7 сар 14, 2025

Б.Жавхлан: Төсвийн эмхэтгэл

Сангийн сайд Болдын Жавхлан үргэлжлүүлэн ажиллахаар үүрэгт ажилдаа орлоо

2025.06.18. Монгол Улс. Улаанбаатар хотСангийн яам. Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 10 дугаар захирамжаар Болдын Жавхланг үүрэгт ажлаа үргэлжлүүлж ажиллахаар болж, Сангийн сайдаар томилогдлоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Сангийн сайдаар дахин томилогдож буй Болдын Жавхланд ажлыг нь хүлээлгэн өгч амжилт хүсэв. Сангийн сайд Болдын Жавхлан, “Миний бие гурав дахь удаагаа Сангийн сайдаар ажиллахаар томилогдлоо. Эдийн засгийн сорилттой энэ цаг үед итгэл, үүрэг, хариуцлагыг хүлээж, Сангийн яамны хамт олонтойгоо үргэлжлүүлэн хамтран ажиллах болсондоо талархаж байна. Шинээр томилогдсон Eрөнхий сайд ийнхүү итгэл хүлээлгэж буй нь эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд бид төсөв, санхүүгийн хариуцлагатай бодлогыг хэрэгжүүлэхэд манлайлал үзүүлж, ажиллаж чадсан бөгөөд цаашид энэ манлайллаа үргэлжлүүлэх үүрэг хүлээж байна. Төрийн залгамж чанар хадгалагдах ёстой. Түүнчлэн шинэ Засгийн газрын бодлого, зарчим, үйл ажиллагаа илүү эрч хүчтэй, хурдтай, үр дүнтэй байх ёстой юм” гэжээ.

Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томиллоо

2025. 06.18. Монгол Улс. Улаанбаатар хот. Засгийн газар. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу Монгол Улсын 34 дэх Eрөнхий сайд Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны дараа Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилохдоо Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилт, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, зохион байгуулах чадавх, танхимын зарчмаар ажиллах чадвар, хариуцсан салбар, ажил үүргийг гүйцэтгэх чиглэлээр хуримтлуулсан туршлага, мэргэжил, ёс зүйн болон хариуцлагатай байдал зэргийг харгалзан үзжээ. Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрх, Засгийн газрын дотоод зохион байгуулалтын хүрээнд Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, 20 минутын хот Үндэсний хорооны даргын эрхлэх асуудлыг давхар хариуцуулан гүйцэтгүүлэх бүрэн боломжтой гэж үзсэн байна гэжээ.

Б.Жавхлан Сангийн сайдаар улиран сонгогдов

2025.06.17. Монгол Улс. Улаанбаатар хот. УИХ. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдэд нэр дэвшигчдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд танилцуулав. Сангийн сайдад Б.Жавхланг улираахаар нэрийг нь Eрөнхийлөгчид өргөн мэдүүлэв. Болдын Жавхлан УИХ-ын гурван ч удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан туршлагатай улстөрчдийн тоонд багтдаг тул намынхан нь итгэл хүлээлгэж Сангийн сайдын албан тушаалд улираахаар шийджээ. Тэрбээр улстөрийн хүрээнийхэнд нэр цэвэр, биe цэвэр, гар цэвэр, сэтгэл цэвэр нэгэн гэдгээрээ танил. Харин эдийн засгийн хүрээнийхэн түүнийг мэргэжлийн банкир гэдгээр нь андахгүй. Арга ч үгүй юм. Монголбанкны тэргүүн дэд eрөнхийлөгчөөс Сангийн сайд хүртэл дэвшиж ажиллахад нь түүний мэргэжлийн банкирийнх нь туршлага илүүтэй нөлөөлсөн биз ээ. Тэгвэл Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы 2025.06.17-ны өдрийн хуралдаан 17 цаг 07 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, энэ талаар чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Eрөнхий сайд танилцуулав. Тухайлбал, Сангийн сайдад Болдын Жавхланг нэр дэвшүүлэн, томилохоо Монгол Улсын Ерөнхий сайд танилцуулав. Засгийн газрын гишүүнд нэр дэвшүүлэхдээ Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилт, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, зохион байгуулах чадавх, танхимын зарчмаар ажиллах чадвар, хариуцсан салбар, ажил үүргийг гүйцэтгэх чиглэлээр хуримтлуулсан туршлага, мэргэжил, ёс зүйн болон хариуцлагатай байдал зэргийг харгалзан үзсэн гэдгээ Ерөнхий сайд цохон тэмдэглэлээ. Eрөнхий сайд Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг ийнхүү Улсын Их Хуралд танилцуулсны дараа Ерөнхийлөгчид танилцуулаад, Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томилсон байна. Засгийн газрын гишүүдээ томилсон талаараа Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулаад “Манай Засгийн газар нийт 19 гишүүний бүрэлдэхүүнтэй. Үүний МАН-аас 16 сайд, ХҮН-аас 2 сайд, ИЗНН-аас 1 сайд томилогдсон байна. Засгийн газрын гишүүдийн 50 хувь нь өмнөх Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан, туршлагатай сайд нар бол үлдсэн 50 хувь нь анх удаа томилогдож байна. Засгийн газрын нийт гишүүдээ Улсын Их Хуралд өргөсөн тангарагтаа үнэнч байж, хууль дээдлэн, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, хариуцсан ажил, албан үүрэгтээ эзэн болж, мэдлэг, ур чадвараа бүрэн дайчилан, танхимын зарчмыг чанд сахиж ажиллана гэдэгт итгэлтэй байна гэжээ. Дараа нь Засгийн газрын хамгийн ахмад гишүүн буюу Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тангаргийг уншиж, Засгийн газрын нийт гишүүд тангараг өргөв. Дараа нь шинээр томилогдсон Засгийн газрын гишүүн тус бүр Монгол Улсын төрийн сүлдэнд мэхийн ёсолж, Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэн, тангаргийн бичигт гарын үсэг зурлаа. Ийнхүү Засгийн газрын гишүүд тангараг өргөснөөр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдын тэргүүлэн ажиллах Засгийн газар байгуулагдав гэжээ.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакертэй санал солилцлоо

2017.06.07. Монгол Улс. Улаанбаатар хот. УИХ-ын гишүүн Б.Жавхлан өнөөдөр (2017.06.07) ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакертэй уулзаж, банкны салбарын хууль эрх зүйн орчны өөрчлөлтийн талаар санал солилцов. Санал солилцох уулзалтад ОУВС-гийн Хуулийн хэлтсийн ахлах зөвлөх Жефферсон Алварез, зөвлөх Ханс Вининк нар байлцлаа. Уулзалтын эхэнд ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер УИХ-ын гишүүн Б.Жавхлангаас өмнө нь банкны салбарт ажиллаж байсан туршлагатай хүний хувьд банкны салбарын хууль эрх зүйн шинэчлэл, өөрчлөлтийн талаар саналаа хэлж, харилцан санал солилцохыг хүслээ. Манай улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдан, банкны салбартаа хууль эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсны дагуу  Төв банк (Монголбанк)-ны тухай хууль болон банкны тухай бусад хуулиудад оруулах өөрчлөлтийн талаар талууд санал солилцсон. Ялангуяа Төв банкны засаглалын асуудал, шийдвэр гаргах бүтцийн хувьд ямар байх талаар хөндөн ярилцаж, цаашид Төв банк зөвлөлийн хэлбэрээр эцсийн шийдвэр гаргадаг байх тал дээр хуулийн өөрчлөлт хийхэд санал нийлсэн юм. Мөн Төв банк, арилжааны банкны хоорондын харилцааны асуудал, Төв банкнаас арилжааны банкинд тавих хяналт, захиргааны болон бодлогын арга хэмжээ ямар байх талаар санал солилцсоноор одоогийн нөхцөл байдлыг үнэлэн илүү хүчтэй хяналт тавихаар эрх зүйн өөрчлөлт хийх саналыг УИХ-ын гишүүн Б.Жавхлан хэллээ.

Б.Энхмандах: Монгол Улсдаа анхны эмэгтэйчүүдийн ордон гэж нэг хэсэгтээ л үзмэр болсон

2017.12.18. Монгол Улс. Улаанбаатар хот. Эмэгтэйчүүдийн маань нэрийн хуудас болсон Дархан хотын эмэгтэйчүүдийн ордны барилгыг 1991 oнд Монголын Архитекторуудын Эвлэлээс  орон нутгийн шилдэг барилгааар шалгаруулж,  МАЭ-ийн хүрэл тэмдэг, батламжийг архитекторч Д.Майдарт олгосон байдаг. Энэхүү шагналын дурсгалын самбарыг 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр аймгийн Эмэгтэйчүүдийн ордны хананд байршууллаа.Тус үйл ажиллагааны үеэр Эмэгтэйчүүдийн ордныг санаачилан бариулсан, 1976-1990 оны хугацаанд хотын эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан M.Энхмандах эгчийн ярилцлага байх бөгөөд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Болдын Жавхлан ахын маань ээж тул энэ хэсэгт зохимжтой хэмээн оруулав.

– Танд энэ өдрийн мэндийг хүргэе?
-Баярлалаа. Эрхэм хүндэт ээжүүд, эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүддээ болон Дарханчууддаа Эмэгтэйчүүдйн ордон баригдсаны 30 жилийн  ойн мэндийг дэвшүүлье.
– 30 жилийн өмнө үүдээ нээсэн энэхүү ордныг бариулах санаачилга хэрхэн төрж байв?
– Манай эмэгтэйчүүдийн зөвлөл нь улсдаа үлгэр жишээ “Соёлжих танхим”-тай байсан. Монгол банкны хоёр давхарт байрладаг байв. Консулын эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран “үйлчин- работница” клуб байгуулан эмэгтэйчүүдийг амьдрах ухаанд хөтөлж, тэдний сурч боловсрох хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлэх өрхийн орлого нэмэгдүүлэх боломжийг нээж, нийгмийн хөгжил дэвшилд хөтөлж чиглүүлж байсан. Ялангуяа ахуйн соёлд сургаж, эрүүл зөв амьдралын дадал хэвшилд суралцуулж байсан нь олон түмний таалалд их нийцдэг байсан юм. Бидний үйл ажиллагааг Монголын Эмэгтэйчүүдийн хороо, орон нутгийн удирдлагууд, ахмадууд, залуучууд, хүүхдийн байгууллагынхан их дэмждэг байсан. Мнай хот их онцлогтой. Зөвлөлт холбоот улс, Польш, Унгар, Чех, Болгар, Монгол зургаан орны техник туслалтцаатай үйлдвэр хөгжсөн интернационалч найрамдлаар овоглосон хот байлаа. 18 аймгаас ирсэн илгээлтийн эзэд, инженер техникийн ажилчид гээд их гэгээлэг, бүтээлч улс цугларсан ирээдүйд улсын 2 дахь хот болно гэж яригдаж байсан цаг. Манай эмэгтэйчүүдийн зөвлөл тухайн үеийн нийгмийн бйадал, анхан шатын зөвлөлүүдээс гаргасан санал санаачилгыг дэмжиж соёлжих танимаа өргөжүүлж ордонтой болох санаа төрсөн юм. Энэ санаагаа хотын намын хорооны Б.Донид даргад танилцуулахад бүх талаар дэмжиж ажиллахаа мэдэгдсэн. 1987 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн *Хөдөлмөрийн хамт олны бүтээлч санаачлагыг дэмжих тухай* Дархан хотын намын хорооны тогтоол гаргасан. Ингээд л тогтоолын дагуу Эмэгтэйчүүдийн ордон барих бүтээн байгуулалтын их ажил өрнөсөн.  Энэ бүх уламжлал эдүгээ ч үргэлжилж аймгийн эмэгтэйчүүдийн ордны үүд хаалга байнга нээлттэй байж, эмэгтэйчүүдэд чиглэсэн олон талт ажил өрнөж байгаад талархалтай байна.
– Хандив тусламжид хотын бүхий л албан байгууллагууд хамрагдаж байсан уу?
Тэгэлгүй яахав. Дарханчууд маань их сайхан хүлээж авсан. Үйлдвэр аж ахуйн газрын дэргэдэх анхан шатны эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга нар сайн зохион байгуулсан. Зарим албан газрын ажилчид нэгээс гурван өдрийн цалингаа хандивласан. Бага шиг газрынхан боломжоороо цуглуулсан бэлэн мөнгө, барилгын материал шаардлагатай биет зүйлээр тусалж байлаа. Энэ барилга нь төсөв төлөвлөгөөнд ороогүй аж ахуйн аргаар баригдсан тул хөрөнгө, мөнгө барьж байгуулахад гүйцэтгэх байгууллагын хувьд төдийлөн бэлэн бус байлаа. Гэвч “Олны хүч оломгүй далай” гэхчээр сайн санаат хүмүүс, сайхан нягтарсан хамт олны өглөг сэтгэлийн ачаар саад бэрхшээлгүй ашиглалтад орсон. Энэ нь тэр үеийн Дархан хотын албан байгууллагын дарга нар эмэгтэйчүүд эхчүүдээ их хүндэтгэж, сэтгэл санааны дэм өгч байсны илрэл юм. Зөвлөлтийн мэргэжилтнүүд их тусалсан. Ялангуяа барилгын нарийн мэргэжлийн мэргэжилтнүүд гар бие оролцож зааж зөвлөж байсан. Бүхий л хүний халуун сэтгэлийн дэм, бүтээлч хөдөлмөрөөр ийм сайхан ордонтой болсон доо. Өнөөдөр 30 нас хүрч байгаа энэ сайхан өдөр зон олны бүтээлч хөдөлмөрийг тэмдэглэж хэлэхэд таатай байна.
– Ордны барилга угсралтын ажлыг хаанахын барилгачид хийж гүйцэтгэсэн бэ?
– Барилгын техникумийн оюутан сурагчид, инженер багш нарын удирдлагаар гүйцэтгүүлэх  үүргийг Дархан хотын намын  хорооноос өгсөн. Гүйцэтгэгчээр нь Барилга үйлдвэрийн нэгдлийн хөдөлмөрийн баатар Г.Тэгшжав, гавъяат барилгачин, бригадын дарга Д.Ичинхорлоо, гавъяат барилгачин, бригадын дарга Ч.Тэрбиш зэрэг засал чимэглэлийн бригадынхан, өрлөгчин, бетон зуурмагчин зэрэг мэргэжлийн ажилчид барилгын техникумийн багш Ц.Ганхүрэл, Ё.Цэрэндолгор нараар удирдуулсан оюутнууд барьсан.
– Ямар хугацаанд барьж ашиглалтад өгсөн бэ?
1987 оны зургадугаар сарын 23-нд Москва хотноо дэлхийн эмэгтэйчүүдийн их хурал нээгдсэн өдөр ордныхоо шавыг тавьж, мөн оны 12 дугаар сарын 17-нд  ашиглалтад оруулж байсан. Ердөө зургаахан сарын дотор баригдсан барилга. Монгол улсдаа анхны Эмэгтэйчүүдийн ордон гэж нэг хэсэгтээ үзмэр болсон. Одоо ч анхных хэвээрээ байна. 21 аймаг, хол  ойроос ирсэн зочид гийчид эмэгтэйчүүдийн ордны үйл ажиллагаатай танилцаж туршлага судалдаг байлаа. Сүүлийн жишээ дурдахад нийслэлийн 9 дүүрэг 21 аймгийн 300 гаруй төлөөлөгчид манай 55 жилийн ойн үйл ажиллагаанд оролцож ордонтой танилцсан.
– Ордныг бариулж байх үед хэцүү зүйл тулгарч байв уу?
– Ордныг бариулж байхад хэцүү асуудал тулгарч байгаагүй ээ. Энэ нь тухайн үеийн удирдлага, үүрэг амлалт авсан хүмүүсийн ухамсар, бүтээлч үйл ажиллагаатай хамаатай. Товчдоон бол баярлуулж байснаас гомдоож сандруулж байсангүй. Харин санал санаачилга их ирдэг байсан. Ер нь бүхий л асуудлыг бид хамтын оюун санаа, хүчин зүтгэлээрээ даван туулж байв.

