12 сар 5, 2025

MICC: 7 хоногийн тойм

2025.07.06. Монгол Улс. Улаанбаатар хот. MICC компани харилцагчиддаа 7 хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээ ирүүлдэг. 2025.06.30-ны өдрөөс 2025.07.06.-ны өдрийн тойм:

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ​

Монголын хөрөнгийн бирж дээр долоо хоногийн хугацаанд нийт 5.92 тэрбум төгрөгийн үнийн бүн бүхий 5.65 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үүнээс Ард санхүүгийн нэгдэл ХК, Хаан банк ХК, Эм Жи Эл Акуа ХК, Хас Банк болон Голомт Банк ХК арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн байна. Мөн тус хугацаанд нийт 2 удаагийн багцын арилжаа зохион байгуулагджээ. Тодруулбал: ​

  • Ард санхүүгийн нэгдэл ХК-ийн (AARD) 332.4 мянган ширхэг үнэт цаас нэгжийн 3008 төгрөгөөр буюу нийт 999.9 сая төгрөгөөр,  
  • Эм Жи Эл Акуа ХК-ийн (MGLA) 1.66 сая ширхэг үнэт цаас нэгжийн 210 төгрөгөөр буюу нийт 349.9 сая гаруй төгрөгөөр арилжаалагдсан байна.

МОНГОЛБАНК ЭХНИЙ ХАГАС ЖИЛД 5.9 ТОНН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЛАА

Алт бол Монголбанкны гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн чансаа хадгалах гол эх үүсвэр. 2025 оны 6 дугаар сард 1587.4 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 5.9 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 24.3%-иар буурсан үзүүлэлт байна. Үүнээс алтны олборлолт багассан, эсвэл албан ёсны зах зээлд нийлүүлэх сонирхол буурсан байж болзошгүй гэдэг дүгнэлтэд хүрээд байна. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 287.0 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 768.0 кг үнэт металл худалдан авсан байна. Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2025 оны 6 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 385,320.36 төгрөг байв. Алтны худалдан авалт буурах нь Монголбанк төгрөгийг дэмжих “багаж” багасаж байна гэсэн үг.

МОНГОЛ УЛСИЙН ЭКСПОРТ 16.1% XУВИАР БУУРАВ

Монгол Улсын 2025 оны эхний хагас жилийн экспорт 16.1%-иар буурч, 6.58 тэрбум ам.долларт хүрсэн нь БНХАУ, Швейцарь, АНУ руу чиглэсэн гол бүтээгдэхүүний экспортын өөрчлөлттэй холбоотой байна. Тус хугацаанд ургамлын гаралтай бүтээгдэхүүн 126%, төмөрлөгийн салбар35.9%, үнэт металл болон гоёл чимэглэлийн экспорт 4.5%-иар өссөн хэдий ч нийт 14 бүтээгдэхүүний экспорт буурсан нь нийт экспортын бууралтад нөлөөлжээ. Мөн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага ЭЗХАХБ-гаас Монгол Улсын зээлийн эрсдэлийн үнэлгээг 7/7-өөс 6/7 болгож бууруулснаар зээлийн шимтгэл 3-6%-иар хямдарч, төсвийн болон хувийн хэвшлийн зардал багасаж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах нөхцөл бүрдэж байна. Энэ нь Монголын эдийн засгийн тогтвортой байдал болон ирэх хугацаанд хөрөнгө оруулалтын идэвхжилд эерэг нөлөө үзүүлэх төлөвтэй байна.

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДОНАЛД ТРАМПЫН “ONE BIG BEAUTIFUL BILL”

