Mонгол, Арабын харилцаа

Ерөнхий сайдыг АНЭУ-д айлчлахыг урив
2018.10.10. Монгол Ул. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Абдулла Аль-Тунэйжисийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ерөнхий сайд У.Хүрэлсүхийг АНЭУ-ын ерөнхий сайд өөрийн оронд албан ёсны айлчлал хийхийг урьж, урилга илгээснийг гардуулж өгөв. Ерөнхий сайд Монгол, АНЭУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, үүнд элчин сайдын үүрэг оролцоо, хичээл зүтгэл их гэдгийг тэмдэглэв. Тухайлбал, Абу Дабигийн хөгжлийн сантай эхлүүлсэн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, ялангуяа Монголд дэд бүтэц, зам барилга, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт хөрөнгө оруулалт хийх боломж байгааг тэмдэглэн дэмжиж ажиллахыг хүсэв. Элчин сайд АНЭУ-ын компаниуд Монголд хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахад бэлэн гээд юуны өмнө Давхар татварын хэлэлцээрийг шинэчлэн байгуулахын чухлыг тэмдэглэв. Мөн Элчин сайдын яамны зүгээс Монгол орны түүх, соёлыг сурталчлах чиглэлээр тодорхой ажил зохион байуулсны үр дүнд АНЭУ-ын иргэдийн Монголд жуулчлах сонирхол нэмэгдэж байгааг тэмдэглэж, иргэд харилцан зорчих асуудлыг хөнгөвчлөх нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал түлхэц болохыг онцолжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Арабын Нэгдсэн Эмират Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
2021.10.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Абдулла Аль-Тинижиг бүрэн эрхээ дуусгаж, эх орондоо бүрмөсөн буцах болсонтой нь холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Абдулла Аль-Тинижи АНЭУ-аас Монгол Улсад суугаа анхны Элчин сайдаар томилогдон ажиллаж, хоёр орныг холбосон гүүр болж харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсанд нь талархал илэрхийлэв.АНЭУ “ЭКСПО 2020-Дубай” дэлхийн үзэсгэлэнг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргээд үзэсгэлэнгийн хүрээнд болох Монголын үндэсний өдөрлөг, бизнес форум зэрэг нь Монгол Улсыг сурталчлах чухал ач арга хэмжээнүүд болохыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэв.Элчин сайд Абдулла Аль-Тинижи “ЭКСПО 2020-Дубай” дэлхийн үзэсгэлэн нь Монгол Улсыг АНЭУ-д төдийгүй дэлхий нийтэд сурталчлах томоохон боломж гэдгийг онцлоод арга хэмжээнүүдэд амжилт хүсэв. Түүнийг албан үүргээ гүйцэтгэх хугацаанд Монгол Улсын төр засгийн зүгээс дэмжлэг үзүүлж, нягт хамтран ажилласанд талархал илэрхийлээд, Монгол, Эмиратын харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам бүр бэхжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Катарын элчин сайд итгэмжлэх жуухаа барив
2023.02.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Төрийн ордон. Катар Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Мухаммад Аль-Дахайми Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч уулзан, Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргэв. Монгол Улс, Катар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиож буйг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглээд, харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүч чармайлтаар амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Цаашид худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй, байгаль орчин зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж байгааг онцлов. Элчин сайд Мухаммад Аль-Дахайми Монгол Улсын Ерөнхийлөгчид Катар Улсын Эмир Эрхэм дээд Шейх Тамим бин Хамад Аль-Тани-гийн халуун дотно мэндчилгээ уламжлав. Мөн Монгол, Катарын харилцааг улам бүр бэхжүүлж, хамтын ажиллагааг боломжит бүх салбарт хөгжүүлэхийн төлөө анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Арабын ханхүү мэндчилгээ дэвшүүлэв
2023.07.10. Mонгол Улс. Улаанбаатар хот. Саудын Арабын Хаант Улсын Хаан Салман бин Абдулазиз Аль-Сауд, Угсаа залгамжлах Ханхүү бөгөөд Ерөнхий сайд Мухаммед бин Салман Аль-Сауд: Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан, найрсаг монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъян, Дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд Мухаммад бин Рашид Аль-Мактум, Дэд Ерөнхийлөгч бөгөөд Шадар сайд Шейх Мансур бин Заид Аль-Нахъян
2023.07.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъян, Дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд Мухаммад бин Рашид Аль-Мактум, Дэд Ерөнхийлөгч бөгөөд Шадар сайд Шейх Мансур бин Заид Аль-Нахъян нар Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчид мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саудын Арабын Хаант Улсын Эрхэм дээд Ханхүүг хүлээн авч уулзав
