4 сар 8, 2026

Говь-Алтай аймаг

Говь-Алтай аймаг:

Говь-Алтай аймаг Монгол Улсын баруун урд хэсэгт оршдог. Говь-Алтай аймаг 1940 онд байгуулагдсан бөгөөд 141.4 мянган хавтгай дөрвөлжин киломeтр газар нутагтай. Өмнө талаараа 360 киломeтр газраар БНХАУ-тай хиллэдэг. Аймгийн төв нь Eсөнбулаг бөгөөд Улаанбаатар хотоос 1037 км зайд оршдог. Тус аймаг нь байгаль, газарзүйн шинжээрээ Алтайн уулархаг болон говийн их мужид багтана. Монгол Алтайн нурууны мөнх цаст өндөр уулс, Шарга, Цэнхэр номин зэрэг их говиудтай. Байгалийн баялаг, ан амьтанаар ихээхэн баялаг. Аймгийн эдийн засгийн голлох салбар нь мал аж ахуй юм. Мөн эдийн засгийн тодорхой хэсгийг аялал жуулчлалаас бүрдүүлдэг. Говь-Алтай аймагт дархан цаазтай олон амьтан байдгаас таван хошуу малын өвөг бүгд байдаг. Тухайлбал, янгир, аргаль, тахь, хавтгай, сарлаг байдаг нь жуулчдыг ихэд татдаг юм.

Хүн ам:

Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын дүнгээр Говь-Алтай аймгийн харьяат хүн 57.7 мянга байгаа нь 2010-2020 оны хооронд буюу 10 жилийн хугацаанд 3.9 мянган хүнээр өсжээ. Хүн амын 49.8 хувь нь эрэгтэйчүүд, 50.2 хувь нь эмэгтэйчүүд байна. Говь-Алтай аймгийн харьяат хүн амын 99.3 хувийг халхчууд эзэлж, өмнөх тооллогын үеийнхээс 0.7 пунктээр өссөн байна. 2020 оны хүн амын тооллогоор тоологдсон 16.1 мянган өрхийн 33.1 хувь нь суурин газарт, 66.9 хувь нь хөдөө амьдарч байна.

Шашин шүтлэг

Говь-Алтай аймгийн дийлэнх нь буддын шашинтай. Буддын шашны сүм хийдүүдэд мөргөж залбирдаг уламжлалтай. Мөн нутгийн иргэд байгаль дэлхийгээ шүтэж, уул ус тахидаг уламжлалтай. Монголчууд эрт дээр үеэс уул овоог эцэг тэнгэр, ус голыг эх тэнгэр гэж ярьдаг байжээ. Уул газрын эзнийг савдаг. Усны эзнийг лус гэж нэрийдэх нь бий. Уул усаа тахиж шүтдэг нь байгаль дэлхийгээ хамгаалж үлдэх гэсэн эртний уламжлал юм. Тиймээс монголчууд байгалийн үзэсгэлэнт цогцолбор, уул усаа олон зууны турш тахиж ирсэн уламжлалтай. Манай улсад төрийн тахилгатай 12 уул байдгаас 2 нь Говь-Алтай аймагт байдаг юм. Тухайлбал, Бурхан буудай, Сутай хайрханыг энд нэрлэж болно.

Өв соёл:

Бурхан буудай уулын Нам богдын орой дахь буудай хэлбэрийн улаан чулууг нутгийн ардууд эрт дээр үеэс тахин шүтэж иржээ. Харин Бурхан хэмээн шүтэж ирсэн хоёр хайрханы нэг Бурхан буудай уулын унаган төрх, ургамал амьтан, түүх, соёлын дурсгалыг хадгалан хамгаалах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 онд зарлиг гаргаж төрийн тахилгатай болгож, анхны төрийн тахилгыг 2024.07.20-ны өдөр хийлээ. Уулын ноён оргил нь 3,765 метр өндөр, мөнх цастай. Аргаль, янгир, ирвэс, хойлог, ёл, тас зэрэг амьтан, шувуу ихтэй. Тиймээс ан амьтан, араатан жигүүртэн, байгалийн унаган төрхийг нь хадгалан хамгаалахад онцгой ач холбогдолтой уув овоо тахидаг энэ өв соёлыг 2017 онд ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн Дэлхийн жагсаалтад бүртгэсэн юм.

