11 сар 21, 2024

Богд хааны ордон музей

Богд хааны ордон музей

2024.07.14. Монгол Улс. Улаанбаатар хот. ХVII зуунаас ХХ зууны эхэн үе хүртэл Монголд найман Богд Жавзандамба хутагт албан ёсоор Монголын бурханы шашны тэргүүнд өргөмжлөгдөж байжээ. Анхдугаар Богд Жавзандамба хутагт Өндөр гэгээн Занабазар (1635-1723), II Богд Жавзандбамба хутагт Лувсандамбийдонмэ (1724-1757) нар Монголоос тодорсон бол, III-VIII Богд Жавзандамба хутагтын дүрүүдийг Манжийн хааны зарлигийн дагуу Төвдөөс тодруулсан байна. VIII Богд Жавзандамба хутагт 1869 оны намрын сүүл сарын шинийн 8-ны өдөр Лхас хотын ойролцоо Далай ламын шадар түшмэл Гончигцэрэн, эх Ойдовдулам нарын гэр бүлд мэндэлжээ. 1871.12.20-ны өдөр Далай лам тэргүүтэй лам нар Гончигцэрэнгийн хөвгүүнийг Халхын шарын шашны тэргүүн Богд гэгээний хойт дүр мөн болохыг тодруулжээ. Далай лам түүнд номын нэр хайрлаж, хадаг, бурхан сахиус шагнажээ. Монголоос Сайн ноён хан аймгийн Чин ван Санга-шри, Түшээт хан аймгийн засаг чин ван Лувсанбазар, Да хүрээний хамба номун хан Балданчоймбол, да лам Дашдорж нар тэргүүтэй 400 гаруй хүн 1874.09.30-нд VIII Богд Жавзандамба хутагтыг Их хүрээнд залж, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 5-нд Хутагтын ширээнээ өргөмжилж, Халхын 4 аймаг, шавь 5 газраас Бат-Оршил өргөжээ. 1875 онд Манж чин гүрний эзэн хаан VIII Богдод алтан тамга, алтан навчит өргөмжлөлийг шагнажээ. Халх монголын найман Богд Жавзандамба хутагаас ганцхан VIII Богд Жавзандамба хатан буулгасан, гавжийн дамжаа барьсан нь урьд урьдын дүрүүдээс өвөрмөц намтартай хүн байжээ. Энэ үйл явдал 1908 онд тохиосон аж. VIII Богд Жавзандамба хутагт Ар, Өвөр Монгол болон бусад монголчуудын дунд нэр хүндтэй байсан учраас Монголын эрх чөлөөний хувьсгалыг санаачлагчид түүнийг хүрээлж, Манж чин гүрний 220 гаруй жилийн дарлалыг халж, тусгаар тогтносон Монгол улсыг сэргээн байгуулахын төлөө тууштай тэмцэж байжээ. Үүний үр дүнд 1911.12.29-ны өдөр VIII Богд Жавзандамба хутагтыг Олноо Өргөгдсөн Монгол Улсын шашин, төрийг хослон баригч наран гэрэлт түмэн наст Богд хаанаар, хатан Дондовдуламыг Улсын эх дагинаар өргөмжилсөн байна. Их хүрээг Нийслэл хүрээ хэмээн нэрийдэж, Богдын төвийн шар ордныг Төрийн шар ордон болгож, тэнд төр шашны үйлийг хослуулан өрнүүлж байжээ. VIII Богд Жавзандамба хутагт 1911-1919 онд Олноо Өргөгдсөн Богд хаант Монгол улсын шашин төрийг хослон баригч хэмжээлшгүй эрхт нарангэрэлт түмэннаст эзэн хаан, 1921-1924 онд буюу ардын хувьсгалын дараа шашны асуудал эрхэлсэн хэмжээт эрхт хаан гэгдэж байгаад мөн оны хавар 55 настайдаа өвчний улмаас таалал төгссөн тухай Богд хааны ордон музейнхэн өгүүлдэг юм. Богд хааны ордныг хожим музей болгосон бөгөөд 8600 гаруй үзмэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Уг музейг жилд 40000 гаруй мянган хүн үзэж сонирхдог байна. Музейгээ Богд хааны зуны ордон, өвлийн ордоноос бүрдэнэ. Богд хааны зуны ордоноос түүний бурхан шашны эдэлж хэрэглэж байсан зүйлийг үзэж болох бол, өвлийн ордонд Богд хаан болон Дондогдулам хатны эдэлж хэрэглэж байсан зүйлүүд тавигджээ.

