11 сар 17, 2024

Польшийн Ерөнхийлөгч Андрей Дудатай уулзлаа

2021.09.21. АНУ. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Андрей Дудагийн хүсэлтээр уулзаж харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.Бүгд Найрамдах Польш Улс Монгол Улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгч, Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа дахин нээхээр болсонд талархал илэрхийлэв. Мөн дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалах, уламжлалт, найрсаг харилцааг харилцан сонирхсон бүх салбарт бэхжүүлэхэд бэлэн байгааг тэмдэглэв. Төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, тэр дундаа орчин үеийн дэвшилтэт технологи бүхий экспортын баримжаатай жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр хамтрах талаар Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар хэлэлцэнэ гэдэгт найдаж байгааг илэрхийлэв. Польшийн тал ойрын хугацаанд өндөр түвшний айлчлал хийж, Элчин сайдын яамаа албан ёсоор нээх болсныг Ерөнхийлөгч Андрей Дуда хэллээ. Хоёр улс эдийн засаг, шинжлэх ухаан, залуучуудын солилцооны хөтөлбөрөөр харилцаа, хамтын ажиллагаагаа баяжуулах  зэрэг санал тавилаа.