3 сар 25, 2025

У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах Цэнхэр алт хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон

У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон

2025.03.21. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цэнхэр алт” үндэсний хоёрдугаар чуулганыг “Мөстөл, мөсөн голоо хамгаалъя” уриан дор Төрийн ордонд зохион байгуулж байна. Чуулганаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход усны нөөцийн нэгдсэн менежментийн тулгамдаж буй асуудал, усны нөөцийн жигд хуваарилалтыг шийдвэрлэх арга зам, мөстөл, мөсөн гол, цэвдгийн төлөв байдал, хайлалт, өөрчлөлт, ирээдүйн хандлага болон усны салбар дахь төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа,  цаашдын зорилтыг хэлэлцэх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулганыг нээж үг хэллээ. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөр ган гачиг, усны үер, мөстлийн  хайлалт эрчимжин, усны нөөцөд сөрөг нөлөө үзүүлж, хязгаарлагдмал усны нөөц, ус ашиглалт, бохирдол зэрэг нь тулгамдсан асуудал болоод байна. Тухайлбал Алтайн уулсын мөнх цас, мөсөн голын талбай 1940 оноос хойш 40 орчим хувиар багасжээ. Тиймээс Ерөнхийлөгч, мөнх цас, мөсөн голыг хамгаалж, мөстлийн хайлалтын усыг хуримтлуулах, цаашид үүсэх боломжит нууруудыг тооцоолох, мөстлийг хайлуулахгүй хадгалах технологи нутагшуулах, усны бохирдлыг бууруулах, бохир усыг цэвэршүүлэх, дахин ашиглах тогтолцоо нэвтрүүлэх ёстой гэж үздэгээ хэллээ. Мөн усны салбарын зорилт, төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд салбарынхны санал, санаачилга, манлайлал, төр, засаг, хувийн хэвшил, олон улсын байгууллагын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухал байгааг тэмдэглэлээ. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилготой “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт” хөдөлгөөн хэрэгжиж байгаа. Одоо усны салбарт “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой гэж үздэгээ илэрхийллээ. үздэгээ илэрхийллээ. Мөн уул уурхайн томоохон аж ахуйн нэгжүүд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд амласан модоо эрчимтэй тарьж, ургуулах нь чухал байгааг санууллаа. “Цэнхэр алт” үндэсний хоёрдугаар чуулганаар хэлэлцсэн асуудал болон “Нэг нуур, Нэг сум-333 нуур”, “Дусал бүр” уриалгыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх зэргийг хэлэлцэн зөвлөмж гаргана. Чуулганд усны салбарын төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагын 1,200 гаруй хүн оролцож байна гэжээ.

Усаа хэмнэхээр тарифаа нэмэгдүүлэв

2008.12.24. Монгол Улс. Улаанбаатар хот. Германд нэг литр ус хамгийн өндөр өртөгтэй буюу 2.25 ам.долларын ханштай байхад, Америкт 66 цент, Хятадад 48 цент, Монголд 8 центийн дундаж ханштай байна гэсэн судалгаа хэдэн жилийн өмнө гарч байлаа. Ус бол хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ. Усгүйгээгээр хүн нэг өдөр ч амьдрах боломжгүй. Усгүйгээр ямар ч бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй. Тиймээс ус ямар ч үнэт металлаас илүү үнэ цэнэтэй байх ёстой гэж эрдэмтэд үздэг юм. Сүүлийн жилүүдэд булаг, шанд, гол, горхи ихээр ширгэх болсон тул ундны усыг хэмнэх нэрийдлээр цэвэр, бохир усны үнэ тарифыг 2008.09.01-ний өдрөөс нэмэгдүүлж байсан юм. Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрынхан үүнийг үндэслэлгүй үнийн хөөрөгдөл байсан гэж үзэх нь тэр. Энэ тухай тэр үеийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Төмөрбаатар: Ус сувгийг удирдах газар Шударга өрсөлдөөний хуулийн 16.1.2-т заасан зүйл заалтыг зөрчиж, усны үнэ тарифыг өөрчлөхдөө зөвшөөрөл авалгүй шийдвэр гаргасан байгаа. Энэ байгууллага Улаанбаатар хотод монополь аж ахуйн нэгж гэсэн бүртгэлтэй явдаг. Улсын байцаагч ажиллаад үнэ тарифаа буруу тогтоосон, мөн зөвшөөрөл аваагүй байна гэсэн хоёр шалтгаанаар улсын байцаагчын албан шаардлага хүргүүлсэн. Ус сувгийн удирдах газар энэ шаардлагын дагуу үнээ хянуулсан. Тэд хэрэглээний цэвэр усыг 1000 төгрөгөөр, хэрэглэсэн бохир усыг 2000 мянган төгрөгөөр үнэлсэн байсан. Манай улсын байцаагч хяналт шалгалтын явцад зах зээл дээрх үнийн судалгааг хийж, цэвэр ус 550 төгрөг, хэрэглэсэн бохир ус 650 төгрөг байхаар үнийг тогтоож мөрдүүлсэн. Ингэснээр уг тогтоосон үнээр үйлчилгээгээ үзүүлж байгаа гэсэн тайлбарыг 2008.12.24-ний өдөр өгсөн юм. Ус сувгийн удирдах газар монополь байгууллага гэдэг статустай учраас үнэ тарифаа нэмэхдээ Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас эхлээд зөвшөөрөл авах ёстой байжээ. Гэтэл энэ байгууллагаас зөвшөөрөл аваагүйгээс гадна, мэдэгдэлгүйгээр үнэ тарифаа өөрчилсөн байжээ. Ингэхдээ ус ихээр ашигладаг уул уурхайн компани, бассейн, саун, зочид буудал, хими цэвэрлэгээ, халуун ус, машин угаалгын газар, арьс шир боловсруулах үйлдвэр, спирт, архи, пивоны үйлдвэрүүдийн хэрэглээний усны үнийг огцом нэмэгдүүлсэн байжээ. Тодруулбал, дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд нэг шоо метр цэвэр усанд 1000 төгрөг, харин бохир усанд 2000 төгрөг төлөх болоод даруй гурван сарыг ардаа орхижээ. Энэ үнээ буулгахыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан 2008.12.02-ны өдөр Ус сувгийн удирдах газарт хүргүүлжээ. Энэ дагуу Ус сувгийн удирдах газар дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн усны хэрэглээний үнийг буулгасан байна. Үүнээс гадна, 2008.09.01-ний өдөр айл өрхийн цэвэр, бохир усны хэрэглээний үнэ 230 төгрөг болж өсөөд байсан юм. Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан орон сууцны айл өрхийн цэвэр, бохир усны үнийг нэмэгдүүлэхгүй байх шаардлагыг Ус сувгийн удирдах газарт мөн хүргүүлсэн байна. Энэ дагуу 2008.12.02-ны өдрөөс орон сууцны айл өрхийн хэрэглээний усны үнийг мөн бууруулжээ. Ингэж орон сууцны айл өрхүүд өмнөхийн адил нэг шоо метр цэвэр, бохир ус 80-100 төгрөгөөр хэрэглэх бололцоо бүрдсэн аж.

