11 сар 17, 2024

Тэтгэвэр, тэтгэмж нэмэгдлээ…

2022.01.31. Төрийн ордон. Улаанбаатар хот. Монгол улс. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өгсөн чиглэлийн дагуу УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар ахмад настан, халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэхтэй холбоотой хуулийн төслийг хэлэлцэн батлав. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Засгийн газрын гишүүдтэй уулзаж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тодорхой чиглэл өгсөн. Монгол Улсын Ерөнхийлөгч нийгмийн зорилтот бүлгүүд, ялангуяа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон юм. Засгийн газрын өргөн мэдүүлсний дагуу УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

-Тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэхийг чиглэл болгов-

2022.01.26. Төрийн ордон. Улаанбаатар хот. Монгол улс. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын зарим гишүүдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр цар тахлын өнөөгийн нөхцөл байдал, үүний улс орны нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагавар, ялангуяа инфляцаас үүдсэн үнийн өсөлттэй холбогдуулан яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцав. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх инфляцын түвшин нэмэгдэж, 2021 онд улсын хэмжээнд 13,4 хувьд хүрсэн нь бага, дунд орлоготой иргэдийн амьжиргааг хамгаалах шаардлагыг зүй ёсоор бий болгож байгааг онцоллоо. Иймд нийгмийн зорилтот бүлгүүд, тухайлбал ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болголоо. Мөн инфляцын дарамтыг бууруулахын тулд хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадавхыг сайжруулах, импортын барааны үнийн өсөлтөөс сэргийлэх, шатахууны үнийг тогтворжуулах, үнийн зохиомол хөөрөгдөлд хяналт тавих зэрэгт онцгой анхаарал хандуулж ажиллахыг Ерөнхий сайдад зөвлөлөө. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хуулийн хүрээнд өгсөн дээрх чиглэлийг яаралтай судлан үзэж, шийдвэрлэнэ гэдгээ засгийн газар илэрхийлэв. Мөн Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эдийн засгийн эрчимтэй өсөлтийг дэмжихэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа гэлээ. Мөн Оюу толгой төслийн гүний уурхайн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт өчигдөр эхэлсэн талаар танилцуулж, төслийн хэлэлцээр цаашид байгаль орчны нөхөн сэргээлтийг сайжруулах, зэсийн үйлдвэр байгуулах, говийн бүсэд усны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр үргэлжилнэ гэдгийг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оюу толгой төслийн хэлэлцээрт гарсан үр дүн нь монгол хүн баялагтаа эзэн байх зорилтыг биелүүлэхэд чухал алхам болж буйг тэмдэглэж, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар, хэлэлцээрт хүчин чармайлт гарган оролцсон талуудад баяр хүргэв. Цаашид Оюу толгой төслийн Монгол Улсад өгөх үр өгөөжийг нэмэгдүүлэх, улам боловсронгуй болгох чиглэлд санаачилгатай ажиллахыг хүслээ. Мөн Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын чухал бүтээн байгуулалт болох Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан хийн хоолой барьж байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг баталсныг сайшаав. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цар тахлаас үүдэн улс оронд үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийж, бодлогын реформ хийх, ялангуяа, үндэсний аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн хэсэг болох хүнсний аюулгүй байдлыг дотоодоосоо найдвартай хангах, үйлдвэрлэгч орон болох зорилтуудыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллах нь чухал болоод буйг тэмдэглэв. Уулзалтад Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан зэрэг албаны хүмүүс байлцлаа.