7 сар 23, 2025

Мэдээ: Монгол, Киргизстаны харилцаа

Киргизийн Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна

2023.05.30. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Жээнбек Молдоканович Кулубаевыг хүлээн авч уулзав. Хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах бүрэн боломж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэв. Удахгүй Монгол Улсад айлчлах Ерөнхийлөгч С.Н.Жапаровын айлчлал хоёр орны улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв6 Бүгд Найрамдах Киргиз Улс худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, энхийг сахиулах, аюулгүй байдал, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, тээвэр ложистик, соёл, боловсрол зэрэг салбарт харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой байгааг Гадаад хэргийн сайд Ж.М.Кулубаев илэрхийлэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг улсынхаа Ногоон өв санаачилгатай уялдуулах боломжтойг хэлэв. Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг өнгөрсөн онд тэмдэглэн өнгөрүүлсэн нь хоёр ард түмний харилцаа, хамтын ажиллагааг улам ойртуулахад чухал ач холбогдолтой болсон юм.

-Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаров Монгол Улсад айлчилна-

2023.07.06. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров 2023.07.09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 онд Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд Киргиз Улсын төрийн тэргүүн 21 жилийн дараа Монгол Улсад айлчлах юм. Айлчлал Төв Азийн улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх бодлогын хүрээнд хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, тээвэр, ложистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд ахиц гаргахад чухал ач холбогдолтой. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровтай албан ёсны хэлэлцээ хийнэ. Айлчлалын үеэр Төв Азийн бүс нутагт түүх, соёлын гүнзгий хэлхээ холбоотой Бүгд Найрамдах Киргиз Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, яриа хэлэлцээг идэвхжүүлэх, харилцан итгэлцэл, харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, бүс нутаг болон олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар ярилцана. Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолын ажиллагаанд хүндэт зочноор оролцоно.

-Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров Монгол Улсад хүрэлцэн ирэв-

2023.07.09. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров 2023.07.09-11-ний өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэв. Ерөнхийлөгч С.Н.Жапаровыг Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Ганхуяг болон албаны бусад хүн угтав. Төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаровтай албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, улс төрийн харилцан итгэлцэл, харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, бүс нутаг болон олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар ярилцана. Хоёр улсын төрийн тэргүүн харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцох юм. Айлчлал Төв Азийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх бодлогын хүрээнд хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, тээвэр, ложистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал ач холбогдолтой. Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 онд Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд Киргиз Улсын төрийн тэргүүн 21 жилийн дараа Монгол Улсад айлчилж байна.

-Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаровын төрийн айлчлал эхэллээ-

2023.07.09. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров 2023.07.09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНКирУ-ын Ерөнхийлөгч С.Н.Жапаровыг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа.Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Төрийн тэргүүн нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа Ерөнхийлөгч С.Н.Жапаров Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй  мэндчилэв. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, БНКирУ-ын Ерөнхийлөгч С.Н.Жапаров, гэргий А.Ж.Жапарова нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Ерөнхийлөгч С.Н.Жапаров Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсны дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Ерөнхийлөгч С.Жапаров, гэргий А.Ж.Жапарова нар товч уулзалт хийв. Хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт хийж харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бусад асуудлаар санал солилцлоо.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаровтай албан ёсны хэлэлцээ хийв-

2023.07.06. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров 2023.07.09-11-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Хэлэлцээний үеэр харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, улс төр, худалдаа, эдийн засаг, тээвэр, ложистик, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүс нутаг болон олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Киргизийн найрсаг харилцаа өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд тогтвортой хөгжиж ирснийг дурдаж, далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Мөн Монгол Улсын Засгийн газрын Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Киргиз Улстай дэд бүтэц, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр хамтран ажиллах, хоёр улсын давуу тал, нөөц бололцоог ашиглан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцав. Гадаад худалдааг төрөлжүүлэх бодлогын хүрээнд Монгол Улсаас Киргиз Улсад болон тус улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн бусад оронд мах, махан бүтээгдэхүүн, арьс шир зэрэг бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, Киргиз Улсаас жимс, жимсгэнэ, нарийн ногоо импортлох, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих болон мал эмнэлэг, хорио цээрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв. 2023-2025 оныг Монголд зочлох жил болгосонтой холбогдуулан хоёр улсын хоорондын шууд нислэгийг сэргээх, харилцан визгүй зорчих тохиролцоог үр дүнтэй ашиглах талаар ярилцав. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын ажлыг өндөр үнэлж, цаашид бүх талаар эрчимжүүлэхээр тогтов. Айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яамаа нээж буйг талууд сайшаав. Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг Киргиз Улсын Ногоон өв санаачилгатай уялдуулах, Эрдэнэт хотод Монгол, Киргизийн найрамдлын төгөл байгуулах, Киргизийн жимс, жимсгэний модны суулгацыг Монгол Улсад нутагшуулах, хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр идэвхтэй хамтрахаар болов. Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. 

-Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав-

2023.07.06. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров нар Найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа. Мөн:

  • Байгаль орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээр,
  • Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээр,
  • Гэмт хэрэгтэй тэмцэх салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Дотоод хэргийн яам хооронд хэлэлцээр,
  • Ойн экосистемийг хөгжүүлэх салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Киргиз Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг,
  • Ургамлын хорио цээрийн талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Киргиз Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээр,
  • Ах дүүгийн харилцаа тогтоох тухай Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Бүгд найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хот хоорондын хэлэлцээрт холбогдох сайдууд болон нийслэл хотын удирдлагууд гарын үсэг зурлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров нар мэдээлэл хийв-