– Ордны  барилгыг  Монголын Архитекторуудын Эвлэлээс 1991 оны орон нутгийн шилдэг барилгаар тодруулсныг тэмдэглэн  Эмэгтэйчүүдийн ордонд дурсгалын самбар байрлуулж байна.  Таны сэтгэгдэл ямар байна вэ?
– Би 30 жилийн дараа уригдаад бариулж бүтээсэн ордноо хараад бахархах сэтгэл төрж зогсоно гэж бодоогүй. Сэтгэл их догдолж байна. Хүмүүсийн гараар бүтээгдсэн том объектыг эргэн харах, хажуугаар нь өнгөрөхөд бахархан дурсах олон дурсамжууд эргэж сэргэдэг. Их сайхан байна. Энэ завшааныг ашиглаад тэр үед ордны барилгыг барилцсан хамт олондоо болон манай ордны барилгыг үнэлж, шилдэг барилгаар тодруулсан Монголын Архитекторуудын Эвлэлд, баярлаж талархсанаа илэрхийлье.    
Дархан хотынхоо нийт иргэдэд хамгийн сайн сайхныг хүсч нийт эмэгтэйчүүд бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд өөрсдийгөө хөгжүүлж, өрөөлийг сургах, суралцах боломжтой ордондоо цугларч ухаанаа уралдуулж, урлан бүтээх үйлээ усны ундарга лугаа адил улам бадруулж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье гэжээ.

Б.Жавхлан: Дарханчууд маань сэтгэлээрээ цацал өргөж, амжилт ялалтыг ерөөсөөр угтлаа

2020.06.10. Монгол Улс. Дархан-Уул аймаг. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 5 дугаар тойрог буюу Төвийн бүсийн Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийн сурталчилгаа Дархан-Уул аймагт албан ёсоор нээлтээ хийлээ. Дарханчууд Б.Жавхланд хоёр ч удаа итгэл хүлээлгэж УИХ-ын гишүүнээр сонгосон юм. Тиймээс УИХ-ын сонгуулийн 5-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Болдын Жавхлан: Үргэлж халуун дотноор ханддаг Дарханчууд маань сэтгэлээрээ цацал өргөж, амжилт ялалтыг ерөөсөөр угтлаа. Өдийг хүртэл хамтдаа ялж, хамтдаа бүтээн байгуулж, хамтдаа хөгжиж ирсэн та бүхнээсээ маш их урам зориг авлаа. Ард түмнийхээ, Дарханчуудынхаа ялалтыг ахин түүчээлэх даалгаврыг бид биелүүлэхээр хичээн зүтгэх болно гэсэн юм. Ингээд тэрбээр Дархан-Уул аймгийн сонгогчидтой уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Тэрбээр улсын хэмжээнд газар тариалан, хүнсний салбарын гол нийлүүлэгч бүс нутаг болох Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг бүсчилсэн байдлаар хөгжих цогц бодлогыг иргэд, сонгогчиддоо танилцууллаа. Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөр өнгөрсөн найман жилд хийж хэрэгжүүлсэн ажлын залгамж халаан дээр тулгуурлан шинэ сэргэлтийн бодлогын реформ хийхээр тусгасан. Төвийн бүсэд газар тариалан, хилийн боомт, хүнд хөнгөн үйлдвэрийн салбаруудад реформ хийж эдийн засгийн өсөлтийг хангах боломж байгааг нэр дэвшигч онцоллоо. УИХ-ын ээлжит сонгуулийн 5-р тойрогт нэр дэвшигч Болдын Жавхлан Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн нийт сонгогчиддоо эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэж, шинэ сэргэлтийн бодлогоор бүсчилсэн хөгжлийн реформ хийх төвлөрсөн хүчийг төвийн бүстээ дэмжихийг уриалжээ. 

УИХ-ын сонгуулийн 5-р тойрогт нэр дэвшигчид Төв аймагт сурталчилгаагаа үргэлжлүүлж байна

2020.06.11. Монгол Улс. Төв аймаг. УИХ-ын сонгуулийн 5-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Болдын Жавхлан Төв  аймгийн Батсүмбэр, Баянчандмань, Жаргалант сумын иргэд, сонгогчидтой уулзаж, МАН-ын мөрийн хөтөлбөрийг танилцуулав. Газар тариалангийн арвин их туршлагатай, бүтээлч түүхтэй Жаргалантчууд зөвхөн нутагтаа төдийгүй Монгол орны бүс нутаг бүрд очиж, хүнсний ногоо тариалан, хөдөлмөрлөж байгаа гайхалтай ажилсаг хүмүүс юм хэмээн тэрбээр тодотгов. Бидний өмнө ямар их алдагдсан боломж байгааг, цаашид хөгжлийн ямар том боломж байгааг ард түмэнтэйгээ хамтдаа харж, хяналтаа тогтоож, шударга бустай хамтдаа тэмцэж ялсан он жилүүд байлаа. Энэ ялалтаа бид баталгаажуулж шинэ сэргэлтийн бодлогоо үргэлжлүүлэх учиртай гэдэгт сонгогчид санал нэгдэж байна гэжээ. УИХ-ын сонгуулийн 5-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Болдын Жавхлан: Төсвийн гүйцэтгэл анх удаа ашигтай гарлаа. Үндсэндээ хоёр дахь удаа. Гэхдээ 2010 оных нь гадаадын хөрөнгө оруулалт цутгаж байсан үе юм. Харин энэ удаа төсвийн хэмнэлт, далд эдийн засгийг илрүүлэх тэмцэл, гадаад худалдааны ашиг зэрэг үйл ажиллагаагаараа энэ амжилтыг үзүүллээ. Төрийн тогтвортой байдал, бодлогын залгамж халааны шууд үр дүн гэж болно. Олон тулгуурт эдийн засаг бол монголчуудын замнах ёстой зүг. Мал аж ахуй, газар тариалангаа бид хөгжүүлж ирсэн арвин туршлагатай. Мөн аялал жуулчлал, түүнийг дагалдах бизнес хөгжих бодит боломж бий болсон. Хүнд үйлдвэрлэл бол бидний ирээдүй хэмээн тодотгов. УИХ-ын сонгуулийн 5-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Болдын Жавхланд Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань сумын сонгогчид амжилт хүсч, суманд хийх ёстой ажлууд, хуулинд тусгах ёстой саналуудаа хэлж, багаараа хамтдаа ялахыг хүслээ.

Б.Жавхлан: Ирэх оны төсвийн алдагдлын дүнг нэмэгдүүлэхгүй

2020.09.29. Монгол Улс. Улаанбаатар хот. УИХ-ын Төсвийн байнгын хорооноос “Монгол Улсын Үндсэн хуульд төсвийн чиглэлээр оруулсан өөрчлөлт ба төсвийн төлөвлөлтийн цаашдын хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан хэлсэн үгэндээ, энэхүү хэлэлцүүлгийг Монгол Улсын 2021 оны төсвийн төслийг боловсруулан, УИХ-д өргөн мэдүүлэхээс өмнө хийж байгаагаараа онцлог гэж тэмдэглээд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогыг тодорхойлох УИХ-ын онцгой бүрэн эрхийг тодотгон, Монгол Улсын нийгэм, эдийн засгийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, бодлогын уялдаа холбоо, залгамж чанар, нэгдмэл байдлыг хангахад сайтар боловсруулж, төлөвлөсөн хөгжлийн бодлого чухал ач холбогдолтой болохыг баталгаажуулж өгсөн. Мөн УИХ улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болох ч Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлага болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх зохицуулалтыг тусгасан. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан эдгээр нэмэлт, өөрчлөлтүүд нь нийгэм, эдийн засгийг урт хугацаанд хөгжүүлэх төрийн бодлого уламжлагдан хэрэгжиж, бодлогын нэгдмэл байдал хангагдах, улсын төсвийг боловсруулж батлахдаа Засгийн газар, УИХ хариуцлагатай хандаж, урьдчилан төлөвлөөгүй, зураг төсөвгүй, газрын зөвшөөрөлгүй хөрөнгө оруулалтын саналыг хөндлөнгөөс оруулж төсвийн зарлагыг нэмэгдүүлдэг явдлыг зогсоон,  УИХ-аас төсвийн хэрэгжилт, гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулсан гэдгийг тодотгон тэмдэглэв. Төсөв санхүүгийн чиглэлээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг хэрэгжүүлэх, төсвийн органик хуулиудыг өөрчлөн сайжруулах, төсвийн төлөвлөлтөд тулгамдаж буй асуудлуудаа шүүн хэлэлцэх зорилготой тус хэлэлцүүлэгт төсөв санхүүгийн чиглэлийн холбогдох байгууллагын удирдлагууд, төсөв санхүүгийн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн судлаачид хэлэлцүүлгийн сэдвийн дагуу илтгэл хэлэлцүүллээ. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Д.Даваасамбуу “Төсвийн тогтвортой байдлыг урт, дунд, богино хугацаанд хангахад анхаарах асуудал” сэдэвт илтгэлдээ төсвийн тогтвортой байдлын эрх зүйн орчин, төсвийн тогтвортой байдлыг хангах баталгаа, өрийн үзүүлэлтүүдийн талаар хөндсөн бол Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн эрх зүйн орчин, улсыг хөгжүүлэх жилийн төлөвлөгөө, улсын хөрөнгө оруулалтын тулгамдаж байгаа асуудал” сэдвээр тавьсан илтгэлдээ хөгжлийн бодлогын баримт бичиг ба төсөв гэсэн агуулгыг хөндөж, Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг товч танилцуулав. Удирдлагын академийн багш Л.Отгонтуяа “Төсвийн орлого, зарлагын төлөвлөлтийн өнөөгийн байдал, төсвийн төлөвлөлтийн цаашдын хандлага, олон улсын туршлага” сэдэвт илтгэлээрээ төсвийн зарлагын удирдлагын шинэчлэлийн зорилт, улс орнуудын туршлага, хандлага, Монгол Улс дахь төсвийн орлого, зарлагын төлөвлөлтийн өнөөгийн байдал, Төсвийн төлөвлөлтийг сайжруулах арга замыг хөндсөн юм. Сүүлийн илтгэлийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт “Төсвийн төлөвлөлтийн эрх зүйн орчин, төсвийн төлөвлөлтийн цаашдын хандлага” сэдвээр хэлэлцүүллээ. Илтгэл бүрийн дараа илтгэлийн сэдэвтэй холбогдуулж оролцогчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэн, санал солилцсон төдийгүй бүх шатны төсөв захирагчдын асуусан асуултад Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан хариулт өгөв. Мөн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Батсуурь оролцож, байр сууриа илэрхийллээ. Хэлэлцүүлгийг хааж УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан хэлсэн үгэндээ, Засгийн газраас өргөн мэдүүлэх Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэхдээ УИХ Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлого, Төсвийн тухай хуульд нийцүүлэн Засгийн газрын өргөн мэдүүлсэн зарлагын болон алдагдлын дүнг нэмэгдүүлэхгүйгээр батлана гэж онцлов. Хэлэлцүүлгийг УИХ-ын Төсвийн байнгын хороо, Сангийн яам, Үндэсний хөгжлийн газар хамтран зохион байгууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан сангийн сайдаар томилогдов

Улсын Их Хурлын гишүүн Болдын Жавхлан Сангийн сайдын албан тушаалд томилогдож, Засгийн газрын гишүүний тангаргаа өргөж, захирамж болон тамгаа гардаж авлаа. Сангийн сайд Болдын Жавхлан нь 1975 онд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн. 45 настай. 1990 онд Сүхбаатар аймгийн 1 дүгээр сургууль, 1992 онд Дархан-Уул аймгийн 17 дугаар сургууль, 1997 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургууль, 2008 онд АНУ-ын Калифорнийн их сургуулийн Риверсайдын хэлний сургууль -2009 онд АНУ-ын Индианагийн их сургууль төгссөн. Банкны эдийн засагч мэргэжилтэй. 1997-1999 онд Монголбанкинд Хяналт шалгалтын газрын хянан шалгагч 1999-2000 онд Хаан банк дахь Монголбанкны Бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагч, 2000-2004 онд Монголбанкинд Хяналт шалгалтын газрын хянан шалгагч 2004-2007 онд Худалдаа хөгжлийн банкны Үйл ажиллагаа эрхэлсэн захирал, дэд ерөнхийлөгч, 2010-2016 онд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч, 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, 2020 оноос Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар тус тус ажилласан. Б.Жавхлан нь улсад 23 жил, үүнээс санхүү, эдийн засгийн салбарт 19 жил ажилласан туршлагатай.

Сангийн сайд Б.Жавхлан хуулийн төсөл өргөн барив

2021.03.25. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төслийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д Сангийн сайд Б.Жавхлан өргөн барилаа. Монгол Улсын Засгийн газар Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, ард иргэдээ хамгаалах, цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах, даван туулах чиглэлээр авч байгаа арга хэмжээний хүрээнд Дэлхийн банкнаас 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Ковид-19-ийн эсрэг вакцин, шаардлагатай хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж болон дагалдах хэрэгсэл худалдан авах, шинэчлэх, хувийн хамгаалах хэрэгсэл, антиген тест худалдан авах, хүчин төрөгчийн бага оврын станц байгуулах, вакцинжуулалтын чадавхыг нэмэгдүүлэхэд зориулан авч байгаа бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурж байгуулсан юм. Өмнө нь Дэлхийн банкны санхүүжилтээр цар тахалтай тэмцэхэд зориулан Хан-Уул дүүрэгт байрлах 300 ортой төрөх эмнэлэг, АШУҮИС-ийн дэргэдэх сургалтын эмнэлэг, Улсын Гуравдугаар төв эмнэлэг болон нийслэлийн 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, орон нутаг дахь нэгдсэн эмнэлгүүдэд шинээр 1,000 ор дэлгэн ажиллуулах боломж бүрдүүлэх, 1,000 орчим нэр төрлийн 11,500 гаруй тоног төхөөрөмжөөр хангах ажлыг эхлүүлсэн билээ.

Б.Жавхлан: Үнэ,чанар, хугацаанаас хамаарч гэрээ хийнэ

Вакцины татан авалттай холбоотой мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдэд өглөө. ДЭМБ-аар вакцин хүлээн зөвшөөрөгдсөн цагаас хойш Засгийн газар өнөөдрийг хүртэл 14.1 сая вакцины 11 төрлийн гэрээн дээр ажиллаж байна. Үүнээс одоогийн байдлаар 5.6 сая тун вакцины зургаан гэрээ баталгаажсан. Үүнээс 3.1 сая нь КОВАКС хөтөлбөрийн хүрээнд юм. Эдгээрээс гадна 5 гэрээний 8.5 сая тун вакцины хэлэлцээр дээр ажиллаж байгаа. Эрүүл мэндийн байгууллагын гаргасан тооцооллоор хүн амынхаа 60 хувь буюу 2,100,000 хүн амд нийт 4.2 сая тун вакцин шаардлагатай байгаа. Одоогоор үүнээс шаардлагатай үлдэгдэл нь 3.3 сая тун гэсэн үг. Эдгээр 5 гэрээнээс бид үнэ боломжтой эрт орж ирж болохуйц гэдгээс нь хамаарч гэрээ хэлэлцээр хийнэ гэлээ. Гэрээ хэлэлцээр хийгдэж, төлбөр шилжсэн 1.7 сая тун вакцин байна. Нийт шаардлагатай хэмжээнээс хасаад үзвэл одоо бид 1.6 сая тун вакцин баталгаажуулах ажил үлдсэн. Үүн дээр зэрэгцээд хамгийн ойрхон баталгаажиж болохоор хоёр төрлийн вакцины хэлэлцээр явж байна. ОХУ-ын Спутник, Pfizer вакцины тус бүр нэг сая, нийт хоёр сая тунгийн гэрээ хэлэлцээр эцэслэхэд тун ойртсон. Гэрээг ГХЯ, Сангийн яам, Эрүүл мэндийн яам Засгийн газрыг төлөөлж хийж байгаа. Цаг хугацааны хувьд томоохон хэмжээний өөрчлөлт орсон зүйл байхгүй гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан онцоллоо.

