Мэдээ: Монгол, Тажикстаны харилцаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийнэ
2025.07.17. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны урилгаар 2025 оны 07 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Монгол Улс Бүгд Найрамдах Тажикистан Улстай 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд хэрэгжиж буй анхны төрийн айлчлал юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмонтай албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. Мөн айлчлалын хүрээнд хоёр улсын Төрийн тэргүүн нарын ивээл дор Монгол-Тажикистаны анхны бизнес форум болон соёлын тоглолт зэрэг арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон 2009 онд Монгол Улсад төрийн айлчлал хийж байсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
2025.07.24. Тажикстан. Душанбe. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны урилгаар 2025 оны 07 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг “Душанбе” олон улсын нисэх онгоцны буудалд тус улсын Тэргүүн Шадар сайд Холикзода Хоким, тус улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү нар угтаж авлаа. Энэ удаагийн айлчлал Төв Азийн улс орнууд, тэр дундаа Тажикстан Улстай найрсаг харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал түлхэц болно гэж талууд үзэж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, “Найрсаг харилцаа, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсын хамтарсан мэдэгдэл” гаргана. Айлчлалын хүрээнд хоёр улс харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн тус улсын Мажлиси Намояндагон /Парламентын доод танхим/-ын даргыг хүлээн авч уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Айлчлалын хүрээнд хоёр орны төрийн тэргүүн нарын ивээл дор анхны бизнес форум болон соёл, урлагийн тоглолт болох юм. Хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд манай улсаас анх удаа Ерөнхийлөгч төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Душанбе хотноо хүрэлцэн ирсэн даруйдаа Тажикийн түүх, соёлын бэлгэ тэмдэг болсон Исмоил Сомони-гийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Тажикийн төрт ёсны түүхэнд тод мөрөө үлдээсэн Саманидын анхны эмир Исмоил Сомони-г ард түмэн нь мөнхөд дээдэлдэг бөгөөд 13 метр өндөр хөшөөг нь бүтээж, IX-X зуунд Бухарт баригдсан Саманидын бунхны хуулбар бүхий музей байгуулжээ. Хөшөөний хоёр талд байрлах хүрэл арслангууд нь улсын тогтвортой байдал, энх тайван, үндэсний эв нэгдлийг илэрхийлдэг. Тажикистан Улсад айлчилж байгаа төр, засгийн тэргүүн, хүндэт зочид тус улсын Төрийн ёслолын журмын дагуу хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг албан ёсоор угтлаа
2025.07.24. Тажикстан. Душанбe. Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Ерөнхийлөгч Эмомали Рахмон Үндэсний ордондоо албан ёсоор угтан авлаа. Үндэсний ордны урд талбайд хоёр улсын Төрийн далбааг мандуулж, Төрийн хүндэт харуулын захирагч Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгал өргөсний дараа хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Энэ үеэр ёслолын буудлага үйлдэж хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар Төрийн хүндэт харуулын цэргүүд болон хоёр талын албан ёсны төлөөлөгчидтэй мэндчилж, дурсгалын зураг авахууллаа. Хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцож, хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийнэ. Душанбе хотын төвд байх Үндэсний ордонг тус улсын тусгаар тогтнол, Төв Азийн түүх, соёлын илэрхийлэл болсон архитекторын хосгүй шийдэлтэй гэж үздэг юм байна. Хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон. Бүгд Найрамдах Тажикистан Улс 1991 онд тусгаар тогтнолоо зарласан бөгөөд Ерөнхийлөгчийн засаглалтай. Ерөнхийлөгч Э.Рахмон 1994 оноос төрийн тэргүүний албыг хашиж байна.Тус улс 10 гаруй сая хүн амтай. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 17 орчим тэрбум ам.доллар. Өнгөт металл, усан цахилгаан станц, хөдөө аж ахуй, тээвэр, харилцаа холбоо, уул уурхай, хүнс, хөнгөн болон химийн үйлдвэр эдийн засагт нь голлох үүрэгтэй. Эрдэс баялаг, хөвөн, анхдагч хөнгөн цагаан, эрчим хүч, жимс, хүнсний ногоо, хөвөн даавуун утас, цемент, арьс, шир экспортод гаргаж, хүнс, машин, тоног төхөөрөмж, барилгын материал, химийн бүтээгдэхүүн импортоор авдаг. Тажикистан нь гол мөрөн, нуур, усны нөөц арвинтай. Төв Азийн усны нөөцийн 60 хувь нь эдгээр гол мөрөнд ноогддог бөгөөд цэнгэг усныхаа нөөцөөр дэлхийд наймдугаар байрт ордог юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
