12 сар 5, 2025

Монгол, Италийн харилцаа

Эртний Ром

Эртний Ромын талаар орчин үеийн түүх судлалд Ром хот байгуулагдсан МЭӨ 8-р зуунаас МЭ 5-р зууны үед Баруун Ромын Эзэнт Гүрний уналт хүртэлх Ромын соёл иргэншлийн үеийг хэлнэ. Энэ нь 

  • Ромын Вант улс (753-509 МЭӨ),
  • Ромын Бүгд Найрамдах Улс (509-27 МЭӨ)
  • Ромын Эзэнт гүрэн (27 МЭӨ-476 МЭ) гэсэн үеүүдийг хамардаг бөгөөд Баруун Ромын Эзэнт Гүрний уналт хүртэл үргэлжилдэг байна.

Эртний Ромын оргил үе нь өнөөгийн Англиас өмнөд талаараа Судан, зүүн талаараа Иракаас баруун талаараа Португали хүртэлх газар нутгийг захирч байсан 2-р зууны үe юм. Эртний Ромын төрийн албан ёсны хэл нь латин хэл байжээ.

Эртний Ромын түүх

Эртний Ром нь Итали улс дахь Тибр мөрний эрэг дээр байрлах Итали үндэстний суурингийнх нь хувьд, уламжлалт байдлаар МЭӨ 753 онд байгуулагдсан гэж тооцогддог. Энэхүү сууринг нь Ром хот болон төр улс болгон өргөжиж, гэрээ болон цэргийн хүчний хослолоор хөршүүдээ захирч эхэлсэн. Удалгүй Ром нь Итали хойгийг бүхэлд нь хянаж, Өмнөд Итали (Магна Грециа)-ийн Грек соёлыг болон Этруск соёлыг өөртөө шингээн, дараа нь Дундад тэнгисийн бүс нутаг болон Европын зарим хэсгийг эрхшээлдээ авчээ. Өндөр оргил үедээ Ромын Эзэнт Гүрэн нь Хойд Африкийн эрэг, Египет, Өмнөд Европ, Баруун Европын ихэнх хэсэг, Балканы хойг, Крым, Дундад Дорнодын ихэнх хэсгийг, түүний дотор Анатолийн хойг, Левант, Месопотамийн болон Аравийн хэсгүүдийг хянаж байв. Тус эзэнт гүрэн нь эртний дэлхийн хамгийн том эзэнт гүрнүүдийн нэг байсан бөгөөд МЭ 117 онд ойролцоогоор 5 сая хавтгай дөрвөлжин километр (1.9 сая хавтгай дөрвөлжин миль) газар нутаг эзэлж, 50-90 сая орчим хүн амтай байсан бөгөөд энэ нь тухайн үед дэлхийн хүн амын ойролцоогоор 20% байсан. Ромын улс нь сонгуульт хаант улсаас анхны бүгд найрамдах улсаар, дараа нь улам бүр дарангуйлагч цэргийн засаглал руу шилжсэн.

Эртний Ромын соёл иргэншил

Эртний Ромыг ихэвчлэн эртний Гректэй хамт сонгодог эртний үеийн соёл иргэншил гэж бүлэглэдэг бөгөөд тэдний төстэй соёл, нийгмүүдийг Грек-Ромын ертөнц гэж нэрлэдэг. Эртний Ромын соёл иргэншил нь орчин үеийн хэл, шашин, нийгэм, технологи, хуулиуд, улс төр, засаглал, дайн, урлаг, утга зохиол, архитектур болон инженерчлэлд үнэтэй хувь нэмэр оруулсан. Ром нь цэрэг армийнхаа мэргэжлийн чанарыг дээшлүүлж, түүнийг өргөжүүлж, “res publica” гэх засаглалыг бий болгожээ. Энэ нь орчин үеийн бүгд найрамдах улсууд, жишээлбэл АНУ болон Франц зэрэг улсын засаглалд сэдэл болсон байна. Ромын Эзэнт Гүрэн нь акведук буюу замуудыг эзэнт гүрний хэмжээнд барих, мөн илүү сүртэй дурсгалт байгууламжууд болон байгууламжуудыг бүтээх зэрэг гайхамшигтай технологи, архитектурын амжилтанд хүрсэн байдаг юм.