Богд хааны өвөл, зуны ордон

Сэрүүн асар: Махранзын сүмийн баруун, зүүн хойд хэсэгт байрлах хонх, хэнгэрэгийн задгай асрыг Сэрүүн асар хэмээнэ. Богд хаан, Эх дагина ордонд морилох, мордох цагт цохиж, дэлддэг байжээ. 

Марханз сүм: Махранзын сүмийг 1903 онд барьж дотор нь ертөнцийн дөрвөн зүгийг хамгаалагч хаадыг цаасан шуумлын аргаар бүтээн залжээ. Махранз гэдэг нь Махаража буюу Их хаан гэсэн утгатай санскрит үг юм. Махранзуудыг сүм хийдэд залан тахиснаар гадаад, дотоодын саад тотгорыг арилгаж, хорт дайснаас хамгаалах учиртай. Дөрвөн их хаад хөө дуулга асаан сүрт их баатрын дүрээр сүмбэр уулын дөрвөн талд зогсоно. Махранзууд бурхан багшид шашныг хамгаалах ам тангараг өргөсөн учир сүм хийдийн үүдэнд бүтээдэг ёсон буй болжээ. Энэ сүмд ороход хүний нүдэнд үзэгдэх болоод үл үзэгдэх муу зүйл бүхэн арилан ариусан хэмээдэг. Хүсэлт тэнгэрийн орны эзэд өөр өөрийн эздийг барин хөрст газар амьтны олбог дээр заларна. ОРОН САХИГЧ – DHRTARASHTRA: Гандирсын чуулганыг эрхшээгч зүүн зүгийг саихгч их хаан Ёолхорсүрэн хуяг дуулга өмсөн, догшин баатрын дүртэй, тунгалаг маргадын цагаан өнгийн лагшинтай оршино. Үнэр идэштэн буюу үнэрээр хооллогчдын хаан тэрээр орлонгийн амьтанд хорт дуугаа үл сонгохын тулд тэнгэрийн хөгжим бийвааг эгшиглүүлэн байна. САЙН БҮС МЭЛМИЙТ- VIRUPAKSA: Лусын чуулганыг эрхшээгч баруун зүгийг сахигч, хүчит эзэн Жамийсан шүрэн улаан лагшинтай, баруун мутартаа алтан суваргатай, зүүндээ лусын амьтан барьсан, газар лусын хорлолооос хамгаалах бэлгэдэлтэй. Түүний нүд хортой тул хүн амьтан өөрийг нь харахаас урьтаж алтан суваргаа харуулах гэж дээр өргөсөн гэдэг. ТИЙН СОНСОГЧИЙН ХӨВҮҮН- VAISRAVANA: Ягчисийн чуулганыг эрхшээгч, амьтан бүгдийн үгүйрэн хоосрох зовлонгоос гэтэлгэгч, хойд зүгийг тэтгэгч Намсрай алтан шаргал лагшинтай, баруун мутартаа ялгуусны тэмдэг буюу жанцан, зүүн мутартаа эрдэнээр бөөлжигч хулгана барьж, амаа жимийсэн дүрээр ажирдаг. Түүний амьсгал хортой тул амьтанд хорлол үйлдэхгүйн тулд амаа жимийсэн байдаг аж. Баху Ратна хэмээх бодисадва хүмүүний үгүйрэл хоосролын зовлонг арилгахын тулд эдгээр тэнгэр Намсрай болон мэндэлсэн гэдэг. ҮЛЭМЖ ТӨРӨЛТ – VIRUDHAKA: Аварга биет чөтгөрүүдийг захирагч бараан хар хөх лагшинтай Пагжийбуу урд зүгийг сахин хамгаалахаар оршино. Тэрээр илд барин хилэгнэсэн догшин дүрийг үзүүлсэн нь түүний лагшин хортой учраас аливаа амьтныг биедээ үл хүргэхийн учир аж. Түүний хувцасны урд хормойн хэсгийг загас хэлбэрээр дүрсэлсэн нь урд төрөлдөө лус байсныг илтгэнэ. Дөрвөн их хааны өлмий дор тэрсүүдийн найман амьтныг номхотгосныг илтгэн харуулсан баримал амьтны дүрсүүд байна.

