2 сар 19, 2025

Mонгол, Энэтхэгийн хaрилцaa

Монгол, Энэтхэгийн түүхэн харилцаа

2025.01.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Энэтхэг улс нь 18-20 зууны дунд үе хүртэл Британийн колони болох алхам бага багаар тавигдсан ч, 1947 онд тусгаар тогтносон улс болсон юм. Тус улс дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ дэлхийд 4-т, газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 7-т, хүн амын тоогоороо 2-рт бичигддэг улс юм. Пакистан, Хятад, Балба, Бутан, Бангладеш, Мьянмар зургаан улстай хиллэдэг ба Энэтхэгийн далайгаар хүрээлэгдэн оршдог. Англи хэлийг түлхүү ашигладаг ч, 22 албан ёсны хэлтэй бөгөөд ихэвчлэн тухайн хүний ямар шашинтайгаас хамаардаг байна. Гэхдээ Засгийн газар нь 16 хэлийг албан ёсны хэл гэж үздэг ба үүнд Хинди, Тамил, Бэнгали, Пунжаби, Санскрит хэлнүүд багтдаг байна. Монгол, Энэтхэгийн харилцааг одоогоос 3 мянган жилийн тэртээгээс эхтэй гэж судлаачид үзжээ. Энэтхэгийн зүүн хойд муж нутаг болон Хималайн сав газраар гучин сая гаруй өвөг монгол буюу монголоид угсаатан амьдардаг байна. Тэд олон зуун жилийн өмнөөс Энэтхэгт хэд хэдэн удаа нүүдэллэн очжээ. Үүний зэрэгцээ Энэтхэгийн өмнө зүгийн Андаманы аралд монгол гаралтай хүмүүс амьдардгийг 13-р зуунд Италийн аялагч Марко Поло явж байхдаа харж тэмдэглэн үлдээсэн аж. Тус улстай олон зууны өмнөөс түүхэн харилцаатай явж ирсэн ч, Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улстай 1955.12.24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон байна. Тухайн үед Бүгд Найрамдах Энэтхэг Улс нь Монгол Улсыг тусгаар тогтнохыг хүлээн зөвшөөрсөн социалист бус анхны орон байсан бөгөөд Монгол Улсыг 1961 онд НҮБ-д элсэхэд гол дэмжлэг үзүүлсэн орон юм. Монгол, Энэтхэгийн ард түмэн газарзүйн хувьд хол оршдог ч, сэтгэл санаа, соёлын хувьд ойр байдаг оюун санааны хөрш орнууд гэж үздэг. Монгол Улс 1956 онд Дели хотод Элчин сайдын яамаа нээсэн бол, Энэтхэг улс 1971 онд Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээж үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Үүнээс ч өмнө монгол, энэтхэг түүхэн харилцаатай байсныг илтгэх түүх дурсгал бий. Доголон Төмөрийн удам Их Моголын эзэнт гүрний Шах Жахан хаан өөрийн хатан Мумтаз Махалд зориулж Энэтхэг улсын Агра хотод Жамна голын эрэг дээр Таж Махал бариулсан нь түүх болон хоцорчээ. Энэтхэг, Перс, Могулын архитектурын хэв шинж агуулсан уран барилга, түүхийн хосгүй үнэт бүтээл учраас ЮНЕСКО 1983 онд дэлхийн өвд бүртгэн авчээ. Таж махал өнөөдөр дэлхийн долоон гайхамшигт тоонд зүй ёсоор багтаж, тив тивийн сая сая жуулчид зорин очдог газар болжээ.