2025.07.24. Тажикстан. Душанбe. Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийж буй Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ.Хоёр улсын төрийн тэргүүн харилцаа, хамтын ажиллагааны хэтийн төлөв болон олон улс, бүс нутгийн асуудлаар санал солилцлоо. Ерөнхийлөгч Эмомали Рахмон, хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа төрийн айлчлал хийж байгаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд баяр хүргэлээ. Уламжлалт найрсаг харилцааг шинэ түвшинд гаргах, бодит хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэ удаагийн айлчлал чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны 2009 онд Монгол Улсад хийсэн анхны төрийн айлчлал нь хоёр орны харилцааны түүхэн эхлэлийг тавьсныг онцоллоо. Энэ айлчлал хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэж, Монгол Улс нь Төв Азийн орнууд, түүний дотор Бүгд Найрамдах Тажикистан Улстай хөгжүүлж найрсаг харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгдгийг хэллээ.Төрийн тэргүүн нар өнгөрсөн 30 гаруй жилийн ололт амжилтаа дүгнэн хэлэлцэж, ирэх он жилүүдэд харилцааг шинэ агуулгаар баяжуулан, бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй гэдгээ нотоллоо. Хэлэлцээний хүрээнд талууд хоёр улсын хөгжлийн бодлого болох “Алсын хараа–2050”, “Үндэсний хөгжлийн стратеги 2030”-тай уялдуулан эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, ногоон хөгжил, дижитал шилжилт, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхийн төлөө байгааг илэрхийллээ. Харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд тээвэр, логистикийн саад тотгорыг арилгах, дөт тээврийн коридор бий болгох, бүс нутгийн дэд бүтцийн сүлжээнд хамтран нэгдэх боломжийг шат дараатай судлан хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Мал аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ноос, ноолуур, хөвөн, хөвөн даавуунд суурилсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Цагаан алт” хөтөлбөрийг Тажикистаны хөвөн, нэхмэлийн салбарын хөгжлийн бодлоготой уялдуулан хөгжүүлэх нь харилцан ашигтай түншлэлийг гүнзгийрүүлэх чухал алхам гэдэгт санал нэгдэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх малын гаралтай түүхий эд, тэр дундаа халдваргүй, чанар, стандартад нийцсэн халал мах, махан бүтээгдэхүүнийг Тажикистанд экспортлох, мал эмнэлэг, хорио цээрийн хяналт, стандартын шаардлагад нийцүүлэн экспортын нөхцөлийг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ тэмдэглэлээ. Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсаас ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн авч, Монголд жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, лаазалсан бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах санал дэвшүүлэв. Төрийн тэргүүн нар харилцааг үр дүнтэй хөгжүүлэх механизм бүрдүүлэх нь чухал гэдэгт санал нэгдэж, Засгийн газар хоорондын комиссыг ойрын хугацаанд байгуулж, анхны хуралдааныг хийх нь зүйтэй гэж үзлээ. Энэ нь хоёр улсын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг уялдуулж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоог дэмжих, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд бодит хөшүүрэг болно гэдгийг онцоллоо. Айлчлалын хүрээнд зохион байгуулах Монгол–Тажикистаны анхны бизнес форум, Бизнесийн зөвлөл нь хоёр улсын баялаг бүтээгчдийн хэлхээ холбоог өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдлээ. Айлчлалын хүрээнд байгуулах Эрчим хүчний яам хоорондын санамж бичиг нь сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа усан цахилгаан станцын чиглэлээр мэдлэг, туршлага солилцож, шинжээчдийн түвшний зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх замаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо. Хоёр орны төрийн тэргүүний ивээл дор Душанбе хотноо зохион байгуулах соёл, урлагийн тоглолт нь ард түмний харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэлээ. Цаашид соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, боловсрол, спорт, залуучуудын ойр дотно харилцааг дэмжихээр боллоо. Төрийн тэргүүн нар бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа НҮБ, ШХАБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээ илэрхийллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тажикистан Улс нь “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв”-ийн гишүүнээр нэгдсэн анхны улсуудын нэг байсныг тэмдэглэв. Мөн 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд Тажикистан Улсыг дээд түвшинд оролцохыг урьснаа нотоллоо. Төрийн тэргүүн нар Монгол Улсын “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” болон Тажикистан Улсын “Хоёр тэрбум суулгац”, “Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн хөтөлбөр – 2030” зэрэг үндэсний санаачилгуудыг уялдуулан хамтран хэрэгжүүлэх нь тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдлээ.

