод, Хүнсний хувьсгал, Эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөнтэй бүрнээ нийцэж байгаа бөгөөд цаашид хүн төрөлхтний хувь заяа, тогтвортой хөгжлийн үндэс суурь болсон байгаль орчин, хүнсний хангамж, аюулгүй байдлын чиглэлээр Гэгээн Ширээт Улстай бүх талаар хамтран ажиллах болно. Мөн түүх, архив, сан хөмрөг болон соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн чиглэлээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Эрхэм хүндэт Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис, Таны Монгол Улсад хийж буй энэхүү төрийн айлчлал нь манай улсын олон тулгуурт энхийг эрхэмлэсэн гадаад бодлого, хоёр орны харилцааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж, манай хоёр орны цаашдын найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд түүхэн чухал үүрэг гүйцэтгэн, алтан үсгээр бичигдэн үлдэх болно. Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, эрхэм хүндэт Пап Францис Танд болон даян дэлхийн улс түмэнд Монголын ард түмнийхээ нэрийн өмнөөс эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Мөнх тэнгэрийн хүчин дор хүн төрөлхтөн өнө мөнхөд амар амгалан орших болтугай.

ГЭГЭЭН ШИРЭЭТ УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН ПАП ФРАНЦИС:

Эрхэм хүндэт ноён Ерөнхийлөгч, Эрхэм Улсын Их Хурлын дарга, Эрхэм Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, дипломат төлөөлөгчид, Иргэний болон шашны байгууллагын хүндэт төлөөллүүд, Соёлын ертөнцийн нэрт төлөөлөгчид, Хатагтай, ноёд оо. Халуун дотноор хүлээн авч, сайхан үг хэлсэн эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд талархал илэрхийлье. Энд хуран цугласан эрхэм хүндэт Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Танай сайхан өргөн уудам нутгийг зорин ирж, айлчлал гэдэг үгийн утга учир, мөн чанарыг бүрэн дүүрэн ойлгож, эрхэмлэн дээдэлж ирсэн ард түмэнтэй учран золгож байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг билээ. Би та бүхэнтэй итгэл хүндлэл дүүрэн уулзан золгож,  Монголын үзэсгэлэнт тал нутагт тодрон үзэгдэх, нүүдэлчдийн өнө эртнээс уламжлан ирсэн орд цагаан өргөө гэрт анх удаа морилон саатаж дотносон танилцаж байгаагаар төсөөлж байна. Энхийг эрхэмлэн эргэл мөргөлөөр замнан яваа санваартан миний бие Та бүхний хүмүүнлэг ёс, найрсаг зан аальд хөгжин, талархан баясах хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн, зүрх сэтгэлдээ аз жаргалыг тээж, амар амгаланг өвөрлөн ийнхүү өргөө гэрийн тань үүдэнд хүрэлцэн ирлээ. Бид анд нөхдийнхөө гэрт зочлон ирэхдээ мэндийн бэлгээ солилцож, эртний түүхээ эргэн дурсдаг сайхан уламжлалтай. Монгол Улс болон Гэгээн Ширээт Улсын хооронд орчин үеийн дипломат харилцаа тогтоосон нь саяхан мэт боловч энэ жил хоёр тал харилцан зөвшилцөж гарын үсэг зурсны 30 жилийн ой тохиож байна. Эрт цагт, 777 жилийн тэртээ, 1246 оны наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр Папын элч санваартан Жон Плано Карпини Их Монгол Улсын гуравдугаар хаан Гүюг хаанд бараалхаж,  Пап IV Иннокентийн албан бичгийг гардуулж байсан. Удалгүй Их хааны монгол бичгээр сийлсэн тамгатай хариу бичгийг олон хэлээр орчуулан илгээсэн нь эдүгээ Ватиканы номын санд хадгалагдаж буй. Өнөөдөр би энэхүү албан бичгийн дэвшилтэт технологиор дээд зэргийн чанартайгаар үйлдсэн албан ёсны хуулбарыг хүндэтгэлтэйгээр бэлэг болгон өргөн барьж байна. Энэхүү бэлэг өнөө цагт өргөжин тэлж буй эртний найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг болох болтугай. Би танай хөдөө нутгийн хүүхдүүд өглөөний наран мандахад алсад бэлчих мал сүргээ өргөө гэрийнхээ үүдээр ажиглан тоолж, аав, ээждээ хэлдэг гэж дуулсан. Бид ч бас алсыг ширтэх адил, даян дэлхийн энгээр ойрыг бус, холыг харж байхын ач тусыг эрхэмлэж байх учиртай.

Талын нүүдэлчин амьдралд төрж, өргөн уудам газар нутагт тархан сууж, хөрш зэргэлдээх олон соёлоос ялгарах өвөрмөц онцлогтой байна гэдэг бол монгол гэрийн соёлоос суралцах зүйл их гэсэн үг юм. Монголын энгүй уудам нутаг говь цөлөөс тал хээр хүртэл, тэгш өндөрлөгөөс Алтай, Хангайн их уулс, ой хөвч хүрч, гол мөрөн нь тохойрон урсаж, өндрөөс ажихад, эртний тансаг нэхмэл дээр сүлжин урласан чимэг хээ шиг, сэтгэл булааж, урин дуудах үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэн адил, бүхий л дэлхийн гоо үзэсгэлэн, сүр жавхланг тусган тольдох мэт санагдана. Үеэс үед малчид, тариаланчдын уламжлан хөгжүүлж ирсэн, байгаль орчны тэнцвэрт байдлыг хүндэтгэх Та бүхний төрөлх сэцэн ухаан нь явцуу ашиг сонирхлоос татгалзаж, ирээдүй хойч үедээ газар нутгаа үржил шимт онгон төрхөөр нь өвлүүлэн үлдээх хүсэл эрмэлзэлтэй энэ цагийн хэн бүхэнд үлгэр дуурайлал болж байна. Энэ нь загалмайтны шашинтан бидний Бурхны бүтээл, түүний өгөөмөр сэтгэлийн үр шим хэмээн ойлгодог байгаль дэлхийг хайрлан хамгаалж, хүндэтгэн талархаж, хариуцлагатай экологийн бодлогын алсын хараа, энэрэн нигүүлсэх соёл суртлыг баримтлан хүнээс үүдэлтэй хор хөнөөлийн эсрэг тэмцэхэд Та бүхэн тусалж байгаа хэрэг юм. Монгол гэр бол орчин үед байгаль экологид хамгийн ээлтэй, хүрээлэн буй орчинд ямар ч хор нөлөөгүй, олон талын ач тустай орон сууц юм. Цаашилбал, монголын уламжлалт бөө мөргөлийн цогц алсын хараа, хамаг амьтныг энэрэн нигүүлсэх Буддын гүн ухааны үзэл санаа нь эх дэлхийгээ хайрлан хамгаалах хойшлуулж болшгүй чухал үйл хэрэгт онцгой хувь нэмэр оруулж чадах билээ. Хот, хөдөөгүй байгаа монгол гэр нь настан буурлууд хийгээд залуу хойч үеийн ахуй амьдралын хэвшлийг холбон, уламжлал хийгээд шинэчлэлийн үнэт шүтэлцээг нотлох мэт монгол үндэстний үе залгамжийн гэрч нотолгоо болж байна. Эртнээс эдүгээ хүртэл танай ард түмэн үндэс угсаагаа хадгалахын зэрэгцээ сүүлийн хэдэн арван жилд дэлхий дахины ардчилал, хөгжлийн их сорилтод нээлттэй байж иржээ. Өргөн хүрээний дипломат харилцаатай, Нэгдсэн Үндэстний Байгууллагын идэвхтэй гишүүн Монгол Улс өнөөдөр хүний эрхийг дээдлэх, энх тайвныг цогцлоохын төлөө хүчин чармайлтаараа Ази тивийн цээжнээ төдийгүй олон улсын тавцанд чухал үүрэг гүйцэтгэж байна. Монгол Улс бол энхийг эрхэмлэсэн гадаад бодлоготой, ардчилсан улс төдийгүй даян дэлхийн энх тайвны төлөө хувь нэмрээ оруулах эрхэм зорилго тээж яваа улс юм… Цаг уурын эрс тэрс уур амьсгалын алинд ч тохиромжтой монгол гэр монголчуудад янз бүрийн газар оронд оршин суух боломжийг олгосон бөгөөд энэ нь нутаг дэвсгэрээ үлэмж хэмжээгээр тэлсэн Монголын эзэнт гүрний түүх домогт цаг үед нотлогдсон байдаг. Миний бие Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой тохиож буй энэ цаг үед Монгол Улсад зочилж байгаадаа баяртай байна.

Танай эзэнт гүрэн тийм хол, тийм олон янзын газар нутгийг хамарч, тэр их уудам нутаг дэвсгэр дээрх олон ард түмний онцгой авьяас чадварыг үнэлж , улс иргэнийг засан тохинуулах их албанд тохоон томилж байсан явдал бол танай өвөг дээдсийн гайхамшигт чадварын гэрч баримт юм. Энэхүү арга ухаан бидний цаг үед ч үнэ цэнтэй хэвээр байгаа бөгөөд сэргээн хэрэглэх боломжтой. Зөрчил мөргөлдөөнд нэрвэгдээд байгаа энэ дэлхийг тэнгэр ивээж, Монголын их амар амгалан цогцолж, аливаа зөрчил тэмцэл үгүй болсон байсан тэр нэгэн цаг үе шиг олон улсын хууль эрх зүй, хэм хэмжээг хүндэтгэн дээдэлж байх болтугай. Монголчуудын Үүл нүүж тэнгэр цэлмэнэ гэж хэлдэг шиг, дэлхийн хаана  ч байдаг ах дүү мэт зэрэгцэн орших хүсэл тэмүүллээр дайны хар үүл сарнин арилж, зөрчил тэмцэл яриа хэлцлээр шийдэгдэж, хүн бүрийн суурь эрх батжин бэхжих болтугай.
Арвин баялаг түүхтэй, тэнгэрт ивээгдсэн энэ улс орноос Дээд тэнгэр амар амгаланг соёрхон бэлэглэхийг эрэн хүсье, бүгд хамтдаа ирээдүйн энхийн төлөө хичээнгүйлэн зүтгэцгээе. Монгол гэрт ормогц гэрийн орой дахь гэрэл гэгээ оруулж, тэнгэр огторгуйн гайхам сайхныг тольдон харуулдаг тооно бидний харааг булаадаг. Танай энэхүү уламжлалт аж төрөх байдал биднийг хараа дээгүүр, толгой цэх байх шалтгаан нөхцөл болж байгааг онцолмоор байна. Хараа дээгүүр байж, Та бүхний өнөд дээдлэн шүтэж ирсэн мөнх хөх тэнгэр өөд харж байна гэдэг бол шашны сургаал номлолуудыг хүндэтгэн, уужууу бодлогоор хандана гэсэн үг юм. Оюун санаа, сүсэг бишрэлийн торгон мэдрэмж танай соёлын мөн чанарын эд эс бүхэнд гүн гүнзгий оршдог учраас Монгол Улс шашин шүтлэгийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг байх нь аргагүй юм. Хязгааргүй үргэлжлэх тэнгэрийн хаяаг тольдон харж, дотоод амар амгаланг дэлгэрүүлэх заяатай төрсөн танай ард түмэн оюун санааны торгон мэдрэмжийг төгөлдөржүүлэн хөгжүүлж иржээ. Та бүхнийг хүрээлэн буй байгаль орчны тоо томшгүй олон юмс үзэгдлийн ер бусын сүр жавхлан та бүхний эгэл даруу зан чанарыг төрүүлж байгаа гайхамшигтай мэдрэмж, буруугаас ангид байх чадварыг тэтгэн хөгжүүлж байгаа юм…  Аливаа шашин шүтлэг дотоодын хагарал бутралгүй, өөрийн оюун санааны язгуур уламжлалаа хадгалж байсан цагт эрүүл, хөгжингүй нийгмийг бүтээн байгуулахад итгэж болох дэмжлэг болдог. Ийм нийгэмд энх тайвнаар зэрэгцэн оршиж, төрийн бодлогын алсын хараа нь бүх нийтийн сайн сайхны төлөө илүү чиглэж байхын төлөө сүсэгтнүүд хичээн зүтгэдэг билээ. Түүнчлэн шашин шүтлэг нь ямар ч хүний нийгмийн хөгжилд ноцтой аюул занал учруулдаг авлига хээл хахуулийн далд хөнөөлийн эсрэг хамгаалагч болж байдаг. Авлига, хээл хахууль нь бүхэл бүтэн улс орныг сүйрүүлж мэдэх хэрэглээг чухалчилсан, ёс суртахуунгүй сэтгэлгээнээс үүдсэн уршиг урхаг бөгөөд амин хувийн ашиг сонирхлоо бодож, олноос зожгирч, тэнгэр өөд харах эрхгүй болж, ах дүүгийн өргөн харилцаанаас ангижран одохын цондон болдог юм. Харин та бүхний өвөг дээдэс, эзэн хаад хараа дээгүүр байж, өргөн уудмыг тогтон тольдож байхыг соён сургасан билээ. Тэд олон янзын үзэл бодол, ахуй амьдралын туршлагыг холбон хослуулах онцгой ур чадварыг хөгжүүлж ирсэн. Энэ  нь олон шашин зэрэгцэн орших тохиолдолд ч мөн илэрч байв. Олон янзын ариун нандин зан заншил, уламжлалд энэхүү эв эеийг сахиж, өрөөл бусдыг хүндэтгэх үзлээр хандаж ирснийг эртний нийслэл Хархорум хотод Христийн болон өөр олон шашны сүсэг мөргөлийн газар оршин байсан явдал гэрчилнэ. Ийм  учраас, Та бүхэн оюун санааны болон шашин шүтэх эрх чөлөөнд хүрч, түүнийгээ Үндсэн хуульдаа дархалсан нь танай ард түмний хувьд жам ёсны зүйл гэлтэй. 

Та бүхэн шашин шүтлэг хөгжлийг сааруулан саатуулдаг тул устгах нь зүйтэй гэж үздэг шашингүй үзлийг цус асгаруулалгүй даван туулж, өөр өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй сүсэгтнүүд хоорондын зохистой харилцааны тулгуур ач холбогдлыг хүндэтгэн хүлээн зөвшөөрч, хүн зоны ёс суртахууны болон оюун санааны хөгжилд хувь нэмрээ оруулж ирсэн билээ. Энэ чиглэлд Монгол дахь католик шашныхан хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна. Эдүгээгээс 30 гаруй жилийн өмнө Монгол дахь католик шашныхан анх монгол гэрт үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр нийслэл хотод монгол гэрийг санагдуулам хэлбэр загвартай сүм хийдэд үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ нь монгол дахь католик шашны сүм хийд ахан дүүсийн хариуцлагатай үйл хэргийн төлөө Монголын ард иргэдтэй аж амьдрал, ажил хөдөлмөрөөрөө хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байдгийн илэрхийлэл юм. Монгол дахь католик шашны сүсэгтнүүд хэдий цөөхүүлээ боловч эв нэгдэл, шашин хоорондын яриа хэлэлцээ, харилцан хүндэтгэлийн соёлыг түгээж, нийгмийн шударга ёс, энх тайван, эв найрамдлын төлөө ажиллан, улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна. Монголын католик шашинтнууд гадаад улс орноос хүрэлцэн ирсэн, эмэгтэй, эрэгтэй, сахилтан, санваартнуудын тусламж дэмжлэгтэйгээр танай орны ард түмний сайн сайхны төлөө танай орны алсыг харсан, бодит хэрэгцээ шаардлагад нийцсэн хууль ёс, дүрэм журмын ачаар хүн ёсны хийгээд оюун санааны хувь нэмрээ ямар нэгэн хүндрэл бэрхшээлгүйгээр оруулж ирсэн юм. Үүнд бид талархаж байгаа бөгөөд цаашид ч ийм нөхцөл боломж нээлттэй байна гэдэгт итгэж байна. Монгол Улс, Гэгээн Ширээт Улс хооронд гэрээ байгуулах яриа хэлэлцээ үргэлжилж байгаа нь католик шашны сүм хийд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Тэдний үйл ажиллагаа шашны зан үйлээс гадна боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, судалгаа, соёлын дэвшил зэрэг хүний цогц хөгжлийн төлөөх олон санал санаачилгад чиглэсэн байдаг. Тэдгээр санал, санаачилга нь даруу төлөв, элэгсэг дотно, эв найртай байх Есүсийн сургаал номлолын нотолгоо болж байдаг бөгөөд тус сургаал номлол нь католик шашинтнуудын амьдрал хэмээх аялалдаа даган мөрдөж, дэлхийн бусад ард түмэнтэй зэрэгцэн алхах зам мөр болдог билээ. Энэ айлчлалдаа зориулан сонгон авсан Хамтдаа итгэж найдацгаая гэсэн бидний уриалга бүх нийтийн сайн сайхны төлөө харилцан хүндэтгэлтэйгээр хамтран ажиллах Та бидний их үйл хэргийн нөөц боломжийг тод томруун илэрхийлж байгаа юм.

Эртний сурвалжит оюун санааны уламжлалыг хадгалсан, дэлхийн бараг бүх улс оронд байдаг католик сүм хийдийн институт шинжлэх ухаан, утга зохиол, урлаг, улс төр, нийгмийн амьдралын олон чиглэлээр олон улс үндэстний хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсаар байна. Монголын католик шашинтнууд тэнгэрт ивээгдсэн энэ агуу газар нутагт аж төрж буй Та бүхэнтэй харилцан зөвшилцөж, хамтран ажиллаж, элбэг хангалуун, амар тайван нийгмийг цогцлоох үйл хэрэгт бодит хувь нэмрээ оруулсаар байна гэдэгт итгэлтэй байна…Дэлхий дахин суралцах зүйл асар ихтэй танай оронд хүрэлцэн ирсэн эргэл мөргөлөөр замнагчид, зочид гийчид бид бүхэн энэхүү уриалгыг хүлээн авч, урам хайрласан үгийг нь ирээдүйн төлөөх бүх нийтийн яриа хэлцэл, энэрэл нигүүлсэл, алсын хараа зэрэгтээ бодитоор орчуулан хэрэглэхийг хүсэж байна. Энд цохон тэмдэглэсэнчлэн, монголын нийгмийг бүрэн дүүрэн танин мэдэж, хосгүй өвөрмөц энэ ард түмний гайхам сайхан, сурвалжит мөн чанараас дэлхий дахин үргэлжид үлгэрлэн суралцаж байх болтугай. Та бүхэн ойр тойрныхоо зовлонг амарлиулах үйл хэрэгт босоо монгол бичиг шигээ чигч тууштай байж, хүн төрөлхтөнд хүмүүний мөн чанарыг үлгэрлэн сануулж, хөрст дэлхий хэмээх нэгэн гэртээ хөх тэнгэр шиг орших болтугай. Баярлалаа.

-Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисын айлчлал өндөрлөлөө-

2023.09.04. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө. Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисыг Чингис хаан олон улсын нисэх буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Гэгээн Ширээт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Фернандо Рейс болон албаны бусад хүн үдэн мордуулав. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар албан ёсны уулзалт хийж, олон нийтэд хандан үг хэлэв. Пап Францис Католик хамба, санваартнууд, шашин дэлгэрүүлэгчид, сахилт хүмүүс, шашны хариуцлагатны ажилтнууд, Монгол дахь шашны тэргүүн нар, төлөөлөлтэй уулзаж, талархал магтаалын мөргөл үйлдэх ёслол, Энэрэл Нигүүлслийн өргөөний нээлтэд оролцлоо. Пап Францисын төрийн айлчлал хоёр улсын 800 орчим жилийн түүхтэй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх түүхэн айлчлал боллоо.

15. Монгол, Вьетнамын харилцаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгчтэй уулзав

2021.09.23. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэрээ БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Суан Фуктай уулзлаа. Уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэв. Цаашид улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлж, хамтын ажиллагааны цар хүрээг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. 2016 онд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ийн дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеэр БНСВУ-ын Ерөнхий сайдын хувиар албан ёсны айлчлал хийсэн нь харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсныг хэлэв. Дайны хүнд хэцүү цагт Монгол Улсын үзүүлж байсан тусламж, дэмжлэгийг сайнаар дурсаж явдаг, ахан дүүсийн харилцаатай улсууд гэдгийг БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Суан Фук тэмдэглэв. Өмнөд Хятадын тэнгис дэх маргааны асуудлаар дүрэмд суурилсан зохицуулалт, энхийн шугамаар шийдэх шийдлийг эрхэмлэдэг гэдгээ  хэлээд, энэ чиглэлээр Монгол Улс байр сууриа илэрхийлж байхыг хүсэв. Уулзалтын үеэр худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тээврийн нөхцөлийг сайжруулах болон хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, уул уурхай, аж үйлдвэрийн салбарт хамтрах боломжийн талаар санал солилцов гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ

2022.07.16. Монгол Улс. Улаанбаатар хот. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Нгуен Суан Фүк  мэндчилгээ дэвшүүллээ. МЭНДЧИЛГЭЭНД: Монгол Улсын Ардын хувьсгалын 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Вьетнамын төр, засаг, ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд болон танаар уламжлан Монгол Улсын төр, засаг болон нийт Монголын ард түмэнд халуун баяр хүргэж мэндчилье. Өнгөрсөн хугацаанд олсон их ололт амжилтын үндсэн дээр Монгол Улсын төр, засаг, ард түмэн эх орноо хөгжүүлэн бүтээн байгуулах их үйлсэд ихээхэн амжилтыг гаргаж, ард түмний амьжиргааны түвшин өдрөөс өдөрт тасралтгүй сайжирна гэдэгт итгэл төгс байна. Сүүлийн жилүүдэд дэлхий болон бүс нутаг олон хүндрэл, сорилттой тулгарч байгаа нөхцөлд Вьетнам, Монгол хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа тасралтгүй хөгжин бэхжиж, олон шинэ амжилтад хүрсэн билээ. Хоёр орны хичээл зүтгэлээр цаашид Вьетнам, Монголын уламжлалт найрсаг, сайн сайхан харилцаа хоёр орны ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө улам их өргөжин хөгжиж, даян дэлхий болон бүс нутгийн энх тайван, хамтын ажиллагаа, хөгжлийн төлөөх их үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт миний бие итгэл дүүрэн байна. Монгол Улсад хөгжил цэцэглэлт, Монголын ард түмэнд аз жаргал, Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд эрүүл энх, өндөр үүрэг хариуцлагатай албан тушаалдаа амжилт гаргахын ерөөлийг дэвшүүлье гэжээ.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг

2023.07.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан гадаадын улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд баярын мэндчилгээ ирүүлсээр байна. Монгол Улсын Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Вьетнамын төр, засаг, ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Ерөнхийлөгч Танд болон танаар уламжлан Монгол Улсын төр, засаг болон нийт Монголын ард түмэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэж мэндчилье. Монгол Улсад хөгжил цэцэглэлт, Монголын ард түмэнд аз жаргал, Ерөнхийлөгч Танд эрүүл энхийг хүсэхийн зэрэгцээ, өндөр үүрэг хариуцлагатай албан тушаалдаа улам их амжилт гаргахыг хүсье.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Батлан хамгаалахын сайд Фам Ван Зиангийг хүлээн авч уулзлаа

2023.10.26. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Батлан хамгаалахын сайд Фам Ван Зиангийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын урилгаар Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалд нь амжилт хүсэв. Монгол Улс, БНСВУ-ын найрсаг харилцааг хөгжүүлэх, ялангуяа, аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд энэхүү айлчлал хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Батлан хамгаалахын сайд Фам Ван Зианг БНСВУ-ын Ерөнхийлөгчийн халуун дотно мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилж, хүлээн авч уулзаж буйд нь талархал илэрхийлэв. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Батлан хамгаалахын сайдтай салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд идэвхтэй хамтран ажиллана гэдгээ хэллээ. Талууд дэлхий дахин болон бүс нутгийн аюулгүй байдал, энх тайвны төлөөх хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлж, батлан хамгаалах салбарын солилцоог нэмэгдүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад төрийн айлчлал хийнэ

2023.10.27. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 01-05-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Энэхүү айлчлалыг Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй бөгөөд 2013 оноос хойш буюу 10 жилийн дараа Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Вьетнам Улсад хийж буй айлчлал гэдгээрээ онцлог юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгтой албан ёсны хэлэлцээ хийж, Вьетнамын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонгтой уулзана. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Выөнг Динь Хүэ, Ерөнхий сайд Фам Минь Чинь нар тус тус бараалхаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар ярилцана. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол, Вьетнамын бизнес форум”-д оролцож, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо

2023.11.01. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо. Айлчлал 2023 оны 11 дүгээр сарын 01-05-ны өдрүүдэд болох бөгөөд Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй юм. Мөн 2013 оноос хойш буюу 10 жилийн дараа Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Вьетнам Улсад хийж буй айлчлал гэдгээрээ онцлог юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгтой албан ёсны хэлэлцээ хийж, Вьетнамын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонгтой уулзана. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Выөнг Динь Хүэ, Ерөнхий сайд Фам Минь Чинь нар тус тус бараалхаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар ярилцахаар төлөвлөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

2023.11.01. Вьетнам. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад төрийн айлчлал хийхээр 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ханой хотноо хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Ханой хотын Ной Бай олон улсын нисэх онгоцны буудалд БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ле Кхань Хай, Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сэрээжав, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам зэрэг албаны төлөөлөгчид угтан авав. Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд 1954 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд 70 жилийн ойг угтан тус айлчлалыг хэрэгжүүлж буй юм. Энэхүү айлчлал нь 2013 оноос хойш буюу 10 жилийн дараа Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Вьетнам Улсад хийж буй айлчлал гэдгээрээ онцлог юм. Вьетнамын талаас 1955 онд БНСВУ-ын Ерөнхийлөгч Хо Чи Мин, 2000 онд БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дык Лыонг, 2008 онд БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Минь Чиет, 2017 онд БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь нар тус тус Монгол Улсад айлчилж байжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хо Ши Минд хүндэтгэл үзүүллээ

2023.11.01. Вьетнам. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Дайнд амь үрэгдсэн дайчдын хөшөөнд цэцэг өргөлөө. Монгол Улсын Ерөнхийлөгч болон гэргийг Дайнд амь үрэгдсэн дайчдын хөшөөнд хүрэлцэн ирэхэд БНСВУ-ын Төрийн хүндэт харуул жагсаж угтлаа. Хөшөөнд цэцэг өргөх үед үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд гашуудлын ая эгшиглэв. Дайнд амь үрэгдсэн дайчдын хөшөөг үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө болон эх орноо хамгаалах үйл хэрэгт эрэлхэг зоригтой тэмцэж, амь эрсэдсэн цэрэг эрсийн алдар гавьяаг мөнхөлж, үүрд санан дурсах зорилгоор босгожээ. Тус цогцолбор нь 12,000 ам метр бүхий талбайг хамарсан 12,6 метр өндөртэй бөгөөд амь үрэгдсэн баатрыг харуулсан хөшөө юм. Тавцангийн их бие нь дөрвөлжин хэлбэртэй бөгөөд 8,7 метр өндөр, суурь нь 0,9 метр зузаантай. Ойролцоох цэнгэг усны цөөрөм нь 1,255 м2 талбайтай, 1,620 м2 талбай бүхий ногоон байгууламжийг хамарсан байдаг.Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Хо Чи Минийн бунханд хүндэтгэл үзүүлэв. Вьетнамын ард түмний удирдагч Ерөнхийлөгч Хо Чи Минийн бунхан нь Ханой хотын Ба Динь-ий талбайд байрладаг бөгөөд Ерөнхийлөгч Хо Чи Минь 1945 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр энэ талбайд бүх нийтийн анхны цуглааныг зохион байгуулж, Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улс байгуулагдсаныг зарлан тунхагласан.1973 оны 09 дүгээр сард бунхны барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд 1975 оны 06 дугаар сарын 16-нд барьж дуусгаж, мөн оны 08 дугаар сарын 26-нд албан ёсны нээлтийг хийжээ. Бунхан нь дөрвөлжин хэлбэртэй, хааш хаашаагаа 30 метр өргөнтэй, өндөр нь 21.6 метр бөгөөд 7 баллын хүчтэй газар хөдлөлтийг тэсвэрлэхээр баригдсан байна. Бунхны нийт талбайн хэмжээ 21,000 метр хавтгай дөрвөлжин болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг албан ёсоор угтах ёслол боллоо

2023.11.01. Вьетнам. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 01-05-ны өдрүүдэд Вьетнам Улсад төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг нарыг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ванг Тыөнг гэргий Фан Тхи Дамын хамт Ерөнхийлөгчийн ордны өмнө албан ёсоор угтлаа. Угтах ёслолын үеэр БНСВУ-ын Төрийн хүндэт харуул жагсаж, хөгжимд хоёр орны төрийн дуулал эгшиглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч, гэргий нарт цэцгийн баглаа барьж, дунд сургуулийн сурагчид хоёр улсын төрийн далбаатай мэндчиллээ. Төрийн тэргүүн нар хоёр талын албан ёсны төлөөлөгчдийг харилцан танилцуулсныхаа дараа цэргийн хүндэтгэлийн парад үзэж сонирхлоо. Угтах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ванг Тыөнг нар албан ёсны хэлэлцээ хийхээр уулзалтын танхим руу явжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2023.11.02. Вьетнам. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг нар 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв. Албан ёсны хэлэлцээ найрсаг, халуун дотно уур амьсгалд болж, талууд Монгол, Вьетнамын харилцаа, түүний дотор улс төр, батлан хамгаалах, зам тээвэр, ложистик, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн талбар дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Монгол Улсын Ерөнхийлөгч Вьетнам Улсад найрсгаар урьж, Монголын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч буй Вьетнамын төр, засаг, ард түмэнд талархал илэрхийллээ. Эртний түүхэн улбаатай, Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа “Найрамдалт хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурлан өргөжин бэхжиж ирснийг тэмдэглээд цаашид хоёр орны харилцааны онцлог, нөөц бололцоонд тулгуурлан хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНСВУ-д хийж буй энэхүү төрийн айлчлал нь хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг ирж буй он жилүүдэд хөгжүүлэх хэтийн төлөв, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал түлхэц болж буйг талууд онцлон тэмдэглэв. БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг 2024 онд тохиох Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсад төрийн айлчлал хийхийг урьсанд талархал илэрхийлэв. Хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин бэхжиж, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд зэрэг олон салбарт амжилтын түүхийг бүтээж буйд сэтгэл хангалуун байгаагаа хэллээ.Талууд Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, соёл, урлагийн зэрэг арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохирч, ойн хүрээнд хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдэв. Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Монгол, Вьетнамын хооронд агаарын харилцааг өргөжүүлэх, шууд нислэг үйлдэх замаар зорчигч, ачаа тээврийг хослуулан хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж иргэдийн солилцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиров. Энэ удаагийн айлчлалын үеэр байгуулж буй “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” нь хоёр улсын иргэд харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх болон аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг талууд тэмдэглэв. Талууд хоёр улсын худалдааны эргэлтийн дийлэнх хувийг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн эзэлж буйг дурдаад айлчлалын үеэр байгуулж буй “Цагаан будааны худалдааны тогтвортой нийлүүлэлтийн тухай санамж бичиг” нь цаашид Вьетнам Улсаас импортлох цагаан будааны чанарыг сайжруулах, худалдааны тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтойг онцлов. Мөн Монгол Улсаас Вьетнам Улсад экспортлох хонь, ямааны махны олон улсын мал эмнэлгийн гэрчилгээний загварын тухай баримт бичиг нь хоёр улсын хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдгийг талууд санал нэгтэй тэмдэглэв.Талууд хоёр улсын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд, жижиг, дунд үйлдвэрлэлийн хооронд хэлхээ холбоо тогтоох, хамтын ажиллагаанд төр, засгийн зүгээс бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахын чухлыг дурдаж, айлчлалын үеэр Монгол, Вьетнамын бизнес форумыг Ханой хотноо зохион байгуулж буйг сайшаав. Мөн цаашид уул уурхай, эрчим хүч, төмөр зам болон далайн тээврийн салбарт хамтран ажиллах өргөн боломж буйг талууд онцлоод Монгол Улсаас коксжих болон эрчим хүчний нүүрс, уул уурхайн бусад бүтээгдэхүүнийг Вьетнам Улсад экспортлох, арьс, шир зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн харилцан нийлүүлэх боломжийг эрэлхийлж ажиллахаар тогтов.Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, дэлхийн хүнсний хангамжид Монгол Улс хувь нэмрээ оруулах зорилгоор “Тэрбум мод” болон “Хүнсний хангамж, аюулгүй байдал” гэсэн хөдөлгөөнүүдийг эх орондоо санаачлан хэрэгжүүлж буйг дурдаад энэ чиглэлд вьетнамын талтай хамтран ажиллах боломжийн талаар ярилцав. Хоёр улсын төрийн тэргүүн нар НҮБ, АСЕАН болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирснийг онцолж, Монгол Улсын Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-д элсэх хүсэл эрмэлзлийг Вьетнам Улс үргэлжлүүлэн дэмжихээ нотлов. Хэлэлцээний дүнгээр талууд Хамтарсан мэдэгдэл гаргаж, хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх хүрээнд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа.

Монгол Улс, БНСВУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа

2025.01.24. Вьетнам. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг нарыг байлцуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслол боллоо.

ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН БАРИМТ БИЧГҮҮД:

  • Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Вьетнамын талаас Гадаад хэргийн сайд Буй Тань Сөн нар,
  • Мэдээлэл солилцоо болон цагаачлалын менежментийн тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Вьетнамын талаас Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам нар,
  • Үндэстэн дамнасан мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Вьетнамын талаас Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам нар,
  • Хамтран ажиллах тухай Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын талаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Вьетнамын талаас Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам нар,
  • Стратеги судалгааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын талаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Вьетнамын талаас Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам нар,
  • Цагаан будааны худалдааны тогтвортой байдлын тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Аж үйлдвэр, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Вьетнамын талаас Аж үйлдвэр, худалдааны сайд Нгуен Хонг Зиен нар тус тус гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг хэвлэлд мэдээлэл хийлээ

2023.11.02. Вьетнам. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг нар албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэлсэн үгэндээ, эртний түүхэн улбаатай, найрсаг харилцаатай Монгол, Вьетнам улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн босгон дээр эх орондоо найрсаг дотноор хүлээн авч буй Ерөнхийлөгч Во Ван Тыөнг болон Вьетнамын ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Монгол Улс, Вьетнам Улсын харилцаа тэртээ XIII зуунд цэрэг, улс төрийн харилцаа тогтоосноор эхэлж байсан өнө эртний түүхтэй бөгөөд ХX зууны эхний хагаст хоёр улс үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, хөгжил дэвшлийн шинэ эрин үетэй золгосон нь орчин цагийн харилцааны үндэс суурь болсон гэдгийг тэмдэглэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНСВУ-д хийж буй энэхүү төрийн айлчлал нь хоёр орны уламжлалт найрсаг харилцааг улам бүр бэхжүүлэн, ирж буй он жилүүдэд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хэтийн төлөв, цаашдын замын зураглалыг тодорхойлоход чухал түлхэц болно гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ. Айлчлалын хүрээнд хоёр улсын хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлалын салбарыг бодлогоор дэмжих, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж чадсаныг онцоллоо. Төрийн айлчлалын хүрээнд Монгол, Вьетнамын бизнес форумыг хамтран зохион байгуулж, хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаанд бодлогын дэмжлэг үзүүлэх нь худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой гэж үзэж байгаагаа хэлэв. Хоёр улсын Ерөнхийлөгчийн албан ёсны хэлэлцээ өндөр ач холбогдолтой, үр дүнтэй, найрсаг дотно болсон гэж үнэлж байгаагаа онцоллоо. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг хэлсэн үгийнхээ эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй хийсэн албан ёсны хэлэлцээ илэн далангүй, чин сэтгэлийн, найрсаг, халуун дотно уур амьсгалд болж, хоёр улсын харилцаа төдийгүй харилцан сонирхсон олон улс, бүс нутгийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, олон нийтлэг ойлголцолд хүрсэн гэдгийг тэмдэглэв. Ирэх жилүүдэд хоёр улсын хамтын ажиллагааг улам үр бүтээлтэй болгохын тулд дараах томоохон чиглэлүүдийн хүрээнд хөгжүүлэх талаар ярилцаж тохирсон гэдгийг хэллээ. Үүнд улс төр, батлан хамгаалах, аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, соёл, хөдөлмөр, иргэд хоорондын солилцооны чиглэлээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцож, нягт хамтран ажиллахаар тохирсныг онцлов. Ирэх онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнүүдийг үр дүнтэй, бодитой хэрэгжүүлэх чиглэлд хоёр тал нягт уялдаатай хамтран ажиллахаар санаачилга нэгдсэнийг дурдлаа. Ирэх жилүүдэд Вьетнам, Монголын харилцаа улам бэхжин харилцааны шинэ түншлэлд хүрч, хоёр орны ард түмний ашиг тусын тулд бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хамтын ажиллагааны хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байгаагаа тэмдэглэв. Ирэх 2024 онд тохиох Вьетнам, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч БНСВУ-ын Ерөнхийлөгчийг Монгол Улсад айлчлахыг урьсанд талархал илэрхийлж, баяртай хүлээн авч байгаагаа илэрхийллээ.

Монгол, Вьетнамын Хамтарсан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна

2023.11.02. Вьетнам. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг нарын албан ёсны хэлэлцээний дүнгээр гаргасан Монгол, Вьетнамын Хамтарсан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ, ВЬЕТНАМЫН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ:

Нэг. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг-ийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 01-05-ны өдрүүдэд Вьетнам Улсад төрийн айлчлал хийв.

Хоёр. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Вьетнамын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонг, Ерөнхий сайд Фам Минь Чинь, Үндэсний Ассамблейн дарга Выөнг Динь Хүэ нартай тус тус уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид Хо Чи Минь-ий бунханд хүндэтгэл үзүүлж, Хоа Бинь мужийн соёл, эдийн засгийн чөлөөт бүсэд зочлов.

Гурав. Айлчлалын үеэр талууд улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, технологи, зам тээвэр, ложистик, соёл, аялал жуулчлал, иргэдийн солилцоо зэрэг хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх бодит арга хэмжээний талаар болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. 2024 онд тохиох Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдэв.

Дөрөв. Албан ёсны хэлэлцээний үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Во Ван Тыөнг нар хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа хөгжин бэхжиж, улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах зэрэг олон салбарт амжилтын түүхийг бүтээж буйд сэтгэл хангалуун байгааг илэрхийлээд, цаашид хоёр орны харилцааны давуу тал, нөөц бололцоонд тулгуурлан бүхий л салбарт үр бүтээмжтэй ажиллаж, хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулан хөгжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар тохиролцов. Талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх хүрээнд дээд, өндөр түвшний төлөөлөгчдийн солилцоог нам, төр, Засгийн газар, парламент зэрэг бүхий л түвшинд үргэлжлүүлэх, 2024 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 70 жилийн түүхэн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, соёл, урлагийн арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх, хоёр талын хамтын ажиллагааны баримт бичгүүдийн хэрэгжилтийг эрчимтэй хангах талаар санал нэгдэв.

Тав. Талууд батлан ​​хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлж, хамтын ажиллагааны өнөөгийн механизмууд, түүний дотор 2019 оны 12 дугаар сард байгуулсан “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг үр дүнтэй хэрэгжүүлэх, Вьетнам Улсын Үндэсний батлан хамгаалахын сайдын 2023 оны 10 дугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр ярьж тохирсон хамтын ажиллагааны тодорхой төсөл, хөтөлбөрөөр дамжуулан мэдээлэл солилцох, батлан хамгаалах аж үйлдвэр, техник болон энхийг сахиулах зэрэг чиглэлд бодит хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаар тохиролцов. Талууд аюулгүй байдал, нийтийн хэв журмыг сахиулах, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, шилжилт хөдөлгөөний удирдлагын чиглэлд хамтран ажиллах тухай хоёр орны хууль сахиулах байгууллага хооронд байгуулсан баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангаж ажиллахаар тохиролцов. Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яамны харьяа Хөдөлгөөнт цагдаагийн газрын дэргэд байгуулагдсан Морьт цагдаагийн хороо нь нийгмийн хэв журам, аюулгүй байдлыг сахиулахад хувь нэмэр оруулж буй нь хоёр орны аюулгүй байдлын байгууллагуудын хамтын ажиллагааны тод илрэл болж буйг Талууд тэмдэглээд тус Морьт цагдаагийн хороог бэхжүүлэхэд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар болов.

Зургаа. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комисс хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хэлэлцэх чухал механизм болж хөгжиж буйг Талууд өндрөөр үнэлж, тус механизмаар дамжуулан хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт бодит хамтын ажиллагааг хөгжүүлж, хоёр орны бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид хооронд хэлхээ холбоо тогтоон худалдааг дэмжиж ажиллахаар тохиров. Мөн хоёр улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын салбар дахь хамтын ажиллагааг дэмжиж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн төлөө хоёр талын давуу тал, нөөц боломжийг дайчлан ажиллахаар болов. Талууд хоёр орны аж ахуйн нэгжүүдийг холбоход чухал үүрэг гүйцэтгэж, дэмжлэг үзүүлж буй Вьетнамын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх “Вьетнам, Монголын бизнесийн зөвлөл” болон Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх “Монгол, Вьетнамын бизнесийн зөвлөл” зэрэг байгууллагуудын хамтын ажиллагааг өндрөөр үнэлэв.

Долоо. Талууд 2019 онд байгуулсан “Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг”-ийн хэрэгжилтийг үр дүнтэйгээр хангах чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиров. Талууд Монгол Улсаас БНСВУ-д экспортлох ямаа, хонины махны “Мал эмнэлгийн ариун цэврийн гэрчилгээ” болон БНСВУ-аас Монгол Улсад экспортлох шувууны мах, махан бүтээгдэхүүний “Мал эмнэлгийн ариун цэврийн гэрчилгээ”-г тус тус харилцан тохирсон нь хоёр улсын хооронд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний солилцоо хийх таатай нөхцөл бүрдүүлснийг сайшаан тэмдэглэв.

Найм. Хоёр орны төрийн тэргүүн нар хоёр талын холбогдох байгууллагууд Монгол, Вьетнамын хооронд агаарын харилцааг өргөжүүлж, хоёр орны худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, иргэдийн солилцоог нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлэв. Талууд хоёр улс хоорондын зам тээврийн харилцаа, түүний дотор төмөр зам, далайн тээвэр, агаарын тээвэр зэрэгт тулгамдаж буй ложистикийн саад бэрхшээлийг шийдвэрлэх боломжит гарцыг үргэлжлүүлэн эрэлхийлж ажиллахаар болов.

Ес. Хоёр орны төрийн тэргүүн нар нийгмийн хамгаалал, мэргэжлийн боловсрол, нийгмийн даатгал, хүн амын хөгжил, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн бодлого, үйлчилгээ, жендерийн тэгш байдлын чиглэлээр хамтран ажиллах тухай 2017 онд байгуулсан “Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Вьетнам Улсын Хөдөлмөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийгмийн асуудлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хэрэгжилтийг хангаж ажиллахын чухлыг тэмдэглэж, талуудын хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй салбаруудад харилцан ажиллах хүч нийлүүлэх, хүлээн авах боломжийг үргэлжлүүлэн судлахаар тохиролцов.

Арав. Талууд 2012 онд байгуулсан Боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг үргэлжлүүлэн үр дүнтэй хэрэгжүүлэхээр тохиролцов. Монголын талын “Ерөнхийлөгчийн илгээлт–2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд вьетнамын тал тус улсын Засгийн газраас олгож буй тэтгэлгийн тоог нэмэгдүүлэх боломжийг нааштайгаар судлан үзэхээ илэрхийлэв. Талууд эрүүл мэндийн салбар, түүний дотор уламжлалт анагаах ухаан, ургамлын гаралтай эм үйлдвэрлэх технологийг судлах чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр орны түүх, соёлыг харилцан сурталчлах зорилго бүхий хөтөлбөр хэрэгжүүлэх, соёл, урлагийн баг, хамтлагуудын солилцоог дэмжих, түүх, соёлын өвийг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх,  хоёр талын аялал жуулчлалын давуу тал, нөөц бололцоог харилцан сурталчлах замаар иргэдийн найрсаг солилцоог эрчимжүүлэх, ялангуяа оюутан залуучуудын солилцоо, орон нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр санал нэгдэв. Мөн хоёр улсад ажиллаж, амьдарч буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдний сурч боловсрох, ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд нягт хамтран ажилласнаар тухайн иргэд хоёр орны найрамдлыг бэхжүүлэх чухал гүүр болох ач холбогдолтойг тэмдэглэв.

Арван нэг. Талууд НҮБ, ЭҮНХ, ДЭМБ, АСЕМ, АСЕАН (АРФ), ЮНЕСКО, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга, Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг (APG) зэрэг олон улсын болон бүс нутгийн байгууллагын хүрээнд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллаж, харилцан бие биеэ дэмжихээ илэрхийлэв.

Арван хоёр. Вьетнамын тал Монгол Улсыг АСЕАН-ы улс орнуудтай харилцаагаа өргөжүүлэн бэхжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж, АПЕК гишүүнчлэлээ өргөтгөх үеэр Монгол Улс тус байгууллагад элсэх хүсэлтийг дэмжихээ дахин нотлов. Талууд НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг чухалчлан үзэж, ядуурлыг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Арван гурав. Талууд Өмнөд Хятадын тэнгист энх тайван, аюулгүй байдлыг хангах, маргаантай асуудлыг НҮБ-ын дүрэм, олон улсын хууль тогтоомж, түүний дотор  1982 оны Далайн эрх зүйн тухай НҮБ-ын конвенц (UNCLOS 1982)-д нийцүүлэн энхтайвны арга замаар шийдвэрлэхийн чухлыг тэмдэглэв.

Арван дөрөв. Айлчлалын үеэр талууд дараах баримт бичигт гарын үсэг зурав. Үүнд:

  • Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр;
  • Мэдээлэл солилцоо болон цагаачлалын менежментийн тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;
  • Үндэстэн дамнасан мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;
  • Хамтран ажиллах тухай Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;
  • Стратеги судалгааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;
  • Цагаан будааны худалдааны тогтвортой нийлүүлэлтийн тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Аж үйлдвэр, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;
  • Монгол Улсаас БНСВУ-д экспортлох ямаа, хонины махны “Мал эмнэлгийн ариун цэврийн гэрчилгээ” болон БНСВУ-аас Монгол Улсад экспортлох шувууны мах, махан бүтээгдэхүүний “Мал эмнэлгийн ариун цэврийн гэрчилгээ”.

Арван тав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг болон Вьетнамын ард түмэнд Монголын төлөөлөгчдийг халуун дотно, найрсгаар хүлээн авч буйд талархал илэрхийлж, Ерөнхийлөгч Во Ван Тыөнг-ийг ирэх 2024 онд тохиох Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсад төрийн айлчлал хийхийг урив.

Монгол-Вьетнамын бизнес форум Ханой хотноо боллоо

2023.11.02. Вьетнам. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол – Вьетнамын бизнес форумд 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр оролцлоо. Форумыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол, Вьетнамын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээвэр, эрчим хүч, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нөөц боломж байгааг онцлон тэмдэглэв. Тэрбээр түүхэн найрсаг харилцаатай манай хоёр орны ард түмний хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Манай орны мал аж ахуйн түүхий эдийн нөөц болох хонь, ямаа, үхэр, адууны арьс, ширийг Вьетнамын дэвшилтэт техник технологитой хослуулан боловсруулах, мөн малын мах, махан бүтээгдэхүүн бэлтгэн экспортлох хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Далайд гарцгүй Монгол Улс нь төмөр зам, авто зам болон агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааг гуравдагч хөрш орнуудтай өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгдөг бөгөөд Вьетнамын аж ахуйн нэгжүүдтэй хамтран карго, тээвэр ложистикийн шинэ шийдлүүдийг хайх сонирхолтой байгааг цохон тэмдэглэлээ. Монгол Улс хөрөнгө оруулалтын бодлогоо улам сайжруулж, тогтвортой, тууштай байж, “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш”  байх зарчмыг баримтлан, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр эрх зүйн болон институтийн шинэчлэлүүдийг хэрэгжүүлж байгааг дурдав. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яамыг шинээр байгуулж, гадаадын хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийн үйл ажиллагааг эхлүүлээд байгааг онцоллоо. Түүнчлэн БНСВУ-ын Шадар сайд Чунг Луу Куанг тус форумыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал, Бизнес форумын өргөн оролцоо нь хоёр талын улс төрийн харилцааг эдийн засгийн хамтын ажиллагаа болгон өргөжүүлж, харилцааны цоо шинэ хуудас нээж байгааг онцлон тэмдэглэсэн юм.

Начанг-Улаанбаатар-Начанг чиглэлийн нислэгийн нээлтийн ёслол боллоо

Монгол Улсаас БНСВУ-д суугаа Элчин сайдын яам, Вьетнамын Аж үйлдвэр, худалдааны яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Вьетнамын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтран зохион байгуулсан тус форумд монголын талаас 70 гаруй, вьетнамын талаас 80 гаруй, нийт 200 орчим төлөөлөгч оролцлоо. Форумын үеэр Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар мэдээлэл өгч, хоёр улсын хооронд хөдөө аж ахуй, мал аж ахуй болон сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарт хамтран ажиллах боломжийн талаар вьетнамын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нарт дэлгэрэнгүй танилцуулав. БНСВУ-ын талаас  агаарын тээврийн Вьет-Жет групп, Совико групп, Ти Эйч групп, БиАрЖи групп, аялал жуулчлалын Вьен-Пеарл зэрэг компани үйл ажиллагаагаа танилцуулж, монголын талтай хамтран хэрэгжүүлж буй төслүүд болон цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар танилцууллаа. Мөн бизнес форумын үеэр Вьетнам Улсын Вьет-Жет авиакомпанийн Начанг-Улаанбаатар-Начанг чиглэлийн нислэгийн нээлтийн ёслол арга хэмжээ боллоо. Энэхүү нислэг нь 2023 оны 12 дугаар сарын 15-наас эхлэн тогтмол давтамжтайгаар хийгдэж эхлэх юм. Тус форумын төгсгөлд зарим аж ахуйн нэгжүүдийн хооронд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, хоёр талын бизнесийн төлөөлөгчид чөлөөт уулзалт хийж, худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Выөнг Динь Хүэ бараалхлаа

2023.11.03. Вьетнам. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНСВУ-д хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Үндэсний Ассамблейн дарга Выөнг Динь Хүэ-г хүлээн авч уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн босгон дээр Вьетнам Улсад төрийн айлчлал хийж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв. Монгол Улс Вьетнам Улсыг Зүүн өмнөд Ази дахь чухал түнш хэмээн үздэг бөгөөд хоёр улс түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын гүнзгий хэлхээ холбоотой, найрсаг дотно харилцаатай орнууд гэдгийг онцлов. Үндэсний Ассамблейн дарга Выөнг Динь Хүэ хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа дипломат харилцаа тогтоосноос хойш тууштай өргөжин гүнзгийрч ирсэн бөгөөд хүнд бэрх цаг үед монгол, вьетнамын ард түмэн бие биеэ харилцан дэмжиж, найрсгаар хамтран ажиллаж ирсэн сайхан уламжлалтайг тэмдэглэв. Хоёр орны үе үеийн удирдагчдын тавьсан харилцааны хөрс суурь нь цаг хугацааны бүхий л сорилт, шалгуурыг давж, хөгжин бэхжиж ирсэн бөгөөд цаашид энэхүү бат бэх харилцааг шат ахиулан Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх түүхэн цаг үе ирснийг талууд санал нэгтэй тэмдэглэв. Талууд хоёр улсын улс төрийн харилцааг бэхжүүлж, харилцааны эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа, хэлхээ холбоо чухал үүрэг гүйцэтгэдгийг онцолж, цаашид парламент хоорондын хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжиж, Парламентын Найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг нотлов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНСВУ-ын Ерөнхий сайд Фам Минь Чинь бараалхлаа

2023.11.03. Вьетнам. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНСВУ-д хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхий сайд Фам Минь Чинь-ийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг цохон тэмдэглээд, энэ хүрээнд БНСВУ-тай худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг-тэй хийсэн яриа, хэлэлцээ амжилттай, үр дүнтэй болсныг дурдаад айлчлалын үеэр ярьж тохирсон зүйлсийг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэх чиглэлд хоёр улсын Засгийн газар нягт хамтран ажиллана гэдэгт итгэж буйг тэмдэглэв. Хоёр улсын бат бэх харилцааг ирэх онд шат ахиулж, Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх талаар хоёр тал тохирсныг сайшаан тэмдэглэлээ. Ерөнхий сайд Фам Минь Чинь 2024 онд тохиох Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, ард түмний ойр дотно нөхөрлөлийг бэхжүүлсэн арга хэмжээг хамтдаа зохион байгуулах, түүхэн шинэ хуудсыг нээх талаар хамтран ажиллахдаа баяртай байгааг илэрхийлэв. Талууд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комисс нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хэлэлцэх чухал механизм болж хөгжиж буйг өндрөөр үнэлж, тус механизмаар дамжуулан хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт бодит хамтын ажиллагааг хөгжүүлж, хоёр орны бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид хооронд хэлхээ холбоо тогтоон худалдааг дэмжиж ажиллахын чухлыг онцоллоо. Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд тээвэр, ложистикийн саад тотгорыг арилгах, хоёр улс хоорондын агаарын харилцааг өргөжүүлэх, шууд нислэг үйлдэх замаар аялал жуулчлал, иргэдийн солилцоог нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах болсныг талууд сайшаав. Мөн цаашид бараа бүтээгдэхүүний эргэлтийг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг хөнгөвчлөх хүрээнд Монгол, Вьетнам, Хятадын зам тээврийн асуудал хариуцсан сайд нарын түвшний гурван талт уулзалтыг зохион байгуулж, төмөр замд түшиглэсэн транзит тээврийн дамжин өнгөрөх боомтуудыг тохирох чиглэлд идэвхтэй хамтран ажиллахын төлөө байгааг нотлов. Энэ удаагийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэх хүрээнд хоёр талын хэд хэдэн баримт бичгийг байгуулсныг талууд сайшаан тэмдэглээд үүний дотор “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” нь хоёр улсын иргэд харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх болон аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг талууд тэмдэглэв. Талууд мөн хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Вьетнам Улсаас цагаан будаа нийлүүлэх, Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортлох таатай нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд цагаан будааны худалдааны тогтвортой нийлүүлэлтийн тухай санамж бичиг болон олон улсын мал эмнэлгийн гэрчилгээний загварын тухай баримт бичгийг тохирсон нь хоёр улсын хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдгийг талууд санал нэгтэй тэмдэглэв. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Хоа Бинь мужийн Лыөнг Сөн аж үйлдвэрийн паркад ажиллалаа

2023.11.04. Вьетнам. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Хоа Бинь мужийн Лыөнг Сөн аж үйлдвэрийн паркад ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцлаа. БНСВУ-ын Төлөвлөлт, хөрөнгө оруулалтын яамнаас тус улсын 63 засаг захиргааны мужийн 61 муж, хотод 563 аж үйлдвэрийн парк байгуулахаар төлөвлөсөн бөгөөд 2023 оны байдлаар 397 аж үйлдвэрийн парк байгуулагдсан байна. Хоа Бинь мужид 8 аж үйлдвэрийн парк байгуулах шийдвэрийг гаргасан бөгөөд 2 аж үйлдвэрийн парк үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Лыөнг Сөн” аж үйлдвэрийн парк нь 2010 онд байгуулагдсан бөгөөд Хоа Бинь мужид 230 га талбай газрыг хамарч байна. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах, барилгын материал, нарны цахилгаан хавтан угсралт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, байгаль орчинд ээлтэй аж үйлдвэрийг дэмжих зорилготой парк юм. Лыөнг Сөн аж үйлдвэрийн парк нь байгуулагдсанаасаа хойш нийт 300 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг Япон, Солонгос, Энэтхэгийн 30 орчим аж ахуй нэгжүүдээс татжээ. Бүс нутагт нийт 15 мянга гаруй ажлын байрыг бий болгож, улсын болон орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус паркад ажиллах үеэрээ автомашины салхины шил арчигч үйлдвэрлэж буй “Cap Global” ХХК, мотоциклын сэлбэг үйлдвэрлэгч “Nissin Manufacturing Vietnam” ХХК, нарны панел үйлдвэрлэгч “CRC Solar Cell” ХК-д тус тус зочиллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-д суралцаж буй оюутнуудтай уулзлаа

2023.11.05. Вьетнам. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр тус улсад суралцаж буй монгол оюутнуудтай уулзлаа. Одоогоор Монгол Улсаас БНСВУ-д нийт 34 монгол оюутан суралцаж буй бөгөөд үүний 11 нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд суралцаж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч оюутнуудад хандан хэлсэн үгэндээ, БНСВУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлал амжилттай, өндөр үр дүнтэй болсон бөгөөд ирэх онд тохиох Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан БНСВУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлахаар болсныг хэллээ. Ирэх жилүүдэд найрсаг харилцаатай Монгол, Вьетнамын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд вьетнам хэлтэй боловсон хүчин чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцолж, сурлагын өндөр амжилт хүсэв. Мөн хүн бүр суралцах хугацаандаа эх орноо төлөөлж буйгаа үргэлж санаж, эв нэгдэл, нэр төрөө эрхэмлэж явахыг захилаа.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын иргэдэд төрийн одон, медаль гардууллаа

2023.11.05. Вьетнам. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэр бүхий иргэдэд төрийн одон, медаль гардууллаа. Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан хоёр орны гадаад харилцаа, хамтын ажиллагаа, соёлын салбарт оруулсан үнэтэй хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, дараах БНСВУ-ын иргэдэд төрийн одон, медаль хүртээв. АЛТАН ГАДАС ОДОНГООР:

БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Чан Нгуен Чук

БНСВУ-ын орчуулагч, зохиолч Хоанг Тхүй Тоан

НАЙРАМДАЛ МЕДАЛИАР:

БНСВУ-ын Гадаад хэргийн дэд сайд асан Нгуен Фыөнг Нга

БНСВУ-д суугаа Өргөмжит консул Суан Хань Нгуен

БНСВУ-ын сэтгүүлч Ле Монг Чиен нарыг тус тус шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

2024.05.13.Mонгол Улc. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам-ыг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой энэ онд тохиож буйг тэмдэглээд, харилцаа Найрамдалт хамтын ажиллагааны зарчимд тулгуурлан бүхий л салбарт өргөжин хөгжиж байгааг дурдав. Элчин сайдаар ажиллах хугацаандаа харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд идэвх санаачилга гаргаж, худалдаа, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа иргэдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөхөд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлов. Монгол Улсын төр, засаг бүх талаар дэмжин, хамтран ажиллаж байсанд Элчин сайд Зоан Хань Дам талархал илэрхийллээ. Цаашид харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж,  иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлж Элчин сайд Зоан Хань Дам-ыг Найрамдал медалиар шагналаа.

БНСВУ-ын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ

2024.07.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам баярын мэндчилгээ дэвшүүллээ. Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Вьетнамын төр, ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд болон танаар уламжлан Монголын ард түмэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Монгол Улсын төр, ард түмэн улс орноо хөгжүүлэн цэцэглүүлэх их үйлсэд улам их амжилт гарган, ард түмэн нь аз жаргалтай байж, улс орон нь цэцэглэн хөгжиж, Шинэ сэргэлтийн бодлого болон 2021-2025 оны Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан зорилтуудаа амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа өнгөрсөн 70 жилийн хугацаанд тасралтгүй бэхжин хөгжиж, сүүлийн жилүүдэд олон бодит үр дүн, амжилтанд хүрч байгаад баяртай байна. Цаашид харилцаа, хамтын ажиллагаа хоёр орны ард түмний нийтлэг эрх ашигт нийцэн улам бүр өргөжин хөгжиж, дэлхий болон бүс нутгийн энх тайван, хамтын ажиллагаа, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

2024.08.28. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Дуан Тань Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ онд Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой тохиож буйг тэмдэглээд, энэхүү түүхэн ойн жил Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж буйд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. Тэрбээр манай хоёр улсын Найрамдалт хамтын ажиллагааны зарчимд тулгуурласан уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх зорилтыг бодит ажил хэрэг болгох, иргэд харилцан визгүй зорчих давуу талаа ашиглан иргэдийн солилцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад элчин сайдыг онцгойлон анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэв гэжээ.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

2024.09.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам 2024 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын өнгөрсөн 70 жилийн хамтын ажиллагааг дүгнэж, харилцааг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. Мөн талууд хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 онд Вьетнам Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал бөгөөд Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй гэдгээрээ онцлог юм.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024.09.30. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам болон дагалдан яваа төлөөлөгчдийг Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд албаны төлөөлөгчид угтав. Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй энэхүү төрийн айлчлалын үеэр төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын эрх зүйн орчныг бэхжүүлэх хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Ерөнхийлөгч То Лам-д бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн  хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс нь 1954 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дипломат харилцаа тогтоосон юм гэжээ.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2024.09.30. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгч То Лам-ыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Төрийн тэргүүн нар Төрийн ёслолын цэргийн цагаан тугт мэхийн ёсолсны дараа Ерөнхийлөгч То Лам Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, То Лам нар Вьетнамын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар болон Олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй мэндчиллээ. Төрийн тэргүүн нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч То Лам Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, То Лам нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцоно.

Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

2024.09.30. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам-ын Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Үүнд:

1. “ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”

монголын талыг төлөөлж Хууль зүй, дотоод хэргийн сайд Оюунсайханы Алтангэрэл, вьетнамын талыг төлөөлж Хууль зүйн сайд Нгуен Хай Нинь нар гарын үсэг зурлаа. Хууль тогтоомжийн төсөл боловсруулахад урьдчилсан судалгаа хийх, эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийг төгөлдөржүүлэх, хууль тогтоомжийн эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөлөл, хэрэгжилтийн талаар харилцан туршлага солилцох зэргээр хамтран ажиллана. Мөн иргэний бүртгэл, хууль зүйн туслалцаа, эрх зүйн сурталчилгааны салбарт хамтарна.  

2. “ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ТЭЭВРИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”

монголын талыг төлөөлж Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, вьетнамын талыг төлөөлж Тээврийн сайд Нгуен Ван Тан нар гарын үсэг зурлаа.

Автотээвэр, агаарын тээвэр, төмөр зам, далайн тээврийн салбарын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан дэмжлэг үзүүлэх, талуудын нутаг дэвсгэрээр дамжуулан ачаа тээвэрлэх таатай нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн олон улсын тээвэр, ложистикийн үр ашигтай сүлжээ бий болгоно. 

3. “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”

монголын талыг төлөөлж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Номин, вьетнамын талыг төлөөлж Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Нгуен Ван Хунг нар гарын үсэг зурлаа.

Аялал жуулчлалын салбарын мэдлэг, туршлага, хэвлэмэл материал, мэдээ мэдээлэл, тоо баримт солилцох, аялал жуулчлалын хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих замаар аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлнэ. 

4. “КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ, КИБЕР ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН НИЙГМИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”

монголын талыг төлөөлж Хууль зүй, дотоод хэргийн сайд Оюунсайханы Алтангэрэл, вьетнамын талыг төлөөлж Нийгмийн аюулгүй байдлын дэд сайд Фам Те Дунг нар гарын үсэг зурлаа.

Кибер аюулгүй байдлын тухай олон улсын эрх зүйн дүрэм, журам, стандартыг хөгжүүлэн сайжруулах, кибер халдлагаас урьдчилан сэргийлэх үр дүнтэй аргууд, чухал мэдээллийн дэд бүтцийн хамгаалалт, кибер аюулгүй байдлын хамгаалалтын чиглэлээр мэдээлэл солилцож, харилцан туршлага солилцоно. 

5. “МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН НИЙСЛЭЛ ХАНОЙ ХОТ ХООРОНДЫН НАЙРСАГ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ”

монголын талыг төлөөлж Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Луулайгийн Хосбаяр, вьетнамын талыг төлөөлж Ханой хотын Ардын хорооны орлогч дарга Нгуен Мань Куйен нар гарын үсэг зурлаа.

Худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарт өргөн хүрээнд хамтран ажиллаж, найрсаг харилцаагаа бэхжүүлэн, бүхий л салбар дахь харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нөхцөл бүрдүүлнэ. 

6. “МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН АКАДЕМИ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”

монголын талыг төлөөлж Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн газрын дарга Адьяасүрэнгийн Баярбаатар, вьетнамын талыг төлөөлж Шинжлэх ухаан, технологийн академийн Ерөнхийлөгч Чау Ван Минь нар гарын үсэг зурлаа.

Хамтарсан хурал, семинар, зөвлөгөөн зохион байгуулах, эрдэм шинжилгээний ажилтан солилцох, шинжлэх ухааны мэдээлэл, өгөгдөл, судалгааны үр дүнгийн талаар харилцан мэдээлэл солилцох замаар  харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. 

7. “МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ВЬЕТНАМЫН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”

монголын талыг төлөөлж Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректор Төмөрпүрэвийн Намнан, вьетнамын талыг төлөөлж Вьетнамын Үндэсний их сургуулийн захирал Ле Куан нар гарын үсэг зурлаа. Хамтарсан сургалт, хөтөлбөр зохион байгуулах, арга зүй, туршлага солилцох, шинжлэх ухаан болон технологийн салбарт хамтарсан судалгаа хийх, судлаач эрдэмтэн мэргэшүүлэх болон оюутан харилцан солилцоно.

Монгол Улс, БНСВУ-ын хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох тухай Хамтарсан тунхаглал гаргалаа

2024.09.30. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улс, БНСВУ-ын хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох тухай Хамтарсан тунхаглал гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам-ын төрийн айлчлал үргэлжилж байна.Айлчлалын хүрээнд хоёр улс Хамтарсан тунхаглал гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ХООРОНД ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦАА ТОГТООХ ТУХАЙ ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ
  1. Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам 2024 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам-д тус тус бараалхлаа.
  2. Төрийн тэргүүн нар өнгөрсөн 70 жилийн хугацаанд Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа тууштай өргөжин бэхжиж ирснийг өндрөөр үнэлж, хоёр улсын хамтын ажиллагааны хэтийн төлөв болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо.
  3. Монгол Улс БНСВУ-ыг Зүүн өмнөд Ази дахь чухал түнш хэмээн үзэж, харилцан ашигтай, бие биеэ нөхсөн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа нотоллоо. БНСВУ нь Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого, “гуравдагч хөрш”-ийн бодлогыг хүндэтгэн хоёр орны харилцааг шинэ шатанд өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.
  4. Төрийн тэргүүн нар Монгол Улс, БНСВУ-ын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай хоёр улсын ард түмний нийтлэг эрх ашигт нийцэх төдийгүй олон улс, бүс нутгийн энх тайвныг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг хангахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдэж, хоёр улсын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тохирч, дараах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тогтов. Үүнд:

I. Улс төрийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ.

  1. Талууд бүхий л түвшний харилцан айлчлал, төлөөлөгчдийн солилцоог нэмэгдүүлж, ард иргэд хоорондын ойр дотно харилцааг өргөжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаар санал нэгдэв. Түүнчлэн, хоёр улсын яамд, төрийн бусад байгууллага болон нийслэл, орон нутаг хоорондын хамтын ажиллагааны шинэ механизмыг бий болгох боломжийг судалж ажиллахаар тогтов.
  2. Талууд Монгол, Вьетнамын хууль тогтоох дээд байгууллага, түүний дотор Парламент дахь Байнгын хороо, Найрамдлын бүлэг, эмэгтэй болон залуу гишүүд хоорондын хамтын ажиллагааг харилцааны шинэ түвшинд нийцүүлэн хөгжүүлэх, 2018 онд байгуулсан Парламент хоорондын хамтын ажиллагааны баримт бичгийг шинэчлэн байгуулах, бүс нутаг болон олон улсын парламентчдын форум зэрэг олон улсын байгууллагын хүрээнд харилцан бие биеэ үргэлжлүүлэн дэмжиж, хамтран ажиллахаар санал нэгдэв.
  3. Талууд хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтын механизмыг тогтмолжуулж, хоёр талт хамтын ажиллагаа, гадаад бодлого, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар тогтмол санал солилцож, олон талт яриа хэлэлцээний механизмыг бий болгох арга замыг эрэлхийлэхээр болов.

II. Батлан хамгаалах, хууль сахиулах чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

  1. Төрийн тэргүүн нар аюулгүй байдал, батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагаанд сүүлийн үед гарч буй шинэ ахиц дэвшлийг өндрөөр үнэлж, бүх түвшний төлөөлөгчдийн солилцоо, уулзалт, яриа хэлэлцээг тогтмолжуулахаар тогтлоо.
  2. Талууд хоёр улсын хууль сахиулах болон хүчний байгууллага хоорондын харилцааг үргэлжлүүлэн өргөжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.
  3. Энэ хүрээнд хоёр талын хооронд байгуулсан хамтын ажиллагааны баримт бичгийн хэрэгжилтийг хангах, аюулгүй байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гэрээ, хэлэлцээр байгуулах, мэдээлэл солилцох, хоёр орны үндэсний эрх ашиг, аюулгүй байдалтай холбоотой стратегийн асуудлаар таамаглал, дүн шинжилгээ хийж, хамтарсан үнэлгээ гаргах чиглэлд хамтран ажиллахаар тохиров. 

III. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбар дахь бодит хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

  1. Төрийн тэргүүн нар эдийн засгийн бодит, үр өгөөжтэй, иж бүрэн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны механизмыг тогтмолжуулах, түүний дотор Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны механизм болох Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг тогтмолжуулахын чухлыг онцлон тэмдэглэв.
  2. Талууд Монгол, Вьетнамын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаар санал нэгдэж, хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан “Бизнесийн зөвлөл”-ийн ач холбогдол, үүргийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчид хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг дэмжих зэргээр хамтран ажиллахаар тохиров.
  3. Төрийн тэргүүн нар хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр харилцан туршлага солилцох, “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр” байгуулах асуудлыг судлан үзэхээр тохиров. 

IV. Хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, технологи, зам, тээвэр, соёл, спорт, аялал жуулчлал, боловсрол, хөдөлмөр, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарт бодит хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.

  1. Төрийн тэргүүн нар 2022 онд байгуулсан “Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийг шинэчлэхээр тохиролцов.
  2. Талууд хөдөө аж ахуйн салбарт баримталж буй хөгжлийн бодлого, цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийн урсгалыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, хөдөө аж ахуйн салбар дахь дэвшилтэт технологийг судалж, хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлд харилцан дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
  3. Төрийн тэргүүн нар Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан, түүний дотор Шинжлэх ухаан, технологийн дэд комиссын протоколын хэрэгжилтийг хангаж, шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, инновац, мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр хамтарсан судалгаа хийхээр санал нэгдэв.
  4. Төрийн тэргүүн нар зам тээвэр, ложистикийн саад бэрхшээлийг шийдвэрлэх, хоёр улсын хооронд авто зам, төмөр зам, агаарын тээвэр, далайн тээврийн салбарт байгуулсан баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангаж ажиллахаар тохиров.
  5. Монгол, Орос, Хятад гурван улсын 2016 онд байгуулсан “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т БНСВУ-ыг нэгдэн ороход Монгол Улс дэмжлэг үзүүлэх, Монгол, Вьетнам, Хятад гурван улсын хооронд бараа бүтээгдэхүүн тээвэрлэх механизм байгуулах тухай асуудлыг үргэлжлүүлэн судлахаар тогтов.
  6. Талууд 2022 онд байгуулсан “Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Вьетнам Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хэрэгжилтийг хангах, соёл, урлаг болон спортын төлөөлөгчид хооронд хамтарсан арга хэмжээ, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр санал нэгдэв.
  7. Хоёр орны ард иргэдийн найрамдал, нөхөрлөл, харилцан ойлголцлыг бататгах, түүх, соёлын дурсгалт өвийг хамгаалах, нөхөн сэргээх, соёлын биет бус өвийг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр улсын аялал жуулчлалын давуу тал, нөөц бололцоог харилцан сурталчлах ажлыг эрчимжүүлж, аялал жуулчлалын салбарт баримталж буй хөгжлийн бодлого, менежментийн талаарх туршлага, мэдээлэл солилцох чиглэлд идэвхтэй хамтран ажиллахаар тогтов.
  8. Талууд боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНСВУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хоёр улсад суралцаж буй оюутнуудыг өөр өөрийн улсын хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжлээр суралцуулах чиглэлд хамтран ажиллахаар болов.
  9. Талууд 2017 онд байгуулсан “Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Вьетнам Улсын хөдөлмөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийгмийн асуудлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд хоёр орны хөдөлмөрийн зах зээлд хэрэгцээтэй салбарт ажиллах хүч нийлүүлэх, хүлээн авах боломжийн талаар үргэлжлүүлэн судлахаар тогтов.
  10. Вьетнам Улс нь Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, цөлжилттэй тэмцэх, Монгол орны тал хээр, говь, цөлийн бүсийг ойжуулах, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн хүчин чармайлт, түүний дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өндрөөр үнэлж, монголын хөрсөнд тохирсон мод тарих судалгааг төлөвлөсөн талбайд хийхээр тогтов.
  11. Талууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар судалж үзэхээр санал нэгдэв.
  12. Талууд мэдээлэл, харилцаа холбооны салбарт хамтран ажиллах тухай баримт бичиг байгуулах талаар судалж, эдийн засаг, соёл, нийгмийн хөгжлийн үйл явцын талаарх мэдээ, мэдээлэл, зураг, дүрс бичлэг зэргийг харилцан солилцох нь хоёр орны иргэд бие биеэ төдийгүй улс орны онцлогийг илүү сайн ойлгосноор ард түмэн хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх ач холбогдолтойг онцолж, мэдээлэл, харилцаа холбооны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиров.

V. Олон улс болон бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

  1. Төрийн тэргүүн нар олон улс болон бүс нутгийн байгууллагын хүрээнд нягт хамтран ажиллаж ирснийг өндрөөр үнэлэв. Талууд бүс нутгийн аюулгүй байдал, улс төр, олон улсын нөхцөл байдлын талаар харилцан сонирхсон асуудлаар баримталж буй бодлого, байр суурийн талаар тогтмол санал солилцож, НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа нотлов.
  2. Түүнчлэн Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ), Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК), Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (АСЕАН), Ази-Европын уулзалт (АСЕМ), Зүүн Азийн Дээд түвшний уулзалт зэрэг бүс нутаг, олон улсын байгууллага болон Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд нягт хамтран ажиллаж, вьетнамын тал Монгол Улсыг АСЕАН-ы улс орнуудтай харилцаагаа өргөжүүлэн бэхжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж, АПЕК гишүүнчлэлээ өргөтгөх үеэр Монгол Улс тус байгууллагад элсэх хүсэлтийг дэмжихээ дахин нотлов.
  3. Талууд терроризм, үндэстэн дамнасан гэмт хэрэг, уур амьсгалын өөрчлөлт зэрэг уламжлалт бус аюул заналтай тэмцэх хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллахаар тогтов.
  4. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмэр оруулах, олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй хамтран ажиллах хүрээнд 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд вьетнамын талаас төлөөлөгч оролцуулахаар болов.
  1. Талууд Өмнөд Хятадын тэнгист тогтвортой байдал, энх тайван, аюулгүй байдлыг хангах, маргаантай асуудлыг НҮБ-ын дүрэм, олон улсын хууль тогтоомж, түүний дотор 1982 оны Далайн эрх зүйн тухай НҮБ-ын конвенц (UNCLOS 1982)-д нийцүүлэн энхтайвны арга замаар шийдвэрлэхийн чухлыг тэмдэглэв.
  2. Төрийн тэргүүн нар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам-ын Монгол Улсад хийсэн энэхүү төрийн айлчлал нь хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлоход чухал хувь нэмэр оруулсныг санал нэгтэй тэмдэглэв.
  3. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр Вьетнамын дээд, өндөр түвшний төлөөлөгчдийг халуун дотно, найрсгаар хүлээн авч буйд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Монголын ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Айлчлалын үеэр талууд дараах баримт бичигт гарын үсэг зурав. Үүнд:

“Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний их сургууль хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” зэрэг болно.

“Хууль зүйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хууль зүйн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”;

“Кибер аюулгүй байдал, кибер гэмт хэрэгтэй тэмцэх тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”;

“Хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн яам болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Тээврийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”;

“Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хот хоорондын найрсаг, хамтын ажиллагааны санамж бичиг”;

“Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Шинжлэх ухаан, технологийн академи хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”;

“Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч То Лам нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2024.10.01. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам нар 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Төрийн тэргүүн нарын албан ёсны хэлэлцээ ажил хэрэгч, халуун дотно уур амьсгалд болж, талууд Монгол, Вьетнамын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, түүний дотор улс төр, батлан хамгаалах, зам тээвэр, ложистик, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй энэхүү төрийн айлчлал нь “Найрамдалт хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурласан Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гарган, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататгахад чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад найрсгаар айлчлахыг урьж, вьетнамын төлөөлөгчдийг элэгсэг, халуун дотноор хүлээн авч буй Монгол Улсын төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Тэрээр манай хоёр улс газарзүйн байршлын хувьд алслагдмал хэдий ч цаг хугацааны бүхий л сорилт, шалгуурыг даван туулж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг  тууштай хөгжүүлэн эдүгээ 70 жилийн ойтойгоо золгож буйг тэмдэглэв. Талууд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хэрэгжүүлж буй энэхүү төрийн айлчлалаар өнгөрсөн хугацаанд хүрсэн ололт амжилтаа улам бүр бататган ахиулж, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүрснийг тунхаглан зарлаж буй нь хоёр улсын харилцааны түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдэх онцгой чухал үйл явдал болж буйг цохон тэмдэглэв. буйг цохон тэмдэглэв. Ерөнхийлөгч То Лам хоёр орон бие биеэ нөхсөн, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж бий гээд хоёр орны давуу тал бүхий бараа, бүтээгдэхүүнийг хоёр улсын зах зээлд харилцан нийлүүлэх, түүний дотор Вьетнам Улсаас далайн гаралтай бүтээгдэхүүн экспортлох, Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн импортлох боломжтойг илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнгөрсөн онд байгуулсан визийн шаардлагаас харилцан чөлөөлөх хэлэлцээр нь иргэд харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлснийг онцлоод, цаашид Монгол, Вьетнамын хооронд агаарын харилцааг өргөжүүлэх, хоёр улсын хооронд зорчигч болон ачаа тээврийн шууд нислэгийг  эхлүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд дэвшилтэт технологид суурилсан хамтарсан үйлдвэр байгуулах, нэмүү өртөг шингэсэн хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг судалж, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, хамтын ажиллагааны тулгуур багана болгох чиглэлд нягт хамтран ажиллахаар Төрийн тэргүүн нар санал нэгдэв. Ерөнхийлөгч То Лам хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчин нийлүүлэх тухай монголын талын саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд,  ирээдүй рүү чиглэсэн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, мөн мэдээлэл, технологийн салбар дахь боловсон хүчинг бэлтгэх боломжтойг илэрхийлэв. Төрийн тэргүүн нар боловсрол, соёл,  спортын салбар дахь хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, Монгол Улсын тамирчдын өндөр амжилт үзүүлж буй байт харваа, чөлөөт бөх, жүдо бөхийн төрлөөр харилцан туршлага солилцох, хамтарсан бэлтгэл хийх болон монгол, вьетнам судлалыг хөгжүүлэх, оюутан солилцоог өргөжүүлэхээр тохиров. Түүнчлэн манай хоёр орны хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болон хөгжиж буй Вьетнамын Хөдөлгөөнт цагдаагийн дэргэдэх “Морьт цагдаагийн хороо”-нд нэр төртэй алба хашсан монгол морьдыг нутаг буцаах ажлыг хамтран хэрэгжүүлэхээр тогтов. Төрийн тэргүүн нар манай хоёр улс олон улс болон бүс нутгийн байгууллагын хүрээнд нягт хамтран ажиллаж ирснийг өндрөөр үнэлж, вьетнамын тал Монгол Улсын Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн (АСЕАН) Яриа хэлэлцээний түнш болох, Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК) зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн орох санаачилгыг үргэлжлүүлэн дэмжихээ нотлов. Мөн 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд вьетнамын тал оролцохоо илэрхийлэв. Төрийн тэргүүн нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулах чиглэлд нягт хамтран ажиллаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд монголын хөрсөнд тохирсон мод тарих судалгааг хийхэд хамтран ажиллахаар тогтов.Eрөнхийлөгч То Лам Монгол орон даяар хаваржилт хүндэрч, зудтай хүнд жил болсонтой холбогдуулан зудад нэрвэгдсэн малчдад Вьетнам Улсын Засгийн газраас 500 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсныг мэдэгдэв. Уулзалтын дүнгээр талууд “Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан тунхаглал”, мөн хоёр улсын харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чиглэсэн хоёр талын баримт бичгүүдийг байгуулав.

БНСВУ-ын Ерөнхийлөгч То Лам Хо Чи Минийн нэрэмжит 14 дүгээр сургуульд зочиллоо

2024.10.01. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам өнөөдөр Хо Чи Минийн нэрэмжит улсын тэргүүний 14 дүгээр сургуульд зочиллоо. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам энэ үеэр Хо Чи Минийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, сургуулийн хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Энэ онд 75 жилийн ойгоо тэмдэглэж буй тус сургуульд Вьетнам, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор зочилж буйдаа баяртай байгаагаа Ерөнхийлөгч То Лам илэрхийлэв. Тэрбээр Хо Чи Минийн нэрэмжит 14 дүгээр сургуулийн сурагчид сурлага, хөдөлмөрөөр манлайлж, улсын тэргүүний сургууль болон хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа онцлов. Ерөнхийлөгч То Лам БНСВУ-ын анхны Ерөнхийлөгч Хо Чи Минь нь БНСВУ-аас Монгол Улсад айлчилсан анхны удирдагч байсан бөгөөд 1955 онд хэрэгжсэн тус айлчлалаар хоёр улсын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны үндэс суурийг тавьсан гэдгийг тэмдэглэлээ. Сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилд багшийн хөгжил, тоног төхөөрөмжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор БНСВУ-ын талаас 14 дүгээр сургуульд 50 мянган ам.доллар хандивлах тухай батламжийг Ерөнхийлөгч То Лам сургуулийн удирдлагад гардуулав. Ерөнхийлөгч То Лам сурагчдын урлагийн тоглолтыг үзэж, тус сургууль болон сурагчдад сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ. Хо Чи Минийн нэрэмжит улсын тэргүүний 14 дүгээр сургууль нь 6 мянга гаруй сурагч, 200 гаруй багш, ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. БНСВУ-ын анхны Ерөнхийлөгч Хо Чи Минийн мэндэлсний 80 жилийн ойг тохиолдуулан 14 дүгээр сургуулийг түүний нэрэмжит болгосон.

БНСВУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

2024.10.01. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам-ын төрийн айлчлал өндөрлөлөө. Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, улс хооронд болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Монгол Улс Зүүн өмнөд Азийн улс орнуудаас хамгийн түрүүнд Вьетнам Улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоож буйгаа тунхаглан зарлаж, харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Хоёр улс харилцан ашигтай, бие биеэ нөхсөн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа нотоллоо. Ерөнхийлөгч То Лам-д Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа. Талууд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан Соёлын өдөрлөгийг хамтран зохион байгуулж, Ерөнхийлөгч То Лам монголын аж ахуйн нэгж, бизнесийн төлөөлөлтэй уулзлаа. Энэ удаагийн айлчлал Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 онд Вьетнам Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болсноороо онцлогтой байлаа.

17. Монгол, Германы харилцаа

Эрчим хүчний салбарт чанарын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжүүлнэ

2016.10.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Шадар Сайд У.Хүрэлсүх ХБНГУ-ын Физик Техникийн Хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хамтран хэрэгжүүлэх төслийн талаар санал солилцов. Монгол Улсын стандарт, хэмжил зүйн салбарыг хөгжүүлэх чиглэлээр Физик Техникийн Хүрээлэн ихээхэн хичээл зүтгэл гаргаж байгаад Шадар сайд  талархал илэрхийлэв. Эрчим хүчний салбарт чанарын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төслийг хамтран хэрэгжүүлэгч байгууллага болох Стандартчилал, хэмжил зүйн газрын хамтын үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн Газар бүх талаар дэмжинэ гэдгээ гэдгээ Шадар сайд тодотголоо. Энэ төслийг эрчим хүчний хэмнэлтийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд салбарын чанарын удирдлагын дэд бүтэц /хэмжил зүйн лабораториудын үйл ажиллагаа/-ийг олон улсын шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох, эрчим хүчний үйлдвэрлэлд олон улсын болон Европын Холбооны Улсын нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг судлан нэвтрүүлэх юм. Өмнө нь “Монголын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” Европын Холбооны төслийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын “Үндэсний чанарын хөтөлбөр 2016-2020” –ийг боловсруулж баталсан. Уг хөтөлбөрт Стандартчилал, хэмжил зүйн талаарх хууль тогтоомжийг олон улсын нийтлэг зарчимд нийцүүлэн шинэчилж, бараа бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, худалдаан дахь техникийн саад тотгорыг багасгахад Стандартчилал, тохирлын үнэлгээний үр дүнг хүлээн зөвшөөрөх, хэрэглэх, ашиглах механизмыг оновчтой болгоно гэж тусгасан. Тухайлбал:

  • чанарын дэд бүтцийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн бүрдүүлж хөгжүүлэх;
  • чанарын дэд бүтцийн хүний нөөцийн чадавхийг сайжруулах;
  • хэрэглэгч, үйлдвэрлэгчдийн чанарын талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх;
  • бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, байгаль орчинд ээлтэй ногоон технологийг нэвтрүүлэх;
  • экспортын тэргүүлэх салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих;
  • импортыг орлох бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  • чанарын дэд бүтцийн байгууллагуудын мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох, аюулгүй байдлыг хангах юм.

Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Эрчим хүчний салбарт чанарын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төслийг уялдуулах нь ач холбогдолтой юм. Уг төсөл нь 600.000 еврогийн өртөгтэй бөгөөд гурван жилийн хугацаанд хэрэгжих юм гэжээ. 

Эрчим хүчний салбарт чанарын дэд бүтцийг хөгжүүлэх нь төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр боллоо

2016.10.28. Монгол Улс. Улаанбаатар хот. Эрчим хүчний салбар нь улс орны аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, түрүүлж хөгжүүлэх шаардлагатай эдийн засгийн суурь салбар юм. Тиймээс 2013 оноос “Эрчим хүчний салбарын чанарын удирдлагын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төсөл”-ийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Германы Физик техникийн хүрээлэнгээс хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн хугацаа 2015 оны 7 сард дууссан ба Монголын талын хүсэлтийг үндэслэн ХБНГУ-ын Засгийн газрын шийдвэрээр төслийг  үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. Ингээд Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүх Герман Монголын Стандартчилал, хэмжил зүйн байгууллагын ажилтнуудыг хүлээн авч 2017-2019 онуудад хамтарч хэрэгжүүлэх төсөлтэй танилцаж дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Уулзалтын үеэр “Эрчим хүчний салбарт чанарын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх“ төслийг хамтран хэрэгжүүлэгч байгууллага болох Стандарт, хэмжил зүйн газрын хамтын үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн Газар бүх талаар дэмжинэ гэдгээ Шадар сайд тодотголоо. Энэ төслийг эрчим хүчний хэмнэлтийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд салбарын чанарын удирдлагын дэд бүтэц /хэмжил зүйн лабораториудын үйл ажиллагаа/-ийг олон улсын шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох, эрчим хүчний үйлдвэрлэлд олон улсын болон Европын Холбооны Улсын нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг судлан нэвтрүүлэх юм. Өмнө нь “Монголын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” Европын Холбооны төслийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын “Үндэсний чанарын хөтөлбөр 2016-2020” –ийг боловсруулж баталсан. Уг хөтөлбөрт Стандартчилал, хэмжил зүйн талаарх хууль тогтоомжийг олон улсын нийтлэг зарчимд нийцүүлэн шинэчилж, бараа бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, худалдаан дахь техникийн саад тотгорыг багасгахад Стандартчилал, тохирлын үнэлгээний үр дүнг хүлээн зөвшөөрөх, хэрэглэх, ашиглах механизмыг оновчтой болгоно гэж тусгасан. Тухайлбал:

  • чанарын дэд бүтцийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн бүрдүүлж хөгжүүлэх;
  • чанарын дэд бүтцийн хүний нөөцийн чадавхийг сайжруулах;
  • хэрэглэгч, үйлдвэрлэгчдийн чанарын талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх;
  • бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, байгаль орчинд ээлтэй ногоон технологийг нэвтрүүлэх;
  • экспортын тэргүүлэх салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих;
  • импортыг орлох бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  • чанарын дэд бүтцийн байгууллагуудын мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох, аюулгүй байдлыг хангах юм.

Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд “Эрчим хүчний салбарт чанарын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх” төслийг уялдуулах нь ач холбогдолтой юм. Уг төсөл нь 600.000 еврогийн өртөгтэй бөгөөд гурван жилийн хугацаанд хэрэгжих юм гэжээ.

Монголын сайхан орон” киноны аяыг ХБНГУ-ын талаас хүлээлгэн өглөө

2017.06.20. Монгол Улс. Улаанбаатар хот. ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Штефан Дуппел Шадар сайд У.Хүрэлсүхтэй уулзаж, Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Э.Чойдогийн “Монголын сайхан орон” киноны аяыг манай улсын талд хүлээлгэн өглөө. Шадар сайд Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах комиссыг ахалж ажилладаг бөгөөд энэ удаагийн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Э.Чойдогийн  “Монголын сайхан орон” киноны аяыг эгшиглүүлэхээр төлөвлөж байгаа юм. Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Э.Чойдогийн “Монголын сайхан орон” киноны аяыг 1961 онд алдарт Дефа кино үйлдвэрийн симфони оркестрт бичүүлсэн боловч анхны партитур нь манай урлагийн сан хөмрөгт хадгалагдаж үлдээгүй байна. Тиймээс Дефа кино үйлдвэрийн архивт хадгалагдаж байгаа уг хөгжмийн партитурыг хувилан авч, Улсын баяр наадмын ёслолын үйл ажиллагаанд эгшиглүүлэх хүсэлтэй буйгаа Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх  ХБНГУ-ын талд илэрхийлээд байсан аж. Шадар сайд өнөөдрийн уулзалт, үйл ажиллагааны үеэр “Нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагыг соргогоор мэдэрч бидний ажилд гүн туслалцаа үзүүлсэн Элчин сайд Штефан Дуппел, соёлын атташе ноён Кристиан Зайферт болон нийт Элчин сайдын яамны хамт олонд гүн талархал илэрхийлж байна. Монгол Улс хийгээд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын дипломат харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжихийн ерөөлийг дэвшүүлье” хэмээн талархлаа илэрхийлэв. Мөн ХБНГУ-ын элчин сайд болон албаныханд зориулан, алдарт зохиолчийн “Жаламхар” аязыг эгшиглүүлж, Морин хуур хөгжмийг бэлэг болгон өгөв. Манай улс тус хөгжмийн зохиолын партитурыг хувилан авснаар хөгжмийн сан хөмрөг, архив баяжиж, Үндэсний их баяр наадмаар эгшиглүүлээд зогсохгүй Монголынхоо нэрт хөгжмийн зохиолчийн энэхүү  бүтээлийг партитурын дагуу анх удаа албан ёсоор тоглох нөхцөл бүрдэх юм гэжээ.  

Фридрих Эбертийн сангийн Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

2018.06.04. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх манай улсад айлчилж байгаа Фридрих Эбертийн сангийн Ерөнхийлөгч Курт Бек тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол Улс зах зээлийн тогтолцоонд шилжсэн цагаас Фридрих Эбертийн сан туслалцаа, дэмжлэг үзүүлж ирсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлэв. Ялангуяа улс төр, соёл, парламентын засаглалыг бэхжүүлэхэд их хувь нэмэр оруулсныг өндөр үнэлж байдгаа тэмдэглэв. Талууд уулзалтын үеэр ардчилсан нийгмийн тогтолцоог бэхжүүлэх, улс төрийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, тэгш эрхтэй ёс зүйг бүтээх талаар санал солилцжээ.

Германы “Чингис хаан” хамтлаг ирэх онд Монголд тоглолтоо хийнэ

2018.07.17. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХБНГУ-ын “Чингис Хаан” хамтлагийн гишүүн Вольфганг Хайкелийг хүлээн авч уулзлаа. Дэлхийд алдартай хамтлагийн гишүүн Монгол Улсад хүрэлцэн ирсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлж тавтай морилохыг урилаа. Вольфганг Хайкел ирэх онд хамтлаг байгуулагдсаныхаа 40 жилийн ойн хүрээнд Монгол Улсад бүрэн хэмжээний тоглолт xийxээр төлөвлөснөө  дурдав. “Чингис хаан” хамтлаг ирэх оны нэгдүгээр сараас эxлэн нэг жилийн хугацаанд дэлхийг тойрсон аялан тоглолт xийxээр болжээ. Тоглолт Япон Улсаас эxэлж Бразилд дуусаx бөгөөд Үндэсний их баяр наадмын үеэр манай улсад ирэх юм байна.  ХБНГУ-ын “Чингис хаан” хамтлаг Хэнтий аймгийн Дадал суманд байгуулах “Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан” төслийн бүтээн байгуулалтыг сурталчлах, 1979 онд хит болж байсан “Чингис хаан” дуугаа дүрсжүүлэхээр   иржээ. Клипний зураг авалтыг “Херо Энтертайнмент” хийх юм. Дашрамд дурьдахад Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган “Чингис хаан” хамтлагийг “Найрамдал” медалиар шагнажээ.

Монгол Улс, ХБНГУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан Уулын явган цэргийн сургалтын үйл ажиллагаатай танилцлаа

2021.10.21. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын /ХБНГУ/ Зэвсэгт хүчний хамтарсан Уулын явган цэргийн III шатны сургалтын үйл ажиллагаатай танилцлаа. Хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд тус сургалтыг 2019 оноос эхлэн жил бүр зохион байгуулж буй бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчний Уулын тусгай батальон буюу 331 дүгээр ангийн алба хаагчдыг дадлагажуулах, тэднийг бие даан уулын сургалт явуулах нөхцөлийг бүрдүүлэх, уулын чиглэлээр мэргэшүүлэх зорилготой юм. Энэ жилийн сургалт 2021 оны 10 дугаар сарын 04-28-ны өдрүүдэд “Байлдааны буудлага”, “Уулын бэлтгэл сургалт”, “Уулын сургагч багш бэлтгэх” гэсэн гурван төрлөөр явагдаж, хоёр улсын 100 гаруй цэргийн алба хаагч оролцож байна.Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх сургалтын үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа сургалтад оролцож буй бие бүрэлдэхүүнд хандан үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ: “Эрхэм Элчин сайд ноён Розенберг, хүндэт зочид, хатагтай ноёд оо, Хоёр улсын Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч нар аа, Монгол Улс ХБНГУ-тай 1974 оны 01 дугаар сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш эдүгээ 50 шахам жил өнгөрч хоёр орны харилцаа иж бүрэн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж байна. Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд батлан хамгаалах салбарын харилцаа чухал байр суурийг эзэлдэг. Одоогоос 28 жилийн өмнө Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд цэргийн дипломат харилцаа тогтоосноос хойш манай хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин хөгжсөөр байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулах, хамтарсан сургалт дадлагуудыг зохион байгуулах, Энхийг дэмжих болон Олон улсын цэргийн ажиллагаанд хамтран оролцох, зэвсэглэл техникийн буцалтгүй тусламж үзүүлэх зэрэг хэлбэрээр хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа амжилттай хөгжиж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд баяртай байна. ХБНГУ-аас Монгол Улсын батлан хамгаалах салбарт 1995 оноос хойш нийтдээ 20 шахам тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн нь хоёр орны харилцаа хэрхэн хөгжиж байгааг харуулсан бодит жишээ юм.Монгол Улсын Зэвсэгт хүчний 265 цэргийн алба хаагч Герман Улсын буцалтгүй тусламжаар суралцан, төгссөн бөгөөд, тэд өнөөдөр томилогдсон анги, байгууллагууддаа албаа амжилттай хааж, Зэвсэгт хүчний шинэчлэлд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд Афганистан Улсад Монгол Улсын Зэвсэгт хүчний 1,500 гаруй цэргийн алба хаагч герман нөхөдтэйгөө мөр зэрэгцэн энхийг дэмжих ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэсэн байна. 2019 оноос эхлэн явагдаж байгаа Уулын явган цэргийн хамтарсан сургалт нь хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанд түүхийн нэгэн шинэ хуудсыг нээсэн юм. Жил ирэх тусам энэхүү сургалт илүү өргөн хүрээг хамарч, анхан шатнаас мэргэжлийн түвшин рүү шилжиж байгаад Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд туйлын баяртай байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний сургалт бэлтгэл, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэн мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь  нэмэр оруулж байгаа Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Батлан хамгаалах яам, энэхүү сургалтыг хамтран зохион байгуулж буй 23 дугаар уулын явган цэргийн бригадын удирдлага, бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсье. Монгол, герман цэргүүдийн дайчин нөхөрлөл батжин хөгжих болтугай” гэлээ.Мөн ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг хэлсэн үгэндээ, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч хоёр орны батлан хамгаалах салбарын харилцааны хамгийн залуу төсөл болох Уулын явган цэргийн хамтарсан сургалттай өөрийн биеэр танилцахаар ирсэн нь хоёр орны тусгаар тогтнол, хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрсний илэрхийлэл гэдгийг тодотгов.

Урсула фон дер Лайентэй уулзав

2022.09.21. AНУ. Нью-Йорк хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен-тэй уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ үеэр Монгол Улсын гуравдагч хөрш Европын Холбоо, түүний гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг гэдгийг хэллээ. Европын Холбоо нь манай улсын ардчилал, нийгмийн шилжилтийг тууштай дэмжиж, өнгөрсөн хугацаанд болон цар тахлын үеэр дэмжлэг, туслалцаа үзүүлснийг онцлон тэмдэглэв. Дэлхий нийтийн өмнө тулгараад буй байгаль орчны доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах чиглэлд хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа хэлж, Европын Холбооны Ойн түншлэл хөтөлбөрт Монгол Улсыг хамруулахаар урьсанд талархал илэрхийлэв. Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен олон улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдалд Монгол Улсын явуулж буй бие даасан, нээлттэй, энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлогын ач холбогдлыг онцолж, газар зүйн байрлалын онцлогийг бүрэн ойлгож, хүндэтгэж буйгаа хэллээ. Цаашид хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлж, эрчим хүч, ногоон хөгжлийн салбарт хамтран ажиллах өргөн боломжтойг онцлон тэмдэглэв. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа хэллээ. Иймд Европын Ногоон санаачилгын нэг хэсэг болох ойг хамгаалах, сэргээх, ой ашиглалт, ойн тогтвортой менежментийг эдийн засгийн ашигтай хэлбэрээр хөгжүүлэх зорилго бүхий Ойн түншлэл хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллахад бэлэн буйгаа хэллээ. Ингэснээр Монгол Улс Ойн түншлэл хөтөлбөрт хамрагдах Ази тивийн анхны улс болно. Талууд Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан эрчимтэй бэхжиж буй сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, үр өгөөжтэй, бодит үр дүнтэй харилцааг хөгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллахаар санал нэгдэв. Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нь ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Гэр бүл, ахмад настан, эмэгтэйчүүд, залуучуудын асуудал эрхэлсэн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан. Европын Комиссын Ерөнхийлөгчийн албан тушаалыг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хашиж байна гэжээ. 

ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав

2023.06.30. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн сайд Анналена Бербок бараалхав. Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг хамтран зохион байгуулж, тус уулзалтад оролцож байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийлэв. Монгол Улс нь ХБНГУ-ыг Европ дахь итгэлт түнш, гуравдагч хөршөө гэж үзэн, харилцаа, хамтын ажиллагааг бататган өргөжүүлэх, Иж бүрэн түншлэлийн түвшинг ахиулж Стратегийн түншлэлд хүргэхийг чухалчилж байгааг онцлов. Мөн Холбооны Ерөнхийлөгч Ф.В. Штайнмайерт мэндчилгээ уламжлахыг хүсэж, тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьсан урилгыг нотлов. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн сайд А.Бербок, Холбооны Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжилж, харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулах, өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа онцлов. 2024 онд тохиох Монгол, Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхт ойг өргөн хүрээнд тэмдэглэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд онцгойлон анхаарч, бүх талын хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв. Бараалхалтын үеэр дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

ХБНГУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

2023.07.10. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенбергийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Монгол Улс нь ХБНГУ-ыг Европ дахь итгэлт түнш, гуравдагч хөршөө гэж үзэн, харилцаа, хамтын ажиллагааг бататган өргөжүүлэх, Иж бүрэн түншлэлийн түвшинг ахиулж Стратегийн түншлэлд хүргэхийн төлөө байгааг Ерөнхийлөгч онцлов. Монгол Улсад Элчин сайдаар ажиллах хугацаандаа харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг тэмдэглэв. Ялангуяа тус улстай хөгжлийн хөтөлбөрөө сэргээсэн зэрэгт Элчин сайдын оруулсан хувь нэмэр их байсныг онцлов. Ирэх онд тохиох Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Холбооны Ерөнхийлөгч Ф.В. Штайнмайер Монгол Улсад айлчилна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв. Хэдийгээр цар тахлын хүнд үе байсан хэдий ч сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд томоохон ахиц дэвшил гарсныг Элчин сайд Ёорн Розенберг тэмдэглэв. Цаашид хоёр орон Иж бүрэн түншлэлийн түвшинг ахиулж Стратегийн түншлэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлээд, үүний төлөө хувь нэмрээ оруулахаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хоёр орны харилцаанд оруулсан хувь нэмэр, хүчин чармайлтыг нь үнэлж Элчин сайдыг Найрамдал медалиар шагналаа. Элчин сайд Ёорн Розенберг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бүх талын дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын төр, засаг болон найрсаг, зочломтгой ард түмэнд талархал илэрхийллээ.

ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023.08.28. Монгол Улс. Улаанбаатар хот. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Рудольф Кулитц өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын чухал гуравдагч хөрш ХБНГУ-тай өрнүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа онцгой ач холбогдолтойг тэмдэглэж,  харилцааг цаашид өргөжүүлэн гүнзгийрүүлэх, шат ахиулахад Элчин сайд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Элчин сайд Х.Р.Кулитц 2024 онд тохиох Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг үр дүнтэй тэмдэглэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцаа холбоог нэмэгдүүлэхийн төлөө чармайн ажиллахаа онцлов .Элчин сайд Х.Р.Кулитц нь 1992 оноос хойш Холбооны Гадаад хэргийн яаманд ажиллаж байгаа бөгөөд Египет, Болгар, Австри, Конго, Нигер, Чад Улс дахь Дипломат төлөөлөгчийн газар, Бүгд Найрамдах Чад Улсад Элчин сайдаар ажиллаж байсан юм.

Фрийдрих-Эбертийн сангийн тэргүүнийг хүлээн авч уулзав

2023.10.24. Монгол Улс. Улаанбаатар хот. ХБНГУ-ын Фрийдрих-Эбертийн сан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх сангийн тэргүүн Мартин Шульцийг хүлээн авч уулзлаа. Германы улс төрийн ууган сан болох Фрийдрих-Эберт сан Монгол Улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шилжилтийн үйл явцыг дэмжиж, иргэдийн улс төрийн оролцоог дээшлүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих, эмэгтэйчүүд-залуучуудын оролцоог дэмжих чиглэлээр хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийллээ. Цаашид нийгмийн шударга ёс, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, хэвлэл мэдээлэл, энх-тайван, аюулгүй байдал болон парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв. Фрийдрих-Эбертийн сангийн тэргүүн Мартин Шульц Монгол Улсын Ерөнхийлөгчид хүлээн авч уулзсанд нь талархал илэрхийлэв. Тэрбээр Монгол Улсад анх удаа ирсэн гэдгээ онцолж, Монгол Улс, монголчууд ирээдүйгээ гэгээлгээр харах олон шалтгаан бий гэж харж байгаагаа хэллээ. Ялангуяа, Монголын оюутан, залуустай уулзах үеэр өөдрөг, нээлттэй сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй байсныг анзаарснаа хэлж, цаашид сангийн үйл ажиллагааг өргөжүүлж, хамтран ажиллахад таатай байх болно гэв. Фрийдрих-Эбертийн сан нь Герман Улсын анхны ардчилсан Ерөнхийлөгч Фрийдрих Эбертийн гэрээслэлийн дагуу 1925 онд байгуулагдсан. Ардчиллын үндсэн гурван үнэт зүйл болох эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийн зарчим дээр үйл ажиллагаа нь суурилдаг.

-ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ-

2024.01.31. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2024 оны 02 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн түвшинг ахиулах талаар ярилцана. Айлчлалын үеэр хоёр орны холбогдох яам, байгууллагууд эрчим хүч, тээвэр, боловсрол, байгаль орчин, хууль, эрх зүй, археологийн салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна. Монгол Улс, ХБНГУ-ын хооронд 1974.01.31-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байна. Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2014 онд Гадаад хэргийн сайдын хувиар Монгол Улсад айлчилж байсан юм гэжээ. 

-Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэв-

2024.02.07. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр гэргий Элке Бюденбендэрийн хамт Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэв. Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр болон дагалдан яваа төлөөлөгчдийг Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд албаны хүмүүс угтан авав. Энэ удаагийн төрийн айлчлал нь ХБНГУ-аас Ерөнхийлөгчийн түвшинд хийж буй дөрөв дэх айлчлал бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болж байна. Монгол Улс, ХБНГУ-ын хооронд 1974.01.31-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2008 оноос Иж бүрэн түншлэлийн түвшинд харилцаж байгаа юм.

-ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал эхэллээ-

2024.02.07. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад 2024 оны 02 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр, гэргий Элке Бюнденбендэр нарыг Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв. Ерөнхийлөгч нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улсын болон ХБНГУ-ын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын Суурин төлөөлөгчидтэй мэндчилэв. Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны уулзалт хийв-

2024.02.07. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад 2024.02.7-8-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр нар Төрийн ордонд албан ёсны уулзалт хийв. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч нар ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчмын нийтлэг үнэт зүйлд суурилсан Монгол, Германы Иж бүрэн түншлэлийн харилцаа улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, шинжлэх ухаан, зам тээвэр, археологи, хүмүүнлэг болон бусад салбарт өргөжиж байгааг сайшаав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсад өрнөсөн ардчилал, зах зээлийн эдийн засгийн шилжилтийг германы тал тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, өнгөрсөн 50 жилийн хамтын ажиллагааны ололт, амжилтаа бэхжүүлэн, хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрч буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Талууд олон улсын түвшинд хоёр талаас дэвшүүлсэн санал, санаачилгуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, тухайлбал уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчны доройтол зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах талаар ярилцлаа.

-Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс Иж бүрэн түншлэлийн харилцаагаа шат ахиулж, Стратегийн түншлэлийн түвшинд хүргэлээ-

2024.02.07. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад 2024.02.7-8-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Төрийн айлчлалын үеэр Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслол болов. Уг ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар оролцов.

  1. Монгол Улс, ХБНГУ хоорондын Cтратегийн түншлэлийн тухай Хамтарсан тунхаглал: Хоёр улсын Иж бүрэн түншлэлийн харилцааны тухай баримт бичгийг 2008 онд байгуулсан. Хоёр орны дипломат харилцааны 50 жилийн ойгоор буюу ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын үеэр хоёр орны харилцааны түвшнийг шат ахиулж,  Стратегийн түншлэлийн түвшинд хүргэлээ. Гуравдагч хөрш ХБНГУ нь Европын орнуудаас стратегийн түншлэл байгуулсан  анхдагч улс боллоо. Монгол Улс одоогоор АНУ, Япон, БНСУ, БНЭУ-тай Стратегийн түншлэлийн харилцаа тогтоогоод байна.
  2. Автозамаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр: Хэлэлцээр байгуулснаар ХБНГУ төдийгүй Европын бусад улс оронтой эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаа гүнзгийрэхэд чухал түлхэц болно. Монголын тээвэрчид Европын орнуудад тээвэр хийх боломж улам нэмэгдэнэ. Далайд гарцгүй Монгол Улсын хувьд чухал ач холбогдолтой бөгөөд Ази-Европ хооронд дамжин өнгөрөх тээврийн хамгийн дөт зам учир эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулна.
  3. Монгол-Германы Хархорин экспедиц, Монгол-Германы Орхон экспедицийн хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх тухай Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Монгол Улсын Их Сургууль, ХБНГУ-ын Археологийн хүрээлэн хоорондын тохиролцоо: 20 гаруй жил амжилттай хэрэгжиж буй төслийн хүрээнд түүхэн дурсгалуудын байр зүйн зураг, малтлага хийх, олдворуудыг судлах, олон нийтэд хүргэх, үзэсгэлэн гаргах зэрэг цогц ажлыг гүйцэтгэдэг. Хамтын ажиллагааны гэрээг дахин таван жилээр сунгахаар тохиролцлоо.
  4. Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын БШУ-ны яам, ХБНГУ-ын Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хоорондын хэлэлцээр:Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь 2013 онд байгуулагдсан төрийн өмчийн их сургууль. Монгол Улсын уул уурхай, боловсруулах үйлдвэрийн салбаруудын хөгжилд нэн шаардлагатай хүний нөөцийг дотоодод бэлтгэх, судалгаа, инновацыг хөгжүүлэх, нутагшуулахад чухал үүрэг гүйцэтгэж байна. ХБНГУ-ын Засгийн газрын долоон сая еврогийн санхүүгийн дэмжлэгтэйгээр их сургуулийн оюутны байр болон сургалт, судалгааны байр барих төсөл хэрэгжиж байгаа. Хэлэлцээрийн дагуу  сургуулийн зохион байгуулалт, үйл ажиллагаанд зориулан ХБНГУ-аас нэмэлт дөрвөн сая еврогийн санхүүжилт олгохоор боллоо.
  5. Шүүх, эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, чадавхыг сайжруулах төсөлийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын ХЗДХЯ, ХБНГУ-ын Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хоорондын хэлэлцээр:ХБНГУ шилжилтийн эхний үеэс эхлэн эрх зүйн тогтолцоог төгөлдөршүүлэх, хууль, шүүхийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, төсөл хэрэгжүүлж ирсэн. Энэ дэмжлэгээ үргэлжлүүлж, шүүх байгууллагын шилжилтийн үйл явц, салбарын албан хаагчдын болон техникийн чадавхыг бэхжүүлэх талаар хууль зүйн зөвлөгөө өгөхөд зориулан санхүүгийн тусламж үзүүлнэ
  6. Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь II төсөлийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын БОАЖЯ, ХБНГУ-ын Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хоорондын хэлэлцээр: Тусгай хамгаалалттай газар нутгуудад орон нутгийн иргэдийн дэмжлэгтэйгээр тогтвортой менежментийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Зөвлөх үйлчилгээ нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сонгосон сэдвүүдээр сайжруулах, байгаль орчны боловсрол, харилцаа холбоог сайжруулахад чиглэнэ.
  7. Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих нь II төсөлийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, ХБНГУ-ын Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хоорондын хэлэлцээр:Энэ төсөл нь аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт, экспортыг дэмжих үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилготой. Ингэснээр эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлэх гол оролцогчдын чадавх, уялдаа холбоог бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг дэмжих арга хэрэгслийг боловсронгуй болгоно.
  8. Монгол Улсад тогтвортой эрчим хүчийг хөгжүүлэхэд шаардлагатай чадавхыг бэхжүүлэх төсөлийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Эрчим хүчний яам, ХБНГУ-ын Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хоорондын хэлэлцээр:Эрчим хүчний салбарыг шинэчлэхтэй холбогдуулан төр, хувийн хэвшлийн оролцогч талуудын чадавхыг нэмэгдүүлэх, харилцан уялдааг сайжруулах ХБНГУ-ын Засгийн газар хоёр сая еврогийн тусламж үзүүлэхээр боллоо.
  9. Чингис хаан, Монголын эзэнт гүрний үеийн түүхийг илтгэн харуулсан биет үзэсгэлэнг ХБНГУ-д хамтран гаргах тухай Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, ХБНГУ-ын Пруссын Соёлын өвийн сангийн харьяа Берлин дэх үндэсний музейн нэгдлийн Өвөг ба эртний түүхийн музей хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг: Төрийн тэргүүн нарын ивээл дор Монголын эртний нийслэл Хархорум, Орхоны хөндийн археологийн малтлага, судалгааны төслийн үр дүн болон бусад түүхэн сурвалжид тулгуурлан Чингис хаан, Монголын эзэнт гүрний үеийн түүхийг харуулсан биет үзэсгэлэнг 2026, 2027 онд Берлин, Бонн хотод хамтран гаргахаар тохиролцов. Энэ нь  Монгол Улсыг гадаадад сурталчлах, түүх, соёл, уламжлалаа таниулах, европын аялагч, жуулчдын тоог нэмэгдүүлэхэд чухал түлхэц болно. Дээрх төслийн хүрээнд 2005 онд Бонн хотноо Чингис хаан ба түүний өв залгамжлагчид үзэсгэлэнг гаргаж байв.
-ХБНГУ-ын түүхийн музей хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа-

2024.02.07. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Энэ удаагийн төрийн айлчлал нь ХБНГУ-аас Ерөнхийлөгчийн түвшинд хийж буй дөрөвдөх айлчлал бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар ХБНГУ-ын Берлин хотын Үндэсний музейн нэгдэл болон Пруссийн соёлын өвийн сан, Өвөг ба эртний түүхийн музей хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд музейд хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах, археологийн салбарын ажиллагаагаа өргөжүүлэх, соёлын салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо.

-Монгол Улс, ХБНГУ хоорондын Стратегийн түншлэлийн тухай Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав-

2024.02.07. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрын Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Төрийн айлчлалын үеэр Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын Cтратегийн түншлэлийн тухай Хамтарсан тунхаглалд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн яамны Төрийн сайд Тобиас Линднер нар гарын үсэг зурав. Хоёр улс 2008 оноос Иж бүрэн түншлэлийн хүрээнд харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирсэн бөгөөд ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын  төрийн айлчлалын үеэр харилцааны түвшинг шат ахиулж, Стратегийн түншлэл байгууллаа.

Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын Стратегийн түншлэлийн тухай Хамтарсан тунхаглал

1. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2024.02.7-8-ны өдөр Монгол Улсад төрийн айлчлал хийв. Төрийн айлчлалын үеэр Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Монгол, Германы ард түмний 100 орчим жилийн нөхөрлөл,  түүнчлэн 1995.9.19-ний өдөр байгуулсан Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын харилцааны үндсийн тухай хамтарсан тунхаглал, 2008.9.5-ны өдөр байгуулсан Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын Иж бүрэн түншлэлийн харилцааны тухай хамтарсан тунхаглалаар бэхэжсэн Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын дипломат харилцаа, хамтын ажиллагааны 50 жилийн ололт амжилтыг сайшаав. Талууд мөн Тогтвортой хөгжлийн зорилт 2030-той уялдсан хоёр улсын хоорондын улс төр, аюулгүй байдал, ардчилсан засаглал, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа, байгаль орчин, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хөгжлийн хамтын ажиллагаа, иргэний нийгэм, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны чухал үр дүнг мөн онцлон тэмдэглэв.

2. Талууд Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогын зарчим, Гуравдагч хөршийн бодлого болон энх тайван, аюулгүй байдлыг хангах, олон улсын эрх зүйд суурилсан дэг журам, байгаль орчныг хамгаалах чиглэлээрх Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын үүрэг амлалт, тууштай чармайлт, бодлогыг уялдуулан ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс, зах зээлийн эдийн засгийн зарчим зэрэг нийтлэг үнэт зүйлд суурилсан хоёр талын харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэж, шат ахиулахаар шийдвэрлэв.

3. Стратегийн түншлэлийн хүрээнд талууд дараах чиглэлээр хамтран ажиллахаар шийдвэрлэв:

     3.1 Улс төр, аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагааг бэхжүүлнэ, энэ хүрээнд дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлнэ; бүс нутаг болон олон улсын байгууллагын хүрээнд олон талт хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлнэ, тухайлбал НҮБ төвтэй олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй хувь нэмрээ оруулах зорилгоор Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болох эрмэлзлийг Монгол Улс тууштай дэмжинэ; үй олноор хөнөөх зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх, терроризмтой тэмцэх чиглэлээрх хүчин чармайлтад талуудын оруулсан хувь нэмэр, оролцоог нэмэгдүүлнэ; НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оруулж буй хамтын хүч чармайлтаа үргэлжлүүлнэ, энэ хүрээнд батлан хамгаалах салбарын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллана,

     3.2 Ардчилал, эрх зүйт ёс, ил тод байдал, сайн засаглал, ардчилсан парламентын тогтолцоо, иргэний нийгэм зэрэг үнэт зүйлийг бэхжүүлнэ; ялангуяа хоёр талын парламентын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, шүүх болон хууль эрх зүйн шинэчлэлийн төлөөх монголын талын хүчин чармайлтыг германы тал үргэлжлүүлэн дэмжинэ; иргэд хоорондын харилцааг гүнзгийрүүлж, орон нутгийн түншлэл, улс төрийн сангуудын үйл ажиллагаа, жендерийн тэгш байдал, феминист гадаад бодлого, хөгжлийн бодлогыг дэмжинэ,

    3.3 Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод уялдуулан эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлнэ; тухайлбал, тогтвортой бизнес, жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж, гадаадын хөрөнгө оруулалтын нөхцөлийг сайжруулан, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, ойн аж ахуйн хамтын ажиллагааг хөгжүүлнэ,

    3.4 Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, эрүүл мэнд болон жендерийн мэдрэмжтэй, хүртээмжтэй нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнээнэ хүрээнд монгол оюутнуудыг Герман Улсад дээд болон мэргэжлийн боловсрол эзэмшихийг дэмжсэн Монгол Улсын Илгээлт 2100 санаачилга болон бусад тэтгэлэгт хөтөлбөрийг нэмэгдүүлэх чиглэлээр талууд хүчин чармайлтаа үргэлжлүүлэхээр болов. Мөн Герман Улсын мэргэжлийн боловсролын сургалтын тэргүүн туршлагыг нэвтрүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ. Талууд шинжлэх ухаан, судалгааны хамтын ажиллагааг эрчимжүүлж, Герман дахь Монгол судлал, Монгол дахь Герман судлалыг үргэлжлүүлэн дэмжихээр мөн тохиролцов,

     3.5 Харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлнэ, энэ хүрээнд археологийн судалгаа, уул уурхайн салбар дахь хамтын ажиллагааг урагшлуулна, тухайлбал Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, уг хэлэлцээрээр байгуулсан Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийг тууштай дэмжинэ,

     3.6 Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүний аюулгүй байдал, энх тайванд үзүүлж буй сөрөг нөлөөллийг нь бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах болон тусгай хамгаалалттай газруудын тогтвортой менежментийг сайжруулахад хамтран ажилланаэрчим хүчний аюулгүй байдлыг хангах, ногоон эрчим хүчний шилжилтийн төлөөх нийтлэг зорилт болон Монгол Улсын нар, салхины эрчим хүчний үлэмж нөөцөд суурилан сэргээгдэх эрчим хүч, ногоон устөрөгч болон эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх технологийг нэвтрүүлнэ, чингэхдээ энэ нь эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, эдийн засгийн зөв шилжилт хийхэд чухал алхам  болно гэдгийг харгалзаж, үүнд чиглэсэн бодлогоо сайжруулна, энэ хүрээнд хөрөнгө оруулалтын гэрээнүүд, ялангуяа сэргээгдэх эрчим хүчний салбарт байгуулсан гэрээг монголын тал бүрэн хэрэгжүүлнэ,

   3.7 Усны нөөц, ойн санг хамгаалах, цөлжилттэй тэмцэхэд хамтын ажиллагааг бэхжүүлнэ,энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжинэ. 

4. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг дээр дурдсан салбар, чиглэлүүдээр гүнзгийрүүлэхэд хоёр улсын харилцааны тогтсон механизмууд, хөгжлийн бодлогын хамтын ажиллагаа, хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоо, хувь нэмэр чухал ач холбогдолтойг талууд онцлов.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийв-

2024.02.07. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад 2024.02.7-8-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр нар албан ёсны уулзалтын дүнгийн талаар хэвлэлд мэдээлэл хийв. Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй төрийн айлчлалын ач холбогдлыг талууд онцолж, хоёр орны харилцааны түвшинг ахиулан Стратегийн түншлэлийн тухай Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсныг зарлалаа. Талууд харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн 50 жилийн ололт, амжилтыг улам бататгах, цаашид улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх, улс орны хөгжил дэвшил, эдийн засгийн үр өгөөж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх талаар ярилцлаа. Мөн олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар санал солилцож, дэлхий нийтийн энх тайван, тогтвортой хөгжлийн төлөө хамтын хүчин чармайлт гаргахаа илэрхийлэв. Талууд Засгийн газар хоорондын хэлэлцээр, эдийн засгийг төрөлжүүлэх, хууль эрх зүй, шүүхийн чадавхыг сайжруулах, тогтвортой эрчим хүч, соёл, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин, археологийн салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурсныг онцлон тэмдэглэв. ХБНГУ нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд 530 гаруй сая еврогийн дэмжлэг үзүүлсэн. 2025 он хүртэл 300 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний хөгжлийн санхүүжилт үзүүлэхээр болсон нь тогтвортой эдийн засгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлт, эрчим хүчний шилжилт, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгалийн нөөцийг хадгалан хамгаалах болон Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг  хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт талууд санал нэгдэв. Монгол Улс сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 20 мянга гаруй энхийг сахиулагчдаа дэлхийн халуун цэгүүдэд илгээж, хүн төрөлхтний энхтайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө хүчин зүтгэж ирсэн бөгөөд үүнд ХБНГУ-ын дэмжлэг, туслалцаа их байсныг тэмдэглэв. Олон улсын ээдрээтэй нөхцөл байдал, геополитикийн эгзэгтэй энэ үед  Монгол Улс ухаалаг бодлого явуулж байгаа учир санал бодлоо солилцож байх нь чухал гэдгийг Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр онцлов. Мөн 3.5 сая хүн амтай улсад герман хэлээр ярьдаг 35 мянган хүн байдаг нь маш өндөр үзүүлэлт гэдгийг тэмдэглэж, мянга мянган монгол оюутан ХБНГУ-д суралцаж байгааг хэлэв. Цаашид Стратегийн түншлэлээ тууштай хөгжүүлж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэд бүтэц, уул уурхай, түлш, эрчим хүчний салбарт орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, соёл, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого болон ХБНГУ-ын даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөөх хүчин чармайлт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тогтвортой бодлогыг харилцан уялдуулж, хамтран ажиллахаа зарлалаа. Талууд харилцаа, хамтын ажиллагааны дараагийн 50 жилийн хөгжлийг өөдрөгөөр харж байгаагаа онцлон тэмдэглэлээ.

-ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Чингис хаан Үндэсний музейд зочиллоо-

2024.02.08. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2024 оны 2 дугаар сарын 7-8-нд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр өнөөдөр гэргий Элке Бюденбендэрийн хамт Чингис хаан Үндэсний музейд зочилж, Монгол-Германы Хархорин болон Орхон экспедицийн илрүүлсэн түүхэн олдворуудтай танилцав. Чингис хаан: Монголчууд Дэлхийг өөрчилсөн нь үзэсгэлэнг 2026 онд Германд дэлгэнэ. Үүнтэй холбоотойгоор тус музейд зочилсон юм. Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр музейн хүндэт зочны дэвтэрт гэргийн хамтаар сэтгэгдэл үлдээлээ. Энэ үеэр ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Ч.Галсанд 37 дахь номоо герман хэлээр бичсэнд талархал илэрхийлж, хоёр улсын харилцаанд соёлын салбар чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлов.

-ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр гэргийн хамт монгол айлд зочлов-

2024.02.08. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр, гэргий Элке Бюнденбендэр нар Төв аймгийн Зуунмод сумын дөрөвдүгээр багийн малчин, аймгийн алдарт уяач Б.Галбадрахын гэрт зочлов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж буй хүндэт зочид нүүдэлчин ахуй амьдрал, зан заншил, Цагаан сарын уламжлал, бэлгэдэлтэй танилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрт тэмээ, гэргий Элке Бюнденбендэрт ботго зүслэж өгөв. Мөн хүндэд зочдод хурдан удмын даага бэлэглэлээ. Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрыг 2014 онд Гадаад хэргийн сайдын хувиар айлчлахад даага бэлэглэж байсан бөгөөд Туурайн төвөргөөн нэртэй хээр азарга одоо Дорнод аймгийн Булган суманд, ижил сүрэгтээ байдаг юм.

-ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал өндөрлөлөө-

2024.02.08. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрын төрийн айлчлал өндөрлөлөө. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны уулзалт хийж, үр дүнгийн талаар мэдээлэл өгөв. Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болсон төрийн айлчлалын үеэр нийтлэг үнэт зүйлд суурилсан Монгол, Германы харилцааг ахиулж, Стратегийн түншлэлийн түвшинд хүргэн, Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан нь харилцааг бүх салбарт гүнзгийрүүлэх түүхэн ач холбогдолтой боллоо. Төрийн айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурав. Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр, гэргий Элке Бюнденбендэр нар Монгол- Германы хамтарсан 38 дугаар сургууль, 147 дугаар цэцэрлэг, Чингис хаан үндэсний музей, Мөнх ХХК болон малчин айлд зочиллоо. Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр, гэргий Элке Бюнденбендэр нарыг ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулитц болон албаны бусад хүн үдлээ.

18. Монгол, Доминиканы харилцаа

2022.04.27. Төрийн ордон. Улаанбаатар хот. Монгол Улс. Доминиканы Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Франк Ханс Данненберг Кастеяанос Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан ёсоор үүрэгт ажилдаа орж Доминиканы Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад хавсран суух анхны Элчин сайд болж буйд нь Франк Данненберг Кастеяаност баяр хүргэлээ. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайдын оролцоо чухал болохыг онцлов. Мөн аялал жуулчлал, уул уурхай, боловсрол зэрэг салбарт хамтрах боломж, бололцоо байгааг тэмдэглэж, Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Гадаад харилцааны яам бүх талаар дэмжлэг үзүүлнэ гэдгийг хэлэв. Элчин сайд Франк Данненберг Кастеяанос Доминиканы Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Луис Абинадерын мэндчилгээг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд уламжилж, Монгол Улсын төр засгийн бодлого, санаачилгыг дэмжин, харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай хөгжүүлэхэд идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. Элчин сайд Франк Ханс Данненберг Кастеяанос нь 2020 оноос Доминиканы Бүгд Найрамдах Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байна.

19. Монгол, Египетийн харилцаа

Ромын хоёр хааны хайрыг татсан Клеопатра

2022.11.07. Египет улс. Шарм Эль Шейх хот. Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх COP-27-д оролцогчдод хандаж үг хэлэв. Дэлхийн удирдагчид уур амьсгалын өөрчлөлтийн талаар анхаарал хандуулж байхад, А.Энхтуул миний анхаарал өөрийн эрхгүй тус улсын түүх соёлд татагдана. Мэдээж сонирхолтой учраас тэр шүү дээ. Монгол Улсын ерөнхий боловсролын хичээлийн хөтөлбөрт эртний Египетийн талаар ордог. Эндээс л муми гэж юу болох талаарх анхны ойлголт авч байсан билээ. Хожим Египетийн сүүлчийн хатан Клеопатрагийн тухай кино үзэж байснаа санаж байна. Клеопатра VII гэдгээр нь ном, зохиолд түлхүү гардаг. Тэрбээр Египетийн Птолемей XII хааны хоёр дахь охин байжээ. Түүний эцэг МЭ 51 онд нас нөхцөж хаан ширээгээ Клеопатрад залгамжлуулсан байна. Клеопатра 18 насандаа Египет улсын хатан болж, дүүгийн хамтаар тус улсыг удирдаж байжээ. Гэвч удалгүй түүний дүүг дэмжигчид Клеопатраг суудлаас нь буулгасан байна. Тиймээс Клеопатра Ромын эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч Юлий Цезарийн тусламжтайгаар эргэн хаан ширээндээ сууж, Египетийн хатан хэмээн дахин дуудуулах болов. Түүхэнд Клеопатраг Юлий Цезарийн хүүхдийг төрүүлсэн тухай цухас гардаг. Клеопатра хаан ширээгээ буцаан авч, улсаа удирдахын тулд Ромын эзэнт гүрнээс тусламж авч байсан гэж эндээс ойлгогддог. Гэвч удалгүй Юлий Цезарь 44 насандаа бурханы оронд заларч, түүний оронд Марк Анатоний Ромын эзэнт гүрнийг захирах болжээ. Юлий Цезарь байхгүйгээр Клеопатрагийн байр суурь ганхах нь мэдээж. Ромын эзэнт гүрний шинэ хаан Марк Анатоний тэр үеийн хамгийн баян чинээлэг гэгдэх Египетийг хэзээ мөдгүй дайлаар мордож, эзлэн суух нь гарцаагүй байлаа. Тиймээс Клеопатра улсаа, хаан ширээгээ авч үлдэхийн тулд овжин мэх ашиглахаас өөр юу ч хийж дийлэхгүйд хүрэв. Удалгүй Клеопатра Ромын эзэнт гүрний шинэ хаан Марк Анатонийн нууц амраг болж, хоёр хүүхэд төрүүлж өгчээ. Ийнхүү Египетийн сүүлчийн хатан Клеопатра Ромын хоёр ч хааны хайрыг татаж, хүүхдүүдийг нь төрүүлэв. Гэвч тэд бүгдээрээ Ромд албан ёсны эхнэртэй, гэр бүлтэй байсан тул Клеопатрад албан ёсны хатан нэр зүүж, үр хүүхдээ Ромын хаан ширээнд залгамжлах боломж байсангүй. Удалгүй Марк Антоний Клеопатрагийн нөлөөнд бүрэн орж, түүнд эхлээд Киприйн арлуудыг, дараа нь Ромын эзэнт гүрний Ази дахь томоохон эзэмшил нутгийг өгчээ. Дайн байлдаанд олон мянган эрсийнхээ хөлс, хүчийг урсган байж эзлэн авсан газар нутгуудыг ээлж дараатай Клеопатрад өгч байснаас болж ромчуудын эгдүүцэл дээд цэгтээ тулав. Тиймээс ромчууд Марк Анатонийн эхнэрийг Египет рүү явуулжээ. Марк Антонийг Клеопатрагаас салгахын тулд шүү дээ. Гэсэн ч энэ нь тусыг эс олж, Марк Анатоний эхнэрийн хамт Ром руу буцсангүй, харин Клеопатрагийн дэргэж насан үүрд үлджээ. Харин Марк Анатонийн эхнэр Ром руугаа буцсан ч, төд удалгүй Ромчуудын хамт Египет рүү эргэн дайтжээ. Клеопатра Ромтой хийсэн аян дайнд ялагдал хүлээж, Октавианы цэргүүд тус улсад нэвтэрснээр Египет улс албан ёсоор Ромын эзэнт гүрний бүрэлдэхүүн улс болжээ. Египетийн сүүлчийн хатан Клеопатрагийн тухай түүхэнд, бас кинонд харгис хэрцгий хааныг ч хайлуулж, уяруулж чаддаг эмэгтэй байсан тухай гардаг. Тиймдээ ч, Ромын эзэнт гүрний хоёр ч хааны хайрыг татсан түүхэн эмэгтэй гэж ном, зохиолд тэмдэглэн үлдээжээ. Кино зохиол дээр гарч байгаагаар сүрлэг, ихэмсэг хатан байсан ажээ. Хожим түүний дүрд тоглосон кино жүжигчид, сфинксийн хөшөөн дээр заларсан байдлаар дүр бүтээсэн нь дахин давтагдашгүй юм. Эндээс л эртний Египет улсын Сфинксийн хөшөөний тухай түүх дурсгал товойн харагдана. Түүх соёл нь хожим дэлхийн нийтээр тарсан болоод ч тэрүү, Санкт-Петербургт хүртэл Сфинксийн хөшөө хаа сайгүй таарна. Сфинксийг Грекийн, Египетийн гэж хоёр ангилдаг. Санкт-Петербургийн Cфинксийн хөшөө дурсгал бол Египетийнхтэй төстэй баримал гэж ойлгож болно. Мөн жуулчдыг ихээр татдаг дэлхийн долоон гайхамшигийн нэг Пирамидын хөшөө Египетэд бас бий. Египетийн түүх, соёлыг Клеопатра, Пирамид, Сфинкс, Мумигаас ийнхүү ялгаж салгахын аргагүй юм. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэр чигээрээ түүх соёлын дурсгал болсон Египет улсад ийнхүү айлчилж, дэлхийн удирдагчдийн дээд хэмжээний уулзалтад оролцож, үг хэлсэн нь бас л түүхэн үйл явдал юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцоно

2022.11.07. Египет улс. Шарм Эль Шейх хот. Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 оны 11 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцох юм. Ерөнхийлөгч энэ үеэр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах чиглэлээр Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулна. Мөн зарим улсын төрийн тэргүүн болон олон улсын байгууллагын удирдлагатай хоёр талын уулзалт хийнэ. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 27 дугаар бага хурлын үеэр болох дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад 110 улсын төр, засгийн тэргүүн оролцоно гэжээ. 

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт эхэллээ

2022.11.08. Египет улс. Шарм Эль Шейх хот. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уулзалтад оролцож, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах чиглэлээр Монгол Улсын баримталж буй байр суурийг илэрхийлж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулах юм. Мөн зарим улсын төрийн тэргүүн болон олон улсын байгууллагуудын удирдлагуудтай хоёр талын уулзалт хийнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Шарм Эль–Шейх хотын International Congress Center хурлын төвд хүрэлцэн ирэхэд Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч Абдел Фаттах Аль-Сиси, Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар угтан авлаа. Ерөнхийлөгч мөн гадаадын улсуудын төр, засгийн тэргүүн нарын хамт Дээд түвшний уулзалтын нээлт болон нэгдсэн хуралдаанд оролцов. Мөн өдрүүдэд Шарм Эль-Шейх хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн үндэстний байгууллагын  суурь конвенцын Талуудын 27 дугаар бага хурлаар Дасан зохицохуй, алдагдал, хохирлыг бууруулах, Уур амьсгалын санхүүжилт, Хүлэмжийн хийг сааруулах, Ил тод байдлыг сайжруулах, Шинжлэх ухаан, ахиц дэвшлийг үнэлэх, Ажиглагч байгууллага болон гишүүн бус оролцогч талуудын оролцоо зэрэг асуудлыг онцлон хэлэлцэнэ. Бага хурлыг даргалагч Арабын Бүгд Найрамдах Египет Улс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс хүн төрөлхтнийг хамгаалж, холбогдох хэлэлцээрүүдийн хүрээнд зоримог, тууштай арга хэмжээ авахыг уриалж байна. Үүний зэрэгцээ энэ бага хурал нь мэтгэлцээнээс илүүтэй хэрэгжилтэд төвлөрч, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, хамтын чармайлт гаргах нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх гол арга зам гэж үзэж байгаа юм. Мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь нэмэр оруулахдаа аялал жуулчлалын болон археологийн байгууламжийн үр ашгийг байгаль орчинд ээлтэйгээр нэмэгдүүлэхийг зорьж, ногоон шилжилтийг чухалчилж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн бодит байдлыг хэлэлцдэг, хамтын гарц шийдэл олох гол индэр болсон Талуудын бага хурлыг 1995 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд цар тахлаас шалтгаалан 2020 онд өнжсөн байна. Сүүлийн жилүүдэд болж буй Талуудын бага хурлаар Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн механизмуудын үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг урьдчилан сэргийлэх уян хатан бодлого, уур амьсгалд дасан зохицсон, хохирлыг бага түвшинд барих дэд бүтэц, хөдөө аж ахуйн тогтолцоог хөгжүүлэх, нүүрсний эрчим хүчээс татгалзах, гамшгийн эрсдэлийг бууруулах, технологи, ил тод байдал, чадавхыг бэхжүүлэх зэрэгт голлон анхаарч иржээ. Нэгдсэн үндэстний байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцыг 1992 онд Рио де Жанейро хотноо болсон байгаль орчны асуудлаарх дээд түвшний уулзалтаар баталсан. Монгол Улс уг конвенцыг 1993 онд соёрхон баталсан юм.

Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч Абдел Фаттах Аль-Сиси Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг угтан авлаа

2022.11.08. Египет улс. Шарм Эль Шейх хот. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уулзалтад оролцож, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах чиглэлээр Монгол Улсын баримталж буй байр суурийг илэрхийлж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулах юм. Мөн зарим улсын төрийн тэргүүн болон олон улсын байгууллагуудын удирдлагуудтай хоёр талын уулзалт хийнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Шарм Эль–Шейх хотын International Congress Center хурлын төвд хүрэлцэн ирэхэд Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч Абдел Фаттах Аль-Сиси, Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар угтан авлаа. Ерөнхийлөгч мөн гадаадын улсуудын төр, засгийн тэргүүн нарын хамт Дээд түвшний уулзалтын нээлт болон нэгдсэн хуралдаанд оролцов6 Мөн өдрүүдэд Шарм Эль-Шейх хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн үндэстний байгууллагын  суурь конвенцын Талуудын 27 дугаар бага хурлаар Дасан зохицохуй, алдагдал, хохирлыг бууруулах, Уур амьсгалын санхүүжилт, Хүлэмжийн хийг сааруулах, Ил тод байдлыг сайжруулах, Шинжлэх ухаан, ахиц дэвшлийг үнэлэх, Ажиглагч байгууллага болон гишүүн бус оролцогч талуудын оролцоо зэрэг асуудлыг онцлон хэлэлцэнэ. Бага хурлыг даргалагч Арабын Бүгд Найрамдах Египет Улс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс хүн төрөлхтнийг хамгаалж, холбогдох хэлэлцээрүүдийн хүрээнд зоримог, тууштай арга хэмжээ авахыг уриалж байна. Үүний зэрэгцээ энэ бага хурал нь мэтгэлцээнээс илүүтэй хэрэгжилтэд төвлөрч, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, хамтын чармайлт гаргах нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх гол арга зам гэж үзэж байгаа юм. Мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь нэмэр оруулахдаа аялал жуулчлалын болон археологийн байгууламжийн үр ашгийг байгаль орчинд ээлтэйгээр нэмэгдүүлэхийг зорьж, ногоон шилжилтийг чухалчилж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн бодит байдлыг хэлэлцдэг, хамтын гарц шийдэл олох гол индэр болсон Талуудын бага хурлыг 1995 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд цар тахлаас шалтгаалан 2020 онд өнжсөн байна. Сүүлийн жилүүдэд болж буй Талуудын бага хурлаар Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн механизмуудын үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг урьдчилан сэргийлэх уян хатан бодлого, уур амьсгалд дасан зохицсон, хохирлыг бага түвшинд барих дэд бүтэц, хөдөө аж ахуйн тогтолцоог хөгжүүлэх, нүүрсний эрчим хүчээс татгалзах, гамшгийн эрсдэлийг бууруулах, технологи, ил тод байдал, чадавхыг бэхжүүлэх зэрэгт голлон анхаарч иржээ. Нэгдсэн үндэстний байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцыг 1992 онд Рио де Жанейро хотноо болсон байгаль орчны асуудлаарх дээд түвшний уулзалтаар баталсан. Монгол Улс уг конвенцыг 1993 онд соёрхон баталсан юм.

Монгол Улс Ойн түншлэлийн хөтөлбөрт нэгдсэн Азийн анхны орон боллоо

2022.11.08. Египет улс. Шарм Эль Шейх хот. Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт үргэлжилж байна. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Европын Холбооны Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нар Ойн түншлэлийн тухай Монгол Улс болон Европын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол Улс нь Европын Холбооны ногоон санаачилгын нэг болох Ойн түншлэлийн яриа хэлэлцээнд оролцож байгаа Азийн анхдагч орон болж байна. Ойн түншлэл нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, үүнтэй уялдуулан ойн салбарт учирч буй сорилт, бэрхшээлийг даван туулах, улс орны хөгжлийн хэрэгцээ шаардлага, байгаль орчныг хамгаалах зорилтод чиглэсэн үүрэг, амлалт болох юм. Санамж бичгийн гол зорилго нь ойн тогтвортой менежментийн үндсэн алхмууд болох ой модыг нөхөн сэргээх, зохистой ашиглалт, хамгаалалтыг дэмжих, ойг түшиглэсэн эдийн засгийн салбар, орлогын эх үүсвэр бий болгоход чиглэж байна. Тухайлбал, ойн аж ахуйд суурилсан ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг бий болгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, ойн хамгаалалтын бүсийг нэмэгдүүлэх, цөлжилт, ойн хомсдол, доройтлыг бууруулах, биологийн төрөл, зүйлийг хамгаалах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, бэлчээрийн даацыг зохист хэлбэрт шилжүүлэх зэрэг асуудлаар хамтран ажиллахаар зорьж байгаа юм. Ойн салбарт тогтвортой менежментийг хэрэгжүүлсэнээр мянга мянган ажлын байр бий болох боломжтой учир энэ салбарын ногоон ажил эрхлэлтэд түншлэлийн оруулах хувь нэмэр маш чухал. Ойн доройтолд нөлөөлж буй асуудлыг стратегийн болон бодлогын түвшинд авч үзэж, салбар хоорондын зохицуулалт, газар эзэмшил, нөхөн сэргээлт, газрын зохисгүй ашиглалт, байгаль орчны гэмт хэрэг зэрэг асуудлыг нээлттэй, талуудын бүрэн оролцоотой, ил тод хэлэлцэн шийдвэрлэдэг дадал бий болгоход чухал хувь нэмэр оруулна. Санамж бичгийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, өөрчлөлтийг сааруулах чиглэлээр ойн нөөцийг урт хугацаанд тогтвортой ашиглахад дэмжлэг үзүүлэх тогтолцоог шинэчлэн боловсруулж, сайн засаглал, тогтвортой менежментийг дэмжих юм. Түншлэл нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, биологийн олон янз байдал болон хөрсний үржил шимийг хамгаалах ажлыг сайжруулахад дэвшилтэт технологи, байгальд суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн органик түүхий эдийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор техникийн туслалцаа үзүүлэх,  мэдлэгийн платформд нэвтрэх боломжийг хөнгөвчлөх, бүтээгдэхүүний чанар, бүтээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тодорхойлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг тэглэх зорилт тавьж байна

2022.11.08. Египет улс. Шарм Эль Шейх хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эл-Шейх хотноо болж байгаа Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: Эрхэм хүндэт Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч Абдель Фаттах эль-Сиси, Эрхэм хүндэт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, хатагтай, ноёд оо, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн үндэстний байгууллагын суурь конвенцын Талуудын 27 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулж байгаа Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Засгийн газарт гүн талархал илэрхийлж, дээд түвшний уулзалт болон бага хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье. Энэ удаагийн Талуудын бага хурал нь уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй өртөж буй Африк тивд болж байгаагаараа онцлог юм. Дэлхий нийтийг хамарсан хүнс, эрчим хүчний хомсдол, үнийн өсөлт, геополитикийн хурцадмал байдал зэрэг хүндрэл бэрхшээлтэй асуудал олон байгаа хэдий ч дэлхийн улс орнууд тогтвортой хөгжлийн зорилтоо ханган хэрэгжүүлэх, түүн дотроо уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх хүчин чармайлтаа хэрхэвч сулруулж болохгүй, харин ч улам идэвхтэй ажиллах нь чухал байна. Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой. Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл байна. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх үйл хэрэг бол хөрсөө хамгаалах, хүнсээ хамгаалах, хүнээ хамгаалах хүн төрөлхтний суурь асуудал мөн. Нэгдсэн үндэстний байгууллагын 2021 оны судалгаагаар дэлхийн хүн амын 30 орчим хувь буюу 2.3 тэрбум хүн хүнсний аюулгүй байдлын эрсдэлд ороод байгаа бөгөөд 828 сая хүн өлсгөлөнд нэрвэгдээд байгаа тухай тайлан гарсан. Ийм учраас улс орон бүр хүнсний хангамж, аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд цогцоор нь авч үзэх нь зүйтэй юм. Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах үүднээс Хүнсний хангамж, аюулгүй байдал, Эрүүл монгол хүн, Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг эх орондоо санаачлан зохион байгуулж байна. Тухайлбал, Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлснээр ойн сан нэмэгдэж, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж бүрдэхээс гадна  хөрс хамгаалал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл,  хүнсний хангамж, аюулгүй байдал сайжрах, ажлын байр нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засгийн олон асуудлыг шийдвэрлэхэд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна. Энэ хөдөлгөөнд Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нэгдэн, дэмжин оролцсоныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Мөн Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин бидэнтэй хамтран ажиллаж байгаа дэлхийн улс орнууд, хөгжлийн түншүүд, олон улсын байгууллагуудад гүн талархал илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улс Европын Холбооны Ойн түншлэл хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах Ази тивийн анхны улс болж байгааг дуулгахад таатай байна. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй нэрвэгдэж байгаа улс орны нэг. Манай орны ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээ дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын ердөө 0.1 хувийг эзэлдэг хэдий ч хүн ам болон эдийн засгийн хэмжээтэйгээ харьцуулахад өндөрт тооцогддог. Тийм ч учраас Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн нийтийн хүчин чармайлтыг тууштай дэмжиж, өөрийн зохих хувь нэмрээ оруулсаар ирсэн. Энэ хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтоо 27.2 хувьд хүргэн ахиулан тодорхойлсон нь манай орны хувьд өндөр үзүүлэлт юм. Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарлын дийлэнх нь эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт оногддог. Манай улс газар зүйн байршил, цаг уурын нөхцөлийн хувьд 2,600 гегаваттаар хэмжигдэхүйц сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, цаашид бүс нутгийн эрчим хүчний хангамжид хувь нэмэр оруулах боломжтойг харуулж байна. Одоогийн байдлаар Монгол Улсын эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадлын  18.2 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа бөгөөд 2030 он гэхэд 30 хувьд хүргэхийг зорьж байна. Өдгөө манай улсын малчин өрхийн 75 хувь нь сэргээгдэх эрчим хүч ашигладаг. Дотоодын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор бүс нутгийн улс орнууд, олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Түүнчлэн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад метан хийн ялгаралд онцгой анхаарч, Даян дэлхийн метаны амлалтад саяхан нэгдсэн.Мөн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхаа бэхжүүлэх зорилгоор Үндэсний дасан зохицлын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг ойртуулж, 2050 он гэхэд Тэглэх зорилт тавин ажиллаж байна. Уур амьсгалын өөрчлөлт хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөтэй хавсран биологийн олон янз байдлын хомсдол, газрын доройтол, цөлжилтийн явцыг түргэтгэж байна. Иймд Нэгдсэн үндэстний байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэлээ хангаж байгааг дуулгахад таатай байна. Нэгдсэн үндэстний байгууллагын суурь конвенцууд буюу Риогийн 3 конвенцын хоёр болон олон талт хамтын ажиллагааны механизмууд, тухайлбал Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлд заасан дэлхийн нүүрстөрөгчийн зах зээлийг улс орнууд оновчтой ашиглах нь зүйтэй юм. Ингэснээр хөгжиж буй улс орнуудад шинэ техник, технологи, инновац нэвтрүүлэх, ногоон санхүүжилтээ нэмэгдүүлэх боломж нэмэгдэх бөгөөд үр дүнд нь хөгжиж буй улс орнууд тулгарч буй бэрхшээл сорилтоо амжилттай даван туулж, дэвшүүлсэн зорилтоо ханган хэрэгжүүлэхэд чухал алхам болно гэж үзэж байна. Тиймээс Монгол Улс дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагууд, донор болон хөгжлийн түншүүд Та бүхэнтэй бүх талаар нээлттэй, харилцан ашигтай, үр дүнтэй хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа энэ хүндэт индрээс дахин илэрхийлье. Эцэст нь хэлэхэд Та бидний харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, зоримог шийдвэр, тууштай хичээл зүтгэл уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тавьсан зорилтоо цаг хугацаанд нь амжилттай ханган хэрэгжүүлж, цаашид тогтвортой хөгжлийг цогцлооход онцгой чухал үүрэгтэй юм. Эх дэлхий бидний гэр орон, эх байгаль бидний оршихуйн үндэс гэдгийг үргэлж санаж, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэцгээе. Анхаарал хандуулсанд баярлалаа гэлээ.

Египетийн Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлэв

2023.07.10. Mонгол Улс. Улаанбаатар хот. Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч Абдел Фаттах Эл-Сиси: Египетийн төр, засгийн нэрийн өмнөөс болон хувиасаа Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, монголын найрсаг ард түмэнд Үндэсний их баяр наадмын баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан, хөгжил, цэцэглэлтийг хүсэн ерөөе. Нэгэн жарныг дамнан хөгжиж ирсэн Монгол, Египет хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байна.

2024.07.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч Абдул Фаттах Эс-Сиси: Үндэсний их баяр наадмын тохиолдуулан Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд халуун баяр хүргэж, сайн сайхны ерөөлийг дэвшүүлэх нь нэр төрийн хэрэг юм. Сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа улам өргөжин хөгжиж байгаад баяртай байна. Ард түмнүүдийн нийтлэг эрх ашгийн төлөө бидний хамтын хөдөлмөр, үр өгөөжтэй зохицуулалт бэхжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Энэ завшааныг ашиглан эрхэм Ерөнхийлөгч Танд сайн сайхан, амжилт бүтээлийн дээдийг, найрсаг Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлт хүсэн ерөөе. Нэн өндөр хүндэтгэлээ илэрхийлье.

Египетийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023.11.16. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Арабын Бүгд Найрамдах Египет Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ассем Мухаммад Ханафи Махмуд Элсейфи Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд Ассем Мухаммад Ханафи Махмуд Элсейфи харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв.

20. Монгол, Индонезийн харилцаа

Эцсийн бүтээгдэхүүн экспортлох хууль 5 тэрбум ам.долларын алдагдал авчирсан

2014.03.18. Mонгол Улс. Улаанбаатар хот. Нэрт эдийн засагч Голдман Сакс 2001 онд Бразил, Орос, Энэтхэг, Хятад гэсэн дөрвөн орны нэрний эхний үсгээр “BRIС” гэсэн товчлол гаргаж, хөгжиж буй дөрвөн орон гэж томъёолсон байдаг. Тэгвэл тэрбээр, 2011 онд хөгжиж буй зах зээлд Турк, Индонези, Мексик, Өмнөд Солонгос зэрэг орнуудыг багтааж, мөн л тухайн орнуудын нэрний эхний үсгүүдийг “TIMS” гэж товчилсон байдаг. 10 жилийн хугацаанд “TIMS-ын орнуудын хөгжил “BRIС”-тэй зэрэгцэж чадсан гэсэн үг л дээ. Эндээс Индонези чухам яаж хөгжиж буй орны жагсаалтад ийм хурдан багтав гэдэг асуулт гарна. Их-20 доторх хамгийн хурдан өсч байгаа Хятад, Энэтхэгийн эдийн засгийн араас Индонези гуравт бичигдэж чадсан. Тэр ч бүү хэл, хөрөнгийн зах зээлийн хөгжлөөрөө 2010 онд тэргүүлж, хамгийн өндөр өсөлттэй, гол тоглогчдын нэг болсон удаатай. Цаашлаад гадаадын хөрөнгө оруулалтыг татах оновчтой бодлого үргэлжлүүлэн явуулсаар байгаа нь “БРИК”-ийн орнуудтай хөгжлөөрөө зэрэгцэхэд хүргэжээ. “Их- 20”, “TIMS”, “АСЕАН”-ы онуудад багтаж чадсан энэ оронтой манай улс 1956 арванхоёрдугаар сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон байдаг. Цаашдаа тус улстай харилцаагаа бататгаж, худалдаагаа өргөжүүлж, энэ орны хөгжлөөс суралцах зүйл манайд их бий. Тиймээс Бүгд Найрамдах Индонез Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Соегенг Рахарджод манай улсад ирэх үеэр ярилцсан юм.

– Монгол Улс хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байсаар ирсэн. Гэвч өнгөрсөн онд манай улс руу чиглэх гадаадын шууд хөрөнгө оруулалт 50 орчим хувиар буурлаа. Индонези хөрөнгө оруулагчдыг татаж чаддаг хууль эрхзүйн орчинтой гэж үздэг юм билээ. Энэ туршлагаасаа хуваалцахгүй юу?
– Манай улс гадаадын хөрөнгө оруулалтын хууль, дүрэмдээ далайцтай нэг өөрчлөлт оруулсан юм. Энэ нь манай улс руу чиглэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд тус нэмэр болсон гэж ойлгож болно. Ямар өөрчлөлт вэ гэхээр, гадаадын хөрөнгө оруулагчдыг үйлдвэрээ бариад, бүтээгдэхүүн гаргах хүртэл  бид татвараас чөлөөлсөн юм. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид үйлдвэрээ барих хугацаанд манайд ямар ч татвар төлөхгүй. Үйлдвэрлэл явагдаад эхлэхээр татвар төлнө гэсэн үг л дээ. Ийм хөнгөлөлт, чөлөөлөлт бий болгосноор манай руу чиглэх гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал огцом нэмэгдсэн гэж ойлгож болох талтай. Өнөөдөр гадаадын шууд хөрөнгө оруулалтын тал хувь нь манай газрын тос, байгалийн хий, нүүрс гэсэн  уул уурхайн салбар руу чиглэж байхад, үлдэх хувь нь аж үйлдвэрийн салбар руу орж байна.

– Хэрэв танай улсад хөрөнгө оруулсан бол, давхар АСЕАН-ы орнуудад татварын хөнгөлөлт эдлэх бололцоотой болно гэсэн мэдээлэл байгаа?
– Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн АСЕАН-ын орнууд 2015 оноос нийтлэг нэг хуультай болох гэж байна. Тодруулбал, манай улсад хөрөнгө оруулалт хийгээд татвар төлөхгүй бол, АСЕАН-ын бусад зургаан оронд татвар төлөхгүй гэсэн нэгдсэн эрх зүйн орчинтой болж байгаа юм. Монголын нэг компани Индонезид хөрөнгө оруулалт хийвэл АСЕАН-ын бусад оронд ч татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх эрхтэй болно гэсэн үг л дээ. Манай улс хүн амын тоогоороо дэлхийд дөрөвдүгээрт бичигддэг буюу 240 сая хүнтэй. Үүнээс нийт ажиллах хүчний 11 хувь нь өнөөдөр ажилгүй байна. Энэ бол ердөө 10-12 сая хүний л асуудал. Энэ хүмүүсээ ажилтай, орлоготой болгохын тулд шинэ бодлого боловсруулаад, хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, хүн бүр өөрөө өөрийгөө ажилтай, орлоготой болгох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Өнөөдөр манай улсын 45 сая хүн дундаж орлоготойд тооцогдож байгаа ч, 10 жилийн дараа энэ тоо гурав дахин өсч 135 саяд хүрнэ гэсэн судалгаа бий. Энэ бол хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах том зах зээл шүү дээ.

– “Индонези үйлдвэрлэгч, экспортлогч орон. Ер нь экспортоос жилд хэдий хэмжээний орлого олдог юм бол?
– Манай улс жилдээ экспортоос 200 тэрбум ам.долларын орлого олдог. Манай улсын экспорт жил ирэх тусам нэмэгдэж байна. Цаашид экспортоо нэмэгдүүлэхийн тулд, барууны орнуудтай нилээн идэвхитэй ажиллаж байна. Ер нь энэ жилийн тухайд, экспортоос 210 тэрбум ам.доллараас доошгүй орлого олно гэж төлөвлөж байгаа. Үүний 70 хувийг аж үйлдвэрийн салбараас олохоор төлөвлөсөн. Үлдэх орлогыг уул уурхайн салбараас төвлөрүүлнэ.

– “Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 17 хувь, экспортын 80 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73 хувь, улсын төсвийн 23 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн дангаараа бүрдүүлдэг. Тиймээс ч, дэлхийн зах зээлд уул уурхайн түүхий эдийн үнэ унамагц манай эдийн засагт байнга савлагаа үүсдэг. Танайд ямар байдаг вэ?
– 1980-аад он хүртэл манай улсын эдийн засаг ч мөн уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнээс шууд хамааралтай байлаа. Манайхан энэ үеэс аж үйлдвэрийн салбараа цогцоор нь хөгжүүлж, хөл дээр нь босгосон. Тиймээс одоо уул уурхайн бүтээгдэхүүний үнэ бидний санааг зовоох гол асуудал биш болж хувирсан. Одоо манай улсын экспортын 70 орчим хувийг аж үйлдвэрийн салбарын экспорт дангаараа эзэлж байна. Тиймээс  бид дэлхийн зах зээл дэх уул уурхайн бүтээгдэхүүниий үнээс хамааралгүй болж чадсан гэсэн үг л дээ.

“Индонези улс өнгөрсөн жил 420 гаруй сая тонн нүүрс олборлож Хятад, Энэтхэг, Япон, Солонгос зэрэг орнуудад нийлүүлсэн. Нүүрсний олборлолт болон экспортоороо танай улс Австралийн дараа бичигдэж байна. Энэ төрлийн түүхий эдийн экспортоос жилдээ хэдий хэмжээний орлого олдог вэ?
– Манай улсын экспортын 70 хувийг аж үйлдвэрийн салбар эзэлж байгаа гэж би түрүүн хэлсэн. Үлдэх хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Үүн дотор газрын тос, байгалийн хий манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүнд тооцогддог. Харин үүний араас нүүрс ордог. Бид жилийн орлогынхоо  10 орчим хувийг буюу 200-300 сая ам.долларыг л нүүрснээс олдог. /Нүүрс экспортлогч компаниудаасаа бага татвар авдаг учраас ийм хэмжээний мөнгө төсөвтөө төвлөрүүлдэг/. Энэ бол газрын тос болон байгалийн хийн орлогоос бага л даа. Саяхан манай улс шинэ хууль гаргаж, эрдэс баялгийг боловсруулахгүйгээр экспортонд гаргахыг хориглосон. Нэг ёсондоо, баягалийн баялгаа бүгдийг нь боловсруулж экспортод гаргах зохицуулалтыг хууль, эрхзүйн орчиндоо оруулж, мөрдөж эхлээд байна.

– Энэ зохицуулалтаас болж танай улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспорт буурч байгаа шүү дээ. Тухайлбал, танай улсын нүүрсний экспорт өнгөрсөн оныхоосоо 5 хувиар буурна гэсэн судалгаа байгаа. Энэ хуулиас болж хэдий хэмжээний орлогоо алдах вэ. Тооцоо судалгаа байгаа байх?
–  Байгалийн баялгийг өртөг шингээхгүй экспортод гаргахаар олборлогч компаниуд ганцаараа орлого олж, ашиг хүртээд байгаа зүйл ажиглагдсан. Индонези улсын байгалийн баялаг бүх ард түмэнд хүртээлтэй байх ёстой гэсэн заалт манай үндсэн хуульд ч, бусад хууль, дүрэм, журам, тогтоомжид ч тусгагдсан байдаг. Энэ дагуу ард түмэнд байгалийн баялгаас хүртээх нэг хэлбэр бол, түүхийгээр нь бус, боловсруулж гаргах явдал. Тиймээс энэ бодлогыг хэрэгжүүлээд явж байгаа. Энэ бодлогын үр дүнд бид байгалийн баялгаа зохистой ашиглах, үүнээс илүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргаж, орлого олж иргэд ч үүнээс хүртээд явах бололцоотой болж байгаа. Шинээр гаргасан энэ хуулиас болж бид таван тэрбум ам. долларын орлогоо алдах тооцоо гарсан. Гэхдээ, энэ бол ердөө хоёроос гурван жилийн асуудал. Харин үүний дараа манай орлого, ашиг нэмэгдээд явна.

– “Индонези улс уул уурхайгаас олдог орлогоо иргэддээ илүү хүртээмжтэй ашигтай байлгахын тулд үүнээс өөр ямар бодлого хэрэгжүүлдэг вэ?
-Индонезийн бүх компаниуд өөрийнхөө орлого болон ашгийнхаа тодорхой хэсгийг  нийгмийн сайн сайхны төлөө зарцуулах үүрэг хүлээсэн байдаг. Энэ нь төсөвт төвлөрүүлж байгаа татвараас тусдаа зүйл. Хүлээсэн үүрэг болон нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхийн тулд манай компаниуд, хариуцаж авсан дүүргийнхээ хүн амд ашиг болон орлогынхоо тодорхой хувийг зарцуулаад явдаг гэсэн үг л дээ.  Манай улс бол ардчилсан орон. Бид ард түмэнд бүх зүйл хүртээлтэй байх ёстой гэсэн зарчмаар ажилладаг. Манай хөгжлийн бүх бодлого үүнд чиглэгдсэн байдаг.

– Ингэхэд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлоход мэдээж бэлтгэл хэрэгтэй. Хуулийн ийм өөрчлөлт хийхийн тулд аж үйлдвэрийн салбараа хэрхэн анхаарсан бэ?
– Тийм ээ. Бэлтгэл заавал хэрэгтэй. Бид ийм хуулийн орчинтой болох тухайгаа 2004 онд зарласан. Өөрөөр хэлбэл 10 жилийн өмнөөс компаниудад бэлтгэлээ хангах хугацаа олгосон. Бид одоо хэн нэгэнтэй хэлэлцээ хийгээд сууж байх шаардлагагүй. 10 жилийн өмнөөс бэлтгэх хугацааг нь өгөөд, энэ хооронд олборлогч компаниуд бэлтгэлээ хангасан байх ёстой байсан. Үүнийгээ ч хийсэн.

– Танай улсын экспортын дийлэнхийг аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн эзэлдэг гэлээ. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тал дээр ч анхаарч байгаа юм байна. Тэгвэл импортын тухайд ямар байдаг вэ. Гадны орнуудаас голчлон ямар түүхий эд авдаг вэ?
– Манай аж үйлдвэрийн салбарын ихэнхийг гадны хөрөнгө оруулалттай томоохон корпорациуд эзэлж байна. Тиймээс тэдний үйлдвэрлэлийн орц, эд анги, сэлбэгийг ихэвчлэн импортолж байна. Жишээ нь “Тоёота”-гийн Индонези дэх салбарт автомашин үйлдвэрлэж байна. Үүний эд анги, сэлбэг хэрэгсэл бүгдийг гаднаас импортолж оруулж ирдэг. Мөн хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн бүтээгдэхүүн импортолдог. Ер нь манай улсын гадаад худалдааны гол түншлэгч орон бол БНХАУ байдаг. Өнгөрсөн жил Хятад -Индонезийн худалдааны эргэлт 67 тэрбум ам.долларт хүрсэн байх жишээтэй.

– “Манай хоёр орон 2011 онд гурван сая ам.доллар, 2012 онд найман сая ам.долларын худалдаа хийсэн байдаг шүү дээ. Одоо ямар байгаа вэ. Индонези манайхаас юу импортолж авах боломжтой вэ. Бас манай руу юу экспортлох боломжтой бол?
 -Өнгөрсөн жил манай хоёр орны худалдааны эргэлт 10 сая доллараар хэмжигдэж байсан. Энэ нь өмнөх жилүүдийнхээсээ өссөн үзүүлэлт. Цааш цаашдаа хоёр орны гадаад худалдааг нэмэгдүүлэх боломж их бий гэж харж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьсан Элчин сайдын хувьд, Монгол Улсын Засгийн газар, мэргэжлийн хүмүүстэй хамтран их зүйл хийх хэрэгтэй гэдгээ мэдэж, ойлгож байгаа. Энэ бол миний хийх ёстой ажил, бас үүрэг. Улс төрийн яриа хэлэлцээрийн түвшинд гарсан үр дүнг эдийн засаг, худалдааны салбар руу хөрвүүлэх нь миний үүрэг.  

-Хэдийгээр танай улсын экспортын дийлэнх хувийг аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн эзэлдэг ч, Индонези улс уул уурхайн салбартаа бас л тэргүүлэгч орон. Бидэнд танайхаас суралцах зүйл их байна?
– Тийм ээ. Индонези бол уул уурхайн салбарт олон жилийн туршлагатай оронд тооцогддог. Тиймээс ч цаашдаа Монгол улсын уул уурхайн салбарт туршлага солилцох, чадавхийг сайжруулах, харилцан хөрөнгө оруулалт хийх тал дээр хамтарч ажиллаж болох юм гэж харж байна. БНИУ-аас Монгол Улсад суугаа Өргөмжит Консул С.Эрдэнэтэй  энэ талаар нилээд хамтарч ажиллана. Бид ойрын үед хамтраад манай улсад Монгол- Индонезийн хамтарсан бизнесийн чуулга уулзалтыг зохион байгуулахаар ярилцаж байна. Үүгээр Индонезийн компаниудад монголын уул уурхайн салбарт ийм боломж байна. Ийм хөрөнгө оруулалт шаардлагатай байна гэсэн таниулах, танилцуулах арга хэмжээ хийхээр төлөвлөж байна. Үүний дараа Индонезийн компаниудыг монголд авчрах нь оновчтой гэж үзэж байгаа. Бид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан ашигтай байхын тулд алхам алхмаар ургашаа ахих болно.

– Манайд Индонезийн Элчин сайдын яам байдаггүй. Танай элчин сайдууд Бээжингээс манай хэргийг хавсарч хийдэг байгаа. Тиймээс таныг ирсэн дээр цөөн асуултад хариулт авч амжлаа. Бидний асуултад сонирхолтой хариулт өгсөн танд баярлалаа?

-Баярлалаа.

Эмэгтэй сайд нарын уулзалт

2023.06.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Төрийн ордон. Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт Төрийн ордонд эхэллээ. Уулзалтаар Уур амьсгалын өөрчлөлт, Хүнсний аюулгүй байдал, Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлс дэх эмэгтэйчүүдийн оролцоо сэдвээр салбар хуралдаан болохын зэрэгцээ өндөр түвшний уулзалтууд болох юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх: дэлхий ертөнцийн амар амгалан, аюулгүй байдлыг хангах, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд улс орнуудын эмэгтэй удирдагчдын үүрэг оролцоо, манлайлал нэн чухал байгааг тэмдэглэв. Жендерийн тэгш байдлыг хангаж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нь хүний эрхийн салшгүй хэсэг, ардчиллын үндсэн шалгуур гэдгийг гүнээ ухамсарлаж, амар амгалан, эв нэгдэлтэй дэлхий ертөнцийг бүтээхийн төлөө хамтран ажиллахыг уриаллаа. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатима болон Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Андоррын Хант Улс, Япон Улс, Люксембургийн Их Гүнт Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд нар уулзалтад оролцогсдод амжилт хүсэж, видео мэндчилгээ дэвшүүлэв. Уулзалтыг ХБНГУ, БНФУ дэмжин, хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Гадаад хэргийн сайд нар нь биечлэн оролцож байна. Уулзалтад дэлхийн бүс нутаг бүрийн төлөөлөл, тухайлбал Буркина Фасо, Индонез, Лихтенштайн, Өмнөд Африкийн Гадаад хэргийн сайд, Австрали, Мозамбикийн Жендэрийн асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд болон НҮБ, олон улсын бусад байгууллагын төлөөлөгчид биечлэн, 10 гаруй улсын Гадаад хэргийн сайд  цахимаар оролцож байна. Дэлхийн хүн амын тал хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэднийг чадавхжуулах, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн феминист болон феминист чиг баримжаатай гадаад бодлого хэрэгжүүлж буй орнуудын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Монгол Улс ч эмэгтэйчүүдэд чиглэсэн бодлогыг гадаад харилцаандаа тасралтгүй явуулж, жендэрийн зааг ялгааг арилгахад чиглэсэн үйл ажиллагааг тогтмол дэмжиж ирсэн юм. Энэ уулзалт нь Монгол Улсын бодлого, байр суурийг таниулах төдийгүй жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад оруулж буй бодит хувь нэмэр болно. Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт хоёр өдөр үргэлжилнэ гэжээ. 

Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсудиг хүлээн авч уулзлаа

2023.06.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсудиг хүлээн авч уулзлаа. Бүгд Найрамдах Индонез Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө байгааг Ерөнхийлөгч тэмдэглээд, Монгол Улс ойрын хугацаанд Жакарта хотноо Элчин сайдын яамаа нээхээр төлөвлөж буйг хэлэв. Мөн Ерөнхийлөгч Жоко Видодод мэндчилгээ уламжлахыг хүсэв. Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсуди Ерөнхийлөгч Жоко Видодо-гийн мэндчилгээг уламжилж, Монгол Улсын Ерөнхийлөгчийг тааламжтай цагтаа айлчлах урилгыг нотлов. Бүгд Найрамдах Индонез Улс нь Монгол Улсыг чухал түнш гэж үздэгийг тэмдэглэж, Элчин сайдын яамаа нээхээр болсон нь хоёр улсын төдийгүй АСЕАН-ы гишүүн орнуудтай харилцах харилцаа, хамтын ажиллагаанд чухал түлхэц болно гэдгийг онцлов. Уулзалтын үеэр НҮБ, бүс нутаг, олон улсын болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцжээ.

21. Монгол, Испанийн харилцаа

Испанийн “Хөдөлмөрчдийн нам”-тай санамж бичиг байгуулав

2023.10.03. Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын удирдлагууд Испанийн Хаант Улсад ажиллаа. Энэ үеэр Испанийн эрх баригч “Хөдөлмөрчдийн нам”-ын Олон Улсын бодлого, Хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга Хана Жаллоул, “Хөдөлмөрчдийн Нам”-ын Дэд Ерөнхий Нарийн Бичгийн дарга Хуан Франциско Серрано нартай уулзалт хийв. Шинэ 7 хоног Монгол Ардын Намын хувьд Гадаад харилцаагаа тэлсэн, үйл ажиллагаагаа олон улсын тавцанд таниулсан үйл явдлаар үргэлжилж байна. Өчигдөр Монгол Ардын Нам Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын “Хөдөлмөрийн нам”-тай санамж бичиг байгуулсан. Тэгвэл 10 дугаар сарын 02-ны өдөр Испанийн Хаант Улсын “Хөдөлмөрчдийн нам”-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Испанийн “Хөдөлмөрчдийн Нам”-ын Олон Улсын бодлого, Хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга Хана Жаллоул нар гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар талууд “Социал демократ” үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх тал дээр өргөн хүрээтэй хамтарч ажиллахаас гадна боловсон хүчнийг улам чадавхжуулах чиглэлээр мэдлэг, мэдээлэл солилцох, Хоёр намын судалгааны байгууллагын судлаач, эрдэмтэд, зөвлөхүүдийн хоорондын солилцоо, хамтын ажиллагааг дэмжих, намууд хоорондоо туршлага судлах, намуудын хөгжил төлөвшлийн зарим асуудлаар санал солилцож, хамтран ажиллах юм. Түүнчлэн эрх баригч улс төрийн хүчнүүдийн хувьд уулзалтын үеэр хоёр улсын хоорондын парламентын бүлэг байгуулах, хоёр улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцаж тохиролцлоо. Монгол Ардын Нам “Социал демократ” үзэл баримтлалтай 102 жилийн түүхтэй, Ази тивийн хамгийн анхны улс төрийн хүчин. Испанийн эрх баригч “Хөдөлмөрчдийн Нам” нь тус улсын нийгэм, эдийн засгийн хүрээнд олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, бодлогын түүчээ, улс төрийн намын манлайллыг үзүүлсээр ирсэн “Социал демократ” үзэл баримтлал бүхий 144 жилийн түүхтэй улс төрийн хүчин юм. Жендерийн тэгш эрхийг хангасан, Хүний эрхийг хамгаалсан, Чинээлэг дундаж давхаргыг бий болгосон, Аз жаргалын индекс өндөр улс орон болж хөгжих нь “Социал демократ” үзэл баримтлалын гол зарчим. Хүн төвтэй улс төрийн хүчинд хүн төрөлхтөн сонголтоо өгөх болсон нь хөгжингүй орнуудад явагдаж байгаа шат шатны сонгуулиудаас ажиглагдаж байгаа.  2023 оны 07-р сарын 23-нд Испанийн Хаант Улсын 15 дахь удаагийн парламентын сонгууль болж тус улсын Төлөөлөгчдийн танхимын 350 гишүүн, Сенатын танхимын 265 гишүүнийг шинээр сонгосон. Уг сонгуульд сонгуулийн насны 37,4 сая иргэдийн 24,9 сая сонгогч саналаа өгсөн бөгөөд тус сонгуулиар Испанийн “Хөдөлмөрчдийн нам” парламентад 120 суудал авч тэргүүлсэн юм.

Испанийн Хаант Улсын Ерөнхий сайд Педро Санчез-ыг хүлээн авч уулзав

2024.09.24. AНУ. Нью-Йорк хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ Испанийн Хаант Улсын Ерөнхий сайд Педро Санчез-ыг хүлээн авч уулзав.Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын гуравдагч хөрш Европын Холбооны гишүүн, Испанийн Хаант Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх хөгжүүлэх эрмэлзлээ илэрхийлэв. Хоёр талын харилцааг эдийн засаг, худалдааны бодит агуулгаар баяжуулах, дээд түвшний айлчлал хэрэгжүүлэх замаар хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломжийн талаар талууд санал солилцов. Ерөнхий сайд Педро Санчез Испанийн Хаант Улс, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л түвшинд өргөжүүлэн хөгжүүлэх, яриа, хэлэлцээг эрчимжүүлэх, дээд, өндөр түвшний айлчлалыг хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Испанийн Хаант Улс нь Европын Холбооны гишүүн орны хувиар Европын Холбоо, Монгол Улсын харилцааг идэвхжүүлэхэд хувь нэмрээ оруулах, Европын Холбооны гишүүн орнуудтай Монгол Улсыг холбох гүүр болон ажиллахад бэлэн байгааг тэмдэглэв. Талууд хоёр улсын НҮБ болон олон улсын байгууллагын хүрээн дэх уламжлалт хамтын ажиллагааг бэхжүүлэхээ нотоллоо.

22. Монгол, Италийн харилцаа

Шадар сайд У.Хүрэлсүх Итали Улсын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Иван Скалфароттог хүлээн авч уулзав

2017.04.16. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Итали, Монголын Засгийн газар хоорондын холимог комиссын Италийн хэсгийн дарга, эдийн засгийн хөгжлийн дэд сайд Иван Скалфароттог хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Шадар сайд У.Хүрэлсүх Монгол, Италийн хооронд 1970 оны 6 дугаар сард дипломат харилцаа тогтоосноос хойш найрсаг харилцаа, хамтын ажиллагааны төвшинд харилцаж буй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Мөн цаашид Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, ялангуяа худалдаа, эдийн засаг, соёлын салбарын хамтын ажиллагаа өргөжүүлэх өргөн боломжтойг тэмдэглэв. Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын хоёрдугаар хуралдаан энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Хоёрдугаар хуралдаанаар эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтын хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, боловсрол, соёл, зам тээвэр зэрэг салбарыг хамарсан өргөн хэлэлцүүлэг хийж байна. Энэ үеэр хэлэлцсэн асуудлыг ажил хэрэг болгоход Засгийн газрын зүгээс дэмжиж ажиллахаа Шадар сайд илэрхийллээ. Монгол Улсад 2016 оны байдлаар Италийн хөрөнгө оруулалттай нийт 52 компани худалдаа, нийтийн хоол, малын гаралтай түүхий эдийн боловсруулалтын салбарт 36,8 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийжээ. Хоёр улсын худалдааны нийт эргэлт 2016 онд 65,5 сая ам.доллар байснаас экспорт 33,5 сая ам.доллар, импорт 32 сая ам.долларт хүрсэн байна.

Италийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2024.02.05. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Италийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүчин чармайлтын дүнд өргөжин хөгжиж байгааг тэмдэглэлээ. Цаашид харилцан сонирхсон салбаруудад харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв. Элчин сайд Ж.Пиккаррета улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааг  идэвхжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв. Уулзалтын үеэр Тэрбум мод, Эрүүл монгол хүн, Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд Итали Улстай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Талууд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Ж.Пиккарретад ажлын амжилт хүсэж, бүх талын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв гэжээ.

Италийн Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлэв

2024.07.18. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв. Монголын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд италийн ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье. Улаанбаатар, Ромын харилцаа нь ардчилал, хүний ​​эрхийн үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлсэн, нөхөрлөлийн гүн гүнзгий мэдрэмжээр тэтгэгддэг бат бэх үндэс дээр суурилдаг билээ. Хоёр улсын харилцааг харилцан сонирхсон салбаруудад төдийгүй Европын Холбоо, Монгол Улсын харилцааны хүрээнд хамтын ажиллагааны шинэ боломжийг эрэлхийлэх замаар өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэл төгс байна. Эдгээр хүсэл эрмэлзлээ дурдахын ялдамд Эрхэм Ерөнхийлөгч Танд эрүүл энх, сайн сайхан, монголын найрсаг ард түмэнд хөгжил цэцэглэлтийн дээдийг хүсэн ерөөе гэжээ.

23. Монгол, Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын харилцаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Монгол залуусыг Их Британид сургаж, боловсрол эзэмшүүлэх нь том хөрөнгө оруулалт

2019.03.04. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Элчин сайд Филип Мэлоүнийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэрбээр манай улсад Элчин сайдаар томилогдож, үүрэгт ажлаа хүлээж аваад байгаа юм. Монгол Улс барууны орнуудаас хамгийн анх тус улстай 1963 онд дипломат харилцаа тогтоосон. Өнгөрсөн жил Монгол Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Монгол Британийн харилцаа сүүлийн жилүүдэд идэвхижиж байгаад баяртай байна. Өнгөрсөн онд хэд хэдэн харилцан айлчлал хэрэгжсэн. Хоёр талын харилцааг бэхжүүлэхэд өндөр, дээд түвшний харилцан айлчлал чухал ач холбогдолтойг Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын эхэнд тэмдэглэлээ. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа батлан хамгаалах, уул уурхай, байгаль орчин, соёл, боловсрол, харилцаа холбооны салбарт өргөн хөгжиж байна. Монголын Хөрөнгийн бирж, Лондонгийн Хөрөнгийн бирж хооронд хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Британийн Ерөнхий сайдын томилсон худалдааны элч чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ. Тус улсын Засгийн газрын Чивнингийн тэтгэлгээр монгол оюутнуудыг суралцуулж байгаад Ерөнхий сайд талархал илэрхийлээд цаашид энэ тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа хэллээ. Монгол залуусыг боловсрол, мэдлэг эзэмшүүлэх нь манай улсад том хөрөнгө оруулалт болно гэлээ. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж байгаа, ялангуяа худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт идэвхжиж байгааг Элчин сайд  Филип Мэлоүн тэмдэглээд эдгээр салбарт улам олон боломж гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Ф.Малон: Тэрбум мод хөтөлбөр цагаа олсон алхам юм

2021.10.30. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор Их Британийн Глазгоу хотыг зорьсон. Тэрбээр эх орноосоо мордохын өмнө Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ф.Малоныг хүлээн авч уулзсан юм. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол, Британийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд, цаашид  гуравдагч хөрш Британи Улстай харилцааг улам бэхжүүлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн юм. Харин Британийн Элчин сайд Ф.Малон: Монгол, Британийн худалдаа, эдийн засаг, байгаль орчны салбарын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж ажиллахаа илэрхийлээд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь цагаа олсон чухал алхам хэмээн онцолсон юм. Дэлхийн нийтийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд Британийн Засгийн газар тэргүүлэх ач холбогдол өгдөг гэдгийг Элчин сайд Ф.Малон тэмдэглэсэн. Мөн Британийн Глазгоу хотноо зохиогдож буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт нь байгаль орчныг хамгаалах дэлхий нийтийн хүчин чармайлтад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Глазгоу хотыг зорив

2021.10.31. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны арваннэгдүгээр сарын 1-2-ны өдрүүдэд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс /ИБУИНХУ/-ын Глазгоу хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтын Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх юм. Энэ үеэр Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Цөлжилттэй тэмцэх конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, Уур амьсгалын ногоон сангийн гүйцэтгэх захирал Янник Глемарек, Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч Аксель ван Тротзенбург, Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Масацугу Асакава зэрэг олон улсын байгууллагын удирдлагууд болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийнэ. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн үндэсний байгууллагын суурь конвенцын талуудын 26 дугаар бага хурлын үеэр болох дээд түвшний уулзалтад 130 улсын төр, засгийн тэргүүн оролцох юм.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт эхэллээ

2021.11.01. Их Британи. Глазгоу хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 11 дүгээр сарын 1-2-ны өдрүүдэд ИБУИНХУ-ын Глазгоу хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүрэлцэн ирэхэд ИБУИНХУ-ын Ерөнхий сайд Борис Жонсон, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар угтлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр дээд түвшний уулзалтад оролцож үг хэлэхээс гадна олон улсын байгууллагуудын удирдлагуудтай хоёр талын уулзалт хийнэ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Борис Жонсонтой уулзав

2021.11.01. Их Британи. Глазгоу хот. Энэ өдөр Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 11 дүгээр сарын 1-2-ны өдрүүдэд ИБУИНХУ-ын Глазгоу хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүрэлцэн ирэхэд ИБУИНХУ-ын Ерөнхий сайд Борис Жонсон, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар угтлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр дээд түвшний уулзалтад оролцож үг хэлэхээс гадна олон улсын байгууллагуудын удирдлагуудтай хоёр талын уулзалт хийнэ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх COP-26 уулзалтад үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлэн үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ноён хурлын дарга аа, Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа, Хүндэт төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын оролцогч талуудын 26 дугаар бага хурлыг зохион байгуулж буй Британийн Засгийн газарт чин сэтгэлийн халуун баяр хүргэж, бага хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсэж байгааг минь хүлээн авна уу. Парисын хэлэлцээрээр тохирсон 2050 онд хүрэх зорилтоо биелүүлэхэд улс орон бүр хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ эргэн харж, зоримог шийдвэртэй нэгдсэн цогц бодлого гарган хамтдаа тэмцэх шаардлагатай болж байгааг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна.Мөн түүнчлэн хүн төрөлхтөн КОВИД-19 цар тахалтай нүүр тулж буй энэ цаг үе бидэнд байгаль дэлхийтэйгээ харьцах хандлагаа өөрчилж, ногоон хөгжлийг эрчимжүүлэх зоримог, шийдвэртэй алхмуудыг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг сануулж байна.

Хурлын дарга аа,

Уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж буй орнуудын нэг болох Монгол Улс хүлэмжийн хийг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн чармайлтыг бүрэн дэмжиж, Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхийн төлөө бүх боломж нөхцөлөө дайчлан ажиллах болно гэдгээ дахин нотолж байна. Монгол Улс Үндэсний тодорхойлсон хувь нэмэр бичиг баримтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болж буй хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулахаар ахиулан тодорхойллоо. Дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлж, шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар дээрх зорилтоо 27.2 хувь хүртэл ахиулах боломж байгааг энэхүү дээд түвшний уулзалтын индэр дээрээс дуулгахад таатай байна. Зүүн хойд Азийн орнуудын цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхийн тулд бүс нутгийн хэмжээнд хил дамнасан эрчим хүчний харилцан холболтыг хөгжүүлэх нь чухал үүрэгтэй. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, цаашлаад Зүүн хойд Азийн эрчим хүчний хангамжийг сайжруулах зорилгоор Азийн супер сүлжээ санаачилгыг дэмжиж байгаа билээ. Энэ хүрээнд говийн бүсийн нар, салхины арвин нөөцдөө тулгуурлан томоохон эрчим хүчний цогцолбор байгуулахаар бүс нутгийн орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Манай улс СОР-26 дээд хэмжээний уулзалтыг угтаж, нийслэл Улаанбаатар хотноо хоёр долоо хоногийн өмнө Монгол Улс-Ногоон хөгжил сэдэвт олон улсын хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулсан гэдгээ Та бүхэнд дуулгахад таатай байна. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн аргаар цөлжилттэй тэмцэж ядуурлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртдөг хүүхэд, эмэгтэйчүүдийн нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна. Энэхүү хөдөлгөөний хүрээнд Монгол Улс жил бүр ДНБ-ийхээ нэгээс доошгүй хувийг хөрөнгө, санхүүг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн хор уршгийг бууруулахад зориулж байхаар шийдвэрлэж байна. Амьдралын эх ус, усны эх мод гэж манай ард түмэн ярьдаг. Монголчуудын байгаль дэлхийгээ хайрлан хамгаалдаг соёл уламжлалын нэгэн илрэл болох тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах санаачилга хэрэгжсэнээр Ази тив төдийгүй Америк тив хүрч байгаль экологи, эрүүл мэнд, эдийн засгийн хор хохирол учруулж байгаа шар шороон шуургыг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Эрхэм хурлын дарга аа, Эцэст нь хэлэхэд бага, дунд орлоготой орнуудад чиглэсэн уур, амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд нь зориулсан хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэхэд бүс нутаг болон олон улсын нягт хамтын ажиллагаа онцгой үүрэгтэй болохыг цохон тэмдэглэж байна. Дэлхий нийтийн бүх цаг үеийн хамгийн том асуудал болох уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эх байгальдаа хариуцлагатай хандан үр хойчдоо ногоон ирээдүйг өвлүүлэн үлдээх эрхэм зорилгоо биелүүлэхэд гагцхүү та бидний харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, зоримог шийдвэр, тууштай хичээл зүтгэл нэн чухал юм. Энэхүү үйл хэргийн төлөө дэлхийн улс түмнүүд хүчээ нэгтгэх цаг болжээ. Анхаарал хандуулсан Та бүхэнд баярлалаа гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын ногоон сангийн гүйцэтгэх захиралтай уулзлаа.

2021.11.02. Шотланд улс. Глазгоу хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын ногоон сангийн гүйцэтгэх захиралтай уулзлаа. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Уур амьсгалын ногоон сангийн гүйцэтгэх захирал Янник Глемарек бараалхлаа. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн үндэсний байгууллагын суурь конвенцыг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, техник, арга зүйн зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий Уур амьсгалын ногоон сантай Монгол Улс 2010 оноос хойш идэвхтэй хамтран ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Cүүлийн 10 жилд Монгол Улсад дэмжлэг үзүүлж ирсэнд тус сангийн удирдлагад талархал илэрхийлж, Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд онцгой анхаарал хандуулж байгааг тодотгов. Тухайлбал, улам бүр хүрээгээ тэлж буй экосистемийн доройтол, цөлжилтийг бууруулах, шар шороон шуургыг сааруулахад чухал ач холбогдол бүхий тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг санаачлан ажиллаж байгаа талаараа хэллээ. Цаашид Монгол Улс ногоон хөгжлийн бодлогыг чухалчилж, дотоодын нийт бүтээгдэхүүний нэгээс доошгүй хувийг байгаль орчны салбарт зарцуулах бодлогыг баримталж ажиллана гэдгээ дурдав. Энэ хүрээнд Уур амьсгалын ногоон сантай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа хэлж, энэ талаар дэлгэрэнгүй санал солилцов. Уур амьсгалын ногоон сангийн гүйцэтгэх захирал Янник Глемарек: Тус сан нь Монгол Улстай хамтран ажиллахад таатай байдаг бөгөөд Монгол Улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах чиглэлд тодорхой санал, санаачилга дэвшүүлэн ажиллаж буйд баяртай байгаагаа илэрхийллээ. Цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв.

Дэлхийн банк “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ

2021.11.03. Их Британи. Глазгоу хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Дэлхийн банк группын Үйл ажиллагаа хариуцсан захирал Аксел ван Тротзенбург, Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Мануэла Ферро нар бараалхлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улс, Дэлхийн банк группын хамтын ажиллагааны 30 жилийн ойн мэндийг хүргэлээ. Өнгөрсөн хугацаанд болон КОВИД-19 цар тахлын үед Дэлхийн банк групп Монгол Улсад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв. Уулзалтын үеэр цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт, ногоон эдийн засгийн шилжилт, ногоон санхүүжилт, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа. Монгол Улс богино хугацаанд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, төсвийн алдагдлыг бууруулах, өрийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын хангалттай хэмжээний нөөц бүрдүүлэх замаар эдийн засгийн богино хугацааны болзошгүй эрсдэлийн эсрэг дархлаатай байхад онцгой анхаарч байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцоллоо. Түүнчлэн Монгол Улс нь байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд онцгой анхаарал хандуулж байгаа бөгөөд Ногоон хөгжлийн жишиг орон болох, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр бүс нутгийн түвшинд идэвх санаачилгатай ажиллана гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэв. Дэлхийн банк группын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд явуулж буй үйл ажиллагаа, манлайллыг тууштай дэмжихээ илэрхийлж, түүн дотроо тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөн, түүний хэрэгжилт болон санхүүжилтийн тал дээр мэргэжлийн зөвлөгөө өгч, боломжит бүх дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг дэлхийн улс орон, олон улсын байгууллагууд дэмжиж, хамтран ажиллахаар боллоо

2021.11.04. Их Британи. Глазгоу хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Глазгоу хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийллээ. Мөн дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн болон олон улсын байгууллагуудын удирдлагатай уулзлаа. Байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх зорилгоор Ерөнхийлөгчийн санаачлан өрнүүлж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэлхийн улс орнууд талархан хүлээж авч, хамтран ажиллахаа илэрхийлээд байна. Энэ талаар ШУТИС-ийн  багш, доктор, дэд профессор Д.Сэрдарам байр сууриа илэрхийллээ. Тэрбээр ‘Ерөнхийлөгч хийх ажлаа эх орондоо эхлүүлээд ирсэн учир дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагууд таатай хүлээж авлаа. Ажлын эхлэл бол тухайн ажлын тал нь гэдэг шиг бид нийгмийн сэтгэл зүйг бүрдүүлэх, хүлээн зөвшөөрөгдөх ажлаа хийж дууслаа. Дэлхийн улс орон, олон улсын байгууллага, хандивлагч орнуудтай хамтарч, тэдний дэмжлэгийг авах бүрэн боломжийг бүрдүүллээ’’ гэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Уур амьсгалын ногоон сангийн гүйцэтгэх захирал Янник Глемарик бараалхсан. Тус сан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах чиглэлээр Монгол Улс тодорхой санал, санаачилга гаргаж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн байна. Цаашид хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ. Уур амьсгалын өөрчлөлт, экосистемийн доройтолтой тэмцэх чиглэлд Монгол Улстай илүү өргөн хүрээнд хамтран ажиллаж, санхүүжилтийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх болсноо Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Масацүгү Асакава хэллээ. Монгол Улсын  Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод” санаачилга дэлхийн дулаарал, цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт чухал хувь нэмэр болно гэдгийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Кортней Раттрей онцолжээ. Дэлхийн банк групп Монгол Улсын Ерөнхийлөгчийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд явуулж буй үйл ажиллагаа, манлайллыг тууштай дэмжихээ илэрхийлж, түүн дотроо тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөн, түүний хэрэгжилт болон санхүүжилтийн тал дээр мэргэжлийн зөвлөгөө өгч, боломжит бүх дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийллээ.. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах санаачилгыг дэмжиж байгаагаа мэдэгдлээ. Мөн цөлжилт бол зөвхөн Монгол Улс төдийгүй бүс нутаг, цаашлаад дэлхий дахины асуудал гэдгийг тодотгож, цөлжилттэй тэмцэхэд улс орнуудын хамтын ажиллагаа чухал гэдгийг онцоллоо.

Д.Энхжаргал III Чарльз Лондон хотноо Бакенхэм ордонд уулзав

2022.02.01. ИБУИНХУ. Лондон хот. Монгол Улс, ИБУИНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойтой давхцуулан Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хаан III Чарльз Лондон хотноо Бакенхэм ордондоо Европ дахь монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбооны үүсгэн байгуулагч, Монголбанкны дэд Ерөнхийлөгч асан, Мянганы сорилтын сангийн захирал Данзанбалжирийн Энхжаргалтай уулзжээ. Английн хаантай уулзсан арга хэмжээ анх удаагийнх биш аж. Одоогоос 10 гаруй жилийн өмнө Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн холбоог анх үүсгэн байгуулагдахад тухайн үеийн Ханхүү Чарльз өөрийн зурсан, гарын үсгээр баталгаажуулсан зургаар хандив өргөснийг нь дуудлага худалдаагаар 10000 паундаар зарсан гэдэг. Үүнийгээ Эрүүл мэндийн яаманд хандивлаж, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн аянд 10000 паундын дэмжлэг үзүүлсэн тухайгаа өөрийнхөө цахим хуудаст жиргэсэн нь бий.

Ерөнхийлөгчийн илгээлт-2100 тэтгэлэгийн эзэд гадаадад суралцахаар мордов

2022.11.03. Монгол Улс. Улаанбаатар хот. Ерөнхийлөгчийн илгээлт-2100 тэтгэлэгт хөтөлбөрийн болзол хангаж, МУИС болон ШУТИС-д бэлтгэл хөтөлбөрт хамрагдсан оюутнууд гадаадын их, дээд сургуульд суралцахаар эх орноосоо мордлоо. Энэ жил эхний ээлжид 256 оюутан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Канад Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Австралийн Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс, Унгар Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс зэрэг 13 орны их, дээд сургуульд суралцах юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тэтгэлэгт хөтөлбөрийн эздийг үдэх ёслолд оролцон баяр хүргэж, сурлагын амжилт хүсэн ерөөв. Тэрбээр хэлсэн үгэндээ, алс газар сурахаар явж байгаа оюутан залуус дэлхийн боловсрол эзэмшиж, эх орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний манлайлагчид гэдгийг тэмдэглэв. Мөн гадаад улсад эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг өндөрт өргөж, бие биеэ хайрлаж, тусалж, дэмжиж, хүндэтгэж явж байхыг захилаа.

Монгол-Их Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны ойг шуудангийн маркийн нээлтээр эхлүүллээ

2023.01.23. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү ойд зориулсан шуудангийн маркийн нээлт болов. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малон “Их Британи, Монгол Улс нь марк болон шуудангийн үйлчилгээний өнө удаан жилийн уламжлалтай ард түмэн билээ. Их Британи Улс нь анхны шуудангийн маркийг 1840 онд гаргаж, улмаар Британийн эзэнт гүрний шуудан өртөөний найдвартай сүлжээг бий болгосон юм. Монгол Улс анхны үндэсний маркийг 1924 онд гүйлгээнд гаргасан хэдий ч Чингис хаан дэлхийн анхны шуудан өртөөг Монголын эзэнт гүрний үед байгуулсан түүхтэй. Энэхүү дурсгалын маркны нээлт нь дипломат харилцааны ойг тэмдэглэн үлдээх чухал арга хэмжээ болж байна. Монгол шуудан компанийн бүтээсэн энэхүү марк нь өвөрмөц шийдэлтэй, гайхалтай бүтээл болсонд өөрийн зүгээс баярлаж талархсанаа илэрхийлье. Нэгэн жарны ой гэдэг бол аливаа харилцаанд чухал, тэр тусмаа хоёр орны харилцаанд нэн чухал. Британи Улс анх барууны орнуудаас Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон бөгөөд үүгээрээ ч байнга бахархаж ирсэн юм гэв. Уг маркт Монгол Улсын шуудангийн анхны марк 1924 оны бат бэхийн бэлгэдэл “Элдэв-Очир”, Англид хэвлэгдсэн дэлхийн шуудангийн анхны марк 1840 оны “Хар Пенни” болон Монгол-Их Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн лого зэргийг тус тус дүрслэн харуулжээ. Хэлхээний чимэглэл хэсэгт Монгол, Британийн төрийн далбаа, Отгонтэнгэр хайрхан, шуудан өртөөний гэрүүд, нүүдэллэж буй гэр тэрэг, гэрэгэ барьсан буухиа шуудангийн элч, Английн далайн шуудан тээврийн далбаат онгоц, дундад зууны үеийн шуудангийн байр, дөрвөлсөн морьтой шуудангийн сүйх тэрэг зэргийг тус тус зохиомжилжээ. Марк нь нийт 20 мянган ширхэг хэвлэгдсэн байна. Монгол маркийн түүхэнд Британийн холбогдол бүхий сэдвээр Хөл бөмбөгийн ДАШТ /1966, 1978, 1982, 1998, 2022/, Нийслэлийн түүх /1978/, Төмөр зам /1979, 1992, 1997, 2000/, Далбаат хөлөг онгоц /1981/, Унадаг дугуйн түүх /1982/, Тракторын хөгжил /1982/, Агаарын бөмбөлөг /1982/, Нохой /1984, 1991/, Автомашин /1986/, Сүүлт од /1986/, Дэлхийн маркийн үзэсгэлэн “Лондон” /1980, 1990/, Дэлхийн Скаутын холбоо /1992/, Диана гүнжийн дурсгал /1997, 2008/, Мянганы нээлтүүд /2000/, Хүн төрөлхтөний түүх /2002/, Хатан хаан Элизабет II /2008/, Хун тайжийн хурим /2011/, Олимпын тоглолт Лондон /2012/, “Битлз” хамтлаг /2013/, Дэлхийн нэрт эрдэмтэд /2014/ зэрэг олон марк шуудангийн гүйлгээнд гарч байжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хаан гуравдугаар Чарльзийг хаан сэнтийд залах төрийн ёслолд оролцоно

2023.05.05. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Лондон хотноо болох Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс /ИБУИНХУ/-ын Цог Жавхлант Хаан гуравдугаар Чарльзийг хаан сэнтийд залах төрийн ёслолд оролцоно. Төрийн ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цог Жавхлант Хаан гуравдугаар Чарльзтай уулзаж, Монголын ард түмний нэрийн өмнөөс Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд баяр хүргэнэ. Цог Жавхлант Хааныг сэнтийд залах төрийн ёслолд гадаадын улс орны төр, засгийн 2000 гаруй төлөөлөгч оролцоно. Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол Улс Британи Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай бөгөөд Британи нь барууны орнуудаас хамгийн түрүүнд манай улстай дипломат харилцаа тогтоосон, ардчилал шинэчлэлтийн үйл явцыг эхнээс нь дэмжиж ирсэн улс юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хаан гуравдугаар Чарльзийг хаан сэнтийд залах төрийн ёслолд оролцож байна

2023.05.06. ИБУИНХУ. Лондон хот.  Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Лондон хотын Вэстминстерийн сүмд ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хаан гуравдугаар Чарльз болон Хааны хатан Камилла нарыг хаан сэнтийд залах төрийн ёслолд оролцож байна. Монгол Улсын Төрийн тэргүүн ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хааны урилгаар хаан сэнтийд залах төрийн ёслолд анх удаа оролцож байгаа юм. Энэхүү үйл ажиллагаа нь 1000 гаруй жилийн өнө эртний түүхтэй өвөрмөц зан үйл бүхий төр, шашин, соёлыг хослуулсан ёслол бөгөөд Хаан гуравдугаар Чарльз 1066 оноос хойш Вэстминстерийн сүмд хаан сэнтийд заларч буй 40 дэх хаан болж байна. Хаан гуравдугаар Чарльзийг хаан сэнтийд эртний уламжлалын дагуу залж буй нь Хатан хаан хоёрдугаар Элизабетын 70 жилийн засаглалын дараах шинэ эринийг эхлүүлж, ирээдүйг бэлэгдэж буйг Букингемийн ордноос мэдэгдсэн юм. Хаан сэнтийд залах төрийн ёслолд Хааны гэр бүл, гадаадын улс орны төр, засгийн тэргүүн зэрэг 2000 орчим дээд, өндөр хэмжээний зочид оролцов. Монгол Улс Британи Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай бөгөөд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол Улс 1969 онд Лондонд Элчин сайдын яамаа нээсэн бол Британи Улс 1964 онд Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээсэн түүхтэй.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Хаан жүжиг тоглох Колизей театрт зочлов

2023.05.09. ИБУИНХУ. Лондон хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хаан Гуравдугаар Чарльзийг хаан сэнтийд залах Төрийн ёслолд оролцохоор Лондон хотноо ажиллах үеэрээ Монгол хаан жүжиг тоглох Колизей театрт зочилж, бэлтгэл ажилтай танилцав. Тэрээр Монгол хаан жүжгийг Лондон хотноо толилуулах төсөл дээр хамтран ажиллаж буй багийн гишүүдтэй уулзаж, уран бүтээлийн өндөр амжилт хүслээ. Уэст Эндийн (West End) хамгийн том буюу 2359 суудалтай танхим бүхий Колизей театрт Тоска, Айда, Набукко дуурь, Хунт нуур, Жизель балет зэрэг сонгодог бүтээлүүдийг тавьдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Британи улсад сурч буй монгол оюутнуудтай уулзлаа

2023.05.09. ИБУИНХУ. Лондон хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хаан Гуравдугаар Чарльзийг хаан сэнтийд залах Төрийн ёслолд оролцохоор Лондон хотноо ажиллах үеэрээ Ерөнхийлөгчийн илгээлт-2100 хөтөлбөрийн хүрээнд Британи Улсад суралцаж буй оюутан залуустай Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яаманд уулзлаа. Тус хөтөлбөрийн хүрээнд ИБУИНХУ-д 29 монгол оюутан, үүнээс 15 оюутан дэлхийн шилдэг 100 их сургуулийн нэг Бристолын их сургуульд суралцаж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн илгээлт-2100 хөтөлбөр амжилттай хэрэгжиж буйд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, хилийн чанадад суралцах хугацаандаа Монгол Улсаа төлөөлж буйгаа үргэлж санаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, монгол хүний оюуны нөөц бололцоог бүрэн ашиглаж, хичээл зүтгэл гарган суралцахыг захилаа. Ерөнхийлөгчийн илгээлт-2100 хөтөлбөрт шалгаран Британи Улсад суралцаж буй оюутнууд сургуулиа амжилттай дүүргээд эх орондоо эзэмшсэн мэргэжлээрээ ажиллана гэдгээ илэрхийлэв. Оюутан залуусын төлөөлөл “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрт шалгаран дэлхийн өндөр хөгжилтэй оронд суралцаж буйдаа баяртай байгаагаа хэлж, сэтгэгдлээ хуваалцлаа. Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын өнцөг булан бүрээс өөр өөрийн хүсэл мөрөөдөлтэй залуус нэгэн зорилгын дор нэгдэж, тулгарч буй сорилтуудыг хамтдаа туулж, хичээн суралцаж байгаа гэлээ. Суралцах хугацаандаа мэргэжлийн хичээлдээ шамдахаас гадна хувь хүний хөгжилд анхаарч, арвин туршлага хуримтлуулж, эх орондоо очоод эзэмшсэн мэргэжлээрээ үнэ цэн бүтээн ажиллана гэдэгтээ итгэл дүүрэн байгаагаа оюутан залуус онцолж байв. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч хилийн чанадад суралцаж буй монгол залуус бие биенээ дэмжиж, хамтдаа хичээн суралцах нь чухал гэдгийг хэлж, Монгол Улсын төр, засгийн зүгээс ирээдүйн боловсон хүчнийхээ хөгжилд онцгой анхаарал хандуулж ажиллана гэдгийг тэмдэглэв.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэтгэлэгт хөтөлбөр нь монгол хүний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Энэ дагуу 2021 оноос эхлэн жил бүр 330 сум, нийслэлийн хороодоос тус бүр нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Засгийн газрын баталсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн журам”-д зааснаар харьяалагдах сум, хорооныхоо хамран сургах тойргийн сургуульд сүүлийн гурваас багагүй жил суралцан төгссөн, математик болон гадаад хэлний элсэлтийн ерөнхий шалгалтын онооны дунджаар сум, хороондоо тэргүүлсэн бол тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзол хангадаг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав-

2023.06.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоныг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ой энэ жил тохиож буйг Ерөнхийлөгч онцлоод, Элчин сайд Филип Малон Монгол Улсад ажиллахдаа харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг тэмдэглэв. Өнгөрсөн таван жилийн хугацаанд бүх талын дэмжлэг үзүүлж байсан Монголын төр, засаг болон найрсаг, зочломтой ард түмэнд Элчин сайд Филип Малон талархал илэрхийллээ. Мөн Монгол Улс ойрын 10-15 жилийн дотор хөгжин дэвжсэн орон болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.

ИБУИНХУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023.08.28. Монгол Улс. Улаанбаатар хот. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Фиона Блайт  Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдаар томилогдсонд нь Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Тэрбээр Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ой энэ онд тохиож буйг онцолж, харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн, дээд, өндөр хэмжээний айлчлал хэрэгжүүлэхийг чухалчилж байгааг тэмдэглэв. Элчин сайд Фиона Блайт хоёр улсын харилцааг өргөжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв. Фиона Блайт Их Британийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн даргын алба, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яам, НҮБ-ын дэргэд суугаа Британийн Байнгын төлөөлөгчийн газар, Сомали дахь НҮБ-ын төлөөлөгчийн газарт ажиллаж байсан юм.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Хөдөлмөрийн намтай Санамж бичиг байгууллаа

2023.10.02. Монгол Улс. Улаанбаатар хот. Энэ оны 06-р сард Монгол Ардын Нам Германы Социал Демократ нам “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулсан анхны Ази тивийн улс төрийн хүчин болсон. Тэгвэл 2023 оны 09-р сарын 29-нд Монгол Ардын Нам, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Хөдөлмөрийн Намтай “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгууллаа. Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон Нарийн Бичгийн дарга О.Батнайрамдал нар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад ажиллаа. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Хөдөлмөрийн нам, Монгол Ардын Нам нь сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд нийтлэг үнэт зүйл, зарчимд суурилсан харилцан итгэлцэл, нягт хамтын ажиллагааны суурийг бий болгосон. Энэхүү санамж бичиг нь нийгмийн ардчиллын нийтлэг үзэл санааг ахиулахад түлхэц өгөх үүрэг гүйцэтгэх юм. Санамж бичиг байгуулагдсанаар хоёр нам дараах зөвшилцөлд хүрлээ. Үүнд: Хоёр намын харилцаагаа улам өргөжүүлэх, стратегич, зөвлөхүүдийн хооронд туршлага солилцох, Намын бодлого, бүтээн байгуулалтын талаар мэдээлэлээ хуваалцахад хамтран ажиллаж байхаар боллоо. Энэ үеэр Хөдөлмөрийн Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Давид Эванс хэлсэн үгэндээ “Олон улсын дэвшилтэт бодлогын хамтын нийгэмлэгүүдийн хүчээр дэлхий дахинд тулгарч буй аюул заналхийллийг даван туулж, иргэдийн маань аюулгүй ирээдүйг бий болгож чадна. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурсан явдал нь бидний хамтын харилцааг бэхжүүлж, дэвшилтэт социал демократ бодлогыг түгээн дэлгэрүүлэхэд чухал алхам боллоо” гэжээ.

Чарльз хаан мэндчилгээ дэвшүүллээ

2024.07.12. Монгол Улс. Улаанбаатар хот.Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хаан, хамтын нөхөрлөлийн Тэргүүн Цог Жавхлант Гуравдугаар Чарльз баярын мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээнд Танд болон танай ард түмэнд Үндэсний их баяр наадмын онцгой өдрийн баярын мэндийг гэргий бид хоёр хүргэж байгаадаа баяртай байна. Манай хоёр улс энх тайван, хөгжил цэцэглэлт, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхийн дахинд тулгамдаж буй асуудлаар цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байна. Танд эрүүл энх, монголын ард түмэнд аз жаргал, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе гэжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав

2024.04.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн .Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав. Талууд Монгол, Британийн найрсаг харилцааны түвшинг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх суурь тавигдсанд баяртай байгаагаа илэрхийлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцав. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгаль орчноо хамгаалах, цөлжилттэй тэмцэх, экологийн тэнцвэртэй байдлыг хангах, органик хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов. Талууд харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцааны бэлгэ тэмдэг болохуйц томоохон төсөл хэрэгжүүлэхийн чухлыг онцолж, энэ чиглэлээрх санал, санаачилгыг дэмжихээ нотлов. Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон 2010-2015 онд Британийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Хоёр улс 60 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ удаагийн айлчлал Британийн Гадаад хэргийн сайдын түвшинд 11 жилийн дараа болж байгаа юм. Айлчлалын үеэр “Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс хоорондын хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлд хүргэх замын зураглал”-д Дэвид Камерон нар гарын үсэг зурсан байна. Мөн ховор металл, геологийн шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны чиглэлээр хамтрах тухай баримт бичигт холбогдох яам, агентлагын удирдлагууд гарын үсэг зуржээ.

Шадар сайд У.Хүрэлсүх Казахстаны Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2016.12.21. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсаас манай улсад суугаа Элчин сайд Калыбек Кобландиныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Казахстан Улс тусгаар тогтнолоо зарласны 25 жилийн ойн баярын мэнд хүргээд манай хоёр орны найрсаг харилцаа хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирсэнд  сэтгэл хангалуун байна гэдгээ Монгол Улсын Шадар сайд илэрхийлсэн.  Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол Казахстаны Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг 2017 оны эхний хагас жилд багтаан зохион байгуулна. Мөн оны зургадугаар сарын 9-нд  Астана хотноо “ЭКСПО 2017”-г нээж  112 улс орон, Олон улсын 18 байгууллага оролцоно. Энэ үеэр Улаанбаатар-Астана чиглэлийн агаарын тээврийн шууд нислэг нээгдэнэ гэж бид итгэж байна хэмээн Элчин сайд хэллээ. Монгол Улсын Шадар сайд “ЭКСПО 2017”-д анхаарлаа хандуулахаа илэрхийлээд манай хоёр орны харилцаа шинэ шатанд гарах ёстой. Тиймээс бид ах дүүгийн харилцаагаа идэвхижүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй гэжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүргэдчин охин Айшолпаныг хүлээж авч уулзлаа

2017.11.09. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Бүргэдчин охин” нэрээр олон улсад алдаршаад буй Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын “Зайяед” сургуулийн 11-р ангийн сурагч Айшолпан Нургаевийг хүлээж авч уулзан баяр хүргэлээ. 10 наснаасаа бүргэд сургаж эхэлсэн охины амьдралаас сэдэвлэсэн “Бүргэдтэй анчин” кино энэ сарын 2-нд АНУ-ын Нью-Йорк хотноо болсон Азийн нийгэмлэгийн их наадмаас “Ази тивийг өөрчлөгч иргэн” хэмээх шагнал хүртсэн байна. “Бүргэдтэй анчин” маш сайхан кино болсон байна лээ. Дүүдээ баяр хүргэж, улам их амжилт хүсье гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын эхэнд хэллээ. Эмэгтэй хүн ямар агуу хүч тэнхээтэй, эр зоригтой, хурдан шаламгай, дайчин давшингуй, тэсвэр тэвчээртэй байдаг юм бэ гэдгийг миний дүү дэлхий ертөнцөд харуулж, улсынхаа нэрийг таниулж байна. Дүүдээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье. Эрэлхэг зоригтой охин өсгөж хүмүүжүүлсэн аав, ээждээ Ерөнхий сайдын мэндийг хүргээрэй гэлээ. Эмч болох мөрөөдөлтэй. Гэсэн ч кинонд тоглосных нь дараагаар түүнд Харвард болон Лондонгийн их сургуулиас суралцах эрх олгон, оюутнаар элсүүлэх хүсэлтээ ирүүлсэн байна. Кинонд тоглох хэдий сайхан ч эмч болох мөрөөдөл минь хэвээрээ гэж Н.Айшолпан охин Ерөнхий сайдад ярилаа. Уулзалтад УИХ-ын гишүүн Г.Солтан, УИХ, Засгийн газрын гишүүн Х.Баделхан нар байлцсан бөгөөд тэд Айшолпан охины нэр хүндээр “Бүргэдийн баяр”-ыг зорьж ирэх жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж, казах айл өрхүүд охидоо бүргэдчин болох сонирхолтой болж байна гэдгийг хэлжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд казах түмний Наурызын баярт оролцов

2018.03.21. Монгол Улс. Баян-Өлгий аймаг. Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд казах түмэн хаврын баяр-Наурызын баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Баян-Өлгий аймагт томилолтоор ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх аймгийн төв талбайд болсон Наурызын баярын нээлтэд оролцлоо. Тэрээр эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист аж төрж, суралцаж, нийгмийн бүх салбарт ажиллаж байгаа казах иргэддээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэнд хүргэж, түмэн олноороо эрүүл энх, эгэл хотлоороо амар амгалан, дүүрэн билэгтэй, түвшин жаргалтай байхын ерөөлийг өргөн дэвшүүлэв. Засгийн газрын өмнөө тавьсан томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд ажилч хичээнгүй, хөдөлмөрч казах түмэн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд цаашид казах иргэдийн талаарх бодлогыг анхаарлынхаа төвд байлгах болно гэв. Казах түмэн шинэ ондоо эрүүл энх, амар түвшин байж, Ахтаан найрагчийн Агика бүргэд шиг эр зоригтой, домборын аялгуу шиг цог золбоотой, домогт Толбо нуур шигээ арвин тансаг дастархантай, идээ цагаа элбэг байж, амьдрал ахуй нь дэвжин дээшлэхийн ерөөл өргөлөө. Баян-Өлгийчүүд хүн амын төрөлт нэмэгдсэн, малын тоо өссөн, аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн, иргэдийн хадгаламж өссөн, татварын орлого биелсэн зэрэг олон  амжилтаар Хаврын баяр-Наурызын баяраа угтжээ. Үндэсний хувцсаараа гоёсон казах түмэн эе эвийг эрхэмлэн, ахас ихэсдээ хүндэтгэл үзүүлэн золгож, домборын аялгуунд бүжгээ бүжин, ая дуугаа өргөж, хотол олноороо өргөн дэлгэр наадаж байна. Ерөнхий сайд мөн өдөр азай буурлын гэрт зочилж баяр хөөрийг нь хуваалцсаны дараа Увс аймгийг зорилоо гэжээ. Наурыз нь “Шинэ өдөр” гэсэн утгатай перс гаралтай үг юм. Казах түмэн хахир хатуу өвлийг өнтэй давж, урин хавартай золгосны баяр болгон тэмдэглэдэг. Баярын ширээндээ баяр баясгалан, аз жаргал, амьдрах ухаан, эрүүл мэнд, эд баялаг, өсөлт хөгжилт, асран хамгааллыг илэрхийлсэн идээ будаа засч, хотол олноороо баярлан цэнгэдэг байна. Наурызын баярыг Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг нутагт амьдран суудаг 300 гаруй сая казах хүн тэмдэглэдэг. Энэ баярыг ЮНЭСКО Олон улсын баяр болгож,  Биет бус соёлын үнэт өвд бүртгэжээ. Монгол Улсын төр, засаг ч энэ баярт ач холбогдол өгч, өдөр шөнө тэнцдэг гуравдугаар сарын 22-ны өдрийг Баян-Өлгий аймагт амралтын өдөр байх хууль батлан гаргасан юм гэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн Наурызын баярын мэндчилгээ

2018.03.22. Монгол Улс. Баян-Өлгий аймаг. Монгол Улсын нийт казах иргэд ээ, Эрхэм хүндэт Баян-Өлгийчүүд ээ! Өвлийг өнтэй давж, урин хавартай учран золгож буйг билэгшээн өдөр шөнө тэнцсэн тэгш сайхан өдөр улс хотлоороо өргөн дэлгэр тэмдэглэдэг олон зуун жилийн түүхтэй  дорно дахины ард түмний уламжлат  шинэ жил-Наурыз баярын сайхан өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист аж төрж, суралцаж, нийгмийн бүх салбарт ажиллаж байгаа нийт казах иргэд Та бүхэндээ  Монгол Улсын Засгийн газар болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндийг хүргэж, түмэн олноороо эрүүл энх,  эгэл хотлоороо амар амгалан,  дүүрэн билэгтэй, түвшин жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Наурызын баяраар “Наурызын өдөр дайснаа хүртэл уучил”, “Мууг сайнаар дайл” гэсэн өвөг дээдсийн сургаалыг ёсчлон биелүүлж,  эв эеийг эрхэмлэн, ахас дээдсээ хүндлэн дээдэлдэг сайхан уламжлалтай. Амьдралын үндсийн үндэс болсон байгаль орчноо хайрлан хамгаалах үйлст томоохон ач холбогдол өгдөг гүн гүзгий утга агуулгатай. Тиймээс 7000 жилийн тэртээгээс уламжлагдан ирсэн, дэлхий дахины дөч гаруй орны 300 сая хүн өргөн хүрээнд, ёс төгөлдөр тэмдэглэж байна. Тийм ч учраас энэхүү баярыг  НҮБ-ын Соёл, шинжлэх ухаан, боловсролын асуудал хариуцсан байгууллага (ЮНЕСКО) биет бус соёлын үнэт өвд бүртгэж, жил бүрийн гуравдугаар сарын 22-ыг Олон улсын Наурызын баяр болгон тэмдэглэхийг тунхаглан зарласан билээ. Манай орны төр засаг болон төрийн бус байгууллагууд ч томоохон ач холбогдол өгч, энэ өдрийг Баян-Өлгий аймагт амралтын өдөр болгохыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулж, Наурыз баярыг жилээс жилд уламжлал шинэчлэлийг оновчтой хослуулан үр өгөөжтэй тэмдэглэх болсныг баярын энэ өдөр онцлон тэмдэглэхийг хүсч байна. Улиран өнгөрч буй “Алтан унжлагат” тахиа жил бидэнд үр өгөөжөө өгсөн, бас ухаарал үлдээсэн жил байлаа. Улсын эдийн засаг 5 хувиар өсөж, амьдрал ахуй сайжрах эхлэл тавигдлаа. Буянт мал сүрэг 66 саяд хүрч, гадаад валютын нөөц 3.2 тэрбум долларт хүрч өслөө. Монгол Улсын экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, төсвийн орлого  өмнөх жилүүдээс  эрс нэмэгдэж, олон улсын хөрөнгө оруулагчдын итгэл нь сэргэж эхэлсэн нь та бидний хичээл зүтгэлийн үр дүн юм. Айлчлан ирж буй нохой жилд энэхүү ололтоо бататгаж, улам ихийг бүтээж,  улс орны эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангах, газрын тосыг дотооддоо боловсруулах үйлдвэрийн ажлыг эхлүүлж, агаар орчны бохирдлыг бууруулах, тэтгэвэр тэтгэмжийг өсгөх, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлэх болно. Үүнд ажилч хичээнгүй, хөдөлмөрч казах түмэн Та бүхэн багагүй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Эртний уламжлал, удам судраа түшин, буурал дээдсийн үеэс өнөөг хүртэл зузаан түүхийг бүтээж яваа ажилч хичээнгүй, авьяаслаг, хөдөлмөрч  казах түмэн,  эх орон төрөлх аймаг, орон нутгаа  хөгжүүлэхийн төлөө, ихийг бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн  байдгийг Наурыз баярын энэхүү билэгт сайн өдөр тэмдэглэн хэлэхэд  таатай байна. Цаашид Засгийн газар, МАН казах иргэдийн талаарх бодлогыг анхаарлынхаа төвд байлгаж ажиллах болно. Уламжлалт Наурыз баяраа тэмдэглэж буй нийт казах иргэддээ шинэ ондоо элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, Ахтаан найрагчийн Агига бүргэд шиг эр зоригтой, домборын аялгуу шиг цог золбоотой, домогт Толбо нуур шигээ арвин тансаг дастархантай, идээ цагаа элбэг дэлбэг байж, амьдрал ахуй тань дэвжин дээшлэхийн ерөөл дэвшүүлье. Та бүхний ажил, амьдрал ямагт өөдрөг байж, санасан бүхэн чинь сэтгэлчлэн бүтэж, буян заяа тань зүйл бүрээр  дэлгэрэх болтугай гэжээ.

Наурызын баярын мэндчилгээ дэвшүүлэв

2019.03.21. Монгол Улс. Улаанбаатар хот. Үндэстэй бүхэн урган дэлгэрч, үртэй бүхэн өсөн үрждэг урин хаврын эхлэл, казах түмний олон зуун жилийн түүхэн уламжлалт Наурыз баярыг тохиолдуулан эх орны өнцөг булан бүрт аж төрөн амьдарч байгаа нийт казах иргэд Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баярын мэндчилгээ дэвшүүлье. Жилдээ нэг тохиох Наурыз баяраа дэлбэг угтаж, ахас ихэсээ хоймортоо хүндэтгэн залж, үгийн сайхныг хэлэлцэн, үйлсийн сайныг ярилцан, хүлгийн сайхныг унаж, баяр хөөртэй өөдрөг сэтгэлтэй байхыг эрхэмлэн дээдэлж, эв нэгдэл, сайн сайхныг бэлгэддэг нь казах түмэн уугуул ёс заншил, унаган төрх соёлоо хадгалж явааг харуулсан онцгой баярын өдөр юм. Эртний уламжлал, удам судраа түшин, буурал дээдсийн үеэс өнөөг хүртэл зузаан түүхийг бүтээж яваа ажилч хичээнгүй, авьяаслаг, хөдөлмөрч казах түмэн, эх орон төрөлх аймаг, орон нутгаа хөгжүүлэхийн төлөө, ихийг бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байдгийг Наурыз баярын энэхүү билэгт сайн өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна. Хотлоороо хосгүй жаргалтай байж, юу хүссэн есөн эрдэнийн цагаан хүсэл нь үргэлж биелж,  өнөд мандахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Та бүхэндээ аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНКазУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ

2019.10.10. Казакстан Улс. Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна.  Монгол Улсын Ерөнхий сайдыг Монгол Улсаас БНКазУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга, БНКазУ-ын Худалдааны сайд Бахыт Султанов, Гадаад хэргийн дэд сайд Шахрат Нурышев болон албаны бусад хүн угтан авлаа. Энэ үеэр хүндэт харуул жагсаж, хоёр орны төрийн далбааг мандуулав. Албан ёсны айлчлал энэ сарын 10-12 ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд хоёр орны Ерөнхий сайд ганцаарчилсан уулзалт хийж, албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын анхны Ерөнхийлөгч-Елбасы, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Нурсултан Абишевич Назарбаевт бараалхана гэжээ.

Алт цэвэршүүлэх үйлдвэр барихаар гэрээ байгуулав

2019.10.11. Казакстан Улс. Монгол, Казахстаны бизнес форум БНКазУ-ын нийслэл Нур-Султан хотод болж байна. Энэхүү форумд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНКазУ-ын Ерөнхий сайд А.У.Мамин нар оролцож үг хэлсэн билээ. Мөн үеэр хоёр орны бизнес эрхлэгчид “Алт мөнгө/үнэт металь/цэвэршүүлэх үйлдвэр барих”, “Нүүрсний ордуудаас ферросолицион үйлдвэрлэх үйлдвэр барих”, “Агаарын техникийн ачаа тээврийн нислэгийн инженер, техникийн үйлчилгээний мэргэжилтэн бэлтгэх”, “Хорио цээрийн бэлдмэл үйлдвэрлэх, мэргэжилтнүүдийг сургах сургалтын төв байгуулах” зэрэг найман гэрээг байгуулав. Алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах тухай гэрээнд “Эрдэнэс алт ресурс” ХХКийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан, “Сымбат инжиниринг” ХХН-ийн захирал Т.М.Шопшекбаевич нар гарын үсэг зурсан бөгөөд гэрээний хүрээнд Казахстаны талаас 30 сая ам.долларын үнэ бүхий алт цэвэршүүлэх технологийн патентаа Монголын талд үнэ, төлбөргүй өглөө. БНКазУ нь жилд 70 тонн алт үйлдвэрлэх зорилтынхоо хүрээнд нийслэл Нур-Султанд 2013 онд “Тау-Кен Алтын” алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулж ашиглалтад оруулснаар алтыг 99,99 хувь хүртэл цэвэршүүлдэг, жилд 25 тонн алт, 50 тонн мөнгө цэвэршүүлэх боломжтой олон улсын шаардлага хангасан үйлдвэртэй болжээ. Тус үйлдвэр нь “Тау-Кен Самрук” ТӨХК-ийн санхүүжилтээр Хөрөнгө оруулалт, хөгжлийн яамны хяналт, удирдлагаар ажилладаг байна. Монгол, Казахстаны бизнес форумд оролцогчид тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав гэжээ.

У.Хүрэлсүх: Манай хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж их байна

2019.10.11. Казакстан. Монгол, Казахстаны бизнес форум БНКазУ-ын нийслэл Нур-Султан хотноо эхэлж байна. Монгол, Казахстаны 300 орчим бизнес эрхлэгч, албаны төлөөлөгчид оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Монгол, Казахстаны бизнес форумд оролцож, хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе. Эрхэм хүндэт Ерөнхий сайд Аскар Мамин, Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид ээ, Хатагтай, ноёд оо, Өнө эртнээс хаяа дэрлэн оршиж ирсэн казах түмний өлгий нутаг, нүүдлийн соёл иргэншлийн өв уламжлалын баялаг түүхтэй, Монголчууд бидний ойр дотно түнш Казахстан Улсад Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар 25 жилийн дараа ийнхүү айлчилж байгаадаа би ихээхэн баяртай байна. Энэ удаагийн айлчлал маань Монгол, Казахстаны харилцааны түүхэнд шинэ хуудсыг нээж, хамтын ажиллагааг чанарын шинэ түвшинд гаргаж, манай хоёр ард түмний найрамдлыг улам бататгана гэдэгт итгэлтэй байна. Өчигдөр би Бүгд Найрамдах Казахстан Улсын анхны ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Эрхэмсэг ноён Нурсултан Назарбаевт бараалхаж, Ерөнхий сайд, Эрхэмсэг ноён Аскар Маминтай албан ёсны хэлэлцээ хийлээ. Уулзалт, яриа хэлэлцээ найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болж, Монгол, Казахстаны харилцааг бид цаашид шат ахиулан хөгжүүлэхээр тохиролцлоо. Улс төрийн бат бэх харилцаан дээрээ суурилан худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, уул уурхай, мал аж ахуй, газар тариалан, хот төлөвлөлт, аялал жуулчлалын гээд өргөн хүрээтэй салбарт эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр бид ярилцлаа. Монгол, Казахстаны харилцааг өргөжүүлэхэд иргэд хоорондын солилцоо, нэн ялангуяа бизнес эрхлэгчид Та бүхний хамтын ажиллагаа нэн чухал үүрэгтэй. Монгол Улсын Ерөнхий сайдын албан ёсны айлчлалын хүрээнд өнөөдөр ийнхүү Нурсултан хотноо зохиогдож буй “Монгол-Казахстаны бизнес форум” нь хоёр орны эдийн засаг, бизнесийн харилцааг эрчимжүүлэн хөгжүүлэхэд томоохон түлхэц болно гэдэгт итгэлтэй байна. Бизнес форумыг хамтран зохион байгуулж байгаа Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Казахстаны үндэсний компани “КАЗАХ-ИНВЕСТ“ болон форумд хүрэлцэн ирсэн бизнес эрхлэгчид Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Манай хоёр улс зах зээлийн харилцаанд шилжин орсноос хойшхи хугацаанд эдийн засаг, нийгмийн багагүй бэрхшээл, сорилтуудыг даван туулж өнөөгийн хөгжил дэвшилд хүрсэн билээ. Өнгөрсөн хугацаанд Казахстан Улс бизнесийн тогтвортой орчин бүрдүүлж, өрсөлдөх чадвараа ахиулан эдийн засгийн хөгжлийн өндөр амжилтад хүрч чадсаныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Монгол Улсын эдийн засаг 2018 онд 6.9 хувиар, энэ оны эхний хагас жилд 7.3 хувиар өссөн бөгөөд цаашид ч өсөх төлөвтэй байна. 2018 онд манай улсад оруулсан гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх онтой харьцуулахад 18 хувиар өсч, энэ оны эхний хагас жилд ч хөрөнгө оруулалт нэмэгдсэн дүнтэй байна. Товчоор хэлэхэд Монгол Улсад бизнесийн таатай орчин бүрдэж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байгааг тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Монгол Улсын эдийн засаг өсөлттэй байгаа хэдий ч уул уурхайн салбараас хэт хамааралтай, эмзэг хэвээр байна. Иймд бид эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, уул уурхайн салбараас гадна бусад салбарын үйл ажиллагааг бодлогоор дэмжиж, хөрөнгө оруулалтын илүү таатай нөхцлийг бүрдүүлэхийг зорьж байна. Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид ээ, Манай хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж маш их байна гэж би боддог. Энэ талаар өөрийн санал, бодлоо та бүхэнтэй хуваалцахыг хүсч байна. 2018 оны байдлаар Монгол-Казахстаны худалдааны эргэлт 35,6 сая ам.долларт хүрсэн нь манай нийт гадаад худалдааны дөнгөж 0,3 хувьтай тэнцэж байна. Манай улсаас 3,5 сая ам.долларын үнэ бүхий адуу, хонь, ямааны мах болон ноолууран бүтээгдэхүүн экспортложээ. Казахстанаас 32,1 сая ам.долларын үнэ бүхий цагаан будаа, янжуур тамхи, жимс жимсгэнэ, ургамлын тос болон тоног төхөөрөмж худалдан авсан байна. 1990-ээд онд Монгол, Казахстаны худалдааны хэмжээ 75 сая ам.долларт хүрч байсан бол өнөөдөр бараа эргэлт хоёр дахин бага байна. Хоёр орны худалдаа Та бидний хүсэн хүлээсэн хэмжээнд хүрээгүй, товчоор хэлэхэд боломжит нөөц бололцооноос хавьгүй доогуур түвшинд байна. Иймд худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг дорвитой өсгөхөд бизнес эрхлэгчид Та бүхний хүчин чармайлт, хамтын ажиллагаа туйлын чухал юм. Та бүгдийн хүчин чармайлтыг Монгол Улсын төр засаг бүхий л талаар дэмжин ажиллах болно гэдгийг энд цохон тэмдэглэе. Хоёр орны эдийн засаг, бизнесийн харилцааг шинэ түвшинд гаргахын тулд уул уурхай, хүнсний үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалан, газрын тос, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал зэрэг олон салбаруудад байгаа нөөц боломжийг хамтран ашиглах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ оны 6 дугаар сараас Казахстаны иргэний агаарын тээврийн “СКАТ” компани Нур-Султан – Улаанбаатарын хооронд тогтмол нислэг үйлдэж эхэллээ. Түүнчлэн, Монгол Улсын агаарын тээврийн “Хүннү Айр” компани Улаанбаатар-Алмата чиглэлд шууд нислэг хийхээр төлөвлөж байна. Эдгээр нислэгүүд бий болсноор манай хоёр орны иргэд, бизнес эрхлэгчид жуулчид шууд зорчих нөхцөл бүрдэж, хоёр орны эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа эрчимжихэд зохих хувь нэмэр оруулах нь дамжиггүй юм.Казахстаны бараа бүтээгдэхүүн тухайлбал хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, нарийн хилэн бөс даавуу, алим жимс зэргийг манай ард түмэн олон жилийн өмнөөс хэрэглэж заншсан, чанар нь танигдсан бараа бүтээгдэхүүн юм. Сүү, махны чиглэлийн “Казахын цагаан толгойт” үүлдрийн үхэр, газар тариалангийн зарим сорт, төрлийг бид Монголд нутагшуулан ашиглаж ирсэн туршлагатай. Эдгээр уламжлалт худалдаа, хамтын ажиллагааг цаашид улам бүр эрчимжүүлэн хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Эрчимжсэн мал аж ахуй, мах үйлдвэрлэлийн чиглэлээр Казахстанд хэрэгжүүлж байгаа сайн туршлагаас судалж, Монголд хамтран ажиллах боломжийг бүрэн дүүрэн ашиглах нь зүйтэй. Дэвшилтэт технологи, инноваци нэвтрүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаанд онцгой анхаарч, хоёр улсын төр, засгийн түвшинд дэмжин ажиллах шаардлагатай гэж үзэж байна. Тухайлбал, хамтын ажиллагааны тодорхой түвшинд хүрээд байгаа “Алт цэвэршүүлэх үйлдвэр”-ийн төслийг Улаанбаатар хотод хэрэгжүүлэхэд хоёр талын холбогдох байгууллагууд эрчимтэй ажиллаж, бодит үр дүн гаргах нь чухал байна. Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид ээ, ​“Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэж монгол ардын зүйр үг байдаг. Миний дээр дурдсан эдгээр боломжийг бодит ажил хэрэг болгохын тулд хоёр орны бизнес эрхлэгчид Та бүхэн хүч чармайлтаа дайчлан, идэвхтэй хамтран ажиллахыг уриалж байна. Бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид Та бүхний үр дүнтэй яриа хэлцэл, харилцан ашигтай хамтын ажиллагаа нь хоёр орны эдийн засгийн харилцааг улам бүр бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Бизнес форумын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье. Манай хоёр орны ганбат найрамдал улам батжин хөгжих болтугай гэв.

У.Хүрэлсүх: Энэ удаагийн айлчлал Монгол, Казахстаны харилцаанд шинэ хуудас нээлээ

2019.10.11. Казакстан Улс. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж байгаа албан ёсны айлчлал үргэлжилж байна. Тэрээр тус улсын Ерөнхий сайд Аскар Узакпаевич Маминтай албан ёсны хэлэлцээ хийлээ. Мөн  тус улсын анхны Ерөнхийлөгч-Елбасы, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Нурсултан Абишевич Назарбаевт бараалхав. Монгол Улс, Бүгд Найрамдах казахстан Улс 1992 онд дипломат харилцаа тогтоож, 1993 онд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулснаас хойш харилцаа, хамтын ажиллагаа хөгжсөөр байна. Энэ харилцааг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, мал аж ахуй, газар тариалан, соёл, боловсрол, олон нийт, хүмүүнлэг гээд бүх салбарт эрчимжүүлэн гүнзгийрүүлэхээр болсныг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тодотгов. Энэ удаагийн айлчлал Монгол, Казахстан Улсын харилцаанд шинэ хуудас нээж, хоёр ард түмний найрамдлыг улам бататгана гэдэгт итгэлтэй байгааг тэмдэглээд 25 жилийн дараа Монгол Улсын Ерөнхий сайдын албан ёсны айлчлалыг 30 дахь Ерөнхий сайдын хувиар хийж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. Айлчлалын үеэр хоёр улс олон улсын тавцанд нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд цаашид НҮБ болон олон улс, бүс нутгийн яриа хэлэлцээ, хамтын ажиллагаанд бие биенээ дэмжиж, харилцан уялдаатай оролцож байх талаар ярилцав. Мөн боловсрол, мал эмнэлэг, газар тариалан зэрэг салбарт хамтран ажиллах, терроризмтэй тэмцэх, нийслэл хот хооронд ах дүү хотын харилцаа тогтоох зэрэг баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэ оны зургаадугаар сараас Улаанбаатар-Нурсултан хотын хооронд шууд нислэг үйлдэж эхэлсэн нь хоёр улсын иргэд, нэн ялангуяа бизнес эрхлэгчид, жуулчдын харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлж байгааг Ерөнхий сайд тэмдэглэв. Айлчлалын хүрээнд болох Монгол, Казахстаны бизнес форум худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллаганд түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв гэжээ.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд нар хэлэлцээ хийв

2019.10.10. Казакстан Улс. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Аскар Узакпаевич Мамин  нар албан ёсны хэлэлцээ хийв. Харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө бүх салбарт идэвхийлэн ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв. Казахстаны тал хөдөө аж ахуй, боловсрол, дэд бүтцийн салбар дахь худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, тээвэр, ложистикийн сүлжээг өргөтгөх, хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд, хөнгөн үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломжтой гэв.2020 онд Засгийн газар хоорондын комиссын хурлыг зохион байгуулах саналыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргалаа. Мөн 35 сая. ам.доллар байгаа худалдааны эргэлтийг 130 сая ам.долларт хүргэх боломжтойг тэмдэглэв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан ёсны айлчлалын хүрээнд Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Боловсролын салбарт хамтран ажиллах тухай, Боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг, цолыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай, Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай, Улаанбаатар хот, Нур-Султан хот хооронд ах дүү хотын харилцаа тогтоох тухай зэрэг бичиг баримтад гарын үсэг зурав. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Анхны ерөнхийлөгч-Елбасы, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Нурсултан Абишевич Назарбаевт бараалхлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Анхны Ерөнхийлөгч Н.А.Назарбаевт бараалхав.

2019.10.11. Казакстан Улс. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Анхны Ерөнхийлөгч – Елбасы, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Н.А.Назарбаевт бараалхав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казахстан Улс хурдацтай хөгжиж, Азийн бүс нутаг төдийгүй олон улсын тавцанд Казахстаны нэр хүнд өсч, байр суурь нь бэхжиж байгаад баяр хүргэхийн сацуу Анхны Ерөнхийлөгч Н.А.Назарбаевын санаачилсан “Казахстан – 2050”, “Нурлы Жол (Гэрэлт зам) – ирээдүйд хүрэх зам” хэмээх үндэсний хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж буйг тэмдэглэв. Н.А.Назарбаев хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр дорвитой ажлууд хийгдэх шаардлагатай байгааг онцлов. Мөн тэрээр Монгол Улсын 120000 казах үндэстнийг Монгол, Казахстаны харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг тухай тэмдэглэв. Дээр дурдагдсан Чиндао хотноо болсон хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр яригдсан зүйлүүд ажил хэрэг болсон тухай Монгол Улсын Ерөнхий сайд дурдав. Тухайлбал, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын хуралдаан 2018 онд Нур-Султан хотноо амжилттай болж, Улаанбаатар, Нур-Султан чиглэлийн шууд нислэг энэ оны 6 дугаар сараас нээгдсэн зэргийг дурдав. Мөн тэрээр Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамин албан ёсны хэлэлцээний үеэр Улаанбаатар, Алматы чиглэлийн нислэг нээх асуудлыг дэмжсэнд баяртай байгаагаа илэрхийлэв. Казахстаны Анхны Ерөнхийлөгч Н.А.Назарбаев ийнхүү 25 жилийн дараа болж буй Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалыг хоёр орны харилцааг хөгжүүлэхэд түлхэц өгнө гэж итгэж буйгаа илэрхийлээд, дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулахын чухлыг тэмдэглэв. 

Улаанбаатар, Нур-Султан хотууд ах дүүгийн харилцаат хотууд боллоо

2019.10.14. Казакстан Улс. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 10-12-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ, Засгийн газрын гишүүд багтсанаас гадна Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нарын албаны хүмүүс оролцлоо. Айлчлалын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Аскар Узакпаевич Мамин нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээрээр харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө бүх салбарт идэвхийлэн ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Казахстан Улсын нийслэл Нур-Султан хотын дарга Алтай Сейдирович Кульгинов нар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Нур-Султан хот хооронд ах дүү хотын харилцаа тогтоох хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Түүнчлэн Ерөнхий сайдын албан ёсны айлчлалын хүрээнд Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Боловсролын салбарт хамтран ажиллах тухай, Боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг, цолыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай, Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай зэрэг бичиг баримтад холбогдох албаны хүмүүс гарын үсэг зурлаа. Айлчлалын хүрээнд аравдугаар сарын 11-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханыг Нур-Султан хотын дарга Алтай Сейдирович Кульгинов хүлээн авч уулзав. Уулзалтаар санамж бичигт тусгагдсан ажлуудыг эрчимжүүлэх чиглэлд онцгойлон анхаарч хамтарч ажиллах, хоёр улс соёл, цаг уурын хувьд төстэй учраас аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаа цаашид улам хөгжүүлэхээр санал солилцов. Мөн Нур-Султан хотын дахин төлөвлөлт, орон сууцжуулалт болон ногоон байгууламжаас туршлага судалж, хамтарч ажиллахаар болсон юм.

Казахстаны дуурь бүжгийн театр, үндэсний музейтэй танилцав

2019.10.14. Казакстан Улс. Нур-Султан. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНКазУ-ын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар 2019.10.12-нд тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалынхаа төгсгөлд тэрбээр нийслэл Нур-Султан дахь Астана Опера Улсын дуурь бүжгийн театр, Үндэсний музейн үйл ажиллагаатай танилцсан юм. Монгол Улсын Засгийн газраас Соёл урлагийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх бодлого явуулж буй. Иймд шинэ тутам баригдсан хэдий ч Ази тив, улмаар дэлхийд танигдаад буй тус улсын томоохон театр музейн бүтээн байгуулалтыг гүйцэтгэсэн мэргэжлийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, тэднийг өөрийн оронд урьж туршлага солилцох, хамтран ажиллах талаар ярилцсан юм. Астана Опера дуурь бүжгийн эрдмийн театрыг 2013 онд Казакстаны анхны ерөнхийлөгч Елбасы Нурсултан Назарбаевын санаачилгаар барьсан бөгөөд өдгөө Төв азид хамгийн томд тооцогддог аж. Тус театрын хэв загварыг казах үндэсний өнгө төрхийг дэлхийн архитектурын сонгодог хэв, загвартай хоршуулан бүтээж, олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр тоногложээ. Нийт 64.000мкв талбайтай,1500 суудалтай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан ээлтэй орчин бий болгосноороо онцлог аж. Тус барилгыг 2500 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 жил зургаан сарын хугацаанд барьсан бөгөөд Итали, Франц, Герман зэрэг улсын гар аргаар олборлосон байгалийн чулууг дотоод чимэглэлд ашигласан нь олон зуун жилийн настай соёлын үнэт өв болно гэж үздэг аж. БНКазУ-ын Үндэсний музейн тухайд 2014 онд ашиглалтад орсон бөгөөд мөн л Төв ази дахь хамгийн залуу музейд тооцогдож байна. Музейн дизайныг БНСУ-ын “Design to be Art” компани, санхүүжилтийг Казакстаны “КазМунайГаз” хийжээ. Нийт 74.000 мкв талбайтай, 9 давхар, барилгад Астанагийн, Тусгаар тогтносон Казахстаны, Алтны, Эртний болон дундад зууны түүхийн, Угсаатан зүйн, Орчин үеийн урлагийн зэрэг 14 танхимд 175 мянга гаруй үзүүлбэр байдгаас Иссыкийн алтан хүн алдарт археологийн олдвор багтдаг аж. Музейд орчин үеийн технологийн дэвшлийг бүрэн ашиглаж байна гэжээ.

МАН-ын дарга У.Хүрэлсүх Наурызын баярын мэндчилгээ дэвшүүлэв

2021.03.22. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүх Монгол Улсад суугаа казак ард түмэнд хаврын баяр буюу наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Казахстаны төрийн тэргүүн баяр хүргэв

2021.06.12. Казахстан. Энэ өдөр Казахстаны төрийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхэд баярын цахилгаан илгээснийг хэвлэлийн алба нь мэдэгдэж Хабар 24 дамжуулав. Тус улсын Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев Казакстаны ард түмний өмнөөс болон хувиасаа Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ухнаагийн Хүрэлсүх танд баяр хүргэе. Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан нь У.Хүрэлсүх таны улсаа хөгжүүлэх гэж уйгагүй зүтгэсэн хөдөлмөрийн үр дүн, мөн монголын ард түмэн ихэд итгэдгийг харуулсан үйл явдал байлаа. У.Хүрэлсүх таны дэвшүүлсэн санаачилга болон төлөвлөгөө Монгол Улсыг ирээдүйд гэрэл гэгээ, хөгжил дэвшил рүү хөтөлж их амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Казахстан, Монгол хоёр улсын уламжлалт харилцаа, бүх талын хамтын ажиллагаа улам бэхжиж байгаад сэтгэл хангалуун байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Хоёр орны цаашдын хамтын ажиллагааг бүх шатанд үргэлжлүүлэхэд бүх хүчээ дайчлан ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Казахстаны төрийн тэргүүн хариуцлагатай албан тушаалд томилогдсон У.Хурэлсухийн цаашдын ажилд амжилт хүсч, найрсаг харилцаатай монголын ард түмэнд хөгжил дэвшил, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Наурыз баярын мэндчилгээ дэвшүүллээ

2022.03.22. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Наурызын баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД: Монгол эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист амар тайван аж төрж байгаа ажилч хичээнгүй, авьяаслаг, хөдөлмөрч казах түмэндээ Нарны баяр-Наурызын баярын мэндийг өргөн дэвшүүлье. Өдөр шөнө тэнцэж, наран наашилж, өргөн дэлхийд урин хавар айлчилсныг өнө эртнээс тэмдэглэж заншсан “Наурыз” бол зөвхөн казах түмний төдийгүй, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дэх хуралдаанаас “Олон улсын баяр” хэмээн албан ёсоор баталсан, ЮНЕСКО-гийн “Дэлхийн халдашгүй соёлын өв”-д бүртгэгдсэн, нийт хүн төрөлхтний баяр юм. Хуучин жилээ үдэж, шинэ жилээ угтах Наурызыг өнөөдөр дэлхийн олон орны 300 гаруй сая хүн ёслон тэмдэглэж, “амьтай бүхэн хөдөлж, шимтэй бүхэн ивлэх дэлгэр цаг ирлээ” хэмээн баярлаж байна. Манай казах түмэн Нарны баяраараа “Буян хишиг, эв нэгдэл жилийн эхнээс эхтэй” хэмээн бэлгэшээж, азай буурлуудаа хүндэтгэн залж, гэр бүл, ахан дүүс, ураг төрөл, хотол олноороо учран золгож, улиран одож байгаа жилийнхээ алдаа оноог дүгнэн, ирж байгаа жилийнхээ өнгө төлөвийг хэлэлцэж, өтгөс буурлууд нь идэр залуустаа мэргэн сургаалаа айлдаж, үгийн сайныг хэлэлцэн, үйлийн сайныг бэлгэдэж, эдийн дээдийг өмсөж, идээнийхээ дээжийг хүртдэг бахдам сайхан уламжлалтай. Хүж дэлхийтэйгээ хүйн холбоотой Наурызаа угтаж казах түмэн маань булаг шандынхаа эхийг сэргээдэг, ургах нарыг угтан тосож, сүүнийхээ дээжийг өргөн залбирдаг. Байгаль эхээ хүндлэн дээдэлдэг казах түмний олонх нь амьдран суудаг Баян-Өлгий аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин 20 сая мод тарьж ургуулах ажлаа эхэлснийг өлзий ерөөлтэй Наурыз тохиож байгаа өдөр дурдахад таатай байна. Хоёр хөрштэй хил залгаа, казах, урианхай, дөрвөд, тува үндэстэн ястан зэрэгцэн амьдардаг, Асгатын мөнгөний орд тэргүүтэй байгаль эхээс хайрласан арвин баялагтай, Алтай Таван Богд, Хотон, Толбо, Хурган нуур гээд уул ус нь тэгширсэн, соёлын олон янз байдлыг солонго мэт цогцлоосон Баян-Өлгий нутагт хөгжлийн гэрэлт ирээдүй бий. Төв Азийн нүүдэлчдийн дунд хэдэн мянган жилийн тэртээ үүсэж, эдүгээ хүртэл хадгалагдаж ирсэн, бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үедээ өвлүүлэн үлдээдэг “Бүргэдийн баяр” нь дотоод, гадаадын жуулчдын сонирхлыг татаж, Монгол орныг дэлхий дахинд сурталчлахад хувь нэмэр оруулж байгаа нэгэн чухал өв соёл билээ. Бүргэдийг гаршуулан дасгах, сургах,  ан авлах  уламжлалыг 2010 онд  ЮНЕСКО-гийн  “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-ийн төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгэснийг бахархан тэмдэглэж байна. Манай казах түмэн хэл соёл, ёс заншлаа унаган төрхөөр нь хадгалан үлдэж, Наурызын баяраа архи дарсгүйгээр тэмдэглэн өнгөрүүлдэг үлгэр жишээ уламжлалтай. Казах түмэн хэл, соёлоо хадгалахын зэрэгцээ монгол хэл, ёс заншил, бичиг үсгээ сайтар суралцаж, Үндсэн хуулиар олгосон эрх, үүргээ бүрэн дүүрэн эдлэх учиртай. Казах дуу хөгжим, бүжиг наадам, ширмэл хатгамал урлал зэрэг өв их уламжлалаа улам хөгжүүлж, сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх нь зүйтэй. Өрнүүн хөдөлмөрч казах түмнээс маань хариуцсан ажилдаа мэргэжлийн ур чадвар гаргаж, мэдлэг туршлагаа дайчлан, үр бүтээлтэй ажилласан шилдгүүд үйлс бүтээлээ төрдөө үнэлүүлж олон гавьяат, алдартан төрсөнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Ажилч, хичээнгүй казах түмний маань ахуй амьдрал аз жаргалаар бялхаж, ажил үйлс нь амжилт бүтээлээр цалгиж, Алтайн бүргэд мэт хийморьтой байг. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай гэжээ.

Казахстанаас Монголд суух Элчин сайд

2022.06.13. Монгол улс. Улаанбаатар хот. Төрийн ордон. Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Габит Койшибаев 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Энэ онд Монгол, Казахстаны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож буйг уулзалтын үеэр онцолж, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоёулаа далайд гарцгүй. Иймээс гадаад худалдааны зах зээлийг төрөлжүүлэх, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, бараа бүтээгдэхүүн харилцан нийлүүлэх шинэ гарцыг эрэлхийлэхэд бэлэн байгаагаа Элчин сайд Габит Койшибаев илэрхийлэв.

Казакстаны Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлэв

2022.07.13.Монгол Улс.Улаанбаатар хот. Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон монголын нийт ард түмэнд Yндэсний их баяр наадмыг тохиолдуулан мэндчилгээ илгээжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчтэй уулзав

2023.09.20. АНУ. Нью-Йорк хот. АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023.09.19-ний өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевыг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын хэлхээ холбоотой тус улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Төв Азийн бүс нутагт зэрэгцэн оршдог, далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд хөгжлийн туршлагаа харилцан хуваалцаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэх өргөн боломж байгааг харилцан илэрхийлэв. Хоёр улсын төрийн тэргүүн экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг төрөлжүүлж, улмаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Монгол, Казахстаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2023-2025 онд эрчимжүүлэх замын зураглал болон бизнесийн зөвлөлийг ойрын хугацаанд байгуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Цаашид томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, уул уурхайн салбар дахь туршлагаа солилцох, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болон бусад харилцан сонирхсон асуудлаар ярилцав. Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 2024 онд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр төлөвлөснөө энэ үеэр илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Наурызын баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв

2024.03.22. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх казах түмний Наурызын баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД: Туурга тусгаар Монгол эх орныхоо өнцөг булан бүрд болон гадаадын орнуудад амьдран суугаа, ажилч хичээнгүй, авьяаслаг, хөдөлмөрч казах түмэндээ Нарны баяр-Наурызын мэндийг өргөн дэвшүүлье. Эх дэлхий минь илч гэрлээр тэтгэгч алтан нарыг тойрсоор, өдөр шөнө тэнцэх өдөр, шимтэй бүхэн дэлгэрч, үндэстэй бүхэн үржих, үйлс ажил нь өрнөн дэлгэрэхийн бэлгэдэлт урин хавартай энх мэнд золгосны баяр Наурызыг казах иргэд маань өнө эртнээс тэмдэглэж ирсэн түүхтэй. Тийм ч учраас Даян дэлхийн хамтын нийгэмлэгийн шийдвэрээр Нарны баяр-Наурызыг “Дэлхийн халдашгүй соёлын өв”-д бүртгэн, дэлхий нийтээрээ тэмдэглэдэг болоод даруй 15 жил өнгөрч байна. Нүүдэлчин соёл иргэншлийн үнэт өвийг үеэс үед өртөөлөн хадгалсан хөдөлмөрч түмэн маань эх газрын эрс тэс уур амьсгалд зохицон амьдарч, он цагийн уртад хөдөлмөр зүтгэлийн нэгэн шалгуур хахир өвлийг даван туулж, жаврын үзүүрийг уярааж, төлийн дуу цангинасан урин хаврын улиралтай золголоо. Айсуй цагийн эхлэл Наурыз баяраараа казах иргэд маань хол ойроос хуран цуглаж, учран золгож, ахмад буурлуудаа хүндэтгэн залж, үнэт сургаалыг нь дээдлэн сонсож, үдэж буй жилийнхээ ололт амжилтыг дүгнэн хэлэлцэж, гарч буй жилдээ сайн сайхан бүхэн сэтгэлчлэн бүтэхийн ерөөл тавьдаг эртний сайхан уламжлалтай. Улиран одож буй жил Монгол Улсын эдийн засаг өсөж, орон нутагт чиглэсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Баян-Өлгий аймагт боомтын сэргэлт, босоо тэнхлэгийн автозамын бүтээн байгуулалт, транзит тээвэр зэрэг бүтээн байгуулалт өрнөж, хөгжлийн ахиц гарч, алс хязгаар нутагт маань аялагч, жуулчдын хөл тасрахгүй болжээ. Нүүдэлчин малч удамт уугуул, суугуул иргэд та бүхэн маань казах ёс заншлын бэлгэдэл, өв соёлын эрхэмсэг оршихуй, Наурыз баяраа өргөн дэлгэр тэмдэглэж, ирж байгаа шинэ жилийн өнгөө өөдрөг сайхнаар төсөөлж, азай буурлуудаа хүндлэн дээдэлж, анд нөхдөө эрхэмлэн хүндэлж, алдрай багачуудаа өхөөрдөн энхрийлж, Хүчит луу жилдээ хүрэн бүргэд шигээ хийморь золбоотой байж, эвийн зангилгаагаа бөхлөн гагнаж, эрч хүчээ өсгөн нэмэгдүүлж, хүй элгэнээрээ сайхан баярлаарай. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно

2024.07.02. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо 2024.07.3-4-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно. Манай улс ШХАБ-ыг олон талт хамтын ажиллагаанд оролцох чухал суваг хэмээн үзэж, 2004 онд ажиглагчийн статустай болсноос хойш тус байгууллагын дээд түвшний уулзалт болох Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд тогтмол оролцож ирсэн юм. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, ШХАБ-ын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын удирдагчидтай уулзан, харилцаа, хамтын ажиллагааны сонирхсон асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо

2024.07.03. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо 2024.07.3-4-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор эх орноосоо мордлоо. Манай улс ШХАБ-ыг олон талт хамтын ажиллагаанд оролцох чухал суваг хэмээн үзэж, 2004 онд ажиглагчийн статустай болсноос хойш тус байгууллагын дээд түвшний уулзалт болох Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд тогтмол оролцож ирсэн юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, ШХАБ-ын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын удирдагчидтай уулзан, харилцаа, хамтын ажиллагааны сонирхсон асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна гэжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хүрэлцэн очлоо

2024.07.03. Казахстан. Астана. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор 2024.07.03-ны өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо хүрэлцэн очлоо.  Монгол Улсын Ерөнхийлөгчийг Нурсултан Назарбаев олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас БНКазУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү, БНКазУ-ын Шадар сайд Г.Т.Койшыбаев нар угтан авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нартай уулзаж, харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев угтаж авлаа

2024.07.04. Казакстан. Астана. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Астана хотын Тусгаар тогтнолын ордонд хүрэлцэн очлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийг 2023-2024 онд ШХАБ-ыг даргалж байгаа Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевтай уулзаж, харилцаа хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Энэ удаагийн өргөтгөсөн хуралдаанд Хятад, Орос, Узбекистан, Киргиз, Азербайжан, Тажикистан, Беларусь, Турк зэрэг 16 орны төр, засгийн тэргүүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон бусад өндөр албан тушаалтан оролцож байна. ШХАБ нь гишүүн 10 /Казахстан, Киргиз, Орос, Пакистан, Тажикистан, Узбекистан, Хятад, Энэтхэг, Иран, Беларусь/, ажиглагч 2 /Афганистан, Монгол/, яриа хэлэлцээний түнш 13 /Азербайжан, Армени, Египет, Балба, Шри-Ланка, Камбож, Мьянмар, Катар, Саудын Араб, Кувейт, АНЭУ, Турк, Мальдив/, нийт 25 улсыг хамардаг юм. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд улсынхаа байр суурийг илэрхийлж, үг хэлэх юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчтэй уулзлаа

2024.07.04. Казакстан. Астана. Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Казакстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн хугацаанд хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, дээд, өндөр түвшинд яриа хэлэлцээ тогтмолжин Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагаа идэвхжиж буйг онцлон тэмдэглэв. Хоёр улсын төрийн тэргүүн хоёр орны найрсаг харилцааг бататган бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах хүрээнд дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик зэрэг тэргүүлэх салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тогтлоо. Талууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг Казахстан Улсын Ерөнхийлөгчийн санаачилга Хоёр тэрбум мод төсөлтэй уялдуулан хэрэгжүүлэх, харилцан туршлага солилцох замаар хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй хоёр талын болон олон улсын түвшинд хамтран ажиллахаар тохиролцлоо. Казахстан Улсад шар усны үерийн улмаас эд материалын ихээхэн хэмжээний хохирол учрахад Монголын ард түмэн сэтгэл зүрхээрээ хамт байж, Монгол Улсын Засгийн газраас дэмжлэг, туслалцаа үзүүлсэнд Ерөнхийлөгч Ж.Токаев чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Тэрбээр цаашид дээд түвшний айлчлал хэрэгжүүлэх, хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг бүхий л чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэв гэжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ

2024.07.04. Казакстан. Астана. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцож үг хэллээ. Тэрбээр, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж байгааг болон НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоосныг тэмдэглэв. Олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд, ШХАБ-ын ажиглагч улсын хувьд тус байгууллагын гишүүн, ажиглагч, яриа хэлэлцээний түнш орнуудтай хоёр талт болон олон талт форматын хүрээнд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээг тасралтгүй хийж ирснийг хэлэв. Цаашид ШХАБ-ын оролцогч нийт улс оронтой худалдаа, хөрөнгө оруулалт, хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэржилт, тээвэр ложистик, боомтын дэд бүтэц, байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал, мэдээллийн технологи болон хүмүүнлэгийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж байгааг тэмдэглэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, ган гачиг, үер усны гамшиг нүүрлэж, байгаль орчин, хүний нийгэмд үлэмж хэмжээний хохирол тохиож байгааг хэлж, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал байгааг онцлов. Иймд Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дэлхийн дулаарал, цөлжилт, газрын доройтлыг бууруулан, хүлэмжийн хийн шингээлт, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Тэрбум мод, Хүнсний хангамж, аюулгүй байдал зэрэг үндэсний хөдөлгөөнийг санаачлан амжилттай хэрэгжүүлж, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17)-ыг 2026 онд эх орондоо зохион байгуулахаар бэлтгэж байгааг тэмдэглэв. Далайд гарцгүй улс орнуудад тулгарч буй нийтлэг сорилт, бэрхшээлүүдийг шийдвэрлэхийн тулд ШХАБ-ын оролцогч орнуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, нэгдмэл байр суурь нэн чухал байгааг онцолж, Улаанбаатарт төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвтэй хамтран ажиллахыг уриаллаа. Монгол Улс нь Ази, Европыг холбосон газар зүйн байршлын онцлогтоо тулгуурлан худалдаа, аялал жуулчлал, тээвэр ложистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал, үйлчилгээний зангилаа болсон транзит монгол болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг хэллээ. Энэ хүрээнд ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн өргөн хүрээтэй, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд онцгой анхаарч, Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт туссан авто зам, төмөр зам, эрчим хүч, аялал жуулчлалын томоохон төслүүд болон Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг барьж байгуулах төслийг хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцоллоо. Энэ удаагийн ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ОХУ, БНХАУ, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан, Энэтхэг, Пакистан, Иран, Беларусь, Турк, Азербайжан, Арабын Нэгдсэн Эмират Улс, Катар, Туркменистан зэрэг улсын төрийн тэргүүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал, Исламын орнуудын хүнсний аюулгүй байдлын байгууллага, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Евроазийн эдийн засгийн комисс зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчтэй уулзлаа

2024.07.05. Казакстан Улс. Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев-тай уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн хугацаанд хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, дээд, өндөр түвшинд яриа хэлэлцээ тогтмолжин Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагаа идэвхжиж буйг онцлон тэмдэглэв. Хоёр улсын төрийн тэргүүн хоёр орны найрсаг харилцааг бататган бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах хүрээнд дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик зэрэг тэргүүлэх салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тогтлоо. Талууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Казахстан Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Хоёр тэрбум мод” төсөлтэй уялдуулан хэрэгжүүлэх, харилцан туршлага солилцох замаар хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй хоёр талын болон олон улсын түвшинд хамтран ажиллахаар тохиролцлоо. Казахстан Улсад шар усны үерийн улмаас эд материалын ихээхэн хэмжээний хохирол учрахад Монголын ард түмэн сэтгэл зүрхээрээ хамт байж, Монгол Улсын Засгийн газраас дэмжлэг, туслалцаа үзүүлсэнд Ерөнхийлөгч Ж.Токаев чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Тэрбээр мөн цаашид дээд түвшний айлчлал хэрэгжүүлэх, хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг бүхий л чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэв.

Казахстаны Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлжээ

2024.07.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд баярын мэндчилгээ ирүүлжээ. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон танай ард иргэдэд Казахстаны иргэдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Монгол Улс Ази тивийн нэр хүндтэй бөгөөд идэвх санаачилгатай улс болон хөгжиж байна. Улсынхаа нэр хүндийг олон улсын тавцанд өсгөх, эдийн засгаа хөгжүүлэхэд чиглэсэн Таны санал, санаачилга, төлөвлөсөн ажлууд амжилттай хэрэгжихийн ерөөл дэвшүүлье гэжээ.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

2024.10.25. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Энэхүү төрийн айлчлал нь Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал юм. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн хэлэлцэж, уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. Мөн айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулах Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгуулна. Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс нь 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024.10.28. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч К.Токаевыг “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Б.Койшибаев болон албаны бусад хүн угтаж авлаа. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Талууд өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн хэлэлцэж, уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцох юм. Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгөхөөр төлөвлөж байна. Айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурна. Ерөнхийлөгч К.Токаевын энэ удаагийн төрийн айлчлал нь Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа болж байна. Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2024.10.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.   Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевыг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан тугт мэхийн ёсолж, Ерөнхийлөгч К.Токаев Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ. Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчидтэй мэндчиллээ.Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч К.Токаев Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Талууд өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн хэлэлцэж, уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцох юм. Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгөхөөр төлөвлөж байна. Айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурна. Ерөнхийлөгч К.Токаевын энэ удаагийн төрийн айлчлал нь Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа болж байна. Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ. Мөн ондоо манай улс Алматы хотод, Казахстан Улс 1997 онд Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээсэн. Манай улсын Элчин сайдын яам одоо Астана хотноо байрлаж байна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

2024.10.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. СТРАТЕГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ”-д Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Ж.Токаев нар гарын үсэг зурлаа.

  • Монгол, Казахстаны уламжлалт найрсаг харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тогтсоныг төрийн тэргүүнүүд тунхаглан зарлалаа. Монгол Улс нь Төв Ази дахь чухал түнш Бүгд Найрамдах Казахстан Улстай “Стратегийн түншлэл”-ийн харилцаанд тулгуурлан хамтын ажиллагаагаа улс төр, аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээллийн технологи, тээвэр, логистик, аялал жуулчлал, иргэдийн харилцаа, бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг нийгмийн бүхий л салбарыг хамарсан чиглэлүүдэд өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцлоо.

Мөн: 1. ТЭТГЭВРИЙН АСУУДЛААР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т   

  1. Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан, Бүгд Найрамдах Казахстан Улсын Тэргүүн шадар сайд Роман Скляр,
  • Хоёр улс өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр тогтоохдоо нөгөө талын нутаг дэвсгэрт ажилласан хугацааг нэгтгэн тооцож, тэтгэвэр тогтоох, тэтгэврийг харилцан шилжүүлэх асуудлыг зохицуулсан. Хоёр улсын иргэд Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсад ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн, өндөр насны тэтгэвэр тогтоолгох, одоогоор тус улсад албан ёсоор хөдөлмөр эрхэлж буй 3 мянга гаруй Монгол Улсын иргэд хуримтлалын тэтгэвэр тогтоолгон авах боломж бүрдэж, ирээдүйн нийгмийн баталгаа сайжрах чухал ач холбогдолтой. Хэлэлцээр шинээр байгуулах чиглэлээр 2018 оноос хойш ажиллан, 17 удаа хэлэлцээ хийсний үр дүнд хэлэлцээрийг ийнхүү эцэслэн байгууллаа.
  • МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ХООРОНД ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ИДЭВХЖҮҮЛЭХ ТУХАЙ 2025-2027 ОНУУДЫН ЗАМЫН ЗУРАГЛАЛ”-дМонгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Бүгд Найрамдах Казахстан Улсын Тэргүүн шадар сайд Роман Скляр,
  • Худалдаа, эдийн засаг, тээвэр, логистик, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал болон бусад салбарт 2025-2027 авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгаж, хамтарч ажиллахаар тохиролцлоо.
  • НИСЭХИЙН ЭРЭН ХАЙХ, АВРАН ТУСЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т
    Монгол Улсын Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Бүгд Найрамдах Казахстан Улсын Тээврийн сайд Марат Карабаев,
    Эрэн хайх, авран туслах байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр улсын нутаг дэвсгэрт аюулд нэрвэгдсэн иргэдийг богино хугацаанд эрэн хайх, аврах, тусламж үзүүлэх зорилгоор яаралтай мэдээлэл солилцох, өөрийн харьяаллын бүсэд нөгөө талын агаарын болон газрын эрэн хайх, авран туслах байгууллагыг ажиллуулж, иргэдэд түргэн шуурхай тусламж үзүүлэх боломж бүрдлээ.
  • МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ТЭЭВРИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т
    Монгол Улсын Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Бүгд Найрамдах Казахстан Улсын Тээврийн сайд Марат Карабаев,
    Олон улсын хоёр талын болон дамжин өнгөрөх тээврээр зорчигч болон ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах замаар хоёр улсын хоорондын авто замын харилцааны үр ашгийг нэмэгдүүлэх, хуурай боомтын үйл ажиллагааны чиглэлээр харилцан туршлага солилцох, олон улсын зорчигч, ачаа тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, Монгол-Казахстаны чиглэлийн тээвэрлэлтийг хөгжүүлнэ. Энэ нь тээвэрлэлтийн түргэн шуурхай, тогтвортой байдлыг хангах, экспорт, импортын хэмжээг нэмэгдүүлэх, бүс нутгийн худалдаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг чухал ач холбогдолтой.

    “МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН 2025-2027 ОНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ”-нд
    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Бүгд Найрамдах Казахстан Улсын Мурат Нуртлеу,
    Монгол, Казахстаны Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх хүрээнд 2025-2027 онд хоёр улсын Гадаад харилцааны яам тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллахаар тусгалаа. Тухайлбал, улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлал зохион байгуулах, харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар Гадаад харилцааны яамдын удирдлагын түвшний яриа хэлэлцээг тогтмолжуулах зэргийг харилцан тохиролцлоо.
  • CОЁЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН СОЁЛ, МЭДЭЭЛЛИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т
    Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Номин, Бүгд Найрамдах Казахстан Улсын Соёл, мэдээллийн сайд Аида Балаева,
    Соёл, урлагийн үзэсгэлэн, урлагийн тоглолт, кино үзвэр хамтран зохион байгуулах, соёлын өвийг хамгаалах, соёлын биет бус өвийг сэргээн засварлах чиглэлээр судалдаа хийж, соёлын солилцоог нэмэгдүүлнэ. Түүх, өв соёл, нүүдэлчин уламжлалт зан заншлын гүнзгий хэлхээ холбоотой улсуудын хувьд соёлын хөтөлбөр хэрэгжүүлэх, монгол, казахын түүх, соёлын хосгүй өвд хамаарах эх сурвалж, баримт дурсгалыг судлан тогтоох, монгол, казах судлалыг хөгжүүлэх, соёлын биет бус өвийн чиглэлээр хамтарсан судалгаа хийх, музей хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдлээ.

    “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, СПОРТЫН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т
    Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Номин, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаев,
    Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, аялал жуулчлалын өдөрлөг, арга хэмжээ хамтран зохион байгуулах, улс орноо харилцан сурталчлан таниулах, улмаар нүүдэлчин соёл, зан заншилд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлнэ. Аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын дэд бүтэц, байгууламжийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
  • XӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ БОЛОН МАЛ ЭМНЭЛЭГ, ХОРИО ЦЭЭРИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т
    Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбын Энхбаяр, Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөө аж ахуйн сайд Айдарбек Сапаров,
    Арьс шир, ноосны боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, талуудын инженер, техникийн ажилтан, төрийн болон аж ахуйн нэгжүүдийн холбогдох мэргэжилтнүүдийг бэлтгэх болон арьс шир, ноос гүн боловсруулахад хөрөнгө оруулалт татах, технологи нутагшуулах, нэвтрүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцож, хамтарч ажиллана. Малын арьс шир, ноос боловсруулах хяналтын тогтолцоо, стандарт, лабораторийн байгууламжийг хөгжүүлэх, боловсронгуй болгоход харилцан дэмжлэг үзүүлэхээр тохиролцлоо. Цаашид хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой юм.
    Мал эмнэлэг, хорио цээрийн асуудал хариуцсан байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, нэгдсэн мэдээллийн систем үүсгэх, хүнсний бүтээгдэхүүний мал эмнэлгийн гэрчилгээний тоог нэмэгдүүлж, энэ салбарт мэдээлэл солилцохоор тохиролцлоо. Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээгээр мал эмнэлэг, хорио цээр, ариун цэврийн шаардлагыг харилцан тохиролцох замаар мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдаанд дэмжлэг үзүүлэх боломж бүрдлээ.
  • МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА ХОЛБОО, ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, САНСРЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т
    Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Цэндийн Баатархүү, Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрлэлийн сайд Жаслан Мадиев,
    Үндэсний хэмжээнд тулгамдсан асуудлуудыг мэдээлэл, харилцаа холбооны технологи ашиглан тодорхойлох, дүн шинжилгээ хийх, шийдвэрлэх чиглэлээр туршлага хуваалцана. Энэ салбарын жижиг, дунд үйлдвэрлэл, инновац, гарааны бизнес эрхлэлтийг дэмжсэн хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хамтран ажиллах, хиймэл оюун ухаан дээр түшиглэсэн шийдлийг улсын байгууллагуудад нийлүүлдэг платформыг харилцан туршлага судлахаар тохиролцлоо. Мөн хоёр улс мэдээллийн технологийн эрин үетэй хөл нийлүүлэн алхаж, улс орныхоо хөгжилд шинэ үеийн технологи, шинжлэх ухаан, өндөр технологийг түлхүү ашиглах чиглэлээр хамтран ажиллана.

    “ЦӨМИЙН ЭНЕРГИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИСС, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ ХООРОНДЫН САНАМЖ БИЧИГ”-т
    Монгол Улсын Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Гун-Аажавын Манлайжав, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаев нар гарын үсэг зурлаа.
    Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах хүрээнд ураны олборлолт, тусгай зөвшөөрөл, цацрагийн аюулгүй ажиллагаа зэргээр туршлага солилцох, хамтран ажиллах, мэргэжил дээшлүүлэх зорилгоор хамтарсан онол, практикийн сургалт, семинар, уулзалтыг зохион байгуулах зэргээр хамтарч ажиллана.


Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч нар уламжлалт найрсаг харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэснээ зарлалаа  

2024.10.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд  төрийн айлчлал хийж байна. Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өглөө. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Eрөнхийлөгч У.Хүрэлсүх: Эрхэм хүндэт Касым Жомарт Токаeв. Энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт хэвлэлийн төлөөлөгчид өө,Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Та миний урилгыг хүлээн авч, өнө эртний түүхт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад төрийн айлчлал хийж буйд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн энэхүү түүхэн айлчлал нь 2008 оноос хойш 16 жилийн дараа хэрэгжиж буй бөгөөд манай хоёр ард түмний найрамдал, нөхөрлөлийг улам бүр бататгаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна. Манай хоёр улс эрт дээр үеэс түүх соёл, өв уламжлалын гүн гүнзгий хэлхээ холбоотой аж төрж ирсэн ахан дүүсийн харилцаатай эсгий туургатан ард түмнүүд билээ. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны энэ удаагийн төрийн айлчлалаар хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг өнөө цагт улам өргөжүүлэн хөгжүүлж, Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэн хөгжүүлэх түүхэн шийдвэрийг бид хамтдаа гаргалаа. Энэ нь манай хоёр орны харилцааны түүхийн нэгэн шинэ үеийг эхлүүлэх онцгой чухал үйл явдал боллоо. Казахстан Улс нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны “Стратегийн түнш” орон болж буйг онцлон тэмдэглэхэд таатай байна. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Тантай хийсэн албан ёсны яриа хэлэлцээ халуун дотно, ажил хэрэгч уур амьсгалд амжилттай болж өнгөрлөө. Бид өнгөрсөн 30 гаруй жилийн ололт амжилтаа дүгнэн хэлэлцэж, ирэх он жилүүдэд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан, бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар үр бүтээлтэй санал солилцож, хамтын ажиллагааны хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүд, замын зураглалаа хамтдаа тодорхойллоо. Айлчлалын үр дүнгээр “Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ыг гаргаж байгаадаа баяртай байна. Энэхүү төрийн айлчлалын хүрээнд Монгол, Казахстаны харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг чухал салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгууллаа.  Мөн манай хоёр улс харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх өргөн нөөц бололцоондоо тулгуурлан зам, тээвэр, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхээр тохирлоо. Бид манай хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагаа нэн чухал гэдэгт санал нэгдэж, зам, тээврийн салбарт тулгарч буй саад, бэрхшээлийг шийдвэрлэх, хоёр болон олон талт эрх зүйн механизмын хүрээнд тээвэр, логистикийн шинэ маршрут бий болгох, нислэгийн тоо, чиглэлийг нэмэгдүүлэхээр тохирлоо. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд “Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2025-2027 онд эрчимжүүлэх замын зураглал”-ыг байгууллаа. Мөн хоёр улсын зах зээлд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн гаралтай бараа бүтээгдэхүүнээ харилцан нийлүүлэхээр тохирч, хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хамтарсан төсөл, хөтөлбөрийг судлан хэрэгжүүлэхээр боллоо. Энэхүү айлчлалын хүрээнд Монгол, Казахстаны бизнесийн зөвлөлийн анхдугаар хурал амжилттай болж, хоёр орны аж ахуйн нэгжийн олон төлөөлөл оролцон, Монгол, Казакстаны бизнесийн зөвлөл байгуулагдсан нь бизнес эрхлэгчдийн хамтран ажиллах хүсэл эрмэлзэл өндөр байгаагийн тод илэрхийлэл гэж үзэж байна. Соёлын харилцаа нь манай хоёр орны иргэдийг холбох чухал гүүр бөгөөд энэ чиглэлд хамтарсан соёлын хөтөлбөр хэрэгжүүлэх, монгол, казахын түүх, соёлын хосгүй өвд хамаарах эх сурвалж, баримт дурсгалыг судлан тогтоох, соёлын биет бус өвийн чиглэлээр хамтарсан судалгаа хийх зэрэг чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр санал нэгдлээ. Монгол, Казах судлалыг хөгжүүлэх, хоёр улсын хэл, соёл, орон судлалын багш, судлаачдыг бэлтгэх, шинжлэх ухаан, стратеги судалгааны асуудал эрхэлсэн байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, түүх, археологийн хамтарсан судалгаа хийх, эсгий туургатны болон нүүдлийн соёл иргэншлийг дэлхий нийтэд хамтран таниулахаар тохирлоо. Энэ удаагийн айлчлалаар аялал жуулчлал болон мэдээллийн технологийн  салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдийг байгуулсан нь соёлын өдөрлөг, аялал жуулчлалын арга хэмжээг хамтран зохион байгуулах, хил орчмын болон нүүдэлчин соёл, зан заншилд тулгуурласан аялал жуулчлалыг дэмжихэд чухал түлхэц болно. Цаашид мэдээллийн технологи, цахим хөгжил, харилцаа холбооны салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд харилцан бие биеэ дэмжин идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Уур амьсгалын өөрчлөлттэй хамтран тэмцэх, хүрээлэн буй орчныг хамгаалахад хамтын хувь нэмэр оруулахаар болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Казахстан Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Хоёр тэрбум мод” төслийг уялдуулан хэрэгжүүлэхээр боллоо. Казахстан Улс нь Улаанбаатар хотноо төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн гишүүн орны хувьд тус байгууллагын үйл ажиллагааг тууштай дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлье. Энэхүү олон улсын судалгааны төвийн хүрээнд талууд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хөгжлийн бодлого боловсруулах, байр сууриа нэгтгэх, харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр санал нэгдлээ. Тантай Монгол, Казахстаны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан Стратегийн түншлэлийн өндөр түвшинд хүргэж, манай хоёр орны харилцааны түүхийн нэгэн шинэ хуудсыг хамтдаа нээж буйдаа сэтгэл хангалуун байна. Бидний яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард түмний сайн сайхны төлөө бодит ажил хэрэг болж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхэжнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Манай хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, Монгол, Казахстаны ахан дүүсийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай. Өнө эртний түүхт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад тавтай зочлохыг урьж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Eрөнхийлөгч К.Токаeв: Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо, Юуны түрүүнд Улаанбаатар хотод төрийн айлчлалаар хүрэлцэн ирэхийг урьсан Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх танд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Халуун дотно сэтгэлээр угтаж буй Монголын нийт ард иргэдэд талархал илэрхийлье. Миний бие энэ удаагийн айлчлалд онцгой ач холбогдол өгч байна. Монгол Улс бол бүс нутаг дахь бидний чухал хөрш орон билээ. Бид нэг нэгнийхээ сайн сайхны төлөө байдаг, нийтлэг түүх, оюун санааны болон соёлын үнэт зүйлстэй. Өнөөдрийн уулзалт маань казахын түүхэнд онцгой орон зай эзэлдэг Зүчийн Улсын 800 жилийн ойтой давхцаж байна. Энэ нь манай хоёр орны хувьд бэлгэдлийн ач холбогдолтой билээ. Сүүлийн жилүүдэд Казах, Монголын харилцаа эрчимтэй хөгжиж байна. Бат бөх эвийг түшиглэсэн хамтын ажиллагаа маань “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамт Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа. Энэ баримт бичиг хоёр орны нөхөрлөлийг улам бэхжүүлж, олон салбарт харилцан үр ашигтай харилцаа, холбоог хөгжүүлэхэд түлхэц болно. Түүнчлэн худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр тохиролцлоо. Айлчлалын хүрээнд хэд хэдэн чухал гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Хэлэлцээ маш амжилттай болж өнгөрлөө. Эдийн засгийн харилцааг сэргээхээр тохиролцлоо. Казахстан, Монгол Улс нь Ази дахь томоохон орнуудын ангилалд багтдаг. Тийм учраас худалдааны эргэлт нь өргөн хүрээг хамрах учиртай. Өнгөрсөн жилүүдэд худалдааны хэмжээ 150 сая ам.долларт дөхсөн. Энэ үзүүлэлтийг ойрын хугацаанд  500 сая ам.доллар болгохоор ярилцлаа. Үүний тулд бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаанд учирч буй саад, бэрхшээлийг арилгах зэрэг чиглэлээр хоёр орны Засгийн газар бодитой арга хэмжээ авч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр Худалдаа, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх тухай замын зураглалд гарын үсэг зурлаа. Энэ баримт бичиг хоёр талт хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Үүнээс гадна хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, тээвэр логистик болон эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны чиглэлээр хэлэлцээ хийлээ. Казахстанд малын өвчний эсрэг вакцин гаргаж авах боломж бий. Цаашид Монгол Улсад вакцины үйлдвэр байгуулахаар тохирлоо. Түүнчлэн шинэ технологи, ашигт малтмалын баялгийг хамтран ашиглах, хөрөнгө оруулах талаар ярилцлаа. Миний бие Казахстаны цахим Засгийн газар, кибер аюулгүй байдал болон сансар судлалын салбар дахь ололт, амжилтуудын талаар дурдлаа. Манай хоёр орон байгалийн баялаг ихтэй. Төмөр, фосфат, боксит болон ховор эрдсийн уурхайн хайгуул, ашиглалтын чиглэлээр хамтарч ажиллах бүрэн боломжтой. Казахстаны бизнес эрхлэгчид уул уурхайн салбарт хамтрахад бэлэн байна. Хэлэлцээний үеэр тээвэр логистикийн талаар санал солилцлоо. Олон улсын коридоруудын өрсөлдөөний чадавхыг нэмэгдүүлэх нь чухал байна. Улс хоорондын болон бусад оронтой тээврийн харилцааг хөгжүүлснээр манай хоёр орны газар нутгаар дамжин тээвэрлэх ачааны хэмжээ нэмэгдэнэ. Транс-Каспийн чиглэл болон урд, хойд коридорыг ашиглах нь чухал юм. Өчигдөр Улаанбаатар хотод хоёр орны Бизнесийн зөвлөлийн анхны уулзалт болж өнгөрлөө. Энэ үеэр бизнес эрхлэгчид маань худалдааны гэрээ болон бусад олон баримт бичигт гарын үсэг зурлаа. Хоёр улсын Засгийн газар хамтарсан аж ахуйн нэгжүүдэд таатай нөхцөл бүрдүүлэх чиглэлээр ажиллах учиртай. Өдгөө Астана, Улаанбаатар хотын хооронд ах дүүгийн харилцаа тогтоосон бөгөөд энэ харилцааг бусад аймгийн хооронд хөгжүүлэх нь зүйтэй юм. Монголын казах иргэд бол бат бөх нөхөрлөлийн алтан гүүр билээ. Энэ ялдамд элэг нэгтнүүдэд маань байнга анхаарал хандуулдаг Монгол Улсын төр, засаг, ард түмэнд талархал илэрхийлье. Бид боловсрол, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааны талаар онцгой анхаарч ярилцлаа. Залуусын харилцаа холбоог нэмэгдүүлэх шинэ санаачилгын талаар ч хэлэлцлээ. Казахстаны их, дээд сургуулиуд монголын залуусыг хүлээж авахад хэзээд бэлэн. Эрдэмтэн, судлаачид, сэхээтнүүдийн төлөөллийг нийтлэг түүхээ хамтран судлахыг уриалж байна. Эдгээр чухал алхмууд хоёр орны хөгжил цэцэглэлтэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Эрхэм хүндэт сэтгүүлчид ээ, Казахстан, Монгол Улс нь олон улсын болон бүс нутгийн түвшинд нягт харилцаа тогтоосон. Олон чухал зүйл дээр ижил байр суурьтай байдаг. Хамтын ажиллагаа маань дэлхийн болон бүс нутгийн байгууллагуудын хүрээнд хөгжиж байна. Нэн ялангуяа Ази дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарал хандууллаа. Одоогийн геополитикийн нөхцөл байдал эгзэгтэй байдалд байна. Тиймээс НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлж, зөвлөлдөх нь чухал юм. Бид хоёр талт болон олон талт харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлэх болно. Монгол Улсын Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр хийх эрмэлзлийг дэмждэг. Өнөөдрийн айлчлал манай хоёр орны хамтын ажиллагааг цаашид улам бүр бэхжүүлэх нь тодорхой. Монголын ард иргэдэд сайн сайхныг хүсэн ерөөе. Бидний нөхөрлөл үүрд мөнх байх болтугай. Та бүхэнд баярлалаа. Өнөөдрийн айлчлал манай хоёр орны хамтын ажиллагааг цаашид улам бүр бэхжүүлэх нь тодорхой. Монголын ард иргэдэд сайн сайхныг хүсэн ерөөе. Бидний нөхөрлөл үүрд мөнх байх болтугай. Та бүхэнд баярлалаа.

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦААГ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ ГАРГАЛАА

2024.10.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийлээ. Хоёр улсын төрийн тэргүүн (цаашид “Талууд” гэх) 1992 оны “Дипломат харилцаа тогтоох тухай Протокол” болон 1993 оны “Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ”-гээр бэхэжсэн Монгол, Казахстаны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа 1998, 2007, 2008 оны “Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Хамтарсан мэдэгдэл”-ийн зарчимд тулгуурлан тууштай хөгжиж ирснийг өндрөөр үнэлэв. Талууд Монгол, Казахстаны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улс төр, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, тээвэр, логистик, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг бүхий л салбарт өргөжин хөгжиж, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжиж буйг сайшаан тэмдэглэв. Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын уламжлалт найрсаг харилцааг НҮБ-ын Дүрмийн дагуу, хоёр талын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх тэгш байх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн бусад зарчим, хэм хэмжээг хүндэтгэх үндсэн дээр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай хоёр улс төдийгүй Төв Азийн бүс нутаг, олон улсад энх тайвныг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт Талууд санал нэгдэж, хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тогтов. Талууд “Стратегийн түншлэл”-ийн харилцаанд тулгуурлан 1. Улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах; 2. Худалдаа, эдийн засаг; 3. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээллийн технологи; 4. Тээвэр, логистик, аялал жуулчлал, иргэдийн харилцаа; 5. Бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа гэсэн таван  тулгуур чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлэхээр тогтов. 

Нэг. Улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах:

Хоёр улсын төрийн тэргүүн дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээний механизмыг тогтмолжуулж, хоёр орны төр, засгийн тэргүүн нарын ойр дотно харилцааг гүнзгийрүүлэн, улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлэхээр болов. Мөн хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоог бататгаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, хүчний болон хууль сахиулах байгууллага хоорондын харилцааг өргөжүүлэн бүс нутгийн хэмжээнд итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтойг онцлов.

  • Дээд, өндөр түвшний харилцан айлчлал, зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, улс төрийн харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хууль тогтоох байгууллага, Парламент дахь найрамдлын бүлэг хоорондын хамтын ажиллагааг тууштай дэмжиж ажиллахаар тохиров.
  • Хоёр улсын аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Батлан хамгаалах яам хоорондын зөвлөлдөх уулзалтын механизм бий болгох, цэргийн атташег харилцан томилох, цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ хамтарсан хээрийн сургууль зохион байгуулах чиглэлд хамтран ажиллахаар тохиров.
  • Олон улсын терроризм, шашны хэт даврах үзэл, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт болон түүнтэй адил бодис, зэвсгийн хууль бус наймаа, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, цөмийн материалын хууль бус наймаа, хууль бус шилжилт хөдөлгөөний эсрэг тэмцэлд хоёр талын түвшинд нягт харилцан ажиллахад бэлэн байгаагаа нотлов. Энэ хүрээнд Талууд хоёр улсын прокурор, шүүх, хууль сахиулах, хил хамгаалах байгууллагууд болон тусгай албадын харилцааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр болов.
  • Цөмийн зэвсэг хураах, түүнийг үл дэлгэрүүлэх асуудлаар хоёр улс идэвхтэй үүрэг гүйцэтгэж байгааг харгалзан цөмийн зэвсэггүй бүсийн асуудлаарх харилцаа, хамтын ажиллагааны хүчин чармайлтаа эрчимжүүлэхээр тогтов.
  • Цөмийн энергийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Цөмийн энергийн комисс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Эрчим хүчний яам хоорондын санамж бичигт гарын үсэг зурсныг Талууд сайшаав.
  • Монгол, Казахстаны Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн Зөвлөлдөх уулзалт, Консулын зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулж, 2025-2027 онд бүхий л салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Гадаад харилцааны яам хооронд хамтын ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн байгуулах, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцох механизмыг идэвхжүүлэхээр тохиров.
  • Монгол, Казахстаны орон нутаг хоорондын солилцоо, ах дүү хотуудын найрсаг харилцаа болон хоёр орны залуучууд хоорондын солилцоог өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр болов.

Хоёр. Худалдаа, эдийн засаг:

Талууд орчин үеийн техник технологи, хоёр улсын хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, Монголын байгалийн арвин нөөц зэрэг Монгол, Казахстаны давуу тал, хөгжлийн нөөц бололцоог ашиглан харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тогтов. Талууд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д тусгагдсан зорилтуудын хүрээнд хамтран ажиллахаар болов.

  • Монгол, Казахстаны Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг тогтмол зохион байгуулах, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаарх яриа хэлэлцээг бэхжүүлэх, шаардлагатай тохиолдолд тодорхой салбарын хоёр талын ажлын хэсгийг байгуулж ажиллахаар тогтов.
  • Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд хоёр талын хууль, эрх зүйн үндэс суурийг бэхжүүлэхээр тохиров. Талууд “Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2025-2027 онд эрчимжүүлэх замын зураглал” байгуулсныг өндрөөр үнэлэв. Хоёр улсын хооронд хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр” байгуулах явцыг эрчимжүүлэхээр болов.
  • Монгол, Казахстаны худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсаас ноос, ноолуур, арьс шир зэрэг бүтээгдэхүүн казахстаны зах зээлд нийлүүлэх, Казахстан Улсаас монголын зах зээлд импортлох жимс, жимсгэнэ, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиров.
  • Хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын арвин нөөц бололцоонд тулгуурлан мал аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэр болон жижиг дунд үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тогтов.
  • Монгол Улсын өргөн уудам тал нутаг, бэлчээрийн аж ахуйг үр ашигтай ашиглан хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарсан томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд Талууд идэвхтэй хамтран ажиллахаар болов.
  • Экспорт, импортын үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор хоёр улсын мал эмнэлэг, хорио цээрийн асуудал эрхэлсэн байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, нэгдсэн мэдээллийн системийг үүсгэх, хүнсний бүтээгдэхүүний мал эмнэлгийн гэрчилгээний тоог нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиров.
  • “Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага” (WOAH)-ын олон улсын стандартын дагуу мал амьтны эрүүл мэнд, түүний дотор вакцинжуулалтын чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тогтов.
  • Хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсныг Талууд сайшаав.
  • Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Мал эмнэлгийн Ерөнхий газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөө аж ахуйн яамны Мал эмнэлгийн хяналт, шалгалтын Хороо хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсныг Талууд сайшаав.
  • Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Олон улсын худалдааны танхимын дэргэд Бизнес зөвлөл байгуулсныг Талууд сайшаан тэмдэглэв. Цаашид аж ахуйн нэгжийн төлөөлөл, баялаг бүтээгчдийн харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, хоёр улсад зохион байгуулагдах үзэсгэлэн худалдаанд оролцох, хоёр талын бизнес форумыг тогтмол, үр дүнтэй зохион байгуулахын чухлыг онцлов.

Гурав. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээллийн технологи: 

Хоёр улсын төрийн тэргүүн орчин цагийн мэдээлэл технологийн эрин үетэй хөл нийлүүлэн боловсрол, шинжлэх ухаан, цахим технологи, харилцаа холбоо зэрэг ирээдүй рүү чиглэсэн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол, Казахстаны соёлын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, улмаар нүүдэлчин соёлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэхэд хамтран ажиллахаар санал нэгдэв.

  • Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газрын тэтгэлгээр Монголын оюутан залуусыг тус улсын их, дээд сургуулиудад суралцуулж буйг монголын тал өндрөөр үнэлэв.
  • Ирээдүйн тогтвортой хөгжлийг хангахын төлөө дээд боловсролын чадавхыг бэхжүүлж, бусад тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг боловсрол, хүний нөөцийн хөгжлийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тогтов.
  • Монгол, казах судлалыг хөгжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлж, хоёр улсын хэл, соёл, орон судлалын багш, мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаар тохиров. Мөн Казахстан Улс дахь монгол хэлний боловсролыг түгээн дэлгэрүүлэх, монгол хэлний мэргэжилтэн бэлтгэх чиглэлд хамтран ажиллахаар тохиров.
  • Талууд монгол, казах хэлний багш нарыг харилцан сургах боломжийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах эрмэлзлээ илэрхийлэв.
  • Шинжлэх ухаан, стратеги судалгааны байгууллага хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, энэ хүрээнд шилдэг туршлагыг харилцан солилцох, хамтарсан судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, түүх археологийн судалгаануудыг харилцан дэмжих, эсгий туургатны болон нүүдлийн соёл уламжлалыг дэлхий нийтэд таниулах чиглэлээр хамтран ажиллахаар болов.
  • Монгол Улс Түрэг судлалын академитай шинжлэх ухааны байгууллагын түвшинд хэлхээ холбоо тогтоож, хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхлоо илэрхийлэв. Талууд түүхийн судалгааны чиглэлээр хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв.
  • Мэдээллийн технологи, цахим засаглал, сансрын технологи, цахим хөгжил, харилцаа холбооны салбарын хамтын ажиллагаа өргөжиж буйг Талууд сайшааж, энэ чиглэлд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, цахим дэд бүтцийн хөгжил, цахим засаглал, эдгээр салбарын хөгжлийг мэдээллийн технологиор дэмжих, мэдээллийн дэд бүтцийн үйл ажиллагааг оновчтой болгох, дэвшилтэт техник, технологи ашиглах чиглэлээр туршлага солилцох зэрэгт хамтран ажиллахаар тохиров.
  • Мэдээлэл харилцаа холбоо, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсныг Талууд сайшаав.
  • Монгол, Казахстан Улс нь эрт үеэс түүх, өв соёл, нүүдэлчин уламжлалт зан заншлын гүнзгий хэлхээ холбоотой явж ирснийг Талууд онцолж, энэ чиглэлд хамтарсан соёлын хөтөлбөр хэрэгжүүлэх, монгол, казахын түүх, соёлын хосгүй өвд хамаарах эх сурвалж, баримт, дурсгалыг судлан тогтоох, монгол, казах судлалыг хөгжүүлэх, соёлын биет бус өвийн чиглэлээр хамтарсан судалгаа хийх, музей хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтойг тэмдэглэв.
  • Соёлын салбарын хамтын ажиллагааг тэлэх хүрээнд соёл, урлагийн асуудал эрхэлсэн яам, холбогдох байгууллага хоорондын харилцааг хөгжүүлэх, хамтарсан Ажлын хэсэг байгуулах, хүүхэд, залуучуудын солилцооны хөтөлбөр, биеийн тамир, спорт, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжихээр болов.
  • Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Бүгд Найрамдах Казахстан Улсын Соёл, мэдээллийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсныг Талууд сайшаав.
  • Хоёр орны эрдэмтэн судлаачид Монгол Улсын Булган, Архангай, Хэнтий зэрэг аймагт археологийн малтлага судалгааны ажил гүйцэтгэж, Төв Азийн нүүдэлчдийн аж ахуй, шашин, соёлыг тодотгон харуулах үнэ цэнэтэй олон дурсгалыг нээж илрүүлснийг Талууд сайшаав. Цаашид тус судалгааны ажлыг тодорхой сэдвийн хүрээнд урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэхээр тохиров.

Дөрөв. Тээвэр, логистик, аялал жуулчлал, иргэдийн солилцоо: 

Талууд худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх хүрээнд агаарын тээврийн харилцааг эрчимжүүлэх, Улаанбаатар-Астана чиглэлийн шууд нислэг үйлдэх, тээвэр, логистикийн шинэ маршрутыг шат дараатайгаар бий болгох, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар иргэдийн солилцоог нэмэгдүүлэх, хоёр орны ард түмний хэлхээ холбоог бататган бэхжүүлэхийн чухлыг онцлов.

  • Монгол, Казахстаны зам тээврийн харилцаа, түүний дотор агаарын болон авто тээврийн шууд харилцаа өргөжин тэлж, худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, иргэдийн солилцоог нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буйг Талууд өндрөөр үнэлэв.
  • Хоёр улсын төмөр зам, авто тээвэр, агаарын тээврийн салбарт тулгамдаж буй асуудал, саад бэрхшээлийг бүс нутгийн улс орнуудтай яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх гарц, боломжийг үргэлжлүүлэн эрэлхийлж ажиллахаар тохиролцов.
  • Монгол Улсын Зам тээврийн яам, Бүгд Найрамдах Казахстан Улсын Тээврийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсныг Талууд сайшаав.
  • Нисэхийн эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсныг Талууд сайшаав.
  • Талууд бүс нутгийн хүрээнд хэлхээ холбоогоо бэхжүүлэх, түүний дотор “Транс-Каспийн олон улсын тээврийн маршрут”-ын (Дунд Коридор) хүрээнд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар санал нэгдэв.
  • Цаашид хоёр улс хоорондын шууд нислэгийн давтамжийг нэмэгдүүлж, тогтмолжуулах зорилгоор Улаанбаатар-Астана чиглэлд шууд нислэг үйлдэх боломжийг эрэлхийлэх чиглэлээр хамтран ажиллахаар болов.
  • Хоёр орны хамтын ажиллагаанд аялал жуулчлалын салбар чухал байр суурь эзэлдгийг Талууд тэмдэглээд аялал жуулчлалын асуудал эрхэлсэн байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, аялал жуулчлалын өдөрлөг, арга хэмжээг хамтран зохион байгуулах, улс орноо харилцан сурталчлан таниулах, улмаар нүүдэлчин соёл, зан заншилд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар болов.
  • Аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын дэд бүтэц, байгууламжийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар Талууд санал нэгдэв.
  • Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Бүгд Найрамдах Казахстан Улсын Аялал жуулчлал, спортын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсныг Талууд сайшаав.
  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсныг Талууд сайшаав.

Тав. Бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа 

Хоёр улсын төрийн тэргүүн бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг бэхжүүлж, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр тогтов.

  • Монгол, Казахстан Улс НҮБ, Олон улсын атомын энергийн агентлаг болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж, олон улсын байгууллагын сонгуулиудад мөн бие биеэ харилцан дэмжиж ирснийг сайшаав.
  • Хоёр улс олон улс болон бүс нутгийн тулгамдсан асуудлаар ижил төстэй байр суурьтай байгаагаа тэмдэглэж, цаашид НҮБ, Дэлхийн худалдааны байгууллага, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал, ШХАБ зэрэг олон улсын болон бүс нутгийн байгууллагын хүрээнд бие биеийн санаачилгыг үргэлжлүүлэн харилцан дэмжихээ илэрхийлэв.
  • Хоёр улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах, олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй хамтран ажиллах хүрээнд 2026 онд Монгол Улсад зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал болон Казахстан Улсад НҮБ-ын ивээл дор болох Уур амьсгалын асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалтад тус тус дээд, өндөр түвшинд оролцохоо илэрхийлэв.
  • Хоёр улс нүүрсхүчлийн хийг саармагжуулах буюу тэглэх гэсэн нийтлэг зорилтыг төрөл бүрийн арга замаар хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн санал нэгдэв. Улмаар эрчим хүчний салбар дахь хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааны төслүүд, хоёр улс хоорондын эрчим хүчний салбарын хамтын ажиллагаанд ахиц дэвшил гарч буйг Талууд сайшаав.
  • Монгол Улсын “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг Казахстан Улс дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч тус санаачилгын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаа нотлов. Цаашид бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх хоёр улсын хүчин чармайлтын уялдаа холбоог хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр Талууд санал нэгдэв.
  • НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг чухалчлан үзэж, ядуурлыг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа Талууд илэрхийлэв.
  • Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, газрын доройтол, ойжуулалт, нөхөн сэргээлтийн чиглэлд тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Казахстан Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Хоёр тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг уялдуулан хэрэгжүүлэхээр тохиров.
  • Монгол Улсын санаачилга “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т нэгдэж, энэ хүрээнд идэвхтэй хамтын ажиллагааг өрнүүлж буйг өндрөөр үнэлэв.
  • Монгол Улс Казахстаны олон талт тусгай байгууллага болох Олон улсын биологийн аюулгүй байдлын агентлаг (IABS) байгуулах санаачилгыг сайшаан тэмдэглэв.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев-ын Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлж, хоёр улсын харилцааны шинэ түүхэн хуудсыг нээсэн онцгой ач холбогдолтой үйл явдал болов. Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Монголын ард түмэнд Казахстаны төлөөлөгчдийг халуун дотно, найрсгаар хүлээн авсанд талархал илэрхийлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тааламжтай цагтаа Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхийг урив.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2024.10.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев төрийн айлчлал хийж байна. Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээ найрсаг, халуун дотно уур амьсгалд болж, талууд өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт амжилтаа дүгнэн хэлэлцэж, хамтын ажиллагааг цаашид шинэ агуулгаар баяжуулан, бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа. Ялангуяа зам тээвэр, логистик, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн талбар дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улс эрт дээр үеэс түүх, соёл, өв уламжлалын гүн гүнзгий хэлхээ холбоотой аж төрж ирсэн ахан дүүсийн харилцаатай эсгий туургатан ард түмэн гэдгийг онцоллоо. Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Казахстан Улстай хөгжүүлж буй уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлж, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийллээ. Энэ удаагийн төрийн айлчлалаар Казахстан Улс нь Монгол Улсын  Төв Азийн бүс нутаг дахь нэн тэргүүний “Стратегийн түнш” орон болж буйд баяртай буйгаа илэрхийлж, энэ нь харилцаа, хамтын ажиллагааны нэгэн шинэ үеийг эхлүүлсэн онцгой чухал үйл явдал болж буйг тэмдэглэлээ. Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсад айлчлахыг урьж, Казахстаны төлөөлөгчдийг элэгсэг, халуун дотноор хүлээн авч буй төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Тэрбээр  Монгол Улс нь оюун санааны болон соёлын нийтлэг үнэт зүйлс бүхий орон бөгөөд бүс нутаг дахь тус улсын чухал хөрш улс болохыг онцолж, цаашид ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэн, харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй буйгаа илэрхийллээ. Төрийн тэргүүн нар энэхүү төрийн айлчлалаар уламжлалт найрсаг харилцааг “Стратегийн түншлэл”-ийн шинэ шатанд гаргаж буй нь харилцааны түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдэх төдийгүй хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх чухал түлхэц болж буйг онцлон тэмдэглэлээ. Төрийн тэргүүн нар ард түмний найрамдалт харилцааг бэхжүүлэх, зам тээвэр, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, боловсрол, соёл зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн өргөжүүлэх, түүний дотор хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын арвин нөөц бололцоонд тулгуурлан мал аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэр болон жижиг, дунд үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тохирлоо. Худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг тэлж, хоёр талын худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэн нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсаас ноос, ноолуур, арьс шир зэрэг бүтээгдэхүүн, Казахстан Улсаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, цагаан будаа, үрийн буудай зэрэг бүтээгдэхүүнийг харилцан нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохирлоо. Айлчлалын хүрээнд Монгол, Казахстаны бизнесийн зөвлөлийн анхдугаар хурал болж, хоёр орны аж ахуйн нэгжийн олон төлөөлөл оролцон, Монгол, Казакстаны бизнесийн зөвлөл байгуулагдсан нь бизнес эрхлэгчдийн хамтран ажиллах хүсэл эрмэлзэл өндөр байгаагийн тод илэрхийлэл болсныг төрийн тэргүүн нар санал нэгтэй тэмдэглэлээ. Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагаа нэн чухал гэдэгт санал нэгдэж, Монгол Улсын Зам тээврийн яам, Бүгд Найрамдах Казахстан Улсын Тээврийн яам хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсныг сайшаав. Энэ хүрээнд зам, тээврийн салбарт тулгарч буй саад, бэрхшээлийг шийдвэрлэх, хоёр болон олон талт эрх зүйн механизмын хүрээнд тээвэр, логистикийн шинэ маршрут бий болгох, цаашид шууд нислэгийн давтамжийг нэмэгдүүлж, тогтмолжуулах зорилгоор Улаанбаатар-Астана чиглэлд шууд нислэг үйлдэх боломжийг эрэлхийлж, агаарын нислэгийн тоо, чиглэлийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар боллоо. Хоёр орны хамтын ажиллагаанд аялал жуулчлалын салбар чухал байр суурь эзэлдэг учир аялал жуулчлалын асуудал эрхэлсэн байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, аялал жуулчлалын өдөрлөг, арга хэмжээг хамтран зохион байгуулах, улс орноо харилцан сурталчлан таниулах, улмаар хил орчмын болон нүүдэлчин соёл, зан заншилд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохирлоо. Хоёр улсын төрийн тэргүүн соёл, боловсролын харилцаа нь хоёр орны иргэдийг холбох чухал гүүр гэдэгт санал нэгдлээ. Энэ чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, тэр дундаа Монгол, Kазах судлалыг хөгжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлж, хоёр улсын хэл, соёл, орон судлалын багш, судлаачдыг бэлтгэх, хүүхэд залуучуудын солилцооны хөтөлбөр, биеийн тамир, спорт, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжихээр боллоо. Талууд бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг бэхжүүлж, НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотоллоо. Төрийн тэргүүн нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтад хамтын хувь нэмрээ оруулах үүднээс Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Казахстан Улсын “Хоёр тэрбум мод” төсөлтэй уялдуулан ойн салбарт хамтран ажиллахаар тохиролцлоо. Казахстан Улс нь Улаанбаатар хотноо төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн гишүүн орны хувьд олон улсын судалгааны төвийн хүрээнд талууд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хөгжлийн бодлого боловсруулах, байр сууриа нэгтгэх, харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр санал нэгдлээ. Хэлэлцээний дүнгээр талууд “Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хооронд Стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурав. Түүнчлэн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бэхжүүлэх хүрээнд Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

2024.10.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын төрийн айлчлал өндөрлөлөө. Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, улс хооронд болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар уламжлалт найрсаг харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэснээ тунхаглан зарлалаа. Ингэснээр Казахстан Улс нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байна. Айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, эрчим хүч, тээвэр, логистик, хөнгөн үйлдвэр, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурлаа. Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өглөө. Ерөнхийлөгч К.Токаевт Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа. Ерөнхийлөгч К.Токаев төрийн айлчлалынхаа үеэр Чингис хаан үндэсний музейд зочиллоо. Тэрбээр музейн үйл ажиллагаа, нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгийн эзэнт улсаас ХХ зууны эхэн хүртэлх Монголын хаад, төрт улс хүртэлх түүхийг товч танилцууллаа. Ерөнхийлөгч К.Токаевын энэ удаагийн төрийн айлчлал Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа боллоо. Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон юм.

Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаевийг хүлээн авч уулзлаа

2025.01.17. Mонгол Улс. Улаанбаатар хот. Mонгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Казахстаны парламентын бүлгэмийн дарга У.Отгонбаяр Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаевийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, ноён Элчин сайдтай уулзаж буйд талархаж байгаагаа илэрхийлээд Монгол Улс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 126 гишүүнтэй, олон намын төлөөллөөс бүрдсэн парламентынхаа талаар танилцуулав. Мөн Монгол-Казахстаны парламентын бүлгийн харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв. Хоёр улсын харилцаа, эдийн засаг, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, улс төрийн харилцан итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг хэмээв. Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаев, Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаярт Монгол, Казахстаны бүлгийн даргаар сонгогдсонд баяр хүргээд хоёр улсын хамтын ажиллагаа бүхий л  салбарт өргөжин тэлэх нөхцөл бүрдсэнийг  онцлон тэмдэглэлээ. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн С.Замира, Х.Жангабыл нар оролцов гэжээ.

Монгол, Канадын харилцаа

Канадын элчин сайд Катрин Ивкофыг хүлээн авч уулзлаа

2020.09.23. Улаанбаатар хот. Монгол улс. Энэ өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Ивкофыг хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Манай хоёр орны хамтын ажиллагааны цар хүрээ өргөжин тэлж  байгаад баяртай байна. Монгол Улсын хувьд Канад Улс нь гуравдагч хөршийн хэмжээнд чухал байр суурьтай орон. Манай улсад уул уурхайн менежментийг сайжруулах, төрийн албыг бэхжүүлэх зэрэг төслүүдийг хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаад талархалтай ханддаг. Энэ нь нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсаар байгаа. Иймд цаашид хамтын ажиллагааны хүрээг улам өргөжүүлэхийн төлөө байх болно гэлээ. Байгаль цаг уурын хувьд ижил төстэй, мөн томоохон хүнс үйлдвэрлэгч Канад Улстай хөдөө аж ахуйн салбарт түлхүү хамтран ажиллах боломжтойг тэмдэглэж, энэ чиглэлээр туршлага солилцох, Канадын технологийг турших, нутагшуулах бололцоог эрэлхийлж ажиллахыг онцлов. Элчин сайд К.Ивкоф хоёр орны хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын Засгийн газраас гурав дахь хөршийн бодлогыг дэмжиж буйд талархаж байна гэлээ.  Мөн шинэ коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлд Монгол Улсын Засгийн газраас авч буй арга хэмжээ үр дүнгээ өгч, цар тахлын тархалтыг хязгаарлаж буй цөөхөн орны нэг болж байгааг онцлоод,  хоёр орны хамтын ажиллагааг урагшлуулахад Ерөнхий сайдын хэлсэн саналыг дэмжиж ажиллахаа нотлов. 2019 онд манай улсад хийгдсэн Канадын хөрөнгө оруулалт 1,9 тэрбум ам.доллар байсан нь мөн оны нийт хөрөнгө оруулалтын 65 орчим хувьтай тэнцэж байна.  Тус улсын хөгжлийн хөтөлбөрийн шугамаар  2016-2023 онд Монголд 40 орчим сая канад долларын санхүүжилт бүхий 6 төсөл хэрэгжиж байна.

2021.05.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол, Канадын Засгийн газар хоорондын Дугуй ширээний уулзалтын есдүгээр хуралдаан 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.  Дугуй ширээний уулзалтыг Монголын талаас Сангийн сайд Б.Жавхлан, Канадын талаас Олон улсын хөгжлийн сайд хатагтай Карина Гөүлд нар нээж үг хэлэв. Талууд цар тахлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, эдийн засгаа сэргээх, хямралыг даван туулах чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцсон. Мөн хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг уул уурхайн бус салбарт нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцож, улмаар хөдөө аж ахуйн салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмэгтэй бизнес эрхлэгчдийн форум зохион байгуулахаар тохиролцов. Манай талаас зам тээвэр, барилгын салбарт Канад Улсын стандартуудыг нэвтрүүлэх саналыг тавьж ярилцлаа. Манай улсад хэрэгжүүлж буй Канадын хөгжлийн төсөл, хөтөлбөрүүд нь байгалийн нөөцийн тогтвортой менежментийг бүрдүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангах, хүчирхийллээс хамгаалах, эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, төрийн албаны чадавх, бие даасан байдлыг дээшлүүлэх зэрэг чиглэлээр үр дүнтэй хэрэгжиж байгаад Сангийн сайд Б.Жавхлан талархал илэрхийлсэн ба Канадын талаас манай улсад хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа мэдэгдсэн. Дугуй ширээний энэ удаагийн уулзалтаар “Иж бүрэн түншлэлийн төлөөх Монгол, Канадын хамтын ажиллагааны Замын зураглал”-ыг тохиролцсоноо зарласан. Канад нь манай улсын уул уурхай, эрдэс баялгийн салбар дахь хамгийн том хөрөнгө оруулагч бөгөөд манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2023 онд тохиох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Канад Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2021.10.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Канад Улсын Элчин сайд хатагтай Катрин Ивкофыг хүлээн авч уулзав. Элчин сайд К.Ивкоф Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэж, амжилт хүсээд Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахын зэрэгцээ Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжиж ажиллахаа нотлов. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Канадын хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг болон бусад чиглэлээр идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэж, цаашид энэхүү найрсаг харилцаагаа бататган бэхжүүлж, Иж бүрэн түншлэлд хүргэхийн төлөө Ерөнхийлөгчийн хувиар бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Уулзалтын үеэр Канадын хөгжлийн хөтөлбөрийн төслүүд амжилттай хэрэгжиж, манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талууд сэтгэл хангалуун байгаагаа харилцан нотоллоо. Түүнчлэн хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлон тэмдэглэв. Талууд цаашид уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ойн аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, боловсролын салбарт хамтран ажиллах, Канадын туршлага, техник, технологи, инновацыг нэвтрүүлэх талаар санал солилцов.

Канадын Парламентын Сенатын танхимын дарга бараалхав

2022.10.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Төрийн ордон. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри бараалхав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчмыг дээдэлсэн нийтлэг үнэт зүйлстэй гуравдагч хөрш Канад Улстай Өргөн хүрээтэй түншлэлийн хүрээнд улс төр, эдийн засаг болон бусад чиглэлээр  харилцаа, хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Сенатын танхимын дарга хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн босгон дээр айлчилж байгаа нь харилцааг Иж бүрэн түншлэлд хүргэх зорилтыг урагшлуулах, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлж, шинэ агуулгаар баяжуулахад чухал хувь нэмэртэйг онцлов. Мөн Канад Улсын иргэд Монгол Улсад визгүй зорчдог. Монгол иргэдийг Канад Улсад зорчих визийн асуудлыг хөнгөвчлөх чиглэлээр анхаарч ажиллахыг хүсэв. Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри хууль тогтоох дээд байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр талын түншлэл, иргэд хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэх зорилгоор айлчилж байгаагаа тэмдэглэв. Тэрбээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа  бэхжиж, уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч зэрэг олон салбарт хөгжих өргөн боломж байгааг дурдав. Уулзалтын үеэр худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, батлан хамгаалах, энхийг сахиулах, байгаль орчин, боловсрол зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. Мөн Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй Тэрбум мод үндэсний хөдөлгөөн болон Ерөнхийлөгчийн илгээлт – 2100 тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах талаар ярилцлаа.

Канадын элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023.11.09. Монгол Улс. Улаанбаатар хот.Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфани Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч Элчин сайдыг хүлээн авч уулзах үеэрээ, Монгол Улс чухал гуравдагч хөрш Канад Улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг гэдгийг онцлов. Цаашид харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлэх, хөдөө аж ахуй, байгаль орчны хамгаалал, боловсрол зэрэг салбарын харилцааг  өргөжүүлэх нь чухал байгааг тэмдэглэв. Элчин сайд С.Шуфани Канад Улсын Амбан захирагч Мэри Саймон-ы мэндчилгээг уламжилж, харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлж, шинэ шатанд гаргахын төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв.

Монгол, Катарын харилцаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Катарт айлчлахыг урилаа

2017.10.30. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Катар Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Султан Аль Мансуриг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Монгол Улс Катар Улстай найрсаг харилцаатай. Хоёр тал дээд, өндөр түвшинд болон байгууллага хооронд төлөөлөгчид харилцан айлчлуулж ирсэн. Катар улсын Эрхэм дээд Эмир Монгол Улсад айлчлах албан ёсны урилга нь хүчин төгөлдөр хэвээрээ байгааг уламжилж өгөхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Элчин сайдаас хүслээ. Хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа хөгжиж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд, Катарын тал Монгол Улсад Элчин сайдын яамаа нээвэл дэмжиж ажиллана гэлээ. Катар Улстай хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж байна. Хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд анхаарч ажиллахыг Элчин сайдаас хүслээ. Санхүүгийн чадавхитай Катар улс Монголд хөрөнгө оруулалт хийх өргөн боломжтой гэж үзэж байна. Катарын тал Монголд хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх талархаж буйгаа хэллээ. Катар Улс Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бүхий л салбарт хамтран ажиллахад Элчин сайдаас шалтгаалах бүхнийг хийхэд бэлэн. Хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өндөр, дээд түвшний айлчлал чухал гэдгийг Элчин сайд тэмдэглээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тааламжтай цагтаа Катар Улсад айлчлахыг урилаа. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Катарт айлчлахыг урилаа

2018.03.05. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Катар Улсаас хавсран суугаа Элчин сайд Султан Аль-Мансури-г хүлээн авч уулзлаа. Элчин сайд улсынхаа Ерөнхий сайд Абдулла Бин Насер Бин Халифа Аль-Тани-гийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжилж, Катар Улсад урьсан урилгыг гардуулав. Урилгыг талархан хүлээн авч байгаагаа Ерөнхий сайд хэлээд хариу мэндчилгээ дэвшүүлэн, тус улсын Эрхэм дээд Эмирийг Монгол Улсад айлчлахыг урьсан урилга хэвээр гэдгийг нотлов. Хоёр орны харилцаа улам бэхжин, хамтын ажиллагаа идэвхжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа Ерөнхий сайд илэрхийлээд, үүнд Элчин сайдын оруулж байгаа хувь нэмэр их гэдгийг тэмдэглэлээ. Мөн Катар Улс Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээвэл дэмжиж ажиллана гэв. Уулзалтын үеэр харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Хөдөө аж ахуй, мал аж ахуй, уул уурхай, дэд бүтэц, спорт, соёл, агаарын тээвэр, аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгө, хот байгуулалт, үйлчилгээ зэрэг салбарт хамтран ажиллах өргөн боломж бий гэдэгт талууд санал нэгдэв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Катар Улсад айлчлах үеэр хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна гэжээ.

Монгол, Киприйн харилцаа

Киприйн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023.11.17. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Кипр Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Марта А. Мавромматис Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ  илэрхийлэв. Мөн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд Марта А. Мавромматис харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

Монгол, Киргизийн харилцаа

Киргизийн Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна

2023.05.30. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Жээнбек Молдоканович Кулубаевыг хүлээн авч уулзав. Хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах бүрэн боломж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэв. Удахгүй Монгол Улсад айлчлах Ерөнхийлөгч С.Н.Жапаровын айлчлал хоёр орны улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв6 Бүгд Найрамдах Киргиз Улс худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, энхийг сахиулах, аюулгүй байдал, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, тээвэр ложистик, соёл, боловсрол зэрэг салбарт харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой байгааг Гадаад хэргийн сайд Ж.М.Кулубаев илэрхийлэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг улсынхаа Ногоон өв санаачилгатай уялдуулах боломжтойг хэлэв. Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг өнгөрсөн онд тэмдэглэн өнгөрүүлсэн нь хоёр ард түмний харилцаа, хамтын ажиллагааг улам ойртуулахад чухал ач холбогдолтой болсон юм.

-Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаров Монгол Улсад айлчилна-

2023.07.06. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров 2023.07.09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 онд Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд Киргиз Улсын төрийн тэргүүн 21 жилийн дараа Монгол Улсад айлчлах юм. Айлчлал Төв Азийн улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх бодлогын хүрээнд хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, тээвэр, ложистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд ахиц гаргахад чухал ач холбогдолтой. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровтай албан ёсны хэлэлцээ хийнэ. Айлчлалын үеэр Төв Азийн бүс нутагт түүх, соёлын гүнзгий хэлхээ холбоотой Бүгд Найрамдах Киргиз Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, яриа хэлэлцээг идэвхжүүлэх, харилцан итгэлцэл, харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, бүс нутаг болон олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар ярилцана. Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолын ажиллагаанд хүндэт зочноор оролцоно.

-Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров Монгол Улсад хүрэлцэн ирэв-

2023.07.09. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров 2023.07.09-11-ний өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэв. Ерөнхийлөгч С.Н.Жапаровыг Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Ганхуяг болон албаны бусад хүн угтав. Төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаровтай албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, улс төрийн харилцан итгэлцэл, харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, бүс нутаг болон олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар ярилцана. Хоёр улсын төрийн тэргүүн харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцох юм. Айлчлал Төв Азийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх бодлогын хүрээнд хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, тээвэр, ложистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал ач холбогдолтой. Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 онд Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд Киргиз Улсын төрийн тэргүүн 21 жилийн дараа Монгол Улсад айлчилж байна.

-Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаровын төрийн айлчлал эхэллээ-

2023.07.09. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров 2023.07.09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНКирУ-ын Ерөнхийлөгч С.Н.Жапаровыг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа.Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Төрийн тэргүүн нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа Ерөнхийлөгч С.Н.Жапаров Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй  мэндчилэв. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, БНКирУ-ын Ерөнхийлөгч С.Н.Жапаров, гэргий А.Ж.Жапарова нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Ерөнхийлөгч С.Н.Жапаров Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсны дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Ерөнхийлөгч С.Жапаров, гэргий А.Ж.Жапарова нар товч уулзалт хийв. Хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт хийж харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бусад асуудлаар санал солилцлоо.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаровтай албан ёсны хэлэлцээ хийв-

2023.07.06. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров 2023.07.09-11-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Хэлэлцээний үеэр харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, улс төр, худалдаа, эдийн засаг, тээвэр, ложистик, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүс нутаг болон олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Киргизийн найрсаг харилцаа өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд тогтвортой хөгжиж ирснийг дурдаж, далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Мөн Монгол Улсын Засгийн газрын Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Киргиз Улстай дэд бүтэц, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр хамтран ажиллах, хоёр улсын давуу тал, нөөц бололцоог ашиглан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцав. Гадаад худалдааг төрөлжүүлэх бодлогын хүрээнд Монгол Улсаас Киргиз Улсад болон тус улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн бусад оронд мах, махан бүтээгдэхүүн, арьс шир зэрэг бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, Киргиз Улсаас жимс, жимсгэнэ, нарийн ногоо импортлох, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих болон мал эмнэлэг, хорио цээрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв. 2023-2025 оныг Монголд зочлох жил болгосонтой холбогдуулан хоёр улсын хоорондын шууд нислэгийг сэргээх, харилцан визгүй зорчих тохиролцоог үр дүнтэй ашиглах талаар ярилцав. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын ажлыг өндөр үнэлж, цаашид бүх талаар эрчимжүүлэхээр тогтов. Айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яамаа нээж буйг талууд сайшаав. Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг Киргиз Улсын Ногоон өв санаачилгатай уялдуулах, Эрдэнэт хотод Монгол, Киргизийн найрамдлын төгөл байгуулах, Киргизийн жимс, жимсгэний модны суулгацыг Монгол Улсад нутагшуулах, хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр идэвхтэй хамтрахаар болов. Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. 

-Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав-

2023.07.06. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров нар Найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа. Мөн:

  • Байгаль орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээр,
  • Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээр,
  • Гэмт хэрэгтэй тэмцэх салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Дотоод хэргийн яам хооронд хэлэлцээр,
  • Ойн экосистемийг хөгжүүлэх салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Киргиз Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг,
  • Ургамлын хорио цээрийн талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Киргиз Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээр,
  • Ах дүүгийн харилцаа тогтоох тухай Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Бүгд найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хот хоорондын хэлэлцээрт холбогдох сайдууд болон нийслэл хотын удирдлагууд гарын үсэг зурлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров нар мэдээлэл хийв-

2023.07.09. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл хийв. Энэ удаагийн айлчлал хоёр улсын ард түмний найрамдал, нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд түлхэц үзүүлж, харилцаа, хамтын ажиллагааг ирэх 30 жилд хөгжүүлэх хэтийн төлөв, чиг хандлагыг тодорхойлсон түүхэн айлчлал болсныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэв. Ерөнхийлөгч С.Н.Жапаров албан ёсны хэлэлцээ найрсаг, харилцан итгэлцсэн, ажил хэрэгч уур амьсгалд болж, улс төр, аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёл болон хүмүүнлэгийн хамтын ажиллагааны талаар санал солилцсоноо онцлов. Монгол Улс 2019 онд Бишкек хотноо Элчин сайдын яамаа, Бүгд Найрамдах Киргиз Улс Элчин сайдын яамаа энэ удаагийн төрийн айлчлалын үеэр Улаанбаатар хотноо нээж буй нь хоёр улс харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэн өргөжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байгаагийн тод илэрхийлэл гэдгийг төрийн тэргүүн нар тэмдэглэв. Энх тайван, тогтвортой, аюулгүй байдалд заналхийлж буй шинэ болон уламжлалт сорилт, заналхийллийг хамтран эсэргүүцэж, терроризм, экстремизм, мансууруулах бодисын хууль бус эргэлт, хууль бус зэвсгийн худалдаа, хил дамнасан гэмт хэрэг, цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр идэвхтэй хамтрах  эрмэлзэлтэй байгаагаа нотлов. Харилцан итгэлцэл, хүндэтгэл, эрх тэгш, харилцан ашигтай, бүх талын хамтын ажиллагааны үзэл санааны үндсэн дээр харилцан сонирхсон асуудлаар харилцан дэмжлэг үзүүлэхээ хоёр улсын Ерөнхийлөгч нотлов. Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд бие биеэ идэвхтэй дэмжиж, бүс нутаг болон дэлхий дахинд энх тайван, тогтвортой, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулахаа илэрхийлэв. Хоёр улсын ард түмэн олон зуун жилийн түүх, соёлын гүн хэлхээ холбоотойг тэмдэглэж, харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж, улс төрийн хүсэл эрмэлзэл дүүрэн байгааг нотлов. Албан ёсны хэлэлцээ, харилцан тохиролцсон зүйлс харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа төрийн тэргүүн нар илэрхийлэв. Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров халуун дотноор хүлээн авсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон Монголын ард түмэнд талархал илэрхийлэв.

Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс Хамтарсан тунхаглал гаргав

2023.07.09. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров 2023 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Талууд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын Хамтарсан тунхаглал гаргалаа. Хамтарсан тунхаглалаас талууд найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид  өргөжүүлэн бэхжүүлэх хүсэл эрмэлзлээ нотолж, дараах зүйлийг тохиров. Үүнд:

  • Улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, хүмүүнлэг болон бусад салбарын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд аливаа саад тотгор байхгүйд сэтгэл хангалуун байгааг тэмдэглэв.
  • Харилцан итгэлцэл, хүндэтгэл, эрх тэгш, харилцан ашигтай, бүх талын хамтын ажиллагааны үндсэн дээр харилцан сонирхсон асуудлаар харилцан дэмжлэг үзүүлэхээ нотлов.
  • Олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлаар ижил төстэй байр суурьтай байгаагаа тэмдэглэж, НҮБ, Дэлхийн худалдааны байгууллага, ШХАБ, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал зэрэг олон улсын болон бүс нутгийн байгууллагын хүрээнд бие биеийн санаачилгыг  үргэлжлүүлэн харилцан дэмжихээ илэрхийлэв.
  • Ядуурлыг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ногоон хөгжлийг урагшлуулах чиглэлээр бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээ мэдэгдэв.
  • Терроризм, экстремизм, мансууруулах бодисын хууль бус эргэлт, хууль бус зэвсгийн худалдаа, хил дамнасан гэмт хэрэг, цахим гэмт хэрэгтэй тэмцэж, Төв Азийн аюулгүй байдал, энх тайван, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах эрмэлзлээ нотлов.
  • Дэд бүтэц, зам тээвэр, эрчим хүч, аж үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрлэл, уул уурхай, цахимжуулалт, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр болов.
  • Мал аж ахуй, мал эмнэлэг, ургамлын эрүүл ахуйн салбар болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, машин механизм, хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэхээр болов.
  • Монгол Улсаас Киргиз Улсад мах, махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, ноос, арьс шир нийлүүлэх, Киргиз Улсаас Монгол Улсад хөдөө аж ахуйн таримал бүтээгдэхүүн нийлүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв.
  • Хоёр орны аж ахуйн нэгжүүд нэхмэл, оёдлын салбарт шууд харилцаа тогтоож байгааг сайшааж, Монголын тал Киргизийн оёдлын үйлдвэрийн түүхий эдийг нийлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
  • Агаарын тээврийг сэргээж, далайд гарцгүй орнуудын хувьд тээвэр, дамжин өнгөрөх харилцааг хөгжүүлэхийн төлөө шаардлагатай арга хэмжээ авахаар болов.
  • Ах дүү хотын харилцаа тогтоох, хоёр орны ард түмний харилцааг өргөжүүлэхийн чухлыг онцлов.
  • Шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний хамтарсан судалгаа, туршлага солилцоход дэмжлэг үзүүлэхээр болов.
  • Монгол, Киргизийн ард түмний түүх, соёл, оюун санааны болон биет өвийн талаар хамтарсан судалгаа хийх сонирхолтой байгаагаа нотлов.
  • Монгол Улсын Тэрбум мод, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ногоон өв зэрэг үндэсний төсөл, хөтөлбөрүүдийг харилцан уялдаатай хэрэгжүүлэхээр тогтов.
  • Соёл, хүмүүнлэгийн солилцоог идэвхтэй дэмжиж, боловсрол, соёл, спорт болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болов.
  • Хоёр улсын их, дээд сургуульд монгол, киргиз хэл судлалын чиглэлээр оюутан солилцож, сургахаар тохиролцов.

-Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суух элчин сайдын яамны нээлт болов- 

2023.07.11. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсад тус улсын Элчин сайдын яамыг нээх ёслол боллоо. Тус арга хэмжээнд Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Жээнбек Кулубаев, Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Элчин сайд С.Ганхуяг, Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Айбек Артыкбаев болон бусад албаны хүмүүс оролцов. Монгол Улс Бишкек хотноо өөрийн Дипломат төлөөлөгчийн газраа 2014 онд нээсэн бол, Ерөнхийлөгч С.Жапаровын Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Киргиз Улс өөрийн Элчин сайдын яамаа Улаанбаатар хотноо ийнхүү нээж буй нь хоёр улс харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэн өргөжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байгаагийн тод илэрхийлэл төдийгүй манай хоёр улсын харилцааг үсрэнгүй хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх болно гэж албаныхан онцоллоо. 

-Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөв- 

2023.07.11. Монгол Улс. Улаанбаатар хот. Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын Монгол Улсад хийж буй төрийн айлчлал 2023.07.11-ний өдөр өндөрлөж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Ганхуяг болон албаны бусад хүмүүс Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд үдэж мордууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровтай албан ёсны хэлэлцээ хийв. Мөн Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров Үндэсний их баяр наадмын нээлтийг хүндэт зочны хувиар үзэж сонирхон, Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яамны нээлтийн ёслолын ажиллагаанд оролцов. Энэхүү айлчлал нь Төв Азийн улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх бодлогын хүрээнд хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болов гэжээ.

Киргизийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023.08.08. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Айбек Артыкбаев Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд А. Артыкбаевыг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Хоёр орны уламжлалт найрсаг харилцааг улам гүнзгийрүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, мөн Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход Элчин сайд хүчин чармайлт гарган ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэв. Түүнчлэн хамтын ажиллагааг НҮБ зэрэг олон улсын байгууллагын хүрээнд өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгааг онцлов. Элчин сайд А.Артыкбаев уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, аялал жуулчлал, уул уурхай, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Улаанбаатар-Бишкек чиглэлийн шууд нислэгийг ойрын хугацаанд сэргээхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлэв.

 Киргизийн Парламентын дарга бараалхав

2024.04.25. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Нурланбек Шакиев Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхав. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын хэлхээ холбоотой Киргиз Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, улс төрийн яриа хэлэлцээг бататган бэхжүүлэх, иргэдийн солилцоог эрчимжүүлэх, харилцааны бэлгэ тэмдэг болох томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэв. Хоёр улсын төрийн тэргүүний харилцан тохиролцсон асуудлууд, тухайлбал Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг Киргизийн Ногоон өв санаачилгатай уялдуулан киргизийн жимс, жимсгэний модны суулгацыг Монгол Улсад нутагшуулах, Эрдэнэт хотод Монгол, Киргизийн найрамдлын төгөл цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил урагшилж буйг сайшаав. Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиев худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Киргиз Улсаас хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлэх сонирхлоо илэрхийлж,  оюутан залуусыг харилцан сургах, соёлын өдөрлөг хамтран зохион байгуулах санал дэвшүүлэв. Талууд далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд хөгжлийн туршлагаа харилцан хуваалцаж, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик, уул уурхай зэрэг салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Н.Шакиев энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байгаа Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ II чуулга уулзалтад хүндэт зочноор оролцож, илтгэл тавина. Энэ удаагийн айлчлал нь Киргиз Улсын Парламентын даргын түвшинд хийж буй анхны айлчлал юм. Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс 1992.04.22-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчтэй уулзав

2024.07.03. Казакстан. Астана. Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровтай уулзав. Ерөнхийлөгч С.Жапаровын 2023 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал хоёр улсын харилцааг гүнзгийрүүлж, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлснийг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх онцоллоо. Мөн хоёр орны найрсаг харилцааг бататгах, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг идэвхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэв. Төрийн тэргүүнүүд хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа идэвхжиж буйг сайшааж, Монгол Улсын Их Хурлын дарга болон Киргиз Улсын Парламент Жогорку Кенешийн дарга нарын 2024 онд хийсэн харилцан айлчлал амжилттай, үр дүнтэй болсныг онцоллоо. Цаашид уламжлалт найрсаг харилцаагаа гүнзгийрүүлэн бататгах хүрээнд батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, боловсрол, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик зэрэг салбарт идэвхтэй, нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг Киргиз Улсын Ногоон өв санаачилгатай уялдуулан Киргизийн жимс, жимсгэний модны суулгацыг Монголд нутагшуулах, Эрдэнэт хотод Монгол, Киргизийн найрамдлын төгөл цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил идэвхтэй өрнөж буйг талууд сайшаалаа.

Киргизийн Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ

2024.07.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров баярын мэндчилгээ дэвшүүллээ. Бүгд Найрамдах Киргиз Улсын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье. Энэ баяр бол Монголын ард түмний оюун санааны арвин өвийг илэрхийлээд зогсохгүй хөгжил дэвшил, сайн сайхан байдлын урам зоригийн бэлгэдэл билээ. Манай улс Монгол Улстай харилцан хүндэтгэх, дэмжих зарчимд суурилсан найрсаг харилцаагаа өндрөөр үнэлдэг гэдгийг тэмдэглэхэд таатай байна.

Монгол, Кубын харилцаа

Кубын элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2021.12.10. Mонгол Улс. Улаанбаатар хот. Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригесийг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авч уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр орны уламжлалт найрсаг харилцаа нэгэн жарныг дамнан амжилттай хөгжиж ирсэнд баяртай байгаагаа илэрхийлж, цаашид шинжлэх ухаан, эрүүл мэнд, биотехнологийн шинэ технологийг Монголд нэвтрүүлэх, нарийн мэргэжилтэн бэлтгэхэд Кубын талтай хамтран ажиллах санал дэвшүүлэв. Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригес хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлж, Кубын Засгийн газраас Монгол оюутнуудад олгодог тэтгэлгээ үргэлжлүүлэн олгохоор ажиллаж байгааг хэлэв. Кубын тал 1963 оноос хойш оюутны тэтгэлэг олгож байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Монголын 140 гаруй оюутан тус улсад дээд боловсрол эзэмшсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Элчин сайдад Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа

2023.07.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Золжаргалд Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулж амжилт хүслээ. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсаа төлөөлөн гадаадын оронд суугаа Элчин сайдын яамыг удирдан ажиллах өндөр хариуцлагатай албанд томилогдсонд нь баяр хүргэв. Элчин сайдаар ажиллах хугацаандаа улс орныхоо язгуур эрх ашгийг ямагт дээдэлж, харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, улс орноо сурталчлан таниулахад онцгой анхаарал хандуулахыг Монгол Улсын Ерөнхийлөгч захилаа. Мөн суугаа орондоо ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалж, бололцоот бүх хэлбэрээр дэмжин сэтгэлтэй, уялдаа холбоотой ажиллахыг хүслээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн төр, засгийн тэргүүн нарын дээд түвшний уулзалтад оролцоно

2023.09.12. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудесийн урилгаар 2023 оны 09 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Хавана хотноо болох Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн төр, засгийн тэргүүн нарын дээд түвшний уулзалтад оролцоно. Монгол Улсын Ерөнхийлөгч Өнөөгийн хөгжлийн сорилтууд: Шинжлэх ухаан, технологи, инновацын үүрэг сэдвийн хүрээнд болох дээд түвшний уулзалтад оролцож, шинжлэх ухаан, технологи, инновацын асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудес-тай уулзаж, Монгол-Кубын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцохоор төлөвлөж байна. Монгол Улс Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийг 2023 онд даргалж буй Бүгд Найрамдах Куба Улстай 1960 онд дипломат харилцаа тогтоож, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж байна гэжээ. Монгол Улс, БНКУ 1960 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ. 