Шүтээн зургийн сүм:  Дэлхий дахинаа Танка хэмээн алдаршсан урлахуйн ухааны нэгэн төрлийг монголчууд Шүтээн зураг хэмээн нэрийддэг. Энэ урлал нь Монголд XVIII зууны үеэс эрчимтэй хөгжиж, XX зууны эхэн үед нүүдэлчин соёл иргэншлийн онцлогт тохирсон дүр төрх өнгө аястай болж, дүрслэл илэрхийлэл гүйцэтгэлийн өндөр түвшинд хүрчээ. Буддын шашин дэлгэрснээр Энэтхэг, Төвдийн бурхан шүтээн бүтээх хэв маяг, арга уламжлалыг өөрийн нүүдэлчин соёл, иргэншлийн онцлогт тохируулан өвөрмөц дүр төрх, өнгө аястай болгожээ. Монголын алдартай урчууд гол төлөв хүрээний 30 аймагт төвлөрч, бурханы шашны урлахуй ухааныг хөгжүүлэн шүтээн зургийн дүрслэл илэрхийллийн олон аргаар том, бага хэмжээтэй бүтээн туурвиж байжээ. Бурхан урлалын охь болсон эдгээр бүтээлүүдийн ихэнх нь эдүгээ үед уламжлагдан иржээ. Бурхан бүтээх үйл ажиллагаа нь зураач хүнээс нарийн дэг журам, бясалгал шаарддаг аж. Монголчууд уран зурагтаа үндсэн таван өнгө /хөх, улаан, шар, цагаан, ногоон/ хослуулан ашигладаг, голдуу эрдэсийн будаг хэрэглэж, тэдгээрийг нухах, дэвтээх, шатаах зэргээр өөрсдөө бэлтгэдэг байжээ. Шүтээн зургийг нагтан буюу хар дэвсгэрт, мартан буюу улаан дэвсгэрт, сэртан буюу шар дэвсгэрт, гартан буюу цагаан дэвсгэрт хэмээн дэвсгэрийн өнгөөр нь ялган бүтээдэг байна. Монгол урчууд байгалийн, тэр дундаа газрын, бурхан сахиусын орших орныг дүрслэн зурдаг нь бусад орны шүтээн зургаас ялгаатай аж. Энэ сүмд өнөөг хүртэл уламжлагдан ирсэн бурхан урлалын охь болсон бүтээлүүдээс дэлгэн үзүүлжээ. 

Эрдэм итгэмжит сүм: Энэ сүмд жил бүр зуны сүүл сард Дэчингалав хийдээс 16 лам залагдан ирж Богд гэгээний нас буяны мөрд зориулан тус сүмийн гол тасалгаанд Найданчог хэмээх ном хурдаг байв. Хурлын үед баруун талын тасалгаанд хурал номын зүйлийг бэлтгэдэг тахилчид, зүүн талд Богд гэгээн залардаг байжээ. Эдүгээ энэ сүмд хурал ном хурах үед ашигладаг байсан шашны хөгжмийн зэмсэг, адис өгөх зориулалт бүхий сунтаг тэргүүтэй эд зүйлсийг дэлгэн үзүүлжээ. 

Зээгт наамлын /торгон зураг/ сүм: Монгол ур ухааныг гайхуулсан зээгт наамлын урлаг нь XIX зууны сүүл XX зууны эхээр шүтээн зургийн урлалтай өрсөлдөж, зарим талаараа ноёлох шинжтэй болсон. Учир нь энэ аргаар урласан бурханы зохиомж дүрслэл, өнгө зохилдлого, зураас нь бүх талаараа уран зурагтай адил мэт боловч урлаачид үндсэн зургаа гаргасны дараа будахын оронд торго, хоргойг өнгө зохицуулан нааж, алт мөнгөн утсаар зээглэж, улмаар шүр, сувд, оюу зэрэг эрдэнийн чулууг шигтгэн, торгон зээгээр өнгө ялган урлагийн өндөр түвшинд хатгаж урлах нь будгаар ялгасан зургаас олон талаар илүү баян тансаг өнгөлөг бөгөөд эдлэг болдог онцлогтой ажээ. Монголын шүтээн урлахуй ухааны нэгэн дэг сургууль болох Их хүрээний сургуулийн даамал Андуу нарын аймгийн зураач З.Хасгомбо, Тавхай, Тамжав нарын удирдлага дор гэгээн сангийн 24 уран хатгамалч, мөн Богдын хүрээний урчуудын бүтээсэн маш ховор нандин, том хэмжээний торгон зургууд музейд хадгалагдаж байна. Зээгт наамлын урлаг нь хүннүгийн үеэс уламжлагдсан ардын урлагийн уламжлалд тулгуурлан бурханы шашин дэлгэрсэнтэй холбогдон хөгжлийнхөө оргилд хүрсэн түүхтэй. Энэхүү урлаг нь дөрвөн улирлын турш нүүдэл суудал хийдэг монголчуудын хувьд өнө удаан хадгалагдах онцлог шинжтэй бөгөөд аян замд эдэлгээ даах, урт удаан жилээр хадгалагдах боломжтой учраас нүүдэлчин монголчуудын дунд ихэд дэлгэрчээ. 

