4 сар 26, 2026

Монгол, Казакстаны харилцаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ

2026.04.17. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны 04 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө. Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм. Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Мөн Монгол-Казахстаны бизнес форум болохын зэрэгцээ Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн концер толилуулж, гэрэл зургийн үзэсгэлэн гаргана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно. Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон. Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм. Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа. Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо

2026.04.20. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны 04 дүгээр сарын 20-23-ны өдөр тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо. Энэ айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 34 жил, Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд тус улсад 20 жилийн дараа хийж байгаа айлчлал юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө. Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар санал солилцох юм. Айлчлалын үеэр талууд худалдаа, эдийн засаг, банк, газрын тос, эрчим хүч, хот байгуулалт, шинжлэх ухаан, соёл, залуучууд, спорт, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл, музей зэрэг салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичигт гарын үсэг зурна. Мөн Казахстан-Монголын бизнес форум болохын зэрэгцээ Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн концерт, гэрэл зургийн үзэсгэлэн толилуулна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцохоор төлөвлөж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны 04 дүгээр сарын 20-23-ны өдөр тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо. Энэ айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 34 жил, Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд тус улсад 20 жилийн дараа хийж байгаа айлчлал юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө. Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар санал солилцох юм. Айлчлалын үеэр талууд худалдаа, эдийн засаг, банк, газрын тос, эрчим хүч, хот байгуулалт, шинжлэх ухаан, соёл, залуучууд, спорт, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл, музей зэрэг салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичигт гарын үсэг зурна. Мөн Казахстан-Монголын бизнес форум болохын зэрэгцээ Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн концерт, гэрэл зургийн үзэсгэлэн толилуулна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцохоор төлөвлөж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026.04.20. Казакстан. Астана. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны 04 дүгээр сарын 20-23-ны өдөр тус улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгчийг Астана хотын Нурсултан Назарбаевын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн сайд Е.Кошербаев, Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал нарын албаны хүн угтаж авлаа. Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгнө. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны Парламентын дарга, Ерөнхий сайд нар бараалхаж, харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцохоор төлөвлөж байна. Айлчлалын хүрээнд талууд хоёр улсын эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа хүрээнд Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно. Казахстан нь 1991 оны 12 дугаар сарын 16-нд тусгаар тогтнолоо зарласан. 20 гаруй сая хүн амтай, нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд 9 дүгээрт ордог, манай улстай адил далайд гарцгүй. Ерөнхийлөгчийн засаглалтай. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 5 жил байсныг 2022 онд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 7 жил болгосон. Ерөнхийлөгч К.Токаев мөн онд 7 жилээр дахин сонгогдсон. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 300 тэрбум ам.доллар. Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 14,700 ам.доллар. Эдийн засгийн гол салбар нь байгалийн хий, газрын тос, уул уурхайн бусад олборлолт, машины үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан. Газрын тосны хэмжээгээр дэлхийд 12, чулуун нүүрс 9, уран, вольфрам 1, хром, фосфор 2, тугалга, молибдены нөөцөөр 4 дүгээр байрт ордог. Казахстаны гадаад худалдааны нийт эргэлт өнгөрсөн онд 144 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 80 тэрбум, импорт 65 тэрбум ам.доллар болсон. Хар болон өнгөт метал, хүдрийн түүхий эд, түлш, газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн экспортолж, машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн импортоор авдаг юм байна. Манай хоёр улсын худалдааны эргэлт өнгөрсөн онд 58 сая ам.доллар давсан  нь  2024 онтой харьцуулахад 7.2 хувиар өссөн гэсэн үг юм. Манай улс Казахстанд хүнсний бүтээгдэхүүн, адууны мах, ноос, ноолууран бүтээгдэхүүн, хивс, хивсэнцэр, транзит автомашин нийлүүлж, гурилан бүтээгдэхүүн, чихэр, жимс, цагаан будаа, тамхи, коньяк зэргийг авдаг. Казахстаны 100 хувийн болон хамтарсан хөрөнгө оруулалттай 74 аж ахуйн нэгж манай улсад бүртгэлтэй байна. 2025 онд Казахстанаас 24 мянга гаруй хүн манай улсад, манай мөн тооны иргэн Казахстанд зорчсон. Казахстаны 575 иргэн манай улсад оршин суух эрхтэй бол тус улсад манай 4,000 гаруй иргэн оршин суух эрхтэй юм. 2019 оноос хойш Казахстаны Засгийн газрын тэтгэлгээр жил бүр 25 монгол оюутан суралцдаг болсон.  2024-2025 оны хичээлийн жилд бакалавр, магистрын түвшинд 11 оюутан, 2025-2026 оны хичээлийн жилд 22 оюутан элсэн суралцаж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа

2026.04.21. Казакстан. Акорда. Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Ерөнхийлөгч К.Токаев “Акорда” өргөөндөө албан ёсоор угтаж авлаа. Ерөнхийлөгчийн “Акорда” өргөөний өмнөх талбайд хоёр орны Төрийн далбааг мандуулж, Төрийн хүндэт харуулын захирагч Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар Төрийн хүндэт харуулын цэргүүд болон угтах ёслолд хүрэлцэн ирсэн хоёр талын албан ёсны төлөөлөгчидтэй мэндчилж, дурсгалын зураг авахууллаа. Хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийн, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцож, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчдөд мэдээлэл өгнө. Ерөнхийлөгч К.Токаев Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Дипломат академи төгссөн. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолтой, улс төрийн шинжлэх ухааны доктор. Орос, хятад, англи, франц хэлтэй. 1975 онд ЗХУ-аас Сингапур Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтнаар ажлын гараагаа эхэлсэн байна. Улсынхаа Гадаад хэргийн сайд, Ерөнхий сайд, Сенатын даргаар ажиллаж байгаад 2019 онд төрийн тэргүүнээр сонгогдсон. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу 2022 онд болсон ээлжит бус сонгуульд 81.31 хувийн санал авч дахин сонгогджээ. Казахстаны Ерөнхийлөгчийн “Акорда” өргөө 2004 онд ашиглалтад орсон.  “Цагаан ордон” гэсэн утгатай. Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Ажлын алба байрладаг. 7 давхар энэ өргөө “Гантиг танхим”, “Алтан танхим”, “Зууван танхим”, “Дорнын танхим”, “Зочдын танхим”, “Өргөтгөсөн хэлэлцээрийн танхим”, “Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны танхим” зэрэг 12 өрөөтэй, номын сан, цэцэрлэгт хүрээлэнтэй. Оройн цэнхэр өнгийн бөмбөлөг нь мөнх хөх тэнгэрийг бэлгэддэг бөгөөд  Казахстаны Төрийн далбааны өнгөтэй ижил байдаг. Эрх чөлөө, тусгаар тогтнол, энх тайван, ард түмний эв нэгдлийн илэрхийлэл болгож өргөөний орой дээр нарны цацраг бүхий гэрийн тооно, бүргэдийн дүрсийг байрлуулжээ. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв Азийн бүс нутаг дахь анхны Стратегийн түнш орон Казахстантай харилцаагаа улам бэхжүүлэхийн төлөө гэдгээ нотолж, халуун дотноор хүлээн авч байгаа Ерөнхийлөгч К.Токаев болон Казахстаны төр, засаг, ард түмэнд талархал илэрхийллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд чухал түлхэц үзүүлсэн, онцгой ач холбогдолтойг Ерөнхийлөгч К.Токаев онцлон тэмдэглэлээ. Талууд өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт амжилтаа дүгнэн, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан, бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа. Хоёр улсын Ерөнхийлөгчийн түвшинд харилцан тохиролцсон асуудлууд бодит ажил хэрэг болж байгааг төрийн тэргүүн нар тэмдэглэж, цаашид худалдаа, эдийн засгийн болон бусад бүх салбарт харилцан ашигтай хамтран ажиллах өргөн боломж байгаа  гэдэгт санал нэгдлээ. Хоёр улс харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болохуйц томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо. Худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилтын хүрээнд Монголоос ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн, Казахстанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, улаан буудай зэрэг бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр тохиролцлоо. “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд хамтарсан Замын зураглал гаргахаар боллоо. “Хүннү Эйр” компани Улаанбаатар-Алматы чиглэлд тогтмол нислэг үйлдэж байгаа бол ирэх 6 дугаар сараас Казахстаны “Скат” авиакомпани Улаанбаатар-Астана чиглэлд шууд нислэгээ эхлэхээр боллоо. Баян-Өлгий аймгийн иргэдийн олон жил хүсэж, хүлээж байсан Баян-Өлгий-Өскемен чиглэлийн шууд нислэгийг сэргээж, Баян-Өлгийд Казахстаны Консулын газар байгуулахаар тохиролцлоо. Цаашид зам, тээврийн салбарт тулгарч буй саад бэрхшээлийг арилгах, тээвэр, логистикийн дөт маршрут бий болгох боломжийг судлах Ажлын хэсэг байгуулна. Соёлын харилцаа нь хоёр орны иргэдийг холбосон чухал гүүр болохыг Ерөнхийлөгч нар онцолж, боловсрол, соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарт 2026-2027 онд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө байгуулж буйг сайшаалаа. Монголын оюутан залууст Казахстаны их, дээд сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэйг Ерөнхийлөгч К.Токаев онцоллоо. Монгол Улсад зохион байгуулдаг “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль болон Казахстанд болдог “Нүүдэлчний соёлын наадам”-д төлөөлөгчдөө оролцуулж ирсэн уламжлалаа үргэлжлүүлнэ. Мэдээллийн технологи, уул уурхай, эрүүл мэнд, биеийн тамир, спортын салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Айлчлалын хүрээнд зохион байгуулах бизнес форумд 200 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хамтран ажиллах хүсэл эрмэлзлийн тод илэрхийлэл гэдэгт санал нэгдлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын ивээл дор Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтыг Астана хотноо зохион байгуулж буйг өндөр үнэлж, “Усны олон улсын байгууллага” байгуулах Казахстаны санал, санаачилгыг дэмжихээ илэрхийллээ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Казахстаны Ерөнхийлөгчийн “Хоёр тэрбум мод” төсөлтэй уялдуулах, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ. Талууд Улаанбаатар хотноо үйл ажиллагаа явуулдаг Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг тууштай дэмжинэ. Олон улс, бүс нутгийн түвшинд дэвшүүлсэн санал, санаачилгуудаа харилцан дэмжиж, олон улсын байгууллагуудын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаа нотоллоо.

Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

2026.04.22. Казакстан. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын 18 бичиг баримтад гарын үсэг зурлаа.

  1. “Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих тухай Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Худалдаа, интеграцийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Бүгд Найрамдах Казахстан Улсын Худалдаа, интеграцийн сайд А.А.Шаккалиев,

Худалдааны бүтцийг төрөлжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний эзлэх хувийг нэмэгдүүлэн, худалдаанд тулгарч буй тарифын бус саад тотгорыг үе шаттай бууруулах, гаалийн журмыг хялбаршуулан тээврийн дэд бүтцийг сайжруулах боломж бүрдүүлнэ.

  1. “Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсын соёл, залуучуудын бодлого, спорт болон аялал жуулчлалын салбарт 2026-2027 онуудад хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Соёл, мэдээллийн сайд А.Г.Балаева, Бүгд Найрамдах Казахстан Улсын Аялал жуулчлал, спортын сайд Е.К. Мырзабосынов,

Соёл, залуучуудын бодлого, спорт, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны тодорхой арга хэмжээ зохион байгуулна. Тухайлбал, харилцан үзэсгэлэн, хамтарсан судалгаа, залуучуудын байгууллагууд хоорондын харилцаа холбоог дэмжих, нээлттэй бодлогын хэлэлцүүлэг, нүүдэлчин соёлын онцлогийг багтаасан аялал жуулчлалын хамтарсан маршрут боловсруулж, хөрөнгө оруулалт татна.

  1. “Хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд, Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн сайд Е.Б.Кошербаев,

Улс төрийн яриа хэлэлцээг өргөжүүлж, харилцан сонирхсон асуудлаар мэдээлэл солилцох, зөвлөлдөх уулзалт хийх замаар харилцааг бэхжүүлж, олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд хамтарч ажиллана.

  1. “Монгол Улсын Төв банк болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банк хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Төв банкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний банкны Ерөнхийлөгч Т.М.Сулейменов,

Санхүүгийн зах зээлийг хөгжлийн ашиг сонирхолд нийцүүлэн Төв банк хооронд урт хугацаанд тогтвортой хамтын ажиллагааг бий болгох эрх зүйн суурь орчныг бүрдүүлнэ.

  1. “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Сангийн яам болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Сангийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Сангийн сайд, Бүгд Найрамдах Казахстан Улсын Сангийн сайд М.Т.Такиев,

Төрийн санхүүгийн удирдлага, төсвийн төлөвлөлт, татвар, Төрийн сангийн шинэчлэл болон ногоон санхүүгийн салбарт харилцан туршлага судалж, мэдээлэл солилцоно. Олон улсын санхүүгийн байгууллагатай өрнүүлж буй хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

  1. “Газрын тосны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Эрчим хүчний яам хоорондын санамж бичиг”-т Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Бүгд Найрамдах Казахстан Улсын Эрчим хүчний сайд Е.К.Аккенженов,

“Стратегийн түншлэл”-ийн харилцаанд тулгуурлан газрын тосны салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эхлүүлнэ. Газрын тосны хайгуул, олборлолт, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээвэрлэлтийн логистик болон газрын тос боловсруулах салбарт хамтран ажиллах боломж нээгдлээ. Казахстан түүхий газрын тос, автобензин, дизель түлш зэрэг газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой, урт хугацаанд нийлүүлэх боломж бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

  1. “Эрдэнэс Монгол” ХХК болон “Самрук-Казына” ХК хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай, “Самрук-Казына” ХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд Удирдлагын зөвлөлийн дарга Н.К.Жакупов,

Төрийн өмчит томоохон нэгдэл хооронд хамтын ажиллагааны суурь тавигдлаа. Олон улсын стратегийн түншлэлийг бэхжүүлж, уул уурхай, эрдэс баялаг, түүний дотор чухал ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалт болон компанийн засаглалын чиглэлээр хамтарна.

