2 сар 19, 2025

Монгол, Японы харилцаа

Монгол, Японы түүхэн харилцаа

2025.02.01. Монгол Улс. Улаанбаатар хот. Хубилай 1260 онд Юань улсын хаан сууринд өргөмжлөгдөөд даруй зургаан жил өнгөрөөд байхад Японы хаанаас Хубилай хаанд элч зарж, хүндэтгэл үзүүлсэнгүй. Гэтэл Хубилайгаас өмнөх Хятадын хаадтай Японы хаад байнгын харилцаатай байдаг байжээ. Үүнийг Хубилай хаанаас японы ванд илгээсэн анхны Жуу бичиг нотолдог байна. Хубилай хаан анхныхаа Жуу бичгийг Японы ванд 1266 онд буюу Их Монгол улс байгуулагдсаны 60 жилийн ойгоор явуулжээ. Хубилай хаан Наран мандах улстай харилцаж эхлэхээр шийдсэн нь энэ аж. Хубилай хаан 1266 оны намар Хятадад шинэ эзэнт улс тогтсон тухай хэл хүргэж, эзэн хаанд алба гувчуур төлсүгэй хэмээн Японд анхныхаа элчийг илгээжээ. Тэнгис далайг гатлахад туслагтун хэмээн солонгосчуудад зарлиг буулгахад нөгөөдүүл нь тэнгис далайн догшин давалгаа, аймшигт шуургын тухай дүрслэн ярьж элчүүдийг хуураад буцаачихсан аж. Солонгосууд Монгол Японы хоорондын харилцаанд хутгалдахаас зайлсхийж ийм арга хэрэглэсэн аж. Элч нар буцаж очиход Хубилай уурсаж харъяат ардуудад анхааруулсан жуу бичгийг 1267 оны зун бичиж, 1268 онд дахин элч мордуулж Солонгосын хааны ордонд хүргүүлэхэд, солонгосчууд туслахаас өөр гарцгүй болжээ. Элч илгээж өөрт нь алба гувчуур өргөж байхыг ёслолын болон цэргийн яамны хоёр түшмэлээрээ уламжилсан ч, япончууд түүний элчүүдийг найртай хүлээж авсангүй ээ. Японы арлууд эх газраас тасархай орших нь тэдний давуу тал байлаа. Монголчууд тэнгис, далайг гатлаад иртлээ удна гэж бодсоных биз. Ийнхүү хэдэнтээ жуу бичиг илгээж, нөгөөдүүлийнх нь зарим ая тал зассөн хариу захидал илгээхээр зэхэж байсан ч, зарим нь эрс цаараглаж байв. Хубилайн дайсан Сүн улстай япончууд сүлбэлдэж, худалдаа наймаа хийж байсан нь дургүйцлийг нь дээд цэгт нь хүргэсэн аж. Тиймээс Япончуудыг эзлэх замаар Сүн улсыг доройтуулах нь оновчтой хэмээн Хубилай үзсэн байна. Тиймээс Хубилай Японы арлуудыг дайрч довтлох, цэргүүдийг тээвэрлэх хөлөг онгоцуудыг хийхийг солонгосчуудад даалгажээ. Ингэж Юань гүрний далайн цэргийн флот байгуулагдсан түүхтэйг Хурч Хорчины товчоонд өгүүлдэг байна. 1274.11 сард 900-аад том жижиг хөлөг онгоцонд, 15000 монгол, хятад, зүрчид,солонгосуудыг суулгаж өнөөгийн Бусан хотоос Японы арлуудыг зорьжээ. Итгэхэд бэрх ч энэ бол үнэн түүх учраас монголчууд Хубилай хааны усан флот гэх дурсгалын зоосыг бүтээсэн юм.

Хубилай хааны усан флот

2024.11.12.Монгол Улс. Улаанбаатар хот. Япон улсын Мацүра хотын Такашима арлын далайн гүнээс илрүүлсэн Монголын Эзэнт гүрний үед холбогдох Хубилай хааны усан флотын цэргийн армийн хөлөг онгоцны дурсгал болон түүхэн үйл явдлын 750 жилийн ойг тохиолдуулан соёлын өвүүдийг сурталчлах, олон нийтэд таниулах зорилгоор Соёлын өвийн үндэсний төвийн захиалгаар Хубилай хааны усан флот дурсгалын зоосыг үйлдвэрлүүлж, худалдаанд гаргалаа. Япон улсын Фүкүока хотын Кюүшюү их сургууль дээр зохион байгуулагдсан Хубилай хааны Япон руу хийсэн довтолгооны дараах 750 жилийн түүхийн олон улсын симпозиум арга хэмжээний үеэр  тус дурсгалын зоосыг олон нийтэд танилцуулав. Зоосны нүүрэн талд далайн ёроол хэсэгт усны археологийн малтлагаар илэрсэн тухайн үед живсэн хөлөг онгоцны модон суурины ёроол хэсэг болон далайд хөвж буй Хубилай хааны хөлөг онгоцны компьютер график ашиглан сэргээсэн загварыг дүрсэлсэн. Мөн зоосны дээд хэсэгт Хубилай хааны усан Флот гэж, доод хэсэгт энэхүү олдворын илэрсэн газар болох Такашима арлын нэрийг бичжээ. Такашима нь Шонхрын арал гэсэн утгатай бөгөөд хөлөг онгоцны дээр шонхор шувууг нисэж буйгаар дүрсэлсэн. Хубилай хааны усан флот дурсгалын зоосны үзүүлэлт: 

  • Технологи: Smartminting, Ultra High Relief
  • Жин: 50 грамм                                          
  • Он: 2024                                                           
  • Нэрлэсэн үнэ: 750 төгрөг                              
  • Металл: Зэс (Алтаар бүрсэн)                      
  • Диаметр: 38.61 мм                                             
  • Чанар: Proof                                                    
  • Технологи: Smartminting, Ultra High Relief  

Хубилай хааны усан флот дурсгалын зоос дээр дүрсэлсэн зураглал болон баримтжуулалтыг сүүлийн 30 жилийн хугацаанд судалсан Япон улсын судлаачдын ажлын үр дүнгээс сэдэвлэсэн бөгөөд зоосыг бүтээхэд тус улсын Мацүра хотын захиргаа, музей, Нара их сургууль, Кокүгакүин их сургуулиас албан ёсны зөвшөөрөл авч, Фукүока дахь Монгол Улсын Өргөмжит консулын газартай хамтран ажиллажээ. Дашрамд дурдахад, Монголбанкны Эрдэнэсийн сан нь 2015 онд Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тохиолдуулан Хубилай хаан 25 гр, мөнгөн дурсгалын зоос, 2018 онд Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс-Япон Улс 1 унц, мөнгөн дурсгалын зоос, 2022 онд Монгол-Япон 50 жил 5 гр, ялтсан мөнгөн дэвсгэрт, 2024 онд Монголбанкны 100 жилийн ойн хүрээнд Хубилай хааны зарлиг ялтсан мөнгөн дэвсгэртийг /5 гр, 1 унц/ үйлдвэрлүүлэн худалдаанд гаргаж байсан ажээ.  \

Хубилай хааны зарлиг

2024.06.02. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойн өдөр тохиож байна. Тиймээс 2024.06.02-ны өдөр Чингис хаан Үндэсний музейд Банк-100 гэрэл зураг, мөнгөн тэмдэгт, маркийн үзэсгэлэнгийн нээлт болов. Эдүгээгээс 100 жилийн өмнө буюу 1924.06.02-ны өдөр Монгол-Зөвлөлийн хувь нийлүүлсэн Худалдаа ба Аж үйлдвэрийн банк анхлан байгуулагдсан нь Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцооны үүсэл, хөгжлийн эхлэл болсон билээ. Банк-100 үзэсгэлэнд Монгол Улсын банкны салбарын зуун жилийн түүхэн фото зургууд болон Монголчуудын төлбөрийн хэрэгсэл, зоос, дурсгалын зоос, мөнгөн тэмдэгтийн хөгжлийг илтгэсэн ховор нандин цуглуулга, үзмэрүүдийг нэг дор дэлгэлээ. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж бэхэжсэний 100 жилийн ойд зориулан гаргасан Монголбанк-100 жил, Хубилай хааны зарлиг, Хос луу сэдэвт дурсгалын зооснуудыг албан ёсоор олон нийтэд мөн танилцуулав. Түүнчлэн Монгол шуудан ХК-иас банкны салбарын 100 жилийн ойд зориулан гаргасан Анхны өдөр маркийн эх зургийг нээх ёслол, маркийг Монголын маркийн музейд хадгалуулах дугтуйнд гарын үсэг зурах зэрэг ёслолууд болов. Үүний зэрэгцээ Монгол шуудан компани “Хубилай хааны зарлиг-Монгол банкны 100 жил” сэдэвт торгон маркыг үйлдвэрлэж, шуудангийн үйлчилгээнд нэвтрүүлж, гүйлгээнд борлуулж эхлэв. Хубилай хааны зарлиг-Монгол банкны 100 жил марк нь Монгол улсын маркны 1148 дахь сэдвийн нэг бөгөөд 21000 ширхэгийг хэвлэн шуудангийн үйлчилгээнд нэвтрүүлжээ. Чингис хаан Монголын нэгдсэн тулгар төрийг үүсгэн байгуулж, Сүхэс нэртэй алт мөнгөн зоос цутгуулж улмаар, 1227 онд дэлхийд анх удаа цаасан тэмдэгт хэвлүүлж гүйлгээнд хэрэглэж эхэлсэн тухай илэрхийлсэн түүхэн сэдэвтэй зургаар уг маркийг бүтээсэн аж. Тус маркын эх зураг нь Монголбанкинд хадгалагдаж байна. Маркны баруун дээд талд төвбанкны лого, зүүн доод буланд шуудангийн лого байршуулжээ. Энэ удаагийн марк торгон гэдгээрээ онцлог бөгөөд манай улс ийм төрлийн маркийг 1982, 2006, 2024 онд тус тус үйлдвэрлэсэн байна. Шуудангийн марк бол дэлхийд монгол улсыг сурталчлах төдийгүй тусгаар тогтнолын илэрхийлэл болдог үнэт зүйлс юм. Энэ мэт Хубилай хааны зарлигаар дусргалын төдийгүй, урлагийн бүтээл туурвиж байгаагаааc Хубилай хааны зарлигт чухам юу өгүүлж вэ гэдэг хүн бүрийн анхаарлыг татдаг. Тэгвэл, Хубилай хааны зарлиг /1277-1289/ Мөнх тэнгэрийн хүчинд Их суу залийн ивээлд Хаан зарлиг маань цэргүүдийн ноёдод, цэрэг ардад балгадын даргаст, ноёдод, зорчин явах элч нарт, иргэдэд дуулгах зарлиг Чингис ханы ба хааны зарлигт тойд, эрхүүд, сэншинүүд аливаа алба гувчуур үл үзэн тэнгэрийг залбирч ерөөл өгөн атугай хэмээгдэгсэд ажгуу. Эдүгээ бээр бөгөөс урьдны зарлигийн ёсоор аливаа алба гувчуур үл үзэн тэнгэрийг залбирч ерөөл өгөн атугай хэмээн Рунд бүхэн лхарж Сангабалаа барьж явах зарлиг өгөв. Түүнд харьяатан сүмд, хийдэд нь илч бүү буутугай. Улаа шүүс бүү барьтугай. Сан тамга бүү өгтүгэй. Сүмд харьяатан газар, ус, цэцэрлэг, тээрэм юу хээг нь булааж татаж бүү автугай. Энэ бас л харж Сангабал зарлигт хэмээж ёс үгүй үйлс бүү үйлдтүгэй. Үйлдвээс үл айх уу? Мөн зарлиг маань үхэр жил хаврын тэргүүн сарын гучнаа Дайдуд бүхийд бичвэй гэсэн зарлиг байдаг ажээ. Энэ тухай Б. Түвшинтөгс, Г. Баттогтох нарын Монгол бичиг номын өв зохиолын 211-р талд өгүүлдэг байна. Төрийн түүхийн музейд Их хаадын захидал үзэсгэлэнд зориулж хуулбарласан бүтээл мөн байдаг аж.

Mонгол, Японы гадаад харилцаа

2025.01.24. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол, Япон хоёр улс Хубилай хааны үеэс түүхэн харилцаатай явж ирснийг дээрх тоо баримт судалгаа илтгэдэг. Тэгвэл орчин цагийн харилцаа БНМАУ, Япон улсын хооронд 1971 оноос дипломат харилцаа тогтоох урьдчилсан хэлэлцээр хийснээр эхэлсэн байна. 1972 оны 2 дугаар сард Монгол Улс Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоох түүхэн үйл явдал болж, 1972.02.24-ний өдрийн 11 цагт Москва хот дахь Япон улсын Элчин сайдын яамнаа БНМАУ-ын Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Нямын Лувсанчүлтэм, Япон улсын Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд К.Нийзэки нар БНМАУ, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосныг нотолж, нот бичиг солилцсон байна. Энэ ёслолд Монголын талаас Москвад суугаа ЭСЯ-ны зөвлөх Б.Дашцэрэн, нэгдүгээр нарийн бичгийн дарга Ч.Хунжав, атташе Б.Нацагдорж, Японы талаас Элчин зөвлөх Т.Хасэгава, зөвлөх К.Чиба, нэгдүгээр нарийн бичгийн дарга К.Нишида, атташе Х.Үэда нар байлцжээ. Энэ өдрийг хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосон өдөр гэж хоёр тал албан ёсоор тооцож байхаар тогтсон түүхтэй. 1977.03.17-нд гарын үсэг зурсан БНМАУ, Япон Улсын хооронд эдийн засгийн талаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийн дагуу Япон Улсын  Засгийн газар 5 тэрбум иенийн (тэр үеийн ханшаар 17 сая ам.доллар) буцалтгүй тусламжаар Улаанбаатарт ноос, ноолуурын Говь үйлдвэрийг барьж, 1981 онд ашиглалтад өгснөөр дайны төлбөрийн асуудал хаагдсан болно. 1980-аад оны дунд үеэс ЗХУ-д өөрчлөн байгуулалт эхэлж, гадаад харилцаанд нь улс төрийн шинэ үзэл санаа хэрэгжин Зөвлөлт, Америкийн харилцаа сайжирч, манай оронд ч өөрчлөлт шинэчлэлтийн бодлого явагдан дэлхийн улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөтгөн тэлэхэд анхаарч эхэлсэн юм. Энэ чиг хандлага Япон улстай харилцах харилцаанд тусгалаа олж, 1987 онд Монгол Улсын Гадаад явдлын яамны сайд Мангалын Дүгэрсүрэн Япон улсад анх удаа, 1989 онд Япон улсын Гадаад хэргийн сайд Сосукэ Үно (1987-1989) өндөр хөгжилтэй орны Гадаад хэргийн сайд нараас анх түрүүн манай улсад албан ёсны айлчлал хийсэн байна. Хэдэн арван жилийн турш үзэл суртлын өөр системд хамааран, бие биеэс нь тусгаарлах хөшиг хаалттай байсан ч нэгэн тивд оршдог, эдийн засгаа гайхалтай хурдацтай сэргээн босгож, дэлхийн өндөр хөгжилтэй орон болж чадсан бодит байдал нь Япон улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөх явдлыг Монгол Улсын тухайд чухал шаардлага, зүй тогтол болгосон юм. Эцэст нь, Зөвлөлтийн өөрчлөн байгуулалтын нөлөөгөөр манай улсад дэлхийн улс орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаа бэхжүүлэх үндсэн дээр улс орноо, эдийн засгаа үндэсний язгуур эрх ашигт тулгуурлан хөгжүүлэх чиг шугамыг чухалчлах болсон үйл явц нь Япон улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх таатай боломжийг бий болгож, үүгээр хоёр орны харилцаанд цоо шинэ үе шат нээгдсэн байна. 1974 онд байгуулсан Соёлын харилцааны тухай хэлэлцээрийн  дагуу оюутан, багш, мэргэжил дээшлүүлэгчид, урлаг, спортынхныг солилцож, найрамдлын нийгэмлэгүүд 1970-аад оны эхнээс харилцаж байв. Монгол, Японы нийгмийн байгуулалт, үзэл суртлын ялгаа мөн Монгол Улсын Зөвлөлт Холбоот Улсаас улс төрийн хараат байсан байдал зэргээс үүдэн 1990-ээд оныг хүртэл хоёр орны харилцаа дорвитой хөгжих боломж хязгаарлагдмал байсан юм гэж википедиад өгүүлжээ.

Шадар сайд Японы Парламентын гишүүдтэй уулзлаа

2015.03.20. Монгол Улс. Улаанбаатар хот. НҮБ-ын хуралд оролцоод буцах замдаа Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Японы Парламентын Төлөөлөгчдийн  танхимын гишүүн, Япон Монголын найрамдлын бүлгийн дарга  Мотоо Хаяаши, Японы Парламентын гишүүн, Япон-Монголын найрамдлын бүлгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Хирофуми Рью,Японы Парламентын гишүүн, Япон-Монголын найрамдлын бүлгийн дэд дарга Шин Такебе нартай Токио хотноо уулзлаа. Сүүлийн жилүүдэд Монгол, Японы харилцаа улам гүнзгийрч, харилцан итгэлцэл бэхжин, хоёр талын төдийгүй бүс нутаг, олон улсын тавцанд идэвхитэй хамтран ажиллаж байгаа. Үүнд Японы Парламент дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн гишүүд жинтэй хувь нэмэр оруулж байгаад Шадар сайд У.Хүрэлсүх талархлаа илэрхийллээ.  Саяхан хоёр орны Ерөнхий сайд “Эдийн засгийн түншлэлийн гэрээ”-нд гарын үсэг зурсан нь Монгол Улсын анхны чөлөөт худалдааны хэлэлцээр болсныг онцлон тэмдэглээд, энэхүү гэрээ хэлэлцээрийг байгуулахад идэвхитэй оролцсон байгууллага, албаны хүмүүст Шадар сайд талархаж байгаагаа илэрхийллээ.Монгол Улсын орчин үеийн хөгжилд  Япон Улсын зээл тусламж онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг Монголын төр засаг, ард түмэн өндрөөр үнэлж, талархаж байдгийг Шадар сайд У. Хүрэлсүх хэлээд, цаашид ч тодорхой хугацааны туршид  Япон Улсын тусламж дэмжлэг Монгол Улсад, тэр дундаа боловсрол, эрүүл мэндийн салбарт шаардлагатай байгааг дурьдлаа. Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар саяхан Япон Улсад албан ёсны айлчлал хийж, ирэх 5 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсад зохион байгуулагдах “Азийн форум”-д оролцох болсон нь хоёр орны харилцаа улам бүр хөгжиж байгаагийн илрэл гэж үзэж байгаагаа Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга ноён Мотоо Хаяаши илэрхийллээ. Хоёр орны түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө төр, засгийн хэмжээнд төдийгүй, бүхий л түвшинд харилцан холбоог бэхжүүлэх чиглэлээр цаашид ажиллах шаардлагатай байгаагаа хоёр тал онцлон тэмдэглэлээ. 

Шадар сайд У.Хүрэлсүх Элчин сайд Т.Шимизүд талархал илэрхийлэв

2016.11.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Шадар сайд У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизүг нутаг буцах болсонтой нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа. Элчин сайд Т.Шимизүг манай улсад албан үүргээ гүйцэтгэх хугацаанд нь хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжсөнд сэтгэл хангалуун байгаагаа Шадар сайд илэрхийллээ. Харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, соёлын солилцоо нэвтрүүлэх чиглэлээр 40 орчим жилийг зарцуулсан нэрт дипломатч төдийгүй Монголч эрдэмтэн судлаачийнх нь хувиар талархаж буйгаа онцоллоо. Элчин сайд Т.Шимизү нутаг буцаж буй ч Монгол Улсыг сурталчлах, хоёр орны бизнес эрхлэгчдийг хооронд нь холбох, хөрөнгө оруулалт татахад тусалж, дэмжиж байна гэдэгт итгэлтэй байгаагаа Шадар сайд У.Хүрэлсүх хэлээд түүнд эрүүл энх, сайн сайхныг хүсэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2017.10.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такоакаг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр улсын гадаад бодлогын залгамж чанарыг хадгалж, Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгнө гэлээ. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд олон ажил хийснийг дурдаад, хууль тогтоох дээд байгууллагын удирдлага харилцан айлчилсан нь харилцааны түүхэнд шинэ үйл явдал боллоо гэв. ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Япон Улс 850 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх болсон, “Улаанбаатар хотын бага ба дунд боловсролын сургуулийн барилга байгууламжийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх талархаж буйгаа илэрхийлэв. Япон Улсын Элчин сайд Масато Такоака “Дээрх төслийн нэгдүгээр шат ойрын өдрүүдэд хэрэгжиж эхэлнэ. Мөн Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх буудлын барилга байгууламжид оролцож буй хоёр тал хариуцсан ажлаа түргэсгэж, ойрын хугацаанд ашиглалтад оруулах саналаа илэрхийлжээ.

Ерөнхий сайд ЖАЙКА-ын Тэргүүн дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

2017.12.05. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага/ЖАЙКА/-ын Тэргүүн дэд ерөнхийлөгч Казүхико Кошикаваг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Монгол Улсад хийж байгаа ажлын айлчлалд нь амжилт хүсээд ОУВС-аас хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”, түүний дотор Япон Улсаас үзүүлж буй дэмжлэг нэн ач холбогдолтой юм. Монгол Улсад олгож буй зээлийн эхний шатны 32 тэрбум иенийн санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурсанд Казүхико Кошикава танд  талархал илэрхийлье гэв. ЖАЙКА байгуууллага боловсрол, дэд бүтэц,  хөдөө аж ахуй, худалдаа хөрөнгө оруулалт зэрэг салбарт дэмжлэг үзүүлж байгааг тэмдэглэв. Япон Улсаас Монгол Улсад олгож буй зээлийн хэлэлцээрийг богино хугацаанд амжилттай соёрхон батлуулна гэдэгт итгэлтэй байна гэж Казүхико Кошикава хэллээ. Уулзалтын үеэр Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын үйл ажиллагааг товлосон хугацаанд нь эхлүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хамтын ажиллагааны хүрээгээ өргөжүүлэх зэрэг чиглэлээр санал солилцжээ.

