12 сар 5, 2025

Монгол, Ватиканы харилцаа

-Хүннү гүрэн /НТӨ209-НТ93 он/-

Монголын анхны төрт улс бол Хүннү гүрэн юм. Хүннү гүрэн хаанаа шанью хэмээн нэрийдэж ирсэн тухай түүхийн бүхий л эх сурвалжид тэмдэглэн үлдээжээ. Эцэг Түмэн шаньюг хүү Модун шанью буулгаж, Хүннү гүрний хаан ширээнд суусан нь дэлхийн нийтийн анхаарлыг татдаг түүхийн нэг хэсэг юм. Модун хаан хэдэн онд Хүннүгийн шаньюгийн суудалд суусан талаар янз бүрийн таамаг байдаг ч, монголын эрдэмтэд НТӨ209 он гэж үздэг. Модун шанью Хүннү гүрэнд түмт, мянгат, зуут, аравтын зохион байгуулалтыг нэвтрүүлсэн түүхэн хүн юм. Чингис хаан түмт, мянгат, зуут, аравтын зохион байгуулалтыг нэвтрүүлэхээс өмнө Модун шанью уг зохион байгуулалтыг төр, цэрэг, засаг захиргаандаа нэвтрүүлж, шинэтгэл хийж байсан гэсэн үг юм. Хүннү гүрний удирдагч миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг хэмээн зарлигдсан талаар ном, сурах бичгээс олонтаа уншиж болно. Модун шанью улсын үндэс бол газар гэж сургасантай үүнийг холбон тайлбарлаж болох юм. Хүннү гүрний газар нутаг Байгаль нуураас Цагаан хэрэм, Солонгосын хойгоос Баруун хязгаар хүрч байсан гэдэг. Хэдийгээр ази, европын цээжинд өргөн уудам газар нутгийг эзлэн суусан ч, Модун Шаньюгийн байлдан дагуулж чадаагүй улсад Эртний Солонгос ордог нь нэн сонирхолтой. Хүннү гүрний нийслэл нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон Луут хот гэдгийг дэлхий нийтээрээ мэддэг болоод удаагүй байна. Уг туурь өнөөдөр түүхийг сэргээж, танин мэдэхэд чухал сурвалж болж байгаагаараа онцлог. Хүннү гүрний хөрш зэргэлдээ эртний Хан улс оршин тогтнож байв. Тиймээс ч НТӨ198 онд Хүннү гүрэн Хан улстай гэрээ байгуулсан тухай түүхэнд тэмдэглэн үлдээсэн байна. Хоёр улсын харилцан тогтоосон гэрээний дагуу Хан улс Хүннү гүрэнд алба барьж байсан байх юм. Мөн Хүннү гүрэн, Хан улсын хооронд байгуулсан анхны гэрээний гол агуулга нь хоёр улс харилцан бие биеэ зөвшөөрч, хилийг цагаан хэрэмээр тогтоосон явдал байжээ. Эртний Хань улс нь Хожуу Хан, Тан улс гэдгийг тайлбарлах нь илүүц биз. Хүннү гүрэн буурч доройтоход тус гүрний язгууртнуудын шаньюн төлөөх тэмцэл, Хан улстай хийсэн олон удаагийн дайн, Хүннү гүрний бүрэлдэхүүн дэх нүүдэлч аймгуудын тэмцэл нөлөөлсөн гэж үздэг байна. НТӨ I зууны дундуур Хүннү гүрнийг Чжичжи болон Хуханье нар хуваан захирсан байна. Тодруулбал, НТ53 онд Хүннү гүрэн Өмнөд болон Умард хэсэгт хуваагдсан гэж хэлж болох юм. НТ215 онд Өмнөд Хүннү улс тусгаар байдлаа алдсан бол, НТ93 онд умард Хүннү улс мөхсөн тухай түүхэнд тэмдэглэн үлдээжээ. Хүннү гүрний захиргаанд байсан Сяньби нар Хан улстай хамтарч Монголын анхны төрт улс болох Хүннү гүрнийг мөхөөсөн тухай түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг. Хүннү улсын хүн амын зонхилох хэсгийг монгол угсаатан бүрдүүлж байсан ч, хожим Умард Хүннү улс эзлэгдсэнээр 500.000 орчим хүн ард нь Сяньби улсын бүрэлдэхүүнд оржээ. Энд дурдагдсан НТӨ-ийг Нийтийн тооллын өмнөх, НТ-ыг Нийтийн тоолол гэж ойлгоно.

Тэнгэрийн хүү Шаньюгийн Луут хот-

Архангай аймгийн Өлзийт сумын нутагт Орхон голын хойд биед, Харганатын хөндий гэх газар хуучин тариан талбайн дунд эртний нэгэн хотын туурь байсныг 2017 онд Улаанбаатарын их сургуулийн Археологийн тэнхимийн багш Т.Идэрхангай агаарын зургийн хайгуулаар анх нээжээ. Ингээд өнгөрсөн гурван жил тус газарт археологийн тандалт судалгааг явуулж Тэнгэрийн хүү Шанью гэсэн бичиг бүхий барилгын нүүр ваарыг олж баримтжуулсан байна. Хэдхэн жилийн өмнө анхны малтлага судалгааг явуулж Хүннүгийн хааны зуны орд, тэр дундаа түүхэн эх сурвалжид гардаг Лунчен буюу Луут хот мөн болох талаар анхны таамгийг дэвшүүлээд байна. Энэ хотын туурь нь 550 харьцах 550 метр хэмжээтэй давхар хэрэмтэй юм. Хэрэмний төв хэсэгт 250 харьцах 210 метр хэмжээтэй саравчит хашаатай. Саравчит хашааны төв хэсэгт хоёр том ордны суурь байжээ. Мөн урд талын саравчит хашааны баруун урд хэсэгт нэг том ордны суурьтай. Түүнчлэн хойд, зүүн урд болон баруун талд илэрхий мэдэгдэх хаалгатай бөгөөд хаалга тус бүрээс төв хэсэгт орших хоёр ордон руу холбосон замтай аж. Сонирхолтой нь тус ордны баруун урд хэсэгт, түүний дөрөвний нэгт хүний гараар бүтээсэн усан сантай байгаа нь зориуд төлөвлөж байгуулсан тансаг ордон байсныг гэрчилдэг гэнэ. Монгол эрдэмтэн, археологичид бие даан өөрийн хөрөнгөөр түүхийн хосгүй үнэт олдвор олсны нэг том тохиолдол нь энэхүү Луут хотыг нээн илрүүлсэн явдал юм. Цаашид хотын туурийг нэн тэргүүнд улсын хамгаалалтад авч, бүрэн малтаж, хотын эх загварын үзүүлэнг жижигрүүлсэн хэлбэрээр хийж жуулчдад хотын туурийг дээрээс нь харж болох шилэн хорготой болгохоор Монгол Улсын Шинжлэх ухааны салбарынхан зорьж байгаа юм. Архангай аймагт энэ мэт үзэж харах юм ихтэй учраас арын сайхан хангай гэж нэрлэсэн нь ийм учиртай биз. Мөн манай улсыг зорин ирэх жуулчдын 10 хувь нь Архангай аймагт саатдаг гэх судалгаа бий. Ингэхдээ гол төлөв Хятад, Орос, Солонгос, Япон, Америк, Герман, Франц, Казакстан, Австралийн жуулчид энэ аймгийг илүүтэй зорьдог нь сонирхол татам юм.

