MICC: 7 хоногийн тойм
2025.07.27. Монгол Улс. Улаанбаатар хот. MICC компани харилцагчиддаа 7 хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээ ирүүлдэг. 2025.07.21-ний өдрөс 2025.07.27-ны өдрийн тойм:
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Монголын хөрөнгийн бирж дээр долоо хоногийн хугацаанд нийт 3.86 тэрбум төгрөгийн үнийн бүн бүхий 3.09 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үүнээс Инвескор ББСБ, Хаан банк ХК, Хас Банк, Голомт Банк ХК болон Таван толгой ХХК арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн байна. Мөн тус хугацаанд нийт 1 удаагийн багцын арилжаа зохион байгуулагджээ. Тодруулбал:
- Мандал Ирээдүйн Өсөлт-ийн(INV) 75.3 мянган ширхэг үнэт цаас нэгжийн 9,200 төгрөгөөр буюу нийт 693.1 сая гаруй төгрөгөөр арилжаалагдсан байна.
МОНГОЛ УЛСЫН ЭКСПОРТ БУУРЧ, ГАДААД ХУДАЛДААНЫ ОРЛОГО СААРЧЭЭ
2025 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын экспорт 1.3 тэрбум ам.доллароор буурсан нь эдийн засагт томоохон дарамт үүсгээд байна. Экспортын орлогын бууралтын гол шалтгаанууд нь нүүрсний экспортын хэмжээ, үнэ буурсан явдал болон угаасан ноолуур, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хүндрэлүүд байв. Тодруулбал:
- нүүрс $2.1 тэрбумаар;
- угаасан ноолуур $148 саяар;
- боловсруулаагүй газрын тос $34.1 саяар;
- хонь, ямааны мах $24.3 саяар буурсан нь голлох нөлөө үзүүлсэн байна.
Мөн5.5 тэрбум ам.долларын импорт хийсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 150.1 сая ам.доллар буюу 2.8%-иар өсжээ. Импортын 22.2%-ийг тээврийн хэрэгсэл, тэдгээрийн хэрэгсэл, 20.6%-ийг машин, механик тоног төхөөрөмж эзэлж байна. Энэ нөхцөл байдал нь зөвхөн улсын валютын урсгалд сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй, Монголын хөрөнгийн зах зээлд ч шууд болон шууд бусаар нөлөөлж байна. Экспортын орлого буурах нь төгрөгийн ханшид дарамт үүсгэж, инфляц нэмэгдэх эрсдэл бий болгодог. Үүний улмаас хөрөнгө оруулагчид илүү болгоомжтой хандаж, үнэт цаасны арилжааны идэвх суларч болзошгүй. Мөн экспортод чиглэсэн компаниудын ашигт ажиллагаа буурснаар хувьцааны ханш унах, цаашлаад хөрвөх чадвар багасах эрсдэлтэй.
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ “АЛТ-3” ТОГТООЛД ХЭСЭГЧЛЭН ХОРИГ ТАВИЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх“Алт-3”аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд хэсэгчлэн хориг тавьсан ба хориг тавих үндэслэлээ хоёр үндэслэлээр тайлбарласан байна:
- Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг нэмэгдүүлэх бодлого баримтлах ёстой: Тогтоолд алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хилийн заагийг өөрчлөхийг санал болгосон нь байгаль орчны хамгааллын бодлоготой зөрчилдөж байна гэж үзжээ.
- Монгол Улсын Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэх нь зүйтэй: Тогтоолд тусгагдсан зарим заалт нь Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй байж болзошгүй гэж үзсэн байна.
Энэхүү үйл явдал нь байгаль орчны хамгаалал, хууль эрх зүйн зарчим, төрийн бодлогын уялдаа холбоог илэрхийлж байгаа бөгөөд цаашид УИХ энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай болно.