Монгол улс дэлхийн усны нөөцийн багахан хувийг эзэлдэг

2011.03.16. Монгол Улс. Улаанбаатар. Дэлхийн усны нөөц 1386.0 сая шоо киллометрээр хэмжигдэж байгаагаас ердөө 2.5 хувь нь цэнгэг ус гэлцдэг. Манай улсын тухайд усны нөөцөөрөө дэлхийн усны нөөцийн багахан хувийг эзэлдэг. Тухайлбал, манай улсын усны нөөц дэлхийн усны нөөцийн 1 хувьд ч хүрэхгүй байгаа юм. Сүүлийн жилүүдэд булаг, шанд, гол, горхи ихээр ширгэх болсон нь хэн хүний санааг чилээх асуудлын нэг болсон. Дэлхийн цаг уурын дулаарал, хүний зохисгүй үйл ажиллагаанаас болж, сүүлийн жилүүдэд манай улсын гадаргын усны нөөц ийнхүү багасч байгаа юм. 2007 онд явуулсан гадаргын усны тооллогоор 852 гол горхи, 1181 нуур тойром, 2277 булаг шанд, 60 рашаан ширгэсэн судалгаа гарчээ. Ирээдүйд цэвэр усны гачигдалд орохгүйн тулд амьдралыг тэтгэгч чандмань рашаанаа хэмнэх шаардлага тулгарсаар ирсэн. Наад захын шүдээ угаахдаа 5-10 литр ус, усанд орохдоо 150-250 литр ус урсгадаг үлэмж хэрэглээгээ танах шаардлага бий. Ер нь манай улс жилд 500 сая шоо метр ус хэрэглэдэг байна. Үүний 20 гаруй хувийг уул уурхайн компаниуд хэрэглэдэг гэх албан бус судалгаа бий. Өөрөөр хэлбэл, уул уурхайн компаниуд жилд 100 сая шоо метр ус хэрэглэдэг байна. Тэд хамгийн их ус хэрэглэдэг салбар ч, айл өрхөөс хямд үнээр уг түүхий эдийг ашиглаж байна гэх шүүмжлэл хэдэн жилийн өмнө гарч байлаа. Тухайлбал, уул уурхайн компаниудын ашиг орлогыг иргэдтэй харьцуулахад хэдэн зуу дахин их. Гэтэл иргэдээс 10 дахин бага үнээр ус ашигладаг тухай ярих хүмүүс байсан юм. Үүгээр авч үзвэл хэтэрхий шударга бус мэт. Энэ тэгш бус байдлыг арилгах боломж бий эсэхт тэр үеийн Усны газрын дарга Батбаяр: Уул уурхайн компаниуд иргэдээс хэд дахин бага үнээр ус хэрэглэдэг гэж иргэний нийгмийн байгууллагууд шүүмжилж байна. Гэхдээ бодит байдал дээр тийм биш гэсэн тайлбар өгч байсан юм. Өөрөөр хэлбэл, иргэний нийгмийн байгууллагуудын шүүмжлэлийг усны газрынхан үгүйсгэсэн юм. Үүнээс гадна, ноос ноолуур, арьс шир, өлөн гэдэг боловсруулах үйлдвэр, машин угаалгын газраас гарсан бохир ус зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин их байдаг байна. Их хэмжээгээр бохирдсон усыг цэвэршүүлэх байгууламжаар цэвэршүүлдэгч, 100 хувь бүрэн цэвэршдэггүй аж. Ийм ус гол руу нийлүүлдэг нь байгаль орчинд ихээхэн хэмжээний хор хөнөөл үзүүлэх нь мэдээж. Үүнд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан: Ус бохирдуулагч аж ахуйн нэгжүүд дэргэдээ ус цэвэрлэх байгууламжтай болох ёстой. Тийм шаардлагыг ноос ноолуур, арьс шир, өлөн гэдэс боловсруулах үйлдвэрүүдэд хүргүүлээд байна гэсэн тайлбарыг 2008.12.24-ний өдөр өгч байсан юм. Ийнхүү хэрэглэсэн усаа цэвэршүүлж, эргүүлэн ашигладаг технологи руу шилжих шаардлага тулгарч байсан юм.

Хариулт үлдээнэ үү