Эртний ромын ба алeксандрийн шинжлэх ухаан

Ромын эзэнт гүрэн Европ, Газар дундын тэнгисийн эргэн тойронд асар том нутаг дэвсгэр эзэлж байснаараа онцлогтой. Анхны эзэн хаан Октавиан Августын үеэс эзэнт гүрнийг Баруун ба Зүүн гэж хувааж, дараа нь Баруун Ромын эзэнт гүрэн нуран унах хүртэлх үеийг хамардаг юм. Харин Зүүн Ромын эзэнт гүрэн буюу Константинополь хотод төвтэй Византийн эзэнт улс дахиад 977 жилийн турш оршин тогтнож байгаад 1453 оны намар нуран унасан түүхтэй аж. Ромын эзэнт гүрэн 6,5 сая орчим км² хуурай газрыг хамарч байлаа. Эзэнт гүрэн өргөн уудам нутаг дэвсгэрийг удаан хугацаанд харьяалж байсан учраас дэлхийн улс орнуудын хэл, шашин, уран барилга, гүн ухаан, хууль төрийн засаглалд нөлөөлсөн нөлөөлөл өнөөг хүртэл хадгалагдсаар ирсэн. Ромын эзэнт гүрэн нь олон хэлтэй улс байв. Эзэнт гүрний албан ёсны хэл нь Латин болон Эртний Грек хэл байжээ. Эзэнт гүрний хүрээнд эдгээр хоёр чухал хэлийг ашиглах нь газарзүйн болон үйл ажиллагааны хувьд ялгаатай байжээ. Эцэст нь энэ нь 395 оноос хойш баруун ба зүүн хэсэг болж салахад ихээхэн нөлөөлсөн байна.

Ромын эзэнт гүрэн яагаад грeк хэлээр ярьдаг байж вэ

Эртний Грек буюу Иллиада нь МЭӨ 3 дэх мянган жилээс МЭӨ I зуун хүртэл Газар дундын тэнгисийн орчимд цэцэглэн хөгжиж байсан соёл иргэншил аж. Энэ соёл иргэншил нь дэлхий дахинаа шинжлэх ухаан, философи, засаглал, урлаг, уран барималаараа маш алдартай билээ. Эртний Грекэд грек хэлээр яригсдаас гадна зан заншил, шашин шүтлэг, амьдрал, засаглалын хэлбэр нь ижил, Газрын дундад тэнгисийн эрэг орчмын хүмүүсийг хамруулан авч үздэг. Эртний Грекийн хамгийн алдартай үе нь МЭӨ 480-323 он хүртлэх хугацааг хамрах “Сонгодог эрин” бөгөөд Грекчүүд хөгжил дэвшлийнхээ оргилд хүрч, гайхалтай урлагийн бүтээлүүдийг үйлдэж үлдээсэн билээ. Энэ үед грекүүд ихэвчлэн ямар нэгэн хаанаар удирдуулаагүй байв. Тэд өөрөө удирдах ёсыг эрхэмлэн Грекийн хот улсуудын холбоог бий болгон оршиж байсан ч дайн тулаан нь шийдэлд хүрэх түгээмэл гарцуудын нэг байсан. Гэхдээ шашин шүтлэг, хэл соёл, урлаг, ахуй ижил Грекийн хотууд олимпын наадмыг анх зохион байгуулсан юм. МЭӨ 146 онд Грекийн хот улсууд Ромын түрэмгийлэлд өвдөг сөхөрсөн ч МЭ IV зууны үед тэдний харьяанаас гарч, Византын эзэнт улсын мэдэлд оржээ. Османы түргүүд 1453 онд Византыг түлхэн унагасан билээ. Урт удаан хугацааны турш оршин тогтносон Эртний Грекийн улс төр, эдийн засгийн ноёрхох байдал нь өөрийн өндөр хөгжилтэй соёл иргэншлийг бий болгосон бөгөөд гүн ухаан, бичиг соёл, жүжгийн урлаг нь ромчууд, дундад зууны арабчууд, Сэргэн мандалтын үеийн Европ даяар гүнзгий нөлөө үзүүлсээр байсан билээ. Эртний Грекийн философичдын үзэл санаа одоо хүртэл зүйрлэшгүй үнэ цэнийг агуулсаар байдаг ба уран барилгын эд хэсгүүд нь өнөөгийн барилга байгууламжуудад ч тусгалаа олсон байдаг. Орчин цагийн ардчиллын үндэс суурийг анх эртний грекүүд тавьсан билээ. Чухамдаа өрнийн соёл иргэншлийн өлгий нутаг, эх булаг нь эртний хүчирхэг Финик, Египет, Вавилони улсууд бус Эртний Грек хэмээн хүлээн зөвшөөрдөг билээ. Өөрөөр хэлбэл, эндээс Грeкийг Ромын эзэнт гүрэн нь мөхөөсөн учраас хэл соёл, гүн ухаанд нэвт шингэсэн байна ойлгож болохоор байна.