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсад хүрэлцэн очив-

2023.09.15. Куба Улс. Хавана хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсад болох Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцохоор тус улсад хүрэлцэн ирэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Хавана хотын Хосе Марти олон улсын нисэх онгоцны буудалд  Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Золжаргал, Бүгд Найрамдах Куба Улсын Аж үйлдвэрийн сайд Элои Алварез Мартинез нар угтан авав. Бүгд Найрамдах Куба Улсын Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлэхдээ Латин Америкийн орнуудаас анх удаа Куба Улстай дипломат харилцаа тогтоосныг хэлээд, харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгчтэй уулзав-

2023.09.15. Куба Улс. Хавана хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр тус улсын Ерөнхийлөгч Мигель Марио Диаз-Канел Бермудезтай уулзлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Куба Улс 77-гийн бүлгийг 2023 онд даргалж, шинжлэх ухаан, технологи, инновацын асуудлаарх дээд түвшний уулзалтыг зохион байгуулж буйд баяр хүргэв. Куба Улсын Засгийн газар олон жилийн турш монголын оюутан залууст олгож ирсэн тэтгэлгийг цаашид нэмэгдүүлэхээр болсныг Ерөнхийлөгч Мигель Марио Диаз-Канел Бермудез хэлэв. Хоёр улсын төрийн тэргүүн харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа анагаах ухаан, биотехнологи, соёл, боловсрол, хөдөө аж ахуй, биологийн болон байгалийн гаралтай бүтээгдэхүүн, биеийн тамир, спорт зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, оюутан солилцоог нэмэгдүүлэх болон харилцан сонирхсон бусад асуудлаар ярилцав. Тус улсын Ерөнхийлөгч Мигель Марио Диаз-Канел Бермудез Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлах урилгыг талархан хүлээн авч, 2024 онд айлчилна гэдгээ илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр тус улсын Ерөнхийлөгч Мигель Марио Диаз-Канел Бермудезтай уулзлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Куба Улс 77-гийн бүлгийг 2023 онд даргалж, шинжлэх ухаан, технологи, инновацын асуудлаарх дээд түвшний уулзалтыг зохион байгуулж буйд баяр хүргэв. Куба Улсын Засгийн газар олон жилийн турш монголын оюутан залууст олгож ирсэн тэтгэлгийг цаашид нэмэгдүүлэхээр болсныг Ерөнхийлөгч Мигель Марио Диаз-Канел Бермудез хэлэв. Хоёр улсын төрийн тэргүүн харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа анагаах ухаан, биотехнологи, соёл, боловсрол, хөдөө аж ахуй, биологийн болон байгалийн гаралтай бүтээгдэхүүн, биеийн тамир, спорт зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, оюутан солилцоог нэмэгдүүлэх болон харилцан сонирхсон бусад асуудлаар ярилцав. Тус улсын Ерөнхийлөгч Мигель Марио Диаз-Канел Бермудез Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлах урилгыг талархан хүлээн авч, 2024 онд айлчилна гэдгээ илэрхийлэв. Монгол Улс, БНКУ 1960 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Уламжлалт, найрсаг харилцаатай. Монголын талаас 1972 онд Ю.Цэдэнбал тэргүүтэй нам, засгийн дээд хэмжээний төлөөлөгчид,  Кубын талаас 1970 онд нам, засгийн удирдагч Раул Кастро нар харилцан айлчилсан түүхтэй аж.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Куба Улсад суралцдаг оюутнуудтай уулзав-

2023.09.15. Куба Улс. Хавана хот. Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцохоор Бүгд Найрамдах Куба Улсад хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус улсад суралцаж байгаа монгол оюутнуудтай уулзав. Өндөр боловсрол эзэмшин, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахын төлөө эрдэм номд хичээнгүйлэн суралцахыг Ерөнхийлөгч оюутан залууст захиж, Монгол Улсын Засгийн газраас амьжиргааны зардлын хэмжээг энэ хичээлийн жилээс нэмж олгох болсныг хэлэв. 2023 оны байдлаар БНКУ-д 15 монгол иргэн ажиллаж, суралцаж байгаагийн 11 нь оюутан юм. Тэдгээрийн нэг нь Ерөнхийлөгчийн илгээлт 2100 тэтгэлэгт хөтөлбөр, бусад нь Засгийн газар хоорондын гэрээгээр сурч байна. 2022-2023 оны хичээлийн жилд Кубын Засгийн газраас анагаах ухааны чиглэлээр хоёр, эдийн засгийн чиглэлээр нэг оюутан суралцах хуваарь олгожээ.

-Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалт эхэллээ-

2023.09.16. Куба улс. Хавана хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудезийн урилгаар Хавана хотноо болж байгаа Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Хавана олон улсын хурлын төвд хүрэлцэн ирэхэд БНКУ-ын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канель Бермудез угтан мэндчилэв. Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн Өнөөгийн хөгжлийн сорилтууд: Шинжлэх ухаан, технологи, инновацын үүрэг сэдэвт дээд түвшний уулзалтыг БНКУ-ын Ерөнхийлөгч нээж үг хэллээ. Тэрбээр 77-гийн бүлэг нь НҮБ-ын гишүүн орнуудын гуравны хоёр, дэлхийн нийт хүн амын 80 хувийг төлөөлж байгааг хэлээд, энэ удаагийн уулзалт хүн төрөлхтөн хэдэн арван жилийн өмнө төсөөлж ч байгаагүй шинжлэх ухаан, технологийн ололтод хүрсэн цаг үед болж байгааг тэмдэглэв. Сүүлийн 30 жилд технологийн хурдацтай хөгжил явагдсан ч дэлхий даяар ядуурал нэмэгдэж, 2005 оноос хойш өлсгөлөн хамгийн дээд цэгтээ хүрснийг хэлэв. Тухайлбал хөгжиж буй орнуудад 80 сая гаруй хүүхэд боловсрол эзэмшиж чадахгүй, 60 гаруй сая хүн цахилгаангүй. Буурай хөгжилтэй орнуудад хүн амын 36 хувь нь интернэт хэрэглэдэг бол аж үйлдвэржсэн орнуудын хүн амын 92 хувь нь интернэт хэрэглэж байгааг жишээ болгов. Бүгд Найрамдах Куба Улс хөгжиж буй орон боловч цар тахлын эсрэг вакцинаа өөрсдөө үйлдвэрлэсэн нь шинжлэх ухааны хөгжлөөрөө дутуу үнэлж болохгүй түвшинд хүрсний нэг илэрхийлэл гэдгийг хэллээ.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ойрын 10 жил шинжлэх ухаан, технологи, инновацын шинэ сэргэлтийн он жилүүд байх болно-

2023.09.16. Куба Улс. Хавана хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудезийн урилгаар Хавана хотноо болж байгаа Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн Өнөөгийн хөгжлийн сорилтууд: Шинжлэх ухаан, технологи, инновацын үүрэг сэдэвт дээд түвшний уулзалтын Ерөнхий санал шүүмжлэлд дээрх чиглэлээр Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцууллаа. Энэ удаагийн дээд түвшний уулзалтад дэлхийн 100 гаруй улсын төлөөлөгч, тэр дундаа олон арван орны төр, засгийн тэргүүн, дэд тэргүүн оролцож байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Мигель Диас-Канел Бермудез, Эрхэм хүндэт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Эрхэм хурлын дарга аа, Хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн гишүүн улсуудын төр, засгийн тэргүүн нарын дээд түвшний уулзалтыг амжилттай даргалж буй Бүгд Найрамдах Куба Улсын удирдагчид болон Кубын ард түмэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. Хөгжлийн хурдасгуур болсон шинжлэх ухаан, технологи, инновацын асуудлыг хэлэлцэж буй энэхүү дээд түвшний уулзалтыг нарлаг Хавана хотноо амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэж, уулзалтын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.

Эрхэм хүндэт хурлын дарга аа,

Улс үндэстнүүд бид үндэс угсаа, арьс өнгө, нас, хүйс, шашин шүтлэг, соёлын ялгаанаас үл хамааран эх дэлхийдээ бүгд эрх тэгш, амар амгалан амьдрах учиртай. Гэвч бидний дэвшүүлсэн хөгжлөөс хэнийг ч үл орхигдуулах зарчим өнөөг хүртэл бүрэн биеллээ олж чадалгүй, улс орнуудын хөгжлийн түвшин, хүмүүсийн амьдрах орчин, нөхцөл байдал харилцан адилгүй хэвээр байна. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан, тэр дундаа хөгжиж буй улс орнуудад илүү хүндээр тусаж байгаа цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, геополитикийн зөрчил, санхүү болон өрийн асуудал, ядуурал, өлсгөлөн зэрэг хөгжлийн хурдыг сааруулсан сорилт, бэрхшээлүүдийг хамтдаа даван туулахын тулд НҮБ дахь хамгийн том бүлэг болох 77-гийн бүлэг эв санаагаа улам нэгтгэн, хамтын ажиллагаагаа илүү эрчимжүүлэх нь нэн чухал байна. Гэвч дэлхий нийтийн итгэлцэл, эв нэгдэл, хөгжил дэвшлийн замын зураглал болсон тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжих хугацааны тал нь өнгөрөөд байхад бидний дэвшүүлсэн тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт 12 хувь нь хангалттай, 50 хувь нь сул, 30 хувь нь хэрэгжээгүй талаар НҮБ-ын 2023 оны тайлан илтгэлд дурджээ. Энэхүү дэлхий нийтийн хөгжил дэвшлийн замын зураглал болсон тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх, улс, үндэстнүүдийн тэгш байдлыг хангах, түүний дотор хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах гол арга хэрэгслүүдийн нэг нь шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх явдал юм.

Монгол Улс Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтээ олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, инновацын тогтолцоог бүрдүүлэхээр тусгаж, ойрын 10 жилийг шинжлэх ухаан, технологи, инновацын шинэ сэргэлтийн он жилүүд байхаар төлөвлөн ажиллаж байна. Монгол улс сүүлийн жилүүдэд цахим шилжилтийг эрчимжүүлж, цахим хөгжлийн багц хуулиудыг батлан хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг хялбаршуулан, иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих, авлига, хүнд суртлыг бууруулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор E-Mongolia системийг улс орон даяар амжилттай нэвтрүүлсэн бөгөөд 2022 онд Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг шинээр байгуулан Цахим үндэстэн болохоор зорин ажиллаж байна. Мөн шинжлэх ухаан, технологийн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх, чадавхыг сайжруулах зорилгоор Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлж, Шинжлэх ухаан, технологийн паркийг эрчимтэй хөгжүүлэхийг зорьж байна. Цаашид Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилгуудыг ханган хэрэгжүүлэхэд чиглэсэн шинжлэх ухаан, технологийн дэвшлийг хуваалцах, инновацыг дэмжих, бүс нутгийн тулгамдсан сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэгдсэн судалгаа шинжилгээ, төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх зэргээр шинжлэх ухаан, технологийн салбарт бүлгийн гишүүн улсуудтай хамтран ажиллах сонирхолтой байна.

Эрхэм хурлын дарга аа,

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд шинжлэх ухаан, технологи, инновац, түүний дотор  мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжил, хэрэглээ нь дэлхийн зах зээлд нэвтрэх шинэ боломжуудыг нээхэд чухал үүрэгтэй юм. Улаанбаатар хотноо төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв нь далайд гарцгүй улсуудын алслагдмал байршлын сул талыг бууруулж, уялдаа холбоог сайжруулах, ялангуяа худалдаа, тээвэр, транзит, харилцаа холбоо, гамшгийн эрсдэлийг бууруулах зэрэг ач холбогдол бүхий олон асуудлаар бодлогын судалгааг өндөр түвшинд хийж гүйцэтгэснийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Энэхүү судалгааны төвийн шугамаар хөгжиж буй орнууд, түүний дотор далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хөгжлийг дэмжих судалгааны төслүүдийг Өмнөд-Өмнөдийн болон гуравласан хамтын ажиллагааны хөтөлбөрүүдтэй хамтран хэрэгжүүлэх нь тэдгээрийн үр өгөөж, цар хүрээ, ач холбогдлыг улам нэмэгдүүлнэ гэж үзэж байна.

Эрхэм хурлын дарга аа,

Эх дэлхийн энх тайван, хүн төрөлхтний сайн сайхан, улс орнуудын тогтвортой хөгжлийн төлөө шинжлэх ухаан, технологи, инновацын ололт амжилт зориулагдах учиртай. Нийтлэг боловч ялгаатай үүрэг хариуцлага хүлээх, хөгжлийн албан ёсны тусламж болон уур амьсгалын санхүүжилтэд авсан үүрэг амлалтаа биелүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацын төсөл, хөтөлбөрт зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологийг хөгжиж буй орнуудын нөхцөл байдалд тохируулан хөнгөлөлттэй, уян хатан нөхцөлөөр шилжүүлэх зэрэг боломж нөхцөлийг бүрдүүлэхэд хөгжингүй улс орнууд болон хөгжиж буй орнуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа нэн чухал юм. Хөгжиж буй орнуудын бүлэг дуу хоолойгоо нэгтгэн, ашиг сонирхлоо хамгаалах яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг тууштай үргэлжлүүлж чадваас Умард ба Өрнөдийн орнуудын стратегийн түншлэл бэхжиж, мэдлэг, технологи, инновац хуваалцах үйл явц үр дүнтэй, эрчимтэй хэрэгжих нь дамжиггүй юм. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Бидний нийтлэг зорилго илтгэлийн хүрээнд хэлэлцэж буй Даян дэлхийн цахим гэрээ нь бүх нийтийн нээлттэй, ил тод, аюулгүй цахим орчныг бий болгоход чухал түлхэц болно гэж бид үзэж байна. Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн төр, засгийн тэргүүн нарын дээд түвшний энэхүү уулзалтын үр дүн хөгжиж буй орнуудын хөгжлийг тэтгэх, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтэд шинжлэх, ухаан, технологи, инновацын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа гэлээ.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын удирдагч асан Раул Кастро Рустай уулзлаа-

2023.09.17. Куба улс. Хавана хот. Бүгд Найрамдах Куба Улсад Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Кубын удирдагч асан Раул Кастро Рустай уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч түүний 1970 онд манай улсад айлчлах үеэр татуулсан гэрэл зургийг дурсгахад тэрбээр Монголд өнгөрүүлсэн мөчүүдээ дурсан элэгсэг дотно яриа өрнүүлэв. Тэрбээр ирэх онд Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудез Монгол Улсад айлчлах гэж байгаа тухай хэлж, боломж тохиовол Монгол Улсад дахин зочлох хүсэлтэй явдгаа илэрхийллээ.

Монгол, Кувейтийн харилцаа

Кувейтийн санг Найрамдал медалиар шагналаа

2024.10.07. Mонгол Улc. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий Ухнаагийн Хүрэлсүх Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн сангийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Валийд Аль-Бахар-ыг хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Кувейтийн сангийн шугамаар авто зам, эрчим хүч, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн төслүүд нь хоёр орны харилцааг бэхжүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлснийг тэмдэглэлээ. 400 гаруй км авто зам тавих, Тайширын усан цахилгаан станц, Түлэнхийн төв зэрэг томоохон бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмрийг нь Монголын ард түмэн өндөр үнэлж байдгийг хэлж, цаашид олон төсөл, хөтөлбөрийн хүрээнд харилцан ашигтай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн сангийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Валийд Аль-Бахар цаашид Монгол Улсын тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдэд идэвхтэй хамтран ажиллахаа нотоллоо. Мөн Арабын улс орнуудын сангуудыг хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдэд татан оролцуулах боломжтойг хэллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, дэд бүтэц, эрүүл мэндийн салбараар дамжуулан эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн санг “Найрамдал” медалиар шагналаа.Монгол Улс, Кувейтийн сан 1996 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Кувейтийн сангийн 76 сая ам.долларын санхүүжилтээр автозам, эрчим хүч, эрүүл мэндийн салбарт таван төслийг амжилттай хэрэгжүүлсэн юм. Талууд Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх онгоцны буудлыг өргөтгөх төслийг хамтран хэрэгжүүлж байна.

Монгол, Лаосын харилцаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзав

2022.09.05. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит-ийг 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч Монгол, Лаосын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайдын хийж буй айлчлал хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг ирэх шинэ жаранд хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэдгийг онцлов. Мөн Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг дурдаад, цар тахал, олон улсын нөхцөл байдал хурцадмал энэ үеийг далайд гарцгүй орнуудын хувьд хамтын хүчээр даван туулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн” зэрэг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд чиглэсэн санаачилгыг БНАЛАУ дэмжиж, хоёр тал ой моджуулах хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр болсонд баяртай байгаагаа илэрхийлэв. Ерөнхийлөгч мөн БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисулит-ийг Монгол Улсад айлчлахыг урив. Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит Монгол, Лаосын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Тонглун Сисулит-ийн илгээлтийг гардуулж, тааламжтай цагтаа айлчлахыг урив. Тэрбээр Монгол Улс АСЕАН-ы Яриа хэлэлцээний түнш болох, АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход БНАЛАУ дэмжиж ажиллана гэдгийг нотлов. Уулзалтын үеэр олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудал болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал, тээвэр ложистик, байгаль орчин зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Лаосын Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлэв

2023.07.10. Mонгол Улс. Улаанбаатар хот. Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглүн Сисүлид: Лаос, Монголын нэгэн жарны туршид хөгжиж ирсэн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хоёр ард түмний эрх ашигт нийцүүлэн бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх үйл хэрэгт хамтран ажиллахын төлөө байна.

Лаосын Үндэсний Ассамблейн даргатай уулзав

2023.09.08. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан-ыг хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг дурдаад, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа аюулгүй байдал, батлан хамгаалах, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарт амжилттай хөгжиж буйг тэмдэглэв. Тэрбээр өнгөрсөн онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ойг талууд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлснийг дурдаж, Лаосын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан-ыг хоёр улсын харилцаа, түүний дотор хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх хэтийн төлөв, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох, цаашид улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа онцлов. Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан Монгол, Лаосын шинэ жарны эхлэл болгож БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисулит Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тааламжтай цагтаа Лаос Улсад айлчлахыг урьж, халуун дотно мэндчилгээ дамжуулсныг уламжлав. Түүнчлэн Монгол Улс АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох, АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход БНАЛАУ үргэлжлүүлэн дэмжинэ гэдгийг нотолж, энэ удаагийн айлчлал хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны шинэ эхлэл болж буйг тэмдэглэв. Уулзалтын үеэр олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудал болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал, тээвэр логистик, байгаль орчин зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Лаосын Ерөнхийлөгч айлчилна

2023.11.02. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлитийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь 2005 оноос хойш буюу 18 жилийн дараа Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Лаос Улсад хэрэгжиж буй айлчлал гэдгээрээ онцлог юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлиттэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан, Ерөнхий сайд Сонсай Сипандонг нар тус тус бараалхаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад их, дээд сургууль төгссөн лаос иргэд болон Лаос Улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзана гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Нэр нь тодроогүй дайчдын хөшөөнд цэцэг өргөлөө

2023.11.06. Лаос Улс. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлитийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг нар 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Нэр нь тодроогүй дайчдын хөшөөнд цэцэг өргөв. БНАЛАУ-ын нийслэл Вьентьян хотод байрлах энэхүү хөшөөг иргэний дайнд амь үрэгдсэн цэргүүдийн гэгээн дурсгалд зориулан 2009 оны 01 дүгээр сарын 07-нд бүтээсэн. Уг хөшөө 20 метр өндөр, 36 метр өргөнтэй бөгөөд хөшөөг бүтээн байгуулахад зургаан сарын хугацаа зарцуулжээ. БНАЛАУ-ын Улс тунхагласны баяраар төр, засгийн тэргүүд нь цэцэг өргөн хүндэтгэл үзүүлдэг. Мөн гадаад улсаас айлчилж буй төр, засгийн тэргүүн нар уг хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

2023.11.05. Лаос Улс. Вьентьян хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад төрийн айлчлал хийхээр 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус улсын нийслэл Вьентьян хотноо хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Вьентьян хотын Ваттай олон улсын нисэх онгоцны буудалд БНАЛАУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Кеммани Фолсена, Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Бямбасүрэн, БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пэнгсаван Гээвбасөд тэргүүтэй албаны төлөөлөгчид угтав. Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-тэй албан ёсны хэлэлцээ хийж, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан, Ерөнхий сайд Сонсай Сипандонг нартай тус тус уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг албан ёсоор угтлаа-

2023.11.06. Лаос улс. Вьентьян хот.Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг нарыг тус улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит гэргий Нали Сисүлитийн хамт 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ерөнхийлөгчийн ордонд албан ёсоор угтлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, гэргий нарыг Ерөнхийлөгчийн ордонд хүрэлцэн ирэхэд БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит нар угтан мэндчилж, хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгчийн ордны гадна талбайд БНАЛАУ-ын Төрийн хүндэт харуул жагсаж, харуулын захирагч айлтгал өргөлөө. Хоёр талын албан ёсны төлөөлөгчдийг танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит нар дурсгалын гэрэл зураг татуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцоно.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит нар албан ёсны хэлэлцээ хийлээ-

2023.11.06. Лаос улс. Вьентьян хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит нар 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ерөнхийлөгчийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Тус айлчлалыг Монгол, Лаосын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ойн дараа хэрэгжүүлж буй бөгөөд албан ёсны хэлэлцээ ажил хэрэгч, халуун дотно уур амьсгалд болов. Хэлэлцээний эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Лаос Улсад найрсгаар урьж, Монголын төлөөлөгчдийг элэгсэг, халуун дотноор хүлээн авч буй Лаосын төр, засаг, ард түмэнд талархал илэрхийлэв. Монгол Улс, Лаос Улс өнө эртний түүхэн холбоотой, өв соёлын уламжлалтай, найрсаг дотно харилцаатай орнууд гэдгийг онцолж, хоёр улсын харилцаа Бие биеэ дэмжин харилцан ашигтай байх хамтын ажиллагааны зарчимд тулгуурлан нэгэн жарны туршид тууштай хөгжиж ирснийг тэмдэглэлээ. БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү төрийн айлчлал нь хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататгахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлэв.

Тэрбээр хүнд бэрх цаг үед хоёр улсын ард түмэн биеэ биеэ харилцан дэмжиж ирсэн сайхан уламжлалтайг дурдаад дэлхий нийт, бүс нутаг, улс гүрнүүдийг хамарсан өөрчлөлт шинэчлэлийн цаг үед монголын ард түмэн лаосын ард түмний талд бат зогсон тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалах үйл хэргийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв. Талууд хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг улс төр, батлан хамгаалах, зам тээвэр, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн талбар дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо. Далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд Монгол, Лаосын харилцааг цаашид худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Төрийн тэргүүн нар ирэх шинэ жаранд хоёр талын харилцааны цар хүрээг улам бүр өргөжүүлэн худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, аялал жуулчлал, тээвэр ложистик зэрэг боломжит бүхий л салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал нэгдлээ.

Айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Мал эмнэлэг, мал амьтны хорио цээрийн тухай хэлэлцээр болон Ургамал хамгаалал, хорио цээрийн тухай хэлэлцээр нь хоёр улсын хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгааг талууд санал нэгтэй тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх айлчлалын хүрээнд Монгол Улс, БНАЛАУ-ын хооронд агаарын тээврийн салбарт хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, зорчигч болон ачаа тээврийн харилцааг хөгжүүлэх чиглэлд эрх зүйн таатай орчныг бэхжүүлэх зорилгоор Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНАЛАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан нь хоёр улсын иргэд харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлснийг онцоллоо. Зүүн өмнөд Азийн улс орнуудаар аялах сонирхолтой монгол иргэдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж буйг талууд онцлоод Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж, 2024 оныг БНАЛАУ-ын Засгийн газраас Аялал жуулчлалын жил болгон зарласантай уялдуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн солилцоог нэмэгдүүлэн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцов. Талууд энэ удаагийн айлчлалын үеэр байгуулж буй Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр нь хоёр улсын иргэд хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэх, аялал жуулчлалын тур операторууд хоорондын хамтын ажиллагааг дэмжих, хоёр улсын соёл, зан заншлыг харилцан таниулахад чухал ач холбогдолтойг онцоллоо.

Айлчлалын хүрээнд зохион байгуулж буй Монгол, Лаосын бизнес форум нь хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид хоорондын ойр дотно харилцааг хөхиүлэн дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг талууд онцлон тэмдэглэв. Мөн Байгалийн нөөц, байгаль орчныг хамгаалахад хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигийг байгуулсан нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрс, ус, агаарын бохирдол, уул уурхайн үйлдвэржилтээс бий болсон байгалийн доройтлыг нөхөн сэргээх, экосистемийн тэнцвэртэй байдлыг хадгалахад чухал ач холбогдолтойг онцлов. Хоёр улсын төрийн тэргүүн нар манай хоёр улс бүс нутаг, олон улсын тавцанд бие биеэ дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирсэн сайхан уламжлалтайг онцлоод НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд цаашид ч уялдаа холбоотой ажиллахаа нотлов. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНАЛАУ нь 2024 онд АСЕАН-ыг даргалах чухал үүрэг хүлээсэнд баяр хүргэж, амжилт хүсээд Монгол Улс АСЕАН-ы Яриа хэлэлцээний түнш болох, АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн орох хүсэл эрмэлзлийг Лаос Улс дэмжихээ нотолсонд талархал илэрхийлэв. Хэлэлцээний дүнгээр талууд хоёр улсын эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чиглэсэн хоёр талын баримт бичгүүдийг байгуулав.

-Монгол Улс, БНАЛАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа-

2023.11.06. Лаос улс. Вьентьян хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны дараах баримт бичгийг байгуулав.

  • Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНАЛАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Засгийн газрыг төлөөлж Нийтийн аж ахуй, тээврийн сайд Нампасо Муанмани нар гарын үсэг зурлаа. Хэлэлцээр нь хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд болон коммерын хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ Зүүн өмнөд Азийн орнууд руу шинээр нээх нислэгийн завсрын цэг болгон ашиглах боломж бүрдэнэ.
  • Мал эмнэлэг, мал амьтны хорио цээрийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Засгийн газрыг төлөөлж Хөдөө аж ахуй, ойн сайд Пэт Пумпипак нар гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын хооронд мал, амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд болон мал, амьтны эм бэлдмэл, тэжээл зэрэг бүтээгдэхүүнийг импортлох, экспортлох болон дамжин өнгөрүүлэх явцыг хурдасгаж, мал эмнэлэг, мал амьтны хорио цээрийн нөхцөлийг хөнгөвчилнө.
  • Ургамал хамгаалал, хорио цээрийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээр-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Засгийн газрыг төлөөлж Хөдөө аж ахуй, ойн сайд Пэт Пумпипак нар гарын үсэг зурлаа. Хэлэлцээрээр ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнд хөнөөлтэй хортон шавьж хоёр улсын нутаг дэвсгэрт тархахаас урьдчилан сэргийлэх, хамгаалах болон хоёр улсын хоорондын ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, үрийн худалдааг хөнгөвчлөх боломжийг бүрдүүлнэ.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хооронд хамтран ажиллах санамж бичиг-т монголын талыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, лаосын талыг төлөөлж Сайд бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Камаси Фолсэна нар гарын үсэг зурлаа. Хоёр улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, сайн туршлага харилцан солилцох, албан хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллах зэрэг асуудлыг санамж бичгээр тохиролцов.
  • Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Мэдээлэл, соёл, аялал жуулчлалын яам хоорондын хэлэлцээр-т монголын талыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, лаосын талыг төлөөлж Мэдээлэл, соёл, аялал жуулчлалын сайд Суансаван Вияагет нар гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээр нь хоёр улсын хооронд тогтвортой аялал жуулчлалын ач холбогдол, аялал жуулчлалын хөгжлийн байгаль орчин, эдийн засаг, нийгэм, соёлын асуудлыг олон улсын хамтын ажиллагаа, хоёр талын зохицуулалтын үйл ажиллагаагаар шийдвэрлэх замаар үр дүнтэй, урт хугацааны шийдэл эрэлхийлэх, мөн тогтвортой аялал жуулчлалыг хөхиүлэн дэмжих зорилготой.
  • Байгалийн нөөц, байгаль орчныг хамгаалахад хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Байгалийн нөөц, байгаль орчны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг-т монголын талыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, лаосын талыг төлөөлж Байгалийн нөөц, байгаль орчны сайд Бунхам Ворачит нар гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд талууд агаарын бохирдлыг бууруулах, экосистемийн нөхөн сэргээлт болон ойн тогтвортой менежмент зэрэг байгалийн нөөц, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах хөтөлбөрийн нарийвчилсан санал, хэрэгжүүлэх төлөвлөгөөг хамтран тохирох нөхцөлийг бүрдүүлсэн.
  • Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёлын яам, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Мэдээлэл, соёл, аялал жуулчлалын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг-т монголын талыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Лаосын талыг төлөөлж Мэдээлэл, соёл, аялал жуулчлалын сайд Суансаван Вияагет нар гарын үсэг зурлаа. Санамж бичиг нь талууд соёл, урлагийн үзэсгэлэн, урлагийн тоглолт, кино үзвэр зохион байгуулах, дурсгалт зүйлсийг хадгалан хамгаалах, соёлын биет бус өвийг сэргээн засварлах чиглэлээр хамтран судалгаа хийх зэрэг соёлын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар хоёр улсын иргэд хоорондын соёлын солилцоо, харилцааг өргөжүүлэх зорилготой.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНАЛАУ-ын Ерөнхий сайд Сонсай Сипандонг бараалхлаа-

2023.11.06. Лаос улс. Вьентьян хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд тус улсын Ерөнхий сайд Сонсай Сипандонг бараалхлаа. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг цохон тэмдэглээд энэ хүрээнд БНАЛАУ-тай худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлиттэй хийсэн яриа, хэлэлцээ амжилттай, үр дүнтэй болсныг дурдаад айлчлалын үеэр ярьж тохирсон зүйлсийг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэх чиглэлд хоёр улсын Засгийн газар нягт хамтран ажиллана гэдэгт итгэж буйгаа хэллээ. Ерөнхий сайд Сонсай Сипандонг манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд амжилттай хөгжиж ирснийг тэмдэглээд 2022 онд тохиосон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг талууд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлснийг онцлов. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал нь хоёр улсын харилцааг ирэх шинэ жаранд хөгжүүлэх хэтийн төлөв, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, цаашид улам бүр өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Лаосын Засгийн газар хоорондын комисс нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хэлэлцэх чухал механизм болж хөгжиж буйг өндрөөр үнэлж, тус механизмаар дамжуулан хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт бодит хамтын ажиллагааг хөгжүүлэхийн чухлыг талууд онцлов. Талууд Монгол, Лаосын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хоол, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах зэрэг асуудлаар үр бүтээлтэй санал солилцож, хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид хоорондын хэлхээ холбоог дэмжиж ажиллахаар болсныг нотлов. Энэ удаагийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэх хүрээнд хоёр талын хэд хэдэн баримт бичгийг байгуулсныг талууд сайшаан тэмдэглэв. Үүний дотор хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Мал эмнэлэг, мал амьтны хорио цээрийн тухай хэлэлцээр болон Ургамал хамгаалал, хорио цээрийн тухай хэлэлцээр нь хоёр улсын хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгааг талууд санал нэгтэй тэмдэглэв. Мөн цаашид бараа бүтээгдэхүүний эргэлтийг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг хөнгөвчлөх хүрээнд Монгол, Лаос, Хятадын зам тээврийн асуудал хариуцсан сайд нарын түвшний гурван талт уулзалтыг зохион байгуулж, төмөр замд түшиглэсэн транзит тээврийн дамжин өнгөрөх боомтуудыг тохирох чиглэлд идэвхтэй хамтран ажиллахын төлөө байгааг талууд нотлов. Түүнчлэн хоёр улсын иргэд харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх болон аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНАЛАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр нь чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг талууд онцлов.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан бараалхлаа-

2023.11.06. Лаос улс. Вьентьян хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд тус улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан бараалхлаа. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол, Лаос Улс нь өөр өөрийн түүхэн онцлог, байгалийн өвөрмөц тогтоцтой, олон мянган бээрийн зайд оршдог хэдий ч Бие биеэ дэмжин харилцан ашигтай байх хамтын ажиллагааны зарчимд тулгуурлан харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж ирснийг тэмдэглэв. Хоёр улсын харилцаа, түүний дотор хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд идэвхтэй хөгжиж ирснийг тэмдэглээд хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэхэд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдгийг онцоллоо. Мөн Лаосын Үндэсний Ассамблейн даргын энэ оны 09 дүгээр сард Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал нь хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоог бататгаж, Парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэв. Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалд Лаос Улсын төр, засаг, парламентын зүгээс өндөр ач холбогдол өгч буйг хэллээ. Талууд хоёр улсын төрийн тэргүүн нарын яриа хэлэлцээ үр дүнтэй, амжилттай болж, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, тээвэр, ложистик, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарт эрчимжүүлэхээр тохирч, айлчлалын хүрээнд хоёр улсын эрх зүйн үндэс суурийг бүрдүүлэхэд чиглэсэн хэд хэдэн баримт бичгийг байгуулсныг сайшаан тэмдэглээд цаашид ч Монгол, Лаосын харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд нягт хамтран ажиллахаа нотлов.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Лаос, Монголын найрамдлын нийгэмлэгийн гишүүдийг хүлээн авч уулзлаа-

2023.11.08. Лаос улс. Вьентьян хот. Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Лаос, Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга Бунхкуанг Камбунхөанг тэргүүтэй Монгол Улсад их, дээд сургууль төгссөн лаос төгсөгчдийг хүлээн авч уулзлаа. БНАЛАУ-аас Монгол Улсад 1976 оноос эхлэн нийт 130 гаруй оюутан суралцаж төгссөн бол өнөөдрийн байдлаар 59 оюутан Монгол Улсын их, дээд сургуульд суралцаж байна. Тухайлбал, Лаос, Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга Бунхкуанг Камбунхөанг нь 1977-1983 онд Монгол Улсын Хөдөө аж ахуйн дээд сургуульд суралцаж төгссөн юм. Тэрбээр 2016 оноос БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНАЛАУ-д хийж буй төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн чухал яриа хэлэлцээ хийгдсэнийг хэлж, хоёр улсын иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхэд Монгол Улсад төгссөн, монгол хэлтэй лаос төгсөгчдийн хувь нэмэр өндөр байх болно гэдгийг цохон тэмдэглэлээ. Лаос, Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга Бунхкуанг Камбунхөанг Монгол Улсын Ерөнхийлөгчид БНАЛАУ-д хийж буй төрийн айлчлалынхаа үеэр лаос төгсөгчдийг хүлээн авч уулзсанд талархал илэрхийллээ. Тус айлчлал нь уламжлалт найрсаг харилцаатай хоёр орны хамтын ажиллагааг бүхий л түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаагаа хэлэв. Уулзалтын үеэр лаос төгсөгчид Монгол Улсад өнгөрүүлсэн он жилүүдээ дурсаж, төгссөнөөс хойш олон жилийн дараа Монгол Улсад зочлохдоо ажигласан өөрчлөлт, шинэчлэлтийн талаар хуваалцаж, халуун дотно яриа өрнүүлэв.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАЛАУ-д суралцаж буй монгол оюутнуудтай уулзлаа-

2023.11.08. Лаос улс. Вьентьян хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр тус улсад суралцаж буй монгол оюутнуудыг Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Элчин сайдын яаманд хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Элчин сайдын яаманд хүрэлцэн ирэхэд Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Бямбасүрэн угтаж, ЭСЯ-ны үйл ажиллагааг товч танилцуулав. Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас БНАЛАУ-ын Үндэсний их сургуульд нийт 20 монгол оюутан суралцаж байгаагаас 6 нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Илгээлт-2100 хөтөлбөрийн хүрээнд суралцаж байгаа юм. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч оюутнуудад хандан Монгол, Лаосын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд лао хэлтэй боловсон хүчний хэрэгцээ, шаардлага өндөр байгааг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНАЛАУ-д хийж буй төрийн айлчлал нь хоёр улсын харилцааны дараагийн жарны эхний хуудсыг нээж буй бөгөөд ирэх жаран жилийн хамтын ажиллагаанд БНАЛАУ-д төгссөн мэргэжилтнүүд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа онцлов. Суралцах хугацаандаа эв нэгдэлтэй байж, хичээл номдоо шамдахыг захиж, амжилт хүслээ.

-Монгол, Лаосын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдэд төрийн одон, медаль хүртээлээ-

2023.11.08. Лаос улс. Вьентьян хот.Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан дараах хүмүүсийг төрийн одон, медалиар шагналаа.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Нарийн бичгийн дарга Дамдинжавын Жаргалсайхан,

АЛТАН ГАДАС ОДОНГООР:

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Сиалунгкон Сэнг-Үтон,

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс дахь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын багийн ахлагч Лхасүрэнгийн Оюунтогос,

НАЙРАМДАЛ МЕДАЛИАР:

Лаос-Монголын Парламентын бүлгийн дарга, хошууч генерал Вонгсаг Пантавонг,

Лаос- Монголын найрамдлын нийгэмлэгийн гишүүн Гунжай Хунсаван,

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтан Базарын Цэндмаа,

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс дахь Монголчуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Батцэнгийн Болорханд,

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улс дахь Монголчуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Чинбаатарын Лхагвачулуун нарыг тус тус шагнав.

-Лаосын Eрөнхийлөгч Монгол Улсад айлчилна-

2024.06.07. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны 06 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-тэй албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Энэ айлчлал нь БНАЛАУ-ын төрийн тэргүүний түвшинд 2007 оноос хойш буюу 17 жилийн дараа болох бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 онд Лаос Улсад хийсэн төрийн айлчлалын харилцан айлчлал юм.

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024.06.11. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит гэргий Нали Сисүлит-ийн хамт Монгол Улсад төрийн айлчлал хийхээр 2024.06.11-ний өдөр хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч Тонглун Сисүлит болон дагалдан яваа төлөөлөгчдийг Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Бямбасүрэн, БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пэнгсаван Гээвбасөд нар угтаа. БНАЛАУ-ын Ерөнхийлөгчийн түвшинд 17 жилийн дараа болж байгаа айлчлалын үеэр төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, эрх зүйн орчинг бэхжүүлэх хүрээнд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Монгол Улс, Лаос Улс 1962 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Лаос Улсын Ерөнхийлөгчийн түвшинд 1980 оноос хойш хийж байгаа дөрөв дэх удаагийн айлчлал юм. 

БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит нарыг албан ёсоор угтаж авлаа

2024.06.11. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны 06 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Хоёр улсын төрийн тэргүүн Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа Ерөнхийлөгч Тонглун Сисүлит Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв. Ерөнхийлөгч нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улс, БНАЛАУ-ын  албаны төлөөлөгчид болон Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй мэндчиллээ. Төрийн тэргүүн нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч Тонглун Сисүлит Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2024.06.11. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны 06 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит нар 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс, Лаос Улс нь эртний түүхэн хэлхээ холбоотой, өв соёлын уламжлалтай, найрсаг дотно харилцаатай орнууд гэдгийг онцоллоо. БНАЛАУ-ын төрийн тэргүүний түвшинд 17 жилийн дараа Монгол Улсад хийж буй төрийн айлчлал нь уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг  өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц өгнө гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Монгол Улсад найрсгаар айлчлахыг урьж, элэгсэг, халуун дотноор хүлээн авч байгаа Монгол Улсын төр, засаг, ард түмэнд БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Хүнд бэрх цаг үед хоёр улсын ард түмэн бие биеэ харилцан дэмжиж ирсэн сайхан уламжлалтайг дурдаж, дэлхий нийт, бүс нутаг, улс гүрнүүдийг хамарсан өөрчлөлт шинэчлэлийн бүхий л цаг үед Монголын ард түмэн Лаосын ард түмний талд бат зогсож, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалах үйл хэргийг тууштай дэмжиж ирсэнд мөн талархлаа. БНАЛАУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж буй төрийн айлчлал нь Монгол, Лаосын бие биеэ дэмжин харилцан ашигтай байх хамтын ажиллагааны зарчимд тулгуурлан харилцааны шинэ жарны хамтын ажиллагааны хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдэв. Төрийн тэргүүн нар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 онд Лаос Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр ярьж тохирсон санал, санаачилгууд бодит ажил хэрэг болж буйг сайшаалаа. Мөн өнгөрсөн онд хүрсэн ололт амжилтаа энэ удаагийн айлчлалаар улам бүр бататган ахиулж, харилцааны түүхэн шинэ хуудсыг хамтдаа нээнэ гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэв. Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд энэ сул талаа давуу тал болгон ашиглаж, харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулан, улс төр, батлан хамгаалах, зам тээвэр, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгааг нотлов. Төрийн тэргүүн нар өнгөрсөн онд Мал эмнэлэг, мал амьтны хорио цээрийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан юм. Үүний мөрөөр Монгол Улсаас Лаос Улс руу хөлдөөсөн хонь, ямаа, үхэр, адууны мах экспортлох олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг тохирч буй нь хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлж, агаарын гарц нээх нь иргэд харилцан зорчих урсгал, бараа бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчинг бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтойг онцоллоо. Хоёр орны хооронд байгуулсан Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНАЛАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу зорчигч болон ачаа тээврийн хамтын ажиллагааг эхлүүлэх нь чухал байгааг тэмдэглэв. Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Улаанбаатар хотод байгуулах Эко олон улсын цэцэрлэгт хүрээлэнд хоёр улсын найрамдлын бэлгэ тэмдэг болгон Лаос Улсын нэрэмжит талбай бий болгох боломжийг лаосын тал судалж, хамтран ажиллахын төлөө буйгаа тэмдэглэв. Энэ нь иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж, залуу, хойч үеийн найрамдал, нөхөрлөлийг бататгахад чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдлээ. Талууд бүс нутаг, олон улсын тавцанд бие биеэ дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирснийг онцолж, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотлов. БНАЛАУ нь 2024 онд АСЕАН-ыг даргалах болсонд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэж, амжилт хүслээ. Мөн Монгол Улс АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох, АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн орох хүсэл эрмэлзлийг Лаос Улс үргэлжлүүлэн дэмжихээ нотолсонд талархал илэрхийлэв. Монгол Улсын зүгээс Лаос Улсын Ерөнхийлөгчийн өргөөнд байршуулах монгол хивсийг хүлээлгэн өгч буйд лаосын тал талархал илэрхийлэв. Хэлэлцээний дүнгээр талууд хоёр улсын эрх зүйн орчинг бэхжүүлэхэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа гэжээ.

Монгол, Лаосын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

2024.06.11. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны 06 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн БНАЛАУ-д 2023 оны 11 дүгээр сард хийсэн төрийн айлчлалын үеэр талууд агаарын харилцаа, мал эмнэлэг, мал, амьтны хорио цээр, ургамал хамгаалал, хорио цээрийн салбарт Засгийн газар хоорондын гурван хэлэлцээр, аялал жуулчлал, байгалийн нөөц, байгаль орчныг хамгаалах, соёлын хамтын ажиллагааны салбарт байгууллага хоорондын дөрвөн баримт бичигт гарын үсэг зурсан юм. БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-ийн төрийн айлчлалаар Засгийн газар хоорондын дээрх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахын зэрэгцээ харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Үүнд:

  • ЭРҮҮЛ МЭНД, АНАГААХ УХААНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ, БНАЛАУ-ЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ ХООРОНДЫН САНАМЖ БИЧИГ

Талууд өөрийн улсын эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл, хэрэгцээ, шаардлагад тулгуурлан, эрүүл мэнд, анагаах ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ. Ялангуяа оношилгоо, эмчилгээний арга, технологи, мэс засал, яаралтай тусламжийн чиглэлээр мэдлэг, туршлагаа солилцоно.

  • МОНГОЛ УЛСААС БНАЛАУ РУУ ҮХЭР, АДУУ, ХОНЬ, ЯМААНЫ МАХ ЭКСПОРТЛОХ, АМЬТНЫ ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИУН ЦЭВРИЙН ШААРДЛАГЫН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, БНАЛАУ-ЫН ХӨДӨӨ АЖ АХУЙ, ОЙН ЯАМ ХООРОНДЫН ПРОТОКОЛ

Монгол Улсаас БНАЛАУ-д экспортлох үхэр, адуу, хонь, ямааны махны Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээний загвар, нөхцөл, шаардлагаа харилцан тохиролцож баталгаажууллаа. Ингэснээр хоёр улсын мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлэхийн зэрэгцээ мах экспортлох боломж бүрдэж байна. Тус баримт бичгийг 2023 онд байгуулсан Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, БНАЛАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах зорилгоор байгууллаа.

  • ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ, БНАЛАУ-ЫН ДОТООД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ

Төрийн албаны шинэтгэлийн чиглэлээр туршлага, мэдээлэл солилцох, сургалт зохион байгуулах, судалгаа хийх замаар хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит гэргийн хамт дурсгалын мод тарилаа

2024.06.11. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны 06 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит нар Монгол соёлын парк цогцолборт дурсгалын мод тарилаа. Хоёр улс далайд гарцгүй, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий орнууд гэдгийг төрийн тэргүүн нар тэмдэглээд, цөлжилт, байгаль орчны доройтол зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд улс бүрийн оролцоо чухлыг онцолж, цаашид энэ чиглэлд хувь нэмэр оруулахаа нотлов. Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит нар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зочилж, нүүдэлчин ахуй, зан заншилтай танилцан, морьт харваа, ардын урлагийн тоглолтын дээжээс бүрдсэн бэсрэг наадам үзэж сонирхлоо.

БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-ийн төрийн айлчлал өндөрлөлөө

2024.06.12. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-ийн төрийн айлчлал өндөрлөлөө. Эрхэм зочдыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар болон албаны төлөөлөгчид Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд үдэж мордууллаа. Айлчлалын хүрээнд хийсэн төрийн тэргүүн нарын албан ёсны яриа хэлэлцээ халуун дотно уур амьсгалд болж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 онд Лаос Улсад хийсэн төрийн айлчлалаар хүрсэн ололт амжилтаа бататган ахиулж, харилцааны түүхэн шинэ жарны хуудсыг нээлээ. Монгол Улс нь Ази, Номхон далайн бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох бодлого баримталдаг. Энэ хүрээнд Лаос Улсыг Зүүн өмнөд Ази дахь чухал түнш хэмээн үзэж, харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлоход энэ удаагийн айлчлал онцгой ач холбогдолтой боллоо.

БНАЛАУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 

2024.09.19. Mонгол Улc. Улaaнбaaтaр хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хунгээв Сүгсавад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож, Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж буйд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Тэрбээр Монгол Улсын Зүүн өмнөд Ази дахь чухал түнш, АСЕАН-ы нөлөө бүхий гишүүн орон болох Лаос Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө байгааг онцоллоо. Хоёр улсын Төрийн тэргүүн нарын 2023, 2024 онд харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлалын үеэр ярьж тохирсон зүйлсийг бодит ажил хэрэг болгох, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад Элчин сайд онцгой анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэв. Элчин сайд Хунгээв Сүгсавад уламжлалт, найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвх зүтгэл гаргаж ажиллахаа илэрхийллээ.

Монгол, Люксенбургийн харилцаа

Монгол, Мальтын харилцаа

Мальтын харилцаа Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023.11.17. Монгол Улсс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Мальта Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Бүсүттил Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ  илэрхийлэв. Мөн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд Жон Бүсүттил харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв.

Монгол, Мексикийн харилцаа

Шадар сайд Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн хөтөлбөрийн V чуулганд оролцож байна

2017.05.22. Мексик Улс. Канкун хот. Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн хөтөлбөрийн V чуулган 2017 оны 05 дугаар сарын 22-26- ны өдрүүдэд Мексикийн Холбооны Улсын Канкун хотноо болж байна. Тус дэлхийн хөтөлбөрийн V чуулган нь 2015 онд дэлхий дахинд батлагдсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн зорилт-2030 баримт бичгээс хойш зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Чуулганд Засгийн газрын тэргүүн, сайд, парламентын гишүүд, НҮБ-ын дээд түвшний удирдлага болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, иргэний нийгэм, залуучуудын байгууллагын 5000 гаруй төлөөлөгч, хуралдааны нээлтийн үйл ажиллагаанд Мексикийн Холбооны Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Энрик Пена Нието оролцох юм. Харин Монгол Улсаас Шадар сайд У.Хүрэлсүх, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, ОБЕГ-ын ГЭУГ-ын дарга, хошууч Д.Баасансүрэн нарын тэргүүтэй төлөөлөгчид уг чуулганд оролцож байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн хөтөлбөрийн тавдугаар чуулган нь улс орон, байгууллага, салбаруудын хооронд харилцан уялдааг сайжруулах, гамшгийн эрсдэлийг бууруулахад гарсан тэргүүн туршлага, мэдлэг, мэдээллийг солилцох зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг чуулга уулзалт юм. Чуулганы тэргүүлэх ач холбогдол нь Засгийн газар, төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд хамтран гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр дэлхий дахинд батлагдсан гэрээ хэлэлцээр, хөтөлбөр үйл ажиллагаа, тухайлбал 2005 онд батлагдсан Хёогогийн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэхэд стратегийн зөвлөмж, чиглэл гаргахад оршиж байна. НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Байгууллага хоорондын тусгай хороог 2000-2005 онд байгуулан гамшгаас хамгаалах олон улсын хамтын ажиллагааг бүх шатанд эрчимжүүлэх зорилго тавьж ажилласан ба 2005 онд Япон Улсын Кобе хотноо зохион байгуулагдсан “Гамшгийн аюулыг бууруулах дэлхийн бага хурал”-ын үеэр дээрх хороог өргөжүүлж Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн платформыг байгуулах тухай саналыг гаргасан. Бага хурлаас хойш нэг жилийн дараа буюу 2006 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн чуулганы тогтоолоор гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын хөтөлбөр үйл ажиллагааг зохицуулалтаар хангаж хэрэгжүүлэх, стратегийн чиглэлүүдийг боловсруулж, гишүүн улс орнуудад зөвлөмж гаргах, түншлэл хамтын ажиллагааг олон улс, бүс нутгийн түвшинд хөгжүүлэх зорилгоор Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн платформыг байгуулсан. Уг платформын хүрээнд Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн хөтөлбөрийн чуулга уулзалтыг 2007 2009, 2011, 2013 онуудад Швейцарын Холбооны Улсын Женев хотноо зохион байгуулсан бол 2015 онд Гамшгийн аюулыг бууруулах дэлхийн чуулган Япон Улсын Сендай хотноо зохион байгуулагдаж, “Сендайн үйл ажиллагааны хүрээ хөтөлбөр”-ийг баталсан байдаг. Харин 2017 оны ээлжит V дугаар чуулганыг Мексикийн Холбооны Улсын Канкун хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ удаагийн чуулганыг “Сендайн үйл ажиллагааны хүрээ хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх удирдамжийн дэлхийн болон бүсийн платформын талаарх 28, 49 дүгээр заалтыг үндэслэн 1. Сендайн хүрээ хөтөлбөрийн тэргүүлэх 4 үндсэн чиглэлээр дэлхийн болон бүс нутгийн хэрэгжилтийг дүгнэх, 2. Олон улсын түншлэл хамтын ажиллагааг эрчимжүүлэх, 3. Тогтвортой хөгжлийн зорилт-2030-ыг хангуулах гэсэн үндсэн зорилтын хүрээнд зохион байгуулна. Чуулганы үр дүн нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Чуулган, Тогтвортой хөгжлийн зорилтууд, дээд түвшний хөгжлийн форумуудын хөтөлбөрт гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг тусгуулахад чухал хувь нэмэр болох юм гэжээ.

Монгол Улс, Мексикийн Нэгдсэн Улсын Засгийн газар  хоорондын боловсрол, соёл, спортын салбарын хамтын ажиллагааг 2017-2020 онд хөгжүүлэх хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэдэгт санал нэгджээ

2019.05.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Олон Улсын Парламентын холбооны ерөнхийлөгч хатагтай Габриэла Куэвасыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр ОУПХ-ны Ази Номхон далайн бүсийн II чуулганыг манай оронд амжилттай зохион байгуулсанд хатагтай Габриэла Куэвас Барронд талархал илэрхийлэв. Монгол Улсыг 2016-2020 онд  хөгжүүлэх Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн зорилго 2030-ыг амжилттай хэрэгжүүлэхэд ахиц гарч байгаад талархаад, цаашид бүх талаар хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Олон Улсын Парламентын холбооны Ази Номхон далайн бүсийн II чуулганаас гаргасан тунхаглалыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар анхаарах болно гэв. Хатагтай Габриэла Куэвас Баррон хэлэхдээ Олон Улсын Парламентын Холбоо, Монгол Улсын Их хурал хооронд идэвхитэй хамтын ажиллагаатай бөгөөд ОУПХ-ны Ази Номхон далайн бүсийн II чуулганыг зохион байгуулалт сайтай, үр дүнтэй хийж, маш сайн тунхаг бичиг гаргалаа. Тогтвортой хөгжлийн зорилгуудаа хэрэгжүүлэхийн төлөө улам идэвхтэй ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. Засгийн газрын түвшинд хүлээн авч буйд талархал илэрхийлье гэсэн юм. Монгол Улс, Мексикийн Нэгдсэн Улсын Засгийн газар  хоорондын боловсрол, соёл, спортын салбарын хамтын ажиллагааг 2017-2020 онд хөгжүүлэх хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэдэгт хоёр тал санал нэгджээ.

Мексикийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023.11.16. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Мексикийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Карлос Пеньяфиел Сото Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд  Карлос Пеньяфиел Сото харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

Монгол, Мьянмарын харилцаа

Мьянмарын элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023.11.17. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Тин Маунг Све Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ  илэрхийлэв. Мөн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд Тин Маунг Све харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхийлэн ажиллахаа илэрхийлэв.

Монгол, Нидерландын харилцаа

Оросын жуулчин Н.М.Прежвальский 1878 онд Алтайн нурууны өвөр говиор аялж явахдаа ховор зэрлэг адууны сүрэг харсан гэлцдэг. Тэрээр энэ зэрлэг адууны арьс, ясыг өөрийн нутагтаа аваачиж амьтан судлаач Поляковоор судлуулжээ. Судалгаагаар уг амьтны арьс, яс монгол адууны зэрлэг өвөг тахь болохыг тогтоосон байна. Поляков монгол тахийг Прежвальский адуу гэж 1881 онд дэлхий нийтэд зарлажээ. Шинжлэх ухаанд Прежвальский нэрээр алдаршсан монгол тахийг 19-р зууны сүүлчээр гадаадын жуулчид ихэд сонирхож, европчууд амьдаар нь барьж нутагтаа аваачсан гэдэг. Тухайлбал, европын амьтны хүрээлэн 1898-1904 оны хооронд Монголоос 100 орчим тахь барьж, 53 нь тэнд хүргэгджээ. Тахийн тоо толгой европт өсч байсан ч, дэлхийн хоёрдугаар дайны уршгаас болж ердөө 15 нь үлджээ. Харин дайны дараагаар тахийн тоо толгой 57 болж, 1989 онд Африк, Латин Америкаас бусад тивийн 100 гаруй амьтны хүрээлэнд 800-д хүрсэн байна. Тахийн тоо толгой ингэж өсөхөд Орлиц сүрэг чухал нөлөө үзүүлсэн гэлцдэг. ЗХУ-ын дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга К.Е.Ворошилов манай улсад айлчлахад түүнд Жаргалантын сангийн аж ахуйд байсан Алтай нэртэй тахийн гүү бэлэглэж байжээ. Энэ тахийн гүү 1957 онд Асканы Нова амьтны хүрээлэнд хүргэгдсэн гэх нь бий. Энэ үед ХБНГУ-ын Мьюнхен хотын амьтны хүрээлэнгээс Орлиц нэртэй тахийн азаргыг мөн Асканы Новад аваачжээ. Тэднийг нийлүүлж Орлиц нэртэй тахийн сүргийг гарган авсан гэлцдэг. Орлиц сүрэг дэлхий дахинаа тахийн тоо толгой нэмэгдэхэд чухал нөлөө үзүүлсэн ч, энэ амьтны гол шинжүүд арилж устаж үгүй болохын ирмэгт дахин ирэв. Тиймээс тахийг анх нутагшиж байсан унаган байгальд нь эргүүлэн тавих хэрэгтэй гэж үзжээ. Ингээд ЮНЕСКО-ийн шугамаар Монголд тахь нутагшуулах ажлыг эхлүүлсэн байдаг. Мөн Голландын тахь хамгаалах олон улсын сан Монгол тахийг эх оронд нь буцааж нутагшуулах асуудал дээр хүч хөрөнгөө гаргажээ. Хустайн нурууны Тахь нутагшуулах төслийн захирал асан н.Балдир: Анхны тахь 1992 оны зургаадугаар сарын 5-ны өдөр онгоцоор ирж байсан. Олон улсын ЮНЕСКО-ийн шугамаар монголд тахь эргүүлэн нутагшуулах ажлыг эхлүүлсэн. Нидерландын тахь хамгаалах олон улсын сан, энэ байгууллагын захирал Ион Баон 1980 оноос эхлээд монгол тахийг эх оронд нь буцааж, нутагшуулах асуудал дээр хүч хөрөнгөө гаргаж байсан. Ингээд Хустайн нуруунд анх 15 тахь авч ирж байлаа. Өнөөдөр улсын хэмжээнд эргэн сэргээн нутагшуулж байгаа тахь 300 гаруй тоо толгойд хүрээд байна. Хустайн нуруунд анх 15 тахь авч ирж байсан бол, өнөөдөр 200 болтлоо өсөөд байна. Одоогийн байдлаар 30 гаруй гүү унагалаад байна. Унага цовоо сэргэлэн, өсөлт болон нутагшил сайтай байгаа. 2007 онд Хустайн нуруунаас 3 тахь Говь-Алтай руу шилжүүлсэн. Говь-Алтайд нутагшуулж байгаа тахийн удамшлыг сайжруулах үүднээс юм. Одоогийн байдлаар дэлхийн 30 гаруй оронд 1000 гаруй тахь байна. Гэсэн ч эдгээр тахиуд цус ойртоод 16, 17 дахь үе шатдаа орсон. Тиймээс дэлхийн улаан номонд нэгэнт орсон тахийг анх үүссэн байгальд нь дасгаад үзье гэж  олон улсын байгууллагууд үзсэн юм. Энэ ажил амжилттай явагдсан. Эх орондоо ирсэн тахь маш чадварлаг, үр төл сайтай сэргэлэн сайхан нутагшиж байна хэмээн 2008 онд хуучилж байлаа. Ингэж л тахь эх нутгийнхаа хөрсөнд онгоцоор газардах нь тэр.  Тухайлбал, 1992 оны зургадугаар сарын 5-нд Голландаас тахийн гурван азарга, таван гүү. Аскания Новогоос гурван азарга, таван гүү авчирч Төв аймгийн Алтанбулаг сумын Хустайн нуруунд нутагшуулсан байна. Мөн 1992 оны зургадугаар сарын 6-ны өдөр Аскания Новагоос тахийн хоёр азарга, гурван гүү Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн талд нутагшуулсан юм. Төв аймгийн Хустай нуруун, Говь-Алтайн цаадах говьд эрт дээр үед тахь бэлчээрлэж байсан учраас энэ газруудыг сонгож нутагшуулсан нь энэ юм. Дэлхийн улаан номонд орсон тахийг устаж үгүй болохоос сэргийлж ийнхүү анх үүссэн байгальд нь дасгах ажил амжилттай явагдаж, тахь эх нутагтаа идээшээд 29 дахь зунтайгаа золгож байна. Манай улс тахийн тоо толгойгоороо дэлхийд тэргүүлж байгаа юм.

Монгол, Никарагуан харилцаа

Никарагуа Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023.11.17. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Никарагуа Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Альба Асусена Торрес Мехиа Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ  илэрхийлэв. Мөн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд Альба Асусена Торрес Мехиа харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлэв.

Монгол, Оманы харилцаа

2024.08.26. Mонгол Улc. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд Сайид Бадр Бин Хамад бин Хамуд Аль-Бусайди бараалхав. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс гадаад бодлогынхоо хүрээнд Булангийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлэхийг эрмэлздэг гэдгийг тэмдэглэв. Оманы Султант Улсаас манай улсад дээд, өндөр түвшинд хэрэгжүүлж буй анхны албан ёсны энэхүү айлчлал нь хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн шинэ агуулгаар баяжуулахад чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Гадаад хэргийн сайд Сайид Бадр Аль-Бусайди Оманы Султант Улсын Султан Хайтам бин Тарикийн халуун дотно мэндчилгээг уламжлаад Оман Улсын Засгийн газар Монгол Улстай эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсрол, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлэв. Уулзалтын үеэр талууд Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, Хүнсний хангамж, аюулгүй байдал, Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, Илгээлт-2100 тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оманы Султант Улсын Султан Хайтим бин Тарикт халуун мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урив.

Монгол, Оросын харилцаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсын ерөнхийлөгч В.В.Путинд бараалхав

2019.09.03. Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх бараалхав. Уулзалтын үеэр манай улсад албан ёсны айлчлал хийж,  Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд оролцож байгаад талархаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд энэ удаагийн айлчлалаар Монгол, Оросын харилцаа шинэ түвшинд гарч Иж бүрэн стратегийн түншлэлд хүрч байгаад баяртай байгаагаа онцлон тэмдэглэв. Цаашид Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж манай улсын ОХУ-д гаргах экспортын хэмжээг нэмэгдүүлэх, худалдааны нөхцлийг хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллахын төлөө байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийлэв. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дорвитой хөгжүүлэх боломж байгаа гэж үзэж байгаагаа тэмдэглэж монголын эдийн засгийг төрөлжүүлэх, хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Оросын Холбооны Улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

2019.12.03. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр 12 дугаар сарын 03-ны өдөр Москва хотын “Внуково” олон улсын нисэх буудалд тусгай үүргийн нислэгээр газардлаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг “Внуково” олон улсын нисэх буудалд Оросын талаас Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов тэргүүтэй төлөөлөгчид, угтан авч Москва хотын хүндэт харуулын гарнизон жагсаж хүндэтгэл үзүүлэв. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүний ОХУ-д 9 жилийн дараа хийж буй албан ёсны айлчлал бөгөөд хоёр улс “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ”-г байгуулж стратегийн түншлэлээ шат ахиулсны дараа хэрэгжиж байгаагаараа онцлог юм. Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцож хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар, яамд хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Маргааш буюу 12 дугаар сарын 04-ний өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Москва хотноо зохион байгуулагдах ”Монгол-Орос. Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес форумд үг хэлж, “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн нээлтэд оролцоно.

Хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулахаар тохиролцов

2019.12.06. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сочи хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа. Тэд сүүлийн гурван сарын хугацаанд хоёр дахь удаагаа уулзаж байгаа нь энэ юм. Уулзалтын үеэр хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах төслийг эхлүүлэхээр тохиролцов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжих хийн хоолойн төсөл нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна” гэдгийг тэмдэглэв. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Төслийг хэрэгжүүлэхэд улс төрийн зүгээс ямар ч саад байхгүй” гэлээ. Хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах талаар олон жил яригдсан ч ажил хэрэг болоогүй байсныг ийнхүү эцэслэж хоёр тал Санамж бичиг байгууллаа. Хоёр улсын судалгааны ажлын хэсгүүд одооноос эдийн засгийн үр өгөөжийг тогтоох, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зэрэг ажлаа эхлэх юм. Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол Улс бүс нутгийн эрчим хүчний интеграцид бодитой оролцох боломж бүрдэнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорнын эдийн засгийн чуулганы нэгдсэн хуралдаанд цахимаар оролцож үг хэлэв

2021.09.03. Монгол Улс. Улаанбаатар хот. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: Эрхэмсэг ноён Владимир Владимирович Путин, Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо, Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Юуны өмнө Дорнын эдийн засгийн чуулганд намайг урьсан ОХУ-ын Ерөнхийлөгч Танд талархал илэрхийлэхийг хүсч байна. 2015 оноос эхлэн зургаан удаа зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн олон улсын чуулга уулзалтад Монгол Улс дөрөв дэх удаагаа төрийн тэргүүний түвшинд оролцож байна. Энэ нь Монгол Улс тус чуулганд өндөр ач холбогдол өгч байдгийн нотолгоо төдийгүй цаашид бүс нутгийн орнуудтай үр бүтээлтэй, харилцан ашигтай хамтран ажиллах гэсэн чин эрмэлзлэлийн илэрхийлэл юмаа. Дорнын эдийн засгийн чуулганд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж, зөвхөн эдийн засаг, бизнесийн төдийгүй улс төр, нийгэм, шинжлэх ухааны салбарын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй төлөөлөгчид дэлхийн хөгжил, геополитикийн тогтвортой байдал, хүмүүнлэгийн зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцдог талбар болж, Ази, Номхон далайн бүс нутаг дахь нэр хүнд бүхий яриа хэлэлцээний механизм болон төлөвшиж байгаа учраас бодит үр өгөөж нь цаашид ч нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. “Хувьсан өөрчлөгдөж буй ертөнц дахь Алс Дорнодын шинэ боломж” сэдэвт өнөөгийн энэ чуулга уулзалт дэлхий даяараа цар тахлын аюулд нэрвэгдсэн, цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах шинэ шийдлүүдийг нийтээр хайж буй энэ цаг үед болж буйгаараа ач холбогдолтой юм. Иймд тус чуулган Алс Дорнод, Ази, Номхон далайн бүс нутаг дахь цар тахлын үр дагавар, хямралын эсрэг шинэ боломжуудыг нээх, бүс нутгийн хэмжээнд эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрийг эхлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна. Цар тахалтай тэмцэх, хумих үйлсэд ард иргэдийн дархлаажуулалт гол үүрэг гүйцэтгэх тул “Ковид-19” халдварын эсрэг вакцин бүтээж, үйлдвэрлэж, түгээж буй орнууд, түүний дотор Монголын ард түмэнд цар тахлын хүнд үед туслалцаа үзүүлж ирсэн улс орнууд, олон улсын байгууллагуудад гүн талархлаа энэ дашрамд илэрхийлье. Өнөөдрийн энэ боломжийг ашиглаад “Ковид-19” цар тахлын хамгийн хүнд үед өөрийн үйлдвэрлэсэн вакциныг манай улсад нийлүүлсэн ОХУ, БНХАУ, БНЭУ, санхүүгийн тусламж үзүүлсэн Япон Улсын Засгийн газарт Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна. Цар тахлаас хамгаалах чиглэлээр бүс нутаг, дэлхий нийтээрээ хамтран ажиллаж, вакциныг тэгш шударга хүртээх, буурай хөгжилтэй орнуудад вакцин хандивлах, цар тахалтай тэмцэх туршлагыг хуваалцах нь магадгүй цар тахлыг түргэн хугацаанд даван туулах цорын ганц зам байхыг үгүйсгэхгүй. Өнөөгийн дэлхийн ертөнцийн нэн амаргүй үед зуны Олимпийн 32 дугаар наадмыг амжилттай зохион байгуулсан Япон Улсын Засгийн газар, ард түмэн, сайн дурынханд чин сэтгэлийн баяр хүргэе. Цар тахлын хүнд хэцүү нөхцөлд 206 улс орны 11 мянга гаруй тамирчин оролцсон олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах томоохон туршлага боллоо. Энэ онд Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ой тохиож байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Түүхэн баялаг замыг туулсан манай хоёр улсын бүх талын хамтын ажиллагаа Иж бүрэн стратегийн түншлэлийн агуулгаар цаашид улам баяжин бэхжиж, улмаар бүс нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулна гэж үзэж байна. Манай улсын мөнхийн хоёр хөрш болох ОХУ болон БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа тогтвортой хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл билээ. Ард түмнүүдийн найрамдал, харилцан ойлголцолд суурилсан бидний түншлэл “Ковид-19” цар тахлын амаргүй нөхцөл байдлыг үл харгалзан бүх салбарт идэвхтэй өргөжин хөгжиж байгааг цохон тэмдэглэх нь зүйтэй юм. ОХУ-ын “Их Евразийн түншлэл” болон БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгыг Монгол Улс анхнаасаа дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч эрчимтэй хамтран ажиллах, нэн ялангуяа манай бүс нутгийг хамарсан дэд бүтэц, ногоон хөгжил, байгаль экологийн доройтлыг сэргээх чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдэд оролцох, хамтран ажиллах хүсэлтэй байдаг. Монгол Улс эдийн засгаа сэргээх хүрээнд өнгөрсөн 2020 онд манай улсын төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлын баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлан уул уурхай, боловсруулах аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэл, тээвэр логистик, бүтээлч үйлдвэрлэл, мэдээллийн технологийн салбарыг тэргүүлэх чиглэлээр тодорхойлж, онцгойлон дэмжиж байна. Энэ хүрээнд Алс Дорнод болон Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай хамтран ажиллахад баяртай байх болно.Хатагтай, ноёд оо, Монгол Улс нь ОХУ, БНХАУ гэсэн хоёр том улстай хиллэдэг өвөрмөц байршилтай орон. Монгол Улсын худалдаа, эдийн засгийн салбар нь манай хоёр хөршөөс ихээхэн хамааралтай бөгөөд бидний хувьд дээрх хоёр улстай явуулж буй эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгдөг билээ. Монгол Улс бол далайд гарцгүй хөгжиж буй дэлхийн 32 орны нэг юм. Иймд Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан тээвэр, худалдаа, үйлчилгээний зангилаа “Транзит Монгол Улс” болох зорилтыг тавьж байна. “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улс дэлхийн бусад улс орны нэгэн адил худалдаа, эдийн засгийн томоохон хүндрэл, сорилттой тулгарч байгаа хэдий ч энэ оны эхний байдлаар манай улсын эдийн засаг үе шаттай сэргэх хандлагатай байна. Цар тахал дэгдэхийн өмнөх үе буюу 2017-2019 онд Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн дунджаар зургаан хувийн өсөлттэй байсан. Мөн энэ хугацаанд гадаад худалдааны тэнцэл 1-2 тэрбум ам.долларын ашигтай, гадаадын шууд хөрөнгө оруулалт 2-3 тэрбум ам.долларын түвшинд тогтвортой хадгалагдаж, Монгол Улсын өрийн удирдлага мэдэгдэхүйц сайжран, Зээлжих зэрэглэл дээшлэх, гадаад валютын албан нөөц зохистой түвшинд хүрч нэмэгдэх, валютын ханшийн хэлбэлзэл тогтворжих, инфляци зорилтот түвшинд хадгалагдах таатай нөхцөл бүрдсэн байсан. Харин цар тахлаас үүдэлтэйгээр глобал эдийн засгийн идэвхжил саарсан 2020, 2021 онд Монгол Улсын эдийн засаг мөн томоохон сорилттой тулгарсан бөгөөд энэхүү сорилтыг давахын тулд мөчлөг сөрсөн төсөв, мөнгөний бодлого, хямралын эсрэг чиглэсэн эдийн засгийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Мөн дэлхийн бусад орнууд, гадаад ба дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, үндэстэн дамнасан корпорацуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал, манай эдийн засгийн тэргүүлэх салбар болох уул уурхайгаас гадна экспортын чиг баримжаатай үйлдвэр, хөдөө аж ахуй, эрчим хүч, байгалийн хий, газрын тос боловсруулах зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Алс Дорнодын бүс нутаг нь байгалийн асар их баялагтай бөгөөд Зүүн Азийн бүс нутаг дахь худалдаа, эдийн засгийн чухал төв болж байна. Дэлхийн олон улс орны хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид Алс Дорнодын бүс нутгийг сонирхож, хөрөнгө оруулалтыг түлхүү хийх боллоо. Манай улс ч уг бүс нутагт хамтран ажиллах боломжийг судлах, эдийн засгийн үйл ажиллагаагаа өргөтгөх зорилгоор Владивосток хотод Худалдааны төлөөлөгчийн газраа байгуулсан нь худалдаа, эдийн засгийн цаашдын хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Тус Худалдааны төлөөлөгчийн газар нь Монгол Улсын Алс Дорнодын бүс нутаг дахь худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн тэлэх, дэлхийн улс орнууд, тэр дундаа Зүүн болон Зүүн Өмнөд Азийн улс орнуудад бараа бүтээгдэхүүнээ усан замаар экспортлох, тэдний барааг импортлох, хөрөнгө оруулалт татах, бүс нутаг дахь зах зээлийн судалгааг хийж хэрэгжүүлэх болно. Монгол Улс нь Евразийн эдийн засгийн холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлд анхаарал хандуулсаар ирсэн. Одоогийн байдлаар Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах талаар судалж байна. Гадаад худалдаанд тулгарч буй хориг саадыг бууруулах, манай улсаас бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалд оролцох оролцоонд ийм төрлийн хэлэлцээр чухал үүрэг гүйцэтгэх боломжтой гэж бид үзэж байна. Алс Дорнодын эдийн засгийн харилцааны чиглэлээр Орос, Монгол, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор” байгуулах тухай хөтөлбөрийн талаар дурдахыг хүсэж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд төмөр зам, авто замын коридорыг шинэчлэх, шинээр барьж байгуулах, ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэн, хөрш орнуудтайгаа хамтран ажиллаж байна. Тухайлбал, байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн Техник, эдийн засгийн үнэлгээний ажил эрчимтэй явагдаж байгаа бөгөөд энэ нь Алс Дорнодын бүс нутаг дахь нэн чухал бүтээн байгуулалтын нэг болно. Ази-Европыг холбосон хамгийн дөт авто зам, төмөр замын замнал нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг. Иймд Орос-Хятад, Ази-Европын хооронд хийгдэж буй худалдаа, бараа бүтээгдэхүүний эргэлт нэмэгдэж байгаа өнөө үед Монгол Улсын энэхүү газар зүйн таатай байршлыг ашиглан худалдаа, тээвэр логисткийн сүлжээ, ачаа тээврийн  урсгалыг бий болгох нь бүс нутгийн хамтын ажиллагаанд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна. Монгол Улс худалдаа, тээврийг хөнгөвчлөх, далайд гарах, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх чиглэлээр тууштай нээлттэй бодлого барьж, энэ хүрээнд шинэ төмөр замын сүлжээ барих, авто замын сүлжээг өргөжүүлэх, олон улсын нисэх онгоцны буудал, бүс нутгийн тээвэр, логистикийн төв шинээр барих зэрэг дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Цаашид “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан төмөр замын төв коридорыг шинэчлэх, Өвөрбайгалын хязгаараас Монгол Улсын дорнод хэсгээр дайруулан БНХАУ-тай холбогдох төмөр замын зүүн коридор барих, Тува Улсаас Монгол Улсын баруун хэсгээр дайруулан БНХАУ-тай холбогдох төмөр замын баруун коридор барих, мөн гурван улсыг холбосон хурдны автозам барих зэрэг эдийн засгийн үр ашигтай, стратегийн бүтээн байгуулалтын ажлыг яаравчлах хэрэгтэй байна. Эдгээр бүс нутгийн болон үндэсний хэмжээний, үр ашигтай, ирээдүйтэй, хөгжлийн томоохон төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улс та бүхэнтэй хамтран ажиллахад нээлттэй байна.Хатагтай ноёд оо, Бид байгаль, экологийн асуудалд өнөөдөр анхаарал хандуулж, дорвитой арга хэмжээ авахгүй бол байгаль орчны доройтол, цаг уурын онцгой аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж, улмаар улс орнуудын эдийн засгийн тогтвортой хөгжил, хүмүүний амьдрах орчинд асар их хохирол учруулж, аюулын харанга дэлдэж байна. ОХУ-ын Якутад гарсан ойн түймрийн утаа манай улсын нийслэл Улаанбаатар хотод төдийгүй Хойд мөсөн далай хүртэл тархаж, Монгол Улсад дэгдсэн шороон шуурга Хятад, Япон, Солонгос төдийгүй Номхон далайн ай сав газарт хүрч байна. Хаяа нийлүүлэн амьдардаг орнуудын хувьд гамшгаас хамгаалах, урдчилан сэргийлэх, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаар бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллаж, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нь чухал гэдэгтэй Та бүхэн санал нэгдэнэ гэдэгт итгэж байна. Зүүн хойд Азийн орнуудын цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхэд бүсийн хэмжээнд хил дамнасан эрчим хүчний холболтыг хөгжүүлэх явдал чухал байна. Монгол Улс эрчим хүчний дотоод хэрэгцээгээ бүрэн хангахын зэрэгцээ эрчим хүч экспортлогч орон болох зорилт тавиад байгаа бөгөөд энэ хүрээнд Говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглах,  манай улсад усан цахилгаан станц барих төслүүдийг хэрэгжүүлэхэд бүс нутгийн улс орнуудтай хамтран ажиллах санаачилга дэвшүүлээд байна. Хүн амын шилжилт хөдөлгөөн, уур амьсгалын өөрчлөлт, экологийн тэнцвэрт байдлын алдагдал, бичил биетийн хувьсал зэрэг олон хүчин зүйлс мал, амьтнаас хүнд халдварлах шинэ болон сэргэж байгаа халдварын эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна. Хил дамнасан халдварт өвчний аюул занал улам бүр нэмэгдэж буй энэ цаг үед бүс нутгийн хамтын ажиллагааг өргөтгөх ажлын хүрээнд нэн тэргүүнд мэдээлэл шуурхай солилцох механизмыг боловсронгуй болгох, харилцан туршлага хуваалцах, хамтран ажиллах нь ирээдүйн цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах бэлэн байдлын чадавхийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх нь эдийн засгийн өсөлт, эргэлтийг хангах боломжийг бүрдүүлэх тул цаашид энэ чуулганаар биологийн аюулгүй байдал, бүс нутгийн улс орнуудын цар тахлаас сэргийлэх хамтын ажиллагааны чиглэлээр хэлэлцүүлэг хийж байх санал дэвшүүлж буйг хүндэт зохион байгуулагчид болон оролцогчид анхааралдаа авахыг хүсье. Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо, Жил бүр зохион байгуулах Ази, Номхон далайн орнуудын хөгжил дэвшил, тулгамдаж буй асуудал, хамтын ажиллагааны талаар санаа бодлоо солилцох сайхан боломж олгодог Дорнын эдийн засгийн чуулганд оролцож байгаа Та бүхэнд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монголчууд бид энэ чуулганаас олон сайхан ажил хэрэгч санаа сонсож, бас өөрсдийн санаа бодлоо Та нөхдөд хүргэхийг хичээлээ. Чуулганыг зохион байгуулагч оросын талд болон намайг чуулганд оролцохыг урьсан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Танд гүн талархал илэрхийлье. Анхаарал тавьсанд баярлалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ

2021.12.14. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 12 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Айлчлалын үеэр “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал” гаргаж, зарим салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчлахаар эх орноосоо мордлоо

2021.12.15. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Мөн “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал” гаргаж, зарим салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх албан ёсны айлчлал 2021 оны 12 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсын нийслэл Москва хотноо хүрэлцэн ирэв

2021.12.15. ОХУ. Москва хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхээр тус улсын нийслэл Москва хотноо хүрэлцэн ирэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийг олон улсын “Внуково-2” нисэх онгоцны буудалд Оросын Холбооны Улсын Гадаад харилцааны дэд сайд И.В. Моргулов угтан авав.Монгол Улсын Ерөнхийлөгчид Хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд Монгол Улс, Оросын Холбооны Улсын Төрийн дуулал эгшиглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинтай албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Айлчлалын үеэр мөн “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал” гаргаж, зарим салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна.

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан Тунхаглал гаргалаа

2021.12.16. ОХУ. Москва хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Москва хотноо хэлэлцээ хийж, Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан Тунхаглал гаргалаа.

МОНГОЛ УЛС, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 100 ЖИЛИЙН ОЙН ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ

Монгол Улс, Оросын Холбооны Улс (цаашид Талууд гэх),

  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Москва хотноо 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хийсэн хэлэлцээний үеэр Монгол, Оросын харилцааны түүхэн ач холбогдол, өнөөгийн байдал, хөгжлийн хэтийн төлөвийн талаар өргөн хүрээнд санал солилцсон үр дүнг харгалзан,
  • улс хоорондын харилцааны түүхэн дэх Монгол, Оросын ард түмний зуун жилийн найрамдал, сайн хөршийн харилцааны онцлог шинж чанарыг тэмдэглэн,
  • Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх хамтын тэмцэл, Ардын хувьсгал, Халх голын байлдаан болон Аугаа их Эх орны дайн, Дэлхийн хоёрдугаар дайны он жилүүдэд бэхэжсэн ахан дүүсийн дайчин нөхөрлөл, харилцан тусламж үзүүлж ирсэн гэгээн сайхан уламжлалыг үндэс болгон,
  • хоёр талын нягт хамтын ажиллагаа нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, олон улсын тавцан дахь байр суурийг бэхжүүлэх үндэс суурь болсныг тэмдэглэн,
  • түүх, соёл, зан заншлаа харилцан хүндэтгэж, хоёр ард түмний найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх хүсэл эрмэлзлээ илэрхийлэн,
  • бүрэн эрхт улсууд эрх тэгш байх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн бусад зарчим, хэм хэмжээг хүндэтгэх үндсэн дээр орчин үеийн нөхцөл байдалд нийцсэн улс төрийн яриа хэлэлцээг хөгжүүлэн,
  • батлан ​​хамгаалах, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг эрмэлзэн,
  • худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хүмүүнлэг, байгаль орчныг хамгаалах салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хоёр талын шугамаар болон олон улс, бүс нутгийн байгууллагуудын хүрээнд өргөжүүлэхийг зорин,
  • бүс нутгийн болон дэлхий нийтийн гол асуудлуудаар ижил буюу төстэй байр суурьтай байдгаа үндэслэн,
  • хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хугацаагүйгээр хөгжүүлж, дараагийн зуунд хоёр талын харилцааг шинэ агуулгаар баяжуулж, цогцоор нь эрчимтэй, тогтвортой хөгжүүлэхийг зорин дараах зүйлсийг тунхаглаж байна:

Улаанбаатар хотноо 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр байгуулсан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ” нь хоёр талын харилцааг чанарын шинэ түвшинд гарган хугацаагүй хэрэгжихийг баталгаажуулсан бөгөөд Монгол, Оросын хамтын ажиллагааг уламжлалт найрамдал, итгэлцэл, сайн хөршийн харилцаа, төрийн бүрэн эрхт байдлыг харилцан хүндэтгэх, бие биеийнхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмуудын дагуу цаашид хөгжүүлэх бат бөх эрх зүйн үндэс суурийг бүрдүүлснийг Талууд онцлон тэмдэглэв.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хамтарсан төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлсэн нь хоёр орон, ард түмний найрамдал, сайн хөршийн харилцаа, харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж, энэхүү гэгээн сайхан уламжлалыг үеэс үед дамжуулах Монгол, Оросын харилцааны цаашдын хөгжлийн эрх ашигт нийцсэн олон нийтийн дэмжлэгийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан ажил болсныг Талууд тэмдэглэв.

Талууд Стратегийн түншлэлийг хөгжүүлэх 2016 оны дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг дүгнэж, шинэ хөтөлбөр боловсруулах хэрэгцээ шаардлагыг судлах нь зүйтэй гэж үзэв.

Талууд хоёр талын улс төрийн байнгын хэлхээ холбоо, ялангуяа өндөр, дээд түвшний харилцааг тогтмол хадгалах нь хамтын ажиллагаанд түлхэц үзүүлэх ач холбогдолтойг тэмдэглэв.

Талууд Монгол Улсын Их Хурал болон Оросын Холбооны Улсын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, парламент хоорондын харилцааны механизмуудыг хууль тогтоох үйл ажиллагааны туршлага солилцоход идэвхтэй ашиглахад бэлэн байгаагаа нотлов.

Талууд цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагаа нь иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны чухал бүрэлдэхүүн болохыг тэмдэглэж, цэрэг-техникийн туслалцаа үзүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх, түүнчлэн цэргийн төлөөлөгчдийн солилцоо, хамтарсан сургуулилт, соёл, спорт, хүмүүнлэгийн арга хэмжээ зохион байгуулах замаар батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ.

Талууд Халх голын байлдаан, Аугаа их Эх орны дайн болон Дэлхийн хоёрдугаар дайнд байгуулсан ялалтад зориулсан хамтарсан арга хэмжээ зохион байгуулах, эдгээр үйл явдлыг судлах, дурсгалыг нь мөнхжүүлэх санаачилгуудыг дэмжиж, түүхийг гуйвуулах, нацизмыг алдаршуулах явдал гаргахгүй байх арга хэмжээ авна.

Талууд терроризм, хэт даврах үзэл, салан тусгаарлах үзэл, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигатай тэмцэх, зэвсэг, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн бэлдэц, түүхий эдийг хууль бус эргэлтэд оруулах, эдийн засаг, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх болон олон улсын мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр цогц хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байна. Энэ үүднээс Талууд хоёр улсын прокурор, шүүх, хууль сахиулах, хил хамгаалах байгууллагууд болон тусгай албадын харилцааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно.

Талууд түлш, эрчим хүч, геологи, уул уурхай, дэд бүтэц, тээвэр, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа, түүний дотор банк, санхүүгийн байгууллага хоорондын яриа хэлэлцээг урагшлуулах, харилцан ашигтай хөрөнгө оруулалтын хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс, түүний дэд комисс, ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг өндрөөр үнэлж байна.

Талууд эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг тууштай нэмэгдүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, эдгээр харилцааг чанарын шинэ шатанд гаргахад чиглэсэн санаачилгуудыг дэмжих шаардлагатайг хүлээн зөвшөөрөв.

Талууд “Хилийн боомт болон Монгол-Оросын улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 1994 оны хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол” байгуулсныг сайшааж, боомтуудын дэд бүтцийг сайжруулах, нэвтрүүлэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаа нотлов.

Монгол, Оросын хилийг шалгах ээлжит ажлыг хэрэгжүүлэх хоёр талын хамтарсан комисс байгуулагдаж, тус комисс нь ажлаа 2022 оноос эхлүүлэхээр төлөвлөж буйг Талууд сайшааж байна.

Талууд онцгой байдал, байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдгээрийн хор уршгийг арилгах, тэр дундаа хамтарсан сургуулилт хийх, тулгамдсан чухал асуудлуудаар мэдээлэл, туршлага харилцан солилцох, мэргэжилтнүүдийг бэлтгэх замаар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлнэ.

Талууд Улаанбаатар хотноо 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр байгуулсан “Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т үндэслэн бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд цаашид ч дэмжлэг үзүүлнэ.

Талууд хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааны эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, замын шинэчлэлийг цаашид хийх, түүнд суурилж хил дамнасан төмөр замын коридорыг хөгжүүлэхэд шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус нийгэмлэгт бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа нотлов.

Талууд Оросын Холбооны Улсын үл хөдлөх хөрөнгийн өмчийн эрхийг хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу бүртгэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт газар ашиглах Оросын Холбооны Улсын эрхийг шинэчлэн бүртгэх үйл явцыг аль болох хурдан хугацаанд дуусгахын тулд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах болно.

Талууд байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, бие биенийхээ ашиг сонирхлыг харгалзан үзэж, харилцан хүндэтгэх үндсэн дээр хил дамнасан усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалахад нягт хамтарч ажиллахыг эрмэлзэнэ.

Талууд боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудын шууд харилцааг хөгжүүлэхийг зорьж, Монголын боловсон хүчнийг ОХУ-д сургах, орос хэлний сургалтыг Монгол Улсад өргөжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн Монгол Улсад орос судлал, ОХУ-д монгол судлалыг хөгжүүлэхэд анхаарч ажиллана.

Талууд орчин үеийн технологийн дэвшлийг ашиглах, инновацыг хөгжүүлэх зорилгоор эрдэмтэн, мэргэжилтэн, оюутан харилцан солилцох зэргээр шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлнэ.

Талууд нийгэм, соёлын сэдэвчилсэн арга хэмжээ, концерт, үзэсгэлэн, уран бүтээлийн уулзалт зохион байгуулах замаар хүмүүнлэгийн харилцааг өргөжүүлэхийг эрмэлзэнэ.

Талууд хүүхэд, залуучуудын солилцооны хөтөлбөрүүдийн өгөөж боломжийг нэмэгдүүлнэ.

Талууд эрүүл мэнд, нийгмийн болон хүмүүнлэгийн салбарын, түүний дотор хоёр улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалах, сайжруулах, байгалийн голомтот болон бусад халдварт өвчинтэй тэмцэх, анагаах ухааныг хөгжүүлэх, эрүүл мэнд, эм зүйн салбарын мэргэжилтэн сургах, давтан сургах чиглэлээр туршлага солилцоход чиглэсэн хэлхээ холбоог улам бэхжүүлнэ.

Талууд шинэ төрлийн коронавируст (COVID-19) халдварын тархалтыг зогсоох чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, хоёр орны тээврийн харилцааг сэргээхэд шаардлагатай хүчин чармайлт гаргаж, цар тахал дууссаны дараа худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг аль болох түргэн, бүрэн сэргээх боломжийг эрэлхийлж ажиллана.

Талууд 2015 онд байгуулсан “Монгол Улс, ОХУ, БНХАУ хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх замын зураглал” болон 2016 онд байгуулсан “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг Монгол, Орос, Хятадын энэхүү ирээдүйтэй гурван талт цогц хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх үүднээс идэвхжүүлнэ.

Талууд Ази, Европын хооронд дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхэд Монгол, Оросын газарзүйн ашигтай байршлын давуу байдлаа бүрэн дүүрэн ашиглахын тулд энэ чиглэлээрх хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх сонирхлоо нотлов.

Талууд ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажил амжилттай урагшилж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, эрх бүхий аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлнэ.

Талууд дэлхийн болон бүс нутгийн олон асуудлаар хандлага ойролцоо байдгийг тэмдэглэж, олон улсын байгууллага болон бүс нутгийн тавцан дахь хоёр талын хамтын ажиллагааны түвшинд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Талууд гадаад бодлогын уялдааг бэхжүүлэх, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцох зорилгоор тогтмол хийдэг хоёр талын зөвлөлдөх уулзалтуудыг үргэлжлүүлнэ.

Талууд олон улс болон бүс нутгийн үйл хэргийн хүрээнд нөгөө Талын бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нийгмийн дэг журамд хохирол учруулахуйц алхам хийхгүй гэдгээ нотлов.

Талууд Нэгдсэн үндэстний байгууллага, Ази-Европын уулзалт (АСЕМ), Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ), АСЕАН-ы Бүс нутгийн чуулга (АРФ), Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) зэрэг олон улсын байгууллага, механизмын хүрээнд хоёр талын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцов.

Монголын тал Их Евразийн түншлэл байгуулах санаачилгыг дэмждэгээ илэрхийлэв.

Талууд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагаа, түүний дотор эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй, мэдээлэл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн механизмууд дахь Монгол Улсын оролцоог идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Талууд Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах Хамтарсан судалгааны ажлын хэсгийн ажилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нарын ганцаарчилсан уулзалт эхэллээ

2021.12.16. ОХУ. Москва хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нарын ганцаарчилсан уулзалт эхэллээ. Цар тахалтай тэмцэж байгаа энэ хүнд хэцүү үед ч хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд харилцан айлчлал зохион байгуулж буйд нь Монгол Улсын Ерөнхийлөгч талархал илэрхийлэв. Харилцаа, хамтын ажиллагааг улам хөгжүүлэх, шинэ шатанд гаргах цаг үе ирснийг Монгол Улсын Ерөнхийлөгч онцоллоо. Мөн “Транзит Монгол” болох зорилт тавьснаа дурдаж, 2019 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын нутгаар дамжуулан хийн хоолой тавих төслийг Ерөнхийлөгч В.В.Путинтай ярилцаж шийдвэрлэсэн нь амжилттай хэрэгжиж буйг тэмдэглэв. Мөн Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд эрчим хүчний коридор бий болгох шаардлагатай байгааг хэлэв.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн албан ёсны айлчлал амжилттай болж, өндөр үр дүн авчирна гэдэгт итгэлтэй байгаагаа Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин илэрхийлэв. Цар тахлын улмаас эдийн засгийн хамтын ажиллагаа 2020 онд 20 хувиар буурсан ч энэ оны эхний гурван улирлын байдлаар 25 хувиар нэмэгдсэн бөгөөд цаашид цар тахлын өмнөх түвшинд хүрнэ гэдэгт итгэж байгаагаа хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нарын ганцаарчилсан уулзалт хаалттай хэлбэрт шилжин үргэлжилж байна. Хоёр улсын төрийн тэргүүн нар дараа нь хэлэлцээ хийж, хамтарсан тунхаглал гаргана.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинтай хэлэлцээ хийв

2021.12.16. ОХУ. Москва хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Москва хотноо Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинтай хэлэлцээ хийв. Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Оросын харилцааны өнгөрч буй зуун жилийн өрнөл, явцыг дүгнэж, цаашдын зорилт, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, томоохон төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцож, шинэ зууны хамтын ажиллагааны замын зураглалын талаар ойлголцолд хүрэв. Монгол, Оросын ард түмэн бүтэн зууны туршид ойр дотно, сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлж ирсэн нь улс орны харилцааны түүхэнд ховор тохиолдох, хөрш зэргэлдээ орнуудын харилцаанд үлгэр жишээ болохуйц онцлог шинж чанартай гэж үзэж буйгаа төрийн тэргүүн нар илэрхийлэв. Дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд талууд өндөр ач холбогдол өгч, тусгай төлөвлөгөөний дагуу оны турш өргөнөөр тэмдэглэж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, шинэ зуунд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулж, цогцоор нь эрчимтэй, тогтвортой хөгжүүлэхийн төлөө байгааг нотлов.Хэлэлцээний үеэр улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Салбаруудын харилцааг цаашид ч тогтвортой хөгжүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг тууштай нэмэгдүүлж, чанарын шинэ шатанд гаргахын төлөө идэвхтэй ажиллах, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих нь чухал болохыг тэмдэглэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан худалдаа, тээвэр логистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал үйлчилгээний зангилаа болсон “Транзит Монгол” болох зорилт тавьж буйг тэмдэглэж, төмөр зам, авто замын томоохон төслүүдэд оросын талыг хамтран ажиллахыг урив. Талууд Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, техник, технологийн болон суурь бүтцийн шинэчлэлийг үргэлжлүүлэхээ илэрхийлэв. Төрийн тэргүүн нар хоёр улс эрчим хүч, хөдөө аж ахуй, барилгын салбар, газрын тосны бүтээгдэхүүн худалдааны чиглэлээрх хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх боломжийн талаар санал солилцов. Монголд нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад анхаарна гэдэгт найдаж буйгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илэрхийлэв. Төрийн тэргүүн нар ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажил амжилттай урагшилж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, эрх бүхий аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай дэмжлэгийг үргэлжлүүлэн үзүүлэхээ нотлов. Түүнчлэн “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг урагшлуулахын төлөө байгаагаа илэрхийлэв. Хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулах, нэвтрүүлэх чадавхыг нэмэгдүүлэх нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал болохыг тэмдэглэв. Талууд байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний  талаар мэдээлж, оросын талтай идэвхтэй хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв. Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” тарьж ургуулах хөдөлгөөний хүрээнд ажиллах боломжийг судлах үүргийг өгөхөө илэрхийлэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар хэлэлцээний дүнгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл өгч, Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан Тунхаглал гаргаснаа зарлалаа.

Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нар уулзав

2022.09.16 ОХУ. Москва хот. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны хүрээнд Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын ээлжит зургаадугаар уулзалт Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо 09 дүгээр сарын 15-ны өдөр болов. Талууд Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридорын хэрэгжилтийг эрчимжүүлэх, гурван талын хамтын ажиллагааны тодорхой чиглэлд ахиц гаргах талаар хэлэлцлээ. Тухайлбал, “Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан гурван улсыг холбосон төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх, техник, эдийн засгийн үндэслэлийн ажлыг эхлүүлэхээр тохиролцов. Түүнчлэн төмөр замын зүүн, баруун коридорыг байгуулах, хил, гаалийн чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн чухлыг харилцан онцоллоо. Гурван улсын хооронд авто тээврийг хөгжүүлэн, Азийн авто замын сүлжээгээр гурван улсын хооронд тээврийг нэмэгдүүлэх талаар ярилцав. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл нь гурван улсын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдолтой болохыг талууд онцоллоо. Төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлд хамтран ажиллаж, төслийг хариуцсан холбогдох аж ахуйн нэгжүүдийн уялдаа холбоог хангах нь чухал гэдэгт талууд санал нэгдэв. Иргэд хоорондын харилцаа, хил дамнасан аялал, жуулчлалыг хөгжүүлэх нь гурван улсын харилцаанд чухал ач холбогдолтой гэдэгт Төрийн тэргүүн нар санал нэгдлээ. Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хугацааг таван жилээр сунгасныг Төрийн тэргүүн нар уулзалтын үеэр тэмдэглэлээ.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уулзалтын үеэр хэлсэн үгэндээ Монгол Улсын газарзүйн байршлын онцлогт тулгуурлан олон улсын транзит тээврийг хөгжүүлэх, энэ хүрээнд гурван улсын эдийн засгийн коридорын хөтөлбөрт тусгасан төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нь чухал байгааг онцлов. Түүнчлэн дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг гурван улсын хүчин чармайлтыг нэгтгэж, байгаль орчны чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг уялдуулан, Монгол Улсад хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх саналыг дэвшүүлэв. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийг бууруулж, тогтвортой хөгжлийг дэмжихийн тулд эдийн засгийн үр өгөөж өндөртэй, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь Монгол Улсад чухал буйг онцлон тэмдэглэлээ. Энэ хүрээнд “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”, “Эгийн голын усан цахилгаан станц” байгуулах төслүүдэд хөрш орнуудтай идэвхтэй хамтран ажиллах саналаа илэрхийлсэн бөгөөд энэ чиглэлд шинжээчдийн түвшинд ажиллахаар болов. Гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгасан томоохон төслүүд хэрэгжиж эхлээд байгаа энэ үед 2018 онд тохиролцож байсны дагуу Хөрөнгө оруулалтын хамтарсан төвийг Улаанбаатар хотноо байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлэх саналыг дэвшүүлэв. Үүнээс гадна шинжлэх ухаан, соёл, боловсрол, хүмүүнлэг, аялал жуулчлал, гамшигтай тэмцэх зэрэг гурван улсын хамтын ажиллагааны бусад салбарт анхаарал хандуулах хэрэгтэйг онцоллоо. Талууд Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын уулзалт амжилттай болж, хамтын ажиллагааны олон асуудлаар санал нэгдсэн гэдгээ дүгнэн тэмдэглэв.Монгол Улс 2012 оноос эхлэн ОХУ, БНХАУ-тай гурван талаар эдийн засгийн салбарт өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өрнүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх транзит коридор байгуулах саналыг дипломат шугамаар илэрхийлж ирсний үр дүнд гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулах болж, Монгол, Орос, Хятадын гурван талт хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан болно. Стратегийн түнш, хөрш орнуудын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, улс төр, эдийн засгийн гурван талт хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх зорилго бүхий энэхүү уулзалтыг 2014 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Уулзалтыг зохион байгуулж эхэлснээс хойш “Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг байгуулж, хэрэгжүүлэх чиглэлд гурван талаас томилсон Ажлын хэсгийн дарга нарын уулзалт болон шинжээчдийн түвшний уулзалтыг тогтмол зохион байгуулж ирлээ. Гурван талт яриа хэлэлцээний давтамжийг хадгалах хүрээнд гурван улсын дэд сайд нарын уулзалтыг тогтмол зохион байгуулж байна. Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын уулзалт нь КОВИД-19 цар тахлын дэгдэлтээс үүдэн 2019 оноос хойш түр хугацаанд завсардаад байв. Энэ жилийн Төрийн тэргүүн нарын уулзалтыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин даргалсан бөгөөд ирэх жилийн уулзалтыг БНХАУ-ын дарга, үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч даргална.

Монгол Улсын Ерөнхийлөгчид ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин мэндчилгээ дэвшүүлэв

2022.07.03. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин мэндчилгээ дэвшүүллээ. ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНЫ МЭНДЧИЛГЭЭНД: “Үндэсний их баяр наадам болон Ардын хувьсгалын 101 жилийн ойг тохиолдуулан Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авч соёрхоно уу. Орос, Монгол хоёр улс найрсаг, сайн хөршийн уламжлалт хэлхээ холбоотой билээ. Улс төрийн ажил хэрэгч яриа хэлэлцээ өрнөхийн зэрэгцээ олон салбарт үр өгөөжтэй хамтын ажиллагаа хөгжсөөр ирлээ. Орос, Монголын ард түмнүүдийн эрх ашигт бүрэн нийцсэн Иж бүрэн стратегийн түншлэл цаашид улам бэхжинэ гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Танд эрүүл энх, ажлын их амжилт, танай ард түмэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлэв

2023.06.17. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн төрсөн өдрийг тохиолдуулан Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин мэндчилгээ дэвшүүлжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч мэндчилгээндээ Монгол Улсын Ерөнхийлөгчид 55 насны ойг тохиолдуулан баяр хүргэж, хоёр улсын найрсаг, сайн хөршийн харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн зүтгэлийг үнэлж байдгаа илэрхийлэв. Хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны тулгамдаж буй асуудлуудаар цаашид үр бүтээлтэй хамтран ажиллана гэж найдаж байна гэжээ. БНХАУ-ын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид төрсөн өдрийн мэнд хүргэж, өнгөрсөн оны 11 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хятадад хийсэн төрийн айлчлал амжилтай болж, хоёр улсын харилцааны өндөр түвшнийг харуулсныг тэмдэглэжээ. Талуудын харилцан итгэлцэл, найрамдал, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр улсын харилцааг тасралтгүй шинэ хөгжилд хүргэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нар Монгол Улсын Ерөнхийлөгчид эрүүл энх, Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлэв

2023.07.11. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин мэндчилгээ ирүүлэв. ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИН МЭНДЧИЛГЭЭНДЭЭ, Эрхэм хүндэт ноён Ерөнхийлөгч, Үндэсний их баяр наадам, Ардын Хувьсгалын баяр наадмыг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу. Найрамдал, сайн хөршийн уламжлалт харилцаатай манай хоёр орны хооронд ажил хэрэгч улс төрийн яриа хэлэлцээ, олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа тогтсон. Цаашид “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг хөгжүүлэх нь Орос, Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцэж, бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд тус дөхөм болно гэдэгт итгэлтэй байна. Танд эрүүл энх, амжилт хүсэхийн зэрэгцээ Монголын нийт ард түмэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлэв

2024.07.12. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин мэндчилгээ ирүүллээ. Мэндчилгээнд “Үндэсний их баяр наадам-Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.  Саяхан Астан хотноо болсон бид хоёрын уулзалт Орос, Монголын харилцааны найрсаг, ажил хэрэгч шинж чанарыг бүрэн нотолсон билээ. Хоёр улсын ард түмний сайн сайхны төлөө, Евразийн бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг бэхжүүүлэх ашиг сонирхлын үүднээс цаашид хамтын хүчин чармайлтаар хамтын ажиллагааг бүх салбарт үе шаттай өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Танд эрүүл энх, ажлын амжилт, Монгол Улсын ард иргэдэд аз жаргал, хөгжил цэцэглэлтийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзав

2023.10.18. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны гурав дахь удаагийн дээд түвшний чуулга уулзалтад оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзав.Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулах зорилтын хүрээнд худалдааны татварыг бууруулах, дэд бүтэц, эрчим хүчний салбарт бүтээн байгуулалтын томоохон, төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх нь чухал болохыг онцлов. Монгол Улсаас ОХУ-д нийлүүлж буй мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс, шир зэрэг хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнд ноогдуулж буй татварын хэмжээг бууруулах асуудлыг ойрын өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр Ерөнхийлөгч нар тохиров.Төрийн тэргүүн нар Монгол, Оросын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн шинэчлэл хийх, Монгол Улсын баруун болон зүүн босоо тэнхлэгийн төмөр замуудын бүтээн байгуулалтад хамтран ажиллах талаар санал солилцов. ОХУ-аас Монгол Улсад түлш, шатахууныг тасралтгүй нийлүүлж, тогтвортой хангахаа Ерөнхийлөгч В.В.Путин мэдэгдсэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийлэв. Монгол Улсын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангахад чиглэсэн хамтын ажиллагааны хүрээнд Эгийн голын усан цахилгаан станц байгуулах асуудлыг талууд нарийвчлан судлахаар болов. ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров, Засгийн газрын орлогч дарга А.В.Новак, Эдийн засгийн хөгжлийн сайд М.Г.Решетников, Тээврийн сайд В.Г.Савельев, “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал О.В.Белозёров, “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер, “Роснефть” НХН-ийн Ерөнхий гүйцэтгэх захирал И.И.Сечин нар хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийж, саналаа танилцуулав.Хоёр улсын төрийн тэргүүн ирэх жил тохиох Халхын голын хамтын ялалтын 85 жилийн ойг хамтран тэмдэглэх нь хоёр улсын дайчин нөхөрлөлийг мөнхжүүлж, залуу, хойч үед түүхэн үнэнийг таниулахад чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдэв. Түүхт ялалтын баярт оролцох Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгыг Ерөнхийлөгч В.В.Путин талархан хүлээн авлаа. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч нар хоёр орны соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх нь чухлыг онцлон тэмдэглэв.

ОХУ-ын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2024.09.03. Монгол Улс. Улаанбаатар хот. Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 09 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, Ерөнхийлөгч В.В.Путин Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ. Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улс болон ОХУ-ын албаны төлөөлөгчидтэй мэндчиллээ. Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, В.В.Путин Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, эрчим хүч, газрын тос, байгаль орчин зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно. Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгөхөөр төлөвлөж байна. 2019 онд “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурснаар Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон юм. Хоёр улс 1921 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дипломат харилцаа тогтоож, дараа жил нь Элчин сайдын яамдаа Улаанбаатар, Москва хотноо харилцан нээсэн түүхтэй.

Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

2024.09.03. Монгол Улс. Улаанбаатар хот. росын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Үүнд:

1. “МОНГОЛ УЛСЫН УЛААНБААТАР ХОТЫН ДУЛААНЫ ГУРАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ӨРГӨТГӨЛ, ШИНЭЧЛЭЛИЙН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”–Т

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Оросын Холбооны Улсын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев нар гарын үсэг зурлаа. Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэрэглээний 32 хувийг хангадаг  Дулааны гуравдугаар цахилгаан станцын өндөр даралтын хэсгийг 50 МВт-ын блок станцаар өргөтгөх, дунд даралтын хэсгийн 48 МВт-ын блок станцыг буулгаж суурин дээр нь 250 МВт-ын блок станц шинээр барих зураг төсөл боловсруулж, инженерийн судалгаа хийнэ. Ингэснээр талууд төслийн нийт өртөг, барилга угсралтын хугацааг нарийвчлан тодорхойлж, төслийг хэрэгжүүлэх дараагийн шатны гэрээ байгуулах нөхцөл бүрдэнэ.

2. “ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-Т

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд , Оросын Холбооны Улсын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев нар гарын үсэг зурлаа. Хэлэлцээр байгуулснаар Монгол Улс, ОХУ-ын газрын тосны салбарын хамтын ажиллагаа гүнзгийрч, ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн саадгүй, тогтвортой нийлүүлэх боломж бүрдлээ. Манай улс газрын тосны бүтээгдэхүүнээ 100 хувь импортоор, үүнээс 95 орчим хувийг ОХУ-аас авдаг. ОХУ газрын тосны бүтээгдэхүүний дотоод зах зээлийнхээ нөхцөл байдалтай холбоотойгоор 2023 онд шатахууны экспортод хязгаарлалт тавьж, газрын тосны бүтээгдэхүүний худалдааны хамтын ажиллагааны хэлэлцээртэй улс орнууд болон Евразийн эдийн засгийн  холбооны гишүүн орнууд энэ хязгаарлалтад хамаарахгүй байхаар зохицуулсан юм. 

3. “МОНГОЛ УЛСАД АГААРЫН ХӨЛГИЙН ТҮЛШ НИЙЛҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-Т

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Оросын Холбооны Улсын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев нар гарын үсэг зурлаа. Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын түлшний хангамжийг олон улсын стандартад нийцсэн, хямд үнэтэй бүтээгдэхүүнээр хангах боломж нэмэгдэхээс гадна манай улсын агаарын хөлгийн түлшний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад чухал дэмжлэг болно.

4. “БАЙГАЛ НУУР, СЭЛЭНГЭ МӨРНИЙГ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ БОЛОН ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-Т

Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Оросын Холбооны Улсын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов нар гарын үсэг зурлаа. Эгийн усан цахилгаан станц байгуулахтай холбогдуулан байгаль орчны хамтарсан үнэлгээ хийж,  хоёр улсын Засгийн газрын хоорондын ажлыг эрчимжүүлэн, нэгдсэн шийдэлд хүрлээ.  Хоёр улс дэлхийн дулаарлын улмаас давтамж нь нэмэгдэж буй байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон арга хэмжээний хэрэгжилтэд онцгой анхаарна. Байгал нуур болон Сэлэнгэ мөрнийг хамгаалах нь даян дэлхийн байгаль орчны төлөв байдалд чухал хувь нэмэртэйг ухамсарлан усны нөөцийг зохистой ашиглах,  урсац тохируулах, сэргээгдэх эрчим хүч бий болгох тухай олон жилийн яриа, хэлэлцээ бодит ажил хэрэг болно. Энэ чиглэлээр хамтын ажиллагааны замын зураглал, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж ажиллахаар тохиролцлоо.

5. “ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ ТАРХВАР СУДЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ БОЛОН ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ХОЛБООНЫ ХЯНАЛТЫН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-Т

Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Оросын Холбооны Улсын Хүний эрүүл мэнд, хэрэглэгчийн эрхийг хамгаалах холбооны хяналтын газрын дарга А.Ю.Попова нар гарын үсэг зурлаа. Талууд 2018 онд хамтран ажиллах хэлэлцээр байгуулж, хоёр улсын хилийн дагуух бүс нутагт зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр хамтран ажилласан. Хэлэлцээрийг шинэчлэн байгуулснаар хамтран тандалт судалгаа хийх, мэдээлэл солилцох, тархвар судлал, нян судлалын чиглэлээр монголын мэргэжилтнүүд мэргэжил дээшлүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний ажил хийх, тархвар судлалын хүндрэл үүссэн тохиолдолд шуурхай хариу арга хэмжээ авах зэрэг өргөн боломж бий боллоо. Харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар хамтарсан мэдэгдэл хийв

2021.12.17. ОХУ. Москва хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хамтарсан мэдэгдэл хийлээ. ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИН: Бид Монголын нөхөдтэйгөө найрсаг түншлэлийг хөгжүүлэх сонирхолтой нь мэдээжийн хэрэг. Хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагаа маань дээр үеийн үүх түүхтэй. Бидний дипломат харилцаа албан ёсоор тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна. Манай улс Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн анхны улс байсан гэдгийг онцлон хэлье. Тэртээх үеэс Орос, Монголын хамтын ажиллагаа бэхжиж, бие биеийнхээ ашиг сонирхлыг хүндэтгэх зарчимд тулгуурлан хөгжиж ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хийсэн хэлэлцээний дүнгээр улс төрийн тунхаглал гаргалаа. Энэхүү баримт бичиг нь 2019 онд гарын үсэг зурсан хоёр улсын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг хөгжүүлэхэд чиглэсэн. Тунхаглалд хоёр талын харилцааг бүх чиглэлээр цаашид гүнзгийрүүлэх тодорхой чиглэлүүдийг тусгасан. Түүнчлэн айлчлалын үед талууд худалдаа, олон салбарыг хамарсан Засгийн газар хоорондын болон яам, агентлаг хоорондын баримт бичгүүдийг боловсруулж гарын үсэг зурна. Оросын Холбооны Улс бол Монгол Улсын гадаад худалдааны томоохон түншүүдийн нэг. Коронавируст цар тахлын амаргүй нөхцөлийг үл харгалзан, энэ оны есдүгээр сарын байдлаар манай худалдааны эргэлт 24 хувиар нэмэгдсэн. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Орос, Монголын Засгийн газар хоорондын комисс үр дүнтэй ажиллаж байна. Энэ оны 11 дүгээр сард Улаанбаатар хотноо болж өнгөрсөн комиссын ээлжит хуралдаанаар дэд бүтэц, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, цахим технологи зэрэг салбарын хамтын ажиллагааны шинэ төлөвлөгөөг гаргасан. “Улаанбаатар төмөр зам” бол хоёр улсын хамтарсан гол чухал, амжилттай хөгжиж буй арилжааны том төсөл юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хоёр талын ачаа тээвэрлэлт 15 сая тонноос 30 сая тонн болон өсөж, хоёр дахин нэмэгдсэн. Сүүлийн жилүүдэд төмөр замыг шинэчлэх, өргөтгөх, “Улаанбаатар төмөр зам”-ын тогтвортой байдлыг хангах талаарх ажил Оросын Холбооны Улсын дэмжлэгтэйгээр хийгдсэн. Тухайлбал, тээвэрлэлтийн тарифын индексжүүлэлтийг цаг тухайд нь тогтворжуулж, 1990-ээд оны зээлийг зохицуулах төлөвлөгөөг гаргаж, газар эзэмшилтийн хуучин асуудлыг шийдвэрлэв. Монгол Улсаар дамжуулан ачааг төмөр замаар тээвэрлэх нь улам үр ашигтай болно гэж найдаж байгаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бид хоёр эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцав. Оросын Холбооны Улс нь Монгол Улсын эрчим хүчний найдвартай нийлүүлэгч бөгөөд тус улсын газрын тосны бүтээгдэхүүний нийт хэрэгцээний 80 хувийг хангаж байна. Оросын эрчим хүчний компаниуд Монгол Улстай хамтран ажиллах, тэр дундаа Монголын шатах, тослох материалын зах зээл дэх орон зайгаа тэлэх сонирхолтой байна. Энэ хүрээнд “Роснефть” компани Улаанбаатарын олон улсын нисэх онгоцны буудал дахь түлш цэнэглэх шинэ цогцолборын операторын хувьд бүртгүүлэхээр ажиллаж байна. Ойрын хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжих байгалийн хийн хоолойн техник, эдийн засгийн үндэслэл бэлэн болно. Ажил амжилттай урагшилж байгаа. Энэхүү хоолой нь Оросын “Сибирийн хүч-2” хийн хоолойн үргэлжлэл болох боломжтой. Хамгийн оновчтой чиглэл, уртыг нь тодорхойлоод байна. Өнгөрсөн онд манай улсын компаниуд Улаанбаатар хотын Дөрөвдүгээр цахилгаан станцын шинэчлэлийг амжилттай хийсэн. Ингэснээр Монгол Улсын эрчим хүчний системийн хүчин чадлыг 15 хувиар нэмэгдүүлэв. Гуравдугаар дулааны цахилгаан станцыг шинэчлэх өөр нэг  хамтарсан төслийг боловсруулж байна. Цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах ирээдүй байгаа. Монгол Улсад аж үйлдвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн салбарыг хөгжүүлэх үүднээс Цөмийн шинжлэх ухааны төв байгуулж, судалгаа хийх боломжийг судалж байгаа. Орос, Монгол хоёр улс цаашид байгаль орчныг хамгаалах чиглэлд чухал төслийг хамтран хэрэгжүүлнэ. Тухайлбал, ЮНЕСКО-гийн өв хэмээн бүртгэгдсэн Байгал, Тарь нууруудын өвөрмөц экологийн системийг бүрдүүлэх хил дамнасан гол мөрнийг хамгаалахад хамтран ажиллана. Орос, Монгол хоёр улсын хооронд коронавируст халдвартай хамтран тэмцэхэд чиглэгдсэн түншлэлийн харилцааг хөгжүүлж байгаа. Спутник V вакцин болон “Ковид-19” илрүүлэн оношлох оношлуурыг Монгол Улсад нийлүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хийсэн хэлэлцээ ажил хэрэгч, эерэг уур амьсгалд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад улсад хийж буй анхны айлчлалаа Оросын Холбооны Улсаас эхлүүлж буйд баяртай байна” гэв. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ: “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд гадаад улсад хийж буй анхны айлчлалаа Оросын Холбооны Улсаас эхэлж байгаадаа баяртай байна. Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинтай хийсэн хэлэлцээний үеэр хоёр орны харилцааны түүхт 100 жилээ дүгнэж, цаашдын зорилт, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, томоохон төсөл, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй санал солилцож, ирж буй шинэ зууны харилцаа, хамтын ажиллагааны замын зураглалаа тодорхойлсон түүхэн ач холбогдолтой айлчлал болж байна. Эрх чөлөө, тусгаар тогтнолын тэмцэл, эх орны дайны он жилүүд, энх цагийн их бүтээн байгуулалтын үед ч Монгол, Оросын ард түмэн хамтдаа байж, харилцан туслалцаж хамтдаа хөгжиж ирсэн гэгээн сайхан уламжлалыг хоёр улсын төрийн тэргүүн нар бахархан тэмдэглэж, бүрэн эрхт улсууд эрх тэгш байх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон олон улсын эрх зүйн хэм хэмжээг хүндэтгэх үндсэн дээр орчин үеийн нөхцөл байдалд нийцсэн улс төрийн яриа хэлэлцээг хөгжүүлэхээ илэрхийлж байна. Бүтэн зууны туршид ойр дотно, сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн манай хоёр орны найрамдал, нөхөрлөл бол улс орны харилцааны түүхэнд ховор тохиолдох, хөрш зэргэлдээ орнуудын харилцаанд үлгэр жишээ болохуйц онцлог шинж чанартай түүхэн уламжлалт харилцаа билээ. Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад 2019 онд хийсэн айлчлалын үеэр хоёр тал “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ”-г хугацаагүйгээр байгуулсан. Энэ нь манай хоёр орны шинэ зууны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулж, цогцоор нь эрчимтэй, тогтвортой хөгжүүлэхийн үндэс суурь болж байгааг хоёр улсын төрийн тэргүүн нар дахин нотоллоо. Манай хоёр улс эрчим хүч, нефть шатахуун, байгалийн хий, зам тээвэр, харилцаа холбоо, дэд бүтэц, хөдөө аж ахуй, байгаль орчин, худалдаа, эдийн засгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх бүрэн боломж байна. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны цар хүрээг далайцтай нэмэгдүүлж, шинэ шатанд гаргах шаардлагатай гэж бид санал нэгтэй үзэж байна. Айлчлалын хүрээнд эрчим хүч, дэд бүтэц, төмөр замын томоохон төслүүдэд оросын талыг идэвхтэй хамтран ажиллахыг урьж, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа манай тал илэрхийллээ. Хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулах, нэвтрүүлэх чадавхыг нэмэгдүүлэх, хоёр улсын хил дамнасан хамтын ажиллагааны бүс байгуулах талаар харилцан санал солилцлоо. Талууд 2016 онд байгуулсан “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах чиглэлд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэхийн зэрэгцээ Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих 3 улсын хамтарсан төслийн ажил амжилттай урагшилж байгаад сэтгэл хангалуун байна. Ази, Европын хооронд дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, “Транзит Монгол” болох зорилтыг ханган хэрэгжүүлэх хүрээнд Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, техник, технологийн болон суурь бүтцийн шинэчлэлийг үргэлжлүүлэх, хил дамнасан төмөр зам, авто зам, эрчим хүчний шинэ коридор бий болгох талаар идэвхтэй хамтран ажиллахаар санал солилцлоо. Манай хоёр улсын хооронд соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбарт өргөн хүрээнд хамтран ажиллаж ирсэн сайхан уламжлал бий. Оросын Холбооны Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол оюутны квотыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэнд талархаж байна. Манай хоёр улс бүс нутгийн хамтын ажиллагааны механизм, олон улсын байгууллагын хүрээнд ойр дотно хамтран ажиллаж ирсэн уламжлалтай. Хоёр тал НҮБ, АСЕМ, ШХАБ зэрэг байгууллагын хүрээнд цаашид ч нягт хамтран ажиллахаа нотоллоо. Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины дэвшүүлсэн “Их Евразийн түншлэл” байгуулах санаачилгыг Монголын тал дэмжиж, бүс нутгийн худалдаа, эдийн засаг, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Оросын Холбооны Улсад хийж байгаа айлчлалын хүрээнд “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан Тунхаглал”-ыг гаргаж, хилийн боомт, гааль, оюуны өмч, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурж байна. Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа цар тахлын амаргүй нөхцөлд ч урагшлан хөгжиж байна. “Ковид-19” цар тахлын энэ цаг үеийн сорилт, бэрхшээлийг аль болох хурдан даван туулж, хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд гарган, шинэ агуулгаар баяжуулан харилцан ашигтай хөгжүүлэхийн төлөө байгаагаа дахин нотолж байна. Миний бие өнөөдрийн хэлэлцээний үр дүнд сэтгэл хангалуун байна. Манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан шинэ түвшинд гаргахад хүчин чармайлт гаргаж буй эрхэм хүндэт Владимир  Владимирович Танд болон агуу түүхт, мөнхийн хөрш Оросын ард түмэнд, ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөе” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

2024.07.03. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцох үеэрээ Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтай уулзлаа. Төрийн тэргүүн нар Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулах зорилтын хүрээнд хоёр талын худалдааны татварыг бууруулах, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон, төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцов.Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын тэргүүлэх чиглэл байдгийг нотоллоо. Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны тусгай хэлэлцээр байгуулах яриа, хэлэлцээ амжилттай өрнөж байгааг Ерөнхийлөгч нар онцолж, энэ онд багтаан талууд гарын үсэг зурахын төлөө байгаагаа илэрхийлэв. Хэлэлцээрийг байгуулснаар хоёр талын худалдаа төдийгүй дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг стратегийн чухал ач холбогдолтой салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжихөөс гадна хамтарсан аж ахуйн нэгж, үйлдвэр байгуулахад түлхэц үзүүлнэ гэдэгт санал нэгдлээ.2024 онд Халхын голын тулалдааны хамтын ялалтын 85 жилийн ойг хамтран тэмдэглэх нь хоёр улсын иргэд хоорондын харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэж үзэж байгаагаа хоёр улсын төрийн тэргүүн нар илэрхийлэв. Уулзалтаар мөн “УБТЗ” ХНН-ийн төв шугам, Дулааны гуравдугаар цахилгаан станцын шинэчлэл, зүүн, баруун төмөр зам, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын явцын талаар  ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар баярын захидал солилцов

2024.08.30. Халх голын байлдааны түүхт 85 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар баярын захидал солилцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч захидалдаа, Халхын голын байлдааны хамтын ялалтын түүхт 85 жилийн ойг тохиолдуулан Монголын ард түмний нэрийн өмнөөс ОХУ-ын Ерөнхийлөгч болон Оросын найрсаг ард түмэнд чин сэтгэлийн баяр хүргэв. Энэхүү түүхэн ойг хоёр улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж халуун амь, бүлээн цусаа үл хайрлан баатарлагаар тэмцсэн цэрэг эрсийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэх, тэдний эх оронч гавьяа зүтгэлийг хойч үедээ мөнхлөн үлдээх, Монгол-Оросын ард түмний энхийн болон хөгжлийн төлөөх их үйлсээр гагнагдсан ган бат найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлэх зорилгоор онцгойлон тэмдэглэдэг гэдгийг онцоллоо. ОХУ-ын Ерөнхийлөгч захидалдаа, Халх голын байлдаанд ялсны 85 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгчид эрүүл энх, амжилт бүтээл, Монголын ард түмэнд аз жаргал, хөгжил цэцэглэлтийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөв. Мөн хүнд бэрх үед батжин бэхэжсэн хоёр орны найрамдал нөхөрлөл, харилцан тусламжийн уламжлал нь Оросын Холбооны Улс, Монгол Улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны цаашдын хөгжлийн бат бэх суурь нь мөн гэдгийг онцоллоо.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчилна

2024.08.30. Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэ онд Халх голын байлдааны 85 жилийн ой, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ байгуулагдсаны таван жилийн ой тохиож байгаа билээ. Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцохоос гадна хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024.09.02. Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 09 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно. Хоёр улсын төрийн тэргүүн мөн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгөх юм. 2019 онд “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурснаар Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. Хоёр улс 1921 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дипломат харилцаа тогтоож, дараа жил нь Элчин сайдын яамдаа Улаанбаатар, Москва хотноо харилцан нээсэн түүхтэй.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар хэлэлцээ хийв

2024.09.03. Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг Халх голын байлдааны ялалтын 85 жил, Монгол, Оросын “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жил, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойг үргэлжлүүлэн тэмдэглэх хүрээнд албан ёсоор айлчилж байгаад талархал илэрхийлэв. Хоёр улсын төрийн тэргүүн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, түүний дотор түлш, эрчим хүч, зам тээвэр, байгаль орчин, соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарын харилцааг улам эрчимжүүлэх талаар ярилцлаа. Айлчлалын хүрээнд Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах  тухай, Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл, төсөв боловсруулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж байгааг сайшаан тэмдэглэв. Хэлэлцээний үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эгийн голын усан цахилгаан станц”-ыг барих ажил хоёр талын хүчин чармайлтын үр дүнд урагшилж байгааг тэмдэглээд, Эгийн голын төслийг онцгойлон анхаарч, байгаль орчны үнэлгээний асуудлыг цогцоор нь авч үзэхийн тулд хоёр талын ажлын хэсгийг байгуулахаар тохиролцож, Санамж бичиг байгуулж байгааг өндрөөр үнэлэв. Энэ оны сүүлээр Монгол Улс, Евроазийн эдийн засгийн холбоо хооронд байгуулах Чөлөөт худалдааны түр хэлэлцээр худалдааны эрх зүйн орчныг тэлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломж бий болгоно гэж итгэж байгаагаа талууд илэрхийлэв. Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах ажлыг эрчимжүүлэх нь чухал гэдэгт талууд санал нэгдэж, гурван улсын холбогдох байгууллагууд холбогдох төслүүдийг цаг үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчилж буйг сайшаан тэмдэглэлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөв

2024.09.03. Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар БНМАУ-ын баатар, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар маршал Г.К. Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөв. Цэцэг өргөх ёслолын үеэр Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэлээ. Хоёр улсын төрийн тэргүүн ахмад дайчидтай мэндчилж, Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаал үзэж сонирхлоо.

У.Хүрэлсүх: Ерөнхийлөгч В.В.Путины айлчлал найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжууллаа

2024.09.03. Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Хоёр улсын төрийн тэргүүний хийсэн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд хийсэн мэдээллийг хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ: Эрхэм хүндэт  Владимир Владимирович, Энд цугларсан хэвлэлийн төлөөлөгчид, эрхэм зочид оо! Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Халх голын байлдаанд хамтын ялалт байгуулсны түүхт 85 жилийн ой, Монгол, Оросын найрамдлын бэлгэ тэмдэг болсон “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой болон Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин манай сайхан оронд албан ёсны айлчлал хийж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бид Халх голын байлдааны энэхүү түүхэн ялалтын баярыг манай хоёр улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж халуун амь, бүлээн цусаа үл хайрлан баатарлагаар тулалдсан цэрэг эрсийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэх, тэдний эх оронч гавьяа зүтгэлийг хойч үедээ мөнхлөн үлдээх, Монгол-Оросын ард түмний энхийн болон хөгжлийн төлөөх их үйлсээр гагнагдсан найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлэх зорилгоор онцгойлон тэмдэглэж ирсэн түүхэн уламжлалтай билээ. Мөнхийн хөрш манай хоёр орны ард түмний хооронд тогтсон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаг хугацааны уртад улам батжин бэхжиж, шинэ агуулгаар өргөжин хөгжиж, өдгөө Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрээд байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. ОХУ-ын Ерөнхийлөгч эрхэм хүндэт Владимир Владимирович таны Монгол Улсад хийж буй энэ удаагийн айлчлал нь манай хоёр орны найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан, ялангуяа түлш, эрчим хүч, зам тээвэр, байгаль орчин, соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой үйл явдал болж байна. Мөн айлчлалын хүрээнд та бид хоёр орны болон бүс нутаг, олон улсын өмнө тулгамдаж буй асуудлуудаар санал бодлоо солилцож, өөрсдийн байр суурийн талаар харилцан ярилцлаа. Бидний яриа хэлэлцээний үр дүнд “Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай”, “Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл, төсөв боловсруулах тухай” Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Мөн олон жил яригдсан Эгийн голын усан цахилгаан станцын төслийг онцгойлон анхаарч, “Байгал нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай” санамж бичиг, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай протокол байгууллаа. Ийнхүү “Эгийн голын усан цахилгаан станц”-ыг барих ажил хоёр талын хүчин чармайлтын үр дүнд урагшлах болсонд баяртай байна.ОХУ нь манай улсын гадаад худалдааны томоохон түнш бөгөөд Монгол, Оросын худалдааны нийт эргэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа хэдий ч худалдааны баланс тэнцвэргүй байгааг өөрчлөх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахаар тохиролцсон. Энэ хэлэлцээр нь манай хоёр улсын худалдааны эрх зүйн орчныг сайжруулж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх бодит шинэ боломжийг бий болгоно хэмээн үзэж байна. Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг энэ ондоо багтаан байгуулахаар хоёр тал ажиллаж байгааг сайшааж байна. Энэхүү хэлэлцээрийн үр дүнд Монгол Улсаас Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудад гаргах мал аж ахуйн гаралтай 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн импортын татвараас бүрэн чөлөөлөгдөх болно. Энэ нь манай хөдөө аж ахуйн салбар болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлэх төдийгүй худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд шинэ боломжуудыг нээх юм. Мөн уулзалт, хэлэлцээний үеэр талууд “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан төслүүдийг өнөө цаг үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчилж, эрчимжүүлэхээр санал нэгдлээ. Энэ нь манай улсын транзит тээврийн өвөрмөц боломж, чадавхыг дээд зэргээр нэмэгдүүлэхийн зэрэгцээ ОХУ-ын “Их Евразийн санаачилга”, БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилга болон Монгол Улсын “Талын зам хөтөлбөр”-ийн хүрээнд гурван улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх юм. Манай улсын оюутан залуус ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр их, дээд сургуульд суралцах боломжийг нэмэгдүүлэх талаар санаачилга гаргаж байгаад талархал илэрхийлье. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд хөрш ОХУ-тай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна.  Бид аливаа улс орны түүх, соёл, соёл иргэншил, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэн үзэж, олон улсын харилцааг олон тулгуурт зарчмаар цогцлоохыг эрмэлздэг. Бид дэлхийн үйл хэрэг дэх НҮБ-ын голлох үүрэг, зохицуулалтыг улам бүр бэхжүүлэхийг тууштай дэмжиж байна. Тиймээс манай улс олон улсын аливаа хүндрэл бэрхшээл, үл ойлголцлыг харилцан ойлголцол, харилцан итгэлцэл, харилцан хүндлэл, яриа хэлэлцээний замаар даван туулж, олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд шийдвэрлэх ёстой гэж үздэг. Иймд манай мөнхийн хөрш ОХУ нь даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх их үйлсэд манлайлал үзүүлэн, дэлхийн улс орнуудын итгэлцэл, харилцан хүндэтгэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, Таны энэ удаагийн Монгол Улсад хийж буй айлчлал нь манай хоёр орны түүхэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бататган бэхжүүлж, хоёр улсын эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал алхам боллоо. Эрхэм хүндэт Владимир Владимирович Таныг болон эрхэм хүндэт зочид төлөөлөгчид та бүхнийг өнө эртний түүхтэй, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад тавтай сайхан морилохыг хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар Г.В.Плехановын нэрэмжит сургуульд зочиллоо

2024.09.03.Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. 2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, В.В.Путин нар Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургуулиар зочилж, багш, сурагчдын төлөөлөлтэй  уулзлаа. 1999 онд байгуулагдсанаасаа хойш оросын стандартын дагуу боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа тус сургуульд өдгөө 1,500  гаруй оюутан, сурагч суралцаж  байна. Салбар сургууль нь ерөнхий боловсролын сургуулийн дунд сургууль, дээд боловсролын диплом авах хүртэлх өргөн хүрээний сургалтын хөтөлбөртэй томоохон  цогцолборын нэг болжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын боловсролын салбарт жинтэй хувь нэмэр оруулж буй салбар сургуулийн хамт олонд талархал илэрхийллээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины албан ёсны айлчлал өндөрлөлөө

2024.09.03. Монгол Улсад хүрэлцэн ирсэн Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины албан ёсны айлчлал өндөрлөлөө. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө. Айлчлалын хүрээнд талууд эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, байгаль орчин зэрэг салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар БНМАУ-ын баатар, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, маршал Г.К. Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Хоёр улсын төрийн тэргүүн мөн Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургуулиар зочилж, багш, сурагчдын төлөөлөлтэй уулзлаа. Ерөнхийлөгч В.В.Путины албан ёсны айлчлал найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бататган бэхжүүлж, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа түлш, эрчим хүч, зам тээвэр, байгаль орчин, соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг улам хөгжүүлэхэд чухал түлхэц боллоо. Энэ удаагийн айлчлал Халх голын байлдаанд хамтын ялалт байгуулсны 85, Монгол, Оросын найрамдлын бэлгэ тэмдэг болсон “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд болсноороо онцлог байлаа.

Монгол, Өмнөд Солонгосын Харилцаа

2025.01.27.Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улс Бүгд Найрамдах Солонгос Улстай 1990.03.26-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ. Бүгд Найрамдах Солонгос Улс 1990.06.18-ны өдөр Улаанбаатар хотод Элчин Сайдын Яамаа нээсэн байн. Харин Монгол Улс 1991.02.01-ний өдөр Сөүл хотод Элчин Сайдын Яамаа нээсэн байна. БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Квон Ён Сун 1990.07.09-нд итгэмжлэх жуух бичгээ барьсан. Харин Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд П.Үржинлхүндэв 1991.03.16-нд Итгэмжлэх жуух бичгээ барьжээ. Хоёр улсын харилцааны түвшин:

  • Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл /2006 онд БНСУ-ын Ерөнхийлөгч Но Мү Хений Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр тунхагласан/
  • Иж бүрэн түншлэл” /2011 онд БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Баг-ийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр тунхагласан/
  • Стратегийн түншлэл /2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нарын дээд түвшний цахим уулзалтын үеэр гаргасан “Хамтарсан тунхаглал”/ 
  • Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 32 жилийн турш хэлбэрэлтгүй урагшилж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрээд байна.

Монгол Улс, Өмнөд Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа 1999 онд “XXI зууны харилцан бие биеэ нөхсөн хамтын ажиллагаа”, 2006 онд БНСУ-ын Ерөнхийлөгч Но Мү Хений Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр “Сайн хөршийн найрамдалт хамтын ажиллагааны түншлэл”-ийн харилцаа, 2011 онд БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Баг-ийн айлчлалын үеэр “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг тунхагласан. Хоёр улс “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаанд тулгуурлан улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, аялал жуулчлал, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг өргөн хүрээтэй салбарт болон бүс нутаг, олон улсын тавцанд нягт хамтран ажиллаж ирсэн. “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг шат ахиулан “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх саналыг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин манай талд тавьсан. 2021.09.10-ны өдөр болсон 2 улсын төрийн тэргүүн нарын дээд түвшний цахим уулзалтаар Монгол Улс, БНСУ-ын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай хоёр улс төдийгүй бүс нутаг, олон улсын энх тайвныг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт санал нэгдэж, хоёр улсын харилцаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тохирсон. Цаашид хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаанд  тулгуурлан улс төр, аюулгүй байдал; худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг; боловсрол, шинжлэх ухаан технологи, байгаль орчин, эрүүл мэнд; соёл, аялал жуулчлал, иргэдийн харилцаа; бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа гэсэн 5 тулгуур чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлэхээр тогтсон гэж Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны мэдээлэлд дурджээ.

БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2017.10.27. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Суныг өрөөндөө хүлээн авч уулзлаа. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен  баяр хүргэж  халуун дотно үгтэй мэндчилгээ ирүүлсэнд талархал илэрхийлье. Ерөнхий сайд Ли Наг Енд миний мэндийг уламжилж өгөхийг хүсье. Ази Номхон далайн бүс нутгийн чухал түнш, манай гуравдагч хөрш БНСУ-тай найрсаг харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг. Гадаад бодлогын залгамж чанарыг хадгалж, БНСУ-тай Иж бүрэн түншлэлийн харилцааг бүх талаар өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө хичээн ажиллана. Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог хөгжүүлэхэд БНСУ-ын Засгийн газар, ард түмний дэмжлэг туслалцаа чухал үүрэг гүйцэтгэж ирсэн төдийгүй одоо ч үргэлжилж байна. Монгол улс Эдийн засаг санхүүгийн хүндрэлтэй байдлыг даван туулахад БНСУ-ын Засгийн газар ОУВС-ийн хүрээнд 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэнд талархал илэрхийлье. Хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалах явдал чухал. БНСУ-ын Ерөнхий сайд 2015 онд манай улсад айлчилсан. Миний хувьд Ерөнхий сайдын хувиар БНСУ-д айлчилна гэж бодож байна. Монгол Улсын Засгийн газар БНСУ-тай харилцаа хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, түүний дотор худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад анхаарч ажиллана. “Чөлөөт худалдааны хэлэлцээр” байгуулах боломжийг судлах хоёр улсын хамтарсан ажлын хэсгийн судалгаанаас нааштай дүн хүлээж байна. Бидний энэ уулзалт ч үүнд түлхэц болох байх. Улс орны хөгжил ард иргэдийн амьдралд үр өгөөжтэй мөн хоёр талд харилцан үр ашигтай салбар чиглэлд хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллах нь зүйтэй юм. Элчин сайд та санал бодлоо нээлттэй хуваалцаж хамтран ажиллахыг хүсье Бусад улс орнуудаас  хамгийн олон буюу 30 гаруй мянган иргэн маань БНСУ-д ажиллаж суралцаж амьдарч байна. Хоёр орны хамтын ажиллагаанд иргэд солилцоо улам бүр нэмэгдэж байна. Цаашид иргэд харилцан зорчих нөхцөлийг улам хөнгөвчлөх, хоёр орны агаарын тээвэрлэлтийн давтамжийг нэмэгдүүлэх зэрэгт анхаарч хамтран ажилламаар байна. Бид Өмнөх Засгийн газрынхаа бодлогыг хэвээр хадгалж, тогтвортой үргэлжлүүлэх болно. Монгол Улсын Засгийн газрын кабинет өөрчлөгдсөн болохоос бодлого өөрчлөгдөөгүй.Төрд буй хүнд суртал, авилга хээл хахуультай хатуу тэмцэж ажлын сахилга хариуцлагыг сайжруулж ажиллана. Улмаар нийгмийн шударга ёсыг бэхжүүлж бизнес эрхлэгчид, гадаадын хөрөнгө оруулагчдын ажиллах эрхзүйн орчныг тогтвортой болгоно. Гадаад, дотоодын хамтарсан хөрөнгө оруулалт бүхий компаниудын үйл ажиллагааг дэмжинэ. Улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэл Уул уурхайгаас гадна Хөдөө аж ахуй ,газар тариалан, жижиг,дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого барина. Монголын онгон байгальд экологийн цэвэр бүтээгдэхүүн, тариа, хүнсний ногоог тариалж экспортод гаргах чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой. Хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хичээн зүтгэж байгаа Элчин сайд танд болон  Элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийлж ажлын амжилт хүсье гэлээ. БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён У Сун манай хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд маш хурдацтай хөгжиж байна. Тэр дундаа Төр засгийн төвшинд. 2015 онд БНСУ-ын Ерөнхий сайд танай оронд айлчилснаас хойш Монгол улсын Ерөнхий сайдыг манай орон өөрийн улсад айлчлуулах хүсэлтэй байсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх та манай оронд айлчлахыг зөвшөөрч байгаад талархаж байна. Энэхүү айлчлалаар манай хоёр орны харилцаа хамтын ажиллагаа улам батжиж олон асуудал шийдэгдэх болно. Бизнесийн эрхлэгчдийг дэмжих чиглэлээр баримталж буй бодлогод тань сэтгэл хангалуун байна. Сэлэнгэ аймагт Солонгос-Монголын хамтарсан компани үр тариа, хүнсний ногоо тариалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ мэт олон олон төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байна. Монгол Солонгос хоёр улс нь ахан дүүсийн найрамдалт харилцаатай улс. Сүүлийн жилүүдэд Монголд ирэх Солонгос иргэдийн жуулчлал эрс нэмэгдэж байгаа. 2016 онтой харьцуулахад аялагчдын тоо 20 хувиар өсч, он гарсаар эхний 10 сарын байдлаар 70 мянган хүн ирсэн байна. Иргэд хоорондын харилцаа ийнхүү өргөжин тэлж байгаа учраас хоёр орны агаарын тээврийн нислэгийн давтамжийг  нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллах болно гээд ажлын амжилт хүсч, хүлээн авч уулзсанд дахин талархал илэрхийлжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д айлчилна

2018.01.08. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар 2018.01.15-17-ны өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ. Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийх айлчлалын зорилго нь гуравдагч хөрш БНСУ-тай иж бүрэн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн итгэлцлийг бататгах, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг нэмэгдүүлэх, иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хэлэлцэж, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоход оршиж байна. Айлчлалын үеэр хоёр Засгийн газар хооронд хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр, мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд холбогдох баримт бичигт гарын үсэг зурна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхаж, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-тэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн айлчлалын үеэр БНСУ-ын Үндэсний Ассамблейн болон Засгийн газрын зарим гишүүдтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны  асуудлаар санал солилцохын зэрэгцээ Монгол, Солонгосын Бизнес форумд оролцож, БНСУ-ын хэвлэл мэдээлэлд ярилцлага өгнө. Түүнчлэн БНСУ-д оршин сууж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзана гэжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ дахь айлчлал эхэллээ

2018.01.14. БНСУ. Сөүл хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар 2018 оны 1 дүгээр сарын 15-17-нд тус улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэлж байна.  Айлчлалын зорилго нь гуравдагч хөрш БНСУ-тай иж бүрэн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн итгэлцлийг бататгах, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг нэмэгдүүлэх, иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хэлэлцэж, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоход оршиж байна. Айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар хооронд хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр, мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд холбогдох баримт бичигт гарын үсэг зурна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхаж, Ерөнхий сайд Ли Наг Ен-тэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн БНСУ-ын Үндэсний Ассамблейн болон Засгийн газрын зарим гишүүдтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохын зэрэгцээ Монгол, Солонгосын бизнес форумд оролцож, БНСУ-ын хэвлэл мэдээлэлд ярилцлага өгнө. Түүнчлэн БНСУ-д оршин сууж, амьдарч буй монгол иргэдийнхээ төлөөлөлтэй уулзана гэжээ.

БНСУ-ын зээлийг агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулна

2018.01.15. БНСУ. Сөүл хот. БНСУ-д айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 15-ны өдөр тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхав. Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Монгол Улсын Ерөнхий сайд БНСУ-д айлчилж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улстай тогтоосон “Иж бүрэн түншлэлийн харилцаа”-г “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэж хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрээр Монгол, Солонгос хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд өргөжүүлж, иргэдийн солилцоог тэлэх эрмэлзэлтэй байна гэв. Манай хоёр улс ардчилал, чөлөөт зах зээл зэрэг үнэт зүйлс нэгтэй болохыг Ерөнхийлөгч Мүн Жэ Ин онцлоод Зүүн Хойд Азийн бүс нутгийн хөгжил цэцэглэлтийн төлөө байдгаараа манай хоёр улс адил гэдгийг тэмдэглэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхны гадаад айлчлалаа “гуравдагч хөрш” БНСУ-аас эхлүүлсэндээ баяртай байгаагаа илэрхийлж, БНСУ-тай харилцах харилцаа Монгол Улсын гадаад бодлогод чухал байр суурь эзэлдгийг нотлов. Монгол Улс ардчилал, зах зээлийн системд шилжсэн цагаас эхлэн БНСУ тууштай дэмжиж ирснийг дурдав. Энэ удаагийн айлчлал харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, иргэдийн солилцоог бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Мөн ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Засгийн газар 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгож буйд талархал илэрхийлж зээлийг Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг шийдвэрлэхэд ашиглах хүсэлтэй байна гэв. Талууд хоёр улсын иргэд алсдаа харилцан визгүй зорчдог болох чиглэлээр харилцан хүчин чармайлт гаргах, Азийн супер сүлжээ зэрэг бүс нутгийг хамарсан томоохон төслүүдэд хамтран ажиллах талаар ярилцав. Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Зүүн Хойд Азийн бүс нутагт явуулж буй өөрийн санаачилсан “Шинэ Умардын бодлого”-оо тайлбарлаж, Евразийн зүрхэнд орших Монгол Улстай улам нягт хамтран ажиллах нөөц боломж их байгааг цохон тэмдэглэв. Ирэх зургаадугаар сард зохиогдох Зүүн Хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлцээ” олон улсын  V Бага хуралд БНСУ-аас төлөөлөгч оролцохыг урив. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Пёнчан 2018” Өвлийн олимп дэлхийн улс түмний энхтайван, эв нэгдлийн баяр болоосой хэмээн чин сэтгэлээсээ хүсч, Өвлийн олимпийг зохион байгуулах нэр хүндтэй үйлсэд нь БНСУ-ын Ерөнхийлөгчид амжилт хүсэв гэжээ.

Монгол, БНСУ-ын Бизнес форум боллоо

2018.01.15. БНСУ. Сөүл хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийж байгаа айлчлалын хүрээнд хоёр улсын бизнес эрхлэгчдийн форум Сөүл хотод боллоо. Форумын нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдлага, холбогдох сайд нар  үг хэлэв. “Улс орны хөгжлийн гол ачааг бизнес эрхлэгчид үүрч байна. Бид харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, бизнес эрхлэгчдээ бүх талаар, тууштай дэмжинэ” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэв. Газрын баялаг ихтэй Монгол Улстай хамтран ажиллах боломж байгааг БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэд тэргүүн Ким Жун Дон хэллээ. Улсынхаа Дотоодын нийт бүтээгдэхүүний 72 хувийг бий болгодог бизнес эрхлэгчдийн төлөөлөл БНСУ-ын талтай өмнө тогтоосон харилцаа холбоогоо улам өргөжүүлж, зарим нь хамтрах эхлэлээ тавьж байгаад баяртай байгаагаа Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Лхагважав илэрхийлэв. Бизнес форумд оролцогчид уламжлалт салбараас гадна инноваци, бүтээмж, нэмүү өртөг бий болгох болон бүс нутгийг хамарсан дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөр, эрчим хүч, хөдөө аж ахуй, үйлчилгээ зэрэг салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ. 2017 оны байдлаар хоёр улсын худалдааны хэмжээ 209 сая ам.доллар хүрснээс экспорт 12 сая, импорт 198 сая ам.доллар болжээ. Худалдааны нийт эргэлт 1.4 хувиар өссөн байна. 1990 оноос хойш өнөөг хүртэл хугацаанд БНСУ манай улсад 512 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд тус улсын хөрөнгө оруулалттай 2400 орчим аж ахуйн нэгж бөөний болон жижиглэн худалдаа, нийтийн хоол, уул уурхай, үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулж байна гэжээ.

БНСУ гэрээт ажиллагсдын квотыг нэмэхээр төлөвлөжээ

2018.01.15. БНСУ. БНСУ-д айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тус улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Ён Жүү хүндэтгэн өглөөний зоог барив. 2017 онд Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр ирсэн хүмүүс сайн ажилласан, мөн хууль бусаар хөдөлмөр эрхлэгчдийн тоо тодорхой хэмжээнд буурсан тул энэ жилийн квотыг өмнөхөөс нэмэх төлөвлөгөөтэй байна гэдгээ сайд Ким Ён Жүү хэллээ. Цаашид БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор ажил олгогч, ажил хайгч нарын мэдээллийн систем байгуулах төслийг Монгол Улсад  хэрэгжүүлэх боломжтойг хэллээ. БНСУ энэ системийг Камбож, Вьетнам зэрэг улсад амжилттай хэрэгжүүлж байна. Мэдээллийн сан бий болсноор ажил хайгч цахим орчинд төдийгүй гар утсаараа БНСУ дахь ажлын байрны талаархи мэдээллийг цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч авах боломж бүрдэнэ гэжээ.

Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд БНСУ-ын талтай хамтран ажиллана

2018.01.15. БНСУ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийж байгаа айлчлал амжилттай үргэлжилж байна. БНСУ-ын Умардын эдийн засгийн хамтын ажиллагааны хорооны дарга Сун Ён Гиль тэргүүтэй Засгийн газрын гишүүд Ерөнхий сайдыг хүндэтгэн өдрийн зоог барилаа. Энэ үеэр талууд харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлээр зам, тээврийн салбарт хамтран ажиллах өргөн боломж байна гэдэгт санал нэгджээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхав

2018.01.16. БНСУ. Сөүл хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 15-17-ны өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Айлчлалынхаа хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхав. Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Монгол Улсын Ерөнхий сайд БНСУ-д айлчилж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улстай тогтоосон Иж бүрэн түншлэлийн харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэж хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхны гадаад айлчлалаа гуравдагч хөрш БНСУ-аас эхлүүлсэндээ баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Засгийн газар 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгож буйд талархал илэрхийлээд өвлийн олимпийг зохион байгуулах нэр хүндтэй үйлсэд нь БНСУ-ын Ерөнхийлөгчид амжилт хүслээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийж байгаа айлчлалын хүрээнд хоёр улсын бизнес эрхлэгчдийн форум Сөүл хотод боллоо. Форумын нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улс орны хөгжлийн гол ачааг бизнес эрхлэгчид үүрч байна. Бид харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, бизнес эрхлэгчдээ бүх талаар, тууштай дэмжинэ гэж тэмдэглэв. Газрын баялаг ихтэй Монгол Улстай хамтран ажиллах боломж их байгааг БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэд тэргүүн Ким Жун Дон хэллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тус улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Ён Жүү хүндэтгэн өглөөний зоог барив. 2017 онд Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр ирсэн хүмүүс сайн ажилласан, мөн хууль бусаар хөдөлмөр эрхлэгчдийн тоо тодорхой хэмжээнд буурсан тул энэ жилийн квотыг өмнөхөөс нэмэх төлөвлөгөөтэй байна гэдгээ сайд Ким Ён Жүү хэллээ гэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен нар албан ёсны хэлэлцээ хийв

2018.01.16. БНСУ. Сөүл хот. БНСУ-д айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус улсын Ерөнхий сайд Ли Наг Ентэй ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийв. Мөн өдөр хоёр улсын Ерөнхий сайд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов. Талууд Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд зээл авах тухай, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах тухай, Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай хэлэлцээр болон Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа. БНСУ-ын Засгийн газраас авах 700 сая ам.доллартай тэнцэх воны хөнгөлөлттэй зээл 0,2 хувийн хүүтэй, эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байх юм. Энэ зээлийг 2019 он дуустал хугацаанд авах бөгөөд агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулахаар төлөвлөж байна. Харин Санамж бичиг байгуулснаар хоёр орны хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн салбарын хамтын ажиллагаа эрчимжиж, мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэх, ур чадварыг нь дээшлүүлэх, ажлын байр бий болгох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг тодорхойлох зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм гэв.

Бизнес эрхлэгчидтэй зангиагүй уулзалт хийлээ

2018.01.16. БНСУ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн ажлын айлчлал өндөрлөж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус улсын Ерөнхий сайд Ли Наг Ентэй ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийсэн. Мөн өдөр хоёр улсын Ерөнхий сайд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Мөн өдрийн өглөө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Солонгосын бизнес форумд оролцсон бол үдээс хойш бизнес эрхлэгчидтэй зангиагүй уулзалт хийж хоёр улсын худалдаа, бизнесийг өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үеэр “БНСУ-д хийсэн айлчлал зорилгодоо 100 хувь хүрлээ” гэж онцоллоо. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан “Багануурын үйлдвэр технологийн парк”, “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн технологийн парк”, “Налайхын барилгын материал үйлдвэрлэлийн технологийн парк” зэрэг төслийг Солонгосын хөрөнгө оруулагчидтай хамтран хэрэгжүүлэх боломжтой гэдгийг Ерөнхий сайд хэлжээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалын үеэр шийдвэрлэгдсэн 16 асуудал

2018.01.18. БНСУ. Cөүл хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөлөө. Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхаж, Ерөнхий сайд Ли Наг Ен-тэй албан ёсны хэлэлцээ хийв. Түүнчлэн БНСУ-ын Үндэсний Ассамблейн болон Засгийн газрын зарим гишүүнтэй уулзаж, Монгол, Солонгосын бизнес форумд оролцож үг хэлэв. Мөн тус улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдтэйгээ уулзлаа. Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд шийдвэрлэсэн тодорхой асуудлуудын талаар дараах мэдээллийг өглөө. Үүнд:

1.  Айлчлалын үеэр хоёр тал өнөөгийн Иж бүрэн түншлэлийн харилцааг улам өргөжүүлэхээр санал нэгдлээ. БНСУ-ын удирдлага харилцааг Стратегийн түншлэлд дэвшүүлэн хөгжүүлэх саналыг тавьсан.

2.  БНСУ-ын Засгийн газраас ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд олгож буй 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн  ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэхүү зээлийн хөрөнгийг Улаанбаатар хотын агаарын бохирдол, орчны асуудлыг шийдвэрлэхэд ашиглах хүсэлтэй байгаагаа манай талаас илэрхийлсэн. Солонгосын тал манай саналыг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлж холбогдох ажлын хэсгийг ойрын үед Монголд илгээхээр болов.

3.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Засгийн газраас өмнө нь олгохоор шийдвэрлэсэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 10 аймгийн дулааны цахилгаан станц барих төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын цахим хяналтын систем байгуулах төсөлийг энэ онд багтаан эхлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлснийг Солонгосын тал хүлээж авав. Мөн БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Байгалийн түүхийн музейн шинэ барилга барих төсөлийг хэрэгжүүлэх асуудлыг Солонгосын тал судалж үзэхээр болов. 

4.  Айлчлалын үеэр тохирсон асуудлуудыг цаг алдалгүй шуурхай хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны 3 дугаар хуралдааныг ирэх 3 дугаар сард зохион байгуулахаар тохирлоо

5. Ерөнхий сайд У.Хүрэлсүх цаашид Монгол Улсад дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар эдийн засгийг төрөлжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд БНСУ-тай ХАА, газар тариалан, аялал жуулчлалын зэрэг салбаруудад хамтран ажиллах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлснийг Солонгосын тал бүрэн дэмжиж, нэн ялангуяа мэдээлэл, харилцаа холбоо, аж үйлдвэрийн салбарт хуримтлуулсан технологи, туршлагаасаа хуваалцаж, хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв.

6. Айлчлалын үеэр зохиогдсон Монгол-Солонгосын бизнес форумын хүрээнд Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хамтын ажиллагааны боломжуудын талаар танилцуулав. Энэхүү форумын үеэр хүнс, хөдөө аж ахуйн гаралтай, органик бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох талаар түлхүү ярилцаж гадаадын хөрөнгө оруулагчдыг энэ салбарт хамтран ажиллахыг уриаллаа. 

7.  Талууд хоёр улсын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтыг цаашид нэмэгдүүлэхэд түлхэц болох Эдийн засгийн түншлэлийн (ЕPA) хэлэлцээр байгуулах асуудлаар хамтарсан судалгааны ажил амжилттай дууссаныг тэмдэглэж, дараачийн шатны ажлаа эхлүүлэхээр ярилцав.

8. Цаашид байгаль орчин, анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тогтов.

9.  Ерөнхий сайд Ли Наг Ен монгол иргэд БНСУ-д тав тухтай ажиллаж, амьдрах асуудалд анхаарч, монгол залуучууд тус улсад суралцах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарахаа илэрхийлэв.

10.Талууд хоёр орны иргэд алсдаа визгүй зорчих зорилтын хүрээнд эхний ээлжинд олон удаагийн виз олголтыг өргөжүүлэхээр боллоо.

11.Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайдтай уулзах үеэр Солонгосын тал БНСУ-д ажиллах манай ажилчдын квотыг нэмэгдүүлэхээр болж байгаагаа илэрхийлэв.

12.Айлчлалын үеэр Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын санамж бичигт гарын үсэг зурав.

13.БНСУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор ажил олгогч, ажил хайгчдын мэдээллийн санг бий болгох 2.8 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий цахим системийн төслийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтойгоо Солонгосын тал илэрхийлэв. Энэхүү төслийг хэрэгжүүлэх нь Монгол Улсын өнөөгийн нөхцөлд нэн чухал болохыг манай тал нотолж, хэрэгжүүлэхээр тохиров.

14. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өөрийн санаачилсан Шинэ Умардын бодлогыг тайлбарлаж, Евразийн зүрхэнд орших Монгол Улстай улам нягт хамтран ажиллах нөөц боломж их байгааг цохон тэмдэглэв. Хоёр тал Азийн супер сүлжээ зэрэг бүс нутгийн томоохон төслүүдэд хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр тохиров.

15.Хоёр улс НҮБ болон олон улсын тавцанд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлж ажиллахаар болов. Монгол Улс Зүүн Азийн дээд түвшний уулзалт, АПЕК-т элсэх Монгол Улсын хүсэл эрмэлзлэлийг БНСУ дэмжив.

16. ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх манай Улаанбаатарын яриа хэлцээ санаачилгыг БНСУ өндрөөр үнэлж, дэмжиж ажиллахаа илэрхийлэв гэжээ.

БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайдыг хүлээн авч уулзав

2018.03.26. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнxий сайд У.Хүрэлсүx БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чо Хьюныг хүлээн авч уулзаx үеэр ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд БНСУ-аас авах зээлийг агаар, орчны бохирдлыг бууруулахад зарцуулахаар төлөвлөж байгаа талаар дурдлаа. Талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх, xудалдаа, бизнесийн таатай орчныг бүрдүүлэx талаар санал солилцсон юм. БНСУ-ын хөрөнгө оруулагчдын бизнесийн нөxцөлийг сайжруулах, тэдний эрх ашгийг хамгаалах талаар мөн ярилцлаа. Улмаар xоёр орны иргэд харилцан визгүй зорчиx асуудлыг түргэвчлэх хүсэлтэй байгаагаа Ерөнxий сайд У.Хүрэлсүx илэрxийллээ. БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чо Хьюн Монголын гуравдагч хөрш орон болоx xэмжээнд xамтын ажиллагааг илүү нягт байлгах саналыг дэвшүүлсэн юм. Энэ оны долдугаар сард Улаанбаатар xотод Гамшгийн эсрэг Азийн сайд нарын чуулга уулзалт болно. Уг чуулганд БНСУ-ын талаас идэвхи чармайлт, өндөр ач xолбогдол өгч оролцохоо илэрxийллээ гэжээ.

БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

2018.05.03. Монгол Улс. Улаанбаатар хот. Бүрэн эрхийн хугацаа нь дуусч нутаг буцах болсонтой нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Суныг хүлээн авч уулзлаа. Хоёр улсын хооронд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал болж, худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжин хөгжихөд Элчин сайдын оруулсан хувь нэмэр их байсан гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Ялангуяа өнгөрсөн нэгдүгээр сард БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр харилцааг нэг шат ахиулж Стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэхээр тохиролцсоныг онцлов. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад БНСУ, тус улсын ард түмэн туслалцаа, дэмжлэг үзүүлж байгаад Ерөнхий сайд талархав. Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж байсны хувьд БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдэд аль болох туслах, дэмжих, цаашид визгүй зорчдог  болох зэрэг чиглэлээр ажиллана гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэв. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам онцгой анхаарч байгааг Элчин сайд У Сун тэмдэглэлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлал цаг үеэ олсон, олон асуудлаар тохиролцсон, харилцан ашигтай шийдвэр гаргасан үр дүнтэй айлчлал болсныг Элчин сайд хэлэв. Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засаг нь сэргэж, үр дүн гарч байгааг тэмдэглэлээ. БНСУ-аас олгох хөнгөлөлттэй зээлийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах, энэ хүрээнд 10 аймагт дулааны станц барих ТЭЗҮ бэлэн болж энэ намраас барилгын ажил нь эхлэх гэж байгааг дурдав. БНСУ-ын Засгийн газар хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хугацаанд нь, үр дүнтэй хэрэгжүүлнэ гэсэн байр суурьтай байгааг уламжиллаа. Талууд хувийн хэвшил, иргэд хоорондын харилцаа, аялал жуулчлал болон бусад асуудлаар санал солилцов гэжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2018.08.13. Mонгол Улс. Улаанбаатар хот. Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, амжилт хүсье. Монгол Улсад ажиллах хугацаанд Элчин сайд таны ажилд Монгол Улсын Засгийн газар болон Ерөнхий сайд миний зүгээс бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлж ажиллах болно гэлээ. Мөн Өмнөх Элчин сайдууд хоёр улсын харилцааг хөгжүүлэх, ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулсан. Элчин сайд Жон Жэ Нам та ч мөн бидэнтэй нягт хамтран ажиллаж хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргаж хөгжүүлэхэд бүтээлч, шинэлэг ажлуудыг хамтран хэрэгжүүлж үр дүнд хүргэнэ гэж итгэж байна гэв. Уулзалтаар хоёр улсын иргэд хэтдээ харилцан визгүй зорчих чиглэлийн ажлыг шат дараатайгаар авч хэрэгжүүлэх асуудлыг хөндөв. Энэ нь аялал жуучлал, иргэдийн урсгалыг дэмжих, Монгол иргэд БНСУ-д хууль бусаар үлдэх явдлыг багасгах, мөн БНСУ-ын ЭСЯ-ны ачаалал буурахад ихээхэн үр дүнтэй арга хэмжээ болно гэж үзэж байгаа юм. Элчин сайд Жон Жэ Нам нь 2018.05.11-нд Монгол Улсад томилогдон ирсэн юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ДЭЛХИЙН БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАВ

2018.09.20. АНУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ён Кимтэй уулзаж, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны хамтын ажиллагаа, үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улс, Дэлхийн банк хоорондын 30 орчим жилийн хамтын ажиллагаа болон Монгол Улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж байдагт Дэлхийн банкны удирдлага болон хамт олонд талархал илэрхийлэв. Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ён Ким хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, бодлогын арга хэмжээнүүдийн үр дүнд Монгол Улсын эдийн засаг сэргэж, хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв. Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн нэгдүгээр үе шатыг өргөжүүлж, хоёрдугаар үе шатыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг Ерөнхий сайд онцлон тэмдэглэв. Цаашид Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийг эрчимжүүлж, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, хүртээмжийг улам бүр нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа Ерөнхий сайд мэдэгдлээ.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсад айлчилна

2019.03.21.Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён 2019 оны 3 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Ерөнхий сайд Ли Наг Ён-ы Монгол Улсад хийх энэхүү айлчлал нь 2018 оны 1 дүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын хариу бөгөөд БНСУ-ын Засгийн газрын тэргүүн манай улсад ийнхүү 4 жилийн дараа айлчлах гэж байна. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Талууд айлчлалын үеэр Монгол Улс, БНСУ-ын харилцааг улс төр, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, зам тээвэр, эрчим хүч, байгаль орчин, соёл, боловсрол зэрэг өргөн хүрээтэй салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх, иргэдийн солилцоог  дэмжих, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцжээ.

БНСУ-ын Ерөнхий сайд Монгол Улсад хүрэлцэн ирлээ

2019.03.25. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирэв. Ерөнхий сайд Ли Наг Ён-ыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Нам болон албаны бусад хүмүүс угтав. Ерөнхий сайд Ли Наг Ён-ы Монгол Улсад хийх энэхүү айлчлал нь 2018 оны 1 дүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын хариу юм. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён маргааш Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Тэрээр мөн Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа солонгос иргэд, бизнесийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байгаа аж.

Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён нар албан ёсны хэлэлцээ хийв

2019.03.25. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 1 дүгээр сард БНСУ-д айлчилсны хариуд ийнхүү Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ойн өдөр Монгол Улсад айлчилж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, БНСУ-ын Ерөнхий сайдын энэхүү айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлэх, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён энэ онд гадаад айлчлалаа Монгол Улсаас эхлүүлж байгаадаа сэтгэл хангалуун байна гээд Монгол, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Ерөнхий сайдтай хамтран эрчимтэй ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв. Хоёр улсын Ерөнхий сайд нар 2020 онд тохиох Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхээр тохирч, БНСУ-ын Ерөнхий сайд ирэх оныг Монгол, БНСУ-ын найрамдлын жилээр зарлах санал дэвшүүлэв. Ойг тохиолдуулан төрийн тэргүүн нарын түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг “Стратегийн түншлэлийн түвшин”-д дэвшүүлэн хөгжүүлэх тухай тунхаглах, үүний бэлтгэлийг хангах хүрээнд Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IV хуралдааныг энэ оны эхний хагаст багтаан зохион байгуулахаар тогтов. Түүнчлэн дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хоёр тал эрдэм шинжилгээний бага хурал, соёл, урлаг, спортын өргөн хүрээтэй арга хэмжээг хамтран зохион байгуулахаар ярилцав.Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын бүтээн байгуулалтын төслүүд дэх Солонгосын оролцоог нэмэгдүүлэх, БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн түрээсийн орон сууцны төслүүдийг шуурхай хэрэгжүүлж эхлэх, манай улсад 10 аймгийн дулааны станц барих төслийг ирэх ондоо багтаан дуусгах зэрэг чиглэлд дэмжлэг хүсэв. Мөн иргэд зорчих нөхцлийг улам хөнгөвчлөх, хэтдээ визгүй зорчдог болгох чиглэлд замын зурагтай болох нь хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэх зорилтын нэг гэдгийг онцлон тэмдэглэв. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх өргөн боломж байгааг хоёр Ерөнхий сайд нар тэмдэглэж, худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах асуудлыг цаашид Монгол, Солонгосын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр дамжуулан шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхийг солонгосын тал санал болгов. Талууд соёл, боловсрол, мэдээллийн технологи, байгаль орчин, аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг цаашид улам дэмжиж ажиллахаар болов. Байгальд ээлтэй эрчим хүчийг ашигласан хотхон байгуулах төсөл БНСУ-ын буцалтгүй тусламжаар амжилттай хэрэгжиж байгааг Ерөнхий сайд Ли Наг Ён онцлов. Тэрээр мөн монголын эрүүл мэндийн салбарын боловсон хүчин, мэргэжилтнүүдийг БНСУ-д сургах боломжтойг онцолж, тус улсад эмчлүүлээд буцаж ирсэн хүмүүст зориулж эмчилгээний дараахь хяналтын тогтолцоо байгуулахын төлөө байгаагаа илэрхийлэв. Урлаг, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэхдээ залуучуудын солилцоог давхар дэмжих, энэ хүрээнд “М-К поп” соёл урлагийн фестиваль зохион байгуулах тухай монголын талын саналыг Ерөнхий сайд Ли Наг Ён дэмжинэ гэв. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улс ЗХА, Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх чиглэлд хүч чармайлт гарган хувь нэмэр оруулж байгааг өндрөөр үнэлээд “Азийн супер сүлжээ”, “Зүүн Азийн төмөр замын хамтын нийгэмлэг” байгуулах зэрэг БНСУ-ын зүгээс дэвшүүлж буй санаачилгуудыг дэмжиж байгаад талархал илэрхийлэв. Эдгээр санаачилгуудын хүрээнд хамтран ажиллах асуудлыг Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IV хуралдаан болон бусад холбогдох уулзалтуудын үеэр дэлгэрүүлэн ярилцаж, илүү тодорхой болгох нь зүйтэй гэдэг дээр талууд санал нэгдэв. Албан ёсны хэлэлцээ найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болов гэжээ.

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён манай улсад айлчилж байна

2019.03.25. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүндэт зочныг жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авлаа. Энэ үеэр хүндэт харуул жагсаж,  хоёр орны төрийн дуулал эгшиглэв. Ерөнхий сайд  У.Хүрэлсүх, Ли Наг Ён нар их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, “Хүндэт зочны дэвтэр”-т гарын зурсны дараа ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр БНСУ-ын 300 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нэр бүхий 10 аймагт дулааны цахилгаан станц барих төсөл, 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Солонго-1”, “Солонго-2” орон сууцны хороолол барих төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиров. Ирэх жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохионо. Энэ хүрээнд харилцаагаа Стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэн нэг шат ахиулж, алсдаа харилцан визгүй зорчих асуудлыг судлан шийдвэрлэхээр болов. Мөн эмч нарыг  БНСУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтад түлхүү хамруулах, ирэх жил тохиох дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой угтан соёл, урлаг, спортын уралдаан, тэмцээн зохион байгуулахаар болов. Албан ёсны хэлэлцээний үеэр харилцан тохирсон олон асуудлыг энэ оны эхний хагаст болох Засгийн газар хоорондын комиссын IV хуралдаанаар нарийвчлан хэлэлцэнэ. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт бараалхана. Мөн “UB smart card” төсөлтэй  танилцан, Монгол- Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн, Ли Тэ Жүн эмчийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд зочлох юм гэжээ.