Ерөнхий сайд “The Japan Times” сонинд ярилцлага өгөв

2018.02.05. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  “The Japan Times” сонинд ярилцлага өглөө. Монгол Улсын Засгийн газар нийгэм, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх талаар ойрын хугацаанд болон ирээдүйд хэрэгжүүлэх бодлого, Монгол Японы найрамдалт харилцааны түүх, харилцаагаа өргөжүүлэх зорилтын тухай тэдний асуултад хариуллаа. Ирэх жилүүдэд Хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр Японы хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллах эрмэлзэлтэй байгаагаа Ерөнхий сайд хэллээ. “The Japan Times” сонин нь 122 дахь жилдээ тасралтгүй хэвлэгдэж, 40 гаруй мянган дугаараа уншигчдад хүргэжээ. Японд онлайнаар сард 1 сая орчим хүн уншдаг байна. Тус сонин Монгол Улс, Монгол Улсын Засгийн газрын бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл гаргахаар төлөвлөж тусгай сурвалжчлагчдыг манай оронд ажиллуулж байгаа гэжээ.

Ерөнхий сайд ОУВС-гийн дэд тэргүүнийг хүлээн авч уулзав

2018.06.17.Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Олон улсын валютын сангийн дэд тэргүүн Мицүхиро Фурусаваг хүлээн авч уулзлаа. Монгол Улс эдийн засгийн хүндрэлтэй тулгарсан үед ОУВС, бусад банк, санхүүгийн байгууллага, түншлэгч орон хамтран “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр” батлан хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч, эдийн засаг сэргэн, өсөлт нэмэгдэж байгааг Ерөнхий сайд тэмдэглэв. Хөтөлбөрийн III шатны үнэлгээ амжилттай хийгдэж, ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурлаар дэмжигдсэн, дараагийн шатны үнэлгээний Ажлын хэсгийн дүгнэлт ч нааштай гарч байгаа болон ОУВС байнгын дэмжлэг, бодлогын зөвлөгөө үзүүлж байгаад талархлаа илэрхийллээ. Хэдийгээр эдийн засаг өсч, макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа ч сүүлийн гурван жил гаруй нэмээгүй байгаа төрийн албан хаагчид, үүний дотор төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг нэмэх асуудлыг зайлшгүй авч үзэх шаардлагатай байгаа. Үүнийг Засгийн газар, ОУВС-гийн Ажлын хэсэгтэй хамтран судалж, шийдвэрлэх арга замуудыг тодорхойлох саналаа Ерөнхий сайд илэрхийлэв. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжиж, богино хугацаанд нааштай үр дүнгээ өгч байгаад баяртай байна гэдгээ ОУВС-гийн дэд тэргүүн М.Фурусава хэллээ. Гэхдээ түүхий эдийн экспорт, үнээс ихээхэн хамааралтай Монгол Улсын хувьд цаашид учирч болох эрсдэлээс сэргийлэх, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нь чухал гэв. Мөн хөтөлбөрийн хүрээнд тохирсон бодлого, зорилтуудыг хэрэгжүүлж, үр дүнд хүргэхэд Монгол Улсын Ерөнхий сайдын манлайлал, бодлогын тууштай байдал ихээхэн хувь нэмэр оруулна” гэж тэмдэглэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайдад Япон Улсын Ерөнхий сайдын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх бараалхлаа

2018.08.28. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайдын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх К.Соноүраг хүлээн авч уулзлаа. Монгол, Японы найрсаг харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, өндөр, дээд түвшний харилцан айлчлал тогтмолжсон. Энэ удаад мөн Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг эх орондоо хүлээн авч, албан ёсны айлчлал хийхийг урихаар зэхэж буйг Үндэсний аюулгүй байдлын зөвлөх К.Соноура мэдэгдэв. Монгол, Японы дипломат харилцаа хөгжихийн зэрэгцээ Зүүн хойд Азийн бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдлыг хангах тал дээр болон Ази, Номхон далайн бүс нутгийн асуудалд ижил байр суурь баримталдаг нь бидний хамтын ажиллагаанд ч эерэг тусгалаа олдог гэдэгт талууд санал нэгдэв. Мөн “Улаанбаатарын  яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг Монгол Улс өөрийн оронд зохион байгуулж, бүс нутгийн тогтвортой байдалд хувь нэмэр оруулж буйд японы тал талархал илэрхийлэв.  Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжихийн сацуу манай хоёр орны ард түмэн харилцан бие биедээ тусалж, байгалийн гамшиг тохиолдсон үед ч дэм үзүүлж байгаа нь Засгийн газрын түвшин төдийгүй иргэд хоорондын чин сэтгэлийн харилцаа батжиж байгааг илтгэж байна гэж талууд тэмдэглэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Япон Улсын Засгийн газраас манай улсад 850 сая ам.долларын дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж, японы тал санхүү, эдийн засгийн бэрхшээлийг даван туулж, эдийн засгаа тогтворжуулж, улмаар өсгөж байгаа Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаагаар бахархаж байна гэдгээ илэрхийлэв. Уулзалтад Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока болон албаны бусад төлөөлөгчид байлцав гэжээ.

Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх Япон Улсад айлчилна

2018.12.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад 2018 оны 12 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Япон Улстай харилцах манай “гуравдагч хөрш”-ийн бодлогыг нотолно. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын парламентын удирдлагад бараалхаж, Япон, Монголын найрамдлын бүлгийн удирдлага, гишүүд, Япон, Монголын найрамдал, олон нийтийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзана. Мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Японы Олон улсын хамтын ажиллагааны банк (ЖБИК) зэрэг байгууллагын удирдлага Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхана. Ерөнхий сайд У.Хүрэлсүх  айлчлалынхаа үеэр Монгол, Японы төр, хувийн хэвшлийн IX зөвлөлдөх уулзалт, Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ болон Японы Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллага (ЖЕТРО)-аас хамтран зохион байгуулах “Монгол, Японы бизнес форум”-д тус тус оролцож, үг хэлнэ гэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон Улсад хийсэн айлчлалын дүн

2018.12.16. Япон Улс. Токио хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад 2018 оны 12 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийж, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимад бараалхав. Түүнчлэн Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн болон Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлэг, Засгийн газрын зарим гишүүд болон Японы эдийн засаг, бизнес, олон нийтийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, Монгол, Японы төр, хувийн хэвшлийн ээлжит зөвлөлдөх уулзалт, Монгол-Японы бизнес форумд тус тус оролцож, үг хэлэв.

  1. Айлчлалын үеэр хоёр тал эрх чөлөө, ардчилал, хүний эрх, эрх зүйт төр зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улс нь чухал түнш улсууд болохыг нотлож,  улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлж, харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхээр тогтов.
  2. Талууд Монгол Улс, Япон Улсын Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай Дунд хугацааны хөтөлбөр (2017-2021)-т үнэлэлт дүгнэлт өгч, харилцаа, хамтын ажиллагааны байдал, цаашдын төлвийн талаар тохиролцож, Монгол Улс, Япон Улсын Стратегийн түншлэлийг улам бүр бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргав.
  3. Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн 2 дахь шатны санхүүжилтийгМонгол Улсад олгохоо нотолж, хугацааг Монголд Япон Улсын засгийн газрын ХАЁТ-ийн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн явцтай уялдуулахаа мэдэгдэв.
  4. Хоёр улсын Засгийн газар Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал төслийн менежментийн Концессийн гэрээг 2019 оны 1 дүгээр сард багтааж эцэслэн тохиролцох, түүнчлэн нисэх онгоцны шинэ буудлыг шуурхай ашиглалтад оруулах чиглэлд явуулж буй үйл ажиллагааг дэмжиж ажиллахаар тогтов.
  5. Айлчлалын үеэр болсон Монгол, Японы төр, хувийн хэвшлийн хамтарсан IX зөвлөлдөх уулзалт болон Монгол, Японы бизнес форумын  хүрээнд хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцав. Энэхүү форумын үеэр монголын талаас уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны асуудлуудаар танилцуулга хийж, хувийн хэвшлийн төлөөллүүд харилцан мэдээлэл солилцов.
  6. Талууд Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн Хамтын ажиллагааны хамтарсан Дэд хорооны анхдугаар хуралдааныг айлчлалын өмнө хуралдуулсан бөгөөд цаашид уг хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлж, хоёр талын хувийн хэвшлийнхэнд тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор уг дэд хороог тогтмол хуралдуулж байхаар тогтов.
  7. Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын дэргэд 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан “Нэг цэгийн үйлчилгээний төв” үйл ажиллагаагаа эхлүүлэхээр шийдвэрлэснийг танилцуулж, Японы хувийн хэвшил уг шийдвэрийг талархан хүлээн авав.
  8. Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын техникийн хамтын ажиллагааны шугамаар “Хөдөө аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх замаар нэмүү өртгийн сүлжээг бий болгох Мастер төлөвлөгөө” боловсруулахаар шийдвэрлэснийг талууд сайшааж, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, дотоодын болон гадаадын зах зээлд борлуулах тогтолцоог бүрдүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаар тогтов.
  9. Монгол Улсын Ерөнхий сайд айлчлалынхаа хүрээнд Хоккайдо мужид зочилж, уур амьсгалын хувьд манай улстай ижил төстэй тус мужийн хөгжлийн туршлага, нэн ялангуяа хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлж ирсэнтэй танилцаж, Хоккайдогийн туршлага, хөрөнгө оруулалтыг Монголд нэмэгдүүлэх талаар ярилцав.
  10.  Японд монгол иргэд хөдөө аж ахуй, мал аж ахуй зэрэг салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж буй талаар нэвтрүүлэг, баримтат кино хийх, Монгол Улстай энэ чиглэлийн бизнес эрхэлдэг аж ахуй нэгжүүд, хувь хүмүүсийг оролцуулсан аяллын бүрэлдэхүүнийг 2019 оны 6,7 дугаар сард багтаан харилцан айлчлуулах асуудлыг зохион байгуулахаар тогтов.
  11. Монголын ЖДҮ-ийн сангийн шинэчлэлийг дэмжих чиглэлд талууд яриа хэлэлцээ өрнүүлж, үргэлжлүүлэн санал солилцож, хамтран ажиллахаар ярилцав.
  12. “Мал эмнэлэг, мал, аж ахуйн хүний нөөцийг хөгжүүлэх чадавхийг бэхжүүлэх” төслийн дараачийн шатанд орон нутгийн мал эмнэлгийн боловсон хүчинг бэлтгэх чиглэлд дэмжлэг авахаар ярилцаж, төслийн ач холбогдлыг тэмдэглэв.
  13. Хүлэмжийн хийг бууруулах “Нүүрс төрөгч багатай хөгжлийн түншлэл”-ийн хүрээнд хэрэгжиж буй “Хамтарсан кредит олгох механизм” Монгол, Японы бизнесийн түншлэлд нэн чухал болохыг тэмдэглэж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тогтов.
  14. Цаашид хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал, мэдээллийн технологийн чиглэлд түлхүү хамтран ажиллахаар талууд санал нэгдэв.
  15. Монгол Улсын ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг Япон Улс тууштай дэмжихээ нотлов.
  16. Монгол Улсын Зүүн Азийн дээд түвшний уулзалтад оролцох эрмэлзлийг  Япон Улс дэмжиж байгаагаа албан ёсоор илэрхийлэв.
  17. Талууд бүс нутгийн интеграцчлал, нээлттэй хөгжил, хамтын ажиллагааг дэмжих хүрээнд “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай”-г цогцлоох чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдэв.

Монгол, Япон хоёр улсын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, хамтарсан мэдэгдэл гаргав

2018.12.13. Япон Улс. Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тай энэ сарын 13-ны өдөр уулзаж, албан ёсны хэлэлцээ хийв. Яриа, хэлэлцээний дүнд талууд Монгол, Японы Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл гаргав. Уулзалтын эхэнд Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ “Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа анх удаа манай улсад айлчилж буй Ерөнхий сайд танд баяр хүргэе. Япон Улс Монгол Улстай Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг” болохыг онцлов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Манай гуравдагч хөрш Япон Улстай Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд Ерөнхий сайд Та Монгол Улстай хөгжүүлж буй харилцаанд онцгой ач холбогдол өгч манай улсад 3 удаа айлчилсанд талархдаг” хэмээн дурдав. Ерөнхий сайд Ш.Абэ-гийн урьд өмнө дэвшүүлсэн “Эрч”, “Эрч+” санаачилгуудыг манай тал өндрөөр үнэлдэг бөгөөд эдгээр санаачилгыг тууштай хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа мөн тэмдэглэв. Япон Улсын Засгийн газар Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэх чиглэлд үзүүлж ирсэн дэмжлэгээ цаашид ч үргэлжлүүлэхээ нотлов. Дашрамд дурдахад, эдүгээ зам барилга, инженер, цэргийн эмнэлгийн чиглэлд японы тал сургалт зохион байгуулах, сургагч багш нарыг бэлтгэх, мэргэжилтэн илгээх зэргээр дэмжлэг үзүүлж байгаа билээ. Манай хоёр улс байгаль орчны чиглэлд амжилттай хамтран ажиллаж, энэ өдөр хоёр улсын байгаль орчны асуудал хариуцсан яам хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байгаад Ерөнхий сайд Ш.Абэ баяр хүргэв. Тэрээр мөн “Улаанбаатар хотын нисэх онгоцны шинэ буудал нь манай хоёр улс төдийгүй бүс нутгийн хувьд чухал ач холбогдолтой” гэдгийг онцлов. Холбогдох талуудын яриа хэлэлцээг шуурхайлж, гэрээ байгуулан, улмаар онгоцны буудлыг ойрын хугацаанд ашиглалтад оруулахын төлөө байгаагаа хоёр тал нотлов. У.Хүрэлсүх, Ш.Абэ нар Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (ЭЗТХ)-ийн үр өгөөжийг нэмэгдүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтыг өсгөхийн төлөө байгаагаа илэрхийлж, Монгол Улсын Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалын үеэр олон чухал арга хэмжээ болсныг сайшаан тэмдэглэв. Тухайлбал, энэ сарын 12-ны өдөр Монгол, Японы төр, хувийн хэвшлийн 9 дүгээр зөвлөлдөх уулзалт, 13-ны өдөр Монгол, Японы Бизнес форум зохиогдсоны сацуу Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалаас хэдхэн хоногийн өмнө ЭЗТХ-ийн Хамтын ажиллагааны дэд хорооны хуралдааныг анх удаа зохион байгуулсныг онцлов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх манай улсын эдийн засаг сэргэж, өсөн тэлж байгааг дурдаад энэхүү өсөлтийг хангахад Япон Улсын Засгийн газраас үзүүлж буй төсвийн дэмжлэг чухал хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв. Энэхүү төсвийн эхний шатны дэмжлэгийн хэрэгжилтийг сайтар хангахын сацуу дараачийн шатны дэмжлэгийг шуурхай авч хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа мөн илэрхийлэв. Япон Улстай хамтран амжилттай хэрэгжүүлсэн ЖДҮ-ийг дэмжих хоёр үе шаттай иений зээлийн хамтын ажиллагааны туршлагадаа тулгуурлан цаашид энэ чиглэлд түлхүү хамтран ажиллах сонирхолтой байгааг мөн дурдав. Ерөнхий сайд Ш.Абэ саяхан БНХАУ-д айлчлах үеэрээ тус улстай хамтран гуравдагч улс орнуудад төсөл хэрэгжүүлэх талаар ярилцсанаа танилцуулав. Монголын тал энэхүү хамтын ажиллагааны шинэлэг механизмыг сонирхож байгаагаа илэрхийлэн, үүнийг Ерөнхий сайд Ш.Абэгийн дэвшүүлсэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн сүлжээ бий болгоход чиглэсэн “Эрч+” санаачилгатай хоршуулан хөгжүүлэх боломж байгааг дурдав. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарт хамтарсан үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ БНХАУ, ОХУ-д гаргах боломж байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцлов. Талууд соёл, олон нийт, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэв. Манай хоёр улс зөвхөн хоёр талын хүрээнд төдийгүй, олон улс, бүс нутгийн талбарт бие биеэ дэмжиж ирснийг Ерөнхий сайд нар санал нэгтэй тэмдэглэв. Зүүн Азийн дээд түвшний уулзалтад Монгол Улс оролцохыг Япон Улсын Засгийн газар дэмжиж байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд Ш.Абэ Япон Улс “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай”-г цогцлоох чиглэлд тодорхой хүч чармайлт гарган бүс нутгийн улс орнуудтай хамтран ажиллаж байгаа талаараа танилцуулав. Тэрээр “Бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад хувь нэмэр оруулж буй Монгол Улстай энэ чиглэлд хамтран ажиллахын төлөө” байгаагаа нотолсныг Монгол Улсын Ерөнхий сайд дэмжин хүлээн авав. Албан ёсны яриа, хэлэлцээний дараа У.Хүрэлсүх, Ш.Абэ нар хоёр улсын Байгаль орчны яам хооронд Хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд оролцож, дараа нь хоёр улсын хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл хийв. Ерөнхий сайд Ш.Абэ Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчдөд хүндэтгэлийн зоог барив. Уулзалт, яриа хэлэлцээ найрсаг дотно уур амьсгалд болов. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан ёсны айлчлал үргэлжилж байна гэжээ.

Монгол Улс, Япон Улсын Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг танилцуулав

2018.12.13. Япон Улс. Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хооронд 2017 оны 3 дугаар сард байгуулсан Стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц дараах байдалтай байна. Үүнд:

1.  УЛС ТӨРИЙН САЛБАРЫН ХАРИЛЦАА БОЛОН ЯАМ, АГЕНТЛАГ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

Ø  Дээд түвшний уулзалт, яриа хэлэлцээ, Гадаад харилцааны сайд нарын уулзалт, Парламентын гишүүд болон Парламент дахь найрамдлын бүлгүүд хоорондын солилцоо тогтмол хэрэгжиж, хоёр талын яамд, агентлаг хооронд үр дүнтэй хамтын ажиллагаа өрнөж байна. Талууд Дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л түвшинд уулзалт, яриа хэлэлцээ, солилцоог үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. 

Зохион байгуулсан ажил, арга хэмжээ

(1)  Дээд, өндөр түвшний уулзалт, яриа хэлэлцээ

·  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ нар ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр 2017 оны 9 дүгээр сар болон 2018 оны 9 дүгээр сард тус тус уулзав. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 12 дугаар сард Япон Улсад албан ёсны айлчлал хийв.

·  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын тангараг өргөх ёслолд 2017 оны 7 дугаар сард Ерөнхий сайд Ш.Абэ Тусгай элч илгээж оролцуулав.

·  Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 3 дугаар сард, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 2 дугаар сард Япон Улсад айлчилж, Япон Улсын Гадаад хэргийн сайд Ф.Кишида, Гадаад хэргийн сайд Т.Коно нартай тус тус уулзав. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно нар 2018 оны 12 дугаар сард Токио хотноо дахин уулзав.

(2)  Парламент болон Парламент дахь найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагаа

·  Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2017 оны 3 дугаар сард Япон Улсад айлчлав.

·  Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга T.Оошима тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 7 дугаар сард, Зөвлөхүүдийн танхимын дэд дарга А.Гүнжи тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 10 дугаар сард тус тус  Монгол Улсад айлчлав.

·  Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүд 2017 оны 9 дүгээр сард Монгол Улсад айлчлав.

·  Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 6 дугаар сард Япон Улсад айлчлав.

2017 оноос хойш  хоёр талаас түс бүр 30 орчим Парламентын гишүүн харилцан айлчлав.

(3)  Гадаад харилцааны яам хоорондын уулзалт, яриа хэлэлцээ

·  Гадаад харилцааны яам хоорондын Стратегийн III зөвлөлдөх уулзалт 2018 оны 4 дүгээр сард Токио хотноо болов.

(4)  Хоёр улсын яамд, агентлаг хоорондын хамтын ажиллагаа

·  Япон Улсын Ерөнхий хэргийн дэд сайд К.Харада 2017 оны 5 дугаар сард Монгол Улсад айлчлав.

·  Хоёр улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хооронд 2017 оны 2 дугаар сард хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.

·  Монгол Улсын Үндэсний статистикийн хороо болон Япон Улсын Статистикийн товчоо хооронд 2017 оны 2 дугаар сард хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. 

·  Монгол Улсын Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газар болон Япон Улсын Шударга худалдааны хороо хооронд 2017 оны 3 дугаар сард хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.

·  Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо болон Япон Улсын Санхүүгийн үйлчилгээний агентлаг хооронд 2017 оны 3 дугаар сард хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. 

·  Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Япон Улсын Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын яам хоорондын техникийн 7 дугаар зөвлөлдөх уулзалт 2017 оны 5 дугаар сард Токио хотноо болов.

·  Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын ажилтан, албан хаагчид Япон Улсын Сангийн яамны Татварын газраас хэрэгжүүлсэн “Гарал үүслийн дүрэм” сэдэвт сургалтад 2017 оны 6 дугаар сард хамрагдав.

·  Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны харъяа Нислэг, техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба болон Япон Улсын Зам, тээврийн яамны харъяа Тээврийн аюулгүй байдлын зөвлөл хооронд 2017 оны 6 дугаар сард Улаанбаатар хотноо Нисэхийн осол, зөрчлийг шинжлэн шалгах чиглэлээрх хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.

·  Монгол Улс, Япон Улсын Байгаль орчны яам хоорондын бодлогын 11 дүгээр зөвлөлдөх уулзалт 2017 оны 12 дугаар сард Токио хотноо болов.

·  Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 2018 оны 4 дүгээр сард Япон Улсад болсон Өвчтөний аюулгүй байдлын асуудлаарх Дэлхийн сайд нарын 3 дугаар чуулга уулзалтад оролцож, энэ үеэр Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Като-той уулзав.

·  Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд 2018 оны 4 дүгээр сард хамтын ажиллагааны санамж бичиг Токио хотноо байгуулав. 

