НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллана
2026.08.22. Монгол Улс. Улаанбаатар хот. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг Улаанбаатарт зохион байгууллаа. Чуулга уулзалтад 33 улс, 24 хот, 51 олон улсын байгууллага, Монгол улсын дотоодын 23 байгууллагын төлөөлөл оролцсон. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг даргын Тамгын газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь ядуурлыг арилгах, тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалтыг бууруулах, улс орнуудад хөгжлийн үр дүнгээ тогтвортой хадгалахад шаардлагатай чадамжийг бий болгох чиглэлүүдэд дэлхийн 170 орчим улс орон, нутаг дэвсгэрт ажилладаг. Санамж бичиг байгуулснаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Улаанбаатар хотын гэр хорооллын сэргээгдэх эрчим хүчний үйл ажиллагааг өргөжүүлэхэд санхүүжилт татах боломжийг судалж, боломжит санхүүжүүлэгч түншүүдтэй хамтрахад дэмжлэг үзүүлнэ. Мөн олон нийтийн оролцоотой ногоон хөгжлийн загварыг хөгжүүлж, хамтын санхүүжилтээр ногоон цэцэрлэгт хүрээлэн байгуулах, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх юм гэжээ.