БНСУ-н Ерөнхий сайд Улаанбаатар Смарт Карт ХХК-д зочиллоо

2019.03.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён энэ сарын 27-ныг хүртэл манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Ли Наг Ён “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, зочиллоо. Уулзалтанд БНСУ-ын “Корей Смарт Карт” корпорацын ерөнхийлөгч Ким Тэ Гыг болон БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Нам, “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн Ерөнхий захирал Шин Дун Ү болон бусад албаны төлөөллүүд оролцлоо. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Ли Наг Ён хэлэхдээ “Хоёр орны хамтын ажиллагааны үр дүн гарч өнөөдөр нийтийн тээвэрт төлбөрийн системийг бүрэн нэвтрүүлж, үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаад баяртай байна. Цаашид хийж, хэрэгжүүлэх олон ажилд нь амжилт хүсье” хэмээн онцоллоо. Улаанбаатар Смарт Карт ХХК-ийн хэрэгжүүлж буй “Нийтийн тээврийн үйлчилгээнд Удирдлага, Мэдээллийн болон Цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл” нь Улаанбаатар, Сөүл хотын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй анхны томоохон төсөл юм. Уг төсөл хэрэгжсэнээр нийтийн тээвэрт төлбөрийн ухаалаг системийг бүрэн нэвтрүүлж, далд орлогыг ил болгох, бүртгэлжүүлж, хяналтын системийг сайжруулсан юм.

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён айлчиллаа

2019.03.25. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 1 дүгээр сард БНСУ-д айлчилсны хариуд ийнхүү Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ойн өдөр Монгол Улсад айлчилж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, БНСУ-ын Ерөнхий сайдын энэхүү айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлэх, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён энэ онд гадаад айлчлалаа Монгол Улсаас эхлүүлж байгаадаа сэтгэл хангалуун байна гээд Монгол, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Ерөнхий сайдтай хамтран эрчимтэй ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв. Хоёр улсын Ерөнхий сайд нар 2020 онд тохиох Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхээр тохирч, БНСУ-ын Ерөнхий сайд ирэх оныг Монгол, БНСУ-ын найрамдлын жилээр зарлах санал дэвшүүлэв. Ойг тохиолдуулан төрийн тэргүүн нарын түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг “Стратегийн түншлэлийн түвшин”-д дэвшүүлэн хөгжүүлэх тухай тунхаглах, үүний бэлтгэлийг хангах хүрээнд Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IV хуралдааныг энэ оны эхний хагаст багтаан зохион байгуулахаар тогтов. Түүнчлэн дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хоёр тал эрдэм шинжилгээний бага хурал, соёл, урлаг, спортын өргөн хүрээтэй арга хэмжээг хамтран зохион байгуулахаар ярилцав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын бүтээн байгуулалтын төслүүд дэх Солонгосын оролцоог нэмэгдүүлэх, БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн түрээсийн орон сууцны төслүүдийг шуурхай хэрэгжүүлж эхлэх, манай улсад 10 аймгийн дулааны станц барих төслийг ирэх ондоо багтаан дуусгах зэрэг чиглэлд дэмжлэг хүсэв. Мөн иргэд зорчих нөхцлийг улам хөнгөвчлөх, хэтдээ визгүй зорчдог болгох чиглэлд замын зурагтай болох нь хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэх зорилтын нэг гэдгийг онцлон тэмдэглэв. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх өргөн боломж байгааг хоёр Ерөнхий сайд нар тэмдэглэж, худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах асуудлыг цаашид Монгол, Солонгосын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр дамжуулан шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхийг солонгосын тал санал болгов. Талууд соёл, боловсрол, мэдээллийн технологи, байгаль орчин, аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг цаашид улам дэмжиж ажиллахаар болов. Байгальд ээлтэй эрчим хүчийг ашигласан хотхон байгуулах төсөл БНСУ-ын буцалтгүй тусламжаар амжилттай хэрэгжиж байгааг Ерөнхий сайд Ли Наг Ён онцлов. Тэрээр мөн монголын эрүүл мэндийн салбарын боловсон хүчин, мэргэжилтнүүдийг БНСУ-д сургах боломжтойг онцолж, тус улсад эмчлүүлээд буцаж ирсэн хүмүүст зориулж эмчилгээний дараахь хяналтын тогтолцоо байгуулахын төлөө байгаагаа илэрхийлэв. Урлаг, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэхдээ залуучуудын солилцоог давхар дэмжих, энэ хүрээнд “М-К поп” соёл урлагийн фестиваль зохион байгуулах тухай монголын талын саналыг Ерөнхий сайд Ли Наг Ён дэмжинэ гэв. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улс ЗХА, Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх чиглэлд хүч чармайлт гарган хувь нэмэр оруулж байгааг өндрөөр үнэлээд “Азийн супер сүлжээ”, “Зүүн Азийн төмөр замын хамтын нийгэмлэг” байгуулах зэрэг БНСУ-ын зүгээс дэвшүүлж буй санаачилгуудыг дэмжиж байгаад талархал илэрхийлэв. Эдгээр санаачилгуудын хүрээнд хамтран ажиллах асуудлыг Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IV хуралдаан болон бусад холбогдох уулзалтуудын үеэр дэлгэрүүлэн ярилцаж, илүү тодорхой болгох нь зүйтэй гэдэг дээр талууд санал нэгдэв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 1 дүгээр сард БНСУ-д айлчилсны хариуд ийнхүү Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ойн өдөр Монгол Улсад айлчилж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, БНСУ-ын Ерөнхий сайдын энэхүү айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлэх, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён энэ онд гадаад айлчлалаа Монгол Улсаас эхлүүлж байгаадаа сэтгэл хангалуун байна гээд Монгол, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Ерөнхий сайдтай хамтран эрчимтэй ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв. Хоёр улсын Ерөнхий сайд нар 2020 онд тохиох Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхээр тохирч, БНСУ-ын Ерөнхий сайд ирэх оныг Монгол, БНСУ-ын найрамдлын жилээр зарлах санал дэвшүүлэв. Ойг тохиолдуулан төрийн тэргүүн нарын түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг “Стратегийн түншлэлийн түвшин”-д дэвшүүлэн хөгжүүлэх тухай тунхаглах, үүний бэлтгэлийг хангах хүрээнд Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IV хуралдааныг энэ оны эхний хагаст багтаан зохион байгуулахаар тогтов. Түүнчлэн дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хоёр тал эрдэм шинжилгээний бага хурал, соёл, урлаг, спортын өргөн хүрээтэй арга хэмжээг хамтран зохион байгуулахаар ярилцав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын бүтээн байгуулалтын төслүүд дэх Солонгосын оролцоог нэмэгдүүлэх, БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн түрээсийн орон сууцны төслүүдийг шуурхай хэрэгжүүлж эхлэх, манай улсад 10 аймгийн дулааны станц барих төслийг ирэх ондоо багтаан дуусгах зэрэг чиглэлд дэмжлэг хүсэв. Мөн иргэд зорчих нөхцлийг улам хөнгөвчлөх, хэтдээ визгүй зорчдог болгох чиглэлд замын зурагтай болох нь хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэх зорилтын нэг гэдгийг онцлон тэмдэглэв. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх өргөн боломж байгааг хоёр Ерөнхий сайд нар тэмдэглэж, худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах асуудлыг цаашид Монгол, Солонгосын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр дамжуулан шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхийг солонгосын тал санал болгов. Талууд соёл, боловсрол, мэдээллийн технологи, байгаль орчин, аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг цаашид улам дэмжиж ажиллахаар болов. Байгальд ээлтэй эрчим хүчийг ашигласан хотхон байгуулах төсөл БНСУ-ын буцалтгүй тусламжаар амжилттай хэрэгжиж байгааг Ерөнхий сайд Ли Наг Ён онцлов. Тэрээр мөн монголын эрүүл мэндийн салбарын боловсон хүчин, мэргэжилтнүүдийг БНСУ-д сургах боломжтойг онцолж, тус улсад эмчлүүлээд буцаж ирсэн хүмүүст зориулж эмчилгээний дараахь хяналтын тогтолцоо байгуулахын төлөө байгаагаа илэрхийлэв. Урлаг, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэхдээ залуучуудын солилцоог давхар дэмжих, энэ хүрээнд “М-К поп” соёл урлагийн фестиваль зохион байгуулах тухай монголын талын саналыг Ерөнхий сайд Ли Наг Ён дэмжинэ гэв. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улс ЗХА, Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх чиглэлд хүч чармайлт гарган хувь нэмэр оруулж байгааг өндрөөр үнэлээд “Азийн супер сүлжээ”, “Зүүн Азийн төмөр замын хамтын нийгэмлэг” байгуулах зэрэг БНСУ-ын зүгээс дэвшүүлж буй санаачилгуудыг дэмжиж байгаад талархал илэрхийлэв. Эдгээр санаачилгуудын хүрээнд хамтран ажиллах асуудлыг Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IV хуралдаан болон бусад холбогдох уулзалтуудын үеэр дэлгэрүүлэн ярилцаж, илүү тодорхой болгох нь зүйтэй гэдэг дээр талууд санал нэгдэв.

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён-ы Монгол Улсад хийсэн айлчлалын дүнгийн талаар

2019.03.29. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён 2019 оны 3 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Энэхүү айлчлал нь БНСУ-ын Засгийн газрын тэргүүний манай улсад 4 жилийн дараа хийж буй айлчлал бөгөөд хоёр улсын улс төрийн яриа хэлэлцээ, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болов. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён нар албан ёсны хэлэлцээ хийв. БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд ярьж тохирсон, шийдвэрлэсэн тодорхой асуудлуудын талаар:

1.  Монгол, БНСУ-ын Иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулан хөгжүүлэх, Стратегийн түншлэлийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, хамтын ажиллагааны салбар тус бүрээр зорилтыг тодорхойлохоор болов. 2020 онд тохиох Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн үеэр төрийн тэргүүн нарын түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг Стратегийн түншлэлийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх тухай тунхаглах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.

2.  Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тусгай төлөвлөгөөний дагуу хоёр талдаа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, эрдэм шинжилгээний бага хурал, гэрэл зургийн үзэсгэлэн, Монгол, Солонгосын соёлын долоо хоног зэрэг соёл, урлаг, спортын арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулахаар тогтов. Солонгосын тал ирэх оныг Монгол, БНСУ-ын найрамдлын жилээр зарлах саналыг дэвшүүлэв.

3.  Улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлэх, хоёр талын болон олон талт стратегийн яриа хэлэлцээний механизмыг бүрдүүлж тогтмолжуулахаар ярилцав.

4.  Харилцааны эрх зүйн орчинг улам бэхжүүлэхэд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын солилцоо, хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг нотолж, БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргыг тааламжтай цагт нь Монгол Улсад хүлээн авч айлчлуулах, Парламентын найрамдлын бүлэг хоорондын хамтын ажиллагааг дэмжиж, идэвхжүүлэхээр тогтов. Түүнчлэн, иргэн та эрх баригч хөтөлбөр, зөвлөлдөх санал асуулгаар шийдвэр гаргадаг БНСУ-ын парламентын туршлагаас судлахаар болов.

5.  Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж, нөөц бололцоо байгааг талууд тэмдэглэж, хорио цээрийн стандартыг жигдрүүлэх, худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах асуудлыг цаашид Монгол, Солонгосын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр дамжуулан шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх чиглэлд хамтран ажиллахаар болов.

6.  Монгол, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IV хуралдааныг энэ оны эхний хагаст багтаан зохион байгуулах, хуралдааны үеэр худалдаа, эдийн засаг, зам тээвэр, төмөр зам, эрчим хүч, байгаль орчин, соёл, боловсрол, иргэд, консулын зэрэг хоёр талын хамтын ажиллагааны асуудлуудыг нарийвчлан хэлэлцэхээр тогтов. 

7.  Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Засгийн газраас олгож буй 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэх ажлыг шуурхайлах, түрээсийн орон сууцны хороолол байгуулах асуудлыг нааштай судалж, шийдвэрлэхээр тохиров. БНСУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагааны сангийн 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэл хөрөнгөөр 10 аймгийн төвийн Дулааны станц барих төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгахад хоёр тал үргэлжлүүлэн хамтран ажиллахаар болов.

8.  Монгол Улсын бүтээн байгуулалтын төслүүд дэх Солонгосын хөрөнгө оруулалт, техник технологи, но-хауг нэвтрүүлэх, хоёр улсын бизнес, хувийн хэвшлийнхэн хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, гарааны залуу бизнесүүдийг дэмжих зорилгоор Бизнесийн зөвлөл байгуулах санал, санаачилгыг урагшлуулахын төлөө байгааг монголын тал тэмдэглэв.

9. Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ, Зүүн Азийн Төмөр замын хамтын нийгэмлэг байгуулах зэрэг бүс нутгийн санал санаачилгын хүрээнд уялдаа холбоотой ажиллах, энэ чиглэлээрх судалгааны ажлыг эрчимжүүлэх, хоёр талын төмөр замын уулзалт зохион байгуулах зэрэг асуудлын талаар санал солилцов.

10. Хоёр улсын хамтын ажиллагаа байгаль орчин, эрүүл мэндийн салбарт амжилттай хөгжиж байгааг тэмдэглэж, БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар амжилттай хэрэгжиж буй Сөүл төсөл, Ногоон хэрэм зэрэг олон нийтэд болон тухайн салбартаа хүртээмжтэй, үлгэр жишээ болохуйц төсөл хөтөлбөрийг цаашид улам нэмэгдүүлэх сонирхолтой байгааг монголын тал илэрхийлэв. Ерөнхий сайд Ли Наг Ён Байгальд ээлтэй эрчим хүчийг ашигласан хотхон байгуулах төсөл БНСУ-ын буцалтгүй тусламжаар амжилттай хэрэгжиж байгааг дурдаж, монголын эрүүл мэндийн салбарын боловсон хүчин, мэргэжилтнүүдийг БНСУ-д сургах боломжтойг онцолж, тус улсад эмчлүүлээд буцаж ирсэн Монгол иргэдэд зориулж эмчилгээний дараахь хяналтын тогтолцоо байгуулахын төлөө байгаагаа илэрхийлэв.

11.Талууд соёл урлаг, боловсрол, мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал нэгдэж, М-К Pop фестиваль зохион байгуулах, Korea IT Camp байгуулах зэрэг манай талын санал, санаачилгыг солонгосын тал нааштай хүлээн авч, дэмжиж ажиллахаар болов. Солонгосын тал солонгос хэлний сургалтыг эрчимжүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлэв.

12.Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д сурч, ажил хөдөлмөр эрхэлж байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудалд Засгийн газрын зүгээс тэргүүлэх ач холбогдол өгч буйг онцолж, манай иргэдийн ажиллах, амьдрах нөхцлийг сайжруулах, хэтдээ иргэд харилцан визгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн замын зурагтай болох нь хоёр улсын харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэх зорилтын нэг гэдгийг онцлон тэмдэглэв. Ерөнхий сайд Ли Наг Ён солонгосын тал БНСУ-д зорчих Монгол иргэдэд зориулан олон удаагийн визний өргөжүүлсэн журмыг шинэчлэн хэрэгжүүлж байгааг онцолж, цаашид иргэд, консулын чиглэлээрх хүч чармайлтаа үргэлжлүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв.

13.Талууд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд амжилттай хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэж, цаашид ч энэхүү хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Солонгосын тал Солонгосын хойг болон ЗХА-ийн энх тайван аюулгүй байдлыг хангахад чиглэсэн Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байгааг тэмдэглэв. Монгол Улс Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, маргаантай асуудлыг эв зүйгээр, яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх тууштай байрь суурь баримтлахын зэрэгцээ бүс нутгийн энх тайвны үйл явцад хувь нэмрээ оруулах зорилгоор Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачилгыг дэвшүүлж, амжилттай хэрэгжүүлж байгааг тэмдэглэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бан Ги Мүнийг хүлээн авч уулзав

2019.08.20. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Азийн төлөөх БОАО форумын дарга, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Азийн төлөөх БОАО форум”-ын Улаанбаатарын Бага хуралд төр засаг, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын төлөөлөл идэвхтэй оролцож, өндөр ач холбогдол өгч буйд баяртай байгаагаа илэрхийлж, цаашид залуучууд, эрдэмтэн судлаачид болон бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэн Монгол Улсын форумын үйл ажиллагаан дахь оролцоог өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэв. Мөн Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болж буй энэхүү Бага хурал нь хоёр орны бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог улам бэхжүүлэх, бусад түнш орон, олон улсын байгууллагатай харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийг эрэлхийлэхэд дэм болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Ноён Бан Ги Мүн тус Бага хурлын нээлтийн ажиллагаанд оролцон үг хэлж буйд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд талархал илэрхийлээд ирэх онд тохиох форумын 20 жилийн ойн  арга хэмжээнд Монгол Улсаас өндөр түвшний төлөөлөгч оролцохыг урив. Мөн Монгол Улс нь бүс нутгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх нөөц боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлэн Монгол Улсын Засгийн газрын зүгээс уур амьсгалын өөрчлөлт, агаарын чанарын асуудлаарх хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Азийн төлөөх БОАО форум”-д үг хэлэв

2019.08.20. Монгол Улс. Улаанбаатар хот. Азийн төлөөх Боао форумын дарга, Эрхэм хүндэт Бан Ги Мүн, Эрхэм зочид оо, Хүндэт төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо, Зун, намрын зааг үе, нар хур тэгширсэн энэ сайхан өдрүүдэд цаг зав гарган манай улсад зочилж, “Азийн төлөөх Боао форум”-ын Улаанбаатарын Бага хуралд оролцож буй та бүхэнд юуны өмнө чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Монгол Улс нь Азийн орнуудын хооронд эдийн засгийн асуудлаарх мэдээлэл солилцоо, харилцан уялдаатай үйл ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой “Азийн төлөөх Боао форум”-ыг санаачлагч орнуудын нэг бөгөөд форумын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг зорьж ирсэн билээ. Миний бие өнгөрсөн онд Боао форумын жилийн уулзалтад оролцож, БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Нэгдсэн Үндэсний Байгууллага, Олон улсын вальютийн сангийн тэргүүн нартай  уулзаж байснаа эргэн дурсахад таатай байна. Монгол, Хятад хоёр улс нь өнө эртнээс хаяа дэрлэн оршиж ирсэн мөнхийн хөршүүд юм. Хоёр улсын харилцаа сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд тогтвортой өргөжин хөгжиж, эдүгээ иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрээд байгаад монголын тал сэтгэл хангалуун байдаг. Манай Засгийн газар БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцааг тогтвортой хөгжүүлж, хоёр талын хамтын ажиллагааг бүх салбарт шинэ бодит агуулгаар баяжуулахын төлөө идэвхтэй ажиллаж ирлээ. Энэ онд Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн түүхэн ой тохиож байна. Дипломат харилцааны 70 жилийн ойн хүрээнд Азийн төлөөх Боао форумын арга хэмжээг Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй нь хоёр орны бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог улам бэхжүүлэх, бусад түнш орон, олон улсын байгууллагатай хамтын ажиллагаа гүнзгийрүүлэх боломжийг эрэлхийлэхэд чухал түлхэц үзүүлнэ хэмээн найдаж байна. Хүндэт зочид оо, Хатагтай, ноёд оо, Улаанбаатарын бага хурал “Шинэ эрин үе дэх хамтын хөгжил дэвшлийн төлөөх уялдаатай үйл ажиллагаа” гэсэн ерөнхий сэдвийн дор болж буй нь өнөө үед бүс нутаг, дэлхий дахинд тулгарч буй сорилтуудыг даван туулах гарц нь гагцхүү улс орнуудын уялдаатай үйл ажиллагаа байх юм гэсэн итгэл үнэмшилтэй холбоотой хэмээн харж байна. Мэдээлэл, харилцаа холбоо, аж үйлдвэрийн  технологийн дэвшил, тэдгээрийн хурдацтай тархалтын нөлөөгөөр дэлхий дахин, бүс нутгийн байдал түргэн хувирамтгай, эмзэг болж буй нь бидний амьдарч буй өнөөгийн цаг үеийн онцлог юм. Байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг  дэлхий нийтийн өмнө тулгарч буй томоохон сорилтуудыг даван туулах зорилгоор “2030 он хүртэлх дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг улс орнууд хамтран дэвшүүлж, ногоон, тогтвортой хөгжлийг хамтын зорилгоо болгон  ажиллаж буй хэдий ч олон улсын хамтын нийгэмлэгийн хүч, нөөц боломжинд эргэлзэх, олон талт хамтын ажиллагаанаас зай барих хандлага гарч буй нь ч өнөөгийн цаг үеийн онцлог юм. Тиймээс хөрш зэргэлдээ орнууд, бүс нутгийн орнууд давуу талаа уялдуулан, бие биеийнхээ хөгжлийг дэмжиж, хамтын хөгжил дэвшилд тэмүүлж байгаагаа нотлох нь өнөөдрийн хуралд оролцогчдоос дэвшүүлэх гол санаа, эерэг дохио байна гэдэгт би итгэлтэй байна. Монгол Улс хөрш зэргэлдээ орнуудтайгаа харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутгийн эдийн засгийн интеграцид идэвхтэй хамрагдах, бүс нутаг, дэлхий нийтийн өмнө тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд өөрийн бололцооны хэрээр хувь нэмэр оруулахыг эрмэлзэж ирснийг та бүхэн мэднэ. Бид энэ бодлогоо цаашид ч үргэлжлүүлэх болно. Өмнөд хөрш БНХАУ ч өөрийн хөгжлийн үр өгөөжийг хөрш зэргэлдээ орнуудтайгаа хуваалцан, хамтдаа хөгжих бодлогыг тууштай хэрэгжүүлж буйг бид өндрөөр үнэлдэг бөгөөд Монгол Улсын  “Хөгжлийн зам” хөтөлбөрийг Хятадын “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэхийг зорьж байна. Хоёр улсын хөгжлийн стратегийг уялдуулах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг болон “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд дэд бүтэц, эрчим хүч зэрэг салбарын томоохон төслүүдийг хэрэгжүүлж буй нь гурван улсын хөгжил дэвшил төдийгүй бүс нутгийн хамтын ажиллагаанд илүү таатай нөхцөлийг бүрдүүлэх юм. Өнөөдрийн бага хурлын сэдэвчилсэн хэлэлцүүлгийн үеэр хоёр болон гурван улсын хөгжлийн бодлогыг уялдуулан хэрэгжүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээ, төслүүдийн талаар та бүхнээс тодорхой бүтээлч саналуудыг дэвшүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Хүндэт зочид оо, Хатагтай, ноёд оо, Түнш орнууд, олон улсын байгууллагуудтай ойр дотно хамтран ажиллаж буйгийн үрээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт сэргэж, тогтворжиж буйг тэмдэглэхэд таатай байна. Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх,  тэдгээрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг цаашид ч үргэлжлүүлэх болно. Манай улсын эдийн засгийн гол тулгуур болж буй уул уурхайн салбарын хөгжлийг урагшлуулахын зэрэгцээ хөгжлийн шинэ тулгууруудыг бий болгох үүднээс дэд бүтцийн бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, уул уурхайн бус салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй, эрчим хүч хэмнэх дэвшилтэт технологи нэвтрүүлэх, инновацийг нутагшуулахад чиглэсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд бодлогын дэмжлэг үзүүлэх болно. Монголд хөрөнгө оруулах, бизнесийн үйл ажиллагаа хөгжүүлэх боломжийн талаар манай холбогдох байгууллага, хувийн хэвшлийн төлөөллөөс тавих илтгэлүүдэд анхаарал хандуулж, цаашид ойр дотно хамтран ажиллахыг та бүхнээс хүсье. Бага хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа гэжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

2020.02.21. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг хүлээн авч уулзав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ онд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож, хоёр улсын харилцаа Иж бүрэн түншлэлийн түвшинд нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжин хөгжиж, олон улс, бүс нутгийн талбар дахь хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжихийн зэрэгцээ иргэд хоорондын найрсаг харилцаа улам бэхжиж байгаад баяртай байгааг илэрхийлэв. Мөн БНСУ-ын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж ирснийг дурдаад, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зэрэг хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих төслүүдийг амжилттай хэрэгжүүлж дуусгах болон худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хоёр тал нягт хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн, БНСУ-д манай хамгийн олон иргэн сурч, ажиллаж байгааг дурдаад хоёр улсын иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх талаар ахиц гаргахад Элчин сайдын зүгээс анхаарч ажиллахыг хүсэв. Элчин сайд Ли Ё Хун Монгол Улсад томилогдон ажиллаж байгаадаа баяртай байгааг илэрхийлж, энэ онд тохиож буй дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх, хоёр улсын харилцааг шат ахиулан хөгжүүлэх болон хөнгөлөлттэй зээл, тусламжийн төслүүдийг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Мөн иргэдийн солилцоог идэвхжүүлэх, иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх талаар нягт хамтран ажиллахаа тэмдэглэв.

У.Хүрэлсүх: Иргэдээ татаж авах чиглэлээр БНСУ-тай цаашид ч нягт хамтран ажиллана

2020.08.13. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав. БНСУ-ын Ерөнхий сайд Жон Сэ Гюн баярын захидал ирүүлсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлэв. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглэж, Монгол, Солонгосын найрамдлын жилийн хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхийн төлөө гэдгээ илэрхийлэв. Цар тахалтай тэмцэх, иргэдээ татан авах чиглэлээр Солонгосын талтай үргэлжлүүлэн хамтран ажиллахаа хэлээд тус улсад амьдарч, ажиллаж байгаа монгол иргэдэд боломжит бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг хүслээ. Элчин сайд Ли Ё Хун Монгол Улсын Ерөнхий сайдаар дахин томилогдсонтой нь холбогдуулан баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Дэлхий нийтэд тархсан цар тахлын энэ үед Монгол Улс халдварыг дотооддоо алдалгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч байгааг өндөр үнэлдэгээ хэлэв. Уулзалтын үеэр агаарын бохирдлыг бууруулах зэрэг төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэд харилцан визгүй зорчих талаар санал солилцжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй цахим уулзалт хийнэ

2021.09.07. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй дээд түвшний цахим уулзалт хийнэ. Энэ нь хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд сүүлийн дөрвөн жилд хийгдэж буй анхны уулзалт юм. Монгол Улс, БНСУ-ын хооронд 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж ирсэн бөгөөд эдүгээ БНСУ нь манай худалдаа, хөрөнгө оруулалтын чухал түнш орон болж, хоёр улсын харилцаа 2011 оноос “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд эрчимтэй хөгжиж байна. Энэ удаагийн цахим уулзалтаар хоёр улсын төрийн тэргүүн Монгол Улс, БНСУ-ын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх талаар тохиролцоно. Цахим уулзалтын үеэр талууд Монгол Улс, БНСУ-ын улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, хүмүүнлэгийн харилцааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын чиглэлүүдийг тодорхойлно. Мөн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх болон иргэдийн солилцоог дэмжих, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцохоор төлөвлөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй дээд түвшний цахим уулзалт хийлээ

2021.09.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр дээд түвшний цахим уулзалт хийв. Цахим уулзалт найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болов. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 2018 оны 1 дүгээр сард БНСУ-д айлчилснаас хойш хийж буй хоёр дахь уулзалт юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар дипломат харилцаа тогтоосноос хойшхи өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй урагшлан хөгжиж ирснийг тэмдэглэж, хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай хоёр улс төдийгүй бүс нутаг, олон улсын энх тайвныг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт санал нэгдэж, хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэхээр тохиролцож, Хамтарсан тунхаглал гаргав. Хамтарсан тунхаглалд Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг 1. улс төр, аюулгүй байдал 2. худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, 3. боловсрол, шинжлэх ухаан-технологи, байгаль орчин, эрүүл мэнд, 4. соёл, аялал жуулчлал, иргэдийн харилцаа, 5. бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа гэсэн  5 тулгуур чиглэлд  өргөжүүлэн хөгжүүлэхээр тохирч, салбар тус бүрээр харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх зорилтыг тодорхойлов.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “манай хоёр улс ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлсдээ тулгуурлан өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хоёр талын харилцааг өнөөгийн өндөр түвшинд хүргэн хөгжүүлж ирснийг дурдаад гуравдагч хөрш БНСУ-тай харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Тэрээр Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар 2018 онд БНСУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй Сөүл хотноо уулзаж, хоёр улсын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх талаар анх ярилцаж байсан нь ажил хэрэг болж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Монгол Улсын Ерөнхийлөгчид сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргээд Монгол Улсын шинэ төрийн тэргүүнтэй дээд түвшний уулзалт хийж буй анхны гадаад улсын Ерөнхийлөгч болсондоо баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрээр “Шинэ Умардын бодлого”-ын чухал түнш улс болох Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл явцад хамтран ажиллахаа илэрхийлэв.

Төрийн тэргүүн нар харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлж, найрамдлыг бататгахад хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэхийн сацуу Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын Хамтарсан хороо, ГХЯ хоорондын Стратегийн зөвлөлдөх уулзалт зэрэг яриа хэлэлцээний механизмуудыг цаашид улам бэхжүүлж, бодит эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаар тогтов.

Талууд тээвэр, логистик, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллахаар ярилцав.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг түшиглэн  цаашид Хөшигийн хөндий орчмыг эдийн засгийн чөлөөт бүс болгож, дагуул хот байгуулах ажлыг эхлүүлээд байгааг танилцуулав. Энэ хүрээнд Инчоны чөлөөт бүсийн бүтээн байгуулалт зэрэг БНСУ-ын туршлагаас судлах, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа монголын тал илэрхийлэхэд Ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа тэмдэглэв.

Экспортыг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, худалдааны саад тодгорыг бууруулах чиглэлд эрх зүйн орчныг улам бэхжүүлэх шаардлага байгааг талууд цохон тэмдэглэв. Монгол Улс “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орсноор худалдааны илүү тааламжтай нөхцөл бүрдүүлснийг талууд тэмдэглээд цаашид хоёр улсын хамтарсан судалгааны үр дүнд суурилан “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)”-ийн яриа хэлэлцээг эхлүүлэхэд чиглэсэн хүчин чармайлтыг үргэлжлүүлэхээр ярилцав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Хөгжлийн албан ёсны буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирснийг дурдаж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд эхлүүлсэн “Солонго 1, 2 хороолол”, Баянголын амд түрээсийн орон сууц барих төслүүд болон 10 аймгийн төвийн дулааны станц байгуулах төслийн хэрэгжилтэд үргэлжлүүлэн анхаарч ажиллахаар болов.

Талууд байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал, соёл, урлаг, соёлын бүтээлч үйлдвэрлэл зэрэг салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тогтов. Энэ хүрээнд цөлжилтөөс сэргийлэх, шар шороон шуургатай тэмцэхэд Монгол, Солонгосын “Ногоон хэрэм” төсөл чухал хувь нэмэр оруулж ирснийг үнэлж, III шатны төслийг хэрэгжүүлэхээр тохиров. Мөн тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хүүхэд, залуучуудын солилцоог дэмжиж, биеийн тамир, спорт, боловсрол, шинжлэх ухаан-технологи, мэдээллийн технологи, хүний нөөцийн хөгжлийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, БНСУ дахь Монгол судлал, Монгол Улс дахь Солонгос судлалыг хөгжүүлэхэд цаашид ч нягт хамтран ажиллахаар болов.

Хоёр улсын төрийн тэргүүн нар “КОВИД-19” цар тахлын нөхцөл байдалд ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тууштай урагшилж ирснийг үнэлж, цар тахлын хүнд үед БНСУ-ын Засгийн газраас манай улсад буцалтгүй тусламж үзүүлж, цар тахлын улмаас хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй иргэдийг татан авахад харилцан дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Мөн хоёр улсын ард түмний найрамдлыг бэхжүүлж, харилцан ойлголцлыг улам гүнзгийрүүлэхийн тулд иргэдийн солилцоог өргөжүүлэхээр тогтож, хоёр улсад оршин суугаа Монгол, Солонгосын иргэдийн эрх ашгийг хамгаалах, ажиллаж, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх, цар тахлын үед бүхий л боломжит дэмжлэгийг үзүүлэх чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар ярилцав.

Талууд олон улс, бүс нутгийн тавцанд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар ярилцаж, Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэхэд Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хангах явдал нэн чухал болохыг онцлон тэмдэглэв. Монгол Улсын “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг БНСУ дэмжиж байгаагаа дахин нотлов. Монголын тал БНСУ-ын дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Халдварт өвчнийг хянах, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээрх Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны санаачилга”-ыг дэмжиж, үргэлжлүүлэн хамтран ажиллахын төлөө байгаагаа мөн илэрхийлэв.

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦААГ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ:

2021.09.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улс, БНСУ-ын харилцаа нэг шат ахиж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрлээ.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр дээд түвшний цахим уулзалт хийв.

Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа 1990 оны “Дипломат харилцаа тогтоох тухай Протокол”, 1991, 1999, 2006, 2011 оны дээд түвшний айлчлалын үеэр байгуулсан “Монгол Улс, БНСУ-ын Хамтарсан мэдэгдэл”, 1999 оны “XXI зууны харилцан бие биеэ нөхсөн хамтын ажиллагаа”, 2006 оны “Сайн хөршийн, найрамдалт хамтын ажиллагааны түншлэл”, 2011 оны “Иж бүрэн түншлэл”-ийн зарчимд тулгуурлан тууштай хөгжиж ирснийг өндрөөр үнэлэв.

Төрийн тэргүүн нар хоёр улс “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаанд тулгуурлан улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, аялал жуулчлал, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг өргөн хүрээтэй салбарт болон бүс нутаг, олон улсын тавцанд нягт хамтран ажиллаж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Ялангуяа, “КОВИД-19” цар тахлын нөхцөл байдлын үед ч хоёр улс дипломат харилцааны 30 жилийн ойг тохиолдуулан 2020 оныг “Монгол, Солонгосын найрамдлын жил”-ээр зарлан тэмдэглэснийг өндрөөр үнэлэв.

Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол Улс, БНСУ-ын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай хоёр улс төдийгүй бүс нутаг, олон улсын энх тайвныг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт санал нэгдэж, хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тохиров.

Түүнчлэн, цаашид хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаанд  тулгуурлан улс төр, аюулгүй байдал; худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг; боловсрол, шинжлэх ухаан технологи, байгаль орчин, эрүүл мэнд; соёл, аялал жуулчлал, иргэдийн харилцаа; бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа гэсэн 5 тулгуур чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлэхээр тогтов.

Нэг. Улс төр, аюулгүй байдал:

Хоёр улсын төрийн тэргүүн нар аюулгүй байдал, батлан хамгаалах, гадаад бодлогын асуудлаарх яриа хэлэлцээний механизмыг тогтмолжуулж, идэвхжүүлснээр улс төрийн итгэмжилсэн харилцааг улам бэхжүүлж, хоёр улсын Парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаа нотлов. Мөн хоёр улсын хооронд байгуулагдсан салбар тус бүрийн Засгийн газар хоорондын зөвлөлдөх механизмуудын үйл ажиллагааг улам эрчимжүүлэхээр болов.

  • Талууд хоёр улсын Гадаад харилцааны яам хооронд “Стратегийн яриа хэлэлцээ”-ний сувгийг бий болгож, хоёр талт хамтын ажиллагаа, гадаад бодлого, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар тогтмол санал солилцож, бусад улс орнуудтай олон талт яриа хэлэлцээний механизм бий болгох арга замыг эрэлхийлэхээр болов.
  • Талууд хоёр улсын батлан хамгаалах салбарт өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээг тогтмолжуулах, цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ хамтарсан хээрийн сургууль зохион байгуулах, боловсон хүчин бэлтгэх чиглэлд хамтын ажиллагааг бэхжүүлэхээ нотлов.
  • Талууд хоёр улсын Парламент, Парламентын гишүүд, найрамдлын бүлэг хоорондын хамтын ажиллагааг тууштай дэмжиж ажиллахаар болов.
  • Талууд хоёр улсын Засгийн газар хооронд өмнө байгуулагдсан салбар тус бүрийн зөвлөлдөх механизмуудыг төгөлдөржүүлж, “КОВИД-19” цар тахлын нөхцөл байдалд цахим уулзалт зэрэг төрөл бүрийн арга хэлбэрээр эдгээр механизмыг идэвхжүүлэхээр тохиров.

Хоёр. Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбар:

Хоёр улсын төрийн тэргүүн нар БНСУ-ын тэргүүний технологи, Монголын байгалийн арвин нөөц зэрэг хоёр улсын давуу тал, хөгжлийн нөөц бололцоог ашиглан харилцан ашигтай, бие биеэ нөхсөн эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тогтов. БНСУ нь “Шинэ Умардын бодлого”-ын чухал түнш улс болох Монгол Улстай олон төрлийн хамтын ажиллагааны төслийг үргэлжлүүлэн эрэлхийлж, Хөгжлийн албан ёсны тусламж үзүүлэх зэргээр цар тахлын дараах Монгол Улсын эдийн засгийг сэргээхэд дэмжлэг үзүүлэхийн сацуу “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл явцад хамтран ажиллахаар тогтов.

  • Талууд хоёр улсын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны хуралдааныг үргэлжлүүлэн зохион байгуулж, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагаа, иргэдийн солилцоо, бүс нутаг болон олон улсын хамтын ажиллагаа зэрэг өргөн цар хүрээтэй асуудлаарх яриа хэлэлцээг бэхжүүлж, шаардлагатай тохиолдолд тодорхой салбарын хоёр талын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулахаар тогтов.
  • Талууд харилцан ашигтай, бие биеэ нөхсөн эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд хамтын ажиллагааны эрх зүйн үндэс суурийг бэхжүүлэхээр ярилцав. Үүний тулд 2017 оны болон 2021 онд шинэчилсэн хамтарсан судалгааны үр дүнд суурилан “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)”-ийн яриа хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлэхэд чиглэсэн хүчин чармайлтыг үргэлжлүүлж, хоёр улсын хооронд хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэхийн төлөө “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах явцыг эрчимжүүлэхээр болов. Түүнчлэн 2020 онд Монгол Улс “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр (APTA)”-т нэгдэн орсон нь хоёр улс худалдаанд харилцан хөнгөлөлт үзүүлэх анхны хэлэлцээрийн хувьд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт хоёр тал санал нэгдэв.
  • Талууд БНСУ-ын дэвшүүлсэн “Зүүн Азийн төмөр замын хамтын нийгэмлэг” санаачилга болон НҮБ-ын Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссоос хэрэгжүүлж буй “Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний сүлжээ” санаачилгыг уялдуулан хөгжүүлж, “Шинэ Умардын бүс нутаг” дахь хэлхээ холбоог бэхжүүлэхэд чиглэсэн хоёр талын болон бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болов.
  • Монголын тал БНСУ-ын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж дэмжлэг тус улсын хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирснийг өндрөөр үнэлж, гүн талархал илэрхийлэв. Ялангуяа, БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн “Солонго 1, 2 орон сууцны хороолол барих”, “10 аймгийн төвийн дулааны станц барих” төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллаж байгааг сайшаав. Цаашид Монгол Улсын Хөгжлийн банк, БНСУ-ын ЭКСИМ банк хоорондын Эдийн засгийн хамтын ажиллагааны сан (EDCF)-гийн шугамаарх хамтын ажиллагааг мөн дэмжиж ажиллахаар болов.
  • Талууд БНСУ-ын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй “Байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эко хотхон байгуулах” төслийг энэ онд багтаан дуусгавар болгож, хоёр улсын хооронд байгаль орчинд ээлтэй дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааны үлгэр жишээ төсөл болохуйц хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжихээр тохиров.
  • Талууд ногоон эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, газрын тосны чанарыг сайжруулах, орон нутгийн дулааны хангамж, сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэхэд тууштай хамтран ажиллахаар болов.
  • Талууд “Улаанбаатар ба дагуул хот” бодлогын хүрээнд БНСУ-ын ухаалаг хот, Эдийн засгийн чөлөөт бүс байгуулсан туршлага зэргийг судалж, монголын тал ухаалаг хот байгуулах төслийг хэрэгжүүлэх чиглэлд БНСУ-тай хамтран ажиллахаар тогтов. Үүнтэй холбогдуулан монголын тал дэд бүтцийн салбарт БНСУ-ын Хөгжлийн албан ёсны тусламж, хөрөнгө оруулалтыг түлхүү татах чиглэлд хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.
  • Талууд логистикийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, тус салбарын боловсон хүчинг бэлтгэх сургалт, тогтолцоог сайжруулах болон логистикийн шинэ технологи нутагшуулах зэрэг хамтын ажиллагааны шинэ хэлбэрийг эрэлхийлэхээр болов.
  • Талууд ургамал, амьтны гаралтай бүтээгдэхүүний мэдээлэл солилцох, мэргэжилтэн бэлтгэх зэрэг хөдөө аж ахуйн шинэ технологийн салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тогтов. Монголд үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг БНСУ-д экспортлох хорио цээрийн стандартыг тохирох чиглэлд хамтын ажиллагааны боломжийг эрэлхийлэн ажиллах саналтай байгааг монголын тал илэрхийлэв.
  • Талууд 2021 онд байгуулсан Монгол Улс, БНСУ-ын Жижиг дунд үйлдвэрлэл, гарааны бизнесийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг тууштай хэрэгжүүлж, экспортыг дэмжих, ЖДҮ болон гарааны бизнесийн чиглэлээр мэргэжилтэн солилцох, технологи нэвтрүүлэх зэрэг хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров.

Гурав. Эрүүл мэнд, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан технологийн салбар:

Хоёр улсын төрийн тэргүүн нар “КОВИД-19” цар тахалтай тэмцэх, уур амьсгалын өөрчлөлт зэрэг бүх нийтийн өмнө тулгараад буй сорилтуудыг даван туулж, эрүүл мэнд, анагаах ухаан, ногоон хөгжил, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, технологи зэрэг ирээдүй рүү чиглэсэн салбаруудын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тогтов.

  • Талууд “КОВИД-19” цар тахлын хүнд нөхцөл байдалд тусгай үүргийн нислэг үйлдэн иргэдийн солилцоог хадгалж, “КОВИД-19” цар тахалтай тэмцэхэд зориулан хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зэргээр нягт хамтран ажиллаж ирснийг үнэлэв.
  • Шинэ төрлийн вируст өвчин, гадаадаас зөөвөрлөгдөж буй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, олон улсын нийтийн эрүүл мэндийн чадавхыг бэхжүүлэх зэрэг хоёр талын харилцан сонирхсон салбарт хамтран ажиллаж, халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэхэд чиглэсэн нягт хамтын ажиллагааны тогтолцоог бий болгохоор тогтов.
  • Талууд 2011 онд “Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулснаас хойш эмнэлгийн ажилтны сургалт, Үндэсний эмчилгээ оношилгооны төвийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэг эрүүл мэндийн салбарт төрөл бүрийн хамтын ажиллагааг хэрэгжүүлж ирснийг үнэлж, цаашид хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг тууштай өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиров.
  • Талууд 2021 оны 5 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “P4G” дээд түвшний уулзалт олон улсын хамтын нийгэмлэгийн ногоон сэргэлт болон нүүрстөрөгчийн ялгарал, шингээлтийг тэнцвэржүүлэх зорилтод хүрэхэд хувь нэмрээ оруулсныг сайшаан тэмдэглэв. Түүнчлэн талууд ногоон хөгжлийн бодлогын хүрээнд цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигт үзэгдэл, байгаль орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлд хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тогтов.
  • Талууд бүс нутгийн хүрээнд агаарын бохирдолтой тэмцэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн чухлыг санал нэгтэй тэмдэглэж, Зүүн хойд Азийн цэвэр агаарын түншлэл (NEACAP)-ийг амжилттай хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллахаар тохиров.
  • Талууд шар шороон шуурганы хохирлоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ойн нөхөн сэргээлт, Зүүн хойд Азийн улс орнууд хооронд олон улсын ойн хамтын ажиллагаа чухал гэдэгт санал нэгдэв. Үүнтэй холбогдуулан Монгол, Солонгосын “Ногоон хэрэм” төслийн 2 дугаар шатны ажил амжилттай хэрэгжсэнийг дүгнэж, 3 дугаар шатны төслийг хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллахаар тогтов. Талууд хоёр улсын Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгүүд хооронд шар шороон шуурга, цаг уурын ажиглалтын станцын технологи дамжуулах зэрэг хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр болов.
  • Талууд Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах мастер төлөвлөгөө боловсруулах төслийг үнэлж, цаашид Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбоо (ICT)-нд суурилан агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд бодит хувь нэмэр оруулахуйц төслийн дараах ажлыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцов.
  • Талууд ирээдүй хойч үеийн тогтвортой хөгжлийн төлөө дээд боловсролын чадавхыг бэхжүүлж, тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг боловсрол, хүний нөөцийн хөгжлийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тогтов.
  • Талууд цаашид шинжлэх ухаан, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлж, эдгээр салбарын судалгааны байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаар тохиров.

 Дөрөв. Соёл, аялал жуулчлал, иргэдийн солилцоо:

Хоёр улсын төрийн тэргүүн нар түүх соёлын хэлхээ холбоо нь хоёр улсын харилцааны хөгжилд чухал хөрс суурь болж ирснийг санал нэгтэй тэмдэглэж, хоёр улсын ард түмний хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхийн тулд хоёр талын соёл, иргэдийн солилцоог өргөжүүлэхээр тогтов.

  • Талууд Соёлын хамтарсан Хорооны үйл ажиллагаа болон соёл урлагийн байгууллага хоорондын найрсаг харилцааг өргөжүүлж, хоёр улсын соёл урлагийн салбарын хамтын ажиллагааг тэлэхээр болов. Мөн хүүхэд залуучуудын солилцооны хөтөлбөр, биеийн тамир, спорт, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжихээр болов.
  • Талууд “Аялал жуулчлалын нэгдсэн сургалтын төв” байгуулсан зэрэг өнөөг хүртэлх аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг дүгнэж, хоёр улсын хооронд иргэд, жуулчдын солилцоог нэмэгдүүлэхийн төлөө хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров.
  • Талууд БНСУ дахь Монгол судлал, Монгол Улс дахь Солонгос судлалыг хөгжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлж, хоёр улсын хэл, соёл, орон судлалын багш, мэргэжилтнүүд, судлаачдыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаар тогтов. Мөн Монгол Улс дахь солонгос хэлний боловсролыг түгээн дэлгэрүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиров.
  • Талууд хоёр улсын иргэдийн харилцан зорчих нөхцлийг хөнгөвчилж, цаашид харилцан визгүй зорчих асуудлыг урт хугацаанд судлах чиглэлд яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцов.
  • Талууд хоёр улсын орон нутгийн солилцоо, шууд хамтын ажиллагаа болон Монгол, Солонгосын найрамдал, олон нийтийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, хоёр улсын хоорондын солилцооны талбарыг өргөжүүлэхээр тогтов.
  • Талууд хоёр улсын залуучууд хоорондын нягт хэлхээ холбоо нь цаашид хоёр улсын ирээдүйд чиглэсэн хөгжлийн чухал хөрс суурь болно гэдэгт санал нэгдэж, эрдэм шинжилгээ, боловсрол, соёлын салбарт шинэ үеийн холбоог бий болгон ажиллахаар тохиров.
  • Талууд терроризм, хил дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэг, мансууруулах бодисын хууль бус наймаа, хүний наймаатай хамтран тэмцэх, урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тогтов. Үүний тулд хоёр тал прокурор, цагдаагийн байгууллага зэрэг хууль сахиулах байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаар болов.
  • Талууд хоёр улсад оршин суугаа Монгол, Солонгосын иргэдийн эрх ашгийг хамгаалах, ажиллаж, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх чиглэлд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж ажиллахаар тогтов.

Тав. Олон улс, бүс нутгийн талбар дахь хамтын ажиллагаа:

Хоёр улсын төрийн тэргүүн нар бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг бэхжүүлж, НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр тогтов.

  • Талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгаж, энх тайвныг мөнхөд цогцлоох асуудлыг эв зүйгээр, яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх хэрэгтэй гэдэгт санал нэгдэв. Талууд хоёр Солонгосын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны чухлыг онцолж, Зүүн хойд Ази, Солонгосын хойгийн харилцан сонирхсон асуудлаар тогтмол санал солилцож, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтэд хамтран хувь нэмэр оруулахын төлөө байгааг санал нэгтэй илэрхийлэв.
  • Монгол Улсын “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг БНСУ дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч тус санаачилгын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаа талууд нотлов.
  • БНСУ-ын дэвшүүлсэн “Шинэ Умардын бодлого”, “Халдварт өвчнийг хянах, эрүүл мэндийг хамгаалах Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны санаачилга”, “Зүүн хойд Азийн энх тайван, хамтын ажиллагааны платформ” санаачилгыг Монгол Улс дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч эдгээр санаачилгын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаа талууд нотлов.
  • Талууд дээрх санаачлагууд нь Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдэхийн сацуу цаашид бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх хоёр улсын хүчин чармайлтын уялдаа холбоог хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдэв. Талууд “Халдварт өвчнийг хянах, эрүүл мэндийг хамгаалах Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны санаачилга”-ын бодит үр дүн гаргахын тулд хоёр улсын эрүүл мэнд, халдвараас сэргийлэх хэрэгслийн хамтын нөөцийг бүрдүүлэх ажлыг туршилтаар хэрэгжүүлснийг үнэлэв.
  • Талууд НҮБ болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд олон улс, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, байгаль орчин, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, дэвшилтэд технологи зэрэг өргөн хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр тогтов.
  • Талууд бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засгийн интеграцид нэгдэх санаачилгыг харилцан дэмжиж ажиллахаа нотлов. Энэ хүрээнд солонгосын тал Монгол Улсын Зүүн Азийн дээд түвшний уулзалт (EAS)-д оролцох болон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-д элсэх зэрэг бүс нутгийн хамтын ажиллагааны механизм дахь оролцоог өргөжүүлэхэд чиглэсэн хүчин чармайлтыг анхааралдаа авч, Монгол Улстай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Хоёр улсын төрийн тэргүүн нарын энэ удаагийн дээд түвшний уулзалт нь Монгол Улс, БНСУ-ын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх, хоёр улсын харилцааны шинэ түүхэн үеийг нээж буй чухал ач холбогдолтой үйл явдал болов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин-ийг хүлээн авч уулзав

2022.08.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад албан ёсоор айлчилж буй БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин-ийг хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн тухай Хамтарсан тунхаглалын мөрөөр бодит ажлууд хийж байгааг сайшааж, Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэн, хоёр ард түмний найрамдал нөхөрлөлийг бататгахад Гадаад хэргийн сайд Пак Жин-ий айлчлал чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг үнэт зүйлстэй гуравдагч хөрш БНСУ нь Монгол Улсыг зах зээлийн эдийн засагт шилжсэн үеэс эхлэн тууштай дэмжиж ирсэнд Монголын ард түмэн талархаж байдгийг хэлэв. Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, бүс нутгийн хөгжил цэцэглэлийн төлөөх үйлсэд хамтдаа хувь нэмэр оруулах өргөн боломж байгааг дурдаж, Зүүн хойд Азийн аюулгүй байдал, энх тайвны төлөөх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг БНСУ идэвхтэй дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв. БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэж, Ерөнхийлөгч Юн Сог Ёль-ийн албан ёсны захидлыг гардуулан, Ерөнхийлөгчийг тааламжтай цагтаа БНСУ-д айлчлахыг урив. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсад айлчлахыг урьж байгааг уламжлахыг хүсэв. Цаашид хоёр улс худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, харилцан ашигтай эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг дурдав. Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, хамтран ажиллахаа Гадаад хэргийн сайд Пак Жин илэрхийлэв. Уулзалтын үеэр олон улс, бүс нутаг, байгаль орчин, уул уурхай, эрчим хүч, аялал жуулчлал, эрүүл мэнд, хот байгуулалт, дэд бүтэц, соёл урлаг зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов гэжээ.

БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ барив

2023.01.20. Монгол Улс. Улаанбаатар хот. Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Ким Жун Гү 2023 оны 01 дүгээр сарын сарын 20-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авч уулзан, Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргэв. Уулзалтын үеэр Монгол Улс, БНСУ-ын “Стратегийн түншлэл”-ийн бат бэх харилцаанд түшиглэн худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, иргэдийн эрх ашгийг харилцан хамгаалах, хүүхэд, залуучуудын солилцоог дэмжих чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгалийн баялгийн нөөцийг БНСУ-ын шинэ дэвшилтэт технологи, ноу-хаутай хослуулан эдийн засгийн харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх өргөн боломж байгааг дурдав. Мөн хоёр улсын харилцааны үндэс суурь болсон иргэдийн солилцоог дэмжих, харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр бодит үр дүн гаргаж ажиллахын чухлыг тэмдэглэв. Элчин сайд Ким Жун Гү түүх, соёлын өргөн харилцаатай Монгол Улс нь Зүүн хойд Азийн бүс нутаг дахь БНСУ-ын чухал түнш улс гэдгийг онцлов. Мөн  Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэмдэглэн хэлсэн зүйлсийг ажил хэрэг болгох чиглэлээр анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзав

2023.02.15. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү-г хүлээн авч уулзав. Хатагтай Ким Ён Жү Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа, ялангуяа хууль тогтоох байгууллага хоорондын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэв. Цаашид “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бэхжүүлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, иргэдийн солилцоог дэмжих зэргээр БНСУ-ын талтай нягт хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв. Хоёр улс НҮБ болон олон улс, бүс нутгийн түвшинд амжилттай хамтран ажиллаж байгааг хэлээд, БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д мэндчилгээ дэвшүүлж байгааг  уламжлахыг хүсэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг дэмжихээ БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү илэрхийллээ. Энэ хүрээнд Солонгосын “Ногоон эмнэлэг”-тэй хамтран хүүхдийн эрүүл мэндийг дэмжих төсөл хэрэгжүүлж, хоол тэжээлийн дутагдал, амьсгалын замын  өвчний эмгэгийн үеийн тусламжийг өргөжүүлэхийн зэрэгцээ монгол эмч нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахаар төлөвлөснөө танилцуулав. Цаашид харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө  өөрөөс шалтгаалах бүхнээ хийнэ гэдгээ хэлэв.

БНСУ-ын “Юхан-Кимберли” компани Тужийн нарсанд 10 сая мод тарьж ургуулаад байна

2023.06.23. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНСУ-ын “Юхан-Кимберли” компанийн Ерөнхийлөгч Чин Жэ Сон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. ус компани “Зүүн хойд Азийн ойн форум” ТББ болон холбогдох яам, байгууллага, Сэлэнгэ аймагтай хамтран 2003 оноос Юхан-Кимберли Ой” ойжуулалтын төсөл хэрэгжүүлж Тужийн нарсанд 10 сая мод тарьж ургуулаад байна. Түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх, цөлжилтөөс сэргийлэх зорилгоор өнгөрсөн 20 жилийн хугацаанд Тужийн нарсны 3,520 га талбайд ойжуулалтын томоохон төслийг амжилттай хэрэгжүүлсэнд Монгол Улсын Ерөнхийлөгч талархал илэрхийлэв. Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн цаг үеэ олсон гэдгийг “Юхан-Кимберли” компанийн Ерөнхийлөгч Чин Жэ Сон хэлээд, монголчууд өмнөө тавьсан зорилтоо биелүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцоллоо. Цаашид үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллаж, Монголын цаг агаарын нөхцөлд тохирсон эрүүл ой бий болгохоор төлөвлөснөө  тодотгов. Тус компани 1984 оноос хойш “Ногоон орчныг бүрдүүлэх үндэсний аян”  өрнүүлж, дотооддоо болон гадаадын улс орнуудад 55 сая гаруй мод тарьж ургуулаад байна. Дашрамд дурдахад “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш улсын хэмжээнд 14 сая гаруй мод тарьж, мод, сөөгийн үрийн нөөц 12.7 тн, тарьц, суулгацын нөөц 51.5 саяд хүрсэн. Энэ нь өмнөх онтой харьцуулахад дөрөв дахин нэмэгдсэн гэсэн үг юм.

БНСУ-ын Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

2023.07.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль Монгол Улсын Ерөнхийлөгчид мэндчилгээ ирүүлжээ. МЭНДЧИЛГЭЭНД: Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө. Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч танд болон Монголын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Өнгөрсөн хугацаанд Солонгос, Монгол хоёр орны бататган хөгжүүлж ирсэн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам бүр өргөжин хөгжихийн зэрэгцээ, хоёр  орны ард түмний найрамдал, нөхөрлөлийн харилцаа мөн адил бэхжин хөгжинө хэмээн найдаж байна. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд эрүүл энх, аз жаргал, Монгол Улс үүрд мандан бадрахын ерөөл дэвшүүлье гэжээ.

2024.07.12. Монгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёль мэндчилгээ ирүүллээ. БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ: “Хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам бүр хөгжин дэвжиж, иргэд хоорондын харилцаа, хамтын нөхөрлөл ч батжин бэхжинэ гэдэгт итгэлтэй байна. Танд болон монголын ард түмэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльтой уулзлаа

2023.09.22. АНУ. Нью-Йорк хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёльтой уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг үнэт зүйлстэй БНСУ-тай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, хоёр талын болон бүс нутаг, олон улсын тавцанд гүнзгийрэн бэхжиж, Стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа онцлов. Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Солонгосын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, ирээдүйд чиглэсэн ногоон хөгжил, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг түлхүү хөгжүүлэх асуудлаар санал солилцохын зэрэгцээ Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн яриа хэлэлцээг энэ онд эхлүүлэхээр санал нэгдэв. Уулзалтын үеэр талууд Монгол Улсад Газрын ховор металлын хамтарсан судалгааны төв байгуулж, уул уурхайн салбарт дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо. Түүнчлэн цаашид бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, соёл, аялал жуулчлал, иргэдийн солилцоог өргөжүүлэх зэрэг харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2024.05.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр, хүргэж, амжилт хүсэв. Тэрбээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд бүх салбарт гүнзгийрэн хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэв. Цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, түүний дотор “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулах, иргэд харилцан зорчих таатай нөхцөл бүрдүүлэх чиглэлээр Элчин сайдыг идэвх зүтгэлтэй ажиллана гэдэгт итгэж буйгаа хэлэв. Элчин сайд Чой Жин Вон Монгол Улсад дахин томилогдож, энэ удаа Элчин сайдаар ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр хоёр улсын эдийн засгийн бодит хамтын ажиллагааг дэмжих, иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр онцгой анхаарч ажиллана гэлээ.

БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

2024.09.21. Mонгол Улс. Улаанбаатар хот. Бүрэн эрхийн хугацаа нь дуусч нутаг буцах болсонтой нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Суныг хүлээн авч уулзлаа. Хоёр улсын хооронд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал болж, худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжин хөгжихөд Элчин сайдын оруулсан хувь нэмэр их байсан гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Ялангуяа өнгөрсөн нэгдүгээр сард БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр харилцааг нэг шат ахиулж Стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэхээр тохиролцсоныг онцлов. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад БНСУ, тус улсын ард түмэн туслалцаа, дэмжлэг үзүүлж байгаад Ерөнхий сайд талархав. Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж байсны хувьд БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдэд аль болох туслах, дэмжих, цаашид визгүй зорчдог  болох зэрэг чиглэлээр ажиллана гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэв. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам онцгой анхаарч байгааг Элчин сайд У Сун тэмдэглэлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлал цаг үеэ олсон, олон асуудлаар тохиролцсон, харилцан ашигтай шийдвэр гаргасан үр дүнтэй айлчлал болсныг Элчин сайд хэлэв. Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засаг нь сэргэж, үр дүн гарч байгааг тэмдэглэлээ. БНСУ-аас олгох хөнгөлөлттэй зээлийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах, энэ хүрээнд 10 аймагт дулааны станц барих ТЭЗҮ бэлэн болж энэ намраас барилгын ажил нь эхлэх гэж байгааг дурдав. БНСУ-ын Засгийн газар хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хугацаанд нь, үр дүнтэй хэрэгжүүлнэ гэсэн байр суурьтай байгааг уламжиллаа. Талууд хувийн хэвшил, иргэд хоорондын харилцаа, аялал жуулчлал болон бусад асуудлаар санал солилцжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн-д Чингис хаан одон хүртээнэ

2024.10.30. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн Чингис хаан одонг БНСУ-ын иргэн, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-д хүртээхээр боллоо. Бан Ги Мүн нь АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфордын дараа Чингис хаан тэргүүн зэргийн одон хүртэж байгаа хоёр дахь гадаад хүн болж байна. Чингис хаан одонд нэр дэвшүүлэх, шагнах журамд Улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтөний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улс гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэнийг шагнаж болохоор заасан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чингис хаан тэргүүн зэргийн одонг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төрийн ордонд гардуулна.

Бан Ги Мүн-ий Монгол Улс, БНСУ-ын харилцаанд оруулсан хувь нэмэр  

Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн түвшинд гүнзгийрэн хөгжих үндэс суурийг тавьж, хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан юм. Тэрбээр 2004-2006 онд БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны сайдаар ажиллаж байхдаа БНСУ-ын Ерөнхийлөгч Ну Мү Хёны 2006 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалыг хэрэгжүүлсэн.Айлчлалын дүнд:

  • 1999 онд тунхагласан Монгол Улс, БНСУ-ын бие биеэ нөхсөн хамтын ажиллагааны зарчимд тулгуурласан харилцааг Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл болгон шат ахиулан хөгжүүлэхээр тохирсон,
  • Хоёр улсын хамтын ажиллагааг мэдээлэл, харилцаа холбоо, эрчим хүч, барилга, зам, тээврийн салбарт өргөжүүлж, яам, байгууллага хоорондын харилцаа холбоо бэхэжсэн,
  • Хоёр улсын Засгийн газар хооронд Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр байгуулсан нь өнөөг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж, хоёр улсад оршин суугаа монгол, солонгос иргэдийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн солилцоог эрчимжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм.

Бан Ги Мүн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2009 оны 0дугаар сарын 26-28-ны өдрүүдэд анх удаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн.    

Энэ айлчлал Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, НҮБ бол Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн  баталгаа болохыг дэлхий дахинд нотлон харуулж, улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болсон юм. Мөн ардчилсан тогтолцоо, зах зээлийн эдийн засагт амжилттай шилжсэн манай улсын туршлага болон Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлж байсан төр, засгийн үйл ажиллагаа, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын оруулсан хувь нэмрийг олон улсад таниулсан түүхтэй. Хүнсний хангамжийг сайжруулах, санхүүгийн хямралыг даван туулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх зэрэг чиглэлээр Монгол, НҮБ-ын хамтын ажиллагааг улам эрчимжүүлсэн юм. Бан Ги Мүн Монгол Улс нь ардчилсан тогтолцоо, зах зээлийн эдийн засагт амжилттай шилжсэн, Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулан хэрэгжүүлж буй үлгэр жишээ цөөхөн орны нэг гэж үнэлсэн. Энэ нь манай улсын төр, засгаас явуулж буй бодлого, үйл ажиллагааг сайшаасан, олон улсын түвшинд таниулах ач холбогдолтой байлаа. Манай улс Мянганы хөгжлийн зорилтуудын дийлэнхийг амжилттай хэрэгжүүлсэн. Найман зорилгоос гадна Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх тухай 9 дүгээр зорилгыг нэмж батлан хэрэгжүүлээд байна.

Бан Ги Мүн айлчлалынхаа үеэр:

  • Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохуй сэдвээр лекц уншсан нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг багасгах, шинэ нөхцөл байдалд дасан зохицох чиглэлээр НҮБ-тай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд томоохон түлхэц болсон,
  • Зэвсэгт хүчний энхийг дэмжих сургалтын төвд зочилж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хувь нэмрээ оруулж буй Монгол Улс, хүлээсэн үүргээ нэр төртэй, сахилга баттай гүйцэтгэж буй цэнхэр дуулгатнуудад НҮБ бүх талын дэмжлэг үзүүлэхээ нотолсон,
  • Улаанбаатар хот дахь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг нээж, Монгол Улс далайд гарцгүй орнуудад тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх талаар олон улсын хамтын нийгэмлэгт манлайлах үүрэгтэй оролцох үндэс суурийг тавьсан. Дамжин өнгөрөх тээврийн үр ашигтай тогтолцоо бий болгох, зардлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, амьжиргааны түвшинг дээшлүүлэх чиглэлээр энэ төвийг НҮБ бүх талаар дэмжиж, туслахаа мэдэгдсэн.

Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойг тохиолдуулан илгээсэн мэндчилгээндээ, Монгол Улс ямагт НҮБ-ын идэвхтэй гишүүн байсаар ирсэн. Олон улсын 140 гэрээ, конвецид нэгдэн орж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг идэвхтэй ажиллаж байна. Нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарлаж, жил бүр зэвсэг хураах долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлын төлөө оруулж байгаа хувь нэмрийг өндөр үнэлж байна. Монгол Улс ардчилсан нийгэмд энх тайван замаар дэвшин орсонд бид бахархдаг гэж онцолж байлаа.Бан Ги Мүн-ий санаачилсан болон тэргүүлдэг төрийн бус байгууллагууд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, сэргээгдэх эрчим хүч зэрэг чиглэлээр манай улсад хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, хамтран ажиллаж байна. Тухайлбал Ногоон хөгжлийн сан 470 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж үзүүлж,Global green growth институт нь 100 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламжаар хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн сан нь АНУ-ын Стэнфорд их сургуультай хамтран Улаанбаатар хотноо 2003, 2004 онд Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээг зохион байгуулж, Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт хувь нэмэр оруулахын төлөөх Монгол Улсын хүч чармайлтыг идэвхтэй дэмжиж ирсэн юм. Мөн Азийн төлөөх Боао форумын тэргүүний хувиар 2019 онд Улаанбаатар хотноо болсон Боао форумын бага хуралд оролцсон бөгөөд Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн сан Солонгос, Монголын ирээдүйн стратеги форумыг 2023 онд Сөүл хотноо, 2024 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахад  дэмжиж оролцжээ.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн  /2007-2016/

Нэгдсэн Үндэстний Байгууллагын найм дахь, Ази, Номхон далайн орнуудаас сонгогдсон хоёр дахь Ерөнхий нарийн бичгийн дарга. Бан Ги Мүний анхны томоохон санаачилгуудын нэг нь 2007 оны Уур амьсгалын өөрчлөлтийн дээд хэмжээний уулзалт юм. Түүний дипломат хичээл зүтгэл, хүчин чармайлтын үр дүнд уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхийн улс орнуудын анхаарлын төвд орсон. Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төр, засгийн тэргүүнүүдийг улс төрийн зориг гаргахыг уриалж, ирээдүй хойч үе, олон тэрбум хүний амьдрал, хүсэл тэмүүлэл тэдний гарт байгааг сануулж байсан удаатай. Энэ нь биеллээ олж, 2020 оноос хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж, агаар дахь нүүрсхүчлийн хийг бууруулах замаар дэлхийн цаг агаарын дулаарлыг зогсоох зорилготой Парисын хэлэлцээр батлагдсан юм. 190 гаруй орон, түүний дотор Монгол Улс хүлээн зөвшөөрч, 2016 оны 04 дүгээр сарын 22-нд гарын үсэг зурсан энэ хэлэлцээр дэлхийн хамтын нийгэмлэгийн эв санааны нэгдлийг харуулсан, том урам, зориг өгсөн үйл явдал болж байлаа.

Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд анхаарсан

  • Мянганы хөгжлийн зорилтуудын асуудлаарх дээд хэмжээний уулзалт, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтыг Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан хугацааныхаа сүүлийн жил хүртэл зохион байгуулсан. Энэ хүч чармайлтын дүнд Мянганы хөгжлийн зорилтуудын ихэнхийг хэрэгжүүлэхэд томоохон ахиц дэвшил гаргаж чадсан,
  • Дэлхийн хамгийн ядуу, хамгийн эмзэг бүлгийн хүмүүст дуу хоолойгоо хүргэж, НҮБ-ыг бэхжүүлэхийн тулд гүүр нь байхыг эрмэлзэж ирсэн,
  • Африк тив болон эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийн дэлхийн шинэ стратегид 60 тэрбум гаруй ам.долларын хандив босгож чадсан. 2008 оны хүнс, эрчим хүч, эдийн засгийн хямралын оргил үед хөгжиж буй орнуудад нэг их наяд ам.долларын санхүүжилт олгохыг Их-20-д уриалж, олон улсын хариу арга хэмжээг удирдан чиглүүлэх, эмзэг бүлэг, ядуу хүмүүсийг хамгаалахын төлөө хүчин зүтгэсэн,

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг бэхжүүлсэн

  • Өвөрмөц дипломат арга барил, гүйцэтгэсэн үүргээрээ даян дэлхийн амар амгалан байдал, эв нэгдлийг илэрхийлсэн,
  • НҮБ-ын 120,000 цэнхэр дуулгатны нөлөөллийг сайжруулахад чиглэсэн санаачилга, үйл ажиллагааг дэмжих зэрэг багц арга хэмжээ хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн,
  • Зэвсэг хураах асуудлаарх төлөвлөгөө, Зэвсэг хураах бага хурлыг гацаанаас гаргах хүчин чармайлт, Фүкүшима атомын цахилгаан станцад болсон эмгэнэлт явдлын дараах цөмийн аюулгүй байдалд дахин анхаарал хандуулах замаар зэвсэг хураах асуудлыг шинэчлэхийг эрмэлзсэн.

НҮБ-д шинэчлэл хийсэн  

  • НҮБ-ын Ёс зүйн албыг бэхжүүлж, байгууллагаа ил тод, үр дүнтэй, үр өгөөжтэй болгоход чиглэсэн арга хэмжээ, тэр дундаа санхүүгийн ил тод байдлын шаардлагуудыг нэмэх, бизнесийн үйл ажиллагаа, үйлчилгээний нөхцөлийг уялдуулах зэрэг дэс дараатай арга хэмжээ авсан,
  • Эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш байдлын төлөө олон ажил, санаачилга дэвшүүлж ажилласан. Ялангуяа НҮБ-ын хүрээнд удирдах албан тушаалд ажиллаж буй эмэгтэйчүүдийн тоог 40 гаруй хувиар нэмэгдүүлж, байгууллагын түүхэнд хамгийн өндөр түвшинд хүргэсэн гэжээ.

Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ

2024.11.02. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан НҮБ-ын наймдахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сангийн тэргүүн  Бан Ги Мүн-д төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ. Тогтвортой хөгжлийн зорилгууд, уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрийг манлайлан батлуулж, даян дэлхийн энх тайван, хүний эрх, шударга ёс, тэгш байдлын төлөө тууштай зүтгэн, байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд гүйцэтгэж байгаа гавьяа зүтгэл, Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь ийнхүү өндрөөр үнэллээ. Бан Ги Мүн нь АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфордын дараа “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртэж байгаа хоёр дахь гадаад хүн боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн Бан Ги Мүн-д төр, засаг, ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэлээ. Тэрбээр, Бан Ги Мүн нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж, олон талын дэмжлэг үзүүлж байсныг онцоллоо. Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар 2009 онд Монгол Улсад айлчлахдаа даян дэлхийд энх тайван тогтоох, дайн дажин, зөрчил, мөргөлдөөнтэй улс орнуудын нөхцөл байдлыг тогтворжуулах үйлсэд монгол цэргүүд үүргээ нэр төртэй гүйцэтгэн, НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж буйд НҮБ талархаж байдгийг сайшаан тэмдэглэж байсныг тодотгов. Энэ айлчлалынхаа үеэр далайд гарцгүй хөгжиж буй орнуудын тулгамдаж буй асуудлууд, хөгжлийн сорилт бэрхшээлийг даван туулах гарц шийдлийг тодорхойлоход хувь нэмэр оруулж буй Монгол Улсад төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг эхлүүлж байсныг дурдлаа. Жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах чиглэлд онцгой ач холбогдол өгч, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагыг үүсгэн байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сан “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г өргөтгөн, УИХ, Стэнфордын их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г 2023, 2024 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах зэргээр нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал дэмжлэг үзүүлсээр ирсэнд талархал илэрхийллээ. Эх дэлхийгээ хайрлан хамгаалах, даян дэлхийн энх тайван, хүний эрх, шударга ёс, эрх тэгш байдлын төлөөх цаашдын ажилд нь амжилт хүсэж, эрхэм хүндэт зочин болон гэр бүл, Солонгосын ард түмэнд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. Ерөнхийлөгч “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардуулсны дараа хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа манай улсын ард иргэд ээ, Дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, Эрхэм хүндэт Бан Ги Мүн болон хүндэт зочид оо. Та бүхэнд дэлхийн мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, хаадын хаан Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийн мэндийг өргөн дэвшүүлье. Их эзэн Чингис хаан бол Монгол Улсын тусгаар тогтнол, оршин тогтнохуйн баталгаа, Монгол үндэстний үнэт зүйл, эв нэгдлийн бэлгэдэл, монголчууд бидний эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн алтан хэлхээ, оюун санааны эх ундарга, төрт ёсны ой санамж юм. Чингис хааны түүх бол дан ганц монголчууд бидний түүх биш, дэлхий ертөнцийн түүх юм. Их эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчид Евроазийн өргөн уудам газар нутагт сүр хүчээ мандуулан, хүн төрөлхтний түүхэнд суу алдраа бадраасан Монголын эзэнт гүрнийг цогцлоон байгуулж, Ази, Европын олон үндэстэн хоорондын дайн тулаан, зөрчил тэмцлийг зогсоож, дэлхий дахинд “Монголын их амар амгалан”-г тогтоон, улс түмнүүдийн харилцаа холбоо, эе эвийг бэхжүүлж, оюун санаа, шашин шүтлэг, худалдаа арилжаа, соёл урлаг, шинжлэх ухаан хийгээд тухайн үеийн хүний нийгэм хөгжин дэвжих таатай нөхцөлийг бүрдүүлж чадсан бахдам сайхан гавьяатай билээ. Их хааны суу алдар, билиг сургаал, үйл хэрэг дэлхий дахины хөгжил, дэвшилд онцгой байр суурь эзэлж, зуун зууныг өртөөлөн хүн төрөлхтний түүхэнд дуурьсагдаж, өнөө цагийн дэлхий ертөнцийг үндэслэхэд үнэлж баршгүй түүхэн хувь нэмэр оруулсан юм. “Монголын их амар амгалан” нь хүн төрөлхтний энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх улс орнуудын хамтын хүчин чармайлтын үндэс суурь болохуйц дэвшилтэт үзэл санааг агуулж байсан хэмээн орчин цагийн эрдэмтэн судлаач, түүхчид үнэлэн дүгнэж байна. Тиймээс хүн төрөлхтний эв нэгдэл, хөгжил дэвшил, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд болон дэлхий дахинд Монгол Улсыг сурталчлан таниулах, манай улсын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, оюун санааны хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн дотоод, гадаадын төр, нийгмийн зүтгэлтэн, иргэнд төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулган, соёрхон гардуулдаг сайхан уламжлалтай билээ. Энэ жил энэхүү эрхэм хүндэт шагналаар хүн төрөлхтний хөгжил дэвшлийн хөтөч болсон Тогтвортой хөгжлийн зорилгууд болон уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрийг батлахад улс орнуудыг манлайлан нэгдсэн зөвшилцөлд хүргэж, даян дэлхийн энх тайван, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдлын төлөө тууштай зүтгэн, байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийн бодлогыг эрчимжүүлэх хийгээд Монгол Улс, НҮБ хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сангийн тэргүүн эрхэм хүндэт Бан Ги Мүн Таныг Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонгоор шагнан алдаршуулж байна. Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн эрхэм хүндэт Бан Ги Мүн Танд төр, засаг, ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Эрхэм хүндэт зочид оо,

Эрхэм хүндэт Бан Ги Мүн Та Ази, Номхон далайн бүсийн хоёр дахь төлөөлөл болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар хоёр удаа сонгогдон, НҮБ-ыг амжилттай удирдан ажилласанд монголчууд бид баяртай байдаг билээ. Эрхэм хүндэт Бан Ги Мүн Та НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар  ажиллаж байх хугацаандаа жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах чиглэлд онцгой ач холбогдол өгч, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагыг үүсгэн байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Тэгвэл Монгол Улс даян дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх, дэлхий дахины өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2022 онд “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” сэдэвт олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хурал, 2023 онд Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг НҮБ-тай хамтран “Ногоон ирээдүйн төлөө” уриатайгаар Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Эрхэм хүндэт Бан Ги Мүн Та НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар манай улсад 2009 онд айлчлахдаа дэлхийд энх тайван тогтоох, дайн дажин, зөрчил, мөргөлдөөнтэй улс орнуудын нөхцөл байдлыг тогтворжуулах үйлсэд Монгол Улсын цэрэг дайчид олон улсын түвшинд үүргээ нэр хүндтэй гүйцэтгэж, НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол Улсын “Цэнхэр дуулгатнууд” хувь нэмрээ оруулж буйд НҮБ-аас нэн талархалтай ханддагийг сайшаан тэмдэглэж байсныг энэхүү баярт өдөр дурсан хэлэхэд таатай байна. Мөн энэхүү айлчлалын хүрээнд Та Монгол Улсад төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг эхлүүлж байсан билээ. Эдүгээ энэхүү судалгааны төв нь бие даасан Засгийн газар хоорондын байгууллага болон хөгжиж, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын тулгамдаж буй асуудлууд, хөгжлийн сорилт бэрхшээлийг даван туулах гарц шийдлийг тодорхойлоход хувь нэмэр оруулсаар байна. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Таны оруулсан хувь нэмэр, оролцоо, дэмжлэг маш чухал байсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Энэ хүрээнд Монгол Улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах зэрэг санал, санаачилга гарган идэвхтэй ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Таны тэргүүлэн ажилладаг “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сан НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг ханган хэрэгжүүлэхэд чиглэсэн “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг 2022 оноос эхлэн зохион байгуулж байна. Энэхүү олон улсын яриа хэлэлцээний платформ цар хүрээгээ улам тэлж,  Улсын Их Хурал, Стэнфордын их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г 2023, 2024 онд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Мөн эрхэм хүндэт Бан Ги Мүн Та НҮБ, Монгол Улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулснаас гадна өөрийн тэргүүлэн ажилладаг сан, байгууллагаар дамжуулан манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал дэмжлэг үзүүлсээр ирсэнд гүн талархал илэрхийлье. Эх дэлхийг хайрлан хамгаалах, даян дэлхийн энх тайван, хүний эрх, шударга ёс, эрх тэгш байдлын төлөөх Таны цаашдын их үйл хэрэгт өндөр амжилт хүсэж, Танд болон таны сайхан гэр бүл, хүүхэд, Солонгосын найрсаг ард түмэнд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн эрхэм хүндэт Бан Ги Мүн Танд Монгол төр, монголын ард түмний нэрийн өмнөөс дахин баяр хүргэе. Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээх болтугай.

Чингис хаан одонт Бан Ги Мүн: Монголын түүх өнгөрсөн үед зогсож хоцорсон үйл явдал биш, үргэлжлэн хөгжиж буй амьд өгүүллэг юм

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан НҮБ-ын наймдахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сангийн тэргүүн  Бан Ги Мүн-д төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ. Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Бан Ги Мүн-ий хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

БАН ГИ МҮН 

Эрхэмсэг ноён  Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Эрхэм хүндэт зочид, хатагтай, ноёд оо. Өнөөдөр би та бүхний өмнө Монгол Улсын төрийн дээд шагнал, “Чингис хаан” одонгоор шагнагдаж буйдаа туйлын их хүндэтгэл, талархлаар дүүрэн байна. Энэхүү шагнал нь хувь хүний ололт амжилтыг үнэлэхийн зэрэгцээ хамгийн чухал нь  Монголын ард түмний баялаг түүх, цуцашгүй зоригийг бахдан тэмдэглэдэг баяр ёслол билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх болон энэ нэр хүндтэй шагналын эзнээр намайг тодруулахад оролцсон бүх хүнд гүн талархал илэрхийлье. Чингис хааны нэр алдар нь Монгол Улсын хил хязгаараас хальж алс хол цуурайтсан алдар суу бөгөөд хүч чадал, алсын хараа, шинэчлэл, уйгагүй шийдэмгий байдлын бэлгэдэл юм.  Тэрээр манлайлал, тэсвэр тэвчээр, эв нэгдлийн хүч нөлөөг үнэт өв болгон үлдээсэн билээ. Энэхүү шагналыг эгэл даруугаар хүлээн авахдаа өдгөө түүний чиглүүлэн үлдээсэн  үнэт зүйлсийн ач холбогдол хэзээнээс ч илүү улам бүр чухал болохыг ойлгон мэдэрч байна. Талцаж хуваагдсан мэт санагдах өнөөгийн энэ дэлхийд олон ард түмнийг нэгэн зорилгын дор нэгтгэж чадсан Чингис хааны агуу чадвар нь хамтын ажиллагаа, ялгаатай байдлыг хүндэтгэх үзэл, харилцан ойлголцлын ач холбогдлын чухлыг улам бүр ойлгуулж байна. Энэхүү шагнал нь биднийг өөр хоорондын ялгаатай байдлаа давж, цаашдыг  харах, илүү сайхан ирээдүйн төлөө хамтран ажиллах их урам зориг өгч байна. Агуу их Чингис хааны хажууд миний туулсан замнал өчүүхэн боловч миний туулсан бүх амьдрал Чингис хааны бүтээсэн төгс үзэл санаанд тулгуурлан бүрэлдсэн билээ. Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сан нь “байгаль эхийг эзэмших бус хүндлэн хайрлах учиртай” гэсэн үзэл баримтлалыг дагаж мөрддөг. Хүн төрөлхтөн хүрээлэн буй байгалиа хүндэтгэж байж гэмээнэ оршин тогтнох боломжтой. 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр  болон Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүний эрх, бүх нийтийн тэгш хөгжлийн суурь зарчмуудыг байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах шаардлагатай хослуулан тусгасан байдаг. Эдгээр үнэт зүйлс нь агуу удирдагч Чингис хааны алсын харааг илэрхийлээд зогсохгүй өнөө үеийн Монгол Улсын Засгийн газрын алсын харааг ч төлөөлж байгаа гэдэгт миний бие итгэлтэй байна.

Хатагтай, ноёд оо,

Миний бие НҮБ-ын үзэл санааг хэрэгжүүлэхийн төлөө яриа хэлэлцээг хөгжүүлэх, олон талт хамтын ажиллагааг дэмжихэд амьдралаа зориулсан билээ. Боловсрол, олон нийтийн санаачилга, соёл хоорондын хамтын ажиллагаа зэрэг арга замаар бид бүгдийг холбосон гүүрийг бүтээж чадна гэдэгт би итгэдэг. Харилцан ойлголцлын хүч нөлөөг би харж байсан. Харилцан ярилцах, үзэл бодлоо хуваалцах тусам бид бүгдээрээ хүн төрөлхтөн гэдэг том зургийн нэг хэсэг гэдгийг ойлгож байдаг. Үүнтэй холбогдуулан хэлэхэд Монголын түүх өнгөрсөн үед зогсож хоцорсон үйл явдал биш, үргэлжлэн хөгжиж буй амьд өгүүллэг юм. Энэ бол хүч чадал, дасан зохицох чадварын түүх юм. Харилцан уялдаатай сорилтуудаар дүүрсэн орчин үеийн ертөнцийн сорилтуудыг даван туулахад бидэнд  улам бүр чухал болж байгаа чанарууд юм. Энэхүү шагналыг хүлээн авч буйтай холбогдуулан Чингис хааны өв уламжлалыг хүндэтгэн дээдэлж байхыг хүн бүрээс хүсэж байна.  Өөрсдийн янз байдлаа хадгалахын зэрэгцээ эвлэлдэн нэгдэхийн төлөөх идэвх зүтгэл, бэрхшээлийг даван туулах эр зориг, энх тайвны төлөөх тууштай зүтгэл, хамтын хүчин чармайлтаа өргөжүүлэн хөгжүүлцгээе. Эцэст нь, энэхүү шагналыг би зөвхөн өөрийн нэрийн өмнөөс төдийгүй харилцаа, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын хүч чадал, үнэ цэнд итгэдэг бүх хүнд хүндэтгэл үзүүлэн хүлээн авч байна. Энэхүү гайхалтай өндөр хүндэтгэлийг надад үзүүлсэн Монгол Улс болон Монгол Улсын Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх Таны манлайлалд  дахин гүн талархал илэрхийлье. Хамтын аяллаа үргэлжлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна. Тогтвортой болон энх тайван ертөнцийг хамтдаа бүтээцгээе. Баярлалаа.

Бан Ги Мүн Чингис хаан үндэсний музейд зочиллоо

2024.11.03. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн Чингис хаан одон хүртсэн НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн 9Чингис хаан үндэсний музейд зочиллоо. Тэрбээр нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгийн эзэнт улсаас ХХ зууны эхэн хүртэлх Монголын хаад, төрт улс хүртэлх түүхтэй танилцлаа гэжээ.

Бан Ги Мүн Дэлхий нийтэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь: Монгол Улс ба БНСУ сэдвээр хүндэтгэлийн лекц уншлаа

2024.11.03. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тэргүүн зэргийн Чингис хаан одон хүртсэн НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Чингис хаан үндэсний музейд Дэлхий нийтэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь: Монгол Улс ба БНСУ сэдэвт хүндэтгэлийн лекц уншлаа. Лекцийнхээ эхэнд тэрбээр, тэргүүн зэргийн Чингис хаан одонг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардан авсандаа туйлын их баяртай байгаагаа илэрхийлэв. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтын хэрэгжилтийг түншлэл, үйл ажиллагааны замаар эрчимжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулж буй гол оролцогчид болох Монголын ард түмэнд хандан үг хэлэх завшаан тохиосонд баяртай байгаагаа хэлэв. Олон улсын мөргөлдөөн, цар тахал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхийн нийтэд тулгарч буй бэрхшээлүүд дэлхий нийтийн харилцан хамаарлыг улам бүр тодотгож байгааг дурдлаа. Улмаар түншлэл, хүртээмжтэй байдалд тулгуурлаж, бүх нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдал, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шийдэл шаардлагатайг онцлов. Үүнийг оновчтой бодлого, үйл ажиллагаа, хамтын ажиллагаа, түншлэлийн хүч, өөрсдийн нийгэм дэх энх тайван, тогтвортой байдлыг бий болгож, дэлхийн иргэний ухамсар, эв нэгдлийг өрнүүлэх замаар хэрэгжүүлж чадна гэдгийг тэмдэглэлээ. Энэ хүрээнд:

  • НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хурдасгах шаардлагатай,
  • Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг цаг үеийн шаардлагад нийцсэн яаралтай арга хэмжээ авах шаардлагатай,
  • Дэлхий нийтээрээ тулгарч буй сорилтуудыг даван туулахын тулд эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэхийн зайлшгүй шаардлагатай хэмээн онцоллоо.

Улмаар Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын ирээдүйн хамтын ажиллагааны гол салбарууд нь дээрх чиглэлүүд байх учиртайг тодотголоо. Түүнчлэн 2015 онд Нью-Йорк хотноо 193 орны төлөөлөгчдийн зөвшилцлөөр баталсан Тогтвортой хөгжлийн зорилтууд нь бидэнд тулгарч буй нэн чухал асуудлуудыг шийдвэрлэх гарц болж байгааг тэмдэглэлээ. Өнөөдөр Тогтвортой хөгжлийн зорилтуудыг баталснаас хойш есөн жил өнгөрөхөд тодорхой хэмжээний ахиц, дэвшил гарсан хэдий ч 2024 оны Тогтвортой хөгжлийн тайланд дэлхий даяар 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилтуудад тусгагдсан нийт зорилтын 16 хувьд л хүрэх төлөвтэй байгаа бол үлдсэн 84 хувь нь хязгаарлагдмал ахицтай эсвэл ухралттай байна гэж дүгнэснийг дурдлаа. Иймээс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх зөв замд эргэн орохын тулд бүх нийтийн оролцоо хамгаас чухал байгааг онцлон тэмдэглэв. Түүнчлэн НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн уур амьсгалын өөрчлөлттэй яаралтай тэмцэх нь бидний бүх амьдралын нэн тэргүүний үүрэг даалгавар байх ёстойг онцолж, нүүрстөрөгчийн ялгарлыг эрс бууруулж, шударга шилжилтийг хангахаас өөр арга зам байхгүйг хэлэв. Энэ нь эрчим хүчний хомсдолыг шийдэж, хүний ​​аж амьдралыг сайжруулж, хамтын ажиллагааг идэвхжүүлэх бөгөөд үүнд Ази тив, тэр дундаа Монгол, БНСУ-ын үүрэг оролцоо нэн чухал хэмээн онцоллоо. Мөн ногоон шилжилтийг хурдлуулах нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамгийн чухал арга зам гэдгийг тэмдэглэж, энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн манлайлал дор хэрэгжүүлж буй нэг тэрбум мод тарих Монгол Улсын Засгийн газрын хүчин чармайлтыг сайшаав. Түүнчлэн НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар Бан Ги Мүн санг үүсгэн байгуулж, олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтарч, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулахаар ажиллаж байгаагаа тэмдэглэлээ. Монгол Улс энэ чиглэлд идэвхтэй ажилласнаар энэ тодорхой бус цаг үеийг илүү тогтвортой, эрүүл, хөгжсөн гараг болгохын сацуу шинэ түншлэлийн боломжуудыг нээж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөд Судан Улсын дэд Ерөнхийлөгчтэй уулзав

2019.03.14. БНӨСУ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын дэд Ерөнхийлөгч Ж.Иггатай уулзав. Монгол Улсын энхийг сахиулагчид БНӨСУ-д энх тайван, тогтвортой байдал бий болоход онцгой хувь нэмэр оруулж байгаад дэд Ерөнхийлөгч Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлэв. Уулзалтын үеэр хөдөө аж ахуй, боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцав гэжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энхийг сахиулагч дайчдаа эргэлээ

2019.03.13. Өмнөд Судан. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэлхийн хамгийн халуун цэг, омог хоорондын мөргөлдөөнтэй Бүгд Найрамдах Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байгаа цэргүүдээ эргэлээ. Хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаад нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэн талархал илэрхийлж, төрийн одон, медаль гардуулж өгөв. Мөн цэргийн алба хаагчдын ахуй амьдралыг дээшлүүлэх, мэргэшүүлж, чадавхижуулах талаар ярилцлаа.. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд НҮБ-аас БНӨСУ-ын Бентю хотыг зохицуулж байгаа хатагтай Хироко Хирахира бараалхсан байна. Ерөнхий сайд 2018 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганд оролцон үг хэлэхдээ дайн дажингүй, амар амгалан, эх дэлхийн төлөө нэгдэн ажиллахыг уриалж байсан. Монгол Улс гадаад бодлогын нэг чухал хүчин зүйл болох энхийг дэмжих ажиллагаанд оролцон НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд анхаарч байдгаа хэлэв. Монгол цэргүүдийн бие, сэтгэл зүй, ур чадварыг өндрөөр үнэлж байгаагаа хатагтай Хироко Хирахира илэрхийллээ. Мөн элдэв зөрчил гаргалгүй, дүрвэгсэдтэй хүнлэг харилцаж, монгол хэл заах гэх мэтээр сэтгэл гаргаж байдагт баяртай байдгаа хэлжээ.

У.Хүрэлсүх: Миний ажил, амьдралын гараа энэ салбараас эхтэй

2020.09.24. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Батлан хамгаалах яаманд ажиллаж, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтад оролцож, нийт бие бүрэлдэхүүнд хандан үг хэлэв. Тэрээр “Миний ажил, амьдралын гараа энэ салбараас эхтэй. Монгол Улсын Зэвсэгт хүчин цаг ямагт эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа нь болж, Монгол төрийн бат түшиг тулгуур нь байдаг. Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө тодорхойлон, УИХ-ын ээлжит бус чуулганаар батлуулаад байна. Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хөгжлийг дэмжихэд чиглэсэн тодорхой зорилтуудыг бодлогод тусгасан байгаа. Дэлхийн  улс орнуудад энх тайван найрамдлыг тогтоох үйл хэрэгт Монгол цэргүүд  мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужил, сахилга, зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэлээр үлгэр жишээ оролцсоор буйг НҮБ-аас нотлодог. Нөхцөл байдалтай 2019 онд Өмнөд Судан Улсад ажлын айлчлал хийх үеэр танилцсандаа сэтгэл хангалуун байна. Зэвсэгт хүчний тухай хуулийг шинэчилснээр Тусгай хүчний цэрэг, Кибер аюулгүй байдлын цэрэг, барилга-инженерийн цэргийн ангиудыг байгуулах боломжтой болсон. Иймд Засгийн газрын ээлжит хуралдаанаар Зэвсэгт хүчний бүтцэд Тусгай хүчний цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, Кибер аюулгүй байдлын цэргийн командлалыг байгуулахаар шийдвэрлээд байна. Мөн дайчилгаатай тактикийн хээрийн сургуулийг жил бүр явуулж, эх орноо хамгаалах бэлтгэлтэй иргэдийн тоо, чанарыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас анхаарч байна.  Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам барих зэрэг стратегийн бүтээн байгуулалтын томоохон ажлуудад цэрэг дайчдыг татан оролцуулж байгаа нь тус салбарт хийгдэж буй бас нэг том ажил бөгөөд олон талын үр дүнг харуулж байна. 2020 оны 9 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтыг “Зэвсэгт хүчний стратегийн зорилт ба цэргийн сургалт бэлтгэл” сэдвээр явуулж байна. Зэвсэгт хүчний сургалт, бэлтгэлийн тогтолцоог мэргэжлийн цэргийн жишигт нийцүүлэх, сургалтын агуулга, арга зүйг шинэчлэх, цэргийн алба хаагчдад тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг боловсронгуй болгох талаар хэлэлцэж байна гэжээ.

БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагнав

2021.12.28. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүргээ амжилттай гүйцэтгэсэн Зэвсэгт хүчний Мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнийг төрийн одон, медалиар шагналаа. НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд эх орноо төлөөлөн оролцож, сөргөлдөгч талуудын гал зогсоох гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, энгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, дүрвэгсдийн аюулгүй байдал, тус улсын болон бүс нутгийн тогтвортой байдлыг хангах Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн үүргийг нэр төртэй биелүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж нэр бүхий алба хаагчдыг Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль, Энхийн төлөө медалиар шагналаа. Эх орон, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байж, эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, мэргэжлийн ур чадвараа дайчлан үүргээ нэр төртэй биелүүлсэн алба хаагчид болон гэр бүлд нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх талархал илэрхийлэв. Монгол цэргүүд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2002 оноос, цэргийн багууд 2006 оноос үүрэг гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар Зэвсэгт хүчний 20 мянга гаруй, түүний дотор 872 эмэгтэй цэргийн алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа  

2024.11.22. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг төрийн одон, медалиар шагналаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч баяр хүргэж хэлсэн үгэндээ, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын энгийн иргэдийг хамгаалах, НҮБ-ын бааз, ажилчдын аюулгүй байдлыг хангах, хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг хариуцлагатай үүргийг цагийн байдал, цаг агаарын хүнд нөхцөлд үүргээ амжилттай гүйцэтгэснийг онцлов. Ялангуяа хүний эрх ноцтой зөрчигдөж байсан тосгон сууринд ажиллагааны бааз шинээр байгуулан энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, 1,000 гаруй километр алслагдсан зайд НҮБ-ын хүмүүнлэгийн цувааг амжилттай хамгаалах зэрэг чухал үүргүүдийг үер усанд автсан бүс нутагт амжилттай гүйцэтгэж, өндөр ачаалалтай, онцгой хариуцлагатай ажилласныг сайшаан тэмдэглэлээ. Энхийг сахиулагч дайчдын үйл хэрэг бол Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангахад оруулж буй жинтэй хувь нэмэр, Зэвсэгт хүчний түүхэнд тодоос тод гэрэлтэн үлдэх гавьяа зүтгэл хэмээн онцлон тэмдэглэв. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлж, дэлхийн хамтын нийгэмлэг болон олон улс, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдлын төлөөх үйлсэд ямагт идэвхтэй оролцож ирсэн бөгөөд энэ бодлого, үйл ажиллагааны гол арга хэмжээ, үр дүн нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд дахь Монгол Улсын оролцоо юм гэлээ. Одоогоор Монгол Улсын Зэвсэгт хүчний 890 гаруй цэнхэр дуулгатан энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаагийн 11 хувь нь эмэгтэй цэргийн алба хаагч бөгөөд энэ үзүүлэлтээрээ НҮБ-д цэрэг хандивлагч 121 орноос 19 дүгээрт эрэмбэлэгдэж байна. Түүнчлэн Бүгд Найрамдах Кипр Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны Цэргийн хүчний командлагчаар анх удаа монгол генерал томилогдон ажиллаж байгааг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч онцоллоо. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад айлчлах үеэрээ Монгол Улсыг “Энх тайвны бэлгэ тэмдэг” болсон улс хэмээн тодорхойлж, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг хангахын төлөөх Монгол Улсын хүчин чармайлтыг өндрөөр үнэлснийг Ерөнхийлөгч тэмдэглэв. Мөн НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Бан Ги Мүүн энхийг сахиулагч монгол дайчдын ур чадварыг өндрөөр үнэлсэн нь монгол цэрэг дэлхийн цэрэг болсны нотолгоо гэдгийг тодотголоо. Ийнхүү монгол цэргийн нэр хүнд жилээс жилд өсөн нэмэгдэж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны оролцоо, удирдах албан тушаалтан, эмэгтэй энхийг сахиулагчдын тоог нэмэгдүүлэх бодлогын үр дүн гарч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, мэргэжлийн ур чадвараа дайчлан, энхийг сахиулах эрхэм хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлсэн энхийг сахиулагчдад төр, ард түмний нэрийн өмнөөс халуун баяр хүргэв. Мөн бат бэх ар тал нь болж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, өрх гэрээ авч явах ачааны хүндийг үүрч байдаг хань, гэр бүлийнхэнд нь чин сэтгэлийн талархал илэрхийлж, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөлөө.

Монгол, Перугийн харилцаа

Перугийн нэрт эдийн засагч Эрнандо Де Сото Монголд лекц уншив

2022.07.30. Монгол Улс. Улаанбаатар хот. Перугийн нэрт эдийн засагч Эрнандо Де Сото капиталын нууц зохиолоороо дэлхийн улс орнуудад хөгжлийн гарцыг зааж өгсөн гэдэг. Тиймээс ч энэ хүнийг дэлхий нийтээрээ андахгүй, зохиолыг нь уншаагүй хүн ховор билээ. Тухайлбал, Эдийн засгийн ухааны Нобелийн шагналт Милтон Фридман: Албан ёсчлогдоогүй өмчийг албан ёсны болгох нь эдийн засгийн хөгжлийг тэтгэх нэн үр ашигтай арга зам байдгийг Эрнандо дэ Сото амьдрал дээр харууллаа. Тэрбээр улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах боломжийг улс төрчдөд санал болгоод тэр нь тэдний өөрсдийнх нь байр суурийг бэхжүүлэх давхар бололцоо олгож буй юм гэж хэлсэн байдаг. Тэгвэл Их Британы ерөнхий сайд асан Маргарет Тэтчер: Капиталын нууц нь гуравдагч ертөнц болон экс-коммунист орнуудын гол алдаа буюу хувийн өмчийг тэтгэж, аж ахуйн үйл ажиллагааны хүрээг тодорхойлдог хуулийг дээдлэх ёс хангалтгүй байгааг харуулсанд оршино. Улс үндэстнийхээ сайн сайхны төлөө хариуцлага хүлээсэн бүх хүн заавал уншвал зохино гэж уг зохиолын талаар онцолсон байдаг. Тэгвэл капиталын нууц номын зохиогч Эрнандо Де Сото хэдэн жилийн өмнө манай улсад өөрийн биеэр хүрэлцэн ирж капиталын нууцаасаа хуваалцсан юм. Карл Маркс, Энгельс, Ленин, Адам Смит бүгд хөдөлмөр бол баялгийг бүтээгч гэж сургамжилдаг. Хүн хөдөлмөрлөж байж хүрз бүтээнэ. Бүтээсэн хүрзээ бариад дахин хөдөлмөрлөж байж баялаг бүтээх юм. Энэ мэтээр хөдөлмөр бол баялгийг бүтээгч юм гэж 20 зууны эдийн засагчид үздэг байлаа. Гэтэл Перугийн эдийн засаг Эрнандо Де Сото тэднээс арай өөр онол дэвшүүлжээ. Түүнийхээр капиталын нууц юунд оршиж байна вэ. Энэ асуултад Эрнандо Де Сото: Хууль ёсны эрхзүйт эдийн засаг, эрхзүйт систем капиталыг гол амин сүнс. Баялгийг хууль ёсны эдийн засаг, эрхзүйт систем бий болгодог. Хууль эрхзүйгээ дагаж мөрддөг байж баялгийг бүтээнэ гэжээ. Эдийн засгийн харилцаа өмчийн эрхийг тодорхойлохоос эхэлдэг. Өмч хөрөнгөө бүртгүүлсэн хүн түүнийгээ барьцаалж зээл авч болдог. Бас зарж илүү эргэлттэй бизнес эрхэлж чаддаг. Тэр утгаараа бүртгүүлсэн хөрөнгө эдийн засгийн эргэлтэд орж капиталын үндсийг тавина гэж Эрнандо Де Сото үзжээ. Тэрбээр манай улсад ирээд байгалийн баялгаас гадна, иргэдийн хөрөнгөд судалгаа явуулаад амжсан байдаг. Үүгээр улс нь, иргэд нь ихээхэн хөрөнгөтэй ч, үүнийгээ бүртгүүлээгүй учраас капитал болж чадахгүй байгааг монголчуудад хандаж хэлсэн удаатай. Гол нь бүртгүүлэх явц цаг хугацаа хэмнэдэг байвал эдийн засгийн хөгжлийн гол хөшүүрэг гэдгийг тэрбээр онцолсон. Капитал буюу баялгийг бий болгодог гол хүчин зүйл нь бүртгэлийн систем тул бүртгэлийн тогтолцооны ач тус, өмчийн эрхийг баталгаажуулах нь хөгжлийн үндэс юм гэдгийг таниулж, ойлгуулж, лекц уншаад тэрбээр нутаг буцсан байдаг. Мөн Эрнандо Де Сото: Монголд байх хугацаандаа баялаг хэрхэн бий болдог талаар жишээ татан ярьж өгөв. Тэрбээр нэг үзэг бүтээхэд 5000 гаруй эд анги ордог. Эдгээр эд ангиудыг бүтээгчидтэй харилцаа холбоо байхгүйсэн бол баялаг бүтэхгүй байх байсан. Түүхий эдгүйгээр хичнээн хөдөлмөрлөөд ч капиталыг бий болгож чаддаггүй хэмээн ярьж байсныг эргэн сануулахад илүүдэхгүй биз ээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэ Нэйче Консерванси” олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал Женнифер Моррисыг хүлээн авч уулзав

2022.08.23. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Дэ Нэйче Консерванси” олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал Женнифер Моррисыг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх говь, хээрийн экологийн бүс нутгийн үнэлгээ болон хамгаалах шаардлагатай газар нутгийг тогтоох судалгаа хийх, тусгай хамгаалалтад авахад шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх зэрэгт оруулж буй хувь нэмэрт талархал илэрхийлэв. Дэ Нэйче Консерванси олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал, хатагтай Женнифер Моррис уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн олон янз байдлын хомсдолоос үүдэлтэй бэрхшээлийг шийдвэрлэх чиглэлээр Монгол Улсын гаргасан санаачилга, ололт, амжилтыг онцлов. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн байгаль хамгааллын чиглэлийн бодлого, улс төрийн манлайллыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөөллийг бууруулах зорилгоор Тэрбум мод үндэсний хөдөлгөөн санаачилж, иргэд, хувийн хэвшил, хандивлагч орон, олон улсын байгууллагуудаас санхүүжилт татах зорилгоор энэ оны гуравдугаар сард Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан байгуулснаа дурдав. Хатагтай Ж.Моррис Канад, Кост Рика, Бразил, Бутан, Перу зэрэг улсад амжилттай хэрэгжүүлсэн Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн  хөтөлбөрийг Дэ Нэйче Консерванси, Дэлхийн байгаль хамгаалах сан, PEW Charity, ZomaLab нарын хамтарсан Enduring Earth Partnership-н хүрээнд Монгол Улсад хэрэгжүүлэх боломжийн талаар мэдээлэл өгөв. Энэ хөтөлбөр нь Уур амьсгалын өөрчлөлтийн болон Биологийн олон янз байдлын конвенцийн хүрээнд Монгол Улсын хүлээсэн үүргүүд, Тогтвортой хөгжлийн зорилтуудаа биелүүлэхэд туслах зорилготой юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгч дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүрсэн үр дүнг олон улсад сурталчлан таниулах саналыг дэмжихээ илэрхийлэв гэжээ.

Перугийн Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2024.04.02. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Перу Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Марко Винисио Баларезо Лизарзабуру итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа дурдаж, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхийг илэрхийлэв. Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлэв.

Монгол, Польшийн харилцаа

Шадар сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Элчин Сайддыг хүлээн авч уулзав

2016.09.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Элчин сайд Михайль Лабэндатаг хүлээн авч уулзлаа. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Шадар сайд илэрхийллээ. Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны комисс харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэгтэй гээд Польш Улс ойрын хугацаанд Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээнэ гэдэгт найдаж байна гэлээ.

Польшийн Ерөнхийлөгч Андрей Дудатай уулзлаа

2021.09.21. АНУ. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Андрей Дудагийн хүсэлтээр уулзаж харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.Бүгд Найрамдах Польш Улс Монгол Улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгч, Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа дахин нээхээр болсонд талархал илэрхийлэв. Мөн дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалах, уламжлалт, найрсаг харилцааг харилцан сонирхсон бүх салбарт бэхжүүлэхэд бэлэн байгааг тэмдэглэв. Төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, тэр дундаа орчин үеийн дэвшилтэт технологи бүхий экспортын баримжаатай жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр хамтрах талаар Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар хэлэлцэнэ гэдэгт найдаж байгааг илэрхийлэв. Польшийн тал ойрын хугацаанд өндөр түвшний айлчлал хийж, Элчин сайдын яамаа албан ёсоор нээх болсныг Ерөнхийлөгч Андрей Дуда хэллээ. Хоёр улс эдийн засаг, шинжлэх ухаан, залуучуудын солилцооны хөтөлбөрөөр харилцаа, хамтын ажиллагаагаа баяжуулах  зэрэг санал тавилаа.

Польшийн Ерөнхийлөгч Анджей Дудатай утсаар ярилаа

2022.05.10. Төрийн ордон. Улаанбаатар хот. Монгол Улс. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудатай хүсэлтийнх нь дагуу утсаар ярив. Хоёр орны Ерөнхийлөгч харилцаа, хамтын ажиллагааны олон талт асуудлаар санал солилцлоо. Тухайлбал, хоёр талын яриа хэлэлцээний механизм болох Монгол, Польшийн Засгийн газар хоорондын хамтарсан комисс, Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтын үр дүнг сайшааж, улс орны хөгжлийн зорилтоо хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэд хоорондын харилцааг чухалчилж байдгаа онцолж, Польшийн төр, засаг, ард түмэн тус улсад суралцаж, ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд байнга дэмжлэг үзүүлж ирсэнд талархлаа илэрхийллээ.

Польшийн Гадаад хэргийн сайд бараалхав

2022.06.06. Mонгол Улc. Улаанбаатар хот. Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд бөгөөд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 2022 оны дарга Збигнев Рау Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол, Польш улсын эртнээс уламжлалтай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа олон салбар, чиглэлээр өргөжин тэлж байгааг сайшаан тэмдэглэж, хоёр талаас дэвшүүлсэн санал, санаачилгыг бодит ажил хэрэг болгохын төлөө талууд идэвхтэй хамтран ажиллаж, үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлэв. Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд Збигнев Рау Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд тус улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглэж, цаашид хоёр орны улс төр, нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагаа болон ард түмэн хоорондын харилцааг бүхий л түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн Хүнсний хангамж, аюулгүй байдал, Тэрбум мод санаачилгыг дэмжихээ илэрхийлж, энэ хүрээнд хамтран ажиллах боломжийг эрэлхийлэн ажиллана гэлээ. Цаашид талууд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, байгаль орчин, уул уурхай, эрчим хүч, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон бусад салбарт эрчимтэй өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг цохон тэмдэглэв. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда 2022 оны намар Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ гэдгийг илэрхийлэв.

Польшийн Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна

2023.04.17. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад 2023 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч А.Дуда нар албан ёсны хэлэлцээ хийж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлууд болон олон улсын харилцааны зарим асуудлыг хэлэлцэнэ. Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа 2050, дунд хугацааны Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан томоохон зорилтууд, Хүнсний хангамж, аюулгүй байдал, Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрийн хүрээнд польшийн талтай хамтран ажиллах талаар ярилцана. Түүнчлэн хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, дэд бүтэц, боловсрол, соёл зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцоно. Айлчлалын хүрээнд Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, архив, геологи, мал эмнэлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. А.Дуда Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгчөөр 2015 сонгогдсон бөгөөд 2020 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар дахин сонгогдсон. 1990 оноос хойш БНПУ-аас хамгийн сүүлд буюу 2013 онд Ерөнхийлөгч Бронислав Коморовски Монгол Улсад айлчилсан юм.

Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргийн хамт Монгол Улсад хүрэлцэн ирэв

2023.04.24. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт төрийн айлчлал хийхээр Монгол Улсад хүрэлцэн ирэв. Ерөнхийлөгч Анджей Дудаг гэргийн хамт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардахад БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко болон албаны бусад хүн угтан авав. Төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч А.Дуда нар албан ёсны хэлэлцээ хийж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний болон олон улсын харилцааны зарим асуудлыг хэлэлцэнэ. Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа 2050, дунд хугацааны Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан томоохон зорилтууд, Хүнсний хангамж, аюулгүй байдал, Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрийн хүрээнд польшийн талтай хамтран ажиллах талаар ярилцана. Түүнчлэн хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, дэд бүтэц, боловсрол, соёл зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцоно. Айлчлалын хүрээнд Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, архив, геологи, мал эмнэлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм. А.Дуда Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгчөөр 2015 сонгогдсон бөгөөд 2020 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар дахин сонгогдсон. Тэрбээр 2008 онд БНПУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Төрийн нарийн бичгийн орлогч даргаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгч асан Лех Качинскийг дагалдан Монгол Улсад ирж байсан. 1990 оноос хойш  БНПУ-аас хамгийн сүүлд буюу 2013 онд Ерөнхийлөгч Бронислав Коморовски Монгол Улсад айлчилсан юм гэжээ. 

БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудагийн төрийн айлчлал эхэллээ

2023.04.25. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад 2023 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда, гэргий Агата Корнхаузер-Дуда нарыг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Төрийн тэргүүн нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа Ерөнхийлөгч Анджей Дуда Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэг, БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда, гэргий Агата Корнхаузер-Дуда нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын зурав. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда, гэргий Агата Корнхаузер-Дуда нар товч уулзалт хийв. БНПУ нь анх НҮБ-ыг байгуулсан 51 улсын нэг бөгөөд 1999 онд НАТО, 2004 онд Европын Холбооны гишүүн, 2007 онд Шенгений орны нэг болсон. Тус улс хуучин социалист орнуудтай харьцуулахад эдийн засгийн хамгийн их өсөлттэй орон юм. Хөдөө аж ахуй, хүнд машин механизм, хүнсний үйлдвэрлэл болон аялал жуулчлалын салбарыг бодлогоор дэмжиж, эдийн засгаа эрчимтэй солонгоруулж чадсан. Экспортын голлох бүтээгдэхүүн нь машин механизм, тавилга, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн болон хувцас, гутал. Зүүн өмнөд буюу Зүүн Европын улс дундаа хамгийн том, банк, санхүүгийн тогтвортой тогтолцоотой юм.

БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда

1972 онд БНПУ-ын Краков хотод төрсөн. Ягеллонийн их сургууль төгссөн. Польшийн захиргааны эрх зүй дэх хуулийн ашиг сонирхол сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Парламент дахь Хууль ба шударга ёс бүлгийн зөвлөх, Сангийн дэд сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газарт Төрийн нарийн бичгийн орлогч дарга, Краков хотын зөвлөлийн гишүүн, Сеймийн гишүүн, Европын Парламентын гишүүнээр ажиллаж байсан. 2015-2020 онд БНПУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2020 онд дахин сонгогдсон.

Гэргий Агата Корнхаузер-Дуда

1972 онд Краков хотод төрсөн. Ягеллонийн их сургууль төгсөж магистрын зэрэг хамгаалсан. Герман хэлний багш, герман хэлээр ярьдаг орнуудын сургуулиудын оюутан солилцооны хөтөлбөрийн ахлагч зэрэг ажил хийж байсан гэжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда нар ганцаарчилсан уулзалт хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда нар ганцаарчилсан уулзалт хийв. Уулзалтаар Монгол Улс, БНПУ-ын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх, хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх болон олон улсын харилцааны тулгамдсан нийтлэг зарим асуудлаар санал солилцов.

Монгол Улс, БНПУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав

2023.04.25. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад 2023 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Төрийн айлчлалын хүрээнд Засгийн газар, агентлаг, байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

  • Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНПУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт монголын талаас Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, польшийн талаас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко,
  • Бэлийн булаг, задгай булаг дахь молибден, гянтболд судлах төсөл хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Үндэсний геологийн алба, БНПУ-ын Геологийн хүрээлэн-Үндэсний геологийн алба хоорондын гүйцэтгэлийн гэрээнд монголын талаас Үндэсний геологийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Уянга, польшийн талаас Геологийн хүрээлэнгийн орлогч дарга Анджей Глушыньски,
  • Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Мал эмнэлгийн ерөнхий газар, БНПУ-ын Мал эмнэлгийн хяналтын ерөнхий газар хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт монголын талаас Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Алтансүх, польшийн талаас Онц Бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко,
  • Хамтран ажиллах тухай Монгол Улсын Архивын ерөнхий газар, БНПУ-ын Төрийн архивын удирдах газар хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, польшийн талаас Төрийн архивын удирдах газрын ерөнхий захирал Павел Петшык,
  • Хамтран ажиллах тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академи, БНПУ-ын Варшавын их сургууль хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрт монголын талаас Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, польшийн талаас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко нар гарын үсэг зурав гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда нар албан ёсны хэлэлцээ хийв

2023.04.25.Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудатай албан ёсны хэлэлцээ хийлээ. Хоёр улс төрийн тэргүүний түвшинд 5-10 жилийн давтамжтай харилцан айлчлал хийж ирсэн бөгөөд өмнөх айлчлалаас хойш 10 жилийн дараа Ерөнхийлөгч Анджей Дуда айлчилж байгаа нь хоёр орны харилцааны түүхэнд тодоор бичигдэж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд бат бэх суурь болно гэдгийг талууд  тэмдэглэв. Дэлхийн улс орнуудын өмнө тулгарч буй цар тахал, олон улсын харилцаа, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн томоохон сорилтуудын үр дагавар, шийдлийн талаар ярилцаж, хүндрэл, бэрхшээлийг хамтын хүчин чармайлтаар давна гэдэгт санал нэгдлээ. БНПУ нь Монгол Улсын гуравдагч хөрш, дотно түншийн нэг бөгөөд хүндрэл, бэрхшээлтэй үед ч харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй идэвхтэй өрнөж ирсэн. Тухайлбал, Монгол Улсад суух Элчин сайдын яамаа сэргээх шийдвэрийг 2021 онд гаргаж, төрийн айлчлалын үеэр албан  ёсоор нээж байгаад баяртай байгаагаа Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх онцлон тэмдэглэв. Элчин сайдын яамандаа Консулын хэлтэс ажиллуулах монголын талын хүсэлтийг БНПУ 2024 оноос ажил хэрэг болгохоос гадна монгол оюутны тоог нэмэгдүүлэхээ нотлов. Ингэснээр монгол иргэд БНПУ-д зорчих визээ Монгол Улс дахь Бүгд Найрамдах Чех Улсын болон БНХАУ дахь тус улсын Элчин сайдын яамнаас авах шаардлагагүй болох юм. Монгол оюутнууд хоёр орны ард иргэдийг холбох гүүр нь болж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулна гэдэгт талууд итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Хоёр улсын Парламент, Засгийн газар, төрийн байгууллагууд, иргэд, бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид хоорондын харилцаа идэвхжиж, хоёр орны худалдааны эргэлт 100 сая орчим ам.долларт хүрэн, сүүлийн гурван жилд хоёр дахин нэмэгдсэнийг талууд онцлов. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг эрчимтэй нэмэгдүүлж, томоохон бүтээн байгуулалт, зам тээвэр, боловсрол, геологи, уул уурхай, соёл урлаг, байгаль орчин зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо. Хүнсний хангамж, аюулгүй байдал, Тэрбум мод үндэсний хөдөлгөөний  хүрээнд хамтран ажиллаж, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хөдөө аж ахуй, байгаль орчны салбарт хэрэгжүүлэхээр санал нэгдэв. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, нээлттэй, олон тулгуурт энх тайванч бодлогыг эрхэмлэдэг Монгол Улс нь ардчилсан нийгмийн үнэт зүйлээ хамгаалах, бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүс нутагтаа хөгжүүлэхийг эрмэлзэж буй БНПУ-ын бодлогыг хүндэтгэж, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээ  нотоллоо. Төрийн айлчлалын үеэр хийсэн хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлууд олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг зорилтуудыг хэрэгжүүлэхэд төдийгүй, хоёр орны хөгжил цэцэглэлт, нийт ард иргэдийн сайн сайхны төлөө биеллээ олж, харилцаа, хамтын ажиллагаа шинэ түвшинд гарна гэдэгт итгэл төгс байгаагаа талууд илэрхийллээ.

Польш-Монголын бизнес форум болов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад 2023 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Төрийн айлчлалын хүрээнд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, БНПУ-ын Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг хамтран Польш-Монголын бизнес форумыг Шангри-Ла зочид буудалд зохион байгууллаа. Бизнес форумд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда нар оролцов. Ерөнхийлөгч Анджей Дуда хэлсэн үгэндээ, харилцаа өргөжин хөгжиж, худалдааны эргэлт нэмэгдэхийн хэрээр тус улсын аж ахуйн нэгжүүдийн Монгол Улсыг сонирхох сонирхол өсөн нэмэгдэж байгааг тэмдэглэв. БНПУ нь Монгол Улс руу хийж байгаа бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээгээрээ Европын Холбооны Улсад тэргүүлж байгаа орны нэг гэдгийг хэлэв. Цаашид уул уурхай, ашигт малтмал, геологи, байгаль орчин зэрэг салбарт хөрөнгө оруулж, харилцан ашигтай хамтран ажиллах боломжтойг онцолж, 2024 онд Улаанбаатар хотноо үйл ажиллагаагаа эхлэх Консулын хэлтэс худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байгаагаа хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, уул уурхай, геологи, соёл, боловсрол, байгаль орчин, банк, санхүү, цахим худалдааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх шинэ боломж нээгдэж байгааг тэмдэглэв. Монгол Улс эдийн засгаа сэргээх бодлогын хүрээнд хоёр хөршөөс гадна Гуравдагч хөршийн оролцоог нэмэгдүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх, олон тулгуурт, зохистой бүтэцтэй болохыг зорьж байгааг хэлэв. Цаашид хөрөнгө оруулалтын бодлогоо улам тодорхой болгож, тогтвортой, тууштай, Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш байх зарчим баримтлан, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр цогц шинэчлэл хийж байгааг онцлов. БНПУ-ын аж ахуйн нэгжүүд сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмж, мэдээлэл технологи, эрчим хүч, барилга, ажил зуучлал зэрэг чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байлаа.Мөн БНПУ-ын бизнес эрхлэгчдийг Монгол Улсад бизнес эрхэлж, хөрөнгө оруулан, харилцан ашигтай хамтран ажиллахыг урилаа. Бизнес форумд БНПУ-ын 23 аж ахуйн нэгжийн 31 бизнес эрхлэгч, Монгол Улсаас 350 гаруй бизнес эрхлэгч оролцож, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн боломжуудыг эрэлхийлэхийн зэрэгцээ ганцаарчилсан уулзалт хийн, түншийн харилцаа тогтоолоо. Монгол Улс, БНПУ-ын худалдааны эргэлт жил ирэх тусам нэмэгдэн,  сүүлийн гурван жилийн хугацаанд худалдааны эргэлт хоёр дахин өсөж, 100 сая ам.долларт хүрсэн. Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНПУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан нь худалдаа болон дамжин өнгөрөх тээврийн өртөг зардал буурах, цаг хугацаа хэмнэх зэрэг олон эерэг үр дүн авчирна. Мөн Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын бизнесийн зөвлөл болон БНПУ-ын Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг хооронд хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулсан нь бизнес эрхлэгчдийн харилцаа, холбоог гүнзгийрүүлэх ач холбогдолтой юм. БНПУ-ын экспортын хэмжээ 343,8 тэрбум евро. /машин, тоног төхөөрөмж, химийн бүтээгдэхүүн, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, металлурги/. Импортын хэмжээ 363,7 тэрбум евро. /машин, тоног төхөөрөмж, химийн бүтээгдэхүүн, эрдэс бодис/. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нь 3,7 тэрбум евро юм гэжээ.

Ерөнхийлөгч нар мэдээлэл хийв

2023.04.25.Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл хийв. Албан ёсны хэлэлцээ үр дүнтэй болж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач ач холбогдолтой болсон гэдгийг төрийн тэргүүн нар тэмдэглэв. Хэлэлцээний үеэр цар тахал, олон улсын харилцаа, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдлаас үүдэлтэй сорилтуудыг хамтын хүчээр даван туулж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа. Төрийн айлчлалын хүрээнд БНПУ Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа албан ёсоор нээж, ирэх оноос Консулын хэлтэс ажиллуулах болсон нь харилцаанд томоохон түлхэц болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тэмдэглэв.

Худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлнэ

Парламент, Засгийн газар, төрийн байгууллагууд, иргэд, бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн харилцаа идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа төрийн тэргүүн нар илэрхийлэв. Цаашид худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бүтээн байгуулалт, зам тээвэр, боловсрол, геологи, уул уурхай, соёл урлаг, байгаль орчин, иргэд хоорондын харилцаа зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөнүүдийг дэмжинэ

Хүнсний хангамж, аюулгүй байдал, Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллаж, энэ чиглэлээр монгол оюутнуудыг БНПУ-д сурган, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хөдөө аж, ахуй, байгаль орчны салбарт хэрэгжүүлэхээр болов. Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээ нотоллоо. Албан ёсны хэлэлцээ, харилцан тохиролцсон зүйлс харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа төрийн тэргүүн нар илэрхийлэв.

Харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа монгол иргэдийг шагнав

2023.04.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад хийж байгаа төрийн айлчлал үргэлжилж байна. БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа монгол иргэдэд төрийн одон гардуулав.

Гавьяаны загалмайн алтан одонгоор:

  • Зэвсэгт хүчний Жанжин штабын мэргэжилтэн, хошууч Ганболдын Аззаяа,

Гавьяаны загалмайн мөнгөн одонгоор:

  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цахим хөгжил, хууль эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч дарга Рэнцэндагвын Дагва,

Гавьяаны загалмайн хүрэл одонгоор:

  • Монголын Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач Олонбаярын Эрдэнэцогт нарыг шагналаа.

Хошууч Г.Аззаяа Иракийн Аль-Хилла дахь Чарли баазад 2004.02.18-ны өдөр харуулын цэгт үүрэг гүйцэтгэж байхдаа Олон үндэстний дивизийн Төв-Өмнөд командлалын байр руу довтлохыг завдсан алан хядагчдын үйлдлийг таслан зогсоосон. Ингэснээр эвслийн цэргүүд, тэр дундаа Польшийн II ээлжийн олон алба хаагчийн амийг аварсан.

Рэнцэндагвын Дагва Улаанбаатар, Варшав хотын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй ажилладаг. 2018 онд Варшав хотын Тээврийн газар болон Харилцаа холбооны газрын төлөөлөгчдийн Улаанбаатарт хийсэн айлчлалыг зохион байгуулсан. Нийтийн тээвэр, хотын дэд бүтэц, орон нутгийн засаг захиргааны эрх зүйн зохицуулалтын чиглэлээр польшийн талтай хамтран ажиллаж байна. Улаанбаатар хотноо Польшийн алдарт төгөлдөр хуурч Ф.Шопены нэрэмжит гудамж бий болгох санаачилга дэвшүүлж ажил хэрэг болгосон.

Олонбаярын Эрдэнэцогт БНПУ-ын Краков хотын Дүрслэх урлагийн академи төгссөн. Польшийн ардчилсан өөрчлөлтөөс санаа авсан бүтээлдээ хүн төрөлхтний эрх чөлөөг эрэлхийлэх сэдвийг тусгадаг.

1996 онд Тэмүүлэл ба саад бүтээл, 2006 онд бие даасан үзэсгэлэнгээ БНПУ-ын Элчин сайдын яамнаа толилуулж, Польшийн урлагийг  сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан.

БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудад Монгол Улсын их сургууль Хүндэт доктор цол олголоо. Эрхэм зочин мөн өдөр гэргийн хамт Чингис хаан музейг үзэж сонирхлоо гэжээ. 

-БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудагийн төрийн айлчлал өндөрлөв-

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөв. Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда, гэргий Агата Корнхаузер-Дуда нарыг Монгол болон Польшийн албаны хүмүүс үдлээ. 

БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудагийн төрийн айлчлал өндөрлөв

2023.04.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөв. Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда, гэргий Агата Корнхаузер-Дуда нарыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко болон албаны бусад хүн үдлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польшийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2025.01.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойког хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж байгааг тэмдэглэж, 2023 онд Ерөнхийлөгч А.Дудагийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлал чухал түлхэц болсныг онцоллоо. Төрийн тэргүүн нарын харилцан тохиролцсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгохын төлөө Элчин сайд Кшыштоф Бойко, Элчин сайдын яамны хамт олон идэвх, зүтгэл гаргаж ажиллаж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэлээ. Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн олон салбарт өргөжүүлж, шинэ шатанд гаргах болон онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлэн Элчин сайд Кшыштоф Бойког “Найрамдал” медалиар шагналаа. Элчин сайд К.Бойко Монгол Улсын Ерөнхийлөгчид 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан. Түүнийг ажиллах хугацаанд буюу 2023 онд Польш Улс Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа дахин нээж, 2024 оноос манай улсын иргэдэд консулын үйлчилгээ үзүүлж байна.

Монгол, Сербийн харилцаа

Сербийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023.11.16. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Серби Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Маяа Стефанович Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд Маяа Стефанович харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлэв.

Монгол, Сингапурын харилцаа

Сингапур улс руу хамтарсан нислэг үйлдэнэ

2017.05.19. Монгол Улс. Улаанбаатар хот. Агаарын тээврийн салбарт нислэгийн сүлжээгээ өргөжүүлж, давтамжаа нэмэгдүүлэх, суудал ашиглалтаа сайжруулах,  шинэ зах зээлд нэвтрэх, эдийн засгийн хувьд зардал бууруулах, хэмнэх боломжийг Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн салбарынхан судалж, хэрэгжүүлж эхлээд байна. Ингэхдээ агаарын тээврийн компаниуд аяллын дугаар хамтран эзэмших хэлбэрээр гадаадын тээвэрлэгч компаниудтай хэлэлцээр байгуулж, өөрийн аялалын дугаараар үйлчлэх боломжтой юм. Ингэснээр нислэгийн цагийн хуваарь уялдан зохицуулагдаж, зорчигчдийн хувьд нислэгийн сонголт нэмэгдэж, тав тухтай байдлыг бий болгохоос гадна түнш агаарын тээврийн компаниудын хооронд зорчигч болон тээш дамжуулах үйл явц хялбарших ач холбогдолтой. Мөн санхүүгийн хувьд бага зардлаар, олон сонголттой тарифаар үйлчлүүлэх боломж нээгдэж, агаарын тээврийн компаниудын нислэгийн зардлыг бууруулж, суудал ашиглалтыг нэмэгдүүлэх давуу талтай. Энэхүү хамтын ажиллагааны жишээ бол МИАТ компани болон ОХУ-ын Аэрофлот компанитай хамтран Улаанбаатар-Москва-Улаанбаатар чиглэлд, БНСУ-ын Кореан эйр компанитай Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд хамтарсан нислэг үйлдэж байгаа юм. Мөн өөрийн нислэг үйлдэж буй цэгээс цааших цэгүүд рүү аль нэг агаарын тээврийн компанийг түшиглэн тэдний сүлжээг ашиглан зорчигчдыг эцсийн цэг хүргэх, тараах чиглэл барих буюу код хуваах нөхцөлөөр зах зээлээ тэлэх боломжийг эрэлхийлж байгаа аж. МИАТ болон Катэй Пасифик компанийн хамтран ажиллах гэрээний дагуу ирэх сараас эхлэн борлуулалтаа эхлүүлж долдугаар сараас хамтарсан нислэг үйлдэхээр төлөвлөөд байгаа аж. Гэрээний дагуу Катэй Пасифик компанийн Хонконгоос цаашхи Австралийн Перт, Брисбан, Сидней, Мельбурн, Энэтхэгийн Шинэ Дели болон Сингапур руу үйлддэг нислэгт монголын тал маркетингийн тээвэрлэгчээр оролцох эрхтэй болж буй юм. Мөн эдгээр хотуудаас Монгол руу зорчих зорчигч урсгалыг Хонконгоор дамжуулан тээвэрлэх боломж нээгдэж байна. Цаашид Зүүн Өмнөд Азийн зарим орнуудтай агаарын харилцааны хэлэлцээр шинээр байгуулах боломжийг судалж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. Энэхүү хамтын ажиллагааг эхлүүлсэнээр Хонконг чиглэлийн зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, Зүүн Өмнөд Ази руу чиглэсэн нислэгийн сүлжээгээ өргөжүүлж, нислэгийн давтамжаа нэмэгдүүлэхээс гадна агаарын хөлгийн ашиглалтыг сайжруулж, шинэ зах зээлд нэвтрэх боломж бүрдэж байна гэжээ.

Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхийлөгч Халима Яаокоб мэндчилгээ ирүүлжээ

2023.07.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан гадаадын улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд баярын мэндчилгээ ирүүлсээр байна. Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхийлөгч Халима Яаокоб: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон монголын найрсаг ард түмэнд Үндэсний их баяр наадмын баярын мэнд хүргэж, сайн сайхан, энх тайван, хөгжил дэвшлийг хүсэн ерөөе.

Сингапурын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлэв

2024.07.14. Монгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан гадаадын улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд Монгол Улсын Ерөнхийлөгчид баяр наадмын мэндчилгээ ирүүлсээр байна. Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхийлөгч Тарман Шанмугаратнам:Монгол Улсын Үндэсний их баяр наадмын халуун мэндчилгээг Эрхэмсэг Ерөнхийлөгч Танд болон Танай ард түмэнд Сингапурын ард түмний нэрийн өмнөөс хүргэхийн ялдамд танай улсад энх тайван, хөгжил, дэвшил цэцэглэн хөгжихийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлж буйдаа туйлын баяртай байна.

Конг Вай Маныг хүлээн авч уулзав

Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчдийн баг Монгол Улсад ажиллаж байна. Сангийн сайд Б.Жавхлан, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат нар 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сингапурын Хамтын ажиллагааны байгууллагын гүйцэтгэх захирал Конг Вай Маныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, туршлага солилцох талаар ярилцав. Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур Улсын хооронд 1970 оны 6 дугаар сарын 11-нд дипломат харилцаа тогтоосон. Сингапурын Техник хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсаас жил бүр дунджаар 90 орчим төрийн албан хаагчид Төрийн удирдлага, Засаглалын ил тод байдал, Хот төлөвлөлт зэрэг богино хугацааны сургалтад хамрагдаж байна.

Монгол, Сирийн харилцаа

Арабын Бүгд Найрамдах Сири Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023.11.17. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Арабын Бүгд Найрамдах Сири Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хасанеин Хаддам Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд Хасанеин Хаддам харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Монгол, Словакийн харилцаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Словакийн Шадар сайд бараалхав

2017.11.28. Монгол Улс. Улаанбаатар хот. Манай улсад ажлын айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Словак Улсын Шадар сайд Петер Пеллегрини тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхав. Словакийн Шадар сайдын энэ удаагийн  айлчлал хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж гэж үзэж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв. Айлчлалын хүрээнд “Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Словак Улсын Эдийн засгийн яам хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурж, бизнес форум зохион байгуулахаар төлөвлөсөн нь бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд шинэ зах зээлд нэвтрэх гарц болох нь дамжигггүй гэв. Талууд худалдаа, эдийн засгийн харилцаандаа түлхүү ач холбогдол өгч, хүнс, хөдөө аж ахуй, газар тариалан, мэдээллийн технологи, уул уурхай, болон бусад харилцан сонирхсон салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг Ерөнхий сайд тэмдэглэв. Шадар сайд Петер Пеллегрини улсынхаа Ерөнхий сайдын мэндчилгээг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргэж амжилт хүслээ. Тэрээр энэ удаагийн айлчлал хоёр улсын харилцаанд шинэ хуудас нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Словакийн тал мөн худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, хүнс, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, цахим засаглал болон бусад салбарт хамтран ажиллах сонирхолтой байна гэлээ. Мөн оюутан солилцооны хөтөлбөрөө цаашид үргэлжлүүлнэ гэжээ.  

Монгол, Словенийн харилцаа

Словенийн Элчин сайд итгэмжлэх жуухаа өргөн барив

2022.04.27. Төрийн ордон. Улаанбаатар хот. Монгол Улс.Бүгд Найрамдах Словени Улсаас Монгол Улсад суух Элчин сайд, хатагтай Аленко Сухадолник Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ барив. Өнгөрсөн онд байгуулж, хүчин төгөлдөр үйлчилж эхлээд байгаа Монгол, Словени хоёр улсын хооронд Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтойг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэв. Мөн аялал жуулчлалын салбарт хамтарч, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж хоорондын харилцааг өргөжүүлэх нь чухал гэж үздэгээ илэрхийлэв. Элчин сайд, хатагтай А.Сухадолник ирэх жил тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж буйгаа илэрхийлэв. Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хүчин чармайлт гаргаж, Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллахаа онцлов. Элчин сайд А.Сухадолник нь 2019 онд Бүгд Найрамдах Словени Улсаас БНХАУ-д суух Элчин сайд, Монгол Улсыг хавсран суух Элчин сайдаар томилогдсон юм.

Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгчтэй уулзав

2022.09.23. AНУ. Нью-Йорк хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Борут Пахортай уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтын эхэнд Монгол, Словенийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн босгон дээр уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ. Хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэхийн төлөө байгаагаа хэлэв. Талууд харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, аялал жуулчлал, ойн менежмент зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх бүрэн боломжтойг тэмдэглэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгчтэй уулзав

2023.09.22. АНУ. Нью-Йорк хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Мусартай уулзлаа. Талууд уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, энэ хүрээнд худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэг, аялал жуулчлал, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Мөн олон талт хамтын ажиллагаа, түүний дотор НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд илгээх цэргийн баг бүрэлдэхүүний чадавхыг бэхжүүлэх, эмэгтэй энхийг сахиулагчдын тоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтрах талаар ярилцав. Монгол Улс өнгөрсөн 20 жилийн хугацаанд НҮБ-ын Энхийг сахиулах болон Олон улсын цэргийн ажиллагаанд 20 гаруй мянган цэргийн алба хаагчаа илгээсний 900 гаруй нь эмэгтэйчүүд юм. НҮБ-ын цэрэг хандивлагч орнуудын дунд энхийг сахиулагч эмэгтэйчүүдийнхээ тоогоор 20 дугаарт эрэмбэлэгддэг.  Эмэгтэй цэргийн алба хаагчийн тоог 15 хувьд хүргэх НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагааны газрын уриалгыг Монгол Улс дэмжиж,  2027 он гэхэд цэргийн багийн бие бүрэлдэхүүний 15, бие даан үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний 25 хувийг эмэгтэй цэргийн алба хаагчаар бүрдүүлэх юм. Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улс дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг энэ жил хамтран тэмдэглэж байна.

Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

2024.08.14. Монгол Улс. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах .Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж, 08 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад Хүндэт зочноор оролцоно. Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах зэрэг чиглэлд хамтарч ажиллах талаар ярилцана. Мөн олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцоно. Түүнчлэн Монгол-Словений Хамтарсан тунхаглал, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг тээвэр, аялал жуулчлал, ойн салбарт гүнзгийрүүлэхэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой өнгөрсөн онд тохиосон бөгөөд энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд хэрэгжих Төрийн айлчлал нь Словени Улсын Ерөнхийлөгчийн түвшинд манай улсад хийж буй анхны айлчлал юм.

Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024.08.20. Монгол Улс. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар, нөхөр Др. Алеш Мусарын хамт төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар, нөхөр Др. Алеш Мусар болон дагалдан яваа төлөөлөгчдийг  Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд, Бүгд Найрамдах Словени Улсаас Монгол Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аленка Сухадольник нар угтаж авлаа. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар нар албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө. Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно. Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар төрийн айлчлалынхаа хүрээнд Ой тогтвортой байдал, эмэгтэйчүүд хөтөлбөр, бизнес форум, Улаанбаатар хотноо зохион байгуулах Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зэрэгт оролцохоор төлөвлөж байна.

Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2024.08.20. Монгол Улс. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд  төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа П.Мусар, нөхөр Др. Алеш Мусар нарыг Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, Ерөнхийлөгч Др.Наташа П.Мусар Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ. Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улс болон Бүгд Найрамдах Словени Улсын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчидтэй мэндчиллээ. Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч Др. Наташа П.Мусар Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, жендерийн эрх тэгш байдлыг хангах зэрэг чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцана. Мөн олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцоно. Айлчлалын хүрээнд Монгол-Словенийн Хамтарсан тунхаглал, аялал жуулчлал, ой зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой өнгөрсөн онд тохиосон юм.

Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2024.08.20. Монгол Улс. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд  төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Төрийн тэргүүн нар хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг ардчиллын үнэт зүйлд суурилсан 30 жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны ололтоо бататгаж, улс орны хөгжил дэвшил, даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хувь нэмрээ оруулах талаар ярилцлаа. Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, Хүнсний хангамж, аюулгүй байдал, Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, Илгээлт-2100 тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Олон улс, бүс нутгийн түвшинд хоёр талаас дэвшүүлсэн санал, санаачилгуудыг хамтран хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн олон янз байдлын алдагдалтай тэмцэх, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, жендерийн эрх тэгш байдлыг хангах зэрэг чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Монгол, Словенийн харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа  

2024.08.20. Монгол Улс.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд  төрийн айлчлал хийж байна. Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн Монгол, Словенийн Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа.

  • МОНГОЛ, СЛОВЕНИЙН ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ

Төрийн тэргүүн нар энх тайван, аюулгүй байдлыг хангах, тогтвортой хөгжлийг цогцлоох, уур амьсгалын зохистой байдал, хүн бүрийн эрхийг хангах, тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, цөлжилттэй тэмцэх, хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэгт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн бүх салбарт жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжихэд чиглэсэн олон улсын хүч чармайлтад хувь нэмрээ оруулах санал, санаачилгыг дэмжиж байгаагаа нотоллоо.Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого, “Гуравдагч хөрш”-ийн бодлого болон Бүгд Найрамдах Словени Улсын энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэл, хоёр талын сайн харилцаа, НҮБ төвтэй  олон талт тогтолцооны төлөөх хүчин чармайлтыг уялдуулж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов.

  • АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ СЛОВЕНИ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, СПОРТЫН ЯАМ ХООРОНДЫН САНАМЖ БИЧИГ

Хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх, олон улсад өрсөлдөх чадвар бүхий тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, боломжийг эрэлхийлсэн хамтарсан судалгаа хийх, аялал жуулчлалын маркетинг, сурталчилгааг эрчимжүүлэх, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгалийн баялаг, соёлын өвийг хамгаалах чиглэлээр хамтарна.

  • АГААРЫН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХ АСУУДЛААРХ ЭРМЭЛЗЛИЙН ЗАХИДАЛ

Нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдэх, иргэд, аж ахуйн нэгжийн зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөх, худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа хөгжих ач холбогдолтой. Талууд ойрын хугацаанд Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж, хэрэгжүүлж  эхлэхээр  тохиролцлоо.

  • ОЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ОЙН ГАЗАР БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СЛОВЕНИ УЛСЫН ОЙН АЛБА, ОЙН ХҮРЭЭЛЭН ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ

Тогтвортой, урт хугацааны хамтын ажиллагааг өрнүүлж, ойн аж ахуй, ойн тогтвортой менежментийг хөгжүүлнэ. Цөлжилт, хөрсний доройтол, элэгдэлтэй тэмцэх зорилгоор мод тарих, ойжуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр туршлага солилцох, агро-ойн аж ахуйн шилдэг технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, ойг эдийн засаг, аялал жуулчлал, нийгэм, соёлын салбарын зориулалтаар ашиглах нөөц, боломжийг бүрдүүлж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хувь нэмэр оруулна.

  • МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ БОЛОН СЛОВЕНИЙН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”

Хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес уулзалт, форум зохион байгуулах, хөрөнгө оруулалт, бизнесийн төсөл хөтөлбөрүүдийг дэмжинэ. Гарааны бизнес, жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжиж, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэн, бизнесүүдэд зөвлөгөө, зөвлөмж өгч,  хамтарсан бизнес уулзалт болон бусад арга хэмжээ зохион байгуулж, бизнес эрхлэгчдийг холбоно.

Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч нар мэдээлэл хийлээ

2024.08.20. Монгол Улс. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өглөө. Монгол, Словени хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд болж буй төрийн анхны айлчлал харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт талууд санал нэгдлээ. Төрийн тэргүүн нар Монгол-Словенийн Хамтарсан тунхаглал болон аялал жуулчлал, ойн салбарт хамтран ажиллах тухай баримт гарын үсэг зурсныг зарлалаа. Талууд харилцаа, хамтын ажиллагаа, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, даян дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийн төлөө хамтын хүч чармайлт гаргаж ажиллахаа нотоллоо. Хоёр улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

“Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Энд цугларсан хэвлэлийн төлөөлөгчид өө,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Монгол Улс, Словени Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч, эрхэмсэг хатагтай Наташа Мусар төрийн айлчлал хийж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны энэ айлчлал Словени Улсын төрийн тэргүүний манай улсад хийж буй анхны төрийн айлчлал бөгөөд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүхийн нэгэн шинэ хуудсыг та бид хамтдаа нээж байна. Бүгд Найрамдах Словени Улсыг бид гуравдагч хөрш, Европ дахь чухал түншүүдийн нэг гэж үздэг бөгөөд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг ардчиллын үнэт зүйлд тулгуурлан өргөжин хөгжиж байна. Айлчлалын үеэр бид харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, улс орны хөгжил дэвшил, эдийн засгийн үр өгөөжтэй харилцааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Бидний яриа хэлэлцээний үр дүнд “Монгол, Словенийн Хамтарсан тунхаглал”, “Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Санамж бичиг”, “Ойн салбарт хамтран ажиллах тухай Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Мөн “Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар эцэслэн тохиролцлоо. Эдгээр баримт бичиг нь манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны цаашдын чиглэл, замын зураглалыг тодорхойлж, хоёр орны харилцааг бүхий л салбарт бэхжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна. Энэ удаагийн төрийн айлчлал нь худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, байгаль орчин, зам тээвэр, аялал жуулчлал, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болж байна. Мөн хүрээлэн буй орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь манай хоёр орны Дунд болон урт хугацааны хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх тэргүүлэх зорилтуудын нэг. Энэ чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах нь зүйтэй гэж үзлээ. Словени Улсын “Крка” эмийн бүтээгдэхүүн манай зах зээлд нэгэнтээ танигдсан, цаашид энэ чиглэлийн худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх өргөн боломж байна. Монгол, Словенийн бизнес эрхлэгчдийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохирлоо. Улс төр, нийгэм, эдийн засгийн бүх салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, жендерийн эрх тэгш байдлыг хангах нь манай хоёр орны нийтлэг зорилт бөгөөд энэ зорилтоо амжилттай хэрэгжүүлэхэд хамтын хүчин чармайлт гаргах нь чухал гэдэгтэй санал нэгдлээ. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч та манай сайхан оронд төрийн айлчлал хийхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо болж буй “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д хүндэт зочноор оролцох болсонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Манай хоёр улс нийтлэг зорилт, гадаад бодлогын ижил төстэй байр сууриа бататгаж, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхээ нотоллоо. Цаашид харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхжиж, эдийн засгийн агуулгаар баяжин, олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт хамтын хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна. Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого болон Словени Улсын даян дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх хүчин чармайлт, бодлогыг харилцан уялдуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө байна. Та бидний яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард иргэдийн сайн сайхны төлөө үр дүнтэй биеллээ олж, харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхэжнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Наташа Мусар таныг болон эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид Та бүхнийг мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад тавтай сайхан морилохыг хүсье”.

БҮГД НАЙРАМДАХ СЛОВЕНИ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДР. НАТАША ПИРЦ МУСАР:

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Хэвлэл мэдээллийн төлөөлөгчид өө,
Словени Улс 31 жилийн өмнө буюу 1993 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон бөгөөд эрхэм хүндэт Ерөнхийлөгчийн найрсаг урилгыг хүлээн авч, танай сайхан оронд хүрэлцэн ирсэндээ баяртай байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр 2024-2025 онд ажиллахаар Словени Улс нэрээ дэвшүүлж, бэлтгэлээ хангаж байх үеэр бид хоёр талын улс төрийн яриа хэлэлцээ, хамтын ажиллагаагаа бэхжүүлсэн. Монгол Улсын Гадаад харилцааны сайд 2023 оны 05 дугаар сард Словени Улсад айлчилж, “Төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх асуудлаар олон улсад хамтран ажиллах тухай Любляна-Гаагийн конвенц”-ыг баталсан дипломат бага хуралд оролцож байсан. Словени болон Монгол Улс нэгдмэл олон зорилго, хүсэл эрмэлзэлтэй. Манай хоёр улс ардчилал, эрх зүйт ёс, хүний эрхийг эрхэмлэн дээдэлдэг. Бид мөн олон талт хамтын ажиллагааг тууштай дэмжиж, эмэгтэйчүүдийн эрх, энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, олон улсын хууль дээдлэх, тогтвортой хөгжлийг хангах зэрэг олон улсын харилцааны ижил төстэй бодлогыг хэрэгжүүлдэг. Монгол, Словени Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх олон улсын гэрээ санаачлагч улсууд юм. Манай хоёр улс уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл, бүс нутаг, олон улсын геополитикийн өөрчлөлтөөс улбаатай нийтлэг олон сорилттой тулгарч байна. Монгол Улс өнгөрсөн өвөл сүүлийн жилүүдэд тохиож байгаагүй хүндрэлтэй тулгарсан бол Словени Улс мөн үерийн гамшигт нэрвэгдсэн. Чиг бодлого нэгтэй улсуудын нягт хамтын ажиллагаа, эв нэгдэл, дипломат хүч чармайлт нэн чухал гэдгийг эдгээр сорилт харуулж байна. Словени Улс ойн аж ахуйн тогтвортой менежментийн чиглэлээр мэдлэг, туршлагаа Монгол Улстай хуваалцаж байгаад баяртай байна. Хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдийн чадавхыг бэхжүүлэх төсөл нь Словени Улсын дэмжлэгтэйгээр хоёр дахь жилдээ үргэлжилж байна. Төслийн үр дүнд ойн аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн анхны холбоо Монголд байгуулагдлаа. Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, жендерийн тэгш байдлыг хангах сургалтыг Словени Улс 2023 онд Монголын энхийг сахиулагчдад явуулсан. Үүнийг монголын энхийг сахиулагчид сайшаасан. Энэ төслийг Словени Улсын Энхийг сахиулах ажиллагааны сургалтын төв хэрэгжүүлсэн бөгөөд жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх төслийг Европт хэрэгжүүлэхээр сонгогдоод байна. Жендерийн тэгш байдлыг хангах, охид, эмэгтэйчүүдийн нийгмийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр Монгол Улс манлайлан ажиллаж байгааг Словени Улс гүнээ талархан сайшааж буйг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Мөн Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулж буйг бид сайшааж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн урилгыг хүлээн авч, чуулга уулзалтад хүндэт зочноор оролцож байгаадаа туйлын баяртай байна. Энэ арга хэмжээ нь нийгмийн бүхий л салбарт эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог тодотгох, тулгарч буй сорилтыг шийдвэрлэх, эмэгтэйчүүдийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг асуудлаар яриа хэлцэл хийх чухал талбар болж байна. Словени Улс хүний эрхийн асуудалд онцгой ач холбогдол өгдөг. Эмэгтэйчүүдийн эрхийг хангах асуудал олон улсын талбарт хэрэгжүүлж буй бидний тэргүүлэх чиглэлийн нэг юм. Энэ чуулга уулзалт үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлэх боломжийг олгож, жижиг мэт боловч илүү сайхан ирээдүйг цогцлооход нэн чухал алхмуудыг хийж буй бөгөөд нээлтийн хуралдаанд хүндэт зочноор оролцох нь нэн өндөр хүндэтгэл юм. Словени, Монгол хоорондын худалдаа, эдийн засгийн хэмжээ харьцангуй бага боловч төрийн айлчлалын үеэр зохиох бизнес форум цаашид өргөжүүлэх, тэлэх, хамтын ажиллагааны шинэ чиглэлийн үүд хаалгыг нээх чухал боломжийг бүрдүүлж байна. Энэ форум эм, эмийн бүтээгдэхүүн, ухаалаг хөдөө аж ахуй, хүнс тэжээл, цахим хөгжил, хиймэл оюун ухааны салбарт хамтран ажиллах боломжийг олгох юм. Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Словени Улсын Эдийн засаг, аялал жуулчлалын яам, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хоорондын санамж бичиг” байгууллаа. Энэ айлчлал нь улс төр, эдийн засгийн агуулгаас гадна соёлын дипломат ажиллагааг эрчимжүүлнэ. Словенийн гэрэл зурагчин Матяж Танчичийн “Эх дэлхийг хамгаалагчид” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдийн тухай, тэд байгальтай хэрхэн харилцан шүтэлцээтэй байдгийг харуулна. Монгол Улс гуравдагч хөршийн бодлогынхоо хүрээнд Словени Улс болон Европын Холбооны гишүүн бусад оронтой нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаад талархаж байна. Европын Холбоо, Монгол Улс 2013 онд байгуулсан “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг эрчимтэй хэрэгжүүлэхийг Словени Улс дэмжиж байна. Хөгжил дэвшил, ардчиллын зарчмуудаа хамгаалахын төлөөх Монгол Улсын ард иргэдийн тууштай зорилтыг Европын Холбоо сайшааж байгаа бөгөөд эрх зүйт ёсыг эрхэмлэсэн Монгол Улсын засаглалыг бэхжүүлэхийг дэмжинэ. Улаанбаатарын яриа хэлэлцээ болон Зүүн хойд Азид тогтвортой байдлыг хангахын төлөөх Монгол Улсын хүч чармайлт, яриа хэлэлцээг Словени Улс хүндэтгэн дэмжиж байна. Словени Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний хувьд яриа хэлэлцээ, итгэлцлийг бэхжүүлэх, олон улсын хууль эрх зүйг эрхэмлэдэг улс орнуудтай хамтран ажиллахыг илүү чухалчилж байна. Солонгосын хойг болон Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн нөхцөл байдалд санаа зовниж байна. БНАСАУ, ОХУ хоорондын цэргийн хамтын ажиллагаа аль аль бүс нутагт нөлөө үзүүлнэ гэдэгт Словени болон Европын Холбоо мөн санаа зовниж байна. Бүс нутагт төдийгүй, илүү өргөн хүрээнд сөрөг үр дагавартай байж болзошгүй бүс нутгийн тогтворгүй байдлаас урьдчилан сэргийлэхийн төлөө бид хамтран ажиллах нь чухал байна. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч тантай хамт гарын үсэг зурсан “Словени, Монголын Хамтарсан тунхаглал”-аар найрсаг харилцааг улам бүр бэхжүүлж, харилцан сонирхсон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх үүрэг, амлалтаа бид бататгалаа. Нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт эмэгтэйчүүдийн эрх, жендерийн тэгш байдлыг хангахад бид онцгой анхаарч, бидний өмнө тулгарч буй, цаашид ч тулгарах олон сорилттой уялдуулан хамтран ажиллах болно. Манай хоёр улс алс хол оршдог хэдий ч нийтлэг төстэй зүйл олон бий. Словеничууд, монголчууд бид хосгүй морьдоо эрхэмлэн дээдэлдэг. Дэгжин бөгөөд эрхэмсэг төрхтэй Липиззан адуу нь Словенийн Карст нутгаас гаралтай. Монголчууд тэсвэр хатуужилтай, хурдан морьдоороо бахархаж, энэ хүлгээрээ Словенийн өнөөгийн хил хязгаар хүртэл давхиж байжээ.Англи хэлээр LOVE буюу “хайр” гэсэн үгийг нэрдээ агуулсан СЛОВЕниа, урагшлах буюу “GO” үгийг агуулсан МонГолиа аль аль нь тогтвортой хөгжил, байгаль хамгааллыг уриалж байна.  Манай хоёр ард түмнийг нэгтгэж буй олон зүйл байгаа бөгөөд хоёр орны хөгжил дэвшлийн төлөө хамтын ажиллагаагаа олон чиглэлд улам бэхжүүлнэ гэдэгт итгэл төгс байна”.

Монгол, Тайландын харилцаа

Тайландын Хаант Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2022.04.27. Төрийн ордон. Улаанбаатар хот.Тайландын Хаант Улсаас  Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Артают Срисамут Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зүүн Өмнөд Ази дахь манай чухал түнш орнуудын нэг болох Тайландын Хаант Улстай хөгжүүлж буй харилцаанд Монгол Улс чухал ач холбогдол өгдөг болохыг тэмдэглэв. Цаашид харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, аялал жуулчлалын зэрэг салбарт өргөжүүлэх чиглэлд ач холбогдол өгч ажиллахыг Элчин сайдаас хүслээ. Элчин сайд Артают Срисамут Тайландын Хаант Улсын Цог Жавхлант Хааны мэндчилгээг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд уламжилж, хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулан, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарт өргөжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

Шадар сайд У.Хүрэлсүх Туркийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2014.12.30. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөзийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалыг 2011 онд шинэчлэн батлахдаа БНТУ-ыг “гуравдагч хөрш” гэж албан ёсоор зарласан бөгөөд энэ нь манай улс БНТУ-тай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл болж байгааг Шадар сайд У.Хүрэлсүх уулзалтын эхэнд онцлон тэмдэглэв. Мөн энэ онд тохиож буй Монгол, Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд өндөр хэмжээний айлчлал, соёлын арга хэмжээнүүд амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Монгол Улс Турк Улстай бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байдаг бөгөөд хоёр улсын аюулгүй байдал, батлан хамгаалах, хууль, хяналтын байгууллагуудын харилцаа, түүнчлэн боловсролын салбарт дахь хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байна. Одоогоор Засгийн газар хоорондын, хувийн болон төрийн бус байгууллагын шугамаар Монголын 900 гаруй оюутан залуус Турк улс дахь их, дээд сургуульд суралцаж байгаа нь үүний нэг тод илрэл болохыг Шадар сайд У.Хүрэлсүх онцлон тэмдэглэлээ. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхжиж байгааг Туркийн Элчин сайд Мурат Карагөз онцлоод онцгой байдал, стандартчилал хэмжил зүй зэрэг салбарт тус улсын хуримтлуулсан туршлагаас хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлэв гэжээ.

БНТУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

2016.10.04. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Мурат Карагөзийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Шадар сайдаар томилогдсонтой нь холбогдуулан БНТУ-ын Шадар сайдаас баяр хүргэж илгээлт ирүүлсэнд талархаж байгаагаа У.Хүрэлсүх илэрхийллээ. Мөн хоёр улсын хооронд тогтоосон иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад Элчин сайд М.Карагөзийн оруулсан хувь нэмэр их гэдгийг Шадар сайд тэмдэглэлээ. Өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж, дэд бүтэц, байгаль орчин зэрэг олон салбарт томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран амжилттай хэрэгжүүлж байгааг Шадар сайд У.Хүрэлсүх онцлов. БНТУ-д 800 гаруй монгол залуу сурч байгаагийн 300 орчмыг нь тус улсын Засгийн газар тэтгэлгээр сургаж байгаад талархал илэрхийллээ. Хоёр орны Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд ТИКА байгууллага Монгол Улсад 400 гаруй төсөл, хөтөлбөрийг 30 орчим сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлээд байгааг Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Карагөз онцоллоо. Цаашид аялал жуулчлал, худалдаа, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх нь чухлыг талууд онцлов. Энэ жил Монгол Улсад болох хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын VIII хуралдаанаар энэ талаар хэлэлцэн харилцан ашигтай шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа хоёр тал илэрхийллээ. 

Туркийн Элчин сайдыг хүлээн авч уулзав

2018.03.06. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх манай хоёр орны харилцаа улстөр, боловсрол, соёлын чиглэлд хөгжсөөр ирсэн цаашид эдийн засаг, худалдааны чиглэлээр идэвхижүүлэхийг зорьж байна. Монгол Улс хосолмол эдийн засгийн бодлого хэрэгжүүлж хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллаж хөрш орнуудад нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн экспортлох хүсэлтэй. Хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтыг дэмжин зохион байгуулах болно. Мөн 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугамыг нээх талаар Туркийн Засгийн газар анхаарч ажиллаж байгаад талархал илэрхийлье гэлээ. Элчин сайд Ахмет Язал хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар өндөр түвшинд анхаарч байгаа явдалд талархал илэрхийлье. Туркийн Ерөнхий сайд Монгол Улсад ирэх сард айлчлах хүсэлтэй байгааг уламжилж, өмнө нь Станбул хотын захирагч байхдаа харилцаатай байсан нь хамтын ажиллагаагаа гүнгийрүүлэхэд дөхөм байх болно хэмээн найдаж байна гэлээ. Монгол, Туркийн хооронд агаарын тээврийн урсгал, ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхол буйг илэрхийллээ гэжээ.

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым айлчилна

2018.04.03. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым 2018 оны 4 дүгээр сарын 6-8-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырымтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, түүний дотор хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, зам, тээвэр зэрэг харилцан сонирхсон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх  асуудлаар санал солилцоно гэжээ.

Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым манай улсад хүрэлцэн ирлээ

2018.04.05. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Ноён Ерөнхий сайдыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас Турк Улсад суугаа Элчин сайд Р.Болд нарын албаны хүмүүс угтан авлаа. Өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырымтэй ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно гэжээ.

 БНТУ-ын Ерөнхий сайд айлчилж байна

2018.04.04. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Эрхэм зочныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. Төрийн хүндэт харуулын дарга рапорт өгч хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Бинали Йылдырым нар их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа ганцаарчилсан уулзалт хийлээ. Ерөнхий сайд нарын албан ёсны хэлэлцээ үргэлжилж байна гэв.

Ерөнхий сайд нар харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо

2018.04.05. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырымтэй ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Албан ёсны хэлэлцээний дараа Ерөнхий сайд нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролжээ. Талууд:

  • “Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Турк Улсын Хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуйн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”
  • “Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хөгжлийн сан, Туркийн Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн байгууллага хооронд хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичиг”
  • “Монгол Улсын Удирдлагын академи болон Бүгд Найрамдах Турк Улсын Хилийн чанад дахь турк иргэд, ах дүү нийгэмлэг хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”
  • “Гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар болон Бүгд Найрамдах Турк Улсын Гамшиг, онцгой байдлын удирдлагын газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг
  • “Шилжилт хөдөлгөөний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын газар болон Бүгд Найрамдах Турк Улсын Шилжилт хөдөлгөөний ерөнхий газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”
  • “Тээвэр, харилцааны технологийн салбарт хамтарсан судалгаа, хөгжүүлэлт хийх тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам болон Бүгд Найрамдах Турк Улсын Тээвэр, далайн хэрэг, харилцаа холбооны яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”
  • “Монгол Улсын Үндэсний номын сан, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний номын сангийн захиргаа хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зуржээ.

Худалдааны эргэлтийн хэмжээг 300 сая ам.долларт хүргэх санал харилцан тавив

2018.04.05. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон манай улсад айлчилж байгаа Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд гуравдагч хөрш хэмээн тусгагдсан Турк Улстай хөгжүүлж буй иж бүрэн түншлэлийн харилцаанд бид ач холбогдол өгч, бүхий л  салбарт өргөжүүлэхийн төлөө байдаг гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэв. Хоёр улсын дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ, харилцан ойлголцлыг  бэхжүүлэхэд өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан айлчлал, арга хэмжээ, Эрхэмсэг ноён Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ. Хоёр орны харилцаа  улс төр, батлан хамгаалах, соёл, боловсрол, шинжлэх ухаан зэрэг салбарт хоёр талын хүчин чармайлтын үр дүнд идэвхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийллээ. Цаашид бүх салбар дахь харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна гэв. Тухайлбал эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхэд Монгол, Туркийн хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийн талаар хамтарсан судалгааг эхлүүлэхээр тохирсон нь ихээхэн ач холбогдолтой болсныг тэмдэглэв. 2017 оны байдлаар 31 сая ам.доллар байгаа худалдааны эргэлтийн хэмжээг богино хугацаанд 300 сая ам.долларт хүргэх тодорхой саналыг харилцан тавив.Төсөв, санхүү, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, онцгой байдал, барилга, хот байгуулалт, зам, тээвэр, эрчим хүч, уул уурхай, чөлөөт бүс, гадаадын харьяат, шилжилт хөдөлгөөн, аялал жуулчлал зэрэг салбар болон хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг улам бэхжүүлэх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв. БНТУ өнгөрсөн 15 жилийн хугацаанд эрүүл мэнд, зам, тээвэр, харилцаа холбооны салбараа үсрэнгүй хөгжүүлсэн. Энэ чиглэлээр олсон ололт, туршлагаа Монгол Улстай хуваалцахад бэлэн байна гэдгээ Ерөнхий сайд Бинали Йылдырым хэллээ. БНТУ сэргээгдэх эрчим хүчний /салхи, нар, усан цахилгаан станц/ чиглэлээр хамтрах,  700 гаруй мянган орон сууц барьсан Төрийн орон сууцны удирдлагын газар, Монгол Улсын холбогдох байгууллага хамтарч иргэдийг орон сууцжуулах чиглэлээр ажиллах боломжтой гэдгээ илэрхийлэв. БНТУ нь 2002 онд Олон улсын хөтөлбөрт хамрагдаж байсан бөгөөд 2010 он гэхэд ОУВС-д  төлөх өрөө бүрэн барагдуулсан. Тус улсын экспорт одоогоор 160 тэрбум ам.долларт хүрсэн, Европын зургаа дахь том эдийн засагтай орон болжээ.

Турк Улсын Шударга Ёс, Хөгжлийн намтай хамтарч ажиллана

2022.09.08. Бүгд Найрамдах Турк Улсын эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын урилгаар Монгол Ардын Намынхан Анкара хотноо албан айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд “Шударга ёс, хөгжлийн нам”-ын Гадаад харилцааны дарга Афиф Дэмиркиран, Мэдээлэл, технологийн дарга Өмэр Илэри, Улс төр, хууль эрх зүйн дарга Мэхмэт Тунжая, Турк Улсын парламентын гишүүн Орхан Еэгин нартай уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр намын цаашдын хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, намын байгуулалтын олон чиглэлд хамтран ажиллахаар талууд санал нэгдэв. Монгол Ардын Нам үйл ажиллагаандаа цахим технологи нэвтрүүлж, намын бодлогын шинэчлэлийн хүрээнд “цахим нам” болж байгаагаа албан ёсоор зарласан. Өнөөдрийн байдлаар Цахим нам 1.0,  2.0 хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Цаашид технологийн дэвшлүүдийг улс төрийн намын үйл ажиллагаанд шинээр нэвтрүүлэх чиглэлд анхаарч ажиллана. Дашрамд дурдахад Турк Улсын “Шударга ёс хөгжлийн нам” нь 2001 онд байгуулагдсан бөгөөд 2003 оноос хойш эрх барьсан. Өнөөдөр 11 сая гаруй гишүүнтэй улс төрийн томоохон байгууллага юм.

Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдогантай уулзлаа

2022.09.16. Узбекистан улс. Самарканд хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдогантай уулзаж, хоёр талын болон олон улсын  харилцааны зарим асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч манай улсын гуравдагч хөрш, Иж бүрэн түншлэлийн харилцаатай Бүгд Найрамдах Турк Улстай өрнүүлж буй харилцааг өргөжүүлэх, шат ахиулан хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхий дахиныг хамарсан цар тахал болон олон улсын харилцаанд тулгарч буй хүндрэлтэй цаг үед Турк Улсаас хэрэгжүүлж буй хүмүүнлэгийн болон дипломат үйл ажиллагааг сайшааж, энэ чиглэлээрх хүчин чармайлт нь мөргөлдөөнийг намжааж, бүс нутаг, олон улсад тогтвортой байдлыг сэргээхэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан ах дүүгийн харилцаатай Монгол Улстай бүх салбарт хамтран ажиллаж, хоёр орны харилцааг улам бүр бэхжүүлэхийг зорьж байгаагаа хэллээ. Талууд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг онцолж, энэ онд хоёр орны худалдааны эргэлт 100 сая ам.долларт хүрэх төлөвтэй байгааг сайшаан тэмдэглэв. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний харилцан айлчлал онцгой ач холбогдолтойг тэмдэглэж, цаашид өндөр түвшний яриа хэлэлцээг тогтмол өрнүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНТУ-ын Ерөнхийлөгч талархлын захидал ирүүлэв

2023.03.23. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНТУ-ын Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоан талархлын захидал ирүүлэв. Уг захидалд, Хүндэт Ерөнхийлөгч, эрхэм анд аа, Кахраманмараш болон ойр орчмын 10 мужийг хамарч, улс оронд маань их хэмжээний сүйрэл, гай зовлон авчирсан хүчтэй газар хөдлөлттэй холбогдуулан эмгэнэлийн захидал илгээн бидний уй гашууг хуваалцаж, нэн даруй тусламж үзүүлсэнд Бүгд Найрамдах Турк Улсын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлье. Та бүхний тусламж хахир өвлийн хүнд өдрүүдэд газар хөдлөлтийн гамшигтай нүүр тулсан манай ард түмэнд нэн их тус хүргэсэн. Монгол Улсын аврах, эрэн хайх баг өөрсдийн амь насыг үл хайрлан, нурангид дарагдсан иргэдийг аврахын төлөө гаргасан хичээл зүтгэлийг бид үргэлж талархан санах болно. Энэ завшааныг тохиолдуулан ахан дүүсийн харилцаатай Монгол Улсын ард түмэнд эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе гэжээ.

БНТУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

2023.06.16. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНТУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Сейфуллах Хажымүфтүолу-г хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч БНТУ-ыг чухал гуравдагч хөрш, Европ руу гарах хамгийн чухал гарц гэж үздэгээ хэлж, түүх, соёлын холбоотой, ах дүүгийн найрсаг харилцаатай Бүгд Найрамдах Турк Улстай хөгжүүлж буй хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгдөгийг тэмдэглэв. Саяхан болж өнгөрсөн Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялалт байгуулсан Рэжэп Тайип Эрдоганд дахин халуун баяр хүргэж буйг уламжлахыг хүсэв. Улс төр, батлан хамгаалах, хууль сахиулах, соёл, боловсрол зэрэг олон салбарт идэвхтэй хөгжиж байгаа Монгол, Туркийн Иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулахын төлөө байгааг хэлэв. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой 2024 онд тохиох бөгөөд түүхт ойг угтан Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган Монгол Улсад айлчилна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. БНТУ-д оршин сууж байгаа 6,000 гаруй монгол иргэний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчил, ялангуяа үндэстэн дамнасан гэмт хэргийн хохирогч, оролцогч болохоос сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах шаардлагатайг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн зүйлстэй санал нэг байгаагаа БНТУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Сейфуллах Хажымүфтүолу илэрхийлэв. Мөн хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хооронд хамтын ажиллагааны Харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулсныг онцолж, энэ хүрээнд болон бусад асуудлаар идэвхтэй ажиллахаа хэлэв. Уулзалтын үеэр даян дэлхийн энх тайван, олон улсын нөхцөл байдал, улс төр зэрэг харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

БНТУ-ын Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлэв

2023.07.10. Mонгол Улc. Улаанбаатар хот. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд баярын мэндчилгээ ирүүлэв. Мэндчилгээнд: Эрчтэй хөгжиж буй Турк-Монголын харилцаа цаашид ч улам бүр хүчирхэгжинэ гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байна. Ирэх 2024 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд Эрхэмсэг ноён Таныг өөрийн улсад хүлээн авахдаа нэн таатай байх болно гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчтэй уулзлаа

2024.07.04. Казахстан Улс. Астана хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдогантай уулзаж, хоёр талын болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцлаа. Монгол Улс гуравдагч хөрш, Иж бүрэн түншлэлийн харилцаатай Бүгд Найрамдах Турк Улстай өрнүүлж буй харилцаанд онцгой ач холбогдол өгч, хамтын ажиллагааг эдийн засаг, нийгмийн бүх салбарт гүнзгийрүүлэх, харилцааны түншлэлээ ахиулахыг эрмэлзэж буйг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэлээ. Eрөнхийлөгч Р.Т.Эрдоган ах дүүгийн харилцаатай Монгол Улстай бүх салбарт хамтран ажиллаж, харилцааг улам бүр бэхжүүлэхийг зорьж байгаагаа онцоллоо. Талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ онцгой ач холбогдолтойг тэмдэглэж, энэ онд тохиож буй дипломат харилцаа тогтоосны түүхт 55 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх, энэ хүрээнд өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэхээр санал нэгдлээ. Хоёр орны худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд гурав дахин өссөн бөгөөд шууд нислэг тогтмолжиж, нислэгийн тоо нэмэгдсэн нь иргэд хоорондын харилцаа, хэлхээ холбоог бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд улсынхаа байр суурийг илэрхийлж, үг хэлнэ. Түүнчлэн 2023-2024 онд ШХАБ-ыг даргалж байгаа Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевтай уулзана.

УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн гишүүд БНТУ-ын Үндэсний Их Хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2024.11.28. Mонгол Улс. Улаанбаатар хот. Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Улсын Их Хурал дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дэд дарга С.Зулпхар болон бусад гишүүд Монгол Улсад айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын Батлан хамгаалах байнгын хорооны дарга Хулуси Акар тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзлаа. Гишүүд ноён Хулуси Акар тэргүүтэй эрхэм зочидтой уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, энэхүү айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв. Улсын Их Хурал дахь Монгол-Туркийн парламентын бүлэг 2024.09 сард байгуулагдаж, парламентын бүлэг хоорондын идэвхтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Үргэлжлүүлэн гишүүд Манай хоёр улс газар зүйн хувьд алслагдмал ч олон зуун жилийн түүх, соёлын хэлхээ холбоотой. Энэ ч утгаараа Монгол Улс гадаад бодлогын үзэл баримтлалдаа Бүгд Найрамдах Турк Улсыг гуравдагч хөрш хэмээн тодорхойлж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгдөг. Хоёр орны харилцаа улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, боловсрол зэрэг олон салбарт идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын Батлан хамгаалах байнгын хорооны дарга Хулуси Акар, хоёр улсын олон зууны түүх, соёлын харилцаа нь орчин цагийн хамтын ажиллагааг бэхжүүлэх үндэс болсныг дурдав. Турк, Монголын парламент хоорондын хамтын ажиллагааг илүү эрчимжүүлэх нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үр нөлөөтэйг тэмдэглээд 100 сая ам.долларт хүрсэн хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, улмаар боловсрол, аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааны боломжийн талаар байр сууриа илэрхийлэв. Энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байгааг уулзалтын үеэр талууд тэмдэглээд, хоёр улсын харилцаанд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх талаар санал солилцов. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн гишүүн Х.Жангабыл, О.Номинчимэг, У.Отгонбаяр, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын Батлан хамгаалах байнгын хорооны дэд дарга Рефик Өзен, тус Байнгын хорооны гишүүн Фейзи Бердибек, Мехмет Али Жевхери, Өзгүр Жейлан, Эелем Эрту Эртурул, Аяюже Түркеш Таш, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш нар болон албаны бусад хүмүүс байлцжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ

2025.01.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы урилгаар 2025 оны 01 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болох бөгөөд Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Турк Улсад 20 жилийн дараа хэрэгжүүлж буй айлчлал юм. Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө. Айлчлалын үеэр талууд Боловсролын салбарт хамтран ажиллах тухай, Залуучууд, спортын салбарт хамтран ажиллах тухай, Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгаль орчин, уул уурхай, зам, тээвэр, дэд бүтэц, ойн аж ахуй, хууль, эрх зүй зэрэг салбарт хамтран ажиллах тухай 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

2025.01.16. Бүгд Найрамдах Турк Улс. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр Анкара хотноо хүрэлцэн очлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг болон дагалдан яваа төлөөлөгчдийг Анкара хотын “Эсэнбоа” олон улсын нисэх буудалд Бүгд Найрамдах Турк Улсын Дотоод хэргийн сайд Али Ерликаяа, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар угтлаа. Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болж байгаа бөгөөд Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Турк Улсад 21 жилийн дараа айлчилж байна. Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө. Айлчлалын үеэр талууд “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай”, “Залуучууд, спортын салбарт хамтран ажиллах тухай”, “Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгаль орчин, уул уурхай, зам, тээвэр, дэд бүтэц, ойн аж ахуй, хууль, эрх зүй зэрэг салбарт хамтран ажиллах тухай 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Хоёр улс 1969 оны 06 дугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоож, 1996 онд Улаанбаатар хотод, 1997 онд  Анкара хотод тус тус Элчин сайдын яамаа нээсэн. Туркийн талаас 1995 онд Ерөнхийлөгч С.Демирел, 2002 онд Ерөнхийлөгч А.Н.Сезер Монгол Улсад айлчилж байжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ататуркийн цогцолборт хүндэтгэл үзүүллээ

2025.01.16. Бүгд Найрамда Турк Улс. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон дагалдан яваа төлөөлөгчдийн хамт Ататуркийн бунхан цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Энэ цогцолборт Бүгд Найрамдах Улсыг үндэслэгч, тусгаар тогтнолын төлөөх дайны удирдагч, анхны Ерөнхийлөгч Мустафа Кемал Ататуркийн бунхан байрладаг. Тус улсад айлчилж буй гадаадын дээд, өндөр түвшний зочид, төлөөлөгчид болон гадаад орнуудаас томилогдсон Элчин сайд нар цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг юм. Ерөнхийлөгч мөн тус цогцолборын хүндэт зочны дэвтэрт Улс эх орноо сэргээн цогцлоож, орчин үеийн хөгжил дэвшлийн бат бэх суурийг тавьж, ард иргэдийнхээ итгэл найдвар, хайр хүндэтгэлийг хүлээсэн Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч, тусгаар тогтнол, энх тайван, шударга ёсны төлөө тууштай тэмцэгч, анхны Ерөнхийлөгч Мустафа Кемал Ататуркийн хичээл зүтгэл, алдар гавьяа, үлдээсэн үнэт өв, үзэл санааг хүндэтгэн бахархаж байна. Монгол, Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 55 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийж,  манай хоёр улсын Стратегийн түншлэлийг тунхаглан зарлаж байгаад баяртай байна. Монголчууд бидний өвөг дээдэс, Их эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчид Монголын их амар амгаланг дэлхий дахинд тогтоож байсанчлан дэлхийн улс орнууд амар амгалан, зэрэгцэн оршиж, манай хоёр орны ах дүүсийн түүхэн уламжлалт харилцаа өнө мөнх мандан бадрах болтугай хэмээн уйгаржин  монгол бичгээр дурсгалын үг бичиж, гарын үсгээ зурлаа. Ерөнхийлөгч мөн тус цогцолборын хүндэт зочны дэвтэрт “Улс эх орноо сэргээн цогцлоож, орчин үеийн хөгжил дэвшлийн бат бэх суурийг тавьж, ард иргэдийнхээ итгэл найдвар, хайр хүндэтгэлийг хүлээсэн Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч, тусгаар тогтнол, энх тайван, шударга ёсны төлөө тууштай тэмцэгч, анхны Ерөнхийлөгч Мустафа Кемал Ататуркийн хичээл зүтгэл, алдар гавьяа, үлдээсэн үнэт өв, үзэл санааг хүндэтгэн бахархаж байна. Монгол, Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 55 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийж,  манай хоёр улсын Стратегийн түншлэлийг тунхаглан зарлаж байгаад баяртай байна. Монголчууд бидний өвөг дээдэс, Их эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчид Монголын их амар амгаланг дэлхий дахинд тогтоож байсанчлан дэлхийн улс орнууд амар амгалан, зэрэгцэн оршиж, манай хоёр орны ах дүүсийн түүхэн уламжлалт харилцаа өнө мөнх мандан бадрах болтугай хэмээн уйгаржин  монгол бичгээр дурсгалын үг бичиж, гарын үсгээ зурлаа. Ёслолын талбайд нь ард иргэд үндэсний баяр ёслолын өдрүүдээ тэмдэглэдэг уламжлалтай юм. Туркийн хувьсгалын эцэг гэгддэг Мустафа Кемал Ататурк нь шинэ Үндсэн хуулийг батлуулж, өрнөдийн болон Европын жишиг бүхий хууль тогтоомж боловсруулснаас гадна шашин, төрийг тусгаарлаж, эмэгтэйчүүдийн гивлүүрийг халах, араб бичгийг латин үсгээр орлуулах зэргээр эрс шинэчлэл хийжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган албан ёсоор угтаж авлаа

2025.01.16. Бүгд Найрамдах Турк улс. Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг тус улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган ордон цогцолбортоо албан ёсоор угтан авлаа. Угтах ёслолын үеэр хоёр улсын Төрийн дуулал эгшиглэж, ёслолын буудлага үйлдсэний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөв. Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол, Туркийн албан ёсны төлөөлөгчидтэй мэндчиллээ. Ерөнхийлөгчийн ордон цогцолборт Засгийн газрын хуралдаан, Ерөнхийлөгчийн уулзалт, арга хэмжээ болдог бөгөөд гадаад улсын төрийн тэргүүн, дээд, өндөр түвшний төлөөлөгчдийг хүлээн авдаг юм. Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө. Айлчлалын үеэр талууд “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай”, “Залуучууд, спортын салбарт хамтран ажиллах тухай”, “Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгаль орчин, уул уурхай, зам, тээвэр, дэд бүтэц, ойн аж ахуй, хууль, эрх зүй зэрэг салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм. Хоёр улсын Ерөнхийлөгч 2024 онд Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохдоо уулзсан. Энэ үеэр харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ онцгой ач холбогдолтой гэдэгт санал нэгдэн, харилцан ашигтай, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэх, Иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулах, дипломат харилцаа тогтоосны түүхт 55 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх болон бусад асуудлаар ярилцаж байсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2025.01.17. Бүгд Найрамдах Турк Улс. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНТУ-ын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний үеэр Монгол, Туркийн иж бүрэн түншлэлийн харилцаа хоёр талын хүч чармайлтын дүнд эдийн засаг, нийгмийн олон салбарт идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун буйгаа төрийн тэргүүн нар илэрхийллээ. Цаашид харилцааны түвшнийг ахиулан  хамтын ажиллагааны бүхий л салбарт үр дүнтэй хамтран ажиллахын төлөө байгаагаа нотоллоо. Тухайлбал, хоёр улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан нийтлэг зорилтын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг тэлж, эдийн засгийн агуулгаар баяжуулах, харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болон байгаль орчин, эрүүл мэнд, соёл, боловсрол, спорт, аялал жуулчлал, зам тээвэр, онцгой байдал, гамшгаас хамгаалах салбарт идэвхтэй хамтран ажиллана. Төрийн тэргүүн нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний хомсдол зэрэг дэлхий дахинд тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулах олон улсын хүч чармайлтад хамтын хувь нэмрээ оруулж, хоёр улсын дэвшүүлсэн санаачилга, зорилтуудыг уялдуулан, үр дүнтэй хамтран ажиллах талаар ярилцав. Хэлэлцээний үеэр НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааны уламжлалаа хадгалан бэхжүүлэх талаар ярилцаж, бүс нутаг, олон улсын зарим асуудлаар санал солилцлоо.

Монгол, Туркийн харилцааны түвшнийг ахиулж, Стратегийн түншлэлд хүргэлээ

2025.01.17. Бүгд Найрамдах Турк Улс. Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор хоёр улс болон Засгийн газар, байгууллага хоорондын нийт 11 баримт бичигт гарын үсэг зурлаа.

  • Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хооронд стратегийн түншлэл тогтоосон тухай Хамтарсан тунхаглал”-д Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан нар гарын үсэг зурлаа.

Хоёр улс 2004 оноос Иж бүрэн түншлэлийн түвшинд харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн бөгөөд төрийн айлчлалын үеэр харилцааны түвшнийг ахиулж, Стратегийн түншлэлд хүргэлээ. Ингэснээр манай улс есөн улстай Стратегийн түншлэлийн харилцаа тогтоолоо. Мөн:

  • Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Хоёр Улсын Эрүүл мэндийн сайд гарын үсэг зурлаа.

Сүүлийн жилүүдэд хоёр улсын хооронд эрүүл мэндийн салбарын харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж, Монгол Улсаас тус улсад эмчилгээний зорилгоор зорчих иргэдийн тоо нэмэгдсэн. Иймээс эрүүл мэндийн байгууллага хоорондын харилцааг ойртуулан бэхжүүлэх, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх, өвчин эмгэгийн хамтарсан оношилгоо хийж, анагаах ухааны дэвшилтэт технологид суурилан анагаах чиглэлээр туршлага солилцох, хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтарна.

  • Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын  Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т хоёр улсын боловсролын сайд гарын үсэг зурав.

Хоёр улс багш, оюутан солилцох, боловсролын салбарын мэдлэг, мэдээлэл, туршлага хуваалцах болон хамтарсан төсөл, судалгаа хийх, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх зэргээр хамтран ажиллана.

  • Залуучууд, спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, Бүгд Найрамдах Турк Улсын Залуучууд, спортын сайд нар гарын үсэг зурлаа.

Залуучууд, биеийн тамир, спортын байгууллагын харилцаа холбоог өргөжүүлэх, залуучууд, спортын салбарт хамтрах, залуучуудын хувь хүн, нийгэм, соёл, урлагийн хүмүүжлийн хөгжлийг дэмжих бодлого боловсруулах, шинжлэх ухаан, технологийн салбар болон инновацын санаачилгуудад залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн хөтөлбөр боловсруулах зэрэг чиглэлээр ажиллана.

  • Байгаль орчны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Бүгд Найрамдах Турк Улсын Байгаль орчин, хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нар гарын үсэг зурав.

Байгаль орчны менежмент, уур амьсгалын өөрчлөлт, цэвэр үйлдвэрлэл, биологийн олон янз байдал болон тусгай хамгаалалттай газар нутаг, байгаль орчны мэдээллийн систем, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллана.

  • Ойн аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Бүгд Найрамдах Турк Улсын Байгаль орчин, хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нар гарын үсэг зурлаа.

Цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, мод тарих, модны тарьц, суулгац үржүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Мөн хөнөөлт шавж, ой, хээрийн түймэртэй тэмцэж, шаардлагатай материал, техник хэрэгслээр хангаж, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлнэ. Ойн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шинжлэх ухаан, байгаль орчны судалгаанд тулгуурлаж дэвшилтэт арга барил нэвтрүүлсэн БНТУ-ын туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэхээр тохиролцлоо.

  • Монгол Улсын Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон Бүгд Найрамдах Турк Улсын Сакаръя Мейдан Мухаребеши үндэсний цэцэрлэгт хүрээлэн хооронд эгч дүү цэцэрлэгт хүрээлэнгийн харилцаа тогтоох тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Бүгд Найрамдах Турк Улсын Байгаль орчин, хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нар гарын үсэг зурлаа.

Тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, байгалийн нөөцийг хамгаалах, экологийн нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлтийн урт хугацааны хамтарсан судалгаа, мониторинг хийх, эко аялал жуулчлал, экологийн боловсролыг дэмжих, байгалийн цогцолборт газруудын менежмент, үйл ажиллагааны хүрээнд туршлага хуваалцах, чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

  • Уул уурхайн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялагийн яам, Бүгд Найрамдах Турк Улсын Эрчим хүч, байгалийн нөөцийн яам хоорондын эрмэлзлийн бичигт Монгол Улсын Гадаад харилцааны сайд, Бүгд Найрамдах Турк Улсын Эрчим хүч, байгалийн нөөцийн сайд нар гарын үсэг зурлаа.

Талууд нүүрс олборлолт, цэвэр нүүрсний технологи, уурхайн аюулгүй ажиллагаа зэрэг чиглэлээр мэдлэг, технологи, туршлага солилцон, хамтарсан төсөл, салбарын чадавхыг бэхжүүлнэ.

  • Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Зам, тээврийн яам, Бүгд Найрамдах Турк Улсын Тээвэр, дэд бүтцийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Зам, тээврийн сайд, Бүгд Найрамдах Турк Улсын Тээвэр, дэд бүтцийн сайд нар гарын үсэг зурлаа.

Төмөр замын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, Европын орнуудаас БНТУ-аар дамжин Монгол Улс руу болон эсрэг чиглэлд төмөр замын ачаа тээврийн шинэ урсгал нээх боломжийг судална. Мөн Монгол Улсын төмөр замын тээврийн салбарт хэрэгжиж буй болон хэрэгжих бүтээн байгуулалтын төсөлд хамтрах, төмөр замын олон улсын коридоруудыг хөгжүүлэхэд туршлага, мэдээлэл солилцох боломж бүрдэнэ.

  • Өрсөлдөөний бодлогын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Монополын эсрэг газар болон Бүгд Найрамдах Турк Улсын өрсөлдөөний байгууллага хоорондын санамж бичиг”-т Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Бүгд Найрамдах Турк Улсын Өрсөлдөөний байгууллагын ерөнхийлөгч нар гарын үсэг зурлаа.

Өрсөлдөөний чиглэлээрх хууль тогтоомжийн хүрээнд туршлага, мэдээлэл солилцож, албан хаагчдыг чадавхжуулан, харилцан мэргэжилтэн солилцоно гэжээ.

Монгол, Туркийн төрийн тэргүүн нар хамтран мэдээлэл хийлээ

2025.01.17. Бүгд Найрамдах Турк Улс. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган нар төрийн айлчлал, албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, Эрхэм хүндэт хэвлэлийн төлөөлөгчид өө, Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Өнө эртний түүх, өв соёлын уламжлалт дотно харилцаатай манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 55 жилийн ойн хүрээнд эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны урилгаар үзэсгэлэнт сайхан Турк Улсад төрийн айлчлал хийж байгаадаа баяртай байна. Бид бүхнийг элэгсэг дотноор хүлээн авч, өндөр хүндэтгэл үзүүлж байгаа Ерөнхийлөгч танд болон Туркийн төр, засаг, найрсаг ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол Улсын төрийн тэргүүний Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй энэ айлчлал нь Монгол, Туркийн ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүхийн нэгэн шинэ хуудсыг нээж, хоёр орны харилцааг Стратегийн түншлэлд хүргэсэн онцгой айлчлал болж байна. Ази-Европыг холбосон газар зүйн өвөрмөц байршилтай Турк Улсыг бид гуравдагч хөрш, итгэлт түншээ хэмээн үздэг бөгөөд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт тууштай өргөжүүлэн хөгжүүлэхийг ямагт эрмэлздэг билээ. Энэхүү төрийн айлчлалын үеэр бид харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн 55 жилийн ололт, амжилтаа бататгах, улам өргөжүүлэн хөгжүүлэх, улс орны хөгжил дэвшил, эдийн засгийн үр өгөөж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо. Бидний яриа хэлэлцээний дүнд “Стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Хамтарсан тунхаглал”-д хоёр улсын төрийн тэргүүн гарын үсэг зурлаа. Мөн “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай”, “Залуучууд, спортын салбарт хамтран ажиллах тухай”, “Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгаль орчин, уул уурхай, зам, тээвэр, дэд бүтэц, ойн аж ахуй зэрэг салбарт хамтран ажиллах тухай 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа. Турк Улс нь манай улсын гадаад худалдааны томоохон түншүүдийн нэг бөгөөд харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц харилцан ашигтай хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг судлан хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Тухайлбал, Шинэ Хархорум хот, Орхоны хөндийн аялал жуулчлалын цогцолбор зэрэг төслийн хүрээнд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлд туркийн талтай хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ. Монгол Улсын “Алсын хараа 2050”, Турк Улсын “Туркийн зуун” хөгжлийн бодлогыг харилцан уялдуулж, хөрөнгө оруулалт, экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх, дэд бүтэц, агаарын болон төмөр замын тээвэр, ложистик, хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, арьс, шир, ноос, ноолуур боловсруулах чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхээр тохирлоо. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний аюулгүй байдал зэрэг дэлхий нийтэд тулгарч буй сорилтыг даван туулж, шийдвэрлэх нь бидний нийтлэг зорилт гэдгийг онцолж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллахаар боллоо. Ойн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Түүнчлэн бүх төрлийн тээвэр, ложистикийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол-Туркийн хооронд төмөр замын ачаа тээвэрлэлтийн замнал бий болгох чиглэлээр хамтрах баримт бичиг байгуулж, Турк Улсаас санаачлан хэрэгжүүлж буй Ази-Европыг холбох Төмөр торгоны зам буюу дунд коридорын төсөлд Монгол Улс хамрагдах боломжийн талаар ярилцлаа. Хүнсний хангамж, аюулгүй байдал, Цагаан алт үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид өө, зочид төлөөлөгчид өө, Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулах, нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд зориулан Туркийн ард түмэн, төр, засгаас өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд 200 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий үр дүнтэй олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэнд манай ард түмэн ямагт талархаж байдаг. Цар тахал, байгалийн гамшиг, газар хөдлөлтийн бэрхшээлтэй тулгарсан хүнд цаг үед монгол, туркийн ард түмэн хамтдаа байж, хүний эрүүл мэндийг хамгаалах болон хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. Тиймээс гамшгийн хохирлыг бууруулах, гамшигтай тэмцэх, газар хөдлөлт, ой, хээрийн түймэртэй тэмцэх, аврах, хор уршгийг арилгах, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Монгол Улсад хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах, хавдар судлалын эмчилгээ, оношилгооны үндэсний төвийг байгуулахад хамтран ажиллахаар ярилцаж тохирлоо. Түүх, соёл, боловсролын харилцаа нь манай хоёр орны ард түмнийг холбох чухал гүүр бөгөөд Орхоны хөндий дэх түрэгийн үеийн түүхэн олдворууд, Туркийн Ван аймагт олдсон Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурь зэрэг бидний түүх, соёлын хосгүй өв, хөшөө дурсгалыг хадгалах, хамгаалах, сурталчлах, мөн эрдэмтэн судлаач, археологийн багийн ажлыг дэмжиж, оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр санал нэгдлээ. Энэхүү төрийн айлчлалын хүрээнд Монголын ард түмний түүх, соёл, өв уламжлалын илэрхийлэл болсон, Монгол Улсын соёлын элч “Морин хуур найрал хөгжим”-ийн тоглолтоор турк анд нөхдийнхөө сонорыг мялаан, сэтгэл хөдлөм сайхан дурсамжийг хамтдаа бүтээж буйд баяртай байна. Мөн айлчлалын хүрээнд Истанбул хотноо зохион байгуулах “Монгол-Туркийн бизнес форум”-д хоёр орны олон аж ахуйн нэгж оролцох болсон нь бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгааг илтгэж байна. Цаашид хоёр орны эдийн засгийн харилцан ашигтай, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх, бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийг дэмжихэд энэхүү бизнес форум чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Бидний хэлэлцэж, тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард иргэдийн сайн сайхны төлөө биеллээ олж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхэжнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Монгол Улсын “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлого болон Туркийн энэрэнгүй, хүмүүнлэгийн дипломат ажиллагаа даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх их үйлсэд хамтын хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна. Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэл онцгой чухал үүрэг гүйцэтгэж байгааг талархан тэмдэглэхийг хүсэж байна. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таныг өнө эртний түүхт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад ойрын хугацаанд төрийн айлчлал хийх болсонд талархал илэрхийлье. Манай хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, Монгол, Туркийн уламжлалт түүхэн харилцаа, хамтын ажиллагаа өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай. Анхаарал хандуулсанд баярлалаа.

БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ РЕЖЕП ТАЙИП ЭРДОГАН:

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчдийг Турк Улсад хүлээн авч байгаадаа баяртай байна. Монгол Улсаас манай улсад 21 жилийн дараа төрийн тэргүүний түвшинд айлчлал хийж байгаа Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Та болон дагалдан яваа нийт төлөөлөгч та бүхнийг манай улсад тавтай морилохыг дахин хүсэж байна. Энэ удаа хүндэт Ерөнхийлөгчийг УИХ, Засгийн газрын гишүүд, бизнес эрхлэгчид, урлаг соёл, хэвлэл мэдээлэл зэрэг өргөн бүрэлдэхүүн дагалдаж ирлээ. Би ойрын ирээдүйд Монгол Улсад хариу айлчлал хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлье. Манай хоёр улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой өнгөрсөн жил тохиосон. Бид харилцаагаа 2004 онд Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэж байсан. Өнөөдөр эрхэм андын хамт харилцааг улам ахиулах шийдвэр гаргалаа. Стратегийн түвшин тогтоосон тухай Хамтарсан тунхаглалд бид сая гарын үсэг зурлаа. Энэхүү түншлэл нь манай хоёр улсад, бидний өвөг дээдсийн өлгий нутагт, Төв Азид, дэлхий дахинд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн боловсрол, байгаль орчин, залуучууд, спорт, эрчим хүч, зам тээвэр зэрэг олон чухал салбарт хамтран ажиллахаар хоёр улсын яам, байгууллага хоорондын 11 баримт бичигт гарын үсэг зурлаа. Эдгээр баримт бичиг нь бидний харилцааны үндэс суурийг бэхжүүлж, өнөөгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах болно. Эрхэм хүндэт хэвлэлийн төлөөлөгчид өө, Бид Монгол Улсын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөгжлийн томоохон мега төслүүдэд тулгуурлан барилга, дэд бүтэц, зам тээвэр, батлан хамгаалах, аж үйлдвэр, уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал аж ахуй зэрэг салбарт түлхүү анхаарч, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна. Энэ хүрээнд харилцан хөрөнгө оруулалт хийж, хамтарсан төсөл хэрэгжүүлэхийг хоёр улсын хувийн хэвшил, бизнес эрхлэгчдэд уриалж байна. Бид  худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх эхний зорилтоо давуулан биелүүллээ. Гэхдээ энэ нь бидний бодит боломжоос доогуур үзүүлэлт гэж үзэж байна. Өнөөдрийн уулзалтаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх талаар ярилцлаа. Бидний харилцааны үндсэн тулгуурын нэг болох түүх, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээ нотоллоо. 1992 оноос хойш Турк Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт олон монгол оюутныг хамруулж ирсэн бөгөөд цаашид улам нэмэгдүүлэхээр санал нэгдлээ. Түүхэн үнэт өвийн олдвор, Орхоны хөндийн чулуун бичээсийг хамтран хамгаалж, Хөшөө цайдамын музейг 2008 онд ашиглалтад оруулсан. Энэ удаа мэргэн Тоньюкукийн бичээсийг хамгаалах чиглэлээр Туркийн Хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /ТИКА/-тай хамтран хэрэгжүүлж буй музейн барилгын ажлыг энэ онд багтаан дуусгах зорилт тавьж байна. Өнөөдрийн уулзалтаар бид хоёр талын харилцаанаас гадна, бүс нутаг болон олон улсын харилцааны асуудлаар ярилцлаа. Бид олон улсын тавцанд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, үүнийгээ НҮБ болон олон улс, бүс нутгийн байгууллагын хүрээнд бэхжүүлэхээр тохиролцлоо. Эрхэм хүндэт хэвлэлийн төлөөлөгчид өө, Эрхэм хүндэт Ерөнхийлөгч, дагалдан яваа төлөөлөгчид Анкара хотноо манай улсын батлан хамгаалахын аж үйлдвэрлэлтэй танилцлаа. Истанбул хотод ч мөн танилцана. Айчлалын хүрээнд Монгол Улсаа дэлхий дахинд амжилттай таниулж буй Улсын филармонийн Морин хуурын чуулга Истанбул хотноо тоглолтоо хийх болжээ. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч бас гитар сайн тоглодог. Ерөнхийлөгч та болон дагалдан яваа төлөөлөгчид Ван аймагт зочилж, 2022 онд Турк, Монголын археологчид илрүүлсэн Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурьтай танилцана. Бидний авсан, гаргасан шийдвэрүүд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн археологийн хайгуул судалгааны ажилтай танилцлаа

2025.01.19Бүгд Найрамдах Турк Улс. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд тус улсын Ван аймгийн нутагт орших Их эзэн Чингис хааны ач Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн Монгол, Туркийн хамтарсан багийн археологийн хайгуул судалгааны ажлын явцтай танилцлаа. Ил хан Хүлэгү 1259 оны намар тус нутгаар дайрч өнгөрөхдөө бэлчээр, газрын таатай онцлогийг харгалзан ордон байгуулахаар тогтсон бөгөөд барилгын ажил 1261 онд эхэлж, 1265 онд дууссан  гэж түүхэн сурвалжид тэмдэглэн үлдээсэн байдаг. Монгол Улсын их сургууль, БНТУ-ын Измирийн Катип Чэлэби их сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн судалгааны баг 2022, 2023 онд Турк Улсын Ван аймгийн Чалдыран сумын нутагт археологийн хайгуул судалгаа, сорилтын малтлага хийн уг зуны ордны туурийг нээн илрүүлсэн. Түүхэн сурвалжид Аладаг буюу Алаг уулын хот хэмээн тэмдэглэгдсэн Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн нийт хэмжээг 900×1200 метр.квадрат хэмээн археологийн судлаачид тогтоогоод байна. Малтлагын явцад хас хээтэй ваар болон зээбадын дүрстэй ваарын үлдэгдэл олдсон нь Ойрх Дорнодын бүс нутгаас анх удаа монгол загварын эдлэл олдсон тохиолдол болсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгч 760 жилийн өмнө баригдаж дууссан Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн археологийн малтлагын талбайд ажиллаж, Ван нуурын Акдамар сүмийн хана дээрх Хүлэгү хааны чулуун хөргийг үзэж сонирхлоо. Ерөнхийлөгч тус судалгааны ажлын ач холбогдлыг онцлохын хажуугаар судалгааны дараагийн шат, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаар эрдэмтэн судлаачидтай ярилцаж, үргэлжлүүлэн өргөн хүрээний малтлага, судалгаа явуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Аладагийн орд хот буй газрыг БНТУ-ын нэгдүгээр зэрэглэлийн археологийн дурсгалаар бүртгэн авч улсын хамгаалалтад оруулсан бөгөөд эхний ээлжинд хотын бүрэн хэмжээг нарийвчлан лавтай тогтоож, байгалийн болон хүний хөнөөлт нөлөөнөөс хамгаалах шаардлага тулгарч байгааг эрдэмтэд онцлов. МУИС, БНТУ-ын Измирийн Катип Чэлэби их сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэн нь 2018 онд байгуулагдсан бөгөөд Турк дахь Монголын эзэнт гүрний үед холбогдох түүх, соёлын дурсгалуудыг судлан шинжлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна. Тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид 2022 оноос эхлэн Ил хаант улсыг үндэслэгч Хүлэгү ханы зуны ордон: БНТУ-ын нутагт буй Аладагийн ордны хайгуул судалгаа төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан БНТУ-ын Үндэсний их хурлын гишүүн Бурхан Каяатүрк, Үндэсний их хурлын гишүүн Каяхан Түркменолу, Соёл, аялал жуулчлалын дэд сайд Гөкхан Язгы, Ван аймгийн Захирагч Озан Балжи,  Монгол, Туркийн хамтарсан археологийн багийн эрдэмтэн судлаачид болон албаныхан Ван аймагт ажиллалаа гэжээ.

Туркийн Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа

2025.01.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атешийг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд Монгол Улсын төрийн тэргүүний 21 жилийн дараа Турк Улсад хийсэн төрийн айлчлал амжилттай болсныг тэмдэглэлээ. Харилцааны түвшнийг шат ахиулж Стратегийн түншлэл тогтоосон түүхэн айлчлалыг өндөр түвшинд зохион байгуулсан Элчин сайд болон Элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийлэв. Мөн харилцаа, хамтын ажиллагааг улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа, нийгэм, соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх,  хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Элчин сайд Зафер Атешийг “Найрамдал” медалиар шагналаа. Элчин сайдаар ажиллах хугацаанд бүх талаар дэмжиж, хамтран ажиллаж байсан Монголын төр, засаг, ард түмэнд З.Атеш талархал илэрхийллээ. Цаашид харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнээ хийнэ гэдгээ хэлжээ. З.Атеш 2021 оны 05 дугаар сард Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсад төрийн айлчлал хийнэ

2024.10.07. Mонгол Улc. Улaaнбaaтaр хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов-ын урилгаар 2024 оны 10 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш дээд түвшинд хэрэгжиж буй анхны төрийн айлчлал юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовтай албан ёсны хэлэлцээ хийж, Туркменийн ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахатын дарга Гурбангули Бердымухамедовтай уулзаж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Туркменистаны нэрт яруу найрагч, сэтгэгч Махтумгулы Фрагигийн мэндэлсний 300 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах олон улсын форумд хүндэт зочноор оролцоно.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо

2024.10.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов-ын урилгаар 2024 оны 10 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо. Энэхүү айлчлал нь Монгол Улс, Туркменистан Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 32 жилийн хугацаанд хэрэгжиж буй анхны дээд түвшний айлчлал юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов-той албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Түүнчлэн Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменийн ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахат-ын дарга Гурбангули Бердымухамедов зэрэг албаны хүмүүстэй уулзана. Айлчлалын хүрээнд Монгол-Туркменистаны бизнес форум болон соёлын хамтарсан тоглолт зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Туркменистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

2024.10.11. Туркменистан улc.Ашхабад хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсад төрийн айлчлал хийхээр Ашхабад хотноо хүрэлцэн очлоо. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Ашхабад хотын олон улсын нисэх онгоцны буудалд Туркменистан Улсын Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Батыр Атдаев тэргүүтэй албаны төлөөлөгчид угтан авав. Энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, Туркменистан Улсын хооронд 1992.04.23-ны өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд хэрэгжиж буй анхны төрийн айлчлал гэдгээрээ онцлог юм. Монгол Улсын Төв Азийн улс орнууд, түүний дотор Туркменистан Улстай хөгжүүлж буй найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, хоёр ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд тус төрийн айлчлал чухал ач холбогдолтой болно. Айлчлалын хүрээнд хоёр улсын эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахуйц Засгийн газар хоорондын хэлэлцээрүүд болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгуулахаар төлөвлөж байна. Дашрамд дурдахад Ашхабад хот нь нэг сая хүн амтай, цагаан гантигаар бүтээсэн 543 барилга байгууламжтай бөгөөд 2013 онд Гиннесийн номд Цагаан гантиг хотоор бүртгэгдсэн. Одоогоор тус хотод гадаадын улс орнуудын нийт 28 Элчин сайдын яам, 15 олон улсын байгууллага төлөөлөгчийн газраа нээн үйл ажиллагаа явуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменийн ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахат-ын дарга Г.Бердымухамедов-той уулзлаа

2024.10.11Туркменистан улc.Ашхабад хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд тус улсын ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахат-ын дарга Гурбангулы Бердымухамедов-той уулзлаа. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Туркменистан Улстай харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар Туркменистан Улсад анх удаа төрийн айлчлал хийж, Туркменистан Улсын хөгжил цэцэглэлт, ард түмний ахуй амьдралтай ойр дотно танилцаж буйдаа сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв. Талууд энэхүү төрийн айлчлал нь Монгол, Туркменистаны харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах болон хоёр улсын ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Туркменистаны Халк Маслахат буюу Ардын зөвлөл нь үндсэн хуулийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлэгч бие даасан байгууллага юм. Халк Маслахат нь Үндсэн хууль, бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах, төрийн дотоод, гадаад бодлогын үндсэн чиглэлийг хэлэлцэх бүрэн эрхтэй байгууллага юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг албан ёсоор угтлаа

2024.10.12.Туркменистан улc.Ашхабад хот. Туркменистан Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг тус улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Огузханы нэрэмжит Ерөнхийлөгчийн ордны өмнө албан ёсоор угтан авлаа. Огузханы нэрэмжит Ерөнхийлөгчийн ордны өмнөх талбайд хоёр улсын төрийн далбааг мандуулж, Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн Төрийн хүндэт харуул жагсав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Туркменистан Улсын Ерөнхийлөгч С.Бердымухамедов хүндэт индэрт урьсны дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Хүндэт харуулын дарга угтан мэндчилсний дараа Төрийн тэргүүн нар хоёр талын албан ёсны төлөөлөгчидтэй мэндчилэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Туркменистан Улсын Ерөнхийлөгч С.Бердымухамедов нар дурсгалын гэрэл зураг татууллаа. Мөн өдөр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцсоныхоо дараа хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд товч мэдээлэл хийнэ. Огузханы нэрэмжит Туркменистаны Ерөнхийлөгчийн ордныг 7.5 га газарт 2011 онд барьж байгуулсан бөгөөд ордны нийт талбай 16  мянган м2, дотор заслыг гантиг чулуу болон ховор төрлийн модоор хийжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2024.10.12.Туркменистан улc.Ашхабад хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов-ын урилгаар 2024 оны 10 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна. Хоёр улсын төрийн тэргүүн нар 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Огузхан”-ы нэрэмжит Туркменистаны Ерөнхийлөгчийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Төрийн тэргүүн нарын албан ёсны хэлэлцээ ажил хэрэгч, найрсаг, халуун дотно уур амьсгалд болж, талууд Монгол, Туркменистаны найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, түүний дотор хөдөө аж ахуй, зам тээвэр, логистик, аялал жуулчлал, боловсрол, соёл, зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо. Хэлэлцээний эхэнд Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ази-Европыг холбосон “Торгоны зам”-ын зангилаа нутаг, байгалийн үзэсгэлэнт сайхан эх орондоо айлчлахыг урьж, Монголын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч байгаад Ерөнхийлөгч С.Бердымухамедов болон Туркменистаны төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Мөн тэрбээр Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Туркменистан Улстай хөгжүүлж буй найрсаг харилцааг бэхжүүлж, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Ерөнхийлөгч С.Бердымухамедов хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойшхи хугацаанд Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд анх удаа хэрэгжиж буй энэхүү төрийн айлчлал нь Монгол, Туркменистаны найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэдчухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа онцлов. Хоёр улсын төрийн тэргүүн нар өнгөрсөн 30 гаруй жилийн ололт амжилтаа дүгнэж, ирэх он жилүүдийн хамтын ажиллагааны хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлж, харилцааны түүхэн шинэ хуудсыг хамтдаа нээж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Айлчлалын хүрээнд Монгол, Туркменистаны харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх Засгийн газар болон байгууллага хоорондын гэрээ, хэлэлцээрүүдийг байгуулсныг Ерөнхийлөгч нар сайшаан тэмдэглэв.Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагаа чухал гэдэгт талууд санал нэгдэж, айлчлалын хүрээнд агаарын харилцааны болон олон улсын автотээврийн тухай Монгол, Туркменистаны Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг байгуулсныг онцлов. Мөн хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хүрээнд хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мал аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах тухай баримт бичгүүдийг байгуулж, Монгол, Туркменистаны зах зээлд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн гаралтай бараа бүтээгдэхүүнийг харилцан нийлүүлэхээр тохиролцлоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нөөц, бололцоонд тулгуурлан Монгол, Туркменистаны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хамтарсан төсөл, хөтөлбөрийг судлан хэрэгжүүлэх саналыг дэвшүүлэв. Ерөнхийлөгч С.Бердымухамедов айлчлалын хүрээнд “Монгол-Туркменистаны бизнес уулзалт”-ыг зохион байгуулж буйг сайшааж, энэ нь хоёр орны бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн цаашдын хамтын ажиллагааны бат бэх суурийг тавьж, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болж буйг тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд соёл, урлагийн харилцаа үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцолж, энэхүү сайхан уламжлалын тод илрэл болсон “Монгол-Туркменистаны соёлын хамтарсан тоглолт”-ыг Ашхабад хотноо амжилттай зохион байгуулсанд баяртай буйгаа илэрхийлэв. Манай хоёр улс олон улс болон бүс нутгийн байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирснийг талууд өндрөөр үнэлж, Монгол Улсын санаачилга “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т ойрын хугацаанд нэгдэн орох асуудлыг туркменистаны тал судлан үзэхээ илэрхийллээ. Төрийн тэргүүн нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах чиглэлд нягт хамтран ажиллаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Туркменистаны ойжуулалт” үндэсний хөтөлбөртэй уялдуулан байгаль орчны салбарт хамтран ажиллахаар боллоо. Албан ёсны хэлэлцээний дүнгээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Ерөнхийлөгч С.Бердымухамедов нар “Монгол, Туркменистаны хоорондын харилцаа, хамтын ажиллагааны Хамтарсан мэдэгдэл” гаргалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Туркменистан Улсын Ерөнхийлөгч С.Бердымухамедов нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ

2024.10.12.Туркменистан улc.Ашхабад хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Туркменистан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээний дүнгээр хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийлээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: “Эрхэм хүндэт Ерөнхийлөгч  Сердар Бердымухамедов, Энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт хэвлэлийн төлөөлөгчид өө, Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Төв Азийн цагаан сувд, байгалийн үзэсгэлэнт сайхан эх орондоо халуун дотноор хүлээн авч байгаа эрхэм хүндэт Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Танд болон Туркменистаны төр, засаг, найрсаг ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Эрт дээр үеэс манай хоёр ард түмэн худалдаа, арилжаа, соёлын харилцааг хөгжүүлж ирсэн түүхтэй бөгөөд энэхүү харилцаагаа өнөөг хүртэл эрхэмлэн, бие биедээ элгэмсүү дотно сэтгэлээр хандаж ирсэн сайхан уламжлалтай билээ. Ази-Европыг холбосон “Торгоны зам”-ын зангилаа нутаг, танай сайхан оронд Монгол Улсын Ерөнхийлөгч анх удаа төрийн айлчлал хийж, Туркменистан Улсын хөгжил дэвшил, Туркмений ард түмний найрсаг, зочломтгой зан заншил, түүх соёлтой танилцаж байгаадаа баяртай байна. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Тантай хийсэн албан ёсны яриа хэлэлцээ халуун дотно, ажил хэрэгч уур амьсгалд амжилттай болж өнгөрлөө.Бид өнгөрсөн 30 гаруй жилийн ололт амжилтаа дүгнэн хэлэлцэж, ирэх он жилүүдэд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан, бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар үр бүтээлтэй санал солилцож, хамтын ажиллагааны хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдээ хамтдаа тодорхойллоо. Яриа хэлэлцээний дүнгээр хоёр улсын Төрийн тэргүүн нар “Монгол Улс, Туркменистан Улсын харилцаа, хамтын ажиллагааны тухай хамтарсан мэдэгдэл” гаргалаа. Мөн Монгол, Туркменистаны харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, боловсрол зэрэг нийгэм, эдийн засгийн чухал салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхээр тохиролцож, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгууллаа. Бид манай хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагаа нэн чухал гэдэгт санал нэгдэж, айлчлалын хүрээнд агаарын харилцааны болон олон улсын автотээврийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг байгууллаа.Эдгээр баримт бичиг нь зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тээвэр, логистикийн шинэ чиглэлийг бий болгох, улмаар худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлэх болно. Хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хүрээнд хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мал аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах тухай баримт бичгүүдийг байгуулж, Монгол, Туркменистаны зах зээлд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн гаралтай бараа бүтээгдэхүүнийг харилцан нийлүүлэхээр тохиролцлоо. Түүнчлэн Монгол, Туркменистаны хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нөөц бололцоонд тулгуурлан хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хамтарсан төсөл, хөтөлбөрийг судлан хэрэгжүүлэхээр боллоо. Энэхүү айлчлалын хүрээнд “Монгол-Туркменистаны бизнес уулзалт”-ыг зохион байгуулснаар хоёр орны бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн цаашдын хамтын ажиллагааны үндэс суурийг тавьж, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болж байна. Мөн манай хоёр улс түүх, соёлын дурсгалт газар, байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт сайхан газруудаараа дэлхийд алдартай улс орнууд билээ. Энэ удаагийн айлчлалаар аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай баримт бичгийг байгуулсан нь Монгол, Туркменистаны ард иргэд улс орноо харилцан сурталчлан таниулах, хоёр улсын түүх, соёл, зан заншилд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо гэж үзэж байна. Түүнчлэн хоёр улсын нийслэл Улаанбаатар, Ашхабад хотуудын хооронд ах дүүгийн харилцаа тогтоох, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр санал нэгдлээ.Манай хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөл, хамтын үйл ажиллагаанд соёл, урлагийн харилцаа үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн түүхтэй билээ. Энэхүү сайхан уламжлалын тод илрэл болсон “Монгол-Туркменистаны соёлын хамтарсан тоглолт”-ыг хоёр улсын Төрийн тэргүүний ивээл дор амжилттай зохион байгуулж, Монгол Улсын Морин хуурын найрал хөгжим анх удаа Ашхабад хотноо эгшиглэж, тал нутгийн аялгуугаар Туркмений анд нөхдийнхөө сонорыг мялаан, сэтгэл хөдлөм сайхан дурсамжийг хамтдаа бүтээж байгаад сэтгэл хангалуун байна. Манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагуудын хүрээнд харилцан бие биеэ дэмжин идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотоллоо. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтад хамтын хувь нэмрээ оруулах үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Туркменистаны ойжуулалт” үндэсний хөтөлбөртэй уялдуулан байгаль орчны салбарт хамтран ажиллахаар боллоо. Монгол, Туркменистан улс нь далайд гарцгүй орнуудын хувьд цаашид далайд гарцгүй улс орнуудын өмнө тулгарч буй тээвэр, логистик, худалдааны саад, тотгорыг арилгах чиглэлээр олон улсын байгууллагын хүрээнд хамтран ажиллахаар тохирлоо. Энэ хүрээнд Монгол Улсын санаачилгаар үүсгэн байгуулагдсан “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т Туркменистан Улс ойрын хугацаанд нэгдэхээ илэрхийлсэнд талархалтай байна.Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, Тантай Монгол, Туркменистаны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататгаж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, манай хоёр орны харилцааны түүхийн нэгэн шинэ хуудсыг хамтдаа нээж буйдаа сэтгэл хангалуун байна. Бидний яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард түмний сайн сайхны төлөө бодит ажил хэрэг болж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхэжнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таныг тааламжтай цагтаа мөнх хөх тэнгэрийн орон, өнө эртний түүхт манай сайхан улсад төрийн айлчлал хийхийг урьж байгааг минь хүлээн авна уу. Манай хоёр ард түмний найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, Монгол, Туркменистаны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай. Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.

Монгол Улс, Туркменистан Улсын харилцаа, хамтын ажиллагааны тухай Хамтарсан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна

2024.10.12. Туркменистан Улс. Ашхабад хот. 1. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов-ын урилгаар 2024 оны 10 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийв.

2. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч С.Бердымухамедов нар (цаашид “Талууд” гэх) албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын хамтын ажиллагааг цаашид улс төр, эдийн засаг, хөдөө аж ахуй, тээвэр, логистик, аялал жуулчлал, боловсрол, соёл зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар найрсаг, ажил хэрэгч, халуун дотно уур амьсгалд санал солилцов.

3. Төрийн тэргүүн нар Монгол Улсаас тус улсад анх удаа хэрэгжүүлж буй дээд түвшний айлчлал нь хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болж буйг онцлон тэмдэглэв.

4. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистаны нэрт яруу найрагч, сэтгэгч Махтумгулы Фраги-гийн мэндэлсний 300 жилийн ойд зориулсан “Цаг үе, соёл иргэншлийн хэлхээ холбоо-Энх тайван, хөгжлийн үндэс суурь” сэдэвт олон улсын форумд хүндэт зочноор оролцож, туркменистаны төр, Засгийн газар уг арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулсныг онцлон тэмдэглэв.

5. Айлчлалын хүрээнд Монгол-Туркменистаны бизнес форум болон соёлын хамтарсан тоглолтыг зохион байгуулав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид Туркменистаны Тусгаар тогтнолын цогцолборт цэцэг өргөв.

6. Монгол, Туркменистаны улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор холбогдох яам, байгууллага хоорондын харилцан айлчлалыг тогтмолжуулах, туршлага солилцох, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, хамтын ажиллагааны баримт бичгүүдийн хэрэгжилтийг ханган ажиллахаар тогтов.

Төрийн тэргүүн нар Хоёр талын хамтын ажиллагааны Монгол, Туркменистаны Засгийн газар хоорондын комисс байгуулах асуудлыг судлахаар тохиров.

7. Талууд харилцааны эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцолж, Монгол Улсын Их Хурал, Туркменистан Улсын Үндэсний Их Хурал (Межлис)-д тус тус найрамдлын бүлэг байгуулж, харилцан айлчлал, хамтарсан хурал, семинар, арга хэмжээг зохион байгуулахаар тогтов.

8. Улс төрийн итгэлцлийг бэхжүүлж, харилцааг өргөжүүлэхэд Монгол Улс, Туркменистан Улсын Гадаад харилцааны яам хоорондын хамтын ажиллагаа тэргүүлэх үүрэгтэйг тэмдэглэж, хоёр улсын 2015 онд байгуулсан Гадаад харилцааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд зөвлөлдөх уулзалт, харилцан айлчлалыг тогтмолжуулахаар тохиров.

9. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Туркменистан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын “Мал эмнэлэг, мал аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах тухай хэлэлцээр” болон “Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр” байгуулсныг талууд сайшаав.

10. Энэ хүрээнд Монгол Улсаас Туркменистан Улсад ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн, Туркменистан Улсаас Монгол Улсад жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, хивс, хивсэнцэр зэрэг бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжийн талаар судлахаар тогтов.

11. Хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, иргэд хоорондын солилцоог өргөжүүлэх хүрээнд агаарын тээврийн харилцааг хөгжүүлэх, түүний дотор тээвэр, логистикийн шинэ чиглэлийг бий болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатайг талууд онцлов.

12. Энэ хүрээнд талууд “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Туркменистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Туркменистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг тус тус байгуулав.

13. Талууд хүрээлэн буй орчныг хамгаалах, дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг асуудалд онцгой анхаарч, ой, усны нөөцийг хамгаалах, цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Туркменистан Улсын цөлжилттэй тэмцэх туршлагатай уялдуулан хамтран ажиллахаар тохиров.

14. Талууд Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал болон орчин цагийн ногоон хөгжил, байгаль орчинд ээлтэй, ухаалаг хот төлөвлөлт, байгуулалтын чиглэлээр хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлж, “Шинэ Хархорум” хотын төлөвлөлт, байгуулалтын хүрээнд “Аркадаг” хотын бүтээн байгуулалтын талаар туршлага судлах, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.

15. Олон улсын хамтын ажиллагаа, энх тайван, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлын төлөөх Туркменистан Улсын баримталж буй төвийг сахих бодлогыг монголын тал дэмжиж байгаагаа илэрхийлэв.

16. Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг өндрөөр үнэлж, Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогыг туркменистаны тал дэмжихээ илэрхийлэв.

17. Талууд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалахын ач холбогдлыг тэмдэглэж, тээвэр, худалдааны саад, тотгорыг арилгах асуудлыг судлахаар тогтов.

18. Ашхабад дахь НҮБ-ын Урьдчилан сэргийлэх дипломат үйл ажиллагааны Төв Азийн бүсийн төв, Улаанбаатар дахь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв зэрэг олон улсын байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг талууд онцлов.

19. Үүнтэй холбогдуулан “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т оролцох асуудлыг туркменистаны тал ойрын хугацаанд судлахаар болов.

20. Байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдал, хар тамхины хууль бус наймаа, терроризм, экстремизмтэй тэмцэх болон хүмүүнлэгийн чиглэлээр хоёр талын хүрээнд болон НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэх хүсэлтэй буйгаа талууд нотлов.

21. Айлчлалын үеэр талууд дараах баримт бичигт гарын үсэг зурав. Үүнд:

  1. “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Туркменистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”;
  2. “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Туркменистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”;
  3. “Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Туркменистан Улсын Соёлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”;
  4. “Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Туркменистан Улсын Соёлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”;
  5. “Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Туркменистан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээр”;
  6. “Мал эмнэлэг, мал аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Туркменистан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээр”;
  7. “Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Туркменистан Улсын худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” зэрэг болно.

22. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монголын төлөөлөгчдийг халуун дотно, найрсгаар хүлээн авч буйд Туркменистан Улсын Ерөнхийлөгч С.Бердымухамедов болон туркменистаны ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг тааламжтай цагтаа Монгол Улсад төрийн айлчлал хийхийг урив.

Монгол Улс, Туркменистан Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

2024.10.12.Туркменистан улc.Ашхабад хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Гурбангулыевич Бердымухамедовын урилгаар Туркменистан Улсад хэрэгжүүлж буй төрийн айлчлалын хүрээнд талууд 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дараах баримт бичгийг байгуулав.

1. “АГААРЫН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т Монгол Улсын Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Туркменистан Улсын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Тээвэр, харилцаа холбооны газрын агаарын харилцаа эрхэлсэн газрын дарга Довран Сабуров нар гарын үсэг зурав. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд болон коммерын хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэх бөгөөд Монгол Улсын хувьд цаашид Төв Азийн орнууд руу шинээр нээх нислэгийн завсрын цэг болгон ашиглах боломжийг бүрдүүлж буй юм. Ингэснээр хоёр улс болон иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт, тэр дундаа аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн салбарт өргөжин хөгжих нөхцөлийг бүрдүүлж байна. 

2. “ОЛОН УЛСЫН АВТОТЭЭВРИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т Монгол Улсын Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Туркменистан Улсын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Тээвэр, харилцаа холбооны газрын Автотээврийн харилцаа эрхэлсэн газрын дарга Гуванчмурат Акмаммедов нар гарын үсэг зурав. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс, Туркменистан Улсын нутаг дэвсгэрт бүртгэлтэй тээврийн хэрэгсэл хоёр улсын хооронд болон тэдгээрийн нутгаар дамжин өнгөрөх тээвэр хийх, мөн гуравдагч улс руу ба гуравдагч улсаас ачаа, зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх боломжийг бүрдүүлж байна. Ингэснээр Монголын тээвэрлэгчид бусад улс орон руу дамжин өнгөрөхөд одоо туулж буй замаасаа илүү дөт замыг сонгож, тээвэрлэлтэ илүү бага цаг хугацаа зарцуулах боломжтой болох юм. Түүнчлэн тус баримт бичиг нь агаарын харилцааны тухай хэлэлцээрийн нэгэн адил хоёр улсын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тээвэр, логистикийн шинэ чиглэлийг бий болгох, иргэд болон бизнес эрхлэгч нарын харилцааг хөнгөвчилж, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

3.“МАЛ ЭМНЭЛЭГ, МАЛ АЖ АХУЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т Монгол Улсын Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбаагийн Энхбаяр, Туркменистан Улсын Хөдөө, аж ахуйн сайд Чарыяр Четиев нар гарын үсэг зурав. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд талууд өөрийн улсын нутаг дэвсгэрт мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний худалдааг хөнгөвчлөх, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, малын эрүүл мэндийг хамгаалах, мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэлээр мал эмнэлэг, мал аж ахуйн салбарт хамтран ажиллахаас гадна хоёр улсын холбогдох байгууллагууд хооронд мэл эмнэлгийн шинжлэх ухаан, өвчний тандалт, хяналтын арга хэмжээний талаар мэдээлэл, туршлага солилцох боломжийг бүрдүүлж буй юм. Түүнчлэн талууд мал аж ахуйн мэргэжилтнүүд, малын эмч, эрдэмтдийн уулзалт, мэдлэг солилцох сургалт, чадавхыг бэхжүүлэхэд харилцан бие биедээ дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн нь хоёр улсын мал, эмнэлгийн салбарын хамтын ажиллагааг эхлүүлэхэд чухал ач холбогдолтой суурь баримт бичиг болж байна. 

4.“ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т Монгол Улсын Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбаагийн Энхбаяр, Туркменистан Улсын Хөдөө, аж ахуйн сайд Чарыяр Четиев нар гарын үсэг зурав. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд талууд хөдөө аж ахуйг цахимжуулах, орчин үеийн инновац, технологийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулах, мал аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэл, органик газар тариаланг хөгжүүлэх, газар тариалан, тэр дундаа хүнсний аж ахуй, жимс, жимсгэний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх гэсэн үндсэн чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Монгол Улс нь Төв азийн бүс нутагт хөдөө аж ахуйн салбартаа тэргүүлэх байр суурийг эзэлдэг, уламжлалт хөдөө, мал аж ахуйтай Туркменистан Улстай энэ салбарт идэвхтэй хамтран ажиллаж, туршлага солилцох нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд батлагдсан бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдах бөгөөд ийнхүү тус хэлэлцээр нь цаашид хоёр улс хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаагаа амжилттай хөгжүүлэх боломжийг бүрдүүлсэн суурь баримт бичиг нь болж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистаны Тусгаар тогтнолын хөшөөнд цэцэг өргөлөө

2024.10.12.Туркменистан улc.Ашхабад хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Туркменистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тэргүүтэй албаны төлөөлөгчид Туркменистаны “Тусгаар тогтнолын хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Төлөөлөгчдийг “Тусгаар тогтнолын хөшөө”-нд хүрэлцэн ирэхэд Туркменистан Улсын Төрийн хүндэт харуул жагсаж угтав. 118 метр өндөр “Тусгаар тогтнолын хөшөө”-г 2001 онд Ашхабад хотноо байгуулсан бөгөөд тус хөшөөний өмнө Туркменистаны анхны Ерөнхийлөгч С.Ниязов-ын алтадмал хөшөөг байршуулсан байдаг аж. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүндэт зочдын төгөл”-д хоёр ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн мод тарилаа. Хоёр улсын Төрийн тэргүүн нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Туркменистаны ойжуулалт” үндэсний хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэхээр энэ удаагийн айлчлалын үеэр тохирсон болно. Энэхүү “Хүндэт зочдын төгөл”-д тус улсад айлчилж буй гадаадын улс орны төр, засгийн тэргүүн нар мод тарьдаг уламжлал тогтжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цаг үе, соёл иргэншлийн хэлхээ холбоо-Энх тайван, хөгжлийн үндэс суурь олон улсын форумд хүндэт зочноор оролцлоо

2024.10.13.Туркменистан улc.Ашхабад хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Цаг үе, соёл иргэншлийн хэлхээ холбоо-Энх тайван, хөгжлийн үндэс суурь олон улсын форумд хүндэт зочноор оролцож, нээлтийн үйл ажиллагаанд үг хэллээ. Энэхүү арга хэмжээг Туркменистаны төр, Засгийн газраас тус улсын нэрт яруу найрагч, сэтгэгч Махтумгулы Фраги-гийн мэндэлсний 300 жилийн ойд зориулан зохион байгуулсан бөгөөд тус форумд Армени, Иран, Казахстан, Киргиз, Пакистан, Орос, Тажикистан, Узбекистан  зэрэг улсын төрийн тэргүүн нар болон Азербайжан, Ирак, Турк улсаас өндөр түвшинд төлөөлөгчид мөн оролцов. Монгол Улсын Ерөнхийлөгч форумын хүрээнд зарим улс орнуудын төрийн тэргүүн нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Нэрт яруу найрагч Махтумгулы Фраги-гийн уран бүтээлүүд нь Туркменийн ард түмний эв нэгдэл, найрамдлын үзэл санаан дээр суурилсан бөгөөд өнөөг хүртэл залуу үеийнхний эх оронч үзэл, ёс суртахууны хүмүүжлийг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй талаар судлаачид тэмдэглэсэн байна. 2023 онд ЮНЕСКО-гоос Туркменийн яруу найрагч, сэтгэгч Махтумгулы  Фрагигийн мэндэлсний 300 жилийн ойг тэмдэглэх тогтоол гаргаж, түүнийг Дэлхийн дурсамжийн бүртгэлд оруулсан байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө

2024.10.13.Туркменистан улc.Ашхабад хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ашхабад хотын олон улсын нисэх онгоцны буудлаас Туркменистан Улсын Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Атдаев тэргүүтэй албаны төлөөлөгчид үдэж мордууллаа. Айлчлалын хүрээнд Монгол Улс, Туркменистан Улсын төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, айлчлалын дүнгээр хамтарсан мэдэгдэл гаргалаа. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменийн ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахат-ын дарга Гурбангули Бердымухамедов зэрэг албаны хүмүүстэй уулзлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистаны нэрт яруу найрагч, сэтгэгч М.Фрагигийн мэндэлсний 300 жилийн ойд зориулсан “Цаг үе, соёл иргэншлийн хэлхээ холбоо – Энх тайван, хөгжлийн үндэс суурь” сэдэвт олон улсын форумд хүндэт зочноор оролцож, нээлтийн үйл ажиллагаанд үг хэллээ. Айлчлалын хүрээнд “Монгол-Туркменистаны соёлын хамтарсан тоглолт”-ыг хоёр улсын Төрийн тэргүүн нарын ивээл дор зохион байгуулж, Монгол Улсын Морин хуурын найрал хөгжим анх удаа Ашхабад хотноо эгшиглэлээ. Мөн “Монгол-Туркменистаны бизнес форум”-ыг амжилттай зохион байгуулж, хоёр орны бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид хоорондын хэлхээ холбоог тогтоосон нь цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.1992 онд Монгол Улс болон Туркменистан Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи хугацаанд анх удаа хэрэгжсэн энэхүү дээд түвшний айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавьсан чухал ач холбогдолтой айлчлал болж өндөрлөлөө.

ШХАБ-ын Дээд түвшний уулзалтад оролцоно

2022.09.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо 2022 оны 09 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно. Монгол Улсын Ерөнхийлөгч өргөтгөсөн хуралдааны үеэр ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орны төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийж, хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. Түүнчлэн цар тахлын улмаас хоёр жил завсардсан Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын гурван талт ээлжит зургаадугаар уулзалтад оролцож, гурван улсын хувьд стратегийн ач холбогдолтой Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойн төслийн хэрэгжилтийн талаар ярилцана. Монгол Улс ШХАБ-ыг олон талт хамтын ажиллагаанд оролцох чухал суваг хэмээн үзэж, 2004 онд ажиглагчийн статустай болсноос хойш тус байгууллагын дээд түвшний уулзалт болох Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд тогтмол оролцож ирсэн юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистанд хүрэлцэн очив

2022.09.14. Узбекистан улс. Самарканд хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотод хүрэлцэн очлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Самарканд хотын олон улсын нисэх буудалд хүрэлцэн очиход хүндэт харуулын цэрэг жагсаж, Үзбекистаны талаас Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Н.Арипов, Монголын талаас Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү тэргүүтэй албаны төлөөлөгчид угтав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын анхны Ерөнхийлөгч И.Каримовын бунханд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевтэй уулзана.

Узбекистаны Ерөнхийлөгч Ш.Мирзиёевтэй уулзав

2022.09.14. Узбекистан улс. Самарканд хот. Бүгд Найрамдах Узбекистан Улсад айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирoмонович Мирзиёевтэй албан ёсны уулзалт хийв. Албан ёсны уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч эртний түүхт Самарканд хотод зочилж, Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын ээлжит зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэж, өндөр амжилт хүсэв. Уулзалтын үеэр талууд Монгол, Узбекистан хоёр улс түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын гүнзгий хэлхээ холбоотой, найрсаг харилцаатай орнууд болохыг онцолж, далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд хөгжлийн туршлагаасаа хуваалцаж, цаашид олон салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг онцлон тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевийг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урилаа. Цаашид хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахын тулд дээд түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлж, өндөр түвшний яриа хэлэлцээг тогтмол өрнүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдэж, ойрын ирээдүйд Дипломат төлөөлөгчийн газраа харилцан нээн ажиллуулах нь чухал ач холбогдолтой болохыг онцлов. Монгол Улсын Ерөнхийлөгч Төв Азийн бүс нутагт хүн амаараа тэргүүлдэг Узбекистан Улсын зах зээл манай сонирхлыг ихээхэн татаж байгааг онцолж, цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх, ялангуяа мал аж ахуй, газар тариалангийн, мөн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлт зэрэг хөнгөн үйлдвэрийн салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Узбекистаны тал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ялангуяа хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилтын хүрээнд Засгийн газар хоорондын комиссыг шинээр байгуулах саналыг дэвшүүлж, узбекистаны талаас Хөдөө аж ахуйн сайдыг томилж байгаагаа мэдэгдэв. Түүнчлэн хоёр орны Гадаад харилцааны яамд хоорондын уулзалтыг тогтмолжуулж, зөвлөлдөх уулзалтуудыг хийж ажиллахаар тохиролцов. Үүнээс гадна, талууд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын нийтлэг сорилт болох тээврийн саад тотгорыг хэрхэн даван туулах талаар харилцан туршлага солилцож ажиллахаар санал нэгдэв. Түүнчлэн Улаанбаатар хотноо төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвд Төв Азийн бүс нутгийн чухал орон болох Узбекистан Улс гишүүнээр элсэх чиглэлээр нааштай судалж үзэхээ Узбекистаны тал мэдэгдэв. Уулзалтын үеэр талууд цаашид түүх, соёл, аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг онцолж, энэ оны 06 дугаар сараас эхлэн хоёр улсын иргэд 30 хүртэл хоног харилцан визгүй зорчиж байгааг сайшаан тэмдэглэсэн болно. Түүнчлэн тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хувь нэмэр оруулах зорилтын хүрээнд Монгол Улсын Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, Узбекистаны Ногоон орон зай хөтөлбөрийг уялдуулан хэрэгжүүлэхээр санал солилцож, дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод буй хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр хоёр талын хүрээнд болон олон улсын тавцанд нягт хамтарч ажиллахаар тогтов. 

ШХАБ-ын хуралд үг хэлэв

2022.09.17. Үзбекистан улс. Самарканд хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж, бүс нутагт өрнөж буй худалдаа, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлздэг гэдгийг тэмдэглэв. Энэхүү олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд Монгол Улс ШХАБ-ын ажиглагч улсын хувьд тус байгууллагын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын болон бусад уулзалт, арга хэмжээнд тогтмол, идэвхтэй оролцож, хамтран ажиллаж ирснийг хэлэв. Цаашид ч ШХАБ-ын гишүүн орнуудтай худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, тээвэр ложистик, байгаль орчин, аялал жуулчлал, мэдээллийн технологи, хөдөө аж ахуй, хүнсний хангамж – аюулгүй байдал, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлж, улс хоорондын болон бүс нутгийн эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, бодит ажил хэрэг болгох сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүрээлэн буй орчны доройтол болон хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлуудад улс орнууд онцгой анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа тэмдэглэв. Иймд Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шороон шуургатай тэмцэх, ой, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг эх орондоо өрнүүлж эхлээд байгааг дуулгалаа. Уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж байгаа улс орнуудын нэг болохын хувьд Монгол Улс хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр хөрш болон бүс нутгийн улс орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP-17/-ыг 2026 онд эх орондоо зохион байгуулахаар болсныг хэлэв. Мөн түүнчлэн дэлхий даяар үнийн өсөлт, инфляц нэмэгдэж, дэлхийн улс орнууд хоол хүнс, эрчим хүч, нефть шатахуун болон бусад амин чухал бараа бүтээгдэхүүний хомсдолд орж байгааг дурдав.

НҮБ-ын мэдээлснээр 2019 онд дэлхийн хэмжээнд 135 сая хүн хүнсний хэт дутагдалд орж байсан бол, энэхүү үзүүлэлт өнөөдөр 2.5 дахин нэмэгдэж, 345 саяд хүрээд байна. Иймд улс орон бүр хүнсний хангамж, аюулгүй байдалдаа ихээхэн анхаарах шаардлагатай байгаа бөгөөд энэ хүрээнд Монгол Улс хүнсний хангамж, аюулгүй байдлаа сайжруулж, цаашид хүнс экспортлогч улс болохыг зорьж байгааг онцоллоо. Монгол Улс нь Ази, Европыг холбосон газар зүйн байршлын онцлог байдалдаа тулгуурлан худалдаа, аялал жуулчлал, тээвэр ложистикийн сүлжээ, ачаа тээврийн  урсгал, үйлчилгээний зангилаа болсон Транзит Монгол болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгааг хэлэв. Энэ хүрээнд ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн өргөн хүрээтэй, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд онцгой анхаарч, Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт туссан авто зам, төмөр зам, эрчим хүч, аялал жуулчлалын томоохон төслүүд болон Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг барьж байгуулах төслийг хэрэгжүүлэхээр идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцлон тэмдэглэлээ. Энэ удаагийн ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит өргөтгөсөн хуралдааны дүнгээр:

  • Самаркандын тунхаглал,
  • Иран Улс ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн улс болохтой холбогдуулан хүлээх үүргийн тухай санамж бичиг,
  • Египет, Саудын Арабын Хаант Улс, Катар зэрэг улсад ШХАБ-ын яриа хэлэлцээний түншийн статус олгох тухай санамж бичиг,
  • Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газар хоорондын хэлэлцээр,
  • ШХАБ-ын гишүүн орнуудын дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр, бизнесийн салбарын аж үйлдвэрийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх хөтөлбөр,
  • ШХАБ-ын хүрээнд бүс нутгийн худалдааг хөгжүүлэх үйл ажиллагааны хамтарсан төлөвлөгөө,
  • ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар, Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг зэрэг нийт 40 гаруй баримт бичгийг батлан гаргасан байна.

Энэ удаагийн ШХАБ-ын дээд түвшний уулзалтад Казахстан, Киргизстан, Тажикистан, Узбекистан, Пакистан,
Туркменистан, Энэтхэг, Иран, Беларусь, Турк, Азербайжан, Армени, Балба, Камбож, Мьянмар, Шри-Ланка, Мальдив, Бахрейн, Сири, Арабын Нэгдсэн Эмират Улс, Кувейт, Монгол, ОХУ, БНХАУ зэрэг улсын төлөөлөгчид оролцов. Мөн НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага, НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс, Арабын орнуудын лиг, Астана олон улсын санхүүгийн төв зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцов.

Узбекистанийн элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023.11.17. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Узбекистан Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фарход Арзиев Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ  илэрхийлэв. Мөн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд Фарход Арзиев харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгчтэй уулзав

2023.12.02. АНЭУ. Дубай хот. Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-тэй уулзав. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын хэлхээ холбоотой Узбекистан Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээ, иргэд хоорондын хэлхээ холбоог бататган бэхжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэв. Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол Улс болон Узбекистан Улс нь далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд хөгжлийн туршлагаа харилцан хуваалцаж, цаашид аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик зэрэг тэргүүлэх салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхээ илэрхийлэв. Түүнчлэн хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, “Монгол, Узбекистаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар тохирч, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Бүгд Найрамдах Узбекистан Улсад тааламжтай цагтаа айлчлахыг Ерөнхийлөгч Ш.Мирзиёев урив.

Монгол Улсын Eрөнхийлөгч Үзбeкистан Улсад айлчилна

2024.06.21.Монгол Улс.Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-ийн урилгаар 2024 оны 06 дугаар сарын
23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Энэ айлчлал нь хоёр улсын хооронд  1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш дээд түвшинд болж буй анхны айлчлал юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Олий Мажлис Парламентийн Сенатын дарга Танзила Нарбаева, Ерөнхий сайд Абдулла Арипов нартай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо

2024.06.23. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-ийн урилгаар 2024 оны 06 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо. Энэ айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хооронд  дипломат харилцаа тогтоосноос хойших 32 жилийн хугацаанд анх удаа болж буй дээд түвшний айлчлал юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Узбекистан Улсын Парламент Олий Мажлис-ийн Сенатын дарга Т.Нарбаева, Ерөнхий сайд А.Арипов зэрэг албаны хүмүүс бараалхана. Айлчлалын хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Элчин сайдын яамыг албан ёсоор нээж, Монгол-Узбекистаны бизнес форум, соёлын хамтарсан тоглолт зэрэг арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

2024.06.24. Үзбекистан Улс. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийхээр 2024.06.23-ны өдөр Ташкент хотноо хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Ташкент хотын Ислам Каримовын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Н.Арипов, Гадаад хэргийн сайд Б.Саидов, тус улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ф.Н.Арзиев зэрэг албаны хүн угтан авав. Энэ өдөр Ерөнхийлөгч гэргийн хамт Тусгаар тогтнолын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Төлөөлөгчдийг тусгаар тогтнолын хөшөөнд хүрэлцэн ирэхэд Узбекистан Улсын Төрийн хүндэт харуул жагсаж угтлаа. Цэцэг өргөсний дараа Түүхийн музейн захирал Ж.Исмаилова дурсгалын хананд сийлсэн Узбекистан Улсын түүхийг товч танилцууллаа. Энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улсын хооронд 1992.01.25-ны өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд болж буй анхны төрийн айлчлал юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хиву хотод зочилж, тус улсын түүх соёлын дурсгалт газартай танилцана 

2024.06.24. Үзбекистан Улс. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлс.үх Бүгд Найрамдах Үзбекистан Улсад төрийн айлчлал хийх тухай тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллэв. Үзбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2024.06.23-26-ны өдрүүдэд Үзбекистан Улсад төрийн айлчлал хийх юм гэжээ. Айлчлалын үеэр Ташкент хотод өндөр дээд түвшний яриа хэлэлцээ өрнөх ба Монгол-Үзбекийн найрамдалт харилцааг цаашид улам гүнзгийрүүлэх, бэхжүүлэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх юм. Ингэхдээ улстөрийн яриа хэлэлцээг өргөжүүлэх, бараа эргэлтийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, эрүүл мэнд, транспорт, логистик, соёл урлаг, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцэж, баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Үзбекистан Улсад хийж буй төрийн айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн уулзахаас гадна, томоохон компаниудын төлөөлөл болон ажлын хэргийн ойрын хүрээлэлтэй уулзаж, хоёр талын бусад арга хэмжээнд оролцох юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хиву хотод зочилж, тус улсын түүх соёлын дурсгалт газартай танилцана гэжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг албан ёсоор угтан авлаа

2024.06.24. Үзбекистан Улс. Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев  Узбекистаны “Куксарой” ордны өмнө албан ёсоор угтан авлаа. Ордны өмнөх талбайд хоёр улсын төрийн далбааг мандуулж, Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн Хүндэт харуул жагссан байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев хүндэт индэрт урьсны дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Хүндэт харуулын дарга угтан мэндчилсний дараа Төрийн тэргүүн нар хоёр талын албан ёсны төлөөлөгчидтэй мэндчиллээ. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев, гэргий З.Мирзиёева нар дурсгалын гэрэл зураг авахууллаа. Угтах ёслолын дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхийлөгч Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцоно. Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн ордон “Куксарой” буюу “Хөх ордон”-г тус улсын анхны Ерөнхийлөгч И.Каримов-ын санаачилгаар 1990 онд барьсан. Энэ ордонд Ерөнхийлөгч Ш.Мирзиёев өдөр тутмын ажлаа эрхлэн явуулдаг бөгөөд гадаадын төрийн тэргүүн, хүндэт зочдыг хүлээн авч, ёслолын хүлээн авалт зохион байгуулдаг уламжлалтай юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2024.06.24. Үзбекистан Улс. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-ийн урилгаар 2024 оны 06 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна. Хоёр улсын төрийн тэргүүн 2024.06.24-ний өдөр Узбекистаны Куксарой Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Евроазийн төвд орших байгалийн үзэсгэлэнт сайхан эх орондоо айлчлахыг урьж, Монголын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч байгаад Ерөнхийлөгч Ш.Mирзиёев болон Узбекистаны төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Мөн хоёр ард түмний хэлхээ холбоо олон зууны тэртээгээс эхтэй бөгөөд нүүдлийн соёл иргэншил, түүх, ёс заншил зэрэг ижил төстэй үнэт зүйлстэй, найрсаг дотно харилцаатай орнууд болохыг онцоллоо. Узбекистан Улстай хөгжүүлж буй найрсаг харилцааг бэхжүүлж, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Ерөнхийлөгч Ш.Мирзиёев хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойших 32 жилийн хугацаанд Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны айлчлал нь найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн шинэ агуулгаар баяжуулахад чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ. Хоёр улсын төрийн тэргүүн өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хүрсэн ололт амжилтаа дүгнэж, ирэх 30 жилийн хамтын ажиллагааны хэтийн төлөв, чиг хандлагыг тодорхойлж, харилцааны түүхэн шинэ хуудсыг хамтдаа нээж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Айлчлалын хүрээнд хоёр улсын харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх Засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй гэрээ, хэлэлцээр байгуулсныг сайшаан тэмдэглэв. Талууд цаашид харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд уул уурхай, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик, аялал жуулчлал, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотлов. Айлчлалын үеэр Монгол Улсын Элчин сайдын яамыг Ташкент хотноо нээж байгаа нь харилцаа, хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа талууд нотоллоо. Ерөнхийлөгч Ш.Мирзиёев Узбекистан Улс Элчин сайдын яамаа Улаанбаатар хотноо ойрын хугацаанд нээх эрмэлзэлтэй буйгаа тэмдэглэв. Төрийн тэргүүн нар Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг 2024-2026 онд хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр байгуулсныг сайшааж, худалдааны эргэлтийг 10-20 дахин нэмэгдүүлэх, Монголоос Узбекистаны зах зээлд болон тус улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн бусад улс оронд ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх, Узбекистанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо импортлох чиглэлд хамтран ажиллахаар тогтов. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хоёр улсын төрийн тэргүүний тохирсон ажлуудыг бодит ажил хэрэг болгох хүрээнд Засгийн газар хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг 2024 оны хоёрдугаар хагаст Ташкент хотноо зохион байгуулахаар боллоо. Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нөөц, бололцоонд тулгуурлан хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хамтарсан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр талууд санал нэгдэж, Ажлын хэсэг байгуулахаар болов. Талууд тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж, Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр болон Олон улсын автозамын тээвэрлэлтийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсныг сайшаав. Цаашид хоёр орны иргэд харилцан визгүй зорчдог давуу талаа ашиглан Улаанбаатар-Ташкент чиглэлийн шууд нислэгийг эхлүүлж, иргэд харилцан зорчих урсгал, бараа, бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиров. Айлчлалын хүрээнд Ташкент хотноо зохион байгуулж буй Монгол-Узбекистаны бизнес форумд хоёр улсын 300 гаруй аж ахуйн нэгж оролцож байгааг сайшааж, цаашид хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн үзэсгэлэн, худалдааг хамтран зохион байгуулахаар тогтов. Узбекистан Улсад олон зуун монгол залуус дээд боловсрол эзэмшсэнийг талууд тэмдэглээд цаашид хоёр улсын Засгийн газрын тэтгэлгээр оюутан залуусыг их, дээд сургуульд харилцан сургах, боловсролын салбарын уламжлалт харилцаагаа сэргээн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болов. Төрийн тэргүүн нар эрүүл мэндийн салбар нь Монгол, Узбекистаны хамтын ажиллагааны бас нэгэн шинэ чиглэл болон хөгжиж буйг сайшаалаа. Монголын аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн дэвшилтэт техник, технологи бүхий эрүүл мэндийн Нура оношилгооны төвийг Ташкент хотноо нээж байгаа нь хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд харилцан бие биеэ дэмжин идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа улам бүр эрчимжүүлэн хөгжүүлэхийн төлөө гэдгээ харилцан нотлов. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтад хамтын хувь нэмрээ оруулах үүднээс Монгол Улсын Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг Узбекистан Улсын Ногоон орон зай төсөлтэй уялдуулан ойн салбарт хамтран ажиллахаар санал нэгдэв. Монгол Улсын санаачилгаар үүсгэн байгуулсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг байгуулах тухай олон талт хэлэлцээрт Узбекистан Улс нэгдэн орохоо илэрхийлэв. Талууд хоёр улсын Төрийн тэргүүн нарын ивээл дор Монгол-Узбекистаны соёлын хамтарсан тоглолт зохион байгуулж буйг сайшааж, цаашид соёлын өдөрлөг зохион, хоёр орны өв соёл, зан заншлыг харилцан сурталчлан таниулах чиглэлээр хамтрахаар боллоо. Албан ёсны хэлэлцээний дүнгээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Ш.Mирзиёев нар Монгол, Узбекистаны хоорондын харилцаа, хамтын ажиллагааны Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа.

Монгол, Узбекистаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

2024.06.24. Үзбекистан Улс.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны хамтарсан мэдэгдэлд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиёев нар гарын үсэг зурлаа. 

  • Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хооронд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх 2024-2026 оны хөтөлбөрт Шадар сайд С.Амарсайхан, узбекийн талаас Шадар сайд Ж.Ходжаев,
  • Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад харилцааны яам хоорондын 2024-2025 оны хамтын ажиллагааны хөтөлбөрт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, узбекийн талаас Гадаад хэргийн сайд Б.Саидов,
  • Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, узбекийн талаас Аялал жуулчлалыг хөгжүүлэх төрийн зөвлөлийн дарга У.Шадиев,

Түүх, соёл, байгалийн түүхэн дурсгалт газрууд болон үндэсний уламжлалыг харилцан сурталчилж, аялал жуулчлалыг хөгжүүлнэ.

  • Олон улсын автоээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, узбекийн талаас Тээврийн сайд И.Махкамов,

Хоёр орны нутаг дэвсгэр хооронд болон нутаг дэвсгэрээр дамжин гуравдагч улс руу ачаа, зорчигч тээвэр үйлдэх боломж бүрдэнэ. Хоёр улсын хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, тээвэр зуучлалын хамтын ажиллагаа хөгжинө.  

  • Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, узбекийн талаас Тээврийн сайд И.Махкамов, 

Хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бий болохын зэрэгцээ цаашид Төв Азийн орнууд руу шинээр нээх нислэгийн завсрын цэг болгон ашиглах боломж бүрдэнэ.

  • Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээр,

Мал эмнэлэг, мал аж ахуйн салбарын мэдлэг, туршлагаа  солилцох, мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт хийх, хяналт тавих чиглэлээр хамтарна.

  • Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээр,
  • Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёл, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах тухай Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Ташкент хотын Хокимият хоорондын хэлэлцээр,

Бизнес эрхлэгчдийг холбоход дэмжлэг үзүүлж, албан хаагчдын туршлага, мэдлэгийг нэмэгдүүлэх, иргэдэд тухайн улсын уламжлал, соёл, түүхтэй танилцуулах зорилгоор мэдээлэл, сайн туршлагаа солилцох, уулзалт зэргийг зохион байгуулах  

  • Шинжлэх ухааны академи, Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Узбекистаны Аж үйлдвэрийн танхим, МОНЦАМЭ агентлаг, Узбекистаны үндэсний мэдээллийн УзА агентлаг хоорондын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа.

Хамтарсан хөтөлбөрт гарын үсэг зурлаа

2024.06.24. Үзбекистан Улс. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев нар Ташкент хотноо хоёр орны албаны төлөөлөгчдийг байлцуулан Куксарой ордонд Дээд түвшний хэлэлцээ хийлээ. Хамтарсан хөтөлбөрийг үзэглэснээр хоёр улсын худалдааны эргэлтийг 10-20 дахин нэмэгдүүлэх, Монголоос Узбекистаны зах зээлд болон тус улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн бусад улс оронд ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх, Узбекистанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо импортлох чиглэлд хамтран ажиллах боломж бүрдлээ. Айлчлалын хүрээнд хоёр улсын харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх Засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй гэрээ, хэлэлцээр байгуулсан бөгөөд талууд цаашид харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд уул уурхай, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, агаарын болон авто тээвэр, ложистик, аялал жуулчлал, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхээр тогтов гэжээ. Мөн худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хоёр улсын төрийн тэргүүний тохирсон ажлуудыг бодит ажил хэрэг болгох хүрээнд Засгийн газар хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг 2024 оны хоёрдугаар хагаст Ташкент хотноо зохион байгуулахаар боллоо гэжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

2024.06.25. Үзбекистан Улс.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев, гэргий З.Мирзиёева нар Куксарой цогцолборын Хүндэт зочдын төгөлд ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарилаа. Төрийн тэргүүн нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг Узбекистаны Ногоон орон зай төсөлтэй уялдуулан хэрэгжүүлэхээр тохирлоо. Энэ нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтад хамтын хувь нэмрээ оруулах зорилготой юм. Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн ордон Куксарой буюу Хөх ордоны Хүндэт зочдын төгөлд тус улсад айлчилж буй гадаадын улс орны төр, засгийн тэргүүн нар мод тарьдаг уламжлал тогтжээ.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Элчин сайдын яамны нээлт боллоо

2024.06.25. Үзбекистан Улс. онгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Элчин сайдын яамыг Ташкент хотноо нээлээ. Хоёр улсын төрийн тэргүүний ярьж тохирсны дагуу богино хугацаанд Элчин сайдын яамаа нээж байгаа нь Монгол Улс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгаа юм. Элчин сайдын яам худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэдийн солилцоо, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахыг тэмдэглэлээ. Мөн Бүгд Найрамдах Узбекистан Улс удахгүй Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Арипов, Гадаад хэргийн сайд Б.Саидов, Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Элчин сайд Д.Батбаатар болон албаны хүмүүс оролцлоо. Монгол Улсын Ерөнхий консулын газар 1977-1994 онд Ташкент хотноо ажиллаж байсан. Өнөөдрийн байдлаар тус хотод 46 Элчин сайдын яам, Ерөнхий консулын гурав, Өргөмжит консулын 13 газар үйл ажиллагаа явуулж байна.  

Узбекистан Улсын инновацийн чадавхийг Монгол Улсын Ерөнхийлөгч өндрөөр үнэлэв

2024.06.25. Үзбекистан Улс. Бүгд Найрамдах Үзбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хамт Ташкент хот дахь Технологийн паркад зочлов. Энэхүү орчин үеийн инновацийн цогцолборыг Үзбекистан Улсын төрийн тэргүүний санаачилгаар аж үйлдвэрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор байгуулжээ. Өнөөдөр энд 365 сая гаруй ам.долларын шууд хөрөнгө оруулалттай 16 үйлдвэрлэлийн газар ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх технологийн паркад үйлдвэрлэсэн гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, электрон тоолуур, лифт, усны насос, үйлдвэрийн агааржуулагч, хөргөлтийн төхөөрөмж болон бусад бүтээгдэхүүнтэй танилцав. Технологийн паркад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн нь гадаад, дотоодын зах зээлд эрэлт ихтэй байдаг аж. Хоёр улсын төрийн тэргүүн Монгол, Үзбекистаны тэргүүлэх аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцох нь чухал болохыг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Олий Мажлис-ийн Сенатын даргыг хүлээн авч уулзлаа

2024.06.25. Үзбекистан Улс.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсын Олий Мажлисийн Сенатын дарга Танзила Нарбаеваг хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч, хоёр улсын төрийн тэргүүний албан ёсны хэлэлцээ халуун дотно, ажил хэрэгч уур амьсгалд үр дүнтэй болсныг онцоллоо. Нүүдлийн соёл иргэншил, түүх, ёс заншил зэрэг ижил төстэй үнэт зүйлстэй хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт эрчимжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв. Үүнд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж, жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Сенатын дарга Т.Нарбаева Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалд Узбекистан Улсын төр, засаг, парламентын зүгээс өндөр ач холбогдол өгч буйг онцолж, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд боломжит бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Талууд хоёр улсын харилцааны эрх зүйн таатай орчныг улам бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллага хооронд харилцан айлчлал хэрэгжүүлэх, туршлага солилцох зэргээр нягт хамтран ажиллахын төлөө буйгаа нотлов. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олий Мажлисийн Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, дурсгалын үг үлдээлээ. Бүгд Найрамдах Узбекистан Улсын Парламент Олий Мажлис нь 65 гишүүн бүхий Сенатын дээд танхим, 150 гишүүнтэй Хууль тогтоох доод танхимаас бүрддэг. Тус улсын 25 нас хүрсэн иргэн эдгээр танхимын гишүүнээр сонгогдох эрхтэй бөгөөд бүрэн эрхийн хугацаа таван жил байдаг юм.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Элчин сайдын яамны нээлт боллоо

2024.06.25. Үзбекистан Улс.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Элчин сайдын яамыг Ташкент хотноо нээлээ. Хоёр улсын төрийн тэргүүний ярьж тохирсны дагуу богино хугацаанд Элчин сайдын яамаа нээж байгаа нь Монгол Улс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгаагийн тод илрэл гэдгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэллээ. Элчин сайдын яам худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэдийн солилцоо, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахыг тэмдэглэлээ. Мөн Бүгд Найрамдах Узбекистан Улс удахгүй Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг,  Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Арипов, Гадаад хэргийн сайд Б.Саидов, Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Элчин сайд Д.Батбаатар болон албаны хүмүүс оролцлоо. Монгол Улсын Ерөнхий консулын газар 1977-1994 онд Ташкент хотноо ажиллаж байсан. Өнөөдрийн байдлаар тус хотод 46 Элчин сайдын яам, Ерөнхий консулын гурав, Өргөмжит консулын 13 газар үйл ажиллагаа явуулж байна гэжээ.  

Үндэсний үйлдвэрлэгчид Узбекистан болон Төв Азийн орнуудын зах зээлд нэвтрэх боломж эрс нэмэгдлээ

2024.06.26. Үзбекистан Улс. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийх үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн хамт хоёр орны бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Энэ нь төрийн тэргүүнүүд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцааг хөгжүүлэхэд онцгой анхаарч байгаагийн илрэл гэж хоёр улсын бизнес эрхлэгчид үзэж байлаа. Цаашид худалдааны эргэлтийг богино хугацаанд 10-20 дахин нэмэгдүүлэх, уул уурхай, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбарт хамтрах аж ахуйн нэгжүүдийг бүх талаар дэмжинэ гэдгээ  хоёр орны Ерөнхийлөгч илэрхийллээ. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх 2024-2026 оны хөтөлбөрийн хүрээнд талууд хамтарч хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийнхөө жагсаалтыг баталлаа. Ингэснээр хоёр улс ойрын хоёр жилд харилцан ашигтай, бодит, идэвхтэй хамтын ажиллагаа явуулах юм. Одоогоор манай улсын  10 гаруй аж ахуйн нэгж Узбекистанд үйл ажиллагаа явуулж байна. Төрийн айлчлалын үеэр зохион байгуулсан Бизнес форумд хоёр улсын 300 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Узбекистаны Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтын ажиллагааны Санамж бичгээ шинэчлэн, хамтарсан бизнес зөвлөл байгуулах боллоо. Энэ зөвлөл бизнес эрхлэгчдийг холбож, худалдаа, хөрөнгө оруулалт, үйлчилгээ, аж үйлдвэрийн бүх салбарын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны санаачилгыг дэмжих зорилготой юм. Таванбогд солюшнс ХХК, Монгол базальт ХК, Доктор авто сүлжээ, Эра жимс зэрэг олон аж ахуйн нэгж узбекийн талтай хамтрах гэрээ, хэлцэл хийсэн байна. Тухайлбал эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмж, хиймэл оюун ухааны технологи ашиглан хорт хавдар болон амьдралын хэв маягаас шалтгаалах өвчлөлийг эрт илрүүлдэг NURA төслийг тус улсад нэвтрүүлэх боллоо. Монгол Базальт ХК, Базальт Узбекистан групп хамтран Узбекистанд орчин үеийн базальт технологийн үйлдвэр байгуулна. Эхний шатанд 30 сая ам.долларын хөрөнгө оруулах бөгөөд үйлдвэрлэлийн хүчин чадал нь жилд 45,000 тонн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж байгаа төрийн айлчлалын бүрэлдэхүүнд үндэсний 40 гаруй үйлдвэрлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөл багтсан юм. Хоёр орны худалдааны эргэлт 2023 оны байдлаар 10 сая ам.доллар, нэр, төрөл нь цөөн хэдий ч цар тахлын үеэс хойш тогтмол өсөж байгаа. Манай улс 4,6 сая ам.долларын үнэ бүхий хонь, хурганы боловсруулсан арьс, өлөн гэдэс, хонь, ямаа, үхрийн хөлдүү мах зэргийг экспортолж, Узбекистанаас 5,4 сая ам.долларын үнэ бүхий усан үзэм, жимс, хүнсний бүтээгдэхүүн, хөргөх, хөлдөх цахилгаан төхөөрөмж, ачааны автомашин импортоор авчээ. Узбекистан Улс сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт, бизнесийн орчноо сайжруулах, тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийг арилгах шийдэмгий алхам авч байна. Үүний дүнд эдийн засаг нь сүүлийн жилүүдэд бараг хоёр дахин өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүн 1.5 дахин, аж ахуйн нэгжийн тоо хоёр дахин, аж үйлдвэрлэл 40 хувиар өсжээ. 2023 оны байдлаар Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 90 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох хэмжээ нь 2,510 ам.доллар, гадаад худалдааны эргэлт 63 орчим тэрбум ам.долларт хүрсэн байна. Узбекистан далайд гарцгүй, байгалийн баялгийн арвин нөөцтэй, 2,700 гаруй орд газар илрүүлж, 60 гаруй төрлийн эрдэс баялаг олборлодог. Алтны нөөцөөр дэлхийд дөрөвт, олборлолтын хэмжээгээр долоодугаарт ордог юм.

Морин хуур найрал хөгжим, Узбекистаны Үндэсний хөгжмийн улсын эрдмийн найрал Ташкент хотноо хамтран тоглолоо

2024.06.26. Үзбекистан Улс. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Улсын филармонийн Морин хуур найрал хөгжим, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Үндэсний хөгжмийн улсын эрдмийн найрал хөгжим Ташкент хотноо хамтын уран бүтээлээ толилууллаа. Морин хуур найрал хөгжим анх удаа Ташкент хотноо тоглож байгаа бөгөөд энэ хамтарсан тоглолт хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг улам бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгааг харуулж буй юм. Уламжлал, соёл, амьдралын хэв маяг нь хоорондоо ижил төстэй хоёр орон түүх, урлаг, соёлын өвөө харилцан судалж, хамгаалж байх нь зүйтэйг Үзбекистаны Шадар сайд Ж.Ходжаев онцлоод, Узбекистанд зохион байгуулдаг урлаг, соёлын олон арга хэмжээнд Монголын уран бүтээлчид тогтмол оролцдогт талархав. Монгол, Узбекийн шилдэг бүтээлийг хоршиж толилуулсан тоглолтыг Узбекистаны төр, засаг, нийгэм, бизнес эрхлэгчдийн төлөөлөл, тус улсад суугаа гадаадын улсуудын Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, монгол, узбек иргэд зэрэг 1,800 гаруй хүн үзэж сонирхлоо. Морин хуурын чуулга 1992 онд байгуулагдсан цагаасаа хойш эх орондоо 3000 гаруй, дэлхийн улсаадад 600 гаруй удаа тогложээ. Үндэснийхээ урлагийг сурталчлан таниулахад оруулсан хувь нэмэр, гавьяаг нь төр үнэлж Чингис хаан тэргүүн зэргийн одон хүртээн, энэ онд өргөтгөж Морин хуур найрал хөгжим болгосон юм. Найрал хөгжмийн хамт олон Японы NHK телевизийн концертын их танхим, НҮБ-ын төв байр, Сиднейн дуурийн театр, Парис хотын Версалийн ордны Хааны дуурийн театр, Нант хотын Консерваторын Дебюсси танхим, Шанхай хотын Ягуар симфони оркестрын их танхим зэрэгт Монголын сайхан орон бүтээлээ толилуулж байсан түүхтэй.

Монгол, БНАСАУ-ын харилцаа

2025.02.10. Монгол Улс. Улаанбаатар хот. БНАСАУ 1948.09.09-ний өдөр байгуулагдахад хоёр орон хариллцан нэг нэгнийгээ хүлээн зөвшөөрч 1948.10.15-ны өдөр дипломат харилцаа тогтоосон байна. Улмаар 1951 онд хоёр талдаа элчин сайдын яамаа байгуулсан байна. Монгол Улсаас БНАСАУ-д суусан анхны элчин сайдаар Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга Жамсрангийн Самбуу, БНАСАУ-аас Монгол улсад сууж байсан анхны Элчин сайд нь Ким Ён Жин нар байжээ. Хоёр Солонгосын дайны үеэр хүнсний мах, уналаганы адуугаар тусалж, нийт 226,236 толгой мал бэлэглэж байжээ. Коммунист намуудын харилцааны хүрээнд төрийн дээд хэмжээний айлчлал зохиогдож иржээ. БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сен Монгол Улсад 1956 болон 1988 онд хоёр удаа айлчилсан байна. Харин 1956 онд БНМАУ-ын удирдагч Ю.Цэдэнбал, 1986 онд Монгол Улсын нам, төрийн удирдагч Ж.Батмөнх БНАСАУ-д айлилсан түүхтэй юм байна. 1990он гарсаар хоёр орны харилцаа бараг зогсонги байдалд орсон ч, Монгол Улсын Ерөнхий сайд асан Шаравын Гунгаадоржийг БНАСАУ-д Элчин сайдаар томилсон нь харилцаа сайжиржээ. 1996 онд Монгол Улсын Их хуралд Монгол-Солонгосын парламентийн бүлэг байгуулагдсан байна.

Монголын талаас БНАСАУ-д хийсэн айлчлалууд

  1. 1953 онд БНМАУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Ч.Сүрэнжав тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид
  2. 1956 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид
  3. 1961 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу тэргүүтэй төлөөлөгчдийн төрийн айлчлал
  4. 1975 онд БНМАУ-ын Гадаад явдлын яамны сайд Л.Ринчин
  5. 1978 онд МАХН-ын Төв Хорооны УТТ-ны гишүүн, БНМАУ-ын СН3- ийн нэгдүгээр орлогч дарга Т.Рагчаа тэргүүтэй нам, засгийн төлөөлөгчид
  6. 1979 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгч гишүүн, МҮЭ-ийн Төз Зөвлөлийн дарга Г.Очирбат тэргүүтэй АИХ-ын төлөөлөгчид
  7. 1980 онд МАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн, Намын Хянан шалгах Хорооны дарга С.Лувсанравдан тэргүүтэй МАХН-ын төлөөлөгчид
  8. 1983 онд МАХН-ын Төв Хорооны УТТ-ны гишүүн, БНМАУ-ын СнЗ- ийн нэгдүгээр орлогч дарга Д.Майдар тэргүүтэй нам, засгийн төлөөлөгчид
  9. 1984 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгч гишүүн, МАХН-ын Төв Хорооны хэлтсийн эрхлэгч Б.Лхамжав тэргүүтэй АИХ-ын төлөөлөгчид
  10. 1986 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны дарга С.Мөнхжаргал тэргүүтэй Улаанбаатар хотын төлөөлөгчид
  11. 1986 онд БНМАУ-ын СнЗ-ийн орлогч дарга, АИХ-ын дарга Д.Цэвэгмид тэргүүтэй парламентын төлөөлөгчид
  12. 1986 онд МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Батмөнх тэргүүтэй нам, төрийн төлөөлөгчид
  13. 1988 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Д.Содном тэргүүтэй нам, Засгийн төлөөлөгчид.
  14. 1988 онд БНМАУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Н.Содном
  15. 1988 онд БНМАУ-ын СнЗ-ийн орлогч дарга Ч.Сүрэн тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид
  16. 1989 онд БНМАУ-ын Гадаад явдлын яамны сайд Ц.Гомбосүрэн
  17. 1989 онд МАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн, ТХ-ны нарийн бичгийн дарга Ц.Намсрай тэргүүтэй нам, засгийн төлөөлөгчид айлчилжээ.

БНАСАУ-ын талаас Монгол Улсад хийсэн айлчлалууд

  1. 1956. БНАСАУ-ын Сайд нарын Танхимын дарга Ким Ир Сен тэргүүтэй БНАСАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид
  2. 1959. БНАСАУ-ын АДХ-ын Тэргүүлэгчдийн дарга Цой Ен Ген тэргүүтэй нам, төрийн төлөөлөгчид
  3. 1959. БНАСАУ-ын АДХТ-ийн нарийн бичгийн дарга Пак Мун Гю тэргүүтэй АДХ-ын төлөөлөгчид
  4. 1961. СХН-ын Төв Хорооны гишүүн, Сайд нарын Танхимын орлогч дарга Жөн Ил Рён тэргүүтэй СХН-ын төлөөлөгчид
  5. 1966.6 СХН-ын Төв Хорооны УТТ-ны гишүүн, намын Төв Хорооны нарийн бичгийн дарга тэргүүтэй СХН-ын төлөөлөгчид
  6. 1972. СХН-ын Төв Хорооны УТТ-ны гишүүн, АДХ-ын Тэргүүлэгчдийн орлогч дарга Кан Рян Ук
  7. 1973. БНАСАУ-ын Засаг Захиргааны Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч, ГЯЯ-ны сайд Хѳ Дам
  8. 1973. БНАСАУ-ын дэд Ерөнхийлөгч Кан Рян Ук
  9. 1976. СХН-ын Төв Хорооны УТТ-ны гишүүн, СХН-ын Хянан шалгах хорооны дарга Сө Чөр тэргүүтэй СХН-ын төлөөлөгчид
  10. 1981. СХН-ын Төв Хорооны УТТ-ны орлогч гишүүн, БНАСАУ-ын Засаг Захиргааны Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Жөн Жүн Ги тэргүүтэй СХН-ын төлөөлөгчид
  11. 1981. СХН-ын Төв Хорооны гишүүн, БНАСАУ-ын Засаг Захиргааны Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ким Ген Рён тэргүүтэй БНАСАУ ын нам, засгийн төлөөлөгчид
  12. 1985. БНАСАУ-ын Засаг захиргааны зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч, ГЯЯ-ны сайд Ким Ен Нам
  13. 1986. БНАСАУ-ын АДХ-ын орлогч дарга Ре Ен Гу
  14. 1986. СХН-ын Төв Хорооны УТТ-ны орлогч гишүүн, Пёньян хотын Захиргаа, Эдийн засгийг удирдах Хорооны дарга Кан Хи Вөн тэргүүтэй Пёньян хотын төлөөлөгчид
  15. 1987. СХН-ын Төв Хорооны УТТ-ны гишүүн, СХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Ким Хван тэргүүтэй СХН-ын төлөөлөгчид
  16. 1987. БНАСАУ-ын Гадаад Худалдааны яамны сайд Цой Жөн Гөн
  17. 1988. СХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНАСАУ-ын Ерөнхийлөгч Ким Ир Сен
  18. 1989. БНАСАУ-ын Ерөнхий сайдын орлогч Жо Сэ Ун тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид
  19. 1995. БНАСАУ-ын Сангийн сайд Юн Ги Жон тэргүүтэй СМНН-ийн төлөөлөгчид
  20. 1995. БНАСАУ-ын Орон нутгийн аж үйлдвэрийн сайд Ким Сөн Гү тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид
  21. 1997. БНАСАУ-ын ГХЯ-ны дэд сайд Цой У Жип
  22. 1998. БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чон Жэ Хон 23. 2002. БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Пэк Нам Сун
  23. 2004. БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ким Ен Ир
  24. 2005.9 БНАСАУ-ын Сангийн сайд, СМНН-ийн дарга Мун Ир Бон
  25. 2006.8 БНАСАУ-ын ГСХХ-ны даргын үүрэг гүйцэтгэгч Мун Жэ Чөр
  26. 2007.7 БНАСАУ-ын АДХТ-ийн дарга Ким Ен Нам
  27. 2011 Гадаад хэргийн сайд Пак Ы Чун
  28. 2012 БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга Цой Тхе Бок
  29. 2013. БНАСАУ-ын Ард түмнийг аюулаас хамгаалахын сайд Цой Бу Ил
  30. 2014. БНАСАУ-ын Гадаад худалдааны дэд сайд Гу Бон Тэ
  31. 2014. БНАСАУ-ын Хөдөө аж ахуйн дэд сайд Хван Мин
  32. 2015. БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ли Су Eн
  33. 2015. БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ли Гил Сөн
  34. 2015, 2018.БНАСАУ-ын АДХ дахь Солонгос, Монголын найрамдлын бүлгийн дарга, Дээд боловсролын Хорооны дарга Тэ Хён Чөл нар айлчилжээ.

БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ын мэндчилгээ дэвшүүллээ

2023.07.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан гадаадын улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд баярын мэндчилгээ ирүүлсээр байна. БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн ЫН: Түүхэн харилцаатай Солонгос, Монгол Улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр улсын ард түмний эрх ашигт нийцэн улам өргөжин хөгжиж,  улс орныхоо хөгжил, цэцэглэлтийн төлөөх ажил үйлсэд өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе гэжээ.

2024.07.12. Монгол Улс. Улаанбаатар хот. БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ын мэндчилгээ дэвшүүллээ. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ын Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд мэндчилгээ ирүүллээ. МЭНДЧИЛГЭЭНД: “Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан Танд болон танай улсын ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлье. Манай хоёр улс хоорондын харилцаа, хамтын ажиллагаа бидний нийтийн эрх ашигт нийцэж, бэхжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайдыг хүлээн авч уулзав

2024.03.11. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо-г хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс, БНАСАУ-ын үе үеийн төр, засгийн удирдагчдын үндэс суурийг нь тавьсан түүхэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байгааг тэмдэглэв. Өнгөрсөн онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Их удирдагч Ким Ир Сенийн Монгол Улсад айлчилсны 35 жилийн ой тохиосныг онцолж, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын-д мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүсэв: БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо уулзалтын эхэнд БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын-ы мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа. Мөн уламжлалт найрсаг харилцаатай Монгол Улс халуун дотноор хүлээн авч буйд талархал илэрхийллээ. БНАСАУ-ын Засгийн газар Монгол Улстай хөгжүүлж буй найрсаг харилцааны уламжлалаа үргэлжлүүлж, хоёр улсын ард түмний эрх ашиг, шинэ эрин үеийн нөхцөл байдалд нийцүүлэн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа онцлов. Талууд цар тахлын дараах харилцааг сэргээж, боловсрол, соёл, урлаг, спорт, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, хүмүүнлэгийн зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов.

Унгар улс Байдрагийн усан цахилгаан станц барих төсөлийг дэмжихээ илэрхийллээ

2024.04.03. Унгар Улс. Унгар улс дахь албан айлчлалынхаа үеэр Сангийн сайд Б.Жавхлан тус улсын Гадаад харилцаа, худалдааны сайд Петер Сияяартотой уулзлаа. Уулзалтаар Баянхонгор аймгийн Байдрагийн усан цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэх яриа хэлэлцээрийг хийв. Унгарын талаас Байдрагийн усан цахилгаан станц барих төслийг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Энэ үеэр Сангийн сайд тус төслийн техник эдийн засгийн үндэслэлийн баримт бичгийг Унгарын талд өглөө. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Байдраг голын урсацыг тохируулж, 30 МВт хүртэлх хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоно. Ингэснээр төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг хангаж, импортын эрчим хүчний хэрэглээг бууруулах зэрэг олон боломж нээгдэнэ гэж Cангийн яамнаас мэдээллэв.

Сангийн сайд Б.Жавхлан Унгар Улсын Хөдөө, аж ахуйн сайд Нодь Иштвантай уулзав

2024.03.13. Унгар Улс. Уулзалтаар Сангийн сайд Б.Жавхлан манай улс дахь өвөлжилтийн нөхцөл байдал, зудын хүндрэл бэрхшээлийн талаар мэдээлэл өгөв. Мөн түүнчлэн малын нийт тоо толгойн 10 орчим хувь нь хорогдож Дэлхийн II дайнаас хойших хамгийн том гарз хохирол амсаад буйг танилцуулсан байна. Цаашид цаг уурын онц нөхцөлд дасан зохицсон эрчимжсэн мал аж ахуйг уламжлалт бэлчээрийн мал аж ахуйтай хослуулан хөгжүүлэх тал дээр мал аж ахуйгаараа дэлхийд үнэлэгдсэн улс орнуудтай хамтран ажиллах, туршлага солилцох нь чухал байгааг илэрхийлэв. Унгар Улсын Хөдөө, аж ахуйн сайд Нодь Иштван дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдэж буй энэ эмзэг үед талууд хөдөө аж ахуйн салбарт туршлага, солилцож, цаг уурын онцгой нөхцөлд бэлтгэлтэй байхад чиглэсэн хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэв. Энэ хүрээнд Хөдөө, аж ахуйн сайд Нодь Иштван мэргэжилтнүүдийн хамтаар Монгол Улсад ажиллаж туршлага солилцоход бэлэн байгаагаа илэрхийлэв. Уулзалтын үеэр Монгол-Унгарын тал Хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Унгар Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. Дээрх баримт бичиг байгуулагдсанаар талууд хөдөө аж ахуйн технологи, техникийг шинэчлэх, өвлийн хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх, тарилангийн усалгаа, хүнсний ногоо, жимс хадгалах хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар хамтран ажиллах боломж бүрдэж байна гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Унгар Улсын Ерөнхийлөгч Каталин Новак-тай уулзлаа

2023.12.02. Арабын Нэгдсэн Эмират. Дубай. Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдаж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Унгар Улсын Ерөнхийлөгч Каталин Новак-тай уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа, олон улсын зарим асуудлаар санал солилцов. Уулзалтаар талууд Монгол, Унгарын дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамж хадгалагдаж, хоёр талын харилцаа олон салбарт идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Цаашид хоёр улсын хөгжлийн бодлогод тусгасан харилцан уялдаа бүхий зорилтуудыг хэрэгжүүлэх замаар хамтын ажиллагааг тэлэх боломжийн талаар ярилцлаа. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол зэрэг олон улсын хамтын нийгэмлэгт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хүчин чармайлтад хувь нэмрээ оруулан хамтран ажиллахаа талууд нотлов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Унгар Улсын Ерөнхийлөгч Каталин Новак-ийг ирэх онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Дэлхийн эмэгтэй манлайлагчдын чуулганд оролцохыг урив.

Унгарын төвбанкны дэд Ерөнхийлөгч айлчлав

2022.07.25. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монголбанкны урилгаар Унгар улсын төв банкны /Magyar Nemzeti Bank/ Дэд ерөнхийлөгч Михали Патай тэргүүтэй зочид төлөөлөгчид 2022 оны 07 сарын 17-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд талууд Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Унгар улсын төв банкны Дэд ерөнхийлөгч Михали Патай тэргүүтэй зочид төлөөлөгчид, Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушански нар оролцсон юм. Санамж бичгээр хоёр тал ногоон санхүүжилт, төв банкны цахим мөнгө, олон нийтийн санхүүгийн боловсрол, төлбөрийн системийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, харилцаагаа улам гүнзгийрүүлэхээр тохироод байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Унгарын шинэ Ерөнхийлөгчид баярын захидал хүргүүлэв

2022.05.22. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон хатагтай Новак Каталинд баярын захидал хүргүүлэв. Баярын захидалд: Эрхэмсэг хатагтай Ерөнхийлөгч өө. Унгар Улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдсон Танд чин сэтгэлийн баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлье. Унгар Улс нь Европ дахь чухал түншүүдийн нэг бөгөөд манай хоёр улсын ард иргэд ойр дотно харилцаатай билээ. Монгол, Унгарын уламжлалт найрсаг харилцаа соёл, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт өргөжин хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байдаг. Дэлхийн улс орнуудын тогтвортой хөгжил, аюулгүй байдлыг хангах, цаг уурын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдсан сорилтуудыг шийдвэрлэхэд төдийгүй хоёр улсын нийгэм, эдийн засгийн тууштай өсөлт, ард иргэдийн сайн сайхны төлөө Монгол, Унгарын харилцааг цаашид улам бүр бэхжүүлэхэд Эрхэмсэг хатагтай Ерөнхийлөгч Тантай хамтран ажиллах болсондоо баяртай байна. Эрхэмсэг хатагтай Ерөнхийлөгч танд эрүүл энх, сайн сайхан, ажлын амжилтыг хүсэн ерөөе гэжээ.

Монгол, Филиппины харилцаа

2022.12.03. Mонгол Улс. Улаанбаатар хот. Sheraton зочид буудал монголд нээгдэхээр болжээ. Өдийд барилга нь баригдаад захиалгаа авч буй юм байна. Дэлхийд нэр хүндтэй уг зочид буудал монгол улсад баригдаж байгаа нь жуулчид хүлээн авах газар нэгээр нэмэгдэж буй нь таатай хэрэг юм гэж олзуурхав. Тиймээс Sheraton зочид буудлыг онцлон бичихийг зорив. Багаасаа л уг зочид буудлыг гадарлана. Б.Аюуш аав маань азийн таван бар улсаар томилолтоор яваад ирэв. Тэндээс ирэхдээ Японы Токио хотын The New Otani, Филипины Манила хотын Sheraton зочид буудлын зурагтай ил захидал бичдэг открыттой ирэв. Томилолтоор явахдаа байрлаж байсан газрынх нь танилцуулгын открыт юм байлгүй дээ. Тэрхүү открыт дээрх зургийг хожим интернетээс хайж үзсэн ч, Филиппин улсын Манила хотын Sheraton зочид буудал яг тэр төрхөөрөө олдсонгүй. Надад байгаа открыт дээрх зураг дээр Century Park Sheraton Manila-ийн гадна талд олон орны туг намирч байх. Австрали, Герман, Япон, Солонгос, Америк гэхчлэн олон орны туг намирч байгаагаас олон орны зочид төлөөлөгчид хүлээн авдаг нь илт. Яг тэр төрхөөр нь интернетээс зургийг нь хайгаад олсонгүй. Арай дөхүүг нь оллоо. Арга ч үгүй биз. 30 орчим жилийн өмнөх Sheraton яг тэр төрхөөрөө өнөөдөр байж байна гэж юу байх вэ. Хэдэн жилийн өмнө ОХУ-ын Москва хотод Higher school of economics-д суралцаж байгаад, 2018 оны сүүлчээр ирж явахдаа, нисэх онгоцны буудал хүрэх зуур андуураагүй бол Sheraton зочид буудлын салбар байхыг харлаа. Манила хот дахь Sheraton зочид буудлын салбар Москвад байдаг юм байна даа гэсэн бодол төрөөд өнгөрөв. Монгол хөгжлөөс бас яаж дутах вэ. Sheraton нэртэй зочид буудал монголд баригдаж байгаа зурагт хуудастай таарсан учраас ийн хэлэв. Олон улсын таван одтой зочид буудлын салбар монголд баригдаж байгаа нь жуулчдад нэн таатай санагдах биз. Дотроо мэдээж худалдаа үйлчилгээний төвтэй байж таарах байх. Үүгээр нь дуртаяа үйлчлүүлэх дотоодын худалдан авагчдын тоо ч их байна байх.

МАН-ын Нарийн бичгийн дарга О.Батнайрамдал Филиппин улсын Себу хотноо ажиллаж байна

2023.03.01. Филиппин улсын Себу хотноо 02-р сарын 25-28-ны өдрүүдэд СокДем Азийн Дэвшилтэт Улс төрийн академиас “Уур амьсгалын хямралд үзүүлэх дэвшилтэт аргачлал” сэдэвт олон улсын сургалт зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн сургалт, арга хэмжээнд 10 орчим орны төлөөлөгчид хамрагдаж байгаа юм. Монгол Ардын Намаас тус намын Нарийн бичгийн дарга, СДМЗХ-ны дэд Ерөнхийлөгч О.Батнайрамдал болон Монгол Ардын Намын Хүний нөөцийн хэлтсийн дарга Ч.Сүнжидмаа, Нийслэлийн СДМЗХ-ны тэргүүн, НИТХ-ын төлөөлөгч Г.Төгөлдөр нар оролцож байна. Бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн тулгамдсан том сорилтуудыг даван туулахад олж авсан мэдлэг, ур чадвар, туршлага өнөөдөр юу юунаас чухал. Тийм ч учраас олон улс орны төлөөлөгчид нэгэн дор цугларан мэдлэг, туршлага, ур чадвараа танилцуулахын зэрэгцээ, санал солилцож байгаа юм. Арга хэмжээний үеэр Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга О.Батнайрамдал Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Ногоон хөгжлийн сэргэлт, Уул уурхайн салбар дээр барьж буй Монгол Улсын бодлогын талаар дэлгэрэнгүй танилцуулсан. СокДем Азийн Дэвшилтэт Улс төрийн академи нь улс төрч, төрийн бодлогын зөвлөх, намын улс төрийн ажилтан зэргээр 250 удирдагч, манлайлагчдыг бэлтгэн төрүүлжээ. Дашрамд дурдахад, СокДем Азийн Дэвшилтэт Улс төрийн академи нь социал демократ үзэл баримтлалтай, дэвшилтэт залуучуудад улс төрийн боловсрол олгодог сургалтын цогц хөтөлбөртэй олон улсын байгууллага юм.

Бүгд Найрамдах Филиппин Улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиов

2023.10.11. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол улс Филиппин Улстай 1973.10.11-ний өдөр дипломат харилцаа тогтоожээ. Монгол Улс, Бүгд Найрамдах Филиппин Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2023.10.11-ний өдөр тохиосон юм. Ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгч Фердинанд Р. Маркос Жр. нар 2023.10.11-ний өдөр баярын захидал солилцов. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгчид илгээсэн захидалдаа өнгөрсөн 50 жилийн хугацаанд Монгол-Филиппиний уламжлалт найрсаг харилцаа хамтын хүчин чармайлтаар тогтвортой хөгжиж ирснийг тэмдэглээд цаашид хоёр талын хамтын ажиллагаа худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, аялал жуулчлал болон батлан хамгаалах зэрэг олон салбарт өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгч Фердинанд Р. Маркос Жр. хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн баярын мэндийг Монгол Улсын Ерөнхийлөгчид дэвшүүлээд Филиппиний тал соёлын солилцоо, эдийн засгийн түншлэл болон дипломат яриа хэлэлцээг үргэлжлүүлэн урагшлуулснаар хоёр талын харилцааг улам бүр бэхжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэсэн байна.

Бүгд Найрамдах Филиппин Улсын Элчин сайд Хаймэ А.Флоркруз Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023.11.17. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Филиппин Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хаймэ А. Флоркруз Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд, төр засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ  илэрхийлэв. Мөн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд Хаймэ А.Флоркруз харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв.

Монгол, Францын харилцаа

Монгол, Францын түүхэн харилцаа

Виллиам де Рубрук нь Монгол улсын түүх соёлтой танилцахаар ирсэн анхны европ аялагчдын нэг гэж түүхэнд тэмдэглэн үлдээжээ. Түүний аяллын газрын зургийг харахад Монгол руу ирэх маршрутаа сайтар тунгаасан нэгэн болох нь илт. Тэрбээр урт аялалд гарахын өмнө өмнөх аялагчдаас туршлага судалж, ном зохиол уншиж, ирж очих маршрутаа сайтар базаажээ. Үүний эцэст аяллаа Acre /одоогийн Израйлаас/-аас эхлүүлсэн байна. Улмаар Газар дундын тэнгис гаталж, Константиполь /одоогийн Турк/-д очжээ. Цааш Хар тэнгис гаталж, Каспийн тэнгист цутгах Волга /Ижил/ мөрний хөвөөнд орших Алтан ордны улсын нийслэл Сарай хотод очсон байна. Чингис хааны том хүү Зүчийн тухай монголчууд андахгүй. Тэгвэл Зүчийн хүү Батын тухай оросууд андахгүй билээ. Оросын түүхэнд Бат хааны байгуулсан Алтан ордны улсын тухай бишгүйдээ нэг гардаг учраас тэр юм. Рубрук ийнхүү Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн Алтан ордны улсад саатсан байна. Алтан ордны улсын нийслэл Сарай хотыг 1250-аад оны эхээр Бат хаан байгуулсан талаар Рубрук 1254 он хавьцаа Дорнын орнууд руу хийсэн аялал тэмдэглэлдээ бичиж үлдээжээ. Алтан ордны улсын нийслэл Сарай хотын туурь Ижил мөрний хөвөөнөөс, Астрахань хотоос 130 километрийн зайтай оршдог учраас Рубрук үүгээр аялсан нь нотлогддог ажээ. Тэрбээр цааш хуурай замаар аялсаар Хархорумд очсон байна. Харин буцахдаа хуурай замаар аялсаар Каспийн тэнгисийг гаталж, Израилд эргэн очжээ. Тэрбээр монгол руу аялахдаа Газар дундын тэнгис, Хар далайг гаталсан бол, буцахдаа Каспийн тэнгисийг гаталсан байгаа юм. Эндээс тэрбээр яагаад хуурай газраар аялж, Хар-Хорумд ирээгүй вэ гэдэг асуулт гардаг. Тухайн үед загалмайтнууд лалуудтай шашны дайн хийж байсан учраас түүний тухайд хуурай замаар аялах нь аюултайд тооцогдож байжээ. Мөн лалуудтай хийж буй дайнд тусламж эрэхээр Монголын эзэнт гүрэнд аялагч нэрээр Францын элч морилсон гэж түүхэнд тэмдэглэн үлдээсэн нь бий. Тиймээс гурван тэнгис гаталсан урт аяллыг хийхэд хүрчээ. Гэхдээ Францын элч яагаад Израилаас ирсэн бэ гэдэг нь өнөөдрийг хүртэл анхаарал татдаг. Ямар ч байсан Мөнх хааны хүрээнд хагас жил орчим саатсан тэрбээр тусламж авч чадаагүй байна. Гэхдээ нутагтаа эргэн очсоны дараа монголчуудын ахуй амьдралын талаар Дорно этгээдэд зорчсон нь тэмдэглэлээ бичиж үлдээжээ. Зохиогчийн нэрийг улс бүр янз бүрээр бичсэн байдаг. Харин монголчууд Виллиам де Рубрук гэдгээр нь андахгүй билээ. Виллиам де Рубрук Хархорум хотын Мөнгөн модны тухай өөрийн тэмдэглэлдээ бичиж үлдээсэн хүн гэдэг. Мөнгөн модны ёроолд цоргон амтай дөрвөн мөнгөн арслан байрлуулжээ. Модны дотуур оройд нь хүртэл дөрвөн босоо хоолой татаж, тэдгээрийн амсрыг доош унжуулан, тус бүрийн амсрыг алтан шармал могойн ам маягтай үйлдэж сүүлээр нь мөнгөн модыг ороолгон урлажээ. Эдгээр хоолойн нэгээс дарс, нөгөөгөөс айраг, гурав дахиас балын ундаа, дөрөв дэхээс шар айраг гоождог байв. Амттан ундааг юүлэх тусгай мөнгөн савнуудыг хоолой бүрийн дор тосон байрлуулжээ. Мөнгөн модны орой дээр бүрээ барьсан ангел хэмээх тэнгэрийн элчийн дүрийг Францын дархан Вильгельм урлан босгожээ. Ундааг сөгнөх хүмүүс тэнд хүлээн зогсох ажээ. Модны мөчир, навч, жимс бүгдийг цул мөнгөөр урлажээ хэмээн бичиж үлдээсэн байна. Виллиам де Рубрукийн бичиж үлдээснээс Хархорум хотын Мөнгөн модыг хожим дүрсэлж зурсан гэх нь бий. Монголчуудын гүйлгээнд хэрэглэдэг 5000-тын дэвсгэрт дээрээс Мөнгөн модыг харж болно. Мөн Зайсан толгойн бэлд Мөнгөн модыг хожим дуурайлган сүндэрлүүлснээс ойлголт авч болох юм. Ийнхүү Монгол Улс, өнөөгийн Бүгд Найрамдах Франц улстай Мөнх хааны үеэс түүх, соёл, гадаад харилцаа, аялал жуулчлалын хамтын ажиллагаатай явж ирсэн байгаа юм. Тэгвэл 1965.04.27-ны өдөр Бүгд Найрамдах Франц Улстай албан ёсоор дипломат харилцаа тогтоосон байна.

Монгол, Францын дипломат харилцаа

1965.04.27-ны өдөр Монгол Улс, Бүгд Найрамдах Франц улстай дипломат харилцаа албан ёсоор тогтоосон байна. Энэ үеэс тус улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай явж иржээ. Энэ үеэс хойш байгуулсан гэрээ хэлэлцээрүүдээс дурдвал:  

  • 1965.03.30-ны өдөр Дипломат төлөөлөгчийг харилцан солилцох тухай Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр бйгуулсан. Энэхүү гэрээ нь Францын гадаад хэргийн сайд Монголын гадаад хэргийн сайдтай шуудангаар солилцон 1965.06.23 ны өдөр хүчин төгөлдөр болсон
  • 1991.11.08-ны өдөр Хөрөнгө оруулагч нарыг харилцан дэмжиж, хамгаалах тухай гэрээ үзэглэсэн. Энэхүү гэрээ 1993.12.22-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон
  • 1996.04.18-ны өдөр Найрамдал, хамтын ажиллагааны Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар хоорондын гэрээ байгуулсан. Уг гэрээ 1997.11.01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон
  • 1996.04.18-ны өдөр Давхар татвар төлөх, мөн орлого, хөрөнгө гадагш гарах болон хуурамч татварын баримт бүрдүүлэхээс сэргийлэх асуудлын тухай гэрээнд хоёр улс гарын үсэг зурсан. Уг гэрээ 1998.12.01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон
  • 2002 онд Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан хүнсний тусламж олгох тухай хэлэлцээр
  • 2005.02.21-ний өдөр Аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааны гэрээ байгуулсан
  • 2005.05.25-ны өдөр Соёл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар БНФУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулав. Уг гэрээ 1968.01.31-ний өдрийн Бүгд Найрамдах Франц улс, БНМАУ-ын хооронд байгуулсан соёлын гэрээг шинэчлэн байгуулснаараа онцлог
  • 2007 оны 2-р сард Франц Улсад Монгол Улсын Ерөнхийлөгч албан ёсны айлчлал хийх үеэр Франц, Монголын хооронд эдийн засаг, худалдааны хэд хэдэн гэрээ байгуулагджээ. Тухайлбал, Бүгд Найрамдах Франц улсын засгийн газар болон Монгол улсын засгийн газрын хооронд байгуулсан агаарын замын гэрээ, Францын гадаад худалдааны асуудал хариуцсан яам болон Монгол улсын Сангийн яамны хооронд байгуулсан үйлдвэрлэл, худалдааны салбар дахь хамтын ажиллагааны гэрээ, Францын гадаад худалдааны асуудал хариуцсан яам болон Монгол улсын Сангийн яамны хооронд байгуулсан байгаль орчин, усны салбарт санхүүгийн хамтын ажиллагааны тухай санамж бичиг, Парисын худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээ хийгджээ.
  • 2010.10.14-ний өдөр Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад худалдааны төрийн нарийн бичгийн дарга хатагтай Анне – Мари Идрак Монгол улсад айлчлах үеэр Цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Байгалийн гамшиг тохиолдох үед иргэний хамгаалалтын талаар санамж бичиг, Ус цэвэршүүлэх асуудлаар санамж бичиг байгуулсан байна
  • 2011 онд Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээр
  • 2013 онд Дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр
  • 2015 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр
  • 2019 онд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээр
  • 2020 онд Иргэний аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр тус тус байгуулжээ.

Монгол, Францын эдийн засгийн харилцаа

Эдийн засгийн салбарт тус улстай харилцаа, хамтын ажиллагаа тэлж байгаа нь Францын төрийн зүтгэлтэн, Олон Улсын Валютын Сангийн тэргүүн асан Кристин Лагардын үүрэг оролцоо өндөр байсныг онцлох нь зүйтэй. Тухайлбал, түүнийг Олон Улсын Валютын Сангийн тэргүүнээр ажиллаж байхад Монгол Улс Стэнд бай хөтөлбөрт хамрагдсан байдаг. Тиймээс ОУВС-ын тэргүүнээр Кристин Лагард ажиллаж байхад Монгол Улсын төрийн тэргүүн У.Хүрэлсүх энэ асуудлаар уулзаж, ажил төрлийн яриа өрнүүлж байсан юм. Тэдний эхний уулзалт Боаогийн чуулга уулзалтын үеэр болж байв. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Эдийн засаг хүнд байх үед дэмжлэг туслалцаа үзүүлсэн ОУВС-д талархал илэрхийлээд Монгол Улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсний дүнд эдийн засгийн өсөлт хурдасч, хөрөнгө оруулалт нэмэгдэн, төсвийн тэнцэл сайжирч байгаа. Мөн Монгол Улсын Засгийн газар төсвийн сахилга батыг сайжруулах, зарлагыг багасгах замаар төсвийн алдагдлыг бууруулах, түүнчлэн эдийн засгаа төрөлжүүлж олон тулгуурт болгохыг зорьж буйг онцолж байв. Харин Олон улсын валютын сангийн Гүйцэтгэх захирал асан Кристин Лагард: Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад ОУВС сэтгэл хангалуун байгаа бөгөөд Монгол Улс холбогдох арга хэмжээг үргэлжлүүлэн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн тэрбээр ОУВС-гийн ажлын хэсэг Монголд очиж, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Монгол Улсын холбогдох байгууллагуудтай ярилцахаар төлөвлөж буйгаа дуулгав. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристин Лагардыг тааламжтай цагтаа Монголд Улсад айлчлахыг урьсан байдаг. Ийнхүү тэдний эхний уулзалт өндөрлөсөн юм. Харин тэдний хоёр дахь уулзалт, ажил төрлийн яриа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийх үеэр өрнөсөн юм. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Олон Улсын Валютын Сангийн тэргүүн асан Кристин Лагард: Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд Та бүхний идэвх чармайлт мэдээж их нөлөөлсөн. Үр дүн нь бид бүгдийн хамтын амжилт юм. Эдийн засгийн уналтыг давж гарч чадсандаа баяртай байна. Монгол Улс өрийн хэмжээгээ бууруулахад ихээхэн амжилт олж байгаад талархал илэрхийлье. Эдийн засгийг тогтворжуулах нь эдийн засгийг солонгоруулах, монголчуудын амьжиргааг дээшлүүлэхэд чухал гэдэгт бид санал нэгдлээ гэжээ. Хэдийгээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Кристин Лагардыг манай улсад тааламжтай үеэдээ айлчлахыг урьсан ч, тэрбээр амжилгүй ажлаа өгснийг эргэн сануулахад илүүдэхгүй. Хэдийгээр тийм ч, Бүгд Найрамд Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад өнөөдөр албан ёсны айлчлал хийж буй нь Монгол, Францын харилцаа тасралтгүй өргөжин тэлж буйн нотолгоо болж байна. 

Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтэд ОУВС сэтгэл хангалуун байна

2018.04.10. БНХАУ. Хайнан. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Боаогийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Олон улсын валютын сангийн Гүйцэтгэх захирал Кристин Лагардтай уулзав. Монгол Улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж байгаагийн дүнд эдийн засгийн өсөлт хурдасч, хөрөнгө оруулалт нэмэгдэн, төсвийн тэнцэл сайжирч буйг Ерөнхий сайд тэмдэглэв. Мөн эдийн засаг хүнд байх үед дэмжлэг туслалцаа үзүүлсэнд ОУВС-д талархал илэрхийллээ. Монгол Улсын Засгийн газар төсвийн сахилга батыг сайжруулах, зарлагыг багасгах замаар төсвийн алдагдлыг бууруулах, түүнчлэн эдийн засгаа төрөлжүүлж олон тулгуурт болгохыг зорьж байна гэлээ. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад ОУВС сэтгэл хангалуун байгаа бөгөөд Монгол Улс холбогдох арга хэмжээг үргэлжлүүлэн  хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Кристин Лагард илэрхийлэв. Тэрээр ОУВС-гийн баг ирэх зургаадугаар сард Монголд ажиллан, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Монголын холбогдох байгууллагуудтай ярилцахаар төлөвлөж буйг мэдээлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристин Лагардыг тааламжтай цагтаа Монголд айлчлахыг урьжээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САНГИЙН ТЭРГҮҮНТЭЙ УУЛЗАВ

2018.09.20. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Олон улсын валютын сан (ОУВС)-гийн тэргүүн хатагтай К.Лагардтай уулзаж, тус сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцав.Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсыг дэмжиж, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, нөхцөл байдлыг ойлгож, дэмжиж байдагт ОУВС-гийн Тэргүүн болон нийт хамт олонд талархал илэрхийлэв.ОУВС-гийн тэргүүн К.Лагард ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” батлагдсанаас хойш хэрэгжилт сайн байгааг онцлоод бодлогын хэрэгжилт тууштай, зорилтот тоон шалгуур үзүүлэлтүүд хангагдсан, төсвийн тогтвортой байдал, өрийн хэмжээ буурах, зээлжих зэрэглэл сайжрахад дорвитой ахиц гарсан амжилттай хөтөлбөр хэрэгжүүлж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.Хөтөлбөрийн үр дүнд монголын эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувь байсан бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 6.3 хувь, цаашлаад 2019 онд 8 орчим хувиар өсөхөөр төлөвлөж байна. Түүнчлэн төсвийн нэгдмэл байдал, сахилга батыг сайжруулснаар байнгын алдагдалтай явж ирсэн төсвийн үзүүлэлт эрс сайжирч, төсвийн үндсэн тэнцэл 2018 онд анх удаа ашигтай гарч, улмаар 2019 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хувьтай тэнцэх ашигтай гарахаар тооцож байна.ОУВС-гийн тэргүүн К.Лагард инфляцийн түвшин зорилтот түвшинд хадгалагдан, гадаад валютын нөөц чамлалтгүйгээр өсч, банкны салбарыг эрүүлжүүлэх, хууль эрх зүйн орчинг сайжруулах зэрэг ажлууд хийгдэн эхний үр дүнгээ өгч эхэлснийг онцлон тэмдэглэв.Монгол Улс гадаад болон дотоод шокуудад мэдрэг байгаа тул хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгааг анхааруулж, үүсч болзошгүй шокын эсрэг арга хэмжээг боловсруулах нь зүйтэй гэдгийг ОУВС-гийн Тэргүүн тэмдэглэв.Цаашид Монгол Улсын Засгийн газар, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг улам үр дүнтэй хэрэгжүүлж эдийн  засгийн өсөлтийг тогтворжуулах, хүртээмжийг улам бүр нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа Ерөнхий сайд мэдэгдлээ.

Элчин сайд Элизабет Барсакийг хүлээн авч уулзлаа

2018.05.18. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайд Элизабет Барсакийг хүлээн авч уулзав. Гамшгаас урьдчилан сэргийлэх, учирсан гамшигтай тэмцэх чиглэлээр манай хоёр орны  хамтын ажиллагааны туршлага өргөжин тэлж буйг цаашид хэрхэн урт хугацаанд тогтвортой үргэлжүүлэх  талаар ярилцлаа. Франц Улсаас манай орны Онцгой байдлын албаны чадавхийг бэхжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэх нисдэг тэрэгний флот байгуулах төсөл хэрэгжүүлэхээр зорьж байна. Төслийн ажлыг бүх талаар дэмжиж өгөхийг Элчин сайд Ерөнхий сайдаас хүслээ. Шадар сайдаас дэлгэрэнгүй мэдээлэл авч танилцсан. Онцгой байдлын асуудал хариуцсан болон шадар сайдаар ажиллаж байсан хүний хувьд Онцгой байдлын салбарыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэх саналыг талархан хүлээн авч байна гэдгээ Ерөнхий сайд илэрхийллээ. Өндөр ашиг шимт үүлдрийн үхрийг Францаас Монголд экспортлох тухай аж ахуйн нэгж хооронд зургаан жилийн өмнө хийгдсэн гэрээний хэрэгжилтийг хангуулахад Эрүүл мэнд, ХХААХҮЯ-аар дамжуулан анхаарч ажиллана гэдэгт найдаж байна хэмээн Элчин сайд Элизабет Барсак хэлжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Францын Элчин сайдыг хүлээн авч уулзав

2019.03.04. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Гуравдагч хөрш Франц Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа ”Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэхээр хамтарсан замын зураглал гаргахаар  ажиллаж байгааг Ерөнхий сайд сайшаан тэмдэглэв. Харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр түвшний харилцан айлчлал, уулзалт чухал үүрэг гүйцэтгэдэг гээд Франц Улсын Ерөнхий сайдыг Монгол Улсад айлчлахыг урьсан урилга хүчинтэйг нотлов. Монголын бараа бүтээгдэхүүнийг Францын зах зээлд сурталчлан таниулах, Европын Холбооны “GSP+” хөнгөлөлтийг ашиглан экспортыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэгт анхаарахыг хүсэв. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Элчин сайд Филипп Мэрлин илэрхийллээ. Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны дүнд эдийн засаг өсч,  гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж байгааг тэмдэглэв. Талууд сэргээгдэх эрчим хүч, батлан хамгаалах, онцгой байдал, хиймэл дагуул, дэд бүтэц, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагаа, хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар санал солилцжээ.

Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2021.11.08. Монгол Улс. Улаанбаатар хот. Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиан Сүрүн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Францын уламжлалт найрсаг харилцаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан амжилттай хөгжиж буйг онцлон тэмдэглэж, цаашид худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэв. Тэрбээр байгаль хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг сайжруулах, цөлжилттэй тэмцэх чиглэлээр Франц Улстай хамтран ажиллах, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтэй буйгаа тэмдэглэн, Элчин сайд Себастиан Сүрүнд ажлын өндөр амжилт хүсэв. Элчин сайд Себастиан Сүрүн уламжлалт найрсаг харилцаатай Монгол Улстай батлан хамгаалах, иргэний аюулгүй байдал, уул уурхай, соёлын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. Мөн францын тал монголын баг тамирчдыг 2024 онд Парис хотноо зохион байгуулагдах Зуны олимпын наадамд оролцоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Монгол, Францын аялал жуулчлал

2023.10.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Бүгд Найрамдах Франы Улс нь Европын холбоог анх байгуулсан орнуудын нэг. Гишүүн орнуудаас хамгийн их нутаг дэвсгэртэй буюу 674,843 километр квадрат талбайтай. Тус улс газар нутгийн хэмжээгээр дэлхийд 43-р байрт бичигддэг байна. Тус улс жилд 80 гаруй сая жуулчин хүлээн авдаг байна. Аялал жуулчлалын салбар тус улсын гол орлого бүрдүүлдэг салбаруудын нэг аж. Эйфилийн цамхаг /Effel turm/: 324 метр өндөртэй, 10100 тонн цул төмрөөс бүрдсэн уг цамхагийг уран барималч, инженер Густава Эйфел 1889 онд бүтээжээ. Эйфилийн цамхагаас Парис хот бүхэлдээ харагддаг бөгөөд дэлхийн долоон гайхамшигийн тоонд багтдаг учраас жуулчдын зорин очих дуртай газруудын эхэнд багтана. Луврын музей /Louvre Museum/: Парис хотод байрлах Луврийн музей нь 2014 онд нийтдээ 9.3 сая жуулчин хүлээж авсан нь Швед улсын нийт хүн амаас их тоо аж. Чухам яагаад уг музей жуулчдын анхаарлыг татдаг нь сонирхол татам. Италийн зураач Леонардо Да Ванчигийн зурсан Мона Лиза хэмээх алдартай бүтээл нь Луврын музейд хадгалагдаж, жуулчдын төдийгүй, уран бүтээлчдийн анхаарлыг татдаг учраас тэр биз. Парисийн дарь эхийн сүм /Notre dame/: Парисийн дарь эхийн сүм хэмээх кино болон зохиолоор нь Notre dame-ийн монголчууд андахгүй ээ. Парисын дарь эхийн сүм урлагийн гайхамшигт бүтээл ажээ. Барилгын гадна талын ханан дээрх санваартнуудын товойлгон сийлсэн хөрөг өнгөц харахад адилхан мэт боловч бүгд өөр гэгээнтнийх гэдэг. Францын сор болсон эдгээр урлагийн бүтээлийг үзэхээр дэлхийн олон сая жуулчин францыг зорьдогийн дотор монгол жуулчид багтана. Монгол Улсын аялал, жуулчлалын хэд хэдэн компани Франц улс руу аялуулдаг байна. 

Дэлхийн хүнтэй дэлхийн хэвлэлд

Францын хэвлэлийн агентлаг 1835 онд байгуулагдсан ч, 1944 оны есдүгээр сараас Францын хэвлэлийн агентлаг болох Agence France Press /AFP/ нэрээр үйл ажиллагаагаа явуулах болжээ. Тус агентлагийн төв байр Парис хотноо байрладаг бөгөөд дэлхийн 151 гаруй оронд салбартай. Олон улсын мэдээллээ Франц, Англи, Испани, Португали, Герман, Араб зэрэг улс үндэстнүүдийн түгээмэл хэрэглэдэг зургаан хэлээр гаргадаг байна. Тиймээс AFP өнөөдөр дэлхийн хэвлэл мэдээллийн томоохон агентлагийн тоонд зүй ёсоор ордог юм. Бүр 1935 оноос Эйфлийн цамхагт дамжуулах антенн байрлуулж телевизийн хөтөлбөр байнгын дамжуулж эхэлсэн бол, 1964 оноос хоёрдугаар хэсэг нь ашиглалтад орж, 1972 оноос телевизийн хөтөлбөрөө өнгөтөөр дамжуулж эхэлсэн гэдэг. 1984 оноос тус мэдээллийн агентлагийн хөгжлийн 4-р шат эхэлсэн гэж үздэг. Тус мэдээллийн агентлаг 2018 онд 2400 ажилтантай байжээ. Ту аeнтлаг дэлхийн шилдэг таван мэдээлийн агентлагийн тоонд багтдаг. Эндээс тус агентлагийн тухай андахгүй мэдэх билээ. Тэгвэл Францын AFP буюу Франц Пресс Агентлаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг сурвалжлан дэлхий дахинд түгээсэн байдаг. Тэр ч байтугай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гадаад дахь төрийн айлчлалыг гадаадад сурвалжилж, манай улсыг дэлхий дахинд таниулахад түлхэц үзүүлж ирсэн хэвлэл мэдээллийн агентлаг билээ. Тэгвэл 2023.05.21-22-ны өдрүүдэд Монгол Улсад хийх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны төрийн айлчлалыг сурвалжлахаар Францын 8 хэвлэлийн байгууллага ирэв. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар 2023.05.21-22-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны Монгол Улсад хийж буй төрийн айлчлалыг Францын AFP агентлаг дэлхий дахинд сурвалжлан дамжуулав.

Францын элчин итгэмжлэх жуухаа өргөн барив

2021.11.08. Монгол Улс. Улаанбаатар хот. Төрийн ордон. Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиан Сүрүн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Францын уламжлалт найрсаг харилцаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан амжилттай хөгжиж буйг онцлон тэмдэглэж, цаашид худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэв. Тэрбээр байгаль хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг сайжруулах, цөлжилттэй тэмцэх чиглэлээр Франц Улстай хамтран ажиллах, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтэй буйгаа тэмдэглэн, Элчин сайд Себастиан Сүрүнд ажлын өндөр амжилт хүсэв. Элчин сайд Себастиан Сүрүн уламжлалт найрсаг харилцаатай Монгол Улстай батлан хамгаалах, иргэний аюулгүй байдал, уул уурхай, соёлын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. Мөн францын тал монголын баг тамирчдыг 2024 онд Парис хотноо зохион байгуулагдах Зуны олимпын наадамд оролцоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Монгол,Францын улстөрийн харилцаа

2023.05.16. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад 2023.05.21-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийх гэж байна. Тус айлчлал нь Франц Улсаас Төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны түүхэн айлчлал юм байна. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар албан ёсны хэлэлцээ, уулзалт хийж хоёр орны харилцааг шат ахиулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцана. Мөн хоёр улсын харилцааг ногоон эрчим хүч, зам тээвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг салбарт тэлж, харилцан ашигтай хамтарсан төслүүд хэрэгжүүлэх талаар санал солилцоно. Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Хүнсний хангамж, аюулгүй байдал, Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрийн хүрээнд францын талтай хамтран ажиллах талаар мөн ярилцаж, хэлэлцээний дүнгийн талаар хэвлэлд мэдээлэл өгнө. Монгол Улс дахь Францын Элчин сайдын яам айлчлалын талаар албан ёсны мэдээ 2023.05.16-нд мөн гаргажээ. БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад 5-р сарын 21, 22-нд Төрийн айлчлал хийнэ. Уг айлчлал нь Францын Төрийн Тэргүүний Монголд хийж буй анхны түүхэн айлчлал болж буй. Тус айлчлалаар ардчиллын чухал нийтлэг үнэт зүйлстэйн дээр хүний эрх, эрх зүйт төрийг дээдэлж, олон тулгуурт үзлийн суурь зарчмууд болон НҮБ-ын дүрмийг сахин хамгаалдаг манай хоёр улсын Төрийн Тэргүүнүүд яриа хэлэлцээ хийж олон улсын байдал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэх зэрэг дэлхий нийтийг хамарсан сэдвээр ярилцана. Мөн эрчим хүчний шилжилтийн талаар хэлэлцэхийн зэрэгцээ хоёр орны хамтын ажиллагаа, ялангуяа иргэний аюулгүй байдал, сансар, соёл, боловсрол, хөдөө аж ахуй болон аялал жуулчлал, спортын хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Хөрөнгө оруулалт, эдийн засгийн солилцоог сурталчлах асуудлыг мөн чухалчлан ярилцана. 2023 онд хоёр улсын харилцаанд чухал үйл явдлууд тохиож буй. Тухайлбал: Франц Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд 2023.04.7-9-ний хооронд Монгол Улсад айлчилсан, Каннын кино наадамд монгол кино шалгарсан, Монголд франц хэл зааж эхэлсний 60 жилийн ой, Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх намар Франц Улсад айлчилж, Нанть хотноо толилуулах Чингис хааны тухай томоохон үзэсгэлэнг нээнэ. Мөн ирэх жил болон Парисын олимпын наадамд Монголын баг тамирчид чухал байр суурьнаас оролцоно гэж Монгол Улс дахь Францын Элчин сайдын яамны албаны ёсны мэдээнд онцолжээ. 

БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макроныг угтан авав

2023.05.21. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэв. Ерөнхийлөгч Эммануэл Макроныг Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардахад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүн болон албаны бусад хүн угтаж авав. Эммануэл Макроны айлчлал нь Бүгд Найрамдах Франц Улсаас төрийн тэргүүний түвшинд Монгол Улсад хийж буй анхны түүхэн айлчлал болж байна. Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроныг Чингис Хаан нисэн онгоцны буудлаас ирэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. Түүнийг угтах ёслол төвталбайд 19:30 минутаас эхэлсэн юм. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Төрийн тэргүүн нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Хоёр улсын Ерөнхийлөгч угтах ёслолд хүрэлцэн ирсэн монголын болон францын талын төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын Суурин төлөөлөгч нартай мэндчилэв. Үүний дараа Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын зурав. БНФУ нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон өрнөдийн зургаа дахь, Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн өрнөдийн хоёр дахь улс юм. Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд 1965.04.27-ны өдөр дипломат харилцаа тогтоосныг дээр дурдсан. Монгол Улс анх 1946 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагад гишүүнээр элсэх өргөдөл гаргахад Франц Улс дэмжиж байсан түүхтэй ажээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар албан ёсны уулзалт, хэлэлцээ хийв

2023.05.21. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад 2023.05.21-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар Төрийн ордонд албан ёсны уулзалт, хэлэлцээ хийв. Энэ үеэр харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг харилцан ашигтай хамтран хэрэгжүүлэх болон олон улсын харилцаанд тулгамдсан нийтлэг зарим асуудлаар ярилцлаа. Мөн харилцааг ногоон эрчим хүч, зам тээвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг салбарт тэлж, харилцан ашигтай хамтарсан төслүүд хэрэгжүүлэх талаар санал солилцов. Түүнчлэн Хүнсний хангамж, аюулгүй байдал, Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, Ерөнхийлөгчийн илгээлт-2100 хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах талаар ярилцав.

Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс Хамтарсан тунхаглал гаргав

2023.05.21. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад 2023 оны 05 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийв. Энэ нь хоёр улс 1965 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Францын Ерөнхийлөгч Монгол Улсад хийж буй анхны айлчлал бөгөөд хоёр орны харилцааны түвшнийг ахиулах зорилготой юм. Монгол Улс Франц Улсыг чухал гуравдагч хөрш гэж үздэг бол Франц Улс Монгол Улсыг Онцгой түнш гэж тодорхойлдог. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс, харилцан хүндэтгэх ёсонд суурилсан хоёр орны бат бөх түншлэлийг талууд нотлов. НҮБ-ын Дүрмийн зарчмууд, олон талт хамтын ажиллагаанд тулгуурлан олон улсын энх тайван, тогтвортой байдал, тогтвортой хөгжлийг хангах үүрэг амлалтаа хэрэгжүүлэхээ талууд мөн нотлов. Тогтвортой хөгжил болон уур амьсгал, байгаль хамгааллын зорилтуудыг хангах, дэлхийн нийтэд тулгарсан сорилтуудыг шийдвэрлэх зорилгоор Франц Улсаас зургаадугаар сард зохион байгуулах Дэлхийн санхүүжилтийн шинэ гэрээ дээд түвшний уулзалтын зорилтыг Монгол Улс дэмжив. Хоёр орны Засгийн газар, хувийн хэвшил, иргэд хоорондын харилцаа өсөн нэмэгдэж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа хоёр Ерөнхийлөгч илэрхийллээ. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс, харилцан хүндэтгэх ёсонд суурилсан хоёр орны бат бөх түншлэлийг талууд нотлов. НҮБ-ын Дүрмийн зарчмууд, олон талт хамтын ажиллагаанд тулгуурлан олон улсын энх тайван, тогтвортой байдал, тогтвортой хөгжлийг хангах үүрэг амлалтаа хэрэгжүүлэхээ талууд мөн нотлов. Тогтвортой хөгжил болон уур амьсгал, байгаль хамгааллын зорилтуудыг хангах, дэлхийн нийтэд тулгарсан сорилтуудыг шийдвэрлэх зорилгоор Франц Улсаас зургаадугаар сард зохион байгуулах Дэлхийн санхүүжилтийн шинэ гэрээ дээд түвшний уулзалтын зорилтыг Монгол Улс дэмжив. Хоёр орны Засгийн газар, хувийн хэвшил, иргэд хоорондын харилцаа өсөн нэмэгдэж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа хоёр Ерөнхийлөгч илэрхийллээ. Төрийн тэргүүн нар бүс нутаг, олон улсын харилцааны өргөн асуудлаар санал солилцов. Олон улсын маргаантай асуудлыг энхийн замаар шийдвэрлэх, чингэхдээ НҮБ-ын Дүрэм болон олон улсын эрх зүй, улс орны бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх зэрэг зарчмыг баримтлах ёстойг дахин нотлов. Үүнтэй холбогдуулан Украинд энгийн ард иргэдийн амсаж буй зовлон, иргэний дэд бүтцийг бөмбөгдөж байгаад хоёр улс санаа зовниж буйгаа илэрхийлж, олон улсын эрх зүйд суурилсан тогтвортой энх тайвныг сэргээхэд чиглэсэн бүх хүчин чармайлтыг дэмжихээ тэмдэглэв. Төрийн тэргүүн нар цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэхэд чиглэсэн хүчин чармайлт, түүний дотор Солонгосын хойг дахь дээрх асуудлын ач холбогдлыг онцлов. Үүнтэй холбогдуулан Франц Улс НҮБ-ын холбогдох тогтоолуудыг хүндэтгэн мөрдөхийг БНАСАУ-д уриалж, Зүүн Хойд Ази дахь яриа хэлэлцээг дэмжих чиглэлээрх Монгол Улсын хүчин чармайлтыг өндрөөр үнэлэв. Хөгжил цэцэглэлт, жендерийн тэгш байдал, феминист гадаад бодлого, тогтвортой хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр нөлөөг бууруулах, биологийн олон төрөл зүйлийг хамгаалах, эрчим хүч, хүнсний аюулгүй байдлыг хангах, дэлхийн эрүүл мэндийг дэмжих, мэдээлэл, харилцаа холбооны орон зайг хамгаалах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хувь нэмрээ оруулж, энх тайван аюулгүй байдлыг хангах, үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх, терроризмтой тэмцэх зэрэг дэлхий нийтэд тулгамдсан сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн үндэсний болон даян дэлхийн нийтлэг зорилтуудыг нийтлэг үнэт зүйлсдээ тулгуурлан хэрэгжүүлэхийн төлөө хоёр орны хамтын ажиллагааг дараах чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцов. 

Үүнд:

  1. Хоёр улсын хамтын ажиллагааг улс төр, батлан хамгаалах, иргэний хамгаалалт болон эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хөдөө аж ахуй, харилцаа холбоо, технологи, аж үйлдвэржилт, боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын салбарт бэхжүүлнэ.
  2. Улс төрийн хамтын ажиллагааны хүрээнд дээд, өндөр түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлж, улс төрийн зөвлөлдөх уулзалт, парламент хоорондын найрамдлын бүлгүүдийн идэвхтэй харилцааг дэмжинэ.
  3. НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд энх тайван, аюулгүй байдал, олон улсын эрх зүй, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, феминист дипломат үйл ажиллагаа болон олон улсын байгууллагын сонгууль зэрэг асуудлаар тогтмол зөвлөлдөнө.
  4. Батлан хамгаалах салбарт хоёр орны хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, ялангуяа жил бүр зохион байгуулдаг олон улсын энхийг дэмжих ажиллагааны Хааны эрэлд сургалт, дадлага, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг дэмжинэ. Монголын цэргийн алба хаагчдын чадавхыг сайжруулах, франц хэлний сургалт зохион байгуулах, мэргэшүүлэх зэрэг чиглэлээр өргөжүүлнэ.
  5. Иргэний хамгаалалтын салбарт хэрэгжүүлсэн төслийг үргэлжлүүлж, Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ), Франц Улсын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын ерөнхий газар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ялангуяа гамшгийн хохирлыг бууруулах монголын үндэсний багийн чадавхыг олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэх, гамшгийг бууруулах олон улсын ажиллагаанд хувь нэмрээ оруулах чиглэлээрх мэргэжлийн сургалтыг хамтран зохион байгуулна.
  6. Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол, Францын худалдааны эргэлт, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэх хууль эрх зүйн таатай, тогтвортой орчин бүрдүүлэхийг онцгойлон дэмжинэ.
  7. Монгол Улс, Европын Холбоо хоорондын Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрт тулгуурлан Монгол, Францын эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх, худалдааг хөнгөвчлөх ерөнхий систем /GSP+/-ийг бүрэн хэрэгжүүлэхийг эрмэлзэнэ.
  8. Энхийн зорилгоор сансар судлал, холбооны хиймэл дагуулын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
  9. Тогтвортой хөгжлийн салбарт онцгой ач холбогдол өгч, Франц Улсын санхүүжилт, дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод байгаль орчинд ээлтэй агаарын дүүжин тээвэр төслийг бүрэн хэрэгжүүлнэ.
  10. Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн олон улсын зорилт, санаачилгыг дэмжиж, Монгол Улсын Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, Франц Улсын Ойн дээд хэмжээний уулзалтаас гаргасан санаачилгыг уялдуулан хамтран ажиллана.
  11. Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хүрээнд 2022 оны 10 дугаар сард Франц Улсын Клэрмон-Фэрран хотод болсон мал аж ахуйн олон улсын үзэсгэлэнд Монгол Улс хүндэт зочноор оролцсоныг сайшааж, мал аж ахуй, бүтээгдэхүүний гарал үүсэл, газар зүйн заалт, хүнсний үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал, малын эрүүл мэндийн чиглэлээрх хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.
  12. Эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хүрээнд Бадрах Энержи ХХК-ийн Зөөвч-Овоо төслийн хөрөнгө оруулалт болон хувьцаа эзэмшигчдийн гэрээний төслөөр яриа хэлэлцээг эрчимжүүлж, ирэх намар байгуулах чиглэлээр ажиллана. Мөн сэргээгдэх эрчим хүчний салбарт францын хөрөнгө оруулалтыг дэмжих, нэмэгдүүлэх, эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, цэвэр эрчим хүчинд шилжих чиглэлээр ажиллана.
  13. Эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг гэмтэл согог судлал, хавдар судлалын эмч мэргэжилтнүүдийн солилцоог дэмжиж, чадавхыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх замаар өргөжүүлнэ.
  14. Боловсрол, шинжлэх ухаан, соёлын харилцааг гүнзгийрүүлнэ. Чингэхдээ хөдөө аж ахуй, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, цөмийн эрчим хүч болон энхийн зорилготой цацраг идэвхт ашигт малтмалын салбарт боловсон хүчнийг нэмэгдүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн илгээлт-2100 санаачилга болон хамтарсан тэтгэлэгт сургалтын хөтөлбөрийг өргөжүүлнэ. Франц Улсад монгол хэлний сургалт, Монгол Улсад франц хэлний сургалт явуулахыг бүх талаар дэмжинэ.
  15. Соёл болон археологийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэн өргөжүүлнэ. Францын Нант хотын Үндэсний түүхийн музейд дэлгэх Чингис хаан: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчлөв сэдэвт үзэсгэлэнг төрийн тэргүүн нар ивээлдээ авч дэмжинэ.  Үзэсгэлэнг Монгол Улс болон бусад улсад зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллана.
  16. Кино урлагийн салбарт хамтарсан уран бүтээл гаргах, энэ хүрээнд шаардлагатай эрх зүйн баримт бичгүүдийг байгуулах чиглэлээр ажиллана.
  17. Аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлж, Монгол, Францын хооронд шууд нислэгтэй болохыг дэмжинэ.
  18. Монголын тал Парис 2024 олон улсын олимпын наадам, паралимпын наадмыг амжилттай зохион байгуулахад францын талд амжилт хүсэж, биеийн тамир, спортын хамтын ажиллагааг дэмжихээр тохиролцов гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар мэдээлэл хийв

2023.05.21. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар албан ёсны уулзалт, хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл хийв. Уулзалт, хэлэлцээ үр дүнтэй болж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэдгийг төрийн тэргүүн нар тэмдэглэв. Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын харилцааны тулгамдсан асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцож, дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлын төлөө хамтын хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв. Мөн хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааг үе шаттай ахиулж, Стратегийн түншлэлд хүргэх талаар ярилцсанаа онцлов.

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Европын Холбоотой байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Франц Улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь Монгол Улсын улсын гадаад бодлогын чухал стратеги, зорилтуудын нэг гэдгийг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нотлов.

Харилцан ашигтай төслүүдийг хамтран хэрэгжүүлнэ

Талууд хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болсон харилцан ашигтай стратегийн томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээ нотолж, хөдөө аж ахуй, хүнс, эрчим хүч, байгаль орчин, гамшигтай тэмцэх, эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан зэрэг салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцов.

Сансар судлалын салбарт хамтран ажиллана

Талууд энхийн зорилгоор сансар судлал, холбооны хиймэл дагуулын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Энэ хүрээнд Монгол Улсын сансрын холбооны үндэсний хиймэл дагуул хөөргөх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар болов.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран тэмцэнэ

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа хэрэгжүүлэх зорилтын хүрээнд цөмийн энерги, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтарч ажиллахаар болов. Монгол Улсын Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, Франц Улсын Ойн дээд хэмжээний уулзалтаас гаргасан санаачилгыг уялдуулан хамтран ажиллахаар болов. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах болсныг францын тал дэмжиж байгаагаа мэдэгдэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд талууд Хамтарсан тунхаглал гаргав. Энэ тунхаглал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах түүхэн ач холбогдолтой баримт бичиг болсныг төрийн тэргүүн нар тэмдэглэв.

БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Чингис хаан музейд зочлов

2023.05.21. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Чингис хаан музейд зочлов. Монгол, Францын харилцаа эртнээс эхлэлтэй бөгөөд Францын хаан IX Луи хааны элч Гиём дэ Рубрук Монголын эзэнт гүрнийг дэлхийд таниулсан түүхтэй. Францын Үндэсний номын санд эх хувь нь хадгалагдаж буй Марко Пологийн тэмдэглэл гар бичмэл, Каталоны атлас ном зэргийн хуулбар Чингис хаан музейн сан хөмрөгт байдаг юм. 2023 оны 10 дугаар сард Франц Улсын Нант хотын Үндэсний түүхийн музейд Чингис хаан: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчлөв үзэсгэлэнг нийтэд толилуулахаар төлөвлөсөн. Энэ үзэсгэлэнг хоёр улсын төрийн тэргүүн ивээлдээ авч дэмжихээс гадна Монгол Улс болон бусад улсад дэлгэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцоод байна. Талууд ирэх жилүүдэд соёл болон археологийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлж, түүний дотор кино урлагийн салбарт хамтарсан уран бүтээл туурвих, энэ хүрээнд шаардлагатай эрх зүйн баримт бичгүүдийг байгуулах болсон юм гэжээ. 

Францын гадаад хэргийн сайд бараалхав

2023.06.30. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад болон Европын хэргийн сайд К.Колонна бараалхав. Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг хамтран зохион байгуулж, тус  уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэнд Ерөнхийлөгч талархал илэрхийлэв. Өнгөрсөн 5  дугаар сард Монгол Улсад хийсэн Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макроны айлчлал харилцаа, хамтын ажиллагааны түүхийг шинэ хуудсаар баяжуулж, Стратегийн түншлэлд хүргэхэд чухал түлхэц болсныг онцлов. Мөн Ерөнхийлөгч Э.Макронд мэндчилгээ дэвшүүлснийг уламжлахыг хүслээ. Гадаад болон Европын хэргийн сайд К.Колонна Ерөнхийлөгч Э.Макроны мэндчилгээг уламжилж, ирэх 10 дугаар сард Франц Улсад хийх Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалд онцгой анхаарч байгааг хэлэв. БНФУ, Монгол Улсын Ерөнхийлөгч нарын уул уурхай, эрчим хүч, газрын ховор элемент, үндэсний хиймэл дагуул, боловсрол, соёл, онцгой байдал, байгаль орчин, хүнсний хангамж, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтран ажиллахаар харилцан тохиролцсон асуудлыг хэрэгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж байгаагаа илэрхийлэв. Цаашид Монгол Улстай урт хугацаанд өргөн хүрээнд нээлттэй, харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа нотлов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийнэ

2023.10.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол, Францын харилцаанд ахиц гарч, тус улсын Ерөнхийлөгч саяхан манай улсад айлчлаад буцсаныг дээр дурдсан. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар 2023 оны 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийж байна.  Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар хэвлэлд мэдээлэл өгч, уулзалт хийнэ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын Ерөнхийлөгч Жерар Ларше, Парис хотын Засаг дарга Анн Идалго нар бараалхана. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Франц Улсын Нант хотын Үндэсний түүхийн музейд зургаан сарын хугацаанд дэлгэгдэх Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь үзэсгэлэнг нээнэ. Мөн Парис хотын Версалийн ордны Хааны театрт болох Морин хуурын чуулгын тоглолт, Монгол-Францын бизнесийн форум зэрэг арга хэмжээнд тус тус оролцохоор төлөвлөж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо. Энэ айлчлал нь Монгол Улсын Төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй анхны төрийн айлчлал юм гэжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

2023.10.10. Франц улс. Парис хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийхээр 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Парис хотноо хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Парис хотын Орли олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Франц Улсын Эрчим хүчний шилжилтийн сайд Аньес Панье-Рунашье, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүн болон бусад албаны хүмүүс угтан авав. Энэ сарын 10-14-ний өдрүүдэд үргэлжлэх төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронтой уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын Ерөнхийлөгч Жерар Ларше, Парис хотын Засаг дарга Анн Идалго, ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Одри Азулей нар тус тус бараалхана. Монгол, Францын хооронд 1965 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд уг айлчлал нь хоёр улсын Онцгой эрхт түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, соёл, уул уурхай, зам тээвэр, эрчим хүч зэрэг олон салбарт өргөжүүлэн бататгах, холбогдох баримт бичгийг байгуулах зорилготой. Энэ удаагийн айлчлал нь Монгол Улсын Төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй анхны төрийн айлчлал юм гэжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Парис хотын Засаг дарга Анн Идалго бараалхлаа

2023.10.11. Франц улс. Парис хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотын Засаг дарга Анн Идалго 2023.10.11-ний өдөр бараалхав. Уулзалтын үеэр талууд хот төлөвлөлт, автозамын түгжрэл, агаарын бохирдол, ногоон байгууламж зэрэг асуудлаар санал солилцов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн иргэдийн тав тухтай, аюулгүй аж төрөхөд сөргөөр нөлөөлж буй бэрхшээлийг шийдсэн туршлагаасаа хуваалцахын чухлыг онцолж, энэ чиглэлээрх хоёр нийслэлийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотын Засаг дарга Анн Идалго хоёр хотын хооронд соёл, спортын харилцааг дэмжин ажиллахаа хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг зуны олимпын 33 дугаар наадам Парис – 2024-ийг зохион байгуулах хүндтэй үүргээ нэр төртэйгөөр биелүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, хотын дарга Анн Идалго-д амжилт хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захирал Одри Азулэй бараалхав

2023.10.11. Франц улс. Парис хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захирал Одри Азулэй 2023.10.11-ний өдөр бараалхав. Талууд Монгол Улс, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төслийн явц, үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй санал солилцов. Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагатай хамтран ажиллаж эхэлснээс хойш 60 жилийн хугацаанд боловсролыг түгээх, бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгах, үндэсний түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах, техник технологийн ололтыг таниулах, хүний үндсэн эрх, эрх чөлөөг бататган бэхжүүлэх зэрэг үйлсэд идэвхтэй хамтран ажиллаж ирснийг онцлов. Уулзалтын үеэр НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захирал Одри Азулэй Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэсэн сертификатыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд гардуулав. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын Ерөнхийлөгч Жерар Ларше бараалхлаа

2023.10.12. Франц улс. Парис хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын танхимын Ерөнхийлөгч Жерар Ларше 2023.10.11-ний өдөр бараалхав. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх саяхан болсон Парламентын сонгуульд ялалт байгуулан Сенатын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Жерар Ларшед баяр хүргэж, амжилт хүсэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол, Францын харилцаа хоёр талын хүч чармайлтын дүнд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийллээ. Хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэх эрх зүйн таатай орчныг бий болгоход хоёр улсын хууль тогтоох байгууллага хооронд бий болсон ойр дотно хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлов. Хоёр талын харилцааг цаашид эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит агуулгаар баяжуулан өргөжүүлж, стратегийн түншлэлд хүргэх хоёр талын нийтлэг зорилтыг биелүүлэхэд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх талаар талууд дэлгэрэнгүй санал солилцов. Сенатын танхимын Ерөнхийлөгч Жерар Ларше Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй төрийн айлчлалд амжилт хүслээ. Хоёр улсын Парламент дахь найрамдлын бүлгийн хамтын ажиллагаанд төдийгүй Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх бүхий л үйлсэд дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сенатын танхимын Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, дурсгалын үг үлдээв.

Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга Версалийн ордны хааны дуурийн театрт анх удаа тоглолт хийлээ

2023.10.12. Франц Улс. Парис хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга 2023.10.11-ний өдөр Версалийн ордны Хааны дуурийн театрт анх удаа тоглолт хийв. Тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг болон Бүгд Найрамдах Франц Улсын Европ, Гадаад хэргийн сайд Катерин Колонна зэрэг францын төр, засаг, нийгмийн зүтгэлтнүүд, Парист төвтэй олон улсын байгууллагын удирдлагын төлөөлөл зэрэг 600 орчим өндөр албаны зочид урилгаар үзлээ. Морин хуурын чуулга Версалийн ордны Хааны дуурийн театрын тайзнаа өөрийн урын сангаасаа үндэсний, ардын болон сонгодог төрлийн 15 бүтээлийг толилуулсан нь үзэгч олны талархлыг хүлээсэн бөгөөд тус театрт тоглосон Монголын анхны уран бүтээлчид болсноороо онцлог байв. Морин хуурын чуулга үүсгэн байгуулагдсанаас хойш 31 жилийн хугацаанд 30 гаруй оронд 650 гаруй тоглолт хийгээд байна. Тухайлбал, АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байр, БНФУ-ын Парис хотноо ЮНЕСКО-ийн төв байр, ОХУ-ын Большой театр, БНХАУ-ын Үндэсний их театр (Сувдан театр), Япон Улсын NHK телевизийн концертын их танхим болон Сиднейн Дуурийн театрт амжилттай тогложээ. Морин хуурын чуулга нь 2023.10.14-ний өдөр БНФУ-ын Нант хотын консерваторын тайзнаа мөн тоглох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол-Францын бизнес форумд үг хэллээ

2023.10.12. Франц Улс. Парис хот.Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол-Францын бизнес форумд үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Монгол, Францын бизнес зөвлөлийн дарга ноён Клод Имовен, Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид ээ, Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө, Эрхэмсэг хатагтай, ноёд оо. Монгол-Франц хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой өнөөдрийн бизнесийн форумд хүрэлцэн ирсэн Монгол, Францын бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Энэ дашрамд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Франц Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд энэ удаагийн бизнес форумыг хамтран зохион байгуулж буй хоёр орны төр, засгийн байгууллагууд, Монгол, Францын худалдааны танхимууд болон өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хоёр орны бизнесийн төлөөлөл, хамтрагч, дэмжигч байгууллагууд Та бүхэнд гүн талархал илэрхийлье. Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон зуун жилийн түүхтэй бөгөөд 1965 онд дипломат харилцаа тогтоосноос хойш 58 жилийг туулжээ. Энэхүү түүхэн хугацаанд манай хоёр орон улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж ирснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Өнөөдрийн байдлаар Францын нийт 66 компани манай улсад бүртгэлтэй байгаа бөгөөд тэдний хөрөнгө оруулалтын 80 орчим хувь нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулсан байна. Цаашид хоёр орны эдийн засгийн харилцан ашигтай, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд өнөөдрийн энэ бизнес форум чухал ач холбогдолтой гэж үзэж байна. 

Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид ээ, Хатагтай ноёд оо. Монгол Улс өнөөдөр бүс нутагтаа ардчиллын баян бүрд хэмээн нэрлэгдэж, мөнхийн хоёр хөршөөс гадна гуравдагч хөршийн харилцаагаа идэвхтэй өргөжүүлэн хөгжүүлэх замаар тогтвортой, дархлаатай, хүртээмжтэй, ногоон нийгэм, эдийн засгийн хөгжлийг цогцлоохоор зорин ажиллаж байна. Монгол Улс нийгэм, эдийн засаг болон үндэсний аюулгүй байдлаа бататган бэхжүүлэх зорилгоор эдийн засгийн олон чухал шинэчлэлүүдийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод шилжих суурь шинэчлэлүүдийг хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах болон дэлхийн хүнсний хангамжид Монгол Улс хувь нэмрээ оруулах зорилгоор Тэрбум мод болон Хүнсний хангамж, аюулгүй байдал гэсэн үндэсний хөдөлгөөнүүдийг эх орондоо санаачлан хэрэгжүүлж байна. Мөн цар тахлын дараах Монгол Улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг сэргээхэд Монгол Улсын Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогыг дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд ялангуяа аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад онцгой анхаарч байна. Монгол Улсын хэрэгжүүлж буй дээрх эдийн засгийн бодлого, санал санаачилга болон үндэсний хөдөлгөөнүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд Монгол, Францын харилцан ашигтай хамтын ажиллагаа, ялангуяа Франц Улсын мэдлэг, туршлага, дэвшилтэт техник технологи, инновац болон хөрөнгө оруулалт онцгой чухал үүрэгтэй гэж бид үзэж байна. Нэн ялангуяа хоёр орны хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад өнөөдрийн форумын гол зорилго оршиж байгаа юм. Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлд цогц шинэчлэл хийж байна. Энэ хүрээнд манай улс хөрөнгө оруулалтын бодлогоо улам сайжруулж, тогтвортой, тууштай байж, Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш байх зарчмыг баримтлан, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр эрх зүйн болон институтийн шинэчлэлүүдийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яамыг шинээр байгуулж, гадаадын хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийн үйл ажиллагааг эхлүүлээд байна. Цаашид Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчид тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд манай төр, засаг онцгой анхаарч ажиллана гэдгийг та бүхэнд хэлэхийг хүсэж байна.

Мөн манай улсын татварын орчин тогтвортой, татварын хувь, хэмжээ бүс нутгийн орнуудтай харьцуулахад харьцангуй бага гэдгийг онцлон тэмдэглэж байна. Түүнчлэн Монгол Улс өнөөдрийн байдлаар 26 улстай Давхар татвараас чөлөөлөх тухай хэлэлцээр, 43 улстай Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хоёр талт хэлэлцээрүүдийг тус тус байгуулаад байна. Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн олон оронд татварын хөнгөлөлт эдлэх боломжтой юм. Тухайлбал, Европын Холбооны GSP+ хөтөлбөрийн хүрээнд нийт 7200 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг Европын Холбооны зах зээлд гаалийн татваргүй гаргах боломжтой. Үүний зэрэгцээ Монгол Улс Замын-Үүд болон Алтанбулаг зэрэг хэд хэдэн чөлөөт бүсийг хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Монгол Улс Франц Улстай худалдаа, хөрөнгө оруулалтаа өргөжүүлэн хөгжүүлэх суурь эрх зүйн орчин харьцангуй сайн бүрдсэн бөгөөд 1991 онд Монгол Улс, Франц Улсын хооронд Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай гэрээ, 1996 оны Давхар татвараас чөлөөлөх тухай гэрээ зэрэг баримт бичгүүдийг байгуулсан. Мөн 2013 онд Европын холбоотой Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын Холбооны хоорондын хэлэлцээрийг байгуулсан юм. Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид ээ. Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон өнгөрсөн тавдугаар сард манай улсад төрийн айлчлал хийсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн Франц Улсад хийж буй төрийн айлчлал нь хоёр улсын хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Францын хөрөнгө оруулагчдын итгэлийг бататган бэхжүүлж, бодит үр дүн гаргахын зэрэгцээ манай хоёр улсын хооронд хийгдэх томоохон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө Монгол Улс хичээн ажиллах болно гэдгийг Та бүхэнд хэлэхийг хүсэж байна. Хоёр улсын эдийн засаг, бизнесийн харилцан ашигтай хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, бүхий л салбарт өргөжин хөгжүүлэхэд өнөөдрийн бизнесийн форум чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл төгс байна. Энэ дашрамд Монгол Улс ирэх гурван жилийг Монголд зочлох жил болгон зарласан бөгөөд Та бүхнийг мөнх тэнгэрийн орон, Их эзэнт гүрний өлгий нутаг, манай сайхан эх оронд зочлон ирэхийг урьж байна. Өнөөдрийн бизнесийн форумын үйл ажиллагаанд амжилт хүсье. Монгол, Францын ард түмний ган бат найрамдал улам цэцэглэн хөгжих болтугай. Анхаарал тавьсанд баярлалаа гэжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг албан ёсоор угтах ёслол боллоо

2023.10.13. Франц улс. Парис хот. Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар тус улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг албан ёсоор угтах ёслол 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр болов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Бүгд Найрамдах Франц Улсын Хууль зүйн сайд Эрик Дюпон болон Парис хотын Цэргийн тойргийн захирагч, генерал Кристоф Абад тэргүүтэй албаны хүмүүс Парисын Дайнд нэрвэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ордон (Инвалидын ордон)-д албан ёсоор угтлаа. Ёслолын үеэр Монгол, Францын төрийн дуулал эгшиглэж, Хүндэт харуул Монгол Улсын Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэв. Ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронтой хэлэлцээ хийх Элизейн ордон руу хөдлөв. Энэ үед 146 морьтой цэрэг, Францын Гвардын цэргийн мотоциклтой 30 хөтөч залан явлаа. Инвалидын ордон нь Францын XIV Луй хааны 1670 оны зарлигаар дайнд оролцож, эрэлхэг гавьяа байгуулсан цэрэг дайчдад зориулсан бөгөөд ордонд цэргийн түүхийн музей, Наполеон Бонапарт болон Францын цэргийн түүхэнд гавьяа байгуулсан эрэлхэг жанжнуудын бунхан байрладаг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон албан ёсоор угтлаа

2023.10.13. Франц Улс. Парис хот.Бүгд Найрамдах Франц Улсад Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Элизейн ордонд албан ёсоор угтан авлаа. Энэ үеэр Франц Улсын Ерөнхийлөгчийн Хүндэт харуулын дарга угтан мэндчилж, үлээвэр найрал хөгжим марш эгшиглүүлэв. Элизейн ордон буюу Франц Улсын Ерөнхийлөгчийн ордон нь тус улсын Ерөнхийлөгчийн өдөр тутмын ажлаа эрхлэн явуулдаг өргөө бөгөөд Бүгд Найрамдах Улсын билэгдэл юм. Ордны Мюратын танхимд Засгийн газрын хуралдааныг долоо хоног бүрийн Лхагва гаригт хийдэг бол, жил бүрийн 7 дугаар сарын 14-ний өдөр буюу Францын Үндэсний баярын өдрөөр ордны гаднах талбайд Францын хувьсгалын ойд зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулдаг байна. Мөн тус улсын Ерөнхийлөгч Элизейн ордонд гадаадын төр, засгийн дээд, өндөр түвшний төлөөлөгчдийг хүлээн авдаг уламжлалтай.

Монгол, Францын Төрийн тэргүүн нар хэвлэлд мэдээлэл хийлээ

2023.10.13. Франц Улс. Парис хот. Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын Төрийн тэргүүн нар хэвлэлд мэдээлэл хийлээ. Төрийн тэргүүн нарын хэлэлцээний өмнө болсон уг арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, Энд хүрэлцэн ирсэн хэвлэлийн төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо, Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өнө эртний түүхт, өв соёлын өлгий болсон үзэсгэлэнт сайхан эх орондоо халуун дотноор хүлээн авч байгаа Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Эммануэл Макрон Танд болон францын найрсаг ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Эртний түүхт Монгол, Франц хоёр орны түүхэн харилцаа тэртээх 13 дугаар зуунаас эхтэй буюу 1253 онд IX Людовик хааны элч Гийом дө Рубрук Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод хүрэлцэн ирж, Чингис хааны ач Мөнх хаанд бараалхан түүний ордонд амьдарч байсан түүхтэй. Мөн тэрбээр Монголын Эзэнт гүрэн дэлхийг өөрчилсөн тухай гайхамшигт түүхийг бичиж үлдээсэн байдаг. Түүнээс хойш Ил хаант улсын Аргун хаан, Өлзийт хаан нар Францын Гоо Филипп хаантай харилцаж байсан захидлууд өнөөдрийг хүртэл хадгалагдан ирсэн нь түүхийн чухал эх сурвалж болдог бөгөөд Монгол, Франц хоёр орны харилцаа тухайн үед ямар түвшинд хүрсэн байсныг гэрчлэн харуулдаг. Түүнчлэн Францын уран дархан Гийом дө Бушегийн урласан алдарт мөнгөн мод Монголын Эзэн хааны ордонд сүндэрлэж, Их Монгол улсын нийслэл Хархорум хотын нэгэн гайхамшиг болон шагшигдаж байсан түүхтэй. Тэгвэл Монгол, Францын орчин цагийн харилцаа 1965 онд дипломат харилцаа тогтоосон үеэс эхлэлтэй бөгөөд Монгол Улс Франц Улсыг манай гуравдагч хөрш, Европ дахь дотны итгэлт түнш хэмээн үздэг билээ. Тэртээх 1253 онд Францын IX Людовик хаан Монгол-Францын харилцааны түүхийг эхлүүлж байсан бол 770 жилийн дараа буюу 2023 онд БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж, Монгол, Францын ард түмний эртний уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг түүхэн шинэ агуулгаар баяжуулан, түүхийн нэгэн шинэ хуудсыг нээсэн чухал үйл явдал болсон. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн олон чухал асуудлаар санал бодлоо солилцож, хоёр улс түншлэлийн түвшингээ ахиулан, онцгой эрхт түншлэлийн харилцаа тогтоосноо хамтран тунхагласан билээ. Тэгвэл өнөөдөр танай сайхан оронд хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү төрийн айлчлал нь гуравдагч хөршийн бодлогоо үр дүнтэй хэрэгжүүлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулж, Монгол, Францын хамтарсан тунхаглалын хүрээнд харилцан тохиролцсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход чиглэгдэж байна. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Монгол Улс Европын Холбоотой байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Франц Улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг чухалчилж байна. Энэ хүрээнд шинжлэх ухаан, технологи, инновацаар дэлхийд тэргүүлэгч улсын нэг болох Франц Улстай харилцаа холбооны хиймэл дагуул, цэвэр эрчим хүч, нэн чухал ашигт малтмал, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, гамшигтай тэмцэх, эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, зам тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд хэмжээний харилцан айлчлалууд чухал түлхэц үзүүлж байна. Мөн Монгол, Франц Улсын харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон харилцан ашигтай стратегийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг бодит ажил хэрэг болгоход энэ удаагийн төрийн айлчлал зохих үүрэг гүйцэтгэж, манай хоёр орны онцгой эрхт түншлэлийг бататган бэхжүүлж, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Манай хоёр улс газарзүйн байршлын хувьд алс хол оршдог хэдий ч бидний өнө эртний түүх, өв соёлын нандин харилцаа манай хоёр орны ард иргэдийг оюун санаа, зүрх сэтгэлийн хувьд ямагт холбож ирсэн билээ. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Та бидний ивээл дор энэ удаа зохион байгуулагдаж буй Чингис хаан – Монголчууд дэлхийг өөрчилсөн нь түүхэн үзэсгэлэн Нант хотын Үндэсний түүхийн музейд маргааш нээлтээ хийх гэж байгаа нь үүний нэг тод жишээ болж байна. Энэхүү үзэсгэлэн нь монголчууд бидний түүх, соёл, өв уламжлал болон манай хоёр улсын түүхэн харилцааг Франц Улсад төдийгүй дэлхий нийтэд сурталчлан таниулахад онцгой чухал ач холбогдолтой юм. Мөн Франц улсын баялаг их түүхийн өлгий болох Версалийн ордны Хааны дуурийн театрт Монгол Улсын Морин хуурын чуулгын найрал хөгжим анх удаа эгшиглэж, хөх тэнгэрийн орон, тал нутгийн аялгуугаар франц анд нөхдийнхөө сонорыг мялаан, сэтгэл хөдлөм сайхан дурсамжийг хамтдаа бүтээж буйд баяртай байна. Энэхүү түүх соёлын арга хэмжээг талархан дэмжсэн эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд болон Франц Улсын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлье. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, түүнээс үүдэлтэй хүнсний хомсдол зэрэг дэлхий нийтэд тулгарч буй сорилт бэрхшээлийг шийдвэрлэхэд олон улсын хамтын нийгэмлэг, улс орон бүрийн хүчин чармайлт, хувь нэмэр нэн чухал юм. Монгол Улс дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулахад өөрийн хувь нэмрээ оруулах зорилготой Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг Франц Улсын Ойн дээд хэмжээний уулзалтаас гарсан санаачилгуудтай уялдуулж, хамтран ажиллахаар тохирсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Мөн 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17-р бага хурлыг Монгол Улс эх орондоо зохион байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэхүү хурлыг амжилттай зохион байгуулахад хамтран ажиллахаар болсонд талархаж байна. Цаашид манай хоёр улс НҮБ болон олон улсын түвшинд эх дэлхий, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх нийтлэг зорилтуудыг ханган хэрэгжүүлэхийн төлөө үр дүнтэй, нягт хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байна. Энэ дашрамд хүн төрөлхтний энхтайвны бэлгэ тэмдэг болсон зуны олимпын 33-р их наадам Парис-2024-ыг ирэх онд эх орондоо хүлээн авах Франц Улс, францын ард түмэнд баяр хүргэж, амжилт хүсье. Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа үеийн үед батжин бэхжиж, өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай. Анхаарал хандуулсан Та бүхэнд баярлалаа” гэлээ. Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд гэрээ, хэлэлцээрүүдийг шинээр байгуулснаар хамтын ажиллагаа идэвжинэ гэдгийг хэллээ. Түүнчлэн сансрын холбоо, эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарыг онцлон дурдаж, цаашид урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгааг илэрхийллээ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн илгээлт-2100 хөтөлбөрийн хүрээнд Франц Улсад суралцах эхний ээлжийн монгол оюутнуудыг хүлээн авсан тухай дурдав. Эдгээр оюутнууд Франц, Монголын найрамдалт харилцаанд шинэ өнгө аяс нэмж, үргэлжлүүлэн авч явна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэгт зурлаа

2023.12.31. Франц улс. Парис хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа.

ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН БАРИМТ БИЧГҮҮД:
  1. Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төслийн санхүүжилт олгох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрт францын талаас Францын жижиг, дунд үйлдвэр, худалдаа, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн сайд Оливия Грегуар, монголын талаас Сангийн сайд Б.Жавхлан нар гарын үсэг зурлаа.
  2. Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төслийн санхүүжилт олгох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрт францын талаас Францын жижиг, дунд үйлдвэр, худалдаа, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн сайд Оливия Грегуар, монголын талаас Сангийн сайд Б.Жавхлан нар гарын үсэг зурлаа.
  3. Монгол Улсын Засгийн газар болон Орано майнинг компанийн хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд францын талаас Орано групп ерөнхий захирал Клод Имовен, монголын талаас Эрдэнэс Монгол ХХК-ийн ерөнхий захирал С.Наранцогт нар гарын үсэг зурлаа.
  4. Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон БНФУ-ын Thales Alenia Space компанийн хоорондын Харилцан ойлголцлын тухай санамж бичигт францын талаас Thales Alenia Space компанийн гүйцэтгэх захирал Эрвэ Дэррэй, монголын талаас Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нар гарын үсэг зурав.
  5. Геологийн шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны тухай чиглэлээр хамтран ажиллах тухай Францын Геологи, уул уурхайн судалгааны товчоо болон Монголын Үндэсний геологийн алба хоорондын Харилцан ойлголцлын санамж бичигт францын талаас Геологи, уул уурхайн судалгааны товчооны үйл ажиллагаа хариуцсан захирал Кристоф Пуанссо, монголын талаас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү нар гарын үсэг зурлаа.
  6. Бүгд Найрамдах Франц Улсын Геологи уул уурхайн судалгааны товчоо, Францын геофизикийн ерөнхий компани болон Монголын үндэсний геологийн алба хоорондын эрмэлзлийн захидалд Францын талаас Геологи, уул уурхайн судалгааны товчооны үйл ажиллагаа хариуцсан захирал Кристоф Пуанссо, Геофизикийн ерөнхий компанийн Геологийн шинжлэх ухааны менежер Никола Салаун, монголын талаас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү нар гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар хэлэлцээ хийлээ

2023.10.13. Франц Улс. Парис хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар 2023 оны 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Франц Улсад төрийн айлчлал хийж байна. Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар Элизейн ордонд хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр Монгол, Францын хооронд энэ онд Төрийн тэргүүний түвшний анхны айлчлалыг харилцан хийж байгаа нь хоёр улсын онцгой эрхт түншлэлийг бататгах, хамтын ажиллагааг бүхий салбарт өргөжүүлж, стратегийн түвшинд хүргэх нийтлэг зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө байгааг талууд онцлов. Мөн Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны энэ оны 5 дугаар сард Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр гаргасан Монгол, Францын хамтарсан тунхаглалд тусгагдсан зорилтууд, ялангуяа хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болсон стратегийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрчим хүч, харилцаа холбоо, гамшгийн менежмент, хөдөө аж ахуй, соёл, боловсролын салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн ажиллахаа Төрийн тэргүүн нар нотоллоо. Төрийн тэргүүн нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүнсний хомсдол зэрэг дэлхий дахинд тулгарч буй сорилтыг даван туулахад олон улсын хамтын нийгэмлэг төдийгүй улс бүр хувь нэмрээ оруулахын чухлыг онцолж, эдгээр чиглэлээрх хоёр улсын санаачилга, зорилтуудыг уялдуулан үр дүн гаргахад хамтран ажиллахаа дахин нотлов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхийлөгч Эммануэл Макрон болон францын ард түмэнд Парис – 2024 зуны олимпын 33 дугаар наадмыг зохион байгуулахад нь амжилт хүсэв гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо

2023.10.14. Франц Улс. Парис хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны ивээл дор зохион байгуулж буй Чингис хаан – Монголчууд дэлхийг өөрчилсөн нь үзэсгэлэнгийн нээлтийн ёслол 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Нант хотын түүхийн музейд боллоо. 
Арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр монголчуудын бахархал болсон баатарлаг өвөг дээдсийн түүх, хүн төрөлхтөнд үлдээсэн агуу их өв соёлыг БНФУ-ын Нант хотын Бретанийн гүнгийн шилтгээн – Нантын түүхийн музейд дэлгэн толилуулж, дэлхий нийтийн хүртээл болгож байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Энэхүү үзэсгэлэн нь монгол хаадын албан бичиг, захидлыг дэлгэн үзүүлж, Монголын түүх, соёлын сор болсон үзмэрийг олон түмний хүртээл болгож, монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн өв соёлыг олон улсад таниулах таатай боломжийг олгож байгааг онцлов. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг, Бүгд Найрамдах Франц Улсын Хөдөө аж ахуй, хүнсний бүрэн эрхт байдлын сайд Марк Фену, Луар мужийн захирагч Фабрис Ригуле-Роз, Нант Метрополын Ерөнхийлөгч, Нант хотын Засаг дарга Жоанна Ролланд, Нант хотын түүхийн музейн захирал Бертран Гиеэ нар болон бусад албаны хүмүүс оролцов. Чингис хаан – Монголчууд дэлхийг өөрчилсөн нь үзэсгэлэн нь 555 үзмэрээс бүрдсэн бөгөөд үзмэрүүдийг Чингис хаан үндэсний музей, Монголын үндэсний музей, Хархорум музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн, хувь цуглуулагчаас, мөн Францын Лувр (Louvre), Сэвр (Sevres), Азийн урлагийн Гимэй (Guimet), Франц Улсын Ерөнхийлөгч асан Жак Ширакийн нэрэмжит Брэнли (Quai Branly) музей болон Европын Берлин, Цюрих, Брюселийн музей зэрэг дэлхийн алдартай 20 гаруй музейгээс татан дэлгэн үзүүлсэн байна. Үзэсгэлэн нь Монголын Эзэнт гүрэн байгуулагдсан түүхийг харуулахын зэрэгцээ Чингис хаан, түүний залгамжлагчид тив дамнасан эзэнт гүрнийг хэрхэн байгуулсныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой. Үзэсгэлэн 2024 оны 5 дугаар сарын 5-ны өдрийг дуустал зургаан сарын хугацаанд үргэлжилнэ гэжээ.

Парис-2024 зуны олимпын нээлтэд оролцоно

2024.07.24. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт 2024.07.26-ны өдөр болох Парис-2024 зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах нарын урилгаар оролцоно. Зуны олимпын нээлтэд дэлхийн 60 гаруй орны төр, засгийн болон олон улсын байгууллагын тэргүүн нар оролцох юм. Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны олимпын XXXIII наадамд Монгол Улсын 33 тамирчин 9 төрөлд оролцох ба манай багийн тэмцээн байт харваагаар эхэлнэ. Монгол Улс 1964 оноос эхлэн олимпын наадамд оролцож эхэлсэн бөгөөд Монголын баг тамирчид зуны олимпын наадмаас 30, паралимпын наадмаас 4 медаль хүртсэн амжилттай билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд оролцлоо

2024.07.27. Франц Улс. Парис хот. Зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд оролцохоор Парис хотноо хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон гэргийн хамт Елисейн ордонд угтлаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо болж буй зуны Олимпын XXXIII наадмын нээлтийн ажиллагаанд оролцлоо. Энэхүү арга хэмжээнд нийт 60 гаруй улсын төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлага оролцов. Бүгд Найрамдах Франц Улс нь Парис хотноо Олимпын наадмыг 3 дахь удаагаа зохион байгуулж байгаа ба Олимпын нээлтийн ёслол нь анх удаа цэнгэлдэх хүрээлэнд бус үзэсгэлэнт Сена мөрний дагуу болсноороо онцлогтой байв. Олимпын наадамд оролцох нийт 184 улсын 10,500 тамирчид Сена мөрний дагуу 6 км замаар үргэлжлэх 160 завиар парад хийж оролцов. Энэ удаагийн зуны Олимп нь 2024.07.26-ны өдрөөс 2024.08.11-ний өдрүүдэд болох ба манай улсын тамирчид чөлөөт бөх, жүдо бөх, бокс, буудлага, байт харваа, усанд сэлэлт, дугуй, хөнгөн атлетик, хүндийн өргөлт зэрэг спортын 9 төрөлд 33 эрх авч оролцож байна. Харин ирэх 2024.08.28-ны өдрөөс 2024.09.08-ны өдрүүдэд болох Паралимпын наадмын пара пауэрлифтинг, пара байт харваа, пара таеквондо, пара усанд сэлэлт, пара жүдо, пара хөнгөн атлетик зэрэг 6 төрөлд 10 эрх, нийт 44 эрхтэйгээр оролцоно.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронтой уулзлаа

2024.07.27. Франц Улс. Парис хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронтой 2024.07.27-ны өдөр Парис хотноо тусгайлсан уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, харилцаа, хамтын ажиллагааны төсөл, арга хэмжээнүүд, олон улсын харилцан сонирхсон асуудлаар дэлгэрэнгүй ярилцав. Тухайлбал, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 05 дугаар сард Монгол Улсад хийсэн Төрийн айлчлал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 10 дугаар сард Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн Төрийн айлчлалуудаар ярилцаж тохиролцсон ажлуудын явцын талаар санал солилцож, олон чухал төсөл үр дүнтэй хэрэгжиж байгааг хоёр улсын Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэв. Цаашид харилцан хэрэгжүүлсэн Төрийн айлчлалуудын үеэр тохиролцсон төслүүдийг бодит үр дүнд хүргэхэд идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдлээ. Мөн уул уурхай, цэвэр эрчим хүч, харилцаа холбооны салбар дахь хамтын ажиллагааг тэлэх, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэхээр тохиролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2024.07.30. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүнийг томилолтын хугацаа нь дуусаж, эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж, 2023 онд хоёр улсын Ерөнхийлөгч нар харилцан Төрийн түүхэн айлчлалууд хэрэгжүүлснийг онцоллоо. Төрийн тэргүүн нарын харилцан айлчлалаар тохиролцсон ажлууд үр дүнтэй урагшилж байгааг сайшааж, Элчин сайд Себастиен Сүрүний оруулсан хувь нэмэр, хүчин чармайлтыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийллээ. Элчин сайд Себастиен Сүрүн өнгөрсөн гурван жилийн хугацаанд бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Монгол Улсын төр, засаг болон монголын найрсаг ард түмэнд талархал илэрхийлэв. Хоёр улсын Төрийн тэргүүн нарын тохиролцсон төсөл, хөтөлбөрүүд, харилцаа, хамтын ажиллагаа ирэх жилүүдэд бүх салбарт гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан Элчин сайдын үнэтэй хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, Найрамдал медалиар шагнав.

Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2024.09.19. Mонгол Улc. Улaaнбaaтaр хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрера Да Силва Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Өнө эртний түүхтэй Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэж, харилцааны түвшин стратегийн түншлэлд хүрнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Өнгөрсөн онд БНФУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНФУ-д хийсэн төрийн айлчлал болон энэ оны 07 дугаар сард Парис хотноо хийсэн уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгчийн ярилцаж, тохиролцсон хамтын ажиллагааны чухал төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэлээ. Ирэх жил тохиох дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг ёслол төгөлдөр, өргөн цар хүрээтэй тэмдэглэж, харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулан, иргэд хоорондын харилцаа, нэн ялангуяа боловсрол, соёлын салбарт хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлнэ гэдэгт итгэж буйгаа онцлов. Элчин сайд Коринн Пэрера Да Силва Франц, Монголын харилцааны түүхэнд хамтын ажиллагаа хамгийн өндөр түвшинд, идэвхтэй хөгжиж буйг онцлоод, үргэлжлүүлэн бүхий л салбарт бэхжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ.

Бүгд Найрамдах Франц Улсын болон Европын Холбооны Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

2024.12.11. Mонгол Улс. Улаанбаатар хот. УИХ-ын гишүүн У.Отгонбаяр болон бусад гишүүд Бүгд Найрамдах Франц Улс болон Европын Холбооноос манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Коринн Пэрера да Силва, Ина Марчюлёните нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын гишүүд 2024 оны сонгууль, түүний үр дүн, хамтарсан Засгийн газрын талаар танилцуулж, ардчилал, шударга ёс, чөлөөт зах зээлийг баталгаажуулах улс төрийн тогтвортой байдал бүрдэж, Монгол Улс хөгжил дэвшлийн гараан дээр ирснийг тэмдэглэв. Тэрбээр хамтарсан Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нарын 2023 онд хэрэгжүүлсэн харилцан айлчлалуудаар хэлэлцэн бататгасан зарим төслийг дурдаж, хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Улсын Их Хурал тодорхой хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулаад байгаа талаар мэдээлэл өгчээ. Монгол, Францын хамтран хэрэгжүүлж буй төслүүд зөвхөн хоёр орны эдийн засагт төдийгүй Европын Холбооны улсуудын эрчим хүчний салбарт ихээхэн ач холбогдолтойг гишүүд онцлоод, тус улсуудын Элчин сайд нар дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Элчин сайд Коринн Пэрера да Силва хоёр улсын хамтарсан төслүүд Монгол Улсын эдийн засаг, эрчим хүчний хөгжлийг урагшлуулах, бие даасан байдлыг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтойг онцолж, хоёр талын хамтын ажиллагаа цаашид улам эрчимтэй өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Монгол-Францын хамтарсан төслүүд хэрхэн хэрэгжихийг Европын Холбооны улсуудын хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байгаа хэмээн Элчин сайд Ина Марчюлёните дурдаж, Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааг өргөжүүлэх нэг том гүүр нь энэ төсөл болно гэлээ. Мөн тэрбээр ирэх 2025 онд Монгол, Европын бизнесийн чуулга уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэж байгаагаа танилцуулав гэжээ.

Монгол, Хятадын харилцаа

2018.11.14. Монгол Улс. Улаанбаатар хот. Манай улс урд хөрштэй олон зууны турш түүхэн харилцаатай явж ирсэн. Хубилай 1260 онд өөрийгөө Юань гүрний хаанд өргөмжилж, 1267 онд Их Монгол Улсын нийслэлийг Хархорум хотоос Алтан Улсын Дайду хотод шилжүүлэв. 1271 онд Их Монгол Улсын нэрийг өөрчилж Юань хэмээн нэрийдэв. Юань нь Хөх Монгол гэсэн утгатай ажээ. Ингэснээр Монголын эзэнт гүрэн Алтан орд улс, Ил хаант Улс, Цагаадайн Улс, Юань улс гэсэн дөрвөн хаант улсад хуваагдсан түүхтэй. Монголчууд хүн гүрнээс эхлээд өдийг хүртэл олон зууны турш урд хөрштэй хил залган суухдаа хилийн заагаа цагаан хэрэмээр тогтоож байсан тухай түүхэнд олонтаа өгүүлсэн байдаг. Товчхондоо монголчуудын ул мөрийг, түүхийг тайлагдашгүй их нууц цагаан хэрэмнээс нааш үлдсэн байхыг үгүйсгэх аргагүй бөгөөд олон сонирхолтой баримт олдох болов уу. Харин цагаан хэрэмнээс цаашаа нутаглаж явсан үндэстнүүд олон зууны турш нэр нь өөрчлөгдөж явсаар 1949.10.16-ны өдөр БНХАУ байгуулагдаж, энэ улстай манай улс дипломат харилцаа тогтоосноор, хоёр улсын орчин цагийн харилцаа үүссэн гэж үздэг. Харин одоо Монгол Улс, БНХАУ-ын хилийн шугам 4709,6 километр үргэлжилж байна. Монгол Улс, БНХАУ-ын тал 1950 онд Улаанбаатар болон Бээжин хотноо Элчин сайдын яамдаа харилцан нээжээ. Харин 1991 онд Монгол Улс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод Ерөнхий консулын газраа сэргээн байгуулж, улмаар 1996 онд түүний салбарыг Эрээн хотод нээсэн бол, 2007 онд Консулын бие даасан газар болгожээ. Мөн 2011 онд Монгол Улсаас БНХАУ-ын ЗЗОБ Хонконгт Ерөнхий консулын газар,2014 онд ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотод Консулын газар тус тус байгуулж үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Тэгвэл 2018.11.14-ний өдрийн У.Хүрэлсүхийн засгийн газрын хуралдаанаар Шанхай хотод Ерөнхий консулын газар нээхийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Гадаад харилцаа өргөжихийн хэрээр хөрш орнуудтай худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг харилцан ашигтай салбаруудын харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр Засгийн газар дэс дараатай арга хэмжээ авч байна. Энэ хүрээнд БНХАУ-ын Шанхай хотод Ерөнхий консулын газар нээхийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон нь энэ. Ерөнхий консулын газартай болсноор энэ хот болон Гуандун, Фужян, Жөжян, Анхуй, Жянсу мужид ажиллаж, амьдарч, суралцаж байгаа манай иргэд эрх ашгаа хамгаалуулах, консулын үйлчилгээ авах, манай улсад аялах, жуулчлах, хөрөнгө оруулах зорилгоор зорчих хятад болон гадаадын иргэдэд визийн үйлчилгээ үзүүлэх зэрэг боломж бүрдэнэ. 25 сая хүнтэй Шанхай нь хүн амынхаа тоогоор улсдаа нэгдүгээрт, дэлхийд тавдугаарт ордог. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2018 оны 06 сарын байдлаар 1.5 их наяд юань буюу 230 тэрбум ам долларт хүрсэн байна. БНХАУ болон бүс нутаг, олон улсын худалдаа, эдийн засаг, банк санхүү, хөрөнгийн зах зээл, далайн тээврийн төв Шанхайд жилд дунджаар 1000 шахам үзэсгэлэн яармаг, түүний дотор олон улсын чанартай 300 гаруй томоохон арга хэмжээ болдог. Шанхайд гадаадын 70 гаруй улсын Ерөнхий консулын газар байдаг юм. Жич: Юань Улсын үеийн Монгол Орны Газрын Зургийг Википедиад дараах байдлаар оруулжээ.

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Иргэний хэргийн сайдтай уулзлаа

2015.03.19. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улс, БНХАУ-тай Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд хэлэлцээрийг  1999 онд байгуулжээ.  Энэ хэлэлцээрийн дагуу хоёр орны онцгой байдлын хэлтэс, ой хээрийн түймэр хариуцсан байгууллагууд  хамтран ажиллаж ирсэн. Тухайлбал 2009, 2010 онд  Халх голын дархан цаазат бүсэд гарсан ой хээрийн түймрийг унтраах ажилд ӨМӨЗО-ны Хянган, Шилийн гол аймгийн Ой хээрийн түймрээс сэргийлэх газрын 200 гаруй албан хаагчид оролцсон байна. Хил залгаа орнуудад хамтарч гамшгийн эсрэг тэмцэх, гамшгийн хор хөнөөлийг арилгах чиглэлээр хийж  хэрэгжүүлэх ажил цөөнгүй байгааг  Шадар сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Иргэний хэргийн сайд Ли Лигуотой уулзах үеэрээ хэллээ. Гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн гуравдугаар бага хуралд оролцож байгаа Шадар сайд У.Хүрэлсүх бага хурлын үеэр зарим улсын сайд, олон улсын байгууллагын удирдах албан тушаалтнуудтай уулзсаны нэг нь ноён Ли Лигуо байлаа. Гамшиг болсны дараа хор уршгийг арилгах, аврах, яаралтай тусламж үзүүлэх чадавхийг бэхжүүлэх нь чухал ч гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гамшгаас хамгаалах талаар иргэд олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, эрсдлийг бууруулахад анхаарч ажиллах нь илүү үр дүнтэй талаар сайд нар уулзалтынхаа үеэр хөндөн ярилаа. Монгол Улс ойрын хугацаанд Эрэн хайх, аврах олон улсын дунд түвшний багтай болохоор зорьж байна. Харин тус улсын Эрэн хайх, аврах баг нь хүн хүч, техник тоног төхөөрөмжийн чадавхийн хувьд дэлхийд дээгүүрт тооцогддог. Тиймээс хоёр орны онцгой байдлын байгууллагуудын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэргэжилтэн солилцох талаар Шадар сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Иргэний хэргийн сайд Ли Лигуотой  уулзахдаа ярилцжээ. 

Шадар сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын дэд сайдыг хүлээн авч уулзлаа

2016.08.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар /ЧХШХЦЕГ/-ын дэд сайд Мэй Көбао тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Хоёр улсын хооронд өндөр дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж, харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт идэвхтэй өргөжин хөгжиж байгааг Шадар сайд тэмдэглэлээ. Уулзалтаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ЧХШХЦЕГ хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортлох, импортлох үеийн хорио цээр, дамжин өнгөрөх тээвэр зэргийн талаар санал солилцов. Хорио цээр, эрүүл ахуй, аюулгүй байдлын чанар, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүний экспорт, импортыг улам нэмэгдүүлэх чиглэлээр хоёр улсын холбогдох байгууллага идэвхтэй ажиллах ёстой гэдэгт талууд санал нэгдлээ. Дэд сайд Мэй Көбао айлчлалынхаа үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, БНХАУ-ын ЧХШХЦЕГ хооронд байгуулах Монгол Улсаас БНХАУ-д силимарины үр экспортлох үеийн ургамлын хорио цээрийн шаардлагын тухай, Хонь, ямаа, үхрийн махны хяналт шалгалт, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцлийн тухай Санамж бичиг болон Монгол Улс-БНХАУ-ын хилийн эрүүл ахуй, хорио цээрийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурах юм.

Механик, хүч хатуулгийн хэмжлийн лабораторийг шинэчиллээ

2016.12.20. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр Хэмжих хэрэгсэл шалгалт баталгаажуулалтын газар /ХХШБГ/-ын Шалгалт тохируулгын албаны “Механик, хүч хатуулгийн хэмжлийн лаборатори”-ийн нээлтэд оролцож, тус газрын үйл ажиллагаатай танилцан албан хаагчдад зарим үүрэг чиглэлийг өглөө. Манай улсын барилга, автозамын бүтээн байгуулалтад ашиглаж байгаа хүчний хэмжих хэрэгслүүдийг шалгалт тохируулгад хамруулах чиг үүрэг бүхий эталоны баазыг шинэчлэн бүрдүүлж, хэмжих хэрэгслийн шалгалт, тохируулгын ажлыг тогтоосон стандарт, олон улсын зөвлөмжийн дагуу гүйцэтгэх шаардлагатай тулгараад байсан юм. Тиймээс Шадар сайд У.Хүрэлсүх уг асуудлаар БНХАУ-аас Манай Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдад хандан хүсэлт гаргаад байсан юм. Шадар сайдын хүсэлтийн дагуу БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр тус лабораторид барилгын хавтан, цементийн марк, асфальтны даац тодорхойлох хүчний машин шалгах 5-200 тн-ын даацтай динамометрүүд, барилгын бэлдэцний бат бэхийг шалгадаг шмидтийн алх шалгах 80 мпа/эталон төхөөрөмжийг нэмж суурилуулсан байна. Өмнө нь шалгалт тохируулгад хамрагдаагүй хэмжих хэрэгслийг ашиглан автозам барьж байгаа нь шинээр тавьсан өндөр өртөгтэй автозамын чанарт сөргөөр нөлөөлж амархан эвдрэх, хуурч хагарах зэрэг зөрчил үүсдэг байсан. Ийм лаборатори бий болсноор барилга, автозамыг чанартай барих нөхцөл бүрдэж байгаа юм. Мөн Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт  “Дахин төлөвлөлт буюу гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах төсөл”,  “Жижиг, дунд үйлдвэрлэл дэмжих төсөл”, ”Орон нутгуудыг хатуу хучилттай автозамаар холбох төсөл”-ийг хэрэгжүүлэхээр тусгагдсан. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд Стандарт Хэмжилзүйн газар ихээхэн үүрэг гүйцэтгэх юм гэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2017.10.23. Монгол Улс. Улаанбааар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хайминыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр Элчин сайдтай дахин уулзаж буйдаа баяртай байна гээд уулзалтыг нээж сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн туншлэлийн харилцаа гүнзгийрэн хөгжиж, хоёр улсын хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна. Хоёр талын хооронд өмнө нь ярилцаж тохиролцсон хамтын ажиллагааны асуудлыг шинэ Засгийн газар үргэлжүүлэн ажиллана. Манай Засгийн газрын бодлого хэвээр байх болно. Эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр мөн тогтвортой бодлого үргэлжилнэ. Онцгойлж үзэх нэг асуудал нь сүүлийн саруудад Гашуунсухайт – Ганц мод боомтоор гарч буй манай экспортын хэмжээ ихээхэн буурч буйд сэтгэл зовниж  байна. Энэ асуудалд анхаарлаа хандуулж шийдвэрлэх нь  хоёр орны хооронд 2020 онд худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэх Бүс ба зам санаачилгын саадгүй худалдааг хэрэгжүүлэхэд ихээхэн тустай хэмээн үзэж байна. Манай хоёр орны соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа олон чиглэлээр улам идэвхтэй хөгжсөөр байна. Оюутан залуусын солилцоо өргөжиж байгаа нь иргэдийн харилцан ойлголцол найрамдлыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэсэн юм. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Ерөнхий сайдаар томилогдсоноос хойшхи анхны уулзаж байгаа Элчин сайд болсондоо баяртай байна гэсэн юм. Монгол, Хятадын иж бүрэн стратегийн туншлэлийн харилцаа гүнзгийрэн хөгжиж байна. Монгол Улсын Засгийн газрын бодлого тогтвортой үргэлжилнэ гэдэгт итгэж байна. Таны өнөөдөр тавьсан экспортыг нэмэгдүүлэх тухай асуудлыг анхааралдаа авна гэжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Хууль зүйн сайдыг хүлээн авч уулзлаа

2017.11.06. Монгол Улс. Улаанбаатар хот. БНХАУ-ын Хууль зүйн сайд Жан Жюнь манай улсад айлчилж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Жань Жюнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол Улс БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг тогтвортой хэрэгжүүлэх бодлогыг тууштай баримтлаж ирсэн. Хоёр талын хүчин чармайлтын үр дүнд Монгол Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцол улам бүр гүнзгийрч, эдүгээ Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоон хөгжүүлж байгаад сэтгэл хангалуун байдаг гэж Ерөнхий сайд уулзалтын өмнө хэллээ. Монгол Улс, БНХАУ хооронд стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт тогтвортой хөгжиж, тэр дундаа хоёр улсын хууль эрх зүйн салбарын харилцаа иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүрч, өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд тэмдэглэв. Мөн Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон БНХАУ-ын Хууль зүйн яам хооронд 2017-2021 онд хамтран ажиллах хөтөлбөрт гарын үсэг зурж, энэхүү хөтөлбөрийг ажил хэрэг болгож ажиллахыг хүслээ. Мөн хоёр орны хооронд хэрэгжүүлэх Бүс ба зам санаачилгыг ажил хэрэг болгоход хуулийн талаас өөрийн хувь нэмрээ оруулж ажиллана гэдгээ БНХАУ-ын Хууль зүйн сайд Жан Жюнь уулзалтын үеэр илэрхийлжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ

2018.04.06. Монгол УлсУлаанбаатар хот. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018.04.8-12-нд БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нарт тус тус бараалхана. Уулзалт, хэлэлцээний үеэр талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, тэр дундаа хоёр талын улс төр, эдийн засаг, худалдаа, хүмүүнлэг зэрэг салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг урагшлуулах өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно. Айлчлалын үеэр талууд Засгийн газар болон байгууллага, аж ахуйн нэгжүүд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол, Хятадын бизнес форумд оролцож, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэлхийн хөгжлийн төлөөх нээлттэй, шинэлэг Ази сэдвийн дор болох Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтын нээлтэд оролцож үг хэлнэ гэжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Боаогийн чуулга уулзалтад оролцлоо

2018.04.10. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Азийн Давос” гэж нэрлэгддэг “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ын нээлтэд оролцон үг хэлэв. Тэрээр Монгол Улс Азийн орнуудын эдийн засгийн асуудлаарх мэдээлэл солилцоо, харилцан уялдаатай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой энэ уулзалтыг санаачлагч орны нэг бөгөөд төр, засгийн удирдлагын түвшинд олон удаа оролцож байгааг дурдав. Боаогийн чуулга уулзалт бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тулгамдаж байгаа асуудлуудаа шийдвэрлэх боломжийг хамтран эрэлхийлэх чухал суваг гэж үздэгийг онцоллоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын бүс нутгийн улс төр, эдийн засгийн олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох бодлогыг нотолж, Азийн орнууд илүү нээлттэй, хүртээмжтэй байдлаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэхийг дэмжиж буйгаа илэрхийлэв.Мөн Монгол Улсын эдийн засгийн өсөлт сэргэн, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин сайжирч байгааг онцолж, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбараа хөгжүүлэн эдийн засгаа төрөлжүүлэхийг зорьж байгааг тэмдэглэв. БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилга нь бүс нутаг, дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн хөгжлийг түргэтгэхэд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой гэж үздэгээ илэрхийллээ. Монгол Улс өөрийн “Хөгжлийн зам” хөтөлбөрийг энэ санаачилгатай уялдуулан хэрэгжүүлж, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор” байгуулахаар идэвхтэй ажиллаж байна гэв.  Боаогийн энэ удаагийн чуулга уулзалт “Илүү хөгжин цэцэглэсэн дэлхийн төлөөх нээлттэй, инновацийг хөгжүүлэгч Ази тив” сэдвийн дор болж байна. Чуулга уулзалтад улс төрчид, тэр дундаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Австри, Филиппин, Нидерланд, Пакистан, Сингапур зэрэг улсын төр, засгийн удирдлага, Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирал Кристин Лагард нарын өндөр албан тушаалтан болон олон орны хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, эрдэмтэн судлаач оролцож байна. БНХАУ эдийн засгийн энэ чуулга уулзалтыг Хайнань арлын Боао хотноо 2001 оноос хойш жил бүр зохион байгуулж байгаа юм.  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Боаогийн чуулга уулзалтад хэлсэн үгний эшлэлүүд:

•  БНХАУ хөгжлийнхөө үр өгөөжийг хөрш зэргэлдээ орнуудтайгаа хуваалцан, хамтдаа хөгжих бодлого хэрэгжүүлж байгааг Монгол Улс өндөр үнэлдэг. Энэ бодлого, чиглэл нь бидний Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлж, шинэ агуулгаар баяжуулахад чухал түлхэц өгнө гэдэгт итгэж байна.

•  БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилга нь дэд бүтэц, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн хамтын ажиллагаа, иргэд хоорондын солилцоог эрчимжүүлэх замаар бүс нутаг, дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн хөгжлийг түргэтгэхэд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. Монгол Улс энэ санаачилгыг анхнаас нь дэмжиж, өөрийн улсын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг уялдуулан хэрэгжүүлж байна.

•  “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор” байгуулах хүрээнд 32 төсөл хэрэгжүүлнэ. Гурван тал нэн тэргүүнд төмөр замыг шинэчлэх, хурдны авто зам, цахилгаан дамжуулах шугам байгуулах төслийг ойрын үед хэрэгжүүлэхээр ярилцаж байна. 

•  Азийн орнууд эдийн засгийн тогтвортой өсөлтөө цаашид хангах үүднээс эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж, инновацид тулгуурлах замаар өсөлтийн шинэ хөдөлгөгч хүч бий болгох шаардлагатай тулгарч байна.

•  Манай улс инновацийн чиглэлээр бусад улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн төлөө байна. Энэ айлчлалын үеэр байгуулсан “Үйлдвэрлэлийн чадавхи, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” үйлдвэрлэлд инноваци ашиглах, дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд түлхэц болно гэдэгт итгэж байна.

Манай Засгийн газар хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулж, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах болно. Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгаа төрөлжүүлж хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхийг зорьж байна.

•  Зарим бүс нутаг, томоохон орон өөрийн зах зээлээ хамгаалах бодлого барих хандлагатай байна. Иймээс Азийн орнууд худалдаа, эдийн засгаа илүү нээлттэй, хүртээмжтэй хөгжүүлэхээ тодорхой илэрхийлж, эрчимтэй ажиллах шаардлагатай байна.

•  АПЕК, Зүүн Азийн дээд түвшний уулзалт зэрэг механизм болон байгуулахыг зорьж байгаа Номхон далай дамнасан түншлэл, Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр, Ази-Номхон далайн чөлөөт худалдааны бүс зэрэг нь бүс нутгийн голлох эдийн засгийг хамарч, хөгжиж байгаа жижиг эдийн засагтай орнууд хамрагдах боломж хязгаарлагдмал байгааг өөрчлөх хэрэгтэй байна. 

•  Монгол Улс эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, бүс нутгийн улс төр, эдийн засгийн үйл явцад идэвхтэй оролцох бодлогоо үргэлжлүүлнэ. Энэ чиглэлээр хөрш болон бүс нутгийн орнуудтай өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байна гэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлал эхэллээ

2018.04.09. БНХАУХайнан. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ өдрүүдэд БНХАУ-д улсад айлчилж байна. Монгол Улс, БНМАУ 1949 оны 10 дугаар сарын 16-нд дипломат харилцаа тогтоож 1950 онд Улаанбаатар, Бээжин хотноо Элчин сайдын яамаа харилцан нээсэн түүхтэй. Монгол Улс, БНХАУ 2011 онд Стратегийн түншлэлийн, 2014 онд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. 2017 оны байдлаар манай улсын гадаад худалдааны хэмжээ 10 тэрбум ам.доллар байсны 63 хувь нь буюу 6.5 тэрбум ам.доллар нь БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байв. Хоёр улс эдийн засаг, худалдааны харилцаагаа шинэ агуулга, хэлбэрээр баяжуулан хөгжүүлж, 2020 онд худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хамтран дэвшүүлээд байна. 1990-2017 оны хооронд БНХАУ манай улсад дөрвөн тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсний 70.1 хувь нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, 22 хувь нь худалдаа, нийтийн хоолны салбар, 2.3 хувь нь барилгын салбарт ногдож байжээ. Айлчлалын үеэр хоёр орны Засгийн газар албан ёсны хэлэлцээ хийв.

  • Үйлдвэрлэлийн чадавх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр
  • Монгол-Хятадын хилийн дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны зэргэлдээ бүсүүдийн бүтээн байгуулалтын хоёр талын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах хэлэлцээний явцыг түргэтгэх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  • БНХАУ-ын Засгийн газраас олгохоо илэрхийлсэн 2.0 тэрбум юанийн буцалтгүй тусламжийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр
  • Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн хэрэгжүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  • Хятадын талаас олгосон хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл төслийн тухай Монгол Улсыг төлөөлж Сангийн яам, Хятадын Экспорт-Импорт банк хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээр
  • Монгол Улсын ХХААХҮЯ, БНХАУ-ын Зах зээлийн хяналтын удирдах хороо хооронд жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг
  • Монгол Улсын ГЕГ болон БНХАУ-ын ГЕГ хооронд хууль бусаар хил давуулан худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг
  • Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Боловсролын яам хооронд 2018-2021 онд хэрэгжүүлэх боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө
  • Спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Спортын ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  • Буянт-Ухаа спорт ордны боломж ашиглалтыг нэмэгдүүлэх” төсөл зэрэг баримт бичигт БНХАУ-ын талаас Худалдааны сайд Жун Шань, Боловсролын сайд Чэнь Бао Шэн, Эксим банкны Ерөнхийлөгч Лю Лянь Гө, Гаалийн ерөнхий газрын дарга Ни Юүэфэн, Зах зээлийн хяналтын удирдах хорооны дарга Жан Мао нар гарын үсэг зурлаа. Баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа БНХАУ-ын Ардын их хурлын ордонд болжээ.

Улаанбаатарын Төв цэвэрлэх байгууламж, Гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг төслийг эхлүүлэхээр болов

2018.04.08. БНХАУ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 4 дүгээр сарын 8-12-нд БНХАУ-д хийх албан ёсны айлчлал хийв. Хоёр улсын Засгийн газрын хооронды хэлэлцээ 2018.04.09-ний өдөр болов. Хэлэлцээний үеэр Монгол, Хятадын улс төрийн харилцаа, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар болон олон улс, бүс нутгийн асуудлаар өргөн хүрээнд санал солилцов. Талууд хоёр орны харилцаа бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх зарчмын дагуу тогтвортой хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, парламент, улс төрийн намуудын солилцоог улам бүр бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Ирэх онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг өргөн хүрээнд хамтран тэмдэглэхээр тохиролцов. Хоёр улсын худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын хүрээнд хамтын ажиллагааны механизмуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хоёр улсын хөгжлийн стратегийг уялдуулах, худалдаанд тулгарч буй тарифын бус саад тотгорыг арилгах, үйлдвэрлэлийн  чадавхи, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжил, ард иргэдийн ахуйн амьжиргааг дээшүүлэхэд тустай төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэтгэхээр санал нэгдэв. Тухайлбал, Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн төсөл, гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг БНХАУ-ын Засгийн газраас олгох хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төслүүдийг ойрын үед эхлүүлэхээр болов. Талууд цаашид хөдөө аж  ахуй, эрчим хүч, уул уурхай, транзит тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нөөц боломж ихтэйг онцолж, холбогдох байгууллага, аж ахуйн нэгж хоорондын яриа хэлэлцээг идэвхжүүлэхийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын Засгийн Газар Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болов. Талууд Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг хэрэгжүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг(300 сая ам.доллар), Үйлдвэрлэлийн чадавх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээр, Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын хэлэлцээр (600 сая юанийн буцалтгүй тусламж), Монгол Улсын ХХААХҮЯ, БНХАУ-ын Зах зээлийн хяналтын удирдах хороо хооронд жижиг дунд үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг, Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Боловсролын яам хооронд 2018-2021 онд хэрэгжүүлэх Боловсролын солилцоо, хамтын ажиллагаа төлөвлөгөө, Спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Спортын ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг зэрэг 11 баримт бичигт гарын үсэг зуржээ.

Ерөнхий сайд нарын албан ёсны хэлэлцээний дараа дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

2018.04.08. БНХАУ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Хоёр орны Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нар баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо. -Үйлдвэрлэлийн чадавх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр

  • -Монгол-Хятадын хилийн дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны зэргэлдээ бүсүүдийн бүтээн байгуулалтын хоёр талын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах хэлэлцээний явцыг түргэтгэх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  • -БНХАУ-ын Засгийн газраас олгохоо илэрхийлсэн 2.0 тэрбум юанийн буцалтгүй тусламжийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр
  • -Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн хэрэгжүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  • -Хятадын талаас олгосон хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл” төслийн тухай Монгол Улсыг төлөөлж Сангийн яам, Хятадын Экспорт-Импорт банк хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээр
  • -Монгол Улсын ХХААХҮЯ, БНХАУ-ын Зах зээлийн хяналтын удирдах хороо хооронд жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг
  • -Монгол Улсын ГЕГ болон БНХАУ-ын ГЕГ хооронд хууль бусаар хил давуулан худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг
  • -Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Боловсролын яам хооронд 2018-2021 онд хэрэгжүүлэх боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө
  • -Спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Спортын ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  • -“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” төслийн Нэмэлт туслалцааны төслийн солилцох захидал

-“Буянт-Ухаа спорт ордны боломж ашиглалтыг нэмэгдүүлэх” төсөл зэрэг баримт бичигт Монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, БНХАУ-ын талаас Худалдааны сайд Жун Шань, Боловсролын сайд Чэнь Бао Шэн, Эксим банкны Ерөнхийлөгч Лю Лянь Гө, Гаалийн ерөнхий газрын дарга Ни Юүэфэн, Зах зээлийн хяналтын удирдах хорооны дарга Жан Мао нар гарын үсэг зурлаа. Баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа БНХАУ-ын Ардын их хурлын ордонд боллоо.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ли Жаньшуд бараалхав

2018.04.09. БНХАУ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга (Парламентын дарга) Ли Жаньшуд бараалхаж, Монгол-Хятадын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх сонирхолтой байгааг илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын хувиар БНХАУ-д анхны айлчлал хийж буйд баяртай байгаа бөгөөд энэхүү айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн энэхүү айлчлал нь хоёр талын улс төрийн илтгэлцлийг бэхжүүлэх, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж буйгаа илэрхийлэв. Хоёр улсын Ерөнхий сайд нарын албан ёсны хэлэлцээ амжилттай болж, олон чухал тохиролцоонд хүрсэнд Байнгын Хорооны дарга Ли Жаньшу баяр хүргэв. Талууд Парламент хоорондын байнгын уулзалтын механизмыг үр дүнтэй  ашиглан хоёр орны харилцааг хөгжүүлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа санал нэгтэй илэрхийлэв. Мөн хоёр талын стратегийн яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааны механизмуудыг бүтээлчээр ашиглах, улс төрийн намуудын харилцааг идэвхжүүлэх нь хоёр улсын түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхэд чухал гэж үзэв. 2019 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буйтай холбогдуулан талууд олон чухал арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохиролцов. Талууд Монгол Улсын Хөгжлийн зам хөтөлбөр, БНХАУ-ын Бүс ба Зам санаачилгыг уялдуулан хөгжүүлэх хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааны агуулгыг баяжуулах, хоёр улсын худалдааны эргэлтийг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад оролцоно гэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхав

2018.04.10. БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 4 дүгээр сарын 10-ны өдөр БНХАУ-ын Хайнань мужийн Боао хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын даргаар дахин сонгогдсонд нь Ши Жиньпинд баяр хүргэв. БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг нотолж, Монгол Улсын Засгийн газар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулан, гүнзгийрүүлэх бодлогыг баримталж буйг тэмдэглэв. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг тууштай хүндэтгэж ирснийг нотолж, хөрш орнуудтайгаа чин сэтгэлээсээ, элэгсэг дотно харилцах, хөгжлийн үр ашгийг хуваалцах бодлогын хүрээнд Хятад, Монголын харилцааны хөгжилд өндөр ач холбогдол өгч ирснийг онцлон тэмдэглэв. Талууд бие биеийн язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэх үндсэн дээр улс төрийн итгэлцлийг улам бүр бэхжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалахын төлөө байгаагаа  илэрхийлэв. Ирэх онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг өргөн хүрээнд хамтран тэмдэглэхээр санал нэгдэв. Талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх өргөн боломж буйг тэмдэглэж, худалдааны эргэлтийг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтодхүрэх үүднээс хамтын ажиллагааны механизмуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, “Монгол-Хятадын Экспо” зэрэг үзэсгэлэн худалдааны сувгийг үр дүнтэй ашиглах, худалдаанд тулгарч буй тарифын бус саад тотгорыг бууруулах, ХАА, аялал жуулчлал, үйлдвэрлэлийн  чадавхийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Хятадын талын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төслүүдийн явцыг түргэтгэхээр тохиролцов. Цаашид эрчим хүчний хамтын ажиллагаа хөгжүүлэх тухай баримт бичиг байгуулах,  “Төмөр замаар дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”ийг соёрхон батлах чиглэлээр ажиллахаа хятадын тал илэрхийлэв. Хятадын “Бүс ба Зам” санаачилга нь хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шинэ боломжийг нээж буйг санал нэгтэй тэмдэглэж, Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг уг санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх ажиллагааг идэвхжүүлэхээр тогтов. Соёл, боловсролын хамтын ажиллагаа, иргэд хоорондын солилцоог идэвхжүүлэх нь хоёр улсын хамтын ажиллагааны чухал чиглэл болохыг тэмдэглэж, Монгол-Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн хүрээнд тохиролцсон арга хэмжээг идэвхтэй хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Уулзалтын үеэр талууд бүс нутгийн хамтын ажиллагаа, Монгол-Орос-Хятадын гурван талын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Солонгосын хойгийн нөхцөл байдалд нааштай өөрчлөлт ажиглагдаж, бүс нутгийн орнуудын хооронд дээд түвшний яриа хэлэлцээ идэвхжиж буйд талууд баяртай байгаагаа тэмдэглэж, бүс нутгийн байдлыг тогтворжуулах, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах чиглэлд гаргаж буй хүч чармайлт, санаачилгыг харилцан дэмжиж ажиллахаа илэрхийлэв.  Талууд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Хятадын Чиндао хотод болох тус байгууллагын дээд түвшний уулзалтад оролцох, уг арга хэмжээний үеэр Монгол, Орос, Хятад гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулах асуудлаар цаашид хамтран ажиллахаар тохиров. 

ӨМӨЗО Ганцмодны боомтоор жилд 10 сая тонн нүүрс импортлох сонирхолтой байна

2018.04.12. БНХАУ. ӨМӨЗО. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийгээд буцах замдаа ӨМӨЗО-ны Баяннуур хотод ажиллав. Тэрээр хотын намын хорооны дарга Ли Жи Хэнтэй уулзаж Гашуунсухайт-Ганцмодны боомтын экспорт, импорт, нэвтрүүлэх чадлыг өргөтгөх, бараа, бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэх талаар санал солилцов. Хоёр тал боомтуудынхаа дэд бүтцийг хөгжүүлж, хил нэвтрүүлэх чадварыг сайжруулах нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ. Хил дамнасан уул уурхай, эрчим хүчний туршилтын бүс байгуулах саналыг Өвөрмонголын тал гаргав. Мөн аль болох богино хугацаанд Замын-Үүд-Эрээнд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцох зэрэг хүсэлтээ илэрхийлэв. Баяннуур хот ойрын өдрүүдэд Ганцмодны боомтыг бие даан хариуцах эрхтэй болох гэж байна. “Эрдэнэс Тавантолгой” компанитай шууд гэрээ байгуулан 10 сая тонн нүүрс авч боловсруулах боломжтой учир шаардлагатай дэд бүтэц, эрчим хүч гээд бүх асуудлаа шийдсэн. Одоо манай улс хэр түргэн шуурхай ажиллахыг л хүлээж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхах үеэр 2020 он гэхэд Монголоос жилд 30 саяас доошгүй тонн нүүрс нийлүүлэх боломж байгаа тухай ярилцсан юм. Дэд бүтэц зэргээ хөгжүүлснээр нүүрсний экспорт, импортыг 30 саяас доошгүй тонн-д хүргэх зорилтоо биелүүлж, харилцан ашигтай хамтран ажиллаж чадна. Энэ чиглэлээр хоёр улсын холбогдох байгууллагууд идэвх чармайлт гаргах ёстой гэж үздэгээ Ерөнхий сайд хэлэв. Тэрээр уулзалтын дараа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хот, Монгол Улсын Өмнөговь аймаг хооронд байгуулах Хамтын ажиллагааны санамж бичигт  гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Ерөнхий сайд мөн өдөр Ганцмодны боомтын Гаалийн хяналтын удирдах төвөөр орж боомтын нэвтрүүлэх хүчин чадал зэрэгтэй танилцав. Энэ үеэр хөндөгдсөн гол сэдэв нь Гашуунсухайт, Ганцмодны боомтод үүсдэг нүүрсний тээврийн урт дарааллыг хэрхэн зохицуулж хэвийн горимд оруулах  тухай байлаа. Ганцмодны боомтын Гаалийн даргын хэлснээр нүүрс тээвэрлэх зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийн тоо хэт их байгаагаас урт дараалал үүсч, хаа хаанаа хүндрэл учруулдаг юм байна. Нүүрсний тээвэр аль болох их байвал хоёр талдаа эдийн засгийн ач холбогдолтой. Иймд дээрх асуудалд хоёр тал онцгой анхаарах, жолооч нар олон хоногоор машиндаа амьдарч эрүүл мэнд, аюулгүй байдал, цаашлаад амь насаараа хохирох тохиолдол гарч байгаад дүгнэлт хийх ёстой гэлээ. Энэ чиглэлээр шуурхай ажиллахыг дагалдан яваа сайд нарт үүрэг болгов. Ганцмодны боомт өнгөрсөн онд хоёр тэрбум гаруй ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолж, улсдаа хамгийн их бараа нэвтрүүлсэн боомтын нэгд тооцогдоод байна. 2013 оноос хойш “Таван гарц-Таван орц” нүүрс нэвтрүүлэх хоолой, хяналтын систем зэргийг ашиглалтад оруулж автоматжуулснаар нэг автомашиныг 15 секундэд шалган хил нэвтрүүлдэг болжээ. Манай улс өнгөрсөн онд Гашуунсухайт-Ганцмодны боомтоор 18 сая тонн бараа, бүтээгдэхүүн экспортоор гаргасны 17 сая тонн нь нүүрс байжээ.

Ерөнхий сайд ӨМӨЗО-ны удирдлагыг хүлээн авч уулзав

2018.07.04. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын ӨМӨЗО-ны намын хорооны нарийн бичгийн дарга, Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жихөн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа улам хөгжиж, өндөр, дээд түвшний харилцан айлчлалуудын үеэр тохиролцсон олон төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгааг Ерөнхий сайд тэмдэглэв. Өнгөрсөн дөрөвдүгээр сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар тус улсад айлчлан, Боаогийн чуулга уулзалтад оролцсон. Энэ үеэр эрхэм зочин Ли Жихөнтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсондоо сэтгэл хангалуун байдгаа  илэрхийлэв. Монгол, БНХАУ, тэр дундаа ӨМӨЗО-той худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад баяртай байна гэлээ. Цаашид хоёр улсын худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг биелүүлэхийн тулд ӨМӨЗО-той нягт хамтран ажиллах шаардлага байгааг тэмдэглэв. Хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах чиглэлээр идэвхтэй хамтрах, мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, цөлжилтөөс хамгаалах чиглэлээр ӨМӨЗО-ны хуримтлуулсан туршлагыг судалж нэвтрүүлэх сонирхлоо илэрхийлэв. Мөн Баяннуур аймагт болсон уулзалтын мөрөөр хилийн боомтуудын хамтын ажиллагаанд ахиц гарч байгааг тэмдэглэв. БНХАУ, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагаанд ӨМӨЗО чухал байр суурь эзэлдэг гэдгийг намын хорооны нарийн бичгийн дарга, АТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жихөн хэллээ. Цаашид аж ахуйн нэгж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн харилцаа, соёл, хүмүүнлэг, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байна гэв. Хилийн боомтууд, чөлөөт бүс, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахад бэлэн гэдгээ Ли Жихөн илэрхийлжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа

2018.08.25. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Иг Их тэнгэр дэхь төрийн ёслоын цогцолборт хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдын урилгаар манай оронд айлчилж буйд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ноён Ван Ид талархал илэрхийлээд манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн түншлэлийн хүрээнд төрийн өндөр дээд хэмжээний айлчлалын давтамж тогтмолжиж байгаад сэтгэл хангалуун байна гэв. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И цаг гарган хүлээн авч уулзаж буйд Ерөнхий сайдад талархал илэрхийлж, айлчлалын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх томоохон зорилгоо биелүүлж, түүний зэрэгцээ Монгол орны уудам тал нутгийн баруун хязгаарт очсон болон өнөөдөр Богд уулын дархан цаазат газрын үзэсгэлэнт байгалиар аялахаар төлөвлөж буйгаа дуулгав. Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нар Бүгд Найрамдах Хятад ард улсаас Монгол улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн нээлтийн ёслолын ажиллагаанд оролцож, тууз хайчиллаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Өнгөрсөн хавар БНХАУ-ын дарга Си Жинпиний урилгаар Хятад Улсад айлчлах үеэр яригдсан манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай яриа хэлэлцээр бодит биеллээ олж байгаад баяртай байна. Тэр үед олон улсын стандартад нийцсэн цэвэрлэх байгууламж барих талаар харилцан тохиролцож байсан маань өнөөдөр ажил хэрэг болж байна. Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөрт хүн амаа цэвэр усаар хангаж, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангаж, агаар, орчны бохирдлыг аррилгаж, хотын дэд бүтцийг өргөжүүлэх тухай тусгасан байгаа. Үүний нэг нь төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байгуулах явдал байсан юм. Энэ төсөл хэрэгжснээр агаар орчны бохирдол буурч 1,5 сая иргэн аюулгүй орчинд амьдрахад чухал хувь нэмэр оруулах болно. Яг одооноос Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт эхэлж байгааг мэдэгдэж байна. Цаашид манай хоёр орны харилцаа өргөжин дэвжихийн ерөөл дэвшүүлье” гэв. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И: Хүндэт Ерөнхий сайд болон бусад зочид та бид энэхүү чухал үйл явдлын гэрч болж, миний хувьд биечлэн оролцож, түүхэн бүтээн байгууулалтыг эхлүүлж байгаадаа баяртай байна. Манай хоёр орны харилцааны түүх эртнийх бөгөөд улам өргөжин тэлж, хөгжсөөр ирсэн. БНХАУ-ын Засгийн газраас Улаанбаатар хотноо барьж байгуулсан Энхтайваны гүүр өнөө ч үүргээ гүйцэтгэж байна. Одоо баригдах төв цэвэрлэх байгууламж мөн ийм болно гэдэгт би бат итгэлтэй байна. Бид энэ байгууламжийг төлөвлөсний дагуу барьж ашиглалтанд хүлээлгэж өгөх болно. Олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийн ололтийг шингээн байгуулж, Улаанбаатарын оршин суугчдын ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө чармайх болно. Үүгээр зогсохгүй хотын орчныг сайжруулж, дэд бүтцийг хөгжүүлэхэд ч гар бие оролцоно. Байгаль орчныг хамгаалж, ард, иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд бидний хийж чадах зүйлсийг хийх болно. Энэ нь манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх эрмэлзлэлийн нэг хэсэг юм“ гэв.

У.Хүрэлсүх: Улаанбаатар-Тяньжины хамтын ажиллагаанд ”шинэ зам” гаргалаа

2018.10.21. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Тяньжин хотын намын хорооны дарга Ли Хужун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Ноён Ли Хужун Монгол Улсын ерөнхий сайдад БНХАУ-ын дарга Си Жинпиний мэндчилгээг уламжлав. Сүүлийн жилүүдэд манай хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өргөжин тэлж, хөгжсөөр байна. 2018 он өндөр дээд хэмжээний харилцан айлчлалын давтамж ойртсон онцгой жил байлаа. Энэ удаагийн айлчлал ч мөн Засгийн газар хоорондын харилцаанд ахиц дэвшил авчирсан, өмнөх айлчлалуудаар харилцан тохиролцсон зүйлсийг ажил хэрэг болгоход чухал  ач холбогдолтой гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын эхэнд цохон тэмдэглэв. Бүс ба зам хөтөлбөр, Монгол Улс, БНХАУ, ОХУ хооронд эдийн засгийн коридор байгуулах нь илүү их хичээл зүтгэл хамтын ажиллагааг шаардаж байгааг талууд санал нэгтэй хүлээн зөвшөөрөв. Хамтын ажиллагааны хүрээнд айлчлалаар тохиролцсон хэлэлцээрийн дагуу Төв цэвэрлэх байгууламж барих, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх томоохон ажлууд хэдийн эхэлснийг онцлов. Манай хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болох гэж буй энэ үед Азийн бүс нутгийн үүд хаалга болсон Тяньжин хоттой бүх талаар тэр дундаа худалдаа эдийн засгийн харилцаагаа өргөжүүлж, худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьж, Монгол-Тяньжины Дүнзян тээвэр лоrистикийн төв байгуулах хэлэлцээр хийх гэж буйд Монгол Улсын Засгийн газраас дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ Ерөнхий сайд  илэрхийлэв. Тяньжин хотын намын хорооны дарга Ли Хужун хэлэхдээ Тяньжин, Улаанбаатар хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарт боловсон хүчин бэлтгэх, хотуудад харилцан соёлын төвийг байгуулах, төлөөлөгчийн газар нээх хот хоорондын нислэгийг эхлүүлэх, Улаанбаатар хотод хүлэмжийн аж ахуйг цогцлоон хөгжүүлэх боломж байгаа талаар хүсэлтээ тавив. Айлчлалаар яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгохын төлөө бүх талаар дэмжин ажиллахын зэрэгцээ энэхүү айлчлал нь Улаанбаатар, Тяньжины хамтын ажиллагаанд шинэ зам гаргалаа хэмээн үзэж буйгаа Ерөнхий сайд хэлжээ.

Анхны хурдны зам ашиглалтад орлоо

2019.07.05. Монгол Улс. Улаанбаатар хот. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлсэн “Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам” төсөл хэрэгжиж дууслаа. Төслийн хүрээнд Яармагийн товчоо-Айцын даваа-Түргэний гол-Бөхөгийн хөтөл-Хөшигийн хөндий чиглэлийн 32.3 км урт, 31 метр өргөн, хоёр урсгал бүхий зургаан эгнээ зорчих хэсэгтэй хатуу хучилттай хурдны замыг ашиглалтад хүлээлгэн өглөө. Олон улсын стандартын шаардлага хангасан замын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон албаны бусад хүн оролцов. Улаанбаатар хотыг Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудалтай холбосон хурдны замтай болсноор иргэд тав тухтай, түргэн шуурхай зорчих боломж бүрдэхийн зэрэгцээ аялал жуулчлал хөгжихөд ч чухал хувь нэмэртэйг Ерөнхий сайд хэлэв. Мөн Монгол Улс, БНХАУ-ын найрсаг хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөх, түгжрэлийг бууруулах, аймгийн төвүүдийг нийслэл хоттой холбох томоохон ажил хийж байгааг тэмдэглэв. Тэрээр төслийг амжилттай хэрэгжүүлсэн төрийн байгууллага, дотоод, гадаадын аж ахуйн нэгж, хүмүүст талархал илэрхийллээ. Хурдны зам тавих төсөл БНХАУ, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагаанд томоохон байр суурь эзэлнэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа Элчин сайд Шин Хаймин хэллээ. Цаашид ч эдийн засаг, нийгмийн хөгжилд дэмжлэг болохуйц олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгийг тодотгов. Хурдны замын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Тэйсэжү Сивил Инженеринг Групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын “Бадрах ойл”, “Эрдэнэ зам”, “Арж капитал” компани ажилласан байна. БНХАУ-ын “Гуанжоу Ванан Констракшн Супервишн”  болон “Эс Ар Пи” компани зөвлөхөөр ажиллажээ. Дашрамд дурдахад, Зам барилгын ажил гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй /EPC/ гэрээг БНХАУ-ын “Чайна Тэйсэжү Сивил Инженеринг Групп” ХХК 2015 оны есдүгээр сарын 18-нд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамтай байгуулсан байна. Ингээд 2016 оны зургаадугаар сарын 6-ны өдөр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байжээ.Туслан гүйцэтгэгчээр “Бадрах Ойл” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Ард капитал” ХХК ажилласан байна. Хурдны замын ажлын нийт өртөг нь 140.3 сая ам.доллар болжээ. 32.2 км үргэлжлэх хурдны авто зам нь асфальтбетон хучилттай, зорчих хэсгийн өргөн 31 метр, 2 урсгал 6 эгнээтэй. Нийт зургаан гүүр, 20 нүхэн гарц, 28 ширхэг дугуй хоолой, автобусны зогсоолгүй. Эргэх, тойрох орц, гарцгүй. Аваарын 10 гарц, үер усны 49 хоолойтой. Гялбаанаас хамгаалсан хаалттай. Хурд хэмжигч болон камерууд суурилуулсан олон улсын стандартад нийцсэн зам юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дэд дарга Ван Чишань-ийн Монгол Улсад хийж буй айлчлал эхэллээ

2019.07.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дэд дарга Ван Чишань-ийн Монгол Улсад хийж буй айлчлал эхэллээ. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон албаны бусад хүмүүс БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань-ийг “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтав.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Дэд даргыг хүлээн авч уулзав

2019.07.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсад айлчлан ирсэн БНХАУ-ын Дэд дарга Ван Чишанийг Төрийн ордонд угтан авав. Уулзалтын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болж буй энэ удаагийн айлчлалд нь амжилт хүсч, ноён Ван Чишанийг Монгол Улсад тавтай морилохыг урив. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд хоёр улсын харилцаа олон сорилт шалгууртай тулгарч, хамтын хүчин чармайлтаар тэдгээрийг даван туулж өнөөгийн Иж бүрэн стратегийн түншлэлд хүрснийг талууд санал нэгтэй тэмдэглээд, цаашид хамтын хүчин зүтгэлээр стратегийн түншлэлээ шинэ агуулгаар баяжуулан тогтвортой хөгжүүлэхийн төлөө байгаагаа харилцан илэрхийлэв. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хоёр талын хооронд өндөр, дээд түвшний харилцан айлчлал хэрэгжиж, хамтын ажиллагааны бүхий л салбарыг хамарсан олон чухал арга хэмжээ хэрэгжиж байгааг талууд онцлон тэмдэглэв. БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань хариу хэлсэн үгэндээ, Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмний сонгосон хөгжлийн замыг БНХАУ ямагт хүндэтгэж ирснийг тэмдэглэхийн хамт, харилцан ашигтай, хамтдаа хожсон хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн болон орон нутгийн харилцааны салбарт хэрэгжүүлэхийг хүсч байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, энэ өдрүүдэд Монголын Үндэсний их баяр наадам тохиож буйг дурдаад, БНХАУ-ын Дэд дарга Ван Чишанийг улс түмнүүдийн түүх, соёлыг сонирхон судалдаг хүний хувьд Монголын ард түмний түүх, соёл, ёс заншил, үнэт зүйлсийг шингээсэн давтагдашгүй өвөрмөц баяр ёслолыг үзэж сонирхохыг хүсэв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань нар уулзалтын дараа:

  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот хоорондын гэрээ
  • Дорноговь аймгийн Сайншанд болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын Дархан мянгад холбоод хошуу хоорондын гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцов.

Энэ үеэр БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал чиглэлийн хурдны авто замыг ашиглалтад оруулах, Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх ёслолын самбарын хөшиг нээх ёслол болов. БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань дагалдан яваа төлөөлөгчдийн хамт Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа, Үндэсний Түүхийн музей үзэж сонирхох юм гэжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруй бараалхав

2020.02.20. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруй бараалхсан бөгөөд энэ үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын мэндчилгээг уламжилж, хоёр талын хамтын ажиллагаа болон цаг үеийн асуудлаар санал солилцов. Монголыг сайн мэддэг, олон жил манай улсад ажилласан, туршлагатай хүн Элчин сайдаар томилогдон ирсэнд таатай байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв. Элчин сайд Чай Вэньруй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпиний 2014 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалаар манай хоёр улс “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаатай болж, өдгөө харилцааг шинэ агуулгаар баяжуулан, гүнзгийрүүлэх бодлогыг БНХАУ-ын төр засаг баримталж буйг дурдаад, Элчин сайдаар ажиллах хугацаандаа энэхүү зарчмыг баримтлан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өөрийн бүхий л мэдлэг чадварыг дайчлан ажиллах болно гэв. Тэрээр БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээг өнгөрсөн онд тэмдэглэн өнгөрүүлсэн нь иргэд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг тэмдэглэв. Цаашид харилцан ашигтай, харилцан хүртээмжтэй байх зарчмаар хоёр орны уул уурхай, дэд бүтэц, банк санхүү, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхүү анхаарна хэмээн Элчин сайд онцлов. Мөн Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг аль болох эрт ажил хэрэг болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Сүүлийн жилүүдэд БНХАУ Монгол Улсын сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй, амжилттай хөгжиж ирснийг тэрбээр тэмдэглээд БНХАУ үүнд сэтгэл хангалуун байгааг дуулгав. БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байдгийг тэмдэглэв. БНХАУ-д дэгдээд байгаа шинэ коронавирусын халдвараас болж олон хүний амь нас эрсдсэнд эмгэнэл илэрхийлж, энэхүү сорилт бэрхшээлийг Хятадын ард түмэн амжилттай даван туулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор манай талаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг ойлгож хүлээж авна гэдэгт итгэж байна гэв. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэгчлэн Монгол Улсын Засгийн газраас  БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хүмүүнлэгийн аяныг эхлүүлснийг дурдаад энэхүү хүнд нөхцөл байдлыг даван туулахад хөршөө дэмжиж, хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлэв. Элчин сайд хэлэхдээ “БНХАУ-ын дарга Ши Жиньпин биечлэн удирдаж, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Ажлын хэсгийг ахалж коронавирусийн халдвар, тархалттай тэмцэж байна. Халдварыг хязгаарлах, гадагшаа тархаахгүй байхад онцгой анхаарч, арга хэмжээ авч байгаа нь үр дүнд хүрч, сүүлийн өдрүүдэд халдвар авсан хүний тоо эрс буурч, эдгэрсэн хүний тоо улам нэмэгдэж, нас барсан хүний тоо буурч байгаа нь бидний авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнтэй байгааг нотолж байна” гэлээ. Монгол Улсад нэг ч тохиолдол  бүү гараасай гэж Хятадын ард түмэн хүсч байна гэдгээ ноён Элчин сайд Чай Вэньрүй илэрхийлсэн. Мөн тэрбээр “Монгол Улсын зүгээс биднийг зовох цагт Монголын ард түмэн гар сунган, сэтгэл харамгүй тусалж буйд Засгийн газар болон ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархлаа илэрхийлж, Хятадын ард түмэн хүний ач тусыг мэддэг, ачийг хариулдаг ард түмэн гэв. Ноцтой цаг үед нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс авч хэрэгжүүлсэн хорио цээрийн дэглэм нь эдийн засаг, ачаа тээвэр, бизнесийн хамтын ажиллагаанд бэрхшээл, саад учруулж буй хэдий ч удахгүй хэвийн байдалд орно гэдэгт найдаж буйгаа Элчин сайд Чай Вэньруй тэмдэглэв.

 Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И бараалхав

2020.09.16. Монгол Улс. Улаанбаатар хот. Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Монгол Улсад албан айлчлал хийж байгаа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхаж, Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов. Монгол Улс, БНХАУ-ын хоорондын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, бүхий л салбарын хамтын ажиллагааг урагшлуулах, эдийн засгийн томоохон төслүүдийг идэвхжүүлэхээр тогтов гэжээ.

Хятадын ардын банктай байгуулсан своп хэлцэл

2021.05.26. Монгол Улс. Улаанбаатар хот. 2009 оны дэлхийн нийтийг хамарсан хямралын үед валютын нөөцийг нэмэгдүүлэх үүднээс хөрш орнуудтай мөнгөн тэмдэгтийн солилцоо хийх арга хэмжээ авч эхэлсэн билээ. Тэр үеийн Монголбанкны дэд Ерөнхийлөгч Д.Энхжаргал: Монголбанк валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор гадаадын төв банкуудтай мөнгөн тэмдэгтийн солилцоо буюу своп гүйлгээ хийхээр болоод байна. Хятадын ардын банктай 700 саяас 1.4 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний 5-10 тэрбум юанийг гурван жилийн хугацаанд монгол төгрөгөөр солих ажлыг эхлүүлэхээр болсон. Үүний сацуу манай арилжааны банкууд хятадын дөрвөн банкинд юанийн харилцах данстай юм байна. Өнөөдөр манай арилжааны банкуудад 750 сая ам.доллартай тэнцэх хэмжээний юанийн нөөц байгаа гэсэн. Энэхүү юанийг хятад руу шилжүүлж доллар болгох ажлыг эхлүүлээд байна гэж мэдэгдэж байсан юм. Энэ хүрээнд Монголбанк 2011.05.06-ны өдөр БНХАУ-ын Ардын банктай төгрөг, юань солилцох гурван жилийн хугацаатай своп хэлцэл албан ёсоор байгуулсан юм. Анхны гэрээгээр Хятадын төвбанкнаас 5 тэрбум юань авч, оронд нь түүнтэй тэнцэх 1 их наяд төгрөг нийлүүлэхээр тохиролцсон байдаг. 2012.03.20-ны өдөр энэ гэрээнд өөрчлөлт оруулж, хугацааг хэвээр үлдээсэн ч, солилцох үндэсний валютын хэмжээг нэмэгдүүлсэн юм. Тодруулбал, Хятадын ардын банкнаас авах юанийн хэмжээг 10 тэрбумд хүргэж, төв банкнаас нийлүүлэх төгрөгийг 2 их наяд төгрөгт хүргэсэн билээ. Ийм нөхцөл бүхий своп хэлцлийн хугацаа дуусгавар болсонтой холбоотойгоор 2014.05.14-ний өдөр Монголбанк болон Хятадын ардын банк хооронд байгуулсан своп хэлцлийг сунгасан байдаг. Тэгвэл БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад хэдэн жилийн өмнө айлчлах үеэрэ Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Хятадын ардын банкны ерөнхийлөгч Жоу Шиао Чуан нар Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн хэмжээг 10 тэрбум юаниас 15 тэрбум юаньд хүргэж, шинээр гэрээнд гарын үсэг зурсан юм. Ингэснээр 2011.05.06-ны өдөр үзэглэж, 2014.05.21-ний өдөр сунгасан өмнөх гэрээ хүчингүй болсон юм. Шинэ гэрээ үзэглэсэн өдрөөсөө буюу 2014.08.21-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн байдаг. Гурван жилийн хугацаатай энэ гэрээний талаар тэр үеийн Монголбанкны Ерөнхийлөгч Н. Золжаргал: Шаардлагатай үед юанийг төгрөгөөр сольж авах бололцоог нээж өглөө. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдвэл заавал зарцуулах шаардлагагүй. Хүндрэлтэй үед үүнийг хэрэглэнэ гэсэн тайлбар өгсөн юм. Тэгвэл хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Монголбанк, Хятадын Ардын Банкны хооронд байгуулсан 15 тэрбум юань буюу 6 их наяд төгрөгийн үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээг 2020.07.31-ний өдөр шинэчлэн байгуулж, своп хэлцлийг дахин 3 жилийн хугацаатайгаар сунгасан байна. Дэлхийн банк хоорондын санхүүгийн цахилгаан холбооны (SWIFT) нийгэмлэгээс гаргасан судалгаагаар БНХАУ-ын үндэсний мөнгөн тэмдэгт юань нь дэлхийн идэвхтэй арилжаалагддаг валютуудын долоодугаарт эрэмбэлэгдсэн байдаг. Худалдааны санхүүжилтийн хувьд долларын дараа ашиглагддаг гол валютад тооцогджээ. БНХАУ манай улстай хиллэдэг учраас худалдааны гол түнш орон. Тэр ч утгаараа, тус улсын үндэсний мөнгөн тэмдэгтийг манай улс гадаад худалдаандаа түлхүү ашигладаг байна. Тухайлбал, манай улсын Хятад руу экспортолдог бараа бүтээгдэхүүн импортоор авч байгаагаас гурав дахин их байдаг судалгаа бий. Тэр хэрээр Монгол руу орж ирэх юанийн урсгал гадагшлах урсгалаас хэд дахин их байдаг байна. Энд нэг жишээ дурдахад, 2010 оны эхний хагас жилд манай улс руу 566 сая ам.доллартай тэнцэх хэмжээний юань орж ирсний 266 сая нь гадагшаа гарч, дотоодын зах зээлд 300 сая ам.доллартай тэнцэх хэмжээний юанийн илүүдэл гарч байжээ. Тиймээс манай улсын хувьд юань нь долларын дараа орох хоёр дахь гол валютад тооцогддог байна. Тэр ч утгаараа Хятадын Ардын банктай төгрөг юань солилцох своп хэлцэл хийж, олон удаа хугацааг нь сунгахаас гадна, үнийн дүнг нь өсгөж, зарим тохиолдолд гэрээг шинэчилж иржээ. Үүнээс гадна, төвбанк дотоодын арилжааны банкуудтай своп болон форвард хэлцэл 2011 оноос хийж эхэлсэн байдаг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй утсаар ярив

2021.07.16. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй утсаар ярив. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон болон Үндэсний их баяр-Наадмыг тохиолдуулан дахин баяр хүргэсэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХКН-ын 100 жилийн ойн баярыг тохиолдуулан ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпинд дахин баяр хүргэж, БНХАУ-д хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөв. Монгол, Хятадын төрийн тэргүүн нар хоёр улсын харилцааны болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа нотлов. Хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалахын чухлыг тэмдэглэв. Хоёр улсын хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийг уялдуулан хэрэгжүүлэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод ойрын жилүүдэд хүрэхийн төлөө илүү идэвхтэй хамтран ажиллах,  цар тахлын нөхцөл байдалд хилийн бүс нутаг дахь халдвар, хамгааллын арга хэмжээг улам бүр сайжруулсны үндсэн дээр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг аль болох хэвийн явуулахыг дэмжиж, холбогдох үүрэг, чиглэлийг хоёр улсын байгууллагуудад өгч ажиллахаа төрийн тэргүүн нар илэрхийлэв. Уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй зэрэг салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлж, ард иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулахын чухлыг төрийн тэргүүн нар тэмдэглэв. Монголын талаас дэвшүүлж буй хамтын ажиллагааны төсөл, санаачилгыг дэмжиж, Монгол Улсаас бараа бүтээгдэхүүнийг илүү ихээр импортлоход хятадын тал бэлэн буйг БНХАУ-ын дарга илэрхийлэв. Байгаль орчны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь бүс нутгийн орнуудын эрх ашигт нийцэхийг төрийн тэргүүн нар тэмдэглэж, цөлжилт, шороон шуургатай тэмцэх төслийг хамтран хэрэгжүүлэхийг дэмжихээ илэрхийлэв. Хоёр улсын бүс нутаг, олон талт механизмуудын хүрээн дэх ойр дотно хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Төрийн тэргүүн нар цаашид ажил төрлийн ойр хэлхээ холбоотой байж, цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараагаар биечлэн уулзахаар тохиролцов гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Боаогийн чуулга уулзалтад цахимаар оролцов

2022.04.21. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Хайнань мужийн Боао хотноо эхэлсэн “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-д цахимаар оролцлоо. Энэ удаагийн чуулга уулзалт “Ковид-19 цар тахлын үеийн болон түүний дараах дэлхий: Хамтын ирээдүй, дэлхий нийтийн хөгжлийн төлөө хамтдаа зүтгэе” сэдвийн дор болж байна. Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт” нь бүс нутгийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах зорилтод талуудын хамтын ажиллагаа, хүч чармайлтыг нэгтгэсэн яриа хэлцээний чухал индэр болж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ тэмдэглэв. Цар тахлын дараах үе болон олон улсад үүсээд буй хүндрэлтэй нөхцөл байдлыг бодитой тооцон, эдийн засгийн сэргэлт, харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах ажлыг цаг алдалгүй хамтран хэрэгжүүлэх шаардлагатайг хэлэв. Монгол Улс БНХАУ-ын дэвшүүлсэн “Дэлхийн нийтийн хөгжлийн санаачилга” болон “Бүс ба зам” санаачилгыг сайшаан дэмжиж байгаагаа илэрхийлэв. Энэ нь дэлхийн улс орнуудын эрх тэгш байдал, тэнцвэртэй, тогтвортой хөгжлийг хангах, “НҮБ-ын 2030-Тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо. Мөн Ази тивийн улс орнууд цар тахлын хүнд үед ч дээд, өндөр түвшний харилцаагаа хадгалан, харилцан дэмжлэг үзүүлж, тулгарсан сорилт, бэрхшээлийг хамтдаа туулж чаддагийн бодит жишээ болж буйг тэмдэглэв. “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод уул уурхайн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, эрчим хүч, мэдээлэл технологи, аялал жуулчлал, тээвэр логистик зэрэг салбарыг тэргүүлэх чиглэл хэмээн тусгасныг дурдаж, дэд бүтэц, ногоон хөгжил, байгаль, экологийн доройтлыг сэргээх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан тээвэр, худалдаа, үйлчилгээний зангилаа “Транзит Монгол Улс” болох зорилтыг хэрэгжүүлж, бүс нутаг дахь дэд бүтцийн холболт, эдийн засгийн интеграцчлалыг нэмэгдүүлэх, Ази тивийг Европ болон дэлхий дахинтай холбосон эдийн засгийн коридоруудыг хөгжүүлэх чиглэлд хувь нэмрээ оруулж, түнш орнууд, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахаа хэлэв.Чуулга уулзалтад оролцож байгаа дэлхийн улс орнуудын төр, засаг, олон улсын байгууллагын тэргүүн нар бүс нутгийн интеграцчиллыг гүнзгийрүүлэх, дэлхийн эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, ногоон хөгжил зэрэг сэдвийг хэлэлцэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав

2022.06.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлж, захидал ирүүлснийг Элчин сайд уламжлав. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол, Хятадын найрсаг харилцааг хөгжүүлэх асуудлыг чухалчлан үздэгээ онцолж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх айлчлалыг тэргүүн ээлжинд хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа хятадын тал дахин нотлов. Цар тахлын үед ч найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт гүнзгийрэн хөгжиж, улс төрийн харилцан итгэлцэл бэхжин, хүмүүнлэгийн харилцаа тэлж, хоёр ард түмний нөхөрлөл нягтран, олон улс болон бүс нутгийн асуудлаарх хамтын ажиллагаа өргөжиж буйг Элчин сайд Цай Вэньруй онцлов. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь дэлхийн байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг БНХАУ-ын зүгээс өндөр үнэлж байгаагаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэндчилгээ ирүүлсэнд талархал илэрхийлж, хариу захидлыг Элчин сайдад гардуулав. Монгол Улс гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэлийн хүрээнд БНХАУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Мөн цар тахлын хүнд хэцүү үед БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад 31 сая юанийн өртөг бүхий эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлсэн нь цар тахлыг даван туулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг онцолж, талархал илэрхийлэв. Олон улсын нөхцөл байдал тогтворгүй, цар тахал намжаагүй хэдий ч эдийн засаг, тээвэр ложистикийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг сэргээн эрчимжүүлэх талаар харилцан санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга бараалхав

2022.09.12. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо /БХАТИХ/-ны дарга Ли Жаньшу бараалхав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа цар тахлын үед ч амжилттай хөгжиж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж хадгалагдаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Байнгын хорооны даргын айлчлал Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, тэр дундаа хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, шинэ агуулгаар баяжуулахад чухал хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв. Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпинд мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүсэв. БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд уламжлав. Тэрбээр хоёр орны төрийн тэргүүний өмнө нь харилцан тохиролцсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгох, хууль тогтоох дээд байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлж, харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор айлчилж байгаагаа тэмдэглэв. Цар тахал, олон улсын нөхцөл байдал амаргүй энэ цаг үеийг хамтын хүчээр даван туулах нь чухал гэж үздэгээ илэрхийлэв. Уулзалтын үеэр олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудал болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, тээвэр ложистик, боомт, эрчим хүч, байгаль орчин зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин-тэй уулзав

2022.09.14. Узбекистан улс. Самарканд хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны хүрээнд ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин-ийг хүлээн авч уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ оны эхээр Жан Мин ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсонд баяр хүргэж, цаашид  ШХАБ-тай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа нотлов. Хоёр талын уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд 2004 онд ШХАБ-ын ажиглагч орон болсноос хойш тус байгууллагын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын болон бусад уулзалт, арга хэмжээнд тогтмол оролцож, хамтын ажиллагааг оновчтой хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж ирсэн гэдгийг хэллээ. Цаашид ч Монгол Улс ажиглагч орны хувиар тус байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх, ялангуяа бүс нутгийн дэд бүтэц, эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Монгол Улс нь ОХУ, БНХАУ гэсэн хоёр том улстай хиллэдэг, мөн Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан худалдаа, тээвэр ложистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал, үйлчилгээний зангилаа болсон Транзит Монгол болох зорилтыг тавьж буйг танилцууллаа. Энэ хүрээнд цаашид Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгасан төмөр замын төв коридорыг шинэчлэх, зүүн болон баруун коридор шинээр барих, мөн гурван улсыг холбосон хурдны автозам, хийн хоолой барих зэрэг эдийн засгийн үр ашигтай, стратегийн бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулах сонирхолтой байгаагаа онцлон тэмдэглэв. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ши Жиньпинтэй уулзлаа

2022.09.15. Үзбекистан улс. Самарканд хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын дарга Ши Жиньпинтэй уулзав. Хоёр орны Төрийн тэргүүн нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаанд үнэлэлт өгч, цаашдын төлөв болон олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-тай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг онцолж, хоёр улсын хамтын ажиллагааг тус тусын хөгжлийн бодлого, зорилтуудтай уялдуулан хөгжүүлэхийн ач холбогдлыг онцлов. Түүнчлэн цар тахлын хүнд цаг үед БНХАУ-ын Засгийн газар, ард түмнээс Монголын ард түмэнд вакцин, эмнэлгийн тоног төхөөрөмж, эд материалыг шуурхай нийлүүлж, дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус улсын хөрш орнуудтайгаа хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд Монгол Улс чухал байр суурь эзэлдгийг онцолж, цаашид хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлж, шат ахиулахын төлөө байгаагаа хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөтөлбөрийг хятадын тал дэмжиж, байгаль орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байгааг мэдэгдлээ.Түүнчлэн Бүс ба Зам санаачилга, Талын зам хөтөлбөрийг харилцан уялдуулж, Монгол, Хятад, Оросын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн бүтээн байгуулалтыг урагшлуулахын төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Уулзалтын үеэр талууд цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Боаогийн чуулга уулзалтад оролцлоо

2022.11.28. БНХАУ. БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Азийн Давос гэж нэрлэгддэг Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтын нээлтэд оролцон үг хэлэв. Тэрбээр Монгол Улс Азийн орнуудын эдийн засгийн асуудлаарх мэдээлэл солилцоо, харилцан уялдаатай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой энэ уулзалтыг санаачлагч орны нэг бөгөөд төр, засгийн удирдлагын түвшинд олон удаа оролцож байгааг дурдав. Боаогийн чуулга уулзалт бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тулгамдаж байгаа асуудлуудаа шийдвэрлэх боломжийг хамтран эрэлхийлэх чухал суваг гэж үздэгийг онцоллоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын бүс нутгийн улс төр, эдийн засгийн олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох бодлогыг нотолж, Азийн орнууд илүү нээлттэй, хүртээмжтэй байдлаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэхийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын эдийн засгийн өсөлт сэргэн, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин сайжирч байгааг онцолж, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбараа хөгжүүлэн эдийн засгаа төрөлжүүлэхийг зорьж байгааг тэмдэглэв. БНХАУ-ын Бүс ба Зам санаачилга нь бүс нутаг, дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн хөгжлийг түргэтгэхэд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой гэж үздэгээ илэрхийллээ. Монгол Улс өөрийн Хөгжлийн зам хөтөлбөрийг энэ санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэхээр идэвхтэй ажиллаж байна гэв. Боаогийн энэ удаагийн чуулга уулзалт Илүү хөгжин цэцэглэсэн дэлхийн төлөөх нээлттэй, инновацийг хөгжүүлэгч Ази тив сэдвийн дор болж байна. Чуулга уулзалтад улс төрчид, тэр дундаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Австри, Филиппин, Нидерланд, Пакистан, Сингапур зэрэг улсын төр, засгийн удирдлага, Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирал Кристин Лагард нарын өндөр албан тушаалтан болон олон орны хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, эрдэмтэн судлаач оролцож байна. БНХАУ эдийн засгийн энэ чуулга уулзалтыг Хайнань арлын Боао хотноо 2001 оноос хойш жил бүр зохион байгуулж байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Боаогийн чуулга уулзалтад хэлсэн үгний эшлэлүүд:

  • БНХАУ-ын Бүс ба Зам санаачилга нь дэд бүтэц, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн хамтын ажиллагаа, иргэд хоорондын солилцоог эрчимжүүлэх замаар бүс нутаг, дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн хөгжлийг түргэтгэхэд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. Монгол Улс энэ санаачилгыг анхнаас нь дэмжиж, өөрийн улсын Хөгжлийн зам хөтөлбөрийг уялдуулан хэрэгжүүлж байна.
  • БНХАУ хөгжлийнхөө үр өгөөжийг хөрш зэргэлдээ орнуудтайгаа хуваалцан, хамтдаа хөгжих бодлого хэрэгжүүлж байгааг Монгол Улс өндөр үнэлдэг. Энэ бодлого, чиглэл нь бидний Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлж, шинэ агуулгаар баяжуулахад чухал түлхэц өгнө гэдэгт итгэж байна.
  • Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хүрээнд 32 төсөл хэрэгжүүлнэ. Гурван тал нэн тэргүүнд төмөр замыг шинэчлэх, хурдны авто зам, цахилгаан дамжуулах шугам байгуулах төслийг ойрын үед хэрэгжүүлэхээр ярилцаж байна.
  • Азийн орнууд эдийн засгийн тогтвортой өсөлтөө цаашид хангах үүднээс эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж, инновацид тулгуурлах замаар өсөлтийн шинэ хөдөлгөгч хүч бий болгох шаардлагатай тулгарч байна.
  • Манай улс инновацийн чиглэлээр бусад улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн төлөө байна. Энэ айлчлалын үеэр байгуулсан Үйлдвэрлэлийн чадавхи, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр үйлдвэрлэлд инноваци ашиглах, дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд түлхэц болно гэдэгт итгэж байна.
  • Манай Засгийн газар хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулж, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах болно. Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгаа төрөлжүүлж хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхийг зорьж байна.
  • Зарим бүс нутаг, томоохон орон өөрийн зах зээлээ хамгаалах бодлого барих хандлагатай байна. Иймээс Азийн орнууд худалдаа, эдийн засгаа илүү нээлттэй, хүртээмжтэй хөгжүүлэхээ тодорхой илэрхийлж, эрчимтэй ажиллах шаардлагатай байна.
  • АПЕК, Зүүн Азийн дээд түвшний уулзалт зэрэг механизм болон байгуулахыг зорьж байгаа Номхон далай дамнасан түншлэл, Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр, Ази-Номхон далайн чөлөөт худалдааны бүс зэрэг нь бүс нутгийн голлох эдийн засгийг хамарч, хөгжиж байгаа жижиг эдийн засагтай орнууд хамрагдах боломж хязгаарлагдмал байгааг өөрчлөх хэрэгтэй байна. 
  • Монгол Улс эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, бүс нутгийн улс төр, эдийн засгийн үйл явцад идэвхтэй оролцох бодлогоо үргэлжлүүлнэ. Энэ чиглэлээр хөрш болон бүс нутгийн орнуудтай өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байна гэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхав

2018.04.11. БНХАУ. Хайнан. БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 4 дүгээр сарын 10-ны өдөр БНХАУ-ын Хайнань мужийн Боао хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын даргаар дахин сонгогдсонд нь Ши Жиньпинд баяр хүргэв. БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг нотолж, Монгол Улсын Засгийн газар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулан, гүнзгийрүүлэх бодлогыг баримталж буйг тэмдэглэв. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг тууштай хүндэтгэж ирснийг нотолж, хөрш орнуудтайгаа чин сэтгэлээсээ, элэгсэг дотно харилцах, хөгжлийн үр ашгийг хуваалцах бодлогын хүрээнд Хятад, Монголын харилцааны хөгжилд өндөр ач холбогдол өгч ирснийг онцлон тэмдэглэв. Талууд бие биеийн язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэх үндсэн дээр улс төрийн итгэлцлийг улам бүр бэхжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалахын төлөө байгаагаа  илэрхийлэв. Ирэх онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг өргөн хүрээнд хамтран тэмдэглэхээр санал нэгдэв. Талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх өргөн боломж буйг тэмдэглэж, худалдааны эргэлтийг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтодхүрэх үүднээс хамтын ажиллагааны механизмуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, Монгол-Хятадын Экспо зэрэг үзэсгэлэн худалдааны сувгийг үр дүнтэй ашиглах, худалдаанд тулгарч буй тарифын бус саад тотгорыг бууруулах, ХАА, аялал жуулчлал, үйлдвэрлэлийн  чадавхийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Хятадын талын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төслүүдийн явцыг түргэтгэхээр тохиролцов. Цаашид эрчим хүчний хамтын ажиллагаа хөгжүүлэх тухай баримт бичиг байгуулах, Төмөр замаар дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах чиглэлээр ажиллахаа хятадын тал илэрхийлэв. Хятадын Бүс ба Зам санаачилга нь хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шинэ боломжийг нээж буйг санал нэгтэй тэмдэглэж, Монгол Улсын Хөгжлийн зам хөтөлбөрийг уг санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх ажиллагааг идэвхжүүлэхээр тогтов. Соёл, боловсролын хамтын ажиллагаа, иргэд хоорондын солилцоог идэвхжүүлэх нь хоёр улсын хамтын ажиллагааны чухал чиглэл болохыг тэмдэглэж, Монгол-Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн хүрээнд тохиролцсон арга хэмжээг идэвхтэй хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Уулзалтын үеэр талууд бүс нутгийн хамтын ажиллагаа, Монгол-Орос-Хятадын гурван талын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Солонгосын хойгийн нөхцөл байдалд нааштай өөрчлөлт ажиглагдаж, бүс нутгийн орнуудын хооронд дээд түвшний яриа хэлэлцээ идэвхжиж буйд талууд баяртай байгаагаа тэмдэглэж, бүс нутгийн байдлыг тогтворжуулах чиглэлд гаргаж буй хүч чармайлт, санаачилгыг харилцан дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Талууд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Хятадын Чиндао хотод болох тус байгууллагын дээд түвшний уулзалтад оролцох, уг арга хэмжээний үеэр Монгол, Орос, Хятад гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулах асуудлаар цаашид хамтран ажиллахаар тохиров. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол, Хятадын бизнес форумд оролцов

2018.04.11. БНХАУБээжин хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд хоёр орны бизнес эрхлэгчдийн форум болж, хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурлаа. Форумын нээлтэд Ерөнхий сайд оролцон үг хэллээ. Тэрээр хоёр улс эдийн засгийн харилцаагаа улам гүнзгийрүүлэх нөөц боломж байгааг тэмдэглэв. БНХАУ-тай хийж байгаа худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх, экспортын барааны нэр төрлийг олшруулах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн гаралтай, органик хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийг зорьж байгааг хэллээ. Цаашид зөвхөн уул уурхайн гэлтгүй бусад салбарт хөрөнгө оруулалт, байгаль орчинд ээлтэй, эрчим хүч хэмнэх дэвшилтэт технологи, инноваци нутагшуулахыг зорьж байгааг тэмдэглэв. Хоёр улсын бизнес эрхлэгчид төр, засгийн бодлогыг дэмжиж, хөгжлийн хэтийн төлөв, ард иргэдийн найрсаг харилцааны эрх ашгийг харгалзан өргөн хүрээнд, харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа. Хятадын олон улсын худалдааг дэмжих хорооны дарга Жян Зөнвэй хэлсэн үгэндээ Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ёстой. Монгол Улсад үйлдвэржилтийн эрэлт хэрэгцээ их байгаа. Манай улс энэ чиглэлд туршлагатай бөгөөд хамтран ажиллах боломжтой гэлээ. Монгол Улс гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад ижил тэгш боломж олгож байгаа. Өөрөөр хэлбэл ямарваа нэг байдлаар ялгаварлахгүй. Татварын бодлогоор ч дэмжинэ гэж Гадаад харилцааны сайд онцолжээ. Энэ удаагийн форумд хоёр улсын 600 гаруй бизнес эрхлэгч оролцож байгаа бөгөөд хүнс, хөдөө аж ахуй, хил орчмын эдийн засгийн хамтын ажиллагаа, уул уурхай, хүнд үйлдвэр, дэд бүтэц, барилгын салбарын хамтын ажиллагаа сэдвээр харилцан саналаа солилцож байна.

Монгол, Хятадын бизнес эрхлэгчид 4.6 тэрбум ам.долларын гэрээ, хэлцэл байгууллаа

2018.04.11. БНХАУ. Бээжин хот… БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болсон Монгол, Хятадын бизнес форумын үеэр хоёр улсын бизнес эрхлэгчид 4.6 тэрбум ам.долларын санхүүжилт бүхий 36 гэрээ, хэлцэл байгуулжээ. Хоёр орны аж ахуйн нэгжүүд байгаль орчин, уул уурхай, усан хангамж, гэр хорооллын дахин төлөвлөлт, худалдаа, зочид буудал, барилга, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, төмөр зам, эрчим хүч, банк, санхүү, аялал жуулчлал зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм. 2017 оны эцсийн байдлаар хоёр орны гадаад худалдааны хэмжээ 6.7 тэрбум долларт хүрээд байна. Энэ нь 2016 оноос 36 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд Монгол Улсын нийт гадаад худалдааны  63 хувийг эзэлж байна. Хоёр улс 2020 он гэхэд гадаад худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хамтран дэвшүүлээд байгаа юм гэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа

2018.08.25. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Иг Их тэнгэр дэхь төрийн ёслоын цогцолборт хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдын урилгаар манай оронд айлчилж буйд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ноён Ван Ид талархал илэрхийлээд манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн түншлэлийн хүрээнд төрийн өндөр дээд хэмжээний айлчлалын давтамж тогтмолжиж байгаад сэтгэл хангалуун байна гэв. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И цаг гарган хүлээн авч уулзаж буйд Ерөнхий сайдад талархал илэрхийлж, айлчлалын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх томоохон зорилгоо биелүүлж, түүний зэрэгцээ Монгол орны уудам тал нутгийн баруун хязгаарт очсон болон өнөөдөр Богд уулын дархан цаазат газрын үзэсгэлэнт байгалиар аялахаар төлөвлөж буйгаа дуулгав. Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нар Бүгд Найрамдах Хятад ард улсаас Монгол улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөлийн нээлтийн ёслолын ажиллагаанд оролцож, тууз хайчиллаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Өнгөрсөн хавар БНХАУ-ын дарга Си Жинпиний урилгаар Хятад Улсад айлчлах үеэр яригдсан манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай яриа хэлэлцээр бодит биеллээ олж байгаад баяртай байна. Тэр үед олон улсын стандартад нийцсэн цэвэрлэх байгууламж барих талаар харилцан тохиролцож байсан маань өнөөдөр ажил хэрэг болж байна. Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөрт хүн амаа цэвэр усаар хангаж, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангаж, агаар, орчны бохирдлыг аррилгаж, хотын дэд бүтцийг өргөжүүлэх тухай тусгасан байгаа. Үүний нэг нь төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байгуулах явдал байсан юм. Энэ төсөл хэрэгжснээр агаар орчны бохирдол буурч 1,5 сая иргэн аюулгүй орчинд амьдрахад чухал хувь нэмэр оруулах болно. Яг одооноос Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт эхэлж байгааг мэдэгдэж байна. Цаашид манай хоёр орны харилцаа өргөжин дэвжихийн ерөөл дэвшүүлье гэжээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И: Хүндэт Ерөнхий сайд болон бусад зочид та бид энэхүү чухал үйл явдлын гэрч болж, миний хувьд биечлэн оролцож, түүхэн бүтээн байгууулалтыг эхлүүлж байгаадаа баяртай байна. Манай хоёр орны харилцааны түүх эртнийх бөгөөд улам өргөжин тэлж, хөгжсөөр ирсэн. БНХАУ-ын Засгийн газраас Улаанбаатар хотноо барьж байгуулсан Энхтайваны гүүр өнөө ч үүргээ гүйцэтгэж байна. Одоо баригдах төв цэвэрлэх байгууламж мөн ийм болно гэдэгт би бат итгэлтэй байна. Бид энэ байгууламжийг төлөвлөсний дагуу барьж ашиглалтанд хүлээлгэж өгөх болно. Олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийн ололтийг шингээн байгуулж, Улаанбаатарын оршин суугчдын ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө чармайх болно. Үүгээр зогсохгүй хотын орчныг сайжруулж, дэд бүтцийг хөгжүүлэхэд ч гар бие оролцоно. Байгаль орчныг хамгаалж, ард, иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд бидний хийж чадах зүйлсийг хийх болно. Энэ нь манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх эрмэлзлэлийн нэг хэсэг юм гэжээ. .БНХАУ-аас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр  хэрэгжүүлэх Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөлийн өртөг нь 300 сая ам.доллар. Хоногт 250000 м/куб бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадал бүхий дэвшилтэт технологи ашигласан, байгаль орчинд ээлтэй. Ашиглалтад орсноор Улаанбаатар хотын агаар, хөрс, усны бохирдлоос сэргийлэхээс гадна,  гэр хорооллыг барилгажуулахад шаардлагатай дэд бүтцийн нэг хэсгийг шийдэж, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг эерэг үр дүн дагуулах юм. Тус цэвэрлэх байгууламж нь бохир усыг хүлээн авч хими, механик, биологи, нэмэлт цэвэрлэгээний дамжлагуудаар цэвэршүүлэн гаргах юм гэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд хатагтай Бу Шяолинийг хүлээн авч уулзав

2019.06.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тэргүүлэгч хатагтай Бу Шяолинийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ ӨМӨЗО бол Монгол Улс, БНХАУ-ын хооронд харилцаа хамтын ажиллагааны гүүр болж ирснийг онцлон тэмдэглээд үүгээр дамжин худалдаа, эдийн засаг, соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан, ард иргэд, хүүхэд залуучуудын гээд бүхий л салбарын харилцаа, солилцоо, хамтын ажиллагаа тогтмол идэвхитэй өрнөж байна гэв. Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд тасралтгүй өргөжин хөгжиж ирсэн. Монгол Хятадын худалдааны хэмжээ 2018 оны байдлаар 8,4 тэрбум ам.долларт хүрч Монгол Улсын нийт худалдааны 67,7 хувийг эзэлж байгаа бөгөөд 2020 онд 10 тэрбум ам. долларт хүргэх зорилтыг биелүүлэхийн тулд ӨМӨЗО-той худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, нягт хамтран ажиллах зорилтыг Монгол Улсын Засгийн газар  тавин ажиллаж буйг хэлэв. Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хамтын ажиллагаа бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж, хоёр талын өндөр дээд түвшний харилцан айлчлалуудын үеэр ярилцаж тохиролцсон чухал ажил арга хэмжээ хэрэгжиж байгааг талууд харилцан тэмдэглэв.  Монгол Улс , ӨМӨЗО хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хоёр талын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллаагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой Монгол- Өвөр Монголын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны форумыг тогтмол зохион байгуулж ирснийг өндрөөр үнэлж мөн Монгол-Хятадын экспо арга хэмжээг гуравдахь удаа Хөх хотноо зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна гэв. Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулалтын орчинг тогтворжуулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, тэдгээрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад анхаарч, тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. БНХАУ, ӨМӨЗО-оос хийх хөрөнгө оруулалтыг улам бүр нэмэгдүүлэх,  хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт илүү татах, дэвшилтэт технологи, инновацийг нутагшуулахыг зорьж байна. Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүний гол гарц болох Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганц мод боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар анхааралдаа авч, зарим боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хамтран хэрэгжүүлэх, 24 цагийн үйл ажиллагаатай,  олон улсын зэрэглэлтэй болгох талаар харилцан ойлголцолд хүрнэ гэдэгт итгэж буйгаа Ерөнхий сайд илэрхийлэв. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруй бараалхав

2020.02.20. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруй бараалхсан бөгөөд энэ үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын мэндчилгээг уламжилж, хоёр талын хамтын ажиллагаа болон цаг үеийн асуудлаар санал солилцов. Монголыг сайн мэддэг, олон жил манай улсад ажилласан, туршлагатай хүн Элчин сайдаар томилогдон ирсэнд таатай байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв. Элчин сайд Чай Вэньруй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпиний 2014 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалаар манай хоёр улс “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаатай болж, өдгөө харилцааг шинэ агуулгаар баяжуулан, гүнзгийрүүлэх бодлогыг БНХАУ-ын төр засаг баримталж буйг дурдаад, Элчин сайдаар ажиллах хугацаандаа энэхүү зарчмыг баримтлан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өөрийн бүхий л мэдлэг чадварыг дайчлан ажиллах болно гэв. Тэрээр БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээг өнгөрсөн онд тэмдэглэн өнгөрүүлсэн нь иргэд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг тэмдэглэв. Цаашид харилцан ашигтай, харилцан хүртээмжтэй байх зарчмаар хоёр орны уул уурхай, дэд бүтэц, банк санхүү, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхүү анхаарна хэмээн Элчин сайд онцлов. Мөн Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг аль болох эрт ажил хэрэг болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Сүүлийн жилүүдэд БНХАУ Монгол Улсын сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй, амжилттай хөгжиж ирснийг тэрбээр тэмдэглээд БНХАУ үүнд сэтгэл хангалуун байгааг дуулгав. БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байдгийг тэмдэглэв.

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаар ярилцав

2020.08.13.Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзав. УИХ-ын ээлжит сонгуульд ялалт байгуулж, шинэ парламент, Засгийн газар ажлаа эхэлсэнд БНХАУ-ын дарга Ши Жин Пин баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлснийг Элчин сайд Чай Вэньруй уламжилж амжилт хүсэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх гадаад бодлогын залгамж чанарыг хадгалж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Хятадын тал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч ирснийг Элчин сайд Чай Вэньруй нотлож, дээд, өндөр түвшний айлчлал, уулзалтын давтамжийг хадгалах, хамтын ажиллагааны механизмуудын ажлыг тогтмолжуулах нь чухал гэв. Талууд Ногоон гарц түр журам, томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт зэргийн талаар ярилцав гэжээ.

Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэв

2021.06.11. Энэ өдөр БНХАУ-ын дарга Ши Жинь Пин Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Ухнаагийн Хүрэлсүхэд баярын цахилгаан ирүүллээ. Тэрбээр баярын цахилгаандаа Монгол, Хятадын харилцаа эрчимтэй хөгжиж буйг онцолж, чин сэтгэлийн хамтын ажиллагаатай түншүүд болохыг дурдсан байна. Мөн тэрбээр Монгол-Хятадын харилцаанд өндөр ач холбогдол өгдөг, хоёр орны стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргах чиглэлд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ухнаагийн Хүрэлсүхтэй хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Ковид-19 цар тахал дэгдсэнээс хойш Монгол, Хятадын Засгийн газар халдварын эсрэг хамтран тэмцэж, нааштай үр дүнд хүрч чадсаныг БНХАУ-ын дарга онцолжээ. 

Сангийн сайд Б.Жавхлан БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд даргатай цахим уулзалт хийв

2022.02.07. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан, БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Нин Жыжөтэй уулзалт хийлээ. Уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогоын хүрээнд хоёр улсын хооронд хэрэгжүүлэх боломжтой дэд бүтцийн томоохон төслүүд, тухайлбал, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны автозам болон хос урсгалтай төмөр зам барих, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ боомтыг төмөр замаар холбох, Гашуунсухайт боомтоор одоо гарч буй нүүрс тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах зорилгоор тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх, Улаанбаатар хотыг тойрсон тойрог хурдны зам барих зэрэг Монголын талаас тэргүүлэх ач холбогдол өгч буй төслүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. БНХАУ-ын ХШХ-ны дэд дарга Нин Жыжө Монголын талаас дэвшүүлж буй төслүүд нь Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулах, Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааны хүрээ болон Бүс ба Зам санаачилгатай тус тус уялдаж байгааг тэмдэглээд дээрх төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжийг судалж, дэмжин ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн энэ уулзалтын мөрөөр дээрх асуудлуудаар дахин бэлтгэл ажлыг хангаж, холбогдох байгууллагууд хооронд энэ сарын дундуур дахин уулзалт хийж, төслүүдийг урагшлуулахаар тохиролцжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийнэ

2022.11.22. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар 2022 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Айлчлалын үеэр “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хамтарсан мэдэгдэл гаргаж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурна гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо

2022.11.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Мөн “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хамтарсан мэдэгдэл гаргаж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсад айлчилж байна

2022.11.27. БНХАУ. Бээжин хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийхээр 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Бээжин хотноо хүрэлцэн очлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун, Гадаад хэргийн яамны Азийн газрын захирал Лю Жиньсун, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал нарын төлөөлөгчид угтав. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх маргааш БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхана гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу бараалхав

2022.11.28. БНХАУ. Бээжин хот. БНХАУ-д төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хятадын Ардын Их Хурлын ордонд бараалхав. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшутай дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, 2022 оны 09 дүгээр сард Монгол Улсад хийсэн түүний албан ёсны айлчлал амжилттай болж, дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалан, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа ахисанд сэтгэл хангалуун байна гэв. Хууль тогтоох дээд байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа нь Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэлээ. Харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бэхжүүлэх чиглэлээр хоёр улсын хууль тогтоох байгууллагууд идэвхтэй ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу Монгол Улсын Ерөнхийлөгчийг БНХАУ-д тавтай айлчлахыг хүсэв. Байнгын хорооны даргын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж, хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин бэхэжсэнд баяртай байна гэв. Тэрбээр хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагааг улам эрчимжүүлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн, хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв.

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ 

2022.11.28. БНХАУ. Бээжин хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн БНХАУ-д хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрин үед урагшлуулан хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хамтарсан мэдэгдэл гаргав.

ИЖ БҮРЭН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦААГ ШИНЭ ЭРИН ҮЕД УРАГШЛУУЛАН ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ

Нэг. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпиний урилгаар 2022 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийв. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй найрсаг, дотно уур амьсгалд албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын харилцаа болон олон улс, бүс нутгийн харилцааны харилцан сонирхсон асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрэв. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхав.

Хоёр. Монгол Улсын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үр дүнд хүрсэн хөгжил, бүтээн байгуулалтын ололт амжилтыг хятадын тал өндрөөр үнэлж, эдийн засгаа сэргээх, ард түмний амьжиргааг дээшлүүлэх монголын талын хүчин чармайлтыг дэмжиж, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд улс орны хөгжлийн зорилтоо биелүүлэхийг хятадын тал чин сэтгэлээсээ хүсэв.

Гурав. Хятадын Коммунист Нам ХХ Их хурлаа амжилттай зохион байгуулж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдсонд болон Хятад Улс нэн ядуурлаас бүрэн ангижирч дундаж чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулж, эхний 100 жилийн зорилтоо амжилттай хэрэгжүүлсэнд монголын тал баяр хүргэв. Мөн ХКН-ын удирдлага дор орчин үеийн хүчирхэг социалист улс орныг цогцоор нь бүтээн байгуулах хоёр дахь 100 жилийн зорилтоо бүрэн хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Дөрөв. Талууд 1994 оны “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ”, 2014 оны “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан тунхаглал”-ын үзэл санааны дагуу Монгол, Хятадын харилцааны ололт амжилт, цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь хоёр орны ард түмний ашиг сонирхолд нийцэж буйд санал нэгдэв.

Тав. Сайн хөрш, сайн найз, сайн түншийн хувьд Монгол, Хятад хоёр улс орчин үеийн бүтээн байгуулалтыг хамтран урагшлуулж, бие биедээ туслах, хамтран ажиллаж хамтдаа хожих, энх тайвнаар зэрэгцэн орших хоёр улсын хамтын ирээдүйн нийгэмлэгийг бүтээх чиглэлээр хүчин чармайлт гарган, улс хоорондын үлгэр жишээ харилцааг улам бэхжүүлж, бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшилд илүү их хувь нэмэр оруулна. Хятадын тал хөрш орнуудтайгаа хөгжүүлж буй харилцаандаа тэргүүлэх ач холбогдол өгч, найрсаг дотно, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай, хүртээмжтэй байх зарчмын дагуу хөгжлийн үр шимээ хуваалцах бодлого баримталж байгааг монголын тал сайшаав.

Зургаа. Талууд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол, Хятадын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг дахин нотолж, тус тусын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, өөрсдийн сонгосон хөгжлийн зам, язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэдгээ дахин илэрхийлэв. Монголын тал “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж, Тайвань, Хонконг, Шинжаан, Төвөдийн талаарх Хятадын байр суурийг дэмждэгээ дахин нотлов. Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласны 30 жилийн ой 2022 онд тохиож буйд хятадын тал баяр хүргэв. Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө энэ статусыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд хятадын талаас хүчин чармайлт гаргасанд монголын тал талархал илэрхийлэв.

Долоо. Цар тахлын нөхцөл байдал бүрэн намжаагүй ч 2022 онд төр, засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын удирдлага нарын түвшинд биечлэн уулзсан нь Монгол, Хятадын харилцааны өндөр түвшинг илэрхийлж буйг талууд санал нэгтэй тэмдэглэв. Талууд дээд, өндөр түвшний уулзалт, яриа хэлэлцээний давтамжийг хадгалж, улс төрийн харилцан итгэлцлийг үргэлжлүүлэн гүнзгийрүүлэхээ нотлов. Хууль тогтоох байгууллага, улс төрийн намуудын хамтын ажиллагаа нь Монгол, Хятадын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болохыг онцлон тэмдэглэж, цаашид хууль тогтоох, засгийн газар, улс төрийн нам, батлан хамгаалах, орон нутаг зэрэг байгууллагын яриа хэлэлцээг урагшлуулж, хамтын ажиллагаанд эрх зүйн болон бодлогын дэмжлэгийг үзүүлэхээр талууд тохиролцов.

Найм. Талууд Монгол, Хятадын улс төрийн сайн харилцааг үргэлжлүүлэн хамтын ажиллагааны хөдөлгөгч хүч болгож, хоёр улсын газар зүйн байршил, эдийн засгийн харилцан нөхөх давуу талаа ашиглаж, хоёр улсын ард түмний сайн сайхны төлөө харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров. Талууд цар тахлын дараах эдийн засгийг түргэн сэргээхэд анхаарч, “Талын зам” үндэсний хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”-тай, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг “Хоёр алхам” хөгжлийн стратегийн зорилттой тус тус уялдуулан хэрэгжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтэц, цахим эдийн засаг, ногоон хөгжил зэрэг салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхээр тохиролцов.

Ес. Талууд Монгол, Хятадын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комисс, Монгол Хятадын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл зэрэг хамтын ажиллагааны механизмыг илүү үр дүнтэй ашиглах, шинэчлэн байгуулж буй “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр” болон “Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр”-ийг идэвхтэй хэрэгжүүлэх, ойрын хугацаанд хоёр талын худалдааны нийт хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэх, хоёр улсын аж ахуйн нэгжүүд зах зээлийн зарчмын дагуу нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх, нүүрсний дунд, урт хугацааны худалдааны гэрээ байгуулахыг дэмжих, Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг урагшлуулахаар тохиролцов.

Арав. Талууд хилийн боомтуудад ачаа тээврийн шинэ техник, технологи нэвтрүүлэхийг дэмжиж, боомтын хүчин чадлыг бодитой, үр дүнтэй нэмэгдүүлэхээр тохиролцов. Хятадын тал Монгол Улсын дамжин өнгөрөх тээвэр, далайн гарц болон эдийн засаг, ард иргэдийн амьжиргаанд нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг импортлоход монголын талд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ.

Арван нэг. Талууд дэд бүтцээр харилцан холбогдох, эрчим хүчний салбарыг Монгол, Хятадын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг гэж үзэв. Талууд Монгол, Хятадын төмөр зам, авто зам, хилийн боомт зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалт болон уул уурхайн томоохон төслийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, цэвэр эрчим хүчний салбарт үлгэр жишээ төсөл хэрэгжүүлж, Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээ, чанар, түвшинг дээшлүүлнэ. Талууд харилцан тохиролцсон улсын хилийн шугам дайран өнгөрөх төмөр замын бүтээн байгуулалтыг идэвхтэй урагшлуулж, Монгол, Хятадыг холбох төмөр замын шинэ гарцыг ойрын хугацаанд нээнэ.

Арван хоёр. Талууд соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологи, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хүмүүнлэгийн харилцаа, ялангуяа хүүхэд, залуучуудын солилцоог эрчимжүүлж, боловсрол, шинжлэх ухааны байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжин урагшлуулж, иргэд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлнэ. Монголын тал “Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” тэтгэлэгт хөтөлбөрийг танилцуулж, хятадын тал идэвхтэй судлан, цаашид хоёр улсын хооронд оюутан солилцох хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Арван гурав. Талууд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан хоёр улсын хооронд иргэд зорчих шууд нислэгийн тоог үе шаттайгаар нэмэгдүүлж, хоёр орны иргэд эрүүл, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.

Арван дөрөв. Талууд Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүн нарын зургаа дахь удаагийн уулзалт болон гурван улсын хамтын ажиллагааны үр дүнг өндрөөр үнэлж, оросын талтай хамтран Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ. Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын хүрээнд төмөр замын төв коридорыг шинэчлэх техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг түргэтгэж, ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг идэвхтэй урагшлуулна.

Арван тав. Талууд хөгжиж буй орнуудын хувьд олон улс болон бүс нутгийн асуудлаар өргөн хүрээний нийтлэг ашиг сонирхол болон ойролцоо байр суурьтай байдаг бөгөөд олон улс, бүс нутгийн байгууллагад харилцан дэмждэг уламжлалаа хадгалж, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Ази-Европын уулзалт, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал, АСЕАН-ы бүс нутгийн чуулга, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар санал нэгдэв. Талууд НҮБ-ын Дүрмийн үндсэн зорилго болон зарчимд суурилсан олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээнд тулгуурлан олон улсын хамтын нийгэмлэгийн эв нэгдэл, хамтын ажиллагаа, олон талт үзэл санааг сахин хамгаалж, энх тайван, хөгжил цэцэглэл, эрх тэгш байдал, шударга ёс, ардчилал, эрх чөлөө зэрэг хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлнэ.

Арван зургаа. Монголын тал хятадын талын дэвшүүлсэн “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга”-ын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, терроризмтэй тэмцэх зэрэг асуудлаар идэвхтэй хамтран ажиллана. Талууд гамшгийн эрсдлийг бууруулах болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцов. Хятадын тал Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г өндрөөр үнэлж, уг механизм нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд идэвхтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Арван долоо. Талууд уур амьсгалын өөрчлөлт, шороон шуурга, цөлжилтийн эсрэг авч хэрэгжүүлж буй тус тусын үр дүнтэй арга хэмжээг өндрөөр үнэлж, энэ хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн гүнгийрүүлэхээр тохиролцов. Хятадын тал Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өндрөөр үнэлж, идэвхтэй дэмжихээ илэрхийлэв. БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгын ногоон хөгжлийн бүтээн байгуулалт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлыг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр тохиролцов. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч Талуудын XVII бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах болсонд хятадын тал баяр хүргэж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Арван найм. Айлчлалын үеэр талууд “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”, “Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр”, “Улаанбаатар хотын “Автозамын түгжрэлийг бууруулах төмөр зам доорх гүүрэн байгууламж” барих төслийн санхүүжилтэд зориулсан Монгол Улсын Засгийн газар, Хятадын ЭКСИМ банк хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээр”, “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Монгол Улсын “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн дагалдах байгууламжийн төслийн ажил хүлээлцэх акт”, “Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн сургуулийн төсөл (2 дугаар ээлж)-ийн хүлээлцэх акт”, “Монгол Улсын “Үндэсний урлагийн их театр” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас олгох буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын солилцох захидал”, “Ерөнхийлөгчийн нэрэмжит хүүхэд, залуучуудын спорт сургалтын цогцолбор” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас олгох буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын солилцох захидал”, “Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Худалдааны яам хоорондын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны ажлын хэсэг байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”, “Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Үндэсний ойн аж ахуй, бэлчээрийн газар хоорондын гангийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цөлжилтийг сааруулах, бэлчээрийг нөхөн сэргээх талаар хамтран ажиллах тухай санамж бичиг”, “Олон улсын худалдааны “Нэг цонх”-ны хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын ерөнхий хэлэлцээр”, “Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад байгалийн хадлан өвс экспортлох ургамлын эрүүл ахуйн шаардлагын тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын протокол”, “Монгол Улсын хилийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтад тусламж үзүүлэх тухай төсөл хэрэгжүүлэх нэмэлт гэрээ (2)”, “Эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Байгалийн нөөц баялгийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”, “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тяньжин хот хооронд ах дүү хотын харилцааг өргөжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг”, “Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз болон Хятадын төв радио, телевиз хооронд хамтран ажиллах хэлэлцээр”, “Монголын Улаан загалмай нийгэмлэг, Хятадын Улаан загалмай хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг” зэрэг нийт 16 баримт бичгийг байгуулав.

Арван ес. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлал амжилттай явагдаж, хоёр орны харилцааны түүхэнд чухал ач холбогдолтой болсныг талууд санал нэгтэй тэмдэглэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Хятадын Засгийн газар болон ард түмэн халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг тааламжтай үедээ Монгол Улсад дахин айлчлахыг урив.

Боаогийн чуулга уулзалтад оролцов

2022.04.21. Төрийн ордон. Улаанбаатар хот. Монгол Улс. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Хайнань мужийн Боао хотноо эхэлсэн Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад цахимаар оролцлоо. Энэ удаагийн чуулга уулзалт Ковид-19 цар тахлын үеийн болон түүний дараах дэлхий: Хамтын ирээдүй, дэлхий нийтийн хөгжлийн төлөө хамтдаа зүтгэе сэдвийн дор болж байна. Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт нь бүс нутгийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах зорилтод талуудын хамтын ажиллагаа, хүч чармайлтыг нэгтгэсэн яриа хэлцээний чухал индэр болж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ тэмдэглэв. Цар тахлын дараах үе болон олон улсад үүсээд буй хүндрэлтэй нөхцөл байдлыг бодитой тооцон, эдийн засгийн сэргэлт, харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах ажлыг цаг алдалгүй хамтран хэрэгжүүлэх шаардлагатайг хэлэв. Монгол Улс БНХАУ-ын дэвшүүлсэн Дэлхийн нийтийн хөгжлийн санаачилга болон Бүс ба зам санаачилгыг сайшаан дэмжиж байгаагаа илэрхийлэв. Энэ нь дэлхийн улс орнуудын эрх тэгш байдал, тэнцвэртэй, тогтвортой хөгжлийг хангах, НҮБ-ын 2030-Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо. Мөн Ази тивийн улс орнууд цар тахлын хүнд үед ч дээд, өндөр түвшний харилцаагаа хадгалан, харилцан дэмжлэг үзүүлж, тулгарсан сорилт, бэрхшээлийг хамтдаа туулж чаддагийн бодит жишээ болж буйг тэмдэглэв. Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогод уул уурхайн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, эрчим хүч, мэдээлэл технологи, аялал жуулчлал, тээвэр логистик зэрэг салбарыг тэргүүлэх чиглэл хэмээн тусгасныг дурдаж, дэд бүтэц, ногоон хөгжил, байгаль, экологийн доройтлыг сэргээх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан тээвэр, худалдаа, үйлчилгээний зангилаа Транзит Монгол Улс болох зорилтыг хэрэгжүүлж, бүс нутаг дахь дэд бүтцийн холболт, эдийн засгийн интеграцчлалыг нэмэгдүүлэх, Ази тивийг Европ болон дэлхий дахинтай холбосон эдийн засгийн коридоруудыг хөгжүүлэх чиглэлд хувь нэмрээ оруулж, түнш орнууд, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахаа хэлэв. Чуулга уулзалтад оролцож байгаа дэлхийн улс орнуудын төр засаг, олон улсын байгууллагын тэргүүн нар бүс нутгийн интеграцчиллыг гүнзгийрүүлэх, дэлхийн эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, ногоон хөгжил зэрэг сэдвийг хэлэлцэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав

2022.06.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлж, захидал ирүүлснийг Элчин сайд уламжлав. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол, Хятадын найрсаг харилцааг хөгжүүлэх асуудлыг чухалчлан үздэгээ онцолж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх айлчлалыг тэргүүн ээлжинд хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа хятадын тал дахин нотлов. Цар тахлын үед найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт гүнзгийрэн хөгжиж, улс төрийн харилцан итгэлцэл бэхжин, хүмүүнлэгийн харилцаа тэлж, хоёр ард түмний нөхөрлөл нягтран, олон улс болон бүс нутгийн асуудлаарх хамтын ажиллагаа өргөжиж буйг Элчин сайд Цай Вэньруй онцлов. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь дэлхийн байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг БНХАУ-ын зүгээс өндөр үнэлж байгаагаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэндчилгээ ирүүлсэнд талархал илэрхийлж, хариу захидлыг Элчин сайдад гардуулав. Монгол Улс гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэлийн хүрээнд БНХАУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Мөн цар тахлын хүнд хэцүү үед БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад 31 сая юанийн өртөг бүхий эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлсэн нь цар тахлыг даван туулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг онцолж, талархал илэрхийлэв. Олон улсын нөхцөл байдал тогтворгүй, цар тахал намжаагүй хэдий ч эдийн засаг, тээвэр ложистикийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг сэргээн эрчимжүүлэх талаар харилцан санал солилцов гэжээ.

БНХАУ-ын дарга мэндчилгээ дэвшүүлэв

2022.07.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпин нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүллээ. БНХАУ-ын дарга Ши Жинь Пиний мэндчилгээнд: Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан миний бие БНХАУ-ын Засгийн газар, Хятадын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Танд болон танаар дамжуулан танай улсын Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье. Хятад, Монгол хоёр улс бол уул, усаар холбогдсон найрсаг, үнэнч хамтын ажиллагаатай түншүүд. Хоёр улсын харилцааг сайтар хамгаалж, бэхжүүлэн хөгжүүлэх нь талуудын язгуур болоод хэтийн эрх ашигт нийцдэг. Сүүлийн жилүүдэд Хятад, Монголын харилцаа цогцоор хурдацтай хөгжиж, салбар бүрийн харилцаа, хамтын ажиллагаа арвин үр өгөөжтэй байна. Миний бие хоёр улсын харилцаанд өндөр ач холбогдол өгч, хоёр улсын харилцааны хөгжлийн гол чиглэлийг стратегийн түвшинд алсын хараатайгаар чиглүүлж, Хятад, Монголын Иж Бүрэн стратегийн түншлэлийн харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлж, хоёр улс болон хоёр улсын ард түмэнд үр шимийг хүртээхэд Тантай хамтран ажиллахыг хичээхэд бэлэн байна. Монгол Улсад хөгжил цэцэглэл, ард түмэнд аз жаргалыг хүсэн ерөөе гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И бараалхав

2022.08.08. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И бараалхав. Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж байгааг Ерөнхийлөгч онцолж, олон улсын амаргүй нөхцөл байдал, цар тахлын үед ч харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэн, ойр дотно хамтарч ажиллах нь зүйтэйг тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч мөн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх, энэ хүрээнд дунд хугацааны стратеги төлөвлөгөө батлан хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахын төлөө байгаагаа хэлэв гэжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч уулзсанд Гадаад хэргийн сайд Ван И талархал илэрхийлж, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг уламжлав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийг БНХАУ-д айлчлах урилгыг нотлов. Гадаад хэргийн сайд Ван И хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэж, хамтран ажиллахаа илэрхийлэв. Уулзалтын үеэр тээвэр ложистик, уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, олон улс, бүс нутгийн асуудлаар санал солилцов гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин-тэй уулзав

2022.09.05. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны хүрээнд ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин-ийг хүлээн авч уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ оны эхээр Жан Мин ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсонд баяр хүргэж, цаашид  ШХАБ-тай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа нотлов. Хоёр талын уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд 2004 онд ШХАБ-ын ажиглагч орон болсноос хойш тус байгууллагын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын болон бусад уулзалт, арга хэмжээнд тогтмол оролцож, хамтын ажиллагааг оновчтой хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж ирсэн гэдгийг хэллээ. Цаашид ч Монгол Улс ажиглагч орны хувиар тус байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх, ялангуяа бүс нутгийн дэд бүтэц, эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.Тэрбээр Монгол Улс нь ОХУ, БНХАУ гэсэн хоёр том улстай хиллэдэг, мөн Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан худалдаа, тээвэр ложистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал, үйлчилгээний зангилаа болсон “Транзит Монгол” болох зорилтыг тавьж буйг танилцууллаа. Энэ хүрээнд цаашид “Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан төмөр замын төв коридорыг шинэчлэх, зүүн болон баруун коридор шинээр барих, мөн гурван улсыг холбосон хурдны автозам, хийн хоолой барих зэрэг эдийн засгийн үр ашигтай, стратегийн бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулах сонирхолтой байгаагаа онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн бараалхлаа

2024.09.07. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Төрийн ордонд бараалхав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Өнгөрсөн онд Бээжин хотноо болсон Бүс ба Зам олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад оролцох үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, олон асуудлаар нэгдсэн ойлголцолд хүрснээ тэмдэглэж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинд мэндчилгээг нь уламжлахыг хүсэв.Хоёр талын харилцааны олон чухал ой тохиож буй энэ үед БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчилж байгаа нь мөнхийн хөрш манай хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзлийн илрэл гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тэмдэглэв. Тэрбээр хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон асуудлууд, тухайлбал, хоёр талын худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэх, хоёр улсын дэд бүтцийн холболтыг сайжруулах, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг идэвхжүүлэх, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хоёр талын холбогдох байгууллага идэвхтэй ажиллах нь зүйтэйг онцлов. БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсын Ерөнхийлөгчид хүлээн авч уулзсанд нь талархал илэрхийлээд, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг уламжлав. Тэрбээр уул, усаар холбогдсон найрсаг хөрш Хятад, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрамдал хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байгааг онцоллоо. Хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтод тулгуурлан, Монгол Улстай найрамдал, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн Хятад, Монголын харилцааг тогтвортой хөгжүүлэхэд хятадын тал бэлэн байгааг илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга бараалхав

2022.09.12. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо /БХАТИХ/-ны дарга Ли Жаньшу бараалхав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа цар тахлын үед ч амжилттай хөгжиж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж хадгалагдаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Байнгын хорооны даргын айлчлал Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, тэр дундаа хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, шинэ агуулгаар баяжуулахад чухал хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв. Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпинд мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүсэв. БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд уламжлав. Тэрбээр хоёр орны төрийн тэргүүний өмнө нь харилцан тохиролцсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгох, хууль тогтоох дээд байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлж, харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор айлчилж байгаагаа тэмдэглэв. Цар тахал, олон улсын нөхцөл байдал амаргүй энэ цаг үеийг хамтын хүчээр даван туулах нь чухал гэж үздэгээ илэрхийлэв. Уулзалтын үеэр олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудал болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, тээвэр ложистик, боомт, эрчим хүч, байгаль орчин зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын Дээд түвшний уулзалтад оролцоно

2022.09.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо 2022 оны 09 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно. Монгол Улсын Ерөнхийлөгч өргөтгөсөн хуралдааны үеэр ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орны төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийж, хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. Түүнчлэн цар тахлын улмаас хоёр жил завсардсан Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын гурван талт ээлжит зургаадугаар уулзалтад оролцож, гурван улсын хувьд стратегийн ач холбогдолтой Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойн төслийн хэрэгжилтийн талаар ярилцана. Монгол Улс ШХАБ-ыг олон талт хамтын ажиллагаанд оролцох чухал суваг хэмээн үзэж, 2004 онд ажиглагчийн статустай болсноос хойш тус байгууллагын дээд түвшний уулзалт болох Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд тогтмол оролцож ирсэн юм гэжээ. Гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Алисжабана 2019 онд Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хуралд хүндэт зочноор оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй Засгийн газрын тэргүүний хувиар нь уулзаж байснаа дурдаад,  “Тогтвортой хөгжил-2030″ хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Алсын хараа-2050” хөгжлийн хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх чиглэлээр талууд идэвхтэй хамтран ажиллаж буйгаа онцлон тэмдэглэв. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг НҮБ талархан дэмжиж, дэлхий дахинд тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөөлийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг нь өндрөөр үнэлж буйг онцлоод, цаашид энэ чиглэлд хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Монгол Улсын хүчин чармайлтад хувь нэмэр оруулах, НҮБ-ын АНДЭЗНК-оос “Ногоон бонд” (Green Bond)-ын хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Талууд худалдааг хөнгөвчлөх, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, хил дамнасан цаасгүй худалдааг дэмжих, Зүүн Өмнөд Ази, Төв Азийн бусад улсад чиглэсэн автотээврийн олон талт хэлэлцээр байгуулах, Монгол Улсад олон улсын чанартай хуурай боомт байгуулах хамтарсан судалгаа хийх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож, зарчмын шинэ тохиролцоонд хүрлээ гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин-тэй уулзав

2022.09.15. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны хүрээнд ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин-ийг хүлээн авч уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ оны эхээр Жан Мин ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсонд баяр хүргэж, цаашид  ШХАБ-тай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа нотлов. Хоёр талын уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд 2004 онд ШХАБ-ын ажиглагч орон болсноос хойш тус байгууллагын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын болон бусад уулзалт, арга хэмжээнд тогтмол оролцож, хамтын ажиллагааг оновчтой хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж ирсэн гэдгийг хэллээ. Цаашид ч Монгол Улс ажиглагч орны хувиар тус байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх, ялангуяа бүс нутгийн дэд бүтэц, эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Монгол Улс нь ОХУ, БНХАУ гэсэн хоёр том улстай хиллэдэг, мөн Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан худалдаа, тээвэр ложистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал, үйлчилгээний зангилаа болсон Транзит Монгол болох зорилтыг тавьж буйг танилцууллаа. Энэ хүрээнд цаашид Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгасан төмөр замын төв коридорыг шинэчлэх, зүүн болон баруун коридор шинээр барих, мөн гурван улсыг холбосон хурдны автозам, хийн хоолой барих зэрэг эдийн засгийн үр ашигтай, стратегийн бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулах сонирхолтой байгаагаа онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин-тэй уулзлаа

2022.09.16. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын дарга Ши Жиньпин-тэй уулзав. Хоёр орны Төрийн тэргүүн нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаанд үнэлэлт өгч, цаашдын төлөв болон олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-тай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг онцолж, хоёр улсын хамтын ажиллагааг тус тусын хөгжлийн бодлого, зорилтуудтай уялдуулан хөгжүүлэхийн ач холбогдлыг онцлов. Түүнчлэн цар тахлын хүнд цаг үед БНХАУ-ын Засгийн газар, ард түмнээс Монголын ард түмэнд вакцин, эмнэлгийн тоног төхөөрөмж, эд материалыг шуурхай нийлүүлж, дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус улсын хөрш орнуудтайгаа хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд Монгол Улс чухал байр суурь эзэлдгийг онцолж, цаашид хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлж, шат ахиулахын төлөө байгаагаа хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хятадын тал дэмжиж, байгаль орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байгааг мэдэгдлээ. Түүнчлэн “Бүс ба Зам” санаачилга, “Талын зам” хөтөлбөрийг харилцан уялдуулж, “Монгол, Хятад, Оросын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн бүтээн байгуулалтыг урагшлуулахын төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ

2022.9.17. Үзбекистан Улс. Самарканд хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж, бүс нутагт өрнөж буй худалдаа, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлздэг гэдгийг тэмдэглэв. Энэхүү олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд Монгол Улс ШХАБ-ын ажиглагч улсын хувьд тус байгууллагын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын болон бусад уулзалт, арга хэмжээнд тогтмол, идэвхтэй оролцож, хамтран ажиллаж ирснийг хэлэв. Цаашид ч ШХАБ-ын гишүүн орнуудтай худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, тээвэр ложистик, байгаль орчин, аялал жуулчлал, мэдээллийн технологи, хөдөө аж ахуй, хүнсний хангамж-аюулгүй байдал, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлж, улс хоорондын болон бүс нутгийн эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, бодит ажил хэрэг болгох сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүрээлэн буй орчны доройтол болон хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлуудад улс орнууд онцгой анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа тэмдэглэв. Иймд Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шороон шуургатай тэмцэх, ой, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эх орондоо өрнүүлж эхлээд байгааг дуулгалаа. Уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж байгаа улс орнуудын нэг болохын хувьд Монгол Улс хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр хөрш болон бүс нутгийн улс орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17)-ыг 2026 онд эх орондоо зохион байгуулахаар болсныг хэлэв. Мөн түүнчлэн дэлхий даяар үнийн өсөлт-инфляц нэмэгдэж, дэлхийн улс орнууд хоол хүнс, эрчим хүч, нефть шатахуун болон бусад амин чухал бараа бүтээгдэхүүний хомсдолд орж байгааг дурдав. НҮБ-ын мэдээлснээр 2019 онд дэлхийн хэмжээнд 135 сая хүн хүнсний хэт дутагдалд орж байсан бол энэхүү үзүүлэлт өнөөдөр 2.5 дахин нэмэгдэж, 345 саяд хүрээд байна. Иймд улс орон бүр хүнсний хангамж, аюулгүй байдалдаа ихээхэн анхаарах шаардлагатай байгаа бөгөөд энэ хүрээнд Монгол Улс хүнсний хангамж, аюулгүй байдлаа сайжруулж, цаашид хүнс экспортлогч улс болохыг зорьж байгааг онцоллоо. Монгол Улс нь Ази, Европыг холбосон газар зүйн байршлын онцлог байдалдаа тулгуурлан худалдаа, аялал жуулчлал, тээвэр ложистикийн сүлжээ, ачаа тээврийн  урсгал, үйлчилгээний зангилаа болсон “Транзит Монгол” болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгааг хэлэв. Энэ хүрээнд сайн хөршийн өргөн хүрээтэй, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд онцгой анхаарч авто зам, төмөр зам, эрчим хүч, аялал жуулчлалын томоохон төслүүд болон Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг барьж байгуулах төслийг хэрэгжүүлэхээр идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцлон тэмдэглэлээ.

Энэ удаагийн ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит өргөтгөсөн хуралдааны дүнгээр:

  • Самаркандын тунхаглал,
  • Иран Улс ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн улс болохтой холбогдуулан хүлээх үүргийн тухай санамж бичиг,
  • Египет, Саудын Арабын Хаант Улс, Катар зэрэг улсад ШХАБ-ын яриа хэлэлцээний түншийн статус олгох тухай санамж бичиг,
  • Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газар хоорондын хэлэлцээр,
  • ШХАБ-ын гишүүн орнуудын дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр, бизнесийн салбарын аж үйлдвэрийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх хөтөлбөр,
  • ШХАБ-ын хүрээнд бүс нутгийн худалдааг хөгжүүлэх үйл ажиллагааны хамтарсан төлөвлөгөө,
  • ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар, Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК) хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг зэрэг нийт 40 гаруй баримт бичгийг батлан гаргасан байна.

Энэ удаагийн ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ОХУ, БНХАУ, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан, Энэтхэг, Пакистан, Иран, Беларусь, Турк, Азербайжан, Армени, Балба, Камбож, Мьянмар, Шри-Ланка, Мальдив, Бахрейн, Сири, Арабын Нэгдсэн Эмират Улс, Кувейт, Туркменистан зэрэг улсын төлөөлөгчид болон НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага, НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс, Арабын орнуудын лиг, “Астана” Oлон улсын санхүүгийн төв зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийнэ

2022.11.22. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар 2022 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Айлчлалын үеэр “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хамтарсан мэдэгдэл” гаргаж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтлаа

2022.11.28. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар тус улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг угтах ёслол 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хятадын Ардын Их Хурлын ордонд болов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг нарыг БНХАУ-ын дарга, Хятадын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин, гэргий Пөн Лиюань нар угтлаа. Энэ үеэр БНХАУ-ын Төрийн хүндэт харуул жагсаж, Тяньаньмэний талбайд 21 удаа ёслолын буудлага хийв. Угтах ёслолын үеэр цэргийн найрал хөгжимд Монгол Улс, БНХАУ-ын Төрийн дуулал эгшиглэж, БНХАУ-ын Төрийн хүндэт харуулын цэргүүд ёслолын жагсаал хийв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар албан ёсны хэлэлцээ хийв

2022.11.28. БНХАУ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпин нар 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хятадын Ардын Их Хурлын ордонд албан ёсны хэлэлцээ хийв. Төрийн тэргүүн нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай өргөжин хөгжиж буйг тэмдэглэж, талуудын харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр санал нэгдэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт гэдгийг тэмдэглэж, олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, дэлхий дахинд цар тахал үргэлжилж, шинэ сорилтуудтай тулгарч буй амаргүй энэ үед Монгол, Хятад хоёр улс харилцаа, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх нь чухал болохыг онцлон тэмдэглэв. Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хоёр талын худалдааны хэмжээг ирэх таван жилд 20 тэрбум ам.долларт хүргэх, уул уурхайн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, нүүрс урт хугацаанд тогтвортой экспортлох, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, газрын тосны хамтын ажиллагааг өргөжүүлэх, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн явцыг урагшлуулах зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов. Хоёр орны хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох, Замын-Үүд-Эрээн зэрэг боомтуудын дэд бүтцийг сайжруулах, шинэ техник, технологи ашиглах замаар хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар ярилцав. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хятадын тал бүрэн дэмжин ажиллахаа илэрхийлж, цаашид хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр санал нэгдэв. Түүнчлэн цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх, газрын доройтлыг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд манай талаас өндөр ач холбогдол өгдөг болохыг онцолж, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцов гэжээ.

ИЖ БҮРЭН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦААГ ШИНЭ ЭРИН ҮЕД УРАГШЛУУЛАН ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ 

2022.11.28. БНХАУ. Бээжин хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн БНХАУ-д хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрин үед урагшлуулан хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хамтарсан мэдэгдэл гаргав.

Нэг. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпиний урилгаар 2022 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийв. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй найрсаг, дотно уур амьсгалд албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын харилцаа болон олон улс, бүс нутгийн харилцааны харилцан сонирхсон асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрэв. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхав.

Хоёр. Монгол Улсын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үр дүнд хүрсэн хөгжил, бүтээн байгуулалтын ололт амжилтыг хятадын тал өндрөөр үнэлж, эдийн засгаа сэргээх, ард түмний амьжиргааг дээшлүүлэх монголын талын хүчин чармайлтыг дэмжиж, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд улс орны хөгжлийн зорилтоо биелүүлэхийг хятадын тал чин сэтгэлээсээ хүсэв.

Гурав. Хятадын Коммунист Нам ХХ Их хурлаа амжилттай зохион байгуулж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдсонд болон Хятад Улс нэн ядуурлаас бүрэн ангижирч дундаж чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулж, эхний 100 жилийн зорилтоо амжилттай хэрэгжүүлсэнд монголын тал баяр хүргэв. Мөн ХКН-ын удирдлага дор орчин үеийн хүчирхэг социалист улс орныг цогцоор нь бүтээн байгуулах хоёр дахь 100 жилийн зорилтоо бүрэн хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Дөрөв. Талууд 1994 оны “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ”, 2014 оны “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан тунхаглал”-ын үзэл санааны дагуу Монгол, Хятадын харилцааны ололт амжилт, цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь хоёр орны ард түмний ашиг сонирхолд нийцэж буйд санал нэгдэв.

Тав. Сайн хөрш, сайн найз, сайн түншийн хувьд Монгол, Хятад хоёр улс орчин үеийн бүтээн байгуулалтыг хамтран урагшлуулж, бие биедээ туслах, хамтран ажиллаж хамтдаа хожих, энх тайвнаар зэрэгцэн орших хоёр улсын хамтын ирээдүйн нийгэмлэгийг бүтээх чиглэлээр хүчин чармайлт гарган, улс хоорондын үлгэр жишээ харилцааг улам бэхжүүлж, бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшилд илүү их хувь нэмэр оруулна. Хятадын тал хөрш орнуудтайгаа хөгжүүлж буй харилцаандаа тэргүүлэх ач холбогдол өгч, найрсаг дотно, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай, хүртээмжтэй байх зарчмын дагуу хөгжлийн үр шимээ хуваалцах бодлого баримталж байгааг монголын тал сайшаав.

Зургаа. Талууд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол, Хятадын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг дахин нотолж, тус тусын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, өөрсдийн сонгосон хөгжлийн зам, язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэдгээ дахин илэрхийлэв. Монголын тал “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж, Тайвань, Хонконг, Шинжаан, Төвөдийн талаарх Хятадын байр суурийг дэмждэгээ дахин нотлов. Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласны 30 жилийн ой 2022 онд тохиож буйд хятадын тал баяр хүргэв. Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө энэ статусыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд хятадын талаас хүчин чармайлт гаргасанд монголын тал талархал илэрхийлэв.

Долоо. Цар тахлын нөхцөл байдал бүрэн намжаагүй ч 2022 онд төр, засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын удирдлага нарын түвшинд биечлэн уулзсан нь Монгол, Хятадын харилцааны өндөр түвшинг илэрхийлж буйг талууд санал нэгтэй тэмдэглэв. Талууд дээд, өндөр түвшний уулзалт, яриа хэлэлцээний давтамжийг хадгалж, улс төрийн харилцан итгэлцлийг үргэлжлүүлэн гүнзгийрүүлэхээ нотлов. Хууль тогтоох байгууллага, улс төрийн намуудын хамтын ажиллагаа нь Монгол, Хятадын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болохыг онцлон тэмдэглэж, цаашид хууль тогтоох, засгийн газар, улс төрийн нам, батлан хамгаалах, орон нутаг зэрэг байгууллагын яриа хэлэлцээг урагшлуулж, хамтын ажиллагаанд эрх зүйн болон бодлогын дэмжлэгийг үзүүлэхээр талууд тохиролцов.

Найм. Талууд Монгол, Хятадын улс төрийн сайн харилцааг үргэлжлүүлэн хамтын ажиллагааны хөдөлгөгч хүч болгож, хоёр улсын газар зүйн байршил, эдийн засгийн харилцан нөхөх давуу талаа ашиглаж, хоёр улсын ард түмний сайн сайхны төлөө харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров. Талууд цар тахлын дараах эдийн засгийг түргэн сэргээхэд анхаарч, “Талын зам” үндэсний хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”-тай, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг “Хоёр алхам” хөгжлийн стратегийн зорилттой тус тус уялдуулан хэрэгжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтэц, цахим эдийн засаг, ногоон хөгжил зэрэг салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхээр тохиролцов.

Ес. Талууд Монгол, Хятадын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комисс, Монгол Хятадын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл зэрэг хамтын ажиллагааны механизмыг илүү үр дүнтэй ашиглах, шинэчлэн байгуулж буй “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр” болон “Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр”-ийг идэвхтэй хэрэгжүүлэх, ойрын хугацаанд хоёр талын худалдааны нийт хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэх, хоёр улсын аж ахуйн нэгжүүд зах зээлийн зарчмын дагуу нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх, нүүрсний дунд, урт хугацааны худалдааны гэрээ байгуулахыг дэмжих, Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг урагшлуулахаар тохиролцов.

Арав. Талууд хилийн боомтуудад ачаа тээврийн шинэ техник, технологи нэвтрүүлэхийг дэмжиж, боомтын хүчин чадлыг бодитой, үр дүнтэй нэмэгдүүлэхээр тохиролцов. Хятадын тал Монгол Улсын дамжин өнгөрөх тээвэр, далайн гарц болон эдийн засаг, ард иргэдийн амьжиргаанд нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг импортлоход монголын талд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ.

Арван нэг. Талууд дэд бүтцээр харилцан холбогдох, эрчим хүчний салбарыг Монгол, Хятадын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг гэж үзэв. Талууд Монгол, Хятадын төмөр зам, авто зам, хилийн боомт зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалт болон уул уурхайн томоохон төслийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, цэвэр эрчим хүчний салбарт үлгэр жишээ төсөл хэрэгжүүлж, Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээ, чанар, түвшинг дээшлүүлнэ. Талууд харилцан тохиролцсон улсын хилийн шугам дайран өнгөрөх төмөр замын бүтээн байгуулалтыг идэвхтэй урагшлуулж, Монгол, Хятадыг холбох төмөр замын шинэ гарцыг ойрын хугацаанд нээнэ.

Арван хоёр. Талууд соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологи, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хүмүүнлэгийн харилцаа, ялангуяа хүүхэд, залуучуудын солилцоог эрчимжүүлж, боловсрол, шинжлэх ухааны байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжин урагшлуулж, иргэд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлнэ. Монголын тал “Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” тэтгэлэгт хөтөлбөрийг танилцуулж, хятадын тал идэвхтэй судлан, цаашид хоёр улсын хооронд оюутан солилцох хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Арван гурав. Талууд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан хоёр улсын хооронд иргэд зорчих шууд нислэгийн тоог үе шаттайгаар нэмэгдүүлж, хоёр орны иргэд эрүүл, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.

Арван дөрөв. Талууд Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүн нарын зургаа дахь удаагийн уулзалт болон гурван улсын хамтын ажиллагааны үр дүнг өндрөөр үнэлж, оросын талтай хамтран Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ. Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын хүрээнд төмөр замын төв коридорыг шинэчлэх техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг түргэтгэж, ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг идэвхтэй урагшлуулна.

Арван тав. Талууд хөгжиж буй орнуудын хувьд олон улс болон бүс нутгийн асуудлаар өргөн хүрээний нийтлэг ашиг сонирхол болон ойролцоо байр суурьтай байдаг бөгөөд олон улс, бүс нутгийн байгууллагад харилцан дэмждэг уламжлалаа хадгалж, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Ази-Европын уулзалт, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал, АСЕАН-ы бүс нутгийн чуулга, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар санал нэгдэв. Талууд НҮБ-ын Дүрмийн үндсэн зорилго болон зарчимд суурилсан олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээнд тулгуурлан олон улсын хамтын нийгэмлэгийн эв нэгдэл, хамтын ажиллагаа, олон талт үзэл санааг сахин хамгаалж, энх тайван, хөгжил цэцэглэл, эрх тэгш байдал, шударга ёс, ардчилал, эрх чөлөө зэрэг хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлнэ.

Арван зургаа. Монголын тал хятадын талын дэвшүүлсэн “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга”-ын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, терроризмтэй тэмцэх зэрэг асуудлаар идэвхтэй хамтран ажиллана. Талууд гамшгийн эрсдлийг бууруулах болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцов. Хятадын тал Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г өндрөөр үнэлж, уг механизм нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд идэвхтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Арван долоо. Талууд уур амьсгалын өөрчлөлт, шороон шуурга, цөлжилтийн эсрэг авч хэрэгжүүлж буй тус тусын үр дүнтэй арга хэмжээг өндрөөр үнэлж, энэ хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн гүнгийрүүлэхээр тохиролцов. Хятадын тал Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өндрөөр үнэлж, идэвхтэй дэмжихээ илэрхийлэв. БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгын ногоон хөгжлийн бүтээн байгуулалт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлыг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр тохиролцов. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч Талуудын XVII бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах болсонд хятадын тал баяр хүргэж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Арван найм. Айлчлалын үеэр талууд “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”, “Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр”, “Улаанбаатар хотын “Автозамын түгжрэлийг бууруулах төмөр зам доорх гүүрэн байгууламж” барих төслийн санхүүжилтэд зориулсан Монгол Улсын Засгийн газар, Хятадын ЭКСИМ банк хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээр”, “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Монгол Улсын “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн дагалдах байгууламжийн төслийн ажил хүлээлцэх акт”, “Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн сургуулийн төсөл (2 дугаар ээлж)-ийн хүлээлцэх акт”, “Монгол Улсын “Үндэсний урлагийн их театр” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас олгох буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын солилцох захидал”, “Ерөнхийлөгчийн нэрэмжит хүүхэд, залуучуудын спорт сургалтын цогцолбор” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас олгох буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын солилцох захидал”, “Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Худалдааны яам хоорондын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны ажлын хэсэг байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”, “Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Үндэсний ойн аж ахуй, бэлчээрийн газар хоорондын гангийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цөлжилтийг сааруулах, бэлчээрийг нөхөн сэргээх талаар хамтран ажиллах тухай санамж бичиг”, “Олон улсын худалдааны “Нэг цонх”-ны хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын ерөнхий хэлэлцээр”, “Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад байгалийн хадлан өвс экспортлох ургамлын эрүүл ахуйн шаардлагын тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын протокол”, “Монгол Улсын хилийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтад тусламж үзүүлэх тухай төсөл хэрэгжүүлэх нэмэлт гэрээ (2)”, “Эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Байгалийн нөөц баялгийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”, “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тяньжин хот хооронд ах дүү хотын харилцааг өргөжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг”, “Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз болон Хятадын төв радио, телевиз хооронд хамтран ажиллах хэлэлцээр”, “Монголын Улаан загалмай нийгэмлэг, Хятадын Улаан загалмай хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг” зэрэг нийт 16 баримт бичгийг байгуулав.

Арван ес. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлал амжилттай явагдаж, хоёр орны харилцааны түүхэнд чухал ач холбогдолтой болсныг талууд санал нэгтэй тэмдэглэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Хятадын Засгийн газар болон ард түмэн халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг тааламжтай үедээ Монгол Улсад дахин айлчлахыг урив.

Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав

2022.11.28. БНХАУ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн БНХАУ-д хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. ТАЛУУД:

  • Монголын Улаан загалмай нийгэмлэг, Хятадын Улаан загалмай хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
  • Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”,
  • Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр”,
  • Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Монгол Улсын “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн дагалдах байгууламжийн төслийн ажил хүлээлцэх акт”,
  • Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн сургуулийн төсөл (2 дугаар ээлж)-ийн хүлээлцэх акт”,
  • Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Худалдааны яам хоорондын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны ажлын хэсэг байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”,
  • Эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Байгалийн нөөц баялгийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”,
  • Олон улсын худалдааны “Нэг цонх”-ны хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын ерөнхий хэлэлцээр”,
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад байгалийн хадлан өвс экспортлох ургамлын эрүүл ахуйн шаардлагын тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын протокол”,
  • Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Үндэсний ойн аж ахуй, бэлчээрийн газар хоорондын гангийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цөлжилтийг сааруулах, бэлчээрийг нөхөн сэргээх талаар хамтран ажиллах тухай санамж бичиг”,
  • Монгол Улсын “Үндэсний урлагийн их театр” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас олгох буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын солилцох захидал”
  • Ерөнхийлөгчийн нэрэмжит хүүхэд, залуучуудын спорт сургалтын цогцолбор” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас олгох буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын солилцох захидал”,
  • Монгол Улсын хилийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтад тусламж үзүүлэх тухай төсөл хэрэгжүүлэх нэмэлт гэрээ (2)”,
  • Улаанбаатар хотын “Автозамын түгжрэлийг бууруулах төмөр зам доорх гүүрэн байгууламж” барих төслийн санхүүжилтэд зориулсан Монгол Улсын Засгийн газар, Хятадын ЭКСИМ банк хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээр”,
  • Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тяньжин хот хооронд ах дүү хотын харилцааг өргөжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг”,
  • Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз болон Хятадын төв радио, телевиз хооронд хамтран ажиллах хэлэлцээр”

Сангийн сайд Б.Жавхлан Хятадын элчин сайдтай уулзав

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй 2 сарын 19-ний өдөр Монгол Улсын Сангийн .Яамны шинэ сайд Б. Жавхлантай уулзаж хоёр улсын бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцлоо. Элчин сайд Цай Вэньруй Б. Жавхлан сайдад ажилдаа орсонд баяр хүргээд, Хятад, Монгол хоёр улс бол уул усаар холбогдсон найрсаг хөршүүд. Сүүлийн жилүүдэд, Хятад, Монгол хоёр улсын улс төр, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байна. COVID-19 цар тахал дэгдсэнээс хойш талууд харилцан дэмжлэг үзүүлж, цар тахалтай хамтран тэмцсэнээр хоёр улсын хооронд халдвар зөөвөрлөгдсөн тохиолдол гараагүй байна. Б. Жавхлан сайдыг үүрэгт хугацаандаа талуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг урагшлуулж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлнэ гэдэгт итгэж байна гэлээ. Сангийн сайд Б. Жавхлан, Монгол, Хятад хоёр улс бол мөнхийн найрсаг хөршүүд юм. COVID-19 цар тахал дэгдсэнээс хойш, Хятадын тал үр дүнтэй арга хэмжээ авч, цаг тухайд нь цар тахлыг барьж, богино хугацаанд үйлдвэрлэлээ сэргээсэн явдлаас Монголын тал суралцах нь зүйтэй. Цаашид Монголын тал цар тахалтай хамтран тэмцэж, эдийн засгийн харилцаагаа шат дараатай сэргээж, Монгол, Хятадын харилцааг шинэ шатанд хүргэхийн төлөө Хятадын талтай хамтран ажиллахад бэлэн байна. Хятад улсаас Монгол Улсын цар тахалтай тэмцэх ажилд олон удаагийн тусламж үзүүлэхийн зэрэгцээ Монгол Улсад вакцины буцалтгүй тусламж үзүүлэх болсноо зарласан. Монголын тал үүнд гүн талархлаа илэрхийлье гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Элчин сайдыг нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав

2023.08.28. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Цай Вэньруй Элчин сайдаар ажиллах хугацаандаа Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт хөгжүүлэхийн төлөө идэвх зүтгэлтэй ажилласныг Ерөнхийлөгч өндрөөр үнэлж буйгаа тэмдэглэв. Мөн Иж бүрэн стратегийн түншлэлд суурилсан бүх талын хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Элчин сайд Цай Вэньруйг Алтан гадас одонгоор шагналаа гэжээ.

БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023.10.06. Монгол Улс. Улаанбаатар хот. Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан найрсаг харилцаа, бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг Ерөнхийлөгч онцоллоо. Элчин сайд Шэнь Миньжюань харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, шинэ агуулгаар баяжуулах, хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцоог ажил хэрэг болгох, бүх салбарын бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд уламжиллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцоно

2023.01.16. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд Бээжин хотноо болох Бүс ба Зам олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар оролцоно. Монгол Улсын Ерөнхийлөгч чуулга уулзалтын Ногоон торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулъя хэлэлцүүлэгт оролцож үг хэлнэ. Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж Монгол-Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцоно

2023.10.16. БНХАУ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд Бээжин хотноо болох “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар оролцоно. Монгол Улсын Ерөнхийлөгч чуулга уулзалтын “Ногоон торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулъя” хэлэлцүүлэгт оролцож үг хэлнэ. Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, Монгол, Хятадын хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” дээд түвшний чуулга уулзалтад оролцохоор Бээжин хотод хүрэлцэн очив

2023.10.17. БНХАУ. Бээжин хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд болох “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-ын нийслэл Бээжин хотод хүрэлцэн очлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч болон дагалдан яваа төлөөлөгчдийг Бээжин хотын “Капитал” олон улсын нисэх онгоцны буудалд албаны хүмүүс угтан авав. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ удаагийн чуулга уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар оролцох юм. Тэрбээр уулзалтын “Ногоон торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулъя” хэлэлцүүлэгт оролцож үг хэлнэ. Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтлаа

2023.10.17. Монгол Улс. Улаанбаатар хот. Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцохоор Бээжин хотноо хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин, гэргий Пөн Лиюань нар Ардын Их Хурлын ордонд угтан авав. Дараа нь БНХАУ-ын дарга, гэргийн хамт “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн тэргүүн нарын хамт дурсгалын зураг авахуулав. “Бүс ба Замын өндөр чанарын хамтын ажиллагаа: Хамтын хөгжил, цэцэглэлтийн төлөө” сэдвийн дор болох энэ удаагийн чуулга уулзалтад 140 гаруй улс, олон улсын 30 орчим байгууллагын нийт 4,000 гаруй төлөөлөгч оролцох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд оролцов

2023.01.18. БНХАУ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Бээжин хотноо болж буй “Бүс ба  Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд оролцов. Энэ удаагийн чуулга уулзалт “Бүс ба Замын өндөр чанарын хамтын ажиллагаа: Хамтын хөгжил, цэцэглэлтийн төлөө” ерөнхий сэдвийн дор явагдаж байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин чуулга уулзалтын нээлтэд хэлсэн үгэндээ “Эртний, хуучин Торгоны замыг сэргээж, улс түмний бодлогын, худалдааны, санхүүгийн, нөхөрлөлийн холболтыг бүтээн байгуулснаар дэлхийн эдийн засгийн хөгжилд шинэ эрч хүчийг нэмэх зорилготой”-г онцлов. Мөн тэрбээр ирэх 10 жилд дэлхийн 150 гаруй орон, олон улсын 20 гаруй байгууллагыг хамруулан гурван хэмжээст дэд бүтцийг бүтээн байгуулж, нээлттэй эдийн засгийн хөгжилд бүх талын дэмжлэг үзүүлэх, ажил хэрэгч хамтын ажиллагааг хөгжүүлэх, ногоон хөгжлийг цогцлоох, техник, технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх, хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх, “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны механизмыг боловсронгуй болгох зэрэг 8 шинэ саналыг дэвшүүлэв. ЭНЭ УДААГИЙН ДЭЭД ТҮВШНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ҮЕЭР:

  • Нээлттэй дэлхийн эдийн засагт дэд бүтцээр харилцан холбогдох,
  • Ногоон торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулах,
  • Өсөлтийн шинэ эх сурвалж цахим эдийн засаг зэрэг гурван сэдвээр дээд түвшний гурван хэлэлцүүлэг,

Мөн Саадгүй худалдаа, Иргэд хоорондын хэлхээ холбоо, Тинк танкийн солилцоо,  Цэвэр торгоны зам, Орон нутгийн хамтын ажиллагаа, Далайн хамтын ажиллагаа зэрэг 6 сэдвээр салбар хуралдаан болж байна. Энэ удаагийн чуулга уулзалтад Монгол Улс, ОХУ, Чех, Лаос, Серби, Шри Ланка зэрэг 23 улсын төр, засгийн тэргүүн нар оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад үг хэллээ

2023.10.18. БНХАУ. Бээжин хот. БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр чуулга уулзалтын “Ногоон Торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулъя” хэлэлцүүлэгт оролцож, үг хэллээ. Тэрбээр “Бүс ба Зам” санаачилга нь хөгжлийн боломжоо хуваалцах, харилцан суралцах, харилцан ашигтай, эрх тэгш хамтран ажиллах үзэл санаанд тулгуурлан “хамтдаа хэлэлцэх, хамтдаа бүтээх, хамтдаа үр өгөөжөө хүртэх” үндсэн зарчмын дагуу хөгжлийн төлөөх хамтын ажиллагааг бүс нутгийн түвшинд өрнүүлэх чухал тавцан болж байгааг тэмдэглэв. Ногоон хөгжлийг удирдлага болгож, “эко, цэвэр” хөгжлийн үзэл санааны дагуу байгалийн нөөц баялгийг хэмнэсэн, байгаль орчинд ээлтэй байх зарчмыг баримталж байгаа нь НҮБ-аас дэвшүүлсэн “Тогтвортой хөгжил-2030”-ын зорилгод бүрэн нийцдэг гэж үздэгээ илэрхийлэв. Энэ удаагийн чуулга уулзалтаар хамтран гаргаж байгаа “Бүс ба Замын ногоон хөгжлийн төлөөх Бээжингийн санаачилга” нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, цөлжилттэй тэмцэх, ногоон дэд бүтэц, ногоон хөрөнгө оруулалт, санхүүжилтийг дэмжихэд чиглэсэн улс орнуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чухал ач холбогдолтойг тодотгов. Монгол Улс “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн өрнүүлж байгаа нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх зорилготой гэдгийг хэллээ. 2026 онд Улаанбаатар хотноо болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурлаар улс орон болон бүс нутгийн хэмжээнд газрын доройтол, цөлжилтийн эсрэг хийж байгаа ажил, тогтвортой ойн мененежментийг бэхжүүлж байгаа туршлагаа хуваалцаж, цаашдын бодлого, зорилт, үйл ажиллагаагаа тодорхойлно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хийсэн яриа хэлэлцээний дүнд “Цөлжилттэй тэмцэх Монгол-Хятадын хамтын ажиллагааны төв”-ийг энэ оны есдүгээр сараас байгуулах ажил эхэлснийг тэмдэглэв. Сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй Монгол Улс ногоон хөгжлийн бизнесийн орчныг сайжруулж, хөрөнгө оруулагчид болон олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй хамтран ажиллахыг зорьж байгааг хэлэв. Мөн эдийн засаг, нийгмийн хөгжлийг байгаль, экологийн хамгаалалтай нягт уялдуулж, байгальд ээлтэй стандарт болон сайн туршлагыг дэлгэрүүлж, цэвэр, шинэ эрчим хүчний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар “Ногоон торгоны замыг хамтдаа бүтээж, хүн, байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулах”-ын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны  баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав

2023.10.19. БНХАУ. Бээжин хот. БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалт болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй Хятадын Ардын Их Хурлын ордонд уулзав. Хоёр улсын төрийн тэргүүн Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. Монгол, Хятадын харилцаа нь тухайн улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг талууд дахин нотолж, бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хоёр улс болон ард иргэдийн сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэж, язгуур эрх ашиг, чухалчлан үзэж буй асуудлаар харилцан биенээ дэмжиж, харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж буйг санал нэгтэй тэмдэглэв. Цаашид дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хөгжлийн стратегийг харилцан уялдуулах, худалдааны хэмжээг ойрын хугацаанд 20 тэрбум ам.долларт хүргэх, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, хилийн боомтыг харилцан холбох, харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, дэд бүтцийн томоохон төслүүдийн явцыг түргэтгэх, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр хамтрах, байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, инновацын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг чиглэлд нягт хамтран ажиллахаар тохиролцов. Хоёр улс НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд хамтран ажиллаж ирсэн бөгөөд олон улсын тавцан дахь харилцан бие биеэ дэмждэг уламжлалт хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Талууд уулзалтын үеэр олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар мөн санал солилцов гэжээ.

Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав

2023.10.19. БНХАУ. Бээжин хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зохион байгуулагдаж буй “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцох үеэр 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хоёр улсын Төрийн тэргүүн нарыг байлцуулан БНХАУ-ын Ардын Их хурлын ордонд дараах баримт бичигт гарын үсэг зурав. Үүнд:

  1. “Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хоорондын Нүүрстөрөгч багатай ногоон хөгжлийн хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Шадарсайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, БНХАУ-ын Үндэсний Хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Жөн Шаньжие нар гарын үсэг зурав. Санамж бичгийг байгуулснаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенц, Парисын хэлэлцээрийн зорилгын дагуу тус тусын улсын үүрэг амлалтаа хамтран хэрэгжүүлэх, харилцан туршлага солилцох боломжтой болно. Талууд эрүүл, аюулгүй орчныг бий болгох, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ногоон хөгжлийг дэмжиж эдийн засгийг сайжруулах, эрчим хүчний хэмнэлт болон үр ашгийг сайжруулах, хуванцар бохирдолтой тэмцэх, хүнсний алдагдлыг бууруулах чиглэлд шилдэг туршлагуудыг солилцож, хамтран ажиллахаар тохиров.
  2. “Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хооронд Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын ажлын хэсэг байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, БНХАУ-ын Үндэсний Хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Жөн Шаньжье нар гарын үсэг зурав. Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтуудыг авто болон төмөр замаар холбож дэд бүтцийг сайжруулах зорилтыг тавин ажиллаж байна. Уг санамж бичгийг байгуулснаар Шивээхүрэн-Сэхээ хил дамнасан төмөр замын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, бүтээн байгуулалтын ажил нэг шат урагшлах юм.
  3. “Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, БНХАУ-ын Худалдааны яам хооронд Цахим эдийн засгийн салбар дахь хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, БНХАУ-ын Худалдааны сайд Ван Вэньтао нар гарын үсэг зурав. Тус санамж бичигт гарын үсэг зурснаар цахим эдийн засгийг хөгжүүлэх, цахим салбар дахь аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих юм. Энэ хүрээнд туршлага солилцох, инновацын чиглэлээр хүний нөөц бэлтгэх, Монгол Улсын мэдээллийн технологийн компаниудын бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.

Мөн арга хэмжээний үеэр хоёр талын дараах баримт бичгийг байгуулав. Үүнд:

  1. “Аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Ху Хөпин нар гарын үсэг зурав. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан уг хэлэлцээрийг байгуулснаар хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх эрх зүйн үндсийг тавьж байна.
  2. Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хоорондын “Хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг”-т Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар болон БНХАУ-ын Хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Жөн Шаньжие нар гарын үсэг зурав. Тус санамж бичгийг байгуулснаар хоёр улс хоорондоо хөгжлийн туршлагаа солилцох, бодлого төлөвлөлт, стратегийн уялдаа холбоог сайжруулах, макро эдийн засаг, хот төлөвлөлт, аж үйлдвэрийн төлөвлөлт болон “Бүс ба Зам” болон “Талын зам” санаачилгын хүрээнд Эдийн засгийн коридорын төслүүдийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, хоёр улсын одоогийн мөрдөгдөж буй хууль тогтоомж, эрх зүйн хүрээнд тус тусын аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний байгууллага болон боловсон хүчний солилцоог өргөжүүлэх боломжтой болж байна.
  3. “Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-т Монгол Улсын Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын намын хорооны гишүүн, Үндэсний боомтын захиргааны дарга Жао Зөнлянь нар гарын үсэг зурав. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Боомтын сэргэлтийн Үндэсний хороог байгуулсантай холбогдуулан Монгол, Хятад улсын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны механизмыг хөгжүүлэх, бусад ажлын хэсгийн уялдаа холбоог хангах зорилгоор 2014 онд байгуулсан “Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комисс байгуулах тухай хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулав.
  4. “Хууль бусаар барааг хилээр нэвтрүүлэх гэмт хэрэгтэй хамтран тэмцэх тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын дарга Юй Жяньхуа нар гарын үсэг зурав. Уг санамж бичгийг байгуулснаар 2011 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн  “Гэмт хэрэгтэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу барааг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагааны ололт амжилтыг бататгах, гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, харилцан туршлага солилцох, хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх чиглэлд чадавхыг бэхжүүлэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой юм.
  5. “Монгол Улсаас БНХАУ-д үйлдвэрийн зориулалттай ашиглах мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн экспортлох үеийн мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын протокол”-д Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын дарга Юй Жяньхуа нар гарын үсэг зурав. Энэхүү протоколоор талууд Монгол Улсаас БНХАУ-д “Үйлдвэрийн зориулалтаар  ашиглах мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн экспортлох хорио цээр, мал эмнэлгийн ариун цэврийн шаардлага”-ыг тохиролцов. Үйлдвэрийн зориулалтаар ашиглах мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн гэдэг нь үхэр, хонь, ямаа, адууны яс, эвэр, туурай, өөх зэргийг хатаах, уураар жигнэх, өндөр даралтаар боловсруулах, өндөр даралтаар шүршиж хатаах аргаар боловсруулж гаргаж авсан техникийн зориулалт бүхий бүтээгдэхүүн буюу желатин, тос, уураг (пептон), буталсан яс, эвэр туурайгаар хийсэн бүтээгдэхүүнийг хамруулж байгаа болно.

Түүнчлэн “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээр”, “Монгол Улсын Баянхонгор аймаг болон БНХАУ-ын Ганьсу муж хооронд найрсаг, хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”, “Монгол Улсын Баянхонгор аймгийн Баянхонгор сум, БНХАУ-ын Ганьсу мужийн Жючуань хот хооронд ах дүүгийн харилцаа тогтоох тухай хэлэлцээр” зэрэг баримт бичигт гарын үсэг зурав.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Ниншя хотон үндэстний Өөртөө засах оронд зочлов

2023.10.20. БНХАУ. Бээжин хот. БНХАУ-ын Бээжин хотноо Бүс ба Зам олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалт болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд БНХАУ-ын Ниншя хотон үндэстний Өөртөө засах оронд зочлов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ниншя хотон үндэстний Өөртөө засах орны намын хорооны нарийн бичгийн дарга Лан Яньшүнь, тэргүүлэгч Жан Юйфү нарыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэрээ Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд орон нутгийн харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг бөгөөд Ниншя хотон үндэстний Өөртөө засах орон нь Монгол Улсын Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь аймагтай харилцаа тогтоон, хамтын ажиллагаа өрнүүлж байгаад баяртай байгааг илэрхийлэв.Цаашид хөдөө аж ахуй, аж үйлдвэр, байгаль орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх, сэргээгдэх болон ногоон эрчим хүч, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг олон салбарт хамтран ажиллах өргөн боломж байгаа гэдэгт талууд санал нэгдэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн Хятадын Шинжлэх ухааны академийн харьяа Шапөтоу цөлжилтийн эсрэг төв, “Кайсэнь” ухаалаг хөдөө аж ахуйн хүлэмжийн үйл ажиллагаатай танилцлаа. Ниншя нь БНХАУ-ын баруун хойд хэсэгт оршдог. 66,400 хавтгай дөрвөлжин км нутагтай. 7 сая гаруй хүн амтай. Иргэдийн 35 орчим хувь нь хотон. БНХАУ-ын үндэстний цөөнхийн өөртөө засах таван мужийн нэг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ниншя хотон үндэстний Өөртөө засах оронд ажиллаж байна

2023.10.10. БНХАУ. Ниншя. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын Ниншя хотон үндэстний Өөртөө засах орны “Кайсэн” хөдөө аж ахуйн аж үйлдвэрийн паркийн үйл ажиллагаатай танилцлаа. 155 сая орчим юаны хөрөнгө оруулалт бүхий энэ паркийн 5,000 м.кв талбайтай ухаалаг хүлэмжид  “Мао тай лан” жимсний улаан лоолийн сортыг голлон тариалдаг. Жилд 4,000 тонныг үйлдвэрлэн 100 гаруй сая юаны орлого олдог юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгч мөн өдөр Жүнвэй хотын “Шапатоү” байгалийн хамгаалалтын бүсэд зочлон, цөлжилтөөс сэргийлэх, аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлж байгаатай танилцлаа. Тус хот 60 гаруй жилийн хугацаанд ой байгуулж, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, цөлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, 100,00 га талбай бүхий элсэн цөлийг ойжуулжээ. Улаан буудайн сүрлийг өвсөн тор хэлбэрээр тавьж, элс бэхлэх, түймрээс сэргийлэх болон ойжуулалтын бүс байгуулан усжуулалт зэргийг цогцоор нь шийдсэн “Өвсний тор” арга нь Үндэсний шинжлэх ухаан, технологийн дэвшлийн тусгай шагнал хүртсэн. Мөн НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр “Дэлхийн байгаль орчныг хамгаалах шилдэг 500” цол олгожээ. “Шапатоү” байгалийн хамгаалалтын бүс жилд 15 сая орчим жуулчин хүлээн авч, 10 тэрбум юаны орлого олдог юм байна.

Д.Амарбаясгалан БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна

2023.11.24. Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Хятадын Коммунист намын урилгаар энэ сарын 22-26-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын хүрээнд 11 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Хятадын Коммунист Намын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Цай Чи-тэй уулзлаа. Уулзалтаар улс төрийн намуудын харилцаа болон хоёр талын хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд санал солилцож, зарчмын зарим тохиролцоонд хүрлээ. Түүнчлэн Хятадын Коммунист Намын Төв хорооны Гадаад Харилцааны газрын дарга Лю Жяньчаотай уулзалт хийсэн юм. Энэхүү уулзалтаар өндөр дээд түвшинд хүрсэн тохиролцоог бодит ажил хэрэг болгох талаар ярилцав. 

СДМЭХ-ны Ерөнхийлөгч Х.Булгантуяа ХКН-ын Гадаад харилцааны сайд Лю Жяньчаотай уулзлаа

2023.11.24. СДМЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа БНХАУ-д энэ сарын 15-22 ны өдрүүдэд айлчлал хийлээ. Айлчлалын үеэрээ ХКН-ын Гадаад Харилцааны сайд Лю Жяньчаотай уулзав. Уулзалтын эхэнд Хятадын Коммунист Намын Гадаад Харилцааны яамны сайд Лю Жяньчао: “Залуу, шилдэг удирдагчийн хувьд Монголын бүтээн байгуулалт, эмэгтэйчүүдийн хөгжилд өндөр хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Та бол Хятадын ард түмний сайн сайхныг байнга санаж  цар тахлын үед “Мөнхийн хөрш, Сэтгэлийн өглөг” хандивын аяныг санаачилж зохион байгуулж байсан нь бид бүхний сэтгэлийг хөдөлгөсөн. Та МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн. Эмэгтэйчүүд бол нийгэмд маш том үүрэг хүлээж байдаг. Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбоо болон Хүний Нөөц Нийгмийн Хамгааллын яам болон Монголын Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яам хамтран эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах нь зүйтэй. Хоёр улсын харилцаа, ард түмний нөхөрлөлд эмэгтэйчүүд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж итгэж байна” гэлээ. Харин СДМЭХ-ны Ерөнхийлөгч, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Х.Булгантуяа хэлэхдээ “Цар тахлын дараа Хятад улсын эдийн засаг өсч хүн амын амьдрал амгалан тайван болсныг харахад баяртай байна. Хоёр улсын найрамдалд харилцаа, хоёр намын хамтын ажиллагаа нь иргэд хоорондын хамтын ажиллагаанд маш чухал нөлөө үзүүлдэг. 2014 оноос эхлэн “Энхтайван хөгжлийн сан”-тай хамтын ажиллагаа эхлүүлж 6 төсөл арга хэмжээг хамтарч зохион байгуулсан. Цаашид энэхүү хамтын ажиллагааныхаа хүрээнд гэр хороолол буюу захын дүүргийн айл өрх руу чиглэсэн төсөл арга хэмжээ хамтран зохион байгуулах хүсэлтэй байна” гэв. Энэхүү уулзалтад Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал мөн оролцлоо. СДМЭХ-ны Ерөнхийлөгч, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Х.Булгантуяа БНХАУ-д ажиллах хүрээндээ Си Ян хотод зохион байгуулагдсан Торгоны замын олон улсын эмэгтэйчүүдийн форум болон Торгоны замын олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцсон юм. 

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэндчилгээ дэвшүүллээ

2024.07.12. Монгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээнд Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон танай Засгийн газар, ард иргэдэд чин сэтгэлээсээ баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе. Хятад, Монгол хоёр улс бие биеийнхээ хувьд чухал хөрш бөгөөд сайн хөршийн найрсаг харилцааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь хоёр улсын ард иргэдийн язгуур эрх ашигт нийцнэ. Миний бие Тантай хамт хоёр улсын хувь заяаны хамтын нэгдлийг бий болгох зорилгод чиглэж, харилцааны улс төрийн үндэс суурийг хамгаалан, харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг зөв замналд эрүүл, тогтвортой урагшлуулан хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэхэд бэлэн байна. Танай улсад хөгжил цэцэглэлт, ард иргэдэд энх тунх, аз жаргал хүсэн ерөөе гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн бараалхлаа

2024.09.07. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Төрийн ордонд бараалхав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Өнгөрсөн онд Бээжин хотноо болсон “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад оролцох үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, олон асуудлаар нэгдсэн ойлголцолд хүрснээ тэмдэглэж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинд мэндчилгээг нь уламжлахыг хүсэв. Хоёр талын харилцааны олон чухал ой тохиож буй энэ үед БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчилж байгаа нь мөнхийн хөрш манай хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзлийн илрэл гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тэмдэглэв. Тэрбээр хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон асуудлууд, тухайлбал, хоёр талын худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэх, хоёр улсын дэд бүтцийн холболтыг сайжруулах, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг идэвхжүүлэх, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хоёр талын холбогдох байгууллага идэвхтэй ажиллах нь зүйтэйг онцлов. БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсын Ерөнхийлөгчид хүлээн авч уулзсанд нь талархал илэрхийлээд, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг уламжлав. Тэрбээр уул, усаар холбогдсон найрсаг хөрш Хятад, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрамдал хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байгааг онцоллоо. Хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтод тулгуурлан, Монгол Улстай найрамдал, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Хятад, Монголын харилцааг тогтвортой хөгжүүлэхэд хятадын тал бэлэн байгааг илэрхийлэв.

Монгол, Чехийн харилцаа

2021.12.14. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд И.Бродскийг бүр мөсөн нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Элчин сайдаар томилогдсон өдрөөс эхлэн хоёр орны найрсаг, уламжлалт харилцааг эдийн засаг, хүмүүнлэг, иргэд хоорондын хэлхээ холбоо зэрэг чиглэлээр баяжуулахад онцгой хувь нэмэр оруулсныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өндрөөр үнэлэв. Цар тахлын үед анх удаа Монгол, Чех Улсын хооронд тусгай үүргийн нислэг үйлдэж эх орондоо буцах хүсэлтэй хэдэн зуун монгол иргэнийг авч ирэх, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Алтан гадас одонгоор шагналаа.

Чехийн Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2022.02.21. Төрийн ордон. Улаанбаатар хот. Монгол Улс. Энэ өдөр Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопил Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайдад баяр хүргэж, 70 гаруй жилийн баялаг түүхтэй манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид харилцан үр ашигтай өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайд бодит хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, ажлын амжилт хүсэв. Элчин сайд Ян Вытопил Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земаны мэндчилгээг уламжилж, Монгол Улсын төр засгийн бодлого, санаачилгыг дэмжиж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн баяжуулахын төлөө хичээл зүтгэл гарган ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр 1967 онд төрсөн. 1995 оноос Чехийн Гадаад хэргийн яаманд ажиллаж, Лима, Хавана, Мехико, Нью-Йорк, Манила, Киншаса зэрэг хотод Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яаманд томилогдон ажиллаж байжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхий сайдыг хүлээн авч уулзлаа

2022.11.08. Египет улс. Шарм Эль Шейх хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцох үеэрээ Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхий сайд Петр Фиалаг хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч Монгол Улс Европ дахь чухал түншийн нэг Бүгд Найрамдах Чех Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Уулзалтаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, боловсрол, байгаль орчин зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа Ойн түншлэлийн тухай Монгол Улс болон Европын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигийн хүрээнд ойн менежментийн салбарт идэвхтэй хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгчтэй уулзав

2023.09.22. АНУ. Нью-Йорк. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байна. Энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелтай уулзлаа. Талууд уламжлалт, найрсаг харилцааг улам бүр хөгжүүлж, хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Монгол Улсын Ерөнхийлөгч зэрлэг тахийг уугуул нутагт нь нутагшуулах хөтөлбөрийг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж, энэ нь хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болохыг онцлов. Чехийн тал 1992 онд Прага хотын амьтны хүрээлэнгээс анхны 16 тахийг Төв аймгийн Хустайн нуруунд авчирч, түүнээс хойш хэд хэдэн удаагийн төсөл хэрэгжүүлээд байна. Ерөнхийлөгч Петр Павел хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг батлан хамгаалах, аюулгүй байдал, соёл зэрэг салбарт өргөжүүлэх боломж байгааг хэлээд, ирэх онд эх орондоо айлчилж, энэ хүрээнд Монголын эзэнт гүрний тухай нийтэд толилуулах үзэсгэлэнгийн нээлтэд оролцохыг урилаа. Бүгд Найрамдах Чех Улсад 12 мянга гаруй монгол иргэн амьдардаг бөгөөд Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр энэ оны гуравдугаар сараас хэрэгжиж байна. Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрт талууд 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Прага хотноо гарын үсэг зурсан. Энэ дагуу Монгол Улсын иргэн эх орондоо болон Бүгд Найрамдах Чех Улсад шимтгэл төлж ажилласан хугацаагаа нэгтгэн тооцож тэтгэвэр тогтоолгох боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл Монгол Улс эсхүл Бүгд Найрамдах Чех Улсад тэтгэвэр тогтоолгох нь хоёр улсын холбогдох хууль тогтоомжоор нээлттэй болсон юм.

Монгол, Шведийн харилцаа

Шведийн Социал Демократ Намын удирдлагуудтай уулзлаа

2022.08.30. Монгол Ардын намын Гадаад харилцааны хэлтсийн дарга М.Цэлмүүн Шведийн Социал Демократ намын Гадаад харилцааны нарийн бичгийн дарга ноён Йохан Хасселтай уулзлаа. Уулзалт 2022 оны 06-р сарын 20-ны өдөр Шведийн Социал Демократ Намын Төв байранд боллоо.
Талууд олон жилийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан албан айлчлалууд хийхээр тохиролцсон ба хоёр намын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Шведийн Социал Демократ намын үүсгэн байгуулагч ардчилал, хүний эрх, энхтайван, нийгмийн шударга ёсны төлөө тэмцэгч Шведийн Ерөнхий сайд асан Олоф Палме нэрэмжит олон улсын төвийн Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Анна Сундструм, Гадаад харилцааны газрын дарга ноён Микаел Фагэрбэрг нартай уулзлаа. Энэхүү уулзалтаар Монгол Ардын намын 30 дугаар Их хурлаар шинэчлэн батлагдсан намын мөрийн хөтөлбөр болон эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийн зарчим дээр суурилсан социал демократ үзэл баримтлалыг баримтлахаа тодотгож буйгаа танилцуулж, намын дэвшүүлсэн дэвшилтэт бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо гэжээ.

Шведийн Хаан мэндчилгээ ирүүлэв

2023.07.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Шведийн Хаант Улсын Хаан Карл XVI Густаф Үндэсний их баяр наадмыг  тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ ирүүлэв. Мэндчилгээнд Ерөнхийлөгч Танд эрүүл энх, сайн сайхан, монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе гэжээ.

Шведийн Хаан Карл XVI Густаф мэндчилгээ дэвшүүлэв

2022.07.16. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Шведийн Хаант Улсын Цог Жавхлант Хаан Карл XVI Густаф мэндчилгээ дэвшүүлэв. Уг мэндчилгээнд: Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрхэмсэг ноён Танд чин сэтгэлийн баяр хүргэе. Танд эрүүл энх, аз жаргал, Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе гэжээ.

Шведийн Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023.11.17. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Шведийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пер Августссон Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ  илэрхийлэв. Мөн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд Пер Августссон харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

Женевт тогтвортой ноолуур зөвлөгөөн болов

2020.10.28. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв, Дэлхийн худалдааны байгууллага болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас Тогтвортой ноолуур сэдэвт зөвлөгөөн зохиолоо. Зөвлөгөөнд Женевт төвлөрөн үйл ажиллагаа явуулдаг НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал, Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын худалдааны төв, НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллагын Женев дэх салбар, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Женев дэх салбар, Тогтвортой хөгжлийн олон улсын хүрээлэн зэрэг байгаль орчны болон эдийн засаг, худалдааны байгууллагуудын төлөөлөл оролцов. Түүнчлэн НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон Алт төсөл, Францын Байгаль орчны Сан, Францын хил хязгааргүй агрономчид зэрэг монголын ноолуурын салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй олон улсын байгууллага, хөгжлийн агентлагуудын төлөөлөл оролцов. Зөвлөгөөнд оролцогсдод зориулж Засгийн газрын зүгээс ноолуурын салбарын хөгжил, малчдын амьжиргааг тэтгэх, бэлчээр зөв зохистой ашиглах, байгаль орчны доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх чиглэлд авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тус тус мэдээлэл хийв. Түүнчлэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн газраас боловсруулсан Тогтвортой ноолуурын Платформын талаар Суурин төлөөлөгч Элейн Конкиевич илтгэл тавьж, бэлчээр ашиглах, малын ашиг шимийг нэмэгдүүлэх Швейцарын туршлагын талаар Олон улсын Тогтвортой мал аж ахуйн Хөтөлбөрийн тэргүүн Фриц Шнайдер танилцуулав. Зөвлөгөөнөөр боловсруулсан ноолуурын экспортыг нэмэгдүүлэх, бэлчээрийн доройтлыг бууруулах, ямааны ноолуураас бусад ашиг шимийг нэмэгдүүлэх замаар малчин өрхийн орлогыг тогтвортой байлгаж, экспортыг төрөлжүүлэх зэрэг цогц асуудлаар байгаль орчин, малын эрүүл мэнд, өртгийн сүлжээ, гадаад худалдааны өнцгөөс олон улсын байгууллагуудын мэргэжилтнүүд хооронд мэдээлэл солилцуулж, Бэлчээрийн тухай хуулийн төсөлд тусгах боломжтой санал, дүгнэлтийг хэлэлцүүлэв.

Швейцарын банк яагаад нэр хүндтэй байдаг вэ

2022.06.30. Монгол Улс. Улаанбаатар хот. Швейцарын банк дэлхийн хамгийн нэр хүндтэй банкуудын тоонд ордог. Тус улсын банкууд харилцагчдынхаа тухай ямарч мэдээлэл гадагш гаргадаггүй, өндөр нууцлалтай байдаг учраас тэр юм. Тиймээс, тус улсын банкууд руу хэний мөнгө орж, гарч байдгийг тэр бүр мэдэх бололцоогүй. 2009.05.02-ны хавьцаа АНУ-д 15 тэрбум ам.долларын татвараас зайлсхийсэн 52 мянган иргэн байгаа гэх мэдээлэл гарч байлаа. Тэднийг Швейцарийн UBS банкинд харилцах болон хадгаламжийн данстай байж магадгүй гэж Америкийн татварын албаныхан сэрдэж байсан юм. Тиймээс тэд Швейцарийн UBS банкнаас америк харилцагчдынхаа нэрсийг гаргаж өгөх хүсэлт тавьсан талаар дэлхийн хэвлэлүүд онцлон бичиж байсан билээ. Харин Швейцарийн UBS банкныхан америк харилцагчдынхаа нэрсийг өгөхгүй гэдгээ шүүхийн өмнө албан ёсоор мэдэгдэж байв. Хэрэв америкийн талд харилцагчдынхаа тухай мэдээлэл өгвөл Швейцарийн хуулийг тэрсэлсэн хэрэг болно гэж тус банкныхан мэдэгдэж байжээ. Цаашлаад тус банкны нэр хүнд дэлхийн тавцанд унаж, харилцагчдынх нь итгэл сулрах байсан гэж үздэг юм. 

Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Элчин сайд Д.Гэрэлмаад Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав

2022.04.21. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Даваасүрэнгийн Гэрэлмаад Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулж, амжилт хүсэв. Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний язгуур эрх ашгийг ямагт дээдлэх, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, монгол хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, суугаа орон болон тухайн бүс нутагт эх орноо сурталчлан таниулах зэрэгт анхаарч ажиллахыг үүрэг болгов. ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА НЬ:

  • 1994 онд Монгол Улсын Их сургуулийн дэргэдэх Лицей дунд сургууль
  • 1998 онд Монгол Улсын Их сургууль, олон улсын харилцааны мэргэжилтэн, франц судлал
  • 2000 онд Франц Улсын Засаг захиргааны дээд сургууль
  • 2001 онд Шинэ Зеланд Улсын Веллингтоны их сургуулийг тус тус төгссөн.
  • 2009 онд Туркийн дипломатын академид мэргэжил дээшлүүлсэн
  • 1998 онд Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газарт мэргэжилтэн
  • 2000-2002 онд Гадаад харилцааны яамны Европын газарт атташе,
  • 2003-2007 онд Парис дахь Элчин сайдын яам, Женев дэх Байнгын төлөөлөгчийн газарт гуравдугаар нарийн бичгийн дарга,
  • 2007-2011 онд Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга,
  • 2011-2014 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт нэгдүгээр нарийн бичгийн дарга,
  • 2014-2018 онд Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал,
  • 2018 оны 11 дүгээр сараас Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байсан юм гэжээ.

Швейцарын Холбооны Ерөнхийлөгч А.Берсе мэндчилгээ дэвшүүлэв

2023.07.10. Mонгол Улc. Улaaнбaaтaр хот. Швейцарын Холбооны Ерөнхийлөгч А.Берсе: Эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг Монголын ард түмэнд хүсэн ерөөе. Ирэх жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгчтэй уулзав

2023.09.20. АНУ. Нью-Йорк хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгч Ален Берсе-г өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав. Талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг 2024 онд хамтран тэмдэглэн өнгөрүүлэх болон олон улсын харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов. Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгч Ален Берсе, геополитикийн нөхцөл байдал амаргүй байгаа нь улс орнуудын олон талт хамтын ажиллагаанд бэрхшээл үүсгэж буйг тэмдэглэв. Тэрбээр 2024 онд Монгол Улсад айлчлахыг урьсан урилгыг талархан хүлээж авлаа.

Швейцарын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023.11.16. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Юрг Бурри Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ  илэрхийлэв. Мөн олон улсын хамтын нийгэмлэг НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд Юрг Бурри харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улсад Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд төрийн айлчлал хийнэ

2024.07.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 2024.08.02-04-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Уг айлчлал нь энэ онд тохиож буй Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжих бөгөөд Монгол Улсад швейцарын талаас Төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны төрийн айлчлал юм. Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн өргөжүүлэх талаар ярилцана. Мөн хоёр орны харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Монгол Улс, Швейцарын Холбооны Улс 1964.05.22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон юм гэжээ.

Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024.08.02. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэв. Ерөнхийлөгч Виола Амхерд болон дагалдан яваа төлөөлөгчдийг Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Юрг Бурри болон бусад албаныхан угтав. Энэ айлчлал нь Швейцарын Холбооны Улсаас Ерөнхийлөгчийн түвшинд хийж буй анхны төрийн айлчлал бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог юм. Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд 1964.05.22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай юм.

Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2024.08.02. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 2024 оны 08 дугаар 02-04-ний өдрүүдэд анх удаа төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердийг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, Ерөнхийлөгч Виола Амхерд Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв. Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улсын болон Швейцарын Холбооны Улсын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчидтэй мэндчиллээ. Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч Виола Амхерд Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Хоёр улс 1964.05.22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд нар албан ёсны уулзалт хийлээ

2024.08.02. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 2024 оны 08 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд нар Төрийн ордонд албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч нар хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим зэрэг ардчиллын үнэт зүйлд суурилсан Монгол, Швейцарын найрсаг харилцаа улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол болон хүмүүнлэг зэрэг салбарт өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийлэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсад өрнөсөн ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжилтийг швейцарын тал тууштай дэмжиж, ардчилсан засаглалыг бэхжүүлэх чиглэлээр болон хамтын ажиллагааны олон салбарт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсныг тэмдэглэлээ. Талууд дипломат харилцаа тогтоосноос хойш 60 жилийн хамтын ажиллагааны ололт, амжилтаа бататгаж, цаашид харилцан сонирхсон бүхий л салбарт идэвхтэй ажиллахын төлөө байгаагаа нотоллоо. Уулзалтын үеэр олон улс, бүс нутгийн түвшинд хоёр талаас дэвшүүлсэн санал, санаачилгуудыг хамтран хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчны доройтол зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулах талаар ярилцлаа. 

Монгол, Швейцарын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

2024.08.02. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 2024 оны 08 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Төрийн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн Монгол, Швейцарын Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа.

1.МОНГОЛ, ШВЕЙЦАРЫН ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ

Хамтарсан тунхаглалаар 60 жилийн хамтын ажиллагааны ололт, амжилтыг бататгаж, цаашдын чиглэлийг тодорхойллоо. Энхтайвны төлөөх Монгол, Швейцар хэмээх түүхэн ойн уриа нь хоёр улсын гадаад харилцааны зорилтуудыг тодорхойлсон. Дээд, өндөр түвшний харилцан айлчлал, зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, улс төрийн харилцан ойлголцол, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улс, бүс нутгийн тогтвортой байдлын төлөөх санаачилгын хүрээнд хамтрах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй хамтран тэмцэх, хоёр улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилтуудын хүрээнд хамтын ажиллагааг тэлэхээр тохиров. Хөдөө аж ахуй, эрүүл мэнд, онцгой байдал, боловсрол, спорт, соёлын салбар дахь хамтын ажиллагааг улам баяжуулахаар боллоо.

2.АРДЧИЛСАН ЗАСАГЛАЛЫН АСУУДЛААРХ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Юрг Бурри нар гарын үсэг зурлаа. Хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим зэрэг ардчиллын үнэт зүйлсэд суурилсан засаглалыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах чиглэлээр тусгайлсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хүрээг Санамж бичгээр тодорхойлсон. Энэ хүрээнд Парламентын институцийг бэхжүүлэх нь, Үндсэн хуулийн шүүхийн шинэтгэл ба ардчилал, хүний эрх зэрэг төсөл хэрэгжүүлж байна.

Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч нар мэдээлэл хийлээ

2024.08.02. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 2024 оны 08 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд нар албан ёсны уулзалтын дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд болж буй анхны төрийн айлчлал харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд томоохон түлхэц болохыг талууд онцолж, Монгол, Швейцарын хамтарсан тунхаглал, Ардчилсан засаглалын асуудлаарх Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсныг зарлалаа. Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого болон Швейцарын Холбооны Улсын даян дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх хүчин чармайлт, тууштай бодлогыг харилцан уялдуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа нотоллоо.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч, эрхэмсэг хатагтай Виола Амхерд Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны энэ айлчлал Швейцарын Холбооны Улсын Төрийн тэргүүний манай улсад хийж буй анхны түүхэн айлчлал бөгөөд Монгол, Швейцарын ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүхийн нэгэн шинэ хуудсыг бид хамтдаа нээж байна. Газарзүйн байршлын хувьд алс хол Швейцарын Холбооны Улсыг бид манай улсын гуравдагч хөрш, Европ дахь итгэлт түншээ хэмээн үздэг бөгөөд хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг ардчиллын үнэт зүйлс нь манай хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлж, хамтын ажиллагааны чухал үндэс суурь болдог билээ. Төрийн айлчлалын үеэр бид харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн 60 жилийн ололт, амжилтыг бататгах, цаашид улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх, улс орны хөгжил дэвшил, эдийн засгийн үр өгөөж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн харилцан ашигтай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо. Бидний яриа хэлэлцээний дүнд Монгол, Швейцарын хамтарсан тунхаглал, Ардчилсан засаглалын асуудлаарх Харилцан ойлголцлын санамж бичигт хоёр тал гарын үсэг зурлаа. Эдгээр баримт бичиг нь манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлж, ардчилсан засаглалыг улам бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна. Ардчилал, хууль дээдлэх зарчим, сайн засаглалын үнэт зүйлийг бататгаж, хууль тогтоох болон иргэний нийгмийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг дэмжиж, шүүх болон эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх чиглэлээр бид хамтарсан төсөл хэрэгжүүлнэ. Швейцарын Холбооны Улс нь манай улсын гадаад худалдааны томоохон түнш бөгөөд хоёр талын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц харилцан ашигтай хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг судлан хэрэгжүүлэхээр ярилцлаа. Мөн хоёр улсын тогтвортой хөгжлийн бодлогод тусгагдсан нийтлэг зорилтуудаа уялдуулж, нийгэм, эдийн засгийн хөгжлийг бататгах, аялал жуулчлал, боловсрол, соёл, хөдөө ахуй, эрүүл мэндийн салбарт үр дүнтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхээр тохирлоо. Хүнсний хангамж, Аюулгүй байдал, Цагаан алт үндэсний хөдөлгөөний хүрээнд тогтвортой фермийн аж ахуй, мал аж ахуйн менежментийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, био-органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зэрэгт чиглэсэн хамтарсан төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. Швейцарын стандарт, технологийг нутагшуулах, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан залуусыг сургаж бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Илгээлт 2100 тэтгэлэгт хөтөлбөрийг танилцууллаа. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний аюулгүй байдал зэрэг дэлхий нийтэд тулгарч буй сорилтыг даван туулж, шийдвэрлэх нь бидний нийтлэг томоохон зорилт гэдгийг онцолж, Тэрбум мод үндэсний хөдөлгөөний зорилт болон Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Монгол Улсын ардчилсан тогтолцоо, сайн засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд зориулан Швейцарын ард түмэн, төр, засгаас өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд манай улсад 460 гаруй тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлж, үр дүнтэй олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэнд манай ард түмэн ямагт талархаж байдаг. Мөн цар тахал, байгалийн гамшиг, үер, зудын бэрхшээлтэй тулгарсан цагт Швейцарын Холбооны Улс монголын ард түмэнтэй хамт байж, хүмүүнлэгийн болон хүний эрүүл мэндийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн. Үүний нэг  жишээ нь Зүрх мартахгүй төслийг онцлохыг хүсэж байна. Цаашид хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, газар хөдлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах чиглэлээр Монгол Улсын чадавхыг бэхжүүлэх, монголын зүрхний эмч нарын тусламжтайгаар хүүхдийн эмнэлгийн бүс нутгийн үйлчилгээг дэмжих ажлыг бид үргэлжлүүлэхээр тохиролцлоо. Мөн үндэсний соёлоо сурталчилж, спортыг дэмжих чиглэлээр бид хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Монголын түүхийн үзэсгэлэнг Швейцарын Цюрих хотын Рийтберг музейд 2025 онд гаргахаар боллоо. Байгаль, цаг уур, далайд гарцгүй зэрэг бидний нийтлэг онцлог,  гадаад бодлогын ижил төстэй байр суурьтай манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн бэхжүүлэхээ талууд нотоллоо. Цаашид эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, соёл, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө өргөн хүрээнд хамтран ажиллах болно. Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого болон Швейцарын Холбооны Улсын даян дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх хүчин чармайлт, тууштай бодлогыг бид харилцан уялдуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.

ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВИОЛА АМХЕРД:

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Өнөөдөр би Монгол Улсад айлчилж байгаадаа туйлын баяртай байна. Манай хоёр улсын олон жил ойр дотно хамтран ажиллаж ирсэн атал Швейцар Улсын Ерөнхийлөгчийн түвшинд анх удаа айлчилж байгаа нь итгэхэд бэрх ч  бодит үнэн юм. Энэ айлчлал Швейцар, Монголын харилцааны түүхэнд нэгэн чухал үйл явдал болж байгааг нэн хүндэтгэж, маш их баяртай байна. Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жил, Хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага Монгол Улсад 20 жил ажилласан амжилтыг энэ айлчлалаар ёслон тэмдэглэж байна. Үүний зэрэгцээ бид ирээдүйгээ харж, хоёр улсын цаашдын харилцааг тодорхойлоход чухал ач холбогдол өгч байна. Энэ зорилтын хүрээнд бид хоёр улсын хамтын ажиллагааны тухай Хамтарсан тунхаглал, Ардчилсан засаглалын асуудлаарх Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. НҮБ-аас анхааруулсан дэлхий дахинаа тархаж буй ардчиллын бууралтыг сөрөн зогсоох нь Швейцар Улсын хувьд нэн чухал юм. Монгол Улсад саяхан болсон парламентын сонгуулиар сонгогчдын оролцоо өндөр байж, сонгууль амжилттай болсон нь ардчиллын төлөөх иргэд, төрийн байгууллагуудын хүчин чармайлтыг тод илтгэн харууллаа. Бид улс төр, хууль эрх зүйн чиглэлээр идэвхтэй харилцаа өрнүүлж байгаагийн зэрэгцээ эрүүл мэнд, худалдаа, хүмүүнлэгийн салбарт олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж байна. Түүнчлэн бид бусад салбарт хоёр болон олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр болсныг өнөөдөр Хамтарсан тунхаглалдаа тусгалаа. Швейцар, Монгол дэлхийн тавцанд олон асуудлаар ижил төстэй байр суурьтай. Тухайлбал, манай хоёр улс цаазын ялыг дэлхий дахинаа халахын төлөө байдаг. Энх тайван, аюулгүй байдлыг хангах нь Швейцар Улсын олон талт гадаад бодлогын нэг тулгуур нь юм.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Үүнтэй холбогдуулан энх тайван, тогтвортой байдлын төлөөх Монгол Улсын хүч чармайлт, ялангуяа НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж  байна. Бид дэлхий дахины аюулгүй байдлын тогтолцооны талаар мөн ярилцлаа. Тухайлбал, энэ оны зургаадугаар сард Бүргеншток хотод болсон олон улсын бага хурлын дараа Украинд зүй ёсны, энх тайвныг тогтвортой цогцлоохын төлөө Швейцар Улсаас хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа. Өнөөгийн нөхцөл байдалд энэ олон улсын бага хурал төсөөлж байсандаа хүрсэн. Үүний үр дүн нь асуудлыг урагшлуулахад чиглэсэн арга замыг эрэлхийлэхийг зорьсон. Швейцар Улсын хувьд байр суурь тодорхой бөгөөд хоёр талын оролцоог хангаж байж л энх тайвныг урт удаан хугацаанд цогцлоож чадна. Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлын төлөөх Швейцар, Монголын хүч чармайлтын талаар бид мөн ярилцлаа. Швейцар, Монгол хоёр улс газар зүйн хувьд алс хол хэдий ч ардчилсан үнэт зүйл, эрх зүйт ёс, олон улсын тавцан дахь хамтын хүч чармайлт биднийг ойртуулдаг. Бид энэхүү нөхөрлөлөө улам бүр бататгаж, ирээдүйн боломжоо үр дүнд хүргэхээ нотоллоо. Найрсаг зочломтгой хүлээн авч буй хүндэт Ерөнхийлөгч Танд талархал илэрхийлье. Манай хоёр улсын харилцааг түүчээлэн өргөжүүлэхдээ баяртай байна. 

Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Чингис хаан үндэсний музейд зочиллоо

2024.08.03. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердын төрийн анхны айлчлал үргэлжилж байна. Хүндэт зочин Чингис хаан үндэсний музейд зочилж, нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгээс эхлэн ХХ зууны эхэн хүртэлх хаад, монголын түүхийг өгүүлсэн үнэт үзмэрүүдийг үзэж  сонирхлоо. Мөн өнгөрсөн онд Бүгд Найрамдах Франц Улсын Нант хотноо 250 мянга гаруй хүнд толилуулсан Чингис Хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь үзэсгэлэнг үзлээ. Энэ үзэсгэлэнг Луврын музей, Францын Үндэсний архив, Севрийн Үндэсний керамикийн музей, Чимэглэлийн урлагийн музей болон Швейцарын Рийтбергийн музейтэй хамтран гаргаж байгаа юм. Үзэсгэлэнг хоёр орны төрийн тэргүүний тохиролцсоны дагуу ирэх оны 2024.10 сараас 2026.03 сар хүртэл хугацаанд Швейцарын Цюрих хотын Рийтберг музейд дэлгэнэ. Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд мөн Чойжин ламын хийд музейд зочиллоо. Энэ хийдийг 1908 онд наймдугаар Богд Жавзандамба хутагт төрсөн дүү, олноо Чойжин лам хэмээн алдаршсан Лувсанхайдавтаа зориулан бүтээсэн түүхтэй. Хийдэд 1936 оныг хүртэл хурал ном хурж байсан бөгөөд 1941.11.13-ны өдрийн Ардын Бага Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар түүх, соёлын тэргүүн зэргийн дурсгал болгожээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердад бараалхлаа

2024.08.02. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердад Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр ббараахав. Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд тус айлчлал болж байгаагаараа онцлог юм. Ерөнхийлөгч Виола Амхерд Монгол Улсад УИХ-ын ес дэх удаагийн ээлжит сонгууль амжилттай болсонд баяр хүргэж, ардчилал, эрх зүйт төр, парламентын тогтолцоог улам бэхжүүлэхэд амжилт хүсэв. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс нь манай хоёр орны харилцааг улам ойртуулж, бүх талын хамтын ажиллагаа бэхжиж байгаад баяртай байгаагаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан илэрхийлэв гэжээ. 

Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

2024.08.04. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердын 2024 оны 8 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөв. Швейцарын талаас Төрийн тэргүүний түвшинд анх удаа хэрэгжсэн төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд нар албан ёсны уулзалт хийж, хэвлэлд мэдээлэл хийжээ. Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжсэн төрийн айлчлалын үеэр Монгол-Швейцарын Хамтарсан тунхаглал, Ардчилсан засаглалын асуудлаарх Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ардчилсан засаглалыг бэхжүүлэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал ач холбогдолтой болов. Eрөнхийлөгч Виола Амхерд айлчлалаа өндөрлүүлэхээсээ өмнө монголын нүүдэлчин ахуй, зан заншилтай танилцан, эрийн гурван наадам, монгол үндэсний дуу хөгжим, бүжгийг толилуулсан бэсрэг наадам үзэж сонирхжээ.

Оцон шувуутай ойр орших Шинэ Зеланд улс

Шинэ Зеланд баруун өмнөд номхон далайд орших хоёр том арал болон олон тооны жижиг арлаас бүрдсэн улс. Нийт 268 021 км² газар нутагтай улс бөгөөд нийслэл нь Веллингтон юм. 2003 оны байдлаар 5,1 сая орчим хүн амтай дийлэнх нь европ гаралтай оршин суугчид бол, цөөнх нь уугуул иргэд болох Маори үндэстэн гэх судалгаа гарчээ. Шинэ Зеландын арлуудыг Голландын далайчин Абел Тасман нээсэн бөгөөд тэнд хөл тавьсан анхны европ хүн байв. Тэрбээр, шинээр нээсэн арлуудаа Staten Landt хэмээх нэр өгсөн бол, хожим Голландын зураг зүйч Жоан Блэу Nova Zeelandia буюу Шинэ Зеланд хэмээн нэр өгчээ. Шинэ Зеланд газарзүйн хувьд Австралиас Тасманы тэнгисээр 2000 орчим километр зайтай тусгаарлагдаж оршдог байна. Тус улс газарзүйн өвөрмөц тогтоцтой бөгөөд Австралийн цаана, Антарктидийн наана оршдог гэж ойлгож болох талтай. Өөрөөр хэлбэл, өмнөд туйлтай хамгийн ойр оршиж буй улс бол Шинэ Зеланд юм. Дийлэнх хүмүүс цагаан баавгай, оцон шувуу хоёр нэг дор зэрэгцэн оршдог гэж боддог ч үнэндээ үгүй юм. Цагаан баавгай хойд туйлд амьдардаг бол, оцон шувуу өмнөд туйлд нутагладаг онцлогтой. Тиймээс оцон шувууг хамгийн ойроос үзэж болох тохиромжтой улс бол Шинэ Зеланд гэж тодорхойлж болохоор байна. Оцон шувуу нисч чаддаггүй бөгөөд амьдралынхаа хагасыг усанд, хагасыг хуурай газарт өнгөрөөдөг. Бүх зүйлийн оцон шувуу нь дэлхийн бөмбөрцөгийн өмнөд хагаст буюу антарктидад амьдардаг ч, Галапагос оцон шувуу нь эквадорын дэргэд нутагладаг аж. Ингэхдээ том биетэй зүйлүүд нь голдуу хүйтэн бүсээр нутагладаг бол, жижиг зүйлүүд нь дулаан бүсээр нутагладаг байна. Оцон шувууны хамгийн том зүйл нь император бөгөөд нас бие гүйцсэн нь дунджаар 1.1 метр өндөр, 35 килограмм жинтэй байдаг. Харин хамгийн жижиг зүйл нь цэнхэр оцон шувуу бөгөөд 40 см өндөр, 1 килограмм жинтэй гэнэ. Балар эртний зарим зүйл оцон шувуу нь насанд хүрсэн хүнтэй тэнцэхүйц өндөртэй, хүнд жинтэй байжээ. Үүний нэг нотолгоо бол, АНУ-ын эрдэмтэд Шинэ Зеландын эргээс манай гараг дээр 50 сая жилийн өмнө амьдарч байсан хамгийн том оцон шувууны чулуужсан үлдэгдлийг олсон явдал аж. Эрдэмтдийн судалгааны талаарх өгүүлэл Journal of Paleontology сэтгүүлд нийтлэгдсэн бөгөөд Шинэ Зеландаас олдсон чулуужсан олдворууд нь оцон шувууны сүрэг гайхалтай олон янз байсныг харуулдаг байна. Энэхүү оцон шувууг Kumimanu fordycein хэмээх шинэ төрөл зүйлд оруулсан бөгөөд оцон шувуудын төрлөөс хамгийн том нь гэж эрдэмтэд өгүүлсэн байдаг. Олдсон оцон шувуудаас хамгийн том нь буюу 154 килограмм жинтэй байсан учраас тэр юм. Судлаачид оцон шувууны байршлын газрын зургийг дараах байдлаар гаргажээ.

Монгол Улсын дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд оруулж буй оролцоо

2025.01.28. Монгол Улс. Улаанбаатар хот. Өнөөдөр дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байсхийгээд дэлхийн удирдагчдын чуулга уулзалтад уригдаж, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хурал зөвлөгөөнд оролцоод ирдэг билээ. Яагаад өнөөдөр хүн бүр энэ сэдвийг ярьж, дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байна вэ. Үүний нэг шалтгаан нь дэлхийн дулаарал болон бусад хүчин зүйлээс шалтгаалж антарктид тивийн мөс хайлж буйгаас дэлхий нийтээрээ нэг л өдөр усанд автаж болзошгүй байдал үүсээд байна гэж боддог. Тийшээ судлагаа хийхээр явсан монгол судлаач нүдээр үзэж, биеэр туулахдаа тэндэхийн мөс хайлаад урсч буйг хараад санаа зовниж буйгаа бичсэн нь ингэж дүгнэхэд хүргэж байгаа юм. Цэнхэр гарагийн өмнөд хязгаар Антарктидад зорчсон нь аян замын тэмдэглэлийг уншсан хэнд ч тийм сэтгэгдэл төрөх нь гарцаагүй. Тиймээс антарктидаар судалгаа хийж, аялаад ирсэн монгол судлаачын тэмдэглэлийг олж уншсанаа онцлохүй байхын арга байсангүй. Үүгээрээ Антарктидад хүрэх зам тэмдэглэлээ хэвлүүлжээ. Тийшээ сурахаар, ажиллахаар, аялахаар яваа хэнбугай ч үүнийг уншихад илүүдэхгүй биз ээ. Ямар ч байсан түүний судалгаа, аялал, тэмдэглэлийг уншаад Монгол Улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн хувь нэмрээ оруулж буйг харж болохоор байлаа. Тиймээс түүний аян замын тэмдэглээс дор хүргэe.

Цагаан тивийн сонин хачин

2023.07.21. Монгол Улс Улаанбаатар хот. Дэлхийн хүн ам найман тэрбумд хүрч, аялал жуулчлалын хөтөлбөр төрөл бүрээр хөгжиж буй ч Антарктидад хөл тавина гэдэг хэн хүнд олдох боломж биш билээ. Газар зүй, цаг агаарын тун ч хатуу нөхцөлд орших өмнөд хязгаарт техник технологи, аюулгүй байдал, макро түвшний олон шийдвэрүүдээс шалтгаалан жилд ойролцоогоор 50 мянга гаруй хүн л зорчдог гэх тооцоо байдаг. Өөрөөр хэлбэл мөсөн туйлд зочлох боломж ердөө 0.00000000625 буюу 160 сая хүн тутмын нэгд л уг газрыг нүдээр үзэж, биеэр мэдрэх аз тохиодог ажээ. Цагаан тивд хөл тавих ховорхон боломжийг атгаж, хоёр сар орчмын хугацаанд судалгааны ажил хийгээд ирсэн Н.Ялалт нь хүрээлэн буй орчны химич, дэлхий судлал-геохимийн чиглэлээр суралцаж төгссөн бөгөөд өдгөө БНСУ-д докторын хөтөлбөрт суралцаж байгаа ажээ. Бакалаврын оюутан байх үеэсээ хүрээлэн буй орчны бохирдлын асуудал тэр дундаа усны бохирдлын чиглэлээр судалгааны багт ажиллаж, байгаль орчны үнэлгээний компанид мэргэжилтнээр ажиллаж байсан нь түүний цаашдын судалгааны ажлын эхлэлийг тавьсан гэх. БНСУ-д очсон цагаасаа л магистр, докторын судалгааны ажлаараа дэлхийн уур амьсгал, хүрээлэн буй орчны өөрчлөлтийн талаарх судалгааг лавшруулан хийсээр байгааг нь тодотгууштай. Товчхондоо судалгааны ажил, мэргэшин суралцаж буй мэргэжлийн онцлог нь Антарктидад хөл тавих замыг түүнд нээж өгчээ гэж Антрактидад хүрэх зам тэмдэглэлийн зохиогчийнх тухай өгүүлсэн байна.

Байгаль орчны түүхийг уснаас

Антарктидын мөсөн бүрхүүл дээр өрөмдлөг хийж авдаг мөсөн цооногийн дээж дээр ажиллах нь өнө удаан жил (Олон улсын хамтарсан төсөл дээр гэхэд 800 мянган жил хүртэлх настай мөсөн цооног бий гэнэ.) давхарга үүсгэн хуримтлагдсан эртний цас/усны дээж дээр шинжилгээ хийж, улмаар өнгөрсөн зуун, мянган, эрин дэх агаарын температурын өөрчлөлт, түүний найрлагын талаар мэдээлэл авах боломжийг олгодог аж. Түүний явсан Антарктидын судалгааны экспедицийн хувьд сүүлийн жилүүдэд хамгийн эрчтэй хайлж, массын алдагдалд өртөж, улмаар далайн усны түвшинд нөлөөлөх эрсдэл бүхий Баруун Антарктидын мөсөн хэсэгт хүрч очих зорилготой байв. Улмаар уг тивийг агаараас тандан судлахаас гадна мөсөн дээр ажиглалтын багаж суурилуулан цооног өрөмдөж, автоматжуулсан шумбагч багажаар мөсөн мөргөцгийн доод хэсгийн далайн усанд физик хэмжилтүүд хийх, усны дээж авах, далайн усны массын төрлүүдийг изотоп, хими, микробиологийн шинжилгээгээр тодорхойлох, далайн гүний хурдсын өрөмдлөг хийх зэрэг цогц аргаар судлан, өмнөд тивийн масс хайлалт нь дэлхийн далайн усны түвшинд хэрхэн нөлөөлөхийг тодруулах, шинжлэх, түүнд шаардлагатай судалгааны дээжүүдийг цуглуулах даалгавартай байсан гэж зохиогч аяллын болон судалгааны зорилгоо тодорхойлсон байна.

Аварга Араон гэж юу вэ

Тэмдэглэлд гарах гол дүрүүдийн нэг нь яах аргагүй Араон байв. Төсөөлөхөд төсөөлөл минь хүртэл жижиг мэт санагдах аварга том онгоцыг бусад төрлийн нүсэр усан онгоцнуудаас ялгаруулах зүйл олон бий. Өөрөөр хэлбэл Араон бол БНСУ-ын хойд болон өмнөд туйлын судалгаандаа ашигладаг зориулалтын хурц хошуугаар тоноглогдсон мөс зүсэгч хөлөг онгоц юм. 111м урт, 38.25м өндөр, нийт 7507 тонн овор жинтэй, 3070 тонн ачааны даацтай. Судалгааны зориулалтаар тоноглогдсон буюу том өргөгч кранууд, далайн гүний хэмжилтүүдэд ашиглагдах зангуу олс бэхэлгээтэй, гол тавцангаас доош хоёр давхар, дээш зургаан давхар бүхий нүсэр бүтэцтэй гэх. Гаднах төмөр хийц нь жирийн ган хийцээс 1.5 дахин бат бөх, хошуу нь 1 мeтр хүртэлх зузаан мөсийг зүсэх хүчин чадалтайгаас гадна хоёр ч нисдэг тэрэг багтах агуулахтай гэхээр нүдэндээ харж үзээгүй уншигч бидэнд тун соньхон. Үүгээр ч дуусахгүй, хөлдөөх агуулах, –86 градус хүртэл хөлдөөх гүн хөлдөөгч, хөргөгчнүүд хүртэл тэнд бий. Судлаачдад зориулсан өрөөнүүд, судалгааны лабораторууд, хэрэгцээтэй зүйлсээр бүрэн тоноглогдсон онгоцны зургуудыг үзэхэд урамтай гэж зохиогч Араоныхаа тухай өгүүлжээ.

Антарктидийн тухай хэр мэдэх вэ

Дэлхийн бөмбөрцгийн хамгийн өмнөд хэсэг буюу өмнөд хязгаарын мөсөн тив Антарктид. Бидний оршин буй дэлхий дээрх хамгийн онгон дагшин, хүний хөлд өртөөгүй (судалгааны суурин баазууд болон аялагч нарыг эс тооцвол), аль нэг улс оронд өмчлөгдөөгүй, хамгийн алслагдсан, хамгийн хүйтэн, хамгийн их салхитай газар бол Антарктид билээ. Аль байршилд хүрэхээсээ хамаарч зөвхөн усан онгоцоор очих боломжтой бөгөөд зарим байршилд нь агаарын замаар олон дамжин ниссээр хүрэх боломжтой. Гэхдээ зөвхөн өмнөд туйлын зуны улирал буюу 11-2 дугаар сарын хооронд л энэ тийш зорчих юм. Учир нь 3-10 дугаар сарын хооронд Антарктидад туйлын өвлийн улирал үргэлжилж, хоногийн 24 цагийн турш харанхуй бүрхэх бөгөөд энэ үеэр температур огцом унан, улмаар далайн мөс зузаардаг тул ямар ч усан онгоц очих боломжгүй болдог байна. Дэлхийн хамгийн хүйтэн газар болон Антарктидад хамгийн хүйтэн хэм буюу –89 градус бүртгэгдсэн байдаг. Хойд туйлтай харьцуулахад далайн түвшнээс дээш илүү өндөрт өргөгдсөн ба илүү хүчтэй салхитайгаараа ялгаатай. Ойролцоогоор 14 сая.км2 үргэлжлэх (Монгол улсын газар нутгийн хэмжээнээс бараг ес дахин том) өргөн уудам талбайтай ба газар нутгийнх нь 96 хувь нь тэр чигээрээ мөсөөр хучигджээ. Мөсний зузаан дунджаар 1826м, хамгийн ихдээ 4800м хүрдэг буюу ойролцоогоор 1455 орчим давхар барилгатай дүйцэхүйц зузаан хүртэл тохиолддог гэх. Өмнөд далайгаар хүрээлэгдсэн тул бөмбөрцгийн өмнөд хэсгийн эх газруудаас бүрэн тусгаарлагдсан ба уг асар их хэмжээний мөсөн бүрхүүлийн зузаан нь уг тивийг дунджаараа манай гаргийн хамгийн өндөрлөг газар болгодог байна. Дашрамд дурдахад, Антарктидтай ойр Шинэ Зеланд улс гайхалтай байгальтай учраас Бөгжний эзэн, Хоббит киноны зураг авалтыг Шинэ Зеландд хийжээ. Мөн тус киноны найруулагч Шинэ Зеландад төрж өссөн байна.

Яагаад Антарктидийг сонирхох ёстой вэ

Антарктидад манай гаргийн нийт мөсний массын 88 хувь, цэвэр усны нөөцийн 75 хувь нь мөсөн хэлбэрээр хадгалагдаж буй. Энэ их тоон утгууд, асар их нөөц, Антарктид тивийн өөрчлөлт нь дэлхийн агаар, усан мандал цаашлаад хүн төрөлхтний амьдралд хэрхэн нөлөөлж байгаа, цаашид хэрхэн нөлөөлж болох талаар судлах шаардлагыг үүсгэж байдаг. Яахын аргагүй олон нийтийн анхаарлаа хандуулах сэдвийн нэг мөн юм. Товчхондоо Антарктид тив дэлхийн цаг уур, уур амьсгалын системд хүчтэй нөлөөтэй. Антарктид дахь байгаль, цаг уурын өөрчлөлт нь хүн ам суурьшсан, суурьшаагүйгээс үл хамааран дэлхийн бүхий л хэсэгт нөлөөлнө гэсэн үг. Харамсалтай нь энэ тив уур амьсгалын өөрчлөлт буюу дэлхийн дулаарлын нөлөөнд өртөж, аль хэдийн мөсний массаа алдах болсныг дурын судалгааны үр дүнгээс хялбархан харж болно. Өнгөрсөн 25 жилийн (1992-2017) хугацаанд ойролцоогоор гурван триллион тонн (3,000,000,000,000 тн) мөс алдсан гэх тооцоо ч бий. Хэрвээ энэ эрчээрээ Антарктидын мөсөн бүрхүүл бүхлээрээ хайлж, далайд нийлвэл усны түвшин 57.9±0.9 м-ээр ихсэж, одоогийн олон хот сууринг усанд автуулж, байгалийн тэнцвэрийг алдагдуулах эрсдэлтэй. Гэвч сүүлийн 30 жилийн хугацаанд өмнөд туйлд дулаарал ажиглагдаж, ирээдүйд ч улам дулаарахыг таамагласан тооцооллууд гарсаар байна. Эндээс дэлхийн дулаарлаас шалтгаалж Антарктикийн мөс хайлсаар байвал, дэлхийн нийт усанд автана гэсэн миний бодол, судлаачийн дүгнэлт хоёр яг таг таарч буйг дүгнэж хэлэхэд таатай байна. Ийнхүү зохиогч номынхоо тухай өгүүлсэн бол, аян замын тэмдэглэл нь илүү сонирхолтой бөгөөд тэнд хэрхэн аж төрж байснаа тэмдэглэжээ. Түүнийг ойлгоход надад их хялбар санагдлаа. А.Энхтуул миний тухайд хойд мөсөн далайн наах нь Санкт-Пeтeрбург хотод суралцаж баклавр хамгаалж явахдаа байгалийн гамшгаас учирч буй хор хөнөөлийн тухай бишгүйдээ мэдээ хичээл дээр сонсч явлаа. Хойд мөсөн далайн уур амьсгал өвөлдөө ямар хүйтэн гэж санана, харин зундаа цагаан шөнөөр нойргүй болчихдог байснаа санаад зарим нэг төсөөтэй зүйл байгааг анзаарав. Төсөөтэй зүйл нь энэ болов ч, уг судлаачаас ялгарах зүйл надад бий. Балтийн тэнгисээс урсан гарах Нeва мөрний дээгүүр алхаж, Эрмитажын музeйд очин тэнд хадгалаатай Монголынхоо түүх соёлтой танилцахын сацуу, Мeндeлeeвийн музeй дэргэдүүр гарч төв сургуулийн урт коридороор алхан, ховор ном зохиол амтархан уншиж, факультeт дээр өдөр бүр олон улсын сэтгүүлзүйгээр хичээллэж явсан нь саяхан билээ. Түүний аяллын тэмдэглэл сэтгүүлзүйн бичвэрийн нэг төрөл учраас мэргэжлийн зүгээс миний анхаарлыг татахын сацуу судалгааны сэдэв нь мөн анхаарал татлаа. Монгол Улсын Eрөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад байсхийгээд уригдаж, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас болж хэдий хэмжээний гамшиг нүүрлэж, хохирол учирч талаар илтгэл тавьдаг учраас дээрх судлаачийн зохиол болон тэмдэглэлийг онцолсон нь ийм учиртай. Дээр нь уг судлаач Шинэ Зеландаас Антарктид орсон нь хоёр орны харилцаа сайн байгааг харуулаад зогсохгүй, монголчуудад антрактид хүрэх замыг засаад ирсэн, миний тухайд сэтгүүлзүйн жанр болох хяслын тэмдэглэлээр дамжуулж ямар шинэ соргог мэдээлэл дамжуулсан нь сонирхол татав, харин тухайн судлаачийн хувьд ямар нэг нээлт хийх итгэл найдвар өвөрлөж тэр холын замыг туулсан байж таарна.

Цэнхэр гаригийн өмнөд хязгаар Антарктидад зорчсон нь

2022.04.08. Харилцаа холбоо, тээвэр логистик хөгжсөн өнөө үед цүнхээ аваад таван тивээр аялах нь хэцүү зүйл биш болсон хэдий ч дэлхийн хязгаар болох мөсөөр хучигдсан өмнөд, хойд хоёр тивд хөл тавина гэдэг хэн бүрийн биелүүлж чадах хүсэл биш хэвээрээ л буй. Тэгвэл цагаан тивд хөл тавьсан Монголын анхны эмэгтэй судлаач Н.Ялалт зургаан орны хамтарсан судалгааны экспедицийн багт багтсанаар өмнөд туйлд хөл тавьсан гарын арван хуруунд багтах монгол хүмүүсийн нэг болсон билээ. Антарктидийн мөсөн дээр 2022 оны нэгдүгээр сарын 23-ны 00:22 цагт хөл тавив. Цаг хугацаа орон зайн хувьд өөр гараг дээр байгаа мэт санагдах нь танил бус мэдрэмж байлаа. Тэнгэрийн хаяа даган, үүлсийн доор үзэгдэх мөсөн бүрхүүлүүд далайн ус, нарны өнгөтэй хослох нь хачин үзэсгэлэнтэй. Яг л зүүд шиг… Өмнөд далайн хүчтэй урсгалд дайвалзан явсаар мөсөн тивд хүрч, дэлхийн нэгэн хязгаарт хөл тавьсан өөртөө итгэж ядан, гайхсан, айсан олон мэдрэмжид автан, жингүйдэж зогссон үе эгээ л өчигдөр мэт. Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсэг Антарктид хэмээх энэ хол газар байгаадаа итгэж ядан, сэтгэл дотор хачирхалтай мэдрэмж эрхгүй төрнө. Зүрхний цохилт хурдсаж, уртаар ойр ойрхон гүнзгий амьсгаа авах гэх мэтээр цаг тутамд л тайвшрахыг хичээж явлаа. Магад энд тархи толгой яг л байгалийнхаа жам ёсоор төвлөрөн ажиллаж байгаа тул мэдэрч байгаа зүйлс нь тийм хүчтэй байсан болов уу. Учир нь урьд өмнө нь хэзээ ч харж, мэдэрч, сонсож байгаагүй онгон дагшин байгалийн өнгө үзэмж, агаар, салхины чимээг сонордон амтлах боломж энэ байлаа. Урт хугацаа, хол замд түм буман бодолд автаж, тоолж барахын аргагүй баялаг зүйлс мэдэрснээ энэхүү тэмдэглэлдээ сорчлон оруулж, бусадтай хуваалцахыг хүссэн юм. Миний хувьд 2014 онд МУИС-ийг “Хүрээлэн буй орчны химич мэргэжил”-ээр төгсөж, 2017 оноос дэлхий судлал-геохимийн чиглэлээр БНСУ-ын “Ихуа Эмэгтэйчүүдийн Их Сургууль”-д магистраа хамгаалаад үргэлжлэн 2020 оноос докторын хөтөлбөрт суралцаж буй. Өмнө нь зөвхөн алсын зайнаас судалж, судалгааны өгүүллүүдээс уншиж, гэрэл зургаас харж төсөөлөхөөс цаашгүй байсан надад Антарктид тив, Росс тэнгис (Ross Sea), Амундзсен тэнгис (Amundsen Sea), далайн мөс (sea ice), мөсөн уулстай (iceberg) өөрийн биеэр танилцаж, судлах завшаан тохиолдсон нь гайхалтай. 2021 оны өвөл буюу арванхоёрдугаар сарын 19-нд гэрээс гаран, нийт 42,408.716 км зам туулан 2022 оны хавар буюу гуравдугаар сарын 06-нд эргэн ирсэн гурван сарын аяллын адал явдлаа дор хүүрнэе гэж зохиогч онцолсон байна.

Цагаан тивийг зорих зам

2022.01.23. Антарктид хүрэх замд 30 насны төрсөн өдөр тохиов. Бүгд Найрамдах Солонгос Улс, АНУ, Их Британи, Шинэ Зеланд, Канад, Франц зэрэг олон улсын судлаачдаас бүрдсэн Антарктидийн судалгааны том экспедицэд сургуулиа төлөөлөн (төслөө төлөөлөн) ажиллах боломж олдсон нь амьдралын минь шинэ арван эхэлж буй энэ л чухал үетэй давхацсан нь цаанаа л утга агуулгатай мэт. Учир нь гэвэл, Антарктидад ирэх боломж тийм ч их биш, ойролцоогоор 0.000001 хувийн л магадлалтай байдаг гэнэ лээ. Сөүлийн цастай хүйтэн өвөл хэдхэн цагийн (23 цаг 50 минутын дараа) дараа +25 градустай Шинэ Зеландын Крайстчөрч (Christchurch) хотын зуны улирлаар солигдож, үүнээс цааш далайд гарснаар бүрхэг, нартай, салхитай, бороотой, цас мөндөртэй олон төрлийн цаг уурын нөхцөлтэй таарч явлаа. Шөнийн цаг тул орчин тойронд сааралтсан бүрсгэр өнгө ноёлж байсан ч мөсөн тив рүү дөхөх тусам тэр харанхуй бүр мөсөн алга болов. (Антарктидад нар хамгийн өндөр цэгт манддаг 10-3 дугаар сарын хугацаанд “өдөр” үргэлжилсээр байх ба бусад саруудад харанхуй нөмөрч, цаг агаар эрс хүйтэрдэг.) Энэ урт аяллын гол зорилго нь, сүүлийн жилүүдэд хамгийн эрчимтэй хайлж, массын алдагдалд өртөөд байгаа Антарктидын мөсөн (Thwaites Glacier, Pine Island Glacier, Dotson ice shelf) хэсэгт хүрч, тухайн газар нутгийн агаар, газар, далайг цогц аргаар судлан, өмнөд тивийн масс хайлалт нь дэлхийн далайн усны түвшинд хэрхэн нөлөөлөхийг тодруулах явдал юм. Бөмбөрцгийн хойд хэсэгт байрлах БНСУ-ын Сөүл хотоос өмнөдийг чиглэн дагуу агаараар 13,413 км зам туулж Шинэ Зеланд улсын өмнөд арлын Крайстчөрч хотод буув. Крайстчөрч хотын Литтлетон боомтоос “АРАОН” (БНСУ-ын Туйлын Судалгааны Хүрээлэнгийн Антарктид болон Арктикийн судалгаанд ашигладаг хөлөг онгоц) мөс зүсэгч хөлөг онгоцонд Антарктидийн судалгааны багийн 43 гишүүд дунд монгол иргэншилтэй ганцхан судлаач нь болон суусан нь энэ. Ингээд бид “АРАОН” онгоцоор хил хязгаар нь үл үзэгдэх асар уудам далайд гарлаа. Мөсөн тив рүү ойртох тусам агаарын температур буурсаар, хөвж буй мөс үзэгдэж эхлэн, улмаар бүр битүү мөсөөр бүрхсэн хэсэгт оров. Мөсөн цөл гэмээр энэ газарт хөлөг онгоц мөсөн уулсыг дундуур нь гатлан өнгөрөв. Харж байгаа зүйлсээ хэрхэн хүлээн авахаа ч үл мэдэн гайхширна. Ингэж байтал бие биедээ ойртсон өндөр, нам, урт, богино хөвж яваа мөс тааралдах нь улам ихэслээ. Анх харж байгаа надад сонирхолтой санагдах ч “мөсөн тив зах, ирмэгээсээ бутарч, задгай далайд салан хөвж яваа нь энэ шүү дээ” гэдэг бодол байгаль орчны тогтвортой байдал талаасаа гуниг төрүүлэх аж. Далай дээр хөвж байгаа байдал, цэлийсэн тэнгэр, далайн ус… Хэзээ ч харсан анхных мэт сүрдмээр сонин санагдах нь хэвээр. Оцон шувуу, далайн хав, халим, шувууд гээд сонин содон амьтадтай хэд хэдэн удаа таарав. Нэг хэсэг газарт халим харсан бөгөөд дурандаа буулгах гэж мунгинах хэдхэн хоромд хөдөлгөөнөөс нь үүссэн долгион л үлдэж байлаа. Энэ тохиолдолд халимны зургийг дарах гэж цаг алдах биш харин нүдээрээ сайтар харж, толгойдоо тогтоож авдаг юм гэнэ. Тэнгэр цэлмэг, салхи багатай тогтуун байж, мөсөн тив өөрийн өнгө үзэмжээ харуулж байгаад талархаад ханашгүй. “АРАОН” хөлөг онгоцноос ч өндөр, том хэмжээтэй урт мөсөн уулс хажуугаар өнгөрнө. Цаашлаад “Мөсөн уулсын хаант улс” гэж хэтрүүлэн нэрийдмээр асар том мөснүүд наана цаанаа орж бөөгнөрсөн хэсэг газрыг өнгөрч явлаа. “Нүд баясна” гэдэг нь л энэ байх. Цэлийсэн том далай дээгүүрээ цагаан бүрхүүлтэй болжээ. Цагаан, хөх, цэнхэр, саарал өнгөөр хүрээлэгдсэн орчинд явсаар. Хүйтэн салхитай өдөр. Хэдхэн минут зогсоход гар бээрч, даарсандаа улайчихна. Салхи ихтэй үед хийсэх шахам тул юмнаас сайн барьж явахгүй л бол болохгүй. Цаг агаар муу тохиолдолд аюулгүй байдлын үүднээс онгоцны задгай тавцан дээр гарах, ер нь л гадаа гарах хориотой. Нарны шил, нарны тос, дулаан малгай, бээлий, хальтрахгүй гутал, салхи, ус нэвтэрдэггүй хувцас хэрэглэлтэй дотно нөхөрлөж явлаа. Далайн усанд унана гэдэг үхэлтэй шууд нүүр тулж байгаагаас ялгаагүй гэнэ. Учир нь гэвэл, уснаас татаж, гаргаж авч болох ч аврагдахаасаа өмнө хөлдсөн байдаг аж. Эсвэл бүр татаж авах ч боломжгүй болдгийг анхааруулж байлаа. Давалгааны улмаас далайн ус онгоцны тавцан дээр урсаж хөлдөнө. Хөлдүү мөсөн дээр хальтрахаас эхлээд хүчтэй салхинд хэд хэдэн удаа хийссэнээ бодоход усруу унах нь тийм ч холын аюул биш бололтой. Далайн мөс хөлөг онгоцыг маань зуурах боловч “АРАОН” хурц хошуу, нүсэр жингээрээ далайн мөсийг хагалан урагшилсаар байв. Аль ч тийшээ харсан цагаан өнгө нүд гялбуулна. Усан онгоцны нүсэр хөдөлгүүрийн дуу энэ цагаан мөсөн ертөнцөд хамгийн их чимээ гаргах бөгөөд үүнийг эс тооцвол Антарктид тэр чигээрээ амар амгалан гэмээр. Ийнхүү бид мөсөн тивд амжилттай хүрэв.

Антарктид дахь адал явдал

50 см орчим өндөртэй жижигхэн бондгор амьтад (оцон шувуу) байдгаараа нүдээ бүлтийлгэн “Энэ хэд чинь хаанаас гараад ирэв?, юу вэ?” гэх шиг л биднийг гайхан харж, яахаа мэдэхгүй балмагдан зогсоно. Үнэндээ тэр үед би ч тэднээс нэг их ялгагдах юмгүй балмагдсан байдалтай явлаа. Улаан цагаан өнгө хосолсон манай хөлөг онгоц болон улаан хувцсаар жигдэрсэн судалгааны багийнхныг хараад энэ хоёр оцон шувуу юу бодож байгаа бол гэдгийг төсөөлөхөд л тун сонирхолтой. Далайн давалгаа, салхи огтхон ч байхгүй гэж болмоор нам гүм байдал үүсэв. Далайд гарснаас хойш байгаль дэлхий биднийг ингэж тайвнаар хүлээн авсан удаагүй шахам, дандаа л хоёр тийш савлуулж байсан тул нэг л хачирхалтай, сүрдэм мэдрэмж төрнө. Нарны хурц гэрэлд мөс цагаан биш мөнгөлөг цагаан өнгөтэй үзэгдэх бөгөөд далайн усанд тусах дүрс нь огтхон ч сарнихгүйгээр үл барам бодитоосоо ч илүү мөнгөлөг саарал харагдах аж. Урт нарийссан цайвар үүл, мөс хоёрыг ялгаж харахын тулд хоёр нүдээ байн байн анивчин, хэрэндээ чармайна. Харж байгаа үзэмжээ яг тэр л хэвээр нь бусадтай хуваалцахыг хүсэх ч, харамсалтай нь жинхэнэ амьд, сүр хүчит төрхийг нь бодитоор харж байж л мэдэрч болохуйц ажээ. Уулга алдаж, удаан ажиглан зогсохоос аргагүй, үгээр илэрхийлж, бичих боломжгүй мэт гайхамшигтай өнгө үзэмж нүдний өмнө улам тодорсоор. Сүрлэг том, анир чимээгүй байдал, хүйтэн салхи, сэрүүн температур нь мөсөн тивийг тайван унтаж байгаа мэт санагдуулах ч сайтар ажиглавал захын ирмэг хэсгүүдээсээ эмтрэн хагарч, далайн гадаргуу дээр хөвж буй жижиг том мөс үзэсгэлэнт тивээс үүрд салж байгаа нь харагдана. Мөсөн тивийг сэрээчихгүй юмсан. Энэ хэвээр нь урт удаан хадгалж, хамгаалах сан.

Судалгааны явц ба хүндрэл бэрхшээлүүд

Судалгааны ажил хэрхэн явагдах бол? Алдаа гарах болов уу? Хэрхэн илүү сайн хийх вэ? гэх мэт санаа зоволт, гэр бүлээсээ хол, өвдөх эрхгүй нөхцөл, далайн өвчинд өндийж ч чадахгүй өнгөрүүлсэн өдрүүд. Нэмээд ковид19-аас өөрийгөө хамгаалан, судалгааны ажил цуцлагдан буцахаас айж сандчих сэтгэл зүй гээд амаргүй зүйлс олон байв. Судалгааны цэгүүд өөр хоорондоо ойрхон үед унтах завсар гарахгүй л байлаа. Байнга гэгээтэй байх тул хоногийн 24 цаг дахь нойр, хоолны цикл үндсэндээ алдагдав. Саяхан л оцон шувуу, мөс, цас барьж үзээд, догдлол дүүрэн зураг даруулж байсан бол одоо тэр үе дутуу нойр, толгойн өвдөлт, хоолны дуршилгүй байдал, дотор муухайралтаар солигджээ. Байрлал, гадаад орчин, сэтгэл зүйн хувьд нэг төлвөөс нөгөөрүү огцом шилжиж байв. Нойр, хоолондоо сайн байж л ажлаа амжилттай хийх тул судалгааны цэг хооронд зорчих богино хугацаанд амжиж идэж, унтах ёстой болно. Яг л утсаа цэнэглэж байж хэрэглэдэг шиг биеэ цэнэглэж байгаа мэт санагддаг. Олон өдөр дараалан ингэж ажиллахаар яг л робот эсвэл ямар нэг төхөөрөмж шиг эв хавгүй мэдрэмж авах тул унтаж чадахгүй хий хөрвөөн хэвтсээр босох үе төсөөлснөөс ч олон. Мөсөн тив хүйтэн харанхуй өвлийн улиралдаа бэлдэж байгаа гэлтэй өдөр ирэх бүр цэлмэг өдрүүдийн тоо цөөхөн болж байгаа санагдана (Өмнөд туйлд гуравдугаар сарын сүүлээс есдүгээр сарын сүүл хүртэл шөнө үргэлжилнэ). Давхар бидэнд ч бас явах цаг дөхөж буйг сануулж байгаа гэлтэй. Яг л өөр ертөнц, өөр гарагийн орон зайд шумбаж ороод буцан явах гэж байгаа мэт сэтгэгдэл төрнө.

Баяртай хэзээ ч мартахгүй Антарктид

Мөрөөдлийн Антарктид ард хоцорч, нар, сарны туяа бидний буцах замыг гэрэлтүүлэн чиглүүлэх өдөр иржээ. Ийнхүү шөнийн харанхуй эргэн ирэв. Умард зүгийг зорин “АРАОН” буцаж байна. Хэм хэмжээг тааруулан, хэт нэг туйл руу хазайлгүйгээр, утга учиртай амьдрах талаар эргэцүүлсэн, өөрийгөө таньж мэдэрсэн цаг хугацаа байлаа. Залуухан судлаач эмэгтэй, багаа төлөөлөн ганцаараа явж байгаа гэх мэт дутуу үнэлсэн, болгоомжилсон, санаа зовсон сэтгэлийг бяцхан ч гэсэн гэрэлтүүлсэн гэж бодож байна. Жижиг ч гэлээ удаан хугацаанд асан гэрэлтэж болохоо ч мэдрэв. “АРАОН” дээр байгаа хүмүүстэй англи, солонгосоор хоршуулан ярьж байсан нь олон судлаачидтай танилцах, яриа өрнүүлж, тав тухтай оршиход давуу тал болж байсныг дурдах хэрэгтэй. Хэрэндээ л монгол хүн хэмээх хүндтэй нэр дор хичээсээр ирэв. Боломж бүх хүнд байдаг. Хаанаас, ямар гараанаас эхэлсэн эсэх нь ялгаатай байж болох ч хүрэх газар, хийх зүйлс, мэдрэх мэдрэмжинд хязгаар үгүйг ойлгож авлаа. Судалгааны ажил амжилттай дууссаныг илтгэн судалгааны багийнхан нийтээрээ зургаа даруулах бөгөөд бид хамтдаа “АРАОН” онгоцоор нийт 15,432.716 км далайн замыг туулжээ. Монгол улсын далбаа Амундзсен тэнгис ба түүнтэй хиллэх Антарктидийн мөсийг тойрон анх удаа мандаж байна. Хичнээн сайхан байсан гэж санана. “Хангалттай сайн байлаа, хангалттай сэтгэл ханамжтай судалгааны ажил бас аялал байлаа” гэж өөртөө бахархалтайяа хэлмээр байна. Төсөөлж байсанаас олон хүмүүстэй танилцаж, олон зүйл сурсан аялал байлаа. Дахин хэзээ ирэх нь тодорхойгүй, ер нь дахин ирэх боломжгүй ч байж мэдэх энэ л үзэсгэлэнт тивээс авсан мэдрэмжүүд, хором мөч бүрийг насан туршдаа нандигнан дурсаж явах болно. Судалгаагаа хийх боломж олгон биднийг хүлээн авсан цэнхэр гарагийн өмнөд хязгаар Антарктид, сүрлэг мөсөн далайд талархаж байна. Энэ дэлхийд нарийн утга учир, хайраар холбогдсон гэр бүлийнхэндээ мөн талархъя. Антарктид хүрэх аяллыг хамтдаа бүтээлцсэн судалгааны багийн гишүүд, “АРАОН” онгоцны ажилчид, тусалж дэмжсэн, заавар зөвлөгөө өгсөн багш нар, лабораторийн багийнхан, ажлын хамт олон, найзууд хэн бүгдэд баярлаж байна. Байгальд ойр байх, байгалиас авах эрч хүч, аялалд дурлах, шинэ зүйлс мэдрэх, хүссэн зорьсон зүйлдээ хоёргүй сэтгэлээр тууштай хөдөлмөрлөхийн чухлыг дамжуулан хүргэхийг хүссэн урт бичвэрийг минь энэ хүртэл уншсан танд ч мөн баярлалаа. Хүндэтгэсэн, Дэлхий судлал-геохимийн магистр, БНСУ-ын “Ихуа” эмэгтэйчүүдийн их сургуулийн докторант, геохимийн лабораторийн судлаач Н.Ялалт гэжээ. Түүний аян замын тэмдэглэлээс сэтгүүлч А.Энхтуул миний дэвшүүлсэн оцон шувуу зөвхөн урд мөсөн далайд бий гэдэг нь батлагдав. Яагаад гэхээр хойд мөсөн далайд цагаан баавгай л бий. Үүнийг юунаас мэдэж болох вэ гэхээр тус улсын уран зураг, хүмүүсийнх нь нэршил гэхчлэн олон зүйлээс мэдэж болно. Мөн Антарктид хүрэхэд хамгийн ойр газар бол Шинэ Зeланд, тэндээс л явах бололцоотой гэдгийг батлав. Цаашлаад дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж, урд мөсөн далайн мөс хайлж буй нь байгалийн гамшиг гарахад нөлөөлж буй хүчин зүйл мөн гэж миний дэвшүүлснийг түүний судалгаа бататгав. Түүний тэмдэглэлээс энэ мэт олон сонирхолтой мэдээлэл авахаас гадна, тийш зүглэх нь эрсдэл ихтэйг судлаач мөн онцолсныг анхаарах нь зөв болов уу.

Шинэ Зеландын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023.11.16. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улс, Шинэ Зеланд Улстай 1975.04.08-ны өдөр дипломат харилцаа тогтоосон байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Шинэ Зеланд Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жеймс Дэвид Энтони Уэйти Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ  илэрхийлэв. Мөн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд  Жеймс Дэвид Энтони Уэйти харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлэв.

Монгол, Шри-Ланкын харилцаа

2022.04.27. Төрийн ордон. Улаанбаатар хот. Монгол Улс. Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Палита Т.Б. Кохона Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайдад баяр хүргэж, нэгэн жарны түүхтэй  уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв. Элчин сайд Палита Т.Б. Кохона харилцаа, хамтын ажиллагааг ялангуяа худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын салбарт хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

Монгол, Энэтхэгийн түүхэн харилцаа

2025.01.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Энэтхэг улс нь 18-20 зууны дунд үе хүртэл Британийн колони болох алхам бага багаар тавигдсан ч, 1947 онд тусгаар тогтносон улс болсон юм. Тус улс дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ дэлхийд 4-т, газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 7-т, хүн амын тоогоороо 2-рт бичигддэг улс юм. Пакистан, Хятад, Балба, Бутан, Бангладеш, Мьянмар зургаан улстай хиллэдэг ба Энэтхэгийн далайгаар хүрээлэгдэн оршдог. Англи хэлийг түлхүү ашигладаг ч, 22 албан ёсны хэлтэй бөгөөд ихэвчлэн тухайн хүний ямар шашинтайгаас хамаардаг байна. Гэхдээ Засгийн газар нь 16 хэлийг албан ёсны хэл гэж үздэг ба үүнд Хинди, Тамил, Бэнгали, Пунжаби, Санскрит хэлнүүд багтдаг байна. Монгол, Энэтхэгийн харилцааг одоогоос 3 мянган жилийн тэртээгээс эхтэй гэж судлаачид үзжээ. Энэтхэгийн зүүн хойд муж нутаг болон Хималайн сав газраар гучин сая гаруй өвөг монгол буюу монголоид угсаатан амьдардаг байна. Тэд олон зуун жилийн өмнөөс Энэтхэгт хэд хэдэн удаа нүүдэллэн очжээ. Үүний зэрэгцээ Энэтхэгийн өмнө зүгийн Андаманы аралд монгол гаралтай хүмүүс амьдардгийг 13-р зуунд Италийн аялагч Марко Поло явж байхдаа харж тэмдэглэн үлдээсэн аж. Тус улстай олон зууны өмнөөс түүхэн харилцаатай явж ирсэн ч, Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улстай 1955.12.24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон байна. Тухайн үед Бүгд Найрамдах Энэтхэг Улс нь Монгол Улсыг тусгаар тогтнохыг хүлээн зөвшөөрсөн социалист бус анхны орон байсан бөгөөд Монгол Улсыг 1961 онд НҮБ-д элсэхэд гол дэмжлэг үзүүлсэн орон юм. Монгол, Энэтхэгийн ард түмэн газарзүйн хувьд хол оршдог ч, сэтгэл санаа, соёлын хувьд ойр байдаг оюун санааны хөрш орнууд гэж үздэг. Монгол Улс 1956 онд Дели хотод Элчин сайдын яамаа нээсэн бол, Энэтхэг улс 1971 онд Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээж үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Үүнээс ч өмнө монгол, энэтхэг түүхэн харилцаатай байсныг илтгэх түүх дурсгал бий. Доголон Төмөрийн удам Их Моголын эзэнт гүрний Шах Жахан хаан өөрийн хатан Мумтаз Махалд зориулж Энэтхэг улсын Агра хотод Жамна голын эрэг дээр Таж Махал бариулсан нь түүх болон хоцорчээ. Энэтхэг, Перс, Могулын архитектурын хэв шинж агуулсан уран барилга, түүхийн хосгүй үнэт бүтээл учраас ЮНЕСКО 1983 онд дэлхийн өвд бүртгэн авчээ. Таж махал өнөөдөр дэлхийн долоон гайхамшигт тоонд зүй ёсоор багтаж, тив тивийн сая сая жуулчид зорин очдог газар болжээ.

Монгол, Энэтхэгийн соёлын харилцаа

2022.06.14. Монгол Улс. Улаанбаатар хот. Монголын ард түмэн эрт дээр үеэс ном сударт хүндэтгэлтэй хандаж түүнийг тууривах үйлсэд хүч, хөдөлмөр, сэтгэл , зүтгэл, оюунаа харамгүй зориулж ирсэн. Үүний ачаар олон тооны судар тэртээгээс өнөөг хүртэл уламжлагдан ирж, уншдаг ном бус, урлагийн бүтээл болсон байна. Тэдгээрээс дурдвал, Ганжуур, Данжуурын хөлгөн судруудыг нэрлэж болох юм. Ганжуурыг бурхан багшийн айлдвар гэж нэрийддэг. Тиймээс ч Энэтхэг, Жагарын орноос гаралтай гэж ойлгож болно. Бурхан багшийг таалал төгссөнөөс хойш ганжуурыг пали хэл дээр сударт буулгажээ. Энэ хэлнээс бусад улсууд өөрийн орны хэл рүү хөрвүүлж орчуулсан байдаг аж. Ганжуурыг монгол хэлнээ орчуулсан уламжлал маш эртнийх. Ганжуур нь анх 2500 жилийн тэртээ Энэтхэг, Жагарын оронд зохиогдсон 108 боть хөлгөн судар юм. Ганжуурыг анх Санскрит Төвд хэлнээс Өгөөдэй хааны зарлигаар Чу мэргэн эх хэлнээ орчуулж, Лигдэн хааны үед алтаар урлаж байсан гэлцдэг. Мөн манай улсад боловсруулсан хар цаасан дээр мөнгө, оюу, шүр, сувд, дун, алт, зэс, номин зэрэг есөн эрдэнээр үсэг, мөр сэлгүүлэн бичсэн Ганжуурын хөлгөн судар ч бий. Бурхан багшийн айлдвар буюу Ганжуурын хураангуйд шинжлэх ухааны их, бага 10 салбар багтдаг байна. Их таван ухаанд: дуун ухаан, учир шалтгааны ухаан, урлахуйн ухаан, анагаах ухаан, сэтгэл шинэчлэл зэрэг багтжээ. Бага таван ухаанд яруу найраг, бүжиг, одон орон зурхай судлал, уран барилга зэрэг багтдаг байх юм. Данжуур нь эдгээр их, бага таван ухааны тайлбарыг багтаасан 225 боть бүхий Ганжуурын тайлбар зохиол юм. Тус хөлгөн судар 3427 нэр төрлийн ном зохиолыг багтаасан 107 мянга 839 хуудастай. Төвд Данжуурын монгол хэлнээ орчуулах ажлыг 14 зууны үеэс эхлүүлсэн ч тухайн үед бүтнээр нь орчуулж дуусгаагүй юм. Харин 1742 онд энэ судрын 200 орчуулгыг Монгол Улсын бүх газраас нэгтгэн цуглуулж эх хэлнээ хөрвүүлэх ажил эхэлсэн юм. Халх монгол, Өвөр монгол, Буриад монгол, Ойрад монголоос эрдэмтэд чуулж төвд хэлнээс монгол хэлнээ буулгасан гэдэг. 1976 онд данжуурыг монгол хэлнээ бүтнээр нь орчуулж дуусган модон бараар 225 боть хэвлэсэн байдаг. Энэ бүтээлүүд Үндэсний номын санд хадгалагдаж ирсэн. Төв номын санд хадгалагдаж байсан Ганжуур, Данжуурын эртний орчуулгуудыг нэгтгэн 400 боть болгож, олны хүртээл болгох ажил 2007 оноос эхэлсэн байдаг. Үүнд Ганжуурын 108 боть, Данжуурын 225 боть, Богд Зонховын 20 боть, Жанжаа Хутагтын 9 боть, Ловон Бадамжунайн нууц тарни багтаж байв. Эдгээр 400 ботийн эхний 30 нь 2008 онд хэвлэлтээс гарч, үлдсэн ботиуд 2010 онд хэвлэгдэж дуусна гэж тухайн холбогдох хүмүүс ярьж байлаа. Ийнхүү манай улс ганжуур, данжуурыг эртний орчуулгуудыг орчин цагийн монгол хэлнээ хөрвүүлж уншигчдын хүртээл болгоод багагүй хугацаа өнгөрлөө. Тэгвэл Ганжуурын эртний гар бичмэлийн 113 боть өнөөг хэр нь ОХУ-ын Санкт-Петербургийн их сургуульд хадгалаатай байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчлах үеэр Санкт-Петербургийн их сургуулийн монгол судлалын багш, оюутан, төгсөгчид ярьж байсан юм.

Шадар сайд У.Хүрэлсүх Энэтхэгийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2016.07.28. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Суреш Бабуг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Суреш Бабу Шадар сайдыг хүлээн авч уулзаж байгаад талархаж буйгаа илэрхийлээд ардчилсан сонгуулийн дүнд Монгол Ардын Нам ялалт байгуулж, шинэ парламент, Засгийн газар бүрдсэнд баяр хүргэлээ. Шадар сайд У.Хүрэлсүх өнгөрсөн онд Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад албан ёсны айлчлал хийсэн нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад түлхэц болсон гэдгийг онцлоод айлчлалын хүрээнд 1 тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд онцгой ач холбогдолтой үйл явдал болсныг тэмдэглэлээ. Мөн тэрээр эдийн засгийн хөгжлийг сэргээх, өсгөх чиглэлд ажиллана гээд хоёр орны хамтын ажиллагааг эдийн засаг, худалдааны чиглэлээр өргөжүүлэх, ялангуяа хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт хамтран ажиллах боломж байгааг тодотгоод ноён Элчин сайдыг дэмжиж ажиллахыг хүслээ. Энэтхэгийн Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд Малын эрүүл мэнд, сүүний чиглэлээр  хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулсан. Энэ санамж бичиг хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлд хамтран ажиллах түншлэлийн нэг чиглэл болох боломжтой юм гэж Элчин сайд Суреш Бабу хэллээ. Нарийн мэргэжилтнүүдээ Энэтхэг Улсын Засгийн газрын тэтгэлгээр чадавхжуулах сургалтад хамруулах хүсэлтэй байгаагаа Шадар сайд илэрхийлээд тус улсын тэтгэлгээр жилд 150 иргэн сургалтад хамрагддаг байсныг Ерөнхий сайд Нарендра Модигийн айлчлалын хүрээнд суралцагчдын тоог 200 болгон нэмэгдүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлэв. Уулзалтын үеэр Элчин сайд Суреш Бабу Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дотоод хэргийн сайдын илгээсэн урилгыг гардууллаа. Шадад сайдад Нью Дели хотод болох Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хуралд оролцох урилга илгээжээ.

Шадар сайд У.Хүрэлсүх Азийн сайд нарын Бага хурлын нээлтэд үг хэлнэ

2016.11.03. Монгол Улс. Улаанбаатар хот. Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар Бага хурал өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Шинэ Дели хотноо эхэлж байна. 2018 онд хоёрдугаар Бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан Шадар сайд У.Хүрэлсүх бага хурлын эхэнд үг хэлэх юм. Мөн БНЭУ-ын Ерөнхий сайд Моди, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай төлөөлөгч ноён Роберт Глассер нар үг хэлнэ. ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг уур амьсгалын эрсдэлийн удирдлагын стратегид нэгтгэх, хэрэгжүүлэх Улсын болон орон нутгийн стратеги” сэдэвт хуралдаанд илтгэл тавина. Мөн “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаан дахь хөрөнгө оруулалт” сэдэвт техникийн хуралдааныг даргалах юм. ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Ц.Ганзориг “Олон нийтийн гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах” сэдэвт сэдэвчилсэн хуралдаан, ОБЕГ-ын ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хурандаа Ч.Ариунаа “Хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сэдэвчилсэн хуралдаанд танилцуулга хийх ажээ.

Монгол Улс гамшгийн эрсдэлийг бууруулах салбарт найдвартай түнш болж чадах алхмыг тавилаа

2016.11.02-05. Энэтхэг Улс. Дели хот. Азийн сайд нарын анхдугаар хуралдаанд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх оролцоод ирлээ. Дэлхийн хүн амын 60 хувь амьдардаг Ази тивийн хувьд газар хөдлөлт, цунами, далайн шуурга, үер, зуд, ганд өртөх эрсдэл өндөртэй бүс нутаг. Байгаль цаг уурын өөрчлөлт болон хүний хүчин зүйлээс хамаарах эрсдэл гамшигтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, хор хөнөөлийг арилгах асуудлыг зөвхөн нэг улс, Засгийн газар дангаараа хэрэгжүүлэх боломжгүй тул Энэтхэг Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран анх удаа энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулсан юм. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх сайд нарын хуралдаанд анхны илтгэлийг тавьж, гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, зорилтын талаар мэдээлэл хийлээ. Чуулга уулзалтын үеэр Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай элч Роберт Глассертай  уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Азийн 39 орны Засгийн газрын тэргүүн, гамшгийн асуудал эрхэлсэн сайд нар чуулж 2015 онд Японы Сендай хотноо болсон Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн гуравдугаар бага хурлаас НҮБ-ын гишүүн 187 орон соёрхон гаргасан “2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн” Азийн бүс нутгийн төлөвлөгөөг батлан гаргалаа. Мөн гамшгийн эрсдэлийг бууруулахад улс төрийн дээд түвшний оролцоог хангахын тулд “Делигийн тунхаглалыг” гаргасанаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл Азийн бүс нутагт ирэх 15 жилд гамшгийн эрсдэлийг хэрхэн бууруулах талаар баримт бичигтэй болж байгаа юм. Ирэх 2018 онд Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран Азийн сайд нарын II бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулна. Тийм ч учраас энэ удаагийн Азийн сайд нарын анхдугаар хуралдаан манай улсын  хувьд туршлага хуримтлуулан судлахын зэрэгцээ, Монгол Улс бүс нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах салбарт улс орныг манлайлан оролцох,  найдвартай түнш болж чадах эхний алхмыг тавьжээ. 

Шадар Сайд У.Хүрэлсүх Азийн сайд нарын чуулга уулзалтад оролцож байна

2016.11.04. Монгол Улс. Улаанбаатар хот. Шинэ Дели хотноо болж байгаа Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын чуулга уулзалтад Шадар сайд У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Дэлхийн хүн амын 60 хувь амьдардаг Ази тив нь газар хөдлөлт, цунами, далайн шуурга, үер, зуд, ган зэрэг гамшиг эрсдэлд 88 хувьтай өртдөг эмзэг бүс нутаг юм. Гамшиг эрсдэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах зэргийг аль нэг улс, Засгийн газар дангаараа хийх боломжгүй тул анх удаа энэ чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Моди Засгийн газрынхаа бодлого, гамшиг ослыг эрт мэдээлэх, урьдчилан сэргийлэх, хүн ардыг мэдээллээр хангах, эрсдэл даатгалын сан үүсгэх, зам, барилгын чанарыг стандартад нийцүүлэх зэрэг 10 зүйл төлөвлөгөө, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцууллаа. Чуулга уулзалтад Азийн 39 орны төлөөлөгчид оролцож байгаагийн 34 нь сайд нар юм. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх сайд нарын хуралдаанд анхны илтгэлийг тавьж, гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр хийж байгаа ажил, бодлого, зорилтын талаар мэдээлэл хийлээ. Чуулга уулзалтын үеэр Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай элч Роберт Глассертай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Азийн сайд нарын чуулга уулзалт 3 хоног үргэлжлэх бөгөөд хуралдаанаас Гамшгийн эрсдэлийг бууруулах Засгийн газруудын хамтарсан Шинэ Делийн тунхаглал, Сендай программыг хэрэгжүүлэх Азийн хөтөлбөр зэрэг баримт бичиг гаргах юм гэжээ.

Шадар сайд У.Хүрэлсүх Энэтхэгийн Хилийн асуудал эрхэлсэн Дотоод хэргийн дэд сайдыг хүлээн авч уулзав

2016.12.22. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хилийн асуудал эрхэлсэн Дотоод хэргийн дэд сайд Санжийваний Куттиг хүлээн авч уулзлаа. Манай хоёр орон харилцаа, хамтын ажиллагааны олон жилийн түүхтэй. Цаашид ч улам шинэ шатанд гарч хөгжинө гэдэгт итгэдэг.  2018 онд Гамшгийн эрсдэлийг бууруулах талаарх дээд хэмжээний уулзалт, хурлыг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүнд идэвхитэй хамтран ажиллана гэдэгт найдаж байна гэж Шадар сайд уулзалтын эхэнд хэллээ. 2015 онд БНЭУ-ын Ерөнхий сайд Наренда Модигийн айлчлалаас  хойш хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа стратегийн түвшнөөс шинэ түвшинд гарсан. Өнөөдөр бид Цагдаа, Хил хамгааллын чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн яамтай байгууллаа. Хамтарсан ажлын хэсгийн хуралдааныг хийлээ. Цаашид хэрхэн ажиллах талаараа тодорхой чиглэл шийдлийг гаргасан гэж Энэтхэг Улсын хилийн асуудал эрхэлсэн Дотоод хэргийн дэд сайд Санжийваний Кутти танилцуулжээ.

Азийн түншлэлийн хуралдаан Улаанбаатар хотод эхэллээ

2017.04.05. Монгол Улс. Улаанбаатар хот. Өнөөдрийн хуралдаанаар манай улс Азийн сайд нарын бага хурлаар баталсан Нью Делигийн тунхаглал, Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөөнд тусгагдсан үүрэг, амлалтуудаа хэрхэн хэрэгжүүлж байгаагаа тайлагнана. Мөн бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулахад ямар асуудлуудад анхаарч ажиллах шаардлагатай байгаа талаар хэлэлцэх юм.  Түүнчлэн ирэх онд Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хоёр дугаар бага хурлын бэлтгэлийг хэрхэн хангах талаар ярилцахаар төлөвлөжээ. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Азийн түншлэлийн хуралдаан нь өнгөрсөн оны 11-р сард БНЭУ-ын Нью Дели хотноо хуралдсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар бага хурлын дараа чуулж байгаагаараа өндөр ач холбогдолтой” гэж тэмдэглэлээ. Азийн түншлэлийн хуралд Австрали, Бангладеш, Бутан, БНХАУ, БНАСАУ, БНЭУ, Индонези, Япон, Лаос, Малайз, Мальдив, Мьянмар, Пакистан, Филиппин, БНСУ, Шри-Ланка, Тайланд, Вьетнам болон олон улсын Засгийн газар хоорондын байгууллага, НҮБ , олон улс, бүс нутгийн төрийн бус байгууллагууд, Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төв, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрар болон манай улсын 120 гаруй төлөөлөгч оролцож байна.

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлнэ

2017.11.08. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-ын Элчин сайд Суреш Бабуг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Түүхэн болон соёлын хэлхээ холбоо, ардчиллын үнэт зүйлс, бүс нутаг болон олон улсын энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах хоёр талын хамтын хүсэл эрмэлзэлд суурилсан Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ. Мөн өндөр, дээд түвшний айлчлалын үеэр яригдсан асуудлууд хэрэгжиж байгаад талархлаа илэрхийлээд БНЭУ-ын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг үр дүнтэй ашиглахад онцгой анхаарна гэлээ. Хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээр, түүнд тусгасан нэмэлт өөрчлөлтийн дагуу газрын тос боловсруулах үйлдвэрийг дамжуулах шугам хоолойн хамт барьж байгуулах нарийвчилсан ТЭЗҮ-г боловсруулж эхэлсэн байна. Ерөнхий сайд Н.Модигийн айлчлалын үеэр яригдсан нөгөө чухал асуудал нь Мэдээллийн технологийн аутсорсингийн төв байгуулах төсөл юм. Газар зүйн байршил, дэд бүтэц, хүний нөөц зэргийг бодолцоход энэ төв цаашид мэдээллийн  Data center болж өргөжих боломжтой юм. Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих эдгээр төслийг хэрэгжүүлэх техникийн баг өнөөдөр Улаанбаатарт ирж байна, уулзалт, сургалт зохион байгуулна. Ирэх оны эхний улиралд газрын тосны үйлдвэр байгуулах тендер зарлах боломжтой гэж ноён Элчин сайд Суреш Бабу хэллээ. Онцгой байдлын ерөнхий газрын 25 албан хаагч Энэтхэг Улсад сургалтад явж байгаа. Хилийн хамгаалах ерөнхий газрын Удирдлагын төв байгуулахад техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлнэ. Мөн харилцан туршлага солилцох, мэргэжилтэн сургах ажлыг хийнэ зэрэг ажлыг зохион байгуулж байгаа гэж Элчин сайд хэллээ. Уулзалтын үеэр яригдсан бас нэг асуудал нь Энэтхэг Монголын хооронд шууд нислэгтэй болох талаар санал солилцов. Шууд нислэгтэй болсноор бизнес, аялал жуулчлал хөгжих төдийгүй хөрөнгө оруулагчдыг татна. Мөн дээрх том төслүүдийн ажлыг эрчимжүүлэхэд тустай гэдгийг хоёр тал онцолжээ.

Ерөнхий сайд БНЭУ-ын Дотоод хэргийн сайдыг хүлээн авч уулзав

2018.06.23. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар айлчилж байгаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дотоод хэргийн сайд Ражнат Сингхийг албан өрөөндөө хүлээн авч уулзлаа. Монгол Улс нь БНЭУ-ыг хамгийн ойр дотны гуравдагч хөрш орон гэж үздэг бөгөөд Стратегийн түншлэлийн харилцаандаа тэргүүлэх чиглэл өгдөг гэдгийг Ерөнхий сайд хэлэв. Мөн БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди 2015 онд Монгол Улсад айлчилсан нь харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасныг тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын даргаар томилогдсонд нь Дотоод хэргийн сайд Ражнат Сингх баяр хүргээд БНЭУ-д айлчлахыг урилаа. Монгол Улс бол БНЭУ-ын Зүүн Хойд Ази дахь том түнш орон. Өндөр, дээд түвшний харилцан айлчлал тогтмолжиж, харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглэв. Цаашид хил хамгаалах, батлан хамгаалах, боловсрол, мэдээллийн технологи, кино урлаг, аялал жуулчлал зэрэг салбарт хамтран ажиллах шаардлагатай. Ялангуяа хоёр орны хоорондын худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, Улаанбаатар-Дели чиглэлд шууд нислэгтэй болохын тулд хүчин чармайлт гаргаж ажиллах ёстой гэдэгт талууд санал нэгджээ.

Азийн сайд нар Улаанбаатар хотноо чуулж эхэллээ

2018.07.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Энэ өдрүүдэд  “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал” Улаанбаатар хотноо болж байна. Хоёр жил тутам болдог энэ хурлаар Азийн 50 орны хоёр мянга гаруй төлөөлөгч дэлхийн болон бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулахад  тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг хэлэлцэн шийдвэр гаргах юм. Бага хурал нь бүс нутгийн болон хил дамнасан гамшгийн эрсдэлийг бууруулахад манлайллаа үзүүлж, улс орон, ард иргэдэд үр дүнтэй шийдэл гаргах замаар тулгамдсан хүндрэл бэрхшээлийг даван туулах, шинэ арга замыг нээх боломжийг оролцогч улсуудад олгодог. Мөн хурлаар “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичиг хэрэгжсэн өнгөрсөн гурван жилд хэрэгжүүлсэн гол арга хэмжээг танилцуулж, хэлэлцүүлнэ. Түүнчлэн 2016 онд болсон хурлаар батласан Шинэ Делигийн Тунхаглал, Азийн бүсийн төлөвлөгөө, 10 оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл, тэдний хүлээсэн үүрэг, амлалтын хэрэгжилтийг дүгнэх юм. “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал-2018”-аас Улаанбаатарын тунхаглал. 2018-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Үндэсний болон орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах стратегитай улс орны тоог нэмэх, оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл  зэрэг үндсэн баримт бичгийг батлан гаргана. “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцон хэлсэн үгнээс хүргэе.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Тусгай төлөөлөгч, эрхэмсэг хатагтай Мизутори, Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо,

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хуралд хүрэлцэн ирсэн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын Засгийн газар, НҮБ  болон бусад оролцогч талын төлөөлөл Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлэн мэндчилье. Та бүхэн Монголын сайхан оронд тавтай морилно уу. 2015 оны “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”-т үндэсний болон бүс нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг Гамшгийн эрсдэлийг ойлгох; Гамшгийн эрсдэлийг удирдах засаглалыг бэхжүүлэх; Гамшигтай тэмцэх чадавхийг бэхжүүлэхэд хөрөнгө оруулах; Гамшгийн бэлэн байдлыг хангах, түүний дараах сэргээн босголт, нөхөн сэргээлтэд “сайжруулан сэргээн барих” үзэл баримтлалыг хэрэгжүүлэх гэсэн дөрвөн тэргүүлэх чиглэлд хандуулахаар тодорхойлсон билээ. Мөн онд дэлхий нийтийн хөгжлийн дараагийн 15 жилийн хөтөч болсон “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030”-ийн зэрэгцээ “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”, “Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх Аддис Абебагийн үйл ажиллагааны хөтөлбөр”, “Хотжилтын шинэ хөтөлбөр”  зэрэг чухал баримт бичиг батлагдсаныг та бид хамтран хэрэгжүүлж байна. Тогтвортой хөгжил  нь олон талыг хамарсан цогц үйл ажиллагаа тул эдгээр баримт бичгийг амжилттай, уялдаа холбоотой хэрэгжүүлэх нь та бидний өмнө тавигдаж буй эрхэм зорилго төдийгүй хэрэгцээ, шаардлага болоод байна.

Хүндэт хатагтай ноёдоо,

Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн баримт бичиг батлагдсанаас хойшхи гурван жил хагасын хугацаанд бид Азийн бүсийн төлөвлөгөө болон Шинэ Делигийн тунхаглалыг батлан хэрэгжүүлж байгаа билээ. Сүүлийн 15 жилд Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал нь гамшигт хамгийн ихээр өртдөг манай тивийн улс орнуудын хувьд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр ярьж хэлэлцэх, санаа бодлоо солилцох, хамтран шийдвэр гаргах үүрэгтэй хамтын ажиллагааны идэвхтэй механизм болон хөгжиж байна. Өнгөрсөн хугацаанд бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, түүний бүсийн төвийн үүрэг оролцоо, дэмжлэг чухал ач холбогдолтой байсныг энд цохон тэмдэглэхийг хүсч байна. Энэ удаагийн бага хурлаар бид Шинэ Делигийн тунхаглал, Сендайн баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүсийн 2016-2018 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэн дүгнэх, 2018-2020 онд хэрэгжүүлэх бүсийн төлөвлөгөөг батлах зэрэг улс төрийн чухал шийдэл гаргах, улмаар улс орнууд сайн дурын амлалт авах, талууд харилцан туршлага солилцох боломжийг олгож байна.

Эрхэмсэг хатагтай ноёдоо,

Монгол орны газарзүй болон нийгэм, эдийн засгийн энэ өвөрмөц байдал нь гамшгийн эрсдэлийн онцгой нөхцлийг бүрдүүлж байдаг. Манай улсад хүчтэй салхи, шуурга, үер, ой, хээрийн түймэр, ган, зуд зэрэг байгалийн гамшгийн давтамж нэмэгдэж, хүн амын ахуй амьдрал, улс орны эдийн засаг, тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Үүний зэрэгцээ Монгол Улс нь Төв Азийн газар хөдлөлтийн өндөр эрсдэлтэй бүс нутагт байрладаг бөгөөд сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж улам бүр нэмэгдэх боллоо. Иймээс гамшгийн эрсдэлийг бууруулах нь манай төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг яах аргагүй мөн билээ. Засгийн газар НҮБ-аас баталсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”, “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030”, “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг бүрэн дэмжиж, улсынхаа хөгжлийн бодлого, төлөвлөлтийг нэгдсэн удирдлагаар хангах зорилго бүхий “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ыг баталж, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-оо хэрэгжүүлж байна. Сендайн баримт бичиг батлагдсанаас хойш Монгол Улс гамшгаас хамгаалах менежментээс гамшгийн эрсдэлийн менежмент рүү хурдацтай шилжиж, гамшгийн удирдлагын  тогтолцоог боловсронгуй болгох, хууль эрхзүйн орчныг шинэчлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, олон нийтийн оролцоог дэмжих чиглэлээр нэлээдгүй ажил хийсэн. Тухайлбал 2017 онд УИХ-аас Гамшгаас хамгаалах хуулийг шинэчлэн баталж, үндэсний болон орон нутгийн түвшний гамшгийн эрсдлийг бууруулах тогтолцоог бүрдүүлэн, оролцогч талуудын үүргийг тодорхойлж, онцгой байдлын албаныхны эрхзүйн байдал, нийгмийн халамжийг сайжруулж, гамшгийн үеийнхүмүүнлэгийн тусламжийн зохицуулалтыг боловсронгуй болголоо. 2018 онд Засгийн газраас “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлж байна. Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бусГамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл байгуулав. Мөн НҮБ-ын “Гамшигт тэсвэртэй, аюулгүй хот” хөтөлбөрт бүх хот нь нэгдсэн Азийн анхны улс болсон зэргийг дурдаж болно.  Бүс нутгийн орнууд, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар болон олон улсын байгууллагуудын зүгээс Монгол Улсыггамшигтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Азидаа тэргүүлэгч орны нэг хэмээн үнэлж байгаад бид сэтгэл хангалуун байна. Монгол Улсын Засгийн газраас Азийн сайд нарын II бага хурлын үеэр бид

  • “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах нь”,
  • “Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” сэдвээр хоёр онцлох хуралдааныг зохион байгуулна.

Хүндэт хатагтай ноёдоо,

Бүс нутгийн олон улс орон хөгжлийн бодлогоо шинэчилж, эдийн засгийн огцом өсөлтийг бий болгосноор сая сая хүн ядуурлаас гарч байна. Гэвч энэ ололт амжилттай зэрэгцэн дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, экологийн доройтлын улмаас бүс нутагт тохиолдох гамшгийн давтамж, хамрах цар хүрээ, нийгэм-эдийн засагт учруулах хор хохирлын хэмжээ улам бүр ихэсч байгаа нь бидний  сэтгэлийг түгшээх боллоо. Ази тивийн гамшгийн эрсдэл нь Африк тивээс дөрөв дахин, Европ болон Хойд Америкаас 25 дахин өндөр байна. НҮБ-аас гаргасан мэдээгээр Ази, Номхон далайн бүс нутагт 2000 оноос хойш жилд дунджаар 150 гаруй гамшиг тохиолдсон нь дэлхий дахинд жилд тохиолдож буй нийт гамшгийн 45 хувийг эзэлж байна. Үүний зэрэгцээ гамшгийн улмаас дэлхийн эдийн засагт учирсан хохирлын 38 хувь нь, гамшигт өртсөн хүн амын 85 хувь нь Ази, Номхон далайн орнуудад оногдож байна. Нийгэм, эдийн засгийн хөгжлийг даган бүс нутагт хотжилт эрчимтэй явагдаж байна. Ази, Номхон далайн бүс нутагт  хөдөөгийн хүн амын тоо хот, суурин газарт амьдардаг хүн амын тооноос ямагт илүү байсан бол 2018 оноос хойш эсрэгээрээ хотын хүн ам хөдөөд амьдардаг хүн амын тооноос давж гарах нөхцөл бүрджээ. Тиймээс ирээдүйд бидэнд хотжилттой холбоотой олон асуудал тулгарах нь дамжиггүй болоод байна. Олон мянган хүний амь насыг авч одсон Энэтхэгийн далайн цунами, Сычуаны газар хөдлөлт, Мьянмарын Наргис хар салхи болон эдийн засагт ихээхэн хохирол учруулсан Японы зүүн эргийн  газар хөдлөлтөөс үүдэлтэй гурвалсан гамшиг, Тайландын их үер, Балбын газар хөдлөлт зэрэг томоохон гамшгийн харамсалтай түүхээс сургамж авч гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, улам идэвхжүүлэх хэрэгцээ шаардлага бүс нутгийн хувьд онцгой ач холбогдолтой болоод байна.

Эрхэм хатагтай ноёдоо,

Монгол Улсын Засгийн газарт гурван удаа Онцгой байдлын асуудал хариуцсан сайдаар ажиллаж байсны  хувьд улс орны тогтвортой хөгжлийг хангах нэг гол нөхцөл нь гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах явдал гэдгийг би маш сайн ойлгож мэдэрсэн. Гамшгийн голомтод ажиллан гамшигт өртсөн иргэдийн зовлонг хуваалцаж, гамшгийг даван туулах тэдний асар их эр зориг, хүсэл тэмүүлэл, тэсвэр хатуужлаас эрч хүч авч, тэдэнд дэмжлэг үзүүлэн ажиллаж, туршлага хуримтлуулсандаа бахархаж явдаг. Гамшгийн эрсдэлийг бууруулах НҮБ-ын манлайлагч төрийн түшээ хүний хувьд, Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувьд бүс нутаг, дэлхий дахинд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хэд хэдэн санал дэвшүүлье.  

Нэгдүгээрт. Улс орон, холбогдох бүх талд хүртээмжтэй Гамшгийн эрсдэлийн мэдээлэл, мэдлэгийн нэгдсэн сүлжээ бий болгоё:

Мэдээллийн санд тулгуурлан  шинжлэх ухааны орчин үеийн арга хэрэгслийг ашиглан гамшгийн эрсдэлийн талаарх мэдээллийг шийдвэр гаргагчид, олон нийт, иргэдэд ойлгомжтой байдлаар хүргэх, мэдлэгийг хуваалцах сүлжээг бий болгох хэрэгтэй байна. Мөн мэдээллийн нэгдсэн сүлжээний зэрэгцээ улс орон, холбогдох талууд мэдлэг, туршлагаа харилцан солилцох, Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурлуудаас баталсан тунхаглал, бүсийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах, тогтмол үнэлэх, олон нийтэд тайлагнах механизмыг бий болгох хэрэгтэй гэж үзэж байна. Ингэж чадвал бид гамшгийн эрсдэлийн талаар нэгдмэл, үнэн бодитой мэдээлэл авах, түүндээ тулгуурлан оновчтой шийдвэр гаргах, хэрэгжилтийг хянах боломжтой болох юм.

Хоёрдугаарт. Гамшгийн эрсдэлийн боловсролыг бүх нийтэд олгох, гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлье.

Гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах тухай ойлголт, мэдлэгийг албан болон албан бус боловсрол, бүх түвшний иргэний боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтаар  дамжуулан олгох нь хүн амын амьдралын хэвшил, зан үйлийг өөрчлөхөд дэмжлэг болж, эрсдэлийг бууруулах соёл, уламжлалыг төлөвшүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэнэ. Гамшгийн эрсдэлийн боловсролыг олон нийтийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, нэн ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цагаач болон уугуул иргэд, хүүхэд, ахмад настан зэрэг онцлог бүлгийг хамруулсан, жендерийн мэдрэмжтэй арга, хэлбэрээр олгох нь илүү үр өгөөжтэй гэж бодож байна. Бидний ирээдүй хүүхэд, залуучуудаар дамжуулан гамшгийн эрсдэлийг бууруулах болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талаарх мэдлэг, чадварыг эцэг, эх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх нь гамшгийн эмзэг байдлыг бууруулах, гамшгийг тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх үр дүнтэй арга байх болно.

Гуравдугаарт. Хөдөө аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогыг дэмжье.

Ази, Номхон далайн бүсэд хоёр тэрбум гаруй хүний амьдрал зөвхөн хөдөө аж ахуйн салбараас хамааралтай байна. Хөдөө аж ахуйд учруулж буй уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн шинж чанарыг бүрэн дүүрэн таньж мэдэж, урьдчилан сэргийлэх оновчтой арга хэмжээ авч чадахгүй байгаагаас энэ салбарт гамшгийн эрсдэлээс хүлээх хохирол улам бүр нэмэгдэх боллоо. Өнөөдөр дэлхий дахинд тохиолдож буй байгалийн дөрвөн гамшиг тутмын гурав нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй бөгөөд хөгжлийн түвшнээс үл хамааран бүх улс оронд нэгэн адил нөлөөлж байна. Монгол орны хувьд уур амьсгалын өөрчлөлт нь аль эрт бодит аюул болж, ган, зуд, цөлжилт зэрэг гамшгийн давтамж болон далайц олшрон өсч, хүн амын тэр дундаа хөдөө аж ахуйд ажиллагсдын эмзэг байдал улам бүр нэмэгдэж байна. Иймд улс орнууд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх чадварыг хөдөө аж ахуйн салбарт нэмэгдүүлж, арга технологио шинэчлэх шаардлага зүй ёсоор урган гарч байна. Мөн улс орон бүр олон зууныг дамжин амьдарч, аж төрөхдөө аливаа гамшгийн эрсдэлийг бууруулах арга ухаан, мэдлэг туршлага хуримтлуулсан байдаг. Иймд гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн улс үндэсний уламжлалт арга ухаан, үндэсний чадварыг орчин үеийн чиг хандлагатай хослуулан баяжуулж үр өгөөжийг нь дээшлүүлж байх  хэрэгтэй байна. Энэ нь бүс нутгийн болон улс орнуудын хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийн таагүй нөлөөллийг бууруулах замаар урт удаан хугацаанд тогтвортой хөгжих гол үндэс болох юм.

Дөрөвдүгээрт. Гамшигт тэсвэртэй дэд бүтэц болон хот төлөвлөлтийг хөгжүүлье.

Ази тив бол эрчимтэй хотжиж, дэд бүтцийг далайцтай бүтээн байгуулж буй бүс нутаг юм. Иймд гамшгийн эрсдэлийг бууруулах, шинэ эрсдэл үүсэхээс сэргийлэхийн тулд орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтөд эрсдэлийн мэдээллийг ашиглах,  түүнчлэн хүн ам суурьшихад аюулгүй, экосистемийн үйл ажиллагааг хэвийн хадгалах боломжтой, гамшгийн эрсдэлд тэсвэртэй хот төлөвлөлтийг хөгжүүлэх шаардлагатай байна. Гамшгийг тэсвэрлэх чадвартай дэд бүтцийг барих ялангуяа сургууль, эмнэлэг зэрэг нэн чухал барилга, байгууламжийг барилгын материалын стандарт, дэлхий нийтээр мөрддөг зарчмуудын дагуу эхнээс нь зөв загвар хийцээр, аюулд тэсвэртэй барих, хүчитгэл хийх, ашиглалтын засвар үйлчилгээний соёлыг хөгжүүлэн төлөвшүүлэх нь зүйтэй. Одоогоор тус бүс нутгийн дийлэнх улс орон өөрсдийн хот төлөвлөлт, дэд бүтцийн хөгжлийн бодлого, стратеги, хөтөлбөр, төлөвлөгөөтэй байгаа хэдий ч эдгээрт эрсдэлийг тооцсон эсэхийг дахин  нягтлах шаардлага байгаа гэж үзнэ. Хөгжлийн бодлого төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг тооцох нь тогтвортой хөгжлийг хангах нэг үндсэн нөхцөл гэдгийг онцгой анхаарах хэрэгтэй байна.

Тавдугаарт. Гамшигт тэсвэртэй байх чадварыг бизнесийн байгууллагуудад бэхжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг дэмжье.

Ази, Номхон далайн бүсэд дэлхийн хүн амын 60 гаруй хувь оршин сууж, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний тэн хагасыг үйлдвэрлэж байна. Энэ утгаараа тус бүс нутгийн бүтээгдэхүүн ханган нийлүүлэлтийн сүлжээ өөр хоорондоо маш нягт уялдаатай тул ганц удаагийн гамшиг бүс нутгийн эдийн засагт бүхэлд нь сөргөөр нөлөөлж болохуйц нөхцөл үүсээд байна. Иймд ханган нийлүүлэлтийн сүлжээний бүх шатанд бизнесийн тасралтгүй ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, бизнесийн байгууллагууд өөр өөрийн онцлогт тохирсон гамшгийн эрсдэлийн удирдлагын загварыг  нэвтрүүлж, байгууллагынхаа гамшгийг тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх шаардлагатай байна. 2011 онд Японы зүүн эрэгт болсон газар хөдлөлт болон Тайландад болсон үер зэрэг томоохон гамшгаас авсан нэг том сургамж бол хувийн хэвшил маш сайн бэлтгэлтэй байх нь үндэсний болон бүс нутгийн эдийн засгийн хохирлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэж буй явдал юм. Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд зарцуулсан зардлын үр ашиг нь гамшгийн дараах аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааны зардлаас хавьгүй бага байдаг. Тиймээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах талаар хамтран ажиллаж, нөөц, мэдлэг туршлагаа нэгтгэж, үр дүнтэй хөрөнгө оруулалт хийх нь маш чухал болоод байна.

Зургаадугаарт. Тогтвортой хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлийн хамтын ажиллагааны санхүүгийн механизмыг бүрдүүлье.

Дэлхийн болон бүсийн санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа, улс орнуудын хандив, татвар зэрэгт түшиглэн тогтвортой хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлийн хамтын ажиллагааны санхүүгийн механизмыг бүрдүүлэх нь зүйтэй. Энэ нь бүс нутгийн гамшигт өртөмтгий хөгжиж буй орнууд, ялангуяа нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй болон арлын жижиг хөгжиж буй орнуудын гамшгийн эрсдэлийг бууруулахад тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд туслах, шинжлэх ухаан, судалгааны байгууллага, хувийн хэвшил, бусад холбогдох талын гамшгийн эрсдэлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, хөгжүүлэхийг дэмжих хамтын хүчин чармайлт, хөрөнгийг үр өгөөжтэй зарцуулах боломж бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Эрхэмсэг хатагтай ноёдоо,

Бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн оновчтой, өргөн хүрээтэй, хариуцлагатай шийдвэр гаргаж, туршлага солилцохоор энд хуран цугларсан төлөөлөгчид та бидний  хэлэлцүүлгийн дүн, цаашдын хамтын ажиллагаа  нь улс орнуудын гамшгийн эрсдэлийг бууруулах, бүс нутгийн төдийгүй дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн хангахад  онцгой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” сэдэвт Азийн сайд нарын II  бага хурлыг амжилттай зохион байгуулж, цаашид бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжиж, өргөжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар бүх талаар хамтран ажиллах эрмэлзэл төгс байгааг дахин нотолж байна. Хурлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар болон хамтран ажилласан та бүхэнд дахин чин сэтгэлийн талархал илэрхийлье. Гамшгийн эрсдэлийг бууруулах замаар байгаль орчинд ээлтэй, хүн бүрт тэгш хүртээмжтэй тогтвортой хөгжилд хүрэхийн төлөө хамтдаа зүтгэе гэжээ.

БНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

2018.08.28. Монгол Улс. Улаанбаатар хот. Бүрэн эрхийн хугацаа нь дуусч нутаг буцах болсонтой нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-аас манай оронд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Сураш Бабуг хүлээн авч уулзав. Хоёр улсын хооронд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал болж, худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжин хөгжихөд Элчин сайдын оруулсан хувь нэмэр их байсан гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Тэр дундаа Энэтхэгийн Засгийн газрын хөрөнгө оруулалтаар Монгол Улсад Газрын тосны боловсруулах үйлдвэр барих бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, гэрээ хэлэлцээр ажил хэрэг болж, бодит биелэлээ олоход онцгой үүрэг гүйцэтгэснийг хэллээ. Мөн, Монгол Улсад эх орноо төлөөлөн сууж байсны хувьд цаашид Газрын тосны боловсруулах үйлдвэр барьж дуусгахад аль болох дэмжлэг туслалцааг үзүүлж ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. Манай хоёр орны хамтын ажиллагааны үр дүнд босгосон газрын тосны үйлдвэрийн үйл ажиллагаа нээгдэх тэр өдөр баяртай уулзахын ерөөл тавив. Монгол, Энэтхэгийн олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар анхаарч байгааг Элчин сайд Сураш Бабу тэмдэглээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг удахгүй Энэтхэг Улсад айлчилна гэдэгт найдаж байна гэв. Хоёр орны харилцаа хамтын ажиллагаа улам тэлнэ гэж итгэж байна. Хил хамгаалах, Онцгой байдал, Батлан хамгаалах, Энергийн чиглэлээр явуулж байгаа бидний хамтын ажиллагаа үргэлжилнэ гэж бодож байгаа учир сэтгэл дүүрэн нутаг буцаж байна хэмээн ноён Сураш Бабу хэлжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Энэтхэгийн шинэ Элчин сайдыг хүлээн авч уулзав

2019.02.25. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Мохиндер Пратап Сингхийг хүлээн авч уулзав. Хоёр орны улс төрийн харилцаа өндөр түвшинд хөгжиж байгааг  Ерөнхий сайд тэмдэглээд түүх, соёлын эртний харилцаатай Энэтхэг Улсыг бүс нутаг дахь гол түнш, тус улстай хөгжүүлж байгаа Стратегийн түншлэлийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгдөг гэв. Цаашид улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг нэмэгдүүлэхийн төлөө байна гэлээ. Мөн аюулгүй байдал, батлан хамгаалах, хил хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахын төлөө Элчин сайд идэвх санаачилгатай ажиллана гэдэгт итгэлтэй байна гэв. Монгол Улс нь Энэтхэг Улсын хувьд чухал анд нөхөр, бүс нутаг дахь түнш орон. Харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллана гэдгээ Элчин сайд М.П.Сингх хэлэв. Уулзалтын үеэр Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар ярилцлаа. Энэ төсөл нь харилцаа, хамтын ажиллагаанд шинэ хуудас нэмсэн, түүхэнд тэмдэглэгдэн үлдэх бүтээн байгуулалт гэдэгт талууд санал нэгдэв. Энэтхэгийн тал нэмэлт санхүүжилтийг баталгаажуулах, үйлдвэрт ажиллах монгол инженер, техникийн ажилтнуудыг сургаж бэлтгэх, Инженерс Индиа Лимитед компанийн Төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотод нээх, Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлгээр суралцах иргэдийн тоог нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр ажиллаж байгааг Элчин сайд М.П.Сингх хэлжээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажил эхэллээ

2019.10.08. Монгол Улс. Улаанбаатар хот. Газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтэц бэлэн боллоо. Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийг ашиглалтад хүлээн авч, барилга угсралт, хөрөнгө оруулалтыг албан ёсоор эхэллээ. БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 2023 онд энэ үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахаар болсон. Монгол Улсын  Засгийн  газар үйлдвэрийн гаднах дэд бүтцийг  байгуулах үүргээ цаг хугацаанд нь гүйцэтгэж ашиглалтад орууллаа. Хүлээн авах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Дармэндр Пратхан, БНЭУ-ын Гадаад хэргийн сайдын зөвлөх К.Панкаж, БНЭУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд М.П.Сингх болон УИХ, Засгийн газрын гишүүд, албаны бусад хүн оролцов. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ БНЭУ-ын Засгийн газар хөрөнгө оруулалт хийснээр Монголын төрөөс сүүлийн хориод жил зорьж буй газрын тосоо дотооддоо боловсруулж, түлш шатахууны хэрэгцээгээ хангах зорилтыг бодитой ажил хэрэг болгох боломжийг бүрдүүллээ. Төмөр зам, авто зам, цахилгаан дамжуулах агаарын шугамаа татаж дууслаа. Энэ бол төрийн болон мэргэжлийн байгууллагуудын өндөр зохион байгуулалттай ажилласны үр дүн. Дотоод нөөц бололцоогоо дайчилж, бүтээн байгуулалтаа гүйцээж хийхийн нотолгоо болж байна. Монгол, Энэтхэгийн зорьж буй энэхүү хамтын бүтээн байгуулалт нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. БНЭУ-ын Засгийн газар, ард түмэнд талархал илэрхийлье гэжээ. БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Д.Пратхан; Монгол Улсад 1,5 сая/тн хүчин чадалтай газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулж буй нь хоёр улсын нөхөрлөлийн бэлэг тэмдэг юм. Монголын талын хүсэлтээр 236 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг манай Засгийн газраас хийхээр шийдвэрлэсэн. Хоёр орны стратегийн түншлэлийг улам хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах болно” гэв. Дорноговь аймгийн Сайншанд хотоос зүүн хойш 18 км-т Алтанширээ сумын нутаг дэвсгэрт байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд 27км төмөр зам, 17,2 км 100 тоннын хүнд даацын авто зам барьж, улсын чанартай төв автозам болон төмөр замтай холбожээ. Мөн 110 кВт-ын эрчим хүчний агаарын дамжуулах шугам барьж, үйлдвэрийн талбайг бэлтгэх, тэгшлэх ажлыг гүйцэтгээд байна. Газрын тосны боловсруулах үйлдвэр нь урьдчилсан ТЭЗҮ-ээр жилд 1,5 сая/тн тос боловруулах хүчин чадалтай байх юм. Үйлдвэрийн түүхий эдийн нөөцийг тогтоох хайгуулын ажлууд бүс нутгийн хэмжээнд идэвхитэй хийгдэж байгаа бөгөөд бүрэн тогтоогдсон нь 35 сая/тн. Нефть-хими болон химийн аж үйлдвэрийн суурь, түүхий тос дамжуулах хоолой төслийн хүрээнд тавигдах юм. Газрын тосны боловсруулах үйлдвэр баригдсанаар түлш  шатахууны импортын хамаарлаас гарч, валютын гарах урсгал 20 орчим хувиар буурна. Мөн Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хувиар нэмэгдэж, улсын болон орон нутгийн төсвийн орлого 150 сая ам.доллараар өсч, 600 гаруй ажлын байр шинээр бий болж, үйлдвэрийг дагасан жижиг дунд үйлдвэрлэл хөгжих юм. Дэд бүтцийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, үүрэг гүйцэтгэсэн Зэвсэгт хүчний дугаар ангийн албан хаагчид, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”, “УБТЗ” ХНН, “МТЗ” компанийн нийт ажилчдад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын талархалыг гардуулж, баяр хүргэн зарим хүнийг шагнаж урамшууллаа. Одоо газрын тосны боловсруулах үйлдвэрийн ажилтан албан хаагчдын 550 айлын орон сууцны хорооллыг барьж эхлээд байна гэжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзав

2020.09.22. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзав. Элчин сайд М.П.Сингх Монгол Улсын Ерөнхий сайдад Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Модигийн мэндчилгээг уламжлан, Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэхэд онцгой анхаарч, дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад талархал илэрхийлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсад элэгсэг дотно ханддаг Элчин сайдтай уулзаж байгаадаа баяртай байна гээд Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Модигийн Монгол Улстай хийж буй харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал түлхэц үзүүлж буйг тэмдэглэв. Хамтын ажиллагааны эрчийг цаашид улам нэмэгдүүлэн, дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалж, харилцааг бүхий л салбарт өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Талууд Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиролцов. Мөн Энэтхэг Улсад зарим бараа бүтээгдэхүүнийг экспортлох туршилтын тээвэрлэлт хийхэд хоёр тал ач холбогдол өгч, хамтран ажиллахаар ярилцав. Соёл, боловсрол, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцсоноос гадна зарим төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Энэ онд тохиож буй Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаагаа Элчин сайд М.П.Сингх хэлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад онцгой ач холбогдол өгч байгаагаа хэлээд, Энэтхэгт саатаад байсан монгол иргэдийг татаж авахад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлжээ.

Энэтхэгээс захиалгат нислэгээр 219 лам хүүхдийг эх орондоо авч ирнэ

2020.06.01. Монгол Улс. Улаанбаатар хот. БНЭУ-ын Каранатака мужид байдаг Гоман, Сэра, Жүме гэсэн гурван дацанд шашны чиглэлээр сурч, амьдарч буй нийт 597 монгол иргэн байна. Үүний 357 нь 10-18 хүртэлх насны хүүхэд аж. Тэдгээрээс 219 хүүхдийнх нь  эцэг, эх, асран хамгаалагч болон Гоман дацангийн удирдлагуудаас хүсэлт тавьсны дагуу хүүхдүүдийг эх оронд нь авч ирэхээр шийдвэрлэж, зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайдад үүрэг болгов. Хүүхдүүдийн амьдарч буй хийдээс 6 километрийн зайд Ковид19 вурусын тохиолдол илэрсэн нь тэдний нөхцөл байдлыг эрсдэлтэй болгосон учир чартер нислэг гарган хүүхдүүдийг эх оронд нь татан авч ирүүлэхийг хүссэн байна. Эх орондоо ирэх хүсэлтэй 219 хүүхдийн 70 хувь нь  Архангай, Баянхонгор, Завхан, Төв, Хэнтий, Увс зэрэг аймгуудаас ирсэн орон нутгийн хүүхдүүд аж. Эцэг эхчүүд нислэгийн зардлыг төлөх ч тусгаарлалтын төлбөрийг төлөх боломжгүй учир дэмжлэг үзүүлэхийг Засгийн газраас хүсчээ. Иймд тусгаарлах зардалд шаардагдах 229.9 сая төгрөгийг Хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөрөөс санхүүжүүлж, насанд хүрэгчдийн адил хорио цээрийн шаардлага хангасан  тусгаарлах байранд байрлуулж, нийгэм сэтгэлзүйн үйлчилгээг үзүүлэх ажлыг даалгажээ. Дашрамд дурдахад, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020.05.13-нд Туркийн Истанбул  хот руу тусгай үүргийн нислэг хийж, 170 орчим монгол иргэнээ татан авав. Мөн ОХУ-ын Улаан-Үд хотоос 05.14-нд 202 иргэнийг, 05.15-нд Эрхүү хотоос 200 орчим иргэнийг татан авав. Харин 05.18-нд Энэтхэг улсаас тусгай үүргийг онгоц нислэг үйлдэж, иргэдээ татан авахаар ажиллаж байсан юм.

БНЭУ-аас ойрын хугацаанд вакцин нийлүүлнэ

2021.01.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-д үйлдвэрлэж байгаа “Ковид-19” цар тахлын эсрэг вакцинаас авах хүсэлтэй байгаагаа тус улсын Ерөнхий сайд Нарендра Модид илгээсэн албан захидалдаа илэрхийлсэн байна.Талууд вакцин нийлүүлэх хүрээнд өнөөдрөөс буюу 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 150 монгол эмчийг цахим сургалтад хамруулж эхэллээ. Тээвэрлэлт, хадгалалт, вакцинжуулах ажил бэлэн болсон бөгөөд вакцины тоо хэмжээ, нийлүүлэх хуваарийг дипломат шугамаар тохиролцох юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсад дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн стратегийн түнш, гуравдагч хөрш БНЭУ-ын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлжээ.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа

2021.03.02. Сангийн сайд Б.Жавхлан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол, Энэтхэг хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, ялангуяа түүхий тос дамжуулах хоолойн асуудлаар санал солилцов. БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төсөл амжилттай хэрэгжиж, төлөвлөлтийн шатнаас барилга-угсралтын шатанд шилжиж байгаа бөгөөд үйлдвэрийн технологийн бус барилга байгууламжийн ажлыг Энэтхэгийн “JMC Projects India” компани гүйцэтгэхээр гэрээ байгуулан бүтээн байгуулалтын ажлыг 2021 оны 01 сарын 15-ны өдрөөс эхлүүлсэн байна. Элчин сайд М.П.Сингх хоёр орны харилцааны бэлэг тэмдэг болсон энэхүү төслийг амжилттай урагшлуулахад Энэтхэгийн талаас бүх талаар дэмжиж хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

Энэтхэгийн элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзав

2020.09.22. Монгол Улс. Улаанбаатар хот. Энэ өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа. Элчин сайд М.П.Сингх Монгол Улсын Ерөнхий сайдад Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Модигийн мэндчилгээг уламжлан, Монгол Энэтхэгийн Стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэхэд онцгой анхаарч, дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад талархал илэрхийлэв. Талууд Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиролцсон юм. Мөн Энэтхэг Улсад зарим бараа бүтээгдэхүүнийг экспортлох туршилтын тээвэрлэлт хийхэд хоёр тал ач холбогдол өгч, хамтран ажиллахаар ярилцав. Соёл, боловсрол, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцсоноос гадна зарим төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Энэ онд тохиож буй Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаагаа Элчин сайд М.П.Сингх хэлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх КОВИД-19 цар тахлыг даван туулах, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад онцгой ач холбогдол өгч байгаагаа хэлээд Энэтхэгт саатаад байсан монгол иргэдийг татаж авахад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлсэн юм.

Энэтхэгийн элчин сайдыг хүлээн авч уулзав

2021.08.31. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх-ийг хүлээн авч уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь Элчин сайд баяр хүргэж, Монгол Улсад улс төрийн тогтвортой байдал сэргэн бэхжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч ирснээ дурдаж, цаашид Ерөнхийлөгчийн хувиар Стратегийн түншлэлийг бэхжүүлэх, хамтарсан томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Хоёр улс цар тахлын үед ч идэвхтэй хамтран ажиллаж, бие биенээ харилцан дэмжиж ирснийг талууд онцлов. БНЭУ-аас цар тахлын эмчилгээнд ашиглах Ремдесивир эмийн 100 мянган тун тарилгыг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улс хүлээн авсан нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад чухал хувь нэмэртэйг тэмдэглэлээ. Хоёр улсын Стратегийн түншлэлийн бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн идэвх чармайлттай ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Уулзалтын үеэр хоёр улсын хооронд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, энэ хүрээнд БНЭУ-д коксжих нүүрс экспортлох туршилтын тээвэрлэлтийг эхлүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцлоо. БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд А.Б.Важпайн нэрэмжит Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн төв болон Монгол, Энэтхэгийн хамтарсан найрамдалт дунд сургууль байгуулах зэрэг хамтарсан төсөл хэрэгжиж эхэлсэнд талууд сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийллээ гэжээ. 


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-ын Үндэсний аюулгүй байдал хариуцсан орлогч зөвлөх Викрам Мисриг хүлээн авч уулзлаа

2022.04.14. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улс /БНЭУ/-ын Үндэсний аюулгүй байдал хариуцсан орлогч зөвлөх Викрам Мисриг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын ард түмний оюун санааны хөрш, чухал гуравдагч түнш болох Энэтхэг улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүх түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлж, Стратегийн түншлэлээ улам бэхжүүлэн шинэ шатанд гаргахын төлөө байгаагаа илэрхийлэв. Ялангуяа хоёр орны хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар онцгой анхаарал хандуулж байгаагаа дурдаад, үйлдвэрийг цаг хугацаанд нь ашиглалтад оруулах нь чухал байгааг онцоллоо. Орлогч зөвлөх Викрам Мисри БНЭУ-ын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилж, хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтаар хамтын ажиллагааны чиглэлүүд, сансар, харилцаа холбооны салбарт хамтран хэрэгжүүлэх тодорхой төсөл, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй яриа хэлэлцээ өрнүүлснийг тэмдэглэв. Тухайлбал, аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх асуудлаар санал нэгтэй байгааг дурдлаа. Мөн Энэтхэг, Монгол Улсын хамтран хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд тус улсаас төр, засгийн өндөр, дээд түвшинд анхаарал хандуулж буйг хэлэв. Энэхүү төслийн хэрэгжилт нь холбогдох яамдын хариуцах ажил хэдий ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс онцгойлон авч үзэж буйд талархалтай хандаж байна гэлээ. Иймд тус төслийн явцад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны зүгээс тусгайлан анхаарч, хяналт тавин ажиллана гэдгийг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-ын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад халуун дотно мэндчилгээг нь уламжлахыг хүсээд, энэ удаагийн айлчлал өндөр үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

БНЭУ-ын Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзав

2022.09.06. Монгол Улс. Улаанбаатао хот. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингхийг хүлээн авч уулзав. Оюун санааны түнш, гуравдагч хөрш БНЭУ-тай харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжиж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэж, үүнд БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди-гийн 2015 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал болон Батлан хамгаалахын сайдын энэ удаагийн айлчлал чухал түлхэц болж байгааг онцлов. Мөн хоёр орны хооронд тогтоосон Стратегийн түншлэлийн харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хүргэх бүрэн боломж байгааг хэлэв. Ардчилал, эрх чөлөөг дээдэлдэг зэрэг ижил төстэй зүйл олон Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахаа БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх илэрхийлэв. Уулзалтын үеэр олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудал болон газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт, батлан хамгаалах, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдал, боловсрол, агаарын тээвэр, аялал жуулчлал зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Энэтхэгийн Ерөнхийлөгч баярын захидал ирүүлэв

2022.07.15. Mонгол Улc. Улaaнбaaтaр хот. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Рам Нат Ковинд мэндчилгээ дэвшүүллээ. УГ МЭНДЧИЛГЭЭНД: Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монголын ард түмэнд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар, Энэтхэгийн ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Энэтхэг, Монгол нь оюун санааны ойр дотно хөрш бөгөөд Стратегийн түншүүд билээ. Цар тахлын улмаас тулгарч буй сорилтуудыг үл харгалзан бидний олон талт хамтын ажиллагаа бүх талаар цэцэглэн хөгжиж байгааг тэмдэглэхэд нэн таатай байна. Саяхан болж өнгөрсөн Монгол Улсын Их дүйчэн өдрөөр Энэтхэг Улсад хадгалагдаж буй Бурхан багш Буддагийн чандарыг Монгол Улсад залж, сүсэгтэн олон, ард иргэдэд дэлгэн үзүүлсэн нь бидний Буддын шашны гүн гүнзгий хэлхээ холбоо, ижил төстэй өв соёл, шашин шүтлэгтэйг гэрчилж байна. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Таны манлайлал дор манай хоёр орны Стратегийн түншлэл олон салбарт өргөжин тэлж, хамтын ажиллагааны шинэ гарцуудыг нээж өгнө гэдэгт миний бие итгэл төгс байна. Энэхүү завшааныг ашиглан Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлт, сайн сайхны ерөөл дэвшүүлье. Энэ ялдамд, Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд нэн өндөр хүндэтгэлээ дахин илэрхийлж буйг минь хүлээн авна уу гэжээ. 

ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

2023.05.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскалантег хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч цар тахлын үед ДЭМБ-ын Монгол Улсад үзүүлсэн дэмжлэгийг үнэлж байдгаа хэлж, Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Энэ жил тохиож буй ДЭМБ үүсэж хөгжсөний 75 жилийн ойн мэндийг дэвшүүлж, ДЭМБ-ын дэвшүүлсэн Эрүүл мэндийг хүн бүрд аяныг Монгол Улс дэмжиж байгаа гэлээ. Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан хөгжүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй Эрүүл монгол хүн, Тэрбум мод, Хүнсний хангамж, аюулгүй байдал хэмээх гурван тулгуурт, харилцан уялдаатай үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа хэлэв. ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте үүрэгт ажилдаа орсноос хойш Монгол Улсын эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцах явцад анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар, мөн монгол эмч, мэргэжилтнүүдийн ур чадварын түвшнийг өндрөөр үнэлж байснаа хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй Эрүүл монгол хүн, Тэрбум мод, Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг ДЭМБ дэмжиж буй бөгөөд Монгол Улсад ажиллах хугацаандаа хамтын зорилтуудын хэрэгжилтийг хангахын төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ. ДЭМБ, Монгол Улсын хамтын ажиллагааны ирэх 5 жилийн стратегийн баримт бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах, эрүүл мэндийн аюулгүй байдлын чадавхыг хөгжүүлэх, эрүүл орчныг бүрдүүлэх, халдварт болон халдварт бус өвчинтэй тэмцэх тогтолцооны чадавхыг сайжруулах зэрэг чиглэлийг тусгахаар төлөвлөн ажиллаж байгаа гэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сокорро Эскалантед ажлын амжилт хүсэж, хамтын ажиллагааг нягт, үр дүнтэй байлгахад бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-ын Парламентын Доод танхим Лок Сабха-гийн даргыг хүлээн авч уулзав

2023.07.07. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла-г хүлээн авч уулзав. Монгол Улс “оюун санааны хөрш”, “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь чухал түнш Энэтхэг Улстай хөгжүүлж буй “Стратегийн түншлэл”-ийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгдгийг Ерөнхийлөгч тэмдэглэв. Харилцаа, хамтын ажиллагаа аюулгүй байдал, батлан хамгаалах, боловсрол, соёлын салбарт түлхүү хөгжиж буйг тэмдэглээд, цаашид уул уурхай, хөдөө аж ахуй, эрүүл мэнд зэрэг салбарт идэвхтэй ажиллахын төлөө буйгаа онцлов. Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд харилцан бие биеэ дэмжин, хамтран ажиллаж ирснийг улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. БНЭУ нь ШХАБ болон Их-20-ийг амжилттай даргалж буйд баяр хүргэж, Монгол Улсад 2026 онд зохион байгуулах НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д энэтхэгийн талыг оролцохыг урив. Лок Сабха-гийн дарга Ом Бирла Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-ын Ерөнхийлөгч Дроупади Мүрмү-гийн мэндчилгээг уламжилж, Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагааг бүх түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв. Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа онцлов. Талууд Монгол, Энэтхэгийн хамтарсан “Нүүдэлчин заан” тусгай хүчний хээрийн сургууль болон “Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуулийг хамтран  зохион байгуулж буйг сайшаав. Түүнчлэн хоёр улсын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө байгаагаа илэрхийлжээ.

ДЭМБ-ын Ерөнхий захирлыг хүлээн авч уулзав

2023.07.10. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос А.Гебрейесусыг хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үүсэж хөгжсөний 75 жилийн ойн баярын мэнд хүргэж,  цар тахлын хүнд үеийг хохирол багатай даван туулахад тус байгууллагын дэмжлэг, тусламж, хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэв. Мөн ДЭМБ-ын дэвшүүлсэн “Эрүүл мэндийг хүн бүрд” аяныг дэмжиж буйгаа илэрхийлж, Эрүүл монгол хүн”, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” гэсэн харилцан уялдаатай үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа хэлэв. Монгол Улс бусад улстай харьцуулбал ард иргэдээ богино хугацаанд дархлаажуулалтад хамруулах  зэргээр түргэн шуурхай арга хэмжээ авч, цар тахлын үеийг хохирол багатай даван гарсныг ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос А.Гебрейесус онцлов. Мөн эрүүл мэндийн салбартаа өмнөхөөс илүү хөрөнгө зарцуулж, эрүүл орчин бүрдүүлэх, халдварт болон халдварт бус өвчинтэй тэмцэх тогтолцоо, эрүүл мэндийн байдлын чадавхыг бэхжүүлэхийн төлөө байгааг сайшаав. Монгол Улсын төр, засаг ард иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч, тодорхой санал, санаачилга гарган ажиллаж байгааг тэмдэглээд, энэ чиглэлээрх бодлого, зорилтуудыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

2023.11.20. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мохиндер Пратап Сингх-ийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Энэтхэгийн харилцаа 70 орчим жилийн түүхтэй хэдий ч хоёр орны ард түмэн өнө эртнээс түүх, соёл, бурхан шашны хэлхээ холбоотой гэдгийг тэмдэглэлээ. Мөн Оюун санааны хөрш Энэтхэг Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаа гүнзгийрэн хөгжиж буйд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв. Монгол Улсад Элчин сайдаар ажиллах хугацаандаа Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, улс төрийн харилцааг дээд, өндөр түвшинд бэхжүүлэх, хамтын ажиллагааны түүхэнд бичигдэх томоохон төсөл, хөтөлбөрийг ажил хэрэг болгоход жинтэй хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлж буйгаа онцлов. Элчин сайд М.Сингх аюулгүй байдал, батлан хамгаалах, уул уурхай, цахим харилцаа, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг  өргөжүүлэх чиглэлээр хамтран ажилласандаа баяртай буйгаа тэмдэглэв. Тэрбээр цаашид хоёр орны найрсаг харилцааг бататган бэхжүүлэх, ялангуяа Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахад анхаарч ажиллахаа илэрхийллээ. Элчин сайд М.Сингх нь 2019 оноос Монгол Улсад суугаа Элчин сайдаар ажиллахдаа цар тахлын үед Энэтхэг Улсаас вакцин хандивлах, Энэтхэгийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар Кибер аюулгүй байдлын төв,  Мэдээлэл, харилцаа холбооны аутсорсонгийн төв болон Монгол-Энэтхэгийн найрамдалт ерөнхий боловсролын сургуулийг Улаанбаатар хотноо байгуулах зэрэгт онцгой хувь нэмэр оруулсан юм.

Энэтхэгийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2024.04.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвэ Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Элчин сайд А.М.Готсурвэг үүрэгт ажилдаа орж буйд нь Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэн, амжилт хүсээд Оюун санааны хөрш Энэтхэг Улстай тогтоосон Стратегийн түншлэлийн харилцаа гүнзгийрэн хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв. Монгол, Энэтхэгийн харилцаа 70 орчим жилийн түүхтэй ч хоёр орны ард түмэн өнө эртнээс түүх, соёл, бурхан шашны хэлхээ холбоотойг тэмдэглэв. Харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, улс төрийн харилцааг дээд, өндөр түвшинд бэхжүүлэх, харилцааны бэлгэ тэмдэг болох төсөл, хөтөлбөр, ялангуяа Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулах чиглэлээр хичээн ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа хэлэв. Элчин сайд А.М.Готсурвэ хоёр орны харилцааг бэхжүүлэх, аюулгүй байдал, батлан хамгаалах, уул уурхай, цахим харилцаа, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ. Монгол Улс, БНЭУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой ирэх онд тохионо.

Энэтхэгийн Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүллээ

2024.07.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму мэндчилгээ ирүүлжээ. Энэтхэгийн Засгийн газар, ард түмэн, өөрийн нэрийн өмнөөс Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд болон Монгол Улсын Засгийн газар, танай найрсаг ард түмэнд Үндэсний их баяр наадмын халуун баяр хүргэе. Манай хоёр улс оюун санааны хөрш бөгөөд стратегийн түншүүд билээ. Бид соёл иргэншил, түүх, оюун санаа, соёлын хэлхээ холбоотой төдийгүй ардчилал, эрх чөлөөний ижил үнэт зүйлстэй. Буддын шашны нийтлэг өв соёл нь бидний харилцааг улам бүр бэхжүүлэн бататгах гүүр болдог билээ. Харилцааны чухал төсөл болох Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажилд ихээхэн ахиц гарч байна. Таны чадварлаг удирдлага дор манай Стратегийн түншлэлийн харилцаа улам хөгжиж, хамтын ажиллагаа шинэ агуулгаар баяжна гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Монгол, Эстонийн харилцаа

2021.09.22. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Эстони Улсын Ерөнхийлөгч Керсти Кальюлайдтай уулзаж харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Цахим үндэстэн болох, төрийн үйлчилгээг цахимжуулахаар И-Монголиа систем хөгжүүлэхэд Эстонийн тал дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж, энэ чиглэлээр улам идэвхтэй хамтран ажиллах нь зүйтэй гэж үздэгээ хэлэв. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ жил тохиож байгааг талууд онцолж, хүн хоорондын харилцаа, ард түмний нөхөрлөлийг бататгах үүднээс соёл, урлагийн арга хэмжээ зохиох талаар санал солилцов. Цаашид боломжит бүх салбарт, тэр дундаа инновац, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдал, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт хоёр орны төрийн тэргүүн санал нэгдэв. Уулзалтын үеэр харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт үр дүнтэй, тогтвортой хөгжүүлэх зорилгоор Засгийн газрын түвшинд яриа хэлэлцээний байнгын механизм байгуулах талаар санал солилцлоо.

Монгол, Японы харилцаа

Монгол, Японы түүхэн харилцаа

2025.02.01. Монгол Улс. Улаанбаатар хот. Хубилай 1260 онд Юань улсын хаан сууринд өргөмжлөгдөөд даруй зургаан жил өнгөрөөд байхад Японы хаанаас Хубилай хаанд элч зарж, хүндэтгэл үзүүлсэнгүй. Гэтэл Хубилайгаас өмнөх Хятадын хаадтай Японы хаад байнгын харилцаатай байдаг байжээ. Үүнийг Хубилай хаанаас японы ванд илгээсэн анхны Жуу бичиг нотолдог байна. Хубилай хаан анхныхаа Жуу бичгийг Японы ванд 1266 онд буюу Их Монгол улс байгуулагдсаны 60 жилийн ойгоор явуулжээ. Хубилай хаан Наран мандах улстай харилцаж эхлэхээр шийдсэн нь энэ аж. Хубилай хаан 1266 оны намар Хятадад шинэ эзэнт улс тогтсон тухай хэл хүргэж, эзэн хаанд алба гувчуур төлсүгэй хэмээн Японд анхныхаа элчийг илгээжээ. Тэнгис далайг гатлахад туслагтун хэмээн солонгосчуудад зарлиг буулгахад нөгөөдүүл нь тэнгис далайн догшин давалгаа, аймшигт шуургын тухай дүрслэн ярьж элчүүдийг хуураад буцаачихсан аж. Солонгосууд Монгол Японы хоорондын харилцаанд хутгалдахаас зайлсхийж ийм арга хэрэглэсэн аж. Элч нар буцаж очиход Хубилай уурсаж харъяат ардуудад анхааруулсан жуу бичгийг 1267 оны зун бичиж, 1268 онд дахин элч мордуулж Солонгосын хааны ордонд хүргүүлэхэд, солонгосчууд туслахаас өөр гарцгүй болжээ. Элч илгээж өөрт нь алба гувчуур өргөж байхыг ёслолын болон цэргийн яамны хоёр түшмэлээрээ уламжилсан ч, япончууд түүний элчүүдийг найртай хүлээж авсангүй ээ. Японы арлууд эх газраас тасархай орших нь тэдний давуу тал байлаа. Монголчууд тэнгис, далайг гатлаад иртлээ удна гэж бодсоных биз. Ийнхүү хэдэнтээ жуу бичиг илгээж, нөгөөдүүлийнх нь зарим ая тал зассөн хариу захидал илгээхээр зэхэж байсан ч, зарим нь эрс цаараглаж байв. Хубилайн дайсан Сүн улстай япончууд сүлбэлдэж, худалдаа наймаа хийж байсан нь дургүйцлийг нь дээд цэгт нь хүргэсэн аж. Тиймээс Япончуудыг эзлэх замаар Сүн улсыг доройтуулах нь оновчтой хэмээн Хубилай үзсэн байна. Тиймээс Хубилай Японы арлуудыг дайрч довтлох, цэргүүдийг тээвэрлэх хөлөг онгоцуудыг хийхийг солонгосчуудад даалгажээ. Ингэж Юань гүрний далайн цэргийн флот байгуулагдсан түүхтэйг Хурч Хорчины товчоонд өгүүлдэг байна. 1274.11 сард 900-аад том жижиг хөлөг онгоцонд, 15000 монгол, хятад, зүрчид,солонгосуудыг суулгаж өнөөгийн Бусан хотоос Японы арлуудыг зорьжээ. Итгэхэд бэрх ч энэ бол үнэн түүх учраас монголчууд Хубилай хааны усан флот гэх дурсгалын зоосыг бүтээсэн юм.