ОУВС: ТАРИФ НЬ ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ТЭНЦВЭРИЙГ ХАНГАХ УРТ ХУГАЦААНЫ ШИЙДЭЛ БИШ
2025 оны 7 дугаар сарын 22-нд Олон Улсын Валютын Сан (ОУВС) жил бүр гаргадаг “Гадаад секторын тайлан”-гаа нийтэд танилцуулж, дэлхийн урсгал дансны тэнцвэргүй байдал эрчимтэй нэмэгдэж буйг онцоллоо. АНУ, БНХАУ болон евро бүсийн орнуудын урсгал дансны зөрүү тэлж, зөвхөн АНУ-ын алдагдал 2024 онд 228 тэрбум ам.доллароор өсөж 1.13 их наяд ам.долларт хүрсэн нь олон улсын санхүүгийн тогтвортой байдалд сорилт болж байна. ОУВС-гийн тайланд тарифын арга хэмжээг богино хугацаанд үр дүнтэй байж болох ч урсгал дансны тэнцвэргүй байдлыг засахын тулд илүү өргөн хүрээний дотоодын бүтцийн шинэчлэл болон макро эдийн засгийн зохистой бодлого шаардлагатайг онцолжээ. Тодруулбал:
- АНУ төсвийн алдагдлаа бууруулж, дотоодын хуримтлалыг нэмэгдүүлэх,
- БНХАУ дотоодын хэрэглээний эрэлтийг дэмжих,
- Европын холбоо дотоодын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх зэрэг бодлогын чиглэлүүдийг баримтлах шаардлагатай хэмээн зөвлөсөн байна.
Тайланд мөн эдгээр тэнцвэргүй байдал цааш үргэлжилбэл олон улсын худалдааны орчинд тодорхойгүй байдал үүсгэж, дэлхийн эдийн засгийн тогтвортой байдалд ноцтой эрсдэл дагуулахыг анхааруулжээ. Монгол Улсын хувьд дэлхийн төлбөрийн тэнцлийн өөрчлөлт нь хөрөнгө оруулалтын урсгал, зээлийн өртөг, экспортын түнш орнуудын худалдан авах чадвар зэрэг сувгаар дамжин шууд болон шууд бусаар эдийн засагт дарамт үүсгэх эрсдэлтэйг тэмдэглэж байна.
АНУ БОЛОН ГОЛ ХУДАЛДААНЫ ТҮНШҮҮДИЙН ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭ ЭРЧИМЖИЖ ЭХЭЛЛЭЭ
2025 оны 7 дугаар сарын 24–27-ны өдрүүдэд АНУ нь Европын Холбоо болон БНХАУ-тай тус бүр өндөр түвшний худалдааны хэлэлцээ өрнүүлж, тарифын маргаанаас үүдэх эрсдэлийг бууруулах, худалдааны тогтворгүй байдлыг намжаах чиглэлээр дипломат хүчин чармайлтаа эрчимжүүллээ. Шотланд дахь уулзалтаар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен нар тарифыг 15%-д хязгаарлах боломжийг хэлэлцсэн бөгөөд хэлэлцээ бүтэлгүйтвэл Европын Холбоо нь 109 тэрбум ам.долларын АНУ-ын бараанд хариу тариф ногдуулахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Харин 7-р сарын 27-нд АНУ болон БНХАУ-ын худалдааны төлөөлөгчид Шведийн Стокгольм хотноо уулзаж, түр тарифын хөнгөлөлтийг сунгах, тогтвортой хэлэлцээний суурь тавих талаар ярилцсан байна. Энэ нь 8-р сарын 12-наас хэрэгжих тарифын өсөлтөөс зайлсхийх, АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп болон БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин нарын дээд түвшний уулзалтад бэлтгэх алхам юм. Монгол Улсын хувьд дээрх хэлэлцээрүүдийн өрнөл нь экспортын гол түншүүдийн зах зээлийн нөхцөл байдал, эрэлтийн төлөвт нөлөөлөх замаар түүхий эдийн үнэ, гадаад худалдааны орлого болон улсын төсвийн гүйцэтгэлд шууд болон шууд бусаар нөлөөлөх эрсдэлтэй юм.
ДЭЛХИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ:
2025 оны 7-р сарын 21–28-ны хооронд дэлхийн хөрөнгийн зах зээлүүд OPEC+ бүлгийн газрын тосны нийлүүлэлтийн өсөлт, АНУ болон ЕХ-ны тарифын шинэ мэдэгдлийн хүлээлтээс шалтгаалан хэлбэлзлээ. Голлох индексүүд өсөлттэй гарсан нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Японтой шинэ тарифын хэлэлцээр зарлаж, зарим барааны тарифыг бууруулснаар хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээв. Мөн ЕХ-той ижил хэлэлцээр хийж, 30%-ийн тарифыг 15%-д бууруулснаа зарласан нь худалдааны хурцадмал байдлыг зөөлрүүлж, зах зээлд эерэг дохио өглөө. Газрын тосны үнэ буурч, төв банкны хүүгийн төлөв, үйлдвэрлэл, ажил эрхлэлтэй холбоотой мэдээллүүд ирэх өдрүүдэд зах зээлд нөлөөлөхөөр байна.
АНУ-ын хөрөнгийн зах зээл
Оны эхний улирлын тайлангууд эерэг гарч, АНУ Японтой хийсэнтэй ижил хэлэлцээрийг өөр бусад улстай ч хийх хүлээлт үүссэн нь хөрөнгө оруулагчдад зах зээлд улам итгэл төрүүлэв. Энэ нь АНУ-ын хөрөнгийн зах зээлд эерэг дохио өгч, арилжааны идэвхийг нэмэгдүүлсэн. Мөн “төгс” долоо хоног гэж нэрлэж болохоор үйл явдал өрнөсөн бөгөөд S&P 500 индекс өдөр бүр түүхэн дээд амжилтаа шинэчилсээр, долоо хоногийн турш тасралтгүй өссөн ховор тохиолдол болов.
- S&P 500: +0.89%
- Dow Jones: +1.20%
- NASDAQ: +0.71%
Nasdaq болон Dow Jones индексүүд ч мөн адил хүчтэй өсөлттэй байж, нийт зах зээлийн уур амьсгалыг эерэг байлгасан. Энэ өсөлт нь зөвхөн богино хугацааны үзэгдэл бус, эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийн сайжралт, худалдааны маргааныг намжаах алхмуудтай нягт холбоотой юм.
Европын хөрөнгийн зах зээл
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын худалдааны тарифын тогтоол хүчин төгөлдөр болох хугацаа ойртохтой зэрэгцэн еврогийн ханш огцом чангарснаас Европын хөрөнгийн зах зээлд зарим дарамт үүссэн ч, АНУ болон Япон, Европын Холбооны хоорондын худалдааны хэлэлцээрүүд нааштай байдалд орсон.
- STOXX Europe 600: +0.50%
- DAX 40 (Герман): -0.38%
- CAC 40 (Франц): +0.11%
Европын зах зээлд тарифын эрсдэл, валютын хэлбэлзэл нөлөөлж байгаа тул ирэх долоо хоногийн хөдөлгөөн анхаарал татаж байна.
Азийн хөрөнгийн зах зээл
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Япон болон Филиппин улсуудтай худалдааны хэлэлцээр хийж, Японд ноогдуулах худалдааны тарифыг 25%-с 15%, Филиппинд ноогдуулах худалдааны тарифыг 20%-с 19% болгосон юм. Энэ нь Японы автомашин үйлдвэрлэгч нарт таатай мэдээ болсон ба Азийн голлох индексүүд өссөн байна.
- Nikkei 225: +3.99%
- KOSPI: -0.15%
- CSI 300: +1.41%