-Хүннүгийн үеийн шилдэг олдворууд-

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг дахь Хүннүгийн язгууртны булш, оршуулгын цогцолбор дурсгалт газар Гол мод 2-ыг анх 2001 онд археологич доктор, профессор Д.Эрдэнэбаатар илрүүлжээ. 2002-2005 онд дурсгалт газрын дэвсгэр зургийг гаргаж, язгууртны нэгдүгээр булшны 29 дагуул булшийг малтжээ. 2006-2009 онд язгууртны нэгдүгээр булшны үүдэвч болон чулуун өрлөгийн өнгөн хөрсийг хуулж цэвэрлэсэн байна. 2010 онд уг язгууртны булшны 30 дугаар дагуул булшийг малтаж Ромын шилэн аяга илрүүлжээ. Энэ нь Хүннү гүрэн Ромын эзэнт гүрэнтэй харилцаатай байсныг илтгэх том баримт юм. Тэгвэл 2017 онд 189 дүгээр булшны малтлага судалгааны ажлыг эхлүүлэн 2018, 2019 онд БНХАУ-ын Хенан мужийн Археологийн хүрээлэн, Лоян хотын археологийн хүрээлэнтэй хамтын малтлагаа үргэлжлүүлжээ. Гол мод 2 дурсгалт газраас олон үнэт олдворууд гарсны дотор эвэртэй, нохой биетэй хос алтан луу гарсан нь түүхийн сурвалж дахь хэд хэдэн таамгийн тайлал болж чадсан хосгүй үнэт олдвор болжээ. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Балгасын тал дахь Гол мод-2-ын Хүннүгийн 1, 10, 189-р язгууртны булшнаас археологичдын 2001-2011, 2019 оны малтлага судалгаагаар олж илрүүлсэн Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт зүйлийн жагсаалтад бүртгэгдсэн алт, мөнгө, хаш эдлэл, эртний Ромын шилэн аяга, хүрэл эдлэлүүдийг Монголбанкны Эрдэнэсийн санд шилжүүлэн авч, үзмэрийн танхимдаа дэлгэн байршуулаад байгаа юм. Энэхүү гол мод – 2, Хүннүгийн язгууртны бүлэг булшны зарим олдворыг АНУ-ын археологийн хүрээлэнгийн Археологи сэтгүүлээс 2019 оны дэлхийн шилдэг 10 олдворын нэг хэмээн зарлажээ.

-Хүннүгийн Атилла хаан Ромын эзэнт гүрэн рүү довтолсон нь- 

2023.08.30. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол-Италийн түүхэн харилцаа өнө эртнийх билээ. Цаг тооллын тухайд Хүннү гүрэн, Ромын эзэнт гүрний үеэс гэж ойлгож болох талтай. Тэр үед евро-азийн тавцанд Хүннү гүрэн, Ромын эзэнт гүрэн зэрэгцэн оршиж байсан учраас түүхэн харилцаатай байх нь ч аргагүй юм. Монголын газар нутагт хамгийн анхны төрт улсаа байгуулсан Хүннү Сүннүд эзлэгдэх үеэр тэдэнд захирагдахыг хүсээгүй хэсэг хүннүчүүд өөр газар нутаг олж суурьшихийг оролджээ. Тэд баруун тийш нүүдэлэн замдаа тааралдсан ази-европын улсуудыг эзлэн өөртөө нэгтгэж явсаар Ромын эзэнт гүрэн рүү цөмрөн оржээ. Хүннүчүүд 375 онд Төв Азиас нүүдлэн баруун зүгийн орнууд руу дайран довтолсон хэмээн түүхэнд тодорхой он заажээ. Ингэхдээ Дунай болон Днепр мөрний хоорон дахь нутагт Германы зүүн хэсгийг эзэлж, цааш баруун зүг рүү нүүдэлэн Ромын Эзэнт гүрний хязгаарт тулж, хүннүчүүдийн довтолгоон эхэлсэн байна. Ром дахь хүннүчүүд 430 онд гурван толгойлогчтой байсан бөгөөд Руас, Мундиук, Октар  гэсэн ах дүүс байжээ. Тэднийг хорвоог орхисны дараа Мундиукын хөвгүүд болох Атилла, Бледа нар авга ах Руасийн хаан ширээг 434 онд өвлөн авчээ. Гэтэл 445 онд Бледа хорвоог орхиж Атилла хэмжээгүй эрхт ноёрхлыг ганцаар эзэмших болжээ. Атилла хаан ширээнд заларсныхаа дараа улсаа төвхнүүлэхэд анхаарч, ордон бариулах, гэрээ хэлэлцээр хийх, алба гувчуур авах, албат нартаа анхаарах гээд ихээхэн завгүй байжээ. Атилла хаан 447 он гэхэд Унгарын газар нутгийн зүүн хэсгийг Константинополь болон Грекийн газар нутаг хүртэл тэлсэн байна. Үүнээс өмнө буюу 330 онд Ромын нийслэл Константинополь болсон гэдэг. Сайтар бэлтгэлээ базаасны дараа Атилла баруун Ромын эсрэг хийх аян дайнаа эхлүүлсэн байна. 3-р Цезарь Валентиниан дүүгээ Атиллад өгөөгүйгээс хорссондоо 451 онд Реймс, Труаг эзлэн авч, Галидуучийг дарсан гэдэг. Харин 452 онд Итали руу довтолсон ч, 1-р пап лам Леоноос алба гувчуур авсан учраас Ром руу довтлоогүй гэж ярих хүмүүс ч байх аж. 453 онд Атилла хаан сүүлийн эхнэр Hildchen гэх герман бүсгүйг богтолсны дараа, хуримынхаа шөнө нас баржээ. Цэргийн аугаа их жанжин тулалдааны талбарт бус, харин хуримынхаа шөнө, сүүлчийн гэргийн дэргэд нас нөгцсөн түүхчдийн анхаарлыг татдаг. Атиллагийн эзэнт улс түүнийг тэнгэрт хальснаас хойш 10 жилийн дараа бутарсан гэх нь бий. Европт гэнэт мандан бадарсан шигээ Ром дахь Атиллагийн байгуулсан Хүннүгийн эзэнт улс хаантайгаа хамт түүхийн тавцангаас арчигдсан гэж эрдэмтэд үздэг ч тийм биш юм. Түүний үлдээсэн түүхийн ул мөр өнөөг хүртэл Ромоос олдсоор буйг дараах зураг гэрчилнэ. Мөн түүний нэр алдар Унгар, Туркэд түгсэн гэж түүхчид үздэг юм. 