Өвлийн ордон: VIII Богд Живзундамба хааны өвлийн ордон болох хоёр давхар орон маягийн цагаан байшин нь Хаант Орос Улсын барилгачдын зураг төслөөр баригджээ. Манжийн эзэн хаан буруу номтны байшин бариуллаа гэж зэм хүртээсэн учир байшингийн дээвэрт алтан ганжир байрлуулж, хананд нь бадамлянхуа цэцгэн хээ зуруулж, нэмэлт засвар хийгдэж тэрхүү хэл амыг даруулж байсан аж. Энэ байшинд Богд хаан хатан Дондогдуламын хамт хорин жил өвөлжсөн байна.

Хүлээлгийн өрөө:  VIII Богд Живзундамба хутагтад бараалхахаар аймаг, хошуунаас ирэгсэд түр саатан хүлээдэг өрөө, Хананд шар торгон дэвсгэр дээр Төв Монгол бичгээр буяныг аривижуулагч, олон бүхний оройн чандмань Очирдарийн хувилгаан гэсэн магтаал байсан ажээ. 

Богд хааны өвлийн ордон

Үндэсний эрх чөлөөний өдөр

2024.07.14. Монгол Улс. Улаанбаатар хот. 1911.12.29-ний өдөр эх орончдын тэмцэл ялалтад хүрч, 200 гаруй жилийн дараа Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо дахин мандуулж VIII Богд Жибзундамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилж, анхны таван яамыг байгуулсан билээ. Богд хааны зарлигаар тулгар төр байгуулах тухайн хэрэгт онц хүчин зүтгэсэн

  • Гомбын Цэрэнчимэдийг Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар,
  • Минжиддоржийн Ханддоржийг Гадаад хэргийг эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайдаар,
  • Гадинбалын Чагдаржавыг Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар,
  • Галсанцэвэгмидийн Гомбосүрэнг Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар,
  • Мижиддоржийн Намсрайг Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар тохоон томилсон түүхтэй.

Монгол Улсын анхны таван яам нь улсын төсөв санхүү нь бүрдээгүй, бие даасан хууль эрхзүйн тогтолцоо нь төлөвшөөгүй, дэлхий дахинд тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж чадаагүй, зэвсэгт хүчин нь хөгжин бэхжээгүй амаргүй хүнд сорилтын цаг үед байгуулагдсан юм.