Монгол-Италын харилцаа

Бүгд Найрамдах Итали Улс нь По голын сав газрын хөндий дагуу Өмнөд Европт оршдог улс юм. Итали улсын газар нутаг нь Италийн хойг болон Газар дундын тэнгист орших Сицили, Сардини гэсэн хоёр том арлыг хамардаг. Мөн Италийн хойг нь түрийтэй гутал хэлбэртэй харагддаг учраас “Stivale” буюу гутал ч гэж нэрлэдэг байна. Итали улс хойд талаараа Альпийн нуруугаар Франц, Швейцар, Австри, Словени зэрэг улсуудтай хил залгаа оршдог. Тусгаар тогтносон улс болох Сан Марино болон Ватикан Италийн нутаг дэвсгэр дотор оршдог ажээ. Итали улс нь Этрүскан, Грек, Ромыг багтаасан Европын хүчирхэг соёлуудын нэг өлгий нутаг билээ. Нийслэл Ром хот нь түүхэнд чухал ач холбогдолтой дэлхийн хот байсан. Ялангуяа эртний Ромын болон Ромын Католик Сүмийн хувьд. Энэ нутгийг 3000 жилийн турш Герман, Кельт, Франк, Ломбард, Визант, Грек, Сарацин зэрэг улс, аймгууд эзлэн түрэмгийлж, нүүдэллэн суурьшиж байв. Дундад зууны үед хойд зүгийн Нормандууд дайлж, харин Сэргэн Мандалтын үед Италийн дайн болж маш олон тусгаар улсууд болон задарсан. Ийм байдалд тэднийг гадныхан эзлэн авах нь элбэг байв. Харин Итали улс нэгдэж түүхэндээ анх удаа тусгаар тогтносон үндэстэн улс болсноор дээрх байдал үгүй болсон байна. Италийн хаант засаглалын болон дэлхийн дайны үед Итали нь дотроо маш их зөрчил тэмцэлтэй байсан боловч Италийн Бүгд Найрамдах Улс бий болсноор нөхцөл байдал нь тогтвортой болжээ. Өнөөдөр Итали улс нь дэлхийд ДНБ-ий хэмжээгээр 7-д, Хүний Хөгжлийн Индексээр 17-д орох үзүүлэлттэй, өндөр хөгжсөн орнуудын нэг билээ. Энэ улс нь Их Найм, Европын Холбоо, Баруун Европын Нэгдлийн гишүүн бөгөөд одоогийн Европын Холбоог (1957 онд Ромын Гэрээг үзэглэсэн) үндэслэгч орнуудын нэг юм. 2007.01.01-нээс эхлэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүн болсон. Итали улсын хүн ам Италичуудаас бүрэлддэг байна. Монгол, Итали хоёр улс 1970 оны 06 дугаар сарын 29-ний өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Манай улс 2011 оны 10 дугаар сард Ром хотноо, Итали Улс 2016 оны 07  дугаар сард Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн юм.

Шадар сайд У.Хүрэлсүх Итали Улсын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Иван Скалфароттог хүлээн авч уулзав

2017.04.16. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Итали, Монголын Засгийн газар хоорондын холимог комиссын Италийн хэсгийн дарга, эдийн засгийн хөгжлийн дэд сайд Иван Скалфароттог хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Шадар сайд У.Хүрэлсүх Монгол, Италийн хооронд 1970 оны 6 дугаар сард дипломат харилцаа тогтоосноос хойш найрсаг харилцаа, хамтын ажиллагааны төвшинд харилцаж буй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Мөн цаашид Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, ялангуяа худалдаа, эдийн засаг, соёлын салбарын хамтын ажиллагаа өргөжүүлэх өргөн боломжтойг тэмдэглэв. Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын хоёрдугаар хуралдаан энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Хоёрдугаар хуралдаанаар эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтын хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, боловсрол, соёл, зам тээвэр зэрэг салбарыг хамарсан өргөн хэлэлцүүлэг хийж байна. Энэ үеэр хэлэлцсэн асуудлыг ажил хэрэг болгоход Засгийн газрын зүгээс дэмжиж ажиллахаа Шадар сайд илэрхийллээ. Монгол Улсад 2016 оны байдлаар Италийн хөрөнгө оруулалттай нийт 52 компани худалдаа, нийтийн хоол, малын гаралтай түүхий эдийн боловсруулалтын салбарт 36,8 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийжээ. Хоёр улсын худалдааны нийт эргэлт 2016 онд 65,5 сая ам.доллар байснаас экспорт 33,5 сая ам.доллар, импорт 32 сая ам.долларт хүрсэн байна.

Италийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2024.02.05. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Италийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүчин чармайлтын дүнд өргөжин хөгжиж байгааг тэмдэглэлээ. Цаашид харилцан сонирхсон салбаруудад харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв. Элчин сайд Ж.Пиккаррета улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааг  идэвхжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв. Уулзалтын үеэр Тэрбум мод, Эрүүл монгол хүн, Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд Итали Улстай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Талууд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Ж.Пиккарретад ажлын амжилт хүсэж, бүх талын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв гэжээ.

Италийн Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлэв

2024.07.18. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв. Монголын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд италийн ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье. Улаанбаатар, Ромын харилцаа нь ардчилал, хүний ​​эрхийн үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлсэн, нөхөрлөлийн гүн гүнзгий мэдрэмжээр тэтгэгддэг бат бэх үндэс дээр суурилдаг билээ. Хоёр улсын харилцааг харилцан сонирхсон салбаруудад төдийгүй Европын Холбоо, Монгол Улсын харилцааны хүрээнд хамтын ажиллагааны шинэ боломжийг эрэлхийлэх замаар өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэл төгс байна. Эдгээр хүсэл эрмэлзлээ дурдахын ялдамд Эрхэм Ерөнхийлөгч Танд эрүүл энх, сайн сайхан, монголын найрсаг ард түмэнд хөгжил цэцэглэлтийн дээдийг хүсэн ерөөе гэжээ.

Италийн Миланы загварын долоо хоногт Монгол Улсаас анх удаа оролцов

2025.03.07. Итали. Милан. Бүгд Найрамдах Итали Улсын Милан хотноо 2025 оны 2 дугаар сарын 25-наас 3 дугаар сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Миланы загварын долоо хоногт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэмжлэгтэйгээр Монголын ноос ноолуурын салбарын төлөөлөл GoMongolia үндэсний брэндийн дор амжилттай оролцлоо. Дэлхийн шилдэг таван загварын долоо хоногийн нэгт зүй ёсоор тооцогддог Миланы загварын долоо хоног нь жилд 2 удаа зохион байгуулагддаг. Манай загвар зохион бүтээгчдийн оролцсон төсөл нь залуу дизайнеруудад чиглэсэн, тэдгээрийн ур чадварыг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, хувцас загварын зөвлөх, дизайнеруудтай уулзуулах зэргээр залуу дизайнеруудад өгөөжтэй арга хэмжээ боллоо. Арга хэмжээний үеэр байгуулсан Go Mongolia талбайд монгол ноолуурыг Италийн нэрт загварын сэтгүүл Vogue, бусад холбогдох хэвлэлийн байгууллагууд, инфлүэнсерүүд, дизайнер, худалдан авагчид, Миланы бүтик дэлгүүрүүдийн эздүүдээс гадна Миланы загварын долоо хоногийн Ерөнхийлөгч зэрэг зочид зочилж, Монгол ноолуурын онцлог, ондоошил, дизайнеруудын бүтээлүүдийг үзэж сонирхов гэжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Италийн Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүллээ

2025.07.18. Монгол Улс. Улаанбаатар хот. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарелла наадмын мэндчилгээ ирүүллээ. МЭНДЧИЛГЭЭНД: “Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон Монголын ард түмэнд чин сэтгэлийн халуун дотно мэндчилгээ дэвшүүлье. Үнэнч нөхөрлөлийн бат хэлхээгээр холбогдсон манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож байна. Бидний бат бэх хамтын ажиллагаа хоёр улсын хөгжлийг дэмжиж, олон салбарт үр дүнтэй хамтран ажиллах боломжийг бүрдүүлж байгааг онцлохыг хүсэж байна. Хэдийгээр газар зүйн хувьд алс оршдог хэдий ч хүний эрх, олон ургалч үзэл, хууль дээдлэх зарчим болон олон улсын эрх зүйг хүндэтгэн дээдлэх зэрэг нийтлэг үнэт зүйлсэд суурилсан бидний хамтын ажиллагаа Монгол Улс, Европын Холбоо хоорондын идэвхтэй өрнөж буй яриа хэлэлцээгээр улам бүр өргөжиж байгаад баяртай байна. Бүгд Найрамдах Итали Улсын нэрийн өмнөөс болон хувиасаа Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийнэ

2025.11.28. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Энэ айлчлал Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд төрийн тэргүүний түвшинд 14 жилийн дараа болох юм. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт болон  албан ёсны хэлэлцээ хийнэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Итали Улсын Төлөөлөгчдийн танхимын Ерөнхийлөгч Лорэнзо Фонтана бараалхана. Айлчлалын хүрээнд уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулахын зэрэгцээ соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрдэс баялаг, дэд бүтэц, иргэний хамгаалал, орон нутгийн хөгжил, спорт, аялал жуулчлал, олон нийтийн хэвлэл мэдээлэл зэрэг чиглэлээр Засгийн газар болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан Ром хотноо Монгол Улсын филармонийн Морин хуур найрал хөгжим уран бүтээлээ толилуулж,   аж ахуйн нэгжүүд хамтран бизнес форум зохионо. Хоёр улс 1970 оны 06 дугаар сарын 29-ний өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Манай улс 2011 оны 10 дугаар сард Ром хотноо, Итали Улс 2016 оны 07  дугаар сард Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн юм. Монгол Улсаас 2000 онд Ерөнхийлөгч Н.Багабанди ажлын айлчлал хийж байжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо  

2025.11.30.Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо. Энэ айлчлал Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болж байна. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт болон  албан ёсны хэлэлцээ хийнэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Итали Улсын Төлөөлөгчдийн танхимын Ерөнхийлөгч Лорэнзо Фонтана бараалхана. Айлчлалын хүрээнд уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулахын зэрэгцээ соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрдэс баялаг, дэд бүтэц, иргэний хамгаалал, орон нутгийн хөгжил, спорт, аялал жуулчлал, олон нийтийн хэвлэл мэдээлэл зэрэг Засгийн газар болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан Ром хотноо Монгол Улсын филармонийн Морин хуур найрал хөгжим уран бүтээлээ толилуулж,   аж ахуйн нэгжүүд хамтран бизнес форум  зохионо. Монгол Улсаас 2000 онд Ерөнхийлөгч Н.Багабанди ажлын айлчлал хийж байжээ. Хоёр улс 1970 оны 06 дугаар сарын 29-ний өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Манай улс 2011 оны 10 дугаар сард Ром хотноо, Итали Улс 2016 оны 07 дугаар сард Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн юм гэжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийхээр Бүгд Найрамдах Итали Улсад хүрэлцэн ирлээ

2025.12.01. Итали улс. Ром хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр Ром хотноо хүрэлцэн ирлээ. “Фиумичино” олон улсын нисэх онгоцны буудалд тус улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Итали-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Никола Карэ, Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Дипломат ёслолын газрын захирал Бруно Паскуино, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррэта, Гэгээн Ширээт Улсын Төрийн нарийн бичгийн дарга нарын газрын Ёслолын хэлтсийн дэд дарга Бруно Бастос Линс, монголын талаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Нарантунгалаг, Гэгээн Ширээт Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Гэрэлмаа нар угтан авлаа. Энэ айлчлал Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болж байна. Ромын эзэнт гүрнээс улбаатай Бүгд Найрамдах Итали Улс 1861 онд хаант засаглалтай нэгдсэн улсаа байгуулсан түүхтэй. 1946 онд бүх нийтийн санал асуулгаар Бүгд Найрамдах засаглал сонгосон нь өнөөгийн “Их-7”-ийн бүлгийн гишүүн, улс төр, эдийн засгийн нөлөө бүхий улс болох үндэс суурь болжээ. Австри, Франц, Гэгээн Ширээт Улс, Сан Марино, Словени, Швейцар зэрэг улстай хиллэдэг. НАТО, Европын Холбооны Улсын голлох гишүүн орны нэг. 59 сая хүн амтай. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 2.2 их наяд ам.доллар. Эдийн засгийн голлох салбар нь үйлчилгээ /65 хувь/, аж үйлдвэр /23 хувь/, хөдөө аж ахуй /2 хувь/. 623 тэрбум еврогийн үнэ бүхий үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, даавуу, металл хийц, эмийн бүтээгдэхүүн голлон гаргаж, гадаадаас 568 тэрбум еврогийн үнэ бүхий газрын тос, байгалийн хий, тээврийн хэрэгсэл, металл эдлэл, хүнс, тоног төхөөрөмж авдаг. Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь 452 сая евро. Нүүрс, мөнгөн ус, цайр, гантиг, хайлуур жонш, байгалийн хий, загасны арвин нөөцтэй. Италиас монголчуудын сайн мэдэх Марко Поло, Кристофер Колумб, Леонардо Да Винчи, Галилей, Микеланжело, Лучиано Павароти зэрэг алдартан төрөн гарчээ.  