Хубилай хааны усан флот

2024.11.12.Монгол Улс. Улаанбаатар хот. Япон улсын Мацүра хотын Такашима арлын далайн гүнээс илрүүлсэн Монголын Эзэнт гүрний үед холбогдох Хубилай хааны усан флотын цэргийн армийн хөлөг онгоцны дурсгал болон түүхэн үйл явдлын 750 жилийн ойг тохиолдуулан соёлын өвүүдийг сурталчлах, олон нийтэд таниулах зорилгоор Соёлын өвийн үндэсний төвийн захиалгаар Хубилай хааны усан флот дурсгалын зоосыг үйлдвэрлүүлж, худалдаанд гаргалаа. Япон улсын Фүкүока хотын Кюүшюү их сургууль дээр зохион байгуулагдсан Хубилай хааны Япон руу хийсэн довтолгооны дараах 750 жилийн түүхийн олон улсын симпозиум арга хэмжээний үеэр  тус дурсгалын зоосыг олон нийтэд танилцуулав. Зоосны нүүрэн талд далайн ёроол хэсэгт усны археологийн малтлагаар илэрсэн тухайн үед живсэн хөлөг онгоцны модон суурины ёроол хэсэг болон далайд хөвж буй Хубилай хааны хөлөг онгоцны компьютер график ашиглан сэргээсэн загварыг дүрсэлсэн. Мөн зоосны дээд хэсэгт Хубилай хааны усан Флот гэж, доод хэсэгт энэхүү олдворын илэрсэн газар болох Такашима арлын нэрийг бичжээ. Такашима нь Шонхрын арал гэсэн утгатай бөгөөд хөлөг онгоцны дээр шонхор шувууг нисэж буйгаар дүрсэлсэн. Хубилай хааны усан флот дурсгалын зоосны үзүүлэлт: 

  • Технологи: Smartminting, Ultra High Relief
  • Жин: 50 грамм                                          
  • Он: 2024                                                           
  • Нэрлэсэн үнэ: 750 төгрөг                              
  • Металл: Зэс (Алтаар бүрсэн)                      
  • Диаметр: 38.61 мм                                             
  • Чанар: Proof                                                    
  • Технологи: Smartminting, Ultra High Relief  

Хубилай хааны усан флот дурсгалын зоос дээр дүрсэлсэн зураглал болон баримтжуулалтыг сүүлийн 30 жилийн хугацаанд судалсан Япон улсын судлаачдын ажлын үр дүнгээс сэдэвлэсэн бөгөөд зоосыг бүтээхэд тус улсын Мацүра хотын захиргаа, музей, Нара их сургууль, Кокүгакүин их сургуулиас албан ёсны зөвшөөрөл авч, Фукүока дахь Монгол Улсын Өргөмжит консулын газартай хамтран ажиллажээ. Дашрамд дурдахад, Монголбанкны Эрдэнэсийн сан нь 2015 онд Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тохиолдуулан Хубилай хаан 25 гр, мөнгөн дурсгалын зоос, 2018 онд Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс-Япон Улс 1 унц, мөнгөн дурсгалын зоос, 2022 онд Монгол-Япон 50 жил 5 гр, ялтсан мөнгөн дэвсгэрт, 2024 онд Монголбанкны 100 жилийн ойн хүрээнд Хубилай хааны зарлиг ялтсан мөнгөн дэвсгэртийг /5 гр, 1 унц/ үйлдвэрлүүлэн худалдаанд гаргаж байсан ажээ.  \

Хубилай хааны зарлиг

2024.06.02. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойн өдөр тохиож байна. Тиймээс 2024.06.02-ны өдөр Чингис хаан Үндэсний музейд Банк-100 гэрэл зураг, мөнгөн тэмдэгт, маркийн үзэсгэлэнгийн нээлт болов. Эдүгээгээс 100 жилийн өмнө буюу 1924.06.02-ны өдөр Монгол-Зөвлөлийн хувь нийлүүлсэн Худалдаа ба Аж үйлдвэрийн банк анхлан байгуулагдсан нь Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцооны үүсэл, хөгжлийн эхлэл болсон билээ. Банк-100 үзэсгэлэнд Монгол Улсын банкны салбарын зуун жилийн түүхэн фото зургууд болон Монголчуудын төлбөрийн хэрэгсэл, зоос, дурсгалын зоос, мөнгөн тэмдэгтийн хөгжлийг илтгэсэн ховор нандин цуглуулга, үзмэрүүдийг нэг дор дэлгэлээ. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж бэхэжсэний 100 жилийн ойд зориулан гаргасан Монголбанк-100 жил, Хубилай хааны зарлиг, Хос луу сэдэвт дурсгалын зооснуудыг албан ёсоор олон нийтэд мөн танилцуулав. Түүнчлэн Монгол шуудан ХК-иас банкны салбарын 100 жилийн ойд зориулан гаргасан Анхны өдөр маркийн эх зургийг нээх ёслол, маркийг Монголын маркийн музейд хадгалуулах дугтуйнд гарын үсэг зурах зэрэг ёслолууд болов. Үүний зэрэгцээ Монгол шуудан компани “Хубилай хааны зарлиг-Монгол банкны 100 жил” сэдэвт торгон маркыг үйлдвэрлэж, шуудангийн үйлчилгээнд нэвтрүүлж, гүйлгээнд борлуулж эхлэв. Хубилай хааны зарлиг-Монгол банкны 100 жил марк нь Монгол улсын маркны 1148 дахь сэдвийн нэг бөгөөд 21000 ширхэгийг хэвлэн шуудангийн үйлчилгээнд нэвтрүүлжээ. Чингис хаан Монголын нэгдсэн тулгар төрийг үүсгэн байгуулж, Сүхэс нэртэй алт мөнгөн зоос цутгуулж улмаар, 1227 онд дэлхийд анх удаа цаасан тэмдэгт хэвлүүлж гүйлгээнд хэрэглэж эхэлсэн тухай илэрхийлсэн түүхэн сэдэвтэй зургаар уг маркийг бүтээсэн аж. Тус маркын эх зураг нь Монголбанкинд хадгалагдаж байна. Маркны баруун дээд талд төвбанкны лого, зүүн доод буланд шуудангийн лого байршуулжээ. Энэ удаагийн марк торгон гэдгээрээ онцлог бөгөөд манай улс ийм төрлийн маркийг 1982, 2006, 2024 онд тус тус үйлдвэрлэсэн байна. Шуудангийн марк бол дэлхийд монгол улсыг сурталчлах төдийгүй тусгаар тогтнолын илэрхийлэл болдог үнэт зүйлс юм. Энэ мэт Хубилай хааны зарлигаар дусргалын төдийгүй, урлагийн бүтээл туурвиж байгаагаааc Хубилай хааны зарлигт чухам юу өгүүлж вэ гэдэг хүн бүрийн анхаарлыг татдаг. Тэгвэл, Хубилай хааны зарлиг /1277-1289/ Мөнх тэнгэрийн хүчинд Их суу залийн ивээлд Хаан зарлиг маань цэргүүдийн ноёдод, цэрэг ардад балгадын даргаст, ноёдод, зорчин явах элч нарт, иргэдэд дуулгах зарлиг Чингис ханы ба хааны зарлигт тойд, эрхүүд, сэншинүүд аливаа алба гувчуур үл үзэн тэнгэрийг залбирч ерөөл өгөн атугай хэмээгдэгсэд ажгуу. Эдүгээ бээр бөгөөс урьдны зарлигийн ёсоор аливаа алба гувчуур үл үзэн тэнгэрийг залбирч ерөөл өгөн атугай хэмээн Рунд бүхэн лхарж Сангабалаа барьж явах зарлиг өгөв. Түүнд харьяатан сүмд, хийдэд нь илч бүү буутугай. Улаа шүүс бүү барьтугай. Сан тамга бүү өгтүгэй. Сүмд харьяатан газар, ус, цэцэрлэг, тээрэм юу хээг нь булааж татаж бүү автугай. Энэ бас л харж Сангабал зарлигт хэмээж ёс үгүй үйлс бүү үйлдтүгэй. Үйлдвээс үл айх уу? Мөн зарлиг маань үхэр жил хаврын тэргүүн сарын гучнаа Дайдуд бүхийд бичвэй гэсэн зарлиг байдаг ажээ. Энэ тухай Б. Түвшинтөгс, Г. Баттогтох нарын Монгол бичиг номын өв зохиолын 211-р талд өгүүлдэг байна. Төрийн түүхийн музейд Их хаадын захидал үзэсгэлэнд зориулж хуулбарласан бүтээл мөн байдаг аж.

Mонгол, Японы гадаад харилцаа

2025.01.24. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол, Япон хоёр улс Хубилай хааны үеэс түүхэн харилцаатай явж ирснийг дээрх тоо баримт судалгаа илтгэдэг. Тэгвэл орчин цагийн харилцаа БНМАУ, Япон улсын хооронд 1971 оноос дипломат харилцаа тогтоох урьдчилсан хэлэлцээр хийснээр эхэлсэн байна. 1972 оны 2 дугаар сард Монгол Улс Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоох түүхэн үйл явдал болж, 1972.02.24-ний өдрийн 11 цагт Москва хот дахь Япон улсын Элчин сайдын яамнаа БНМАУ-ын Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Нямын Лувсанчүлтэм, Япон улсын Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд К.Нийзэки нар БНМАУ, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосныг нотолж, нот бичиг солилцсон байна. Энэ ёслолд Монголын талаас Москвад суугаа ЭСЯ-ны зөвлөх Б.Дашцэрэн, нэгдүгээр нарийн бичгийн дарга Ч.Хунжав, атташе Б.Нацагдорж, Японы талаас Элчин зөвлөх Т.Хасэгава, зөвлөх К.Чиба, нэгдүгээр нарийн бичгийн дарга К.Нишида, атташе Х.Үэда нар байлцжээ. Энэ өдрийг хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосон өдөр гэж хоёр тал албан ёсоор тооцож байхаар тогтсон түүхтэй. 1977.03.17-нд гарын үсэг зурсан БНМАУ, Япон Улсын хооронд эдийн засгийн талаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийн дагуу Япон Улсын  Засгийн газар 5 тэрбум иенийн (тэр үеийн ханшаар 17 сая ам.доллар) буцалтгүй тусламжаар Улаанбаатарт ноос, ноолуурын Говь үйлдвэрийг барьж, 1981 онд ашиглалтад өгснөөр дайны төлбөрийн асуудал хаагдсан болно. 1980-аад оны дунд үеэс ЗХУ-д өөрчлөн байгуулалт эхэлж, гадаад харилцаанд нь улс төрийн шинэ үзэл санаа хэрэгжин Зөвлөлт, Америкийн харилцаа сайжирч, манай оронд ч өөрчлөлт шинэчлэлтийн бодлого явагдан дэлхийн улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөтгөн тэлэхэд анхаарч эхэлсэн юм. Энэ чиг хандлага Япон улстай харилцах харилцаанд тусгалаа олж, 1987 онд Монгол Улсын Гадаад явдлын яамны сайд Мангалын Дүгэрсүрэн Япон улсад анх удаа, 1989 онд Япон улсын Гадаад хэргийн сайд Сосукэ Үно (1987-1989) өндөр хөгжилтэй орны Гадаад хэргийн сайд нараас анх түрүүн манай улсад албан ёсны айлчлал хийсэн байна. Хэдэн арван жилийн турш үзэл суртлын өөр системд хамааран, бие биеэс нь тусгаарлах хөшиг хаалттай байсан ч нэгэн тивд оршдог, эдийн засгаа гайхалтай хурдацтай сэргээн босгож, дэлхийн өндөр хөгжилтэй орон болж чадсан бодит байдал нь Япон улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөх явдлыг Монгол Улсын тухайд чухал шаардлага, зүй тогтол болгосон юм. Эцэст нь, Зөвлөлтийн өөрчлөн байгуулалтын нөлөөгөөр манай улсад дэлхийн улс орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаа бэхжүүлэх үндсэн дээр улс орноо, эдийн засгаа үндэсний язгуур эрх ашигт тулгуурлан хөгжүүлэх чиг шугамыг чухалчлах болсон үйл явц нь Япон улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх таатай боломжийг бий болгож, үүгээр хоёр орны харилцаанд цоо шинэ үе шат нээгдсэн байна. 1974 онд байгуулсан Соёлын харилцааны тухай хэлэлцээрийн  дагуу оюутан, багш, мэргэжил дээшлүүлэгчид, урлаг, спортынхныг солилцож, найрамдлын нийгэмлэгүүд 1970-аад оны эхнээс харилцаж байв. Монгол, Японы нийгмийн байгуулалт, үзэл суртлын ялгаа мөн Монгол Улсын Зөвлөлт Холбоот Улсаас улс төрийн хараат байсан байдал зэргээс үүдэн 1990-ээд оныг хүртэл хоёр орны харилцаа дорвитой хөгжих боломж хязгаарлагдмал байсан юм гэж википедиад өгүүлжээ.

Шадар сайд Японы Парламентын гишүүдтэй уулзлаа

2015.03.20. Монгол Улс. Улаанбаатар хот. НҮБ-ын хуралд оролцоод буцах замдаа Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Японы Парламентын Төлөөлөгчдийн  танхимын гишүүн, Япон Монголын найрамдлын бүлгийн дарга  Мотоо Хаяаши, Японы Парламентын гишүүн, Япон-Монголын найрамдлын бүлгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Хирофуми Рью,Японы Парламентын гишүүн, Япон-Монголын найрамдлын бүлгийн дэд дарга Шин Такебе нартай Токио хотноо уулзлаа. Сүүлийн жилүүдэд Монгол, Японы харилцаа улам гүнзгийрч, харилцан итгэлцэл бэхжин, хоёр талын төдийгүй бүс нутаг, олон улсын тавцанд идэвхитэй хамтран ажиллаж байгаа. Үүнд Японы Парламент дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн гишүүд жинтэй хувь нэмэр оруулж байгаад Шадар сайд У.Хүрэлсүх талархлаа илэрхийллээ.  Саяхан хоёр орны Ерөнхий сайд “Эдийн засгийн түншлэлийн гэрээ”-нд гарын үсэг зурсан нь Монгол Улсын анхны чөлөөт худалдааны хэлэлцээр болсныг онцлон тэмдэглээд, энэхүү гэрээ хэлэлцээрийг байгуулахад идэвхитэй оролцсон байгууллага, албаны хүмүүст Шадар сайд талархаж байгаагаа илэрхийллээ.Монгол Улсын орчин үеийн хөгжилд  Япон Улсын зээл тусламж онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг Монголын төр засаг, ард түмэн өндрөөр үнэлж, талархаж байдгийг Шадар сайд У. Хүрэлсүх хэлээд, цаашид ч тодорхой хугацааны туршид  Япон Улсын тусламж дэмжлэг Монгол Улсад, тэр дундаа боловсрол, эрүүл мэндийн салбарт шаардлагатай байгааг дурьдлаа. Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар саяхан Япон Улсад албан ёсны айлчлал хийж, ирэх 5 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсад зохион байгуулагдах “Азийн форум”-д оролцох болсон нь хоёр орны харилцаа улам бүр хөгжиж байгаагийн илрэл гэж үзэж байгаагаа Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга ноён Мотоо Хаяаши илэрхийллээ. Хоёр орны түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө төр, засгийн хэмжээнд төдийгүй, бүхий л түвшинд харилцан холбоог бэхжүүлэх чиглэлээр цаашид ажиллах шаардлагатай байгаагаа хоёр тал онцлон тэмдэглэлээ. 

Шадар сайд У.Хүрэлсүх Элчин сайд Т.Шимизүд талархал илэрхийлэв

2016.11.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Шадар сайд У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизүг нутаг буцах болсонтой нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа. Элчин сайд Т.Шимизүг манай улсад албан үүргээ гүйцэтгэх хугацаанд нь хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжсөнд сэтгэл хангалуун байгаагаа Шадар сайд илэрхийллээ. Харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, соёлын солилцоо нэвтрүүлэх чиглэлээр 40 орчим жилийг зарцуулсан нэрт дипломатч төдийгүй Монголч эрдэмтэн судлаачийнх нь хувиар талархаж буйгаа онцоллоо. Элчин сайд Т.Шимизү нутаг буцаж буй ч Монгол Улсыг сурталчлах, хоёр орны бизнес эрхлэгчдийг хооронд нь холбох, хөрөнгө оруулалт татахад тусалж, дэмжиж байна гэдэгт итгэлтэй байгаагаа Шадар сайд У.Хүрэлсүх хэлээд түүнд эрүүл энх, сайн сайхныг хүсэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2017.10.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такоакаг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр улсын гадаад бодлогын залгамж чанарыг хадгалж, Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгнө гэлээ. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд олон ажил хийснийг дурдаад, хууль тогтоох дээд байгууллагын удирдлага харилцан айлчилсан нь харилцааны түүхэнд шинэ үйл явдал боллоо гэв. ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Япон Улс 850 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх болсон, “Улаанбаатар хотын бага ба дунд боловсролын сургуулийн барилга байгууламжийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх талархаж буйгаа илэрхийлэв. Япон Улсын Элчин сайд Масато Такоака “Дээрх төслийн нэгдүгээр шат ойрын өдрүүдэд хэрэгжиж эхэлнэ. Мөн Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх буудлын барилга байгууламжид оролцож буй хоёр тал хариуцсан ажлаа түргэсгэж, ойрын хугацаанд ашиглалтад оруулах саналаа илэрхийлжээ.

Ерөнхий сайд ЖАЙКА-ын Тэргүүн дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

2017.12.05. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага/ЖАЙКА/-ын Тэргүүн дэд ерөнхийлөгч Казүхико Кошикаваг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Монгол Улсад хийж байгаа ажлын айлчлалд нь амжилт хүсээд ОУВС-аас хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”, түүний дотор Япон Улсаас үзүүлж буй дэмжлэг нэн ач холбогдолтой юм. Монгол Улсад олгож буй зээлийн эхний шатны 32 тэрбум иенийн санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурсанд Казүхико Кошикава танд  талархал илэрхийлье гэв. ЖАЙКА байгуууллага боловсрол, дэд бүтэц,  хөдөө аж ахуй, худалдаа хөрөнгө оруулалт зэрэг салбарт дэмжлэг үзүүлж байгааг тэмдэглэв. Япон Улсаас Монгол Улсад олгож буй зээлийн хэлэлцээрийг богино хугацаанд амжилттай соёрхон батлуулна гэдэгт итгэлтэй байна гэж Казүхико Кошикава хэллээ. Уулзалтын үеэр Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын үйл ажиллагааг товлосон хугацаанд нь эхлүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хамтын ажиллагааны хүрээгээ өргөжүүлэх зэрэг чиглэлээр санал солилцжээ.

Ерөнхий сайд “The Japan Times” сонинд ярилцлага өгөв

2018.02.05. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  “The Japan Times” сонинд ярилцлага өглөө. Монгол Улсын Засгийн газар нийгэм, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх талаар ойрын хугацаанд болон ирээдүйд хэрэгжүүлэх бодлого, Монгол Японы найрамдалт харилцааны түүх, харилцаагаа өргөжүүлэх зорилтын тухай тэдний асуултад хариуллаа. Ирэх жилүүдэд Хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр Японы хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллах эрмэлзэлтэй байгаагаа Ерөнхий сайд хэллээ. “The Japan Times” сонин нь 122 дахь жилдээ тасралтгүй хэвлэгдэж, 40 гаруй мянган дугаараа уншигчдад хүргэжээ. Японд онлайнаар сард 1 сая орчим хүн уншдаг байна. Тус сонин Монгол Улс, Монгол Улсын Засгийн газрын бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл гаргахаар төлөвлөж тусгай сурвалжчлагчдыг манай оронд ажиллуулж байгаа гэжээ.

Ерөнхий сайд ОУВС-гийн дэд тэргүүнийг хүлээн авч уулзав

2018.06.17.Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Олон улсын валютын сангийн дэд тэргүүн Мицүхиро Фурусаваг хүлээн авч уулзлаа. Монгол Улс эдийн засгийн хүндрэлтэй тулгарсан үед ОУВС, бусад банк, санхүүгийн байгууллага, түншлэгч орон хамтран “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр” батлан хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч, эдийн засаг сэргэн, өсөлт нэмэгдэж байгааг Ерөнхий сайд тэмдэглэв. Хөтөлбөрийн III шатны үнэлгээ амжилттай хийгдэж, ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурлаар дэмжигдсэн, дараагийн шатны үнэлгээний Ажлын хэсгийн дүгнэлт ч нааштай гарч байгаа болон ОУВС байнгын дэмжлэг, бодлогын зөвлөгөө үзүүлж байгаад талархлаа илэрхийллээ. Хэдийгээр эдийн засаг өсч, макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа ч сүүлийн гурван жил гаруй нэмээгүй байгаа төрийн албан хаагчид, үүний дотор төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг нэмэх асуудлыг зайлшгүй авч үзэх шаардлагатай байгаа. Үүнийг Засгийн газар, ОУВС-гийн Ажлын хэсэгтэй хамтран судалж, шийдвэрлэх арга замуудыг тодорхойлох саналаа Ерөнхий сайд илэрхийлэв. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжиж, богино хугацаанд нааштай үр дүнгээ өгч байгаад баяртай байна гэдгээ ОУВС-гийн дэд тэргүүн М.Фурусава хэллээ. Гэхдээ түүхий эдийн экспорт, үнээс ихээхэн хамааралтай Монгол Улсын хувьд цаашид учирч болох эрсдэлээс сэргийлэх, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нь чухал гэв. Мөн хөтөлбөрийн хүрээнд тохирсон бодлого, зорилтуудыг хэрэгжүүлж, үр дүнд хүргэхэд Монгол Улсын Ерөнхий сайдын манлайлал, бодлогын тууштай байдал ихээхэн хувь нэмэр оруулна” гэж тэмдэглэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайдад Япон Улсын Ерөнхий сайдын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх бараалхлаа

2018.08.28. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайдын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх К.Соноүраг хүлээн авч уулзлаа. Монгол, Японы найрсаг харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, өндөр, дээд түвшний харилцан айлчлал тогтмолжсон. Энэ удаад мөн Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг эх орондоо хүлээн авч, албан ёсны айлчлал хийхийг урихаар зэхэж буйг Үндэсний аюулгүй байдлын зөвлөх К.Соноура мэдэгдэв. Монгол, Японы дипломат харилцаа хөгжихийн зэрэгцээ Зүүн хойд Азийн бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдлыг хангах тал дээр болон Ази, Номхон далайн бүс нутгийн асуудалд ижил байр суурь баримталдаг нь бидний хамтын ажиллагаанд ч эерэг тусгалаа олдог гэдэгт талууд санал нэгдэв. Мөн “Улаанбаатарын  яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг Монгол Улс өөрийн оронд зохион байгуулж, бүс нутгийн тогтвортой байдалд хувь нэмэр оруулж буйд японы тал талархал илэрхийлэв.  Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжихийн сацуу манай хоёр орны ард түмэн харилцан бие биедээ тусалж, байгалийн гамшиг тохиолдсон үед ч дэм үзүүлж байгаа нь Засгийн газрын түвшин төдийгүй иргэд хоорондын чин сэтгэлийн харилцаа батжиж байгааг илтгэж байна гэж талууд тэмдэглэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Япон Улсын Засгийн газраас манай улсад 850 сая ам.долларын дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж, японы тал санхүү, эдийн засгийн бэрхшээлийг даван туулж, эдийн засгаа тогтворжуулж, улмаар өсгөж байгаа Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаагаар бахархаж байна гэдгээ илэрхийлэв. Уулзалтад Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока болон албаны бусад төлөөлөгчид байлцав гэжээ.

Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх Япон Улсад айлчилна

2018.12.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад 2018 оны 12 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Япон Улстай харилцах манай “гуравдагч хөрш”-ийн бодлогыг нотолно. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын парламентын удирдлагад бараалхаж, Япон, Монголын найрамдлын бүлгийн удирдлага, гишүүд, Япон, Монголын найрамдал, олон нийтийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзана. Мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Японы Олон улсын хамтын ажиллагааны банк (ЖБИК) зэрэг байгууллагын удирдлага Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхана. Ерөнхий сайд У.Хүрэлсүх  айлчлалынхаа үеэр Монгол, Японы төр, хувийн хэвшлийн IX зөвлөлдөх уулзалт, Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ болон Японы Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллага (ЖЕТРО)-аас хамтран зохион байгуулах “Монгол, Японы бизнес форум”-д тус тус оролцож, үг хэлнэ гэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон Улсад хийсэн айлчлалын дүн

2018.12.16. Япон Улс. Токио хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад 2018 оны 12 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийж, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимад бараалхав. Түүнчлэн Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн болон Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлэг, Засгийн газрын зарим гишүүд болон Японы эдийн засаг, бизнес, олон нийтийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, Монгол, Японы төр, хувийн хэвшлийн ээлжит зөвлөлдөх уулзалт, Монгол-Японы бизнес форумд тус тус оролцож, үг хэлэв.

  1. Айлчлалын үеэр хоёр тал эрх чөлөө, ардчилал, хүний эрх, эрх зүйт төр зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улс нь чухал түнш улсууд болохыг нотлож,  улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлж, харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхээр тогтов.
  2. Талууд Монгол Улс, Япон Улсын Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай Дунд хугацааны хөтөлбөр (2017-2021)-т үнэлэлт дүгнэлт өгч, харилцаа, хамтын ажиллагааны байдал, цаашдын төлвийн талаар тохиролцож, Монгол Улс, Япон Улсын Стратегийн түншлэлийг улам бүр бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргав.
  3. Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн 2 дахь шатны санхүүжилтийгМонгол Улсад олгохоо нотолж, хугацааг Монголд Япон Улсын засгийн газрын ХАЁТ-ийн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн явцтай уялдуулахаа мэдэгдэв.
  4. Хоёр улсын Засгийн газар Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал төслийн менежментийн Концессийн гэрээг 2019 оны 1 дүгээр сард багтааж эцэслэн тохиролцох, түүнчлэн нисэх онгоцны шинэ буудлыг шуурхай ашиглалтад оруулах чиглэлд явуулж буй үйл ажиллагааг дэмжиж ажиллахаар тогтов.
  5. Айлчлалын үеэр болсон Монгол, Японы төр, хувийн хэвшлийн хамтарсан IX зөвлөлдөх уулзалт болон Монгол, Японы бизнес форумын  хүрээнд хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцав. Энэхүү форумын үеэр монголын талаас уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны асуудлуудаар танилцуулга хийж, хувийн хэвшлийн төлөөллүүд харилцан мэдээлэл солилцов.
  6. Талууд Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн Хамтын ажиллагааны хамтарсан Дэд хорооны анхдугаар хуралдааныг айлчлалын өмнө хуралдуулсан бөгөөд цаашид уг хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлж, хоёр талын хувийн хэвшлийнхэнд тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор уг дэд хороог тогтмол хуралдуулж байхаар тогтов.
  7. Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын дэргэд 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан “Нэг цэгийн үйлчилгээний төв” үйл ажиллагаагаа эхлүүлэхээр шийдвэрлэснийг танилцуулж, Японы хувийн хэвшил уг шийдвэрийг талархан хүлээн авав.
  8. Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын техникийн хамтын ажиллагааны шугамаар “Хөдөө аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх замаар нэмүү өртгийн сүлжээг бий болгох Мастер төлөвлөгөө” боловсруулахаар шийдвэрлэснийг талууд сайшааж, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, дотоодын болон гадаадын зах зээлд борлуулах тогтолцоог бүрдүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаар тогтов.
  9. Монгол Улсын Ерөнхий сайд айлчлалынхаа хүрээнд Хоккайдо мужид зочилж, уур амьсгалын хувьд манай улстай ижил төстэй тус мужийн хөгжлийн туршлага, нэн ялангуяа хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлж ирсэнтэй танилцаж, Хоккайдогийн туршлага, хөрөнгө оруулалтыг Монголд нэмэгдүүлэх талаар ярилцав.
  10.  Японд монгол иргэд хөдөө аж ахуй, мал аж ахуй зэрэг салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж буй талаар нэвтрүүлэг, баримтат кино хийх, Монгол Улстай энэ чиглэлийн бизнес эрхэлдэг аж ахуй нэгжүүд, хувь хүмүүсийг оролцуулсан аяллын бүрэлдэхүүнийг 2019 оны 6,7 дугаар сард багтаан харилцан айлчлуулах асуудлыг зохион байгуулахаар тогтов.
  11. Монголын ЖДҮ-ийн сангийн шинэчлэлийг дэмжих чиглэлд талууд яриа хэлэлцээ өрнүүлж, үргэлжлүүлэн санал солилцож, хамтран ажиллахаар ярилцав.
  12. “Мал эмнэлэг, мал, аж ахуйн хүний нөөцийг хөгжүүлэх чадавхийг бэхжүүлэх” төслийн дараачийн шатанд орон нутгийн мал эмнэлгийн боловсон хүчинг бэлтгэх чиглэлд дэмжлэг авахаар ярилцаж, төслийн ач холбогдлыг тэмдэглэв.
  13. Хүлэмжийн хийг бууруулах “Нүүрс төрөгч багатай хөгжлийн түншлэл”-ийн хүрээнд хэрэгжиж буй “Хамтарсан кредит олгох механизм” Монгол, Японы бизнесийн түншлэлд нэн чухал болохыг тэмдэглэж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тогтов.
  14. Цаашид хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал, мэдээллийн технологийн чиглэлд түлхүү хамтран ажиллахаар талууд санал нэгдэв.
  15. Монгол Улсын ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг Япон Улс тууштай дэмжихээ нотлов.
  16. Монгол Улсын Зүүн Азийн дээд түвшний уулзалтад оролцох эрмэлзлийг  Япон Улс дэмжиж байгаагаа албан ёсоор илэрхийлэв.
  17. Талууд бүс нутгийн интеграцчлал, нээлттэй хөгжил, хамтын ажиллагааг дэмжих хүрээнд “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай”-г цогцлоох чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдэв.

Монгол, Япон хоёр улсын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, хамтарсан мэдэгдэл гаргав

2018.12.13. Япон Улс. Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тай энэ сарын 13-ны өдөр уулзаж, албан ёсны хэлэлцээ хийв. Яриа, хэлэлцээний дүнд талууд Монгол, Японы Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл гаргав. Уулзалтын эхэнд Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ “Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа анх удаа манай улсад айлчилж буй Ерөнхий сайд танд баяр хүргэе. Япон Улс Монгол Улстай Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг” болохыг онцлов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Манай гуравдагч хөрш Япон Улстай Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд Ерөнхий сайд Та Монгол Улстай хөгжүүлж буй харилцаанд онцгой ач холбогдол өгч манай улсад 3 удаа айлчилсанд талархдаг” хэмээн дурдав. Ерөнхий сайд Ш.Абэ-гийн урьд өмнө дэвшүүлсэн “Эрч”, “Эрч+” санаачилгуудыг манай тал өндрөөр үнэлдэг бөгөөд эдгээр санаачилгыг тууштай хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа мөн тэмдэглэв. Япон Улсын Засгийн газар Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэх чиглэлд үзүүлж ирсэн дэмжлэгээ цаашид ч үргэлжлүүлэхээ нотлов. Дашрамд дурдахад, эдүгээ зам барилга, инженер, цэргийн эмнэлгийн чиглэлд японы тал сургалт зохион байгуулах, сургагч багш нарыг бэлтгэх, мэргэжилтэн илгээх зэргээр дэмжлэг үзүүлж байгаа билээ. Манай хоёр улс байгаль орчны чиглэлд амжилттай хамтран ажиллаж, энэ өдөр хоёр улсын байгаль орчны асуудал хариуцсан яам хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байгаад Ерөнхий сайд Ш.Абэ баяр хүргэв. Тэрээр мөн “Улаанбаатар хотын нисэх онгоцны шинэ буудал нь манай хоёр улс төдийгүй бүс нутгийн хувьд чухал ач холбогдолтой” гэдгийг онцлов. Холбогдох талуудын яриа хэлэлцээг шуурхайлж, гэрээ байгуулан, улмаар онгоцны буудлыг ойрын хугацаанд ашиглалтад оруулахын төлөө байгаагаа хоёр тал нотлов. У.Хүрэлсүх, Ш.Абэ нар Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (ЭЗТХ)-ийн үр өгөөжийг нэмэгдүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтыг өсгөхийн төлөө байгаагаа илэрхийлж, Монгол Улсын Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалын үеэр олон чухал арга хэмжээ болсныг сайшаан тэмдэглэв. Тухайлбал, энэ сарын 12-ны өдөр Монгол, Японы төр, хувийн хэвшлийн 9 дүгээр зөвлөлдөх уулзалт, 13-ны өдөр Монгол, Японы Бизнес форум зохиогдсоны сацуу Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалаас хэдхэн хоногийн өмнө ЭЗТХ-ийн Хамтын ажиллагааны дэд хорооны хуралдааныг анх удаа зохион байгуулсныг онцлов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх манай улсын эдийн засаг сэргэж, өсөн тэлж байгааг дурдаад энэхүү өсөлтийг хангахад Япон Улсын Засгийн газраас үзүүлж буй төсвийн дэмжлэг чухал хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв. Энэхүү төсвийн эхний шатны дэмжлэгийн хэрэгжилтийг сайтар хангахын сацуу дараачийн шатны дэмжлэгийг шуурхай авч хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа мөн илэрхийлэв. Япон Улстай хамтран амжилттай хэрэгжүүлсэн ЖДҮ-ийг дэмжих хоёр үе шаттай иений зээлийн хамтын ажиллагааны туршлагадаа тулгуурлан цаашид энэ чиглэлд түлхүү хамтран ажиллах сонирхолтой байгааг мөн дурдав. Ерөнхий сайд Ш.Абэ саяхан БНХАУ-д айлчлах үеэрээ тус улстай хамтран гуравдагч улс орнуудад төсөл хэрэгжүүлэх талаар ярилцсанаа танилцуулав. Монголын тал энэхүү хамтын ажиллагааны шинэлэг механизмыг сонирхож байгаагаа илэрхийлэн, үүнийг Ерөнхий сайд Ш.Абэгийн дэвшүүлсэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн сүлжээ бий болгоход чиглэсэн “Эрч+” санаачилгатай хоршуулан хөгжүүлэх боломж байгааг дурдав. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарт хамтарсан үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ БНХАУ, ОХУ-д гаргах боломж байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцлов. Талууд соёл, олон нийт, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэв. Манай хоёр улс зөвхөн хоёр талын хүрээнд төдийгүй, олон улс, бүс нутгийн талбарт бие биеэ дэмжиж ирснийг Ерөнхий сайд нар санал нэгтэй тэмдэглэв. Зүүн Азийн дээд түвшний уулзалтад Монгол Улс оролцохыг Япон Улсын Засгийн газар дэмжиж байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд Ш.Абэ Япон Улс “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай”-г цогцлоох чиглэлд тодорхой хүч чармайлт гарган бүс нутгийн улс орнуудтай хамтран ажиллаж байгаа талаараа танилцуулав. Тэрээр “Бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад хувь нэмэр оруулж буй Монгол Улстай энэ чиглэлд хамтран ажиллахын төлөө” байгаагаа нотолсныг Монгол Улсын Ерөнхий сайд дэмжин хүлээн авав. Албан ёсны яриа, хэлэлцээний дараа У.Хүрэлсүх, Ш.Абэ нар хоёр улсын Байгаль орчны яам хооронд Хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд оролцож, дараа нь хоёр улсын хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл хийв. Ерөнхий сайд Ш.Абэ Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчдөд хүндэтгэлийн зоог барив. Уулзалт, яриа хэлэлцээ найрсаг дотно уур амьсгалд болов. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан ёсны айлчлал үргэлжилж байна гэжээ.

Монгол Улс, Япон Улсын Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг танилцуулав

2018.12.13. Япон Улс. Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хооронд 2017 оны 3 дугаар сард байгуулсан Стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц дараах байдалтай байна. Үүнд:

1.  УЛС ТӨРИЙН САЛБАРЫН ХАРИЛЦАА БОЛОН ЯАМ, АГЕНТЛАГ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

Ø  Дээд түвшний уулзалт, яриа хэлэлцээ, Гадаад харилцааны сайд нарын уулзалт, Парламентын гишүүд болон Парламент дахь найрамдлын бүлгүүд хоорондын солилцоо тогтмол хэрэгжиж, хоёр талын яамд, агентлаг хооронд үр дүнтэй хамтын ажиллагаа өрнөж байна. Талууд Дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л түвшинд уулзалт, яриа хэлэлцээ, солилцоог үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. 

Зохион байгуулсан ажил, арга хэмжээ

(1)  Дээд, өндөр түвшний уулзалт, яриа хэлэлцээ

·  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ нар ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр 2017 оны 9 дүгээр сар болон 2018 оны 9 дүгээр сард тус тус уулзав. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 12 дугаар сард Япон Улсад албан ёсны айлчлал хийв.

·  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын тангараг өргөх ёслолд 2017 оны 7 дугаар сард Ерөнхий сайд Ш.Абэ Тусгай элч илгээж оролцуулав.

·  Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 3 дугаар сард, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 2 дугаар сард Япон Улсад айлчилж, Япон Улсын Гадаад хэргийн сайд Ф.Кишида, Гадаад хэргийн сайд Т.Коно нартай тус тус уулзав. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно нар 2018 оны 12 дугаар сард Токио хотноо дахин уулзав.

(2)  Парламент болон Парламент дахь найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагаа

·  Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2017 оны 3 дугаар сард Япон Улсад айлчлав.

·  Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга T.Оошима тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 7 дугаар сард, Зөвлөхүүдийн танхимын дэд дарга А.Гүнжи тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 10 дугаар сард тус тус  Монгол Улсад айлчлав.

·  Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүд 2017 оны 9 дүгээр сард Монгол Улсад айлчлав.

·  Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 6 дугаар сард Япон Улсад айлчлав.

2017 оноос хойш  хоёр талаас түс бүр 30 орчим Парламентын гишүүн харилцан айлчлав.

(3)  Гадаад харилцааны яам хоорондын уулзалт, яриа хэлэлцээ

·  Гадаад харилцааны яам хоорондын Стратегийн III зөвлөлдөх уулзалт 2018 оны 4 дүгээр сард Токио хотноо болов.

(4)  Хоёр улсын яамд, агентлаг хоорондын хамтын ажиллагаа

·  Япон Улсын Ерөнхий хэргийн дэд сайд К.Харада 2017 оны 5 дугаар сард Монгол Улсад айлчлав.

·  Хоёр улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хооронд 2017 оны 2 дугаар сард хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.

·  Монгол Улсын Үндэсний статистикийн хороо болон Япон Улсын Статистикийн товчоо хооронд 2017 оны 2 дугаар сард хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. 

·  Монгол Улсын Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газар болон Япон Улсын Шударга худалдааны хороо хооронд 2017 оны 3 дугаар сард хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.

·  Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо болон Япон Улсын Санхүүгийн үйлчилгээний агентлаг хооронд 2017 оны 3 дугаар сард хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. 

·  Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Япон Улсын Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын яам хоорондын техникийн 7 дугаар зөвлөлдөх уулзалт 2017 оны 5 дугаар сард Токио хотноо болов.

·  Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын ажилтан, албан хаагчид Япон Улсын Сангийн яамны Татварын газраас хэрэгжүүлсэн “Гарал үүслийн дүрэм” сэдэвт сургалтад 2017 оны 6 дугаар сард хамрагдав.

·  Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны харъяа Нислэг, техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба болон Япон Улсын Зам, тээврийн яамны харъяа Тээврийн аюулгүй байдлын зөвлөл хооронд 2017 оны 6 дугаар сард Улаанбаатар хотноо Нисэхийн осол, зөрчлийг шинжлэн шалгах чиглэлээрх хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.

·  Монгол Улс, Япон Улсын Байгаль орчны яам хоорондын бодлогын 11 дүгээр зөвлөлдөх уулзалт 2017 оны 12 дугаар сард Токио хотноо болов.

·  Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 2018 оны 4 дүгээр сард Япон Улсад болсон Өвчтөний аюулгүй байдлын асуудлаарх Дэлхийн сайд нарын 3 дугаар чуулга уулзалтад оролцож, энэ үеэр Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Като-той уулзав.

·  Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд 2018 оны 4 дүгээр сард хамтын ажиллагааны санамж бичиг Токио хотноо байгуулав. 

·  Монгол Улсад 2018 оны 7 дугаар сард болсон “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн Сайд нарын V бага хурал”-д Япон Улсын ЗГХЭГ-ын дэд сайд Ж.Акама оролцов.

·  Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны албан хаагчид 2018 оны 8 дугаар сард Токио хотноо болсон Япон Улсын Хууль эрх зүйн эрдэм шинжилгээний хүрээлэнд Арилжааны хуулийн асуудлаарх хамтарсан семинарт оролцов.

·  Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Япон Улсын Байгаль орчны яам хооронд  2018 оны 12 дугаар сард хамтын ажиллагааны санамж бичиг шинэчлэн байгуулав.

2.  АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ХАРИЛЦАА

Хоёр улсын холбогдох байгууллага хоорондын уулзалт, яриа хэлэлцээ өргөжиж, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа гүнзгийрч байна. Нэн ялангуяа Япон Улсын Батлан ​​хамгаалах яамны зүгээс хэрэгжүүлж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг бэхжүүлэх дэмжлэгийг “япон хэв маягийн, нарийн аргачлалд суурилсан хөтөлбөр” гэж монголын тал өндрөөр үнэлэв. Талууд тус хөтөлбөр нь хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн сацуу бүс нутаг, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж буйг тэмдэглэж, хөтөлбөрийн хүрээнд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тогтов.

Зохион байгуулсан ажил, арга хэмжээ

1.  Монгол, Японы гадаад бодлого, аюулгүй байдал, батлан хамгаалахын асуудал эрхэлсэн байгууллага хоорондын IV зөвлөлдөх уулзалтыг 2017 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулав.

2.  Монгол Улсаас НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Хааны эрэлд” олон улсын хамтарсан сургуулилтад японы тал 2017 оны 7-8 дугаар сар,  2018 оны 6 дугаар сард тус тус оролцов.

3.  Япон Улсын Үндэснийн Батлан хамгаалах академид 2018 онд Монгол Улсаас 4 оюутан суралцав. Монгол Улсаас тус академийн сургалтад өнөөг хүртэл нийт 72 оюутан хамрагдаад байна.

4.  Япон Улсын Батлан хамгаалах яамны зүгээс Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн  дараах сургалтыг зохион байгуулав. Үүнд:

·  Энхийг сахиулах ажиллагааны хүрээнд 2017 оны 8-9 дүгээр сар, 2018 оны 7-8 дугаар сард Монголын цэргийн инженерийн нэгжийн зам, барилгын салбар дахь хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх сургалт хэрэгжүүлэв.

·  Монгол Улсын цэргийн эмч нарыг онцгой байдлын үеэрх эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх сургалтад 2018 оны 2 дугаар сард хамруулав.

3.  БҮС НУТАГ, ОЛОН УЛСЫН ТАВЦАН ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГАА

Ø  Эрх чөлөө, ардчилал, хүний ​​эрх, эрх зүйт төр зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс нь бүс нутагт зохих үүрэг гүйцэтгэхийг эрмэлзэж буй. Энэ хүрээнд Япон Улсын Засгийн газар Монгол Улс Зүүн Азийн дээд түвшний уулзалт (EAS)-д нэгдэхэд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.Талууд “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд эл чиглэлээрх бодит хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ.

Зохион байгуулсан ажил, арга хэмжээ

1.  Монгол Улс Зүүн Азийн хамтын ажиллагааны олон талт механизмд нэгдэн орох эрмэлзлийн тухайд

·  Эрх чөлөө, ардчилал, хүний эрх, эрх зүйт төр зэрэг Япон Улстай нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс нь цаашид яриа хэлэлцээний бүхий л механизмаар дамжуулан бүс нутагт зохих үүрэг гүйцэтгэхэд японы тал дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.  

2.  Японы тал “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ” олон улсын ээлжит бага хурлуудад төлөөлөгч оролцуулав.

·  Уг бага хуралд 2017 оны 6 дугаар сард ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын дэд захирал Ш.Такизаки, 2018 оны 6 дугаар сард ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын зөвлөх Т.Шимизү нар тус тус оролцов.

3.  Монгол Улс, Япон Улс, АНУ-ын гурван талт уулзалтыг зохион байгуулав. Үүнд:

·  Монгол Улс, Япон Улс, АНУ-ын гурван талт II уулзалт 2017 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо, Монгол Улс, Япон Улс, АНУ-ын гурван талт III уулзалт 2018 оны 4 дүгээр сард Токио хотноо тус тус зохиогдов.

4.  Гамшгаас сэргийлэх салбарт дараах төслийг хэрэгжүүлэв. Үүнд:

·  Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын техникийн хамтын ажиллагааны хүрээнд “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдлээс сэргийлэх чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2016 оноос 2019 он хүртэл хэрэгжүүлнэ.

·  ЖАЙКА-гийн Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд “Ховд аймаг дахь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшгаас хамгаалах боловсрол мэдлэгийг дээшлүүлэх төсөл”-ийг 2017-2022 онд хэрэгжүүлж байна.

·  Дэлхийн банкны шугамаар “Орон нутгийн иргэдийн зуд болон ой хээрийн түймрийн эсрэг арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2020 он хүртэл хэрэгжүүлнэ.

·  ТББ-ын үйл ажиллагааг дэмжих буцалтгүй тусламжийн шугамаар “Зудын гамшгийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээ” төслийг 2017 онд хэрэгжүүлж дуусгав.

4.  ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА

Ø  Япон Улсын Засгийн газраас Төсвийн дэмжлэг хэлбэрээр олгож буй иенийн хөнгөлөлттэй зээл нь Монгол Улсын Засгийн газрын төсвийн шинэчлэлд чиглэсэн үйл ажиллагааг дэмжив.

Ø  Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг ойрын хугацаанд ашиглалтад оруулах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллаж, Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг тууштай хэрэгжүүлэх, Монголын эдийн засгийг төрөлжүүлэх (ялангуяа хөдөө аж ахуй, мал аж ахуй, аялал жуулчлал, байгаль орчин зэрэг салбарт), орон нутгийн эдийн засгийг сэргээн хөгжүүлэх зэрэг чиглэлээрх хамтын ажиллагааг эрчимжүүлэв. 

Ø  Эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааны гол яриа хэлэлцээний талбар болох “Төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх уулзалт”-ын механизм зэрэгт тулгуурлаж хоёр улсын эдийн засгийн харилцаа, түүний дотор хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэв.

Зохион байгуулсан ажил, арга хэмжээ

(1)  Монгол Улсын Засгийн газраас эдийн засаг, санхүүгийн хүндрэлийг даван туулах,эдийн засгийн дунд болон урт хугацааны өсөлт, тогтвортой байдлыг хангах чиглэлд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хүрээнд талууд дараах хамтын ажиллагааг хэрэгжүүлэв. Үүнд:

·  Японы тал Монгол Улсад төсвийн дэмжлэг хэлбэрээр иенийн хөнгөлөлттэй зээл олгох тухай Засгийн газар хооронд Солилцох ноот бичигт талууд 2017 оны 12 дугаар сард гарын үсэг зурж, мөн сардаа японы тал 32 тэрбум иенийг монголын талд шилжүүлэв.

(2)  Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (ЭЗТХ)-ийгхэрэгжүүлэх  чиглэлд дараах ажлыг зохион байгуулав. Үүнд:  

·  ЭЗТХ-ийн хамтын ажиллагааны асуудлаарх Хамтарсан дэд хорооны анхдугаар хуралдааныг 2018 оны 12 дугаар сард Улаанбаатар хотноо  зохион байгууулав.

·  Монгол Улсын Гаалийн Ерөнхий газрын ажилтнууд нар 2017 оны 6 дугаар сард Японы Гаалийн хамтын ажиллагааны газрын шугамаар “Гаалийн үнэлгээ” сэдэвт сургалтад  хамрагдав.

(3)  Төр, хувийн хэвшлийн хамтарсан VIII зөвлөлдөх уулзалт 2017 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо, IX зөвлөлдөх уулзалт 2018 оны 12 дугаар сард Токио хотноо  болов.

(4)  Хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчинг бэхжүүлж, хөрөнгө оруулагчдыг сургалтад хамруулах чиглэлд ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны шугамаар ”Хөрөнгийн зах зээлийн дүрэм, журам, хяналтын тогтолцооны чадавхийг дээшлүүлэх төсөл”-ийг  2014 оны 7 дугаар сараас 2017 оны 7 дугаар сар хүртэл хэрэгжүүлэв.

(5)  Нийгмийн хамгааллын салбарт ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2016 оны 5 дугаар сараас 2020 оны 5 дугаар сар хүртэл хэрэгжүүлж байна.

(6)  Монголын аж үйлдвэрлэлийг төрөлжүүлэхэд дараах дэмжлэг үзүүлэв. Үүнд:

·  Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж (ХАЁТ)-ийн иенийн хөнгөлөлттэй зээлийн шугамаар “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг 2014-2023 онд хэрэгжүүлж байна.

·  ЖАЙКА-ийн сэдэвчилсэн сургалтын шугамаар Японы “Коосэн” сургалтын системийг Монголд нэвтрүүлэх хүрээнд багш, сурган хүмүүжүүлэгчдийн чадавхийг бэхжүүлэх төслийг 2015 оны 7 дугаар сараас 2018 оны 3 дугаар сард хэрэгжүүлэв.

·  ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны шугамаар “Монгол, Японы хүний нөөцийн хөгжлийн төв дэх бизнесийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, хамтын ажиллагааны суурь, чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2015 оны 4 дүгээр сараас 2020 оны 4 дүгээр сар хүртэл хэрэгжүүлж байна.  

·  Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Япон Улсын Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд “Ур чадварын дадлагажигчийн хөтөлбөр хэрэгжүүлэх тухай хамтын ажиллагааны санамж бичиг”-т талууд 2017 оны 12 дугаар сард гарын үсэг зурав. Уг санамж бичгийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан ажил хэргийн түвшний анхдугаар уулзалт болон Монголын дадлагажигч ажилтан илгээгч байгуулагуудад зориулсан семинарыг  2018 оны 5 дугаар сард Улаанбаатар хотноо тус тус зохион байгуулав.

·  ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны шугамаар “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2017 оны 6 дугаар сараас 2021 оны 6 дугаар сар хүртэл хэрэгжүүлж байна.

·  ЖАЙКА-ийн шугамаар “Ашигт малтмалын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл”-ийг 2013-2020 онд, “Уул уурхайн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл”-ийг 2015-2019 онд тус тус хэрэгжүүлж байна.

·  Азийн хөгжлийн банк, “Нихон шинтакү” сангийн санхүүжилтээр “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг бий болгоход дэмжлэг үзүүлэх төсөл”-ийг 2015 оны 10 дугаар сараас 2019 оны 3 дугаар сар хүртэл хэрэгжүүлнэ.  

·  ЖАЙКА-ийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эргэлтийг сайжруулах, хөрс сайжруулах технологи нэвтрүүлэх замаар тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх төсөл”-ийг 2016 оны 3 дугаар сараас 2019 оны 3 дугаар сард хэрэгжүүлж байна.

·  ЖАЙКА-ийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд “Зөгийн аж ахуйг дэмжих замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх төсөл”-ийг 2015 оны 4 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сард хэрэгжүүлэв.

·  ЖАЙКА-ийн сэдэвчилсэн сургалтын хүрээнд “Хүнсний аюулгүй байдлыг хангах, молекул биологийн болон хүнсний нэмэлтэд хийх шинжилгээний ур чадварыг дээшлүүлэх сургалт”-ыг 2016 оны 4 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сард зохион байгуулав.

·  ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны шугамаар “Мал эмнэлэг,  мал аж ахуйн салбарын хүний нөөцийн хөгжлийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2014 оны 4 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сар хүртэл хэрэгжүүлнэ.

·  ЖАЙКА-ийн “Тогтвортой хөгжлийн төлөөх шинжлэх ухаан, технологийн хамтарсан судалгаа-САТРЕПС”-ийн шугамаар Монгол оронд тохиолддог малын цусны шимэгч, эгэл биетнээр үүсдэг өвчний тархалтын судалгаа, оношилгооны оновчтой арга боловсруулах төсөл”-ийг 2014 оны 6 дугаар сараас 2019 оны 5 дугаар сар хүртэл хэрэгжүүлнэ.

(7)  Эдийн засгийн харилцааг улам бүр эрчимжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа

·  Японы Олон улсын хамтын ажиллагааны банк (ЖБИК)-тай байгуулсан “Экспортын зээлийн шугам нээх тухай хэлэлцээр”-ийн хүрээнд үргэлжлүүлэн хамтран ажиллав. 

·  Байгаль орчны салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд Монгол Улс, Япон Улсын Байгаль орчны яам хоорондын 11 дэх удаагийн бодлогын зөвлөлдөх уулзалтыг 2017 оны 12 дугаар сард зохион байгуулав.

·  Хоёр улсын Засгийн газар хоорондын “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл”-ийн хүрээнд Хамтарсан кредит олгох механизм (ХКОМ)-ийн Хамтарсан хорооны V дугаар хурлыг 2017 оны 10 дугаар сар, VI хурлыг 2018 оны 11 дүгээр сард тус тус Улаанбаатар хотноо зохион байгуулав.

·  ХКОМ-ын хүрээнд “Дархан хотын 10 МВт-ын нарны цахилгаан станцын төсөл” 2017 оны 1 дүгээр сар,  “Моннаран 10 МВт-ын нарны цахилгаан станц байгуулах төсөл”-ийг  2017 оны 12 дугаар сард тус тус хэрэгжүүлэв.

·  ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны шугамаар “Уул уурхай, ашигт малтмалын салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2013 оны 2 дугаар сараас 2020 оны 2 дугаар сар хүртэл хэрэгжүүлж байна.

·  ЖАЙКА-ийн сургалтын шугамаар “Уул уурхайн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл”-ийг  2015-2019 онд хэрэгжүүлж байна.

·  2017 оны 6 дугаар сард Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн яам Монголын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хоорондын Цэвэр нүүрсний технологийн талаарх хамтын ажиллагааны санамж бичигт тулгуурлан Японы нүүрс-химийн салбарын мэргэжилтнүүдийг Монголд илгээв.

·  Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн яам болон Олон улсын судалгаа, сургалтын хүрээлэн (IIST)-гээс “Хоккайдо, Монголын эдийн засаг, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд “Монгол, Хоккайдогийн бизнес форум”, Монгол, Хоккайдогийн хувийн хэвшил хоорондын “бизнес матчинг” арга хэмжээг тус тус Улаанбаатар хотноо 2017 оны 9 дүгээр сар болон 2018 оны 9 дүгээр сард зохион байгуулав.

·  IIST хүрээлэнгээс “Азийн ирээдүйтэй удирдагчдын хөтөлбөр”-ийн хүрээнд “Хоккайдо, Монголын бизнес форум” 2018 оны 2 дугаар сард зохион байгуулав.

·  ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төсөл”, Японы ЖДҮ-ийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусны дизель хөдөлгүүрт DPF (Diesel Particulate Filter) тортог шүүгчийг суурилуулж хөдөлгүүрээс ялгарах тортогжилтыг бууруулах туршилтын төсөл”, олон улсын байгууллагын шугамаар “Улаанбаатар хотын хог хаягдлын дахин боловсруулалт”-ын төслийг тус тус  хэрэгжүүлэв.

·  Хоёр улсын ноос, ноолуурын холбоод хооронд хамтын ажиллагааны санамж бичиг 2016 оны 8 дугаар сард байгуулав. Тус санамж бичигт тулгуурлан японы тал манай улсад мэргэжилтэн илгээх, ноос, ноолуурын салбарынхныг хүлээн авч дадлага хийлгэх, олон улсын үзэсгэлэнгийн үеэр сурталчилгааны ажил зохион байгуулах зэргээр хамтран ажиллав.

5.  СОЁЛЫН ХАРИЛЦАА, ИРГЭД ХООРОНДЫН СОЛИЛЦОО

Ø  Соёлын харилцаа, иргэд хоорондын солилцоогоор дамжуулан хоёр ард түмний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх нь харилцааны чухал үндэс суурь гэдгийг талууд тэмдэглэж, хоёр улсын Засгийн газар ирээдүй хойч үеийн төлөөлөл болох хүүхэд залуучууд хоорондын солилцоог бүхий л боломжоор дэмжиж ажиллав.

Ø  Орон нутаг хоорондын солилцоог хөгжүүлж, нийтэд хүртээмжтэй нийгмийг цогцлоон бүтээхэд чиглэсэн дэмжлэгийг эрчимжүүлэв.

Ø  2020 оны Токиогийн Олимп, Паралимпийн наадмыг угтан спортын салбарын солилцоог идэвхжүүлэв.

Зохион байгуулсан ажил, арга хэмжээ

(1)  Хүүхэд залуучуудын солилцоо

·  “JENESYS-2017” хөтөлбөрийн хүрээнд манай улсаас 93 хүүхэд залуус Японд зочлов.

·  “JENESYS-2018” хөтөлбөрийн хүрээнд манай улсаас 101 хүүхэд залуус Японд зочлохоор төлөвлөж байна.

(2)  Соёлын солилцоог дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа

·  Хоёр улсын Дипломат төлөөлөгчдийн газруудаас хэрэгжүүлсэн арга хэмжээ

·  Монгол Улсын Соёлын элч нарын анхдугаар форум, “Хаврын баяр”, “Намрын баяр” арга хэмжээ, “Билгүүн Ундрага”, “Их татлага”, “Увертюра” хамтлаг болон “Түмэн эх” чуулгын аялан тоглолт, “Хөгжмийн үдэшлэг”, “Трио концертын үдэшлэг” зэрэг 12 арга хэмжээг Токио дахь Монгол Улсын ЭСЯ, Осака дахь ЕКГ-аас хэрэгжүүлэв.

·  Поп урлагийн наадам, япон хэлээр уран илтгэгчийн тэмцээн, япон дууны уралдаан, Япон Улсын Элчин сайдын нэрэмжит жүдо бөхийн цомын тэмцээн, Кэндогийн тэмцээн зэрэг 11 арга хэмжээг Улаанбаатар дахь Япон Улсын ЭСЯ-наас хэрэгжүүлэв.

·  “Япон сан”-гийн шугамаар хэрэгжүүлсэн арга хэмжээ

·  “Япон киноны 11 дэх удаагийн өдөрлөг” 2017 оны 5 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулж, 4 бүтээл толилуулав.

·  “Struggling Cities” үзэсгэлэн 2017 оны 10-11 дүгээр сард Улаанбаатар хотноо гаргав.

·  Монголын олон нийтийн телевизийн сувгаар 2017-2018 онд Японы нийт 21 нэвтрүүлэг толилуулав.

·  Япон киноны долоо хоногийг 2018 оны 5 дугаар сард зохион байгуулж, 4 кино Монголын үзэгчдэд толилуулав.

·  “Нэцүкэ-Японы уламжлалт гар урлал өнөө цагт” үзэсгэлэн 2018 оны 11 дүгээр сарын 6-наас 12 дугаар сарын 1-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо гаргав.

·  “Genji Monogatari” номыг монгол хэл рүү хөрвүүлэх ажлыг 2018 онд санхүүжүүлэв.

·  2018 онд Японы телевизийн 9 нэвтрүүлэгийг Монголын үзэгчдэд толилуулж байна.

·  Японы Хөлбөмбөгийн холбоотой хамтран “Дасгалжуулагч бэлтгэх сургалт” 2018 оны 3 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулав.

·  “Монгол, Японы хууль эрх зүйн орчны өнөөгийн байдал, Арилжааны тухай хууль” семинарыг 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотноо зохион  байгуулав.

·  “Дэлхийн өв Бурхан Халдун уул болон түүний ойр орчмын ариун дагшин газар нутгийн судалгаа, хадгалалт, хамгаалалт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2018 оны 9 дүгээр сарын 26-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав.

·  “Япон хэл хэлэлцүүлэг хэлбэрээр суралцах явц” сэдэвт судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийг  2018-2019 онд хэрэгжүүлж байна.

·  Япон хэлнийсургалт 

·  Япон хэлний сургалт эрхэлдэг Монголын 4 байгууллагад 2017 онд дэмжлэг үзүүлэв. Япон хэлний 1 мэргэжилтэн томилон ажиллуулав. Япон хэлний багш нарын сургалтад 2 багш, япон хэлний мэргэжлийн сургалтад 3 төрийн албан хаагч, япон хэл суралцагч тэргүүний оюутан нараас Японд урих хөтөлбөрт 1 оюутан, тэргүүний сурагчийг Японд урих хөтөлбөрт 1 оюутан тус тус хамрагдав.

·  Япон хэлний сургалт эрхэлдэг Монголын 6 байгууллагад 2018 онд дэмжлэг үзүүлэв. Япон хэлний мэргэжилтэн томилон ажиллуулав. Япон хэлний багш нарын сургалтад 1 багш, магистрантурын сургалтад 1 оюутан, япон хэлний мэргэжлийн сургалтад 2 хүн, Японд тэргүүний оюутан нараас урих хөтөлбөрт 1 оюутан тус тус хамрагдав.  

·  Орон нутгийн засаг захиргааны нэгж  хоорондын солилцоо 

·  Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2017 оны 4 дүгээр сард Япон Улсад айлчлав.

·  Мияаконожо хотын захирагч, хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар 2017 оны 5 дугаар сард Монгол Улсад айлчлав.

·  Тоттори мужийн захирагч 2017 оны 7 дугаар сард Монгол Улсад айлчлав.

·  Шизүока мужийн захирагч 2017 оны 8 дугаар сар, 2018 оны 8 дугаар сард Монгол Улсад айлчлав.

·  Мүсашимураяма хотын дарга 2018 оны 7 дугаар сард Монгол Улсад айлчлав.

·  Аялал жуулчлалын салбар

·  2017 онд Японд болсон “Аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн”-д Монгол Улс оролцов.

·  “Аялал жуулчлалын ЭКСПО-2018”-д Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат оролцож, Япон Улсын Зам тээвэр, газар, дэд бүтцийн сайд Н.Иший-тэй уулзав. Тус ЭКСПО-д монголын тал павильон гаргав.

·  Боловсролын салбар

·  Япон Улсын Засгийн газар “Улаанбаатар хотын бүрэн дунд боловсролын сургуулийн барилгыг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж, 2017 оны 11 дүгээр сард энэ талаарх Солилцох ноот бичигт хоёр тал гарын үзэг зурав.

·  Япон Улсын Засгийн газрын тэтгэлгээр 2017 он, 2018 онд тус тус 20 гаруй оюутан Япон Улсад суралцав. Япон Улсын ГХЯ-нд 2018 онд 1 монгол оюутан богино хугацааны дадлагад хамрагдав.

·  ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд чиглэсэн тусламж үйлчилгээг сайжруулах төсөл” хэрэгжүүлж, Сайн дурын гишүүн томилон ажиллуулж, Өвсний үндэс хөтөлбөр болон олон талт холбогдох хөтөлбөрийн хүрээнд  дэмжлэг үзүүлэв.

·  2020 оны Токиогийн Олимп, Паралимпийн наадмын хүрээнд хэрэгжүүлж буй биеийн тамир, спортын солилцоо

·  Японы 16 орон нутгийн засаг захиргааны нэгж  Монголын тамирчдын “Хүлээн авагч хот”-оор бүртгүүлэв.

·  Монголын охидын “U-14” хөл бөмбөгийн баг 2018 оны 7 дугаар сард Японд зочлов.

·  Японы Агаарын теннисний холбооноос Монголын Агаарын теннисний холбоонд 2017 оны 11 дүгээр сард агаарын теннисний хэрэгсэл бэлэглэв.

·  Японы Кэндогийн холбооноос Монголын Кэндогийн холбоотой хамтран Кэндогийн аварга шалгаруулах тэмцээн 2017 оны 12 дугаар сард зохион байгуулж, кэндогийн хэрэгсэл бэлэглэв.

Ерөнхий сайд нар Хамтарсан мэдэгдэл гаргалаа

2018.12.13. Япон улс. Токио хот. Япон Улсын Ерөнхий сайдын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Токио хотноо албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний дүнгээр дараах Хамтарсан мэдэгдлийг гаргав.

1. Хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг цаашид улам бэхжүүлэхээр тохиролцов. Ерөнхий сайд Ш.Абэ эрх чөлөө, ардчилал, хүний эрх,  эрх зүйт төр зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс нь Япон Улсын бүс нутаг дахь чухал түнш болохыг тэмдэглэж, хоёр улсын өргөн хүрээтэй, олон талт хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхийн сацуу бүс нутаг болон олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдсан асуудлуудаар харилцан уялдаа холбоотой ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын “гуравдагч хөрш” улсууд дотроос нэн тэргүүнд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон чухал түнш Япон Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа  улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх эрмэлзлээ нотлов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын зүгээс өнөөг хүртэл Монгол Улсад үзүүлж ирсэн өргөн хүрээтэй дэмжлэг туслалцаа нь Монгол орны орчин үеийн хөгжлийн суурийг тавихад чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэж, Япон Улсын Засгийн газар, ард түмэнд  гүн талархал илэрхийлэв. Мөн Ерөнхий сайд Ш.Абэ Япон Улсад энэ онд учирсан байгалийн гамшигтай холбогдуулан Монгол Улсын төр, засаг болон ард түмний зүгээс халуун дотно илгээлт ирүүлж, дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв.

2. Хоёр улсын Ерөнхий сайд нар 2017 оны 3 дугаар сард байгуулсан “Монгол, Японы Стратегийн түншлэлийг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засаг, соёл, олон нийтийн солилцоо зэрэг өргөн хүрээнд харилцаа бэхжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Хоёр улсын Засгийн газар “Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаарх танилцуулгыг олон нийтэд зориулан гаргав. Цаашид  хоёр улсын харилцааг энэхүү Дунд хугацааны хөтөлбөрт тулгуурлан үргэлжлүүлэн хөгжүүлэх эрмэлзлээ хоёр тал нотлов. 

3. Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Япон Улсын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн дэмжлэгийг сүүлийн зургаан  жилийн турш үзүүлж, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн сацуу бүс нутаг, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж буйг өндрөөр үнэлэв. Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэх чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахын сацууМонгол Улс болон АНУ-ын хамтран зохион байгуулж буй “Хааны эрэлд” олон улсын хамтарсан сургуулилтад Япон Улс үргэлжлүүлэн идэвхтэй оролцох эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

4. Хоёр улсын Ерөнхий сайд нар энэ оны 12 дугаар сарын 12-ны өдөр Япон, Монголын төр, хувийн хэвшлийн хамтарсан IX зөвлөлдөх уулзалт амжилттай зохион байгуулагдсаныг сайшаахын сацуу энэхүү зөвлөлдөх уулзалтын механизмд тулгуурлан хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг улам бүр бэхжүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн хөгжүүлнэ гэдэгт санал нэгдэв. Мөн хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар нь гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нээж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр болсныг сайшааж, тус төвөөр дамжуулжМонгол дахь Японы хөрөнгө оруулалтыг тэлэх чиглэлд  дэмжлэг үзүүлж ажиллахаа нотлов. Түүнчлэн хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн Хамтын ажиллагааны дэд хороо 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр анхдугаар хуралдаанаа амжилттай зохион байгуулсныг сайшааж,хэлэлцээрийн хүрээн дэх хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тус дэд хороог тогтмол хуралдуулж байхаар санал нэгдэв. Мөн хоёр улсын Ерөнхий сайд нар Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Японы Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллага (ЖЕТРО)-аас энэ сарын 13-ны өдөр Токио хотноо  хамтран зохион байгуулсан бизнес форум нь хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжилд хувь нэмэр оруулсныг үнэлж,  баяр хүргэв.

5. ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад олгож буй “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл” нь Монгол Улсын макро эдийн засгийн тогтвортой удирдлага, нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст үзүүлэх тусламжийг дэмжих, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэв.

6.  Хоёр улсын Ерөнхий сайд нар Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал нь Монгол, Японы хамтын ажиллагааны шинэ бэлгэ тэмдэг болж, аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн солилцоог өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Монгол Улсын Засгийн газар болон Японы консорциум хоорондын яриа хэлэлцээ бодитоор урагшилж, ойрын хугацаанд тохиролцоонд хүрэхэд хоёр улсын Засгийн газар үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ нотлов. Монгол Улсын Засгийн газар 2019 оны 1 дүгээр сард багтааж Концессын гэрээг эцэслэн тохиролцох, түүнчлэн олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг ирэх онд багтааж шуурхай ашиглалтад оруулах чиглэлээр ажиллаж буйгаа мэдэгдэж, Япон Улсын Засгийн газар Монгол Улсын Засгийн газрын баримталж буй чиглэлийг хүндэтгэн дэмжиж, нисэх онгоцны буудлын аюулгүй үйл ажиллагааны менежментийг хангах нөхцөлтэйгээр аль болохуйц богино хугацаанд ашиглалтад оруулах чиглэлд Японы консорциумын үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжиж ажиллах эрмэлзэл илэрхийлэв. Монгол Улсын Засгийн газар шинэ нисэх онгоцны буудлыг саадгүй ашиглалтад оруулахад гэрээний дагуу бэлтгэл ажлыг эрчимжүүлж, Монгол Улсын Засгийн газар хариуцаж буй холбогдох байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгаж, үйл ажиллагааны менежментийн бүрэлдэхүүнийг байгуулж, олон улсын болон дотоодын бүхий л арилжааны нислэгийг нүүлгэн шилжүүлэх болоод шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагааны менежментэд шаардлагатай холбогдох яам, агентлаг, байгууллагыг нүүлгэх ажлыг нээлтээс өмнө бүрэн дуусгахаа нотлов. Мөн хоёр улсын Ерөнхий сайд нар тус нисэх онгоцны буудалд түшиглэн хоёр улсын агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж,  Монгол Улсын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлд яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцов. 

7. Хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх  үлэмж нөөц бололцоо байгааг тэмдэглэж, аялал жуулчлалын салбар дахь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээ илэрхийлэв. Түүнчлэн хоёр улсын Ерөнхий сайд нар Япон Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр ноолуурын чиглэлд үйл ажиллагаа эрхэлдэг хоёр талын байгууллагууд хамтран ажиллаж, Монголын ноолуурын үйлдвэрлэлийн чадавхийг бэхжүүлж Япон дахь экспортыг дэмжихэд чиглэсэн техникийн хамтын ажиллагаа болон Японы зах зээл дэх  сурталчилгааг идэвхжүүлж буйг сайшаав.

8. Хоёр улсын Ерөнхий сайд нар сургалтын эмнэлгийн барилгын ажил урагшилж буйг сайшааж, тус эмнэлэгт зохистой менежментийг нэвтрүүлж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлд хоёр тал хамтран ажиллахаа нотлов.

9. Ерөнхий сайд Ш.Абэ Хамтарсан кредит олгох механизм (ХКОМ)-ыг Япон Улстай Монгол Улс хамгийн анх байгуулж хэрэгжүүлсэн болохыг дурдаж, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хоёр улсын хамтын ажиллагааг улам хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг талууд нотлов. Хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Япон Улсын Байгаль орчны яам хооронд “Байгаль орчны салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг” энэ өдөр байгуулсныг сайшаав. Хоёр улсын Ерөнхий сайд нар энэ оны 11 дүгээр сард болсон Хамтарсан кредит олгох механизмын Хамтарсан хорооны 6 дугаар хуралдааны үр дүн болон энэ онд зохион байгуулагдах хоёр улсын Байгаль орчны яам хоорондын Бодлогын 12 дугаар зөвлөлдөх уулзалтын механизмаар дамжуулан глобаль түншүүдийн хувьд уур амьсгалын өөрчлөлт болон байгаль орчны салбар дахь бусад холбогдох асуудлаар хоёр талын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхээр тогтов. 

10. Хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд хөдөө аж ахуйн салбарыг улам бүр хөгжүүлэхийн чухлыг онцолж, энэхүү салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтов. Энэ хүрээнд монголын талаас санал болгосон “Хөдөө аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх замаар нэмүү өртгийн сүлжээг бий болгох мастер төлөвлөгөө” төслийг хэрэгжүүлэхээр албан ёсоор шийдвэрлэснийг талууд сайшаан хүлээн авав.

11. Хоёр улсын Ерөнхий сайд нар 2020 оны Токиогийн Олимп, Паралимпийн наадмыг угтаж Япон Улсын 16 орон нутгийн захиргааны нэгж Монгол Улсын “Хүлээн авагч хот”-оор бүртгүүлээд байгаа нь хоёр улсын ард иргэд хоорондын солилцоо нэн өндөр түвшинд хүрснийг илтгэн харуулж байгааг тэмдэглэн сайшаав. Хоёр улсын Ерөнхий сайд нар2020 оны Олимп, Паралимпийн наадамд оролцох баг тамирчиддаа амжилт хүсэхийн сацуу тус наадмыг биеийн тамир, спорт, иргэд хоорондын солилцоог улам бүр гүнзгийрүүлэх талбар болгоно гэдэгт санал нэгдэв.

12. Ерөнхий сайд нар бүс нутаг болон олон улсын тавцан дахь хуулийн засаглал, энх тайван, тогтвортой байдал, хамтын ажиллагаа болон хөгжил цэцэглэлтийг хангахад НҮБ-ын дүрэм, олон улсын хууль журмын суурь зарчим болон төрт улсын тусгаар тогтнол ба бүрэн эрхт байдлыг хүндэтгэх явдалд суурилсан чөлөөт, нээлттэй олон улсын дэг журмыг чанд мөрдлөг болгохын ач холбогдлыг онцлов.

13. Японы тал “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай”-г цогцлоох чиглэлд гаргаж буй хүч чармайлтынхаа талаар мэдээлж, Монгол Улстай хөгжүүлж болохуйц хамтын ажиллагааны талаар цаашид хоёр улсын зөвлөлдөх уулзалт, Монгол Улс, АНУ, Япон Улсын гурван талт уулзалт болон бусад механизмаар дамжуулан үргэлжлүүлэн санал солилцох эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Монголын тал Ази, Номхон далайн бүс нутгийн интеграцчлалд идэвхтэй оролцох сонирхолтой байдгаа нотолж, Япон Улсын “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай” үзэл санаа нь тус бүс нутгийн улс орнуудыг хамарсан, интеграцчлалыг дэмжсэн, нээлттэй хөгжил, хамтын ажиллагааны санаачилга хэмээн ойлгож байгаагаа тэмдэглэв. Хоёр улсын Ерөнхий сайд нар “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай”-г  цогцлоох чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдэв.

14. Хоёр улсын Засгийн газар олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн хамт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийн асуудлаарх Засгийн газар хоорондын яриа хэлэлцээг эрчимжүүлж, уг шинэчлэлийг ойрын хугацаанд хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана. Япон Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болохыг Монгол Улсын Засгийн газар цаашид ч тууштай дэмжинэ.

15. Хоёр улсын Ерөнхий сайд нар НҮБ-ын Далайн эрх зүйн тухай конвенц (UNCLOS)-д тусгагдсан зүйлсийг хамруулсан олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд нийцүүлж, хуульд суурилсан эрх чөлөөт, нээлттэй далайн дэг журмыг дэмжих амлалтаа нотлов. Хоёр улсын Ерөнхий сайд нар усан болон агаарын хөлөг онгоцоор чөлөөтэй зорчих, худалдааг саадгүй хийх, хүлээцтэй байх, эрх зүйн болон дипломат үйл явцыг бүрэн хүндэтгэж, олон улсын эрх зүйд суурилсан энхийн замаар маргааныг шийдвэрлэхийн чухлыг онцлов. Мөн хоёр улсын Ерөнхий сайд нар өнөөгийн нөхцөл байдлыг өөрчлөх, хурцадмал байдлыг нэмэгдүүлэхээс урьдчилан сэргийлэх зарчмыг баримталж ажиллах нь  чухал гэдэгт санал нэгдэв.

16. Хоёр улсын Ерөнхий сайд нармөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Монгол Улсын чадавхийг бэхжүүлэхэд үргэлжлүүлэн хамтран ажиллахаа нотлов.

17. Ерөнхий сайд Ш.Абэ Япон Улстай нэгдмэл үнэт зүйлстэй Монгол Улс нь бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгт улам бүр идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын Зүүн Азийн дээд түвшний уулзалтад нэгдэх эрмэлзлийг нааштай үнэлж, Япон Улс тус уулзалтад Монгол Улсыг нэгдэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

18. Хоёр улсын Ерөнхий сайд нар  Солонгосын хойгт сүүлийн үед өрнөж буй нааштай үйл явцууд, түүний дотор АНУ-БНАСАУ болон БНСУ-БНАСАУ-ын хооронд болсон дээд түвшний уулзалтууд нь маргаантай асуудлуудыг цогцоор шийдвэрлэхэд чиглэсэн алхам болсон хэмээн сайшаан тэмдэглэв. Хоёр улсын Ерөнхий сайд нар БНАСАУ үй олноор хөнөөх бүхий л зэвсэг, бүхий л тусгалын баллистик пуужингаасаа бүрмөсөн, хяналттайгаар, эргэлт буцалтгүйгээр ангижрах асуудлыг баталгаажуулахын тулд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг НҮБ-ын нийт гишүүн улс орон бүрэн хэрэгжүүлэхийн чухлыг нотлов.  Хоёр улсын Ерөнхий сайд нар маргаантай асуудлуудыг дипломат аргаар шийдвэрлэхийг дэмжиж байгаагаа мөн нотлов. Монгол Улс эдгээр зорилтын хүрээнд “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлж, олон улсын бага хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд  японы тал бүс нутгийн асуудлуудыг хэлэлцэх Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” зэрэг Монгол Улсын санаачилга, байр суурийг ойлгон хүлээн авч байгаагаа илэрхийлэв.  Ерөнхий сайд Ш.Абэгийн зүгээс хулгайлагдсан иргэдийн асуудлыг шийдвэрлэхийн ач холбогдлыг онцолж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэхүү асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн Япон Улсын байр суурийг дэмжихээ илэрхийлэв. Хоёр улсын Ерөнхий сайд нар хулгайлагдсан иргэдийн асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхийн төлөө үргэлжлүүлэн нягт хамтран ажиллана гэдэгт санал нэгдэв.

19. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Азийн Буддистуудын энх тайвны бага хурлын 50 жилийн ой тохиож буй 2019 онд Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар Улаанбаатар хотноо Олон улсын хурал зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдэгдэв. Энэ мэт Монгол Улсын олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдалд хувь нэмэр оруулахад чиглэсэн эрмэлзлийг Ерөнхий сайд Ш.Абэ сайшаав гэжээ.

Токиод Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газар нээнэ

2018.12.12. Япон Улс. Токио хот. Монгол Улсын Ерөнхий сайдын Япон Улс дахь албан ёсны айлчлал эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Японы гадаад худалдааг дэмжих байгууллага ЖЕТРО-ын ерөнхийлөгч Х.Ишигэ бараалхлаа. Уулзалтын үеэр Япон, Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцын талаар харилцан санал солилцсон бөгөөд хоёр орны худалдааны эргэлт, бизнесийн харилцаа нэмэгдэж буйд баяртай байгааг ЖЕТРО-ын ерөнхийлөгч Х.Ишигэ илэрхийлсэн юм. Мөн Японд Монгол инженерүүд бэлтгэх ажилд өндөр ач холбогдол өгч байгааг  тэмдэглэв. Монголоос Японд суралцаж байгаа оюутны тоо 2017 оны байдлаар 2517 байгаа нь хүн амын тоотой харьцуулахад өндөр тоо гэдгийг ЖЕТРО-ын ерөнхийлөгч дурдаж байлаа. Түүнчлэн ноён Х.Ишигэ Японы хувийн хэвшлүүд Монголд бизнес эрхлэхэд зарим хүндрэлүүд гардаг гэдгийг онцлоод, үүнд анхаарч ажиллахыг Ерөнхий сайдаас хүссэн юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудалд Монгол Улсын засгийн газар онцгой ач холбогдол өгч ажиллаж байгааг хэлээд, гадаадын хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалтын нэгдсэн мэдээлэл өгөх, бизнесийг нь өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх үүднээс Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газрыг Токио хотноо байгуулахаар ажиллаж байгааг энэ үеэр хэллээ. 2019 оны 1-р сарын 1-ээс гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг нээж ажиллуулахад бэлэн болоод байгаа юм байна. 2016 оны 6 сард хүчин төгөлдөр болсон “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” чухал ач холбогдолтой тул хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр ЖЕТРО-той нягт хамтран ажиллах хүсэлтэй байгааг илэрхийлсэн юм. Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага ЖЕТРО /Japan External Trade Organization, JETRO/ нь 1958 оны 7 дугаар сард Япон Улсын Олон улсын худалдаа, үйлдвэрийн яамны дэргэд гадаад орнуудтай хийж буй худалдаанд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор байгуулагдсан. Уг байгууллага нь Японы бараа бүтээгдэхүүнийг гадаадад таниулах, гадаад орнуудын Японы хэрэглэгчдэд шаардлагатай импортын бүтээгдэхүүнийг судлах, тэдгээр бараа материалыг үзэсгэлэн яармаг зохиох хэлбэрээр сурталчлах, бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авах зэрэг үйл ажиллагааг явуулдаг байна. ЖЕТРО нь олон улсын худалдааны өндөр мэдлэгтэй мэргэжилтэнг худалдааны түнш орондоо илгээж, тухайн орноос Японы зах зээлд борлогдох бараа, бүтээгдэхүүний судалгаа хийлгэх, Японы зах зээлд нэвтэрч болохуйц бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, борлуулах “ноу-хау”-г газар дээр нь зааж, маркетингийн зөвлөлгөө өгч ирсэн нь ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд чухал ач тустай юм гэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайдад Япон Улсын Гадаад хэргийн сайд бараалхав

2019.06.16. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро бараалхаж, тэд Монгол, Японы сургалтын эмнэлгийн үйл ажилагааг нээж, нээлтийн туузыг хайчлав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Тарод  Монгол Улсын Засгийн газраас эдийн засаг, хамтын ажиллагааны хүрээнд явуулж буй бодлогын талаар товч танилцуулав. Улмаар хоёр орны харилцаа хамтын ажиллагааны хүрээнд гурван чиглэлд анхаарч ажиллах зорилготой. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чөлөөт худалдааны хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийг дэмжиж ажиллах, Япон Улс, НҮБ хоорондын ойлголцолд идэвхитэй байр сууринаас оролцоход анхаарч ажиллах болно. Монгол Улсын нийгэм эдийн засгийн шилжилтийн үеийн жилүүдэд Японы ард түмний үзүүлж байсан тусламж дэмжлэг, халуун сэтгэлийг үргэлж санан дурсаж, талархаж байдаг гэсэн юм. Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд талархал илэрхийлээд манай хоёр орон гадаад бодлого, аюулгүй байдал, батлан хамгаалах, боловсрол, эрүүл мэндийн салбарт идэвхитэй хамтран ажиллаж буйг тэмдэглэв. Иймд ажиллах хүч импортлогч орны нэгээр Монгол Улсыг сонгосон нь манай хоёр орны харилцаа хамтын ажиллагааны хүрээг тэлэхэд түлхэц болно хэмээн итгэж байна гэв. Хоёр орны ард түмэн чин сэтгэлийн найрамдалт харилцаатай нь сүүлийн жилүүдэд тохиосон байгалийн гамшигт үзэгдлийн дараах Монголын ард түмнээс Япончуудад үзүүлсэн хандив тусламжаас харагдаж байна. Япон, Монгол Улс засгийн газар, улстөрийн түвшинд төдийгүй ард түмний элгэмсэг дотно харилцаатай билээ гэв. Монгол Улсын Ерөнхий У.Хүрэлсүх: Монголчуудын эрүүл, чанартай амьдралын нөхцлийг бүрдүүлэхэд Монгол, Японы сургалтын эмнэлэгийн үүрэг чухал юм гэв. Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро нар Монгол, Японы сургалтын эмнэлэгийн үйл ажилалгааг нээх ёслолд оролцож үг хэлэв. Монгол Улсын Ерөнхий сайд хэлсэн үгэндээ өндөр мэдлэг ур чадвартай багш, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй сүүлийн үеийн техник технологи, тоног төхөөрөмжтэй сургалт, судалгаа оношилгоо эмчилгээний гурвалсан чиг үүрэг бүхий цогц үйл ажиллагааг Япон стандартын менежментээр явуулах болж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Монгол Улсын Засгийн газар иргэдийнхээ эрүүл, энх, ая тухтай, урт удаан чанартай амьдрах нөхцлийг хангахын төлөө онцгой анхаарч байгаа. Үүнд энэхүү сургалтын эмнэлгийн үйл ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй. Мөн анагаахын сургуулийн эмнэлзүйн сургалтад мэдэгдэхүйц дэвшил гарч, чадварлаг эмч эмнэлгийн мэргэжилтнүүд бэлтгэгдэж эх орондоо эмчилж чадахгүй байгаа өвчний тоо буурч, гадаад улс орон руу эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар явдаг иргэдийн урсгал багасна гэдэгт итгэж байна. Монгол, Япон сургалтын эмнэлгийн удирдлага, менежментийн баг, эрдэмтэн багш, доктор профессорууд, эмч, эмнэлгийн ажилтнууд, оюутнуудад идэвх санаачлагатай бусдыгаа манлайлж ажиллах өндөр хариуцлага ирж байна гэсэн юм. Монгол, Япон сургалтын эмнэлэг нь Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан бөгөөд шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтод тулгуурласан өндөр хүчин чадал бүхий тархины мэс заслын аппарат, хорт хавдрыг эсийн түвшинд оношлох дуран дүрс оношилгооны иж бүрдэл гэх мэт 360 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Хүүхэд, эмэгтэйчүүд, дотор, мэс засал болон сэхээн амьдруулах, яаралтай тусламж зэрэг нийт 17 чиглэлийн төрөлжсөн эрүүлийн мэндийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. Сургалт-судалгаа-оношилгоо, эмчилгээний гурвалсан чиг үүргийг хэрэгжүүлнэ. Тус эмнэлэгт ажиллах 3000 гаруй эмч мэргэжилтнүүдийг 24 удаагийн сургалтад хамруулж бэлтгэсэн байна гэжээ. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ДЭМБ-ын бүсийн захирлыг хүлээн авч уулзав

2019.06.24. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал, доктор Такеши Касай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Монгол Улсын Засгийн газар, ДЭМБ хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдагаа Ерөнхий сайд илэрхийлэв. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс нь эрүүл мэндийн салбарт явуулж байгаа бодлого, үйл ажиллагааг дэмжин, техникийн туслалцаа үзүүлж ирснийг тэмдэглэв. Засгийн газар өвдсөн хойно нь эмчлэх бус, өвчлөхөөс урьдчилан сэргийлж, үндэсний эрүүл мэндийн тогтолцооны чадавхийг бэхжүүлэхийг зорьж байгааг хэлэв. Мөн Хэнийг ч үл орхигдуулах зорилтын хүрээнд бүх иргэн, тэр дундаа эмэгтэйчүүд, өндөр настан, зорилтот бүлгийнхэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхийн тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч байгааг онцлов. Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамтай нягт хамтран ажиллаж байгааг ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн  захирал, доктор Такеши Касай тэмдэглэв. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх нь зөвхөн эрүүл мэндийн салбарынхны ажил бус, бүх салбар оролцож хамтран ажиллаж байж үр дүнд хүрнэ гэж үздэгээ илэрхийлэв. Эрүүл мэнд бол хэрэглээ биш хөрөнгө оруулалт. Иргэд нь эрүүл байж тухайн улс орон хөгжинө гэдэгт талууд санал нэгдэв. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал, доктор Такеши Касай “Эрүүл мэндийн аюулгүй байдал-салбар дундын хамтын ажиллагаа” сэдэвт өндөр түвшний хуралдаанд оролцохоор иржээ.

Шинэ нисэх буудлын менежментийг Монгол, Японы хамтарсан компани хариуцна

2019.07.05. Монгол Улс. Улаанбаатар хот. Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал” төслийн менежментийг Монгол Улсын “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ХХК, Японы Улсын “Жапан Эйрпорт Менежмент” ХХК-ийн хамтарсан “Нью интернэйшнл эйрпорт” компанид шилжүүллээ. Менежментийг шилжүүлэх ёслолын үеэр талууд “Хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэй, 15 жилийн хугацаатай концессын гэрээнд гарын үсэг зурлаа. Концесс эзэмшигчид 10 сарын дотор өөрийн хөрөнгөөр үлдсэн ажлаа бүрэн дуусгаж нисэх буудлыг ашиглалтад оруулах юм. Япон Улсын менежмент, үйлчилгээний соёл шинэ нисэх онгоцны буудалд нэвтэрч, нислэгийн болон зорчигчдын тоо нэмэгдэн, аялал жуулчлал хөгжиж энэ хэрээр нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцоолж байна. Ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масато болон албаны бусад хүн оролцов. Өнгөрсөн онд Япон Улсад албан ёсны айлчлал хийхдээ шинэ нисэх онгоцны буудал барих төслийн менежментийн гэрээг шуурхай байгуулах талаар ярилцаж, онцгой анхаарч ажилласныг Ерөнхий сайд хэлэв. Төр, хувийн хэвшлийн нийгмийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх менежментийн гэрээ нь иргэний агаарын тээврийн боловсон хүчний хөгжлийг дэмжих, Япон Улсын шинэ технологи, туршлага, үйлчилгээний жишгийг нутагшуулах давуу талтай тэмдэглэж, хоёр улсын харилцан ашигтай, урт хугацааны хамтын ажиллагааны нэг шинэ хуудас эхэлснийг онцлов. Мөн энэ түүхэн бүтээн байгуулалтад оролцсон төр, хувийн хэвшлийн байгууллага, хүмүүст Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлэв. “Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал” төслийн менежмент эхэлж байгаа нь хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцаа улам батжиж байгаагийн илрэл гэж Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масато хэлэв. Одоогийн “Чингис хаан“ нисэх буудал жилд нэг сая зорчигч хүлээн авдаг бол шинэ нисэх буудал жилд гурван сая зорчигч, 22 мянган онгоц хүлээн авах хүчин чадалтай. Цаашид өргөтгөл хийн зорчигчдийн тоог таван сая хүртэл нэмэгдүүлэх боломжтой юм. Менежментийг эхлүүлэх ёслолын үеэр “МИАТ” ТӨХК-ийн агаарын хөлгөөр шалгах нислэг гүйцэтгэн Хөшигийн хөндий дэх олон улсын шинэ нисэх онгоцны буудалд амжилттай газардсан тухай рапортыг агаарын хөлгийн дарга Б.Амарсанаа  Монгол Улсын Ерөнхий сайдад илтгэв. Мөн өдөр шинэ нисэх буудалд үйл ажиллагаа явуулах төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагууд, агаарын тээвэрлэгч компаниуд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулав гэжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсыг зорилоо

2019.10.21. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцохоор өнөө өглөө Токио хотыг зорилоо. Энэхүү төрийн ёслолд Япон Улстай дипломат харилцаатай 195 улс орон, НҮБ, Европын Холбоо зэрэг олон улсын байгууллага, Холбооны өндөр түвшний зочид төлөөлөгчид уригдсан байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн энэ үеэр Ерөнхий сайд Абэ Шинзотой хоёр талын уулзалт хийж, хоёр орны харилцааны талаар ярилцана гэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Абэ Шинзо-тай уулзлаа

2019.10.21. Япон Улс. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Япон Улсын Ерөнхий сайд Абэ Шинзо энэ сарын 21-ний өдөр Төрийн хүндэтгэлийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Абэ Шинзо Япон Улсын зарим бүсийг дайрсан Хагибис хар шуурга, байгалийн гамшигтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас эмгэнэл илэрхийлж, хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлээд Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн онд Япон Улсад айлчлах үеэр хоёр талын ярилцсан асуудлууд эдүгээ амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байна гэв. Тухайлбал, Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийн гэрээг талууд богино хугацаанд байгуулж, ирэх онд ашиглалтад оруулахаар эрчимтэй ажиллаж буйг тэмдэглэв. Абэ Шинзо мөн мөнгөний бодлогодоо зохистой өөрчлөлт оруулж  банк, санхүүгийн зарим хүндрэлээ шийдсэний дараа Япон Улсын Засгийн газраас олгох хоёр дахь шатны төсвийн дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байна гэлээ. Ерөнхий сайд У. Хүрэлсүх Ерөнхий сайд Абэ Шинзо-тай дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. Монгол Улс ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжсэн цагаас хойш Япон Улсын Засгийн газар, ард түмэн нь нийгэм, эдийн засгийн бүх салбарт тууштай дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд Монголын ард түмэн, Засгийн газар гүнээ талархдаг гэв. Монгол Улс, Япон Улсын идэвхтэй энх тайванч гадаад бодлого, мөн Абе Шинзогийн дэвшүүлсэн Энэтхэг-Номхон далайн үзэл санааг дэмжиж байгаагаа дахин илэрхийлэв. Хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор хоер улсын найрамдал нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болохуйц эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв. Талууд хоёр улсын найрсаг харилцааны үндэс суурь болсон иргэд хоорондын найрамдал, нөхөрлөлийг улам бүр бэхжүүлэхээ илэрхийлж, хоёр улсын харилцааг бүс нутаг, олон улсын тавцанд гүнзгийрүүлж ажиллахаа нотлов.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Нарухитог эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах ёслолд оролцов

2019.10.23. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант эзэн хаан Нарүхито-г эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцлоо. Төрийн ёслолд Япон Улстай дипломат харилцаатай 195 улс орон, НҮБ, Европын Холбоо зэрэг улс, олон улсын болон бусад байгууллагын өндөр түвшний зочид, төлөөлөгчид оролцлоо. Монгол Улсын Засгийн тэргүүний хувьд Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант эзэн хаан Нарүхито-г эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцож байгаа нь Монгол, Япон хоёр орны стратегийн түншлэл, найрамдалт харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл юм. Эзэн хаан Нарухито ёслолын эхэнд Касикодокоро сүмд морилж Нарны бурханд мөргөсөн байна. Төрийн ёслол хааны ордонд үргэлжилж Ерөнхий сайд Абэ Шинзо эзэн хаанд урт наслахыг ерөөсөн уламжлалт мэндчилгээ дэвшүүллээ. Нарухито Үндсэн хууль, эзэн хааны гэр бүлийн тухай хуульд заасны дагуу хаан ширээнд сууж Япон Улсад шинэ үе ирснийг зарлалаа. Тэрээр ард түмнийхээ эв нэгдлийн бэлгэдэл болох үүргээ нэр төртэй биелүүлэхээ тангараглав. Эзэн хааны эцэг Акихито 30 гаруй жил хаан ширээнд суухдаа ард иргэдтэйгээ хамт баяр баясгалан, уй гашууг хуваалцаж байсныг тэрээр онцоллоо.

Ерөнхий сайд Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзав

2019.10.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант эзэн хаан Нарүхито-г Эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцох үеэр тус улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын А.Такэбэ, Т.Фукуда, Н.Сузуки, К.Ооно, Т.Кобаяаши зэрэг зарим залуу гишүүнтэй уулзаж, хоёр орны түүх, соёлын онцлог, харилцаа, хамтын ажиллагааны хөгжил зэрэг сэдвээр найрсаг дотно яриа өрнүүллээ. Уулзалтад оролцсон гишүүдийн нэг А.Такабэ Японы Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн нарийн бичгийн дарга бөгөөд хоёр улсын найрсаг харилцаанд үе залгамжлан хувь нэмрээ оруулж байна. Түүний аав Ц.Такабэ нь Япон, Монголын Парламентын найрамдлын бүлгийн дарга, Японы эрх баригч Либерал Ардчилсан намын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Т.Фукуда гишүүний өвөө Т.Фукуда, аав Я.Фукуда нар мөн Японы Ерөнхий сайд байсан бөгөөд өвөө Т.Фукуда-г Гадаад хэргийн сайд байхад буюу 1972 онд манай хоёр улс дипломат харилцаа тогтоож байв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол, Японы залуу улс төрчид хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх нь харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтойг тэмдэглэж, гишүүдийг Монгол Улсад зочлохыг урив.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзав

2020.02.21. Монгол Улс. Улаанбаатар хот. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголыг сайн мэддэг Япон Улсын шилдэг дипломатч манай улсад томилогдож, итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсанд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв. Тэрээр Монгол Улс ардчилсан хөгжлийн замыг сонгосноор Хэйсэй-гийн эринд манай хоёр улс маш богино хугацаанд Стратегийн түншлэлийн өндөр түвшинд харилцаа, хамтын ажиллагаагаа  хүргэж чадсаныг дурдаад, Рэйвагийн эринд энэхүү харилцааг уламбүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллахаа нотлов. Япон Улсын Засгийн газар, ард түмэн Монгол орны орчин үеийн хөгжлийг бүх талаар дэмжиж, ямагт туслалцаа үзүүлж ирсэнд бид талархалтай ханддаг. Япон Улсын Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудал, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол-Японы сургалтын эмнэлэг зэрэг хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц олон төсөл хэрэгжсэнд баяртай байгаагаа  илэрхийлэв. Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсад 3 дахь удаагаа томилогдон ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлж, өөрийн хоёр дахь эх орондоо ирсэн мэт сэтгэгдэл төрж байна гэв. Элчин сайд Х.Кобаяши хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний айлчлал, улс төрийн яриа хэлэлцээ чухал үүрэг гүйцэтгэж ирсэн гээд 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Япон Улсад хийсэн албан ёсны айлчлал нь нэн ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг онцлов. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхитог Эзэн Хааны сэнтийд залах төрийн ёслолд Монгол Улсыг төлөөлөн оролцсонд талархал илэрхийлээд, цаашид хоёр орны эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, Японы зах зээлд чиглэсэн Монголын экспортыг нэмэгдүүлэх, бизнесийн орчинг сайжруулах чиглэлд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв гэжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суух Элчин сайдыг хүлээн авч уулзав

2020.08.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши-г хүлээн авч уулзав. Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсын Ерөнхий сайдаар дахин томилогдсонд нь баяр хүргэж амжилт хүсэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гаас баярын захидал ирүүлсэнд талархал илэрхийлээд Монгол, Японы Стратегийн түншлэлийг улам бэхжүүлж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв. Ковид-19 цар тахалтай тэмцэхэд улс орнуудын хамтын ажиллагаа нэн чухал гэдгийг Элчин сайд Х.Кобаяши хэлээд, Япон Улсын Засгийн газар Монгол Улсад олон талт харилцааны хүрээнд дэмжлэг туслалцаа үзүүлэхээр ажиллаж байгааг танилцуулав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүнд талархал илэрхийлээд Ковид-19-ийн улмаас эдийн засгийн хүндрэл учирч байгаа өнөөгийн нөхцөлд нягт хамтран ажиллах шаардлагатай байгааг онцлов. Талууд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх бэлтгэлийг сайтар хангах талаар санал солилцов. Мөн НҮБ болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаа нотлов гэжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Т.Мотеги бараалхав

2020.10.09. Монгол Улс. Улаанбаатар хот. Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги 2020.10.9-10-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаадаа баяртай байна гээд 2019 онд Гадаад хэргийн сайдаар анх томилогдсон цагаасаа Монгол Улсад айлчлахыг төлөвлөж байсан гэдгээ илэрхийлэв. Энэхүү айлчлал нь хоёр орны харилцааг шинэ шатанд хүргэх болно гэдэгт итгэж байгаагаа цохон тэмдэглэсэн юм. Яриа хэлэлцээ найрсаг дотно уур амьсгалд болж, талууд хоёр улсын харилцааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцсон юм. Манай улсын гуравдагч хөрш, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий  Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги-н энэ удаагийн айлчлал манай улсад парламентын сонгууль болж, шинэ Засгийн газар үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй байгаа цаг үед, мөн Япон Улсад Ерөнхий сайд Ё.Сүгагийн Засгийн газар үйл ажиллагаагаа эхлүүлсний дараахан болж байгаагаараа онцлог болж байна. Япон Улсын Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлж, хамтын ажиллагаанд түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Гадаад хэргийн сайд Т.Мотэги дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед бүс нутгийн улс орнууд үйл ажиллагаагаа уялдуулж, нягт хамтран ажиллахын чухлыг онцлоод Япон Улсын Засгийн газар Монгол Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг цаашид ч өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Тэрээр Япон Улсын Засгийн газар манай улсад нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр 0,01 хувийн хүүтэй 25 тэрбум иенийн буюу 230 гаруй сая ам.долларын зээл олгохоор шийдвэрлэснийг мэдэгдэв. Гадаад хэргийн сайд Т.Мотэги Япон Улсын Засгийн газраас иргэд харилцан зорчих урсгалыг шат дараатай нээх хүрээнд бизнесийн зорилгоор зорчих, урт хугацаанд Япон Улсад оршин суух манай иргэдэд Япон Улсад зорчих визийг олгож эхэлснээ танилцуулав. Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр үр дүнгээ өгч эхэлж буйг онцлоод Япон Улсын хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологи, ноу-хау-г идэвхтэй татаж, эдийн засгаа төрөлжүүлэх, экспортоо нэмэгдүүлэх чиглэлд тус улстай түлхүү хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Мөн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд холбогдох дэд хороодын хуралдааныг ойрын үед зохион байгуулах санал тавив. Талууд яриа хэлэлцээний үеэр ойрын үед хоёр талдаа хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээний талаар санал солилцож, улс төр, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, иргэд консулын гээд өргөн хүрээтэй салбарт Монгол, Японы Стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэн бэхжүүлэхээр тохиролцов. Мөн 2022 онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх талаар ярилцав. Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг талууд нотолж, 2021-2025 онд хэрэгжүүлэх дараагийн хөтөлбөрийн агуулгыг ойрын үед тохирохоор болов. Манай хоёр улс олон улс, бүс нутгийн талбарт идэвхтэй хамтран ажиллаж байгааг дурдаад, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн сацуу Зүүн хойд Азийн бүс нутгийн хөгжил цэцэглэл, Солонгосын хойгийн аюулгүй байдлыг бататган бэхжүүлэхийн төлөө цаашид ч нягт хамтран ажиллахаа талууд нотоллоо. Япон Улсын Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал нь Монгол Улсад хийж буй 5 дахь айлчлал юм. Өмнө нь Япон Улсын Гадаад хэргийн сайд С.Уно 1989 онд, Ё.Кавагүчи 2004 онд, К.Окада 2010 онд, Т.Коно 2019 онд тус тус Монгол Улсад айлчилсан юм. Айлчлалын үеэр Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхсан юм. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэгийн айлчлал нь Монгол, Японы Стратегийн түншлэл өндөр түвшинд хөгжиж байгаагийн илрэл болж байгааг тэмдэглэв. Түүнчлэн Япон улсын Засгийн газар Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн манай гуравдагч хөрш Японтой харилцаа, хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд энэ оны зургаадугаар сард болсон УИХ-ын сонгуулиар ялалт байгуулж, Засгийн газраа эмхлэн байгуулсанд баяр хүргээд Монгол, Японы Засгийн газрын тэргүүн нар цаашид нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь нэн чухал зорилт гэдэгт хоёр тал санал нэгдэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх манай эдийн засгийг төрөлжүүлэх, экспортыг нэмэхэд чиглэсэн үйлдвэрлэлийн салбаруудад Японы хөрөнгө оруулалт, техник, технологийг нэвтрүүлэх нь нэн чухал болохыг тэмдэглэсэн юм. Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги-н айлчлал Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, олон улсын түвшинд хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болж өндөрлөлөө.

Чингис хаан олон улсын нисэх буудлын анхны нислэгийн ёслол болов

2021.07.07. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингис хаан олон улсын нисэх буудлын анхны нислэгийн ёслолд оролцож, үг хэллээ. Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх буудал буюу Чингис хаан олон улсын нисэх буудлын анхны нислэгийн ёслолын үйл ажиллагаа болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, нээлтийн үг хэллээ. Монгол Улс, Япон Улсын Засгийн газраас хамтран хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн нэг болох Чингис хаан олон улсын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтаар:

  • Жилд 3 сая зорчигч хүлээн авах хүчин чадал бүхий Зорчигч үйлчилгээний барилга,
  • 24 агаарын хөлөг зогсох перрон талбай,
  • 43 метр өндөр Нислэгийн хөдөлгөөний барилга,
  • 8,000 тонны багтаамж бүхий шатахууны агуулах,
  • Жилд 11,900 тонн карго ачаа шуудан нэвтрүүлэх хүчин чадал бүхий карго терминал,
  • Олон улсын C9 зэрэглэлтэй Аврах гал унтраах барилга,
  • Бие даасан дулааны станц болон цахилгаан шугам сүлжээний дэд барилгууд,
  • Хоногт 800 шоо метр цэвэр болон бохир ус цэвэрлэх, ариутгах, татуурга ус цэвэршүүлэх байгууламж зэрэг үндсэн 30 гаруй барилга, байгууламжаас бүрдсэн, олон улсын стандартад нийцсэн шинэ нисэх буудал баригдсан юм.

Шинэ нисэх буудлын анхны нислэгийг үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн OM501 аяллын дугаартай, Boeing 737-800 агаарын хөлөг Японы Токио, Нарита чиглэлд амжилттай гүйцэтгэлээ. Анхны нислэгийн ёслолын эхэнд нисэх буудлын зорчигчийн танхим дахь Монгол-Японы Найрамдлын дурсгалын цогцолборын хөшөөг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки нар албан ёсоор нээв. Дараа нь ёслолыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Өлзий дэмбэрэл бүрдсэн өгөөмөр сайхан энэ өдөр Монгол Улсын томоохон бүтээн байгуулалтуудын нэг, Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг, манай хоёр орны ард түмний хамтын ажиллагааны бэлгэдэл болсон, далайд гарцгүй Монгол Улсыг дэлхий ертөнцтэй холбож байгаа Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал албан ёсоор ашиглалтад орж, анхныхаа нислэгийг үйлдэж байгаа энэ сайхан бэлгэ дэмбэрэлтэй, торгон дурсамжтай агшинд оролцож байгаадаа миний бие баяртай байна. Өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Танд болон Элчин сайдын яамны хамт олон Та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Өөдлөх айл үүднээсээ гэж ардын сайхан үг бий. Энэ шинэ нисэх буудал Монголын ард түмний үүд хаалга, манай улсын хөгжил цэцэглэлтийн бэлгэ тэмдэг болж шинээр нээгдэж байгаад чин сэтгэлээсээ баяртай байна. Одоогоос гурван жилийн өмнө буюу 2018 онд миний бие Япон Улсын Ерөнхий сайдын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, Стратегийн түншлэлийн чиглэлээр олон асуудал яригдсаны дотор хамгийн ихээр онцгойлон ярьсан нэг асуудал нь энэ нисэх буудлын барилгыг барьж, ашиглалтад оруулах байсан бөгөөд энэ талаар хоёр орны Ерөнхий сайд нар санал бодлоо солилцож, хамтарч ажиллахаар болсон юм. Түүнээс хойш шинэ нисэх буудлын төслийн олон ажил эрч хүчтэй явагдан, өнгөрсөн жил бид нар шинэ нисэх буудлаа хүлээн авсан. Цар тахлын харгайгаар энэ ажил тодорхой хугацаанд хойшлогдсон ч өнөөдөр албан ёсоор Монгол Улсаас Япон Улсын Токио хотын чиглэлд анхны нислэгээ үйлдэх түүхэн үйл явдал болж байна. Манай хоёр орны ард түмний харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон, ийм сайхан үйл явдал болж байна. Жилдээ гурван сая хүн хүлээж авах хүчин чадалтай нисэх онгоцны буудалд зөвхөн иргэний агаарын тээврийн онгоцуудаас гадна хүнд даацын онгоцууд бууж, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, ард түмний маань аж амьдрал дээшлэх, нэн ялангуяа аялал жуулчлал хөгжиж, эдийн засаг өсөн дэвжихэд шинэ нисэх буудал асар их ач тусаа өгнө гэж бодож байна. Эзэн Чингис хааныхаа нэрээр овоглосон шинэ нисэх буудлын анхны нислэгийн ёслолын ажиллагаанд оролцож байгаа Та бүхэнд дахин талархал илэрхийлье. Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон энэ нисэх буудлыг барьж байгуулахад төр, засгийн түвшинд хамтран ажилласан хүмүүс, Монгол, Японы бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд, энэ том бүтээн байгуулалтыг удирдан зохион байгуулсан удирдлагын баг, хамт олон, оролцсон бүх компани, тэдгээрийн ажилтнууд, инженер, техникийн ажилчид, гар бие оролцсон бүх хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар талархал дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу. Энэ нисэх буудал ашиглалтад орсноор улс орны маань хөгжил дэвшилд асар том ач холбогдолтой. УИХ-аар батлагдсан Шинэ Зуун мод хотыг хөгжүүлэх бүрэн боломж нь бүрдэж байна. Монгол Улсад ложистикийн шинэ төв нээгдэж байна. Энэ нисэх буудлыг дагаж шинээр амьдрал цэцэглэнэ. Шинэ Зуун мод хот хүн ард маань суурьшиж амьдрах, бизнес, эдийн засаг, худалдааны том бүс болон хөгжинө гэдэгт миний бие бат итгэлтэй байна. Өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Та бүхэнд дахин баяр хүргэе! Монгол, Японы ард түмний ган бат найрамдал, манай хоёр орны Стратегийн түншлэл улам хөгжиж, дэвжин цэцэглэхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье! Та бүхэнд баярлалаа гэлээ. Үүний дараа Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки:2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар Япон Улсад айлчлах үедээ тухайн үеийн Ерөнхий сайд Абэ Шинзотой шинэ нисэх буудлыг шуурхай ашиглалтад оруулах тал дээр санал нэгдэн, түүнийг хэрэгжүүлэхэд манлайлан ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч, Эрхэмсэг ноён У.Хүрэлсүх Танд хүндэтгэл үзүүлэн, гүнээ талархаж байгаагаа илэрхийлье. Өнөөдөр ийнхүү үйл ажиллагаагаа эхлүүлж буй шинэ нисэх буудлын нээлтийн арга хэмжээнд Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Та өөрийн биеэр оролцож байгаа нь нэр төрийн хэрэг юм гэлээ. Шинэ нисэх буудлын анхны нислэгийн ёслолыг тохиолдуулан Япон Улсын Ерөнхий сайд Сүга Ёшихидэ мэндчилгээ ирүүлснийг Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки уншиж сонордууллаа. Дараа нь Чингис хаан олон улсын нисэх буудлын менежментийг ирэх 15 жилд хариуцан ажиллах Монгол, Японы хамтарсан Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт ХХК (НУБИЭ)-ийн Гүйцэтгэх захирал Като Такэо шинэ нисэх буудлын үйл ажиллагаа нээгдэж буйг тунхаглан зарлав. Тэрбээр Бид Монгол Улсын агаарын үүд хаалга болох энэхүү шинэ нисэх буудлын үйл ажиллагаагаар дамжуулан Монгол Улсын иргэд болон дэлхийн өнцөг булан бүрээс Монгол Улсыг зорин ирэх бүх зочид, үйлчлүүлэгчид сэтгэл ханамжтайгаар үйлчлүүлдэг нисэх буудал байлгахын төлөө ажиллах тул цаашид дэмжин ажиллахыг Та бүхнээс хүсэж байна гэлээ. Ийнхүү шинэ нисэх буудал ашиглалтад орсноор хуучин нисэх буудал буюу Буянт-Ухаа нисэх буудлыг ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх болон сургалтын зориулалтаар ашиглаж, Хөшигийн хөндийд баригдсан Чингис хаан олон улсын нисэх буудлаар дамжуулан гадаад болон дотоодын арилжааны бүх нислэгүүдийг үйлдэх юм. Чингис хаан олон улсын шинэ нисэх буудлаас агаарын тээврийн Mongolian Airlines /MIAT/, Aero Mongolia, Hunnu Air, Eznis Airways LLC, Air China Limited, Aeroflot, Turkish Airlines, Korean Air, Asiana Airlines Inc., Air Busan, SCAT Airlines зэрэг компаниуд нислэг үйлдэнэ. Шинэ нисэх буудлын анхны нислэгийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт ХХК (НУБИЭ)-ийн Гүйцэтгэх захирал Като Такэо зэрэг албан ёсны зочид, төлөөлөгчид оролцжээ.

Монгол, Японы дипломат харилцааны ойг хамтран тэмдэглэнэ

2021.08.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяшиг хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтын эхэнд цар тахлын хүнд нөхцөл байдалд Япон Улс, японы ард түмэн Олимпын наадмыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргээд, Монгол Улсын баг тамирчдыг Олимпын наадамд оролцоход японы тал дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Тэрбээр Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа өргөн хүрээтэй талбарт амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд, цаашид  гуравдагч хөрш Япон Улстай Стратегийн түншлэлийн харилцааг улам өргөжүүлж, ард иргэдийн найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэн, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бүх талаар нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв. Элчин сайд Х.Кобаяши Олимпын наадамд Монголын баг тамирчид амжилттай оролцож, дөрвөн медаль хүртсэнд баяр хүргээд, нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас Ерөнхий сайдын түвшинд ирж оролцсон, мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад айлчилж Ерөнхий сайд Ё.Сүга-тай Монгол, Японы харилцааны асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцсонд баяртай байгаагаа илэрхийлэв. Ирэх онд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиохтой холбогдуулан 2022 оныг Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил болгон зарлах тухай Ерөнхий сайд Ё.Сүга-гийн саналыг талархан хүлээн авч байгаа бөгөөд харилцааны ирээдүйг авч явах залуучуудыг хамарсан олон арга хэмжээ зохион байгуулахын төлөө байгаагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлон тэмдэглэв. Мөн ойг тохиолдуулан японы талаас дээд, өндөр түвшинд хүндтэй зочдыг хүлээн авч, Монгол, Японы найрамдал, хамтын ажиллагааг бататган бэхжүүлнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлэв. Мөн Япон Улс КОВИД-19 цар тахлын үед манай улсад вакцины болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн нэн чухал дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Өнөөг хүртэл Япон Улсын Засгийн газар, ард түмний зүгээс үзүүлж ирсэн дэмжлэг тусламжид талархахын сацуу цаашид харилцан ашигтай, хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэхийн төлөө анхаарч ажиллана гэв. Япон Улсаас суралцах зүйл их байгаа. “Япон лугаа адил хөгжье” хэмээх санаачилга бол бид бүхний хамтын санаачилга гэж ойлгоорой. Мөн Японы хөрөнгө оруулагчид Монголд олноор орж ирээсэй, хоёр улсын хувийн хэвшлийг холбоход Элчин сайд Та манай холбогдох байгууллагуудтай идэвхтэй ажиллаарай хэмээн захив. “Чингис Хаан” олон улсын нисэх буудал, Япон, Монголын сургалтын эмнэлэг шиг хоёр орны хамтын ажиллагааны дараа дараагийн төслүүдийг хамтран хэрэгжүүлэх хэрэгтэй. Монгол, Японы Стратегийн түншлэлийг 2017-2021 онд бэхжүүлэх тухай Дунд хугацааны хөтөлбөр хэрэгжээд дуусгавар болж байна. Одоо байгуулахаар бэлтгэж буй шинэ Дунд хугацааны хөтөлбөр (2022-2025) нь бидний цаашдын хамтын ажиллагааны замын зураг болно гэдэгт итгэлтэй байна гээд үүнтэй холбоотой бэлтгэл ажлыг сайтар хангаж хэрэгжүүлэхийг ГХЯ-нд үүрэг болгов. Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол, Японы эдийн засаг, хувийн хэвшил, бизнесийн хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж ажиллахаа мөн тэмдэглэв.

Соёлын өв, эд зүйлсийн хуулбарыг хүлээлгэн өгөв

2021.11.12. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Япон Улсын Токүшима дахь Өргөмжит консул Каваүчи Широ бараалхлаа. Өргөмжит консул Япон Улсын Эзэн хааны ордонд хадгалагдаж буй “Юань гүрний цэргийн довтолгооныг дүрсэлсэн хуйлмал гар зургууд” болон Нара мужийн “Тэнри” их сургуулийн номын санд хадгалагдаж буй Чингис хааны “Гэрэгэ”-ний А хуулбарыг хүлээлгэн өгөв. Эдгээр хуулбарыг хийхэд дэмжлэг үзүүлсэнд Монгол Улсын Ерөнхийлөгч талархал илэрхийлж, хуулбарууд “Чингис хаан” музейн гол үзмэрийн нэг болно гэдэгт итгэж байгаагаа хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши-г хүлээн авч уулзав

2022.01.14. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши-г Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 онд тохиож буйтай холбогдуулан хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оныг манай хоёр улс “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарлаж байгаад баяртай байгаагаа  илэрхийлээд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхийн төлөө байгаагаа нотлов.Элчин сайд Х.Кобаяши энэ онд тохиож буй дипломат харилцааны ойг жилийн турш тэмдэглэхээр бэлтгэл ажлыг хангаад байгаагаа танилцуулав. Мөн ойг тохиолдуулан хоёр талдаа дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлж, Стратегийн түншлэлийн харилцааг эрчимжүүлэхээр ажиллахаа нотлов. Тэрбээр нэн ялангуяа хоёр улсын харилцааны ирээдүйг авч явах хүүхэд, залуучуудыг хамарсан олон арга хэмжээ зохион байгуулахын төлөө байна гэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр (2017-2021) амжилттай хэрэгжиж, дуусгавар болж байгааг тэмдэглээд энэ онд дараачийн Дунд хугацааны хөтөлбөрийг тохиролцохын чухлыг онцлов. Талууд худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр ярилцав. Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чиглэсэн цагаа олсон чухал алхам гээд, энэ чиглэлд нягт хамтран ажиллахаа мөн илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Япон Улсын Гадаад хэргийн сайд бараалхав

2022.05.02. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал нь Монгол, Японы Стратегийн түншлэл өндөр түвшинд хөгжиж байгаагийн илрэл гэдгийг тэмдэглэв. Мөн энэ онд тохиож буй дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг талууд “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил”-ээр зарлан, ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, ойн хүрээнд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г Монгол Улсад айлчлахыг урив. Түүнчлэн цар тахлыг хүндрэл багатай даван туулахад тусламж, дэмжлэг үзүүлсэн Япон Улсын Засгийн газар, ард иргэдэд талархал илэрхийлэв. Цаашид уул уурхай, байгаль орчин, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, боловсрол гээд бүх салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь зүйтэй гэж үздэгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов. Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши Япон Улсын Засгийн газар Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөгийг тэмдэглээд, цаашид бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод” санаачилгыг дэмжихээ илэрхийлж, энэ хүрээнд хамтран ажиллах хэлбэрээ судалж байгааг хэлэв. Дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг бүрэн ашиглах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв. Уулзалтын үеэр хувийн хэвшил болон иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх, түүний дотор хүүхэд, залуучуудын солилцоог нэмэгдүүлэх, бүс нутаг, олон улсын нөхцөл байдлын талаар санал солилцов.

Др.Такеши Касайг хүлээн авч уулзлаа

2022.06.14. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Такеши Касайг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ковид-19 цар тахлын хүнд цаг үеийг даван туулахад дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар их хэмжээний тусламж, дэмжлэг үзүүлснийг онцолж, Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Такеши Касай Монгол Улсын төр, засгийн зүгээс Ковид-19 цар тахлын үеэр түргэн шуурхай арга хэмжээ авч ажиллан халдварыг 10 сарын турш дотооддоо алдаагүй, мөн зорилтот бүлгийн иргэдээ богино хугацаанд дархлаажуулалтад хамруулж, өндөр үр дүн гаргасныг онцоллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөөллийг бууруулах зорилгоор Тэрбум мод, ирэх таван жилд хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ дотоодоос хангах Хүнсний хангамж, аюулгүй байдал, эрүүл амьдралын хэв маягийг дэмжиж, архи, согтууруулах ундааны соёлтой хэрэглээг төлөвшүүлэх Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж байгаа тухай товч танилцуулав. Хөрсний доройтлыг бууруулснаар хүнсний чанар сайжирч, энэ хэрээр хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах зорилт үр дүнгээ өгнө гэж үздэгээ хэлэв. Мөн үндэсний хөдөлгөөнүүдийн хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай бүх талаар хамтран ажиллана гэдгээ Ерөнхийлөгч хэллээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Такеши Касай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй үндэсний хөдөлгөөнүүд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зорилтуудтай нягт уялдаж буй бөгөөд бүс нутгийн болон гишүүн орнуудад туршлага болохуйц ажил болж байгааг тэмдэглэв. Цаашид энэ чиглэлд Монгол Улстай өргөн хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. 

Жайкагийн Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзав

2022.10.31. Монгол Улс. Улаанбаатар хот. Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын  ерөнхийлөгч Танака Акихико болон Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайд Кобаяши Хироюки тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр Сангийн сайд Б.Жавхлан хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцсон бөгөөд одоогийн байдлаар Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 5 төсөл,  буцалтгүй тусламжийн 3,  төслийн бус буцалтгүй тусламжийн 2,  техникийн туслалцааны 25 төсөл, өвсний үндэс, хүнсний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр хэрэгжиж байна. Япон Улсын Засгийн газар 1991 оноос хөгжлийн тусламжийг Монгол улсад олгож эхэлсэн. 2022 оны хагас жилийн байдлаар 120.6 тэрбум иений буцалтгүй тусламж, 55.7 тэрбум иений техник туслалцаа, 182.4 тэрбум иений хөнгөлөлттэй зээл, нийт 358.4 гаруй тэрбум иений (3.3 тэрбум гаруй ам.доллар) зээл, тусламжийг үзүүлээд байна. Сангийн сайд Б.Жавхлан ЖАЙКА-тай хамтын ажиллагааны 30 жил, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа нээсний 25 жилийн ой тохиож байгаад баяр хүргэж хоёр орны хамтын ажиллагаа улам бэхжин, нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон улсад айлчилна

2022.11.22. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан 2022.11.29-ний өдрөөс 2022.12.02-ны өдрүүдэд Япон Улсад төрийн айлчлал хийнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-д бараалхаж, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода, Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи нарыг хүлээн авч уулзана. Айлчлал Монгол, Японы харилцааг гүнзгийрүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, хагас зуун жилийн хамтын ажиллагааг дүгнэж, ирэх 50 жилд хөгжүүлэх хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлох чухал ач холбогдолтой. Энэ удаагийн айлчлал Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд 2010 оноос хойш 12 жилийн дараа болох гэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсад төрийн айлчлал хийж байна

2022.08.29. Япон Улс. Токио хот. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд Ш.Такэи, Гадаад хэргийн яамны Ёслолын газрын захирал Т.Шимада, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал нарын албаны хүмүүс угтав. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-д бараалхаж, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода, Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи болон Японы Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, хүндэт зөвлөх Т.Никай нарыг хүлээн авч уулзана. Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд 2010 оноос хойш 12 жилийн дараа Япон Улсад хэрэгжиж буй төрийн айлчлал нь Монгол, Японы харилцааг гүнзгийрүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, хоёр улсын хагас зуун жилийн хамтын ажиллагааг дүгнэж, ирэх 50 жилд хөгжүүлэх хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлоход ач холбогдолтой болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч Япон, Монголын Эдийн засгийн хорооны гишүүдийг хүлээн авч уулзав

2022.11.29. Япон Улс. Токио хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Япон, Монголын Эдийн засгийн хорооны тэргүүн Цүбай Хироюки тэргүүтэй гишүүдийг хүлээн авч уулзлаа. Тус хороо харилцаа, хамтын ажиллагаа, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг Монгол Улсын Ерөнхийлөгч  тэмдэглэв. Энэ удаагийн айлчлалын үеэр хоёр орны төр, хувийн хэвшлийн ээлжит зөвлөлдөх уулзалт зохион байгуулах гэж буйг дурдаж, эдийн засгаа төрөлжүүлэн, олон тулгуурт эдийн засгийн бүтэцтэй болгох,  экспортын чадавхыг дээшлүүлэхийн чухлыг тэмдэглэв. Цаашид эдийн засгийн тэргүүлэх салбаруудад Япон Улсын хөрөнгө оруулалт, техник технологи, ноу-хауг нэвтрүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Япон Улсын томоохон 11 аж ахуйн нэгж нэгдсэн Япон, Монголын Эдийн засгийн хороо нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Япон Улсын Ерөнхий Сайд Ф.Кишида угтлаа

2022.11.29. Япон Улс. Токио хот. Япон Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида албан ёсоор угтав. Угтах ёслолын үеэр цэргийн найрал хөгжимд Монгол Улс, Япон Улсын Төрийн дуулал эгшиглэж, Япон Улсын хүндэт харуул хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Япон Улсын Ерөнхий сайд нар хоёр талын албан ёсны төлөөлөгчдийг танилцуулснаар угтах ёслол өндөрлөж, албан ёсны хэлэлцээ эхлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай албан ёсны хэлэлцээ хийв

2022.11.29. Япон Улс. Токио хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай Ерөнхий сайдын өргөөнд нь албан ёсны хэлэлцээ хийв. Албан ёсны хэлэлцээ элэгсэг дотно, найрсаг уур амьсгалд болж, талууд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 50 жилийн хамтын ажиллагааг дүгнэж, цаашдын зорилт, хэтийн төлөвийн талаар болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Засгийн газар Монгол Улсын ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий гуравдагч хөрш Япон Улстай харилцаа, хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

Ерөнхий сайд Ф.Кишида Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Япон Улсад төрийн айлчлал хийж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр хоёр улсын харилцааны ололт, амжилтыг бататгаж, итгэмжилсэн харилцааг улам гүнзгийрүүлж, бүс нутаг, олон улсын талбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хоёр тал нягт хамтран ажиллаж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын тогтвортой хөгжлийг Япон Улс цаашид ч тууштай дэмжихээ нотлов. Албан ёсны хэлэлцээний үр дүнд талууд Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааны түвшинг ахиулан Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн зарчимд тулгуурлан  хөгжүүлэхээр тогтов. Мөн цаашид эрх чөлөө, ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлсдээ тулгуурлан бүхий л салбарын хүн төвтэй харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн сацуу дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хамтдаа хувь нэмэр оруулж, нягт хамтран ажиллахаар болов.

Талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны замын зураглал болж ирсэн Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн Монгол, Японы Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн 10 жилийн Үйл ажиллагааны хөтөлбөрийг байгуулж, Улс төр, аюулгүй байдал, Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, Хүн төвтэй хөгжил, иргэд хоорондын харилцан солилцоо, Дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлаарх хамтын ажиллагаа зэрэг дөрвөн үндсэн чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохиролцов. Япон Улс нь Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбар дахь үйл ажиллагааг тууштай дэмжиж ирсэн тэргүүний хандивлагч улс гэдгийг онцолж, энэ удаагийн айлчлалын үеэр Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Дарханы дэд станцад бага чадлын баттерейн цэнэг хураагуур суурилуулах, Монгол Улсын эрчим хүчний хангамжийг сайжруулах төсөлийг хэрэгжүүлэхээр тохирч, хоёр улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичигт гарын үсэг зурж байгааг талууд сайшаан тэмдэглэв.

Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх, дотоодын үйлдвэрлэл, түүний дотор хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг өсгөн нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, Япон Улсаас хөрөнгө оруулалт татах зорилгоор хууль эрх зүйн болон бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр хоёр тал нягт хамтран ажиллахаар санал нэгдэв. Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэлд Япон Улсын хөрөнгө оруулалт, техник технологи, ноу-хауг Монголд нэвтрүүлэх, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт, газрын ховор элемент, ховор металл зэрэг ашигт малтмал болон Устөрөгчийн үйлдвэрлэл ба дагалдах бүтээгдэхүүн боловсруулах чиглэлд японы талтай хамтран ажиллах сонирхлоо монголын тал нотлов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалын хүрээнд Монгол, Японы төр, хувийн хэвшлийн хамтарсан 10 дугаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж буйг талууд сайшааж, Монгол, Японы улс төрийн харилцааны бат бэх сууринд тулгуурлан эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг дээшлүүлэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллахаа талууд нотлов.

Талууд бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн үндэс суурь нь хүн хэмээн санал нэгдэж, хүний нөөцийг чадавхжуулах хамтын ажиллагааг үргэлжлүүлж, цаашид хоёр орны ард түмний хоорондын найрсаг харилцааг хөхиүлэн дэмжин, хоёр улсын ирээдүй хойч үеийг түүчээлэх залуучуудын солилцоог гүнзгийрүүлэхээр тохиролцов. Талууд бүс нутаг, олон улсын тавцанд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд цаашид  ч уялдаа холбоотой ажиллахаа нотлов. Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангах чиглэлд хоёр улс үргэлжлүүлэн хувь нэмэр оруулж, хамтран ажиллахаа нотолж, японы тал манай Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачилгыг сайшааж, үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа нотлов. Төр, засгийн тэргүүн нар дэлхийн нийтийн тулгамдсан асуудал болох байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар цаашид хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр санал нэгдэв. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан дэвшүүлсэн Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад 50 мянган мод тарьж, ойжуулах төсөл болон монголын 20 мянган хүүхэд, залуучуудад байгаль орчин, цөлжилт, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр танин мэдэхүйн сургалт зохион байгуулж, сургагч багш нарыг бэлтгэн бодит ажил хэрэг болгоход тууштай дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын төр, засгийн тэргүүн нар хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл хийв. Энэ удаагийн айлчлалын дүнгээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар “Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг хөгжүүлэхэд чиглэсэн Хамтарсан мэдэгдэл гаргав. Мөн “Монгол, Японы энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн 10 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулав. Түүнчлэн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Монгол Улсын эрчим хүчний хангамжийг сайжруулах төсөл”-ийн тухай хоёр улсын Засгийн газрын хооронд солилцох ноот бичигт Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши нар гарын үсэг зурав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын төр, засгийн тэргүүн нар хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл хийв

2022.11.29. Япон Улс. Токио хот. Энэ удаагийн айлчлалын дүнгээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар Монгол Улс, Япон Улсын Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн Хамтарсан мэдэгдэл гаргав. Мөн Монгол Японы Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн 10 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулав. Түүнчлэн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх Монгол Улсын эрчим хүчний хангамжийг сайжруулах төсөлийн тухай хоёр улсын Засгийн газрын хооронд солилцох ноот бичигт Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши нар гарын үсэг зурав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Монгол Улс, Япон Улс хамтарсан мэдэгдэл гаргалаа

2022.11.29. Япон Улс. Токио хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нарын албан ёсны хэлэлцээний дүнгээр Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн Хамтарсан мэдэгдэл гаргав. Хамтарсан мэдэгдэлд: Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар төрийн айлчлал хийв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар 2022.11.29-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний дүнгээр энэхүү Хамтарсан мэдэгдлийг гаргав. Хоёр улсын төр, засгийн тэргүүн нар Монгол Улс, Япон Улс хоорондын харилцааг цаашид улам бэхжүүлэхийн зэрэгцээ цаашдын хамтын ажиллагааны хүрээнд бүс нутаг, олон улсын тавцанд хоёр улс тус тусдаа Чөлөөт, нээлттэй, Энэтхэг, Номхон далайн үзэл санааны хүрээнд дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорилго болгон Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийг байгуулахаар санал нэгдэв гэж тусгажээ. 

Өнөөг хүртэлх хоёр улсын харилцааны ололт, амжилт

2022.11.29. Япон Улс. Токио хот. Хоёр улсын төр, засгийн тэргүүн нар (цаашид Талууд гэх) дипломат харилцаа тогтоосноос хойших 50 жилийн хамтын ажиллагааг дүгнэж, Монгол Улс 1990 онд ардчилал, зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжих үед Япон Улс дэлхийн улс орныг түүчээлэн дэмжлэг туслалцаа үзүүлсний дүнд хоёр улсын харилцаа үсрэнгүй хөгжиж, өнөө цагт эрх чөлөө, ардчилал, хүний эрх, хуулийн засаглал зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий Стратегийн түнш болсныг дахин нотолж, үүнийг өндрөөр үнэлэв. Талууд хоёр улсын дараах хамтын ажиллагааг өнөөг хүртэлх хугацаанд, тэр дундаа 1996 онд Иж бүрэн түншлэл, 2010 онд Стратегийн түншлэлийг байгуулснаас хойш доор дурдсан хамтын ажиллагааны хүрээнд ололт амжилт, туршлага хуримтлуулахын сацуу хоёр улсын ард иргэдийн найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг онцолж, талархан хүлээн авав. Үүнд:

  • Улс төр, аюулгүй байдлын салбарт дээд, өндөр түвшний харилцан айлчлал, Засгийн газар хоорондын харилцан ойлголцол гүнзгийрч, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж ирсэн.
  • Япон Улс нь Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбар дахь үйл ажиллагааг тууштай дэмжиж ирсэн тэргүүний хандивлагч улс юм. Түүнчлэн, Монгол Улс нь Япон Улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг анх удаагаа байгуулсан бөгөөд Япон Улсаас Монгол Улсад харилцаа, холбоо болон тээвэр, логистикийн салбарт томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийх зэргээр эдийн засгийн хамтын ажиллагааг нягт хөгжүүлж ирсэн.
  • Боловсрол, соёл, хүмүүнлэг, иргэд хоорондын харилцаа, Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд найрсаг солилцоо, харилцан ойлголцол гүнзгийрч, бүхий л салбар дахь хүний нөөцийг дэмжих хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.
  • Бүс нутаг, олон улсын тавцан дахь хоёр талын нягт хамтын ажиллагаа нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэлийн үйл явцад илрэлээ олж, бодит түвшинд хөгжиж байна.
  • Монгол Улсын Засгийн газар болон ард иргэд 2011 онд Япон Улсын зүүн бүс нутаг байгалийн гамшигт нэрвэгдэх үед нэн даруй тусламжийн гараа сунгасан зэргээр харилцан хүмүүнлэгийн туслалцаа үзүүлж ирсэн.

Монгол, Японы харилцааны хэтийн төлөв

2022.11.29. Япон Улс. Токио хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын ойр дотно гуравдагч хөрш болох Япон Улсын зүгээс тус улсын хөгжил, цэцэглэлтэд хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлж, сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдалд Энх тайванч улсын хувиар Япон Улсын оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэв. Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида өнөөгийн хувьсан өөрчлөгдөж буй бүс нутаг, олон улсын нөхцөл байдалд далайд гарцгүй газар зүйн онцлог бүхий Монгол Улс эрх чөлөө, ардчилал, хүний эрх, хуулийн засаглал зэрэг үнэт зүйлсийг хамгаалж, олон улсын хамтын нийгэмлэгт хувь нэмрээ оруулан, нэр хүндтэй байр суурь эзэлсээр ирснийг өндрөөр үнэлэв. Талууд өнөөг хүртэлх хоёр улсын хамтын ажиллагааны ололт, амжилтыг ирэх 50 жилд үргэлжлүүлж, нийтлэг үнэт зүйлстэй түнш улс орнуудын хувьд эрх чөлөө, ардчиллын мөн чанарыг хадгалж, харилцан ашигтай хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлж, хамтдаа хөгжих хүсэл эрмэлзэлтэйгээ нотлов.

Үүний зэрэгцээ талууд бүс нутаг, олон улсын нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдөж байгаа үед хуулийн засаглалд суурилсан чөлөөт, нээлттэй олон улсын дэг журмыг хадгалж, бэхжүүлэх, эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг бий болгох, энх тайван, тогтвортой байдлыг хангах асуудал урьд өмнө байгаагүйгээр чухлаар тавигдаж буйг дахин нотлов. Мөн энэ хүрээнд аливаа бүс нутагт нөхцөл байдлыг хүчээр, нэг талын шийдвэрээр өөрчлөх асуудлыг үл хүлээн зөвшөөрч, олон улсын хууль, журамд үндэслэн мөргөлдөөнийг энх тайвны аргаар шийдвэрлэхийн чухлыг дахин нотлов. Эдгээр нөхцөл байдлын улмаас бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг бий болгохын төлөө цаашид хамтран ажиллаж, хувь нэмэр оруулах зорилгоор хоёр улсын харилцааг шинэ түвшинд хүргэж, Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийг байгуулахаар санал нэгдэв.

Талууд дараах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов

  • Улс төр, аюулгүй байдлын салбар

Улс төр, аюулгүй байдлын салбар дахь талуудын хамтын ажиллагааг дээд, өндөр түвшинд хадгалах бөгөөд энэхүү хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэх зорилгоор батлан хамгаалахын инженерийн тоног төхөөрөмж нийлүүлэх болон техникийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

  • Эдийн засгийн хамтын ажиллагаа

Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд шаардлагатай хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлнэ. Хоёр улсын Засгийн газар Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, Төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх уулзалт зэргээр дамжуулан уян хатан, харилцан үр өгөөжтэй худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлж, улам бэхжүүлэхийг зорьж ажиллана. Монгол, Японы хамтын ажиллагааны шинэ бэлгэ тэмдэг болсон Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал нь Япон зэрэг бусад гадаад улс орноос хөрөнгө оруулалт татахад ач холбогдолтой болохыг харгалзан цаашид тус нисэх онгоцны буудлын менежментийн хэвийн үйл ажиллагааг хангаж, агаарын тээврийн чиглэлийг нэмэгдүүлэн идэвхжүүлэх зэргээр дэмжлэг үзүүлнэ. Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх, дотоодын үйлдвэрлэл, түүний дотор хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг өсгөн нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдал, Япон Улсаас хөрөнгө оруулалт татах зорилгоор хууль эрх зүйн болон бизнесийн орчинг сайжруулах, эрдэс баялаг, нэн ялангуяа газрын ховор элементийн хайгуул, олборлолтын салбарт хамтран ажиллах боломжийг судлах, эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг бий болгох чиглэлээр хамтран ажиллана

  • Хүнд чиглэсэн хөрөнгө оруулалт

Бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн үндэс суурь нь хүн хэмээн санал нэгдэж, хүний нөөцийг хөгжүүлэх хамтын ажиллагааг үргэлжлүүлж, цаашид хоёр орны ард түмэн хоорондын солилцоог дэмжин, харилцан ойлголцлоо үргэлжлүүлэн гүнзгийрүүлнэ. Ялангуяа хоёр улсын ирээдүй хойч үеийг түүчээлэх залуучуудын солилцоог гүнзгийрүүлнэ.

  • Дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа

НҮБ-ын дүрэм болон хуулийн засаглалд суурилсан олон талт хамтын ажиллагааг мөрдлөг болгон ажиллана. Мөн олон улсын энх тайван, аюулгүй байдлын төлөөх хамтын ажиллагааг үргэлжлүүлж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэл болон НҮБ-ын үйл ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг өрнүүлнэ. Энэ хүрээнд энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын Зэвсэгт хүчнийг чадавхжуулахад чиглэсэн Япон Улсын дэмжлэг чухал ач холбогдолтойг онцлов. Бүс нутаг болон олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад энэхүү үйл ажиллагааг үргэлжүүлэн хэрэгжүүлэхээр тогтов. Мөн олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй эдийн засгийн шинэ сорилтыг даван туулахын тулд эдийн засгийн аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлнэ. Хүний эрхийг хамгаалах олон талт хамтын ажиллагаа болон дэлхий дахин дахь хүний эрхийг хамгаалах чиглэлээр явуулж буй үйл ажиллагааг дэмжиж ажиллана.

Цөмийн дайн нь хүн төрөлхтөн, соёл иргэншил, хүрээлэн буй орчинд мөхөл, сүйрлийн үр дагавартай гэдэгт санал нэгдэж, олон улсын түвшинд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, хураах эрх зүйн тогтолцооны суурь болсон Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээг тууштай мөрдөж, бэхжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллана. Япон Улс Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг дэмжинэ. Монгол Улс Хирошимагийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу цөмийн зэвсгийг хураах чиглэлээр Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидагийн авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжиж, цөмийн зэвсгээс ангид байх дэлхий ертөнцийн төлөөх олон улсын эрдэмтдийн зөвлөл байгуулахыг сайшаана. Үүнээс гадна талууд цөмийн зэвсэг хэрэглэх эрсдэл улам нэмэгдэж, олон улсын аюулгүй байдлын орчин эрс доройтож байгаад гүнээ санаа зовниж, цөмийн дайнд ялагч хэзээ ч байхгүй тул цөмийн дайн хийхгүй гэдгээ нотлохыг бүхий л улс орнуудад уриалав.

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах, Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангах хүрээнд БНАСАУ-ыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолыг бүрэн хэрэгжүүлж ажиллахыг уриална. Мөн хулгайлагдсан иргэдийн асуудлыг нэн даруй шийдвэрлэхийг уриална. Талууд НҮБ-ын дүрэм, улс орнуудын бүрэн эрх болон эрх тэгш байх зарчим, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, заналхийлэл болон хүч хэрэглэхийг хориглох тухай олон улсын эрх зүйн өндөр ач холбогдлыг онцлон тэмдэглэв. НҮБ-ын Далайн эрх зүйн тухай конвенц (UNCLOS)-д заасны дагуу усан болон агаарын хөлөг онгоцоор чөлөөтэй зорчих зэрэг эрх болон эрх чөлөөт байдлыг тууштайгаар хэрэгжүүлэхийн чухлыг онцлов. Талууд дэлхийн тулгамдсан асуудал болох байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар цаашид хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ.

Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс дэвшүүлж буй Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад ойжуулах төсөл болон 20 мянган монгол хүүхэд, залуустай мод тарих үйл ажиллагаа зохион байгуулах зэргээр байгаль орчин, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээрх танин мэдэхүй, сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж, тууштай дэмжлэг үзүүлнэ. Монгол Улсын Засгийн газар эдгээр төслийг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд бүх талаар хамтран ажиллана. Талууд дээрх чиглэлд үндэслэн Монгол Улс, Япон Улсын хооронд ирэх 10 жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг байгуулав. Талууд ирэх 50 жилд хоёр улсын хамтын ажиллагааг улам эрчимжүүлж, Монгол, Японы ард иргэд бие биенээ улам сайн танин мэдэж, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, хоёр улсын хөгжил цэцэглэл болон бүс нутаг, даян дэлхийн энх тайван, тогтвортой байдлын төлөө хамтдаа хүчин чармайлт гаргаж, хоёр улсын шинэ түүхийг бүтээлцэхийн төлөө ажиллах хүсэл эрмэлзлээ нотолж, гарын үсэг зурав.

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль гардуулав

2022.11.30. Япон Улс. Токио хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан Япон Улсын иргэдийг төрийн одон, медалиар шагнах тухай зарлиг гаргасан. Зарлигийн дагуу шагналыг гардуулах ёслол Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлалын үеэр боллоо.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
  • Японы Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн хүндэт зөвлөх Никай Тошихиро,
  • Японы Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Хоккайдо мужийн Саппоро хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Такэбэ Цүтомү,
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
  • Монгол судлалын холбооны тэргүүн, эрдэмтэн Конагая Юүки,
  • Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын ерөнхийлөгч Танака Акихико,
  • Сакү, Монголын найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч Харүхара Акио,
  • Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Шимизү Такэнори,
  • Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Такаока Масато,
  • Heart saving project төслийн зүрхний мэс засалч Тамүра Масамичи,
  • Мабүчи Мотор хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хүндэт ерөнхийлөгч Мабүчи Такаичи,
  • Шима Сейки хувьцаат компанийн ерөнхийлөгч Шима Масахиро,
НАЙРАМДАЛ МЕДАЛИАР:
  • Төлөөлөгчдийн танхимын үйл ажиллагааны хорооны дарга Ямагүчи Шүничи,
  • Монгол судлаач, эрдэмтэн Миявакэ Жюнко,
  • Глобал олон улсын рашаан судлалын төвийн захирал, судлаач Мацүда Таданори нарыг шагналаа.

Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода-г хүлээн авч уулзав

2022.11.30. Япон Улс. Токио хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода, Японы Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, хүндэт зөвлөх Т.Никай нарыг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол, Японы найрсаг харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд Япон Улсын Парламент, Парламент дахь Япон, Монголын найрамдлын бүлэг чухал үүрэг гүйцэтгэж ирснийг дурдаад Япон Улсад хийж буй энэ удаагийн төрийн айлчлалын дүнгээр Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг шат ахиулан Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн шинэ түвшинд бэхжүүлэн хөгжүүлэхээр болсонд баяртай байгааг онцлон тэмдэглэв.

Мөн Япон Улс Монгол Улсын ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий Япон Улстай харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт бэхжүүлэхийн сацуу дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө хамтдаа хувь нэмрээ оруулж, хамтран ажиллахын төлөө байгаагаа нотлов.

Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хоёр улсын парламент, парламент дахь найрамдлын бүлгийн солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн олон ажил, арга хэмжээг зохион байгуулсныг дурдаж, Япон, Монголын найрсаг харилцааны бат бэх үндэс сууринд тулгуурлан хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэхэд Японы Парламентын зүгээс цаашид ч дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-г хүлээн авч уулзав

2022.11.30. Япон Улс. Токио хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-г 2022.11.30-ны өдөр хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх бүс нутгийн стратегийн дотно түнш, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлс бүхий гуравдагч хөрш Япон Улстай найрсаг, харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг онцлон тэмдэглэв. Тэрбээр энэ удаагийн айлчлалын үеэр Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааны түвшинг шат ахиулж, Дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн 10 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг байгуулж, хоёр улсын харилцааны ирэх 50 жилийн шинэ түүхийг эхлүүлж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Монгол, Японы найрсаг харилцааг өнөөгийн түвшинд хүргэж, өргөжүүлэн бэхжүүлэхэд хоёр улсын Парламент хоорондын хамтын ажиллагаа үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэж, Японы Зөвлөхүүдийн танхимын зүгээс харилцааны хөгжилд үргэлжлүүлэн анхаарч, тууштай дэмжлэг үзүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлэв. Мөн Монголын төр, засаг, парламентын зүгээс Япон лугаа хөгжье хэмээх санаачилгыг дэвшүүлэн идэвхтэй ажиллаж байгааг дурдаж, цаашид ч Парламентын солилцоо, хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсын төрийн тэргүүн Япон Улсад төрийн айлчлал хийж байгаад баяртай байгааг илэрхийлж, Монгол Улстай хөгжүүлж буй харилцаанд Япон Улс онцгой ач холбогдол өгдөг гэдгийг тэмдэглэж, цаашид ч хоёр улсын ган бат харилцааг улам бэхжүүлж, харилцааны эрх зүйн орчинг төгөлдөржүүлэхэд Японы Парламентын зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Японы эзэн хаан Нарүхито, эрхэм дээд хатан Масако нарт бараалхав

2022.11.30. Япон Улс. Токио хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нарт Эзэн Хааны ордонд бараалхав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Улсад айлчилж, Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхитод бараалхаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Эзэн Хаан Нарүхито болон Японы найрсаг ард түмэнд Монголын ард түмний халуун дотно мэндчилгээг уламжлав. Мөн Японы Хэйсэй-гийн он жилүүдэд цэцэглэн хөгжсөн манай хоёр орны Стратегийн түншлэлийн харилцаа Рэйва-гийн шинэ эринд улам батжин бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Япон Улсад хийж буй энэ удаагийн айлчлалаар Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн шинэ шатанд хүргэн хамтын ажиллагааны хэтийн төлөв, зорилтыг тодорхойлж, хоёр улсын харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхээр тохирсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нарыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урив. Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхэн ой энэ жил тохиож, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөл улам батжин бэхжиж байгааг тэмдэглээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон Улсад хийж буй төрийн айлчлалд амжилт хүсэв. Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито 2007 онд Угсаа залгамжлах Хунтайжийн хувиар Монгол Улсад айлчлах үеэр Монгол Хаадын эртний өлгий нутаг болох Хархоринд зочилсон болон Монгол Улсын филармонийн уран бүтээлчидтэй хамтран К.Сен Саны Хун аялгууг хийл хөгжмөөр тоглож байсан тухай дурсамжаасаа хуваалцан Монгол Улсад хөгжил цэцэглэлтийг ерөөв. Бараалхалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нарыг хүндэтгэн Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хаалтын арга хэмжээ болгон Токио хотноо зохион байгуулж буй Монгол Улсын филармонийн дэргэдэх Морин хуур чуулгын тоглолтыг хамтдаа үзэж сонирхов. Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хоёр улсын Засгийн газар 2022 оныг Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жилээр зарлан жилийн турш ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж, соёл, урлагийн 100 гаруй арга хэмжээг хамтран зохион байгууллаа. Японы NHK телевизийн их танхимд Морин хуур чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ анх удаагаа тоглолт хийж, Японы олон нийтэд морин хуурын гайхамшигт эгшиг аялгууг сонордуулав.

Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхитогийн хамт NHK Hall-д морин хуур чуулгын тоглолт үзэв

2022.11.30. Японы Улс. Токио хот. Монгол Улс-Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтооосны түүхт 50 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт Япон Улсын NHК Hall концертын танхимд болж өндөрлөлөө. Соёл урлагийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд 2022.11.30-ны өдрөөс 2022.12.20-ны өдрүүдэд зохион байгуулагдах Улсын Филармонийн Морин хуурын чуулгын аялан тоглолтын анхны тайз болох NHK Hall нь Япон Улсын нэр хүндтэй томоохон танхимуудын нэг юм. Энэ нь NHK Hall-д Монгол Улсаас бүрэн хэмжээний тоглолтоо сонирхуулж байгаа Монголын анхны найрал хөгжим болж байна. Морин хуурын чуулга нь 1997 оноос хойш Япон Улсад 33 удаагийн айлчлан тоглолтыг зохион байгуулж нийт 200 гаруй тоглолт, арга хэмжээнд уригдан оролцсон байна. Монгол Улс, Япон Улсын найрамдалт харилцаа, соёл урлагт үзүүлж байгаа хувь нэмрийг үнэлж 2018 онд Япон Улсын Гадаад Хэргийн сайдын өргөмжлөл хүртээж, 2022 онд Монгол Улсын Соёлын элчээр томилсон. 2021 оны долдугаар сард болж өнгөрсөн хоёр орны Ерөнхий сайд нарын уулзалтын үеэр 2022 оныг Монгол, Японы хүүхэд залуучуудын найрамдал, солилцооны жил болгон зарлаж, улмаар 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд бүтэн жилийн турш улс төр, эдийн засаг, соёл урлагийн олон арга хэмжээг зохион байгуулсан юм.

Японы Гадаад хэргийн сайд бараалхав

2022.05.02. Монгол улс. Улаанбаатар хот. Төрийн ордон. Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал нь Монгол, Японы Стратегийн түншлэл өндөр түвшинд хөгжиж байгаагийн илрэл гэдгийг тэмдэглэв. Мөн энэ онд тохиож буй дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг талууд Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жилээр зарлан, ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, ойн хүрээнд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхитог Монгол Улсад айлчлахыг урив. Түүнчлэн цар тахлыг хүндрэл багатай даван туулахад тусламж, дэмжлэг үзүүлсэн Япон Улсын Засгийн газар, ард иргэдэд талархал илэрхийлэв. Цаашид уул уурхай, байгаль орчин, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, боловсрол гээд бүх салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь зүйтэй гэж үздэгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов. Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши Япон Улсын Засгийн газар Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөгийг тэмдэглээд, цаашид бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн Тэрбум мод санаачилгыг дэмжихээ илэрхийлж, энэ хүрээнд хамтран ажиллах хэлбэрээ судалж байгааг хэлэв. Дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг бүрэн ашиглах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв. Уулзалтын үеэр хувийн хэвшил болон иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх, түүний дотор хүүхэд, залуучуудын солилцоог нэмэгдүүлэх, бүс нутаг, олон улсын нөхцөл байдлын талаар санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав

2023.09.21. АНУ. Нью-Йорк хот.АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмиотой айлын талын хүсэлтээр хоёр талын уулзалт хийв. Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын дүнгээр талууд ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий хоёр улсын Стратегийн түншлэлийг шат ахиулж, Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн өндөр түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохирсныг сайшаан тэмдэглэв. Тэрбээр уг түншлэлийн ирэх арван жилийн замын зураглал болох үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад Монгол, Японы төр, Засгийн газар нягт хамтран ажиллаж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Хоёр улсын бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд бодит илрэлээ олж, гүнзгийрэн хөгжиж буйг тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч мөн Монгол Улс тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулахыг зорьж буйг онцолж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх асуудлаарх хамтын ажиллагааг бүс нутгийн хүрээнд өргөжүүлэх хүсэл эрмэлзлээ илэрхийлэв. Талууд харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг, олон улсын нөхцөл байдал зэргийн талаар ярилцан, Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай үзэл санааны хүрээнд бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө хувь нэмрээ оруулж, дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг бэхжүүлэх нэгэн санаа зорилгын дор хамтдаа хүчин зүтгэхийн төлөө буйгаа нотлов. Уулзалтын дараа Японы Улсын Ерөнхий сайд Ф.Кишида Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдийн зоог барилаа. Тэд 2021 онд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Глазгоу хотод, 2022 онд Токио хотноо уулзаж байсан юм.

Японы элчин сайдыг хүлээн авч уулзав

2023.11.20. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюкийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын дүнгээр талууд Стратегийн түншлэлийг шат ахиулж, Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн өндөр түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохирсныг тэмдэглэв. Элчин сайд Монгол Улсад ажиллах хугацаандаа харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, ялангуяа харилцааг шат ахиулахад онцгой хувь нэмэр оруулсныг онцлов. Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд томоохон ахиц дэвшил гарсныг Элчин сайд Кобаяши Хироюки тэмдэглэж, цаашид харилцааг бүх салбарт улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнээ зориулахаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулсан хувь нэмэр, хүчин чармайлтыг нь үнэлж Элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа. Элчин сайд Кобаяши Хироюки өнгөрсөн хугацаанд бүх талын дэмжлэг үзүүлж байсан Монгол Улсын төр, засаг болон ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Японы Эзэн хаан болон Ерөнхий сайд мэндчилгээ дэвшүүллээ

2022.07.15. Монгол Улс. Улаанбаатар хот. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмио мэндчилгээ дэвшүүлэв. Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Япон Улсын Засгийн газар болон Японы ард түмнийг төлөөлөн Эрхэмсэг ноён Танд болон Монголын ард түмэнд чин сэтгэлээсээ баярын мэндчилгээ дэвшүүлье. Япон, Монгол хоёр улс нь эрх чөлөө, ардчилсан ёс, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий Стратегийн түнш билээ. Энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхэн тэмдэглэлт ой тохиож байгаа бөгөөд хоёр оронд олон тэмдэглэлт арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Эрхэмсэг ноён Тантай 50 жилийн ойн жил биечлэн уулзаж, хоёр орны ирээдүйн талаар илэн далангүй санал бодлоо солилцох хүсэлтэй байна. Хоёр орны найрсаг хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн тулд Эрхэмсэг ноён Тантай гар нийлүүлэн хамтран ажиллахыг хүсэж байна. Эрхэмсэг ноён Танд эрүүл энх, ажлын амжилтыг мөн Монгол орон улам бүр цэцэглэн хөгжихийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе гэжээ.

2024.07.12. Монгол Улс. Улаанбаатар хот.Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд баярын мэндчилгээ ирүүллээ. Мөн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмио баярын мэндчилгээ дэвшүүлжээ. Мэндчилгээнд Япон Улс, Монгол Улсын хооронд соёлын харилцаа тогтоосны 50 жилийн ойг угтан энэ жил ард түмэн, тэр дундаа хойч үеийг авч явах залуучууд хоорондын солилцоо идэвхтэй өрнөж байгаад туйлын баяртай байна. Хоёр орны харилцааг Энх тайван хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл болгон шат ахиулах үеэр Эрхэмсэг ноён Тантай бүхий л салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн үндэс суурь бол хүн гэдэгт санал нэгдэж, дахин нотолсон билээ. Энэ хүрээнд иргэд хоорондын солилцоо улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Танд болон монголын ард түмэнд Үндэсний их баяр наадмын баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе гэжээ. 

Кишида Фүмио мэндчилгээ ирүүлэв

2023.07.15. Монгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмио Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд мэндчилгээ ирүүлэв. Япон Улсын төр, засаг болон ард түмний нэрийн өмнөөс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, монголын ард түмэнд Үндэсний их баяр наадмын баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе. Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааг Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай Стратегийн түншлэлийн түвшинд шат ахиулж, ирэх 50 жилийн хамтын ажиллагааны замын зураглалыг тодорхойлсондоо баяртай байна. Цаашид ардчилалын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байна гэжээ.

Сангийн сайд Б.Жавхлан Токио хотноо ажиллаж байна

2023.02.13. Япон улс. Токио хот. Олон Улсын Валютын Сан болон Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-аас хамтран зохион байгуулж байгаа ХӨГЖИЖ БУЙ АЗИЙН ОРНУУДЫН ЦАР ТАХЛЫН ДАРААХ ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЛТ, ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БОДЛОГО сэдэвт бага хурал болж байна. Тус бага хуралд Сангийн сайд Б.Жавхлан Ковид-19 цар тахлын дараах эдийн засгийн нөхцөл байдал, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагааны талаар болон төсвийн бодлогын талаарх мэдээллийг бага хуралд оролцсон төлөөлөгчдөд өглөө. ОУВС-ын ази, номхон далайн газрын захирал Кришна Сринивасан болон ОУВС-ийн дэд захирал Окамүра Кэнжи нартай тус тус уулзан Олон Улсын Валютын Сангийн тайлан, эдийн засгийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо. Мөн 2023.02.13-ны өдөр Сангийн сайд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танакатай уулзалт хийж, одоо хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар болон эдийн засгийн нөхцөл байдлын талаар санал солилцсон. Түүнчлэн Монгол Японы энх тайван, хөгжилд цэцэглэлийн төлөөх тусгай стратегийн түншлэлийн үйл ажиллагааны дунд хугацааны /2022-2031 он/ хөтөлбөрийн талаар санал солилцсон юм гэжээ. 

Япон Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023.12.12. Монгол Улс. Улаанбаатар хот. Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд өргөжин хөгжиж буйг онцоллоо. Мөн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг 2022 онд ёслол төгөлдөр тэмдэглэснийг сайшаав. Монгол, Японы харилцааны дараагийн хагас зуун жилийн эхлэл тавигдсан “Рэйва”-гийн шинэ он тооллын цаг үед томилогдон ирсэн Элчин сайд харилцааны ололт амжилтыг улам бүр бататгана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлж, амжилт хүсэв. Элчин сайд М.Игавахара “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг бүх салбарт бэхжүүлэх, Японоос хөрөнгө оруулалт татах, дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрийг урагшлуулах, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. Уулзалтаар дээд, өндөр түвшний солилцоог улам бүр эрчимжүүлж, бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотлов.

Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмио Монгол Улсад айлчилна

2024.08.08. Монгол Улс. Улаанбаатар хот.Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида 2024.08.11-12-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида айлчлалын үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нарт бараалхана. Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Япон Улстай Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, уг түншлэлийн Үйл ажиллагааны 2022-2031 оны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоход айлчлалын зорилго оршиж байна. Япон Улсын Ерөнхий сайдын түвшинд 2016 оноос хойш 8 жилийн дараа хэрэгжиж буй энэхүү айлчлал нь Монгол Улсын цаашдын хөгжлийн бодлого, зорилтын хүрээнд ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Япон Улстай хүн төвтэй харилцаа, хамтын ажиллагааг бүхий л чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болно. Монгол Улс, Япон Улс нь 2022 оноос Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж байна гэжээ. 

Айлчлал хойшлогдсонтой холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар утсаар ярилцав

2024.08.24.  Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай Японы талын хүсэлтийн дагуу 2024.08.13-ны өдөр утсаар ярилцав. Ярианы эхэнд Ерөнхий сайд Ф.Кишида-гийн зүгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар 2024.08.11-12-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөгдөж байсан хэдий ч тус улсын Миязаки мужид 2025.08.08-ны өдөр болсон газар хөдлөлтийн улмаас учирч болзошгүй эрсдлийг бууруулах, гамшгийн эсрэг авах арга хэмжээг хэрэгжүүлж ажиллах шаардлагын улмаас энэ удаагийн айлчлалыг цуцлаад буй нөхцөл байдлын талаар тайлбарлалаа. Тэрээр уг айлчлалын бэлтгэлийг хангаж ажилласанд Монголын талд чин сэтгэлийн талархал илэрхийлж, Монгол Улсад энэ удаа албан ёсны айлчлал хийх боломжгүй болсонд харамсаж буйгаа илэрхийлэхийн сацуу цаашид нөхцөл байдлыг харгалзан айлчлалыг хэрэгжүүлэхийн төлөө буй гэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улс дахь газар хөдлөлт, байгалийн гамшгаас үүдсэн дотоодын нөхцөл байдалтай холбоотойгоор Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидагийн  манай улсад хийхээр төлөвлөж байсан албан ёсны айлчлал энэ удаа цуцлагдах болсон тухай нөхцөл байдлыг маш сайн ойлгон, хүлээн авч буй гээд энэхүү цаг үед Монгол Улсын Засгийн газар, Монголын ард иргэд бидний нийтлэг үнэт зүйлс бүхий чухал гуравдагч хөрш, Тусгай стратегийн түнш Япон Улс, Японы ард иргэд, анд нөхөдтэйгөө сэтгэл зүрхээрээ хамт байгааг онцлов. Талууд хүний эрх, эрх чөлөө, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын харилцаа, хамтын ажиллагаа Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн өндөр түвшинд бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж буйг тэмдэглэж, улс төрийн итгэмжилсэн байдлыг батжуулах, бүхий л түвшний яриа хэлэлцээ, харилцан айлчлалыг улам бүр эрчимжүүлэх, эдийн засгийн харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж, бүс нутаг, олон улсын талбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотлов. Монгол Улс, Япон Улсын хооронд Соёлын харилцааны 50 жилийн ой тохиож буй 2024 онд манай хоёр улсын хүн төвтэй харилцаа, хамтын ажиллагаа улам бүр бэхжиж буйг сайшаан тэмдэглэж, харилцаанд залуу үеийн төлөөллийг түлхүү хамруулж, ард иргэдийн солилцоо, найрамдал нөхөрлөлийг улам бүр өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө буйгаа илэрхийллээ гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар уулзав

2024.09.24. AНУ. НҮБ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы өмнө зохион байгуулагдаж буй Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалтaд оролцох үеэрээ Япон Улсын Ерөнхий сайд Фүмио Кишидаг хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын харилцаа Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж, хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж буйг сайшаав. Талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны шатыг ахиулан хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахын төлөө буйгаа илэрхийллээ. Тусгай стратегийн түншлэлийн үйл ажиллагааны хөтөлбөрийн бодит хэрэгжилтийг хангаж, харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх, хоёр талын болон олон талт яриа хэлэлцээг гүнзгийрүүлж, давтамжийг нэмэгдүүлэх, бүс нутаг, олон улсын тавцанд нэгдмэл зорилгын хүрээнд улам бүр нягт хамтран ажиллахын төлөө буйгаа нотлов.

Сангийн сайд Б.Жавхлан эдийн засгийн тэргүүлэх салбаруудад Японы хувийн хэвшлийнхнийг хөрөнгө оруулж, хамтарч ажиллахыг уриалав

2025.01.17. Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайханыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас хоёр улсын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, манай улс руу чиглэсэн жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 15-нд Токио хотноо хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан оролцож Монгол Улсын Засгийн газар болон Монгол Улсын Хөгжлийн банк Япон улсын хөрөнгө оруулагчдаас хүлээлгэсэн итгэлийг хариуцлагатайгаар ухамсарлаж, Монгол Улсын Хөгжлийн банкнаас Япон улсын санхүүгийн зах зээлд гаргасан 30 тэрбум иений “Самурай” бондын эргэн төлөлтийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр банкны өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулсныг танилцуулав. Уг бондын эх үүсвэрээр Монгол Улсын Хөгжлийн банк зам тээвэр, барилга байгууламж, хөдөө аж ахуйн томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, Монгол Улсын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэсэн юм. Сангийн сайд Б.Жавхлан 50 гаруй жилийн түүхэн харилцаатай манай хоёр улсын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн тэргүүлэх салбаруудад Японы хувийн хэвшлийнхнийг хөрөнгө оруулж, хамтарч ажиллахыг уриалав. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, татварын болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэн ажиллаж байгааг танилцуулсан юм. Тус хүндэтгэлийн арга хэмжээнд Япон улсын Парламентын Зөвлөхүүдийн болон Төлөөлөгчдийн танхимын Япон, Монголын найрамдлын бүлгийн 17 гишүүн, Гадаад хэргийн дэд сайд Ё.Цүгэ, Батлан хамгаалахын дэд сайд Ш.Миякэ, Сангийн дэд сайд М.Канда, манай улстай найрсаг харилцаатай муж, хотын дарга нар, Японы томоохон хувийн хэвшлийн удирдлагууд зэрэг улс төр, эдийн засаг, хувийн хэвшил, олон нийт, соёл зэрэг бүхий л салбарын 600 гаруй төлөөлөл оролцов.

Монголчуудын тухлах дуртай The New Otani

2025.01.25. Монгол улс. Улаанбаатар. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсад айлчлахад бүрэлдэхүүнд явсан хүмүүс The New Otani зочид буудлын өмнө ярилцлага өгч харагдав. Тиймээс New The Otani зочид буудлын тухай хэдэн мөр бичиж үлдээхийг хүсэв. 1962 онд Японы засгийн газар Токиогийн Олимпийн наадамд оролцохоор 30000 орчим гадаадын жуулчдыг хүлээн авах томоохон бүтээн байгуулалтыг хоёрхон жилийн дотор дуусгах сорилттой тулгарав. Эндээс The New Otani зочид буудлын түүх эхэлж үүсгэн байгуулагч Yonetaro Otani эзэн хааны ордны ойролцоох Киоичо дахь өөрийн эзэмшил газартаа дорно дахины хамгийн шилдэг зочид буудлыг барьж, улмаар японы аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх үндэсний стратегид хувь нэмрээ оруулахаар тохиролцжээ. Түүний дизайны үзэл баримтлал нь үзэсгэлэнт газар нутаг, чулуун ханыг хадгалж үлдэхийн зэрэгцээ 1000 гаруй зочдыг хүлээн авах дэлхийн жишигт нийцсэн буудал, хурлын танхим, лобби зэргийг тухайн үеийн орчин үеийн барилгын техникээр хангах явдал байв. Зочид буудал 1964 оны есдүгээр сард нээлтээ хийсэн бөгөөд хүлээн авалтын өрөөний хивсэнцэр, ханан дахь хээ, үүдний танхимийн тогорууны зураг зэрэг уламжлалт чимэглэл нь Otani-ийн мөнхийн уур амьсгалыг бий болгох хүсэл эрмэлзлийг бүрэн дүүрэн илэрхийлж чаджээ. Японы нэрийн хуудас болсон Фүжи уулыг зочин бүр үзэх ёстой гэж Otani үзсэн байна. Түүний мөрөөдөл 17 давхарт байрлах Blue sky lounge-ийн дизайнд биеллээ олжээ. Одоо view & dining the sky буфет ресторанаар үйл ажиллагаа явуулж буй тус лоунжны цонхоор хоол идэж байх зуураа японыг бүхэлд нь тольдож болох юм. The New Otani зочид буудал нь амарч тухлах тохиромжтой байршлаас гадна, бизнесийн үйл ажиллагааны чанараараа олонд танигдаж, токиогийн дээд хэмжээний уулзалтын өмнөх гурван уулзалтын үндсэн байраар сонгогдсоноор нэр хүндтэйд тооцогддог. Тиймээс япон болон гадаадын төрийн тэргүүнүүд олон улсын шилдэг зочид буудалд тооцогддог The New Otani зочид буудалд буудлахыг илүүз үздэг. The New Otani зочид буудлын өмнө Монгол Улсын Төрийн далбаа намирч байгаагаас монголчуудын олон жилийн өмнөөс саатдаг байсан газар, тухлах дуртай газрын нэг гэдэг нь илт юм.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна

2025.01.31. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын 126 дахь Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад 2025 оны 07 дугаар сарын эхээр төрийн айлчлал хийхээр төлөвлөж байна. Тус айлчлал нь Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын Монгол Улсад хийх анхны төрийн айлчлал юм. Энэхүү төрийн айлчлал нь ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлж, “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах түүхэн ач холбогдолтой. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2019 онд Ерөнхий сайд байхдаа Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г “Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслол”-д оролцож байсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2022 онд тус улсад төрийн айлчлал хийж, Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарт бараалхсан. Мөн “Эн-Эйч-Кэй” их танхимд Морин хуурын чуулгын хүндэтгэлийн тоглолтыг хамтдаа үзэж сонирхон элгэмсэг дотно, итгэмжилсэн харилцаагаа бэхжүүлсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэхүү түүхэн айлчлалаар Монгол Улс, Япон Улсын харилцааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн түвшин”-д шат ахиулан, Улс төр, аюулгүй байдал, Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, “Хүн төвтэй” хөгжил, иргэд хоорондын харилцан солилцоо, Дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлаарх хамтын ажиллагаа гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар болсон юм. Энэхүү айлчлалаар харилцаа, хамтын ажиллагааны ирэх 50 жилийн үндэс суурийг тодорхойлж, төрт ёсны эртний түүхтэй хоёр улсын найрсаг харилцааны тулгын чулуу болсон ард түмэн хоорондын найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлсэн билээ. Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Эзэн Хааны сэнтийд заларч, мөн өдрөөс Япон Улсад “Рэйва” он тоолол эхэлсэн. Эзэн Хаан Нарүхито сэнтийдээ заларснаас хойш Эрхэм дээд Хатан Масакогийн хамт хоёр удаа гадаад улсад айлчлаад байна.

Translate