3 сар 14, 2025

Mонгол, Польшийн хaрилцaa

Eвропын холбоо, Шeнгeний оронд багтах Польш Улс

Бүгд Найрамдах Польш Улс нь Төв eвропт оршдог бөгөөд умард хэсгээрээ Балтийн тэнгисээр хүрээлэгдэнэ. ОХУ-ын үндсэн газар нутгаас алслагдмал, eвропын дунд оросын нэг хот бий Тэр бол мэдээж Калинград хот юм. Орост сурч буй оюутнууд тэнд сурах сонирхолтой байдаг нь eвроп дунд оршдог оросын хот учраас тэр биз. Арга ч үгүй юм. Оросын нутаг атлаа хаашаа л харна eвропын орнуудтой ойр юм. Тодруулбал, Польш болон Литва улсын дунд Балтийн тэнгисийн эрэг дагуу Калинград хоттой БНПУ хиллэдэг байх нь. Тус хотын байршил яах аргагүй өмнө Eвропын эзэмшилд байгаад, хожим оросын мэдэлд орсон нь илт. Оюутнууд Гeрман явахад ойр хэмээн хуучилдаг юм билээ. Эндээс өмнө нь Германы нутаг байж байгаад, хожим Оросын мэдэлд иржээ гэж ойлгогддог. Үнэхээр ч тийм аж. 1945 оны Потсдамын бага хурлын шийдвэрээр Германы Зүүн Прусс мужийн хойд хэсгийг нийслэл Кенигсбергийн хамт ЗХУ-д түр шилжүүлсэн. Хожим нь хилийн тухай гэрээнүүд гарын үсэг зурахад Кенигсберг бүсийг ЗХУ-ын эзэмшил гэж бүрэн хүлээн зөвшөөрсөн байна. Калининград хот 1946.07.04-нөөс өмнө Кeнигсбeрг, түүнээс өмнө Королeвeц, Твангстe нэртэй байжээ. Калининград боомт хот бөгөөд төвд нь 500 мянга хүрэхгүй оросын хүн оршин суудаг ажээ. Польш Улс энэ хэсгээрээ зүүн хойд талаараа ОХУ-тай, түүний Калининград хоттой хиллэдэг. Зүүн хойд талаараа үргэлжлээд Литва, зүүн хэсгээрээ Беларусь, Украйн, өмнөд талаараа Словак, Чeх, харин баруун талаараа Герман гэх долоон улстай хиллэдэг. Польш Улс НҮБ байгуулахад оролцсон 51 гишүүний нэг бол, 1999.03.12-ны өдөр НАТО-д элсч, 2004.05.01-ний өдрөөс Eвропын Холбооны гишүүн, 2007.12.21-нээс Шенгений орнуудын нэг болжээ.

Монгол, Польшийн түүхэн харилцаа

Монгол, Польшийн түүхэн харилцаа бүр эртнээс билээ. 1241.05.09-ний өдөр Легницийн тал нутагт монгол, польшйн цэргүүд тулалдсан нь тэр үедээ Европт болсон хамгийн том тулаанд тооцогдож байжээ. Чингийн их хатаныг булаасан учраас буцаан авахаар Чингис мэргэдүүдтэй тулалдсан хэмээн түүхэнд гардаг билээ. Мэргэд гэдэг нь мэргэн хүн гэсэн утгатай. Тухайн үед гурван мэргэдтэй хийсэн дайны дараа үргэлжлүүлэн Чингисийн том хүү Зүчи мэргэдтэй дайтаж байжээ. Тэдний дараагаар Чингисийн ач, Зүчийн хүү Мэргэд руу үргэлжлүүлэн довтолж байсан тухай түүхэнд өгүүлдэгийг нурших нь юун. Хэсэг мэргэд Унгарт очиж суурьсан тул, Бат тэдний араас нэхжээ. Энэ довтолгооны гол зорилго Польшийн нутгаар дамжиж Унгарт суурьсан мэргэдийг дарахад чиглэж байжээ. Замдаа Польшийн нутагт тэдний цэрэгтэй тулсан нь түүхэнд Легницкийн тулаан гэж тэмдэглэн үлдсэн байна. Чингис тоо хүү Зүчид европт эзэлсэн газар нутгаа эзэмшүүлсэн тул тэр хавиас тэдний түүх олдох нь элбэг байх. Үүнээс гадна, Ромын паптай манай улс эрт дээр үеэс харилцаатай байж ирсэн нь хоорондоо солилцсон захидлаар батлагддаг. Арга ч үгүй. Эрт үед ази-европын цээжинд Ромын эзэнт гүрэн, Хүннү гүрэн гэхчлэн хоёр том гүрэн зэрэгцэн оршиж, бусдыгаа эзлэн авах замаар ноёрхож байлаа. Өөрөөр хэлбэл, манай улстай хил залгаа оршиж байсан, зэргэлдээх гүрэн гэж ойлгож болох юм. Тиймээс Хүннүгийн Атилла хааны нэр Итали, Унгар гээд европт түгээгүй газар гэж үгүй. Хожим Ромын Папын Монголын эзэнт гүрэнд илгээсэн элч Плано Карпини Францын Леон хотоос 1245 онд гарч замдаа польшийн санваартан Бенедикт Полакийг орчуулагчаар сонгон авч алс оджээ. Бенедикт Полак Гүeг хаанд бараалхаж байсан бөгөөд 1247 онд Монголын Их Эзэнт гүрэнд хийсэн аяллаас буцаж очоод Татар руу аялсан нь аян замын тэмдэглэл бичиж үлдээжээ. Уг тэмдэглэлийг тэр цагаас хойг 600 жилийн дараа 1939 онд Парист, 1840 онд Польшид хэвлэсэн бол, 1965 онд Америкт Тартарчуудын түүх хэрээр товчлон хэвлэсэн байна. Бенедикт Полакийн уг тэмдэглэл Монголын Эзэн Гүрний тухай болон Монголын хааны Ромын Пап-д илгээсэн захидлын хуулбарыг оруулснаараа түүхэн ач холбогдолтой байдаг ажээ. Тиймээс энэ тэмдэглэл болон зохиолоос хоёр улсын бүдгэрсэн түүхийг тайлж уншиж болно байх. Дашрамд дурдахад, Алтан Ордны Улс ба Крымын ханлигаас татаарууд Литва, Польшид ирж, суурьшиж эхэлсэн бөгөөд одоо польшид 3000 орчим татаар гэгдэх хүмүүс байгаагийн дийлэнх нь Польшийн зүүн хэсгээр амьдардаг гэх мэдээлэл байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн урилгаар 2025 оны 03 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр Варшав хотноо хүрэлцэн очлоо. Айлчлалаар уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулахын зэрэгцээ эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, палеонтологи, археологи, хэвлэл мэдээлэл, соёл, кино урлаг зэрэг салбарт хамтран ажиллах тухай 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна хэмээн мэдээллээд байгаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн зуунуудад тэнд, энд болж өнгөрсөн түүхээрээ хамтран кино урлагийн салбарынхан хүч үзэхээр төлөвлөж буй бололтой хэмээн таамаглаж сууна. 2023.10.03-ниы өдөр Соёлын сайд Ч.Номин Польшийн нэрт зохиолч, аялагч Фердинанд Оссендовскигийн “Хүн, араатан, бурхад” номоос сэдэвлэсэн адал явдалт уран сайхны киног бүтээх “Wild Films” компанийн Михал Наркевич-Йодко тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байдаг билээ. Хүн, араатан, бурхад” зохиолыг Монгол, Польш, Их Британи Улс хамтран уран сайхны кино бүтээх хүсэлтэй байгааг Польш Улсын “Wild Films’ компанийн төлөөлөл илэрхийлсэн байдаг юм. Хоёр орны эртний түүхээр биш юм гэхэд, сая дурдсан киноны асуудлаар ч байж болох талтай.