2023.09.05. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Эрхэм дээд Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд-г хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саудын Арабын Хаант Улсын Хаан, Хоёр ариун сүмийн хамгаалагч Эрхэм дээд Салман бин Абдулазиз Аль-Сауд-д мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүсэв. Монгол Улс Булангийн орнууд, тэр дундаа бүс нутагтаа эдийн засгийн хөгжил, чадавхаараа тэргүүлдэг Саудын Арабын Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг хэлэв. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, аялал жуулчлалын зэрэг салбарт хамтрах өргөн боломж байгааг тэмдэглэв. Мөн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 16 болон 17 дугаар бага хурлыг Саудын Арабын Хаант Улс, Монгол Улс зохион байгуулах чиглэлээр туршлага солилцож, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд Саудын Арабын Хаант Улсын Хаан, Хоёр ариун сүмийн хамгаалагч Эрхэм дээд Салман бин Абдулазиз Аль-Сауд-ын халуун дотно мэндчилгээг уламжлав. Тэрбээр байгаль орчин болон бусад боломжит бүх салбарт харилцан ашигтай хамтрах эрмэлзэл дүүрэн байгаагаа тэмдэглэж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

Сирийн элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2023.11.17. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Арабын Бүгд Найрамдах Сири Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хасанеин Хаддам Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд Хасанеин Хаддам харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2023.11.17. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Исламын Бүгд Найрамдах Иран Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохсен Бахтиар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд Мохсен Бахтиар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор мордлоо
2023.11.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъян-ы урилгаар 2023 оны 12 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд тус улсын Дубай хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дээд түвшний уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ Арабын Нэгдсэн Эмират Улс зэрэг зарим улсын төрийн тэргүүнтэй уулзалт хийнэ. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурлын үеэр болох дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад 140 гаруй улсын төр, засгийн тэргүүн оролцоно.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНЭУ-ын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян-тай уулзлаа
2023.11.29. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсад зохион байгуулагдаж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хуралд оролцох үеэрээ 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус улсын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян-тай уулзав. Уулзалтаар талууд Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсын харилцааг өргөн хүрээтэй салбарт өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх удахгүй тохиох Арабын Нэгдсэн Эмират Улс байгуулагдсаны 52 жилийн ойн мэндийг дэвшүүллээ. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүнсний аюулгүй байдал зэрэг дэлхий дахинд тулгарч буй сорилтыг даван туулахад олон улсын хамтын нийгэмлэг төдийгүй улс бүр хувь нэмрээ оруулахын ач холбогдлыг тэмдэглэж, эдгээр чиглэлд хоёр улсын санаачилга, зорилтуудыг уялдуулан үр дүнтэй хамтран ажиллахын чухлыг онцлов.Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян тус улсын хөгжлийн хөтөлбөр, ирээдүйн зорилтуудын талаар танилцуулж, цаашид Монгол Улстай энэ өдөр байгуулж буй баримт бичгүүдийн хүрээнд олон салбарт хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагаагаа нягт, тууштай хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Визийн шаардлагаас чөлөөлөх тухай санамж бичиг байгууллаа
Хоёр улсын Төрийн тэргүүн нарын уулзалтын хүрээнд Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсын хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бэхжүүлэх дараах баримт бичгүүдийг байгуулав. Үүнд:
- Дипломат, албан/тусгай болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;
- Засгийн газрын хөгжил, шинэчлэлийн талаар туршлага солилцох тухай Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, АНЭУ-ын Засгийн газрын Хэрэг эрхлэх яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;
- Монгол Улсын Гадаад харилцааны яам, Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хамтарсан хороо байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг;
- Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэн, АНЭУ-ын Эмиратын бодлогын төв хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;
- Цахим сургалтын санаачилгад хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсролын ерөнхий газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын Дижитал сургууль хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
Эдгээр баримт бичгийг байгуулснаар хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих эрх зүйн орчин бүрдэж, худалдаа, эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхай, боловсрол, зам тээврийн салбарт болон цөлжилттэй тэмцэх чиглэлд хоёр улсын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй буйгаа талууд тэмдэглэв. Мөн энэ хүрээнд хоёр талын яриа хэлэлцээний механизмуудыг байгуулж, хуваарийн дагуу тогтмол хуралдуулж байхаар болов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байна
2023.12.01. АНЭУ. Дубай хот. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъян-ы урилгаар дээд түвшний уулзалтад оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Дубай экспо төвийн задгай асарт хүрэлцэн ирэхэд АНЭУ-ын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъян, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар угтлаа. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурал (COP28)-ын үеэр болж буй дээд түвшний уулзалтад 140 гаруй улсын төр, засгийн тэргүүн оролцож, Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, түүний дотор хүлэмжийн хийн ялгарлыг 2050 он гэхэд тэглэх, дэлхийн дулаарлыг 1,5 хэмд тогтоон барихад хүлээсэн үүрэг амлалтаа ахиулан тодорхойлох, уур амьсгалын асуудлаарх яриа хэлэлцээнд бүх талын оролцоог нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг бууруулах хүч чармайлтыг нэгтгэхийг зорьж байна. СОР28 бага хурлыг даргалагч Арабын Нэгдсэн Эмират Улсын хувьд эрчим хүчний шилжилт хийх, газар ашиглалтыг шинэчлэх, хүнсний тогтолцоог өөрчлөх замаар агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг эрчимжүүлэхийн тулд талуудын дунд зөвшилцлийг бий болгох, уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг улс орнуудад зориулсан алдагдал, хохирлыг бууруулах сангийн үйл ажиллагааг эхлүүлэх, Парисын хэлэлцээрийн хэрэгжилт, ахиц дэвшлийн талаар цогц үнэлгээ хийх зэрэг асуудлыг чухалчлан үзэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дээд түвшний уулзалтын 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанд үг хэлж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад үг хэллээ
2023.12.02. АНЭУ. Дубай хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдаж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад 12 дугаар сарын 01-ний өдөр үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: Эрхэм хүндэт Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъян, Эрхэм хүндэт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, хатагтай, ноёд оо, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулж байгаа Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газарт гүн талархал илэрхийлж, дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт болон бага хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье. Өнөөдөр хүн төрөлхтөн аж үйлдвэржилтээс хойших хугацаанд дэлхийн цаг уурын хувьд хамгийн халуун он жилтэй нүүр тулсан нэн онцгой цаг үед амьдарч байна. Дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийх тэмцлээ улам эрчимжүүлж, бодит үр дүнд хүрэх зайлшгүй шаардлага Та бидний өмнө тулгарч байна. Дэлхий даяар хэт халалт, гал түймэр, ган гачиг, үер усны гамшиг нүүрлэж, байгаль орчин, хүний нийгэмд үлэмж хэмжээний хохирол учирч, дайн дажин, өлсгөлөн зовлонгоос шалтгаалан олон сая хүн хохирч, амь насаа алдаж, эх нутгаа орхин гарах дүрвэгсдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Энэхүү хүнд хэцүү цаг үед гаргасан Стокхольмын олон улсын энхтайвны судалгааны хүрээлэнгийн тайланд дурдсанаар дэлхийн улс орнуудын цэрэг, армийн зардал бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч, 2.2 их наяд ам.доллароор хэмжигдэж байгаа нь нэн харамсалтай. Энэ их зардал, мөнгийг хүн төрөлхтний өмнө тулгараад буй дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх их үйлсэд зарцуулсан бол ямар их хэмжээний ахиц дэвшил гарч, хүн төрөлхтний хөгжил, дэвшилд ямар их эерэг нөлөө үзүүлэх байсан бол гэдгийг дэлхий нийтээрээ эргэцүүлэн бодож, тунгаан үзэх цаг нэгэнт болжээ. Эх байгаль, хүн төрөлхтөн зүй зохистой зэрэгцэн орших нь хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс болохыг Та бид хэзээ ч мартаж болохгүй.