  1. “Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах тухай Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Цөмийн энергийн агентлаг хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал, Бүгд Найрамдах Казахстан Улсын Цөмийн энергийн агентлагийн дарга А.М.Саткалиев,

Орчин үеийн дэвшилтэт техник, технологи ашиглан геологийн судалгаа, хайгуулын ажил хийх, олборлолт, боловсруулалтын чиглэлээр сайн туршлага нэвтрүүлэх, инженер, мэргэжилтэн бэлтгэх, эрдэс баялгийн тогтвортой менежмент, байгаль орчны хамгаалалт, аюулгүй ажиллагааны чиглэлээр харилцан туршлага солилцох зэрэг чиглэлд хамтран ажиллана.

  1. “Монгол Улсын Хархорум хотын Захирагчийн Ажлын алба болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотын Акимат хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Хархорум хотын захирагч Л.Халтар, Астана хотын захирагч Ж.М.Касымбек,

Хотын харилцааг хөгжүүлэх, шинэ хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, засаглалын салбарт туршлага солилцож, хөрөнгө оруулалт татах, ухаалаг, тогтвортой ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр хамтарна.

  1. “Монгол Улсын Хархорум хотын Захирагчийн Ажлын алба болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Алатау хотын Акимат хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Хархорум хотын захирагч Л.Халтар, Алатау хотын захирагч А.Х.Утенов нар гарын үсэг зурав.

Дэд бүтцийн холболт, хотын эдийн засаг, төр-хувийн хэвшлийн түншлэл, инженерийн дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, цахим болон хиймэл оюун ухаанд суурилсан систем, соёл, аялал жуулчлал, логистик, нийгмийн дэд бүтэц, орон сууцжуулалт зэрэг чиглэлээр хамтран ажиллана.

  1. “Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн Телевиз, радиогийн цогцолбор хоорондын Хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн захирал, Бүгд Найрамдах Казахстан Улсын Телевиз, радиогийн цогцолборын захирал Р.Ж.Кажибаева нар гарын үсэг зурав.

Түүх, нийгэм, соёлыг харилцан сурталчлан таниулах, цаг үеийн мэдээлэл солилцох, зохиогчийн эрхтэй баримтат болон уран сайхны кино, телевизийн нэвтрүүлэг, контент солилцох, хамтарсан уран бүтээл бэлтгэх, хүний нөөцийг чадавхжуулах, хэвлэл мэдээллийн салбарыг үйлдвэрлэлийн техник хэрэгслээр хангах, сурвалжлагчийн сүлжээний нөөцийг ашиглах эрх зүйн үндсийг бүрдүүлнэ.

  1. “Шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний Шинжлэх ухааны академи хоорондын санамж бичиг”-т Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл, Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч А.К.Куришбаев,

Судалгааны хамтын ажиллагааны цар хүрээ, чиглэлийг өргөжүүлэн, экологи, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, геологи, зайнаас тандан судлалын чиглэлээр мэдлэг, мэдээлэл солилцох, хамтарсан судалгааг тогтвортой хөгжүүлэх, эрдэмтэн судлаачдыг харилцан солилцох боломж бүрдлээ.

  1. “Монгол Улсын Шинжлэх ухааны академийн дэргэдэх Олон улс судлалын хүрээлэн болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратеги судлалын хүрээлэн хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Шинжлэх ухааны академийн дэргэдэх Олон улс судлалын хүрээлэнгийн захирал Д.Золбоо, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратеги судлалын хүрээлэнгийн захирал Ж.Н.Шаймарданов,

Олон улсын харилцаа, аюулгүй байдал, бодлогын судалгааны чиглэлээр туршлага солилцож, хамтарсан судалгаа хийнэ. Судлаачдыг сургаж, эрдэм шинжилгээний хурал, семинар, дугуй ширээний уулзалт зохион байгуулна.

  1. “Монгол Улсын Чингис хаан Үндэсний музей, Бүгд Найрамдах Казахстан Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны харьяа Шинжлэх ухааны хорооны Ч.Ч.Валихановын нэрэмжит Түүх, угсаатны зүйн хүрээлэн хоорондын Харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичиг”-т Чингис Хаан Үндэсний музейн захирал, Ч.Ч.Валихановын нэрэмжит Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал З.Е.Кабульдинов,

Нүүдэлчдийн түүхийг судлах ажлыг эрчимжүүлэн адил төстэй болон олон үеийн улс төр, нийгэм, соёлын харилцааны түүхийг тодруулах, хамтын бүтээл туурвих ажил хийнэ. Түрэг, Уйгур зэрэг улсын түүхийг “Чингис хаан” Үндэсний музейн сан хөмрөгт тулгуурлан судлах, музейн эрдэм шинжилгээний судлаачид Казахстаны нутаг дэвсгэрт буй түүх, соёлын дурсгалуудыг судлах боломж бүрдэнэ.