Америк улсын тусгаар тогтнолын өдөр болох 7 сарын 4-нд Трамп “ONE BIG BEAUTIFUL BILL” төсвөө Конгрессоор батлуулж маш том шуугианыг тариад байгаа билээ. Энэхүү хууль нь АНУ-ын 36.1 их наяд долларын өрийн дээд хязгаарыг 5 их наяд ам.доллараар нэмэгдүүлж, дефолтын эрсдэлийг намжаах ч, ирэх 10 жилд улсын өрийг 3.4 их наядаар нэмэгдүүлнэ. Төсөвт заасан зарим татварын хөнгөлөлт нь богино хугацаанд эдийн засгийн өсөлтийг дэмжих боловч, өрийн дарамт, инфляцын эрсдэл өсөж байна. BlackRock зэрэг томоохон хөрөнгө оруулалтын сангууд АНУ-ын өрийн зах зээлд итгэл буурч байгааг анхааруулаад байгаа билээ. Монголын зах зээлд үзүүлэх нөлөө нь төсөвт заасан бондын өгөөжийн огцом өсөлт нь Монгол шиг хөгжиж буй орнуудын хөрөнгө татах өртгийг нэмэгдүүлж болзошгүй. Дүгнэхэд, хэт хөөрсөн богино хугацааны өсөлтийн ард урт хугацааны инфляц, зээлийн дарамт зэрэг суурь эрсдэлүүдийг нууж буйг анхаарах хэрэгтэй.

ПОЛЬШ УЛС АНХ УДАА НҮҮРСНЭЭС ИЛҮҮ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭВ

2025 оны зургаадугаар сард Польш улс эрчим хүчнийхээ 44.1%-ийг сэргээгдэх эх үүсвэрээс43.7%-ийг нүүрснээс хангаж, анх удаа нүүрснээс илүү сэргээгдэх эрчим хүч ашигласан нь тус улсын эрчим хүчний түүхэнд шинэ үеийг эхлүүллээ. Мөн 2025 оны хоёрдугаар улиралд нүүрсний эрчим хүчний эзлэх хувь 46.2 хувь болж, анх удаа улирлын дүнгээр 50 хувиас доош буурсан нь өмнөх оны 56.4 хувиас мэдэгдэхүйц багасжээ. Ерөнхий сайд Доналд Туск-ийн тэргүүлсэн шинэ засгийн газар сэргээгдэх эрчим хүчийг эрчимтэй дэмжиж, оффшор салхин цахилгаан станц, АНУ ын “Westinghouse” болон “Bechtel” компаниудын барих Польшийн анхны цөмийн цахилгаан станц зэрэг томоохон төслүүдэд анхаарлаа хандуулж байна. Өнгөрсөн долоо хоногт Польш 5,000 км урт өндөр хүчдэлийн шугам байгуулах 10.8 тэрбум злотын (ойролцоогоор 3 тэрбум ам.доллар) төсөл баталж, Европын Холбооны сэргэлтийн сангаас санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн 2025 онд тус улсын нарны эрчим хүчний хүчин чадал 23 гигаваттад хүрч, 2030 он хүртэлх зорилтоо гурав дахин давуулан биелүүлсэн байна. Гэсэн ч сэргээгдэх эрчим хүч хуучирсан сүлжээ, хуримтлалын дэд бүтцийн сул тал, дотоодын улс төрийн эсэргүүцэл, зохицуулалтын тодорхойгүй байдлаас шалтгаалан үр ашиггүй зарцуулагдах сорилт хэвээр байна.

Дэлхийн Хөрөнгийн Зах Зээлийн Тойм:

2025 оны долдугаар сарын эхний долоо хоногт зах зээлүүд OPEC+ газрын тосны нийлүүлэлтийн өсөлт, АНУ-ын тарифын хүлээлт зэргээс болж хэлбэлзсэн ч, S&P 500, Nasdaq-ийн түүхэн дээд хаалт нь хөрөнгө оруулагчдын итгэлийг дэмжиж чадсан байна. Ирэх долоо хоногт тарифын шинэ мэдэгдэл, төв банкны хүүгийн ирээдүйн хандлага, мөн үйлдвэрийн болон ажил эрхлэлтээс гарах мэдээллүүд нь зах зээлийг нөлөөлөх гол хүчин зүйлс хэвээр байна.