Эрхэм хурлын дарга аа, Монголчууд бид эрт дээр үеэс сав, шим ертөнцийн зохилдлого нь хүмүүний дотоод ертөнцийн ариусал, ухамсарт үйлдлээс хамаарна хэмээн үзэж, эх дэлхийтэйгээ зохицон амьдрах, онгон дагшинаар нь хадгалан хамгаалах хандлага, сэтгэлгээг өсөх наснаас нь үр хүүхдүүддээ төлөвшүүлэн сургаж ирсэн сайхан уламжлалтай. Орчин үед техник технологи эрчтэй хөгжиж, хүний амьдралд гүн гүнзгий нэвтрэхийн хэрээр бидний үр хүүхэд амьд байгалиас алсран холдож байна. Иймээс бидний ирээдүй болсон үр хүүхдүүддээ улс үндэстэн бүр өөр өөрсдийн байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах уламжлалт арга ухаан, мэдлэг чадварыг бага балчраас нь сэтгэл зүрх, оюун санаанд нь суулган, эх байгалиа хайрлан хамгаалах үйл хэрэгт бие сэтгэлээрээ оролцдог дэлхийн иргэн болгон хүмүүжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээний амжилтын түлхүүр нь хүн бүрийн зөв хандлага, идэвхтэй оролцоо, улс үндэстэн бүрийн хичээл зүтгэл, үүрэг хариуцлага, улс төрийн манлайлал юм. Улс орнууд Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх боломж улам багасаж, нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байгааг НҮБ-ын сүүлийн үеийн судалгааны тайланд анхааруулсан байна. Энэ талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Амжилтгүй манлайлал, биелүүлээгүй үүрэг амлалт, асар их алдагдсан боломжоос шалтгаалж ам, ажлын зөрүүний ангал хавцал үүслээ” хэмээн тодорхойлсныг бид анхаарч үзэх учиртай. Дэлхийн улс орнууд эх дэлхийнхээ сайн сайхны төлөө нэгэн сэтгэлээр нэгдэн нийлж, хүсэл зорилгоо хамтатган, харилцан ойлголцож, хамтран ажиллаж чадах аваас уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл бодит биеллээ олж, тогтвортой хөгжлийн зорилтууд зэрэглээ болон замхрахаас сэргийлж чадна. Монгол Улс үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтоо ханган хэрэгжүүлэх хүрээнд “Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономи”, “Ногоон таксономи” зэрэг баримт бичгүүдийг НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцүүлэн баталсан дэлхийн анхдагч улсуудын нэг болсон. Энэ хүрээнд Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх зорилгоор “Тэрбум мод”, ”Хүнсний хангамж, аюулгүй байдал”, ”Эрүүл монгол хүн” зэрэг харилцан уялдаа холбоотой үндэсний хөдөлгөөнүүдийг эх орондоо санаачлан амжилттай хэрэгжүүлж байна. Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой. Тиймээс энэ удаагийн бага хурлаас гарах “Уур амьсгал, эрүүл мэндийн асуудлаарх тунхаглал”, “Тогтвортой хөдөө аж ахуй, хүнсний тогтолцоо ба уур амьсгалын үйл ажиллагааны тухай Эмиратын тунхаглал“ санаачилгуудыг Монгол Улс сайшаан дэмжиж, нэгдэн орж байгаагаа илэрхийлэхэд таатай байна. Цаашлаад дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтоо ханган хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх болон уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий улс орнуудад тусламж, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Алдагдал, хохирлын сан”-гийн үйл ажиллагааг дэмжиж, бодит үр дүнд хүрэх асуудал нэн чухал байгааг цохон тэмдэглэж байна.

