Монголбанкны Хяналтын зөвлөлийн мэдээллийг сонсов

2025.04.01. Монгол Улс. Улаанбаатар хот. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.04.01) хуралдаан 11 цаг 13 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.Эхлээд Монголбанкны Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны талаарх Монголбанкны дэд ерөнхийлөгч, тус зөвлөлийн даргын мэдээллийг сонсов. Монголбанкны Хяналтын зөвлөл нь 2025 оны эхний улиралд 7 удаа хуралдсан болохыг Төв банкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван танилцуулаад, Улсын Их Хурлын 2003 оны 39 дүгээр тогтоолоор баталсан “Монголбанкны Хяналтын зөвлөлийн ажиллах журам”-ын 6.2 дахь заалттай холбоотой саналыг танилцуулсан юм. Үргэлжлүүлэн Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга Н.Ууганбаатар тус зөвлөлийн үйл ажиллагааны талаар товчхон танилцуулав. Зөвлөл улиралд нэг удаа хуралдах зохицуулалттай ч шинээр байгуулагдсан учраас тайлант хугацаанд 7 удаа хуралдаж, Хяналтын зөвлөлийн 2024 онд үйл ажиллагаа, үр дүнтэй танилцахын хамт 2025 оны ажлын төлөвлөгөөгөө батласан байна. Мөн Монголбанкны дотоод аудит, хөндлөнгийн аудит, нөөцийн удирдлага, санхүү бүртгэл, хууль эрх зүй, хяналт шалгалт, банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газруудын мэдээлэлтэй танилцжээ. Түүнчлэн хуулиар хүлээсэн үүргээ үр дүнтэйгээр хэрэгжүүлэхэд Монголбанкны удирдлагатай хэрхэн үр өгөөжтэй, зохистой харилцаж ажиллах талаар хэлэлцэж, Төв банкны засаглал, бүтэц зохион байгуулалтын өнөөгийн байдал, энэ чиглэлээр олон улсын байгууллагуудаас өгсөн санал зөвлөмж, хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөртэй танилцсан байна. Мөн зээлийн хүүг бууруулаx чиглэлд 2011-2023 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний агуулга, боловсруулсан аргачлал, үр дүнг судалсан гэв. Эдгээрийн үр дүнд Хяналтын зөвлөлөөс гаргахаар төлөвлөж буй санал, дүгнэлт, зөвлөмжүүдийн талаар нэгбүрчлэн дэлгэрэнгүй тайлбар хийсэн юм. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 381.1 заалтыг хэрэгжүүлэх талаар эрх бүхий байгууллагуудтай хамтран идэвх чармайлт гарган ажиллаx; Хөндлөнгийн аудитын тодорхой зөвлөмжийг хэрэгжүүлэх; Эрсдэлийн удирдлагын нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх, ОУВС-ийн ELRIC аргачлал зэрэг түгээмэл арга хэрэгслийн хүрээнд цогцоор нь эргэн харж боловсронгуй болгох шаардлагатай байгаа талаар Хяналтын зөвлөлийн дарга Н.Ууганбаатар хэлж байв. Түүнчлэн засаглалын хяналт, тэнцлийг хангах буюу дотоод аудит, дотоод хяналтын үйл ажиллагааны бие даасан хараат бус байдлыг хангах, дотоод хяналтын үйл ажиллагааны үр дүнтэй байдлыг нэмэгдүүлэx; Дотоод аудитын газар, Эрсдэлийн удирдлагын алба зэрэг үндсэн чиг үүргийн газруудад тогтмол 2-3 хүний орон тоо дутуу байгааг анхаарах шаардлагатай хэмээгээд холбогдох тайлбар хийв. Мөнгө угаахтай тэмцэх хяналт шалгалтын ажиллагаа нь Хяналт шалгалтын газар, Санхүүгийн мэдээллийн алба гэсэн нэгжүүдэд зэрэгцэн хэрэгжиж байгаа нь чиг үүргийн давхцал байгаа эсэхэд үнэлгээ хийн тогтооx, тогтвортой ногоон хөгжлийн талаарх нэгдсэн бодлогын нэгж хариуцсан ажилтан одоогоор томилогдоогүй байгаад анхаарах зэргийг тодотгож байлаа. Энэ үеэр “Монголбанкны Хяналтын зөвлөлийн ажиллах үйл ажиллагааны журам”-д оруулах өөрчлөлтийн талаар саналыг танилцуулсан юм. Үргэлжүүлэн тулгамдаж буй сорилтууд болон 2025 оны үйл ажиллагааны чиглэлийн талаар тэрбээр Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм. Энэ онд тус зөвлөл нь холбогдох хууль, журaмд нийцтэй байдлаар хяналтын үйл ажиллагааг тогтмол, Монголбанкны үйл ажиллагаанд хүндрэлгүйгээр хэрэгжүүлж, хараат бусаар дүгнэлт, санал, зөвлөмж гарган танилцуулаxаар төлөвлөжээ. Мөн зөвлөлийн гаргасан дүгнэлт, зөвлөмжийн тэнцвэрт байдал болон шийдвэрийн хэрэгжилтийн үр дүнтэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанкны удирдлагатай улирал бүр тогтмол уулздаг шинэ жишиг тогтооxоор зорьж байгаа гэв. Өмнөx үе үеийн зөвлөл болон бидний энэ үед тулгарах сорилтыг даван туулах, үйл ажиллагаагаа боловсронгуй болгоx, Төв банкны хяналт, засаглалын тогтолцоог шат ахиулах зорилгоор Төв банкны тухай хуулийн 271.1 заалт болон 2003 онд батлагдсан Зөвлөлийн үйл ажиллагааны журамд өөрчлөлт оруулаx саналыг УИX-д хүргүүлнэ гэлээ. 