Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний үйлдвэрүүдэд ажиллалаа…
-Цалуут импекс ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт ажиллав-
2022.10.17. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний салбарын үйлдвэрүүдэд ажиллалаа. Цалуут импекс ХХК-ийн мах боловсруулах үйлдвэр хоногт 1,000 бог, 250 бод ангилан боловсруулах хүчин чадалтай. Хоногт 60 тонн мах гүн хөлдөөж, 500 тонн мах хадгалах агуулахтай. Мөн хоногт 15 тонн мах дулааны аргаар боловсруулах цехтэй. Бүтээгдэхүүнээ томоохон сүлжээ дэлгүүрээр борлуулж, уул уурхайн болон бусад аж ахуйн нэгж, байгууллагад нийлүүлдэг. Иран болон Төв Азийн орнуудад халал аргаар бэлтгэсэн мах нийлүүлж, БНХАУ руу дулааны аргаар боловсруулсан мах экспортлохоор төлөвлөж байна. Зах зээлд байгаа махны 90 хувийг гар аргаар бэлтгэсэн малын мах эзэлдэг бөгөөд энэ эрүүл ахуйн болон чанарын наад захын шаардлага хангадаггүй. Иймээс үйлдвэрийн аргаар бэлтгэхийг дэмжих нь зүйтэй гэж Цалуут импекс ХХК-ийн удирдлагууд үзэж байна. Тухайлбал төсвийн байгууллагууд болон сургууль, цэцэрлэгүүд хэрэгцээт махаа мах боловсруулах үйлдвэрүүдээс авдаг байх хувилбарыг санал болгов. Улсын хэмжээнд мал төхөөрөх 100 орчим, мах боловсруулах 90 орчим, дулааны аргаар мах боловсруулах 80 гаруй үйлдвэр, цех бүртгэлтэй байна. 2021 онд нийт бэлтгэсэн махны 3.4 хувьтай тэнцэх махыг дотоодын үйлдвэрүүд үйлдвэрийн аргаар боловсруулжээ.
-М-Си-Эс-ийн Кока Кола компани 950 хүнийг ажлын байраар хангаж байна-
2022.10.17. Монгол Улс. Улаанбаатар хот. 2018 оноос Элсэн чихрийн агууламжийг бууруулах хөтөлбөрийн хүрээнд жил бүр 1-2 төрлийн амтыг бууруулж байхаар төлөвлөжээ. Компани өнгөрсөн хугацаанд Үйлдвэрийн хаягдал ус цэвэршүүлэх байгууламж, Хийн түлшээр ажилладаг утаагүй уурын зуухыг ашиглалтад оруулаад байна. Мөн 2030 он гэхэд борлуулсан ундааны бүх хуванцар саваа дахин боловсруулах зорилт тавьж, Хуванцрын хаягдалгүй дэлхий хөтөлбөр хэрэгжүүлж байгаа тухай гүйцэтгэх захирал Л.Мягмаржав танилцуулав. Хүнсний тухай хуулийн импортлох хүнсний хадгалах хугацааны 2/3 нь хүчинтэй хугацаа байх гэсэн заалтыг мөрдөхөд тээвэрлэлт, хил, гаалийн асуудлаас шалтгаалан хүндрэл үүсэж байна. Иймээс импортлох хүнсний түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүнийг тусад нь авч үзэж, хуулийн энэ заалтыг өөрчлөх шаардлагатай байгааг хэллээ. Ирэх таван жилд 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээ хангаж, улмаар экспортлогч орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, баялаг бүтээгчид чухал хувь нэмэр оруулна гэж үздэгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэллээ. Иймээс төр, засгийн зүгээс хууль эрх зүйн орчныг сайжруулж, урт хугацаатай, хүү багатай зээл олгох, татварын бодлогоор дэмжих гээд цогц арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг тэмдэглэв.
-Үлэмж органик ХХК болон Баялаг фийд ХХК-д ажиллалаа-
2022.10.18. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр Үлэмж органик ХХК болон Баялаг фийд ХХК-д ажиллалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч цар тахлын хүнд жилүүдэд үйл ажиллагаагаа тасалдуулалгүй, олон арван хүний ажлын байрыг хадгалж байгаа аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад талархал илэрхийлэв. Цаашид Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд үйлдвэрлэгчдээ бүх талаар дэмжихийн зэрэгцээ, иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр хангахын төлөө төр, хувийн хэвшил хамтдаа хүчин чармайх нь чухал байгааг хэлэв. Үлэмж органик ХХК 11 нэр төрлийн 30 шилэн савлагаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Монтаримал ХХК-ийн ферм нь жилд 370 гаруй тонн сүү, 7 тонн мах үйлдвэрлэдэг. Мөн 310 га талбайд тэжээлийн манжин, овъёoс, вандуй, арвай зэрэг тэжээлийн ургамал тариалж, жилд 700 тонн дарш, 550 тонн ногоон тэжээл, 100 тонн байгалийн хадлан бэлтгэдэг байна. Улаан буудайн болон сүүний урамшуулал өгч байгаа нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд томоохон дэмжлэг болж байгааг Үлэмж органик ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Далайжаргал хэллээ. Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд дотоодын аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлээ өргөтгөх, шинэ техник, технологи нэвтрүүлэх боломж бүрдэж байгааг хэлэв. Цаашид малын тэжээл, бордоог НӨАТ-аас чөлөөлөх, хуурай сүүний импортыг бууруулах, хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлбэл аж ахуйн нэгжүүд ирэх таван жилд 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангаж чадна гэж үздэгээ Ерөнхийлөгчид танилцуулав. Баялаг фийд ХХК 2018 оноос эрчимжсэн аж ахуйн нэгжүүдэд уураг, амин дэм, витаминаар баялаг бүтээгдэхүүн нийлүүлж байна. Үйлдвэр нь өдөрт 240 тонн, сард 5,000 тонн бүрэн найрлагат тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай. Өндөглөгч шувууны 50 гаруй аж ахуйн нэгж, 300 гаруй иргэнд сар бүр 600 тонн өндөглөгч шувууны тэжээл борлуулдаг. Мөн махны шувуу, гахай, адуу, үхэр, хонины аж ахуйнуудад тэжээлээ нийлүүлдэг байна. Дотоодын аж ахуйн нэгжүүд шувууны тэжээлийн зах зээлийг 100 хувь хангадаг юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр Гацуурт хүнс ХХК-д мөн ажиллав.