Монгол, Польшийн дипломат харилцаа

Хэдийгээр манай улс польш улстай эртний түүхэн харилцаатай ч, хоёр улс 1950.04.14-ний өдөр дипломат харилцаа Варшав хотод тогтоосон байна. Улмаар БНМАУ 1959 онд Варшавт, БНПАУ 1960 онд Улаанбаатар хотод элчин сайдын яамаа нэжээ. 1959.02.27-ны өдөр МАХН-ын Төв хорооны Улстөрийн товчоо 70-р тогтоолоо баталж, 1959.04.15-ны өдөр БНМАУ-ын сайд нарын зөвлөл 145-р тогтоолоор Элчин сайдын яамны орон тоо, төсвийг баталжээ. Элчин сайды яам 1959 оны 11 сараас үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд анхны элчин сайд энэ үед Варшав руу явжээ. Энэ цагаас хойш Монгол Улсын Элчин сайдын яам Варшавт 1959 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Харин Бүгд Найрамдах Польш Улс санхүүгийн бэрхшээлээс шалтгаалж, 1995 онд Улаанбаатар дахь Элчин сайдын яамаа хаасан ч, 1999 онд эргэн сэргээх шийдвэр гаргасан байна. Гэсэн ч 2009 онд эргэн хааж Бээжингээс хавсран ажиллах болжээ. Харин 2015 оноос  Варшаваас Монголыг хариуцаж ажиллах Элчин сайдыг томилсон юм. Польшийн Засгийн газар Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээх шийдвэрийг 2021.01.15-ны өдөр гаргаж, байнгын үйл ажиллагаагаа дахин эхлүүлэв.

Монгол, Польшийн худалдаа эдийн засгийн харилцаа

Хоёр орны худалдааны анхны хэлэлцээр 1957 онд байгуулагдсан түүхтэй. Монгол, Польш Улс 2019 онд 60 сая еврогийн худалдаа хийсэн байна. Үүний дийлэнхийг ноос ноолуур, сүлжмэл бүтээгдэхүүн болон жимс, жимсгэнэ, өргөн хэрэгцээний бараа, барилгын материал эзэлдэг. Худалдаанд манай импорт 90 гаруй хувь эзэлж байна. Польш Улсын Засгийн газраас манай улсад олгохоор шийдвэрлэсэн 50 сая еврогийн нөхцөлт зээлийн Хэлэлцээр 2019 онд байгуулж соёрхон батлаад байна. 2004 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсад БНПУ-ын дагнасан болон хамтарсан хөрөнгө оруулалттай 16 компани нийт 1782 мянган ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийгээд байгааг салбараар нь авч үзвэл аялал жуулчлал, МАА-н гаралтай түүхий эдийн боловсруулалт, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, худалдаа, нийтийн хоол, инженерийн барилга байгууламж, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Монгол, Польшийн Засгийн газар хоорондын Эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан Комиссын 2 дугаар хуралдаан 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр цахимаар болж хуралдааныг монголын талаас Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, польшийн талаас Хөгжил, технологийн дэд сайд Г.Пеховяк нар даргалав. Хуралдааны үеэр БНПУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр тохирсон Эрдэнэт хотод хатуу хог боловсруулах үйлдвэр байгуулах, Баян-Өлгий, Говьсүмбэр, Увс, Завхан, Дорнод зэрэг 5 аймагт бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, хөдөө орон нутагт явуулын эмнэлгийн тусламж үзүүлэх тусгай тоног төхөөрөмж, автомашин нийлүүлэх, хүнсний ногооны үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээ хөгжүүлэх зэрэг төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиролцсон байна. Түүнчлэн цахим засаглал, мэдээллийн технологи, авто тээвэр, геологи, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, хөнгөн үйлдвэрлэл, соёл урлаг, археологи, аялал жуулчлал, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар ярилцаж, талууд Комиссын хамтарсан Протоколд гарын үсэг зурж байсан мэдээлэл байна. Тус улсын явуулах эдийн засгийн харилцаа тэлж, Польш, Монголын эдийн засгийн форум Монгол Улсын Eрөнхийдөгч У.Хүрэлсүх 2 дахь удаагаа оролцож байна. Бүгд Найрамдах Польш Улсын Eрөнхийлөгч Андрей Дуда манай улсад айлчлах үeэр Польш-Монголын бизнес форум Монгол Улсад ана зохиогдсон. Тэгвэл Монгол Улсын Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад айлчлах үeэр Моншол-Польшийн бизнeс форум 3 дахь удаагаа зохиогдож хоёр төрийн тэргүүн оролцож үг хэлсэн юм.

Монгол, Польшийн аялал жуулчлалын харилцаа

Польш Улс аялал жуулчлалаараа дэлхийн 136 орноос 46-рт бичигддэг байна. Монгол Улсын аялал жуулчлалын компаниуд Польш руу жуулчид явуулдаг. Польшийн аялал жуулчлалын гол үзмэрүүдэд:

  • Варшавын хуучин хот/ Warschauer Altstadt/- Варшав нь 1596 оноос хойш Польшийн нийслэл юм. Энэ хотын  Старе Миасто (Хуучин хот) нь 9-р зуунаас эхтэй. Варшавын хааны цайз, Хуучин хотын талбай, Хуучин хотыг Шинэ хоттой холбосон Барбикан зэргийг үзэх боломжтой.
  • Мариенбург цайз/ Marienburg /- Германы тушаалаар барьсан Ногат голын эрэг дээрх Мариенбург бол дэлхийн хамгийн том цайз юм. Энэ нь XIII зууны үеэс эхлэлтэй бөгөөд тухайн үед 10 гаруй сая тоосгоор барьсан байжээ.
  • Варшавын хааны цайз/ Warschauer Königsschloss /- Энхүү цайз нь 18-р зууныг хүртэл Польшийн хаадын сууж байсан газар байв. Дэлхийн хоёрдугаар дайнд цайзыг харамсалтай нь Германы цэргүүд бүрэн устгасан. Ард иргэдийн хандиваар 1970-аад онд сэргээгдсэн юм.
  • Вавел цайз/Wawel Burg/- бол Краковын үзмэрүүдийн нэг юм. Энэ нь Wawel Hill дээр байрладаг. Энэ цайзын түүх нь 11-р зуунд анхны цайзын барилга баригдаж эхэлсэн үеэс эхлэлтэй. 14-р зуунд гал гарсны дараа цайзыг сэргээн босгов. Хамгийн анхны барилгын үлдэгдэл орчин үеийн цайзын хойд жигүүрт байрладаг. Одоо шилтгээнд түүхийн музей байрладаг байна.

Шадар сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Элчин Сайддыг хүлээн авч уулзав

2016.09.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Элчин сайд Михайль Лабэндатаг хүлээн авч уулзлаа. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Шадар сайд илэрхийллээ. Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны комисс харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэгтэй гээд Польш Улс ойрын хугацаанд Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээнэ гэдэгт найдаж байна гэлээ.

Польшийн Ерөнхийлөгч Андрей Дудатай уулзлаа

2021.09.21. АНУ. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Андрей Дудагийн хүсэлтээр уулзаж харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.Бүгд Найрамдах Польш Улс Монгол Улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгч, Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа дахин нээхээр болсонд талархал илэрхийлэв. Мөн дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалах, уламжлалт, найрсаг харилцааг харилцан сонирхсон бүх салбарт бэхжүүлэхэд бэлэн байгааг тэмдэглэв. Төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, тэр дундаа орчин үеийн дэвшилтэт технологи бүхий экспортын баримжаатай жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр хамтрах талаар Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар хэлэлцэнэ гэдэгт найдаж байгааг илэрхийлэв. Польшийн тал ойрын хугацаанд өндөр түвшний айлчлал хийж, Элчин сайдын яамаа албан ёсоор нээх болсныг Ерөнхийлөгч Андрей Дуда хэллээ. Хоёр улс эдийн засаг, шинжлэх ухаан, залуучуудын солилцооны хөтөлбөрөөр харилцаа, хамтын ажиллагаагаа баяжуулах  зэрэг санал тавилаа.

Польшийн Ерөнхийлөгч Анджей Дудатай утсаар ярилаа

2022.05.10. Төрийн ордон. Улаанбаатар хот. Монгол Улс. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудатай хүсэлтийнх нь дагуу утсаар ярив. Хоёр орны Ерөнхийлөгч харилцаа, хамтын ажиллагааны олон талт асуудлаар санал солилцлоо. Тухайлбал, хоёр талын яриа хэлэлцээний механизм болох Монгол, Польшийн Засгийн газар хоорондын хамтарсан комисс, Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтын үр дүнг сайшааж, улс орны хөгжлийн зорилтоо хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэд хоорондын харилцааг чухалчилж байдгаа онцолж, Польшийн төр, засаг, ард түмэн тус улсад суралцаж, ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд байнга дэмжлэг үзүүлж ирсэнд талархлаа илэрхийллээ.