  1. “Монгол Улсын Налайх дүүрэг болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Талдыкорган хот хоорондын нөхөрлөл, хамтын ажиллагааны санамж бичиг”-т Налайх дүүргийг төлөөлж Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Г.Батжаргал, Талдыкорган хотын захирагч Е.Д.Базил нар гарын үсэг зурлаа.

Найрсаг харилцаа, итгэлцлийг бэхжүүлэх чухал ач холбогдолтой. Нийгэм, эдийн засаг, соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлнэ.

Мөн Худалдаа, аж үйлдвэрийн танхим, төрийн бус байгууллагууд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Тухайлбал, “Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон “КазТрейд” Худалдааны бодлогын хөгжлийн төв” ХК хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулж, экспортыг дэмжих боломжит бараа, үйлчилгээг сурталчлан таниулах, гуравдагч улсын зах зээлд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Монголын залуучуудын холбоо болон Казахстаны залуучуудын конгресс хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, залуучуудыг дэмжихэд чиглэсэн хамтарсан санаачлагыг дэмжих, соёл, урлаг, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, залуучуудын бизнес эрхлэх чиглэлээр хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдлээ. Өдгөө хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг зохицуулдаг 60 гаруй гэрээ, хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа

2026.04.22. Казакстан. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгчид тус улсын Парламент-Мажилисийн дарга Ерлан Кошанов бараалхаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Улсын Их Хурал болон Казахстан Улсын Парламент-Мажилисийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхийлөгч илэрхийллээ. “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг тэмдэглэлээ. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хууль тогтоомжийг батлахад парламент манлайлах үүрэгтэйг онцолж, Найрамдлын бүлэг, Байнгын хороод, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн чухлыг хэллээ. Ирэх 10 дугаар сард Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо болох Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад Казахстаны эмэгтэй гишүүдийг оролцохыг урилаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын хөгжлийн шинэ үе шатыг эхлүүлж буй шинэ Үндсэн хуулийн бүх нийтийн санал асуулгыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж, энэ хуулийн дагуу байгуулагдах хууль тогтоох дээд байгууллага “Курултай”-д амжилт хүслээ. Казахстан Улсын Парламент-Мажилисийн дарга Ерлан Кошанов механик инженер, эдийн засагч мэргэжилтэй. 2022 оноос Мажилисийн даргаар ажиллаж байгаа бөгөөд мөн онд эрх баригч “Аманат” намын даргаар сонгогджээ. Казахстаны Парламент Сенат /Дээд танхим/, Мажилис /Доод танхим/ гэсэн хоёр танхимтай. Сенатын танхим 50 гишүүнтэй бөгөөд 40-ийг нь мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас, 10 гишүүнийг, үүний 5-ыг Үндэсний Ассамблейгаас Ерөнхийлөгч томилдог. Бүрэн эрхийн хугацаа нь 5 жил бөгөөд 3 жил тутам 50 хувийг нь сонгодог. Мажилисийг 2022 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 98 суудалтай болгосон. 70 хувийг нь пропорциональ системээр намын жагсаалтаар, 30 хувийг мажоритар системээр жижиг тойргоос сонгодог. Бүрэн эрхийн хугацаа нь 5 жил. Энэ оны долоодугаар сараас хүчин төгөлдөр үйлчилж эхлэх шинэ Үндсэн хуулиар Дээд, Доод танхимыг халж, нэг танхимтай, 145 гишүүнтэй “Курултай” байгуулах юм.