-Хүннүгийн хаан Атилла дуурь болон бүжгэн жүжигт мөнхөрсөн нь-

Атилла, Италиа гэх хоёр нэрийг сайтар ажиглаж, үгийн үндэс, ойролцоо дуудагдах байдлыг анзаарвал зарим талаараа төстэй мэт. Магадгүй Атилла гэх үгнээс Италиа гэх нэршил гарсан байж болзошгүй юм. Уйгар гэх үгнээс Унгар гэх үг гарсан юм уу даа гэж хувьдаа таамагладаг. Афганистаны нийслэл Кабул хотыг Чингис хааны элэнц эцэг бөгөөд Хамаг монголын анхны хаан Хабулын нэрээр нэрлэсэн мэт. Арабын Нэгдсэн Эмират нийслэл Абу Даби хотын өөрсдөө хэрхэн тайлбарлаж орчуулахыг мэдэхгүй ч, монголчуудыг аавыг уйгаржин монгол бичгээр Абу хэмээн бичдэг билээ. Эндээс Абу Даби хотын нэрийг Аав Даби хэмээн монгол хэлнээ утгачилж болохоор байгаа юм. Нэгэн цагт монголчууд персийн булан хүрч, монголын эзэнт гүрнийг байгуулж явснаас эдгээр нэршил уламжлагдаж үлдсэн байхыг үгүйсгэх аргагүй юм. Ер нь монголчууд персийн булан хүрч, тэнд ил хаант улсыг байгуулж, ил хаадаар нь монголчууд өргөмжлөгдөж, хатдыг нь монголоос аваачиж байсныг нотлох нэг баримт бол Марко Поло мюзизл юм. Тус мюзизлд Марко Поло Хувилай хааны элчээр ажиллаж, Юань гүрнээс Ил хаант улсын хаанд хатныг хүргэж өгөхөөр явахдаа Энэтхэгийн далай гаталж, Персийн булан хүрэхэд замчилсан тухай гардаг. Италийн аялагчийн монголд ирсэн болон буцсан газрын зураг нь үүнтэй зарим нэг талаараа таардаг билээ. Энэ мэт газарзүйл байршлийн нэршил хийгээд, дуудлагаас нь монгол хэлний аялгатай төстэй үг хэллэг дэлхий дахинаа байгааг анзаарч, түүх соёлын ямар нэг холбогдолтой эсэхийг гүнзгийрүүлэн судалах нь зүйн хэрэг биз. Үүн шиг Ромчуудыг донсолгож явсан Хүннүгийн эзэн хаан Атиллагийн нэрнээс Ром нийслэлтэй Итали Улсын нэршил гарсан юм болов уу даа гэж таамаглахад хүрэв. Энэ бол зөвхөн миний таамаг бөгөөд түүхчид өөрөөр тайлбарлахыг үгүйсгэх аргагүй юм. Мөн Атилла хэмээх операгаас тэрбээр дэлхийн түүхэнд нэр алдараа өнөөг хүртэл цуурайтуулсан, Ромчуудыг донсолгож явсан Хүннү гүрний эзэн хаан байсныг түвэггүйхэн ойлгож болно. Уншигч хэнбугай ч Атилла дуурийг интернетээс хайгаад үзэхэд илүүдэхгүй ээ. Монголынхоо түүх соёлыг гүнд нь ортол мэдрэх нь гарцаагүй биз. Гагцхүү дуурийн тухай уншиж ойлголттой болсны дараа үзвэл, уншсан тань амилж, тэр үеийн түүхээр аялах мэт сэтгэгдэл төрөх нь гарцаагүй юм. 2020 онд Монгол- Итали улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн үеэр Италийн элчин сайдын яамны санаачилгаар Монгол Улсад Ж.Вердигийн Аттила дуурийг Монголын сонгодог урлаг сонирхогчдын хүртээл болгохоор ярилцаж байсан нь саяхан. Үүнээс гадна, Хүннүгийн удирдагч Атиллагийн тухай өгүүлэх тэнгэрийн ташуур хэмээх балет ч бий. Уг бүжгэн жүжгийн Хүннү гүрэн үүссэний 2220 жилийн ойд зориулж, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Жамъяандагва, хөгжим болон бүжиг дэглэлтийг СТА А.Батдэлгэр нар 2011 онд анх найруулан тавьж байжээ. Тэнгэрийн ташуур балет хоёр бүлэг, дөрвөн үзэгдэлтэй Монголын үндэсний балет, үндэсний хөгжим гэдгээрээ онцлог. Хүннүгийн удирдагч Атилла хааны дэлхийг чичрүүлж явсан үеийг балетийн урлагаар үзүүлсэн бүтээл юм. Өөрөөр хэлбэл, Атилла хааны хэрхэн тулалдаж байсныг бүжгэн жүжгээр харуулсан юм. Мөн бүжгэн жүжигт Атилла хаанаас эцгийнхээ өсийг авах гэж буй Ильдико бүсгүйн дүр мөн гардаг байна.

