MICC: 7 хоногийн тойм
2025.08.13. Монгол Улс. Улаанбаатар хот. MICC компани харилцагчиддаа 7 хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээ ирүүлдэг.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Монголын хөрөнгийн бирж дээр долоо хоногийн хугацаанд нийт 5.34 тэрбум төгрөгийн үнийн бүн бүхий 3.09 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үүнээс Тэнгэрлиг медиа групп ХК, Инвескор ББСБ ХК, Хаан банк ХК, Хас Банк болон Таван толгой ХК арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн байна. Мөн тус хугацаанд нийт 3 удаагийн багцын арилжаа зохион байгуулагджээ. Тодруулбал:
- Инвескор ББСБ ХК-ийн (INV) 31.4 мянган ширхэг үнэт цаас нэгжийн 8,815 төгрөгөөр буюу нийт 276.5 сая төгрөгөөр,
- Инвескор ББСБ ХК-ийн (INV) 31.8 мянган ширхэг үнэт цаас нэгжийн 8,130 төгрөгөөр буюу нийт 258.3 сая төгрөгөөр,
- Тэнгэрлиг медиа групп ХК-ийн(TNGR) 258.75 мянган ширхэг үнэт цаас нэгжийн 5,900 төгрөгөөр буюу нийт 1.53 тэрбум гаруй төгрөгөөр арилжаалагдсан байна.
ТӨРИЙН ӨМЧИТ БОЛОН ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ 109 КОМПАНИЙГ 87 БОЛГОНО
Төрийн өмчийг хувьчлах талаар УИХ, болон Засгийн газраас баталсан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэн, цаашид төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаалах, төрийн эзэмшлийн хувьцааг худалдах, өөрчлөн байгуулах талаар үндсэн чиглэл боловсруулж, 2025 оны наймдугаар сарын 15-ны дотор танилцуулахыг үүрэг болголоо.
Шинэ бодлогоор:
- Ашиггүй ажиллаж буй компаниудыг татан буулгах, нэгтгэх;
- Захирлуудын болон удирдлагын цалин, хангамжийг бууруулах;
- Ашигт ажиллагаанд нийцсэн цалингийн тогтолцоо бий болгох;
- Хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаалах зорилт тавьжээ.
ӨНГӨРСӨН САРД 2.6 САЯ ТОНН НҮҮРС АРИЛЖААЛЖЭЭ
Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 07-р сард нийт 2.6 сая тонн нүүрс борлуулсан нь энэ жилийн хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Борлуулалтыг “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай” хуулийн хүрээнд, Хөрөнгийн биржээр дамжуулан ил тод, нээлттэй цахим арилжаагаар зохион байгуулжээ.
МОНГОЛБАНК ДОЛДУГААР САРД 1.18 ТОНН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЛАА
Монголбанк 2025 оны 7 дугаар сард нийт 1,186.2 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 7.0 тонн үнэт металл авсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 23.9%-иар буурсан үзүүлэлт юм. Орон нутгийн хэлтсүүдийн гүйцэтгэл:
- Дархан-Уул аймаг – 396.6 кг
- Баянхонгор аймаг – 938.9 кг
Үнэт металлын худалдан авах үнэ нь дэлхийн зах зээлийн үнээр тогтоогддог бөгөөд 2025 оны 7 дугаар сард нэг граммыг 384,712.91 төгрөгөөр худалдаж авчээ. Монголбанк энэ бодлогоороо дотоодын алт олборлолтыг дэмжих, валютын нөөцөө нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна.
ҮНЭТ ЦААС ЗЭЭЛЭХ, ЗЭЭЛДҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ ХЭЛЭЛЦҮҮЛЖ БАЙНА
Улсын Их Хурлаас өнгөрсөн оны 05-р сард Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар үнэт цаас зээлэх, зээлдүүлэх үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх эрх зүйн боломж бүрдсэн. Энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) олон улсын сайн туршлага болон дотоодын зах зээлийн онцлогт тулгуурлан “Үнэт цаас зээлэх, зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх журам”-ын төслийг боловсруулж, 3 дахь удаагаа олон нийт, мэргэжлийн байгууллагуудаас санал авч хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Журам батлагдсанаар:
- Эрэлт, нийлүүлэлт илүү оновчтой тодорхойлогдоно
- Үнэт цаасны арилжааны идэвх нэмэгдэнэ
- Хөрөнгө оруулагчдын тоо өснө
- Зах зээлийн хөрвөх чадвар дээшилнэ
ИХ БРИТАНИЙН ТӨВ БАНК: БОДЛОГЫН ХҮҮГ 0.25 НЭГЖ ХУВИАР БУУРУУЛАН 4.00%-Д ХҮРГЭЛЭЭ
2025 оны 8 дугаар сарын 7-нд Их Британийн Төв банк бодлогын хүүг 0.25 нэгж хувиар бууруулан, 4.00%-д хүргэх шийдвэр гаргалаа. 2025 онд Их Британийн Төв банк бодлогын хүүг бууруулсан тав дахь удаагийн шийдвэр бөгөөд энэ нь сүүлийн хоёр жилийн хугацаан дахь хамгийн бага түвшин юм. Энэхүү алхам нь эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой ч инфляцын түвшин одоогоор зорилтот 2%-иас өндөр хэвээр байна. Эдийн засгийн шинжээчдийн тооцоогоор, 2025 оны 9-р сард Их Британийн инфляцын түвшин 4%-д хүрэх төлөвтэй бөгөөд цаашдын мөнгөний бодлогын өөрчлөлт нь инфляцын чиг хандлага болон эдийн засгийн сэргэлтийн хурднаас хамаарна. Мөн түүнчлэн, Их Британийн Төв банкны бодлогын хүү 2026 оны эхэн үе хүртэл дахин буурах төлөв сул байна. Монгол Улсын хувьд, Их Британийн мөнгөний бодлогын өөрчлөлт нь олон улсын валютын ханш болон хөрөнгө оруулалтын урсгалд нөлөөлөх тул төгрөгийн ханшийн тогтвортой байдал, гадаадын хөрөнгө оруулалтын нөхцөлд үзүүлэх үр нөлөөг нарийвчлан тооцоолох шаардлагатай юм.