2023.07.09. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл хийв. Энэ удаагийн айлчлал хоёр улсын ард түмний найрамдал, нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд түлхэц үзүүлж, харилцаа, хамтын ажиллагааг ирэх 30 жилд хөгжүүлэх хэтийн төлөв, чиг хандлагыг тодорхойлсон түүхэн айлчлал болсныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэв. Ерөнхийлөгч С.Н.Жапаров албан ёсны хэлэлцээ найрсаг, харилцан итгэлцсэн, ажил хэрэгч уур амьсгалд болж, улс төр, аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёл болон хүмүүнлэгийн хамтын ажиллагааны талаар санал солилцсоноо онцлов. Монгол Улс 2019 онд Бишкек хотноо Элчин сайдын яамаа, Бүгд Найрамдах Киргиз Улс Элчин сайдын яамаа энэ удаагийн төрийн айлчлалын үеэр Улаанбаатар хотноо нээж буй нь хоёр улс харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэн өргөжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байгаагийн тод илэрхийлэл гэдгийг төрийн тэргүүн нар тэмдэглэв. Энх тайван, тогтвортой, аюулгүй байдалд заналхийлж буй шинэ болон уламжлалт сорилт, заналхийллийг хамтран эсэргүүцэж, терроризм, экстремизм, мансууруулах бодисын хууль бус эргэлт, хууль бус зэвсгийн худалдаа, хил дамнасан гэмт хэрэг, цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр идэвхтэй хамтрах  эрмэлзэлтэй байгаагаа нотлов. Харилцан итгэлцэл, хүндэтгэл, эрх тэгш, харилцан ашигтай, бүх талын хамтын ажиллагааны үзэл санааны үндсэн дээр харилцан сонирхсон асуудлаар харилцан дэмжлэг үзүүлэхээ хоёр улсын Ерөнхийлөгч нотлов. Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд бие биеэ идэвхтэй дэмжиж, бүс нутаг болон дэлхий дахинд энх тайван, тогтвортой, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулахаа илэрхийлэв. Хоёр улсын ард түмэн олон зуун жилийн түүх, соёлын гүн хэлхээ холбоотойг тэмдэглэж, харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж, улс төрийн хүсэл эрмэлзэл дүүрэн байгааг нотлов. Албан ёсны хэлэлцээ, харилцан тохиролцсон зүйлс харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа төрийн тэргүүн нар илэрхийлэв. Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров халуун дотноор хүлээн авсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон Монголын ард түмэнд талархал илэрхийлэв.

Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс Хамтарсан тунхаглал гаргав

2023.07.09. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров 2023 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Талууд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын Хамтарсан тунхаглал гаргалаа. Хамтарсан тунхаглалаас талууд найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид  өргөжүүлэн бэхжүүлэх хүсэл эрмэлзлээ нотолж, дараах зүйлийг тохиров. Үүнд:

  • Улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, хүмүүнлэг болон бусад салбарын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд аливаа саад тотгор байхгүйд сэтгэл хангалуун байгааг тэмдэглэв.
  • Харилцан итгэлцэл, хүндэтгэл, эрх тэгш, харилцан ашигтай, бүх талын хамтын ажиллагааны үндсэн дээр харилцан сонирхсон асуудлаар харилцан дэмжлэг үзүүлэхээ нотлов.
  • Олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлаар ижил төстэй байр суурьтай байгаагаа тэмдэглэж, НҮБ, Дэлхийн худалдааны байгууллага, ШХАБ, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал зэрэг олон улсын болон бүс нутгийн байгууллагын хүрээнд бие биеийн санаачилгыг  үргэлжлүүлэн харилцан дэмжихээ илэрхийлэв.
  • Ядуурлыг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ногоон хөгжлийг урагшлуулах чиглэлээр бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээ мэдэгдэв.
  • Терроризм, экстремизм, мансууруулах бодисын хууль бус эргэлт, хууль бус зэвсгийн худалдаа, хил дамнасан гэмт хэрэг, цахим гэмт хэрэгтэй тэмцэж, Төв Азийн аюулгүй байдал, энх тайван, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах эрмэлзлээ нотлов.
  • Дэд бүтэц, зам тээвэр, эрчим хүч, аж үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрлэл, уул уурхай, цахимжуулалт, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр болов.
  • Мал аж ахуй, мал эмнэлэг, ургамлын эрүүл ахуйн салбар болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, машин механизм, хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэхээр болов.
  • Монгол Улсаас Киргиз Улсад мах, махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, ноос, арьс шир нийлүүлэх, Киргиз Улсаас Монгол Улсад хөдөө аж ахуйн таримал бүтээгдэхүүн нийлүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв.
  • Хоёр орны аж ахуйн нэгжүүд нэхмэл, оёдлын салбарт шууд харилцаа тогтоож байгааг сайшааж, Монголын тал Киргизийн оёдлын үйлдвэрийн түүхий эдийг нийлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
  • Агаарын тээврийг сэргээж, далайд гарцгүй орнуудын хувьд тээвэр, дамжин өнгөрөх харилцааг хөгжүүлэхийн төлөө шаардлагатай арга хэмжээ авахаар болов.
  • Ах дүү хотын харилцаа тогтоох, хоёр орны ард түмний харилцааг өргөжүүлэхийн чухлыг онцлов.
  • Шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний хамтарсан судалгаа, туршлага солилцоход дэмжлэг үзүүлэхээр болов.
  • Монгол, Киргизийн ард түмний түүх, соёл, оюун санааны болон биет өвийн талаар хамтарсан судалгаа хийх сонирхолтой байгаагаа нотлов.
  • Монгол Улсын Тэрбум мод, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ногоон өв зэрэг үндэсний төсөл, хөтөлбөрүүдийг харилцан уялдаатай хэрэгжүүлэхээр тогтов.
  • Соёл, хүмүүнлэгийн солилцоог идэвхтэй дэмжиж, боловсрол, соёл, спорт болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болов.
  • Хоёр улсын их, дээд сургуульд монгол, киргиз хэл судлалын чиглэлээр оюутан солилцож, сургахаар тохиролцов.

-Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суух элчин сайдын яамны нээлт болов- 

2023.07.11. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсад тус улсын Элчин сайдын яамыг нээх ёслол боллоо. Тус арга хэмжээнд Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Жээнбек Кулубаев, Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Элчин сайд С.Ганхуяг, Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Айбек Артыкбаев болон бусад албаны хүмүүс оролцов. Монгол Улс Бишкек хотноо өөрийн Дипломат төлөөлөгчийн газраа 2014 онд нээсэн бол, Ерөнхийлөгч С.Жапаровын Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Киргиз Улс өөрийн Элчин сайдын яамаа Улаанбаатар хотноо ийнхүү нээж буй нь хоёр улс харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэн өргөжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байгаагийн тод илэрхийлэл төдийгүй манай хоёр улсын харилцааг үсрэнгүй хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх болно гэж албаныхан онцоллоо. 

-Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөв- 

2023.07.11. Монгол Улс. Улаанбаатар хот. Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын Монгол Улсад хийж буй төрийн айлчлал 2023.07.11-ний өдөр өндөрлөж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Ганхуяг болон албаны бусад хүмүүс Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд үдэж мордууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровтай албан ёсны хэлэлцээ хийв. Мөн Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров Үндэсний их баяр наадмын нээлтийг хүндэт зочны хувиар үзэж сонирхон, Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яамны нээлтийн ёслолын ажиллагаанд оролцов. Энэхүү айлчлал нь Төв Азийн улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх бодлогын хүрээнд хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болов гэжээ.

Киргизийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023.08.08. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Айбек Артыкбаев Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд А. Артыкбаевыг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Хоёр орны уламжлалт найрсаг харилцааг улам гүнзгийрүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, мөн Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход Элчин сайд хүчин чармайлт гарган ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэв. Түүнчлэн хамтын ажиллагааг НҮБ зэрэг олон улсын байгууллагын хүрээнд өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгааг онцлов. Элчин сайд А.Артыкбаев уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, аялал жуулчлал, уул уурхай, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Улаанбаатар-Бишкек чиглэлийн шууд нислэгийг ойрын хугацаанд сэргээхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлэв.

 Киргизийн Парламентын дарга бараалхав

2024.04.25. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Нурланбек Шакиев Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхав. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын хэлхээ холбоотой Киргиз Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, улс төрийн яриа хэлэлцээг бататган бэхжүүлэх, иргэдийн солилцоог эрчимжүүлэх, харилцааны бэлгэ тэмдэг болох томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэв. Хоёр улсын төрийн тэргүүний харилцан тохиролцсон асуудлууд, тухайлбал Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг Киргизийн Ногоон өв санаачилгатай уялдуулан киргизийн жимс, жимсгэний модны суулгацыг Монгол Улсад нутагшуулах, Эрдэнэт хотод Монгол, Киргизийн найрамдлын төгөл цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил урагшилж буйг сайшаав. Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиев худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Киргиз Улсаас хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлэх сонирхлоо илэрхийлж,  оюутан залуусыг харилцан сургах, соёлын өдөрлөг хамтран зохион байгуулах санал дэвшүүлэв. Талууд далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд хөгжлийн туршлагаа харилцан хуваалцаж, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик, уул уурхай зэрэг салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Н.Шакиев энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байгаа Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ II чуулга уулзалтад хүндэт зочноор оролцож, илтгэл тавина. Энэ удаагийн айлчлал нь Киргиз Улсын Парламентын даргын түвшинд хийж буй анхны айлчлал юм. Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс 1992.04.22-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчтэй уулзав

2024.07.03. Казакстан. Астана. Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровтай уулзав. Ерөнхийлөгч С.Жапаровын 2023 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал хоёр улсын харилцааг гүнзгийрүүлж, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлснийг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх онцоллоо. Мөн хоёр орны найрсаг харилцааг бататгах, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг идэвхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэв. Төрийн тэргүүнүүд хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа идэвхжиж буйг сайшааж, Монгол Улсын Их Хурлын дарга болон Киргиз Улсын Парламент Жогорку Кенешийн дарга нарын 2024 онд хийсэн харилцан айлчлал амжилттай, үр дүнтэй болсныг онцоллоо. Цаашид уламжлалт найрсаг харилцаагаа гүнзгийрүүлэн бататгах хүрээнд батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, боловсрол, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик зэрэг салбарт идэвхтэй, нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг Киргиз Улсын Ногоон өв санаачилгатай уялдуулан Киргизийн жимс, жимсгэний модны суулгацыг Монголд нутагшуулах, Эрдэнэт хотод Монгол, Киргизийн найрамдлын төгөл цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил идэвхтэй өрнөж буйг талууд сайшаалаа.

Киргизийн Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ

2024.07.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров баярын мэндчилгээ дэвшүүллээ. Бүгд Найрамдах Киргиз Улсын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье. Энэ баяр бол Монголын ард түмний оюун санааны арвин өвийг илэрхийлээд зогсохгүй хөгжил дэвшил, сайн сайхан байдлын урам зоригийн бэлгэдэл билээ. Манай улс Монгол Улстай харилцан хүндэтгэх, дэмжих зарчимд суурилсан найрсаг харилцаагаа өндрөөр үнэлдэг гэдгийг тэмдэглэхэд таатай байна гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийнэ

2025.07.17. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар 2025 оны 07 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Монгол Улс Бүгд Найрамдах Киргиз Улстай 1992 оны 04 дүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч 2023 онд манай улсад төрийн айлчлал хийсэн. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын Хамтарсан тунхаглал” гаргасан. Мөн айлчлалын хүрээнд талууд байгаль орчин, хөдөө аж ахуй, хууль, эрх зүй зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон нийслэл хотууд хоооронд ах дүүгийн харилцаа тогтоохтой холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо

2025.07.20. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар 2025 оны 07 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо. Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Монгол Улс Бүгд Найрамдах Киргиз Улстай 1992 оны 04 дүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч 2023 онд манай улсад төрийн айлчлал хийсэн. Энэ айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын Хамтарсан тунхаглал” гаргасан. Мөн айлчлалын хүрээнд талууд байгаль орчин, хөдөө аж ахуй, хууль, эрх зүй зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон нийслэл хотууд хоооронд ах дүүгийн харилцаа тогтоохтой холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Киргиз Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

