Үндсэн хуулийн өдөр тохиож байна…
Монгол Улс 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталснаас хойш 1940, 1960, 1992 онуудад 3 удаа шинээр Үндсэн хуулиа баталсан түүхтэй. 1980-аад оны сүүлчээс Монгол оронд өөрчлөлт, шинэчлэлтийн уур амьсгал өрнөсөнтэй уялдан 1990 онд Үндсэн хуулийг шинэчлэн боловсруулах ажил эхэлсэн юм. БНМАУ-ын Бага хурлаар хэлэлцсэн Үндсэн хуулийн төслийг хүлээн авсан БНМАУ-ын Ардын Их Хурал 76 хоног хуралдаж 1992.01.13-ны өдөр ардчилсан шинэ Үндсэн хуулийг оршил, 6 бүлэг, 70 зүйлтэйгээр баталсан байдаг. Энэхүү үндсэн хуулийн оршилд хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон тунхагласан юм. Уг үндсэн хууль бүхэлдээ хүний жам ёсны эрхийг тэргүүн зэрэгт тавьж, улс төрийн ардчилал, олон ургалч үзэл, эдийн засгийн чөлөөт байдал, төрийн эрх мэдэл хуваарилах, нутгийн өөрөө удирдах ёс, хараат бус, шударга, бие даасан шүүхийн тогтолцоо, Үндсэн хуулийн хяналтын институтыг анх удаа баталгаажуулсан юм. Монгол Улсын Их Хурал 1992 оны Үндсэн хуульд 2000 болон 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Өнөөдөр энэхүү ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ой тохиож байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар нэгдүгээр сарын 13-ны өдрийг Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэх болжээ. Дашрамд дурдахад, Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой хоёр жилийн өмнө тохиоход, Монгол Улсын Үндсэн хуулийн хөгжлийн түүхийг харуулсан үзмэр бүхий бичил үзэсгэлэнг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар Цэцийн ордонд нээн ажиллуулав. Үзэсгэлэнд Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичгийг дармаллах тухай Богд хааны зарлиг, түүнд шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны бүтэц, эрхлэн шийтгэх хэргийн тухай хэрхэн заасан, тэр үед хэрэглэж байсан төрийн бэлгэ тэмдэг бүхий зургийг дэлгэн үзүүлсэн байдаг. Мөн 1924 оны Үндсэн хуулийн бичмэл эхийн хуулбар, Анхдугаар Үндсэн хууль боловсруулах комиссын зарим гишүүд болон төрийн бэлгэ тэмдгийн зургийг байршуулсан байна. Үзэсгэлэнд 1940, 1960, 1992 оны Үндсэн хуультай холбоотой зарим баримт бичиг, гэрэл зураг, төрийн бэлэг тэмдгийн зургийг дэлгэн үзүүлж байсан юм.