АВСТРАЛИ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ДЭЙВ ВОУСЭНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2021.02.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Сангийн сайд Б.Жавхлан Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Воусэныг хүлээн авч уулзлаа. Сангийн сайдаас Австрали Улсын Засгийн газарт манай улсын эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр үзүүлж буй хөгжлийн тусламж, мөнгө угаахтай тэмцэх, саарал жагсаалтаас гарах чиглэлээр үзүүлсэн дэмжлэг, хамтын ажиллагаанд талархал илэрхийлсэн. Элчин сайд Сангийн сайдаар томилогдсонд талархал илэрхийлж, Австрали Улсын уул уурхай, Баялгийн сангийн үйл ажиллагааны бодлого, үйл ажиллагааны талаар хуримтлуулсан сайн туршлагаасаа хуваалцахад бэлэн гэдгээ мэдэгдсэн. Талууд хоёр орны Засгийн газрын Ковид 19 цар тахлаас ард иргэдийн эрүүл мэнд, эдийн засгаа хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хэрэгжилт, үр дүнгийн талаар болон цаг үеийн шинжтэй бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Сангийн сайд Б.Жавхлан Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Ахмед М. Саеид тэргүүтэй төлөөлөгчидтэй цахим уулзалт хийлээ

2021.04.02. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр Азийн хөгжлийн банк (АХБ)-ны дэд ерөнхийлөгч Ахмед М. Саеид, Зүүн Азийн газрын захирал Жэймс Линч тэргүүтэй төлөөлөгчидтэй цахим уулзалт хийлээ. Уулзалтаар Сангийн сайд коронавируст халдвар (КОВИД-19)-ын  цар тахлын энэ хүнд үед Монгол Улсын Засгийн газарт АХБ-аас үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэн нягт хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлж, цар тахлыг даван туулахад иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх гэсэн хоёр фронт дээр Засгийн газар шаардлагатай бодлогын арга хэмжээг авч ажиллаж байгаа ба цаашид КОВИД-19 цар тахлыг даван туулахад АХБ-ны дэмжлэг, хувь нэмэр чухал гэдгийг онцлон тэмдэглэв. Засгийн газар эдийн засгийн тогтвортой байдлыг үргэлжлүүлэн хадгалах, сэргээх, төсвийн зохистой бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хугацаа алдалгүй иргэдээ вакцинжуулснаар эдийн засаг сэргэнэ гэж харж байна гэв. АХБ-ны зүгээс цар тахлыг даван туулах, цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр Засгийн газраас зарласан арга хэмжээ нь оновчтой, зөв шийдвэр байгааг онцлон, ирэх 4 жилийн хамтын ажиллагааны стратегийн хүрээнд Засгийн газрыг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа илэрхийлж, эдийн засгийн тулгуур салбарыг төрөлжүүлэх, хүртээмжтэй өсөлтийг бий болгох, тогтвортой болон ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр дэмжлэг үзүүлнэ гэлээ. Түүнчлэн нэг салбарын хэт хамаарлыг бууруулах, хувийн хэвшлийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр Засгийн газрын бодлогыг дэмжиж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, энэ чиглэлээр техникийн болон бодлогын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Энэ жил Монгол Улс, Азийн хөгжлийн банкны түншлэлийн 30 жилийн ой тохиож байгаагаас гадна дунд хугацааны хамтын ажиллагааны стратегиа баталж байгаа чухал үе юм.  

Б.Жавхлан: Иргэдийн 93 хувь нь 300 мянган төгрөгөө авсан

2021.04.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Засгийн газар ээлжит бусаар хуралдан 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын засгийн газраас 3.373.025 иргэнд 300 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр гаргасан юм. Тиймээс тухайн өдрөөс эхлэн төрийн сангаас гүйлгээ хийгдэж эхэлсэн юм. Ингэхдээ 1 сая 196 мянган хүүхдийн данс руу тус бүр 300 мянган төгрөгийн гүйлгээ хийгдсэн бол, www.ebarimt.mn болон www.ehalamj.mn-д бүртгэлтэй 1 сая 651 мянган иргэдийн данс руу тус бүр 300 мянган төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Мөн 2021 оны дөрөвдүгээр сарын 13-ны байдлаар 3.173.897 иргэний 952.169 тэрбум төгрөгийг төрийн сангаас шилжүүлсэн нь 93.1 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Мөн өдрийн байдлаар нийт 32.144 иргэний гүйлгээ буцаагдсан байгаа нь хүлээн авагчийн нэр, данс зөрүүтэй байсантай холбоотой гэнэ. Мөнгөн дэмжлэгийн талаар Монгол улсын сангийн сайд Б.Жавхлан Татварын албанаас Оюутолгойд ногдуулсан НӨХӨН ТАТВАР, ТОРГУУЛЬ, АЛДАНГИ болох 1 их наяд 26 тэрбум төгрөгийн төлөлтийг иргэн бүртээ тэгш хуваарилж байна. Мөн энэхүү гүйлгээг бид 7-10 хоногийн дотор хийж дуусгахыг зорьж байна гэсэн юм. Дашрамд дурдахад, Оюутолгой компанийн 2016-2018 оныг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан билээ. Оюутолгой компани 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр эхний 229.8 тэрбум төгрөгийн татварын орлогыг төрийн сангийн дансанд байршуулсан бол, 2021 оны гуравдугаар сарын 4-ний өдөр үлдэгдэл 419.2 тэрбум төгрөгийг шилжүүлсэн юм. Монголын Татварын Ерөнхий Газраас тус компанид 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр 228 сая ам.доллар буюу 648.9 тэрбум төгрөгийн татварын акт тавьсныг ийнхүү барагдуулсан юм. Татварын ерөнхий газраас 2020 онд ногдуулсан актуудыг дараах байдлаар үндэслэжээ. Менежментийн төлбөрт суутгалын татвар ногдуулаагүй 164.7 тэрбум төгрөг, Туркойз Хилл Ресурс компанид төлсөн зээлийн хүүд суутгалын татвар бүрэн ногдуулаагүй зөрчилд 179.4 тэрбум төгрөг,  АМНАТ тооцохдоо Ашигт малтмалын тухай хууль, Хөрөнгө оруулалтын гэрээний заалтыг дагаж мөрдөөгүй зөрчилд 46.7 тэрбум төгрөг зэргийг тооцож ногдуулсан байна.

АХБ ИРЭХ 4 ЖИЛ КОВИД-19 ЦАР ТАХЛЫГ ДАВАН ТУУЛЖ, ХҮРТЭЭМЖТЭЙ, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ЦОГЦЛООХОД МОНГОЛ УЛСАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

Азийн Хөгжлийн Банк (АХБ) 2021-2024 онд Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх шинэ түншлэлийн стратегиа өнөөдөр эхлүүлж байна. Энэхүү түншлэлийн стратеги нь коронавируст өвчлөлийн (КОВИД-19) цар тахлыг даван туулж, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг цогцлоох бат бөх суурийг тавихад Монгол Улсад дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ. Мөн ирэх дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсад хэрэгжих АХБ-ны үйл ажиллагаа нь (i) хүртээмжтэй нийгмийн хөгжил ба эдийн засгийн боломж, (ii) уур амьсгалд тэсвэртэй дэд бүтэц, (iii) ногоон бөгөөд уур амьсгалд зохицсон тогтвортой хөгжил хэмээх стратегийн гурван тэргүүлэх чиглэлийг баримтлах юм. “Монгол Улсын хамгийн том хөгжлийн түншийн хувьд АХБ нь өнөөг хүртэл хэрэгжүүлж ирсэн үйл ажиллагааныхаа бат бөх сууринд түшиглэн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах хүчин чармайлтуудыг эрчимжүүлж, бизнесийн орчныг сайжруулах зорилгоор инновацийг нэвтрүүлэхийн зэрэгцээ КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээгээр дамжуулан эрүүл мэнд ба нийгмийн хамгааллын салбарт урт хугацааны, бодит шинэчлэл хийхэд анхаарна” хэмээн АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран хэлээд “Мөн бид КОВИД-19 цар тахлын хариу арга хэмжээг үргэлжлүүлэхийн хажуугаар шинээр үүсэж болзошгүй сорилтуудад бэлэн байхын тулд үйл ажиллагааныхаа уян хатан байдлыг хангах болно” хэмээн онцлон тэмдэглэв. АХБ нь Түншлэлийн стратегийн эхний тэргүүлэх чиглэлийнхээ хүрээнд КОВИД-19 цар тахалд өртсөн иргэд, албан байгууллагад хүрэх санхүүгийн үйлчилгээ, ажлын байр, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, ур чадвар хөгжүүлэх боломжуудыг нэмэгдүүлэх замаар цар тахлыг даван туулахад нь Монгол Улсад дэмжлэг үзүүлнэ. Мөн Монгол Улсын цаашдын өсөлт хөгжлийг бэхжүүлэх зорилгоор КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээг эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын дунд хугацааны шинэчлэлтэй уялдуулахад дэмжлэг үзүүлж, инновацийг нэвтрүүлэн ажиллана.   Стратегийн 2 дахь тэргүүлэх чиглэлийн хүрээнд АХБ нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зам тээвэр, биет харилцаа холбооны салбарт томоохон хөрөнгө оруулалтуудыг төлөвлөж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад хувь нэмэр оруулахын зэрэгцээ хөдөө орон нутагт тогтвортой хөгжлийн боломжуудыг бий болгоно. АХБ-наас эдгээр хөрөнгө оруулалтын төслүүддээ арчилгаа үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгүүдийг оруулах, уур амьсгалд тэсвэртэй шийдлүүдийг нэвтрүүлэх, ногоон хөгжлийг дэмжих хамтарсан санхүүжилтийн механизмуудыг ашиглах, дэд бүтцийн бүтээн байгуулалтад хувийн хэвшлийн хөрөнгө оруулах боломжуудыг нэмэгдүүлэх замаар шинэчлэлийг түүчээлэн ажиллана. Харин 3 дахь тэргүүлэх чиглэлийн хүрээнд макро эдийн засгийн болон бүх талын тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд анхаарч, нөөцийн тогтвортой хэрэглээ, ногоон хөгжлийг дэмжинэ. АХБ нь Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр олон улсад хүлээсэн үүргээ биелүүлэх, тэр дундаа нүүрсний хэрэглээг аажмаар багасгах, мал аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ тус улсын хөгжлийн замналыг тодорхойлсоор ирсэн байгалийн нөөцийн хэт хэрэглээнээс татгалзах замаар Монгол Улсын хөгжлийг илүү ногоон болгоход нь тусламж үзүүлнэ. Шинэ түншлэлийн стратегийн хүрээнд АХБ-наас нийт хөрөнгө оруулалт, санхүүжилтийн дүнг бууруулахгүйгээр төсөл хөтөлбөрийн тоог цөөлөхөд анхаарна. Үйл ажиллагааны төлөвлөлтөд илүү нарийвчилсан шалгууруудыг нэвтрүүлснээр Засгийн газарт олгох нийт санхүүжилтийн хэмжээг хэвээр хадгалах хэдий ч илүү тогтвортой хөгжлийн нөлөө үзүүлэх боломжтой, цар хүрээ өргөнтэй, хөтөлбөрийн түвшний үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Нэн тэргүүнд АХБ КОВИД-19 цар тахлын эсрэг ойрын хугацаанд авах хариу арга хэмжээгээ эрчимжүүлж, Засгийн газарт эдийн засгаа тогтвортойгоор сэргээн, нийгмийн хамгийн эмзэг бүлгийн иргэд өсөлт хөгжлөөс орхигдохгүй байхад анхаарахад нь дэмжлэг үзүүлнэ. Хоёрдугаарт, АХБ хөгжлийн бусад түнш байгууллагуудтай нягт уялдаатай ажиллаж, салбар бүрийн үйл ажиллагааны голлох чиглэлээ тодорхойлно. Гуравдугаарт, АХБ үйл ажиллагаагаа газар зүйн байршлаар багцлан, эхний ээлжинд Монгол Улсын баруун бүсэд төвлөрөх бөгөөд хөгжлийн үр нөлөөг аль болох өндөр байлгахын тулд хот ба хөдөө орон нутаг дахь төсөл хөтөлбөрүүдийнхээ уялдаа холбоог нэмэгдүүлнэ. Дөрөвдүгээрт, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх бэлэн байдалд онцгой анхаарна. Эцэст нь Монгол Улсын хөгжлийн замнал дахь хувийн хэвшлийн үүрэг оролцоог бэхжүүлэх үүднээс хувийн хэвшил оролцох боломжтой төслүүдийг эн тэргүүнд тавина. Энэхүү шинэ түншлэлийн стратеги нь эдийн засгийг сэргээн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар КОВИД-19 цар тахлыг даван туулж, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг цогцлоох зорилго бүхий Монгол Улсын Алсын хараа-2050 ба Засгийн газрын 2020-2024 оны Үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдсан болно. АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог. 

Сангийн сайд Б.Жавхлан Олон улсын валютын сангийн дэд  захиралтай цахим уулзалт хийлээ

2021.04.02. Монгол Улс. Улаанбаатар хот. Олон улсын валютын сан, Дэлхийн банкны группын 2021 оны Хаврын уулзалт болж байгаатай холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан Олон улсын валютын сангийн Дэд захирал ноён Мицүхиро Фүрүсаватай цахим уулзалт хийв. Уулзалтаар Сангийн сайд Монгол Улсын эдийн засаг, төсөв, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал, Засгийн газрын авч хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний талаар дэлгэрэнгүй танилцуулав. Банканд төвлөрөөд байгаа нөөц хөрөнгийг зах зээлд эргэлдүүлснээр дотоодын эдийн засгаа сэргээх, идэвхжүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч байгааг сайд дурдав. Түүнчлэн Засгийн газар нэн тэргүүнд ард, иргэдээ вакцинд хамруулах ажилд түлхүү анхааран ажиллаж байгаа тухай тэмдэглэв.ОУВС-гийн Дэд захирал ноён М.Фүрүсава Сангийн сайдаар томилогдсонд баяр хүргэж, Монгол Улсын Засгийн газар вакцинжуулалтыг шуурхай, амжилттай хэрэгжүүлж байгааг тэмдэглэв. Талууд мөн банкны секторын шинэчлэл болон ирэх жилүүдэд төлөх гадаад зээлийн эргэн төлөлтийг төсөвт дарамт үзүүлэлгүйгээр хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцов. 2021 онд Монгол Улс Олон улсын валютын сангийн гишүүнээр нэгдэн орсны 30 жилийн ой тохиож байна.

Сангийн сайд Б.Жавхлан  Элчин сайд Х.Кобаяши нар Засгийн газар хоорондын солилцох нот бичигт гарын үсэг зурлаа

2021.07.08. Монгол Улс. Улаанбаатар хот. Сангийн сайд Б.Жавхлан  Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши нар өнөөдөр Ковид-19 халдварт цар тахлын хямралыг арилгахад яаралтай тусламж үзүүлэх Засгийн газар хоорондын солилцох нот бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү нот бичигт гарын үсэг зурснаар Япон улсаас 883 сая иений буцалтгүй тусламж үзүүлэх бөгөөд өвчнийг эрт үед илрүүлэх эмнэлгийн тоног төхөөрөмж, мутацид орсон вирусийн генийн дараалал тогтоох төхөөрөмж болон вакцин зөөвөрлөх хөргүүртэй автомашин зэрэг хүйтэн хэлхээний холбогдох төхөөрөмжүүдийг нийлүүлэх юм. Япон Улс НҮБ-ын хүүхдийн сантай хамтран 2,35 сая орчим тун вакцин нийлүүлэх зэргээр шууд тусламж үзүүлэхээс гадна олон улсын вакцин нийлүүлэх механизм болох КОВАКС хөтөлбөрт тэргүүлэн оролцож 200 сая ам.долларын санхүүжилт олгосон. Мөн дахин 800 сая ам.долларын нэмэлт санхүүжилт олгохоо зарлаж, хамтын нөхөрлөлийн орнуудын вакцинжуулалтад хувь нэмрээ оруулж байна. Энэ удаагийн буцалтгүй тусламж нь вакцинжуулалтын төлөвлөгөөг эрчимжүүлэх, шинэ төрлийн коронавирустай тэмцэх хариу арга хэмжээнд томоохон тус нэмэр болох юм.