2025.07.21. Киргиз. Бишкек. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийхээр 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Бишкек хотноо хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Бишкек хотын “Манас” олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров болон Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Ганхуяг, Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Артыкбаев зэрэг албаны хүмүүс угтан авав. Монголын төлөөлөгчдөд зориулан “Манас” олон улсын нисэх онгоцны буудалд соёл, урлагийн тоглолтыг Киргизийн уран бүтээлчид толилуулав. Монгол Улсын Төв Азийн улс орнуудтай, түүний дотор Киргиз Улстай хөгжүүлж буй уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд тус төрийн айлчлал чухал ач холбогдолтой юм. Айлчлалын хүрээнд хоёр улсын эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахуйц Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.Бишкек хотод гадаад улсаас суугаа 28 Элчин сайдын яам, 50 орчим консулын болон төлөөлөгчийн газрууд үйл ажиллагаа явуулж байна. Ерөнхийлөгчийн түвшинд Киргизийн талаас манай улсад 1993, 2002 онд А.Акаев, 2023 онд С.Жапаров айлчилсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Үркүн”-ий дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

2025.07.21. Киргиз. Бишкек. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ата-Бейит” түүхийн дурсгалын цогцолборт байрлах “Үркүн” дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Төлөөлөгчдийг “Ата-Бейит” цогцолборт хүрэлцэн ирэхэд Киргиз Улсын Төрийн хүндэт харуул жагсаж, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим угтлаа. “Үркүн” дурсгалын хөшөөнд тус улсад айлчилж буй гадаадын улс орны төр, засгийн тэргүүн хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөдөг уламжлалтай юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа

2025.07.21. Киргиз. Бишкек. Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Ерөнхийлөгч Садыр Жапаров “Ынтымак Ордо” төрийн ордонд албан ёсоор угтан авлаа. Угтах ёслолын үеэр төрийн ордны урд талбайд хоёр улсын төрийн далбааг мандуулж, Төрийн хүндэт харуулын захирагч Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгал өргөж, хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийсний дараа талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичигт гарын үсэг зурна.Ынтымак Ордо” төрийн ордон өнгөрсөн онд ашиглалтад орсон. Киргизийн уламжлалт соёлын хэв маяг, орчин үеийн архитектурыг хослуулсан бөгөөд тус улсын соёлын баялаг өв, орчин үеийн хөгжил дэвшлийн төлөө тууштай ажиллахыг бэлгэддэг юм байна. Монгол Улс, Киргиз Улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон. Киргиз нь 7 сая хүн амтай, Ерөнхийлөгчийн засаглалтай. Ерөнхийлөгч нь бүх ард түмний санал хураалтаар зургаан жилийн хугацаагаар нэг удаа сонгогддог бөгөөд Ерөнхийлөгч С.Жапаров 2021 оны ээлжит бус сонгуулиас хойш алба хашиж байна. Киргизийн эдийн засагт хөдөө аж ахуй, уул уурхай, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэл, эрчим хүч, нэхмэл голлодог. Гадаад худалдааны хэмжээ нь 16 тэрбум ам.доллар. Алт болон хөдөө аж ахуйн түүхий эд, төмөр, шил, нүүрс, цемент голлон гаргаж, суудлын автомашин, газрын тос, байгалийн хий, тоног төхөөрөмж, химийн бүтээгдэхүүн импортоор авдаг юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2025.07.21. Киргиз. Бишкек. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээ хийж, өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт амжилтаа дүгнэн, ирэх жилүүдэд хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойллоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Төв Азийн түүх, соёлын өлгий нутаг, байгалийн үзэсгэлэнт сайхан эх орондоо айлчлахыг урьж, Монголын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч байгаад Ерөнхийлөгч С.Жапаров болон Киргиз Улсын төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Киргиз Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа илэрхийллээ. Төрийн айлчлалын үеэр уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-д хүргэж байгаа нь харилцааны түүхэнд бичигдэн үлдэж  буйг онцоллоо. Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровын 2023 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц өгснийг тэмдэглэж,  төрийн тэргүүн нар богино хугацаанд харилцан айлчилж байгаа нь хоёр ард түмний найрамдал, нөхөрлөлийг улам бүр бататган бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Ерөнхийлөгч С.Жапаров, Монгол Улс нь бүс нутаг дахь тус улсын чухал түнш болохыг онцолж, цаашид дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Төрийн тэргүүн нар өмнө нь ярьж тохирсон зүйлс 90 орчим хувьтай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэлээ. Төрийн айлчлалын хүрээнд харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэх, хууль, эрх зүй, хөдөө аж ахуй, соёл, боловсрол,  шинжлэх ухаан, мэдээллийн технологи зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурсныг сайшаалаа. Худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хүрээнд хонь, ямаа, үхэр, адууны мах, махан болон дайвар бүтээгдэхүүн Киргизэд экспортлох, жимс, жимсгэнэ, загас, загасан бүтээгдэхүүн зэргийг Монголд нийлүүлэх, мал эмнэлгийн олон улсын гэрчилгээнүүдийг баталгаажууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурыг Киргизийн хөвөн, нэхмэл утасны үйлдвэрлэлтэй уялдуулан сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Талууд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотоллоо.

Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа  тогтоолоо

2025.07.21. Киргиз. Бишкек. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж байгаа төрийн айлчлал үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар “Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох тухай Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа. Ингэснээр Бүгд Найрамдах Киргиз Улс нь манай улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон Төв Азийн хоёр дахь улс болж байна. Манай улс өнгөрсөн онд Бүгд Найрамдах Казахстан Улстай Стратегийн, энэ оны эхээр Бүгд Найрамдах Узбекистан Улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон юм. Монгол, Киргиз Улс харилцаагаа улс төр, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, хүмүүнлэгийн болон бусад салбарт гүнзгийрүүлж,  цаашид шинэ агуулгаар баяжуулан, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлж, төр, засаг, шинжлэх ухаан, боловсролын байгууллага, шинжээчдийн болон хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг тууштай хөгжүүлнэ.