Зан заншил:

Далайн түвшнөөс 4300 метрийн өндөрт сүндэрлэдэг. Энэ уулын савдаг нь Сарлаг унасан бүсгүй байдаг гэсэн аман яриа бий. Уулыг хэдэн талаас нь ажваас хэвтэж байгаа сарлагтай төстэй. Урьд цагт уг уулнаас зэрлэг үхрийг буулган гаршуулж сааж байсан учраас сүүтэй уул хэмээн нэрлэх болсон гэлцдэг. Тиймээс нутгийн иргэд эрт дээр үеэс сүүгээр цацал өргөж энэ уулыг шүтэж иржээ. Эргэн тойрных айл өрх үхэр сарлаг ихтэй, сүү цагаагаар тасардаггүй эхэндээ Сүүтэй уул хэмээн нэрийдэж байгаад, яваандаа Сутай хайрхан гэж дуудах болжээ. Сутай нь Монголын цастай уулсыг бодвол илүү өргөн талбайг эзэлсэн их цастай. Сутайн тэр их цасны туяанд уулын өвөрт цагаан шөнө болж, хүн ард нь уламжлалт наадгайгаа тоглодог байна. Мөнх цасных нь гэрлийн тусгалыг магтан дуулж Зүйлийн цагаан шөнө гэж яруу найрагт шүлэглэсэн нь ийм учиртай аж.Монгол Алтайн нурууны мөнх цаст Сутай хайрхан нь байгалийн сайхан, сүр жавхлан бүрдсэн, Алтай нутгийнхны хишиг даллага, сүсэг бишрэл, домог түүх цогцолсон Монгол орны өрнө зүгийг даан сахисан харуул хайрхан юм. Мөнх цаст энэ хайрханыг тайх ёслол 2021.08.07-ны өдөр болов. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Уул овооны тахилга бол байгаль дэлхийн жам ёстой зохицон, уул усаа дээдлэн ирсэн нүүдэлчин монгол түмний үнэт өв, уламжлал, соёл. Тэнгэр, газар, байгаль эхээ дээдлэн шүтэж, хайрлан хамгаалж ирсэн өнө эртний сүсэг бишрэл, уул усны тахилга, уламжлалт зан үйлийг тасралтгүй уламжлан хадгалж, үндэсний өв соёл, үнэт зүйлээ үрийн үрд өвлүүлэн бадрааж явах учиртай захив.