Монгол, Тажикистаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
2025.07.24. Тажикстан. Душанбe. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Төрийн айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх 11 баримт бичигт гарын үсэг зурлаа.
- “Найрсаг харилцаа, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Хамтарсан мэдэгдэл“-д Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар гарын үсэг зурлаа. Төрийн тэргүүн нар уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзлээ нотолж, харилцааг улс төр, худалдаа, эдийн засаг, аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, тээвэр, логистик, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг бүх салбарт өргөжүүлэн бэхжүүлэхээр тохиролцлоо.
- “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Гадаад хэргийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг“-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Гадаад хэргийн сайд Сироджиддин Мухриддин, Яамд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, зөвлөлдөх уулзалт зохион байгуулах зэргээр мэдээлэл, туршлага солилцож, бусад салбарын яамд, байгууллага хоорондын уялдаа холбоог бэхжүүлнэ.
- “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрчим хүчний яам, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Эрчим хүч, усны нөөцийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг“-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Эрчим хүч, усны нөөцийн сайд Джума Далера Шофакир, Усны эрчим хүч ашиглах чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, урт болон богино хугацааны сургалтад хамруулах, мэргэжилтэн солилцох, хамтарсан төсөл хэрэгжүүлэх зэргээр хамтарч ажиллах боломж бүрдлээ. Засгийн газар зүгээс эрчим хүчний салбарт усны эх үүсвэрийн төслүүдийг түлхүү хөгжүүлэхээр зорьж байгаа. Цахилгаан эрчим хүчнийхээ 98 хувийг усан цахилгаан станцаар хангаж, эрчим хүчний бие даасан байдлаа хангах зорилттой Тажикистаны туршлагыг судлах нь чухал ач холбогдолтой юм.
- Хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбын Энхбаяр, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Хөдөө аж ахуйн сайд Хакимзода Курбон,
Хөдөө аж ахуйн салбарын туршлага, нөөц, бололцоог харгалзан харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзлээ илэрхийлж, тодорхой чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцов. Тухайлбал, ургамал үржүүлэх, мал аж ахуй, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг механикжуулах, үрийн үйлдвэрлэлд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, ургамлын өвчин, хортон шавжаас хамгаалах, газрын нөхөн сэргээлт, хөрс усалгааны системийн хамтарсан судалгаа хийх, ургамлын эрүүл ахуйн болон мал эмнэлгийн хяналтыг сайжруулах зэрэг салбарт харилцан туршлага солилцож, хамтарсан үйлдвэр байгуулах боломжийг судлах, боловсон хүчин бэлтгэх, мэргэжилтэн солилцох орчин бүрдлээ. - Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын харьяа Аялал жуулчлалын хөгжлийн агентлаг хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Ундрам, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын харьяа Аялал жуулчлалын хөгжлийн хорооны дарга Джумахонзода Джамшед Джурахон,Аялал жуулчлалын салбарт байгалийн болон соёлын өвийг ирээдүйн баялаг гэж үзэж, тэдгээрийг хамгаалахын зэрэгцээ үр ашигтай, агуулга өндөртэй, таниулан сурталчлах, хөгжүүлэхэд хамтран ажиллах нь чухал гэж үзлээ. Талууд аялал жуулчлалын хөрөнгө оруулалт болон технологид суурилсан ухаалаг аялал жуулчлалын санаачилгыг харилцан дэмжих, салбарын мэргэжилтнүүд, холбогдох бизнесийн байгууллагын харилцааг өргөжүүлэхээр тохиролцлоо.
- “Цахим шилжилтийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Инновац, цахим технологийн агентлаг хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг“-т Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Энхбаярын Батшугар, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Инноваци, цахим технологийн агентлагийн захирал Мирзо Хуршед Файзуллозода, Дижитал эдийн засгийн салбарын зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр мэдлэг, туршлага солилцож, төрийн цахим үйлчилгээг хөгжүүлэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг цахимжуулах чиглэлээр туршлага солилцоно.