  1. “Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хоорондын гэрээ”-нд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Лхагвын Мөнхбаатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий прокурор Асаналиев Максат Кубатович. Иргэдийн эрх ашгийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох болон мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хамтран ажиллаж,  харилцан туслана. Хууль хяналтын эрх бүхий байгууллагууд гэмт этгээдийг олж тогтоох, шилжүүлэн өгөх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх чиглэлээр шууд харилцаж, шуурхай арга хэмжээ авч хамтран ажиллана.
  2. “Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Лхагвын Мөнхбаатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дэргэдэх Тээврийн хэрэгсэл, жолооч нарын бүртгэлийн улсын агентлагын захирал Карыпбеков Улан Кадырсултанович, Нэг жилээс дээш хугацаагаар оршин сууж, ажиллаж амьдарч байгаа иргэд өөрийн улсын хүчин төгөлдөр жолоодох эрхийн үнэмлэхийг нөгөө улсын жолоодох эрхийн үнэмлэхээр солих боломж бүрдлээ. Манай улс өмнө нь Чех, Бельги, Люксембург, Беларусь Улстай ийм хэлэлцээр байгуулсан бөгөөд цаашид Венийн конвенцын гишүүн бусад улс оронтой байгуулахаар ажиллаж байна.
  3. “Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн яам хоорондын Хамтын ажиллагааны хөтөлбөр”-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Кулубаев Жээнбек Молдоканович, Гадаад харилцааны яам хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Зөвлөлдөх уулзалтыг тогтмол зохион байгуулах, харилцан мэдээлэл, туршлага солилцох, бусад салбарын яамд, байгууллага хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх зэргээр хамтран ажиллана.
  4. “Ноос боловсруулах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Киргиз Улсын Усны нөөц, хөдөө аж ахуй болон боловсруулах үйлдвэрийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбын Энхбаяр, Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын орлогч дарга бөгөөд Усны нөөц, хөдөө аж ахуй болон боловсруулах үйлдвэрийн сайд Торобаев Бакыт Эргешович, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжүүлж буй “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсаас Киргизэд ноос нийлүүлэх хамтын ажиллагаа эхэллээ. Ноосон бүтээгдэхүүн нийлүүлэх, боловсруулах, сурталчлах чиглэлд хамтарсан төсөл хэрэгжүүлэх, мэдээлэл солилцох, харилцаа холбоо тогтоох зэргээр харилцан ашигтай хамтран ажиллана.
  5. “Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Соёл, мэдээлэл, залуучуудын бодлогын яам хоорондын Санамж бичиг”-т Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Ундрам, Бүгд Найрамдах Киргиз Улсын Соёл, мэдээлэл, залуучуудын бодлогын сайд Мамбеталиев Мирбек Кемелович, Соёлын биет болон биет бус өвийг хамгаалах, ардын гар урлал, утга зохиол, хэвлэл мэдээлэл, дүрслэх урлаг, хөгжим, театр, цирк, гоёл чимэглэлийн урлаг, кино урлаг, медиа чиглэлээр туршлага солилцох, уран бүтээлчид болон урлагийн авьяастнуудыг дэмжих, соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн бусад салбарт хамтран ажиллана.
  6. “Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Цахим хөгжил болон дэвшилтэт технологийн яам хоорондын Цахим шилжилтийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг”-т Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Энхбаярын Батшугар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Цахим хөгжил, дэвшилтэт технологийн сайд Жамангулов Азамат Саадатбекович, Нийтийн мэдээллийн дэд бүтэц болон түүнд хамаарах тогтолцоог хөгжүүлэх чиглэлд харилцан туршлага солилцох боломж бүрдэнэ. Мөн үндсэн болон дэмжих системүүдийн хүрээнд нөгөө талын сонирхсон шаардлагатай цахим системийг нийлүүлэх боломж нээгдэнэ.
  7. “Монгол Улсын Аюулгүй байдал судлалын хүрээлэн болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратегийн үндэсний хүрээлэн хоорондын Хамтын ажиллагааны санамж бичиг”-т Монгол Улсын Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн дарга Ганхуягийн Ганболд, Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дэд дарга, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратегийн үндэсний хүрээлэнгийн захирал Баетов Аяз Батыркулович, Олон улсын харилцаа, дэлхий дахины болон бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн хөгжлийн хүрээнд судалгааны ажлын үр дүнг солилцох, дээрх чиглэлээр эрдэм шинжилгээний бага хурал, семинар, дугуй ширээний уулзалт, академик хэлэлцүүлэг хийх, бүс нутгийн болон олон улсын шинж чанартай арга хэмжээг хамтран зохион байгуулах зэрэг боломж бүрдлээ.
  8. “Хамтран ажиллах тухай Монгол Улсын их сургууль, Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний их сургууль хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Боловсролын сайд Пүрэвсүрэнгийн Наранбаяр, Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний их сургуулийн ректор Чонтоев Догдурбек Токтосартович, Киргизийн Үндэсний их сургуулийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны дээд сургуулийн дор “Монгол-Киргизийн боловсрол, соёлын төв” байгуулж, “Монгол судлал”-ын хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хоёр улсын ард түмний нийтлэг түүх, соёлын өв болох нүүдэлчдийн соёл иргэншил болон монгол судлалыг сурталчилах, хөгжүүлэх хэлний солилцоог дэмжих, хамтарсан эрдэм шинжилгээний хурал, семинар, үзэсгэлэн болон бусад арга хэмжээ зохион байгуулах замаар эрдэм шинжилгээ, соёлын солилцоог хөгжүүлнэ.
  9. “Монгол Улсын Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар болон Бүгд Найрамдах Киргиз Улсын “Нарын” муж дахь Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн Бүрэн эрхт төлөөлөгчийн газар хоорондын Хамтран ажиллах тухай санамж бичиг”-т Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Содномын Ганхуяг, Бүгд Найрамдах Киргиз Улсын Нарын муж дахь Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн Бүрэн эрхт төлөөлөгч Сатаров Нурбек Бейшеналиевич, Орон нутгийн хамтын ажиллагааг эхлүүлж, аймгууд болон иргэд, аж ахуйн нэгж хоорондын эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуйн шууд хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
  10. “Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Шинжлэх ухааны академи хоорондын Хамтын ажиллагааны хэлэлцээр”-т Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Содномсамбуугийн Дэмбэрэл, Бүгд Найрамдах Киргиз Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Абдрахматов Канатбек Ермекович,Шинжлэх ухааны судалгаа, хөгжлийн салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  11. “Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Б.Джамгырчиевийн нэрэмжит Түүх, археологи, угсаатны судлалын институт хоорондын Хамтын ажиллагааны хэлэлцээр”-т Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн захирал Гэлэгдоржийн Эрэгзэн, Бүгд Найрамдах Киргиз Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Абдрахматов Канатбек Ермекович, Эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын чиглэлээр цогц ажил хийнэ. Археологийн олдворын судалгааны үр дүн, орчин үеийн тайлбар агуулсан мэдээлэл, шинжлэх ухааны хэвлэл, лавлах ном болон бусад мэдээллийг тогтмол солилцох, харилцан сонирхсон судалгааны төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, талуудын номын сан, архивын санд судлаачид, аспирантуудын ажиллах боломжийг дэмжих зэргээр хамтарна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Жапаров нар “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосноо зарлалаа