·  Монгол Улсад 2018 оны 7 дугаар сард болсон “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн Сайд нарын V бага хурал”-д Япон Улсын ЗГХЭГ-ын дэд сайд Ж.Акама оролцов.

·  Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны албан хаагчид 2018 оны 8 дугаар сард Токио хотноо болсон Япон Улсын Хууль эрх зүйн эрдэм шинжилгээний хүрээлэнд Арилжааны хуулийн асуудлаарх хамтарсан семинарт оролцов.

·  Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Япон Улсын Байгаль орчны яам хооронд  2018 оны 12 дугаар сард хамтын ажиллагааны санамж бичиг шинэчлэн байгуулав.

2.  АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ХАРИЛЦАА

Хоёр улсын холбогдох байгууллага хоорондын уулзалт, яриа хэлэлцээ өргөжиж, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа гүнзгийрч байна. Нэн ялангуяа Япон Улсын Батлан ​​хамгаалах яамны зүгээс хэрэгжүүлж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг бэхжүүлэх дэмжлэгийг “япон хэв маягийн, нарийн аргачлалд суурилсан хөтөлбөр” гэж монголын тал өндрөөр үнэлэв. Талууд тус хөтөлбөр нь хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн сацуу бүс нутаг, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж буйг тэмдэглэж, хөтөлбөрийн хүрээнд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тогтов.

Зохион байгуулсан ажил, арга хэмжээ

1.  Монгол, Японы гадаад бодлого, аюулгүй байдал, батлан хамгаалахын асуудал эрхэлсэн байгууллага хоорондын IV зөвлөлдөх уулзалтыг 2017 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулав.

2.  Монгол Улсаас НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Хааны эрэлд” олон улсын хамтарсан сургуулилтад японы тал 2017 оны 7-8 дугаар сар,  2018 оны 6 дугаар сард тус тус оролцов.

3.  Япон Улсын Үндэснийн Батлан хамгаалах академид 2018 онд Монгол Улсаас 4 оюутан суралцав. Монгол Улсаас тус академийн сургалтад өнөөг хүртэл нийт 72 оюутан хамрагдаад байна.

4.  Япон Улсын Батлан хамгаалах яамны зүгээс Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн  дараах сургалтыг зохион байгуулав. Үүнд:

·  Энхийг сахиулах ажиллагааны хүрээнд 2017 оны 8-9 дүгээр сар, 2018 оны 7-8 дугаар сард Монголын цэргийн инженерийн нэгжийн зам, барилгын салбар дахь хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх сургалт хэрэгжүүлэв.

·  Монгол Улсын цэргийн эмч нарыг онцгой байдлын үеэрх эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх сургалтад 2018 оны 2 дугаар сард хамруулав.

3.  БҮС НУТАГ, ОЛОН УЛСЫН ТАВЦАН ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГАА

Ø  Эрх чөлөө, ардчилал, хүний ​​эрх, эрх зүйт төр зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс нь бүс нутагт зохих үүрэг гүйцэтгэхийг эрмэлзэж буй. Энэ хүрээнд Япон Улсын Засгийн газар Монгол Улс Зүүн Азийн дээд түвшний уулзалт (EAS)-д нэгдэхэд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.Талууд “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд эл чиглэлээрх бодит хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ.

Зохион байгуулсан ажил, арга хэмжээ

1.  Монгол Улс Зүүн Азийн хамтын ажиллагааны олон талт механизмд нэгдэн орох эрмэлзлийн тухайд

·  Эрх чөлөө, ардчилал, хүний эрх, эрх зүйт төр зэрэг Япон Улстай нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс нь цаашид яриа хэлэлцээний бүхий л механизмаар дамжуулан бүс нутагт зохих үүрэг гүйцэтгэхэд японы тал дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.  

2.  Японы тал “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ” олон улсын ээлжит бага хурлуудад төлөөлөгч оролцуулав.

·  Уг бага хуралд 2017 оны 6 дугаар сард ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын дэд захирал Ш.Такизаки, 2018 оны 6 дугаар сард ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын зөвлөх Т.Шимизү нар тус тус оролцов.

3.  Монгол Улс, Япон Улс, АНУ-ын гурван талт уулзалтыг зохион байгуулав. Үүнд:

·  Монгол Улс, Япон Улс, АНУ-ын гурван талт II уулзалт 2017 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо, Монгол Улс, Япон Улс, АНУ-ын гурван талт III уулзалт 2018 оны 4 дүгээр сард Токио хотноо тус тус зохиогдов.

4.  Гамшгаас сэргийлэх салбарт дараах төслийг хэрэгжүүлэв. Үүнд:

·  Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын техникийн хамтын ажиллагааны хүрээнд “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдлээс сэргийлэх чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2016 оноос 2019 он хүртэл хэрэгжүүлнэ.

·  ЖАЙКА-гийн Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд “Ховд аймаг дахь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшгаас хамгаалах боловсрол мэдлэгийг дээшлүүлэх төсөл”-ийг 2017-2022 онд хэрэгжүүлж байна.

·  Дэлхийн банкны шугамаар “Орон нутгийн иргэдийн зуд болон ой хээрийн түймрийн эсрэг арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2020 он хүртэл хэрэгжүүлнэ.

·  ТББ-ын үйл ажиллагааг дэмжих буцалтгүй тусламжийн шугамаар “Зудын гамшгийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээ” төслийг 2017 онд хэрэгжүүлж дуусгав.

4.  ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА

Ø  Япон Улсын Засгийн газраас Төсвийн дэмжлэг хэлбэрээр олгож буй иенийн хөнгөлөлттэй зээл нь Монгол Улсын Засгийн газрын төсвийн шинэчлэлд чиглэсэн үйл ажиллагааг дэмжив.

Ø  Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг ойрын хугацаанд ашиглалтад оруулах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллаж, Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг тууштай хэрэгжүүлэх, Монголын эдийн засгийг төрөлжүүлэх (ялангуяа хөдөө аж ахуй, мал аж ахуй, аялал жуулчлал, байгаль орчин зэрэг салбарт), орон нутгийн эдийн засгийг сэргээн хөгжүүлэх зэрэг чиглэлээрх хамтын ажиллагааг эрчимжүүлэв. 

Ø  Эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааны гол яриа хэлэлцээний талбар болох “Төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх уулзалт”-ын механизм зэрэгт тулгуурлаж хоёр улсын эдийн засгийн харилцаа, түүний дотор хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэв.

Зохион байгуулсан ажил, арга хэмжээ

(1)  Монгол Улсын Засгийн газраас эдийн засаг, санхүүгийн хүндрэлийг даван туулах,эдийн засгийн дунд болон урт хугацааны өсөлт, тогтвортой байдлыг хангах чиглэлд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хүрээнд талууд дараах хамтын ажиллагааг хэрэгжүүлэв. Үүнд:

·  Японы тал Монгол Улсад төсвийн дэмжлэг хэлбэрээр иенийн хөнгөлөлттэй зээл олгох тухай Засгийн газар хооронд Солилцох ноот бичигт талууд 2017 оны 12 дугаар сард гарын үсэг зурж, мөн сардаа японы тал 32 тэрбум иенийг монголын талд шилжүүлэв.

(2)  Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (ЭЗТХ)-ийгхэрэгжүүлэх  чиглэлд дараах ажлыг зохион байгуулав. Үүнд:  

·  ЭЗТХ-ийн хамтын ажиллагааны асуудлаарх Хамтарсан дэд хорооны анхдугаар хуралдааныг 2018 оны 12 дугаар сард Улаанбаатар хотноо  зохион байгууулав.

·  Монгол Улсын Гаалийн Ерөнхий газрын ажилтнууд нар 2017 оны 6 дугаар сард Японы Гаалийн хамтын ажиллагааны газрын шугамаар “Гаалийн үнэлгээ” сэдэвт сургалтад  хамрагдав.

(3)  Төр, хувийн хэвшлийн хамтарсан VIII зөвлөлдөх уулзалт 2017 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо, IX зөвлөлдөх уулзалт 2018 оны 12 дугаар сард Токио хотноо  болов.

(4)  Хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчинг бэхжүүлж, хөрөнгө оруулагчдыг сургалтад хамруулах чиглэлд ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны шугамаар ”Хөрөнгийн зах зээлийн дүрэм, журам, хяналтын тогтолцооны чадавхийг дээшлүүлэх төсөл”-ийг  2014 оны 7 дугаар сараас 2017 оны 7 дугаар сар хүртэл хэрэгжүүлэв.

(5)  Нийгмийн хамгааллын салбарт ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2016 оны 5 дугаар сараас 2020 оны 5 дугаар сар хүртэл хэрэгжүүлж байна.

(6)  Монголын аж үйлдвэрлэлийг төрөлжүүлэхэд дараах дэмжлэг үзүүлэв. Үүнд:

·  Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж (ХАЁТ)-ийн иенийн хөнгөлөлттэй зээлийн шугамаар “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг 2014-2023 онд хэрэгжүүлж байна.

·  ЖАЙКА-ийн сэдэвчилсэн сургалтын шугамаар Японы “Коосэн” сургалтын системийг Монголд нэвтрүүлэх хүрээнд багш, сурган хүмүүжүүлэгчдийн чадавхийг бэхжүүлэх төслийг 2015 оны 7 дугаар сараас 2018 оны 3 дугаар сард хэрэгжүүлэв.

·  ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны шугамаар “Монгол, Японы хүний нөөцийн хөгжлийн төв дэх бизнесийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, хамтын ажиллагааны суурь, чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2015 оны 4 дүгээр сараас 2020 оны 4 дүгээр сар хүртэл хэрэгжүүлж байна.  

·  Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Япон Улсын Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд “Ур чадварын дадлагажигчийн хөтөлбөр хэрэгжүүлэх тухай хамтын ажиллагааны санамж бичиг”-т талууд 2017 оны 12 дугаар сард гарын үсэг зурав. Уг санамж бичгийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан ажил хэргийн түвшний анхдугаар уулзалт болон Монголын дадлагажигч ажилтан илгээгч байгуулагуудад зориулсан семинарыг  2018 оны 5 дугаар сард Улаанбаатар хотноо тус тус зохион байгуулав.

·  ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны шугамаар “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2017 оны 6 дугаар сараас 2021 оны 6 дугаар сар хүртэл хэрэгжүүлж байна.

·  ЖАЙКА-ийн шугамаар “Ашигт малтмалын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл”-ийг 2013-2020 онд, “Уул уурхайн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл”-ийг 2015-2019 онд тус тус хэрэгжүүлж байна.

·  Азийн хөгжлийн банк, “Нихон шинтакү” сангийн санхүүжилтээр “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг бий болгоход дэмжлэг үзүүлэх төсөл”-ийг 2015 оны 10 дугаар сараас 2019 оны 3 дугаар сар хүртэл хэрэгжүүлнэ.  

·  ЖАЙКА-ийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эргэлтийг сайжруулах, хөрс сайжруулах технологи нэвтрүүлэх замаар тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх төсөл”-ийг 2016 оны 3 дугаар сараас 2019 оны 3 дугаар сард хэрэгжүүлж байна.

·  ЖАЙКА-ийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд “Зөгийн аж ахуйг дэмжих замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх төсөл”-ийг 2015 оны 4 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сард хэрэгжүүлэв.

·  ЖАЙКА-ийн сэдэвчилсэн сургалтын хүрээнд “Хүнсний аюулгүй байдлыг хангах, молекул биологийн болон хүнсний нэмэлтэд хийх шинжилгээний ур чадварыг дээшлүүлэх сургалт”-ыг 2016 оны 4 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сард зохион байгуулав.

·  ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны шугамаар “Мал эмнэлэг,  мал аж ахуйн салбарын хүний нөөцийн хөгжлийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2014 оны 4 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сар хүртэл хэрэгжүүлнэ.

·  ЖАЙКА-ийн “Тогтвортой хөгжлийн төлөөх шинжлэх ухаан, технологийн хамтарсан судалгаа-САТРЕПС”-ийн шугамаар Монгол оронд тохиолддог малын цусны шимэгч, эгэл биетнээр үүсдэг өвчний тархалтын судалгаа, оношилгооны оновчтой арга боловсруулах төсөл”-ийг 2014 оны 6 дугаар сараас 2019 оны 5 дугаар сар хүртэл хэрэгжүүлнэ.

(7)  Эдийн засгийн харилцааг улам бүр эрчимжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа

·  Японы Олон улсын хамтын ажиллагааны банк (ЖБИК)-тай байгуулсан “Экспортын зээлийн шугам нээх тухай хэлэлцээр”-ийн хүрээнд үргэлжлүүлэн хамтран ажиллав. 

·  Байгаль орчны салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд Монгол Улс, Япон Улсын Байгаль орчны яам хоорондын 11 дэх удаагийн бодлогын зөвлөлдөх уулзалтыг 2017 оны 12 дугаар сард зохион байгуулав.

·  Хоёр улсын Засгийн газар хоорондын “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл”-ийн хүрээнд Хамтарсан кредит олгох механизм (ХКОМ)-ийн Хамтарсан хорооны V дугаар хурлыг 2017 оны 10 дугаар сар, VI хурлыг 2018 оны 11 дүгээр сард тус тус Улаанбаатар хотноо зохион байгуулав.

·  ХКОМ-ын хүрээнд “Дархан хотын 10 МВт-ын нарны цахилгаан станцын төсөл” 2017 оны 1 дүгээр сар,  “Моннаран 10 МВт-ын нарны цахилгаан станц байгуулах төсөл”-ийг  2017 оны 12 дугаар сард тус тус хэрэгжүүлэв.

·  ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны шугамаар “Уул уурхай, ашигт малтмалын салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2013 оны 2 дугаар сараас 2020 оны 2 дугаар сар хүртэл хэрэгжүүлж байна.

·  ЖАЙКА-ийн сургалтын шугамаар “Уул уурхайн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл”-ийг  2015-2019 онд хэрэгжүүлж байна.

·  2017 оны 6 дугаар сард Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн яам Монголын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хоорондын Цэвэр нүүрсний технологийн талаарх хамтын ажиллагааны санамж бичигт тулгуурлан Японы нүүрс-химийн салбарын мэргэжилтнүүдийг Монголд илгээв.

·  Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн яам болон Олон улсын судалгаа, сургалтын хүрээлэн (IIST)-гээс “Хоккайдо, Монголын эдийн засаг, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд “Монгол, Хоккайдогийн бизнес форум”, Монгол, Хоккайдогийн хувийн хэвшил хоорондын “бизнес матчинг” арга хэмжээг тус тус Улаанбаатар хотноо 2017 оны 9 дүгээр сар болон 2018 оны 9 дүгээр сард зохион байгуулав.

·  IIST хүрээлэнгээс “Азийн ирээдүйтэй удирдагчдын хөтөлбөр”-ийн хүрээнд “Хоккайдо, Монголын бизнес форум” 2018 оны 2 дугаар сард зохион байгуулав.

·  ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төсөл”, Японы ЖДҮ-ийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусны дизель хөдөлгүүрт DPF (Diesel Particulate Filter) тортог шүүгчийг суурилуулж хөдөлгүүрээс ялгарах тортогжилтыг бууруулах туршилтын төсөл”, олон улсын байгууллагын шугамаар “Улаанбаатар хотын хог хаягдлын дахин боловсруулалт”-ын төслийг тус тус  хэрэгжүүлэв.

·  Хоёр улсын ноос, ноолуурын холбоод хооронд хамтын ажиллагааны санамж бичиг 2016 оны 8 дугаар сард байгуулав. Тус санамж бичигт тулгуурлан японы тал манай улсад мэргэжилтэн илгээх, ноос, ноолуурын салбарынхныг хүлээн авч дадлага хийлгэх, олон улсын үзэсгэлэнгийн үеэр сурталчилгааны ажил зохион байгуулах зэргээр хамтран ажиллав.

5.  СОЁЛЫН ХАРИЛЦАА, ИРГЭД ХООРОНДЫН СОЛИЛЦОО

Ø  Соёлын харилцаа, иргэд хоорондын солилцоогоор дамжуулан хоёр ард түмний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх нь харилцааны чухал үндэс суурь гэдгийг талууд тэмдэглэж, хоёр улсын Засгийн газар ирээдүй хойч үеийн төлөөлөл болох хүүхэд залуучууд хоорондын солилцоог бүхий л боломжоор дэмжиж ажиллав.

Ø  Орон нутаг хоорондын солилцоог хөгжүүлж, нийтэд хүртээмжтэй нийгмийг цогцлоон бүтээхэд чиглэсэн дэмжлэгийг эрчимжүүлэв.

Ø  2020 оны Токиогийн Олимп, Паралимпийн наадмыг угтан спортын салбарын солилцоог идэвхжүүлэв.

Зохион байгуулсан ажил, арга хэмжээ

(1)  Хүүхэд залуучуудын солилцоо

·  “JENESYS-2017” хөтөлбөрийн хүрээнд манай улсаас 93 хүүхэд залуус Японд зочлов.

·  “JENESYS-2018” хөтөлбөрийн хүрээнд манай улсаас 101 хүүхэд залуус Японд зочлохоор төлөвлөж байна.

(2)  Соёлын солилцоог дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа

·  Хоёр улсын Дипломат төлөөлөгчдийн газруудаас хэрэгжүүлсэн арга хэмжээ

·  Монгол Улсын Соёлын элч нарын анхдугаар форум, “Хаврын баяр”, “Намрын баяр” арга хэмжээ, “Билгүүн Ундрага”, “Их татлага”, “Увертюра” хамтлаг болон “Түмэн эх” чуулгын аялан тоглолт, “Хөгжмийн үдэшлэг”, “Трио концертын үдэшлэг” зэрэг 12 арга хэмжээг Токио дахь Монгол Улсын ЭСЯ, Осака дахь ЕКГ-аас хэрэгжүүлэв.

·  Поп урлагийн наадам, япон хэлээр уран илтгэгчийн тэмцээн, япон дууны уралдаан, Япон Улсын Элчин сайдын нэрэмжит жүдо бөхийн цомын тэмцээн, Кэндогийн тэмцээн зэрэг 11 арга хэмжээг Улаанбаатар дахь Япон Улсын ЭСЯ-наас хэрэгжүүлэв.

·  “Япон сан”-гийн шугамаар хэрэгжүүлсэн арга хэмжээ

·  “Япон киноны 11 дэх удаагийн өдөрлөг” 2017 оны 5 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулж, 4 бүтээл толилуулав.

·  “Struggling Cities” үзэсгэлэн 2017 оны 10-11 дүгээр сард Улаанбаатар хотноо гаргав.

·  Монголын олон нийтийн телевизийн сувгаар 2017-2018 онд Японы нийт 21 нэвтрүүлэг толилуулав.

·  Япон киноны долоо хоногийг 2018 оны 5 дугаар сард зохион байгуулж, 4 кино Монголын үзэгчдэд толилуулав.

·  “Нэцүкэ-Японы уламжлалт гар урлал өнөө цагт” үзэсгэлэн 2018 оны 11 дүгээр сарын 6-наас 12 дугаар сарын 1-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо гаргав.

·  “Genji Monogatari” номыг монгол хэл рүү хөрвүүлэх ажлыг 2018 онд санхүүжүүлэв.

·  2018 онд Японы телевизийн 9 нэвтрүүлэгийг Монголын үзэгчдэд толилуулж байна.

·  Японы Хөлбөмбөгийн холбоотой хамтран “Дасгалжуулагч бэлтгэх сургалт” 2018 оны 3 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулав.

·  “Монгол, Японы хууль эрх зүйн орчны өнөөгийн байдал, Арилжааны тухай хууль” семинарыг 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотноо зохион  байгуулав.

·  “Дэлхийн өв Бурхан Халдун уул болон түүний ойр орчмын ариун дагшин газар нутгийн судалгаа, хадгалалт, хамгаалалт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2018 оны 9 дүгээр сарын 26-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав.

·  “Япон хэл хэлэлцүүлэг хэлбэрээр суралцах явц” сэдэвт судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийг  2018-2019 онд хэрэгжүүлж байна.

·  Япон хэлнийсургалт 

·  Япон хэлний сургалт эрхэлдэг Монголын 4 байгууллагад 2017 онд дэмжлэг үзүүлэв. Япон хэлний 1 мэргэжилтэн томилон ажиллуулав. Япон хэлний багш нарын сургалтад 2 багш, япон хэлний мэргэжлийн сургалтад 3 төрийн албан хаагч, япон хэл суралцагч тэргүүний оюутан нараас Японд урих хөтөлбөрт 1 оюутан, тэргүүний сурагчийг Японд урих хөтөлбөрт 1 оюутан тус тус хамрагдав.

·  Япон хэлний сургалт эрхэлдэг Монголын 6 байгууллагад 2018 онд дэмжлэг үзүүлэв. Япон хэлний мэргэжилтэн томилон ажиллуулав. Япон хэлний багш нарын сургалтад 1 багш, магистрантурын сургалтад 1 оюутан, япон хэлний мэргэжлийн сургалтад 2 хүн, Японд тэргүүний оюутан нараас урих хөтөлбөрт 1 оюутан тус тус хамрагдав.  

·  Орон нутгийн засаг захиргааны нэгж  хоорондын солилцоо 

·  Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2017 оны 4 дүгээр сард Япон Улсад айлчлав.

·  Мияаконожо хотын захирагч, хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар 2017 оны 5 дугаар сард Монгол Улсад айлчлав.

·  Тоттори мужийн захирагч 2017 оны 7 дугаар сард Монгол Улсад айлчлав.

·  Шизүока мужийн захирагч 2017 оны 8 дугаар сар, 2018 оны 8 дугаар сард Монгол Улсад айлчлав.

·  Мүсашимураяма хотын дарга 2018 оны 7 дугаар сард Монгол Улсад айлчлав.

·  Аялал жуулчлалын салбар

·  2017 онд Японд болсон “Аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн”-д Монгол Улс оролцов.

·  “Аялал жуулчлалын ЭКСПО-2018”-д Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат оролцож, Япон Улсын Зам тээвэр, газар, дэд бүтцийн сайд Н.Иший-тэй уулзав. Тус ЭКСПО-д монголын тал павильон гаргав.