Эрхэм хурлын дарга аа, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын нарийн бичгийн дарга нарын газраас 2022 онд гаргасан тайланд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд охид, эмэгтэйчүүд илүү их өртөж байна хэмээн дурджээ. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал чухал үүрэгтэй тул Монгол Улс ирэх 2024 онд НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг эх орондоо зохион байгуулж, энэ асуудлыг тусгайлан хэлэлцэхээр төлөвлөж байна. Мөн 2026 онд Цөлжилтийн тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улс хүлээн авч зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Түүнчлэн Монгол Улс ирэх 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг санаачлан батлуулсныг дуулгахад таатай байна. Мөнх хөх тэнгэрийн орон тал нутгийн манай сайхан улсад зохион байгуулагдах эдгээр чуулга уулзалт, арга хэмжээнд эрхэм хүндэт Та бүхнийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна. Хүн байгаль хоёр хүйн холбоотойг үргэлж санаж, эх болсон байгаль дэлхийгээ авран хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын төлөө Монгол Улс дэлхийн улс орнуудын хамтаар бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллах болно. Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээх болтугай. Анхаарал хандуулсанд баярлалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэ Нэйче Консерванси” байгууллагын гүйцэтгэх захирал Женнифер Моррисийг хүлээн авч уулзав
2023.12.02. АНЭУ. Дубай хот. Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Дэ Нэйче Консерванси” байгууллагын гүйцэтгэх захирал Женнифер Моррисийг 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус байгууллагаас байгаль орчны чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж, говь, хээрийн экологийн бүс нутгийн үнэлгээ болон хамгаалах шаардлагатай газар нутгийг тогтоох судалгаа хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх зэргээр манай улсын төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай ойр ажиллаж буйд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв. “Дэ Нэйче Консерванси” байгууллагын гүйцэтгэх захирал Ж.Моррис Монгол Улсын Ерөнхийлөгчийн байгаль орчны чиглэлийн бодлого, улс төрийн манлайллыг дэмжиж байгаагаа илэрхийлж, хоёр талын хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх сонирхолтой байна гэв. Тус байгууллага нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хөрс, ус хамгаалах, хүнс, усны зохистой хэрэглээг бий болгох, эрүүл хотуудыг байгуулах гэсэн тэргүүлэх чиглэлийн хүрээнд дэлхийн 74 улсад үйл ажиллагаа явуулж байна. “Дэ Нэйче Консерванси” байгууллага нь Монгол Улс дахь төлөөлөгчийн газраа Улаанбаатар хотноо 2008 онд байгуулж, газар нутгийн 30 орчим хувийг 2030 он хүртэл хамгаалах зорилтыг хангах хүрээнд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх өндөр түвшний хуралдаанд оролцож үг хэллээ
2023.12.03. АНЭУ. Дубай хот. Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Далайд гарцгүй хөгжиж буй орнууд дахь уур амьсгалын өөрчлөлтийн өвөрмөц сорилт, бэрхшээлийг түншлэлийн замаар шийдвэрлэх нь” сэдэвт өндөр түвшний хуралдаанд оролцож үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх: “Эрхэм хүндэт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга аа, Эрхэм хүндэт Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийн дарга аа, Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, хатагтай, ноёд оо, Өнөөдөр хүн төрөлхтөн аж үйлдвэржилтээс хойших хугацаанд дэлхийн цаг уурын хувьд хамгийн халуун он жилтэй нүүр тулсан нэн онцгой цаг үед амьдарч байна. Дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийх тэмцлээ улам эрчимжүүлж, бодит үр дүнд хүрэх зайлшгүй шаардлага Та бидний өмнө тулгарч байна. Дэлхий даяар хэт халалт, гал түймэр, ган гачиг, үер усны гамшиг нүүрлэж, байгаль орчин, хүний нийгэмд үлэмж хэмжээний хохирол учирч, дайн дажин, өлсгөлөн зовлонгоос шалтгаалан олон сая хүн хохирч, амь насаа алдаж, эх нутгаа орхин гарах дүрвэгсдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Энэхүү хүнд хэцүү цаг үед Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийн дарга цаг үеэ олсон энэхүү чухал арга хэмжээг санаачлан зохион байгуулж байгаад баяртай байна. Далайд гарцгүй хөгжиж буй орнууд олон улсын зах зээлээс алслагдмал, гадаад худалдааны өртөг өндөр, транзит улс орнуудаас хамаарал ихтэй зэрэг олон сорилттой тулгарч байдгийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж байдаг билээ. Монгол Улс дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын ердөө 0.1 хувийг эзэлдэг хэдий ч уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй нэрвэгдэж байгаа улс орнуудын нэг юм. Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий улс орнуудад тусламж үзүүлэх зорилго бүхий “Алдагдал, хохирлын сан”-гийн үйл ажиллагааг эхлүүлэх нь тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнуудад чухал дэмжлэг болно хэмээн үзэж тус санаачилгыг Монгол Улс дэмжиж байгаа билээ.