-Плано Карпини ба Монголчуудын түүх -

Плано Карпини Монгол руу 1245 онд аялалд гарчээ. Түүний монгол руу хийсэн аяллыг газрын зурагаас харахад ямар нэг далай, тэнгис, нуур гатлаагүй, хуурай замаар аялсан байгаа юм. Ингэхдээ, Леон-Киев- Сарай-Хархорум гэх маршрутаар хуурай замаар аялсан нь түүний аяллын газрын зурагаас харагддаг. Ингэхдээ монголын нутгаарх хуурай замын аяллын зураг нь Виллиам де Рубрукийн аяллын зурагтай төстэй байгааг анзаарч болно. Ялгаатай нь тэдний аяллаа эхэлсэн газрууд л өөр байгаа юм. Плано Карпини Монголын Хаант улсад айлчилсан анхны европ гэгддэг. Түүнийг Монголд ирэхэд Гүюг албан ёсоор хаан ширээнд сууж байсан аж. Тодруулбал, 1246 онд Гүюгийг Шар ордонд Их Монгол Улсын хаанаар өргөмжлөгдөхөд гэрчээр оролцсон анхны гадаад аялагч байжээ. Плано Карпини аяллын үеэр цуглуулсан мэдээллээ Монголчуудын түүх нэрээр хожим хэвлүүлсэн гэдэг. Уг ном 9 бүлэгтэй. Эхний 8 бүлэгт татаруудын аж байдал, ёс заншил, зан ааш, шашин шүтлэг, төрийн бодлого, тэдэнтэй хэрхэн харьцах талаар гардаг бол, эцсийн бүлэгт замдаа туулж өнгөрүүлсэн газар нутгийн тухай өгүүлдэг ажээ. Европ аялагч гэхээс тоймтой өөр мэдээлэл байдаггүй байсан ч, тэрбээр Италийн аялагч байсан байх магадлал нь судалгаа шинжилгээгээр илүү тодорхой болж буй юм. Тухайлбал, өнөөдөр Чингисийн музейд нээлтээ хийсэн Монгол-Итали ялтсан зоосноос үүнийг ойлгож болно.

Плано Карпинийн аяллын зураг…

-Италийн аялагч Марко Поло Монголын нутгаар аялсан нь-

Марко Пологийн хөшөө Централ Товерийн урд сүндэрлэсэн байдгийг монголчууд андахгүй. Италийн энэ аялагч монголын түүхэнд ямар нэг хувь нэмэр оруулсан болоод хөшөө нь сүндэрлэсэн биз ээ. Марко Поло Юань гүрний үед Хубилай хааны дэргэд 17 жил байсан гэлцдэг. Өөрөөр хэлбэл, 1272-1289 оны хооронд монголд байсан тухай өгүүлдэг. Түүний 1298 онд гаргасан Орчлонгийн элдэв сонин номонд монголчуудын түүхэн амьдралын тухай өгүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Өгөөдэй хааны үед Ата Малык Жувейны, Гүюг хааны үед Плано Карпини, Мөнх хааны үед Виллиам де Рубрук, Хубилай хааны үед Марко Поло манай улсад байсан бөгөөд монголчуудын аж амьдралын талаар үзсэн, харсан, мэдсэн зүйлээрээ тэмдэглэл бичиж үлдээсэн байгаа юм. Эдгээр нь монголчуудын талаарх хамгийн баттай мэдээлэлд тухайн цаг үедээ орж байжээ. Марко Пологийн аяллын газрын зурагаас тэрбээр монголд ирэхдээ Плано Карпини, Виллиам Рубрукийн ирсэн маршрутаар аялсан байж магадгүй харагддаг. Түүний аяллын маршрут өмнөх хоёроо бодвол хуурай газраар явж, бага зэрэг товчилсон байгаа юм. Гэхдээ Плано Карпини, Виллиам де Рубрук нарын аяллын маршруттай ойролцоо байгаа нь анзаарагддаг. Харин тэрбээр олон жилийн дараа буцахдаа усан замаар Энэтхэгийн далай гаталж Персийн буланд хүрсэн байдаг. Тэрбээр, Хубилай хааны зарлигаар Юань гүрнээс Ил хаант улсын хаанд хатан хүргэж өгөх ёстой болжээ. Марко Поло аяллын туршлагатай учраас Монголын эзэнт гүрний Юань улсаас Ил хаант улс руу хатныг замчилж явсан тухай түүхэнд гардаг. Энэ талаар ном зохиолд гарахаас гадна, сонгодог бүтээлүүд хүртэл туурвисан нь бий. Ер нь тэр үеийн торгоны замаар бүрэн аялсан хүн бол Марко Поло гэж үздэг. Тиймээс түүний тэмдэглэж үлдээсэн аяллын зургийг тэр үеийн Торгоны замын маршрут байсан гэж ойлгож болохоор байгаа юм. Сайтар ажиглахад, Торгоны замын маршрут Монгол руу аялсан жуулчдын маршрут зарим талаараа ойролцоо байгаа юм. Ази-Европ-Арабыг холбох асар урт энэ замаар худалдаа, наймаа, арилжаа хийгдэх учраас энэ замын төлөөх тэмцэл их байж иржээ. Өөрөөр хэлбэл, торгоны замыг хяналтандаа байлгаж чадсан нь худалдаа наймааг хяналтандаа байлгаж чаддаг байсан гэсэн үг. Тиймээс бусад улстай худалдаа наймаа хийж, хүчирхэг эдийн засагтай байхын тулд Торгоны замын төлөөх ширүүн тэмцэл олон зууны туршид өрнөсөн болов уу. Ийнхүү хэдэн зуун жилийн тэртээ Хүннүгийн Хаан Атилла ромыг донсолгож явсан бол, Монголын эзэнт гүрний үед Итали аялагч монголд саатаж байсан баримт байна. Хэдийгээр хоёр орон хэдэн мянган жилийн түүхэн харилцаатай ч, Бүгд Найрамдах Итали Улстай 1970.06.29 өдөр дипломат харилцаа тогтоосон байна. Харин Италийн нийслэл Ром хотод орших Ватикан улстай 1992.04.04-ний өдөр дипломат харилцаа тогтоожээ.