Cангийн сайд Б.Жавхлан мэндчилгээ дэвшүүлэв

2021.09.13. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан шинэ үеийн татварын тогтолцоо үүсч хөгжсөний 30 жилийн ойд зориулж монголын татварын албаны үе үеийн албан хаагчдад зориулж мэндчилгээ дэвшүүлсэн байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасан татвар төлөх үүргээ ёсчлон биелүүлж, эх орныхоо хөгжил, дэвшилд хувь нэмрээ оруулж буй эрхэм татвар төлөгч таньд болон шинэ үеийн татварын тогтолцоог бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсан үе үеийн татварын албаныхаа хамт олонд 30 жилийн ойн мэндийг хүргэе. Монгол Улсын Засгийн газраас эдийн засаг бизнесийн орчныг татварын бодлогоор дэмжих, татварын хувь хэмжээ, ачааллыг бууруулах замаар татварын суурийг өргөжүүлэх, татварын тэгш шударга тогтолцоог бүрдүүлэх зорилгоор хийсэн Татварын багц хуулийн шинэчлэлийн эхний жилийн үр дүн бодитой гарч, амжилттай хэрэгжиж байна. Мөн Монгол Улсын Засгийн газар Ковид-19 цар тахлаас ард иргэд, аж ахуйн нэгжээ хамгаалах, эдийн засагт учирч буй сөрөг нөлөөллийг буруулж даван туулах бодлогын хүрээнд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн хуулиудыг батлуулж, хэрэгжүүлснээр 2020 ондоо 1,7 сая татвар төлөгчид 676.9 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлүүлсэн байна.  Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн 30 жилийн хугацаанд эхлэлээс өдий хүртэл хамт байж, төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн татвар төлөгчид, аж ахуйн нэгжүүд, иргэд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Татвар төлөгчийн эрх ашигт нийцсэн, олон улсын татварын зарчмуудыг нэвтрүүлэх замаар татварын орлогоо хамгаалсан, үйлчилгээгээ бүрэн цахимжуулсан өнөөдрийн Монголын татварын албыг бүтээхэд оролцсон үе үеийн Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд, Монголын татварын албаны албан хаагчид, удирдлагуудад баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэжээ.

Хилийн боомтын үндэсний зөвлөл болон Монгол Улсын Ерөнхий сайдын 147 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн хамтарсан хурал боллоо

2021.11.24. Монгол Улс. Улаанбаатар хот. Хилийн боомтын үндэсний зөвлөлийн гишүүд, УИХ, Засгийн газрын гишүүдийн хамт 2021 оны 11 дүгээр сарын 15,16-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд, Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээ хүрэн боомтуудад ажилласан. Хилийн боомтын үндэсний зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар Замын-Үүд боомтод чингэлэг тээврийн терминал байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай, Замын-Үүд болон Гашуунсухайт боомтын барилга байгууламж, дэд бүтцийн барилга угсралтын ажлын талаар, Шивээхүрэн боомтод аж ахуйн нэгжүүдээс тавьсан тулгамдаж буй асуудлуудын талаар тус тус хэлэлцэж холбогдох арга хэмжээг авч ажиллахаар шийдвэрлэсэн байна. Тухайлбал:

  • Замын-Үүд-Эрээн хилийн боомтын ачаа эргэлтийг чингэлэгт тээврээр зохион байгуулж, боомтыг нээхтэй холбогдуулан чингэлэг солилцох талбай, ачих буулгах механизмын асуудлыг шуурхай шийдвэрлэх,
  • Гашуунсухайт хилийн боомтоор өдөрт 500 тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэлт хийж эхэлсэн бөгөөд цаашид нэмэгдүүлэх,
  • Автотээврээр нүүрс тээвэрлэлт хийхээс гадна төмөр замаар чингэлэг тээвэр хийх,
  • Хилийн боомтуудын халдвар, хамгааллын дэглэмийг сайжруулах зорилгоор дархлаажуулалтын 3-р тунд хамруулах ажлыг зохион байгуулахаар хилийн боомтын үндэсний зөвлөл болон Монгол Улсын Ерөнхий сайдын 147 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн хамтарсан хурлаар шийдвэрлэлээ.

Шивээ хүрэн хилийн боомтод чингэлэг тээврийн терминал нээгдэхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд тус боомтод ажиллаж буй зарим аж ахуйн нэгжүүд болон нүүрс тээврийн жолоочдоос тавьсан тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг хүлээн авч газар дээр нь шийдвэрлэхээр ажлын хэсэг байгуулан тус тус ажиллаж байна.

НЭГ ЕВРОП НЭГ БАГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТУУД” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО

2022.03.01. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан Европын холбооноос зохион байгуулсан “Нэг Европ Нэг Багийн хөрөнгө оруулалтууд” арга хэмжээнд оролцож үг хэллээ. Тус арга хэмжээний үеэр Европын холбооноос хөгжлийн санхүүжилтийн чиглэлээр баримталж буй бодлого, Тогтвортой хөгжлийн төлөөх Европын сан болон Европын холбооны “Дэлхийд гарах гарц” хөтөлбөрүүдээ танилцуулсан. Энэ хүрээнд Европын холбооноос Европын хөрөнгө оруулалтын банк болон Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтарсан санхүүжилтээр манай улсын дэд бүтэц, эрчим хүчний салбар, жижиг дунд, үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа төслүүдээ албан ёсоор танилцуулсан.Сангийн сайдаас Монгол Улсын эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах,   хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилготой “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар танилцуулж, санал солилцсон. Мөн манай Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд Европын холбооны “Нэг Европ Нэг Багийн хөрөнгө оруулалтууд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэх үүргийн чухлыг онцоллоо.

Сангийн сайд Б.Жавхлан Канадын гадаад харилцааны яамны Хойд ази хариуцсан газрын захирал Велдон Эпптой уулзалт хийлээ

2022.03.31. Монгол Улс. Улаанбаатар хот. Сангийн сайд Б.Жавхлан Канадын гадаад харилцааны яамны Хойд ази хариуцсан газрын захирал Велдон Эпп, Канадын гадаад харилцааны яамны Монгол улсыг хариуцсан ажилтан Мишель Д’Эон, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэтрин Ивкофф, болон Канадын ЭСЯ-ны төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.  Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг болон бусад чиглэлээр идэвхтэй хөгжиж байна. Манай хоёр орны энэхүү найрсаг харилцаа нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийтлэг үнэт зүйлст түшиглэн хөгжиж байгаа гэдгийг сангийн сайд Б.Жавхлан онцоллоо. Канадын хөгжлийн хөтөлбөрүүд тухайлбал олборлох салбарын менежментийг сайжруулах, төрийн албыг бэхжүүлэх, эмэгтэйчүүдийг чадваржуулах, хүйсийн тэгш байдлыг хангах зэрэг төслүүд амжилттай хэрэгжиж, манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд чухал хувь нэмэр оруулж байна. 2023 онд Монгол, Канадын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Ойг угтсан хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх олон ажил төлөвлөгдсөнийг уулзалтын үеэр онцолж ярилцлаа.

Б.Жавхлан: Боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай

2022.03.28. Mонгол Улс. Улаанбаатар хот. онгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зохион байгуулагдаж буй Монголын эдийн засгийн чуулганы урьдчилсан хэлэлцүүлгүүд үргэлжилж байна. Өнөөдөр Боомтын сэргэлт хэлэлцүүлгийг Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Гаалийн ерөнхий газар хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж Сангийн сайд, Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч, Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга Б.Жавхлан үг хэллээ. Сангийн сайд Б.Жавхлан: Монгол Улс далайд гарцгүй орны хувьд боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, эдийн засгийн онцлох ач холбогдол бүхий боомтуудыг авто зам, төмөр зам, хурдны замаар цаг алдалгүй холбож, агаарын тээврийн салбарыг цоо шинэ шатанд гаргах зайлшгүй шаардлагатай байна. Энэ ч үүднээс Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийг хэрэгжүүлэх зорилго зорилт, хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, тулгарч буй хүндрэл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар олон талаас нь ярилцаж ойлголтоо нэгтгэн, тодорхой гарц, шийдэлд хүрч боомтын түгжээг тайлахаар энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж буйг онцоллоо. Боомтын сэргэлт урьдчилсан хэлэлцүүлэг Шинэ сэргэлтийн бодлого-боомтын шинэчлэл, Эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтын хөгжлийн бодлого, Боомтуудын дэд бүтэц, нисэхийн салбарын шинэ сэргэлтийн бодлого сэдвүүдээр үргэлжлэн явагдлаа. Монголын эдийн засгийн чуулганы үндсэн хэлэлцүүлэг ирэх сарын 7,8-ны өдрүүдэд зохион байгуулагдана гэжээ.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын 24-нд болж,  дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

-Хилийн боомтуудад ачаа тээврийн терминал байгуулна-
 
Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ, ханшийн мэдээлэл, инфляцыг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээний дүгнэлт, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг судалж, цаашид шаардлагатай арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан, Эдийн засаг хөгжлийн яам холбогдох байгууллагуудтай хамтран танилцуулга бэлтгэн Засгийн газрын хуралдаан бүрт хэлэлцүүлж буй юм. Танилцуулгатай холбогдуулан, валютын ханшийн зөрүүнээс үүдэлтэй тээвэрлэлтийн үнийн өсөлтийг судалж, цаашид авах арга хэмжээний саналыг боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулах, ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулах, Хилийн боомтуудад ачаа тээврийн терминал байгуулах саналыг боловсруулж, Хилийн боомтын зөвлөлөөр хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.

-Б.Жавхлан: Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь Монгол Улсын өмч болгох ажил урагшилж байна-

Газрын тосны бүтээгдэхүүний бөөний үнийн худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд олгох эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилт хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банканд олгосон 276,3 тэрбум төгрөгийн эх үүсвэр, хуримтлагдсан хүү, бусад авлага, Алт хөтөлбөрийн хүрээнд Монгол банкнаас Худалдаа хөгжлийн банканд олгосон 204,4 тэрбум төгрөгийн эх үүсвэр, хуримтлагдсан хүү, бусад авлагыг Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг авахад зарцуулсан гэх төлбөрт суутган тооцохыг Монголбанкны ерөнхийлөгчид зөвлөлөө. Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийхдээ Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн 49 хувьтай холбоотой өр төлбөрийг харилцан суутгах ажил үргэлжилж байна. Монгол Улс Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь өмчлөх ажил урагшилж байна. Дараагийн харилцан суутгал хийх хэлцэл үргэлжилнэ гэлээ.

-Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 514,5 тэрбум төгрөгийг эргэн төлүүлээд байна-

Монгол Улсын Хөгжийн банкнаас олгосон зээлийн өр төлбөрийг барагдуулах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Монгол Улсын Хөгжлийн банкны нийт олгосон зээлийн багцад эзлэх чанаргүй зээлийн үлдэгдэл нийт зээлийн 57 хувь буюу 1,8 их наяд төгрөгт хүрч, банкны ашигт ажиллагаа буурч, өөрийн хөрөнгийн дутагдалд орж, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын өмнө гэрээгээр хүлээсэн зохистой харьцааны шалгуур үзүүлэлт алдагдаж, гадаад эх үүсвэрүүд хугацаанаас өмнө дуудагдах эрсдэл үүссэнийг 2022 оны нэгдүгээр сарын 20-нд зарласан.  Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам болон төрийн холбогдох байгууллагуудтай хамтран чанаргүй зээлийг эргэн төлүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлснээр энэ сарын 19-ний байдлаар нийт 514,5 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлээд байна. Үүнээс 262,9 тэрбум төгрөгийн зээл бүрэн төлөгдөөд байна.
 
-Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 70 хувийг дотоодын ургацаас хангах боломжтой

Ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, ургацыг цаг агаарын гамшигт үзэгдэл болон малаас хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, үр тариа, тэжээлийн таримлын үрийн нөөц бүрдүүлэх, төмс, хүнсний ногооны хадгалалт, борлуулалтыг дэмжихэд чиглэсэн арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд даалгалаа. Ургацын урьдчилсан балансаас харахад улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 70 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэж, хүнсний ногооны үйлдвэрлэл өнгөрсөн жилийнхээс 10 гаруй хувиар өсөхөөр байна.
Энэ жилийн хувьд таримлын болц харьцангуй жигд, урьд жилүүдээс 5-7 орчим хоногийн өмнө ургац хураалт эхлэхээр байгаа тул хураан авах ургацын хэмжээ, чанарт эергээр нөлөөлөхөөр байна.
 
-Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд идэвхтэй хамрагдахыг уриалж байна-
 
Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааны явцын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулга хийлээ. Энэ оны тавдугаар сарын 1-нээс улсын хэмжээнд эхэлсэн энэхүү арга хэмжээнд 272 мянган иргэн хамрагджээ. Давхардсан тоогоор өвчлөлийн 136 мянган тохиолдол бүртгэгдсэнээс дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны өвчин, зүрх судас, амьсгалын тогтолцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж нийт өвчлөлийн 89 хувийг эзэлж байна. Бүх насны ангилалд 844 хортой болон хоргүй хавдрын сэжигтэй тохиолдол илэрчээ. Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд идэвхтэй хамрагдахыг Эрүүл мэндийн сайд уриаллаа.

-Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг баталлаа
 
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний болон салбарын тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулахад дэмжлэг үзүүлэх, бүтээлч авьяасыг инноваци шингэсэн нөхөн сэргээгдэх нөөц болгох зорилгоор Төрөөс дэмжлэг үзүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг дор дурдсанаар баталлаа.
·      Кино, дуу дүрсний урлаг
·      Дүрслэх урлаг
·      Дуу хөгжим
·      Хувцас загвар
·      Дижитал контент, тоглоом хөгжүүлэлт
·      Утга зохиол, ном хэвлэл
Урлахуйн урлаг болох соёлын бүтээлч үйлдвэрлэл нь тогтвортой хөгжлийг хангах үзэл баримтлалыг дэмжиж, эдийн засгаа олон тулгууртай болгох, бүтээлч авьяас билгийг нөхөн сэргээгдэх нөөц байдлаар хамгаалж, хөгжүүлж эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой юм.

-Соёлын байгууллагын үр дүнд суурилсан санхүүжилтийн аргачлалыг баталлаа

Соёлын байгууллагын үр дүнд суурилсан санхүүжилтийн аргачлалыг баталлаа. Тус салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагууд өөрийн үйл ажиллагаа, гүйцэтгэлд суурилсан нэмэлт санхүүжилт авах боломжтой болж байна. Соёлын салбарт төсвийн шинэчлэл хийснээр тус салбарын ажилтан, албан хаагчдын урамшуулал нэмэгдэнэ. Мөн соёлын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, төрийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэж үзэж байна гэж Соёлын сайд Ч.Номин ярилаа.

Товч мэдээ
 
-Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон холбогдох байгууллагуудын 2022 оны зургадугаар сард зохион байгуулсан хяналт, шалгалтаар импортлогч улсын мал эмнэлэг, ариун цэвэр, чанар аюулгүй байдлын стандартын шаардлага хангаж буй аж ахуйн нэгжийн  дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг 2022 оны наймдугаар сарын 24-нөөс эхлэн экспортлох ажлыг шуурхай зохион байгуулахыг ХХААХҮ-ийн сайд болон холбогдох хүмүүст даалгалаа гэжээ. 

Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн урьдчилсан гүйцэтгэлийн талаар

Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа сэргээхэд чиглэсэн боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд 2022 оны нэгдүгээр улиралд -3.9 хувьд хүрч унаад байсан эдийн засаг оны эцэст 4.0 орчим хувьд хүрч сайжирсан байна. Нэрлэсэн ДНБ 2022 онд 48 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 10 хувиар, 2015 оны зэрэгцүүлэх үнээр тооцсон бодит ДНБ 28 их наяд төгрөгт хүрсэн байна. Эдийн засгийн өсөлтийг салбараар авч үзвэл хөдөө аж ахуй, уул уурхайн салбар болон бүтээгдэхүүний цэвэр татвар бодит өсөлтөд гол хувь нэмэр оруулсан байна. Монгол Улсын Засгийн газраас экспортыг эргэн сэргээхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд 2022 оны эхний хагаст 8.1 сая тонн буюу өмнөх оноос 12.7 хувиар агшаад байсан нүүрсний экспорт 2022 оны эцэст 31.6 сая тоннд хүрч  2021 оноос даруй хоёр дахин өссөн байна. Зэсийн баяжмалын хувьд 1.4 сая тонн экспортолж, өмнөх оны мөн үеэс 11.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Ингэснээр АМНАТ-ийн орлого 2.7 их наяд төгрөгт хүрч, уул уурхайн орлого 4.1 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 750 орчим тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарсан байна. Төлбөрийн тэнцэл 2022 оны эцэст нэг тэрбум ам.долларын алдагдалтай гарч, гадаад валютын албан нөөц 3,399.6 сая ам.долларт хүрсэн. Уг нөөц нь валютын төлбөртэй барааны импортын нийт 4.7 сарын хэрэгцээг хангах түвшинд байна. Засгийн газраас  2022 оны аравдугаар сард Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 362 дугаар тогтоол гаргаж хэрэгжүүлсэн нь гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэхэд нөлөөлж улмаар Эрдэнэс Тавантолгой ТӨХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Монголросцветмет ТӨҮГ, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-иуд болон Оюу толгой ХХК нийт 1.1 тэрбум гаруй ам.доллар улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Тухайлбал, Эрдэнэс Тавантолгой ТӨХК дээрх тогтоол батлагдсанаас хойш арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 588.5 сая орчим ам.долларын үнийн дүн бүхий 6.6 сая тонн нүүрс борлуулжээ. Мөн өнгөрсөн онд арилжааны банкууд гадаадын банк, санхүүгийн байгууллагуудаас хэд хэдэн урт хугацаат санхүүжилтийг татсан нь валютын нөөц нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Томоохон гарах урсгалын хувьд өнгөрсөн онд МИК ОССК ХХК 2019 онд гаргасан 300 сая ам.долларын бондын үлдэгдэл 130 сая ам.долларын үлдэгдлийг төлсөн. Мөн Монгол Улсын Засгийн газар 2022 оны арванхоёрдугаар сард Чингис бондын үлдэгдэл 136 сая ам.долларыг амжилттай төлж барагдуулаад байна. Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээлийг эргэн төлүүлэх ажлыг эрчимжүүлснээр 2022 онд 994.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүллээ. Ингэснээр Засгийн газрын баталгаатай Самурай бондын эргэн төлөлтийг төлөх мөнгөн хөрөнгийг 100 хувь бүрдүүлж, цаашлаад 2022 оны эхэнд 1.3 хувь байсан өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт (CAR)-ийг зохистой түвшинд хүргэж тус банк дампуурах эрсдэлээс бүрэн гараад байна. Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Fitch, S&P, Moodys агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг жил бүр үнэлдэг. Энэ хүрээнд Fitch болон S&P агентлагууд 2022 оны зээлжих зэрэглэлийн үнэлгээг тав, долдугаар саруудад хийсэн бөгөөд олон улсын эдийн засаг Ковид-19 цар тахлын дараах сэргэлтийн арга хэмжээг авч мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж, дэлхий даяар инфляц огцом нэмэгдэж, дэлхий нийтээрээ эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ хүнд цаг үед Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B, тогтвортой төлөвт хэвээр хадгалсан.

-Монгол Улсын нэгдсэн төсөв-

Нэгдсэн төсвийн нийт орлого: Засгийн газраас Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөллөөс ангижрах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд эдийн засаг сэргэх төлөвт шилжиж байгаа нь төсвийн орлого нэмэгдэхэд эерэг үр дүн үзүүлж байна. Нэгдсэн төсвийн нийт орлого 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр 18,593.1 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 11.3 хувиар буюу 1,886.9 тэрбум төгрөгөөр давж, өмнөх оны мөн үеийнхээс 25.5 хувиар буюу 4,337.9 тэрбум төгрөгөөр илүү төвлөрсөн үзүүлэлттэй байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого: 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17,198.5 тэрбум төгрөгт хүрч төлөвлөгөөнөөс 7.8 хувь буюу 1,244.0 тэрбум төгрөгөөр давж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4,487.1 тэрбум төгрөгөөр буюу 35.3 хувиар нэмэгдсэн байна. Засгийн газар хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах замаар экспортыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, голлох боомтууд болох Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод автомат удирдлагатай чингэлэгт тээвэр (AGV) нэвтрүүлж, нэвтрэх машины тоог нэмэгдүүлсэн. Тухайлбал, Булган, Ханги, Замын-Үүд боомтуудаар гарах нүүрсний экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг авсны үр дүнд эхний хагас жилийн байдлаар 8 сая тонн байсан нүүрсний экспортыг 31.7 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 90.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн зэсийн баяжмалын хувьд 1.4 сая тонн экспортолж, өмнөх оны мөн үеэс 11.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Улмаар нийт экспортын хэмжээ 12.5 тэрбум ам.долларт хүрч, төлөвлөгөөнөөс даруй 3.5 тэрбум ам.доллароор өссөн байна. Энэхүү үзүүлэлт нь АМНАТ, ААНОАТ-ын орлого нэмэгдэхэд голлон нөлөөлсөн байна. Татварын орлого 15,568.3 тэрбум төгрөгт хүрч төлөвлөснөөс 1,710.7 тэрбум төгрөгөөр буюу 12.3 хувиар давж биелсэн байна. Нэгдсэн төсвийн нийт зарлага: Нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 18,177.8 тэрбум төгрөг болж зарлагын төлөвлөгөө 3.5 хувиар буюу 656.0 тэрбум төгрөгөөр дутуу, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16.3 хувиар буюу 2,547.4 тэрбум төгрөгөөр илүү байна. Хөрөнгийн зардал 445.7 тэрбум төгрөг, бараа, ажил үйлчилгээний зардал 348.3 тэрбум төгрөг, хүүгийн зардал 74.7 тэрбум төгрөг, татаас 41.2 тэрбум төгрөг, урсгал шилжүүлгийн зардал 146.6 тэрбум төгрөгөөр тус тус дутуу зарцуулагдсан байна. Төсвийн хэмнэлт: Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хуулийн төсөл 2022.04.29-ний өдөр УИХ-аар батлагдаж хөшөө дурсгал, угтах хаалга, дэд болон орлогч дарга нарын орон тоо, автомашины хэрэглээг хязгаарласан нь төсвийн сахилга хариуцлагыг чангатгах, төрийн  үрэлгэн байдлын эсрэг соёл, чиг хандлагыг тогтоох эерэг үр дагавартай болсон. Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж ажилласны үр дүнд 2022 онд урсгал зардлаас 189.1 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын зардлаас 156.4 тэрбум төгрөгийг тус тус хэмнэсэн бол, 2023 оны төсөвт нэг их наяд төгрөгийн зардлын нөлөөлөл үүсэх байсныг зогсоож чадсан байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалт: Монгол Улсын 2022 оны төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 1376 төсөл, арга хэмжээний 1,697.3 тэрбум төгрөг батлагдсанаас, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1369 төсөл, арга хэмжээний 1,393.7 тэрбум төгрөг, Барих-шилжүүлэх нөхцөлтэй концессын гэрээ байгуулсан төслүүдийн эргэн төлөлтөд долоон төсөл, арга хэмжээний 303.6 тэрбум төгрөг тус тус батлагдсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 2022.12.31-ний байдлаар 1,539.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосноор 90.7%-тай гарсан байна.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ

2022.06.03. Монгол Улс. Улаанбаатар хот. УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.06.03/ хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссоос 2019 онд баталсан төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай жишиг хууль, түүний гарын авлагыг судалж, хуулийн төслөө боловсруулсан бөгөөд энэ нь анхдагч хуулийн төсөл гэдгийг онцолсон. Тэрбээр, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зорилго, хамрах хүрээ, зарчим, нэр томьёо, ойлголтуудыг тодорхой болгож нийтийн зориулалттай дэд бүтцийн болон төрийн үйлчилгээний чиг үүргийг харилцан үр ашигтай нөхцөлөөр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх замаар улс орны дэд бүтэц, нийгэм, эдийн засгийн томоохон зорилтуудыг хэрэгжүүлэх эрх зүйн суурь нөхцөл болон төр, хувийн хэвшлийн түншлэлд төрийн байгууллагуудын бүрэн эрх, чиг үүргийг зааг ялгамжтай тодорхойлж, түншлэлийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой эдгээр байгууллагуудын хоорондын харилцан уялдаа холбоог сайжруулж, санхүү, төсвийн хяналтыг тухай бүр хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхээр тусгасан. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг олон улсын жишигт нийцсэн, хөгжлийн бодлого, төлөвлөлт болон улсын төсвийн хөрөнгө оруулалттай уялдуулан төлөвлөх, түүнд бэлтгэх, төсөлд тавигдах шаардлагыг тусгайлан хуульчлан тусгахын зэрэгцээ  түншлэлийн төслийг олон нийтэд зарлах, мэдээлэх болон төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах үе шатуудтай холбоотой процессын зохицуулалтуудыг тусгасан гэв. Түүнчлэн, хувийн хэвшлийн түншлэгчид тавигдах шаардлагыг томьёолж, түншлэгчийг сонгох, гэрээ байгуулах асуудлыг тодорхой, ойлгомжтой, ил тод байдлыг хангах байдлаар хэрэгжүүлэх зохицуулалт, түншлэгч талуудын чиг үүрэг, эрсдэлийн удирдлага, түншлэлд төрөөс үзүүлэх дэмжлэг болон бусад оролцогчдын чиг үүрэг, ялангуяа төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд салбарын яамны үүрэг, оролцоо, хамтын ажиллагааны талаар нарийвчлан тусгасан бөгөөд цаашид “Барих-Шилжүүлэх” төрлийн богино хугацаатай, үр ашиг муутай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхийг хориглох заалтыг тусгасан болно. Ингэснээр төсвөөс үр ашиггүй концессын төслүүдэд эргэн төлөлт хийдэг байдал арилж, төсвийн ачааллыг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж байлаа. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хүрээнд түншлэгч талуудын нийтлэг эрх ашгийг тэгш бүрдүүлж, урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах, түншлэлийн төслийн эрсдэлийг хуваах, төрөөс үзүүлэх дэмжлэг тодорхой болсноор гэрээний суурь харилцааны хууль, эрх зүйн орчин тодорхой болгох зохицуулалтыг тусгаж, түншлэлийн ил тод байдлыг хангах, төслийн хэрэгжилтэд хяналтын тогтолцоог бүрдүүлэх, төсвийн санхүүжилтийн болон эрсдэлийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх, төслийн үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг хангах зохицуулалтуудыг нарийвчлан оруулсан. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх гомдол шийдвэрлэх асуудлыг тодорхой зохицуулах, үүссэн маргааныг гэрээнд болон хуульд заасан хэлбэрээр шийдвэрлүүлэх зохицуулалтыг тусгасан гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцоллоо. Хуулийн төслийг хэрэгжүүлснээр томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдийг дан ганц төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл тусламжаар санхүүжүүлэх бус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, өрсөлдөөнийг бий болгох, хувийн хэвшлийн ур чадварыг ашиглаж төрийн үйлчилгээг бага зардлаар олон нийтэд илүү хүртээмжтэй хүргэх шаардлага, хэрэгцээг хангах олон улсын жишигт нийцүүлсэн эрх зүйн орчин бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

ОУВС-ЫН ТЕХНИК ТУСЛАЛЦААНЫ БАГТАЙ САНГИЙН САЙД САНАЛ СОЛИЛЦЛОО

2022.03.15. Монгол Улс. Улаанбаатар хот. Сангийн яамнаас “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай” хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн барих гэж байгаатай холбогдуулан Олон Улсын Валютын сангийн техник туслалцааны баг “Төр, хувийн хэвшлийн түншлэл дэх байгууллагуудын тогтолцоо, чиг үүрэг” гэсэн сэдвээр 21 хоногийн хугацаанд техник туслалцаа үзүүлж, хуулийн төсөлд зөвлөгөө өгч ажиллалаа. ОУВС-ын техник туслалцааны багийнхан холбогдох байгууллагуудтай уулзалт зохион байгуулж хуулийн төслийн агуулга, байгууллагуудын чиг үүрэг давхцахгүй, ойлгомжтой байхад анхаарах зүйлийн талаар зөвлөгөө өгч, хамтран ажилласан байна. Тус багийн хамт олонтой Сангийн сайд цахим уулзалт хийж, санал солилцлоо. Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл нь  төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, урт хугацаанд үр ашигтай хамтран ажиллах эрхзүйн таатай орчин бүрдүүлэхэд оршиж байна.

Сангийн сайд Б.Жавхлан Канадын гадаад харилцааны яамны Хойд ази хариуцсан газрын захирал Велдон Эпптой уулзалт хийлээ

2022.03.31. Монгол Улс. Улаанбаатар хот. Сангийн сайд Б.Жавхлан Канадын гадаад харилцааны яамны Хойд ази хариуцсан газрын захирал Велдон Эпп, Канадын гадаад харилцааны яамны Монгол улсыг хариуцсан ажилтан Мишель Д’Эон, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэтрин Ивкофф, болон Канадын ЭСЯ-ны төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.  Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг болон бусад чиглэлээр идэвхтэй хөгжиж байна. Манай хоёр орны энэхүү найрсаг харилцаа нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийтлэг үнэт зүйлст түшиглэн хөгжиж байгаа гэдгийг сангийн сайд Б.Жавхлан онцоллоо. Канадын хөгжлийн хөтөлбөрүүд тухайлбал олборлох салбарын менежментийг сайжруулах, төрийн албыг бэхжүүлэх, эмэгтэйчүүдийг чадваржуулах, хүйсийн тэгш байдлыг хангах зэрэг төслүүд амжилттай хэрэгжиж, манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд чухал хувь нэмэр оруулж байна. 2023 онд Монгол, Канадын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Ойг угтсан хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх олон ажил төлөвлөгдсөнийг уулзалтын үеэр онцолж ярилцлаа.

ЛЮКСЕМБУРГИЙН ИХ ГҮНТ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛИЙГ 2027 ОН ХҮРТЭЛ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

2022.07.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газрын  буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Зүрх судасны үндэсний төвийн хүчин чадлыг сайжруулах, эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн “Зүрх судасны үндэсний төв ба тусламж үйлчилгээг сайжруулах тусламжийн төсөл”-ийг ирэх 2027 он хүртэл үргэлжлүүлэхээр боллоо. Төслийг үргэлжлүүлэх санамж бичигт Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Люксембургийн Их Гүнт улсын Хөгжлийн Хамтын Ажиллагаа, Хүмүүнлэгийн тусламжийн сайд бөгөөд Эдийн засгийн Сайд Ноён Франз Фаё нар гарын үсэг зурлаа. Энэхүү төсөл өнгөрсөн 20 жилийн хугацаанд хэрэгжиж Монгол Улсын хүн амын дундах зүрх судасны өвчлөл, түүнээс шалтгаалсан нас баралтыг бууруулж, эрүүл мэндийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Цаашид Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх судасны төвийн хүчин чадлыг сайжруулах эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр 2027 он хүртэл хамтын ажиллагааны төсөл үргэлжлэх юм. Төслийн хүрээнд зүрх судасны оношилгоо эмчилгээний дэвшилтэд технологийг Манай улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд анхлан нэвтрүүлж, нутагшуулах замаар гадаадад эмчлэгдэх зайлшгүй шаардлагатай өвчний жагсаалтаас зүрх судасны чиглэлийн хүнд хэлбэрийн хоёр өвчнийг хасуулж, ахисан шатны оношилгоо, эмчилгээг иргэд эх орондоо чанартай хийлгэх боломж бүрдсэн.