Богдын засгийн газрын санхүү

2024.07.14. Монгол Улс. Улаанбаатар хот. Сангийн болон Гадаад яам хамтарч 1911 оны сүүлчээр алтны гаалийн татварыг шинэчлэн тогтоолоо. Өмнө нь монгол улсын нутаг дэвсгэрээс олборлож, худалдан борлуулсан алтны үнийг дүнд жилд 2 хувийн татвар ногдуулдаг байсныг халж, сард 16.5 хувийн татвар авдаг болов. Ийнхүү төрөл бүрийн татвар нэвтрүүлсэн ч тухайн үед улсын сан хөмрөг хүндхэн, орлого зарим үед тооцоолж байсан хэмжээнд хүрдэггүй байжээ. Тухайн үед хүн амын дийлэнх нь татвараас чөлөөлөгддөг байсан учраас хүндхэн санхүүтэй байсан нь мэдээж. Тэр үеийн засаг ноёд, хутагт хувилгаад, 25-аас доош бодтой хошууны захирагч, туслагч, залан, занги бүгд алба гувчуураас чөлөөлөгддөг байсан тул төсвийн орлогыг бүрдүүлэхээр оросоос зээл хүссэн байх юм. Тус улс манай саналыг хүлээн авч 1912 оны тавдугаар сард 100 мянган рублийг 10 жилийн хугацаатай олгожээ. Энэ нь манай эдийн засагт нэмэр болсон ч, цэрэг иргэний зардалд үүнээс их хөрөнгө шаардагдаж байсан гэдэг. Тиймээс 1913.01.15-нд Ерөнхий сайд Т.Намнансүрэн, сангийн сайд Г.Чагдаржав нар оросын консул Коростовецтой гэрээ байгуулж, 2 сая рублийг 20 жилийн хугацаатай зээлэхээр тохиролцов. Үүнээс зургаан сарын дараа Манай засгийн газар Оросын консулаар дамжуулан хойд хөршөөс дахиад зээл хүсчээ. Энэ хүсэлтийг нөгөө тал хүлээн авсан ч, оронд нь нэг болзол тавьсан нь Монгол улсад Оросын санхүүгийн зөвлөхийг урьж ажиллуулах явдал байлаа. Богдын засгийн газар үүнийг хүлээн авах боломжгүй гэж үзэн бүх аймгуудаас татвар авч, төсвийн орлогоо дотоодоосоо бүрдүүлэх гэж оролдсон гэдэг. Ингэхдээ, Түшээт хан аймгаас 246 мянган лан, Сайн ноён хан аймгаас 82 мянган лан мөнгөний татвар авахаар төлөвлөжээ. Тухайн үед нийт аймгуудаас 700 мянган лан мөнгө /1 лан ойролцоогоор 37 грамм/- ний татвар хураахаар төлөвлөсөн ч, ердөө 25 хувийг нь улсын сан хөмрөгт төвлөрүүлж чадсан байна. Энэ нь санхүүгийн бүх хэрэгцээг хангахад хүрэлцээгүй учир Богдын засгийн газар зээлийн эрэлд дахиад морджээ. Ингэхдээ монгол улсад үйл ажиллагаа явуулж байсан Дайчин улсын банк /Дайчин нь тэр үеийн Дачин улс буюу Манж улс/-ны салбараас зээл хүссэн гэдэг. Гэвч тус банкныхан оросын нэгэн адил манай талд өөрсдийн болзлоо тавих нь тэр. Энэ банкинд монгол улсын дундаж өрхийн өр мянган лан мөнгөөр хэмжигдэж байсан гэх. Энэ өрийг барагдуулж байж Богдын засгийн газар зээл авах боломжтой гэсэн болзлыг тус банк тавьсан байгаа юм. Богдын засгийн газар иргэдийн энэ өрийг ямар нэгэн аргаар төлүүлэх арга хэмжээ авахыг даалгаж, Сангийн яам иргэдээс өрөө төлөхийг шаардсан байна. Үүний үр дүнд дээрх банкинд төлөх монголчуудын нийт өрийн 25 хувийг 1913 оны эцэст барагдуулсан ч, тусыг эс олжээ. Дайчин улсын банкны салбар Богдын засгийн газарт мөнгө зээлсэнгүй. Ийнхүү манай улс энд тэндээс зээл хүссэн ч бүтэл муутай байсан тул Оросоос авах зээлээ 3 сая рубльд хүргэх санал тавьжээ. Хойд хөрш эхний ээлжинд 2 сая рублийн зээл олгох ба дөрөвний нэгийг Монголд байгуулах цэргийн сургуулийн зардалд, үлдэх мөнгийг нь төсвийнхөө зардалд зарцуулж болно. Зээлийг 30 жилийн хугацаанд барагдуулах ёстой ч, оросын зөвлөхийг авч ажиллуулаагүй цагт зээл олгох бололцоогүй гэсэн болзол дахин тавьжээ. Ингээд Богдын засгийн газарт С.А.Козин /Монголчуудын дунд Гоожин нэрээр алдаршсан эрхэм/ санхүүгийн зөвлөхөөр ажиллахаар болж, манай улс хойд хөршөөс хүссэн зээлээ авах бололцоо бүрдсэн юм.