Польшийн Гадаад хэргийн сайд бараалхав

2022.06.06. Mонгол Улc. Улаанбаатар хот. Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд бөгөөд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 2022 оны дарга Збигнев Рау Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол, Польш улсын эртнээс уламжлалтай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа олон салбар, чиглэлээр өргөжин тэлж байгааг сайшаан тэмдэглэж, хоёр талаас дэвшүүлсэн санал, санаачилгыг бодит ажил хэрэг болгохын төлөө талууд идэвхтэй хамтран ажиллаж, үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлэв. Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд Збигнев Рау Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд тус улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглэж, цаашид хоёр орны улс төр, нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагаа болон ард түмэн хоорондын харилцааг бүхий л түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн Хүнсний хангамж, аюулгүй байдал, Тэрбум мод санаачилгыг дэмжихээ илэрхийлж, энэ хүрээнд хамтран ажиллах боломжийг эрэлхийлэн ажиллана гэлээ. Цаашид талууд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, байгаль орчин, уул уурхай, эрчим хүч, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон бусад салбарт эрчимтэй өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг цохон тэмдэглэв. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда 2022 оны намар Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ гэдгийг илэрхийлэв.

Польшийн Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна

2023.04.17. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад 2023 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч А.Дуда нар албан ёсны хэлэлцээ хийж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлууд болон олон улсын харилцааны зарим асуудлыг хэлэлцэнэ. Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа 2050, дунд хугацааны Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан томоохон зорилтууд, Хүнсний хангамж, аюулгүй байдал, Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрийн хүрээнд польшийн талтай хамтран ажиллах талаар ярилцана. Түүнчлэн хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, дэд бүтэц, боловсрол, соёл зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцоно. Айлчлалын хүрээнд Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, архив, геологи, мал эмнэлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. А.Дуда Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгчөөр 2015 сонгогдсон бөгөөд 2020 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар дахин сонгогдсон. 1990 оноос хойш БНПУ-аас хамгийн сүүлд буюу 2013 онд Ерөнхийлөгч Бронислав Коморовски Монгол Улсад айлчилсан юм.

Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргийн хамт Монгол Улсад хүрэлцэн ирэв

2023.04.24. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт төрийн айлчлал хийхээр Монгол Улсад хүрэлцэн ирэв. Ерөнхийлөгч Анджей Дудаг гэргийн хамт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардахад БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко болон албаны бусад хүн угтан авав. Төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч А.Дуда нар албан ёсны хэлэлцээ хийж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний болон олон улсын харилцааны зарим асуудлыг хэлэлцэнэ. Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа 2050, дунд хугацааны Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан томоохон зорилтууд, Хүнсний хангамж, аюулгүй байдал, Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрийн хүрээнд польшийн талтай хамтран ажиллах талаар ярилцана. Түүнчлэн хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, дэд бүтэц, боловсрол, соёл зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцоно. Айлчлалын хүрээнд Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, архив, геологи, мал эмнэлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм. А.Дуда Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгчөөр 2015 сонгогдсон бөгөөд 2020 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар дахин сонгогдсон. Тэрбээр 2008 онд БНПУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Төрийн нарийн бичгийн орлогч даргаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгч асан Лех Качинскийг дагалдан Монгол Улсад ирж байсан. 1990 оноос хойш  БНПУ-аас хамгийн сүүлд буюу 2013 онд Ерөнхийлөгч Бронислав Коморовски Монгол Улсад айлчилсан юм гэжээ. 

БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудагийн төрийн айлчлал эхэллээ

2023.04.25. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад 2023 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда, гэргий Агата Корнхаузер-Дуда нарыг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Төрийн тэргүүн нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа Ерөнхийлөгч Анджей Дуда Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэг, БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда, гэргий Агата Корнхаузер-Дуда нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын зурав. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда, гэргий Агата Корнхаузер-Дуда нар товч уулзалт хийв. БНПУ нь анх НҮБ-ыг байгуулсан 51 улсын нэг бөгөөд 1999 онд НАТО, 2004 онд Европын Холбооны гишүүн, 2007 онд Шенгений орны нэг болсон. Тус улс хуучин социалист орнуудтай харьцуулахад эдийн засгийн хамгийн их өсөлттэй орон юм. Хөдөө аж ахуй, хүнд машин механизм, хүнсний үйлдвэрлэл болон аялал жуулчлалын салбарыг бодлогоор дэмжиж, эдийн засгаа эрчимтэй солонгоруулж чадсан. Экспортын голлох бүтээгдэхүүн нь машин механизм, тавилга, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн болон хувцас, гутал. Зүүн өмнөд буюу Зүүн Европын улс дундаа хамгийн том, банк, санхүүгийн тогтвортой тогтолцоотой юм.

БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда

1972 онд БНПУ-ын Краков хотод төрсөн. Ягеллонийн их сургууль төгссөн. Польшийн захиргааны эрх зүй дэх хуулийн ашиг сонирхол сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Парламент дахь Хууль ба шударга ёс бүлгийн зөвлөх, Сангийн дэд сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газарт Төрийн нарийн бичгийн орлогч дарга, Краков хотын зөвлөлийн гишүүн, Сеймийн гишүүн, Европын Парламентын гишүүнээр ажиллаж байсан. 2015-2020 онд БНПУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2020 онд дахин сонгогдсон.

Гэргий Агата Корнхаузер-Дуда

1972 онд Краков хотод төрсөн. Ягеллонийн их сургууль төгсөж магистрын зэрэг хамгаалсан. Герман хэлний багш, герман хэлээр ярьдаг орнуудын сургуулиудын оюутан солилцооны хөтөлбөрийн ахлагч зэрэг ажил хийж байсан гэжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда нар ганцаарчилсан уулзалт хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда нар ганцаарчилсан уулзалт хийв. Уулзалтаар Монгол Улс, БНПУ-ын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх, хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх болон олон улсын харилцааны тулгамдсан нийтлэг зарим асуудлаар санал солилцов.

Монгол Улс, БНПУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав

2023.04.25. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад 2023 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Төрийн айлчлалын хүрээнд Засгийн газар, агентлаг, байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

  • Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНПУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт монголын талаас Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, польшийн талаас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко,
  • Бэлийн булаг, задгай булаг дахь молибден, гянтболд судлах төсөл хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Үндэсний геологийн алба, БНПУ-ын Геологийн хүрээлэн-Үндэсний геологийн алба хоорондын гүйцэтгэлийн гэрээнд монголын талаас Үндэсний геологийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Уянга, польшийн талаас Геологийн хүрээлэнгийн орлогч дарга Анджей Глушыньски,
  • Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Мал эмнэлгийн ерөнхий газар, БНПУ-ын Мал эмнэлгийн хяналтын ерөнхий газар хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт монголын талаас Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Алтансүх, польшийн талаас Онц Бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко,
  • Хамтран ажиллах тухай Монгол Улсын Архивын ерөнхий газар, БНПУ-ын Төрийн архивын удирдах газар хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, польшийн талаас Төрийн архивын удирдах газрын ерөнхий захирал Павел Петшык,
  • Хамтран ажиллах тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академи, БНПУ-ын Варшавын их сургууль хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрт монголын талаас Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, польшийн талаас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко нар гарын үсэг зурав гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда нар албан ёсны хэлэлцээ хийв