- “Онцгой байдлаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Онцгой комисс хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг“-т Монгол Улсын Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хошууч генерал Гомбожавын Ариунбуян, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх онцгой комиссын дарга, хурандаа генерал Раджабали Рахмонали,Байгалийн болон хүний хүчин зүйлээс үүдэлтэй онцгой нөхцөл байдлыг зохицуулах, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр харилцан туршлага солилцохоор болов. Онцгой байдал, гамшгийн үед ард иргэдэд шуурхай зарлан мэдээлэх системийг бэхжүүлэх, орчин үеийн технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр хамтарсан дадлага, сургуулилт зохион байгуулна.
- “Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Үндэсний шинжлэх ухааны академи хоорондын санамж бичиг“-т Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Содномсамбуугийн Дэмбэрэл, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Үндэсний шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Хушвахтзода Кобилджон, Шинжлэх ухааны академийн хамтын ажиллагаа албан ёсоор эхэллээ. Мэдлэг мэдээлэл солилцох, хамтарсан судалгааны төсөл, хөтөлбөр, хурал семинар зохион байгуулах, эрдэмтэн, судлаачдаа солилцон, шинэ төрлийн хамтарсан судалгааг тогтвортой хөгжүүлнэ. Байгалийн ухаан, нийгэм, хүмүүнлэгийн ухаан, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, түүний дотор жимс, жимсгэний аж ахуй, хүнсний технологийн чиглэлээр илүү хамтран ажиллана.
- “Монгол Улсын “И-Монгол” академи болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын “Шифрлэгч төвүүд, төрийн үйлчилгээ, цахим программ хөгжүүлэлт”-ийн компани хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг“-т “И-Монгол” академийн захирал Бавуужавын Мягмарнаран, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Инноваци, цахим технологийн агентлагийн захирал Мирзо Хуршед Файзуллозода,Олон улсын харилцаа, бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд тулгамдсан асуудлуудыг хамтран судлах, харилцан туршлага солилцох, хамтарсан эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, семинар зохион байгуулах зэргээр хамтран ажиллана.
- “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Аюулгүй байдал судлалын хүрээлэн болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратегийн судалгааны төв хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн дарга Ганхуягийн Ганболд, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратегийн судалгааны төвийн захирал Усмонзода Хайридин Усмон,Олон улсын харилцаа, дэлхий дахины болон бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлын хүрээнд судалгааны ажлын үр дүнг хуваалцах, эрдэм шинжилгээний бага хурал, семинар, дугуй ширээний уулзалт, академик хэлэлцүүлэг хийх, бүс нутгийн болон олон улсын шинж чанартай арга хэмжээг хамтран зохион байгуулах зэрэг боломж бүрдлээ.
- “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Чингис хаан Үндэсний музей болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Үндэсний музей хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг“-т Монгол Улсын Чингис Хаан Үндэсний музейн захирал Сампилдондовын Чулуун, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Үндэсний музейн захирал Иброхимзода Зафаршо Сафо нар тус тус гарын үсэг зурлаа. Түүх-соёлын өвийг хадгалах, судлах, сурталчлах, шинжлэх ухаан, соёлын харилцааг гүнзгийрүүлэх, бэхжүүлэх зэргээр хамтарна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
2025.07.24. Тажикстан. Душанбe. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө. Төрийн тэргүүн нарын хэлсэн үгнээс хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, Энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт хэвлэлийн төлөөлөгчид өө, Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Ази, Европыг холбосон Торгоны замын зангилаа үзэсгэлэнт сайхан эх орондоо халуун дотноор хүлээн авч байгаа Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Эмомали Рахмон Танд болон Тажикистан Улсын төр, засаг, найрсаг ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны 2009 онд Монгол Улсад хийсэн төрийн анхны айлчлал хоёр орны найрсаг харилцааны түүхэнд шинэ эхлэлийг тавьж, харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Мөнх цаст Памирын нурууны түүх, соёлыг өвлөн ирсэн Тажикистаны ард түмэн болон уудам тал нутгийн Монголын ард түмэн эрт дээр үеэс худалдаа, соёлын харилцааг хөгжүүлж ирсэн арвин баялаг түүхтэй билээ. Хоёр орны энэ түүхэн хэлхээ холбоог бид өнөөг хүртэл эрхэмлэн дээдэлж, бие биедээ ахан дүүсийн элгэмсэг сэтгэлээр хандаж ирсэн нь манай хоёр орны найрамдал, нөхөрлөлийн үнэт өв болон үргэлжилж байна. Сүрлэг уулс, цэнгэг уст гол мөрөн, байгалийн онцгой тогтоц, соёлын баялаг өвийг шингээсэн Тажикистан Улсад Монгол Улсын Ерөнхийлөгч анх удаа төрийн айлчлал хийж, эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны удирдлага дор өдрөөс өдөрт өргөжин хөгжиж буй Тажикистан Улсын хөгжил цэцэглэлт, ард түмний найрсаг, зочломтгой зан чанар, түүх, соёлтой танилцаж байгаадаа баяртай байна. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Тантай хийсэн албан ёсны яриа хэлэлцээ халуун дотно, ажил хэрэгч уур амьсгалд амжилттай болж өнгөрлөө. Бид өнгөрсөн 30 гаруй жилийн ололт амжилтаа дүгнэн хэлэлцэж, ирэх он жилүүдэд харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан, бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар үр бүтээлтэй санал солилцож, хамтын ажиллагааны хэтийн төлөв, замын зураглал, тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойллоо. Яриа хэлэлцээний дүнгээр хоёр улсын төрийн тэргүүн “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тухай Монгол Улс, Тажикистан Улсын хамтарсан мэдэгдэл” гаргалаа. Мөн харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, цахим хөгжил, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхээр тохиролцож, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн байгууллага хоорондын 11 баримт бичигт гарын үсэг зурлаа. Бид Монгол Улсын “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” болон Тажикистан Улсын “Үндэсний хөгжлийн стратеги 2030” хоорондын уялдаа холбоог хангах, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны үндэс суурийг бэхжүүлэх, хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар ярилцлаа. Мөн манай хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагаа нэн чухал гэдэгтэй санал нэгдэж, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн уялдааг нэмэгдүүлэх боломжийг судлан хоёр орныг холбосон дөт авто замын чиглэлийг нээж, шууд нислэгтэй болох, тээврийн шинэ коридор байгуулах зэргийг хэлэлцлээ. Түүнчлэн Тажикистан Улсыг “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэр гүйцэтгэх тухай” хэлэлцээрт нэгдэн ороход Монгол Улс бүх талаар дэмжиж ажиллахад бэлэн буйг тэмдэглэхэд таатай байна. Хоёр улсын хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эхлүүлж, Тажикистан Улсад үржлийн мал нийлүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний солилцоог нэмэгдүүлэх, Монгол Улсаас халал мах нийлүүлэх боломжийг судлахаар тохиролцлоо. Энэхүү хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх хүрээнд хоёр улсын мал эмнэлэг, мал аж ахуйн байгууллагууд хоорондын харилцааг идэвхжүүлж, холбогдох дүрэм журам, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ. Монгол Улсын “Цагаан алт” хөтөлбөрийг Тажикистаны хөвөн, нэхмэлийн салбарын хөгжлийн бодлоготой уялдуулан ноос, ноолуур, хөвөн зэрэг байгалийн гаралтай түүхий эдэд суурилсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцлээ. Энэхүү айлчлалын хүрээнд Монгол, Тажикистаны анхны Бизнес форумыг Душанбе хотноо амжилттай зохион байгуулж, Бизнесийн зөвлөл байгуулахаар тохирсон нь хувийн хэвшил, баялаг бүтээгч нарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, экспортыг төрөлжүүлэх замаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх өргөн боломжийг бүрдүүлж буй чухал үйл явдал боллоо. Энэ удаагийн айлчлалаар Эрчим хүчний яам хооронд байгуулсан Санамж бичиг нь Тажикистан Улсын усан цахилгаан станцын арвин туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх, улмаар ногоон шилжилтийг дэмжих, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд чиглэсэн урт хугацааны түншлэлийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болж байна. Бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний салбарт тэргүүлэгч орны байр сууриа бататгаж буй Тажикистан Улсын бодлого, туршлагыг манай улс өндөр үнэлэн, тус салбар дахь цаашдын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байна. Хоёр улсын аялал жуулчлал, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг онцолж, аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний брэндийг уялдуулан хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, мөн боловсрол, соёл, спортын салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, ирээдүй хойч үеийн харилцааг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахын чухлыг санал нэгтэй тэмдэглэлээ. Айлчлалын хүрээнд цахим