·  Боловсролын салбар

·  Япон Улсын Засгийн газар “Улаанбаатар хотын бүрэн дунд боловсролын сургуулийн барилгыг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж, 2017 оны 11 дүгээр сард энэ талаарх Солилцох ноот бичигт хоёр тал гарын үзэг зурав.

·  Япон Улсын Засгийн газрын тэтгэлгээр 2017 он, 2018 онд тус тус 20 гаруй оюутан Япон Улсад суралцав. Япон Улсын ГХЯ-нд 2018 онд 1 монгол оюутан богино хугацааны дадлагад хамрагдав.

·  ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд чиглэсэн тусламж үйлчилгээг сайжруулах төсөл” хэрэгжүүлж, Сайн дурын гишүүн томилон ажиллуулж, Өвсний үндэс хөтөлбөр болон олон талт холбогдох хөтөлбөрийн хүрээнд  дэмжлэг үзүүлэв.

·  2020 оны Токиогийн Олимп, Паралимпийн наадмын хүрээнд хэрэгжүүлж буй биеийн тамир, спортын солилцоо

·  Японы 16 орон нутгийн засаг захиргааны нэгж  Монголын тамирчдын “Хүлээн авагч хот”-оор бүртгүүлэв.

·  Монголын охидын “U-14” хөл бөмбөгийн баг 2018 оны 7 дугаар сард Японд зочлов.

·  Японы Агаарын теннисний холбооноос Монголын Агаарын теннисний холбоонд 2017 оны 11 дүгээр сард агаарын теннисний хэрэгсэл бэлэглэв.

·  Японы Кэндогийн холбооноос Монголын Кэндогийн холбоотой хамтран Кэндогийн аварга шалгаруулах тэмцээн 2017 оны 12 дугаар сард зохион байгуулж, кэндогийн хэрэгсэл бэлэглэв.

Ерөнхий сайд нар Хамтарсан мэдэгдэл гаргалаа

2018.12.13. Япон улс. Токио хот. Япон Улсын Ерөнхий сайдын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Токио хотноо албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний дүнгээр дараах Хамтарсан мэдэгдлийг гаргав.

1. Хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг цаашид улам бэхжүүлэхээр тохиролцов. Ерөнхий сайд Ш.Абэ эрх чөлөө, ардчилал, хүний эрх,  эрх зүйт төр зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс нь Япон Улсын бүс нутаг дахь чухал түнш болохыг тэмдэглэж, хоёр улсын өргөн хүрээтэй, олон талт хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхийн сацуу бүс нутаг болон олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдсан асуудлуудаар харилцан уялдаа холбоотой ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын “гуравдагч хөрш” улсууд дотроос нэн тэргүүнд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон чухал түнш Япон Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа  улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх эрмэлзлээ нотлов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын зүгээс өнөөг хүртэл Монгол Улсад үзүүлж ирсэн өргөн хүрээтэй дэмжлэг туслалцаа нь Монгол орны орчин үеийн хөгжлийн суурийг тавихад чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэж, Япон Улсын Засгийн газар, ард түмэнд  гүн талархал илэрхийлэв. Мөн Ерөнхий сайд Ш.Абэ Япон Улсад энэ онд учирсан байгалийн гамшигтай холбогдуулан Монгол Улсын төр, засаг болон ард түмний зүгээс халуун дотно илгээлт ирүүлж, дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв.

2. Хоёр улсын Ерөнхий сайд нар 2017 оны 3 дугаар сард байгуулсан “Монгол, Японы Стратегийн түншлэлийг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засаг, соёл, олон нийтийн солилцоо зэрэг өргөн хүрээнд харилцаа бэхжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Хоёр улсын Засгийн газар “Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаарх танилцуулгыг олон нийтэд зориулан гаргав. Цаашид  хоёр улсын харилцааг энэхүү Дунд хугацааны хөтөлбөрт тулгуурлан үргэлжлүүлэн хөгжүүлэх эрмэлзлээ хоёр тал нотлов. 

3. Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Япон Улсын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн дэмжлэгийг сүүлийн зургаан  жилийн турш үзүүлж, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн сацуу бүс нутаг, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж буйг өндрөөр үнэлэв. Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэх чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахын сацууМонгол Улс болон АНУ-ын хамтран зохион байгуулж буй “Хааны эрэлд” олон улсын хамтарсан сургуулилтад Япон Улс үргэлжлүүлэн идэвхтэй оролцох эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

4. Хоёр улсын Ерөнхий сайд нар энэ оны 12 дугаар сарын 12-ны өдөр Япон, Монголын төр, хувийн хэвшлийн хамтарсан IX зөвлөлдөх уулзалт амжилттай зохион байгуулагдсаныг сайшаахын сацуу энэхүү зөвлөлдөх уулзалтын механизмд тулгуурлан хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг улам бүр бэхжүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн хөгжүүлнэ гэдэгт санал нэгдэв. Мөн хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар нь гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нээж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр болсныг сайшааж, тус төвөөр дамжуулжМонгол дахь Японы хөрөнгө оруулалтыг тэлэх чиглэлд  дэмжлэг үзүүлж ажиллахаа нотлов. Түүнчлэн хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн Хамтын ажиллагааны дэд хороо 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр анхдугаар хуралдаанаа амжилттай зохион байгуулсныг сайшааж,хэлэлцээрийн хүрээн дэх хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тус дэд хороог тогтмол хуралдуулж байхаар санал нэгдэв. Мөн хоёр улсын Ерөнхий сайд нар Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Японы Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллага (ЖЕТРО)-аас энэ сарын 13-ны өдөр Токио хотноо  хамтран зохион байгуулсан бизнес форум нь хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжилд хувь нэмэр оруулсныг үнэлж,  баяр хүргэв.

5. ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад олгож буй “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл” нь Монгол Улсын макро эдийн засгийн тогтвортой удирдлага, нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст үзүүлэх тусламжийг дэмжих, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэв.

6.  Хоёр улсын Ерөнхий сайд нар Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал нь Монгол, Японы хамтын ажиллагааны шинэ бэлгэ тэмдэг болж, аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн солилцоог өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Монгол Улсын Засгийн газар болон Японы консорциум хоорондын яриа хэлэлцээ бодитоор урагшилж, ойрын хугацаанд тохиролцоонд хүрэхэд хоёр улсын Засгийн газар үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ нотлов. Монгол Улсын Засгийн газар 2019 оны 1 дүгээр сард багтааж Концессын гэрээг эцэслэн тохиролцох, түүнчлэн олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг ирэх онд багтааж шуурхай ашиглалтад оруулах чиглэлээр ажиллаж буйгаа мэдэгдэж, Япон Улсын Засгийн газар Монгол Улсын Засгийн газрын баримталж буй чиглэлийг хүндэтгэн дэмжиж, нисэх онгоцны буудлын аюулгүй үйл ажиллагааны менежментийг хангах нөхцөлтэйгээр аль болохуйц богино хугацаанд ашиглалтад оруулах чиглэлд Японы консорциумын үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжиж ажиллах эрмэлзэл илэрхийлэв. Монгол Улсын Засгийн газар шинэ нисэх онгоцны буудлыг саадгүй ашиглалтад оруулахад гэрээний дагуу бэлтгэл ажлыг эрчимжүүлж, Монгол Улсын Засгийн газар хариуцаж буй холбогдох байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгаж, үйл ажиллагааны менежментийн бүрэлдэхүүнийг байгуулж, олон улсын болон дотоодын бүхий л арилжааны нислэгийг нүүлгэн шилжүүлэх болоод шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагааны менежментэд шаардлагатай холбогдох яам, агентлаг, байгууллагыг нүүлгэх ажлыг нээлтээс өмнө бүрэн дуусгахаа нотлов. Мөн хоёр улсын Ерөнхий сайд нар тус нисэх онгоцны буудалд түшиглэн хоёр улсын агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж,  Монгол Улсын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлд яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцов. 

7. Хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх  үлэмж нөөц бололцоо байгааг тэмдэглэж, аялал жуулчлалын салбар дахь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээ илэрхийлэв. Түүнчлэн хоёр улсын Ерөнхий сайд нар Япон Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр ноолуурын чиглэлд үйл ажиллагаа эрхэлдэг хоёр талын байгууллагууд хамтран ажиллаж, Монголын ноолуурын үйлдвэрлэлийн чадавхийг бэхжүүлж Япон дахь экспортыг дэмжихэд чиглэсэн техникийн хамтын ажиллагаа болон Японы зах зээл дэх  сурталчилгааг идэвхжүүлж буйг сайшаав.

8. Хоёр улсын Ерөнхий сайд нар сургалтын эмнэлгийн барилгын ажил урагшилж буйг сайшааж, тус эмнэлэгт зохистой менежментийг нэвтрүүлж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлд хоёр тал хамтран ажиллахаа нотлов.

9. Ерөнхий сайд Ш.Абэ Хамтарсан кредит олгох механизм (ХКОМ)-ыг Япон Улстай Монгол Улс хамгийн анх байгуулж хэрэгжүүлсэн болохыг дурдаж, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хоёр улсын хамтын ажиллагааг улам хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг талууд нотлов. Хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Япон Улсын Байгаль орчны яам хооронд “Байгаль орчны салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг” энэ өдөр байгуулсныг сайшаав. Хоёр улсын Ерөнхий сайд нар энэ оны 11 дүгээр сард болсон Хамтарсан кредит олгох механизмын Хамтарсан хорооны 6 дугаар хуралдааны үр дүн болон энэ онд зохион байгуулагдах хоёр улсын Байгаль орчны яам хоорондын Бодлогын 12 дугаар зөвлөлдөх уулзалтын механизмаар дамжуулан глобаль түншүүдийн хувьд уур амьсгалын өөрчлөлт болон байгаль орчны салбар дахь бусад холбогдох асуудлаар хоёр талын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхээр тогтов. 

10. Хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд хөдөө аж ахуйн салбарыг улам бүр хөгжүүлэхийн чухлыг онцолж, энэхүү салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтов. Энэ хүрээнд монголын талаас санал болгосон “Хөдөө аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх замаар нэмүү өртгийн сүлжээг бий болгох мастер төлөвлөгөө” төслийг хэрэгжүүлэхээр албан ёсоор шийдвэрлэснийг талууд сайшаан хүлээн авав.

11. Хоёр улсын Ерөнхий сайд нар 2020 оны Токиогийн Олимп, Паралимпийн наадмыг угтаж Япон Улсын 16 орон нутгийн захиргааны нэгж Монгол Улсын “Хүлээн авагч хот”-оор бүртгүүлээд байгаа нь хоёр улсын ард иргэд хоорондын солилцоо нэн өндөр түвшинд хүрснийг илтгэн харуулж байгааг тэмдэглэн сайшаав. Хоёр улсын Ерөнхий сайд нар2020 оны Олимп, Паралимпийн наадамд оролцох баг тамирчиддаа амжилт хүсэхийн сацуу тус наадмыг биеийн тамир, спорт, иргэд хоорондын солилцоог улам бүр гүнзгийрүүлэх талбар болгоно гэдэгт санал нэгдэв.

12. Ерөнхий сайд нар бүс нутаг болон олон улсын тавцан дахь хуулийн засаглал, энх тайван, тогтвортой байдал, хамтын ажиллагаа болон хөгжил цэцэглэлтийг хангахад НҮБ-ын дүрэм, олон улсын хууль журмын суурь зарчим болон төрт улсын тусгаар тогтнол ба бүрэн эрхт байдлыг хүндэтгэх явдалд суурилсан чөлөөт, нээлттэй олон улсын дэг журмыг чанд мөрдлөг болгохын ач холбогдлыг онцлов.

13. Японы тал “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай”-г цогцлоох чиглэлд гаргаж буй хүч чармайлтынхаа талаар мэдээлж, Монгол Улстай хөгжүүлж болохуйц хамтын ажиллагааны талаар цаашид хоёр улсын зөвлөлдөх уулзалт, Монгол Улс, АНУ, Япон Улсын гурван талт уулзалт болон бусад механизмаар дамжуулан үргэлжлүүлэн санал солилцох эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Монголын тал Ази, Номхон далайн бүс нутгийн интеграцчлалд идэвхтэй оролцох сонирхолтой байдгаа нотолж, Япон Улсын “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай” үзэл санаа нь тус бүс нутгийн улс орнуудыг хамарсан, интеграцчлалыг дэмжсэн, нээлттэй хөгжил, хамтын ажиллагааны санаачилга хэмээн ойлгож байгаагаа тэмдэглэв. Хоёр улсын Ерөнхий сайд нар “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай”-г  цогцлоох чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдэв.

14. Хоёр улсын Засгийн газар олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн хамт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийн асуудлаарх Засгийн газар хоорондын яриа хэлэлцээг эрчимжүүлж, уг шинэчлэлийг ойрын хугацаанд хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана. Япон Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болохыг Монгол Улсын Засгийн газар цаашид ч тууштай дэмжинэ.

15. Хоёр улсын Ерөнхий сайд нар НҮБ-ын Далайн эрх зүйн тухай конвенц (UNCLOS)-д тусгагдсан зүйлсийг хамруулсан олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд нийцүүлж, хуульд суурилсан эрх чөлөөт, нээлттэй далайн дэг журмыг дэмжих амлалтаа нотлов. Хоёр улсын Ерөнхий сайд нар усан болон агаарын хөлөг онгоцоор чөлөөтэй зорчих, худалдааг саадгүй хийх, хүлээцтэй байх, эрх зүйн болон дипломат үйл явцыг бүрэн хүндэтгэж, олон улсын эрх зүйд суурилсан энхийн замаар маргааныг шийдвэрлэхийн чухлыг онцлов. Мөн хоёр улсын Ерөнхий сайд нар өнөөгийн нөхцөл байдлыг өөрчлөх, хурцадмал байдлыг нэмэгдүүлэхээс урьдчилан сэргийлэх зарчмыг баримталж ажиллах нь  чухал гэдэгт санал нэгдэв.

16. Хоёр улсын Ерөнхий сайд нармөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Монгол Улсын чадавхийг бэхжүүлэхэд үргэлжлүүлэн хамтран ажиллахаа нотлов.

17. Ерөнхий сайд Ш.Абэ Япон Улстай нэгдмэл үнэт зүйлстэй Монгол Улс нь бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгт улам бүр идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын Зүүн Азийн дээд түвшний уулзалтад нэгдэх эрмэлзлийг нааштай үнэлж, Япон Улс тус уулзалтад Монгол Улсыг нэгдэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

18. Хоёр улсын Ерөнхий сайд нар  Солонгосын хойгт сүүлийн үед өрнөж буй нааштай үйл явцууд, түүний дотор АНУ-БНАСАУ болон БНСУ-БНАСАУ-ын хооронд болсон дээд түвшний уулзалтууд нь маргаантай асуудлуудыг цогцоор шийдвэрлэхэд чиглэсэн алхам болсон хэмээн сайшаан тэмдэглэв. Хоёр улсын Ерөнхий сайд нар БНАСАУ үй олноор хөнөөх бүхий л зэвсэг, бүхий л тусгалын баллистик пуужингаасаа бүрмөсөн, хяналттайгаар, эргэлт буцалтгүйгээр ангижрах асуудлыг баталгаажуулахын тулд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг НҮБ-ын нийт гишүүн улс орон бүрэн хэрэгжүүлэхийн чухлыг нотлов.  Хоёр улсын Ерөнхий сайд нар маргаантай асуудлуудыг дипломат аргаар шийдвэрлэхийг дэмжиж байгаагаа мөн нотлов. Монгол Улс эдгээр зорилтын хүрээнд “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлж, олон улсын бага хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд  японы тал бүс нутгийн асуудлуудыг хэлэлцэх Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” зэрэг Монгол Улсын санаачилга, байр суурийг ойлгон хүлээн авч байгаагаа илэрхийлэв.  Ерөнхий сайд Ш.Абэгийн зүгээс хулгайлагдсан иргэдийн асуудлыг шийдвэрлэхийн ач холбогдлыг онцолж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэхүү асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн Япон Улсын байр суурийг дэмжихээ илэрхийлэв. Хоёр улсын Ерөнхий сайд нар хулгайлагдсан иргэдийн асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхийн төлөө үргэлжлүүлэн нягт хамтран ажиллана гэдэгт санал нэгдэв.

19. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Азийн Буддистуудын энх тайвны бага хурлын 50 жилийн ой тохиож буй 2019 онд Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар Улаанбаатар хотноо Олон улсын хурал зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдэгдэв. Энэ мэт Монгол Улсын олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдалд хувь нэмэр оруулахад чиглэсэн эрмэлзлийг Ерөнхий сайд Ш.Абэ сайшаав гэжээ.

Токиод Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газар нээнэ

2018.12.12. Япон Улс. Токио хот. Монгол Улсын Ерөнхий сайдын Япон Улс дахь албан ёсны айлчлал эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Японы гадаад худалдааг дэмжих байгууллага ЖЕТРО-ын ерөнхийлөгч Х.Ишигэ бараалхлаа. Уулзалтын үеэр Япон, Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцын талаар харилцан санал солилцсон бөгөөд хоёр орны худалдааны эргэлт, бизнесийн харилцаа нэмэгдэж буйд баяртай байгааг ЖЕТРО-ын ерөнхийлөгч Х.Ишигэ илэрхийлсэн юм. Мөн Японд Монгол инженерүүд бэлтгэх ажилд өндөр ач холбогдол өгч байгааг  тэмдэглэв. Монголоос Японд суралцаж байгаа оюутны тоо 2017 оны байдлаар 2517 байгаа нь хүн амын тоотой харьцуулахад өндөр тоо гэдгийг ЖЕТРО-ын ерөнхийлөгч дурдаж байлаа. Түүнчлэн ноён Х.Ишигэ Японы хувийн хэвшлүүд Монголд бизнес эрхлэхэд зарим хүндрэлүүд гардаг гэдгийг онцлоод, үүнд анхаарч ажиллахыг Ерөнхий сайдаас хүссэн юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудалд Монгол Улсын засгийн газар онцгой ач холбогдол өгч ажиллаж байгааг хэлээд, гадаадын хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалтын нэгдсэн мэдээлэл өгөх, бизнесийг нь өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх үүднээс Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газрыг Токио хотноо байгуулахаар ажиллаж байгааг энэ үеэр хэллээ. 2019 оны 1-р сарын 1-ээс гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг нээж ажиллуулахад бэлэн болоод байгаа юм байна. 2016 оны 6 сард хүчин төгөлдөр болсон “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” чухал ач холбогдолтой тул хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр ЖЕТРО-той нягт хамтран ажиллах хүсэлтэй байгааг илэрхийлсэн юм. Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага ЖЕТРО /Japan External Trade Organization, JETRO/ нь 1958 оны 7 дугаар сард Япон Улсын Олон улсын худалдаа, үйлдвэрийн яамны дэргэд гадаад орнуудтай хийж буй худалдаанд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор байгуулагдсан. Уг байгууллага нь Японы бараа бүтээгдэхүүнийг гадаадад таниулах, гадаад орнуудын Японы хэрэглэгчдэд шаардлагатай импортын бүтээгдэхүүнийг судлах, тэдгээр бараа материалыг үзэсгэлэн яармаг зохиох хэлбэрээр сурталчлах, бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авах зэрэг үйл ажиллагааг явуулдаг байна. ЖЕТРО нь олон улсын худалдааны өндөр мэдлэгтэй мэргэжилтэнг худалдааны түнш орондоо илгээж, тухайн орноос Японы зах зээлд борлогдох бараа, бүтээгдэхүүний судалгаа хийлгэх, Японы зах зээлд нэвтэрч болохуйц бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, борлуулах “ноу-хау”-г газар дээр нь зааж, маркетингийн зөвлөлгөө өгч ирсэн нь ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд чухал ач тустай юм гэжээ.

Mongolian Prime Minister Ukhnaagiin Khürelsükh visits Hokkaido University

December 18, 2018. University News. Mongolian Prime Minister Ukhnaagiin Khürelsükh and a delegation of 15 Mongolian government officials visited Hokkaido University on Friday, December 14th, as part of their 3-day official state visit to Japan. The Prime Minister and the delegation, accompanied by Japanese Ambassador to Mongolia Masato Takaoka and Mongolian Ambassador to Japan Dambadarjaa Batjargal, met with top university officials, including Executive Vice President Masanori Kasahara. The visit was intended to commemorate and recognize the academic exchanges between Hokkaido University and Mongolian institutions of higher education, which have been ongoing since 2009. Prime Minister Khürelsükh and the Mongolian delegation arrived at the university during a heavy snowstorm and had lunch with the Hokkaido University representatives before moving to the Creative Research Institution (CRI) facility in north campus. At the CRI, the Prime Minister and delegation members greeted Mongolian students and staff members, and also heard lectures describing the research Mongolian students and staff are engaged in at Hokkaido University. Following the lectures, Prime Minster Khürelsükh spoke to the attendees, expressing admiration and encouragement for their research and gratitude at the ongoing exchange activities between Hokkaido University, the Mongolian University of Life Sciences, and the National University of Mongolia.During the last segment of his visit, Prime Minister Khürelsükh undertook a facility tour of the Space Mission Center at the university. Dr. Kurihara and Ph.D. candidate Begzsuren Tumendemberel introduced and explained to the Prime Minister different technologies and features used in the camera of the DIWATA microsatellite, a joint project conducted by Hokkaido University, Tohoku University, and the governments of several southeast Asian nations. During both the facility tour and the lecture portion, Dr. Kurihara mentioned the possibility of collaborating with the Mongolian government on similar projects in the future. 