2023.04.25.Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудатай албан ёсны хэлэлцээ хийлээ. Хоёр улс төрийн тэргүүний түвшинд 5-10 жилийн давтамжтай харилцан айлчлал хийж ирсэн бөгөөд өмнөх айлчлалаас хойш 10 жилийн дараа Ерөнхийлөгч Анджей Дуда айлчилж байгаа нь хоёр орны харилцааны түүхэнд тодоор бичигдэж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд бат бэх суурь болно гэдгийг талууд  тэмдэглэв. Дэлхийн улс орнуудын өмнө тулгарч буй цар тахал, олон улсын харилцаа, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн томоохон сорилтуудын үр дагавар, шийдлийн талаар ярилцаж, хүндрэл, бэрхшээлийг хамтын хүчин чармайлтаар давна гэдэгт санал нэгдлээ. БНПУ нь Монгол Улсын гуравдагч хөрш, дотно түншийн нэг бөгөөд хүндрэл, бэрхшээлтэй үед ч харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй идэвхтэй өрнөж ирсэн. Тухайлбал, Монгол Улсад суух Элчин сайдын яамаа сэргээх шийдвэрийг 2021 онд гаргаж, төрийн айлчлалын үеэр албан  ёсоор нээж байгаад баяртай байгаагаа Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх онцлон тэмдэглэв. Элчин сайдын яамандаа Консулын хэлтэс ажиллуулах монголын талын хүсэлтийг БНПУ 2024 оноос ажил хэрэг болгохоос гадна монгол оюутны тоог нэмэгдүүлэхээ нотлов. Ингэснээр монгол иргэд БНПУ-д зорчих визээ Монгол Улс дахь Бүгд Найрамдах Чех Улсын болон БНХАУ дахь тус улсын Элчин сайдын яамнаас авах шаардлагагүй болох юм. Монгол оюутнууд хоёр орны ард иргэдийг холбох гүүр нь болж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулна гэдэгт талууд итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Хоёр улсын Парламент, Засгийн газар, төрийн байгууллагууд, иргэд, бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид хоорондын харилцаа идэвхжиж, хоёр орны худалдааны эргэлт 100 сая орчим ам.долларт хүрэн, сүүлийн гурван жилд хоёр дахин нэмэгдсэнийг талууд онцлов. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг эрчимтэй нэмэгдүүлж, томоохон бүтээн байгуулалт, зам тээвэр, боловсрол, геологи, уул уурхай, соёл урлаг, байгаль орчин зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо. Хүнсний хангамж, аюулгүй байдал, Тэрбум мод үндэсний хөдөлгөөний  хүрээнд хамтран ажиллаж, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хөдөө аж ахуй, байгаль орчны салбарт хэрэгжүүлэхээр санал нэгдэв. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, нээлттэй, олон тулгуурт энх тайванч бодлогыг эрхэмлэдэг Монгол Улс нь ардчилсан нийгмийн үнэт зүйлээ хамгаалах, бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүс нутагтаа хөгжүүлэхийг эрмэлзэж буй БНПУ-ын бодлогыг хүндэтгэж, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээ  нотоллоо. Төрийн айлчлалын үеэр хийсэн хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлууд олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг зорилтуудыг хэрэгжүүлэхэд төдийгүй, хоёр орны хөгжил цэцэглэлт, нийт ард иргэдийн сайн сайхны төлөө биеллээ олж, харилцаа, хамтын ажиллагаа шинэ түвшинд гарна гэдэгт итгэл төгс байгаагаа талууд илэрхийллээ.

Польш-Монголын бизнес форум болов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад 2023 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Төрийн айлчлалын хүрээнд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, БНПУ-ын Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг хамтран Польш-Монголын бизнес форумыг Шангри-Ла зочид буудалд зохион байгууллаа. Бизнес форумд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда нар оролцов. Ерөнхийлөгч Анджей Дуда хэлсэн үгэндээ, харилцаа өргөжин хөгжиж, худалдааны эргэлт нэмэгдэхийн хэрээр тус улсын аж ахуйн нэгжүүдийн Монгол Улсыг сонирхох сонирхол өсөн нэмэгдэж байгааг тэмдэглэв. БНПУ нь Монгол Улс руу хийж байгаа бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээгээрээ Европын Холбооны Улсад тэргүүлж байгаа орны нэг гэдгийг хэлэв. Цаашид уул уурхай, ашигт малтмал, геологи, байгаль орчин зэрэг салбарт хөрөнгө оруулж, харилцан ашигтай хамтран ажиллах боломжтойг онцолж, 2024 онд Улаанбаатар хотноо үйл ажиллагаагаа эхлэх Консулын хэлтэс худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байгаагаа хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, уул уурхай, геологи, соёл, боловсрол, байгаль орчин, банк, санхүү, цахим худалдааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх шинэ боломж нээгдэж байгааг тэмдэглэв. Монгол Улс эдийн засгаа сэргээх бодлогын хүрээнд хоёр хөршөөс гадна Гуравдагч хөршийн оролцоог нэмэгдүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх, олон тулгуурт, зохистой бүтэцтэй болохыг зорьж байгааг хэлэв. Цаашид хөрөнгө оруулалтын бодлогоо улам тодорхой болгож, тогтвортой, тууштай, Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш байх зарчим баримтлан, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр цогц шинэчлэл хийж байгааг онцлов. БНПУ-ын аж ахуйн нэгжүүд сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмж, мэдээлэл технологи, эрчим хүч, барилга, ажил зуучлал зэрэг чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байлаа.Мөн БНПУ-ын бизнес эрхлэгчдийг Монгол Улсад бизнес эрхэлж, хөрөнгө оруулан, харилцан ашигтай хамтран ажиллахыг урилаа. Бизнес форумд БНПУ-ын 23 аж ахуйн нэгжийн 31 бизнес эрхлэгч, Монгол Улсаас 350 гаруй бизнес эрхлэгч оролцож, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн боломжуудыг эрэлхийлэхийн зэрэгцээ ганцаарчилсан уулзалт хийн, түншийн харилцаа тогтоолоо. Монгол Улс, БНПУ-ын худалдааны эргэлт жил ирэх тусам нэмэгдэн,  сүүлийн гурван жилийн хугацаанд худалдааны эргэлт хоёр дахин өсөж, 100 сая ам.долларт хүрсэн. Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНПУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан нь худалдаа болон дамжин өнгөрөх тээврийн өртөг зардал буурах, цаг хугацаа хэмнэх зэрэг олон эерэг үр дүн авчирна. Мөн Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын бизнесийн зөвлөл болон БНПУ-ын Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг хооронд хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулсан нь бизнес эрхлэгчдийн харилцаа, холбоог гүнзгийрүүлэх ач холбогдолтой юм. БНПУ-ын экспортын хэмжээ 343,8 тэрбум евро. /машин, тоног төхөөрөмж, химийн бүтээгдэхүүн, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, металлурги/. Импортын хэмжээ 363,7 тэрбум евро. /машин, тоног төхөөрөмж, химийн бүтээгдэхүүн, эрдэс бодис/. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нь 3,7 тэрбум евро юм гэжээ.

Ерөнхийлөгч нар мэдээлэл хийв

2023.04.25.Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл хийв. Албан ёсны хэлэлцээ үр дүнтэй болж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач ач холбогдолтой болсон гэдгийг төрийн тэргүүн нар тэмдэглэв. Хэлэлцээний үеэр цар тахал, олон улсын харилцаа, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдлаас үүдэлтэй сорилтуудыг хамтын хүчээр даван туулж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа. Төрийн айлчлалын хүрээнд БНПУ Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа албан ёсоор нээж, ирэх оноос Консулын хэлтэс ажиллуулах болсон нь харилцаанд томоохон түлхэц болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тэмдэглэв.

Худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлнэ

Парламент, Засгийн газар, төрийн байгууллагууд, иргэд, бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн харилцаа идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа төрийн тэргүүн нар илэрхийлэв. Цаашид худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бүтээн байгуулалт, зам тээвэр, боловсрол, геологи, уул уурхай, соёл урлаг, байгаль орчин, иргэд хоорондын харилцаа зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөнүүдийг дэмжинэ

Хүнсний хангамж, аюулгүй байдал, Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллаж, энэ чиглэлээр монгол оюутнуудыг БНПУ-д сурган, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хөдөө аж, ахуй, байгаль орчны салбарт хэрэгжүүлэхээр болов. Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээ нотоллоо. Албан ёсны хэлэлцээ, харилцан тохиролцсон зүйлс харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа төрийн тэргүүн нар илэрхийлэв.

Харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа монгол иргэдийг шагнав

2023.04.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад хийж байгаа төрийн айлчлал үргэлжилж байна. БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа монгол иргэдэд төрийн одон гардуулав.

Гавьяаны загалмайн алтан одонгоор:

  • Зэвсэгт хүчний Жанжин штабын мэргэжилтэн, хошууч Ганболдын Аззаяа,

Гавьяаны загалмайн мөнгөн одонгоор:

  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цахим хөгжил, хууль эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч дарга Рэнцэндагвын Дагва,

Гавьяаны загалмайн хүрэл одонгоор:

  • Монголын Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач Олонбаярын Эрдэнэцогт нарыг шагналаа.

Хошууч Г.Аззаяа Иракийн Аль-Хилла дахь Чарли баазад 2004.02.18-ны өдөр харуулын цэгт үүрэг гүйцэтгэж байхдаа Олон үндэстний дивизийн Төв-Өмнөд командлалын байр руу довтлохыг завдсан алан хядагчдын үйлдлийг таслан зогсоосон. Ингэснээр эвслийн цэргүүд, тэр дундаа Польшийн II ээлжийн олон алба хаагчийн амийг аварсан.

Рэнцэндагвын Дагва Улаанбаатар, Варшав хотын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй ажилладаг. 2018 онд Варшав хотын Тээврийн газар болон Харилцаа холбооны газрын төлөөлөгчдийн Улаанбаатарт хийсэн айлчлалыг зохион байгуулсан. Нийтийн тээвэр, хотын дэд бүтэц, орон нутгийн засаг захиргааны эрх зүйн зохицуулалтын чиглэлээр польшийн талтай хамтран ажиллаж байна. Улаанбаатар хотноо Польшийн алдарт төгөлдөр хуурч Ф.Шопены нэрэмжит гудамж бий болгох санаачилга дэвшүүлж ажил хэрэг болгосон.