хөгжил, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурсан нь хамтын ажиллагааны шинэ чиглэлийг нээж, ирээдүйн хөгжлийн замыг тодорхойлох чухал алхам боллоо гэж үзэж байна. “Чингис хаан” үндэсний музей болон Тажикистан Улсын Үндэсний музей соёлын өвийг судлан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх хамтын ажиллагааны үндсийг тавьсанд сэтгэл хангалуун байна. Айлчлалын хүрээнд “Монгол-Тажикистаны соёлын хамтарсан тоглолт”-ыг хоёр улсын төрийн тэргүүний ивээл дор амжилттай зохион байгуулж, Үндэсний урлагийн их театр анх удаа Душанбе хотноо уран бүтээлээ толилуулж, тал нутгийн аялгуугаар анд нөхдийнхөө сонорыг мялаан, сэтгэл хөдлөм сайхан дурсамжийг хамтдаа бүтээж байгаад сэтгэл өндөр байна. Манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд харилцан бие биеэ дэмжин, идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотоллоо. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Та бид уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, ногоон хөгжлийг дэмжихэд онцгой анхаарал хандуулдгийн хувьд Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Тажикистан Улсын “Хоёр тэрбум суулгац” хөтөлбөрийг уялдуулан нөхөн сэргээлт, ойжуулалтын хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр үр дүнтэй, бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлсэн нь дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтод бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Тажикистан Улс нь Монгол Улсын санаачилсан “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв”-ийн гишүүнээр нэгдсэн анхны улс орнуудын нэг бөгөөд энэхүү чухал санаачилгыг тууштай дэмжиж ирсэнд гүн талархал илэрхийлье. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, Бидний яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард түмний сайн сайхны төлөө биеллээ олж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэл дүүрэн байна. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны оруулж буй хувь нэмэр, гавьяа зүтгэлийг Монгол Улс талархан хүлээж авч, өндрөөр үнэлж байгааг хэлэхийг хүсэж байна. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таныг ирэх онд Монгол Улсад төрийн айлчлал хийхийг урьж байгаагаа дахин нотолж байна. Тажикистаны ард түмэн Та бүхэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе. Манай хоёр улсын ард түмний найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, харилцаа, хамтын ажиллагаа улам бүр цэцэглэн хөгжих болтугай. Анхаарал хандуулсанд баярлалаа.

БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКИСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭМОМАЛИ РАХМОН:
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, Хатагтай ноёд оо, Юуны өмнө Эрхэм хүндэт Ерөнхийлөгч, ноён Ухнаагийн Хүрэлсүх болон найрсаг Монголын өндөр, дээд хэмжээний төлөөлөгчдийг Тажикистанд тавтай морилохыг хүсэж байна. Манай хоёр улс пипломат харилцаа тогтоосноос хойш харилцаагаа хөгжүүлэх арга замыг байнга эрэлхийлж ирсэн билээ. Бид төрийн энэ айлчлалыг цаашдын хамтын ажиллагааны бодит үргэлжлэл гэдгийг тэмдэглэж байна. Тажикистан, Монголын яриа хэлэлцээ нь найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах үндэс суурь болж байна. Хоёр улсын харилцаа холбоо, яриа хэлэлцээ бүх шатанд ажил хэрэг болж байна. Бид энэ харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлж, бодит үр дүн гаргах болно. Бид өнөөдөр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, хэтийн төлөвөө тодорхойлж, олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ. Харилцаа, хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, эрх зүйн орчныг улам бэхжүүлэхэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээний үеэр харилцааг өндөр түвшинд бэхжүүлэх нь чухал ач холбогдолтой гэдгийг онцоллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ айлчлал харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулахад жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ боломжууд нээгдлээ. Худалдаа, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгалах, ярилцсан зүйлсийг бодит ажил хэрэг болгох нь зүйтэй гэж үзэж байна. Худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэг, бусад салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь хамгийн зөв гэж үзэж байна. Засгийн газар хоорондын комисс, Парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал байна. Яриа хэлэлцээний үеэр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг чухалчилж ярилцлаа. Засгийн газар хоорондын комиссын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдлээ. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, үр дүнд хүрэх нь чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ. Мөн бид нөөц боломжоо ашиглан, эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахаар тохиролцлоо. Бид хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах боломж байгааг харилцан нотоллоо. Төсөл, хөтөлбөр боловсруулж, ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр боллоо. Манай улс байгалийн нөөц баялгийг ашиглах суурь судалгааны ажил хийх санал дэвшүүлж, энэ чиглэлээр хамтрахаар тохирлоо. Боловсруулах үйлдвэр, хүнс, хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт хамтран ажиллах боломж байна. Бизнесийн таатай орчин бүрдүүлэх зорилгоор аливаа шинэ санал, санаачилгыг дэмжихээр боллоо. Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын анхны бизнес форум зохиож байгаад баяртай байна. Ийм арга хэмжээг тогтмол зохиох нь бизнес эрхлэгчдийг харилцаа холбоо тогтооход чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Өнөөдрийн яриа хэлэлцээний үеэр аялал жуулчлал, соёл, хүмүүнлэгийн салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхээ нотоллоо. Соёлыг өвийг хамгаалах ажлыг эрчимжүүлэх, боловсрол, шинжлэх ухаан, залуучууд, спортын чиглэлээр санал солилцож, холбогдох баримт бичигт гарын үсэг зурлаа. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны манай улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монголын соёлын өдрүүдийг нийслэл хотод маань зохион байгуулж байгаад талархаж байна. Бид мөн олон улс, бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлын талаар ярилцлаа. Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр хамтын хүчин чармайлт гарган, хувь нэмрээ оруулахаар тохиролцлоо. Бид олон улс, бүс нутгийн түвшинд бие биеэ харилцан дэмжиж ирсэн. НҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд, олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ харилцан нотоллоо. Энэ удаагийн айлчлал хамтын ажиллагаанд эерэг нөлөө үзүүлж, бодит үр дүн авчирна гэдэгт итгэлтэй байна. Харилцан итгэлцсэн харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх болно. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Та намайг Монгол Улсад төрийн айлчлал хийхийг урьсанд талархал илэрхийлье. Би Монгол Улсад айлчлах болно. Би 2009 онд хоёр өдрийн айлчлал хийж байсан. Өргөн уудам газар нутагтай Монгол орон миний айлчлах сонирхлыг их төрүүлж байна. Бид Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх онцгой хүсэл эрмэлзэлтэй байна. Хоёр улсын Засгийн газар хоорондын комисс нь хамтын ажиллагааны Замын зураглалыг гаргах ёстой гэж үзэж байна. Таны гаргасан бүх саналыг бид дэмжиж байна. Манай нарлаг сайхан оронд тавтай морилно уу. Манай ард түмэн та бүхнийг айлчлахаар хүрэлцэн ирсэнд туйлын их баяртай байгааг уламжилъя. Бурхны ивээлээр харилцаа, хамтын ажиллагаа маань бодит үр дүн авчраасай гэж хүсэж байна. Та бүхэнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Тажикистан Улсын Мажлиси Намояндогон-ы дарга Идизода Файзали бараалхлаа
2025.07.25.Тажикстан. Душанбe. Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд тус улсын хууль тогтоох дээд байгууллага болох Мажлиси Оли-гийн доод танхим – Мажлиси Намояндогон-ы дарга Идизода Файзали бараалхав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улс Тажикистан Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдгийг тэмдэглэлээ. Мөн Тажикистан Улсыг бүс нутаг дахь манай уламжлалт найрсаг харилцаатай чухал түнш орон хэмээн үздэгээ онцлов. Төрийн айлчлалын үеэр эдийн засаг, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, цахим хөгжил, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурсныг хэллээ. Мөн Ерөнхийлөгч Э.Рахмоны хамт хамтын ажиллагааны хэтийн төлвийг тодорхойлсон хамтарсан мэдэгдэл гаргасанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Дарга Идизода Файзали, Ерөнхийлөгчийн Тажикистан Улсад хийж буй төрийн анхны айлчлалд Тажикистаны төр, засаг, Парламент өндөр ач холбогдол өгч буйг тэмдэглэж, ард түмний найрамдал, нөхөрлөлийг гүнзгийрүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа тэмдэглэлээ. Тэр бээр, энэ онд Тажикистан-Монголын Парламентын найрамдлын бүлгийг Парламентын Доод танхимд байгуулсан нь хууль тогтоогчдын харилцаа, хамтын ажиллагааг тогтмолжуулахад чухал хувь нэмэртэй гэж үздэгээ хэлэв. Тажикистан Улсын хууль тогтоох дээд байгууллага болох Мажлиси Оли нь хоёр танхимтай, 5 жилийн бүрэн эрх бүхий 96 гишүүнтэй. Дээд танхим (Мажлиси Милли) нь 33 гишүүнтэй, доод танхим (Мажлиси Намояндогон) нь 63 гишүүнтэй юм.

Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо
2025.07.25. Тажикстан. Душанбe. Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Э.Рахмоны урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Төрийн айлчлалын хүрээнд Душанбе хотноо анх удаа “Тажикистан-Монголын бизнес форум” зохион байгууллаа. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Тэргүүн Шадар сайд Хоким Холикзода нар форумыг нээлээ.Форумаар худалдааны эргэлтийг эрс нэмэгдүүлэх, учирч буй саад бэрхшээлийг арилгах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, авто болон агаарын тээврийн чиглэл бий болгох зэргийг хэлэлцлээ. Мөн Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг танилцуулж, эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар мэдээлэл солилцлоо. Худалдаа, аж үйлдвэрийн танхимууд хамтран ажиллахаар болсон бол хоёр орны 150 гаруй бизнес эрхлэгч, баялаг бүтээгч хөрөнгө оруулалт, худалдаа, хүнс, хөдөө аж ахуй зэрэг салбарт харилцан ашигтай хамтрах боломж эрэлхийлэн, хамтын ажиллагааныхаа эхлэлийг тавилаа. Манай улс Тажикистанд тодорхой хэмжээгээр ноос, ноолуур, арьс шир, савхин эдлэл, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлж, жимс, жимсгэнэ, нарийн ногоо, хөвөн, хөвөн даавуу зэргийг авдаг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
2025.07.26. Тажикстан. Душанбe. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд тус улсын Шадар сайд Усмонали Усмонзодагийн хамт Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцлаа. Рогуны усан цахилгаан станц нь Тажикистаны нийслэл Душанбе хотын зүүн урд байрлах Вахш мөрний дээд урсгалд баригдаж буй бөгөөд дэлхийн хамгийн өндөр буюу 335 метрийн өндөр далантай. Тус станц бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орсноор жилд 17 тэрбум киловатт.цаг (кВт.ц) цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой бөгөөд зөвхөн дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй бүс нутгийн бусад улсад эрчим хүч экспортлох чадавхтай болно гэдгээрээ онцлогтой юм. Уг станцын анхны турбин 2018 онд, хоёр дахь нь 2021 онд ашиглалтад орсон бөгөөд 2029 он гэхэд бүх зургаан турбин бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлснээр нийт 3600 МВт-ын хүчин чадалтай болох бөгөөд Төв Азийн хамгийн том усан цахилгаан станц болно гэж тооцож байна. Рогуны усан цахилгаан станц нь Тажикистан Улсын томоохон бүтээн байгуулалт төдийгүй бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангахад онцгой ач холбогдол бүхий стратегийн мега төсөл хэмээн үнэлэгдэж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
2025.07.26. Тажикстан. Душанбe. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны урилгаар тус улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Душанбе хотын олон улсын нисэх онгоцны буудлаас Бүгд Найрамдах Тажикистан Улсын Тэргүүн Шадар сайд Холикзода Хоким, Монгол Улсаас Бүгд Найрамдах Тажикистан Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү тэргүүтэй албаны төлөөлөгчид үдэж мордууллаа. Хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо. Төрийн тэргүүн нар “Найрсаг харилцаа, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсын хамтарсан мэдэгдэл” гаргалаа. Талууд уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзлээ нотолж, харилцааг улс төр, худалдаа, эдийн засаг, аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, тээвэр, логистик, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг бүх салбарт өргөжүүлэн бэхжүүлэхээр тохиролцлоо. Айлчлалын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, зам тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх 11 баримт бичигт гарын үсэг зурлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсын Парламентын доод танхимын дарга Идизода Файзалиг хүлээн авч уулзан, Рогун усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцлаа. Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч нарын ивээл дор анх удаа бизнес форум зохион, морин хуур болон гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, Үндэсний урлагийн их театрын хамт олон уран бүтээлээ толилууллаа. Хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч анх удаа тус улсад төрийн айлчлал хийлээ.