Адууны өвөг тахь

Б.Аюуш аав маань Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа аймагт ирсэн айлчин, гийчин, зочид төлөөлөгчдөд аймгаа танилцуулах, гадаад, дотоодын жуулчид татах үүднээс Говь-Алтай хэмээх зургийн танилцуулга бүхий открыт хэвлүүлж байсан нь хадгалаатай бий. Говь-Алтай аймгийнхаа үзэсгэлэнт байгаль, сонирхол татахуйц археологийн олдворыг зургийн цомог болгон открыт болгон хэвлүүлсэн нь бидэнд аймгаа таниулж үлдээсэн ажлынх нь нэгээхэн хэсэг байж. Үүнийг дэлгэн харахад байгалийн үзэсгэлэнт газруудыг нь мэдэхийн сацуу, хүрэл морь, эртний хүн хөшөө зэрэг түүх соёлынх нь археологийн олдвор нь миний төдийгүй, энэ нутгийн хүн ардын түүхийг өгүүлдэг нь дурсгалтай санагддаг. Аав маань Говь-Алтай аймгийн орлогчоор ажиллаж байхдаа тахь нутагшуулах ажилд гар бие оролсон юм. Манай улс мөн Хустайн нуруунд тахь нутагшуулсан бөгөөд эгчийн ажлын ойролцоогоос хэдэн янзага аваачиж Говь-Алтай нутагтаа нутагшуулав. Тахьтай газраас Тахьтай нутагт янзага аваачиж бугын тоо толгойгоо өсгөж буй гэж энгийнээр ойлгож болно. Ажаад байхад аав минь тахь нутагшуулсан, эгч минь тэднийг өсгөлцсөн, ах минь бугын тоо толгой нэмэгдүүлсэн гээд аль аль нь байгаль хангай, ан амьтанд ээлтэй хүмүүс юм. Хустайн нуруунаас Говь-алтай аймагт аваачсан хэдэн янзага өсч том болоод байгаль хангайдаа дасч ижил сүрэгтэйгээ нийлсэн таатай мэдээтэй. Манай нутагт зочилсон хэн ч, аавын нутагшуулсан тахь, ахын нутагшуулсан бугын сүрэгтэй таарч мэдэх юм. Говь-Алтай аймаг маань аргаль, янгир, тахь, хулан, бөхөн, хавтгай, сарлаг, мазаалай, буга, адуу, хонь, ямаа бэлчээрлэсэн хачин сайхан нутаг. Манай нутаг надад өвөлдөө Щвейцар шиг, зундаа Дубай шиг санагддаг. Тэнд очих хэнд ч аавын хэвлүүлж үлдээсэн аймгийн танилцуулга бүхий открыт, түүнд хийх миний тайлбар нэмэр болж магад юм.

Ямааны өвөг Янгир

Ямааны өвөг янгир манай улсад нийт 80 мянган тоо толгойд байдаг тухай 1987 онд тогтоосон аж. Үүнээс хойш орчны хомсдол, хараа хяналтгүй агналт зэргээс шалтгаалж тоо толгой нь буурсан гэж Mallon 1997 онд үзжээ. Зарим нутагт малын тоо толгой өсөж бэлчээрийн талхлалт бий болсноор орчны доройтол үүсэж ус, бэлчээр хавчигдах болжээ. Мөн байгалийн нөөц, уул уурхайн олборлолт ихэссэнээс орчны хомсдол доройтолд хүргэсэн байна. Зуд турхантай өвөл цаг уурын нөхцөлүүд популяцид нэлээд хохирол учруулдаг гэж судлаачид мөн үздэг юм. Nowak 1991 онд уг зүйлийн нэг үе удмын хугацааг долоон жил гэж тогтоосон байна. Энэ нь янгир ямаа ховордож болзошгүй ангилалд оруулахад хангалттай баталгаа болжээ. Хил залгаа улсаас мэдэгдэхүйц нүүдэл, суурьшил тодорхойгүй энэ үед хэт агналтын улмаас тоо толгой нь дараагийн гурван үе удамд 30-40 хувиар буурч болзошгүй гэж эрдэмтэд үздэг юм. Янгир ямаа нь Говь-Алтай аймгийн баруун болон зүүн хэсэгт, Хангайн нуруу, Хөвсгөлийн уулсаар байдаг. Салбар зүйл нь Говь-Алтайн Өвөр говь, Алтайн нуруугаар, Монгол Алтайн нурууны хойд хэсгээр тархсан байдаг. Монгол улсын төв болон зүүн хэсгийн нутагт тасархайтсан популяциуд байдаг ч, одоогоор энэ зүйл нь умард говийн зүүн хэсгээс олдсон бөгөөд Алашань говийн Хүрх уул ба Алтайн өвөр говийн хадархаг уулсаар тархсан гэж 1997 онд Mallon үзжээ. Харин 1980-аад онд Хэнтий нуруунд, Дархан цаазат Богд Хан ууланд жижиг популяци нутагшуулах ажиллагааг хэрэгжүүлсэн байна. Янгир ямаа нь Монголоос гадна, ОХУ, Казакстан, Узбекистан, Афганистан, Пакистан, Тажикстан, Киркизистан, Энэтхэг байдаг юм.