АНУ: ЭНЭТХЭГИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНД НОГДУУЛАХ ТАРИФЫГ 50% БОЛГОН НЭМЭГДҮҮЛЛЭЭ
2025 оны 8 дугаар сарын 6-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэг улсаас импортолж буй бараанд нэмэлт 25%-ийн тариф тогтоож, нийт тарифын хэмжээг 50%-д хүргэлээ. Энэхүү арга хэмжээг Энэтхэгийн ОХУ-аас нефть импортолж буйтай холбогдуулан хариу болгон авсан шийдвэргэж тайлбарлаж байна. Шинэ тариф нь АНУ-д жил бүр экспортолдог, нийтдээ ойролцоогоор 64 тэрбум ам.долларын өртөг бүхий Энэтхэгийн бараа бүтээгдэхүүний (хувцас, эм бэлдмэл, үнэт эдлэл, нефть-химийн бүтээгдэхүүн зэрэг) экспортыг бууруулах эрсдэлтэй. Moody’s-ийн тооцоогоор уг шийдвэр нь Энэтхэгийн эдийн засгийн өсөлтийг 0.3 нэгж хувиар сааруулж болзошгүй байна. Монгол Улсад уг өөрчлөлт нь бүс нутгийн худалдааны урсгал, нийлүүлэлтийн сүлжээ, түүхий эдийн үнийн тогтворгүй байдалд дам нөлөө үзүүлж, импортын өртөг өсөх, валютын ханш хэлбэлзэх, инфляц нэмэгдэх эрсдэл дагуулж болзошгүй байна.
ДЭЛХИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ: 2025.06.30-ны өдрөөс 2025.07.06-ны өдрийн тойм:
2025 оны 8-р сарын 4-нөөс 8-р сарын 10-ны хооронд дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтээрээ өсөлтийн чиг хандлагатай байлаа. АНУ-д эерэг санхүүгийн тайлан болон мөнгөний бодлого зөөлрөх төлөвийн талаарх хүлээлт нь зах зээлийн уур амьсгалыг дэмжсэн бол Европт инфляцын дарамт саарч болзошгүй дохио болон бодлогын хүү тогтвортой хадгалагдах магадлал өсөлтийг дэмжив. Азийн бүс нутагт Японы компаниудын ашиг нэмэгдэж, валютын ханшийн өөрчлөлт экспортлогчдод эергээр нөлөөлснөөр өсөлт давамгайлсан боловч бусад гол зах зээлүүдийн өсөлт харьцангуй даруухан байлаа.
Ирэх долоо хоногт зах зээл АНУ-ын инфляцын (CPI, PPI) үзүүлэлтүүдийг анхааралтай ажиглах бөгөөд энэ нь мөнгөний бодлогын цаашдын чиг хандлагыг тодорхойлох гол хүчин зүйл болох төлөвтэй байна.
АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
- S&P 500: +1.88%
- Dow Jones: +1.03%
- Nasdaq: +2.86%
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээлд өсөлт давамгайллаа. Томоохон технологийн компанийн санхүүгийн тайлан хүлээлтээс давж гарсан нь болон хөдөлмөрийн зах зээлийн сул үзүүлэлтүүд нь мөнгөний бодлого зөөлрөх хүлээлтийг нэмэгдүүлснээрхөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, зах зээлд эерэг уур амьсгал бүрдүүлэв. Үүний үр дүнд голлох индексүүд долоо хоногийн туршид тогтвортой өсөлттэй хаагдсан юм.
ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
- STOXX Europe 600: +1.98%
- DAX 40 (Герман): +2.72%
- CAC 40 (Франц): +2.11%
Европын хөрөнгийн зах зээл тус долоо хоногийн турш өсөлт давамгайлсан гүйцэтгэлтэй байлаа. Инфляцын дарамт буурч болзошгүй дохио болон төв банкны бодлогын хүлээлт тогтвортой байсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээжээ. Үүний нөлөөгөөр бүс нутгийн голлох зах зээлүүд эерэг чиглэлд хөдөлж, долоо хоногийг өсөлттэй хаасан байна.
АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
- Nikkei 225: +4.24%
- KOSPI: +0.84%
- CSI 300: +0.76%
Өнгөрсөн долоо хоногт Азийн хөрөнгийн зах зээл нийтээрээ өсөлттэй байлаа. Японд компанийн ашгийн үзүүлэлт сайжирч, валютын ханшийн өөрчлөлт экспортлогчдод эерэг нөлөө үзүүлсэн нь зах зээлийн өсөлтийг дэмжив. Бүс нутгийн бусад гол зах зээлүүд мөн эерэг чиглэлд хөдөлсөн ч өсөлт нь харьцангуй даруухан өсөлттэй байв.