Нэр нь үл мэдэгдэх цэргийн бунхан”-д цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

2025.12.01. Итали улс. Ром хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон дагалдан яваа албаны төлөөлөгчид “Эх орны хүндэтгэлийн цогцолбор”-т зочилж, “Нэр нь үл мэдэгдэх цэргийн бунхан”-д цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Ром хотын төв, Венецийн талбайд байрлах цогцолборыг олон жилийн дайн, тэмцлийн дараа буюу 1861 онд тархай бутархай вант улсуудыг нэгтгэж, орчин үеийн Италийн үндсийг тавихад голлох үүрэг гүйцэтгэсэн Хоёрдугаар Витторио Эммануэлэ хааны дурсгалд зориулан байгуулсан түүхтэй. Витторио Эммануэлэ хааныг Италийн ард түмэн “Улс төрийн нэгдлийн эцэг” хэмээн үздэг байна. 1885 оноос 50 гаруй жилийн турш барьж бүтээсэн цагаан гантиг чулуун цогцолбор өдгөө түүх, архитектурын төдийгүй үндэсний бахархал, эв нэгдлийн илэрхийлэл болжээ. Нэр нь үл мэдэгдэх бунхан нь Италийн ард түмний тусгаар тогтнол, итгэл үнэмшил, эх оронч үзлийн бэлгэ тэмдэг бөгөөд үүрд мөнхийг бэлгэдсэн мөнхийн гал асаалттай байдаг. Үндэсний томоохон баяр, төрийн ёслолын үеэр төр, засгийнх нь тэргүүн болон тус улсад айлчилж буй гадаадын улс орны тэргүүн нар цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла албан ёсоор угтаж авлаа

2025.12.01. Итали Улс. Ром хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла, тэргүүн хатагтай Лаура Маттарэлла нар албан ёсоор угтаж авлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг Ерөнхийлөгчийн “Куириналэ” ордонд хүрэлцэн ирэхэд Үлээвэр хөгжим, Төрийн хүндэт харуул, морьт цэргүүд жагссан байлаа Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла, тэргүүн хатагтай Лаура Маттарэлла нар угтан мэндчилсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Энэ үеэр Ерөнхийлөгчийн ордны дээр Монгол Улсын Төрийн далбааг мандууллаа. Хүндэт харуулын дарга айлтгал өргөсний дараа хоёр улсын төрийн тэргүүн Хүндэт харуулын туганд хүндэтгэл үзүүллээ. Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла эрх зүйч мэргэжилтэй. Палермо хотын их сургуульд багш, Парламентын хэд хэдэн комиссын гишүүн, дарга, Парламентын Төлөөлөгчдийн тэргүүн, Боловсролын сайд, Шадар сайд, Батлан хамгаалахын сайд, Парламентын Хуулийн захиргааны зөвлөлийн Дэд ерөнхийлөгч, Үндсэн хуулийн шүүхийн гишүүн зэрэг алба хашиж байсан. 2015-2022 онд Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2022 онд дахин долоон жилээр сонгогдсон. Улсынхаа 12 дахь төрийн тэргүүн, дахин сонгогдсон хоёр дахь Ерөнхийлөгч юм байна. Ерөнхийлөгчийн “Куириналэ” ордныг манай эриний өмнөх IV зуунд эрүүл мэндийг хамгаалагч Куирин хэмээх бурханд зориулан босгосон сүмийн нэрээр нэрлэсэн байна. Ордны суурийг XV зууны үед тавьсан бөгөөд Пап XIII Грегори 1583-1585 оны хооронд, Пап V Сиктэ 1587 онд өргөтгөн засварлаж байжээ. Италийн Хаант Улс 1870 онд Ромыг нэгтгэх үед энэ ордон хааны өргөө болсон түүхтэй.

Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла ирэх жил Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

2025.12.02. Итали улс. Ром хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Сэржо Маттарэлла нар ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийлээ. Хамтын хүчин чармайлтын дүнд харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн олон салбарт идэвхтэй өрнөж байгаад төрийн тэргүүн нар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Айлчлалын үеэр найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түвшнийг хоёр шатаар алгасан ахиулж “Стратегийн түншлэл”-д хүргэсэн нь харилцаа, хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгаагийн илрэл гэдэгт төрийн тэргүүн нар санал нэгдлээ.   Цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, зам, тээвэр, боловсрол, шинжлэх ухаан, соёл, спорт, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл зэрэг салбарт харилцан ашигтай хамтрахын төлөө байгаагаа нотоллоо. Төрийн тэргүүн нар НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар ярилцаж, бүс нутаг, олон улсын харилцааны асуудлаар санал солилцлоо. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, энх тайван зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий хоёр улс аливаа хурцадмал асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэж байх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ. Албан ёсны хэлэлцээний үеэр харилцан тохиролцсон асуудлууд бодит ажил хэрэг болно гэдэгт төрийн тэргүүн нар итгэлтэй байгаагаа  илэрхийллээ. Монгол Улсад төрийн айлчлал хийх Ерөнхийлөгчийн урилгыг Сэржо Маттарэлла хүлээн авч, 2026 онд хариу айлчилна гэдгээ нотоллоо. Монгол, Итали Улс 1970 онд дипломат харилцаа тогтоосон.  Манай улс 2011 онд Ром хотноо, Итали Улс 2016 онд Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн юм.

Бүгд Найрамдах Итали Улстай “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо

2025.12.02. Итали улс. Ром хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улстай тогтоосон  найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түвшнийг хоёр шатаар алгасан ахиулж “Стратегийн түншлэл”-д хүргэлээ.

Ингэснээр Бүгд Найрамдах Итали Улс нь манай улсын хувьд Европын Холбооны гишүүн орнуудаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын дараа “Стратегийн түншлэл” тогтоосон хоёр дахь орон болж байна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улсын уламжлалт найрсаг харилцаа тууштай өргөжин хөгжиж байгааг сайшаалаа. Хамтын ажиллагааны бүхий л салбарт гарсан томоохон ололт, амжилтыг онцолж, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, дэлхий дахины тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхийн төлөөх үүрэг, амлалтаа нотоллоо.

Бүгд Найрамдах Итали Улстай тогтоосон “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд:
  • Дээд, өндөр түвшний харилцан айлчлал, Гадаад харилцааны яам хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалт зэрэг хоёр талын хамтын ажиллагааны механизм, Парламентын бүлгүүдийн идэвхтэй харилцааг дэмжих замаар улс төрийн яриа хэлэлцээг бэхжүүлнэ;
  • Олон талт хамтын ажиллагаа, ялангуяа НҮБ-ын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлнэ. Итали Улс, Монгол Улс болон Европын Холбоо хооронд 2017 онд байгуулсан “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд өрнөж буй идэвхтэй хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжинэ;
  • Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ;
  • Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болон Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Италийн Худалдааны агентлаг хоорондын шууд харилцааг бэхжүүлэх замаар эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг тэлнэ;
  • Экспортыг нэмэгдүүлэх шинэ гарц нээх, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны нөөц, бололцоог ашиглана;
  • Хувцас загвар, ноолуурын салбарт тогтвортой нийлүүлэлтийн сүлжээ бий болгох, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний шилжилтийг дэмжсэн технологи зэрэг тэргүүлэх салбарт жижиг, дунд үйлдвэрлэл, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжинэ;
  • Эрчим хүчний сүлжээ, тээвэр, логистик, ус болон хог хаягдлын менежментийн тогтолцоо, мэдээлэл, харилцаа холбооны технологи, эрүүл мэнд зэрэг салбарын хөгжлийг дэмжинэ. Аюулгүй, сөрөн тэсвэрлэх чадвар бүхий мэдээллийн технологийн дэд бүтэц, дижитал шилжилт, төрийн үйлчилгээг дэмжих ухаалаг шийдэл болон үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг хөгжүүлнэ;
  • Тойрог эдийн засаг, газар, ус, хог хаягдлын тогтвортой менежмент зэрэг байгаль орчны хамгааллын хамтын ажиллагааг дэмжинэ;
  • Ашигт малтмал болон түүхий эдийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлнэ;
  • Олон улсад автозамаар ачаа тээвэрлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг эцэслэн байгуулна;
  • Онцгой байдал, иргэний хамгаалалт болон эрсдэлийн менежментийн хамтын ажиллагааг дэмжинэ;
  • Захиргаа, шүүх болон эрхзүйн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр Европын Холбооны хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хүрээнд Итали Улс дэмжлэг үзүүлнэ;
  • Шинжлэх ухаан, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлнэ. Боловсролын салбар, судалгааны төвүүд, их сургууль, дээд боловсролын байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэтгэлэг олгох боломжийг нэмэгдүүлнэ;
  • “Милан-Кортина 2026” өвлийн олимп, паралимпын наадамд түшиглэн спорт болон аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг дэмжинэ.