Хонины өвөг аргаль

Монгол орны аргаль ховордсон улаан номд орсон амьтдын тоонд ордог. Манай улсад хоёр төрлийн аргаль бий. Тэднийг алтайн болон говийн аргаль хэмээн ангилдаг юм. 2007 онд Шинжлэх ухааны академи, Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд манай улсад хэчнээн тооны аргаль байгааг судалжээ. Үүгээр манай улсад 13-15 мянга орчим аргаль байгаа нь тогтоогдсон байна. Алтайн аргаль Ховд, Баян-Өлгий, Увс зэрэг аймгуудад нутагладаг бол, говийн аргаль Говь-Алтай, Төв, Говьсүмбэр, Өвөрхангай аймгийн өмнөд нутгуудаар элбэг аж. Сүүлийн 50 гаруй жил гадаадын анчдад тусгай зөвшөөрөлтэйгөөр, төлбөртэйгөөр аргаль ангуулж ирсэн. Энэ мэт хүний болон байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр зэрлэг хонины тоо толгой сүүлийн жилүүдэд буурсан учраас Ховд, Увс, Говьсүмбэр, Төв аймгийн зарим суманд төлбөртэй буюу зөвшөөрөлтэй аргаль агнахыг хоёр жилийн хугацаанд хориглох шийдвэрийг Байгаль орчны яамнаас 2000 оны дундуур гаргаж байсан юм. Аргаль агнахыг багасгаж, өсгөж үржүүлэх, тогтвортой байлгах зорилгоор тэр юм. Аргаль манай улсаас гадна, Ази, Европ, хойд Америкийн мөнх цаст өндөр уулсын бүсэд оршдог. Гэхдээ манай улсын аргаль бусад орныхоос биеэр хамгийн том нь. Энэ амьтны эрийг нь угалз, эмийг нь аргаль гэж нэрлэдэг. Угалзны биеийн жин дунджаар 140 килограмм, өндөр нь 120 см, урт урт нь 1,8 метр, эврийн урт нь 160-190 см байдаг аж. Эр аргаль том, эм аргаль жижиг эвэртэй байдаг. Аргалийн ерөнхий шинжээс дурдвал, хоньтой төстэй, хөл нь нарийхан урт, үс нь тачир ширүүн, годгор жижиг сүүлтэй. Зүс нь ягаавтар, хүрэн бор өнгөтэй байдаг. Харин өвөл, хаврын цагт бүдэг цайвар өнгөтэй болдог байна. Аргаль уулархаг, өндөр бүс нутаг бараадаж амьдардаг ба таана, говийн хялганаар хооллодог байна. Аргаль нь зуны улиралд өглөө үдшийн цагаар, өвлийн улиралд өдрийн дундуур бэлчээрлэдэг гэнэ. Аргаль долоодугаар сард хэлээ тээж, тавдугаар сард гол төлөв нэг, эсвэл ихэр хурга гаргадаг байна.