Монгол Улс “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүллээ

2026.04.22. Казакстан. Астана. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Астана хотноо болж буй  Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтын нээлтэд оролцлоо. Манай улс энэ уулзалтад “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүлэн оролцож байна. Оролцогч талууд энэ уулзалтаар: Байгаль орчин ба дижитал шилжилт, чадамж гэсэн тэргүүлэх найман сэдвийн хүрээнд ярилцана. Уур амьсгалын шилжилтийг дэмжих, Байгаль, цаг уурын эрсдэлд дасан зохицох, эдийн засгийн уян хатан байдал, Бүс нутгийн экосистем ба хүнсний аюулгүй байдал, Байгалийн нөөцийн тогтвортой менежмент, Агаарын бохирдол, хог хаягдлын менежмент, Байгаль орчны зорилтуудыг хэрэгжүүлэх механизм, Шударга, хүртээмжтэй шилжилт, Байгаль орчин ба дижитал шилжилт, чадамж гэсэн тэргүүлэх найман сэдвийн хүрээнд ярилцана. Тухайлбал усны нөөцийн хомсдол, мөстөл, мөсөн голын хайлалт,  цөлжилт, агаарын бохирдол зэргийн эсрэг хамтын хариу арга хэмжээ авах бодлого, стратегиа тодорхойлж, нэгдсэн шийдэл гаргах юм. Мөн төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ногоон санхүүжилт, ногоон технологи, тогтвортой хөрөнгө оруулалтыг дэмжих талаар хэлэлцэнэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтын нээлтэд оролцон улсынхаа байр суурийг илэрхийллээ. Тэрбээр, дээд түвшний уулзалтыг зохион байгуулж буй Ерөнхийлөгч К.Токаевт талархал илэрхийлж, энэ уулзалт уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, усны нөөцийн хомсдол зэрэг дэлхий нийтийг хамарсан сорилтыг хамтын хүчээр даван туулахад чухал хувь нэмэр оруулна гэдгийг хэллээ. Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт дэлхийн хэмжээнд хангалтгүй байгаа энэ үед Монгол Улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлэн, газрын доройтлыг бууруулах, ойг нөхөн сэргээхийн төлөө идэвхтэй ажиллаж байгааг тэмдэглэлээ. Манай улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн хүрээнд энэ салбарынхны үнэлэмжийг дээшлүүлэх, бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлт, хөрөнгө оруулалт, хүнсний аюулгүй байдал зэрэг чиглэлээр хамтран ажиллахыг уриаллаа. Монгол Улс энэ уулзалтаас гарах санал, санаачилга, зөвлөмжийг ажил хэрэг болгохын төлөө бүх талаар хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. Ерөнхийлөгч мөн ирэх наймдугаар сард Улаанбаатар хотноо “Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” уриан дор болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд идэвхтэй оролцохыг улс орнуудад уриаллаа. Мөн 10 дугаар сард зохион байгуулах Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад төлөөлөгчдөө оролцуулахыг урилаа. Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2023 онд болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар хуралдаанд оролцохдоо, 2026 онд эх орондоо Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалт зохион байгуулахаар төлөвлөснөө зарласан юм. Энэ удаа Казахстан, Монгол, Киргиз, Тажикистан, Туркменистан, Узбекистан, Азербайжан, Армени, Гүрж, Орос, Хятад, Итали, Герман, Япон зэрэг улсын төр, засгийн тэргүүн, өндөр албан тушаалтан, НҮБ, олон улсын байгууллага, банк, санхүү, түүний дотор Азийн Хөгжлийн банк, Дэлхийн банк, холбогдох салбаруудын  эрдэмтэн судлаач, иргэний нийгэм, бизнес, хэвлэл мэдээлэл гээд 1,500 орчим төлөөлөл хүрэлцэн иржээ.  Уулзалтад оролцогч талууд Хамтарсан мэдэгдэл, тунхаглал, хэлэлцээр, санаачилга, хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр зэрэг хамтын ажиллагааны 50 гаруй баримт бичигт гарын үсэг зурах төлөвтэй байна.

Казахстан Улс 2029 он гэхэд бүс нутгийн цахим зангилаа төв болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр Астана хотын хиймэл оюун ухааны “Alem.AI” төвд зочиллоо. Казахстаны хиймэл оюун ухааны салбарын анхны төрөлжсөн энэ төв шинжлэх ухаан, боловсрол, стартапын экосистем, төрийн удирдлагын салбарт хиймэл оюун ухааны дэвшилтэт технологи нэвтрүүлж, цахим салбарт өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой. Казахстан Улс 2029 он гэхэд бүс нутгийн цахим зангилаа төв болж, хиймэл оюун ухааны бүтээгдэхүүн, үйлчилгээний экспортыг 5 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн байна. Энэ хүрээнд хүүхдүүдийг 12 наснаас нь бэлтгэдэг шаталсан сургалтын тогтолцоо нэвтрүүлж, залууст хиймэл оюун ухааны чиглэлээр ажил олох, хөрөнгө оруулагчидтай холбох хөтөлбөр хэрэгжүүлдэг. Мөн Их өгөгдөл /Big Data/ боловсруулах, үүнийг хиймэл оюун ухааны дэмжлэгтэйгээр хот төлөвлөлт, эрүүл мэнд, халамжийн үйлчилгээг оновчтой, түргэн шуурхай хүргэх аргачлал боловсруулж, төрийн үйлчилгээний автоматжуулалтыг хөгжүүлж байна. Казахстан Улс мэдлэг, инновац, хиймэл оюун ухаанд суурилсан хөгжлийг эрчимтэй дэмжиж, 2026 оныг “Цахимжилт, хиймэл оюун ухааны жил” болгон зарлажээ.

Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа

2026.04.23. Казакстан. Астана. Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Казахстан-Монголын бизнес форум” Астана хотноо боллоо. Энэ удаагийн форум “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хүнсний үйлдвэрлэл, ноос, ноолуур, арьс, шир, барилга, тээвэр, логистик, санхүү зэрэг салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг Казахстаны ижил төстэй аж ахуйн нэгжүүдтэй холбох, шинэ зах зээлд нэвтрэх боломжийг бүрдүүлэх зорилготой байлаа. Казахстаны Үндэсний танхим “Атамекен”, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан форумд хоёр орны төр, хувийн хэвшлийн 250 гаруй төлөөлөл оролцлоо. Талууд “Стратегийн түншлэл”-ийн харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, харилцан ашигтай хамтрах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн орчны уялдаа холбоог бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж байлаа. Ялангуяа Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбоо хооронд байгуулсан чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд 367 нэр төрлийн барааны гаалийн татварыг тэглэх, хөнгөлөх болсон нь худалдааны эргэлтийг ойрын жилүүдэд 500 сая ам.долларт хүргэх зорилтоо биелүүлэх, Төв Азийн бүс нутаг болон гуравдагч зах зээлд нэвтрэх боломж гэдэгт санал нэгдлээ. Хоёр улсын аж ахуйн нэгжүүд цаашид хамтрах ажиллах чиглэл, хөрөнгө оруулалтын боломж, төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцлоо. Бизнес форумын дүнд манай аж ахуйн нэгжүүд Казахстаны талтай эхний шатанд 20 гаруй сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, хэлцэл хийлээ. Тухайлбал:

  • “Файн Вүүл Кашмер” болон “Биржан” компани хооронд ноос боловсруулах гэрээ, хэлэлцээр, санамж бичигт гарын үсэг зурлаа.
  • Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон “QazTrade” Худалдааны бодлого хөгжүүлэх төв,
  • “QazTrade” Худалдааны бодлого хөгжүүлэх төв болон “Mon-Kaz Trade & Investment Hub”,
  • “Mon-Kaz Trade & Investment Hub” болон Казахстаны Экспорт, зээлийн агентлаг,
  • Монголын Аялал жуулчлалын холбоо болон Алматы мужийн Аялал жуулчлалын газар,
  • Казахстаны Үндэсний бизнес эрхлэгчдийн “Атамекен” танхимын Тэргүүлэгчдийн дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл болон Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Эмэгтэй бизнес эрхлэгчдийн зөвлөл,
  • Атыраугийн вагон үйлдвэрлэлийн үйлдвэр болон “MONGOLIAN ORE BAL” компани хооронд вагон нийлүүлэх,
  • “MONGOLIAN ORE BAL” болон “ALTAY AGRO TRADING” компани хооронд вагон худалдан авах,
  • Казахстаны Залуучуудын конгресс болон Монголын Залуучуудын холбоо,
  • Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо болон “Kham-Ts Group” компани,
  • “CHBG Construction” болон “ALKARALBIO” компани,
  • “MONGOLSAT NETWORKS LLC” болон “Аскар Синема” компани,
  • “Tuginat” болон “SymbatLab” компани,
  • “Tuginat” болон “AB Smart Logistic” компани,
  • “Tuginat” болон “SS-AGRO” компани,
  • “MUNKH AMIN ORCHIL” болон “KAZECOAGRO” компани,
  • “ЖИ ӨҮ ФИНСАЙТ ХОЛДИНГ” болон “GO FINSIGHT AGRO HOLDING” компани,
  • “NUKHTTOUR, “GUMIN GREEN TECH SPC LIMITED” болон “RailSolution” компани,
  • “Файн Вүүл Кашмер” болон “Биржан” компани хооронд ноос боловсруулах гэрээ, хэлэлцээр, санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” тоглолтоо өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид Астана хотын К.Куанышбаевын нэрэмжит Казах үндэсний хөгжимт драмын театрын тайзнаа анх удаа “Монголын сайхан орон” тоглолтоо сонирхууллаа. Тоглолтыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд  Ж.Алдаржавхлан, Казахстан Улсын Соёл, мэдээллийн сайд Аида Балаева нар нээлээ. Сайд нар соёл, хүмүүнлэгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн, соёлын солилцоогоор дамжуулан өв соёл, түүх, уламжлалаа судлан шинжлэх, хадгалан хамгаалах, сурталчлан таниулах, бие биеэ дэмжих чиглэлээр идэвхтэй ажиллаж байгааг тэмдэглэлээ. Уран бүтээлчид ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн морин хуур, хөөмий зэрэг монгол ардын урлагийн төрөл бүрийн шилдэг бүтээлээс толилууллаа. Тухайлбал Эзэн Богд Чингис хааны тухай, уртын болон богино дуу, монгол түмний түүх, угсаатан ястны бүжиг наадам, ард олны баяр цэнгэлийг илэрхийлсэн бүтээлүүдийг толилуулсан бол дуучин И.Мишээл казахын алдарт “Эхийн тухай дуу” -г өргөн барилаа. Тоглолтын үеэр монгол орны соёл, аж ахуй, нүүдэлчин амьдралын онцлогийг харуулсан “Монголын сайхан орон” гэрэл зургийн болон морин хуурын үзэсгэлэн, “Чингис хаан”, “Зүчи хаан”, “Сүбээдэй жанжин” зэрэг монгол хаадын хөрөг бүхий “Их хаад” уран зургийн үзэсгэлэнг толиллууллаа. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө

2026.04.23. Казакстан. Астана. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө. Ерөнхийлөгчийг Астана хотын Нурсултан Назарбаевын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлаас Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн сайд Е.Кошербаев, Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал нар үдэж мордууллаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийж,  “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлнэ.

  • Худалдаа, эдийн засаг, банк, санхүү, эрчим хүч, хот байгуулалт, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, эрдэс баялаг, хүмүүнлэг, хэвлэл мэдээлэл, орон нутаг зэрэг салбарт хамтрах 18 баримт бичигт гарын үсэг зурлаа.
  • “Монгол Улс болон Евроазийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх хамтарсан Замын зураглал гаргана.
  • Харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болохуйц томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • 6 дугаар сараас Казахстаны “Скат” авиакомпани Улаанбаатар-Астана чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлнэ.
  • Баян-Өлгий-Өскемен чиглэлийн шууд нислэгийг сэргээж, Баян-Өлгийд Казахстаны Консулын газар байгуулахаар тохиролцлоо. 
  • Зам, тээврийн салбарт тулгарч буй саад, бэрхшээлийг арилгах, тээвэр, логистикийн дөт маршрут бий болгох хамтарсан Ажлын хэсэг байгуулна.
  • Мэдээллийн технологи, уул уурхай, эрүүл мэнд, биеийн тамир, спортын салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Монголоос ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн, Казахстанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, улаан буудайн нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ.
  • Хархорум хот, Налайх болон Казахстаны Алатау, Талдык-орган хот хооронд ах, дүүгийн харилцаа тогтоолоо.
  • Монгол, казах судлалыг хөгжүүлэх, хоёр улсын хэл, соёл, орон судлалын багш, судлаачдыг бэлтгэх чиглэлээр улам идэвхтэй хамтарна.
  • Монгол оюутан залуусыг Казахстаны тал их, дээд сургуульдаа суралцахыг бүрэн дэмжихийн зэрэгцээ Монгол Улсад Казахстаны их сургуулийн салбарыг нээх санал тавилаа.    
  • Түүх, соёлын хосгүй өвд хамаарах эх сурвалж, баримт дурсгалыг судлан, соёлын биет бус өвийн хамтарсан судалгаа хийнэ.  
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль, Казахстаны “Нүүдэлчний соёлын наадам”-д төлөөлөгчдөө үргэлжлүүлэн оролцуулна.
  • Бизнес форумын үеэр 20 гаруй сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, хэлцэл хийлээ.
  • Үндэсний урлагийн их театр, Дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон “Монголын сайхан орон” тоглолтоо өргөн барилаа.
  • “Монголын сайхан орон” гэрэл зураг, морин хуурын  үзэсгэлэн гаргалаа.  
  • 8 дугаар сард болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хуралд Казахстаныг оролцохыг урилаа.
  • “Усны олон улсын байгууллага” байгуулах тухай Казахстаны санаачилгыг манай улс дэмжинэ.
  • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Казахстаны Ерөнхийлөгчийн санаачилга “Хоёр тэрбум мод” төсөлтэй уялдуулан хэрэгжүүлнэ.
  • Ерөнхийлөгч Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцож, энэ чиглэлээр улсынхаа байр суурийг илэрхийллээ.
  • Төв Азийн орнуудын “С5+1” форматыг ашиглан Монгол Улсын оролцоог хангасан дээд, өндөр түвшний уулзалтыг хамтран зохион байгуулна.
  • Казахстан нь Улаанбаатар хотноо төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг бүх талаар дэмжинэ.
  • НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд бие биеэ харилцан дэмжинэ.   
  • Төрийн тэргүүн нар хоёр жил хүрэхгүй хугацаанд харилцан айлчилсан нь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзлийн илэрхийлэл боллоо.

Хариулт үлдээнэ үү

Элсэн дугуй ХХК, dailypost.mn | Newsphere by AF themes.