Богдын зөвлөх Козин

Богдын Засгийн газар оросоос удаа дараа зээл хүссэний эцэст хойд хөршөөс 3 сая рублийн зээл авахаар болжээ. Оросууд тухайн үед манай улсад зүгээр ч нэг мөнгө зээлсэнгүй. Богдын засгийн газарт зээлсэн 3 сая рублийг зөв зохистой захиран зарцуулах төлөөлөгч болох С.А.Козинг Монгол Улс руу давхар илгээсэн юм. Ингээд Богдын засгийн газар 1913.12.25-ны өдөр С.А.Козинтой гэрээ байгуулсан байна. Гэрээг гурван жилийн хугацаатай байгуулсан бөгөөд С.А.Козин 1914.05.13-нд манай улсад ирж, эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж эхэлжээ. Оросоос ирсэн эдийн засгийн зөвлөхийн хийх ёстой гол ажил бол Монгол Улсын сан хөмрөгийн хөрөнгийг захиран зарцуулахад зөвлөгөө өгч, татвар хураамжийг хэмжээг тодорхойлох, санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэхэд чиглэсэн шинэлэг санаа олж, улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд Сангийн яамтай хамтран ажиллах явдал байлаа. С.А.Козин хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын иргэдийн аж амьдрал, эдийн засгийн нөхцөл байдалтай биеэр танилцаж, ашигт малтмалын ордуудыг нээж, мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэхийн тулд ургамлын бүтэц, газрын үржил шимийг судлах шаардлага тулгарч байжээ. Тиймээс тэрбээр ирсэн даруйдаа манай улсын санхүүгийн байдал, орлогын гол эх үүсвэрүүдийг судалж эдийн засгийн нөөц бололцоог нэмэгдүүлэх гарц хайж эхэлсэн байна. Манай улс уул уурхайн баялаг ихтэйгээс гадна, малын тоо толгой их учир эдгээрийг оросын зах зээлд нийлүүлэх боломжтойг тэрээр олж харжээ. Тиймээс Монгол улс зээлээ эргүүлэн төлөх нөөц бололцоотой тул зээл олгох боломжтой гэсэн ноот бичгийг өөрийн улсдаа илгээсэн байх юм. Ингээд 1914 оны есдүгээр сарын 30-нд хойд хөрш манай улсад 3 сая рублийн зээлийг 30 жилийн хугацаатай олгох шийдвэр гаргажээ. Ингэхдээ, эхний 1 сая рублийг тэр даруй олгосон бол, үлдэх мөнгийг зургаан сарын зайтай 500 мянган рублиэр таслан олгосон байна. Энэ мөнгийг улсын төсөв, санхүүд зарцуулахаас гадна тариалан, мал аж ахуйг сайжруулах, уурхайн баялаг ашиглах, оросын сургагч нарын сургалтын зардал, иргэдийн боловсролыг дээшлүүлэхэд зарцуулахаар тохирчээ. Зээлийг 30 жилийн дотор барагдуулах ёстой байсан бөгөөд эцсийн зээл олгосон өдрөөс эхлэн жил тутам 100 мянган рублийг төлөхөөр тохиролцсон байна. Ийнхүү хойд хөршөөс урт хугацаатай зээл авахад С.А.Козины оролцоо, туслалцаа их байсан гэж түүхэнд тэмдэглэн үлдээсэн байна. Тэрээр 1915 онд улсын орлого зарлагын данс үйлдэж, нэгдсэн төсөв зохиох, тайлан гаргах журам боловсруулсан бол, 1916 онд Санхүүгийн зөвлөх газрыг байгуулж хойд хөршөөс эдийн засагч, инженер, хөдөө аж ахуйн нарийн мэргэжлийн 25 хүн авч ирж ажиллуулжээ. Тус газар манай улсын санхүү, төсөвт тулгамдаж байсан гол хүндрэлүүдийг тухайн үед хэрхэн тодорхойлж байсан нь их сонин. Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг байсан гадаадын иргэд, орон нутгийн эрх баригчидтай үгсэж татвараа бараг төлдөггүй. Мөн гадаадын иргэд зөвшөөрөлгүй талбайд бэлчээр болон тариалангийн газар ашиглахын зэрэгцээ ашигт малтмал олборлож, татвар төлдөггүй зэрэг олон хүндрэлийг олж харсан байна. Үүнийг татвар хураах нэгдсэн журам байдаггүйгээс гадна, түрээсийн хураамжид хяналт тавьдаггүйтэй холбон тайлбарлаж байжээ. Тиймээс тэрбээр татварын хувь хэмжээг нэмэгдүүлж, хяналтыг сайжруулах хэрэгтэй гэж тэд Богдын засгийн газарт зөвлөж байлаа. Ингэхийн тулд, гадаад хүүгийн хэлтэс, дотоод хүүгийн хэлтэс, гааль хураах хэлтэстэйгээр анх байгуулагдсан Сангийн яаманд улсын ашиг орлогыг бадруулах хэлтэс байгуулахыг зөвлөсөн байна. Энэ хэлтэс байгуулагдсан даруйдаа Сангийн яамны ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлж, данс тооцоо тайлан тэнцлийг тодорхой журамтай болгож, монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр, үйлчилгээ, аж ахуй эрхлэгчдийн орлогод хяналт тавьж, тэднээс авах татварын хувь хэмжээг тодорхойлж эхэлжээ.

