Ганжуур ба Данжуур
Монголын ард түмэн эрт дээр үеэс ном сударт хүндэтгэлтэй хандаж түүнийг тууривах үйлсэд хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэл харамгүй зориулж ирсэн. Үүний ачаар олон тооны судар тэртээгээс өнөөг хүртэл үе уламжлагдан ирж, уншдаг ном бус урлагийн бүтээл болсон байна. Тэдгээрээс дурдвал, Ганжуур, Данжуурын хөлгөн судруудыг нэрлэж болох юм. Ганжуурыг бурхан багшийн айлдвар гэж нэрийддэг. Тиймээс ч Энэтхэг, Жагарын орноос гаралтай гэж ойлгож болно. Бурхан багшийг таалал төгссөнөөс хойш ганжуурыг ПАЛИ хэл дээр сударт буулгажээ. Энэ хэлнээс бусад улсууд өөрийн орны хэл рүү хөрвүүлж орчуулсан байдаг юм. Ганжуурыг монгол хэлнээ орчуулсан уламжлал маш эртнийх. Ганжуур нь анх 2500 жилийн тэртээ Энэтхэг, Жагарын оронд зохиогдсон 108 боть хөлгөн судар юм. Ганжуурыг анх Санскрит Төвд хэлнээс Өгөөдэй хааны зарлигаар Чу мэргэн эх хэлнээ орчуулж, Лигдэн хааны үед алтаар урлаж байсан гэлцдэг. Мөн манай улсад боловсруулсан хар цаасан дээр мөнгө, оюу, шүр, сувд, дун, алт, зэс, номин зэрэг есөн эрдэнээр үсэг, мөр сэлгүүлэн бичсэн Ганжуурын хөлгөн судар ч бий. Бурхан багшийн айлдвар буюу Ганжуурын хураангуйд шинжлэх ухааны их, бага 10 салбар багтдаг байна. Их таван ухаанд: дуун ухаан, учир шалтгааны ухаан, урлахуйн ухаан, анагаах ухаан, сэтгэл шинэчлэл зэрэг багтжээ. Бага таван ухаанд яруу найраг, бүжиг, одон орон зурхай судлал, уран барилга зэрэг багтдаг байх юм.
Данжуур нь эдгээр их, бага таван ухааны тайлбарыг багтаасан 225 боть бүхий Ганжуурын тайлбар зохиол юм. Тус хөлгөн судар 3427 нэр төрлийн ном зохиолыг багтаасан 107 мянга 839 хуудастай. Төвд Данжуурын монгол хэлнээ орчуулах ажлыг 14 зууны үеэс эхлүүлсэн ч тухайн үед бүтнээр нь орчуулж дуусгаагүй юм. Харин 1742 онд энэ судрын 200 орчуулгыг Монгол Улсын бүх газраас нэгтгэн цуглуулж эх хэлнээ хөрвүүлэх ажил эхэлсэн юм. Халх монгол, Өвөр монгол, Буриад монгол, Ойрад монголоос эрдэмтэд чуулж төвд хэлнээс монгол хэлнээ буулгасан гэж хэлж, ярьж бичих нь ч бий. 1976 онд данжуурыг монгол хэлнээ бүтнээр нь орчуулж дуусган модон бараар 225 боть хэвлэсэн байдаг. Энэ бүтээлүүд Үндэсний номын санд хадгалагдаж ирсэн. Төв номын санд хадгалагдаж байсан Ганжуур, Данжуурын эртний орчуулгуудыг нэгтгэн 400 боть болгож, олны хүртээл болгох ажил 2007 оноос эхэлсэн байдаг. Үүнд Ганжуурын 108 боть, Данжуурын 225 боть, Богд Зонховын 20 боть, Жанжаа Хутагтын 9 боть, Ловон Бадамжунайн нууц тарни багтаж байв. Эдгээр 400 ботийн эхний 30 нь 2008 онд хэвлэлтээс гарч, үлдсэн ботиуд 2010 онд хэвлэгдэж дуусна гэж тухайн холбогдох хүмүүс ярьж байлаа. Ийнхүү манай улс ганжуур, данжуурыг эртний орчуулгуудыг орчин цагийн монгол хэлнээ хөрвүүлж уншигчдын хүртээл болгоод багагүй хугацаа өнгөрлөө. Тэгвэл Ганжуурын эртний гар бичмэлийн 113 боть өнөөг хэр нь ОХУ-ын Санкт-Петербургийн их сургуульд хадгалаатай байгаа юм.