Олонбаярын Эрдэнэцогт БНПУ-ын Краков хотын Дүрслэх урлагийн академи төгссөн. Польшийн ардчилсан өөрчлөлтөөс санаа авсан бүтээлдээ хүн төрөлхтний эрх чөлөөг эрэлхийлэх сэдвийг тусгадаг.

1996 онд Тэмүүлэл ба саад бүтээл, 2006 онд бие даасан үзэсгэлэнгээ БНПУ-ын Элчин сайдын яамнаа толилуулж, Польшийн урлагийг  сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан.

БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудад Монгол Улсын их сургууль Хүндэт доктор цол олголоо. Эрхэм зочин мөн өдөр гэргийн хамт Чингис хаан музейг үзэж сонирхлоо гэжээ. 

-БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудагийн төрийн айлчлал өндөрлөв-

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөв. Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда, гэргий Агата Корнхаузер-Дуда нарыг Монгол болон Польшийн албаны хүмүүс үдлээ. 

БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудагийн төрийн айлчлал өндөрлөв

2023.04.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөв. Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда, гэргий Агата Корнхаузер-Дуда нарыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко болон албаны бусад хүн үдлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польшийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2025.01.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойког хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж байгааг тэмдэглэж, 2023 онд Ерөнхийлөгч А.Дудагийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлал чухал түлхэц болсныг онцоллоо. Төрийн тэргүүн нарын харилцан тохиролцсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгохын төлөө Элчин сайд Кшыштоф Бойко, Элчин сайдын яамны хамт олон идэвх, зүтгэл гаргаж ажиллаж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэлээ. Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн олон салбарт өргөжүүлж, шинэ шатанд гаргах болон онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлэн Элчин сайд Кшыштоф Бойког “Найрамдал” медалиар шагналаа. Элчин сайд К.Бойко Монгол Улсын Ерөнхийлөгчид 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан. Түүнийг ажиллах хугацаанд буюу 2023 онд Польш Улс Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа дахин нээж, 2024 оноос манай улсын иргэдэд консулын үйлчилгээ үзүүлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хийнэ

2025.03.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн урилгаар 2025 оны 03 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Энэ нь энэ онд тохиож байгаа хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Польш Улсад 12 жилийн дараа хийх айлчлал юм. Хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгнө. Ерөнхийлөгч мөн Польшийн Парламент, Засгийн тэргүүн нартай уулзана. Айлчлалаар уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулахын зэрэгцээ эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, палеонтологи, археологи, хэвлэл мэдээлэл, соёл, кино урлаг зэрэг чиглэлээр хамтын ажиллагааны 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.Түүнчлэн Варшав хотноо Морин хуур найрал хөгжмийн тоглолт, бизнес форум зохион байгуулна гэжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо

2025.03.13. БНПУ. Варшав хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн урилгаар 2025 оны 03 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр Варшав хотноо хүрэлцэн очлоо. Ерөнхийлөгчийг Варшав хотын “Фредерик Шопен” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Оюундарь, Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон улсын бодлогын товчооны дарга Войцех Коларски нар угтаж авлаа. Энэ удаагийн айлчлал Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд тус улсад 12 жилийн дараа хийж буй айлчлал юм. Хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгнө. Ерөнхийлөгч мөн Польшийн Парламент, Засгийн тэргүүн нартай уулзана. Айлчлалаар уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулахын зэрэгцээ эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, палеонтологи, археологи, хэвлэл мэдээлэл, соёл, кино урлаг зэрэг салбарт хамтран ажиллах тухай 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Түүнчлэн Варшав хотноо Морин хуур найрал хөгжим тоглолтоо сонирхуулж, хоёр улсын Худалдааны танхим хамтран бизнес форум зохион байгуулна. Польшийн талаас 2008 онд Ерөнхийлөгч Л.Качиньски, 2013 онд Ерөнхийлөгч Б.Коморовски, 2023 онд Ерөнхийлөгч А.Дуда айлчилсан юм.

Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анжей Дудатай Варшав хотын Ерөнхийлөгчийн ордонд уулзана

2025.03.13. БНПУ. Варшав. 2025.03. 13-14-нд буюу пүрэв болон баасан гаригт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Польш Улсад албан ёсны айлчлал хийж, Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анжей Дудатай Варшав хотын Ерөнхийлөгчийн ордонд уулзана. 2025.03.13-ны пүрэв гаригийн хөтөлбөрт:

10.00 цагт Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анжей Дуда Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг албан ёсоор угтан авах ёслол болно.

10.15 цагт Польшийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээ хийнэ.

10.35 цагт Бэлэг солилцоо

10.40 цагт Ерөнхийлөгч нарын уулзалт

11.30 цагт Ерөнхийлөгч нарыг байлцуулан баримт бичигт гарын үсэг зурна

12.00 цагийн орчимд Польшийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгч нар хэвлэл мэдээллийнхэнд зориулсан мэдэгдэл хийнэ БНПУ-ын Ерөнхийлөгчийн ордонд

14.00 цагт. Польш-Монголын эдийн засгийн форум зохиогдож, Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгч нар оролцож үг хэлнэ. Westing зочид буудалд болж магадгүй.

14.45 цагт. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Сенатын Маршал Малгорзата Кидава-Блонскаг хүлээн авч уулзав.

17 цагт. Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгч нар Морин хуурын хөгжмийн найрал хөгжмийн концертод оролцоно

19.00 цагт Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэх албан ёсны оройн зоог барих зэрэг арга хэмжээ өнөөдөр зохиогдож магадгүй төлөвтэй байна.

Бизнeсийн төлөөллүүд Westin-д уулзаж магадгүй

2025.03.13. БНПУ. Варшав хот. Монгол Улсын Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Польш Улсын Eрөнхийлөгч Андрей Дудагийн урилгаар БНПУ-д албан ёсны айлчлал хийж байна. Монгол Улсын Eрөнхийлөгч У.Хүрэлсүхийг моннолын 100 гаруй бизнeсийн төлөөлөл яваа. Тэд өнөөдөр орон хутгийн уагаар үдээс хойш Польш-Монголын эдийн засгийн форум охолуох юм. Энэ үeэр Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгч нар өизнeс форумд үг хэлэх тов зарлагджээ. Хоёр жлсын бизнeсийн төлөөлөгчийн уулзалт Польш Улсын нийслэл Варшав хотод байрлах 5 одтой Westing зочид буудалд болж магадгүй.

Бүгд Найрамдах Польш Улсын Сенатын Маршал Малгорзата Кидава-Блонскатай уулзана

2025.03.13. БНПУ. Варшав. Монгол Улсын Eрөнхийлөгч У.Хүрэлсүх БНПУ-ын Eрөнхийлөгч Андрей Дудагийн урилгаар лгаар тус улсад айлчилж байна. Албан ёсны айлчлалын үeэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Сенатын сeнатор Малгорзата Кидава-Блонскаг хүлээн авч уулзана гэсэн тов гарсан. Małgorzata Kidawa-Błońska 1957.05.05-нд Варшав хотод төржээ. 1983 онд Варшавын их сургуулийн философи, социологийн факультетийг социологийн чиглэлээр төгссөн. 1986-1991 онд Карол Иржиковскийн нэрэмжит кино студийн уран зохиолын хэлтэст ажиллаж байсан. 1994-2005 онд тэрээр кино, телевизийн нэвтрүүлэг бэлтгэдэг Gambit Production студийн дэд ерөнхийлөгч; Тус студи бусад кинонуудаас гадна “Джэм” хамтлагийн дуучин Рийделд зориулсан киног бүтээсэн аж. 2002-2005 онд Варшав хотын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. 2005-2023 онд тэрээр Сеймд сууж байсан. 2015 онд тэрээр Сеймийн долдугаар хугацааны маршалаар сонгогдсон. Найм, есдүгээр сеймд тэрээр дэд маршал байсан. 2014-2015 онд Ерөнхий сайдын канцлерийн Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 2014 онд тэрээр Дональд Тускийн засгийн газрын, 2015 онд Эва Копачийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байжээ. 2021 оноос Иргэний платформын гишүүн, намын дэд даргаар ажиллаж байжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Польшийн Ерөнхийлөгч А.Дуда албан ёсоор угтаж авлаа