Ромын Пап нарын Монголын Хаадад илгээсэн захидал

2023.08.30. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын гадаад харилцааны хосгүй үнэт дурсгал болсон захидал бичгүүд дэлхийн хэд хэдэн оронд хадгалагдаж байдаг. Эдгээрийн дунд Ватиканы нууц архивт хадгалагдаж буй Эзэнт гүрний болон Ил хант улсын захидал бичгүүд онцгой байр эзэлдэг. Тиймээс 2018.07.04-ний өдөр Элчин сайд Ц.Жамбалдорж Ватиканы Нууц Архивын Гүйцэтгэх захирал, Хамба лам Сержио Пагано-тай албан өрөөнд нь уулзав. Ватиканы Нууц Архивт ХШ зууны үеэс буюу Их Монгол Улс байгуулагдсан цагаас дэлхий дахинтай, ялангуяа Ромын Пап лам нартай харилцаж ирсэн түүхэн захидал, баримт материал цөөнгүй тоогоор хадгалагдаж байх ёстой хэмээн манай эрдэмтэн судлаачид үздэгийг дурдаад, өнөөгийн байдлаар Монголын Их хаан Гүегээс Ромын Пап IY Инносент-д 1246 онд илгээсэн захидлын хувийг л Ватиканы талаас манайд хүлээлгэн өгсөнийг тэмдэглэж, тус архивт хадгалагдаж буй түүхэн материалуудтай танилцах, хувийг авах боломж олгохыг Элчин сайд тухайн үед хүссэн юм. Уулзалтын үр дүнд Гадаад харилцааны яам Их Монгол Улс болон Ил Хаант Улсын хаад 13 дугаар зуунд тухайн үеийн Ромын Пап лам нартай харилцаж байсан түүхэн 8 захидлыг Гадаад харилцааны төв архивт хадгалуулахаар Ватиканы нууц архиваас 2019 онд албан ёсоор гэрээ байгуулан эх хуулбарыг худалдан авчээ. Тодруулбал, Ромын Пап IV Инноцентээс Гүюг хаанд ирүүлсэн захидал /1245.03.13/, Ромын Пап IV Урбанаас Ил хан Хүлэгүд ирүүлсэн захидал /1263.05.23/, Ил хан Абагаас IY Клеменцэд илгээсэн захидал /1268 оны зун/, Ромын пап III Николасаас Ил хан Абагад ирүүлсэн захидал /1278.04.01/, Ил хан Абагаас Ромын католик шашны элчид олгосон аян замын баталгаа үнэмлэх бичиг /1279 он/, Ромын пап IV Николасаас Ил хан Аргунд ирүүлсэн 2 захидал /1288.04.02, 1289.07.15/, Ил хан Аргунаас Ромын пап IV Николаст илгээсэн захидал /1290 онд/-уудын албан ёсны хуулбарыг Гадаад харилцааны яам албан хүлээн авсан юм. Захидлуудыг Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж тэргүүтэй төлөөлөгчид Ватиканы нууц архивтай албан ёсны гэрээ байгуулан Гадаад харилцааны яамны захиалгаар хуулбарлан авсан байдаг. Эзэнт гүрний хаан, Ил хан болон Ромын пап нарын харилцан солилцсон захидлуудыг нэг дор хуулбарлан авсан нь манай улсын хувьд онцгой ач холбогдолтой бөгөөд тухайн цаг үеийн түүхэн харилцааг бүтэн болгон эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах боломжийг түүхч, судлаачдад олгосон юм. Эдгээр 8 захидлыг Дипломат албаны музейд тухайн үед байрлуулсан ч, одоо Чингисийн музейд хадгалагдаж байна. Соёлын яамнаас дээрх түүхэн 8 захидлыг Чингис хаан музейн үзмэрт авах тухай хүсэлт гаргасны дагуу 2022.06.24-ний өдөр Чингис хаан музейд хүлээлгэн өгчээ. Эдгээр нь Монгол-Итали улс өнө эртний түүх, улс төр, эдийн засгийн харилцаатай байсныг гэрчилнэ. Өнөөг хүртэл хоёр орон уг найрсаг харилцаагаа үргэлжлүүлсээр байгаагийн нэг тод жишээ бол Ромын Пап Монгол Улсад айлчилж буй явдал юм.

-Италийн зохиолч Жованни Боккачогийн бүтээл-

2023.11.21. Монгол Улс. Улаанбаатар хот. Италийн нэрт зохиолч Жованни Боккаччо 1313-1375 онд амьдарсан бөгөөд дахин сэргэлтийн үеийн шилдэг зохиолчдын тоонд багтдаг билээ. Түүнийг аав нь худалдаа наймаа, хууль эрхзүйн мэдлэг эзэмшүүлэхийг эрмэлздэг байсан ч, тэрбээр уран зохиол, худалдаа наймаа ихэд сонирхдог байжээ. Боккаччо анх яруу найраг бичиж, эцэстээ роман тууж бичиж эхлэв. Энэ үед дээгүүр алба хашиж, дипломат алба хашиж явжээ. Боккачагийн уран бүтээлийн оргил нь 1350-аад онд бичсэн Декамерон хэмээх роман юм. Декамерон бол европ дахин сэргэлтийн үеийн шилдэг зохиолын нэг ажээ. 1348 онд флоренци хотод тахал дэгдэж, 10 залуу зэлүүд газар руу хотоос зугатан гарчээ. Нэг хүн өдөрт 1 түүх ярьдаг байжээ. Декамерон нь 10 залуугийн 10 өдөр ярьсан 100 үлгэрээс бүтсэн зохиомжтой ажээ. Иймд зохиолын үлгэр Араб дахины үлгэрийн далай болсон 1001 шөнө хэмээх зохиол лугаа адил салангад явдлууд нь нэг ерөнхий жишмээр холбогджээ. Тууриуд нь сургаалийн, шоглосон, егөөдсөн, элэглэсэн гэх мэт олон талтай бөгөөд Бокаччо түүх, домог, хууч шог яриа тэргүүтнээс сэдэж бичжээ. Бокаччогийн зохиолын үйл явдал монголтой нягт холбоогүй ч, уг зохиолчийн бүтээл 1967 онд хэвлэгдсэн гадаадын уран зохиол унших, бичих түүвэрт хэвлэгдсэнээр монголчуудад хүрч эхэлсэн байгаа юм.  