Тэмээний өвөг хавтгай

Зэрлэг тэмээ болох хоёр бөхтэй хавтгай нь улаан номд бичигдсэн амьтны тоонд багтдаг. Хавтгай нь зөвхөн Монгол болон Хятадад байдаг байна. Тиймээс энэ амьтныг хамгаалах нь зөвхөн манай улсын засгийн газрын асуудал биш, олон улсын анхаарал татдаг асуудлын нэг юм. Манай улс хавтгайг хамгаалах зорилгоор тоо толгойг нь нарийн гаргаж судалж байжээ. Үүгээр манай улсад 500-600 орчим хавтгай тэмээ байгаа нь тогтоогдсон талаар 2000 оны сүүлээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тогтвортой хөгжил стратеги төлөвлөлтийн газрын даргын алба хашиж явсан н.Энхбат хэлж байлаа. Сүүлийн жилүүдэд энэ амьтны тоо толгой байгалийн болон бусад хүчин зүйлийн нөлөөгөөр цөөрч буй. Мөн генид нь өөрчлөлт орж, цус ойртсоноор тоо толгой нь буурах болжээ. Тиймээс малчдыг хавтгай тэмээний байршил нутгаас хол байлгахаар ажиллаж иржээ. Мөн энэ амьтныг хамгаалахаар олон улсын байгууллагууд хандаж хамтарч ажиллах хүсэлт өнгөрсөн хугацаанд их ирүүлсэн гэдэг. Тиймээс олон улсын байгууллагуудтай хамтарч төсөл хэрэгжүүлсэн ирсэн байна. Үүнээс гадна, энэ ховор амьтныг хамгаалах, зориудын аргаар өсгөж үржүүлэх, ботго бойжуулан эргүүлэн сүрэгт нь тавих ажлыг засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлж иржээ. Энэ хүрээнд 2011 оноос эхлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шийдвэрээр хавтгай үржүүлгийн ажлыг Хавтгай тэмээ хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр ГИДЦГ-ын хамгаалалтын захиргаа хариуцан гүйцэтгэж ирсэн байна. 2014 оны байдлаар Захын усны хавтгай үржүүлгийн төвд 22 хавтгайн цөм сүрэг байснаас, 2 ингэ ботголож эсэн мэнд бойжсон талаар Говь-Алтай аймгийн байгаль орчны газраас мэдээлэлж байлаа. Ингэхдээ зуны улиралд хавтгайн сүргийг задгай бэлчээрт гаргадаг бөгөөд тавдугаар сарын 23-наас хашаанаас гарган байнгын хариулгад байлгадаг талаар хэлж байсан юм. Зэрлэг тэмээ хавтгай нь нарийн шөмбөгөр хошуутай, намхан жижиг бөхтэй, ул таваг нь бага, зогдор, шил, өвдгөндөө богино шингэн үстэй, бүх биеийн үс нь тачир байдаг. Мөн тэмээг бодвол илүү үнэрч, хурц нүдтэй, сонор сэргэг амьтан юм. Эр хавтгайг хайс буур, эм хавтгайг ингэ гэж нэрлэдэг. Хавтгай нь заг, сухай, шар мод, зээргэнэ, баглуур, ургасан элсэн цөлд амьдардаг. Тэр ч утгаараа энэ амьтны үндсэн байршил нь манай улсын Говь-Алтайн Өвөрговь, их говийн дархан цаазтай газар юм. Хавтгай нь говь, цөл газар амьдардаг онцлогоосоо хамаараад тэмээтэй адил олон хоног усгүй байж чаддаг байна.

Алтайн хүрэл морь

2025.06.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Говь-Алтай аймгийн эртний олдворт Хүрэл морь зүй ёсоор орно. Хүрэл морины дүрсийг урт сайхан биетэй, гоёмсог согоо чихтэй, нүдийг нь дугариг хэлбэртэй, нэвт цоорхой, дэлийг нь нарийсган өвдөг борвины үеийг залгаатай байдлаар урласнаас гадна сүүлийг мушгин гоёсон, эржгэр хээтэй хавтгай суурин дээр ихэд бодит байдлаар бүтэн хүрлээр урласнаараа онцлог юм. Ур хийцийн хувьд ордосоос олдсон морины дүрс, мөн Өмнөд Сибирийн Минусын хонхороос олдсон янгирын дүрстэй төстэй төмөр зэвсгийн эхэн үе, МЭӨ 3-7 р зуунд хамаарагдана. Уг хүрэл морийг Монгол Улсын Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутгаас олсон бөгөөд 1965 онд цуглуулгаар сан хөмрөгт авсан. Морины хэлбэр, хэв шинжийн дүрслэл нь хүлгийн бие галбирыг нарийн уран чамин хийцтэй, гоёмсог согоо чихтэй, ихэд бодитойгоор бүрэн баримлаар хавтгай суурин дээр цутгаж урлажээ. Түүний сүүлийг мушгиж гоёсон ба нүдийг дугариг нэвт цоорхой, дэлийг нарийсган, өвдөг, боривны үеийг залгаатай байдлаар урласнаас гадна суурь нь эргэн тойрон иржгэр хээтэй ажээ. Уг хүрэл морь нь 2005 онд болсон Монголын музейн шилдэг үзмэрийн уралдаанд түрүүлж байсан хэмээн тус аймгийн танилцуулгад дурдсан байна.