2025.03.13. БНПУ. Варшав хот. Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг тус улсын Ерөнхийлөгч Анджей Дуда Ерөнхийлөгчийн ордондоо албан ёсоор угтан авлаа. Хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэж, ёслолын буудлага үйлдсэний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөв. Төрийн тэргүүн нар угтах ёслолд оролцсон Монгол, Польшийн албан ёсны төлөөлөгчидтэй мэндчиллээ. Польшийн Ерөнхийлөгчийн ордон нь 1643 онд баригдаж эхэлсэн, Польшийн түүхтэй салшгүй холбоотой уран барилгын нэг юм. Ордонд Ерөнхийлөгч А.Дуда амьдарч, ажилладаг бөгөөд Ерөнхийлөгчийн уулзалт зэргээс гадна гадаад улсын төрийн тэргүүн, дээд, өндөр түвшний төлөөлөгчдөд зориулсан ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулдаг. Монгол, Польш Улс 1950 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Польш Улс 37 сая гаруй хүн амтай. Парламентын засаглалтай бөгөөд Сейм, Сенат гэсэн хоёр танхимтай. Сеймийн гишүүдийг пропорциональ, Сенатын гишүүдийг мажоритар системээр сонгодог. Ерөнхийлөгч А.Дуда 2020 онд таван жилийн хугацаагаар дахин сонгогдсон. 1996 онд Хууль зүй, удирдлагын ухааны чиглэлээр их сургууль төгссөн. “Польшийн захиргааны эрх зүй дэх хуулийн ашиг сонирхол” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Польшийн Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 860 гаруй тэрбум ам.доллар. Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 23 мянга гаруй ам.доллар. Дундаж цалин 2,000 гаруй евро, дундаж тэтгэвэр 940 евро. Аж үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуй, металлурги, уул уурхай эдийн засгийнх нь голлох салбарт тооцогддог. Тус бүр 350 гаруй тэрбум еврогийн үнэ бүхий машин, тоног төхөөрөмж, химийн бүтээгдэхүүн, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, металлурги экспортолж, импортолдог. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ жил бүр өсөж, 3,7 тэрбум еврод хүрчээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, А.Дуда нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2025.03.14. БНПУ. Варшав хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч А.Дуда нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний үеэр Монгол, Польшийн харилцаа хоёр талын хүч чармайлтын дүнд эдийн засаг, нийгмийн олон салбарт идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун буйгаа төрийн тэргүүн нар илэрхийллээ. Мөн энэ айлчлалаар хоёр орны уламжлалт найрсаг харилцааг шат ахиулж “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэж байгаа нь харилцааны түүхийн нэгэн шинэ хуудсыг нээсэн, онцгой үйл явдал гэдэгт санал нэгдлээ. Хоёр улс 1950 онд дипломат харилцаа тогтоосноос хойш нийгэм, эдийн засгийн олон салбарт хамтран ажиллаж ирсэн. Энэ туршлагадаа тулгуурлан илүү өргөн хүрээнд, тухайлбал худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хөгжлийн томоохон бүтээн байгуулалт, зам тээвэр, боловсрол, шинжлэх ухаан, геологи, уул уурхай, соёл, урлаг, байгаль орчин зэрэг салбарт харилцан ашигтай хамтран ажиллахаар тохиролцлоо. Төрийн тэргүүн нар дэлхий дахинаа тулгараад буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний аюулгүй байдал зэрэг сорилтыг даван туулж, шийдвэрлэх, түүнд хувь нэмрээ оруулах, хоёр улсын дэвшүүлсэн санаачилга, зорилтуудыг уялдуулж хэрэгжүүлэх талаар ярилцлаа гэжээ.

Монгол, Польш Улс Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоолоo

2025.03.14. БНПУ. Варшав хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

  • “Иж бүрэн түншлэлийн тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын Хамтарсан тунхаглал”-д Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда нар гарын үсэг зурлаа.

Хоёр улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд харилцааны түвшнийг ахиулж, Иж бүрэн түншлэлд хүргэлээ. Иж бүрэн түншлэл нь хоёр улсын харилцан хүндлэл, итгэлцлийг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг уялдуулж, хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлэн хөгжүүлэх зорилготой юм.

Мөн хамтран ажиллах тухай баримт бичгүүдэд хоёр улсын төр, засгийн холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурлаа.

Үүнд:

  • “Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын Иж бүрэн түншлэлийн үйл ажиллагааны 2025-2030 оны төлөвлөгөө”-нд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, польшийн талаас Гадаад хэргийн дэд сайд Владислав Теофил Бартошэвски нар гарын үсэг зурлаа.

Улс төрийн яриа хэлэлцээ, парламентын хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, технологи, байгаль орчин зэрэг хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, холбогдох арга хэмжээнүүдийн төлөвлөгөөг нарийвчлан тогтлоо.

  • “Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Бүгд Найрамдах Польш Улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидийн бүтээгдэхүүний бүртгэлийн газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Тогтмолын Мөнхсайхан, польшийн талаас Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидийн бүтээгдэхүүний бүртгэлийн газрын дарга Гжегож Цессак нар гарын үсэг зурлаа.

Монгол Улсад эмнэлгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, түгээлтэд европ стандарт нутагшуулах, бүртгэл, аюулгүй байдал, тандалт судалгааны мэдээлэл солилцоно. Монгол Улсад аюулгүй, чанартай баталгаатай эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллана.

  • “Хамтран ажиллах тухй Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургууль болон Бүгд Найрамдах Польш Улсын Дайны урлагийн сургууль хоорондын хэлэлцээр“-т Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн ректор Сүрэнхорлоогийн Дашзэвэг, польшийн талаас Дайны урлагийн сургуулийн ректор Мечислав Гоцул нарын гарын үсэг зурлаа.

Хамтарсан судалгаа, шинжилгээ, сургалт, хурал, семинар зохион байгуулах, харилцан туршлага солилцох, сонсогч, багш, ажилтнуудын харилцан солилцооны чиглэлээр хамтран ажиллана.  Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бүс нутагт харилцан итгэлцлийг бэхжүүлэх, цэргийн мэргэжилтнүүдийн ур чадварыг улам нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.  

  • “Шинжлэх ухааны хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Бүгд Найрамдах Польш Улсын Шинжлэх ухааны академи хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Содномсамбуугийн Дэмбэрэл, польшийн талаас Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Марек Конажевски нар гарын үсэг зурлаа.

Талууд 1960-аад оны дунд үеэс түүх, угсаатан зүй, палеонтологи, биологийн салбарт идэвхтэй хамтарч ирсэн. Хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, цар хүрээ, чиглэл өргөжин тэлж, уламжлалт болон шинэ төрлийн хамтарсан судалгааны төслийн тоо нэмэгдэх, шинжлэх ухааны салбарын хүний нөөцийг чадавхжуулах,  академи хоорондын харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд түлхэц болно.

  • “Шинжлэх ухааны хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэн болон Бүгд Найрамдах Польш Улсын Шинжлэх ухааны академийн Палеобиологийн хүрээлэн хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал Зоригтын Бадамхатан, польшийн талаас Шинжлэх ухааны академийн Палебиологийн хүрээлэнгийн захирал Ярослав Столарски,

Академиуд 1963-1971 онд Монголын говьд палеонтологийн хамтарсан хээрийн судалгаа хийж байсан түүхтэй. Үүний дүнд үлэг гүрвэл, хөхтөн, мөлхөгчид зэрэг эртний нугаламт амьтдын томоохон хэмжээний цуглуулга бий болсны зэрэгцээ  шинжлэх ухааны олон сонирхолтой нээлт хийсэн. Академи хоорондын хамтын  ажиллагаа шинэ түвшинд гарч палеонтологийн чиглэлийн түүхэн судалгаагаа үргэлжлүүлэх үндэс суурь тавигдлаа

  • “Монгол кино нэгтгэл болон Бүгд Найрамдах Польш Улсын Баримтат ба уран сайхны кино үйлдвэр хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т “Монгол кино” нэгтгэлийн захирал Бүдсүрэнгийн Түмэн-Өлзий, польшийн талаас Баримтат ба уран сайхны кино үйлдвэрийн орлогч захирал Агнешка Бендковска нар гарын үсэг зурлаа.

Хамтарсан кино төсөл хэрэгжүүлэх, кино зураг авалт зохион байгуулах, мэргэжлийн зөвлөгөө, сургалт явуулах, кино үйлдвэрлэлийн мэргэжилтнүүд бэлтгэх, орчин үеийн киноны тоног төхөөрөмжийн худалдан авалт, түрээс, арчилгааны талаар туршлага солилцоно.

