Монгол, Италийн харилцаа

Шадар сайд У.Хүрэлсүх Итали Улсын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Иван Скалфароттог хүлээн авч уулзав
2017.04.16. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Итали, Монголын Засгийн газар хоорондын холимог комиссын Италийн хэсгийн дарга, эдийн засгийн хөгжлийн дэд сайд Иван Скалфароттог хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Шадар сайд У.Хүрэлсүх Монгол, Италийн хооронд 1970 оны 6 дугаар сард дипломат харилцаа тогтоосноос хойш найрсаг харилцаа, хамтын ажиллагааны төвшинд харилцаж буй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Мөн цаашид Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, ялангуяа худалдаа, эдийн засаг, соёлын салбарын хамтын ажиллагаа өргөжүүлэх өргөн боломжтойг тэмдэглэв. Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын хоёрдугаар хуралдаан энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Хоёрдугаар хуралдаанаар эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтын хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, боловсрол, соёл, зам тээвэр зэрэг салбарыг хамарсан өргөн хэлэлцүүлэг хийж байна. Энэ үеэр хэлэлцсэн асуудлыг ажил хэрэг болгоход Засгийн газрын зүгээс дэмжиж ажиллахаа Шадар сайд илэрхийллээ. Монгол Улсад 2016 оны байдлаар Италийн хөрөнгө оруулалттай нийт 52 компани худалдаа, нийтийн хоол, малын гаралтай түүхий эдийн боловсруулалтын салбарт 36,8 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийжээ. Хоёр улсын худалдааны нийт эргэлт 2016 онд 65,5 сая ам.доллар байснаас экспорт 33,5 сая ам.доллар, импорт 32 сая ам.долларт хүрсэн байна.

Италийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2024.02.05. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Италийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүчин чармайлтын дүнд өргөжин хөгжиж байгааг тэмдэглэлээ. Цаашид харилцан сонирхсон салбаруудад харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв. Элчин сайд Ж.Пиккаррета улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв. Уулзалтын үеэр Тэрбум мод, Эрүүл монгол хүн, Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд Итали Улстай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Талууд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Ж.Пиккарретад ажлын амжилт хүсэж, бүх талын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв гэжээ.

Италийн Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлэв
2024.07.18. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв. Монголын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд италийн ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье. Улаанбаатар, Ромын харилцаа нь ардчилал, хүний эрхийн үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлсэн, нөхөрлөлийн гүн гүнзгий мэдрэмжээр тэтгэгддэг бат бэх үндэс дээр суурилдаг билээ. Хоёр улсын харилцааг харилцан сонирхсон салбаруудад төдийгүй Европын Холбоо, Монгол Улсын харилцааны хүрээнд хамтын ажиллагааны шинэ боломжийг эрэлхийлэх замаар өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэл төгс байна. Эдгээр хүсэл эрмэлзлээ дурдахын ялдамд Эрхэм Ерөнхийлөгч Танд эрүүл энх, сайн сайхан, монголын найрсаг ард түмэнд хөгжил цэцэглэлтийн дээдийг хүсэн ерөөе гэжээ.

Италийн Миланы загварын долоо хоногт Монгол Улсаас анх удаа оролцов
2025.03.07. Итали. Милан. Бүгд Найрамдах Итали Улсын Милан хотноо 2025 оны 2 дугаар сарын 25-наас 3 дугаар сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Миланы загварын долоо хоногт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэмжлэгтэйгээр Монголын ноос ноолуурын салбарын төлөөлөл GoMongolia үндэсний брэндийн дор амжилттай оролцлоо. Дэлхийн шилдэг таван загварын долоо хоногийн нэгт зүй ёсоор тооцогддог Миланы загварын долоо хоног нь жилд 2 удаа зохион байгуулагддаг. Манай загвар зохион бүтээгчдийн оролцсон төсөл нь залуу дизайнеруудад чиглэсэн, тэдгээрийн ур чадварыг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, хувцас загварын зөвлөх, дизайнеруудтай уулзуулах зэргээр залуу дизайнеруудад өгөөжтэй арга хэмжээ боллоо. Арга хэмжээний үеэр байгуулсан Go Mongolia талбайд монгол ноолуурыг Италийн нэрт загварын сэтгүүл Vogue, бусад холбогдох хэвлэлийн байгууллагууд, инфлүэнсерүүд, дизайнер, худалдан авагчид, Миланы бүтик дэлгүүрүүдийн эздүүдээс гадна Миланы загварын долоо хоногийн Ерөнхийлөгч зэрэг зочид зочилж, Монгол ноолуурын онцлог, ондоошил, дизайнеруудын бүтээлүүдийг үзэж сонирхов гэжээ.