Бүлгийн дарга аа, Манай улс НҮБ дахь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийн дэд даргаар ажиллаж, Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын дэргэд ДГХБО-ын бүлгийг байгуулах санаачилга дэвшүүлэн ажиллаж байна. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, дэлхийн дулааралтай тэмцэх дэлхийн нийтийн хүч чармайлтад оруулж буй үндэсний хувь нэмрийг нэмэгдүүлэхийг эрмэлзэж, энэ хүрээнд “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийг санаачлан орон даяар амжилттай хэрэгжүүлж байна. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал чухал үүрэгтэй тул Монгол Улс ирэх 2024 онд НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг эх орондоо зохион байгуулж, энэ асуудлыг тусгайлан хэлэлцэхээр төлөвлөж байна. Мөн 2026 онд Цөлжилтийн тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улс хүлээн авч зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Түүнчлэн Монгол Улс ирэх 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг санаачлан батлуулсныг дуулгахад таатай байна. Мөнх хөх тэнгэрийн орон тал нутгийн манай сайхан улсад зохион байгуулагдах эдгээр чуулга уулзалт, арга хэмжээнд эрхэм хүндэт Та бүхнийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.

Бүлгийн дарга аа, Далайд гарцгүй хөгжиж буй орнууд дахь уур амьсгалын өөрчлөлтийн өвөрмөц сорилт бэрхшээлийг даван туулахад бидэнд шинжлэх ухааны үндэслэлтэй бодит тоо баримт бүхий судалгаа шинжилгээний ажил хэрэгтэй.Тийм учраас манай улс Улаанбаатарт төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулж, бие даасан олон улсын засгийн газар хоорондын байгууллага болтол нь хөгжүүлэн бэхжүүлж, тус байгууллагын шугамаар далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хөгжлийн бодлого боловсруулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ. Тус судалгааны төв нь сүүлийн арван жилийн турш НҮБ-тай хамтран ДГХБО-ын бүлгийн гишүүн орнуудад чухал ач холбогдол бүхий бодлогын судалгааны ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсээр ирсэн гэж бид үздэг. Тус судалгааны төв нь далайд гарцгүй хөгжиж буй орнууд дахь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүний сөрөг нөлөөллийг даван туулах, ялангуяа уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарууд дахь бодлого, стратеги, хамтын ажиллагааны үр дүнтэй арга замыг тодорхойлоход хувь нэмэр болох ач холбогдол бүхий судалгааны ажлыг гүйцэтгэх боломжтой юм. Тиймээс Та бүхнийг энэхүү олон улсын судалгааны төвтэй хамтран судалгааны төслүүд хэрэгжүүлэхийг уриалж байна. Түүнчлэн “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т нэгдэхийг эл хэлэлцээрт нэгдээгүй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудад уриалж байна. Ингэснээр эл судалгааны төв улам бэхжин хөгжиж, далайд гарцгүй орнуудын судлаачдын баг хамтран ажиллаж, томоохон судалгааны ажлыг гүйцэтгэх боломж улам нэмэгдэнэ гэж үзэж байна.

Бүлгийн дарга аа, Монгол Улс 2024 онд Руанда Улсын Кигали хотноо болох Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хуралд өндөр ач холбогдол өгч, бэлтгэл ажлыг хангахад идэвхтэй оролцож байна. Бага хурал нь “Венийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн үнэлгээний туршлага, сургамжид тулгуурлан тусгай хэрэгцээ шаардлагатай эдгээр улсын ирэх 10 жилийн хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах чухал арга хэмжээ болно гэдэгт бид итгэлтэй байна. Эцэст нь хэлэхэд далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын нэгдмэл байдал, харилцан ойлголцол, түншлэл, хамтын ажиллагаа, зоримог шийдвэр, тууштай хичээл зүтгэл нь тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулах, дэвшүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүлж, тогтвортой хөгжлийг цогцлооход чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Монголчууд бид эх болсон байгаль дэлхийгээ авран хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын төлөө бүхий л нөөц бололцоогоо дайчлан дэлхийн улс орнуудтай бүх талаар хамтран ажиллах болно. Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээх болтугай. Анхаарал хандуулсанд баярлалаа.

Саудын Арабын хаан мэндчилгээ дэвшүүллээ
2024.07.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Саудын Арабын Хаант Улсын хаан Салман бин Абдулазиз Аль-Сауд, Угсаа залгамжлах ханхүү бөгөөд Ерөнхий сайд Мухаммад бин Салман Аль-Сауд нар баяр наадмын мэндчилгээ ирүүллээ. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд эрүүл энх, аз жаргал, Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе. Чин сэтгэлийн гүн хүндэтгэлээ илэрхийлье гэжээ.
