Мэдээ: Mонгол, Энэтхэгийн хaрилцaa
Монгол, Энэтхэгийн түүхэн харилцаа
2025.01.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Энэтхэг улс нь 18-20 зууны дунд үе хүртэл Британийн колони болох алхам бага багаар тавигдсан ч, 1947 онд тусгаар тогтносон улс болсон юм. Тус улс дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ дэлхийд 4-т, газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 7-т, хүн амын тоогоороо 2-рт бичигддэг улс юм. Пакистан, Хятад, Балба, Бутан, Бангладеш, Мьянмар зургаан улстай хиллэдэг ба Энэтхэгийн далайгаар хүрээлэгдэн оршдог. Англи хэлийг түлхүү ашигладаг ч, 22 албан ёсны хэлтэй бөгөөд ихэвчлэн тухайн хүний ямар шашинтайгаас хамаардаг байна. Гэхдээ Засгийн газар нь 16 хэлийг албан ёсны хэл гэж үздэг ба үүнд Хинди, Тамил, Бэнгали, Пунжаби, Санскрит хэлнүүд багтдаг байна. Монгол, Энэтхэгийн харилцааг одоогоос 3 мянган жилийн тэртээгээс эхтэй гэж судлаачид үзжээ. Энэтхэгийн зүүн хойд муж нутаг болон Хималайн сав газраар гучин сая гаруй өвөг монгол буюу монголоид угсаатан амьдардаг байна. Тэд олон зуун жилийн өмнөөс Энэтхэгт хэд хэдэн удаа нүүдэллэн очжээ. Үүний зэрэгцээ Энэтхэгийн өмнө зүгийн Андаманы аралд монгол гаралтай хүмүүс амьдардгийг 13-р зуунд Италийн аялагч Марко Поло явж байхдаа харж тэмдэглэн үлдээсэн аж. Тус улстай олон зууны өмнөөс түүхэн харилцаатай явж ирсэн ч, Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улстай 1955.12.24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон байна. Тухайн үед Бүгд Найрамдах Энэтхэг Улс нь Монгол Улсыг тусгаар тогтнохыг хүлээн зөвшөөрсөн социалист бус анхны орон байсан бөгөөд Монгол Улсыг 1961 онд НҮБ-д элсэхэд гол дэмжлэг үзүүлсэн орон юм. Монгол, Энэтхэгийн ард түмэн газарзүйн хувьд хол оршдог ч, сэтгэл санаа, соёлын хувьд ойр байдаг оюун санааны хөрш орнууд гэж үздэг. Монгол Улс 1956 онд Дели хотод Элчин сайдын яамаа нээсэн бол, Энэтхэг улс 1971 онд Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээж үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Үүнээс ч өмнө монгол, энэтхэг түүхэн харилцаатай байсныг илтгэх түүх дурсгал бий. Доголон Төмөрийн удам Их Моголын эзэнт гүрний Шах Жахан хаан өөрийн хатан Мумтаз Махалд зориулж Энэтхэг улсын Агра хотод Жамна голын эрэг дээр Таж Махал бариулсан нь түүх болон хоцорчээ. Энэтхэг, Перс, Могулын архитектурын хэв шинж агуулсан уран барилга, түүхийн хосгүй үнэт бүтээл учраас ЮНЕСКО 1983 онд дэлхийн өвд бүртгэн авчээ. Таж махал өнөөдөр дэлхийн долоон гайхамшигт тоонд зүй ёсоор багтаж, тив тивийн сая сая жуулчид зорин очдог газар болжээ.

Монгол, Энэтхэгийн соёлын харилцаа
2022.06.14. Монгол Улс. Улаанбаатар хот. Монголын ард түмэн эрт дээр үеэс ном сударт хүндэтгэлтэй хандаж түүнийг тууривах үйлсэд хүч, хөдөлмөр, сэтгэл , зүтгэл, оюунаа харамгүй зориулж ирсэн. Үүний ачаар олон тооны судар тэртээгээс өнөөг хүртэл уламжлагдан ирж, уншдаг ном бус, урлагийн бүтээл болсон байна. Тэдгээрээс дурдвал, Ганжуур, Данжуурын хөлгөн судруудыг нэрлэж болох юм. Ганжуурыг бурхан багшийн айлдвар гэж нэрийддэг. Тиймээс ч Энэтхэг, Жагарын орноос гаралтай гэж ойлгож болно. Бурхан багшийг таалал төгссөнөөс хойш ганжуурыг пали хэл дээр сударт буулгажээ. Энэ хэлнээс бусад улсууд өөрийн орны хэл рүү хөрвүүлж орчуулсан байдаг аж. Ганжуурыг монгол хэлнээ орчуулсан уламжлал маш эртнийх. Ганжуур нь анх 2500 жилийн тэртээ Энэтхэг, Жагарын оронд зохиогдсон 108 боть хөлгөн судар юм. Ганжуурыг анх Санскрит Төвд хэлнээс Өгөөдэй хааны зарлигаар Чу мэргэн эх хэлнээ орчуулж, Лигдэн хааны үед алтаар урлаж байсан гэлцдэг. Мөн манай улсад боловсруулсан хар цаасан дээр мөнгө, оюу, шүр, сувд, дун, алт, зэс, номин зэрэг есөн эрдэнээр үсэг, мөр сэлгүүлэн бичсэн Ганжуурын хөлгөн судар ч бий. Бурхан багшийн айлдвар буюу Ганжуурын хураангуйд шинжлэх ухааны их, бага 10 салбар багтдаг байна. Их таван ухаанд: дуун ухаан, учир шалтгааны ухаан, урлахуйн ухаан, анагаах ухаан, сэтгэл шинэчлэл зэрэг багтжээ. Бага таван ухаанд яруу найраг, бүжиг, одон орон зурхай судлал, уран барилга зэрэг багтдаг байх юм. Данжуур нь эдгээр их, бага таван ухааны тайлбарыг багтаасан 225 боть бүхий Ганжуурын тайлбар зохиол юм. Тус хөлгөн судар 3427 нэр төрлийн ном зохиолыг багтаасан 107 мянга 839 хуудастай. Төвд Данжуурын монгол хэлнээ орчуулах ажлыг 14 зууны үеэс эхлүүлсэн ч тухайн үед бүтнээр нь орчуулж дуусгаагүй юм. Харин 1742 онд энэ судрын 200 орчуулгыг Монгол Улсын бүх газраас нэгтгэн цуглуулж эх хэлнээ хөрвүүлэх ажил эхэлсэн юм. Халх монгол, Өвөр монгол, Буриад монгол, Ойрад монголоос эрдэмтэд чуулж төвд хэлнээс монгол хэлнээ буулгасан гэдэг. 1976 онд данжуурыг монгол хэлнээ бүтнээр нь орчуулж дуусган модон бараар 225 боть хэвлэсэн байдаг. Энэ бүтээлүүд Үндэсний номын санд хадгалагдаж ирсэн. Төв номын санд хадгалагдаж байсан Ганжуур, Данжуурын эртний орчуулгуудыг нэгтгэн 400 боть болгож, олны хүртээл болгох ажил 2007 оноос эхэлсэн байдаг. Үүнд Ганжуурын 108 боть, Данжуурын 225 боть, Богд Зонховын 20 боть, Жанжаа Хутагтын 9 боть, Ловон Бадамжунайн нууц тарни багтаж байв. Эдгээр 400 ботийн эхний 30 нь 2008 онд хэвлэлтээс гарч, үлдсэн ботиуд 2010 онд хэвлэгдэж дуусна гэж тухайн холбогдох хүмүүс ярьж байлаа. Ийнхүү манай улс ганжуур, данжуурыг эртний орчуулгуудыг орчин цагийн монгол хэлнээ хөрвүүлж уншигчдын хүртээл болгоод багагүй хугацаа өнгөрлөө. Тэгвэл Ганжуурын эртний гар бичмэлийн 113 боть өнөөг хэр нь ОХУ-ын Санкт-Петербургийн их сургуульд хадгалаатай байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчлах үеэр Санкт-Петербургийн их сургуулийн монгол судлалын багш, оюутан, төгсөгчид ярьж байсан юм.

Шадар сайд У.Хүрэлсүх Энэтхэгийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
2016.07.28. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Суреш Бабуг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Суреш Бабу Шадар сайдыг хүлээн авч уулзаж байгаад талархаж буйгаа илэрхийлээд ардчилсан сонгуулийн дүнд Монгол Ардын Нам ялалт байгуулж, шинэ парламент, Засгийн газар бүрдсэнд баяр хүргэлээ. Шадар сайд У.Хүрэлсүх өнгөрсөн онд Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад албан ёсны айлчлал хийсэн нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад түлхэц болсон гэдгийг онцлоод айлчлалын хүрээнд 1 тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд онцгой ач холбогдолтой үйл явдал болсныг тэмдэглэлээ. Мөн тэрээр эдийн засгийн хөгжлийг сэргээх, өсгөх чиглэлд ажиллана гээд хоёр орны хамтын ажиллагааг эдийн засаг, худалдааны чиглэлээр өргөжүүлэх, ялангуяа хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт хамтран ажиллах боломж байгааг тодотгоод ноён Элчин сайдыг дэмжиж ажиллахыг хүслээ. Энэтхэгийн Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд Малын эрүүл мэнд, сүүний чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулсан. Энэ санамж бичиг хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлд хамтран ажиллах түншлэлийн нэг чиглэл болох боломжтой юм гэж Элчин сайд Суреш Бабу хэллээ. Нарийн мэргэжилтнүүдээ Энэтхэг Улсын Засгийн газрын тэтгэлгээр чадавхжуулах сургалтад хамруулах хүсэлтэй байгаагаа Шадар сайд илэрхийлээд тус улсын тэтгэлгээр жилд 150 иргэн сургалтад хамрагддаг байсныг Ерөнхий сайд Нарендра Модигийн айлчлалын хүрээнд суралцагчдын тоог 200 болгон нэмэгдүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлэв. Уулзалтын үеэр Элчин сайд Суреш Бабу Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дотоод хэргийн сайдын илгээсэн урилгыг гардууллаа. Шадад сайдад Нью Дели хотод болох Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хуралд оролцох урилга илгээжээ.

Шадар сайд У.Хүрэлсүх Азийн сайд нарын Бага хурлын нээлтэд үг хэлнэ
2016.11.03. Монгол Улс. Улаанбаатар хот. Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар Бага хурал өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Шинэ Дели хотноо эхэлж байна. 2018 онд хоёрдугаар Бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан Шадар сайд У.Хүрэлсүх бага хурлын эхэнд үг хэлэх юм. Мөн БНЭУ-ын Ерөнхий сайд Моди, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай төлөөлөгч ноён Роберт Глассер нар үг хэлнэ. ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг уур амьсгалын эрсдэлийн удирдлагын стратегид нэгтгэх, хэрэгжүүлэх Улсын болон орон нутгийн стратеги” сэдэвт хуралдаанд илтгэл тавина. Мөн “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаан дахь хөрөнгө оруулалт” сэдэвт техникийн хуралдааныг даргалах юм. ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Ц.Ганзориг “Олон нийтийн гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах” сэдэвт сэдэвчилсэн хуралдаан, ОБЕГ-ын ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хурандаа Ч.Ариунаа “Хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сэдэвчилсэн хуралдаанд танилцуулга хийх ажээ.

Монгол Улс гамшгийн эрсдэлийг бууруулах салбарт найдвартай түнш болж чадах алхмыг тавилаа
2016.11.02-05. Энэтхэг Улс. Дели хот. Азийн сайд нарын анхдугаар хуралдаанд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх оролцоод ирлээ. Дэлхийн хүн амын 60 хувь амьдардаг Ази тивийн хувьд газар хөдлөлт, цунами, далайн шуурга, үер, зуд, ганд өртөх эрсдэл өндөртэй бүс нутаг. Байгаль цаг уурын өөрчлөлт болон хүний хүчин зүйлээс хамаарах эрсдэл гамшигтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, хор хөнөөлийг арилгах асуудлыг зөвхөн нэг улс, Засгийн газар дангаараа хэрэгжүүлэх боломжгүй тул Энэтхэг Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран анх удаа энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулсан юм. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх сайд нарын хуралдаанд анхны илтгэлийг тавьж, гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, зорилтын талаар мэдээлэл хийлээ. Чуулга уулзалтын үеэр Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай элч Роберт Глассертай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Азийн 39 орны Засгийн газрын тэргүүн, гамшгийн асуудал эрхэлсэн сайд нар чуулж 2015 онд Японы Сендай хотноо болсон Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн гуравдугаар бага хурлаас НҮБ-ын гишүүн 187 орон соёрхон гаргасан “2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн” Азийн бүс нутгийн төлөвлөгөөг батлан гаргалаа. Мөн гамшгийн эрсдэлийг бууруулахад улс төрийн дээд түвшний оролцоог хангахын тулд “Делигийн тунхаглалыг” гаргасанаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл Азийн бүс нутагт ирэх 15 жилд гамшгийн эрсдэлийг хэрхэн бууруулах талаар баримт бичигтэй болж байгаа юм. Ирэх 2018 онд Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран Азийн сайд нарын II бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулна. Тийм ч учраас энэ удаагийн Азийн сайд нарын анхдугаар хуралдаан манай улсын хувьд туршлага хуримтлуулан судлахын зэрэгцээ, Монгол Улс бүс нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах салбарт улс орныг манлайлан оролцох, найдвартай түнш болж чадах эхний алхмыг тавьжээ.