2011-2023 онд хэрэгжүүлсэн зээлийн хүү бууруулаx дөрвөн бодлогын бичиг баримтын талаар дүгнэлт гарган УИX болон Монголбанкны удирдлагад хүргүүлэx, энэ чиглэлд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох дараагийн бодлогын баримт бичигт саналаа өгөx юм байна. Үргэлжлүүлэн зээлийн хүүг бууруулаx чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар тайлбар, дүгнэлт болон цаашид Хяналтын зөвлөлийн зүгээс анхаарах асуудлуудаа танилцуулсан. Дээрх мэдээллүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүү асуулт асууж,ажлын хэсгээс мэдээлэл, тайлбар, хариулт авав. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2025 оны 3 дугаар сарын хурлаараа бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 12 хувьд хүргэсний нөлөөний талаарх тодруулгад Г.Энхтайван дэд ерөнхийлөгч хариулахдаа “Энэ шийдвэр зээлийн орчинд илт нөлөө үзүүлнэ. Төв банкны бодлогын арга хэмжээ болон бодлогын хүүгийн өөрчлөлтийн нөлөө 3-4 улирлын дараа зах зээлд илэрдэг. Бодлогын хүү өөрчлөгдөхөөс өмнө зээлийн жигнэсэн дундаж хүү 17.1 хувьтай байсан. Бодлогын хүүгийн өөрчлөлтөөс хамаараад өөрчлөгдөнө. Төв банкны эдийн засагчид тооцоолоход бодлогын хүү 1 хувиар нэмэгдэхэд зээлийн хүүд 0.7 орчим хувийн нөлөө үзүүлдэг гэжээ” хэмээн хариулав. Мөн гишүүдийн лавласны дагуу гадаад валютын албан нөөц, валютын зах зээлд интервенц хийх замаар оролцож буй арга хэмжээний үр нөлөөний талаар мэдээлэл өгсөн. Хяналтын зөвлөл нь хараат бусаар ажиллах, дунд болон урт хугацааны мөнгөний бодлогын чиглэлээр дорвитой ажиллах боломжтой институт учраас томилогддон ажиллах нийт хугацаа буюу зургаан жилийнхээ төлөвлөгөөг гаргах боломжтой эсэхийг гишүүд асууж байв. Холбогдох хууль, журмын хүрээнд үйл ажиллагаагаа төлөвлөсөн болохоо Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга Н.Ууганбаатар тайлбарлаад, шинээр байгуулагдсан зөвлөл учраас дунд хугацааны төлөвлөгөө гаргаж амжаагүй байгаа гэлээ. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон хэтийн төлөвтэй холбогдуулан Монголбанк болон Монголбанкны Хяналтын зөвлөл Засгийн газарт төсвийн бодлогын талаар зөвлөмж өгч, үр дүнтэй ажиллахыг хүсэхэд эрх зүйн орчин хязгаарлагдмал гэдэг тайлбарыг өгч байв. Зээлийн хүүг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үр нөлөөний талаар судалгаатай нь холбоотой байр сууриа гишүүд илэрхийлж, энэ чиглэлээр Монголбанкны Хяналтын зөвлөлөөс авч хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээний талаар, зээлийн хүүг бууруулахын тулд арилжааны банкуудад ямар хөшүүрэг шаардлагатай гэж үзэж байгааг тодруулсан. Арилжааны банкуудын зээлийн үйл ажиллагааны талаар нягтлан судлах шаардлагатай гэдгийг Хяналтын зөвлөлийн дарга илэрхийлсэн. Моннголбанкны Хяналтын зөвлөлөөс ойрын хугацаанд арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзалт хийхээр төлөвлөөд байгааг энэ ташрамд дурдаж байв. Ийнхүү мэдээлэл сонссны дараа Монголбанкны Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны талаарх Монголбанкны ерөнхийлөгчийн саналыг холбогдох журмын хүрээнд шийдвэрлэхийг үүрэг болгоод, ойрын хугацаанд тус зөвлөлийн үйл ажиллагааны журмыг шинэчлэх саналаа ирүүлэхийг Байнгын хорооны дарга Р.Сэддорж чиглэл болгосон гэжээ.