-Декамерон хэмээх бичээс буюу эхний өдрийн гурав дахь туурь-

Нэгэн Мельхисидек хэмээх еврей султан Саладинд гурван билзэгний үлгэр ярьсан нь: Саладин Султаны суу заль хэтэрхий тул урьд бяцхан хүмүүн байснаа улам мандаж Вавильоны Султан болж, Сарацинуудыг олон удаа ялсан ба мөн адил христос ёсны олон вангуудыг дийлсэн боловч, өчнөөн олон дайн, цэрэг хөтөлж, их сүйтгэл гаргасны улмаас санхүүгээ хоосолжээ. Гэтэл нэгэн цаг дор чухал явдал тохиолдож, үлэмжхэн мөнгө хэрэгтэй болсонд хаанаас ийм их мөнгө даруй түргэнээ олох билээ хэмээн санаашран гайхаж суутал, Александр хотон дахь мөнгө хүүлэгч Мельхисидек хэмээх нэгэн баян еврей санаанд нь оржээ. Энэ хүн тусалж чадах хөрөнгөтэй боловч, гагцхүү гар татуу нэгэн ажээ. Еврейг дуудаж ирүүлээд, хүлээн авч уулзаад, зэрэгцэн суугаад өгүүлрүүн: 

Эрхэм эр ээ. Олон хүнээс сонсвоос таны биеийг тэнгэрийн номд цэцэн мэргэн бөгөөд гүн оюут хэмээх тул асуух нь: 

Чиний бие иуди, сарацин, христос энэ гурван шашны аль нь үнэн хэмээн санадаг вэ хэмээн асууваас еврей хүн сэцэн хүн тул, үгсээс өө сэв эрэлхийлж, Саладины далд санааг таниад, дотроо сэтгэх нь:

Үүнд хэрхэвч асуусан гурван шашины алины нь ч бусдаас дээр хэмээн өргөмжилж, Саладины арганд унаж болохгүй тул эрхбиш ая зүйг олж, өө сэв эрэхгүйгээр хариу тавих хэрэгтэй болжээ хэмээн бодоод өгүүлэх нь:

Аяа эзэн, миний бие юу санаж буйг танд мэдүүлэхийн тулд нэгэн бяцхан үлгэр хэлсүгэй. та сонсмуу. Миний сонссон нь:

Урьд нэгэн цагт нэр алдар өндөр бөгөөд баялаг нэгэн хүн суун ажээ. Санд нь нэгэн гайхамшигт эрдэнийн билзэг буй болой. Энэ билзэгний эрдэм ба сайхныг нь хүндэлж тахих ба өөрийн үр хүүхдүүдэд үүрд уламжлахыг бодож, хөвгүүдийн дотор хэнд нь эцгийн гараас энэ билзгийг өгвөөс мөн тэр хөвгүүн нь эцгийн өв хөрөнгийг уламжлан өвлөх бөгөөд бусад ах дүү нарын дотор ахмад, тэргүүн хэмээн хүндлэгдэхээр журам гаргаж, энэхүү билзгийг хувь хүртсэн хүн нь мөн энэ мэтээр цаашид уламжлах болжээ. Тийнхүү үе улиран шилжсээр суу зальт бөгөөд гурван сайхан адил хөвгүүдтэй хүнд хүрчээ. Эдгээр гурван хүү нь эцгийн үгээр бөгөөд шулуун шударга тул, эцэг нь гурвууланг нэг адил эрхлүүлсэн бөлгөө. Гурван залуус билзгийн тухай тогтсон заншлыг мэдэцгээх тул, тус бүр билзгийг авч, бусдаас илүү хүндлэгдэхийг хүсэн, өтөлж хөгширсөн юүгээ элдэвчлэн аргадаж, үхэхийн урьд билзгийг өөрийн биед уламжлан өгөхийг тус тус гуйх бөгөөд, өвгөн хэн хэнд нь адилхан хайртай ба бас ч, хэн хэнд нь билзгээ өгсүгэй хэмээн үгээ өгсөн ба гурван хөвгүүдийн алинд өгөхийг гайхан бүхий тул гурвуулын хүслийг хангасугай хэмээн сэтгэж, нэгэн сайн дархнаар сэмхэн хоёр ав адилхан билзэг хийлгээд үзвээс таньшгүйгээр бүтээсэн тул, үхэхийнхээ урьд гурван хөвгүүн тус бүрт нөгөө хоёроос нууж билзгийг өгөв. Хөвгүүд уламжлан авсан өв хөрөнгө ба ахлах хүндлэхийг эрж тэмцвээс, бүгд нэгэн ижил билзэг гаргаж үзүүлэх тул, ижил билзэгнүүдийн аль нь жинхэнэ, хуурамчийг таньж чадсангүй, хөвгүүдийн чухам хэн нь эцгийн өв хөрөнгийг өвлөх эрх бүхий нь тэр цагт шийдэж болсонгүй учир хэрэг хоцорсон бөлгөө. Эрхэм хаанаа таны асуусан асуулт болвоос, энэхүү үлгэр адил лүгээ адил бөгөөд дээд тэнгэрээс өөр өөр үндэсний ард түмэнд гурван ондоо ёс соёрхсон нь алины нь зөв, алины нь буруу хэмээн шилэх явдалгүй. Үндэс бүрийн ард нь өвийг өвөлж, үнэн ёсыг дагаж буй хэмээн санах боловч, чухамдаа аль нь үнэн ёсыг олж авсныг мэдэх хэмээсэн нь сайхан гурван билзэг лүгээ адил бус уу хэмээвээс Саладин түүний ихээхэн урхинаас еврей эвтэйхэн мултран гарч чадсаныг мэдэж, арга буюу өөрийн үнэн гачигдлыг хэлж хэрхэн туслах эсэхийг үзсүгэй хэмээн ямар санаатай асуусан ба хэрэв асуудалд хариу тавьж эс чадваас хэрхэн мушгих гэсэн юугээ шууд хэлбээс, еврей Саладинд хэрэгтэй мөнгийг нь туслан өгсөн билээ. Саладин хэргээ бүтээсэн хойно авсан мөнгөө тоо ёсоор бүрэн эргүүлэн өгснөөс гадна, еврейд их хүндэт бэлэг шагнаад, өөрийн шадар хүн болгон ихээхэн хүндтэй тушаалд тавьж, үргэлж нөхөрлөх боллоо гэжээ.