Шадар Сайд У.Хүрэлсүх Азийн сайд нарын чуулга уулзалтад оролцож байна
2016.11.04. Монгол Улс. Улаанбаатар хот. Шинэ Дели хотноо болж байгаа Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын чуулга уулзалтад Шадар сайд У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Дэлхийн хүн амын 60 хувь амьдардаг Ази тив нь газар хөдлөлт, цунами, далайн шуурга, үер, зуд, ган зэрэг гамшиг эрсдэлд 88 хувьтай өртдөг эмзэг бүс нутаг юм. Гамшиг эрсдэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах зэргийг аль нэг улс, Засгийн газар дангаараа хийх боломжгүй тул анх удаа энэ чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Моди Засгийн газрынхаа бодлого, гамшиг ослыг эрт мэдээлэх, урьдчилан сэргийлэх, хүн ардыг мэдээллээр хангах, эрсдэл даатгалын сан үүсгэх, зам, барилгын чанарыг стандартад нийцүүлэх зэрэг 10 зүйл төлөвлөгөө, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцууллаа. Чуулга уулзалтад Азийн 39 орны төлөөлөгчид оролцож байгаагийн 34 нь сайд нар юм. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх сайд нарын хуралдаанд анхны илтгэлийг тавьж, гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр хийж байгаа ажил, бодлого, зорилтын талаар мэдээлэл хийлээ. Чуулга уулзалтын үеэр Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай элч Роберт Глассертай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Азийн сайд нарын чуулга уулзалт 3 хоног үргэлжлэх бөгөөд хуралдаанаас Гамшгийн эрсдэлийг бууруулах Засгийн газруудын хамтарсан Шинэ Делийн тунхаглал, Сендай программыг хэрэгжүүлэх Азийн хөтөлбөр зэрэг баримт бичиг гаргах юм гэжээ.

Шадар сайд У.Хүрэлсүх Энэтхэгийн Хилийн асуудал эрхэлсэн Дотоод хэргийн дэд сайдыг хүлээн авч уулзав
2016.12.22. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хилийн асуудал эрхэлсэн Дотоод хэргийн дэд сайд Санжийваний Куттиг хүлээн авч уулзлаа. Манай хоёр орон харилцаа, хамтын ажиллагааны олон жилийн түүхтэй. Цаашид ч улам шинэ шатанд гарч хөгжинө гэдэгт итгэдэг. 2018 онд Гамшгийн эрсдэлийг бууруулах талаарх дээд хэмжээний уулзалт, хурлыг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүнд идэвхитэй хамтран ажиллана гэдэгт найдаж байна гэж Шадар сайд уулзалтын эхэнд хэллээ. 2015 онд БНЭУ-ын Ерөнхий сайд Наренда Модигийн айлчлалаас хойш хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа стратегийн түвшнөөс шинэ түвшинд гарсан. Өнөөдөр бид Цагдаа, Хил хамгааллын чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн яамтай байгууллаа. Хамтарсан ажлын хэсгийн хуралдааныг хийлээ. Цаашид хэрхэн ажиллах талаараа тодорхой чиглэл шийдлийг гаргасан гэж Энэтхэг Улсын хилийн асуудал эрхэлсэн Дотоод хэргийн дэд сайд Санжийваний Кутти танилцуулжээ.

Азийн түншлэлийн хуралдаан Улаанбаатар хотод эхэллээ
2017.04.05. Монгол Улс. Улаанбаатар хот. Өнөөдрийн хуралдаанаар манай улс Азийн сайд нарын бага хурлаар баталсан Нью Делигийн тунхаглал, Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөөнд тусгагдсан үүрэг, амлалтуудаа хэрхэн хэрэгжүүлж байгаагаа тайлагнана. Мөн бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулахад ямар асуудлуудад анхаарч ажиллах шаардлагатай байгаа талаар хэлэлцэх юм. Түүнчлэн ирэх онд Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хоёр дугаар бага хурлын бэлтгэлийг хэрхэн хангах талаар ярилцахаар төлөвлөжээ. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Азийн түншлэлийн хуралдаан нь өнгөрсөн оны 11-р сард БНЭУ-ын Нью Дели хотноо хуралдсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар бага хурлын дараа чуулж байгаагаараа өндөр ач холбогдолтой” гэж тэмдэглэлээ. Азийн түншлэлийн хуралд Австрали, Бангладеш, Бутан, БНХАУ, БНАСАУ, БНЭУ, Индонези, Япон, Лаос, Малайз, Мальдив, Мьянмар, Пакистан, Филиппин, БНСУ, Шри-Ланка, Тайланд, Вьетнам болон олон улсын Засгийн газар хоорондын байгууллага, НҮБ , олон улс, бүс нутгийн төрийн бус байгууллагууд, Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төв, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрар болон манай улсын 120 гаруй төлөөлөгч оролцож байна.

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлнэ
2017.11.08. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-ын Элчин сайд Суреш Бабуг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Түүхэн болон соёлын хэлхээ холбоо, ардчиллын үнэт зүйлс, бүс нутаг болон олон улсын энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах хоёр талын хамтын хүсэл эрмэлзэлд суурилсан Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ. Мөн өндөр, дээд түвшний айлчлалын үеэр яригдсан асуудлууд хэрэгжиж байгаад талархлаа илэрхийлээд БНЭУ-ын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг үр дүнтэй ашиглахад онцгой анхаарна гэлээ. Хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээр, түүнд тусгасан нэмэлт өөрчлөлтийн дагуу газрын тос боловсруулах үйлдвэрийг дамжуулах шугам хоолойн хамт барьж байгуулах нарийвчилсан ТЭЗҮ-г боловсруулж эхэлсэн байна. Ерөнхий сайд Н.Модигийн айлчлалын үеэр яригдсан нөгөө чухал асуудал нь Мэдээллийн технологийн аутсорсингийн төв байгуулах төсөл юм. Газар зүйн байршил, дэд бүтэц, хүний нөөц зэргийг бодолцоход энэ төв цаашид мэдээллийн Data center болж өргөжих боломжтой юм. Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих эдгээр төслийг хэрэгжүүлэх техникийн баг өнөөдөр Улаанбаатарт ирж байна, уулзалт, сургалт зохион байгуулна. Ирэх оны эхний улиралд газрын тосны үйлдвэр байгуулах тендер зарлах боломжтой гэж ноён Элчин сайд Суреш Бабу хэллээ. Онцгой байдлын ерөнхий газрын 25 албан хаагч Энэтхэг Улсад сургалтад явж байгаа. Хилийн хамгаалах ерөнхий газрын Удирдлагын төв байгуулахад техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлнэ. Мөн харилцан туршлага солилцох, мэргэжилтэн сургах ажлыг хийнэ зэрэг ажлыг зохион байгуулж байгаа гэж Элчин сайд хэллээ. Уулзалтын үеэр яригдсан бас нэг асуудал нь Энэтхэг Монголын хооронд шууд нислэгтэй болох талаар санал солилцов. Шууд нислэгтэй болсноор бизнес, аялал жуулчлал хөгжих төдийгүй хөрөнгө оруулагчдыг татна. Мөн дээрх том төслүүдийн ажлыг эрчимжүүлэхэд тустай гэдгийг хоёр тал онцолжээ.

Ерөнхий сайд БНЭУ-ын Дотоод хэргийн сайдыг хүлээн авч уулзав
2018.06.23. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар айлчилж байгаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дотоод хэргийн сайд Ражнат Сингхийг албан өрөөндөө хүлээн авч уулзлаа. Монгол Улс нь БНЭУ-ыг хамгийн ойр дотны гуравдагч хөрш орон гэж үздэг бөгөөд Стратегийн түншлэлийн харилцаандаа тэргүүлэх чиглэл өгдөг гэдгийг Ерөнхий сайд хэлэв. Мөн БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди 2015 онд Монгол Улсад айлчилсан нь харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасныг тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын даргаар томилогдсонд нь Дотоод хэргийн сайд Ражнат Сингх баяр хүргээд БНЭУ-д айлчлахыг урилаа. Монгол Улс бол БНЭУ-ын Зүүн Хойд Ази дахь том түнш орон. Өндөр, дээд түвшний харилцан айлчлал тогтмолжиж, харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглэв. Цаашид хил хамгаалах, батлан хамгаалах, боловсрол, мэдээллийн технологи, кино урлаг, аялал жуулчлал зэрэг салбарт хамтран ажиллах шаардлагатай. Ялангуяа хоёр орны хоорондын худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, Улаанбаатар-Дели чиглэлд шууд нислэгтэй болохын тулд хүчин чармайлт гаргаж ажиллах ёстой гэдэгт талууд санал нэгджээ.

Азийн сайд нар Улаанбаатар хотноо чуулж эхэллээ
2018.07.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Энэ өдрүүдэд “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал” Улаанбаатар хотноо болж байна. Хоёр жил тутам болдог энэ хурлаар Азийн 50 орны хоёр мянга гаруй төлөөлөгч дэлхийн болон бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулахад тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг хэлэлцэн шийдвэр гаргах юм. Бага хурал нь бүс нутгийн болон хил дамнасан гамшгийн эрсдэлийг бууруулахад манлайллаа үзүүлж, улс орон, ард иргэдэд үр дүнтэй шийдэл гаргах замаар тулгамдсан хүндрэл бэрхшээлийг даван туулах, шинэ арга замыг нээх боломжийг оролцогч улсуудад олгодог. Мөн хурлаар “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичиг хэрэгжсэн өнгөрсөн гурван жилд хэрэгжүүлсэн гол арга хэмжээг танилцуулж, хэлэлцүүлнэ. Түүнчлэн 2016 онд болсон хурлаар батласан Шинэ Делигийн Тунхаглал, Азийн бүсийн төлөвлөгөө, 10 оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл, тэдний хүлээсэн үүрэг, амлалтын хэрэгжилтийг дүгнэх юм. “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал-2018”-аас Улаанбаатарын тунхаглал. 2018-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Үндэсний болон орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах стратегитай улс орны тоог нэмэх, оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл зэрэг үндсэн баримт бичгийг батлан гаргана. “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцон хэлсэн үгнээс хүргэе.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Тусгай төлөөлөгч, эрхэмсэг хатагтай Мизутори, Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо,
Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хуралд хүрэлцэн ирсэн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын Засгийн газар, НҮБ болон бусад оролцогч талын төлөөлөл Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлэн мэндчилье. Та бүхэн Монголын сайхан оронд тавтай морилно уу. 2015 оны “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”-т үндэсний болон бүс нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг Гамшгийн эрсдэлийг ойлгох; Гамшгийн эрсдэлийг удирдах засаглалыг бэхжүүлэх; Гамшигтай тэмцэх чадавхийг бэхжүүлэхэд хөрөнгө оруулах; Гамшгийн бэлэн байдлыг хангах, түүний дараах сэргээн босголт, нөхөн сэргээлтэд “сайжруулан сэргээн барих” үзэл баримтлалыг хэрэгжүүлэх гэсэн дөрвөн тэргүүлэх чиглэлд хандуулахаар тодорхойлсон билээ. Мөн онд дэлхий нийтийн хөгжлийн дараагийн 15 жилийн хөтөч болсон “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030”-ийн зэрэгцээ “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”, “Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх Аддис Абебагийн үйл ажиллагааны хөтөлбөр”, “Хотжилтын шинэ хөтөлбөр” зэрэг чухал баримт бичиг батлагдсаныг та бид хамтран хэрэгжүүлж байна. Тогтвортой хөгжил нь олон талыг хамарсан цогц үйл ажиллагаа тул эдгээр баримт бичгийг амжилттай, уялдаа холбоотой хэрэгжүүлэх нь та бидний өмнө тавигдаж буй эрхэм зорилго төдийгүй хэрэгцээ, шаардлага болоод байна.
Хүндэт хатагтай ноёдоо,
Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн баримт бичиг батлагдсанаас хойшхи гурван жил хагасын хугацаанд бид Азийн бүсийн төлөвлөгөө болон Шинэ Делигийн тунхаглалыг батлан хэрэгжүүлж байгаа билээ. Сүүлийн 15 жилд Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал нь гамшигт хамгийн ихээр өртдөг манай тивийн улс орнуудын хувьд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр ярьж хэлэлцэх, санаа бодлоо солилцох, хамтран шийдвэр гаргах үүрэгтэй хамтын ажиллагааны идэвхтэй механизм болон хөгжиж байна. Өнгөрсөн хугацаанд бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, түүний бүсийн төвийн үүрэг оролцоо, дэмжлэг чухал ач холбогдолтой байсныг энд цохон тэмдэглэхийг хүсч байна. Энэ удаагийн бага хурлаар бид Шинэ Делигийн тунхаглал, Сендайн баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүсийн 2016-2018 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэн дүгнэх, 2018-2020 онд хэрэгжүүлэх бүсийн төлөвлөгөөг батлах зэрэг улс төрийн чухал шийдэл гаргах, улмаар улс орнууд сайн дурын амлалт авах, талууд харилцан туршлага солилцох боломжийг олгож байна.
Эрхэмсэг хатагтай ноёдоо,
Монгол орны газарзүй болон нийгэм, эдийн засгийн энэ өвөрмөц байдал нь гамшгийн эрсдэлийн онцгой нөхцлийг бүрдүүлж байдаг. Манай улсад хүчтэй салхи, шуурга, үер, ой, хээрийн түймэр, ган, зуд зэрэг байгалийн гамшгийн давтамж нэмэгдэж, хүн амын ахуй амьдрал, улс орны эдийн засаг, тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Үүний зэрэгцээ Монгол Улс нь Төв Азийн газар хөдлөлтийн өндөр эрсдэлтэй бүс нутагт байрладаг бөгөөд сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж улам бүр нэмэгдэх боллоо. Иймээс гамшгийн эрсдэлийг бууруулах нь манай төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг яах аргагүй мөн билээ. Засгийн газар НҮБ-аас баталсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”, “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030”, “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг бүрэн дэмжиж, улсынхаа хөгжлийн бодлого, төлөвлөлтийг нэгдсэн удирдлагаар хангах зорилго бүхий “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ыг баталж, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-оо хэрэгжүүлж байна. Сендайн баримт бичиг батлагдсанаас хойш Монгол Улс гамшгаас хамгаалах менежментээс гамшгийн эрсдэлийн менежмент рүү хурдацтай шилжиж, гамшгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, хууль эрхзүйн орчныг шинэчлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, олон нийтийн оролцоог дэмжих чиглэлээр нэлээдгүй ажил хийсэн. Тухайлбал 2017 онд УИХ-аас Гамшгаас хамгаалах хуулийг шинэчлэн баталж, үндэсний болон орон нутгийн түвшний гамшгийн эрсдлийг бууруулах тогтолцоог бүрдүүлэн, оролцогч талуудын үүргийг тодорхойлж, онцгой байдлын албаныхны эрхзүйн байдал, нийгмийн халамжийг сайжруулж, гамшгийн үеийнхүмүүнлэгийн тусламжийн зохицуулалтыг боловсронгуй болголоо. 2018 онд Засгийн газраас “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлж байна. Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бусГамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл байгуулав. Мөн НҮБ-ын “Гамшигт тэсвэртэй, аюулгүй хот” хөтөлбөрт бүх хот нь нэгдсэн Азийн анхны улс болсон зэргийг дурдаж болно. Бүс нутгийн орнууд, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар болон олон улсын байгууллагуудын зүгээс Монгол Улсыггамшигтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Азидаа тэргүүлэгч орны нэг хэмээн үнэлж байгаад бид сэтгэл хангалуун байна. Монгол Улсын Засгийн газраас Азийн сайд нарын II бага хурлын үеэр бид
- “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах нь”,
- “Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” сэдвээр хоёр онцлох хуралдааныг зохион байгуулна.
Хүндэт хатагтай ноёдоо,
Бүс нутгийн олон улс орон хөгжлийн бодлогоо шинэчилж, эдийн засгийн огцом өсөлтийг бий болгосноор сая сая хүн ядуурлаас гарч байна. Гэвч энэ ололт амжилттай зэрэгцэн дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, экологийн доройтлын улмаас бүс нутагт тохиолдох гамшгийн давтамж, хамрах цар хүрээ, нийгэм-эдийн засагт учруулах хор хохирлын хэмжээ улам бүр ихэсч байгаа нь бидний сэтгэлийг түгшээх боллоо. Ази тивийн гамшгийн эрсдэл нь Африк тивээс дөрөв дахин, Европ болон Хойд Америкаас 25 дахин өндөр байна. НҮБ-аас гаргасан мэдээгээр Ази, Номхон далайн бүс нутагт 2000 оноос хойш жилд дунджаар 150 гаруй гамшиг тохиолдсон нь дэлхий дахинд жилд тохиолдож буй нийт гамшгийн 45 хувийг эзэлж байна. Үүний зэрэгцээ гамшгийн улмаас дэлхийн эдийн засагт учирсан хохирлын 38 хувь нь, гамшигт өртсөн хүн амын 85 хувь нь Ази, Номхон далайн орнуудад оногдож байна. Нийгэм, эдийн засгийн хөгжлийг даган бүс нутагт хотжилт эрчимтэй явагдаж байна. Ази, Номхон далайн бүс нутагт хөдөөгийн хүн амын тоо хот, суурин газарт амьдардаг хүн амын тооноос ямагт илүү байсан бол 2018 оноос хойш эсрэгээрээ хотын хүн ам хөдөөд амьдардаг хүн амын тооноос давж гарах нөхцөл бүрджээ. Тиймээс ирээдүйд бидэнд хотжилттой холбоотой олон асуудал тулгарах нь дамжиггүй болоод байна. Олон мянган хүний амь насыг авч одсон Энэтхэгийн далайн цунами, Сычуаны газар хөдлөлт, Мьянмарын Наргис хар салхи болон эдийн засагт ихээхэн хохирол учруулсан Японы зүүн эргийн газар хөдлөлтөөс үүдэлтэй гурвалсан гамшиг, Тайландын их үер, Балбын газар хөдлөлт зэрэг томоохон гамшгийн харамсалтай түүхээс сургамж авч гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, улам идэвхжүүлэх хэрэгцээ шаардлага бүс нутгийн хувьд онцгой ач холбогдолтой болоод байна.
Эрхэм хатагтай ноёдоо,
Монгол Улсын Засгийн газарт гурван удаа Онцгой байдлын асуудал хариуцсан сайдаар ажиллаж байсны хувьд улс орны тогтвортой хөгжлийг хангах нэг гол нөхцөл нь гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах явдал гэдгийг би маш сайн ойлгож мэдэрсэн. Гамшгийн голомтод ажиллан гамшигт өртсөн иргэдийн зовлонг хуваалцаж, гамшгийг даван туулах тэдний асар их эр зориг, хүсэл тэмүүлэл, тэсвэр хатуужлаас эрч хүч авч, тэдэнд дэмжлэг үзүүлэн ажиллаж, туршлага хуримтлуулсандаа бахархаж явдаг. Гамшгийн эрсдэлийг бууруулах НҮБ-ын манлайлагч төрийн түшээ хүний хувьд, Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувьд бүс нутаг, дэлхий дахинд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хэд хэдэн санал дэвшүүлье.