АНУ-ын хөрөнгийн  зах зээл

АНУ-ын хөрөнгийн зах зээл богиносгосон арилжааны долоо хоногт хүчтэй өсөлт үзүүлжээ. Xөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд, технологийн салбарын эрчимжсэн уур амьсгал, мөн дэлхийн худалдааны уур амьсгал зөөлрөх хандлагаар xувицаанүүд өсжээ. S&P 500 индекс 2.1%-ар нэмэгдэж 6,280 нэгжид хүрч долоо хоногийн турш шинэ дээд амжилтууд тогтоов. Nasdaq 1.9%-ар өсөж 20,600 нэгжид хаагдсан нь Nvidia, Apple гэx мэт. технологийн компаниудын хувьцааны өсөлтөөр дэмжигджээ. Dow Jones 3%-ир өсөж 44,800 нэгжид хүрсэн нь гол индексүүдийн хамгийн өндөр өсөлт байлаа.  

  • S&P 500: +2.1%
  • Dow Jones: +1.9%
  • Nasdaq: +3.0%

Ерөнхийлөгч Доналд Трамп-ын тавьсан 90 хоногийн тарифын завсарлага дуусаж байгаа нь хөрөнгийн зах зээлд тодорхой бус байдал үүсгэx боломж өндөр байна.  Хэрэв тарифууд хэрэгжвэл технологи, xooл, хэрэглээний бараа, үйлдвэрлэлийн салбаруудад сөргөөр нөлөөлж, зах зээлийн хэлбэлзлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Дараагийн хэдэн долоо хоногт хувьцааны өсөлт, бууралт нь БНХАУ болон дэлхийн олон оронд ногдуулах тарифын хэмжээнээс шууд хамаарах төлөвтэй байна.

Европын хөрөнгийн зах зээл

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын худалдааны тарифын тогтоолын хүчин төгөлдөр болох хугацаа ойртож, түүнтэй зэрэгцэн еврогийн ханш огцом чангарсан нь Европын хөрөнгийн зах зээлд дарамт үзүүлэв. Үүний үр дүнд гол индексүүд долоо хоногийн турш бага зэрэг суларсан үзүүлэлттэй хаагдлаа.

Гол индексүүдийн өсөлт (2025.06.30–07.04):

  • STOXX Europe 600: -0.04%
  • DAX 40 (Герман): -0.5%
  • CAC 40 (Франц): +0.4%

Ази – Япон, Өмнөд Солонгос ба БНХАУ

Азийн хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт сул, тодорхой бус байлаа. Үүнд АНУ-ын тарифын завсарлагааны хугацаа ойртсон нь голлон нөлөөлжээ. Японы Nikkei 225 индекс 1.7%-иар буурч, иений ханш чангарснаар хөрөнгө оруулагчид болгоомжтой хандсан байна. Дотоодын үйлдвэрлэл, жижиглэн худалдааны үзүүлэлтүүд суларсан бөгөөд машин, электрон тоног төхөөрөмжийн захиалга тогтвортой боловч нийт эрэлт сул хэвээр байв.

  • Nikkei 225: -1.7%
  • KOSPI: -0.8%
  • CSI 300: +0.6%

Өмнөд Солонгосын KOSPI индекс 0.8%-иар буурч 3050-д хүрсэн. Samsung Electronics болон SK Hynix зэрэг чип үйлдвэрлэгчид дэлхийн хагас дамжуулагчийн эрэлт хүлээлтээс доогуур гарч, нөөцийн түвшин өссөнтэй холбоотойгоор борлуулалт багасжээ.Мөн БНСУ-ын Төв банкнаас хүүг бууруулах шийдвэрийг хойшлуулах магадлалтай гэсэн дохио өгсөн нь инфляц өндөр хэвээр байгааг харуулж байна.  

БНХАУ-д CSI 300 индекс 0.6%-иар өсөж 3,980 нэгжид хүрсэн нь эдийн засгийг дэмжих хүлээлттэй холбоотой байлаа. Үйлдвэрлэлийн PMI 49.7 болж бага зэрэг өссөн ч агшилт үргэлжилж, үл хөдлөх хөрөнгийн борлуулалт болон хэрэглэгчийн итгэл сул хэвээр байна. Ерөнхийдөө Азийн зах зээлүүд тариф болон дотоод мэдээнээс шалтгаалж удаан өсөлттэй байна.

Элсэн дугуй ХХК, dailypost.mn | Newsphere by AF themes.
Translate