2025.07.22. Киргиз. Бишкек.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө. Төрийн тэргүүн нарын хэлсэн үгнээс хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, Энд хүрэлцэн ирсэн хэвлэлийн төлөөлөгчид өө, Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар Тэнгэр уулын энгэр, Иссык-Куль нуурын эрэгт орших Төв Азийн түүх, соёлын өлгий нутаг, байгалийн үзэсгэлэнт Киргиз Улсад төрийн айлчлал хийж, эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны манлайлал дор өдрөөс өдөрт цэцэглэн хөгжиж буй танай сайхан улсын хөгжил дэвшил, Киргизийн найрсаг ард түмний ахуй амьдрал, түүх соёл, ёс заншилтай ойр дотно танилцаж буйдаа сэтгэл өндөр байна. Манай төлөөлөгчдийг найрсаг, халуун дотноор хүлээн авч буй Киргиз Улсын төр, Засгийн газар болон ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэхүү төрийн айлчлал нь нүүдлийн соёл иргэншил, түүхэн үнэт зүйлсээрээ гүнзгий хэлхээ холбоотой явж ирсэн, уламжлалт сайхан харилцаатай манай хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг улам бүр бататган бэхжүүлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйд баяртай байна. Киргиз Улсын Ерөнхийлөгч, миний дотны нөхөр Садыр Жапаров Таны 2023 онд манай улсад хийсэн анхны төрийн айлчлал үр дүнтэй, амжилттай хэрэгжиж, манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн, шинэ шатанд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Хоёр улсын төрийн тэргүүн богино хугацаанд ийнхүү харилцан төрийн айлчлал хийж буй нь харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөөх Та бидний хүсэл эрмэлзлийн тод илэрхийлэл хэмээн үзэж байна. Айлчлалын хүрээнд эрхэм Ерөнхийлөгч Та бид, хоёр улсын найрсаг харилцааг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэн хөгжүүлэх түүхэн шийдвэр гаргалаа. Өнөөдөр бид өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт амжилт болон төрийн тэргүүн нарын ярьж тохирсон ажлуудын хэрэгжилтийг дүгнэн, ирэх он жилүүдэд хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойллоо. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны 2023 онд манай улсад хийсэн төрийн айлчлалын үеэр эдийн засаг, хөдөө аж ахуй, байгаль орчин, ургамлын хорио цээр зэрэг салбарын хамтын ажиллагааны үндэс суурийг тавьж, Засгийн газар болон байгууллага хоорондын хэд хэдэн гэрээ, хэлэлцээр байгуулсан билээ. Тэгвэл энэ төрийн айлчлалаар “Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа. Мөн Монгол, Киргизийн харилцааг хууль, эрх зүй, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, шинжлэх ухаан, цахим шилжилт зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичигт нэмж гарын үсэг зурлаа. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч  өө, Монгол, Киргизийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлийг онцлон тэмдэглэж, өндрөөр үнэлж байна. Та бидний ярьж тохирсон ажлууд эхнээсээ бодит ажил хэрэг болж буйд баяртай байна. Та бид эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаарч, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхээр тохирсны дагуу хонь, ямаа, үхэр, адууны мах, махан болон дайвар бүтээгдэхүүн Киргиз Улсад экспортлох, мөн загас, загасан бүтээгдэхүүн Монгол Улсад нийлүүлэх мал эмнэлгийн олон улсын гэрчилгээнүүдийг баталгаажуулсан. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй  “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд монголын ноос, ноолуурыг Киргизийн хөвөн, нэхмэл утасны үйлдвэрлэлтэй уялдуулан хоёр улсын зах зээлд төдийгүй олон улсад танигдсан сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх, манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болохуйц төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр тохирлоо. Манай улс 80 гаруй сая толгой малтай, жил бүр 20 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөөцтэй. Энэ хүрээнд бид мал үржүүлгийн чиглэлээр хамтран ажиллах, Киргиз Улсад монгол сарлаг, ямаа нийлүүлэх ажлыг эхлүүлэхээр боллоо. Зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүний дотор Монгол Киргизийг холбосон худалдааны дөт зам, шинэ чиглэлийг бий болгох, Бишкек – Өрөмчи – Улаанбаатар чиглэлийн авто коридорыг ашиглах чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдлээ. Соёлын харилцаа, хамтын ажиллагаа нь манай хоёр орны ард иргэдийг холбох “гүүр” байсаар ирсэн билээ. Манай хоёр улс “Соёлын салбарт хамтран ажиллах тухай баримт бичиг” болон “Түүх, археологийн судалгааны хүрээлэн хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр” байгууллаа. Монгол Улсын Үндэсний урлагийн их театр анх удаа Киргиз Улсад уран бүтээлээ толилуулж, мөнх хөх тэнгэрийн орон, тал нутгийн аялгуугаар Киргиз анд нөхдийнхөө сонорыг мялаан, сэтгэл хөдлөм сайхан дурсамжийг хамтдаа бүтээж байгаад баяртай байна. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Та бид Монгол, Киргизийн харилцааг боловсрол, соёл, шинжлэх ухаан, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаагаар баяжуулахаар тохирсон нь бодит ажил хэрэг боллоо. Мөн хоёр улсын Засгийн газрын тэтгэлгээр энэ хичээлийн жилээс эхлэн монгол, киргиз хэл судлалын чиглэлээр оюутнууд харилцан сургахаар тохиролцлоо. Эрхэм Ерөнхийлөгч Таны Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд ярилцаж тохиролцсоны дагуу “Монгол-Киргизийн аялал жуулчлалын форум”-ыг 2024, 2025 онд Улаанбаатар, Бишкек хотноо амжилттай зохион байгуулсан. Тэгвэл энэ удаагийн айлчлалын хүрээнд Монгол-Киргизийн бизнес форум, морин хуурын үзэсгэлэн худалдаа болон фото зургийн үзэсгэлэнг зохион байгуулсан нь хоёр орны бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн хэлхээ холбоог улам бүр бэхжүүлэхийн зэрэгцээ улс орноо харилцан сурталчлан таниулах, нүүдлийн соёл иргэншил, зан заншилд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Энэ ялдамд Киргиз Улсад үйл ажиллагаа эрхэлж буй Монголын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг бүхий л талаар дэмжин, хамтран ажиллаж буй Киргизийн талд талархал илэрхийлэхийн зэрэгцээ Киргизийн найрсаг ард иргэдийг манай сайхан оронд өргөнөөр зочлохыг  урьж байна. Киргизийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлж байна. Монголын гоо сайхны болон эм, эмийн бүтээгдэхүүн Киргизийн зах зээлд хэдийнээ танигдсаныг  сонсоход таатай байна. Цаашид эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх, Киргизийн эмч, мэргэжилтнүүдийг сургах, дадлагажуулах, туршлага солилцох зэргээр хамтран ажиллахын төлөө байна. Бид цахим хөгжил, инновацын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулж, төрийн үйлчилгээг цахимжуулах, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдал зэрэг чиглэлд хамтран ажиллахаар тохирлоо. Айлчлалын хүрээнд хоёр улсын орон нутаг, муж хооронд ах, дүүгийн харилцаа тогтоох, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хоёр баримт бичгийг байгуулж, орон нутаг, муж хоорондын цаашдын хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа. Хоёр улс уур амьсгалын өөрчлөлттэй хамтран тэмцэх, хүрээлэн буй орчныг хамгаалахад хамтын хувь нэмэр оруулахаар тогтож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Киргизийн “Ногоон өв” санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаар санал нэгдлээ. Түүнчлэн манай хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болох “Монгол-Киргизийн найрамдлын төгөл” цэцэрлэгт хүрээлэнг Монгол Улсад байгуулахаар боллоо. Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхээ харилцан нотоллоо. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, Тантай Монгол, Киргизийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан шат ахиулж, Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэж, түүхийн нэгэн шинэ хуудсыг хамтдаа нээж буйдаа сэтгэл хангалуун байна. Бидний яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард түмний сайн сайхны төлөө биеллээ олж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэл дүүрэн байна. Манай хоёр ард түмний найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, Монгол, Киргизийн ахан дүүсийн харилцаа, хамтын ажиллагаа өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай. Анхаарал хандуулсанд баярлалаа.

БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ САДЫР ЖАПАРОВ:

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, хатагтай, ноёд оо, Энэ өдөр Киргиз, Монголын харилцаанд онцгой ач холбогдолтой, түүхэн үйл явдал болж байна. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч, миний дотны найз анх удаа манай улсад төрийн айлчлал хийж байгааг сэтгэл дүүрэн хүлээж авч байгаадаа баяртай байна. Энэ түүхэн үйл явдал нь бид харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэл дүүрэн байгааг гэрчилж байна. Киргиз, Монголын ард түмэн түүх, соёлын гүн гүнзгий үндэс, нүүдэлчдийн оюун санааны үнэт зүйлсээр холбогдсон нь бидний харилцааны бодит чанарыг тодорхойлж байна. Сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, харилцан итгэлцэл, хүндэтгэл, дэмжлэг бүхий хэлхээ холбоогоор өргөжин хөгжиж байна. Өнөөдөр Монгол Улсын эрхэм Ерөнхийлөгчтэй хийсэн яриа хэлэлцээ нээлттэй, найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болсныг сэтгэл хангалуун тэмдэглэж байна. Хэлэлцээний үеэр улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, хүмүүнлэгийн болон бусад чиглэлээр санал бодлоо дэлгэрэнгүй солилцлоо. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч бид хоёр Киргиз, Монголын хооронд “Иж бүрэн түншлэл” тогтоох тухай хамтарсан Тунхаглалд гарын үсэг зурлаа. Бат бөх нөхөрлөлд суурилсан хамтын ажиллагаа маань “Иж бүрэн түншлэл” гэсэн шинэ шатанд гарч, цаашид цэцэглэн хөгжих болно. Өндөр, дээд түвшинд тогтмол айлчлал хийх, Парламент болон байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал гэдгийг онцоллоо. Харилцаа, хамтын ажиллагааны чухал механизм болох Парламент хоорондын яриа хэлэлцээ, нягт хамтын ажиллагааг бүрэн дэмжихээ нотоллоо. Эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчин бий болгоё гэдэгт бүрэн санал нэгдлээ. Бодит үр дүнд хүрэхийн тулд хоёр улсын аж ахуйн нэгжүүд “Бизнес форум”-ыг амжилттай зохион байгуулж байна. Худалдаа, эдийн засгийн томоохон боломжийг нээж, бизнес эрхлэгчид шууд холбоо тогтоон, цаашид өргөжүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ. Яриа хэлэлцээний үеэр тээврийн харилцааг хөгжүүлэх, тэр дундаа логистикийн салбарын хэтийн төлөв, тээврийн коридор нээх талаар санал солилцлоо. Манай улсын оролцоотойгоор олон улсад өрсөлдөх чадвартай шинэ чиглэл бий болгох нь хамгийн чухал ажлын нэг гэж үзэж байна. Уул уурхайн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхлоо харилцан илэрхийллээ. Энэ салбарт төсөл хэрэгжүүлэх туршлагаа солилцож, бодит үр дүнд хүргэх талаар ярилцлаа. Эрдэмтэд, шинжлэх ухааны салбарынхны солилцоог эрчимжүүлэх, боловсролын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага хоорондын харилцааг хөгжүүлэхэд онцгой анхаарах нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ. Бүтээлч залуусын харилцаа холбоог бэхжүүлэх нь чухал гэдгийг онцолж, түүх, соёлын өвийг хадгалах, ард түмнийхээ оюун санааны нийтлэг зүйлсийг сурталчилахад чиглэсэн төслүүдийг дэмжихээр боллоо. Эрхэм хүндэт хэвлэл мэдээллийн төлөөлөгчид өө, Хэлэлцээний үеэр бид олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцож, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн, бие биеэ харилцан дэмжихээ нотоллоо. Киргиз Улс Евразийн бүрэн эрхт гишүүний хувьд тус байгууллагатай Монгол Улсын хэрэгжүүлж буй эдийн засгийн интеграци болон хамтын ажиллагааг дэмжихээ илэрхийллээ. Энэ хүрээнд Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд энэ оны зургаадугаар сард байгуулсан Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ боломжийг нээсэн чухал үйл явдал гэж үзэж байна. Бид хоёр орны олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө тууштай ажиллахаа нотолж байна. Хоёр орны эрх ашигт нийцсэн олон бүтээн байгуулалт, төлөвлөгөө бидэнд байна. Хоёр улс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх хөгжүүлэх хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурлаа. Эдгээрийг бодит ажил хэрэг болгох нь ард түмний найрамдал нөхөрлөл, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх үндэс суурь болно гэж үзэж байна. Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо, Монгол Улсын эрхэм хүндэт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийж буй төрийн айлчлал нь манай хоёр улсын хамтын ажиллагаа батжин бэхжиж, өргөжин хөгжихийн тод бэлгэ тэмдэг боллоо. Харилцан найрамдал, хүндэтгэлд суурилсан, ард түмнийхээ эрх ашгийг дээдэлсэн хамтын ажиллагаа өргөжин хөгжих болтугай. Анхаарал хандуулсанд баярлалаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Парламентын даргыг хүлээн авч уулзлаа

2025.07.22. Киргиз. Бишкек. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр тус улсын Парламент Жогорку Кенешийн дарга Н.Тургунбек-ийг хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын төрийн тэргүүний албан ёсны хэлэлцээ үр дүнтэй болсныг онцоллоо. Тэрбээр нүүдлийн соёл иргэншил, түүх, ёс заншил зэрэг ижил төстэй үнэт зүйлстэй уламжлалт найрсаг харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд бүх  салбарт өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцсоныг тэмдэглэв. Хоёр улсын харилцаанд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэхийг хэлж, Парламентын дарга нарын 2024 онд хийсэн харилцан айлчлал харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсныг онцоллоо. Жогорку Кенешийн дарга Н.Тургунбек, Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалд Киргизийн төр, засаг, хууль тогтоох дээд байгууллага өндөр ач холбогдол өгч буйг онцолж, Парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Талууд хоёр улсын харилцааны эрх зүйн таатай орчныг улам бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллага хооронд харилцан айлчлал хийх, туршлага солилцох зэргээр нягт хамтран ажиллахын төлөө байгаагаа нотоллоо. Тургунбек уулу Нурланбек 2022 онд Парламентын дарга болсон. Парламент Жогорку Кенеш нь нэг танхимтай, намын жагсаалт, тойрог буюу холимог тогтолцоотой, таван жилээр сонгогддог 90 гишүүнтэй юм. Сүүлийн хоёр удаагийн сонгуульд манай улсын туршлагаар сонгуулийн санал хураах технологи, иргэний бүртгэлийн системийг ашигласан нь үр дүнд хүрсэн гэж үздэг байна. Киргизийн талаас 2004 онд Парламентын Доод танхимын Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Борубаев, 2004 онд Парламентын дарга Н.Шакиев манай улсад айлчилж байжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа

2025.07.22. Киргиз. Бишкек. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Адылбек Касымалиевийг хүлээн авч уулзлаа. Монголын төлөөлөгчдийг элэгсэг дотноор хүлээн авч буй Киргизийн төр, засаг, ард түмэнд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ. Энэ удаагийн айлчлалаар уламжлалт найрсаг харилцааг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн нь харилцааны түүхэнд тодоор  бичигдэж, хамтын ажиллагааны шинэ үеийг эхлүүлж байгааг онцоллоо. Мөн Монгол, Киргизийн эрх зүйн үндсийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар, байгууллага хоорондын 10 гаруй баримт бичигт гарын үсэг  зурсныг тэмдэглэлээ. Төрийн тэргүүн нарын харилцан тохиролцсон зүйлсийг ажил хэрэг болгох, харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд хоёр улсын Засгийн газар нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа хэлэв. Дарга А.Касымалиев, сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж, Засгийн газар хоорондын комиссын ажил эрчимжиж буйг тэмдэглэж, худалдаа, эдийн засаг, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, соёл, байгаль орчин зэрэг салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Киргиз Улсад Засгийн газрын тэргүүн-Сайд нарын танхимын дарга, гишүүдийг Парламентын зөвшөөрлөөр Ерөнхийлөгч томилдог. Сайд нарын танхимын дарга нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албыг давхар гүйцэтгэдэг. Адылбек Касымалиев 2024 оны 12 дугаар сард энэ албанд томилогджээ.

Хариулт үлдээнэ үү

Элсэн дугуй ХХК, dailypost.mn | Newsphere by AF themes.
Translate