Монгол Улсын Ерөнхий сайдад Япон Улсын Гадаад хэргийн сайд бараалхав

2019.06.16. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро бараалхаж, тэд Монгол, Японы сургалтын эмнэлгийн үйл ажилагааг нээж, нээлтийн туузыг хайчлав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Тарод  Монгол Улсын Засгийн газраас эдийн засаг, хамтын ажиллагааны хүрээнд явуулж буй бодлогын талаар товч танилцуулав. Улмаар хоёр орны харилцаа хамтын ажиллагааны хүрээнд гурван чиглэлд анхаарч ажиллах зорилготой. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чөлөөт худалдааны хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийг дэмжиж ажиллах, Япон Улс, НҮБ хоорондын ойлголцолд идэвхитэй байр сууринаас оролцоход анхаарч ажиллах болно. Монгол Улсын нийгэм эдийн засгийн шилжилтийн үеийн жилүүдэд Японы ард түмний үзүүлж байсан тусламж дэмжлэг, халуун сэтгэлийг үргэлж санан дурсаж, талархаж байдаг гэсэн юм. Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд талархал илэрхийлээд манай хоёр орон гадаад бодлого, аюулгүй байдал, батлан хамгаалах, боловсрол, эрүүл мэндийн салбарт идэвхитэй хамтран ажиллаж буйг тэмдэглэв. Иймд ажиллах хүч импортлогч орны нэгээр Монгол Улсыг сонгосон нь манай хоёр орны харилцаа хамтын ажиллагааны хүрээг тэлэхэд түлхэц болно хэмээн итгэж байна гэв. Хоёр орны ард түмэн чин сэтгэлийн найрамдалт харилцаатай нь сүүлийн жилүүдэд тохиосон байгалийн гамшигт үзэгдлийн дараах Монголын ард түмнээс Япончуудад үзүүлсэн хандив тусламжаас харагдаж байна. Япон, Монгол Улс засгийн газар, улстөрийн түвшинд төдийгүй ард түмний элгэмсэг дотно харилцаатай билээ гэв. Монгол Улсын Ерөнхий У.Хүрэлсүх: Монголчуудын эрүүл, чанартай амьдралын нөхцлийг бүрдүүлэхэд Монгол, Японы сургалтын эмнэлэгийн үүрэг чухал юм гэв. Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро нар Монгол, Японы сургалтын эмнэлэгийн үйл ажилалгааг нээх ёслолд оролцож үг хэлэв. Монгол Улсын Ерөнхий сайд хэлсэн үгэндээ өндөр мэдлэг ур чадвартай багш, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй сүүлийн үеийн техник технологи, тоног төхөөрөмжтэй сургалт, судалгаа оношилгоо эмчилгээний гурвалсан чиг үүрэг бүхий цогц үйл ажиллагааг Япон стандартын менежментээр явуулах болж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Монгол Улсын Засгийн газар иргэдийнхээ эрүүл, энх, ая тухтай, урт удаан чанартай амьдрах нөхцлийг хангахын төлөө онцгой анхаарч байгаа. Үүнд энэхүү сургалтын эмнэлгийн үйл ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй. Мөн анагаахын сургуулийн эмнэлзүйн сургалтад мэдэгдэхүйц дэвшил гарч, чадварлаг эмч эмнэлгийн мэргэжилтнүүд бэлтгэгдэж эх орондоо эмчилж чадахгүй байгаа өвчний тоо буурч, гадаад улс орон руу эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар явдаг иргэдийн урсгал багасна гэдэгт итгэж байна. Монгол, Япон сургалтын эмнэлгийн удирдлага, менежментийн баг, эрдэмтэн багш, доктор профессорууд, эмч, эмнэлгийн ажилтнууд, оюутнуудад идэвх санаачлагатай бусдыгаа манлайлж ажиллах өндөр хариуцлага ирж байна гэсэн юм. Монгол, Япон сургалтын эмнэлэг нь Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан бөгөөд шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтод тулгуурласан өндөр хүчин чадал бүхий тархины мэс заслын аппарат, хорт хавдрыг эсийн түвшинд оношлох дуран дүрс оношилгооны иж бүрдэл гэх мэт 360 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Хүүхэд, эмэгтэйчүүд, дотор, мэс засал болон сэхээн амьдруулах, яаралтай тусламж зэрэг нийт 17 чиглэлийн төрөлжсөн эрүүлийн мэндийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. Сургалт-судалгаа-оношилгоо, эмчилгээний гурвалсан чиг үүргийг хэрэгжүүлнэ. Тус эмнэлэгт ажиллах 3000 гаруй эмч мэргэжилтнүүдийг 24 удаагийн сургалтад хамруулж бэлтгэсэн байна гэжээ. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ДЭМБ-ын бүсийн захирлыг хүлээн авч уулзав

2019.06.24. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал, доктор Такеши Касай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Монгол Улсын Засгийн газар, ДЭМБ хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдагаа Ерөнхий сайд илэрхийлэв. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс нь эрүүл мэндийн салбарт явуулж байгаа бодлого, үйл ажиллагааг дэмжин, техникийн туслалцаа үзүүлж ирснийг тэмдэглэв. Засгийн газар өвдсөн хойно нь эмчлэх бус, өвчлөхөөс урьдчилан сэргийлж, үндэсний эрүүл мэндийн тогтолцооны чадавхийг бэхжүүлэхийг зорьж байгааг хэлэв. Мөн Хэнийг ч үл орхигдуулах зорилтын хүрээнд бүх иргэн, тэр дундаа эмэгтэйчүүд, өндөр настан, зорилтот бүлгийнхэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхийн тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч байгааг онцлов. Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамтай нягт хамтран ажиллаж байгааг ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн  захирал, доктор Такеши Касай тэмдэглэв. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх нь зөвхөн эрүүл мэндийн салбарынхны ажил бус, бүх салбар оролцож хамтран ажиллаж байж үр дүнд хүрнэ гэж үздэгээ илэрхийлэв. Эрүүл мэнд бол хэрэглээ биш хөрөнгө оруулалт. Иргэд нь эрүүл байж тухайн улс орон хөгжинө гэдэгт талууд санал нэгдэв. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал, доктор Такеши Касай “Эрүүл мэндийн аюулгүй байдал-салбар дундын хамтын ажиллагаа” сэдэвт өндөр түвшний хуралдаанд оролцохоор иржээ.

Шинэ нисэх буудлын менежментийг Монгол, Японы хамтарсан компани хариуцна

2019.07.05. Монгол Улс. Улаанбаатар хот. Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал” төслийн менежментийг Монгол Улсын “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ХХК, Японы Улсын “Жапан Эйрпорт Менежмент” ХХК-ийн хамтарсан “Нью интернэйшнл эйрпорт” компанид шилжүүллээ. Менежментийг шилжүүлэх ёслолын үеэр талууд “Хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэй, 15 жилийн хугацаатай концессын гэрээнд гарын үсэг зурлаа. Концесс эзэмшигчид 10 сарын дотор өөрийн хөрөнгөөр үлдсэн ажлаа бүрэн дуусгаж нисэх буудлыг ашиглалтад оруулах юм. Япон Улсын менежмент, үйлчилгээний соёл шинэ нисэх онгоцны буудалд нэвтэрч, нислэгийн болон зорчигчдын тоо нэмэгдэн, аялал жуулчлал хөгжиж энэ хэрээр нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцоолж байна. Ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масато болон албаны бусад хүн оролцов. Өнгөрсөн онд Япон Улсад албан ёсны айлчлал хийхдээ шинэ нисэх онгоцны буудал барих төслийн менежментийн гэрээг шуурхай байгуулах талаар ярилцаж, онцгой анхаарч ажилласныг Ерөнхий сайд хэлэв. Төр, хувийн хэвшлийн нийгмийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх менежментийн гэрээ нь иргэний агаарын тээврийн боловсон хүчний хөгжлийг дэмжих, Япон Улсын шинэ технологи, туршлага, үйлчилгээний жишгийг нутагшуулах давуу талтай тэмдэглэж, хоёр улсын харилцан ашигтай, урт хугацааны хамтын ажиллагааны нэг шинэ хуудас эхэлснийг онцлов. Мөн энэ түүхэн бүтээн байгуулалтад оролцсон төр, хувийн хэвшлийн байгууллага, хүмүүст Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлэв. “Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал” төслийн менежмент эхэлж байгаа нь хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцаа улам батжиж байгаагийн илрэл гэж Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масато хэлэв. Одоогийн “Чингис хаан“ нисэх буудал жилд нэг сая зорчигч хүлээн авдаг бол шинэ нисэх буудал жилд гурван сая зорчигч, 22 мянган онгоц хүлээн авах хүчин чадалтай. Цаашид өргөтгөл хийн зорчигчдийн тоог таван сая хүртэл нэмэгдүүлэх боломжтой юм. Менежментийг эхлүүлэх ёслолын үеэр “МИАТ” ТӨХК-ийн агаарын хөлгөөр шалгах нислэг гүйцэтгэн Хөшигийн хөндий дэх олон улсын шинэ нисэх онгоцны буудалд амжилттай газардсан тухай рапортыг агаарын хөлгийн дарга Б.Амарсанаа  Монгол Улсын Ерөнхий сайдад илтгэв. Мөн өдөр шинэ нисэх буудалд үйл ажиллагаа явуулах төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагууд, агаарын тээвэрлэгч компаниуд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулав гэжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсыг зорилоо

2019.10.21. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцохоор өнөө өглөө Токио хотыг зорилоо. Энэхүү төрийн ёслолд Япон Улстай дипломат харилцаатай 195 улс орон, НҮБ, Европын Холбоо зэрэг олон улсын байгууллага, Холбооны өндөр түвшний зочид төлөөлөгчид уригдсан байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн энэ үеэр Ерөнхий сайд Абэ Шинзотой хоёр талын уулзалт хийж, хоёр орны харилцааны талаар ярилцана гэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Абэ Шинзо-тай уулзлаа

2019.10.21. Япон Улс. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Япон Улсын Ерөнхий сайд Абэ Шинзо энэ сарын 21-ний өдөр Төрийн хүндэтгэлийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Абэ Шинзо Япон Улсын зарим бүсийг дайрсан Хагибис хар шуурга, байгалийн гамшигтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас эмгэнэл илэрхийлж, хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлээд Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн онд Япон Улсад айлчлах үеэр хоёр талын ярилцсан асуудлууд эдүгээ амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байна гэв. Тухайлбал, Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийн гэрээг талууд богино хугацаанд байгуулж, ирэх онд ашиглалтад оруулахаар эрчимтэй ажиллаж буйг тэмдэглэв. Абэ Шинзо мөн мөнгөний бодлогодоо зохистой өөрчлөлт оруулж  банк, санхүүгийн зарим хүндрэлээ шийдсэний дараа Япон Улсын Засгийн газраас олгох хоёр дахь шатны төсвийн дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байна гэлээ. Ерөнхий сайд У. Хүрэлсүх Ерөнхий сайд Абэ Шинзо-тай дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. Монгол Улс ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжсэн цагаас хойш Япон Улсын Засгийн газар, ард түмэн нь нийгэм, эдийн засгийн бүх салбарт тууштай дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд Монголын ард түмэн, Засгийн газар гүнээ талархдаг гэв. Монгол Улс, Япон Улсын идэвхтэй энх тайванч гадаад бодлого, мөн Абе Шинзогийн дэвшүүлсэн Энэтхэг-Номхон далайн үзэл санааг дэмжиж байгаагаа дахин илэрхийлэв. Хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор хоер улсын найрамдал нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болохуйц эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв. Талууд хоёр улсын найрсаг харилцааны үндэс суурь болсон иргэд хоорондын найрамдал, нөхөрлөлийг улам бүр бэхжүүлэхээ илэрхийлж, хоёр улсын харилцааг бүс нутаг, олон улсын тавцанд гүнзгийрүүлж ажиллахаа нотлов.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Нарухитог эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах ёслолд оролцов

2019.10.23. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант эзэн хаан Нарүхито-г эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцлоо. Төрийн ёслолд Япон Улстай дипломат харилцаатай 195 улс орон, НҮБ, Европын Холбоо зэрэг улс, олон улсын болон бусад байгууллагын өндөр түвшний зочид, төлөөлөгчид оролцлоо. Монгол Улсын Засгийн тэргүүний хувьд Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант эзэн хаан Нарүхито-г эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцож байгаа нь Монгол, Япон хоёр орны стратегийн түншлэл, найрамдалт харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл юм. Эзэн хаан Нарухито ёслолын эхэнд Касикодокоро сүмд морилж Нарны бурханд мөргөсөн байна. Төрийн ёслол хааны ордонд үргэлжилж Ерөнхий сайд Абэ Шинзо эзэн хаанд урт наслахыг ерөөсөн уламжлалт мэндчилгээ дэвшүүллээ. Нарухито Үндсэн хууль, эзэн хааны гэр бүлийн тухай хуульд заасны дагуу хаан ширээнд сууж Япон Улсад шинэ үе ирснийг зарлалаа. Тэрээр ард түмнийхээ эв нэгдлийн бэлгэдэл болох үүргээ нэр төртэй биелүүлэхээ тангараглав. Эзэн хааны эцэг Акихито 30 гаруй жил хаан ширээнд суухдаа ард иргэдтэйгээ хамт баяр баясгалан, уй гашууг хуваалцаж байсныг тэрээр онцоллоо.

Ерөнхий сайд Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзав

2019.10.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант эзэн хаан Нарүхито-г Эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцох үеэр тус улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын А.Такэбэ, Т.Фукуда, Н.Сузуки, К.Ооно, Т.Кобаяаши зэрэг зарим залуу гишүүнтэй уулзаж, хоёр орны түүх, соёлын онцлог, харилцаа, хамтын ажиллагааны хөгжил зэрэг сэдвээр найрсаг дотно яриа өрнүүллээ. Уулзалтад оролцсон гишүүдийн нэг А.Такабэ Японы Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн нарийн бичгийн дарга бөгөөд хоёр улсын найрсаг харилцаанд үе залгамжлан хувь нэмрээ оруулж байна. Түүний аав Ц.Такабэ нь Япон, Монголын Парламентын найрамдлын бүлгийн дарга, Японы эрх баригч Либерал Ардчилсан намын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Т.Фукуда гишүүний өвөө Т.Фукуда, аав Я.Фукуда нар мөн Японы Ерөнхий сайд байсан бөгөөд өвөө Т.Фукуда-г Гадаад хэргийн сайд байхад буюу 1972 онд манай хоёр улс дипломат харилцаа тогтоож байв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол, Японы залуу улс төрчид хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх нь харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтойг тэмдэглэж, гишүүдийг Монгол Улсад зочлохыг урив.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзав

2020.02.21. Монгол Улс. Улаанбаатар хот. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголыг сайн мэддэг Япон Улсын шилдэг дипломатч манай улсад томилогдож, итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсанд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв. Тэрээр Монгол Улс ардчилсан хөгжлийн замыг сонгосноор Хэйсэй-гийн эринд манай хоёр улс маш богино хугацаанд Стратегийн түншлэлийн өндөр түвшинд харилцаа, хамтын ажиллагаагаа  хүргэж чадсаныг дурдаад, Рэйвагийн эринд энэхүү харилцааг уламбүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллахаа нотлов. Япон Улсын Засгийн газар, ард түмэн Монгол орны орчин үеийн хөгжлийг бүх талаар дэмжиж, ямагт туслалцаа үзүүлж ирсэнд бид талархалтай ханддаг. Япон Улсын Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудал, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол-Японы сургалтын эмнэлэг зэрэг хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц олон төсөл хэрэгжсэнд баяртай байгаагаа  илэрхийлэв. Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсад 3 дахь удаагаа томилогдон ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлж, өөрийн хоёр дахь эх орондоо ирсэн мэт сэтгэгдэл төрж байна гэв. Элчин сайд Х.Кобаяши хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний айлчлал, улс төрийн яриа хэлэлцээ чухал үүрэг гүйцэтгэж ирсэн гээд 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Япон Улсад хийсэн албан ёсны айлчлал нь нэн ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг онцлов. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхитог Эзэн Хааны сэнтийд залах төрийн ёслолд Монгол Улсыг төлөөлөн оролцсонд талархал илэрхийлээд, цаашид хоёр орны эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, Японы зах зээлд чиглэсэн Монголын экспортыг нэмэгдүүлэх, бизнесийн орчинг сайжруулах чиглэлд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв гэжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суух Элчин сайдыг хүлээн авч уулзав

2020.08.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши-г хүлээн авч уулзав. Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсын Ерөнхий сайдаар дахин томилогдсонд нь баяр хүргэж амжилт хүсэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гаас баярын захидал ирүүлсэнд талархал илэрхийлээд Монгол, Японы Стратегийн түншлэлийг улам бэхжүүлж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв. Ковид-19 цар тахалтай тэмцэхэд улс орнуудын хамтын ажиллагаа нэн чухал гэдгийг Элчин сайд Х.Кобаяши хэлээд, Япон Улсын Засгийн газар Монгол Улсад олон талт харилцааны хүрээнд дэмжлэг туслалцаа үзүүлэхээр ажиллаж байгааг танилцуулав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүнд талархал илэрхийлээд Ковид-19-ийн улмаас эдийн засгийн хүндрэл учирч байгаа өнөөгийн нөхцөлд нягт хамтран ажиллах шаардлагатай байгааг онцлов. Талууд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх бэлтгэлийг сайтар хангах талаар санал солилцов. Мөн НҮБ болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаа нотлов гэжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Т.Мотеги бараалхав

2020.10.09. Монгол Улс. Улаанбаатар хот. Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги 2020.10.9-10-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаадаа баяртай байна гээд 2019 онд Гадаад хэргийн сайдаар анх томилогдсон цагаасаа Монгол Улсад айлчлахыг төлөвлөж байсан гэдгээ илэрхийлэв. Энэхүү айлчлал нь хоёр орны харилцааг шинэ шатанд хүргэх болно гэдэгт итгэж байгаагаа цохон тэмдэглэсэн юм. Яриа хэлэлцээ найрсаг дотно уур амьсгалд болж, талууд хоёр улсын харилцааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцсон юм. Манай улсын гуравдагч хөрш, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий  Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги-н энэ удаагийн айлчлал манай улсад парламентын сонгууль болж, шинэ Засгийн газар үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй байгаа цаг үед, мөн Япон Улсад Ерөнхий сайд Ё.Сүгагийн Засгийн газар үйл ажиллагаагаа эхлүүлсний дараахан болж байгаагаараа онцлог болж байна. Япон Улсын Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлж, хамтын ажиллагаанд түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Гадаад хэргийн сайд Т.Мотэги дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед бүс нутгийн улс орнууд үйл ажиллагаагаа уялдуулж, нягт хамтран ажиллахын чухлыг онцлоод Япон Улсын Засгийн газар Монгол Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг цаашид ч өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Тэрээр Япон Улсын Засгийн газар манай улсад нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр 0,01 хувийн хүүтэй 25 тэрбум иенийн буюу 230 гаруй сая ам.долларын зээл олгохоор шийдвэрлэснийг мэдэгдэв. Гадаад хэргийн сайд Т.Мотэги Япон Улсын Засгийн газраас иргэд харилцан зорчих урсгалыг шат дараатай нээх хүрээнд бизнесийн зорилгоор зорчих, урт хугацаанд Япон Улсад оршин суух манай иргэдэд Япон Улсад зорчих визийг олгож эхэлснээ танилцуулав. Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр үр дүнгээ өгч эхэлж буйг онцлоод Япон Улсын хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологи, ноу-хау-г идэвхтэй татаж, эдийн засгаа төрөлжүүлэх, экспортоо нэмэгдүүлэх чиглэлд тус улстай түлхүү хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Мөн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд холбогдох дэд хороодын хуралдааныг ойрын үед зохион байгуулах санал тавив. Талууд яриа хэлэлцээний үеэр ойрын үед хоёр талдаа хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээний талаар санал солилцож, улс төр, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, иргэд консулын гээд өргөн хүрээтэй салбарт Монгол, Японы Стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэн бэхжүүлэхээр тохиролцов. Мөн 2022 онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх талаар ярилцав. Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг талууд нотолж, 2021-2025 онд хэрэгжүүлэх дараагийн хөтөлбөрийн агуулгыг ойрын үед тохирохоор болов. Манай хоёр улс олон улс, бүс нутгийн талбарт идэвхтэй хамтран ажиллаж байгааг дурдаад, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн сацуу Зүүн хойд Азийн бүс нутгийн хөгжил цэцэглэл, Солонгосын хойгийн аюулгүй байдлыг бататган бэхжүүлэхийн төлөө цаашид ч нягт хамтран ажиллахаа талууд нотоллоо. Япон Улсын Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал нь Монгол Улсад хийж буй 5 дахь айлчлал юм. Өмнө нь Япон Улсын Гадаад хэргийн сайд С.Уно 1989 онд, Ё.Кавагүчи 2004 онд, К.Окада 2010 онд, Т.Коно 2019 онд тус тус Монгол Улсад айлчилсан юм. Айлчлалын үеэр Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхсан юм. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэгийн айлчлал нь Монгол, Японы Стратегийн түншлэл өндөр түвшинд хөгжиж байгаагийн илрэл болж байгааг тэмдэглэв. Түүнчлэн Япон улсын Засгийн газар Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн манай гуравдагч хөрш Японтой харилцаа, хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд энэ оны зургаадугаар сард болсон УИХ-ын сонгуулиар ялалт байгуулж, Засгийн газраа эмхлэн байгуулсанд баяр хүргээд Монгол, Японы Засгийн газрын тэргүүн нар цаашид нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь нэн чухал зорилт гэдэгт хоёр тал санал нэгдэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх манай эдийн засгийг төрөлжүүлэх, экспортыг нэмэхэд чиглэсэн үйлдвэрлэлийн салбаруудад Японы хөрөнгө оруулалт, техник, технологийг нэвтрүүлэх нь нэн чухал болохыг тэмдэглэсэн юм. Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги-н айлчлал Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, олон улсын түвшинд хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болж өндөрлөлөө.