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗАХИРЛУУДТАЙ  УУЛЗЛАА

2022.09.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Сангийн сайд Б.Жавхлан Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол, БНХАУ, Франц, Швед, Турк, Австрали, БНСУ, Испани зэрэг улсуудыг хариуцсан захирлуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас Монгол Улсад баримтлах түншлэлийн 5 жилийн стратеги, цаашид хөрөнгө оруулж болохуйц салбарууд болон эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа. Монгол Улсын Засгийн газар Европын сэргээн босголт хөгжлийн банк хооронд байгуулсан санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Улаанбаатар-Дарханы зам, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг барих төсөл, Чойр-Сайншандын 230км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл, Улаанбаатар хотын дулааны сүлжээ төсөл, Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал төсөл, Улаанбаатар хотод орлогод нийцсэн ногоон орон сууц төсөл зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр хамтарч ажиллаж байна. Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас Монгол Улсад нийт 2.2 тэрбум ам.долларыг нийт 118 төслийг хэрэгжүүлэхэд олгосон байна.  Нийт 60 гаруй томоохон аж ахуйн нэгжтэй хамтарч ажилласан бөгөөд нийт санхүүжилтийн 82 хувийг хувийн хэвшилд олгожээ. Мөн бизнесийн зөвлөгөө үзүүлэх үйлчилгээнд нь 600 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамрагдсан байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

2022.10.19. Монгол Улс. Улаанбаатар хот. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны /2022.10.18/ хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Ирэх онд Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд төр өөрөөсөө эхлэн хэмнэлт хийхийг нэн тэргүүний зорилт болгож байгаа бөгөөд хууль тогтоомжийг хэрэгжүүлснээр урсгал болон хөрөнгө оруулалт, түүнчлэн гадаад зээлийн ашиглалтын зардлыг оруулан тооцвол нэг их наяд төгрөгийн хэмнэлтийг бий болгож чадсан. Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж инфляц өндөр байгаа энэ цаг үед орлогын эрсдэлд ойрхон байгаа болон бага хэрэглээтэй өрхүүдийн орлогын баталгааг сайжруулахад дээрх хэмнэлтээс бий болсон эх үүсвэрийг зарцуулах боломж бүрдэнэ. Төрийн албаны цалингийн тогтолцоонд шинэчлэл хийж цалин хөлсийг ажилласан жил, бүтээмж, хүрсэн үр дүнтэй уялдуулан уян хатан тогтоодог зарчимд шилжихийг зорьж байна. Энэ хүрээнд төрийн албаны цалингийн нэмэгдэл, шатлалыг үндэслэлтэй, бодитой болгох өөрчлөлтүүд орж байгаа.Түүнчлэн, төрийн албан хаагчийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, хотоос орон нутагт шилжин суурыпих явдлыг дэмжих зорилгоор орон нутгийн нэмэгдлийг 20-оос доошгүй хувиар тогтоож үүн дээр нэмээд тухайн орон нутаг эдийн засгийн нөөцөө боломжит дээд хэмжээгээр ашигласан, орлогоо давуулан биелүүлсэн бол орон нутгийн удирдлага нь төрийн захиргааны албан хаагчдынхаа цалинг 80 хүртэл хувиар нэмэгдүүлэх эрхийг өгснөөр төрийн албан хаагчийн цалин хоёр дахин нэмэгдэх боломжтой болно. Мэргэжлийн хяналтын чиг үүрэг, бүтцийг оновчтой болгон зохион байгуулахтай холбогдуулан эрүүл мэнд, байгаль орчин, уул уурхай, хүнсний аюулгүй байдлын хяналтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай урсгал зардлыг холбогдох яам, агентлагт шилжүүлж, харин төрөөс нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх хяналтыг “Засгийн газрын хяналтыг хэрэгжүүлэх байгууллага” хэлбэрээр зохион байгуулж холбогдох зардлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяанд тусгаад байна. Төрийн үйлчилгээний цахим шилжилтийг эрчимжүүлэх цогц бодлогыг дэмжиж Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын харьяанд Төрийн үйлчилгээг зохицуулах газрыг 174 орон тоо, 5.1 тэрбум төгрөгийн төсөвтэй байхаар тусгалаа. Хувийн хэвшлээр төрийн зарим ажил, үйлчилгээг гүйцэтгүүлж төсвийн зардлыг бууруулах чиглэлээр Засгийн газраас баримталж байгаа бодлогын хүрээнд “Засгийн газрын автобааз” Улсын төсөвт үйлдвэрийн газрыг аж ахуйн тооцоонд шилжүүлж, цаашид орлогоороо зарлагаа нөхөх зарчмаар бие даан ажиллуулахаар тооцлоо. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу төрийн яамд автомашинтай байхыг хязгаарласан. Энэ хүрээнд зайлшгүй хэрэгцээ шаардлагыг харгалзан бүх яамдад тээврийн үйлчилгээний зардалд зориулж 200.0 сая төгрөгийг л төсөвлөөд байна. Ингэснээр шаардлага гарсан тохиолдолд хувийн хэвшлийн авто тээврийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас дуудлагаар хэрэглэдэг болсноор автомашинтай холбоотой тээвэр шатахууны болон засвар үйлчилгээний зардлын 50 орчим хувийн бодитой хэмнэлт бий болно. Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих дээрх төсвийн бодлого хэрэгжсэний үр дүнд эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, инфляцыг жилийн эцэс гэхэд 10 хувиас ихгүй түвшинд барьж, Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн нийт орлого 19.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 20.5 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 1.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий -2.8 хувьд хүрэхээр төсөөлж байна гэлээ. Монгол Улсын 2023 оны төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Сарансүх танилцуулсан юм. Тэрбээр, Улс орны гадаад, дотоод нөхцөл байдал хүндрэлтэй байгаа үед төсвийн болон мөнгөний бодлого, төсвийн зарлага тэлэх, халамжийн бодлогын орон зайн зохистой харьцааг баримтлах оновчтой бодлого хэрэгжүүлэх замаар төсөв, санхүүгийн хямралт үеийг тогтворжуулах, даван туулах шаардлага тулгарсан гэлээ. Төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлт гаргахдаа төрийн аудитын стандартыг баримталж, төсвийн төсөл нь Монгол Улсын хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн эсэх, төсвийн орлого нэмэгдүүлэх, төсвийн зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч Улсын Их Хуралд гурван асуудлыг толилуулж, Засгийн газарт зургаан зөвлөмж өгсөн гээд Төрийн байгуулалтын байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын 2023 оны урсгал зардлын төсвийн төслийн талаар танилцуулсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.Сангийн сайд Б.Жавхлан, Эдийн засгийн хувьд байдал амаргүй байгаа. Эдийн засгийн хүндрэл, тодорхойгүй байдал ирэх жил үргэлжлэх нь. Жилийн өмнө бид өөдрөг төсөөлөлтэй байсан бол одоо эргэсэн. Тийм учраас дэлхий нийтээрээ хамгийн том нийтлэг асуудал болсон инфляцтай хөл зэрэгцэн, бодлого нийлж явахаас өөр аргагүй боллоо. Улс орнуудын Төв банкууд мөнгөний хатуу бодлого руу орж, төсвөө байж болох түвшиндээ хумих бодлого барих нь. Нөгөө талд эдийн засгийн өсөлт гэж чухал асуудал бий. Бид мөнгөний бодлогоо хатууруулж, төсвөө хумиад, өсөлтөө орхивол түүнийгээ эргүүлэн босгоход өндөр үнэ төлөх болно. Тиймээс бүх зүйлийн балансыг барих хэрэгтэй байна. Бидний ирэх жилийн хамгийн том зорилго бол эдийн засгаа тогтворжуулах, дараагийн болзошгүй эрсдлээс сэргийлэх. Ингэж байж дараагийн тогтвортой өсөлтийг бий болгох учиртай. Тиймээс  урсгал зардал, хөрөнгө оруулалтын хувьд тэвчиж болох хэмжээгээр багасгаж, хэмнэх бодого барьж байна. Мөнгөний бодлогын хүрээнд мөнгөний нийлүүлэлтийг барьж болох хэмжээнд багасгаж, олон нийтэд том цохилт болж буй үнийн өсөлт, инфляцыг хязгаарлаж, зорилтот түвшин болох нэг оронтой тоо руу жилийн эцэст оруулья гэсэн зорилтоо чухалчилж байгаа гэв. Ингээд 2023 оны төсвийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүнээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов хэмээжээ.

Сангийн сайд Б.Жавхлан хуулийн төсөл өргөн барив

2022.12.14. Монгол Улс. Улаанбаатар хот. Төрийн ордон.Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас 2005 онд баталж, төрийн худалдан авах ажиллагааг шинэ шатанд гаргах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Гэвч тус хуулийг баталснаас хойш нийгэм, эдийн засгийн өөрчлөлттэй холбогдуулан төрийн худалдан авах ажиллагааны цар хүрээ ихээр нэмэгдэх, бусад салбар хуулиудын шинэчлэлтэй холбогдсон зохицуулалтыг тусгах үүднээс нийт 32 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Монгол Улсын Их Хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, 2020 оны 24 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд худалдан авах ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр зорилтууд тусгагдсан. Тухайлбал, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт худалдан авах ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, үр ашигтай, шударга, ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлж, хяналт, хариуцлагыг дээшлүүлэх зорилтыг хангах чиглэлийн хүрээнд тендер шалгаруулалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх, гэрээ шууд байгуулах аргачлал, шалгуурыг тодорхой болгох, гэрээний үүргээ биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг дээшлүүлэх зэрэг зорилтууд багтсан. Энэхүү зорилтын хүрээнд 2019 онд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд цахим худалдан авалттай холбоотой нэмэлт, өөрчлөлт орсон боловч худалдан авах ажиллагааны бүх үе шатыг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэхэд хангалтгүй байна гэж төсөл санаачлагчид үзсэн байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлангийн судалгаанаас үзэхэд 955 иргэн, аж ахуйн нэгжийн төлөөллийн 94.5 хувь нь цахим системээр тендер шалгаруулалтын мэдээлэл, урилгатай танилцдаг бол, 78.1 хувь нь нэн тэргүүнд цахим системээс тендер шалгаруулалтын үр дүн, захиалагчийн шийдвэрийг хүлээн авдаг байна. Иймд хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хүний оролцоог бууруулах, худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод байдлын нэмэгдүүлэх, шуурхай хялбар тендер шалгаруулалт хийх, хариуцлагын тогтолцоог сайжруулах зэрэг зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, Монгол Улсын хэмжээнд зохион байгуулсан тендер шалгаруулалтын 2017 онд 27 хувь, 2018 онд 89 хувь, 2019 онд 98 хувь, 2020-2021 онд 99 хувийг цахим тендер шалгаруулалтаар зохион байгуулсан байна. Тиймээс тендер шалгаруулалтыг бүрэн цахимаар зохион байгуулах, тендерт оролцогчийн мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны системээс ирүүлж буй мэдээлэлд үндэслэн үнэлэх зохицуулалтыг тусгажээ. Худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх хүрээнд худалдан авах ажиллагааны төлөвлөх үе шатаас гэрээ дүгнэх хүртэл үе шатны мэдээллийг удирдах мэдээллийн нэгдсэн эх үүсвэрийг худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-д төвлөрүүлэн, хөгжүүлэх эрх зүйн үндсийг бий болгосон. Уг цахим системээр зарласан тендер шалгаруулалтад 2000 онд 7093 тендерт оролцогчоос 54.051, 2021 онд 6511 тендерт оролцогчоос 46.489, 2022 онд 4352 тендерт оролцогчоос 28.869 тендер ирүүлсэн байна. Мөн онуудад шалгарсан тендерт оролцогчийн илгээсэн тендерийн хуулиар нууцад хамаарахгүй нийт 92.912 (давхардсан тоогоор) материалтай бусад оролцогчид танилцжээ. Хуулийн шинэчлэлийн хүрээнд тендерт оролцогчоос өөрийн тендерийг нууцлан ирүүлсэн боломжтой тендерийн материалын хязгаарыг тодорхойлох, шалгарсан тендерт оролцогчийн ирүүлсэн материалыг ил тод болгохоос татгалзах тохиолдолд үүсэх эрх зүйн үр дагаврыг төсөлд тусгасан байна. Түүнчлэн худалдан авах ажиллагааны ил тод байдлыг баталгаажуулж нээлттэй мэдээллийг нуун дарагдуулсан албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагыг нэг мөр журамлах, хууль тогтоомж зөрчигдсөн тохиолдолд буруутай этгээдэд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгосон. Тухайлбал, олон нийтээс худалдан авах ажиллагаанд хяналт тавих механизм болох шүгэл үлээх боломжийг цахим системд бүрдүүлжээ. Жил бүр давтагддаг нийтлэг ажил, зөвлөхийн бус үйлчилгээ тухайлбал авто зам засвар, арчлалт, даатгал, хоолны үйлчилгээ зэрэг гэрээг төсвийн жилд үндэслэн байгуулдаг нь төрийн байгууллагын хувьд дээрх гэрээг жил бүр шинэчлэн байгуулах шаардлага үүсгэдэг. Төсвийн жил шинээр эхлэх хугацаатай зэрэгцэн дараагийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулдаг нь ажил, үйлчилгээ тасалдах эрсдэлтэй байдаг. Мөн төрийн байгууллагад үргүй зардал, цаг хугацаа алдах, нэмэлт гэрээ хийх зэрэг нөхцөлийг үүсгэдэг. Нөгөө талаар, хувийн хэвшлийнхэнд богино хугацаатай гэрээ нь бизнесийн үйл ажиллагааг дунд хугацаанд төлөвлөх, хөрөнгө оруулах боломжийг хязгаарладаг. Иймд төрийн байгууллагад шаардлагатай жил бүр давтагддаг нийтлэг ажил, зөвлөхийн бус үйлчилгээг урт хугацаанд авах, барилга байгууламж, оффисын тоног төхөөрөмж, машин механизмын түрээслэх харилцааг боловсронгуй болгох, хэд хэдэн захиалагч хамтран хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг зохион байгуулах асуудлыг зохицуулах боломжтой болох аж. Хуулийн төсөл батлагдсанаар тендер шалгаруулалтын ажиллагаанд ил тод байдал сайжирч, тендерт оролцогчоос тавих хөндлөнгийн хяналт нэмэгдэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдан, улмаар тендер шалгаруулах ажиллагаанд итгэх олон нийтийн итгэл нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж байна гэжээ. 

Сангийн сайд Б.Жавхлан: Монгол Улс дефолт эрсдэлээс бүрэн гарлаа

2023.01.11. Монгол Улс. Улаанбаатар хот. Энэ өдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн урьдчилсан гүйцэтгэл болон Засгийн газрын гадаад өрийн зохицуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд үр дүнгээ өгч төсвийн алдагдал 60 хувиар буурч, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж байна. Экспорт, гадаад худалдаа сайжирч байна. Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа сэргээхэд чиглэсэн боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд 2022 оны нэгдүгээр улиралд -3.9 хувьд хүрч унаад байсан эдийн засаг оны эцэст 4.0 орчим хувьд хүрч сайжирсан байна. 2023 оны эдийн засгийн төсөөлөл илүү эерэг болж байна. Засгийн газраас 2020 онд авч хэрэгжүүлсэн Номад өрийн зохицуулалтын арга хэмжээ, 2021 онд авч хэрэгжүүлсэн Сенчири өрийн зохицуулалтын арга хэмжээний үр дүнд 2022 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр эргэн төлөгдөх хуваарьтай Чингис бондын хоёрдугаар транч болох 10 жилийн хугацаатай, 5.125 хувийн хүүтэй, нийт 1.0 тэрбум ам.долларын дийлэнх хэсгийг дахин санхүүжүүлж, үлдээд байсан 136.8 сая ам.долларын төлбөрийн эргэн төлөлтийг 2022.12.05-нд бүрэн төлж барагдуулсан. Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээлийг эргэн төлүүлэх ажлыг эрчимжүүлснээр 2022 онд 994.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүллээ. Ингэснээр Засгийн газрын баталгаатай Самурай бондын эргэн төлөлтийг төлөх мөнгөн хөрөнгийг 100 хувь бүрдүүлж, цаашлаад 2022 оны эхэнд 1.3 хувь байсан өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт (CAR)-ийг зохистой түвшинд хүргэж тус банк дампуурах эрсдэлээс бүрэн гараад байна. 2023 онд Монгол Улсын Засгийн газрын төлөх бондын өрийн зохицуулалтыг хийх зорилгоор Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам, Монголбанк хамтран шуурхай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн хөрөнгө оруулагчдын цахим уулзалтуудыг хийснээр 2023.01.09-ний өдрийн байдлаар 138 олон улсын хөрөнгө оруулагчдаас буюу Ази, Америк, Европын хөрөнгө оруулагчдаас дөрөв орчим тэрбум ам.долларын захиалгыг ирүүлснээр өмнөх өрийн зохицуулалтын арга хэмжээг амжилттай авч хэрэгжүүллээ. Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Fitch, S&P, Moodys агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг жил бүр үнэлдэг. Энэ хүрээнд Fitch болон S&P агентлагууд 2022 оны зээлжих зэрэглэлийн үнэлгээг тав, долоодугар сард хийсэн бөгөөд олон улсын эдийн засаг Ковид-19 цар тахлын дараах сэргэлтийн арга хэмжээг авч мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж, дэлхий даяар инфляци огцом нэмэгдэж, эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ хүнд цаг үед Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B, тогтвортой төлөвт хэвээр хадгалсан. Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа сэргээх, экспорт, гадаад худалдааг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийг сайжруулах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн, гадаад өрийн зохицуулалт буюу Засгийн газрын энэ жилийн томоохон бондын өрийг төлөх арга хэмжээг авснаар Монгол Улс дефолтоос бүрэн сэргийлж чадлаа гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан онцоллоо.