  • “Монгол Улсын их сургууль болон Бүгд Найрамдах Польш Улсын Ягеллоны их сургуулт хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг“-т Монгол Улсын Их сургуулийн ректор Баянжаргалын Очирхуяг, польшийн талаас Ягеллоны их сургуулийн ректор Пётр Едынак нар гарын үсэг зурлаа.

Эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагааг хөгжүүлж, олон улсын түвшинд өрсөлдөхүйц судалгаа хийх боломж бүрдэнэ. Оюутан, багш нарын солилцоогоор дамжуулан соёлын харилцааг гүнзгийрүүлж, боловсролын салбарын олон улсын туршлагыг нэвтрүүлэхэд хувь нэмэр оруулна. Залуу судлаачид европын санхүүжилттэй тэтгэлэг, судалгааны хөтөлбөрүүдэд хамрагдах, монгол оюутнууд Польшид суралцах, судалгаа хийх, тэтгэлэгт хамрагдах боломж бүрдлээ.

  • “Монгол Улсын Консерватори болон Бүгд Найрамдах Польш Улсын Ф.Шопены нэрэмжит Хөгжмийн их сургууль хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Консерваторийн ректор Цэрэнжигмэдийн Шаравцэрэн, польшийн талаас Ф.Шопены нэрэмжит хөгжмийн их сургуулийн ректор Томаш Штрал нар гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Консерватори 2011 оноос Польшийн хөгжмийн зохиолч Ф.Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдааныг тус улсын Элчин сайдын яамтай хамтран дөрвөн удаа зохион байгуулсан. Цаашид монголын үндэсний болон шинэ хөгжмийн бүтээлүүдийг сурталчлах, уран бүтээлийн эмхэтгэл, ноот, партитур зэргийг тус сургуульд тоглох зэргээр хамтарна.  

  • “Монгол Улсын Консерватори болон Бүгд Найрамдах Польш Улсын К.Шимановскийн нэрэмжит Хөгжмийн их сургууль хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Консерваторийн ректор Цэрэнжигмэдийн Шаравцэрэн, польшийн талаас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойко нар гарын үсэг зурлаа.

Багш, оюутан солилцох, хамтарсан уран бүтээл туурвих, хөгжмийн зохиолчдын бүтээлийг солилцох, эрдэмтэн багш нарын хамтарсан төсөл хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны бага хурал зохион байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллана.

  • “Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Төв аймаг, Бүгд Найрамдах Польш Улсын Мазовецки муж хоорондын хэлэлцээр“-т Монгол Улсын Төв аймгийн Засаг дарга Лхагвасүрэнгийн Төмөрчөдөр, польшийн талаас Мазовецки мужийн Удирдах зөвлөлийн гишүүн Янина Орзеловска нар гарын үсэг зурлаа.

Оюутан, багш, судлаачдын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, соёлын арга хэмжээ зохион байгуулах, хөрөнгө оруулалт, орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжих чиглэлээр харилцан туршлага солилцох, хөдөө аж ахуй, технологи, аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, А.Дуда нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо тунхаглан зарлалаа

2025.03.13. БНПУ. Варшав хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Хоёр орны Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө. Хэлэлцээ үр дүнтэй, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач ач холбогдолтой болсон гэдгийг төрийн тэргүүн нар тэмдэглэв. Төрийн айлчлалаар харилцааны түвшнийг шат ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэсэн нь харилцааны түүхийн нэгэн шинэ хуудсыг нээсэн онцгой үйл явдал гэдгийг онцоллоо. Хэлэлцээний үеэр өнгөрсөн 75 жилийн ололт амжилтаа дүгнэж, ирэх жилүүдийн харилцаа, хамтын ажиллагааны замын зураглалаа тодорхой болголоо. Цаашид худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, уул уурхай, геологи, дэд бүтэц, тээвэр ложистик, боловсрол, шинжлэх ухаан, археологи, эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр болов. Польшийн тал “Шинэ Хархорум” хот, хүнд үйлдвэрлэл, нийтийн тээвэр, цэвэрлэх байгууламж зэрэг томоохон бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв. Ялангуяа хүнс, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт польшийн тал дэвшилтэт техник, технологи, инновац нэвтрүүлж, мэргэжилтнүүд бэлтгэн, туршлагаа хуваалцана. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Польшийн “Ногоон хот” хөтөлбөртэй уялдуулахаар тогтлоо. Монгол бол жинхэнэ ардчилсан, бас ирээдүйтэй орон” гэж Ерөнхийлөгч Анджей Дуда онцлон тэмдэглэв.Албан ёсны хэлэлцээ, харилцан тохиролцсон зүйлс харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа төрийн тэргүүн нар илэрхийллээ.

Ерөнхийлөгч “Нэр нь үл мэдэгдэх цэргийн дурсгалын хөшөө”-нд цэцэг өргөв

2025.03.14. БНПУ. Варшав хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.Ерөнхийлөгч болон дагалдан яваа төлөөлөгчид “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Мөн Ерөнхийлөгч цогцолборын Хүндэт зочны дэвтэрт “Польшийн ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцсэн эрэлхэг цэрэг дайчдын мөнхийн гэгээн дурсгалд гүн хүндэтгэл илэрхийлье. Өнө эртний түүхэн уламжлалт харилцаатай Монгол, Польшийн ард түмний найрамдал нөхөрлөл, найрсаг дотно харилцаа өнө мөнхөд мандан бадрах болтугай” хэмээн бичиж үлдээлээ. Варшав хотын Маршал Юзеф Пилсүдскийн талбайд байрлах энэ хөшөөг Польшийн эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө амь үрэгдсэн үе үеийн цэрэг, дайчдын дурсгалд зориулан босгосон байна. Хөшөөнд “Энд эх орныхоо төлөө амиа өргөсөн польш цэрэг нойрсож байна” гэсэн үгийг сийлжээ. Цогцолборын багануудад харийн түрэмгийлэгчдийн эсрэг польш цэргүүдийн амиа алдаж байсан түүхт газруудын жагсаалт байдаг. Энд байх “Легница 9. IV. 1241” гэсэн тоо нь 1241 оны хавар Бат хааны цэргүүд Легницийн талд Польш, Европын хамтарсан цэргийн хүчийг бут цохисны илэрхийлэл юм. Цогцолборын гол хэсэгт мөнхийн гал асаж, цэргийн тусгай хорооны цэргүүд хүндэт харуулд зогсдог. Томоохон ой, тэмдэглэлт үйл явдлын үеэр энд цэргийн ёслолын жагсаал болж, төр, засгийн удирдлага нь хүндэтгэл үзүүлдэг. Мөн гадаадын төрийн тэргүүн болон шинээр томилогдсон Элчин сайд нар цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай гэжээ.

Польш-Монголын бизнес форумд 180 гаруй аж ахуйн нэгж оролцлоо

2025.03.14. БНПУ. Варшав хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Варшав хотноо болсон Польш-Монголын бизнес форумд  хоёр улсын төрийн тэргүүн оролцлоо. Монгол Улс “итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш” байх зарчим баримталж байгааг Ерөнхийлөгч хэлээд, харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа. Бизнес форумд хоёр талаас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, худалдаа үйлчилгээ, уул уурхай, ашигт малмал, барилга, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, тээвэр ложистик зэрэг 20 орчим салбарын 180 гаруй аж ахуйн нэгж оролцлоо. 2024 оны байдлаар хоёр орны худалдааны эргэлт 105 сая ам.доллар байна.Манай улс нэг сая гаруй ам.долларын экспорт хийж, 104 орчим сая ам.долларын бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг. Польш нь манай улс руу хийдэг экспортын хэмжээгээрээ Европын Холбооны Улсад тэргүүлдэг орны нэг юм.1990 оноос өмнө Польшийн зээл, тусламжаар:

  1. Дарханы царууц тоосго, шохойн үйлдвэр /1966 он/
  2. Улаанбаатарын хөнгөн бетоны үйлдвэр /1966 он/
  3. Хархорины дулааны цахилгаан станц /1970 он/
  4. Улаанбаатарын мод боловсруулах комбинат /1971 он/
  5. Улаанбаатарын спиртийн үйлдвэр /1974 он/
  6. Хархорины спиртийн үйлдвэр /1974 он/
  7. Улаанбаатарын халиман цавууны цех /1975 он/
  8. Чойбалсангийн царууц тоосгоны үйлдвэр /1985 он/
  9. Улаанбаатарын нэхээсгүй эдлэлийн үйлдвэр /1989 он/-ийг барьжээ.