-Монгол-Итали дурсгалын ялтсан зоос гарлаа-

2023.08.31. Монгол Улс. Улаанбаатар хот. Монголбанк, Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран гаргасан Монгол-Итали дурсгалын ялтсан зоосны нээлт Чингис хаан музейд болов. Ромын Пап IV Инносент энх тайвныг хүсэн Монголын их хаан Гүюгт бичсэн захидлыг дипломат элч Плано де Карпини гардуулж байгааг зоосонд дүрсэлсэн байна. Их хаанд бараалхаж байгаа энэ мөчийг Италийн зураач Жерардо Доттори зурсан бөгөөд 1949 онд Плано де Карпинигийн төрөлх нутаг Мажионэ хотын захиргааны зөвлөлийн танхимын хананд мөнхөлсөн байдаг. Таван грамм жинтэй, 999.9 сорьцтой цагаан мөнгөн ялтсан зоос 50 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 150х65 мм хэмжээтэй юм. Нээлтийн ёслолд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лаура Ботта болон албаны бусад хүн оролцжээ. Дурсгалын зоос нь тэмдэглэлт ой, онцгой үйл явдалд зориулсан зураг чимэглэл, тусгай бичвэрээрээ бусад зоосноос ялгаатай бөгөөд нэрлэсэн үнэ, банкны бэлгэ тэмдгийг агуулдаг. Техник, технологийн хөгжилтэй зэрэгцэн дурсгалын зоосыг хэлбэр хийцийн хувьд олон төрлөөр үйлдвэрлэх болсны нэг нь ялтсан зоос юм гэжээ. 

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн баяр наадмын мэндчилгээ ирүүллээ

2025.07.15. Монгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Лео мэндчилгээ ирүүллээ. МЭНДЧИЛГЭЭНД: “Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд болон Монголын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, шударга ёс, энх тайвны ерөөлийг өргөн дэвшүүлье” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ

2025.11.28. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Лео-гийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тус улсад төрийн айлчлал хийнэ. Төрийн айлчлал нь Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд тус улсад 14 жилийн дараа хийх айлчлал юм. Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны уулзалт хийнэ. Мөн  Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Гэгээн Ширээт Улсын Төрийн Хэрэг эрхлэх газрын дарга Кардинал Пиетро Паролин бараалхана. Монгол Улс Гэгээн Ширээт Улстай 1992 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дипломат харилцаа тогтоосон юм. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд харилцаа, хамтын ажиллагаа соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт идэвхтэй өрнөж байна. 2023 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис-ын хийсэн төрийн айлчлал хоёр улсын 800 орчим жилийн түүхтэй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх түүхэн айлчлал болсон. Пап IV Инносентээс 1245 онд Гүюг хаанд бичсэн болон 1246 онд Их хаанаас хариу болгон илгээсэн захидал нь хоёр улс олон зуун жилийн өмнө  харилцаж байсныг нотлох үнэт эх сурвалжид тооцогддог юм гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо

2025.11.30. Монгол Улс. Улаанбаатар хот.ю. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Лео-гийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тус улсад төрийн айлчлал хийнэ. Төрийн айлчлал нь Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд тус улсад 14 жилийн дараа хийж буй айлчлал юм. Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны уулзалт хийх бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Гэгээн Ширээт Улсын Төрийн Хэрэг эрхлэх газрын дарга Кардинал Пиетро Паролин бараалхана. Манай улс Гэгээн Ширээт Улстай 1992 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд харилцаа, хамтын ажиллагаа соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт идэвхтэй өрнөж байна. 2023 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис-ын хийсэн төрийн айлчлал хоёр улсын 800 орчим жилийн түүхтэй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх түүхэн айлчлал болсон. Пап IV Инносентээс 1245 онд Гүюг хаанд бичсэн болон 1246 онд Их хаанаас хариу болгон илгээсэн захидал нь хоёр улс олон зуун жилийн өмнө  харилцаж байсныг нотлох үнэт эх сурвалжид тооцогддог юм гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Арвандөрөвдүгээр Леогийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсын төрийн тэргүүн, Пап Арвандөрөвдүгээр Лео нар албан ёсны уулзалт хийлээ.Пап Арвандөрөвдүгээр Леог Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, даян дэлхийн католик шашны тэргүүнээр сонгогдсонд нь Ерөнхийлөгч баяр хүргэлээ. Хоёр улсын төрийн тэргүүн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж буйд санал нэгдэж, улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх, түүх, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцлаа. Мөн олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцож, даян дэлхийн энх тайван, тогтвортой байдлын төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, ядуурал зэргийн эсрэг хамтран ажиллахаа нотоллоо. Пап Арвандөрөвдүгээр Лео 2025 онд 267 дахь Папаар сонгогдсон. Гэгээн Августинийн шашны сургууль, АНУ-ын Виллановагийн их сургуулийг тоо, философийн чиглэлээр, Чикаго хотын Католик теологийн холбоонд шашны чиглэлээр суралцаж төгссөн. Ром хотын Гэгээн Томас Аквинасын нэрэмжит Папын харьяаны их сургуульд докторын зэрэг хамгаалжээ. Гэгээн Ширээт Улс нь Италийн Ром хотын дотор 0.44 км2 нутаг дэвсгэртэй хот улс юм. 900 орчим хүн амтай бөгөөд ихэнх нь итали, швейцар гаралтай. Улсынх нь төсөв 890 гаруй сая евро. Арилжааны бус өвөрмөц эдийн засаг, хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийн орлого, католик шашинтнуудын хандив, өргөл, шашны ном, бичиг баримт хэвлэх, музей, дурсгалын зоос, медалийн орлогоос санхүүждэг. Дэлхийн 183 улс болон Европын Холбоотой дипломат харилцаатай. Олон улсын 34 байгууллагад бүрэн эрхт гишүүн болон байнгын ажиглагчийн статустай. Гэгээн Ширээт Улс нь шашны болон дипломат ёслолын нарийн дэг баримталдаг юм байна. Манай хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон. Найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай. Монгол дахь Ромын католик шашны тэргүүн Ж.Маренго 2022 онд орчин үеийн түүхэн дэх хамгийн залуу кардиналаар сонгогдсон. Гэгээн Ширээт Улс 1993 онд хүмүүнлэгийн тусламжаар 1,000 кг эм, эмнэлгийн материал, 1996 оны хавар гарсан ой, хээрийн түймрийн хохирлыг арилгахад 31 мянган ам.доллар хандивлаж байсан. Мөн 2000 оны зудын хохирлыг арилгахад зориулж Ромын Пап Гэгээн хутагт II Ион Павел хувиасаа 50 мянган ам.доллар, Ватиканы хүмүүнлэгийн тусламжийн “Кор Унум” байгууллага 30 мянган ам.доллар хандивлаж байлаа. Тус улсын тэтгэлгээр 1992 оноос хойш Филиппинд манай улсын ес, Италид хоёр оюутан суралцжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа

2025.12.05. Ватикан. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Гэгээн Ширээт Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга Кардинал Пиетро Паролин бараалхлаа. Ерөнхийлөгч хоёр улсын дээд түвшний харилцан айлчлалын давтамж нэмэгдэж байгаа нь хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэх  таатай нөхцөл бүрдүүлж байгааг онцлов.Талууд соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа Ватиканы Апостолик архивд хадгалагдаж буй Монголын түүхтэй холбоотой түүхэн баримт, материалыг судалгааны эргэлтэд оруулах замаар өнө эртний харилцаагаа нийтэд толилуулах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаа нотоллоо. Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга Кардинал Пиетро Паролин Пап Францисын 2023 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын бүрэлдэхүүнд ажилласнаа дурсаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ. Төрийн хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын үүрэг гүйцэтгэдэг бөгөөд улс төр, дипломат харилцаатай бүхий л асуудлыг хариуцдаг. Хэрэг эрхлэх газрын тэргүүн нь Төрийн нарийн бичгийн дарга /Ерөнхий сайд/ байдаг. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо

2025.12.05. Ватикан. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Арвандөрөвдүгээр Леогийн урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлалын үеэр Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ватиканы Апостолын архивд хадгалагдаж буй Монголын эзэнт гүрний Их хаан Гүюг-ээс 1246 онд Пап Дөрөвдүгээр Инносент-д илгээсэн захидал болон Монгол эзэнт гүрний үед харилцаж байсан захидлуудын эхийг үзэж сонирхлоо. Ватиканы Апостолын номын сан болон архивд дэлхий дахины түүхийг гэрчилсэн олон гар бичмэл, бүтээл, VIII зуунаас хойших улс орнуудын хоорондоо харилцаж байсан захидлууд байдаг. Түүний дотор Монголын эзэнт гүрэн болон Ил хаадаас тухайн үеийн Пап нарт илгээсэн захидал эх хувиараа, Пап нараас Монголын хаадад илгээсэн захидлууд нь архивын зориулалтаар захидлын бичвэр, он сар, хүлээн авагчийн мэдээллийн сан байдлаар хадгалагддаг юм. XII-XX зууныг хамарсан 50 сая гаруй баримт бүхий энэ архив зөвхөн шашны баримт бичгийн сан биш, дэлхийн соёл, улс төр, шинжлэх ухааны түүхийг гэрчлэх, хүн төрөлхтний оюуны өвийг хадгалсан үнэт эрдэнэ гэж үздэг. Айлчлалын хүрээнд Монгол Улсын “Чингис хаан” үндэсний музей болон Ватиканы Апостолын архив хооронд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа. Номын сан 1475 онд Пап дөрөвдүгээр Сикстийн зарлигаар байгуулсан түүхтэй. 75 мянган гар бичмэл, 1,1 сая хэвлэмэл ном, XV зууны үеийн 8,000 ном, 300 мянган зоос, медаль, 150 мянган зураг, газрын зураг зэрэг ховор цуглуулгатай. Плано Карпинийн манай улсад хийсэн аяллын тэмдэглэл, Монголын эзэнт гүрний талаарх Европын анхны баримтууд энд байдаг юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө

2025.12.05. Ватикан. Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Арвандөрөвдүгээр Леогийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Арван дөрөвдүгээр Лео нар албан ёсны уулзалт хийж, Ерөнхийлөгчид Төрийн хэрэг эрхлэх газрын дарга Кардинал Пиетро Паролин бараалхлаа. Энэ удаагийн айлчлал хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц боллоо гэдэгт төрийн тэргүүн нар санал нэгдлээ. Талууд харилцаа, хамтын ажиллагааг түүх, соёл, хүмүүнлэгийн салбарт гүнзгийрүүлэх, энх тайван, хөгжил дэвшлийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулах чиглэлээр хамтран ажиллах эрмэлзлээ нотоллоо. Айлчлалын хүрээнд Монгол Улсын “Чингис хаан” үндэсний музей болон Ватиканы Апостолын архив хооронд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Пап Францисын дурсгалыг хүндэтгэн Гэгээн Мариагийн Их сүмд байх бунханд нь цэцэг өргөлөө гэжээ.

Хариулт үлдээнэ үү

Элсэн дугуй ХХК, dailypost.mn | Newsphere by AF themes.
Translate