Богдын цэцэрлэгт хүрээлэн

2024.07.14. Монгол Улс. Улаанбаатар хот. Богд хааны ордон музей. Богд хааны ордон музейн дэргэдэх 1,4 га газарт байгуулсан Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэн 2020.09.24 нээгдсэн юм. Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол гэж тодотгож болох соёлыг судлаж шинжлэн, өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлсэн, дэлхийн олон талт соёлыг хүндэтгэсэн тийм ирээдүйг цогцлоох үүрэг нь төрийн төдийгүй монгол хүн бүрийн үүрэг байх учиртай. Сүүлийн жилүүдэд Чингис хаан музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний номын сан, Үндэсний урлагийн их театрын шинэ барилгыг сайжруулж байна. Богд хааны ордон музейн өнгө төрхийг засч сайжруулж, соёлын олон талт үйл ажиллагааг онцгойлон дэмжиж, ард иргэдээ соён гэгээрүүлэх ажлаа эрчимжүүлнэ хэмээн хэлж байв. Тэр нь ч биеллээ олж, Богдын цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр жуулчдын хөлд дарагдаж, амралт зугаалгын төв болжээ. Богд хааны 4,3 метр өндөр хөшөө бүхий энэ хүрээлэнд Хааны лүндэн, Мөнх тэнгэрийн хүчин дор, Мөнх тэнгэрийн дурсгалт есөн хөшөөг залж, явган хүний зам, талбай, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, усалгааны болон ус зайлуулах системийг цогцолбороор нь бүтээжээ. Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Ерөнхий сайдын  захирамжийн дагуу Богд хааны түүхэн гавьяаг мөнхжүүлсэн дурсгалын цогцолборыг ийнхүү бүтээжээ. Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнг Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Л.Ганхуяг, Сэнзо констракшн компани, хотын захиргаа, Богд хааны ордон музей хамтран байгуулсан байна. Богд хааны хөшөөтөр ёсны хувцастай, эрдэнийн алтан очиртой, дөрвөн талт титмийг тэргүүндээ залж, баруун, зүүн мөрөн дээрээ наран, саран гэсэн бичээс бүхий чимэгтэй, морин хүрмэндээ алтан соёмбо, хүрд асааж, баруун гартаа гурван тал бүхий албан соёмбо өргөж, сүн далай, сүмбэр уулс, гүн цэнхэр огторгуй ертөнцийг бэлгэдсэн дээл өмсөн, алс холыг харан, үл ялиг урагш тэмүүлэн алхаж байгаагаар бүтээжээ. Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөө, монгол үндэстэн үүрд мандан бадрахыг бэлгэдсэн байна. Харин Мөнх тэнгэрийн хүчин дор хөшөө Монгол үндэстний оюун сэтгэлгээний түүхэн тэмдэглэл болох тамганы дүрсийг суурь болгон Хүннү төрт улсаас Их Монгол Улсын хаадын төр барьж байхдаа хэрэглэж байсан алт, мөнгө, хүрэл зоосон дээр Чингис хааны Наран тамга буюу ширээтэй онги, Өгөдэй хааны Дэгрээ тамга, Гүюг хааны Хос онгин тамга, Мөнх хааны Сэрээ тамга, буган болон хүн чулуун хөшөө, хадны зургийн дурсгалаар баяжуулан бүтээжээ.

Үргэлжлэл бий