АНЭУ-ын удирдлагууд мэндчилгээ дэвшүүллээ
2024.07.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммед бин Зайд Аль-Нахъяан, Дэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Дубай хотын захирагч Мухаммед бин Рашид Аль-Мактуум, Дэд Ерөнхийлөгч, Шадар сайд, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Мансур бин Зайд Аль-Нахьяан нар баяр наадмын мэндчилгээ ирүүллээ. Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлж, Эрхэмсэг ноён Танд эрүүл энх, аз жаргал, найрсаг Монгол Улсын төр, засаг, ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе гэжээ.
Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсын Ерөнхийлөгч Абделмаджид Теббун: Монгол Улс Үндэсний баяр наадмаа тэмдэглэж буйг тохиолдуулан Алжир Улсын ард түмэн, Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэж, Танд эрүүл энх, аз жаргал сайн сайхан, Монголын найрсаг ард түмэнд цаашдын хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе. Алжир, Монголын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, хоёр орны нийтлэг сонирхол, найрсаг ард түмний хүсэл эрмэлзэлд нийцүүлэн хөгжүүлэхийн төлөө тантай хамтран ажиллахаа дахин нотолж байна. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Та миний нэн өндөр хүндэтгэлийг хүлээн авна уу.
Бахрейны Хаант Улсын Хаан Хамад бин Аиса Аль-Халифа: Найрсаг Монгол Улсын Үндэсний их баяр наадам тохиож байгаатай холбогдуулан өөрийн нэрийн өмнөөс болон Засгийн газар, Бахрейны ард түмний нэрийн өмнөөс Эрхэмсэг ноёнтон Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Эрхэмсэг ноёнтон танд эрүүл энх, аз жаргал, ард түмэнд тань хөгжил дэвшил, мандан бадрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Палестин Улсын Ерөнхийлөгч Махмуд Аббас: Үндэсний баярыг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгаадаа таатай байна. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээл, Монгол Улсын төр, засаг, ард түмэнд зорьсон зорилгодоо хүрэх амжилт, хөгжил цэцэглэлт хүсэн ерөөе. Манай хоёр орон, ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжинэ гэдэгт найдаж байна. Сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж буйг минь хүлээн авна уу.
Мароккогийн Хаант Улсын Хаан VI Мухаммед: Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд халуун баяр хүргэж, танай ард түмний цаашдын хөгжил цэцэглэлтэд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Хоёр орны ард түмний ойр дотно харилцах, улам их үр ашигтай хамтран ажиллах эрмэлзлийг бодит болгохын тулд Мароккогийн Хаант Улс Монгол Улстай хөгжүүлж буй найрамдалт харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлье гэжээ.

Оман Улсын Гадаад хэргийн сайд бараалхав
2024.08.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд Сайид Бадр Бин Хамад бин Хамуд Аль-Бусайди бараалхав. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс гадаад бодлогынхоо хүрээнд Булангийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлэхийг эрмэлздэг гэдгийг тэмдэглэв. Оманы Султант Улсаас манай улсад дээд, өндөр түвшинд хэрэгжүүлж буй анхны албан ёсны энэхүү айлчлал нь хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн шинэ агуулгаар баяжуулахад чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Гадаад хэргийн сайд Сайид Бадр Аль-Бусайди Оманы Султант Улсын Султан Хайтам бин Тарикийн халуун дотно мэндчилгээг уламжлаад Оман Улсын Засгийн газар Монгол Улстай эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсрол, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлэв. Уулзалтын үеэр талууд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оманы Султант Улсын Султан Хайтим бин Тарикт мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урив.

Арабын Нэгдсэн Эмиратын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
2024.09.18. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мухаммад Аль-Гуртаси Аль-Нуаими Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа орлоо. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг онцолж, АНЭУ нь Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа дахин нээж байгаа нь тус улсаас хоёр орны харилцаанд ач холбогдол өгч буйн илэрхийлэл гэж үзэж буйгаа хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 онд АНЭУ-д айлчлах үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян-тай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцсоноо тэмдэглэлээ. Цаашид хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв. Элчин сайд Мухаммад Аль-Нуаими улс төр, эдийн засаг, худалдаа зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллахаа илэрхийлэв.