Ёсзүй, хариуцлагын гэрээ байгуулав

2024.05.29. Монгол Улс. Улаанбаатар хот. УИХ-ын сонгуулийн 5-р тойрог Төвийн бүсийн Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт МАН-аас нэр дэвшигч Болдын Жавхланг илгээж, намын даргатай ёс зүй, хариуцлагын гэрээ байгуулав. Тэрбээр өнгөрсөн хугацаанд 13.3 их наяд төгрөгийн өр дарж, цалин тэтгэвэрийг 2 дахин нэмэгдүүлсэн. Тиймээс төвийн бүст тогтвортой хөгжлийг бий болгож чадна гэж үзэж 5-р тойрогт нэр дэвшүүлжээ. УИХ-ын гишүүн, Сангийн сайд Болдын Жавхлан 1992-1997 онд Монгол Улсын Их Сургуульд Банкны эдийн засагч, 2002-2007 онд Индианагийн их сургуульд Санхүү, эдийн засгийн чиглэлээр суралцсан. 1997-2004 онд Монголбанкинд хянан шалгагч, Банкны хянан шалгагч, 2002-2006 онд Худалдаа хөгжлийн банкинд Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал, 2006-2007 онд Худалдаа хөгжлийн банкны дэд Ерөнхийлөгч, 2010-2015 онд Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч, 2016-2024 онд УИХ-ын гишүүнээр тус тус ажиллажээ. Дархан-Уул аймгийнхан түүнд итгэл хүлээлгэж хоёр ч удаа УИХ-ын гишүүнээр сонгож, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Сангийн сайдаар ажилласан туршлагатай улстөрч, бас эдийн засагч юм. Тэгвэл 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд 5-р тойрогт Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт нэр дэвшиж байна. Тэрбээр энэ удаагийн сонгуульд ногоон, боомтын, эрчим хүчний, аж үйлдвэржилтийн, төрийн, хот хөдөөгийн хөгжилд нэгдье уриатай оролцож байна. УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлангийн намтарыг дарханчууд андахгүй. Б.Жавхлангийн аав Болд Сүхбаатар аймгийн уугуул бол, ээж Энхмандах Говь-Алтай аймгийн уугуул. Харин өөрөө Дархан-Уул хотод өссөн нэгэн билээ. Тиймдээ тэрбээр дарханчуудын итгэлийг хүлээж хоёр ч удаа УИХ-д сонгогдсон юм.

Б.Жавхлан: Хөгжлийн томилолт өвөртлөн ирлээ

2024.06.10. Монгол Улс. Сэлэнгэ аймаг. УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаа өнөөдөр албан ёсоор эхэлж байна. УИХ-ын сонгуулийн 5-р тойрог Төвийн бүсийн Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны нээлтээ Ардын хувьсгалын өлгий нутаг Сэлэнгэ аймгаас эхэллээ. 10 мандат бүхий тус тойрогт Монгол ардын намаас мандат өвөрлөн ирсэн 10 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Болдын Жавхлан ахлан Ард түмний ялалт байгуулахаар ийнхүү сурталчилгааны ажлаа эхлүүлэв. Энэ үеэр УИХ-ын сонгуулийн 5-р тойрог Төвийн бүсэд МАН-аас нэр дэвшигч Болдын Жавхлан: Газарзүй, тээвэр ложистик, төвлөрсөн дэд бүтэц, хүнд, хөнгөн үйлдвэрлэлээрээ өөрийн гэсэн онцлог, давуу талтай Төвийн бүс нутгаа эдийн засгийн төв цэг болгох зорилго доор бид хөгжлийн томилолт аван нэг цул, хүч болон нэгдлээ. Бидний төлөвлөгөөгөөр манай бүс нутаг тээвэр ложистикийн давуу талаа ашиглаж худалдааны чөлөөт бүсүүд дагасан аялал жуулчлал хөгжүүлсэн, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж ирсэн уламжлалаараа эрчимжсэн хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн кластеруудаа өргөжүүлсэн, уул уурхайн баялаг нөөцдөө түшиглэсэн хүнд ба хөнгөн аж үйлдвэрийн цогцолборуудтай, шинжлэх ухаан технологийн төв цэг болох юм. Иргэд сонгогчид та бүхний маань сонголт алсын хараатай онч мэргэн байг гэсэн юм.

Б.Жавхлан: Түнхэл тосгоны уулзалт нээлттэй, чөлөөтэй, халуун дотно болж өнгөрлөө

2024.06.12. Монгол Улс. Сэлэнгэ аймаг. УИХ-ын сонгуулийн 5-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Болдын Жавхлан Сэлэнгэ аймгийн Мандал суманд сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлэв. Мандал сум бол Монгол улсын хамгийн их хүн амтай сум. Мандалчууд 25 мянгуулаа бөгөөд газар тариалан, мал аж ахуй, гар үйлдвэрлэл, хүнс-цагаан идээний үйлдвэрлэл, гурил, зөгий, жимс-ногоо, шингэн хүнс гээд бүх төрлийн үйлдвэрлэл жигд сайн хөгжсөн. Зах зээлдээ хүрэх дэд бүтэц нь бэлэн. Үүнийг улам сайжруулаад, стандарт нэвтрүүлбэл хөгжлөөрөө цойлох газар. Манай нэр дэвшигчдийн баг өнөөдөр Мандал сумаар иргэд сонгогчидтой уулзаж, МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Илэн далангүй, нээлттэй сайхан уулзалт боллоо. Сэлэнгийнхэн ч найрсан ард түмэн юм гэлээ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны иргэдэд олон боломж ч байна, олон асуудал ч байгааг олж харлаа. Засгийн газрын гишүүний хувиар өмнө нь ирээд шийдвэрлээд явсан асуудлыг эргэн санах хүмүүс ч мөн олон аж.

Б.Жавхлан: Төрийн албан хаагчдын цалинг 40-90 хүртэл хувиар нэмэгдүүлэв

2024.06.13. Монгол Улс. Дархан-Уул аймаг. УИХ-ын ээлжит сонгуулийн 5-р тойрогт МАН-аас нэр дэвшигчид хамтдаа Дархан-Уул аймагт ажиллаж, эрүүл мэнд, боловсролын салбарын албан хаагчидттай уулзлаа. Цар тахал болон бусад гадаад, дотоод хүчин зүйлийн нөлөөгөөр -4,2 хувь болтлоо агшаад байсан манай улсын эдийн засаг Засгийн газраас хэрэгжүүлсэн оновчтой, шуурхай арга хэмжээний үр дүнд 2023 оны эцэст 7 хувьд хүрч сэргэсэн юм. Хэдийгээр хүндхэн сорилтууд тулгарсан ч Монгол улс 1990 оноос хойш түүхэндээ анх удаа (хэлбэрийн хувьд хоёр дахь) төсвийн давж биелсэн орлогоороо төрийн албан хаагчдын цалинг 40-90 хүртэл хувиар нэмэгдүүлэв. Мөн анх удаа орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдад 20-40 хүртэл хувийн нэмэгдэл олгож эхэлснээр эдийн засгийн өсөлтийг өрх рүү чиглүүлэв. Мөн тэрбээр Дархан сумын 1,2,3-р багийн иргэд сонгогчидтой хамтдаа уулзлаа. Багийн иргэд дэд бүтцийн, хүн амын олон бүтээн байгуулалт, үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтад баярлалаа гэж талархан угтаж байгаа нь үнэхээр сайхан байлаа. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 1-р баг-Малчин багийг холбосон гүүрээр 15000 хүн 15 км тойрч хүрдэг байсан газраа 500м газраар товчлоод ирдэг болсон. Бодит ажил, бодит бүтээн байгуулалт цаашид ч үргэлжилнэ. Амьдрахад хамгийн таатай хотын иргэд, сонгогчидтой МАН-аас, Монгол улсын Ерөнхий сайдаас илгээлт аван ирсэн 10 нэр дэвшигчид хамтдаа мөрийн хөтөлбөрөө танилцуулж, санал шүүмж сонсож, халуун дулаан угтан авлаа. Дарханчууд ялалтын төлөөл хамтдаа санал нэгтэй, дуу нэгтэй байгаад баяртай байна. УИХ-ын сонгуулийн 5-р тойрогт МАН-аас нэр дэвшигчид хамтдаа Дархан-Уул аймгийнхаа сонгогч иргэдтэй уулзсан, урам зоригтой, халуун дулаан үгтэй, захиа даалгавартай өдөр ийнхүү өндөрлөлөө. 2020-2024 оны хооронд Дарханд маань 920 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, шинээр 14 сургууль, 18 цэцэрлэг, 3 шинэ эмнэлэг баригджээ. Өнөөдрийн байдлаар 6 эмнэлэг шинээр баригдаж буйн нэг нь олон улсын стандартад нийцсэн 3-р шатлалын нэгдсэн эмнэлэг байх жишээтэй. Зөвхөн газар дээрх төдийгүй, газар доогуурх Дархан хот зэрэгцэн сүндэрлэсэн нь одоогийн хүн амын ачааллаас үлэмж хувиар илүү гарсан дэд бүтцийн бүтээн байгуулалт болоод байна. Нийтийн тээврийн хувьд ч үлгэр жишээ үзүүлж, тун саяхан 20 цахилгаан автобусаар парк шинэчлэл хийсэн билээ. Мөн Дархан-Уул аймагт хамрагдах 700 км авто замын сүлжээ бүрэн ашиглагдаж байна.

Солонгын өнгөтэй зэрэгцэн сонгуулиар өрсөлдөж явна

2024.06.16. Монгол Улс. Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 5 дугаар тойрог буюу Төвийн бүсийн Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт Монгол Ардын Намаас УИХ-ын гишүүн, Сангийн сайд Болдын Жавхлан нэр дэвшиж байна. Тэрбээр сонгуулийн сурталчилгаагаа МАН-аас нэр дэвшигчдийн хамт Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт үргэлжлүүлж байна. Хувьтай хүн хур борооноор гэх ардын сайхан мэргэн цэцэн үг бий. Хувь тавилан уу. Хур бороо дагуулсаар Монгол Улсын газар тариалангийн бүс нутаг болох Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт очиж, Солонгын долоон өнгөтэй зэрэгцэн Сонгуулиар олон намтай өрсөлдөж явна. Газар тариалангийн бүс нутгийнхан маань ургац арвинтай байж, сонгууль ч амжилттай явагдах болтугай. Б.Жавхлан Дархан-Уул аймагт өссөн болохоор тэдэндээ хэдийнээ танил нэгэн. Тус аймгийнхан хоёр ч удаа итгэл хүлээлгэж УИХ-ын гишүүнээр сонгосон билээ. Б.Жавхлан ч тэднийхээ итгэлийг алдахгүй, урамыг хугалахгүй, Монгол Улсын Сангийн сайд хүртэл дэвшин ажиллаж, аймаг орон нутагтаа бүтээн байгуулалтыг цөөнгүй ажил хийжээ. Өнгөрсөн хугацаанд гишүүнээр сонгогдон ажиллахдаа хийсэн ажлаа тэдэндээ тайлагнаж, ирээдүйд хийх ажлынхаа мөрийн хөтөлбөрийг танилцуулж явна. Хэдийгээр дарханчууд Болдын Жавхланд хоёр ч удаа итгэл хүлээлгэсэн ч, энэ удаагийн сонгуульд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн иргэд сонгогчдын итгэлийг хүлээх даалгавар намаасаа авсан. Монгол Ардын Нам Болдын Жавхланд хөгжлийн томилолт өвөртлүүлээд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг руу илгээсэн учраас тэрбээр өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, ирээдүйд хийх ажлаа тайлагнахын сацуу өөрийгөө тэдэнд сайтар таниулах нь зүйтэй болов уу. 

Нэр дэвшигчид Орхон, Шарын гол, Хонгор сумын иргэдэд мөрийн хөтөлбөрөө танилцууллаа

2024.06.14. Монгол Улс. Дархан-Уул аймаг.Монгол Улсын Их Хурлын 2024 оны Ээлжит сонгуулийн 5 дугаар тойрог, төвийн бүсэд нэр дэвшигчид 2024.06.14-ний өдөр Дархан-Уул аймгийн Орхон, Шарын гол, Хонгор сумдын иргэд, сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Тэд бүсийн хөгжилд сумдын төрөлжсөн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлийн бодлогоо танилцууллаа. Төвийн бүс Дарханы дэд бүтцийг түшиглэн үйлдвэрлэлийн сэргэлтийг ирэх дөрвөн жилд эхлүүлэхийг зорьж байна. Харин иргэд өнгөрсөн дөрвөн жилд Монгол Ардын Намаас хэрэгжүүлсэн хамгийн үр бүтээлтэй ажлыг 5Ш ажиллагаа болон орон нутагт ипотекийн зээлийг 3 хувь болгосон явдал гэж дүгнэсэн байна. Төвийн бүсэд газар тариалангаас гадна уул уурхай, хүнд хөнгөн үйлдвэрлэлийг хамтад нь хөгжүүлнэ. Шарын гол сум бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэгцээг хангах уурхайтай. Иймээс мөрийн хөтөлбөрт хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээр тусгаад байна. Дархан-Уул аймгийн 60 гаруй жилийн өмнөх аж үйлдвэрлэлийн сэргэлт ирэх 4 жилд төвийн бүсийн хөгжлийг дагаад эргэн ирнэ хэмээн харж байна. Мөрийн хөтөлбөрт тусгасан төвийн бүсийн энэ бодлогыг хэрэгжүүлэхийг бүс нутгийн иргэд дэмжлээ. Дархан-Уул аймгийн Орхон сум нь Монгол Улсын төмс, хүнсний ногооны 19-25 хувийг дангаараа бүрдүүлдэг. Тодруулбал, сумын 1000 гаруй өрх газар тариалан эрхлэн жилд дунджаар 10-13 мянган тонн төмс, хүнсний ногоо, 3 мянган тонн жимс, жимсгэнэ хураан авч зах зээлд нийлүүлдэг. Харин мал аж ахуй эрхэлдэг 500 гаруй өрхтэй. Шинэ хоршоо хөдөлгөөнийг Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт тусгасан нь ирэх жилүүдэд Орхончуудад үр өгөөжөө өгнө гэдэгт итгэж, дэмжиж буйгаа илэрхийлж байв. Энэ өдрийн уулзалт үе дамжсан уурхайчдын өлгий нутаг Шарын гол болон атарчдын өлгий нутаг Хонгор сумдаар үргэлжилсэн юм. Иргэдийн зүгээс Монгол Ардын Намын өнгөрсөн дөрвөн жилд авилга албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, хариуцлага тооцох, нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Засгийн газрын тусгай сангуудаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглан цөлмөсөн явдлыг нийтэд ил болгож, хариуцлага тооцож буйг сайшаан, үргэлжлүүлэхийг хүсэж, багаар нь дэмжин итгэл хүлээлгэхээ илэрхийлэх хүмүүс олон байгаа юм.

Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааг амилуулж иргэд өгөөж хүртэж эхэлсэн 

2024.06.16. Монгол Улс. Сэлэнгэ аймаг. Сэлэнгэ аймагт 2016-2024 онд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 630.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн гэдгийг Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэлэнгэчүүдтэй уулзах үеэрээ хэллээ. Тэрбээр өргөн Сэлэнгээрээ овоглосон Сэлэнгэ нутгийн зон олон та бүхэнтэй дахин уулзаж байгаадаа баяртай байна гээд Монгол Улсын төсөв анх удаа 4 их наяд төгрөгөөр давж биелж, Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааг амилуулж, иргэд өгөөж хүртэж эхэлсэн. Шударга ёсны тэмцэлд ард түмэн ялах уу, авлигачид ялах уу гэх сонголтын өмнө бид ирээд байна. Хулгай, луйвар хийсэн хүмүүс хилийн чанадаас сонгуулийг анхааралтай ажиглаж байгаа. Тэд Ардын Нам ялагдаасай, эхлүүлсэн энэ тэмцлүүд нь үр дүнгүй болоосой гэж байна. Гэхдээ ард түмэн авлигачдаас үргэлж хүчтэй байсаар ирсэн. Тиймээс ард түмэн авлигачдаас хүчтэй гэдгээ харуулж, энэ удаагийн сонгуульд Ардын Нам заавал ялах ёстой гэлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймагт 2021, 2023 онд ирж ажиллаж байсан. Тухайн үед сэлэнгэчүүд орон нутагтаа хийх төсөл арга хэмжээг эрэмбэлж, саналаа өгсний дагуу шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдэж, хэрэгжүүлсэн. Тухайлбал, Алтанбулаг боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд  ачаа тээврийн хэсэг, гадна инженерийн шугам сүлжээ, хатуу хучилттай зам, авто зогсоолын зам талбайн ажлыг ашиглалтад оруулсан. Боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил үргэлжилж байна. Эдийн засгийн дөрвөн жилийн төлөвлөгөөг Алсын хараа-2050 хөгжлийн бодлогод тулгуурлан Бүсчилсэн хөгжлийн реформ нэртэй зарласан. Энэ хүрээнд төвийн бүсийн тэргүүлэх чиглэл бол эрчимжсэн хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, хөнгөн, хүнд аж үйлдвэрлэл, байгаль, бизнес, хил орчмын аялал жуулчлал байх болно гэдгийг Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Ард түмэн нэгдмэл бас хүчтэйг харуулахын тулд дарханчууд та бүхэн Ерөнхий сайдын багийг багаар нь дэмжээрэй

2024.06.19. Монгол Улс. Дархан-Уул аймаг. Дархан-Уул аймагт 2016-2024 онд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 1.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжүүлснийг Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дарханчуудтай уулзах үеэрээ хэллээ. Тэрбээр Монгол Улсын хоёр дахь том хот, Бурхантын Хөндийн дарханчууд, иргэд сонгогчид та бүхэнтэй өнөөдөр дахин уулзаж байгаадаа баяртай байна. Энэ удаа та бид хариуцлагатай сонголтын өмнө байна. Ард түмэн нэгдмэл бас хүчтэй гэдгээ харуулахын тулд дарханчууд та бүхэн Монгол Ардын намыг, Ерөнхий сайдын багийг багаар нь дэмжээрэй гэлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймагт 2021, 2022, 2023 онд ирж ажиллаж байсан. Тухайн үед дарханчууд орон нутагтаа шаардлагатай төсөл арга хэмжээг эрэмбэлж, саналаа өгсний дагуу Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км авто замыг нээж, хууль бусаар хувьчлагдсан Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийг төрийн мэдэлд эргүүлэн авсан. Мөн Дархан арьс ширний цогцолбор байгуулах хүрээнд 180 га газар олгож, төвлөрсөн дэд бүтэц татах ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Дархан хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 2024 оны нэгдүгээр сараас 20 шинэ автобус үйлчилгээнд явуулж эхэлсэн гээд дэд бүтэц, нийгэм, соёлын олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй юм. УИХ-ын сонгуулийн 5-р тойрог төвийн бүсэд Монгол Ардын намаас Б.Жавхлан, Б.Тулга, Ж.Энхбаяр, Д.Өнөрболор, Г.Дамдинням, Ч.Ундрам, Ж.Батжаргал, Н.Лхагвадорж, С.Лүндэг, Б.Цогтгэрэл нар дэвшиж байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед эдийн засаг -4.6 хувиас 7 хувь болж, валютын нөөц 5 тэрбум долларт хүрч, Хөгжлийн банкны өрүүдийг бүрэн төлж, цалин, тэтгэврийг 2 дахин, хөдөөгийн нэмэгдлийг 40 хувиар нэмэгдүүлсэн. Төсөв анх удаа 4 их наяд төгрөгөөр давж биелсэн, Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааныхаа өгөөжийг иргэд хүртэж эхэлсэн. Тиймээс шударга ёсны тэмцлээ үргэлжлүүлж, эхлүүлсэн ажлуудаа дуусгахын тулд төвийн бүсэд Монгол Ардын намаас нэр дэвшиж буй энэ 10 нэр дэвшигчийг багаар нь дэмжиж, үзэл санаандаа, үнэт зүйлдээ үнэнч байхыг Ерөнхий сайд дарханчуудаас хүслээ. 

Монгол Ардын намаас Төвийн бүсэд нэр дэвшигчид Дархан-Уул аймагт ажиллалаа

2024.06.22.Монгол Улс. Дархан-Уул аймаг. УИХ-ын сонгуулийн V тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигчид Дархан-Уул аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. УИХ-ын сонгуулийн V тойрог төвийн бүсэд Монгол Ардын намаас Б.Жавхлан, Б.Тулга, Ж.Энхбаяр, Д.Өнөрболор, Г.Дамдинням, Ч.Ундрам, Ж.Батжаргал, Н.Лхагвадорж, С.Лүндэг, Б.Цогтгэрэл нар дэвшиж байна. Дархан-Уул аймаг эрчим хүч, дулааныхаа 60 хувийг ашиглаж, 40 хувийн нөөцтэй байгаа юм. Гэхдээ бүсчилсэн хөгжилд дээрх нөөц хангалтгүй. Төвийн бүсийг аж үйлдвэржилтийн бүс болгоход эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Үүнээс гадна уулзалтын үеэр Төрийн албанд олон асуудал байгааг иргэд санууллаа. Энэ чиглэлд анхаарлаа хандуулж ажиллахыг иргэд хүсч байв. 

Орон нутагт ажиллах хүчнийг татахын тулд тэдний амьдрах таатай орчныг бүрдүүлнэ

Төрийн байгууллага болон бусад бүх салбарт боловсон хүчин дутагдаж байна. Төвийн бүсийг хүнд хөнгөн үйлдвэрлэлийн бүс нутаг болгоход яах аргагүй ажиллах хүч чухал. Тиймээс орон нутагт  мэргэшсэн мэргэжлийн хүмүүсийг татахын тулд тэдний амьдрах таатай орчныг бүрдүүлэх хэрэгтэйг нэр дэвшигчид онцоллоо. Мөн хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүчин дутмаг байгаа учир бодлогоор бэлтгэх шаардлагатай байгааг хэлж байлаа. 

Төвийн бүсэд жижиг, дунд бизнес эрхлэхэд татварын бодлогоор дэмжинэ

Иргэд өөрсдийн орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэхийн тулд жижиг дунд бизнес эрхлэх сонирхол их байна. Гэтэл тэдэнд татвар дарамт болж байна. Тэгвэл дээрх асуудлын гарц шийдлийг Монгол Ардын нам мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Өөрөөр хэлбэл, төвийн бүсэд бизнес эрхлэхэд татварын бодлогоор дэмжин ажиллана гэв. Дархан, Сэлэнгэ, Төв аймагт өөр аль ч бүсэд байхгүй эдийн засгийн олон тулгуур бий. Энэ нөөц боломжоо ашиглан төвийн бүсээ хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө МАН-д байгаа учраас энэ удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжинэ гэдгээ иргэд илэрхийлж байна.

Ард түмэн хүчтэй гэдгээ нотолж, Ардын намыг сонгоорой

2024.06.26. Монгол Улс. Төв аймаг. Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймгийн иргэд сонгогчидтой уулзлаа. Тэрбээр Өнөөдөр Та бид ардчилсан хувьсгалын анхны үнэт зүйлийг эргүүлэн авчрах шударга ёсны реформд улс үндэстнээрээ нэгдэж, төлөвшсөн ардчиллын хоёр дахь давалгааг эхлүүлэх шаардлагатай байна. Албан тушаалд нүдээ сохолж, амин шуналаар үнэт зүйлээ худалдаж, ардчилсан хувьсгалын үзэл санаанаас урвасан нөхдүүдэд ард түмэн хүчтэй гэдгээ нотолж, Ардын намыг сонгоорой гэлээ. Төвийн бүсийн тэргүүлэх чиглэл бол эрчимжсэн хөдөө аж ахуй, хүнсний болон хөнгөн, хүнд аж үйлдвэрлэл, байгаль, бизнес, хил орчмын аялал жуулчлал юм. Тиймээс  Төв аймаг – Улаанбаатар хоттой хоршиж хөгжинө гэдгийг Ерөнхий сайд онцлоод УИХ-ын сонгуулийн 5-р тойрог төвийн бүсэд Монгол Ардын намаас нэр дэвшиж буй Б.Жавхлан, Б.Тулга, Ж.Энхбаяр, Д.Өнөрболор, Г.Дамдинням, Ч.Ундрам, Ж.Батжаргал, Н.Лхагвадорж, С.Лүндэг, Б.Цогтгэрэл нарыг багаар нь дэмжихийг уриаллаа. Төв аймагт 2016-2024 онд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Ерөнхий сайд 2021, 2023 онд тус аймагт ажилласан. Тус аймагт 2021 оноос хойш:

  • 9 сургууль, 9 цэцэрлэг, 8 дотуур байр,
  • 5 соёл спортын төв, Үндэсний археологийн музей,
  • 7 сумын эрүүл мэндийн төв,
  • 2 сумын нутгийн удирдлагын ордон зэрэг 43 барилга шинээр барьж эхэлснээс 30 нь ашиглалтад орсон.
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн 50 ортой төрөх нярайн клиник ашиглалтад орсон.
  • Зуунмод дэд станцын хүчин чадлыг өргөтгөх болон шинэ дэд станцын барилга угсралтын ажил хийгдэж, дуусах шатандаа орсон.
  • Нутгийн зам төслийн хүрээнд Заамар, Угтаалцайдам, Цээл сумын чиглэлийн 122 км хатуу хучилттай авто замыг шинээр барих төсөл хэрэгжиж байна.

Харин ирэх дөрвөн жилд Хөшигийн хөндийд ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулна. Бөөрөлжүүт-Сэргэлэн чиглэлийн 87.2 км цахилгаан дамжуулах агаарын шугам, Бөөрөлжүүтийн 300МВт-ын  дулааны цахилгаан станц барихаар МАН мөрийн хөтөлбөрөө тусгажээ. Эхлүүлсэн ажлыг нь үргэлжлүүлэхийн тулд Ерөнхий сайдын багийг багаар нь дэмжихээ Төв аймгийн сонгогчид уулзалтын төгсгөлд хэлэв.

УИХ-ын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдож, Сангийн сайдаар улиран томилогдов

2024.07.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Болдын Жавхлан дэвшсэн тойрогтоо үнэмлэхүй ялалт байгуулж 3 дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдов. Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. Монгол Улсын Үндсэн хуулийн 39.4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23.1.2-т Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ, Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна гэж заасан бүрэн эрхийн хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдээ томиллоо. Засгийн газрын бүтэц болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулиар Засгийн газрын бүрэлдэхүүнийг 22 сайд, 16 яамтай байхаар баталсан юм. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Болдын Жавхланг томилжээ. 

ӨР ХӨРВҮҮЛЭХ ХЭЛЭЛЦЭЭР-Т ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2024.12.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк (KfW) болон Глобаль сан хоорондын 29.0 сая еврогийн “Өр хөрвүүлэх хэлэлцээр”-т Сангийн сайд Б.Жавхлан, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банкны Зүүн ба Зүүн Өмнөд Ази бүс хариуцсан Захирал Франк Боне, тус банкны Ерөнхий Портфолио Менежер Андреа Годон, Глобаль сангийн Гүйцэтгэх захирал Питер Сандс нар гарын үсэг зурлаа. Монгол Улсын Засгийн газраас ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банканд төлөх 29 сая еврогийн зээлийн эргэн төлөлтийг буцалтгүй тусламж болгон хөрвүүлж, уг санхүүжилтийг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт зарцуулах боломж энэхүү хэлэлцээрийн хүрээнд бүрдэж байна. Монгол Улс түүхэндээ анх удаа өр төлбөрийг буцалтгүй тусламж болгон хөрвүүлэх хэлэлцээрийг амжилттай байгуулж санхүүгийн үүсмэл хэрэгслийг ашиглах шинэ суурь тавигдлаа6

ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТАЛААР ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭНТЭЙ САНАЛ СОЛИЛЦОВ

2025.02.21. Монгол Улс. Улаанбаатар хот. Төсвийн хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулах хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл гүйцэтгэгч аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхэн оролцсон юм. Сангийн сайд Б.Жавхлан хэлэлцүүлэгт оролцож, үг хэллээ. Тэрбээр, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2016-2024 онд давхардсан тоогоор 9533 гаруй төсөл хэрэгжүүлж, 14.6 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон байна. Жилд дунджаар 2500 гаруй ААН-тэй гэрээ байгуулагдаж, 36000 гаруй ажлын байр тогтмол хадгалдаг. Төсвийн хөрөнгө оруулалтын явц, хэрэгжилт, үр дүнг дүгнэж үзэхэд зарим төслүүд олон жил үргэлжилж, их хэмжээний нэмэлт санхүүжилт шаардаж, түүнээс үүссэн дийлэнх эрсдэлийг төр хариуцаж ирсэн байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төслүүдийг хэрэгжүүлэгчид бол хувийн хэвшлийнхэн та бүхэн юм. Энэ утгаараа хөрөнгө оруулалтын бодлого, шинэчлэл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар та бүхэнд танилцуулж, санал солилцох нь зүйтэй гэж үзлээ гэв. Сангийн яамны хөрөнгө оруулалт, хөгжлийн санхүүжилтийн газрын дарга Ж.Дэлгэржаргал, Төсвийн хөрөнгө оруулалтын тухай хуулийн үзэл баримтлал үндсэн 5 зорилтод чиглэж байна. Нэгдүгээрт, гадаад зээл, улсын төсөв, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт зэргийг оновчтой хуваарилж, хөрөнгө оруулалтын үр ашгийн нэмэгдүүлж, төсвийн ачааллыг бууруулах,хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын төсөвт өртгөөс нь шалтгаалж таван түвшинд ангилах, гуравт, хөрөнгө оруулалтын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсвийг ойлгомжтой, тодорхой болгох,дөрөвт, хөрөнгө оруулалтын төлөвлөлтөөс эхлээд өмчийг бүртгэх, улмаар ашиглах хэмжээнд хүртэлх бүх үе шатуудыг тодорхой хуульчлах шаардлагатай байна.Харин тавдугаарт нь, дижитал шилжилт буюу хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан эх өгөгдлийг ашиглах зорилт тавьж байна гэв.Ийнхүү Төсвийн хөрөнгө оруулалтын тухай хуулийн үзэл баримтлалыг танилцуулсны дараа хөрөнгө оруулалтын бодлого, шинэчлэл, тулгамдаж буй асуудлын талаар хувийн хэвшлийнхэн санал, бодлоо илэрхийлжээ.

Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

2025.05.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.05.16) Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн барилаа.Тус хуулийн төсөл нь Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийн эх үүсвэрээр “Эрчим хүч-3 төсөл” буюу Багануур-Чойр чиглэлийн 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг 220 кВ-ын хоёр хэлхээт болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, Багануур, Чойр дэд станцуудыг өргөтгөх юм. Ингэснээр бүс нутгийн өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй эрчим хүчний найдвартай ажиллагаа, тогтвортой байдлыг хангах ач холбогдолтой хэмээн Сангийн сайд Б.Жавхлан онцоллоо. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны дараа Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томилохдоо Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилт, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, зохион байгуулах чадавх, танхимын зарчмаар ажиллах чадвар, хариуцсан салбар, ажил үүргийг гүйцэтгэх чиглэлээр хуримтлуулсан туршлага, мэргэжил, ёс зүйн болон хариуцлагатай байдал зэргийг харгалзан үзжээ. Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрх, Засгийн газрын дотоод зохион байгуулалтын хүрээнд Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, 20 минутын хот Үндэсний хорооны даргын эрхлэх асуудлыг давхар хариуцуулан гүйцэтгүүлэх бүрэн боломжтой гэж үзсэн байна.

Элсэн дугуй ХХК, dailypost.mn | Newsphere by AF themes.
Translate