Чингис хаан олон улсын нисэх буудлын анхны нислэгийн ёслол болов

2021.07.07. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингис хаан олон улсын нисэх буудлын анхны нислэгийн ёслолд оролцож, үг хэллээ. Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх буудал буюу Чингис хаан олон улсын нисэх буудлын анхны нислэгийн ёслолын үйл ажиллагаа болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, нээлтийн үг хэллээ. Монгол Улс, Япон Улсын Засгийн газраас хамтран хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн нэг болох Чингис хаан олон улсын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтаар:

  • Жилд 3 сая зорчигч хүлээн авах хүчин чадал бүхий Зорчигч үйлчилгээний барилга,
  • 24 агаарын хөлөг зогсох перрон талбай,
  • 43 метр өндөр Нислэгийн хөдөлгөөний барилга,
  • 8,000 тонны багтаамж бүхий шатахууны агуулах,
  • Жилд 11,900 тонн карго ачаа шуудан нэвтрүүлэх хүчин чадал бүхий карго терминал,
  • Олон улсын C9 зэрэглэлтэй Аврах гал унтраах барилга,
  • Бие даасан дулааны станц болон цахилгаан шугам сүлжээний дэд барилгууд,
  • Хоногт 800 шоо метр цэвэр болон бохир ус цэвэрлэх, ариутгах, татуурга ус цэвэршүүлэх байгууламж зэрэг үндсэн 30 гаруй барилга, байгууламжаас бүрдсэн, олон улсын стандартад нийцсэн шинэ нисэх буудал баригдсан юм.

Шинэ нисэх буудлын анхны нислэгийг үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн OM501 аяллын дугаартай, Boeing 737-800 агаарын хөлөг Японы Токио, Нарита чиглэлд амжилттай гүйцэтгэлээ. Анхны нислэгийн ёслолын эхэнд нисэх буудлын зорчигчийн танхим дахь Монгол-Японы Найрамдлын дурсгалын цогцолборын хөшөөг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки нар албан ёсоор нээв. Дараа нь ёслолыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Өлзий дэмбэрэл бүрдсэн өгөөмөр сайхан энэ өдөр Монгол Улсын томоохон бүтээн байгуулалтуудын нэг, Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг, манай хоёр орны ард түмний хамтын ажиллагааны бэлгэдэл болсон, далайд гарцгүй Монгол Улсыг дэлхий ертөнцтэй холбож байгаа Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал албан ёсоор ашиглалтад орж, анхныхаа нислэгийг үйлдэж байгаа энэ сайхан бэлгэ дэмбэрэлтэй, торгон дурсамжтай агшинд оролцож байгаадаа миний бие баяртай байна. Өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Танд болон Элчин сайдын яамны хамт олон Та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Өөдлөх айл үүднээсээ гэж ардын сайхан үг бий. Энэ шинэ нисэх буудал Монголын ард түмний үүд хаалга, манай улсын хөгжил цэцэглэлтийн бэлгэ тэмдэг болж шинээр нээгдэж байгаад чин сэтгэлээсээ баяртай байна. Одоогоос гурван жилийн өмнө буюу 2018 онд миний бие Япон Улсын Ерөнхий сайдын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, Стратегийн түншлэлийн чиглэлээр олон асуудал яригдсаны дотор хамгийн ихээр онцгойлон ярьсан нэг асуудал нь энэ нисэх буудлын барилгыг барьж, ашиглалтад оруулах байсан бөгөөд энэ талаар хоёр орны Ерөнхий сайд нар санал бодлоо солилцож, хамтарч ажиллахаар болсон юм. Түүнээс хойш шинэ нисэх буудлын төслийн олон ажил эрч хүчтэй явагдан, өнгөрсөн жил бид нар шинэ нисэх буудлаа хүлээн авсан. Цар тахлын харгайгаар энэ ажил тодорхой хугацаанд хойшлогдсон ч өнөөдөр албан ёсоор Монгол Улсаас Япон Улсын Токио хотын чиглэлд анхны нислэгээ үйлдэх түүхэн үйл явдал болж байна. Манай хоёр орны ард түмний харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон, ийм сайхан үйл явдал болж байна. Жилдээ гурван сая хүн хүлээж авах хүчин чадалтай нисэх онгоцны буудалд зөвхөн иргэний агаарын тээврийн онгоцуудаас гадна хүнд даацын онгоцууд бууж, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, ард түмний маань аж амьдрал дээшлэх, нэн ялангуяа аялал жуулчлал хөгжиж, эдийн засаг өсөн дэвжихэд шинэ нисэх буудал асар их ач тусаа өгнө гэж бодож байна. Эзэн Чингис хааныхаа нэрээр овоглосон шинэ нисэх буудлын анхны нислэгийн ёслолын ажиллагаанд оролцож байгаа Та бүхэнд дахин талархал илэрхийлье. Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон энэ нисэх буудлыг барьж байгуулахад төр, засгийн түвшинд хамтран ажилласан хүмүүс, Монгол, Японы бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд, энэ том бүтээн байгуулалтыг удирдан зохион байгуулсан удирдлагын баг, хамт олон, оролцсон бүх компани, тэдгээрийн ажилтнууд, инженер, техникийн ажилчид, гар бие оролцсон бүх хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар талархал дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу. Энэ нисэх буудал ашиглалтад орсноор улс орны маань хөгжил дэвшилд асар том ач холбогдолтой. УИХ-аар батлагдсан Шинэ Зуун мод хотыг хөгжүүлэх бүрэн боломж нь бүрдэж байна. Монгол Улсад ложистикийн шинэ төв нээгдэж байна. Энэ нисэх буудлыг дагаж шинээр амьдрал цэцэглэнэ. Шинэ Зуун мод хот хүн ард маань суурьшиж амьдрах, бизнес, эдийн засаг, худалдааны том бүс болон хөгжинө гэдэгт миний бие бат итгэлтэй байна. Өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Та бүхэнд дахин баяр хүргэе! Монгол, Японы ард түмний ган бат найрамдал, манай хоёр орны Стратегийн түншлэл улам хөгжиж, дэвжин цэцэглэхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье! Та бүхэнд баярлалаа гэлээ. Үүний дараа Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки:2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар Япон Улсад айлчлах үедээ тухайн үеийн Ерөнхий сайд Абэ Шинзотой шинэ нисэх буудлыг шуурхай ашиглалтад оруулах тал дээр санал нэгдэн, түүнийг хэрэгжүүлэхэд манлайлан ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч, Эрхэмсэг ноён У.Хүрэлсүх Танд хүндэтгэл үзүүлэн, гүнээ талархаж байгаагаа илэрхийлье. Өнөөдөр ийнхүү үйл ажиллагаагаа эхлүүлж буй шинэ нисэх буудлын нээлтийн арга хэмжээнд Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Та өөрийн биеэр оролцож байгаа нь нэр төрийн хэрэг юм гэлээ. Шинэ нисэх буудлын анхны нислэгийн ёслолыг тохиолдуулан Япон Улсын Ерөнхий сайд Сүга Ёшихидэ мэндчилгээ ирүүлснийг Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки уншиж сонордууллаа. Дараа нь Чингис хаан олон улсын нисэх буудлын менежментийг ирэх 15 жилд хариуцан ажиллах Монгол, Японы хамтарсан Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт ХХК (НУБИЭ)-ийн Гүйцэтгэх захирал Като Такэо шинэ нисэх буудлын үйл ажиллагаа нээгдэж буйг тунхаглан зарлав. Тэрбээр Бид Монгол Улсын агаарын үүд хаалга болох энэхүү шинэ нисэх буудлын үйл ажиллагаагаар дамжуулан Монгол Улсын иргэд болон дэлхийн өнцөг булан бүрээс Монгол Улсыг зорин ирэх бүх зочид, үйлчлүүлэгчид сэтгэл ханамжтайгаар үйлчлүүлдэг нисэх буудал байлгахын төлөө ажиллах тул цаашид дэмжин ажиллахыг Та бүхнээс хүсэж байна гэлээ. Ийнхүү шинэ нисэх буудал ашиглалтад орсноор хуучин нисэх буудал буюу Буянт-Ухаа нисэх буудлыг ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх болон сургалтын зориулалтаар ашиглаж, Хөшигийн хөндийд баригдсан Чингис хаан олон улсын нисэх буудлаар дамжуулан гадаад болон дотоодын арилжааны бүх нислэгүүдийг үйлдэх юм. Чингис хаан олон улсын шинэ нисэх буудлаас агаарын тээврийн Mongolian Airlines /MIAT/, Aero Mongolia, Hunnu Air, Eznis Airways LLC, Air China Limited, Aeroflot, Turkish Airlines, Korean Air, Asiana Airlines Inc., Air Busan, SCAT Airlines зэрэг компаниуд нислэг үйлдэнэ. Шинэ нисэх буудлын анхны нислэгийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт ХХК (НУБИЭ)-ийн Гүйцэтгэх захирал Като Такэо зэрэг албан ёсны зочид, төлөөлөгчид оролцжээ.

Монгол, Японы дипломат харилцааны ойг хамтран тэмдэглэнэ

2021.08.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяшиг хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтын эхэнд цар тахлын хүнд нөхцөл байдалд Япон Улс, японы ард түмэн Олимпын наадмыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргээд, Монгол Улсын баг тамирчдыг Олимпын наадамд оролцоход японы тал дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Тэрбээр Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа өргөн хүрээтэй талбарт амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд, цаашид  гуравдагч хөрш Япон Улстай Стратегийн түншлэлийн харилцааг улам өргөжүүлж, ард иргэдийн найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэн, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бүх талаар нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв. Элчин сайд Х.Кобаяши Олимпын наадамд Монголын баг тамирчид амжилттай оролцож, дөрвөн медаль хүртсэнд баяр хүргээд, нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас Ерөнхий сайдын түвшинд ирж оролцсон, мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад айлчилж Ерөнхий сайд Ё.Сүга-тай Монгол, Японы харилцааны асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцсонд баяртай байгаагаа илэрхийлэв. Ирэх онд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиохтой холбогдуулан 2022 оныг Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил болгон зарлах тухай Ерөнхий сайд Ё.Сүга-гийн саналыг талархан хүлээн авч байгаа бөгөөд харилцааны ирээдүйг авч явах залуучуудыг хамарсан олон арга хэмжээ зохион байгуулахын төлөө байгаагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлон тэмдэглэв. Мөн ойг тохиолдуулан японы талаас дээд, өндөр түвшинд хүндтэй зочдыг хүлээн авч, Монгол, Японы найрамдал, хамтын ажиллагааг бататган бэхжүүлнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлэв. Мөн Япон Улс КОВИД-19 цар тахлын үед манай улсад вакцины болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн нэн чухал дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Өнөөг хүртэл Япон Улсын Засгийн газар, ард түмний зүгээс үзүүлж ирсэн дэмжлэг тусламжид талархахын сацуу цаашид харилцан ашигтай, хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэхийн төлөө анхаарч ажиллана гэв. Япон Улсаас суралцах зүйл их байгаа. “Япон лугаа адил хөгжье” хэмээх санаачилга бол бид бүхний хамтын санаачилга гэж ойлгоорой. Мөн Японы хөрөнгө оруулагчид Монголд олноор орж ирээсэй, хоёр улсын хувийн хэвшлийг холбоход Элчин сайд Та манай холбогдох байгууллагуудтай идэвхтэй ажиллаарай хэмээн захив. “Чингис Хаан” олон улсын нисэх буудал, Япон, Монголын сургалтын эмнэлэг шиг хоёр орны хамтын ажиллагааны дараа дараагийн төслүүдийг хамтран хэрэгжүүлэх хэрэгтэй. Монгол, Японы Стратегийн түншлэлийг 2017-2021 онд бэхжүүлэх тухай Дунд хугацааны хөтөлбөр хэрэгжээд дуусгавар болж байна. Одоо байгуулахаар бэлтгэж буй шинэ Дунд хугацааны хөтөлбөр (2022-2025) нь бидний цаашдын хамтын ажиллагааны замын зураг болно гэдэгт итгэлтэй байна гээд үүнтэй холбоотой бэлтгэл ажлыг сайтар хангаж хэрэгжүүлэхийг ГХЯ-нд үүрэг болгов. Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол, Японы эдийн засаг, хувийн хэвшил, бизнесийн хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж ажиллахаа мөн тэмдэглэв.

Соёлын өв, эд зүйлсийн хуулбарыг хүлээлгэн өгөв

2021.11.12. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Япон Улсын Токүшима дахь Өргөмжит консул Каваүчи Широ бараалхлаа. Өргөмжит консул Япон Улсын Эзэн хааны ордонд хадгалагдаж буй “Юань гүрний цэргийн довтолгооныг дүрсэлсэн хуйлмал гар зургууд” болон Нара мужийн “Тэнри” их сургуулийн номын санд хадгалагдаж буй Чингис хааны “Гэрэгэ”-ний А хуулбарыг хүлээлгэн өгөв. Эдгээр хуулбарыг хийхэд дэмжлэг үзүүлсэнд Монгол Улсын Ерөнхийлөгч талархал илэрхийлж, хуулбарууд “Чингис хаан” музейн гол үзмэрийн нэг болно гэдэгт итгэж байгаагаа хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши-г хүлээн авч уулзав

2022.01.14. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши-г Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 онд тохиож буйтай холбогдуулан хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оныг манай хоёр улс “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарлаж байгаад баяртай байгаагаа  илэрхийлээд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхийн төлөө байгаагаа нотлов.Элчин сайд Х.Кобаяши энэ онд тохиож буй дипломат харилцааны ойг жилийн турш тэмдэглэхээр бэлтгэл ажлыг хангаад байгаагаа танилцуулав. Мөн ойг тохиолдуулан хоёр талдаа дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлж, Стратегийн түншлэлийн харилцааг эрчимжүүлэхээр ажиллахаа нотлов. Тэрбээр нэн ялангуяа хоёр улсын харилцааны ирээдүйг авч явах хүүхэд, залуучуудыг хамарсан олон арга хэмжээ зохион байгуулахын төлөө байна гэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр (2017-2021) амжилттай хэрэгжиж, дуусгавар болж байгааг тэмдэглээд энэ онд дараачийн Дунд хугацааны хөтөлбөрийг тохиролцохын чухлыг онцлов. Талууд худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр ярилцав. Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чиглэсэн цагаа олсон чухал алхам гээд, энэ чиглэлд нягт хамтран ажиллахаа мөн илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Япон Улсын Гадаад хэргийн сайд бараалхав

2022.05.02. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал нь Монгол, Японы Стратегийн түншлэл өндөр түвшинд хөгжиж байгаагийн илрэл гэдгийг тэмдэглэв. Мөн энэ онд тохиож буй дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг талууд “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил”-ээр зарлан, ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, ойн хүрээнд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г Монгол Улсад айлчлахыг урив. Түүнчлэн цар тахлыг хүндрэл багатай даван туулахад тусламж, дэмжлэг үзүүлсэн Япон Улсын Засгийн газар, ард иргэдэд талархал илэрхийлэв. Цаашид уул уурхай, байгаль орчин, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, боловсрол гээд бүх салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь зүйтэй гэж үздэгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов. Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши Япон Улсын Засгийн газар Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөгийг тэмдэглээд, цаашид бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод” санаачилгыг дэмжихээ илэрхийлж, энэ хүрээнд хамтран ажиллах хэлбэрээ судалж байгааг хэлэв. Дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг бүрэн ашиглах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв. Уулзалтын үеэр хувийн хэвшил болон иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх, түүний дотор хүүхэд, залуучуудын солилцоог нэмэгдүүлэх, бүс нутаг, олон улсын нөхцөл байдлын талаар санал солилцов.

Др.Такеши Касайг хүлээн авч уулзлаа

2022.06.14. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Такеши Касайг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ковид-19 цар тахлын хүнд цаг үеийг даван туулахад дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар их хэмжээний тусламж, дэмжлэг үзүүлснийг онцолж, Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Такеши Касай Монгол Улсын төр, засгийн зүгээс Ковид-19 цар тахлын үеэр түргэн шуурхай арга хэмжээ авч ажиллан халдварыг 10 сарын турш дотооддоо алдаагүй, мөн зорилтот бүлгийн иргэдээ богино хугацаанд дархлаажуулалтад хамруулж, өндөр үр дүн гаргасныг онцоллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөөллийг бууруулах зорилгоор Тэрбум мод, ирэх таван жилд хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ дотоодоос хангах Хүнсний хангамж, аюулгүй байдал, эрүүл амьдралын хэв маягийг дэмжиж, архи, согтууруулах ундааны соёлтой хэрэглээг төлөвшүүлэх Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж байгаа тухай товч танилцуулав. Хөрсний доройтлыг бууруулснаар хүнсний чанар сайжирч, энэ хэрээр хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах зорилт үр дүнгээ өгнө гэж үздэгээ хэлэв. Мөн үндэсний хөдөлгөөнүүдийн хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай бүх талаар хамтран ажиллана гэдгээ Ерөнхийлөгч хэллээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Такеши Касай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй үндэсний хөдөлгөөнүүд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зорилтуудтай нягт уялдаж буй бөгөөд бүс нутгийн болон гишүүн орнуудад туршлага болохуйц ажил болж байгааг тэмдэглэв. Цаашид энэ чиглэлд Монгол Улстай өргөн хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. 

Жайкагийн Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзав

2022.10.31. Монгол Улс. Улаанбаатар хот. Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын  ерөнхийлөгч Танака Акихико болон Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайд Кобаяши Хироюки тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр Сангийн сайд Б.Жавхлан хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцсон бөгөөд одоогийн байдлаар Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 5 төсөл,  буцалтгүй тусламжийн 3,  төслийн бус буцалтгүй тусламжийн 2,  техникийн туслалцааны 25 төсөл, өвсний үндэс, хүнсний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр хэрэгжиж байна. Япон Улсын Засгийн газар 1991 оноос хөгжлийн тусламжийг Монгол улсад олгож эхэлсэн. 2022 оны хагас жилийн байдлаар 120.6 тэрбум иений буцалтгүй тусламж, 55.7 тэрбум иений техник туслалцаа, 182.4 тэрбум иений хөнгөлөлттэй зээл, нийт 358.4 гаруй тэрбум иений (3.3 тэрбум гаруй ам.доллар) зээл, тусламжийг үзүүлээд байна. Сангийн сайд Б.Жавхлан ЖАЙКА-тай хамтын ажиллагааны 30 жил, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа нээсний 25 жилийн ой тохиож байгаад баяр хүргэж хоёр орны хамтын ажиллагаа улам бэхжин, нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон улсад айлчилна

2022.11.22. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан 2022.11.29-ний өдрөөс 2022.12.02-ны өдрүүдэд Япон Улсад төрийн айлчлал хийнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-д бараалхаж, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода, Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи нарыг хүлээн авч уулзана. Айлчлал Монгол, Японы харилцааг гүнзгийрүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, хагас зуун жилийн хамтын ажиллагааг дүгнэж, ирэх 50 жилд хөгжүүлэх хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлох чухал ач холбогдолтой. Энэ удаагийн айлчлал Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд 2010 оноос хойш 12 жилийн дараа болох гэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсад төрийн айлчлал хийж байна

2022.08.29. Япон Улс. Токио хот. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд Ш.Такэи, Гадаад хэргийн яамны Ёслолын газрын захирал Т.Шимада, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал нарын албаны хүмүүс угтав. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-д бараалхаж, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода, Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи болон Японы Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, хүндэт зөвлөх Т.Никай нарыг хүлээн авч уулзана. Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд 2010 оноос хойш 12 жилийн дараа Япон Улсад хэрэгжиж буй төрийн айлчлал нь Монгол, Японы харилцааг гүнзгийрүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, хоёр улсын хагас зуун жилийн хамтын ажиллагааг дүгнэж, ирэх 50 жилд хөгжүүлэх хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлоход ач холбогдолтой болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч Япон, Монголын Эдийн засгийн хорооны гишүүдийг хүлээн авч уулзав

2022.11.29. Япон Улс. Токио хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Япон, Монголын Эдийн засгийн хорооны тэргүүн Цүбай Хироюки тэргүүтэй гишүүдийг хүлээн авч уулзлаа. Тус хороо харилцаа, хамтын ажиллагаа, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг Монгол Улсын Ерөнхийлөгч  тэмдэглэв. Энэ удаагийн айлчлалын үеэр хоёр орны төр, хувийн хэвшлийн ээлжит зөвлөлдөх уулзалт зохион байгуулах гэж буйг дурдаж, эдийн засгаа төрөлжүүлэн, олон тулгуурт эдийн засгийн бүтэцтэй болгох,  экспортын чадавхыг дээшлүүлэхийн чухлыг тэмдэглэв. Цаашид эдийн засгийн тэргүүлэх салбаруудад Япон Улсын хөрөнгө оруулалт, техник технологи, ноу-хауг нэвтрүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Япон Улсын томоохон 11 аж ахуйн нэгж нэгдсэн Япон, Монголын Эдийн засгийн хороо нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Япон Улсын Ерөнхий Сайд Ф.Кишида угтлаа

2022.11.29. Япон Улс. Токио хот. Япон Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида албан ёсоор угтав. Угтах ёслолын үеэр цэргийн найрал хөгжимд Монгол Улс, Япон Улсын Төрийн дуулал эгшиглэж, Япон Улсын хүндэт харуул хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Япон Улсын Ерөнхий сайд нар хоёр талын албан ёсны төлөөлөгчдийг танилцуулснаар угтах ёслол өндөрлөж, албан ёсны хэлэлцээ эхлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай албан ёсны хэлэлцээ хийв

2022.11.29. Япон Улс. Токио хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай Ерөнхий сайдын өргөөнд нь албан ёсны хэлэлцээ хийв. Албан ёсны хэлэлцээ элэгсэг дотно, найрсаг уур амьсгалд болж, талууд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 50 жилийн хамтын ажиллагааг дүгнэж, цаашдын зорилт, хэтийн төлөвийн талаар болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Засгийн газар Монгол Улсын ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий гуравдагч хөрш Япон Улстай харилцаа, хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

Ерөнхий сайд Ф.Кишида Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Япон Улсад төрийн айлчлал хийж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр хоёр улсын харилцааны ололт, амжилтыг бататгаж, итгэмжилсэн харилцааг улам гүнзгийрүүлж, бүс нутаг, олон улсын талбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хоёр тал нягт хамтран ажиллаж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын тогтвортой хөгжлийг Япон Улс цаашид ч тууштай дэмжихээ нотлов. Албан ёсны хэлэлцээний үр дүнд талууд Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааны түвшинг ахиулан Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн зарчимд тулгуурлан  хөгжүүлэхээр тогтов. Мөн цаашид эрх чөлөө, ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлсдээ тулгуурлан бүхий л салбарын хүн төвтэй харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн сацуу дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хамтдаа хувь нэмэр оруулж, нягт хамтран ажиллахаар болов.

Талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны замын зураглал болж ирсэн Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн Монгол, Японы Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн 10 жилийн Үйл ажиллагааны хөтөлбөрийг байгуулж, Улс төр, аюулгүй байдал, Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, Хүн төвтэй хөгжил, иргэд хоорондын харилцан солилцоо, Дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлаарх хамтын ажиллагаа зэрэг дөрвөн үндсэн чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохиролцов. Япон Улс нь Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбар дахь үйл ажиллагааг тууштай дэмжиж ирсэн тэргүүний хандивлагч улс гэдгийг онцолж, энэ удаагийн айлчлалын үеэр Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Дарханы дэд станцад бага чадлын баттерейн цэнэг хураагуур суурилуулах, Монгол Улсын эрчим хүчний хангамжийг сайжруулах төсөлийг хэрэгжүүлэхээр тохирч, хоёр улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичигт гарын үсэг зурж байгааг талууд сайшаан тэмдэглэв.

Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх, дотоодын үйлдвэрлэл, түүний дотор хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг өсгөн нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, Япон Улсаас хөрөнгө оруулалт татах зорилгоор хууль эрх зүйн болон бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр хоёр тал нягт хамтран ажиллахаар санал нэгдэв. Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэлд Япон Улсын хөрөнгө оруулалт, техник технологи, ноу-хауг Монголд нэвтрүүлэх, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт, газрын ховор элемент, ховор металл зэрэг ашигт малтмал болон Устөрөгчийн үйлдвэрлэл ба дагалдах бүтээгдэхүүн боловсруулах чиглэлд японы талтай хамтран ажиллах сонирхлоо монголын тал нотлов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалын хүрээнд Монгол, Японы төр, хувийн хэвшлийн хамтарсан 10 дугаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж буйг талууд сайшааж, Монгол, Японы улс төрийн харилцааны бат бэх сууринд тулгуурлан эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг дээшлүүлэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллахаа талууд нотлов.

Талууд бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн үндэс суурь нь хүн хэмээн санал нэгдэж, хүний нөөцийг чадавхжуулах хамтын ажиллагааг үргэлжлүүлж, цаашид хоёр орны ард түмний хоорондын найрсаг харилцааг хөхиүлэн дэмжин, хоёр улсын ирээдүй хойч үеийг түүчээлэх залуучуудын солилцоог гүнзгийрүүлэхээр тохиролцов. Талууд бүс нутаг, олон улсын тавцанд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд цаашид  ч уялдаа холбоотой ажиллахаа нотлов. Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангах чиглэлд хоёр улс үргэлжлүүлэн хувь нэмэр оруулж, хамтран ажиллахаа нотолж, японы тал манай Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачилгыг сайшааж, үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа нотлов. Төр, засгийн тэргүүн нар дэлхийн нийтийн тулгамдсан асуудал болох байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар цаашид хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр санал нэгдэв. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан дэвшүүлсэн Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад 50 мянган мод тарьж, ойжуулах төсөл болон монголын 20 мянган хүүхэд, залуучуудад байгаль орчин, цөлжилт, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр танин мэдэхүйн сургалт зохион байгуулж, сургагч багш нарыг бэлтгэн бодит ажил хэрэг болгоход тууштай дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын төр, засгийн тэргүүн нар хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл хийв. Энэ удаагийн айлчлалын дүнгээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар “Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг хөгжүүлэхэд чиглэсэн Хамтарсан мэдэгдэл гаргав. Мөн “Монгол, Японы энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн 10 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулав. Түүнчлэн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Монгол Улсын эрчим хүчний хангамжийг сайжруулах төсөл”-ийн тухай хоёр улсын Засгийн газрын хооронд солилцох ноот бичигт Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши нар гарын үсэг зурав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын төр, засгийн тэргүүн нар хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл хийв

2022.11.29. Япон Улс. Токио хот. Энэ удаагийн айлчлалын дүнгээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар Монгол Улс, Япон Улсын Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн Хамтарсан мэдэгдэл гаргав. Мөн Монгол Японы Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн 10 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулав. Түүнчлэн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх Монгол Улсын эрчим хүчний хангамжийг сайжруулах төсөлийн тухай хоёр улсын Засгийн газрын хооронд солилцох ноот бичигт Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши нар гарын үсэг зурав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Монгол Улс, Япон Улс хамтарсан мэдэгдэл гаргалаа

2022.11.29. Япон Улс. Токио хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нарын албан ёсны хэлэлцээний дүнгээр Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн Хамтарсан мэдэгдэл гаргав. Хамтарсан мэдэгдэлд: Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар төрийн айлчлал хийв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар 2022.11.29-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний дүнгээр энэхүү Хамтарсан мэдэгдлийг гаргав. Хоёр улсын төр, засгийн тэргүүн нар Монгол Улс, Япон Улс хоорондын харилцааг цаашид улам бэхжүүлэхийн зэрэгцээ цаашдын хамтын ажиллагааны хүрээнд бүс нутаг, олон улсын тавцанд хоёр улс тус тусдаа Чөлөөт, нээлттэй, Энэтхэг, Номхон далайн үзэл санааны хүрээнд дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорилго болгон Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийг байгуулахаар санал нэгдэв гэж тусгажээ. 

Өнөөг хүртэлх хоёр улсын харилцааны ололт, амжилт

2022.11.29. Япон Улс. Токио хот. Хоёр улсын төр, засгийн тэргүүн нар (цаашид Талууд гэх) дипломат харилцаа тогтоосноос хойших 50 жилийн хамтын ажиллагааг дүгнэж, Монгол Улс 1990 онд ардчилал, зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжих үед Япон Улс дэлхийн улс орныг түүчээлэн дэмжлэг туслалцаа үзүүлсний дүнд хоёр улсын харилцаа үсрэнгүй хөгжиж, өнөө цагт эрх чөлөө, ардчилал, хүний эрх, хуулийн засаглал зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий Стратегийн түнш болсныг дахин нотолж, үүнийг өндрөөр үнэлэв. Талууд хоёр улсын дараах хамтын ажиллагааг өнөөг хүртэлх хугацаанд, тэр дундаа 1996 онд Иж бүрэн түншлэл, 2010 онд Стратегийн түншлэлийг байгуулснаас хойш доор дурдсан хамтын ажиллагааны хүрээнд ололт амжилт, туршлага хуримтлуулахын сацуу хоёр улсын ард иргэдийн найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг онцолж, талархан хүлээн авав. Үүнд:

  • Улс төр, аюулгүй байдлын салбарт дээд, өндөр түвшний харилцан айлчлал, Засгийн газар хоорондын харилцан ойлголцол гүнзгийрч, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж ирсэн.
  • Япон Улс нь Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбар дахь үйл ажиллагааг тууштай дэмжиж ирсэн тэргүүний хандивлагч улс юм. Түүнчлэн, Монгол Улс нь Япон Улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг анх удаагаа байгуулсан бөгөөд Япон Улсаас Монгол Улсад харилцаа, холбоо болон тээвэр, логистикийн салбарт томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийх зэргээр эдийн засгийн хамтын ажиллагааг нягт хөгжүүлж ирсэн.
  • Боловсрол, соёл, хүмүүнлэг, иргэд хоорондын харилцаа, Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд найрсаг солилцоо, харилцан ойлголцол гүнзгийрч, бүхий л салбар дахь хүний нөөцийг дэмжих хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.
  • Бүс нутаг, олон улсын тавцан дахь хоёр талын нягт хамтын ажиллагаа нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэлийн үйл явцад илрэлээ олж, бодит түвшинд хөгжиж байна.
  • Монгол Улсын Засгийн газар болон ард иргэд 2011 онд Япон Улсын зүүн бүс нутаг байгалийн гамшигт нэрвэгдэх үед нэн даруй тусламжийн гараа сунгасан зэргээр харилцан хүмүүнлэгийн туслалцаа үзүүлж ирсэн.

Монгол, Японы харилцааны хэтийн төлөв

2022.11.29. Япон Улс. Токио хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын ойр дотно гуравдагч хөрш болох Япон Улсын зүгээс тус улсын хөгжил, цэцэглэлтэд хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлж, сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдалд Энх тайванч улсын хувиар Япон Улсын оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэв. Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида өнөөгийн хувьсан өөрчлөгдөж буй бүс нутаг, олон улсын нөхцөл байдалд далайд гарцгүй газар зүйн онцлог бүхий Монгол Улс эрх чөлөө, ардчилал, хүний эрх, хуулийн засаглал зэрэг үнэт зүйлсийг хамгаалж, олон улсын хамтын нийгэмлэгт хувь нэмрээ оруулан, нэр хүндтэй байр суурь эзэлсээр ирснийг өндрөөр үнэлэв. Талууд өнөөг хүртэлх хоёр улсын хамтын ажиллагааны ололт, амжилтыг ирэх 50 жилд үргэлжлүүлж, нийтлэг үнэт зүйлстэй түнш улс орнуудын хувьд эрх чөлөө, ардчиллын мөн чанарыг хадгалж, харилцан ашигтай хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлж, хамтдаа хөгжих хүсэл эрмэлзэлтэйгээ нотлов.

Үүний зэрэгцээ талууд бүс нутаг, олон улсын нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдөж байгаа үед хуулийн засаглалд суурилсан чөлөөт, нээлттэй олон улсын дэг журмыг хадгалж, бэхжүүлэх, эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг бий болгох, энх тайван, тогтвортой байдлыг хангах асуудал урьд өмнө байгаагүйгээр чухлаар тавигдаж буйг дахин нотлов. Мөн энэ хүрээнд аливаа бүс нутагт нөхцөл байдлыг хүчээр, нэг талын шийдвэрээр өөрчлөх асуудлыг үл хүлээн зөвшөөрч, олон улсын хууль, журамд үндэслэн мөргөлдөөнийг энх тайвны аргаар шийдвэрлэхийн чухлыг дахин нотлов. Эдгээр нөхцөл байдлын улмаас бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг бий болгохын төлөө цаашид хамтран ажиллаж, хувь нэмэр оруулах зорилгоор хоёр улсын харилцааг шинэ түвшинд хүргэж, Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийг байгуулахаар санал нэгдэв.

Талууд дараах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов

  • Улс төр, аюулгүй байдлын салбар

Улс төр, аюулгүй байдлын салбар дахь талуудын хамтын ажиллагааг дээд, өндөр түвшинд хадгалах бөгөөд энэхүү хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэх зорилгоор батлан хамгаалахын инженерийн тоног төхөөрөмж нийлүүлэх болон техникийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

  • Эдийн засгийн хамтын ажиллагаа

Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд шаардлагатай хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлнэ. Хоёр улсын Засгийн газар Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, Төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх уулзалт зэргээр дамжуулан уян хатан, харилцан үр өгөөжтэй худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлж, улам бэхжүүлэхийг зорьж ажиллана. Монгол, Японы хамтын ажиллагааны шинэ бэлгэ тэмдэг болсон Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал нь Япон зэрэг бусад гадаад улс орноос хөрөнгө оруулалт татахад ач холбогдолтой болохыг харгалзан цаашид тус нисэх онгоцны буудлын менежментийн хэвийн үйл ажиллагааг хангаж, агаарын тээврийн чиглэлийг нэмэгдүүлэн идэвхжүүлэх зэргээр дэмжлэг үзүүлнэ. Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх, дотоодын үйлдвэрлэл, түүний дотор хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг өсгөн нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдал, Япон Улсаас хөрөнгө оруулалт татах зорилгоор хууль эрх зүйн болон бизнесийн орчинг сайжруулах, эрдэс баялаг, нэн ялангуяа газрын ховор элементийн хайгуул, олборлолтын салбарт хамтран ажиллах боломжийг судлах, эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг бий болгох чиглэлээр хамтран ажиллана.

  • Хүнд чиглэсэн хөрөнгө оруулалт

Бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн үндэс суурь нь хүн хэмээн санал нэгдэж, хүний нөөцийг хөгжүүлэх хамтын ажиллагааг үргэлжлүүлж, цаашид хоёр орны ард түмэн хоорондын солилцоог дэмжин, харилцан ойлголцлоо үргэлжлүүлэн гүнзгийрүүлнэ. Ялангуяа хоёр улсын ирээдүй хойч үеийг түүчээлэх залуучуудын солилцоог гүнзгийрүүлнэ.

  • Дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа

НҮБ-ын дүрэм болон хуулийн засаглалд суурилсан олон талт хамтын ажиллагааг мөрдлөг болгон ажиллана. Мөн олон улсын энх тайван, аюулгүй байдлын төлөөх хамтын ажиллагааг үргэлжлүүлж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэл болон НҮБ-ын үйл ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг өрнүүлнэ. Энэ хүрээнд энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын Зэвсэгт хүчнийг чадавхжуулахад чиглэсэн Япон Улсын дэмжлэг чухал ач холбогдолтойг онцлов. Бүс нутаг болон олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад энэхүү үйл ажиллагааг үргэлжүүлэн хэрэгжүүлэхээр тогтов. Мөн олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй эдийн засгийн шинэ сорилтыг даван туулахын тулд эдийн засгийн аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлнэ. Хүний эрхийг хамгаалах олон талт хамтын ажиллагаа болон дэлхий дахин дахь хүний эрхийг хамгаалах чиглэлээр явуулж буй үйл ажиллагааг дэмжиж ажиллана.

Цөмийн дайн нь хүн төрөлхтөн, соёл иргэншил, хүрээлэн буй орчинд мөхөл, сүйрлийн үр дагавартай гэдэгт санал нэгдэж, олон улсын түвшинд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, хураах эрх зүйн тогтолцооны суурь болсон Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээг тууштай мөрдөж, бэхжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллана. Япон Улс Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг дэмжинэ. Монгол Улс Хирошимагийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу цөмийн зэвсгийг хураах чиглэлээр Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидагийн авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжиж, цөмийн зэвсгээс ангид байх дэлхий ертөнцийн төлөөх олон улсын эрдэмтдийн зөвлөл байгуулахыг сайшаана. Үүнээс гадна талууд цөмийн зэвсэг хэрэглэх эрсдэл улам нэмэгдэж, олон улсын аюулгүй байдлын орчин эрс доройтож байгаад гүнээ санаа зовниж, цөмийн дайнд ялагч хэзээ ч байхгүй тул цөмийн дайн хийхгүй гэдгээ нотлохыг бүхий л улс орнуудад уриалав.

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах, Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангах хүрээнд БНАСАУ-ыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолыг бүрэн хэрэгжүүлж ажиллахыг уриална. Мөн хулгайлагдсан иргэдийн асуудлыг нэн даруй шийдвэрлэхийг уриална. Талууд НҮБ-ын дүрэм, улс орнуудын бүрэн эрх болон эрх тэгш байх зарчим, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, заналхийлэл болон хүч хэрэглэхийг хориглох тухай олон улсын эрх зүйн өндөр ач холбогдлыг онцлон тэмдэглэв. НҮБ-ын Далайн эрх зүйн тухай конвенц (UNCLOS)-д заасны дагуу усан болон агаарын хөлөг онгоцоор чөлөөтэй зорчих зэрэг эрх болон эрх чөлөөт байдлыг тууштайгаар хэрэгжүүлэхийн чухлыг онцлов. Талууд дэлхийн тулгамдсан асуудал болох байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар цаашид хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ.

Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс дэвшүүлж буй Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад ойжуулах төсөл болон 20 мянган монгол хүүхэд, залуустай мод тарих үйл ажиллагаа зохион байгуулах зэргээр байгаль орчин, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээрх танин мэдэхүй, сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж, тууштай дэмжлэг үзүүлнэ. Монгол Улсын Засгийн газар эдгээр төслийг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд бүх талаар хамтран ажиллана. Талууд дээрх чиглэлд үндэслэн Монгол Улс, Япон Улсын хооронд ирэх 10 жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг байгуулав. Талууд ирэх 50 жилд хоёр улсын хамтын ажиллагааг улам эрчимжүүлж, Монгол, Японы ард иргэд бие биенээ улам сайн танин мэдэж, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, хоёр улсын хөгжил цэцэглэл болон бүс нутаг, даян дэлхийн энх тайван, тогтвортой байдлын төлөө хамтдаа хүчин чармайлт гаргаж, хоёр улсын шинэ түүхийг бүтээлцэхийн төлөө ажиллах хүсэл эрмэлзлээ нотолж, гарын үсэг зурав.

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль гардуулав

2022.11.30. Япон Улс. Токио хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан Япон Улсын иргэдийг төрийн одон, медалиар шагнах тухай зарлиг гаргасан. Зарлигийн дагуу шагналыг гардуулах ёслол Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлалын үеэр боллоо.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
  • Японы Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн хүндэт зөвлөх Никай Тошихиро,
  • Японы Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Хоккайдо мужийн Саппоро хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Такэбэ Цүтомү,
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
  • Монгол судлалын холбооны тэргүүн, эрдэмтэн Конагая Юүки,
  • Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын ерөнхийлөгч Танака Акихико,
  • Сакү, Монголын найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч Харүхара Акио,
  • Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Шимизү Такэнори,
  • Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Такаока Масато,
  • Heart saving project төслийн зүрхний мэс засалч Тамүра Масамичи,
  • Мабүчи Мотор хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хүндэт ерөнхийлөгч Мабүчи Такаичи,
  • Шима Сейки хувьцаат компанийн ерөнхийлөгч Шима Масахиро,
НАЙРАМДАЛ МЕДАЛИАР:
  • Төлөөлөгчдийн танхимын үйл ажиллагааны хорооны дарга Ямагүчи Шүничи,
  • Монгол судлаач, эрдэмтэн Миявакэ Жюнко,
  • Глобал олон улсын рашаан судлалын төвийн захирал, судлаач Мацүда Таданори нарыг шагналаа.

Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода-г хүлээн авч уулзав

2022.11.30. Япон Улс. Токио хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода, Японы Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, хүндэт зөвлөх Т.Никай нарыг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол, Японы найрсаг харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд Япон Улсын Парламент, Парламент дахь Япон, Монголын найрамдлын бүлэг чухал үүрэг гүйцэтгэж ирснийг дурдаад Япон Улсад хийж буй энэ удаагийн төрийн айлчлалын дүнгээр Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг шат ахиулан Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн шинэ түвшинд бэхжүүлэн хөгжүүлэхээр болсонд баяртай байгааг онцлон тэмдэглэв.

Мөн Япон Улс Монгол Улсын ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий Япон Улстай харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт бэхжүүлэхийн сацуу дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө хамтдаа хувь нэмрээ оруулж, хамтран ажиллахын төлөө байгаагаа нотлов.

Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хоёр улсын парламент, парламент дахь найрамдлын бүлгийн солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн олон ажил, арга хэмжээг зохион байгуулсныг дурдаж, Япон, Монголын найрсаг харилцааны бат бэх үндэс сууринд тулгуурлан хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэхэд Японы Парламентын зүгээс цаашид ч дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-г хүлээн авч уулзав

2022.11.30. Япон Улс. Токио хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-г 2022.11.30-ны өдөр хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх бүс нутгийн стратегийн дотно түнш, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлс бүхий гуравдагч хөрш Япон Улстай найрсаг, харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг онцлон тэмдэглэв. Тэрбээр энэ удаагийн айлчлалын үеэр Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааны түвшинг шат ахиулж, Дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн 10 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг байгуулж, хоёр улсын харилцааны ирэх 50 жилийн шинэ түүхийг эхлүүлж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Монгол, Японы найрсаг харилцааг өнөөгийн түвшинд хүргэж, өргөжүүлэн бэхжүүлэхэд хоёр улсын Парламент хоорондын хамтын ажиллагаа үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэж, Японы Зөвлөхүүдийн танхимын зүгээс харилцааны хөгжилд үргэлжлүүлэн анхаарч, тууштай дэмжлэг үзүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлэв. Мөн Монголын төр, засаг, парламентын зүгээс Япон лугаа хөгжье хэмээх санаачилгыг дэвшүүлэн идэвхтэй ажиллаж байгааг дурдаж, цаашид ч Парламентын солилцоо, хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсын төрийн тэргүүн Япон Улсад төрийн айлчлал хийж байгаад баяртай байгааг илэрхийлж, Монгол Улстай хөгжүүлж буй харилцаанд Япон Улс онцгой ач холбогдол өгдөг гэдгийг тэмдэглэж, цаашид ч хоёр улсын ган бат харилцааг улам бэхжүүлж, харилцааны эрх зүйн орчинг төгөлдөржүүлэхэд Японы Парламентын зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Японы эзэн хаан Нарүхито, эрхэм дээд хатан Масако нарт бараалхав

2022.11.30. Япон Улс. Токио хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нарт Эзэн Хааны ордонд бараалхав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Улсад айлчилж, Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхитод бараалхаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Эзэн Хаан Нарүхито болон Японы найрсаг ард түмэнд Монголын ард түмний халуун дотно мэндчилгээг уламжлав. Мөн Японы Хэйсэй-гийн он жилүүдэд цэцэглэн хөгжсөн манай хоёр орны Стратегийн түншлэлийн харилцаа Рэйва-гийн шинэ эринд улам батжин бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Япон Улсад хийж буй энэ удаагийн айлчлалаар Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн шинэ шатанд хүргэн хамтын ажиллагааны хэтийн төлөв, зорилтыг тодорхойлж, хоёр улсын харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхээр тохирсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нарыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урив. Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхэн ой энэ жил тохиож, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөл улам батжин бэхжиж байгааг тэмдэглээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон Улсад хийж буй төрийн айлчлалд амжилт хүсэв. Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито 2007 онд Угсаа залгамжлах Хунтайжийн хувиар Монгол Улсад айлчлах үеэр Монгол Хаадын эртний өлгий нутаг болох Хархоринд зочилсон болон Монгол Улсын филармонийн уран бүтээлчидтэй хамтран К.Сен Саны Хун аялгууг хийл хөгжмөөр тоглож байсан тухай дурсамжаасаа хуваалцан Монгол Улсад хөгжил цэцэглэлтийг ерөөв. Бараалхалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нарыг хүндэтгэн Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хаалтын арга хэмжээ болгон Токио хотноо зохион байгуулж буй Монгол Улсын филармонийн дэргэдэх Морин хуур чуулгын тоглолтыг хамтдаа үзэж сонирхов. Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хоёр улсын Засгийн газар 2022 оныг Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жилээр зарлан жилийн турш ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж, соёл, урлагийн 100 гаруй арга хэмжээг хамтран зохион байгууллаа. Японы NHK телевизийн их танхимд Морин хуур чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ анх удаагаа тоглолт хийж, Японы олон нийтэд морин хуурын гайхамшигт эгшиг аялгууг сонордуулав.

Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхитогийн хамт NHK Hall-д морин хуур чуулгын тоглолт үзэв

2022.11.30. Японы Улс. Токио хот. Монгол Улс-Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтооосны түүхт 50 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт Япон Улсын NHК Hall концертын танхимд болж өндөрлөлөө. Соёл урлагийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд 2022.11.30-ны өдрөөс 2022.12.20-ны өдрүүдэд зохион байгуулагдах Улсын Филармонийн Морин хуурын чуулгын аялан тоглолтын анхны тайз болох NHK Hall нь Япон Улсын нэр хүндтэй томоохон танхимуудын нэг юм. Энэ нь NHK Hall-д Монгол Улсаас бүрэн хэмжээний тоглолтоо сонирхуулж байгаа Монголын анхны найрал хөгжим болж байна. Морин хуурын чуулга нь 1997 оноос хойш Япон Улсад 33 удаагийн айлчлан тоглолтыг зохион байгуулж нийт 200 гаруй тоглолт, арга хэмжээнд уригдан оролцсон байна. Монгол Улс, Япон Улсын найрамдалт харилцаа, соёл урлагт үзүүлж байгаа хувь нэмрийг үнэлж 2018 онд Япон Улсын Гадаад Хэргийн сайдын өргөмжлөл хүртээж, 2022 онд Монгол Улсын Соёлын элчээр томилсон. 2021 оны долдугаар сард болж өнгөрсөн хоёр орны Ерөнхий сайд нарын уулзалтын үеэр 2022 оныг Монгол, Японы хүүхэд залуучуудын найрамдал, солилцооны жил болгон зарлаж, улмаар 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд бүтэн жилийн турш улс төр, эдийн засаг, соёл урлагийн олон арга хэмжээг зохион байгуулсан юм.

Японы Гадаад хэргийн сайд бараалхав

2022.05.02. Монгол улс. Улаанбаатар хот. Төрийн ордон. Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал нь Монгол, Японы Стратегийн түншлэл өндөр түвшинд хөгжиж байгаагийн илрэл гэдгийг тэмдэглэв. Мөн энэ онд тохиож буй дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг талууд Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жилээр зарлан, ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, ойн хүрээнд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхитог Монгол Улсад айлчлахыг урив. Түүнчлэн цар тахлыг хүндрэл багатай даван туулахад тусламж, дэмжлэг үзүүлсэн Япон Улсын Засгийн газар, ард иргэдэд талархал илэрхийлэв. Цаашид уул уурхай, байгаль орчин, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, боловсрол гээд бүх салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь зүйтэй гэж үздэгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов. Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши Япон Улсын Засгийн газар Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөгийг тэмдэглээд, цаашид бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн Тэрбум мод санаачилгыг дэмжихээ илэрхийлж, энэ хүрээнд хамтран ажиллах хэлбэрээ судалж байгааг хэлэв. Дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг бүрэн ашиглах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв. Уулзалтын үеэр хувийн хэвшил болон иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх, түүний дотор хүүхэд, залуучуудын солилцоог нэмэгдүүлэх, бүс нутаг, олон улсын нөхцөл байдлын талаар санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав

2023.09.21. АНУ. Нью-Йорк хот.АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмиотой айлын талын хүсэлтээр хоёр талын уулзалт хийв. Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын дүнгээр талууд ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий хоёр улсын Стратегийн түншлэлийг шат ахиулж, Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн өндөр түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохирсныг сайшаан тэмдэглэв. Тэрбээр уг түншлэлийн ирэх арван жилийн замын зураглал болох үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад Монгол, Японы төр, Засгийн газар нягт хамтран ажиллаж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Хоёр улсын бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд бодит илрэлээ олж, гүнзгийрэн хөгжиж буйг тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч мөн Монгол Улс тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулахыг зорьж буйг онцолж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх асуудлаарх хамтын ажиллагааг бүс нутгийн хүрээнд өргөжүүлэх хүсэл эрмэлзлээ илэрхийлэв. Талууд харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг, олон улсын нөхцөл байдал зэргийн талаар ярилцан, Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай үзэл санааны хүрээнд бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө хувь нэмрээ оруулж, дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг бэхжүүлэх нэгэн санаа зорилгын дор хамтдаа хүчин зүтгэхийн төлөө буйгаа нотлов. Уулзалтын дараа Японы Улсын Ерөнхий сайд Ф.Кишида Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдийн зоог барилаа. Тэд 2021 онд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Глазгоу хотод, 2022 онд Токио хотноо уулзаж байсан юм.

Японы элчин сайдыг хүлээн авч уулзав

2023.11.20. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюкийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын дүнгээр талууд Стратегийн түншлэлийг шат ахиулж, Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн өндөр түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохирсныг тэмдэглэв. Элчин сайд Монгол Улсад ажиллах хугацаандаа харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, ялангуяа харилцааг шат ахиулахад онцгой хувь нэмэр оруулсныг онцлов. Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд томоохон ахиц дэвшил гарсныг Элчин сайд Кобаяши Хироюки тэмдэглэж, цаашид харилцааг бүх салбарт улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнээ зориулахаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулсан хувь нэмэр, хүчин чармайлтыг нь үнэлж Элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа. Элчин сайд Кобаяши Хироюки өнгөрсөн хугацаанд бүх талын дэмжлэг үзүүлж байсан Монгол Улсын төр, засаг болон ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Японы Эзэн хаан болон Ерөнхий сайд мэндчилгээ дэвшүүллээ

2022.07.15. Монгол Улс. Улаанбаатар хот. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмио мэндчилгээ дэвшүүлэв. Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Япон Улсын Засгийн газар болон Японы ард түмнийг төлөөлөн Эрхэмсэг ноён Танд болон Монголын ард түмэнд чин сэтгэлээсээ баярын мэндчилгээ дэвшүүлье. Япон, Монгол хоёр улс нь эрх чөлөө, ардчилсан ёс, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий Стратегийн түнш билээ. Энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхэн тэмдэглэлт ой тохиож байгаа бөгөөд хоёр оронд олон тэмдэглэлт арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Эрхэмсэг ноён Тантай 50 жилийн ойн жил биечлэн уулзаж, хоёр орны ирээдүйн талаар илэн далангүй санал бодлоо солилцох хүсэлтэй байна. Хоёр орны найрсаг хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн тулд Эрхэмсэг ноён Тантай гар нийлүүлэн хамтран ажиллахыг хүсэж байна. Эрхэмсэг ноён Танд эрүүл энх, ажлын амжилтыг мөн Монгол орон улам бүр цэцэглэн хөгжихийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе гэжээ.

2024.07.12. Монгол Улс. Улаанбаатар хот.Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд баярын мэндчилгээ ирүүллээ. Мөн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмио баярын мэндчилгээ дэвшүүлжээ. Мэндчилгээнд Япон Улс, Монгол Улсын хооронд соёлын харилцаа тогтоосны 50 жилийн ойг угтан энэ жил ард түмэн, тэр дундаа хойч үеийг авч явах залуучууд хоорондын солилцоо идэвхтэй өрнөж байгаад туйлын баяртай байна. Хоёр орны харилцааг Энх тайван хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл болгон шат ахиулах үеэр Эрхэмсэг ноён Тантай бүхий л салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн үндэс суурь бол хүн гэдэгт санал нэгдэж, дахин нотолсон билээ. Энэ хүрээнд иргэд хоорондын солилцоо улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Танд болон монголын ард түмэнд Үндэсний их баяр наадмын баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе гэжээ. 

Кишида Фүмио мэндчилгээ ирүүлэв

2023.07.15. Монгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмио Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд мэндчилгээ ирүүлэв. Япон Улсын төр, засаг болон ард түмний нэрийн өмнөөс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, монголын ард түмэнд Үндэсний их баяр наадмын баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе. Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааг Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай Стратегийн түншлэлийн түвшинд шат ахиулж, ирэх 50 жилийн хамтын ажиллагааны замын зураглалыг тодорхойлсондоо баяртай байна. Цаашид ардчилалын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байна гэжээ.

Сангийн сайд Б.Жавхлан Токио хотноо ажиллаж байна

2023.02.13. Япон улс. Токио хот. Олон Улсын Валютын Сан болон Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-аас хамтран зохион байгуулж байгаа ХӨГЖИЖ БУЙ АЗИЙН ОРНУУДЫН ЦАР ТАХЛЫН ДАРААХ ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЛТ, ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БОДЛОГО сэдэвт бага хурал болж байна. Тус бага хуралд Сангийн сайд Б.Жавхлан Ковид-19 цар тахлын дараах эдийн засгийн нөхцөл байдал, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагааны талаар болон төсвийн бодлогын талаарх мэдээллийг бага хуралд оролцсон төлөөлөгчдөд өглөө. ОУВС-ын ази, номхон далайн газрын захирал Кришна Сринивасан болон ОУВС-ийн дэд захирал Окамүра Кэнжи нартай тус тус уулзан Олон Улсын Валютын Сангийн тайлан, эдийн засгийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо. Мөн 2023.02.13-ны өдөр Сангийн сайд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танакатай уулзалт хийж, одоо хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар болон эдийн засгийн нөхцөл байдлын талаар санал солилцсон. Түүнчлэн Монгол Японы энх тайван, хөгжилд цэцэглэлийн төлөөх тусгай стратегийн түншлэлийн үйл ажиллагааны дунд хугацааны /2022-2031 он/ хөтөлбөрийн талаар санал солилцсон юм гэжээ. 

Япон Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023.12.12. Монгол Улс. Улаанбаатар хот. Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд өргөжин хөгжиж буйг онцоллоо. Мөн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг 2022 онд ёслол төгөлдөр тэмдэглэснийг сайшаав. Монгол, Японы харилцааны дараагийн хагас зуун жилийн эхлэл тавигдсан “Рэйва”-гийн шинэ он тооллын цаг үед томилогдон ирсэн Элчин сайд харилцааны ололт амжилтыг улам бүр бататгана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлж, амжилт хүсэв. Элчин сайд М.Игавахара “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг бүх салбарт бэхжүүлэх, Японоос хөрөнгө оруулалт татах, дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрийг урагшлуулах, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. Уулзалтаар дээд, өндөр түвшний солилцоог улам бүр эрчимжүүлж, бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотлов.

Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмио Монгол Улсад айлчилна

2024.08.08. Монгол Улс. Улаанбаатар хот.Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида 2024.08.11-12-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида айлчлалын үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нарт бараалхана. Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Япон Улстай Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, уг түншлэлийн Үйл ажиллагааны 2022-2031 оны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоход айлчлалын зорилго оршиж байна. Япон Улсын Ерөнхий сайдын түвшинд 2016 оноос хойш 8 жилийн дараа хэрэгжиж буй энэхүү айлчлал нь Монгол Улсын цаашдын хөгжлийн бодлого, зорилтын хүрээнд ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Япон Улстай хүн төвтэй харилцаа, хамтын ажиллагааг бүхий л чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болно. Монгол Улс, Япон Улс нь 2022 оноос Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж байна гэжээ. 

Айлчлал хойшлогдсонтой холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар утсаар ярилцав

2024.08.24.  Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай Японы талын хүсэлтийн дагуу 2024.08.13-ны өдөр утсаар ярилцав. Ярианы эхэнд Ерөнхий сайд Ф.Кишида-гийн зүгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар 2024.08.11-12-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөгдөж байсан хэдий ч тус улсын Миязаки мужид 2025.08.08-ны өдөр болсон газар хөдлөлтийн улмаас учирч болзошгүй эрсдлийг бууруулах, гамшгийн эсрэг авах арга хэмжээг хэрэгжүүлж ажиллах шаардлагын улмаас энэ удаагийн айлчлалыг цуцлаад буй нөхцөл байдлын талаар тайлбарлалаа. Тэрээр уг айлчлалын бэлтгэлийг хангаж ажилласанд Монголын талд чин сэтгэлийн талархал илэрхийлж, Монгол Улсад энэ удаа албан ёсны айлчлал хийх боломжгүй болсонд харамсаж буйгаа илэрхийлэхийн сацуу цаашид нөхцөл байдлыг харгалзан айлчлалыг хэрэгжүүлэхийн төлөө буй гэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улс дахь газар хөдлөлт, байгалийн гамшгаас үүдсэн дотоодын нөхцөл байдалтай холбоотойгоор Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидагийн  манай улсад хийхээр төлөвлөж байсан албан ёсны айлчлал энэ удаа цуцлагдах болсон тухай нөхцөл байдлыг маш сайн ойлгон, хүлээн авч буй гээд энэхүү цаг үед Монгол Улсын Засгийн газар, Монголын ард иргэд бидний нийтлэг үнэт зүйлс бүхий чухал гуравдагч хөрш, Тусгай стратегийн түнш Япон Улс, Японы ард иргэд, анд нөхөдтэйгөө сэтгэл зүрхээрээ хамт байгааг онцлов. Талууд хүний эрх, эрх чөлөө, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын харилцаа, хамтын ажиллагаа Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн өндөр түвшинд бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж буйг тэмдэглэж, улс төрийн итгэмжилсэн байдлыг батжуулах, бүхий л түвшний яриа хэлэлцээ, харилцан айлчлалыг улам бүр эрчимжүүлэх, эдийн засгийн харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж, бүс нутаг, олон улсын талбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотлов. Монгол Улс, Япон Улсын хооронд Соёлын харилцааны 50 жилийн ой тохиож буй 2024 онд манай хоёр улсын хүн төвтэй харилцаа, хамтын ажиллагаа улам бүр бэхжиж буйг сайшаан тэмдэглэж, харилцаанд залуу үеийн төлөөллийг түлхүү хамруулж, ард иргэдийн солилцоо, найрамдал нөхөрлөлийг улам бүр өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө буйгаа илэрхийллээ гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар уулзав

2024.09.24. AНУ. НҮБ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы өмнө зохион байгуулагдаж буй Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалтaд оролцох үеэрээ Япон Улсын Ерөнхий сайд Фүмио Кишидаг хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын харилцаа Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж, хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж буйг сайшаав. Талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны шатыг ахиулан хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахын төлөө буйгаа илэрхийллээ. Тусгай стратегийн түншлэлийн үйл ажиллагааны хөтөлбөрийн бодит хэрэгжилтийг хангаж, харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх, хоёр талын болон олон талт яриа хэлэлцээг гүнзгийрүүлж, давтамжийг нэмэгдүүлэх, бүс нутаг, олон улсын тавцанд нэгдмэл зорилгын хүрээнд улам бүр нягт хамтран ажиллахын төлөө буйгаа нотлов.

Сангийн сайд Б.Жавхлан эдийн засгийн тэргүүлэх салбаруудад Японы хувийн хэвшлийнхнийг хөрөнгө оруулж, хамтарч ажиллахыг уриалав

2025.01.17. Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайханыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас хоёр улсын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, манай улс руу чиглэсэн жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 15-нд Токио хотноо хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан оролцож Монгол Улсын Засгийн газар болон Монгол Улсын Хөгжлийн банк Япон улсын хөрөнгө оруулагчдаас хүлээлгэсэн итгэлийг хариуцлагатайгаар ухамсарлаж, Монгол Улсын Хөгжлийн банкнаас Япон улсын санхүүгийн зах зээлд гаргасан 30 тэрбум иений “Самурай” бондын эргэн төлөлтийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр банкны өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулсныг танилцуулав. Уг бондын эх үүсвэрээр Монгол Улсын Хөгжлийн банк зам тээвэр, барилга байгууламж, хөдөө аж ахуйн томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, Монгол Улсын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэсэн юм. Сангийн сайд Б.Жавхлан 50 гаруй жилийн түүхэн харилцаатай манай хоёр улсын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн тэргүүлэх салбаруудад Японы хувийн хэвшлийнхнийг хөрөнгө оруулж, хамтарч ажиллахыг уриалав. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, татварын болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэн ажиллаж байгааг танилцуулсан юм. Тус хүндэтгэлийн арга хэмжээнд Япон улсын Парламентын Зөвлөхүүдийн болон Төлөөлөгчдийн танхимын Япон, Монголын найрамдлын бүлгийн 17 гишүүн, Гадаад хэргийн дэд сайд Ё.Цүгэ, Батлан хамгаалахын дэд сайд Ш.Миякэ, Сангийн дэд сайд М.Канда, манай улстай найрсаг харилцаатай муж, хотын дарга нар, Японы томоохон хувийн хэвшлийн удирдлагууд зэрэг улс төр, эдийн засаг, хувийн хэвшил, олон нийт, соёл зэрэг бүхий л салбарын 600 гаруй төлөөлөл оролцов.

Монголчуудын тухлах дуртай The New Otani

2025.01.25. Монгол улс. Улаанбаатар. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсад айлчлахад бүрэлдэхүүнд явсан хүмүүс The New Otani зочид буудлын өмнө ярилцлага өгч харагдав. Тиймээс New The Otani зочид буудлын тухай хэдэн мөр бичиж үлдээхийг хүсэв. 1962 онд Японы засгийн газар Токиогийн Олимпийн наадамд оролцохоор 30000 орчим гадаадын жуулчдыг хүлээн авах томоохон бүтээн байгуулалтыг хоёрхон жилийн дотор дуусгах сорилттой тулгарав. Эндээс The New Otani зочид буудлын түүх эхэлж үүсгэн байгуулагч Yonetaro Otani эзэн хааны ордны ойролцоох Киоичо дахь өөрийн эзэмшил газартаа дорно дахины хамгийн шилдэг зочид буудлыг барьж, улмаар японы аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх үндэсний стратегид хувь нэмрээ оруулахаар тохиролцжээ. Түүний дизайны үзэл баримтлал нь үзэсгэлэнт газар нутаг, чулуун ханыг хадгалж үлдэхийн зэрэгцээ 1000 гаруй зочдыг хүлээн авах дэлхийн жишигт нийцсэн буудал, хурлын танхим, лобби зэргийг тухайн үеийн орчин үеийн барилгын техникээр хангах явдал байв. Зочид буудал 1964 оны есдүгээр сард нээлтээ хийсэн бөгөөд хүлээн авалтын өрөөний хивсэнцэр, ханан дахь хээ, үүдний танхимийн тогорууны зураг зэрэг уламжлалт чимэглэл нь Otani-ийн мөнхийн уур амьсгалыг бий болгох хүсэл эрмэлзлийг бүрэн дүүрэн илэрхийлж чаджээ. Японы нэрийн хуудас болсон Фүжи уулыг зочин бүр үзэх ёстой гэж Otani үзсэн байна. Түүний мөрөөдөл 17 давхарт байрлах Blue sky lounge-ийн дизайнд биеллээ олжээ. Одоо view & dining the sky буфет ресторанаар үйл ажиллагаа явуулж буй тус лоунжны цонхоор хоол идэж байх зуураа японыг бүхэлд нь тольдож болох юм. The New Otani зочид буудал нь амарч тухлах тохиромжтой байршлаас гадна, бизнесийн үйл ажиллагааны чанараараа олонд танигдаж, токиогийн дээд хэмжээний уулзалтын өмнөх гурван уулзалтын үндсэн байраар сонгогдсоноор нэр хүндтэйд тооцогддог. Тиймээс япон болон гадаадын төрийн тэргүүнүүд олон улсын шилдэг зочид буудалд тооцогддог The New Otani зочид буудалд буудлахыг илүүз үздэг. The New Otani зочид буудлын өмнө Монгол Улсын Төрийн далбаа намирч байгаагаас монголчуудын олон жилийн өмнөөс саатдаг байсан газар, тухлах дуртай газрын нэг гэдэг нь илт юм.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна

2025.01.31. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын 126 дахь Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад 2025 оны 07 дугаар сарын эхээр төрийн айлчлал хийхээр төлөвлөж байна. Тус айлчлал нь Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын Монгол Улсад хийх анхны төрийн айлчлал юм. Энэхүү төрийн айлчлал нь ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлж, “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах түүхэн ач холбогдолтой. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2019 онд Ерөнхий сайд байхдаа Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г “Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслол”-д оролцож байсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2022 онд тус улсад төрийн айлчлал хийж, Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарт бараалхсан. Мөн “Эн-Эйч-Кэй” их танхимд Морин хуурын чуулгын хүндэтгэлийн тоглолтыг хамтдаа үзэж сонирхон элгэмсэг дотно, итгэмжилсэн харилцаагаа бэхжүүлсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэхүү түүхэн айлчлалаар Монгол Улс, Япон Улсын харилцааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн түвшин”-д шат ахиулан, Улс төр, аюулгүй байдал, Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, “Хүн төвтэй” хөгжил, иргэд хоорондын харилцан солилцоо, Дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлаарх хамтын ажиллагаа гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар болсон юм. Энэхүү айлчлалаар харилцаа, хамтын ажиллагааны ирэх 50 жилийн үндэс суурийг тодорхойлж, төрт ёсны эртний түүхтэй хоёр улсын найрсаг харилцааны тулгын чулуу болсон ард түмэн хоорондын найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлсэн билээ. Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Эзэн Хааны сэнтийд заларч, мөн өдрөөс Япон Улсад “Рэйва” он тоолол эхэлсэн. Эзэн Хаан Нарүхито сэнтийдээ заларснаас хойш Эрхэм дээд Хатан Масакогийн хамт хоёр удаа гадаад улсад айлчлаад байна.

Хариулт үлдээнэ үү