Говийн баавгай мазаалай

Говийн баавгай Мазаалай дэлхийн улаан номонд орсон ховордож буй амьтан. Говийн энэ баавгайг зөвхөн Монголд харж болно. Тэр дундаа зөвхөн Говь-Алтай аймгийн Өвөр говиор нутагладаг билээ. Тэр дундаа Сэгс цагаан богд, Шар устайн баян бүрд зэрэг Алтайн Өвөрговийн хэд хэдэн баян бүрдийг түшиглэж амьдардаг. Байгаль орчны яам 2004-2007 оны хооронд Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр олон улсын төслийг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж, мазаалайн талаар нарийвчилсан судалгаа хийсэн байдаг. Энэ судалгаагаар манай улсад 35-50 орчим тоо толгой мазаалай байгаа нь тогтоогдон юм. Говь-Алтайн Өвөрговийн Баянбүрд орчмоор мазаалай баавгайн амьдрах орчин доройтсоноос болж тоо толгой нь эрс цөөрсөн нь булаг шанд хатаж ширгэж байгаатай холбоотой гэж үздэг. Мазаалайн шилжилт хөдөлгөөний талаар судалгаа хийж, Олон улсын баавгай судлалын нийгэмлэгтэй хамтран ажиллаж, гурван баавгайн хүзүүнд сансрын дохиолол зүүж, говийн баавгайн байршил, шилжилт, тоо толгойд нарийвчилсан судалгаа мөн хийсэн байдаг. Говийн баавгай мазаалай нь ойн хүрэн баавгайг бодвол биеэр жижиг, цайвардуу бууралт үстэй, жижигхэн нүдтэй амьтан юм. Мөн хурдан шалмаг, түргэн хөдөлгөөнтэй, мохоо хумстай байдаг. Мазаалай Говь-алтайн Өвөрговиор ургадаг бажууны үндсийг ухаж идэхээс гадна, зээргэнэ, хармаг жимс, хэвлээр явагч, хорхой, шавжаар хооллодог байна. Мазаалай нь өвлийн эхэн сараас хаврын дунд сар хүртэл хадны ангал, агуйд ичдэг. Ичээнд байх хугацаандаа мазаалай бамбаруушаа төрүүлдэг байна. Нялх мазаалай нэг сартай дээрээ 4,5 килограмм жинтэй байдаг. Нялх бамбаруушаа алсын аян хийж чаддаг болтол мазаалай дагуулж явдаг байна. Дэлхийн шилдэг зоосыг жил бүр 10 төрлөөр нэр дэвшүүлэн шалгаруулдаг. 2008 оны шилдэг зоосоор Унгарын хувьсгалын 50 жилийн ойд зориулсан зоосон тэмдэгт шалгарч байжээ. Харин 2009 оны шилдэг зоосны үзэсгэлэн Герман улсын Берлин хотноо болсон бөгөөд шилдэг аравт АНУ-ын гурав, Беларусийн хоёр, Австри, Итали, Дани, Британи, Монголоос тус бүр нэг зоос шалгарсан байна. Алмазан нүдтэй Мазаалайг дүрсэлсэн 500 төгрөгийн зоос ан амьтныг хамгаалах утгатай. Энэхүү зоос 2007 онд анх үйлдвэрлэгдсэн бөгөөд дэлхийн хамгийн шилдэг зоосоор шалгарч байсан юм. Монголбанк 2017 онд мазаалай зоосыг дахин хэвлүүлж худалдаанд гаргасан байдаг. 999 сорьцтой цалин цагаар мөнгөөр хийсэн уг зоос 31,1 грамм жинтэй, 38,61 мм диаметртэй 200 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй юм.

Хариулт үлдээнэ үү

Элсэн дугуй ХХК, dailypost.mn | Newsphere by AF themes.