Манай улс Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаатай.

Америкийн Нэгдсэн Улстай  “Стратегийн гуравдагч хөршийн түншлэл”, Япон Улстай “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улстай “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоогоод байна.

Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө

2025.12.04. Итали улс. Ром хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө.

Хоёр улсын төрийн тэргүүн харилцааны түвшнийг “Стратегийн түншлэл”-д хүргэн Хамтарсан тунхаглал гаргалаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итали Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын Ерөнхийлөгч Лорэнзо Фонтана бараалхлаа.

Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Чю Донгиу-тай уулзаж, манай улсын санаачлан НҮБ-ын Ерөнхий Ассамбейгаар батлуулсан “Бэлчээр нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн” нээлтэд оролцлоо.

Боловсрол, шинжлэх ухаан соёл, спорт, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл зэрэг салбарт хамтран ажиллах тухай болон орон нутаг хоорондын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа.

Айлчлалын хүрээнд Ром хотноо Итали-Монголын бизнес форумыг зохион байгуулж, Морин хуурын найрал уран бүтээлээ толилууллаа.

Еоөнхийлөгч Сэржо Маттарэлла ирэх онд манай улсад төрийн айлчлал  хийхээ нотоллоо.

Төрийн айлчлалын дүнд Бүгд Найрамдах Итали Улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түвшнийг хоёр шатаар алгасан ахиулж “Стратегийн түншлэл”-д хүргэлээ.

“Милан-Кортина 2026” өвлийн олимп, паралимпын наадамд түшиглэн спорт болон аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг дэмжинэ.

Бүгд Найрамдах Итали Улс нь манай улсын хувьд Европын Холбооны гишүүн орнуудаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын дараа “Стратегийн түншлэл” тогтоосон хоёр дахь орон боллоо.

Олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, дэлхий дахины Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхийн төлөөх үүрэг, амлалтаа нотоллоо.

Дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулж, Парламентын бүлгүүдийн харилцааг дэмжинэ.

Монгол, Итали болон Европын Холбоо хооронд 2017 онд байгуулсан “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд улам идэвхтэй хамтарна.

Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.

Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг тэлнэ.

Экспортыг нэмэгдүүлэх шинэ гарц нээх, хөрөнгө оруулалт, эдийн засгийн нөөц, бололцоог ашиглана.

Хувцас загвар, ноолуурын салбарт тогтвортой нийлүүлэлтийн сүлжээ бий болгоно.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний шилжилтийг дэмжсэн технологи зэрэг тэргүүлэх салбарт жижиг, дунд үйлдвэрлэл, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжинэ.

Эрчим хүчний сүлжээ, тээвэр, логистик, ус болон хог хаягдлын менежментийн тогтолцоо, мэдээлэл, харилцаа холбооны технологи, эрүүл мэнд зэрэг салбарын хөгжлийг дэмжинэ.

Аюулгүй, сөрөн тэсвэрлэх чадвар бүхий мэдээллийн технологийн дэд бүтэц, дижитал шилжилт, төрийн үйлчилгээг дэмжих ухаалаг шийдэл болон үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг хөгжүүлнэ.

Газар, ус, хог хаягдлын тогтвортой менежмент зэрэг байгаль орчны хамгааллын хамтын ажиллагааг дэмжинэ.

Ашигт малтмал болон түүхий эдийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

Олон улсад автозамаар ачаа тээвэрлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг эцэслэн байгуулна.

Онцгой байдал, иргэний хамгаалалт болон эрсдэлийн менежментийн хамтын ажиллагааг дэмжинэ.

Захиргаа, шүүх болон эрхзүйн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр Европын Холбооны хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хүрээнд Итали Улс дэмжлэг үзүүлнэ.

Шинжлэх ухаан, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэжээ.

Хариулт үлдээнэ үү

Элсэн дугуй ХХК, dailypost.mn | Newsphere by AF themes.
Translate