Нэгдүгээрт. Улс орон, холбогдох бүх талд хүртээмжтэй Гамшгийн эрсдэлийн мэдээлэл, мэдлэгийн нэгдсэн сүлжээ бий болгоё:
Мэдээллийн санд тулгуурлан шинжлэх ухааны орчин үеийн арга хэрэгслийг ашиглан гамшгийн эрсдэлийн талаарх мэдээллийг шийдвэр гаргагчид, олон нийт, иргэдэд ойлгомжтой байдлаар хүргэх, мэдлэгийг хуваалцах сүлжээг бий болгох хэрэгтэй байна. Мөн мэдээллийн нэгдсэн сүлжээний зэрэгцээ улс орон, холбогдох талууд мэдлэг, туршлагаа харилцан солилцох, Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурлуудаас баталсан тунхаглал, бүсийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах, тогтмол үнэлэх, олон нийтэд тайлагнах механизмыг бий болгох хэрэгтэй гэж үзэж байна. Ингэж чадвал бид гамшгийн эрсдэлийн талаар нэгдмэл, үнэн бодитой мэдээлэл авах, түүндээ тулгуурлан оновчтой шийдвэр гаргах, хэрэгжилтийг хянах боломжтой болох юм.
Хоёрдугаарт. Гамшгийн эрсдэлийн боловсролыг бүх нийтэд олгох, гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлье.
Гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах тухай ойлголт, мэдлэгийг албан болон албан бус боловсрол, бүх түвшний иргэний боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтаар дамжуулан олгох нь хүн амын амьдралын хэвшил, зан үйлийг өөрчлөхөд дэмжлэг болж, эрсдэлийг бууруулах соёл, уламжлалыг төлөвшүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэнэ. Гамшгийн эрсдэлийн боловсролыг олон нийтийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, нэн ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цагаач болон уугуул иргэд, хүүхэд, ахмад настан зэрэг онцлог бүлгийг хамруулсан, жендерийн мэдрэмжтэй арга, хэлбэрээр олгох нь илүү үр өгөөжтэй гэж бодож байна. Бидний ирээдүй хүүхэд, залуучуудаар дамжуулан гамшгийн эрсдэлийг бууруулах болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талаарх мэдлэг, чадварыг эцэг, эх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх нь гамшгийн эмзэг байдлыг бууруулах, гамшгийг тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх үр дүнтэй арга байх болно.
Гуравдугаарт. Хөдөө аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогыг дэмжье.
Ази, Номхон далайн бүсэд хоёр тэрбум гаруй хүний амьдрал зөвхөн хөдөө аж ахуйн салбараас хамааралтай байна. Хөдөө аж ахуйд учруулж буй уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн шинж чанарыг бүрэн дүүрэн таньж мэдэж, урьдчилан сэргийлэх оновчтой арга хэмжээ авч чадахгүй байгаагаас энэ салбарт гамшгийн эрсдэлээс хүлээх хохирол улам бүр нэмэгдэх боллоо. Өнөөдөр дэлхий дахинд тохиолдож буй байгалийн дөрвөн гамшиг тутмын гурав нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй бөгөөд хөгжлийн түвшнээс үл хамааран бүх улс оронд нэгэн адил нөлөөлж байна. Монгол орны хувьд уур амьсгалын өөрчлөлт нь аль эрт бодит аюул болж, ган, зуд, цөлжилт зэрэг гамшгийн давтамж болон далайц олшрон өсч, хүн амын тэр дундаа хөдөө аж ахуйд ажиллагсдын эмзэг байдал улам бүр нэмэгдэж байна. Иймд улс орнууд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх чадварыг хөдөө аж ахуйн салбарт нэмэгдүүлж, арга технологио шинэчлэх шаардлага зүй ёсоор урган гарч байна. Мөн улс орон бүр олон зууныг дамжин амьдарч, аж төрөхдөө аливаа гамшгийн эрсдэлийг бууруулах арга ухаан, мэдлэг туршлага хуримтлуулсан байдаг. Иймд гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн улс үндэсний уламжлалт арга ухаан, үндэсний чадварыг орчин үеийн чиг хандлагатай хослуулан баяжуулж үр өгөөжийг нь дээшлүүлж байх хэрэгтэй байна. Энэ нь бүс нутгийн болон улс орнуудын хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийн таагүй нөлөөллийг бууруулах замаар урт удаан хугацаанд тогтвортой хөгжих гол үндэс болох юм.
Дөрөвдүгээрт. Гамшигт тэсвэртэй дэд бүтэц болон хот төлөвлөлтийг хөгжүүлье.
Ази тив бол эрчимтэй хотжиж, дэд бүтцийг далайцтай бүтээн байгуулж буй бүс нутаг юм. Иймд гамшгийн эрсдэлийг бууруулах, шинэ эрсдэл үүсэхээс сэргийлэхийн тулд орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтөд эрсдэлийн мэдээллийг ашиглах, түүнчлэн хүн ам суурьшихад аюулгүй, экосистемийн үйл ажиллагааг хэвийн хадгалах боломжтой, гамшгийн эрсдэлд тэсвэртэй хот төлөвлөлтийг хөгжүүлэх шаардлагатай байна. Гамшгийг тэсвэрлэх чадвартай дэд бүтцийг барих ялангуяа сургууль, эмнэлэг зэрэг нэн чухал барилга, байгууламжийг барилгын материалын стандарт, дэлхий нийтээр мөрддөг зарчмуудын дагуу эхнээс нь зөв загвар хийцээр, аюулд тэсвэртэй барих, хүчитгэл хийх, ашиглалтын засвар үйлчилгээний соёлыг хөгжүүлэн төлөвшүүлэх нь зүйтэй. Одоогоор тус бүс нутгийн дийлэнх улс орон өөрсдийн хот төлөвлөлт, дэд бүтцийн хөгжлийн бодлого, стратеги, хөтөлбөр, төлөвлөгөөтэй байгаа хэдий ч эдгээрт эрсдэлийг тооцсон эсэхийг дахин нягтлах шаардлага байгаа гэж үзнэ. Хөгжлийн бодлого төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг тооцох нь тогтвортой хөгжлийг хангах нэг үндсэн нөхцөл гэдгийг онцгой анхаарах хэрэгтэй байна.
Тавдугаарт. Гамшигт тэсвэртэй байх чадварыг бизнесийн байгууллагуудад бэхжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг дэмжье.
Ази, Номхон далайн бүсэд дэлхийн хүн амын 60 гаруй хувь оршин сууж, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний тэн хагасыг үйлдвэрлэж байна. Энэ утгаараа тус бүс нутгийн бүтээгдэхүүн ханган нийлүүлэлтийн сүлжээ өөр хоорондоо маш нягт уялдаатай тул ганц удаагийн гамшиг бүс нутгийн эдийн засагт бүхэлд нь сөргөөр нөлөөлж болохуйц нөхцөл үүсээд байна. Иймд ханган нийлүүлэлтийн сүлжээний бүх шатанд бизнесийн тасралтгүй ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, бизнесийн байгууллагууд өөр өөрийн онцлогт тохирсон гамшгийн эрсдэлийн удирдлагын загварыг нэвтрүүлж, байгууллагынхаа гамшгийг тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх шаардлагатай байна. 2011 онд Японы зүүн эрэгт болсон газар хөдлөлт болон Тайландад болсон үер зэрэг томоохон гамшгаас авсан нэг том сургамж бол хувийн хэвшил маш сайн бэлтгэлтэй байх нь үндэсний болон бүс нутгийн эдийн засгийн хохирлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэж буй явдал юм. Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд зарцуулсан зардлын үр ашиг нь гамшгийн дараах аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааны зардлаас хавьгүй бага байдаг. Тиймээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах талаар хамтран ажиллаж, нөөц, мэдлэг туршлагаа нэгтгэж, үр дүнтэй хөрөнгө оруулалт хийх нь маш чухал болоод байна.
Зургаадугаарт. Тогтвортой хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлийн хамтын ажиллагааны санхүүгийн механизмыг бүрдүүлье.
Дэлхийн болон бүсийн санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа, улс орнуудын хандив, татвар зэрэгт түшиглэн тогтвортой хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлийн хамтын ажиллагааны санхүүгийн механизмыг бүрдүүлэх нь зүйтэй. Энэ нь бүс нутгийн гамшигт өртөмтгий хөгжиж буй орнууд, ялангуяа нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй болон арлын жижиг хөгжиж буй орнуудын гамшгийн эрсдэлийг бууруулахад тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд туслах, шинжлэх ухаан, судалгааны байгууллага, хувийн хэвшил, бусад холбогдох талын гамшгийн эрсдэлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, хөгжүүлэхийг дэмжих хамтын хүчин чармайлт, хөрөнгийг үр өгөөжтэй зарцуулах боломж бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Эрхэмсэг хатагтай ноёдоо,
Бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн оновчтой, өргөн хүрээтэй, хариуцлагатай шийдвэр гаргаж, туршлага солилцохоор энд хуран цугларсан төлөөлөгчид та бидний хэлэлцүүлгийн дүн, цаашдын хамтын ажиллагаа нь улс орнуудын гамшгийн эрсдэлийг бууруулах, бүс нутгийн төдийгүй дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн хангахад онцгой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” сэдэвт Азийн сайд нарын II бага хурлыг амжилттай зохион байгуулж, цаашид бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжиж, өргөжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар бүх талаар хамтран ажиллах эрмэлзэл төгс байгааг дахин нотолж байна. Хурлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар болон хамтран ажилласан та бүхэнд дахин чин сэтгэлийн талархал илэрхийлье. Гамшгийн эрсдэлийг бууруулах замаар байгаль орчинд ээлтэй, хүн бүрт тэгш хүртээмжтэй тогтвортой хөгжилд хүрэхийн төлөө хамтдаа зүтгэе гэжээ.

БНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав
2018.08.28. Монгол Улс. Улаанбаатар хот. Бүрэн эрхийн хугацаа нь дуусч нутаг буцах болсонтой нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-аас манай оронд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Сураш Бабуг хүлээн авч уулзав. Хоёр улсын хооронд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал болж, худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжин хөгжихөд Элчин сайдын оруулсан хувь нэмэр их байсан гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Тэр дундаа Энэтхэгийн Засгийн газрын хөрөнгө оруулалтаар Монгол Улсад Газрын тосны боловсруулах үйлдвэр барих бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, гэрээ хэлэлцээр ажил хэрэг болж, бодит биелэлээ олоход онцгой үүрэг гүйцэтгэснийг хэллээ. Мөн, Монгол Улсад эх орноо төлөөлөн сууж байсны хувьд цаашид Газрын тосны боловсруулах үйлдвэр барьж дуусгахад аль болох дэмжлэг туслалцааг үзүүлж ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. Манай хоёр орны хамтын ажиллагааны үр дүнд босгосон газрын тосны үйлдвэрийн үйл ажиллагаа нээгдэх тэр өдөр баяртай уулзахын ерөөл тавив. Монгол, Энэтхэгийн олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар анхаарч байгааг Элчин сайд Сураш Бабу тэмдэглээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг удахгүй Энэтхэг Улсад айлчилна гэдэгт найдаж байна гэв. Хоёр орны харилцаа хамтын ажиллагаа улам тэлнэ гэж итгэж байна. Хил хамгаалах, Онцгой байдал, Батлан хамгаалах, Энергийн чиглэлээр явуулж байгаа бидний хамтын ажиллагаа үргэлжилнэ гэж бодож байгаа учир сэтгэл дүүрэн нутаг буцаж байна хэмээн ноён Сураш Бабу хэлжээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажил эхэллээ
2019.10.08. Монгол Улс. Улаанбаатар хот. Газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтэц бэлэн боллоо. Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийг ашиглалтад хүлээн авч, барилга угсралт, хөрөнгө оруулалтыг албан ёсоор эхэллээ. БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 2023 онд энэ үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахаар болсон. Монгол Улсын Засгийн газар үйлдвэрийн гаднах дэд бүтцийг байгуулах үүргээ цаг хугацаанд нь гүйцэтгэж ашиглалтад орууллаа. Хүлээн авах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Дармэндр Пратхан, БНЭУ-ын Гадаад хэргийн сайдын зөвлөх К.Панкаж, БНЭУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд М.П.Сингх болон УИХ, Засгийн газрын гишүүд, албаны бусад хүн оролцов. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ БНЭУ-ын Засгийн газар хөрөнгө оруулалт хийснээр Монголын төрөөс сүүлийн хориод жил зорьж буй газрын тосоо дотооддоо боловсруулж, түлш шатахууны хэрэгцээгээ хангах зорилтыг бодитой ажил хэрэг болгох боломжийг бүрдүүллээ. Төмөр зам, авто зам, цахилгаан дамжуулах агаарын шугамаа татаж дууслаа. Энэ бол төрийн болон мэргэжлийн байгууллагуудын өндөр зохион байгуулалттай ажилласны үр дүн. Дотоод нөөц бололцоогоо дайчилж, бүтээн байгуулалтаа гүйцээж хийхийн нотолгоо болж байна. Монгол, Энэтхэгийн зорьж буй энэхүү хамтын бүтээн байгуулалт нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. БНЭУ-ын Засгийн газар, ард түмэнд талархал илэрхийлье гэжээ. БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Д.Пратхан; Монгол Улсад 1,5 сая/тн хүчин чадалтай газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулж буй нь хоёр улсын нөхөрлөлийн бэлэг тэмдэг юм. Монголын талын хүсэлтээр 236 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг манай Засгийн газраас хийхээр шийдвэрлэсэн. Хоёр орны стратегийн түншлэлийг улам хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах болно” гэв. Дорноговь аймгийн Сайншанд хотоос зүүн хойш 18 км-т Алтанширээ сумын нутаг дэвсгэрт байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд 27км төмөр зам, 17,2 км 100 тоннын хүнд даацын авто зам барьж, улсын чанартай төв автозам болон төмөр замтай холбожээ. Мөн 110 кВт-ын эрчим хүчний агаарын дамжуулах шугам барьж, үйлдвэрийн талбайг бэлтгэх, тэгшлэх ажлыг гүйцэтгээд байна. Газрын тосны боловсруулах үйлдвэр нь урьдчилсан ТЭЗҮ-ээр жилд 1,5 сая/тн тос боловруулах хүчин чадалтай байх юм. Үйлдвэрийн түүхий эдийн нөөцийг тогтоох хайгуулын ажлууд бүс нутгийн хэмжээнд идэвхитэй хийгдэж байгаа бөгөөд бүрэн тогтоогдсон нь 35 сая/тн. Нефть-хими болон химийн аж үйлдвэрийн суурь, түүхий тос дамжуулах хоолой төслийн хүрээнд тавигдах юм. Газрын тосны боловсруулах үйлдвэр баригдсанаар түлш шатахууны импортын хамаарлаас гарч, валютын гарах урсгал 20 орчим хувиар буурна. Мөн Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хувиар нэмэгдэж, улсын болон орон нутгийн төсвийн орлого 150 сая ам.доллараар өсч, 600 гаруй ажлын байр шинээр бий болж, үйлдвэрийг дагасан жижиг дунд үйлдвэрлэл хөгжих юм. Дэд бүтцийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, үүрэг гүйцэтгэсэн Зэвсэгт хүчний дугаар ангийн албан хаагчид, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”, “УБТЗ” ХНН, “МТЗ” компанийн нийт ажилчдад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын талархалыг гардуулж, баяр хүргэн зарим хүнийг шагнаж урамшууллаа. Одоо газрын тосны боловсруулах үйлдвэрийн ажилтан албан хаагчдын 550 айлын орон сууцны хорооллыг барьж эхлээд байна гэжээ.

Энэтхэгээс захиалгат нислэгээр 219 лам хүүхдийг эх орондоо авч ирнэ
2020.06.01. Монгол Улс. Улаанбаатар хот. БНЭУ-ын Каранатака мужид байдаг Гоман, Сэра, Жүме гэсэн гурван дацанд шашны чиглэлээр сурч, амьдарч буй нийт 597 монгол иргэн байна. Үүний 357 нь 10-18 хүртэлх насны хүүхэд аж. Тэдгээрээс 219 хүүхдийнх нь эцэг, эх, асран хамгаалагч болон Гоман дацангийн удирдлагуудаас хүсэлт тавьсны дагуу хүүхдүүдийг эх оронд нь авч ирэхээр шийдвэрлэж, зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайдад үүрэг болгов. Хүүхдүүдийн амьдарч буй хийдээс 6 километрийн зайд Ковид19 вурусын тохиолдол илэрсэн нь тэдний нөхцөл байдлыг эрсдэлтэй болгосон учир чартер нислэг гарган хүүхдүүдийг эх оронд нь татан авч ирүүлэхийг хүссэн байна. Эх орондоо ирэх хүсэлтэй 219 хүүхдийн 70 хувь нь Архангай, Баянхонгор, Завхан, Төв, Хэнтий, Увс зэрэг аймгуудаас ирсэн орон нутгийн хүүхдүүд аж. Эцэг эхчүүд нислэгийн зардлыг төлөх ч тусгаарлалтын төлбөрийг төлөх боломжгүй учир дэмжлэг үзүүлэхийг Засгийн газраас хүсчээ. Иймд тусгаарлах зардалд шаардагдах 229.9 сая төгрөгийг Хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөрөөс санхүүжүүлж, насанд хүрэгчдийн адил хорио цээрийн шаардлага хангасан тусгаарлах байранд байрлуулж, нийгэм сэтгэлзүйн үйлчилгээг үзүүлэх ажлыг даалгажээ. Дашрамд дурдахад, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020.05.13-нд Туркийн Истанбул хот руу тусгай үүргийн нислэг хийж, 170 орчим монгол иргэнээ татан авав. Мөн ОХУ-ын Улаан-Үд хотоос 05.14-нд 202 иргэнийг, 05.15-нд Эрхүү хотоос 200 орчим иргэнийг татан авав. Харин 05.18-нд Энэтхэг улсаас тусгай үүргийг онгоц нислэг үйлдэж, иргэдээ татан авахаар ажиллаж байсан юм.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа
2021.03.02. Сангийн сайд Б.Жавхлан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол, Энэтхэг хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, ялангуяа түүхий тос дамжуулах хоолойн асуудлаар санал солилцов. БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төсөл амжилттай хэрэгжиж, төлөвлөлтийн шатнаас барилга-угсралтын шатанд шилжиж байгаа бөгөөд үйлдвэрийн технологийн бус барилга байгууламжийн ажлыг Энэтхэгийн “JMC Projects India” компани гүйцэтгэхээр гэрээ байгуулан бүтээн байгуулалтын ажлыг 2021 оны 01 сарын 15-ны өдрөөс эхлүүлсэн байна. Элчин сайд М.П.Сингх хоёр орны харилцааны бэлэг тэмдэг болсон энэхүү төслийг амжилттай урагшлуулахад Энэтхэгийн талаас бүх талаар дэмжиж хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

Энэтхэгийн элчин сайдыг хүлээн авч уулзав
2021.08.31. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх-ийг хүлээн авч уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь Элчин сайд баяр хүргэж, Монгол Улсад улс төрийн тогтвортой байдал сэргэн бэхжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч ирснээ дурдаж, цаашид Ерөнхийлөгчийн хувиар Стратегийн түншлэлийг бэхжүүлэх, хамтарсан томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Хоёр улс цар тахлын үед ч идэвхтэй хамтран ажиллаж, бие биенээ харилцан дэмжиж ирснийг талууд онцлов. БНЭУ-аас цар тахлын эмчилгээнд ашиглах Ремдесивир эмийн 100 мянган тун тарилгыг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улс хүлээн авсан нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад чухал хувь нэмэртэйг тэмдэглэлээ. Хоёр улсын Стратегийн түншлэлийн бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн идэвх чармайлттай ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Уулзалтын үеэр хоёр улсын хооронд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, энэ хүрээнд БНЭУ-д коксжих нүүрс экспортлох туршилтын тээвэрлэлтийг эхлүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцлоо. БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд А.Б.Важпайн нэрэмжит Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн төв болон Монгол, Энэтхэгийн хамтарсан найрамдалт дунд сургууль байгуулах зэрэг хамтарсан төсөл хэрэгжиж эхэлсэнд талууд сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийллээ гэжээ.
БНЭУ-ын Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзав
2022.09.06. Монгол Улс. Улаанбаатао хот. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингхийг хүлээн авч уулзав. Оюун санааны түнш, гуравдагч хөрш БНЭУ-тай харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжиж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэж, үүнд БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди-гийн 2015 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал болон Батлан хамгаалахын сайдын энэ удаагийн айлчлал чухал түлхэц болж байгааг онцлов. Мөн хоёр орны хооронд тогтоосон Стратегийн түншлэлийн харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хүргэх бүрэн боломж байгааг хэлэв. Ардчилал, эрх чөлөөг дээдэлдэг зэрэг ижил төстэй зүйл олон Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахаа БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх илэрхийлэв. Уулзалтын үеэр олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудал болон газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт, батлан хамгаалах, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдал, боловсрол, агаарын тээвэр, аялал жуулчлал зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Энэтхэгийн Ерөнхийлөгч баярын захидал ирүүлэв
2022.07.15. Mонгол Улc. Улaaнбaaтaр хот. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Рам Нат Ковинд мэндчилгээ дэвшүүллээ. УГ МЭНДЧИЛГЭЭНД: Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монголын ард түмэнд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар, Энэтхэгийн ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Энэтхэг, Монгол нь оюун санааны ойр дотно хөрш бөгөөд Стратегийн түншүүд билээ. Цар тахлын улмаас тулгарч буй сорилтуудыг үл харгалзан бидний олон талт хамтын ажиллагаа бүх талаар цэцэглэн хөгжиж байгааг тэмдэглэхэд нэн таатай байна. Саяхан болж өнгөрсөн Монгол Улсын Их дүйчэн өдрөөр Энэтхэг Улсад хадгалагдаж буй Бурхан багш Буддагийн чандарыг Монгол Улсад залж, сүсэгтэн олон, ард иргэдэд дэлгэн үзүүлсэн нь бидний Буддын шашны гүн гүнзгий хэлхээ холбоо, ижил төстэй өв соёл, шашин шүтлэгтэйг гэрчилж байна. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Таны манлайлал дор манай хоёр орны Стратегийн түншлэл олон салбарт өргөжин тэлж, хамтын ажиллагааны шинэ гарцуудыг нээж өгнө гэдэгт миний бие итгэл төгс байна. Энэхүү завшааныг ашиглан Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлт, сайн сайхны ерөөл дэвшүүлье. Энэ ялдамд, Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд нэн өндөр хүндэтгэлээ дахин илэрхийлж буйг минь хүлээн авна уу гэжээ.

ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
2023.05.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскалантег хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч цар тахлын үед ДЭМБ-ын Монгол Улсад үзүүлсэн дэмжлэгийг үнэлж байдгаа хэлж, Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Энэ жил тохиож буй ДЭМБ үүсэж хөгжсөний 75 жилийн ойн мэндийг дэвшүүлж, ДЭМБ-ын дэвшүүлсэн Эрүүл мэндийг хүн бүрд аяныг Монгол Улс дэмжиж байгаа гэлээ. Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан хөгжүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй Эрүүл монгол хүн, Тэрбум мод, Хүнсний хангамж, аюулгүй байдал хэмээх гурван тулгуурт, харилцан уялдаатай үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа хэлэв. ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте үүрэгт ажилдаа орсноос хойш Монгол Улсын эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцах явцад анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар, мөн монгол эмч, мэргэжилтнүүдийн ур чадварын түвшнийг өндрөөр үнэлж байснаа хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй Эрүүл монгол хүн, Тэрбум мод, Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг ДЭМБ дэмжиж буй бөгөөд Монгол Улсад ажиллах хугацаандаа хамтын зорилтуудын хэрэгжилтийг хангахын төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ. ДЭМБ, Монгол Улсын хамтын ажиллагааны ирэх 5 жилийн стратегийн баримт бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах, эрүүл мэндийн аюулгүй байдлын чадавхыг хөгжүүлэх, эрүүл орчныг бүрдүүлэх, халдварт болон халдварт бус өвчинтэй тэмцэх тогтолцооны чадавхыг сайжруулах зэрэг чиглэлийг тусгахаар төлөвлөн ажиллаж байгаа гэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сокорро Эскалантед ажлын амжилт хүсэж, хамтын ажиллагааг нягт, үр дүнтэй байлгахад бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-ын Парламентын Доод танхим Лок Сабха-гийн даргыг хүлээн авч уулзав
2023.07.07. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла-г хүлээн авч уулзав. Монгол Улс “оюун санааны хөрш”, “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь чухал түнш Энэтхэг Улстай хөгжүүлж буй “Стратегийн түншлэл”-ийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгдгийг Ерөнхийлөгч тэмдэглэв. Харилцаа, хамтын ажиллагаа аюулгүй байдал, батлан хамгаалах, боловсрол, соёлын салбарт түлхүү хөгжиж буйг тэмдэглээд, цаашид уул уурхай, хөдөө аж ахуй, эрүүл мэнд зэрэг салбарт идэвхтэй ажиллахын төлөө буйгаа онцлов. Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд харилцан бие биеэ дэмжин, хамтран ажиллаж ирснийг улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. БНЭУ нь ШХАБ болон Их-20-ийг амжилттай даргалж буйд баяр хүргэж, Монгол Улсад 2026 онд зохион байгуулах НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д энэтхэгийн талыг оролцохыг урив. Лок Сабха-гийн дарга Ом Бирла Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-ын Ерөнхийлөгч Дроупади Мүрмү-гийн мэндчилгээг уламжилж, Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагааг бүх түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв. Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа онцлов. Талууд Монгол, Энэтхэгийн хамтарсан “Нүүдэлчин заан” тусгай хүчний хээрийн сургууль болон “Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуулийг хамтран зохион байгуулж буйг сайшаав. Түүнчлэн хоёр улсын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө байгаагаа илэрхийлжээ.

ДЭМБ-ын Ерөнхий захирлыг хүлээн авч уулзав
2023.07.10. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос А.Гебрейесусыг хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үүсэж хөгжсөний 75 жилийн ойн баярын мэнд хүргэж, цар тахлын хүнд үеийг хохирол багатай даван туулахад тус байгууллагын дэмжлэг, тусламж, хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэв. Мөн ДЭМБ-ын дэвшүүлсэн “Эрүүл мэндийг хүн бүрд” аяныг дэмжиж буйгаа илэрхийлж, Эрүүл монгол хүн”, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” гэсэн харилцан уялдаатай үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа хэлэв. Монгол Улс бусад улстай харьцуулбал ард иргэдээ богино хугацаанд дархлаажуулалтад хамруулах зэргээр түргэн шуурхай арга хэмжээ авч, цар тахлын үеийг хохирол багатай даван гарсныг ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос А.Гебрейесус онцлов. Мөн эрүүл мэндийн салбартаа өмнөхөөс илүү хөрөнгө зарцуулж, эрүүл орчин бүрдүүлэх, халдварт болон халдварт бус өвчинтэй тэмцэх тогтолцоо, эрүүл мэндийн байдлын чадавхыг бэхжүүлэхийн төлөө байгааг сайшаав. Монгол Улсын төр, засаг ард иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч, тодорхой санал, санаачилга гарган ажиллаж байгааг тэмдэглээд, энэ чиглэлээрх бодлого, зорилтуудыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав
2023.11.20. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мохиндер Пратап Сингх-ийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Энэтхэгийн харилцаа 70 орчим жилийн түүхтэй хэдий ч хоёр орны ард түмэн өнө эртнээс түүх, соёл, бурхан шашны хэлхээ холбоотой гэдгийг тэмдэглэлээ. Мөн Оюун санааны хөрш Энэтхэг Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаа гүнзгийрэн хөгжиж буйд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв. Монгол Улсад Элчин сайдаар ажиллах хугацаандаа Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, улс төрийн харилцааг дээд, өндөр түвшинд бэхжүүлэх, хамтын ажиллагааны түүхэнд бичигдэх томоохон төсөл, хөтөлбөрийг ажил хэрэг болгоход жинтэй хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлж буйгаа онцлов. Элчин сайд М.Сингх аюулгүй байдал, батлан хамгаалах, уул уурхай, цахим харилцаа, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажилласандаа баяртай буйгаа тэмдэглэв. Тэрбээр цаашид хоёр орны найрсаг харилцааг бататган бэхжүүлэх, ялангуяа Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахад анхаарч ажиллахаа илэрхийллээ. Элчин сайд М.Сингх нь 2019 оноос Монгол Улсад суугаа Элчин сайдаар ажиллахдаа цар тахлын үед Энэтхэг Улсаас вакцин хандивлах, Энэтхэгийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар Кибер аюулгүй байдлын төв, Мэдээлэл, харилцаа холбооны аутсорсонгийн төв болон Монгол-Энэтхэгийн найрамдалт ерөнхий боловсролын сургуулийг Улаанбаатар хотноо байгуулах зэрэгт онцгой хувь нэмэр оруулсан юм.

Энэтхэгийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2024.04.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвэ Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Элчин сайд А.М.Готсурвэг үүрэгт ажилдаа орж буйд нь Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэн, амжилт хүсээд Оюун санааны хөрш Энэтхэг Улстай тогтоосон Стратегийн түншлэлийн харилцаа гүнзгийрэн хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв. Монгол, Энэтхэгийн харилцаа 70 орчим жилийн түүхтэй ч хоёр орны ард түмэн өнө эртнээс түүх, соёл, бурхан шашны хэлхээ холбоотойг тэмдэглэв. Харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, улс төрийн харилцааг дээд, өндөр түвшинд бэхжүүлэх, харилцааны бэлгэ тэмдэг болох төсөл, хөтөлбөр, ялангуяа Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулах чиглэлээр хичээн ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа хэлэв. Элчин сайд А.М.Готсурвэ хоёр орны харилцааг бэхжүүлэх, аюулгүй байдал, батлан хамгаалах, уул уурхай, цахим харилцаа, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ. Монгол Улс, БНЭУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой ирэх онд тохионо.

Энэтхэгийн Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүллээ
2024.07.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму мэндчилгээ ирүүлжээ. Энэтхэгийн Засгийн газар, ард түмэн, өөрийн нэрийн өмнөөс Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд болон Монгол Улсын Засгийн газар, танай найрсаг ард түмэнд Үндэсний их баяр наадмын халуун баяр хүргэе. Манай хоёр улс оюун санааны хөрш бөгөөд стратегийн түншүүд билээ. Бид соёл иргэншил, түүх, оюун санаа, соёлын хэлхээ холбоотой төдийгүй ардчилал, эрх чөлөөний ижил үнэт зүйлстэй. Буддын шашны нийтлэг өв соёл нь бидний харилцааг улам бүр бэхжүүлэн бататгах гүүр болдог билээ. Харилцааны чухал төсөл болох Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажилд ихээхэн ахиц гарч байна. Таны чадварлаг удирдлага дор манай Стратегийн түншлэлийн харилцаа улам хөгжиж, хамтын ажиллагаа шинэ агуулгаар баяжна гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди-гийн урилгаар 2025 оны 10 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Энэ айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд болж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай уулзаж, Ерөнхий сайд Нарендра Моди-той албан ёсны хэлэлцээ хийн хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. Айлчлалын хүрээнд Монгол, Энэтхэгийн бизнес форум болон “Монголын сайхан эх орон” тоглолт, уран зураг, морин хуурын үзэсгэлэн зэрэг арга хэмжээ зохион байгуулна. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн юм гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
2025.10.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди-гийн урилгаар 2025 оны 10 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо. Энэ айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд болж байна. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай уулзаж, Ерөнхий сайд Нарендра Моди-той албан ёсны хэлэлцээ хийн, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө. Мөн “Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл” гаргаж, хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхтэй холбоотой 10 орчим баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга Ч.П.Радхакришнанг, Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла, Гадаад хэргийн сайд Др.Субрахманям Жайшанкар, Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх нарыг хүлээн авч уулзан, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Махатма Гандигийн дурсгалын “Ражгат” цогцолборт цэцэг өргөн, Ерөнхий сайд Нарендра Моди-той дурсгалын мод тарьж, дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан гаргасан шуудангийн маркийн нээлтэд оролцоно. Айлчлалын хүрээнд Монгол, Энэтхэгийн бизнес форум болон “Монголын сайхан орон” сэдэвт тоглолт, гэрэл зургийн болон морин хуурын үзэсгэлэн зохион байгуулна. Хоёр улс 1955 оны 12 дугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоож, 1956 онд Элчин сайд нараа харилцан томилсон түүхтэй. Манай улс 1956 онд Шинэ Делид, Энэтхэг Улс 1971 онд Элчин сайдын яамаа Улаанбаатар хотноо нээсэн. БНЭУ нь манай улсыг хүлээн зөвшөөрсөн социалист бус анхны орон юм. Хоёр улс:
- 1973 онд Монгол, Энэтхэгийн Хамтарсан тунхаглал,
- 1989, 2001, 2015, 2019 онд Хамтарсан мэдэгдэл,
- 1994 онд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны мэдэгдэл гаргаж,
- 2009 онд “Иж бүрэн түншлэл”-ийн,
- 2015 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоожээ.
Монгол, Энэтхэгийн хооронд харилцаа, хамтын ажиллагаатай холбоотой 60 орчим баримт бичиг байгуулсан. Тухайлбал:
“Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр” /1994 он, Дели/,
“Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр” /1994 он, Улаанбаатар/,
“Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хэлэлцээр” /1994 он, Дели/,
“Дипломат албан паспорттой иргэд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээр” /2005 он, Дели/,
“Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн тухай хамтарсан мэдэгдэл” /2015 он, Улаанбаатар/,
“Агаарын харилцааны тухай хэлэлцээр” /2015 он, Улаанбаатар/,
Малын эрүүл мэнд, сүүн бүтээгдэхүүний салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр” /2015 он, Улаанбаатар/ зэргийг дурдаж болно гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо
2025.10.14. БНЭУ. Дэли. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди-гийн урилгаар 2025 оны 10 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Шинэ Дели хот дахь Энэтхэгийн агаарын цэргийн “Палам” нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Иргэний нисэх болон хамтын ажиллагааны яамны Төрийн сайд Мурлидхар Мохор, Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд нар угтаж авлаа. Хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэж, Хүндэт харуулын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгал өргөлөө. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүндэт харуулд хүндэтгэл үзүүлсний дараа угтах ёслолд хүрэлцэн ирсэн БНЭУ болон Монгол Улсын албаны төлөөлөгчидтэй мэндчиллээ. Энэ удаагийн төрийн айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд болж байна. Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай уулзаж, Ерөнхий сайд Нарендра Моди-той албан ёсны хэлэлцээ хийн, “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Монгол, Энэтхэгийн бизнес форум зохиож, “Монголын сайхан орон” сэдэвт урлагийн тоглолт, гэрэл зураг, морин хуурын үзэсгэлэн толилуулна. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн юм. Энэтхэг нь хүн амынхаа тоогоор дэлхийд нэгдүгээрт, эдийн засгаар тавдугаарт, газар нутгийн хэмжээгээр долоодугаарт жагсдаг. Индусийн соёл иргэншил болон бусад эртний соёл иргэншил үүссэн өлгий нутаг бөгөөд түүхийнхээ ихэнх үед худалдааны замын зангилаа байсан түүхтэй. 2014 онд Ерөнхий сайдаар томилогдсон Н.Моди-гийн Засгийн газар ядуурлыг бууруулах, боловсролын салбарыг хөгжүүлэхэд анхаарч олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь Энэтхэгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байна. Энэтхэгийн Дотоодын нийт бүтээгдэхүүн 4,3 их наяд ам.доллар. Экспорт 603 тэрбум, импорт 682 тэрбум ам.доллар. Нефтийн бүтээгдэхүүн, үнэт чулуу, эм, эмийн бүтээгдэхүүн голлон нийлүүлж, гадаадаас түүхий газрын тос, алт, мөнгө зэрэг үнэт метал, цахилгаан бараа авдаг. Хөдөө аж ахуй, аж үйлдвэр, үйлчилгээ, санхүү, үл хөдлөх хөрөнгийн салбар голлох салбарт тооцогддог. Энэтхэгт манай 420, Монгол Улсад 1,700 орчим энэтхэг иргэн оршин суудаг. Тус улсад 70 орчим монгол оюутан, 400 орчим лам, хувраг шавилан суралцдаг бол манай улсад дөрвөн энэтхэг оюутан сурч байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав
2025.10.14. БНЭУ. Дэли. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус улсын Гадаад хэргийн сайд Др.Субраманьяам Жайшанкар бараалхлаа. С.Жайшанкар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийж буйд баяр хүргэж, үүнд Энэтхэгийн төр, засаг, ард түмэн өндөр ач холбогдол өгч, найрсгаар хүлээн авч буйг тэмдэглэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэг Улсыг манай “гуравдагч хөрш”, Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь оюун санааны итгэлт түнш хэмээн үздэг бөгөөд “Стратегийн түншлэл”-ийн харилцааны цар хүрээг улам өргөжүүлэн олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа хэллээ. Түүнчлэн Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг эрчимжүүлэхийн чухлыг онцолж, сайд С.Жайшанкарыг комиссын энэтхэгийн хэсгийн даргын хувиар Монгол Улстай хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллаж ирсэнд талархалтай буйгаа тэмдэглэв. Сайд С.Жайшанкар хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөрүүдийн талаар Ерөнхийлөгчид танилцууллаа. С.Жайшанкар нь Шинэ Делигийн их сургуулийг бакалавр, Жавхарлал Неругийн их сургуулийг олон улсын харилцааны магистр, докторын зэрэгтэй төгссөн. Москва, Вашингтон, Коломбо, Будапешт, Токио дахь Элчин сайдын яаманд I, II, III нарийн бичгийн дарга, зөвлөх, дэд тэргүүн, Чех, Сингапур, БНХАУ, АНУ-д Элчин сайдын алба хашиж байсан. 2015-2018 онд Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2019 онд сайдаар томилогдсон. Парламентын Дээд танхим Ражья Сабха-гийн гишүүн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди угтлаа
2025.10.14. БНЭУ. Дeли. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму, Ерөнхий сайд Нарендра Моди нарын урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг “Хайдарабад” ордонд хүрэлцэн ирэхэд Ерөнхий сайд Нарендра Моди угтан авч дурсгалын зураг авхууллаа. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди нар “Хайдарабад” ордны цэцэрлэгт хүрээлэнд хоёр ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарилаа. Нэг мод тарихад түүнийг даган ургах бут, сөөг, өвс, ургамал хүлэмжийн хийг шингээж, хөрсний чийгийг хамгаалан, газрын доройтол, цөлжилтөөс сэргийлэхэд хувь нэмрээ оруулдаг бол 100 мянгаар тоологдох мод тарихад тухайн газар нутгийг, харин сая, тэрбум мод тарихад бүс нутгийг эрүүлжүүлэх ач тустай гэдгийг эрдэмтэд судлан тогтоосон байдаг. Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Энэтхэг Улсын “Ээжийн төлөө нэг мод” санаачилгыг уялдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Моди нарын тарьсан мод эх дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн хамтын хүчин чармайлтын илэрхийлэл гэж талууд үзэж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Моди нар дурсгалын мод тарьсны дараа ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий Сайд Нарендра Моди нар албан ёсны хэлэлцээ хийлээ
2025.10.14. БНЭУ. Дeли. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму, Ерөнхий сайд Нарендра Моди нарын урилгаар 2025 оны 10 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна. Төрийн тэргүүн болон Ерөнхий сайд нар ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэг Улсыг манай “гуравдагч хөрш”, Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь оюун санааны итгэлт түнш хэмээн үздэг бөгөөд “Стратегийн түншлэл”-ийн харилцааг улам бүр гүнзгийрүүлж, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Ерөнхий сайд Н.Моди хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал нь ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг улам гүнзгийрүүлэх түүхэн ач холбогдолтойг онцоллоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын нэгэн жарны хамтын ажиллагааны түүхэн ойгоор Ерөнхий сайд Н.Моди-гийн 2015 онд Монгол Улсад хийсэн анхны албан ёсны айлчлал нь хоёр орны харилцаанд түүхэн шинэ хуудсыг нээж, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэлээ. Талууд өнгөрсөн 70 жилийн ололт, амжилтаа дүгнэн хэлэлцэж, ирэх он жилүүдэд харилцааг шинэ агуулгаар баяжуулан, бүхий л салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх нийтлэг эрмэлзэлтэй буйгаа харилцан илэрхийллээ. Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг Энэтхэгийн “Виксит Бхарат-2047” үндэсний хөгжлийн стратегитай уялдуулан эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, эрчим хүч, эрдэс баялаг, ногоон хөгжил, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхээ нотоллоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт нь манай улсын эдийн засгийн аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх, улс орны хөгжил дэвшилд стратегийн чухал ач холбогдолтойг онцолж, энэтхэгийн талд талархал илэрхийллээ. Эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд хоёр орны хоорондын тээвэр, логистикийн шинэ холболт, гуравдагч улсын боомт, тээврийн коридорын боломжийг хамтдаа ашиглах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаар тохирлоо. Монголын агаарын тээврийн компани Дели болон Амрицар хот руу захиалгат нислэг үйлдэх болсон нь иргэдийн солилцоо, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал хөшүүрэг болно гэдэгт Ерөнхийлөгч итгэж буйгаа тэмдэглэв. Айлчлалын хүрээнд болох Монгол-Энэтхэгийн бизнес форум нь баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гээд, хувийн хэвшил хоорондын ойр дотно харилцааг дэмжих нь урт хугацааны тогтвортой худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны үндэс суурь гэдгийг тэмдэглэв. Ерөнхий сайд Н.Моди хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Энэтхэгийн Засгийн газраас “Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд 2025-2026 онд 70 монгол оюутанд шинээр тэтгэлэг олгох шийдвэр гаргаснаа онцоллоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх боловсролын салбарын хамтын ажиллагаа нь ард иргэдийг холбох бат бэх гүүр болж, найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглээд, хоёр орны найрамдлын бэлгэ тэмдэг болсон “Энэтхэг–Монголын Найрамдлын ерөнхий боловсролын сургууль” нь ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг тэмдэглэлээ. Түүнчлэн Дели хотноо анх удаа зохион байгуулж буй “Монголын сайхан орон” тоглолт нь хоёр ард түмний харилцан итгэлцлийг бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Талууд соёл, урлаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, боловсрол, спорт, залуучуудын ойр дотно харилцааг дэмжиж ажиллахаар санал нэгдэв. Төр, засгийн тэргүүн нар бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээ илэрхийллээ. Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Энэтхэг Улсын “Ээжийн төлөө нэг мод” санаачилгыг уялдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Моди нарын тарьж буй мод нь эх дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн хамтын хүчин чармайлтын илэрхийлэл гэдгийг талууд тэмдэглэв. Хэлэлцээний үр дүнд “Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл” гаргалаа. Албан ёсны хэлэлцээ найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд боллоо.

Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
2025.10.14. БНЭУ. Дeли. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Модигийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди нар оролцлоо.
- “ХОРШООЛЛЫГ ДЭМЖИХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”
Хоршооллын салбарын хөрөнгө оруулалт, хамтарсан үйлдвэр, технологийн хөгжлийн хамтарсан санаачилга, зах зээлийг дэмжих бодлогоор хамтын ажиллагааг хөгжүүлж, хоршоод хоорондын худалдааны түншлэл байгуулах нөхцөл бүрдэнэ. Хоршоодыг тухайн улс, орон нутгийн болон олон улсын зах зээлтэй холбоход дэмжлэг үзүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг дэмжих, хэрэгцээтэй чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, инновацын чиглэлд техникийн туслалцаа үзүүлэх зэргээр хамтран ажиллана. Монгол Улсын Засгийн газар “Шинэ хоршоо” хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо байгуулсан. Энэ хэлэлцээр нь хоршооллын салбарыг эдийн засаг, боловсрол, сургалт судалгаа, эрдэм шинжилгээ, олон нийтийн чиглэлээр хөгжүүлнэ.
- “ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ, ТУСЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”
Тус тусын нутаг дэвсгэрт тохиолдсон томоохон хэмжээний гамшгийн үед тусламж үзүүлэх, хариу арга хэмжээ авах, сэргээн босгох чиглэлээр харилцан дэмжлэг үзүүлэхээр боллоо. Тусламжийн хангамжийг шуурхай зохион байгуулах, орон нутгийн чадавхыг бэхжүүлэх, гамшгийн бусад үед ч хүмүүнлэгийн тусламж, туслалцаа үзүүлэх төсөл, үйл ажиллагаа хамтран зохион байгуулах боломж бүрдлээ.
- “ЖИЖИГ, ЗАРДАЛ БАГАТАЙ ТӨСЛҮҮДЭД ЭНЭТХЭГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙГ ЧИГЛҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зам, дэд бүтэц, соёл, олон нийтийн болон боловсрол, эрүүл мэндийн хөгжлийн төв байгуулах, тэдгээрийг сайжруулах, засварлах зэрэг жижиг төслүүдийг хамтран хэрэгжүүлнэ. Хэлэлцээрийн дагуу нэг төсөлд олгох санхүүжилт 50.0 мянган ам.доллар бөгөөд хэрэгжүүлэх төсөл, санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэх боломжтой. Энэ хүрээнд жилд 2-5 төсөл хэрэгжүүлэхээр боллоо.
- “БОГД ХААНЫ ӨВЛИЙН ОРДНЫГ ХАМГААЛАХ, СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”
VIII Богд Жавзандамба хааны өвлийн ордныг энэтхэгийн талтай хамтран сэргээн засварлаж, түүх, соёлын үл хөдлөх дурсгалын эх төрх, бүрэн байдлыг хамгаалах, гадаад, дотоод орчныг сайжруулах, үзүүлэн дэглэлтийн төлөвлөгөөг шинэчлэх, үзэгчдийн тав тухыг хангах, соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах боломж бүрдлээ.
- “ГЕОЛОГИ, АШИГТ МАЛТМАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН УУЛ УУРХАЙН ЯАМ ХООРОНДЫН САНАМЖ БИЧИГ”
Хоёр улсын нийгэм, эдийн засаг, технологи, байгаль орчны хөгжлийг дэмжих зорилго бүхий хэлэлцээрийн хүрээнд ашигт малтмалын хэтийн төлөв бүхий бүс, талбайд орчин үеийн дэвшилтэт техник, технологи ашиглан геологийн судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх, гео шинжлэх ухааны чиглэлээр хамтарсан төсөл боловсруулах, хөрөнгө оруулалт татах, эрдэс баялаг болон байгаль орчны менежментийн чиглэлээр мэдлэг, туршлага солилцох зэргээр хамтран ажиллана.
- “СОЁЛЫН СОЛИЛЦООНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН СОЁЛЫН ЯАМ ХООРОНДЫН 2025-2029 ОНЫ ХӨТӨЛБӨР”
Хоёр орны сонгодог болон ардын урлагийн талаарх ойлголтыг харилцан дэлгэрүүлэх, урлаг, соёлын өвийг хамгаалах, эртний хөшөө дурсгал, хот суурин, сүм хийдийн үлдэгдэл, археологийн олдворыг сэргээн засварлах, алдартай зохиолч, яруу найрагчдын бүтээлийг орчуулан нийтлэх, олон улсын түвшинд соёлын солилцоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
- “ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХАРЬЯА ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХАРЬЯА ЦАГААЧЛАЛЫН ГАЗАР ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”
Хоёр улсын цагаачлалын байгууллага хоорондын хамтын ажиллагааны үндсийг тавилаа. Ингэснээр талууд албан хаагчдынхаа мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сайн туршлагаа харилцан солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, жуулчдын зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөх нөхцөл бүрдэнэ.
- “МОНГОЛ УЛСЫН АРХАНГАЙ АЙМАГ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЛЕХ ХОТ ДАХЬ ЛАДАКИЙН АВТОНОМИТ БҮСИЙН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛ ХООРОНДЫН ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ САНАМЖ БИЧИГ”
Орон нутгийн хэмжээнд хамтын ажиллагааг хөгжүүлэн гүнзгийрүүлэх, найрамдалт харилцааг бэхжүүлэх зорилгоор үндэсний урлаг, соёл, спорт, боловсролын салбарт хамтран ажиллах боллоо.
- “ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ НИЙТ ХҮН АМД ХҮРТЭЭМЖТЭЙ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН АМЖИЛТТАЙ ТУРШЛАГУУДЫГ ХАРИЛЦАН ХУВААЛЦАХАД ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЦАХИМ, МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ
Цахим шилжилтийг хэрэгжүүлж буй албан тушаалтнуудын чадавхыг бэхжүүлэх, сайн туршлага, холбогдох материал, мэдээлэл солилцох, Техник, эдийн засгийн үндэслэл болон цахим бэлэн байдлын үнэлгээ хийх, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих зэргээр хамтран ажиллана гэжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Моди нар ”Стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл гаргалаа
2025.10.15. БНЭУ. Дeли. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди нар албан ёсны хэлэлцээ хийж, “Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл” гаргаснаа зарлалаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Моди нар хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө. Төрийн тэргүүн болон Ерөнхий сайдын мэдээллийг хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
Эрхэм хүндэт Ерөнхий сайд Нарендра Моди, Эрхэм хүндэт хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо, Мянга мянганаар хэмжигдэх агуу соёл иргэншлийн өлгий нутаг, үзэсгэлэнт Бхарат орноо бид бүхнийг халуун дотноор хүлээн авч, хүндэтгэл үзүүлж буй эрхэм хүндэт Ерөнхий сайд Танд болон Энэтхэгийн төр, засаг, найрсаг ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Сүрлэг Гималайн уулс, өнгө алагласан өв соёл, эртний гүн ухаан, орчин цагийн хөгжил дэвшлийг хослуулсан Энэтхэг Улсад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын төрийн тэргүүн төрийн айлчлал хийж байна. Монгол Улс нь Энэтхэг Улсыг өөрийн гуравдагч хөрш, Өмнөд Ази, Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь оюун санааны итгэлт түнш хэмээн үздэг бөгөөд манай хоёр улсын “Стратегийн түншлэл“-ийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлж, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Эрхэм хүндэт Ерөнхий сайд таны удирдлага дор өдрөөс өдөрт өргөжин хөгжиж буй Энэтхэг Улсын өргөн их хөгжил дэвшил, ард түмний найрсаг, зочломтгой зан чанар, баялаг өв уламжлал, түүх, соёлтой ойр дотно танилцаж байгаадаа сэтгэл хангалуун байна. Ганга мөрний урсгал лугаа адил амгалан дөлгөөн Энэтхэгийн ард түмэн, уудам тал нутаг шигээ уужим сэтгэлтэй Монголын ард түмний учрал холбоо нь одоогоос 2,500-аад жил буюу Хүннү гүрний үеэс эхтэй. Энэтхэгийн гүн ухаан, бурхан шашны ариун сургаалыг эрхэмлэн хүндэлсэн бидний өвөг дээдсийн уламжлалт найрсаг харилцаа өнөө цагт оюун санааны хөршийн хувиар улам гүнзгийрэн хөгжсөөр байна. Одоогоос 10 жилийн өмнө Монгол, Энэтхэгийн харилцааны түүхт 60 жилийн ойгоор Эрхэм хүндэт Ерөнхий сайд Нарендра Моди таны мөнх тэнгэрийн орон, манай сайхан улсад хийсэн албан ёсны анхны айлчлал нь харилцааны түвшнийг “Стратегийн түншлэл”-д хүргэж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлэх үндэс суурийг тавьж байсан юм. Тэгвэл энэ удаагийн төрийн айлчлалын хүрээнд Эрхэм хүндэт Ерөнхий сайд та бид найрсаг харилцаа, хамтын ажиллагааны 70 жилийн үр дүн, ололт амжилтыг дүгнэн хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдээ хамтран тодорхойлж, газрын зургаа зуран, Монгол, Энэтхэгийн харилцааны түүхийн нэгэн шинэ хуудсыг хамтдаа эхлүүлж байгаадаа баяртай байна. Та бидний яриа хэлэлцээний дүнгээр “Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл” гаргалаа. Мөн харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, уул уурхай, мэдээллийн технологи, соёл, хүмүүнлэг, залуучууд, спорт, соёл, урлаг зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа. Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг Энэтхэг Улсын “Виксит Бхарат-2047” үндэсний хөгжлийн стратегитай уялдуулан хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцлоо. Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт нь манай улсын эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, улс орны цаашдын хөгжил дэвшилд стратегийн чухал, онцгой ач холбогдол бүхий төсөл юм. Энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаа Энэтхэг Улсын төр, засаг, аж ахуйн нэгжүүд, эрхэм хүндэт Ерөнхий сайд Танд гүн талархал илэрхийлж байна. Айлчлалын хүрээнд байгуулсан хоршооллыг дэмжих, бичил төслүүдэд Энэтхэгийн буцалтгүй тусламжийг чиглүүлэхэд анхаарч, хамтран ажиллах Засгийн газар хоорондын хэлэлцээр зэрэг нь Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг дэмжинэ. Мөн орон нутгийн эдийн засгийг бэхжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд тээвэр, логистикийн шинэ гарцуудыг эрэлхийлэх нь чухал байна. Бид гуравдагч улсын боомт, тээврийн коридоруудын боломжийг хамтдаа ашиглах, хоёр орны хооронд шууд нислэгтэй болох, транзит нислэгийг нэмэгдүүлэх боломжийг судлахаар боллоо. Монголын агаарын тээврийн компани энэ оны сүүлээр Дели болон Амрицар хот руу захиалгат нислэг үйлдэнэ. Энэ нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, түүн дотроо аялал жуулчлал, бизнесийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж үзэж байна. Геологи, ашигт малтмалын салбарт хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулсан нь харилцаа, хамтын ажиллагааг нэг шинэ салбараар тэлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, цаашид хамтран ажиллах өргөн боломж бий болгоно. Энэтхэг Улс эрчим хүчний салбарт дэлхийд тэргүүлэгч байр сууриа улам бататган, “Олон улсын нарны эрчим хүчний холбоо”-г санаачлан байгуулж байгаад талархалтай ханддаг бөгөөд энэ холбоонд Монгол Улс албан ёсоор нэгдэн орж байгааг мэдэгдэж байна. “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Энэтхэг Улсын хонины ноос боловсруулах, ялангуяа хивс, нэхмэлийн үйлдвэрлэлээрээ дэлхийд танигдсан сайн туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх, хоёр орны давуу талыг уялдуулан түүхий эдийн нийлүүлэлт, хүний нөөцийн солилцоо, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд хамтран гаргах боломжийг судлан үзэхээр тохирлоо. Айлчлалын хүрээнд Дели хотноо зохион байгуулах Монгол-Энэтхэгийн бизнес форум нь харилцан ашигтай хамтын ажиллагааг улам хөгжүүлэх, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийг дэмжихэд чухал ач холбогдолтой. Айлчлалын хүрээнд “Цахим хөгжил, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах тухай Санамж бичиг”-т талууд гарын үсэг зурсан нь энэ салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, ирээдүйн хөгжлийн замыг тодорхойлох бас нэгэн чухал алхам болж байна. Эрхэм хүндэт Ерөнхий сайд таны шийдвэрээр манай улсад баригдаж байгаа, “Энэтхэг, Монголын найрамдлын ерөнхий боловсролын сургууль” нь хоёр улсын ирээдүй болсон хүүхэд, залуучуудын найрамдал, нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэл төгс байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан Энэтхэг Улсад суралцаж байгаа залуус ч хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийн гүүр болж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүхэн уламжлалыг нэр төртэй үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан энэтхэгийн тал Засгийн газрынхаа тэтгэлэгт хамрагдах манай оюутан залуусыг тоог нэмж байгаад баяртай байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Үндэсний урлагийн театрын уран бүтээлчид анх удаа Дели хотноо “Монголын сайхан орон” тоглолтоо толилуулж, тал нутгийн эгшиг аялгуугаар энэтхэг ах дүүсийнхээ сэтгэлийг хөглөн, сонорыг мялааж, мартагдашгүй сайхан дурсамж бүтээх гэж байгаад баяртай байна. Харилцаа, хамтын ажиллагааны нэгэн чухал хэсэг бол соёл, хүмүүнлэг, спорт, соёлын арга хэмжээ гэдгийг та бид ярилцаж санал нэгдсэн. Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа. Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Эрхэм хүндэт Ерөнхий сайд, дотны нөхөр таны оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэл онцгой чухал үүрэг гүйцэтгэж байгааг талархан тэмдэглэж хэлэхийг хүсэж байна. Та бидний яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон зүйлс хоёр орны хөгжил цэцэглэлт, ард түмний сайн сайхны төлөө биеллээ олж, харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэл дүүрэн байна. Манай хоёр орны найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, эртний түүхт, оюун санааны хөрш, Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай. Эрхэм хүндэт Ерөнхий сайд таныг мөнх хөх тэнгэрийн орон, эртний төрт улсуудын өлгий нутаг, манай сайхан оронд тааламжтай цагтаа зочлох урилгыг таны сайхан өргөөнд гардуулж байна. Танд баярлалаа.

БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НАРЕНДРА МОДИ:
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хоёр орны төлөөлөгчид, Хэвлэлийн анд нөхөд өө, Та бүхэн сайн байна уу? Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон нийт төлөөлөгчдийг Энэтхэг Улсад хүлээн авч байгаадаа баяртай байна. Монгол Улсын Ерөнхийлөгч зургаан жилийн дараа Энэтхэг Улсад төрийн айлчлал хийж байгаа нь чухал ач холбогдолтой. Энэ айлчлал Монгол Улс, Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, “Стратегийн түншлэл” тогтоосны 10 жилийн ойтой давхцаж байна. Бид өнөөдөр уулзалтынхаа өмнө хамтдаа мод тарьж, байгаль дэлхийдээ өргөл өргөлөө. Бидний суулгасан мод ирээдүй хойч үед маань хоёр улсын байгаль орчныг дээдлэх хичээл зүтгэлийг илэрхийлнэ гэдэгт итгэлтэй байна. 10 жилийн Монгол Улсад айлчлах үеэрээ харилцаагаа ахиулж, “Стратегийн түншлэл”-д хүргэсэн. Өнгөрсөн 10 жилд бид энэ түншлэлийн хүрээнд салбар бүрийг хөгжүүлж, шинэ түвшинд гаргалаа. Батлан хамгаалах, аюулгүй байдлын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлж, хамтарсан төсөл, хөтөлбөр, шинэ санал, санаачилгуудыг хэрэгжүүлж ирлээ. Энэтхэг Улс чадавхыг бэхжүүлэх, тэр дундаа Монгол Улсын хил хамгаалах, Зэвсэгт хүчний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлнэ. Эдгээрийг бид өөрсдийн нийтлэг, үнэт зүйлсдээ тулгуурлан хөгжүүлэх болно. Нэн ойр түншийн хувьд бид олон улсын тавцанд хамтран ажиллаж, нээлттэй, оролцоог хангасан, хууль ёс, дүрэмд суурилсан Энэтхэг, Номхон далайн бүсийг хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна. Энэтхэг, Монгол нь дипломат харилцаатай төдийгүй оюун санааны маш ойр дотно нөхөд. Энэ нь манай хоёр орны ард түмний харилцаанаас тод харагддаг гэдэгт итгэлтэй байна. Буддын шашин бол манай хоёр улсын нийтлэг хэлхээ холбоо болж ирсэн. Иймээс манай хоёр улсыг оюун санааны ах дүүс гэж нэрлэдэг. Бид өнөөдөр хэд хэдэн чухал шийдвэрийг гаргаж, уламжлалт харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлж, түүхийн нэгэн шинэ хуудсыг нээлээ.Бид ирэх жил шашны дурсгалт үнэт өвийг Монгол Улсад илгээхээр төлөвлөж байна. Мөн санскрит номын багшийг Гандантэгчэнлин хийдэд илгээж, гүнзгийрүүлсэн судалгааг өргөжүүлж, тухайн хийдэд байгаа Будда бурхны зураг хөргийг нарийвчлан судлах болно. Бид нэг сая ширхэг эртний монголын номлолыг цахимжуулна. Бид Засгийн газар болон байгууллага төдийгүй Архангай аймаг, манай Лех хот дахь Ладакийн автономит бүс хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлж байна. Бид газар нутгаараа хиллэдэггүй ч Монгол Улсыг үргэлж хөршөө хэмээн хүндэлж ирсэн. Иймээс иргэд хоорондын харилцааг хөхиүлэн дэмжихийн төлөө хичээн ажиллана. Бид цахим визийг Монгол Улсын иргэдэд үнэгүй олгохоор шийдвэрлэлээ. Монголын залуус, соёлын төлөөлөгчдийг жил бүр Энэтхэг Улсад хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэ бол бид Монгол Улсын хөгжлийг байнга, тууштай дэмждэг нөхөр гэдгийн илэрхийлэл юм. 1,7 тэрбум ам.долларын санхүүжилтээр Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж байгаа. Дэлхийд Энэтхэг Улсын хэрэгжүүлж байгаа хамгийн том энэ төсөл Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдалд эрч хүч өгнө. Энэтхэгийн 2,500 гаруй хүн энэ төслийг бодит ажил хэрэг болгохын төлөө зүтгэж байна. Бид Монголын ажиллах хүчийг чадавхжуулахыг хичээж байна. Харилцаа холбоо, технологи, аутсорсингийн төв байгуулсан. “Монгол-Энэтхэгийн найрамдлын ерөнхий боловсролын сургууль”-аар дамжуулан хүүхдүүдэд чанартай боловсрол олгож байна. Эдгээр төсөл нь манай хоёр орны гүн гүнзгий харилцааны илэрхийлэл болж байгаа бөгөөд цаашид олон төсөл хэрэгжүүлж, хоёр орны иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлөх эерэг үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байна. Энэ хичээл зүтгэлээ ирээдүйд ч үргэлжлүүлж, ард иргэдийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан төслүүд хэрэгжүүлэх болно. Хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааны шинэ боломжуудыг эрэлхийлж, ашигт малтмал, уул уурхай, сүү, сүүн бүтээгдэхүүний боловсруулалт, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахыг зорьж байна. Бидний хоорондын холбоо нь харилцан итгэлцэл, нөхөрлөлд гүн гүнзгий суурилсан бөгөөд энэ уламжлал нь бидний өнө эртний соёл, иргэншлээс улбаалан өнөөг хүртэл хөгжиж ирсэн. Цаашид ардчиллын үнэт зүйл болон хөгжлийн төлөөх хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, “Стратегийн түншлэл”-ээ илүү өндөр түвшинд хүргэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Таныг төрийн түүхэн айлчлал хийж байгаад болон Энэтхэг Улсын төлөө гэсэн таны тууштай дэмжлэгт талархал илэрхийлье. Баярлалаа. Мэдээлэл өгсний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хайдерабад ордны Хүндэт зочны дэвтэрт “Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч мянга мянганаар хэмжигдэх агуу соёл иргэншлийн өлгий нутаг, үзэсгэлэнт Бхарат орноо төрийн айлчлал хийж байгаадаа баяртай байна. Махатма Ганди-гийн “Бидний үнэнч нөхөрлөл болгон даян дэлхийн энх тайван, амар амгаланг цогцлоох бат бөх суурийг бүтээж байдаг” хэмээн хэлсэнчлэн монгол, энэтхэгийн ахан дүүсийн найрамдал, нөхөрлөл улам бүр батжин бэхжиж, даян дэлхийн энх тайван, амар амгаланд зохих хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна” хэмээн бичиж үлдээлээ. Айлчлалын хүрээнд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан дурсгалын маркийн нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Нарендра Моди нар оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай уулзлаа
2025.10.15. БНЭУ. Дэли. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай Ерөнхийлөгчийн ордонд уулзлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сүрлэг Гималайн уулс, өнгө алагласан өв соёл, эртний гүн ухаан болон орчин цагийн хөгжил дэвшлийг хослуулсан Энэтхэг Улсад төрийн айлчлал хийж байгаадаа баяртай буйгаа илэрхийллээ. Монголын талын төлөөлөгчдийг элэгсэг дотно, халуун сэтгэлээр хүлээн авч буй Ерөнхийлөгч болон Энэтхэгийн ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Ерөнхийлөгч Д.Мурму, Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү төрийн айлчлал хоёр орны ард түмний найрамдал нөхөрлөл, харилцан итгэлцэл, хүндлэл, оюун санааны хөршийн нандин холбоог бэхжүүлж, ирээдүйн хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлоход чухал ач холбогдолтой, түүхэн айлчлал болж буйг онцоллоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэгийн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй төслүүд, түүний дотор хоёр улсын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг төлөвлөсөн хугацаанд нь хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжин, хамтран ажиллаж буй Энэтхэгийн төр, засагт талархал илэрхийллээ. Түүнчлэн Энэтхэг Улс сэргээгдэх эрчим хүч, цөмийн болон уламжлалт эрчим хүчний салбарт дэлхийд тэргүүлэгчийн байр сууриа бататгаж, “Олон улсын нарны эрчим хүчний холбоо”-г санаачлан, дэлхийн эрчим хүчний шилжилтэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг өндрөөр үнэлж, талархан дэмжиж буйг тэмдэглэв. Энэ удаагийн айлчлалын үеэр хэлэлцэж, тохирсон ажлууд хоёр улсын хөгжил цэцэглэлт, ард түмний сайн сайхны төлөө биеллээ олж, Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжинө гэдэгт төрийн тэргүүн нар итгэлтэй буйгаа илэрхийллээ. Түүнчлэн НҮБ болон бусад олон улсын байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө гэдгээ нотоллоо. БНЭУ-ын Ерөнхийлөгч Дроупади Мурму Бхубанесвар хотын Рамадеви эмэгтэйчүүдийн коллеж төгссөн бөгөөд тосгоноосоо коллежийн боловсрол эзэмшсэн анхны эмэгтэй юм. Мөн 2015-2021 онд Жхарханд мужийн Амбан захирагчаар ажилласан анхны эмэгтэй болж байжээ. Тэрбээр 2022 онд Үндэсний ардчилсан эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулсан. Мөн оны долоодугаар сараас БНЭУ-ын 15 дахь Ерөнхийлөгчөөр ажиллаж байна гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Махатма Ганди-гийн дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
2025.10.25. БНЭУ. Дeли. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн энх тайван, шударга ёсны бэлгэ тэмдэг болсон аугаа суут хүмүүн Махатма Ганди-гийн дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Тэрбээр цогцолборын Хүндэт зочны дэвтэрт “Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч мянга мянганаар хэмжигдэх агуу соёл иргэншлийн өлгий нутаг, үзэсгэлэнт Бхарат орноо төрийн айлчлал хийж байгаадаа баяртай байна. Энэтхэгийн найрсаг ард түмэнд амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг Монголын ард түмний нэрийн өмнөөс хүсэн ерөөе” хэмээн бичиж үлдээлээ. Шинэ Дели хотын Ямуна мөрний эрэгт байрладаг энэ цогцолбор нь Махатма Гандиг дурсгалт газар юм. Цогцолборын голд дөрвөлжин хэлбэртэй хар гантиг чулуугаар хийсэн бунхан бий. Дурсгалын самбарт Ганди-гийн “Хэй Рам” буюу “Өө, бурхан минь” хэмээн хэлсэн сүүлчийн үгийг нь сийлжээ. Энэтхэгийн ард түмний хувьд энх тайван, эв нэгдэл, шударга ёсны ариун бэлгэ тэмдэг болсон энэ газарт дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн гадаадын улс орны төр, засгийн тэргүүн, зочид, төлөөлөгчид хүндэтгэл үзүүлдэг. Цогцолбор нь ногоон байгууламж, урлаг, архитектурын хувьд энгийн мэт боловч Энэтхэгийн үнэт уламжлал, Ганди-гийн амьдралын философийг шингээсэн гүн утга, агуулга бүхий газар гэдгээрээ онцлогтой юм гэжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга бараалхав
2025.10.15. БНЭУ. Дeли. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга Ч.П.Радхакришнанг бараалхав. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэг Улсад төрийн айлчлал хийж, тус улсын хөгжил дэвшил, ард түмний ахуй амьдралтай ойр дотно танилцаж байгаадаа баяртай байгаагаа хэлээд, Энэтхэгийн төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоо чухал үүрэг гүйцэтгэснийг онцоллоо. Айлчлалын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрх зүйн орчныг бэхжүүлэх Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга Ч.П.Радхакришнанг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийж буй төрийн айлчлалд өндөр ач холбогдол өгч буйгаа тэмдэглэлээ. Айлчлал “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болж байгааг онцоллоо. Тэрбээр парламент, Байнгын хороод, парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хууль тогтоогчдын харилцаа, хамтын ажиллагааг тогтмолжуулах, хоёр улсын ирээдүйн найрамдал, нөхөрлөлийг гүнзгийрүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ. Дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга К.П.Радхакришнанг есдүгээр сард болсон сонгуульд ялалт байгуулан, тангараг өргөж үүрэгт ажилдаа орсон байна. Энэтхэг Улсын хууль тогтоох дээд байгууллага болох парламент нь хоёр танхимтай, 788 гишүүнтэй юм гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын Доод танхимын дарга Ом Бирла бараалхав
2025.10.15. БНЭУ. Дeли. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму, Ерөнхий сайд Нарендра Моди нарын урилгаар 2025 оны 10 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд тус улсын хууль тогтоох дээд байгууллага болох Парламентын Доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла бараалхлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс Энэтхэг Улсыг “гуравдагч хөрш” төдийгүй бүс нутаг дахь итгэлт түнш хэмээн үздэг бөгөөд “Стратегийн түншлэл”-ийн харилцааг улам бүр гүнзгийрүүлж, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүн зорилтуудын нэг гэдгийг тэмдэглэв. Тэрбээр Парламентын Доод танхимын дарга Ом Бирла-тай 2023 онд Монгол Улсад уулзаж байснаа эргэн дурсаж, түүний айлчлал нь ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлж, парламент хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гарган, цаашдын хамтын ажиллагааны бат бэх суурийг тавьсан гэдгийг онцоллоо гэжээ.

Харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан энэтхэг иргэдийг төрийн одон, медалиар шагналаа
2025.10.16. БНЭУ. Дeли. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму, Ерөнхий сайд Нарендра Моди нарын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан энэтхэг иргэдийг төрийн одон, медалиар шагналаа.
Алтан гадас одонгоор:
- Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад сууж байсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу,
- Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад сууж байсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингх,
- Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Жавахарлал Неругийн их сургуулийн Ази, Дорнодын тэнхимийн эрхлэгч, профессор, монгол судлаач эрдэмтэн Шарад Кумар Сони,
“Найрамдал” медалиар:
- Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Мумбай хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Дилип Дандекар,
- Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Тамил Наду муж дахь Монгол Улсын Өргөмжит консул Челла Нараянасвами Гангадаран,
- Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Баруун Бенгал муж дахь Монгол Улсын Өргөмжит консул Гирдхар Гопал Далмиа,
- Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Фортис Эскортс” зүрхний эрүүл мэндийг хамгаалах хүрээлэнгийн мэс заслын эмч Кришна Айер,
- Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Ай вишион” нүдний эмнэлгийн захирал Випин Бакшей,
- Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Ловэли” Мэргэжлийн их сургуулийн дэд ерөнхийлөгч Аман Миттал нарыг шагналаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөжээ.

Монгол, Энэтхэгийн бизнес форумд 150 гаруй аж ахуйн нэгж оролцлоо
2025.10.16. БНЭУ. Дeли. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Шинэ Дели хотноо зохион байгуулсан “Энэтхэг-Монголын бизнес форум”-д хоёр орны төр, засгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид, 150 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо. Форумаар эдийн засаг, бизнесийн орчны талаар харилцан мэдээлэл солилцож, худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, тээвэр логистик, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтэц, хүнс, хөдөө аж ахуй, эмийн болон аж үйлдвэрлэл, мэдээллийн технологи, аялал жуулчлал, барилга, дэд бүтэц зэрэг салбарт урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах боломжийг эрэлхийллээ. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Энэтхэгийн Аж үйлдвэрийн холбооны Ерөнхийлөгч асан Мадхав Сингханиа нар нээж хэлсэн үгэндээ, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд хувийн хэвшил, баялаг бүтээгчдийн оруулах хувь нэмэр их гэдэгт санал нэг байгаагаа илэрхийллээ. Мөн Шадар сайд С.Амарсайхан, Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве нар мэндчилгээ дэвшүүлж, уламжлалт найрсаг харилцаа өдгөө “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрч, худалдаа, эдийн засаг, эрчим хүч, дэд бүтэц, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагаа идэвхжиж байгааг онцоллоо. Форумын үеэр МҮХАҮТ болон Энэтхэгийн Аж үйлдвэрийн холбоо хамтран ажиллах тухай Санамж бичигт гарын үсэг зурлаа. Хоёр улсын хоорондын худалдаа, эдийн засгийн харилцаа сүүлийн жилүүдэд нэмэгдэж, 2024 оны байдлаар 110 гаруй сая ам.долларт хүрээд байна. Манай улс Энэтхэгт мал, амьтны үс, хялгас, хонины ноос, хийн буюу цахилгаан биш моторт багаж зэргийг нийлүүлж, хүнс, гэр ахуйн бараа, протез, химийн задлан шинжилгээ хийх аппарат, өргөгч, ачигч, вааран эдлэл, оёмол бүтээгдэхүүн голлон авч байна.Энэтхэгийн Дотоодын нийт бүтээгдэхүүн 4,3 их наяд ам.доллар. Экспорт 603 тэрбум, импорт 682 тэрбум ам.доллар. Нефтийн бүтээгдэхүүн, үнэт чулуу, эм, эмийн бүтээгдэхүүн голлон нийлүүлж, гадаадаас түүхий газрын тос, алт, мөнгө зэрэг үнэт метал, цахилгаан бараа авдаг. Хөдөө аж ахуй, аж үйлдвэр, үйлчилгээ, санхүү, үл хөдлөх хөрөнгийн салбар голлох салбар юм. Энэтхэг нь нүүрсний нөөцөөр дэлхийд дөрөвдүгээрт, 2023 оны байдлаар гялтгануур болон хөнгөн цагааны хүдрийн нөөцөөр тавдугаарт, литийн давсны хүдрийн нөөцөөр зургаадугаарт төмрийн болон марганцын хүдрийн нөөцөөр долоодугаарт орж байна.

Энэтхэг Улсад үндэсний урлаг, соёлоо сурталчиллаа
2025.10.16. БНЭУ. Дeли. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид анх удаа Шинэ Дели хотын “Бхарат Мандапам” цогцолборт “Монголын сайхан орон“ тоглолтоо толилууллаа. Уран бүтээлчид монгол үндэстний урлагийн оргил бүтээлүүд болон Энэтхэгийн алдартай бүтээлийг хоёр улсын төр, засгийн хүндэт зочид, нийгэм, соёлын зүтгэлтнүүд, иргэд гээд 3,000 гаруй хүнд өргөн барилаа. Тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНЭУ-ын эрх баригч “БЖП” намын дарга, Эрүүл мэнд, гэр бүлийн халамж, химийн бодис, бордоо хариуцсан сайд Ж.П. Надда нар үзэж сонирхлоо.Энэ үеэр мөн “Монголын сайхан орон” сэдэвт гэрэл зураг, морин хуурын үзэсгэлэн гаргалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
2025.10.16. БНЭУ. Дeли. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Шинэ Дели хотын “Палам” нисэх онгоцны буудлаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Иргэний нисэх болон Хамтын ажиллагааны яамны Төрийн сайд Мурлидхар Мохор, тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд нар үдэж мордууллаа.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай уулзаж, Ерөнхий сайд Нарендра Моди-той албан ёсны хэлэлцээ хийн, “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Нарендра Моди нар албан ёсны хэлэлцээний дүнгээр хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгч, “Стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл гаргалаа.
Энэ удаагийн төрийн айлчлалаар:
- Хамтын ажиллагааны хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлон газрын зургаа зурж, харилцааны түүхийн нэгэн шинэ хуудсыг эхлүүллээ.
- Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, уул уурхай, мэдээллийн технологи, соёл, хүмүүнлэг, залуучууд, спорт, соёл, урлаг зэрэг салбарт хамтран ажиллах 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа.
- Хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгахаа нотоллоо.
- Гуравдагч улсын боомт, тээврийн коридоруудыг хамт ашиглах, энэ оны сүүлээс Улаанбаатар-Дели, Улаанбаатар-Амрицар чиглэлд шууд нислэг үйлдэхийн зэрэгцээ транзит нислэгийг нэмэгдүүлэхээр боллоо.
- Бүс нутгийн болон олон улсын тавцанд энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаа нотоллоо.
- БНЭУ-ын санаачлан байгуулсан “Олон улсын нарны эрчим хүчний холбоо”-нд Монгол Улс нэгдэн орлоо.
- БНЭУ-тай хамтран хил хамгаалах, Зэвсэгт хүчний чадавхыг бэхжүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
- “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Энэтхэгийн “Ээжийн төлөө нэг мод” хөдөлгөөнийг уялдуулан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүчин чармайлтаа нэгтгэхээр тохиролцлоо.
- “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хонины ноос боловсруулах, хивс, нэхмэлийн үйлдвэрлэлийн сайн туршлагыг нэвтрүүлэхээр болов.
- Түүхий эдийн нийлүүлэлт, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд хамтран гаргах чиглэлд хамтран ажиллана.
- “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах монгол оюутны тоог 70-аар нэмлээ.
- Англи хэлний 1,000 багш, мэдээллийн технологийн чиглэлээр 1,000 мэргэжилтэн сургаж, “Монгол-Энэтхэгийн найрамдлын ерөнхий боловсролын сургууль” байгуулна.
- Энэтхэгийн тал монгол иргэдэд цахим визээ үнэ төлбөргүй олгохоор болов.
- Хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохион байгуулж, урт хугацааны харилцан ашигтай хамтын ажиллагааны үндэс сууриа тавилаа.
- Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Шинэ Дели хотноо анх удаа “Монголын сайхан орон” тоглолтоо сонирхууллаа.
- Айлчлалын хүрээнд “Монголын сайхан орон” гэрэл зураг болон морин хуурын үзэсгэлэн гаргалаа.
- Тааламжтай цагтаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийх урилгыг Ерөнхий сайд Н.Моди талархан хүлээж авлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бэхжүүлэн, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, ирээдүйн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход чухал түлхэц үзүүллээ гэжээ.