Бизнес форумын үеэр Монгол Улсын Хөрөнгө оруулалт, худалдааны газар, БНПУ-ын Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т талууд гарын үсэг зурлаа. Форумыг Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Польшийн Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг хамтран зохион байгууллаа гэжээ.

Польш улстай аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт хамтран ажиллах боломжтой

2025.03.14. БНЧУ. Варшав хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийж буй Төрийн айлчлалын хүрээнд Монгол-Польшийн бизнес форум Варшав хотноо амжилттай болж өндөрлөлөө. Тус форумд хоёр орны төрийн тэргүүнүүд оролцож, нээлтийн үг хэлэв. Польш Улсын Ерөнхийлөгч Анджэй Дуда “Монгол Улсын дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтууд, мега төсөл, Шинэ Хархорин, Улаанбаатар хотын нийтийн тээврийн төсөлд бид оролцох сонирхолтой байна. Уламжлалт харилцааг илүү хөгжүүлж, шинэ боломжуудаар баяжуулан эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх бүрэн боломж манай хоёр улсад бий” гэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Энэхүү айлчлалаар Монгол, Бүгд Найрамдах Польш Улсын харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлд хүргэлээ. Хоёр улсын эдийн засаг, худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа ч бидний санасан хэмжээнд хүрэхгүй байна. Тиймээс бид худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах нь чухал юм. Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалт татах бодлого хэрэгжүүлж, эрх зүйн орчныг таатай болгоход ихэд анхаарч ажиллаж байна. 1980-аад оны бүтээн байгуулалтуудад оролцож байсан туршлагаараа манай улсын дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт хийж, Монголын бизнес эрхлэгчидтэй түншлэхийг уриалж байна” гэлээ. Форумын үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од, Польш Улсын Худалдаа Хөрөнгө Оруулалтын Газрын дарга нар  гарын үсэг зурлаа. Мөн хоёр улсын  эдийн засаг, бизнесийн орчин, худалдаа, хөрөнгө оруулалтын тухай мэдээлэл бүхий илтгэлүүд тавилаа. Монгол Улс Польш руу голчлон ноос, ноолуур, арьс шир, уул уурхайн бүтээгдэхүүн экспортлож, Польш Улсаас хүнсний бүтээгдэхүүн, машин механизм, эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэг бүтээгдэхүүн импортолж байна. Худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах чиглэлээр хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх болно гэдгээ хоёр орны Худалдааны танхимуудын удирдлагууд хэлж байна. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од хамтын ажиллагааны гол салбаруудын боломжийг ингэж харж буйгаа хэлсэн юм. Үүнд:

  • Боловсрол, технологи солилцоо–Их, дээд сургууль, мэргэжлийн сургалтын хамтын ажиллагааг өргөжүүлснээр инноваци, мэдлэгийн солилцоог нэмэгдүүлэх боломжтой.
  • Уул уурхай, байгалийн нөөц – Монголын арвин баялаг байгалийн нөөцийг Польшийн дэвшилтэт технологитой хослуулснаар олборлолтын үр ашиг, тогтвортой байдлыг сайжруулах боломжтой.
  • Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл – Мал аж ахуй, сүү, хүнсний технологи зэрэг салбарт хамтран ажиллаж, органик болон боловсруулсан бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх боломжтой.
  • Сэргээгдэх эрчим хүч, ногоон технологи–Польшийн эрчим хүчний шилжилтийн туршлага нь Монголын тогтвортой эрчим хүчний хөгжлийг дэмжихэд хувь нэмэр оруулж чадна.
  • Дэд бүтэц, логистик-Монголын газарзүйн стратегийн байршлыг харгалзан, Польшийн төмөр зам, логистикийн туршлага нь бүс нутгийн холболтыг сайжруулахад туслах болно.
  • Боловсрол, технологи солилцоо–Их, дээд сургууль, мэргэжлийн сургалтын хамтын ажиллагааг өргөжүүлснээр инноваци, мэдлэгийн солилцоог нэмэгдүүлэх боломжтой.

Монгол, Польшийн бизнес форумд уул уурхай, хүнс, ноос ноолуур, арьс шир, эрүүл мэнд, боловсрол, хуулийн чиглэлээр нийтдээ 200 гаруй бизнeсийн төлөөлөл оролцсон талаар МҮХАҮТ мэдээлэлдээ дурджээ.

Монгол-Польшийн бизнес форумын онцлох үйл явдлууд

  • Форумд хоёр улсын Ерөнхийлөгч нар оролцож, нээлтийн үг хэллээ.
  • Монгол-Польшийн бизнес эрхлэгчдийн B2B уулзалт боллоо.
  • Монголын хоёр компани 8 сая еврогийн үнийн дүн бүхий бизнесийн гэрээ байгууллаа.
  • Монголын бизнес эрхлэгчид Польш улсын Шинжлэх ухааны академийн дэргэдэх Сэргээгдэх эрчим хүчний институцид зочилж, үйл ажиллагаатай танилцлаа.
  • Мөн тус улсын хамгийн том эмийн Polfa Sa Trachmin үйлдвэрээр аялсан энэ удаагийн Монгол-Польшийн онцлох үйл явдалд багтжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчид Польшийн Сенатын дарга бараалхлаа 

2025.03.14. БНПУ. Варшав хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгчид тус улсын Сенатын дарга Малгорзата Кидава-Блоньска бараалхлаа. Талууд хоёр орны харилцааг өргөжүүлэхэд хууль тогтоох байгууллага, парламент хоорондын хамтын ажиллагааг чухал үүрэгтэй гэдэгт санал нэгдлээ. Мөн хүний эрх, эрх чөлөө, тэгш эрхийг хангах, ялангуяа эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, олон улсын түвшинд хамтарч ажиллах эрмэлзлээ нотоллоо. Төрийн айлчлалын үеэр боловсрол, шинжлэх ухаан, геологи, палеонтологи, соёл, кино урлаг, хэвлэл мэдээлэл зэрэг салбарт хамтран ажиллах 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан нь харилцаа бүх талаар гүнзгийрэн бэхжиж байгаагийн тод илэрхийлэл гэдгийг онцоллоо. Польшийн парламентын Сенат нь 100 гишүүнтэй бөгөөд гишүүд нь мажоритар тогтолцоогоор дөрвөн жилийн хугацаагаар сонгогддог. Сенат нь Сеймээс баталсан хуулийг хянан шалгаж, хүлээн авах, өөрчлөлт оруулах эсвэл буцаах тогтоол гаргах зэргээр хууль тогтоох үйл ажиллагаанд оролцдог. Гэхдээ гүйцэтгэх засаглалын хяналтын үүрэг гүйцэтгэдэггүй юм байна.

УИХ-ын гишүүн Золжаргал Польш Улсын Ceнатын дарга Малгорзата Кидава-Блоньскад бараалхав

Монгол Улсын Eрөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНПУ дахь айлчлалыг хэд хэдэн гишүүн дагалдаж яваагаас УИХ-ын гишүүн Ж.Золжаргалыг онцлох нь зүйтэй болов уу.

Монгол Улсын Eрөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамт УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Польш Улсын Сенатын дарга Малгорзата Кидава-Блоньскад өнөөдөр мөн бараалхав. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга юм. Түүний төгссөн сургуулиас дурдвал Санкт-Петербургийн Уул уурхайн их сургуулийг дурдаж болно. Түүний сургууль, манай сургууль ойролцоо тул хоёр сургуулийн оюутнууд хоорондоо орж гарах нь их. Тэрбээр оюутан ахуйдаа Монгол судлаач Польш бүсгүйтэй танилцаж гэр бүл болсон юм. Энэ нь нь Монгол-Польшийн харилцаанд түлхэц өгч буй үйл явдал гэж дүгнэж болно. Мөн Санкт-Пeтeрбургийн их сургууль буюу манай сургуулийн дорно дахины факультeт төгссөн Гэрэл эгч Польш дахь Монгол Улсын элчин сайдын яаманд ажиллаж ирсэн билээ. Ийнхүү Санкт-Пeтeрбургийн их сургууль төгссөн А.Энхтуул, Гэрэл,Золжаргал бидний хүчин чармайлт бас орж буйг тодотгох нь зүйтэй болов уу. Монгол Улсын Eрөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал нар БНПУ дахь Монгол Улсын элчингээр орвол Гэрэл эгчтэй уулзахыг зөвлөe. Тэнд байгаа ёураг дуулдана лээ.

420846325_936853554628299_4824140563652813239_n

Хариулт үлдээнэ үү

Translate