Монгол, Энэтхэгийн соёлын харилцаа

2022.06.14. Монгол Улс. Улаанбаатар хот. Монголын ард түмэн эрт дээр үеэс ном сударт хүндэтгэлтэй хандаж түүнийг тууривах үйлсэд хүч, хөдөлмөр, сэтгэл , зүтгэл, оюунаа харамгүй зориулж ирсэн. Үүний ачаар олон тооны судар тэртээгээс өнөөг хүртэл уламжлагдан ирж, уншдаг ном бус, урлагийн бүтээл болсон байна. Тэдгээрээс дурдвал, Ганжуур, Данжуурын хөлгөн судруудыг нэрлэж болох юм. Ганжуурыг бурхан багшийн айлдвар гэж нэрийддэг. Тиймээс ч Энэтхэг, Жагарын орноос гаралтай гэж ойлгож болно. Бурхан багшийг таалал төгссөнөөс хойш ганжуурыг пали хэл дээр сударт буулгажээ. Энэ хэлнээс бусад улсууд өөрийн орны хэл рүү хөрвүүлж орчуулсан байдаг аж. Ганжуурыг монгол хэлнээ орчуулсан уламжлал маш эртнийх. Ганжуур нь анх 2500 жилийн тэртээ Энэтхэг, Жагарын оронд зохиогдсон 108 боть хөлгөн судар юм. Ганжуурыг анх Санскрит Төвд хэлнээс Өгөөдэй хааны зарлигаар Чу мэргэн эх хэлнээ орчуулж, Лигдэн хааны үед алтаар урлаж байсан гэлцдэг. Мөн манай улсад боловсруулсан хар цаасан дээр мөнгө, оюу, шүр, сувд, дун, алт, зэс, номин зэрэг есөн эрдэнээр үсэг, мөр сэлгүүлэн бичсэн Ганжуурын хөлгөн судар ч бий. Бурхан багшийн айлдвар буюу Ганжуурын хураангуйд шинжлэх ухааны их, бага 10 салбар багтдаг байна. Их таван ухаанд: дуун ухаан, учир шалтгааны ухаан, урлахуйн ухаан, анагаах ухаан, сэтгэл шинэчлэл зэрэг багтжээ. Бага таван ухаанд яруу найраг, бүжиг, одон орон зурхай судлал, уран барилга зэрэг багтдаг байх юм. Данжуур нь эдгээр их, бага таван ухааны тайлбарыг багтаасан 225 боть бүхий Ганжуурын тайлбар зохиол юм. Тус хөлгөн судар 3427 нэр төрлийн ном зохиолыг багтаасан 107 мянга 839 хуудастай. Төвд Данжуурын монгол хэлнээ орчуулах ажлыг 14 зууны үеэс эхлүүлсэн ч тухайн үед бүтнээр нь орчуулж дуусгаагүй юм. Харин 1742 онд энэ судрын 200 орчуулгыг Монгол Улсын бүх газраас нэгтгэн цуглуулж эх хэлнээ хөрвүүлэх ажил эхэлсэн юм. Халх монгол, Өвөр монгол, Буриад монгол, Ойрад монголоос эрдэмтэд чуулж төвд хэлнээс монгол хэлнээ буулгасан гэдэг. 1976 онд данжуурыг монгол хэлнээ бүтнээр нь орчуулж дуусган модон бараар 225 боть хэвлэсэн байдаг. Энэ бүтээлүүд Үндэсний номын санд хадгалагдаж ирсэн. Төв номын санд хадгалагдаж байсан Ганжуур, Данжуурын эртний орчуулгуудыг нэгтгэн 400 боть болгож, олны хүртээл болгох ажил 2007 оноос эхэлсэн байдаг. Үүнд Ганжуурын 108 боть, Данжуурын 225 боть, Богд Зонховын 20 боть, Жанжаа Хутагтын 9 боть, Ловон Бадамжунайн нууц тарни багтаж байв. Эдгээр 400 ботийн эхний 30 нь 2008 онд хэвлэлтээс гарч, үлдсэн ботиуд 2010 онд хэвлэгдэж дуусна гэж тухайн холбогдох хүмүүс ярьж байлаа. Ийнхүү манай улс ганжуур, данжуурыг эртний орчуулгуудыг орчин цагийн монгол хэлнээ хөрвүүлж уншигчдын хүртээл болгоод багагүй хугацаа өнгөрлөө. Тэгвэл Ганжуурын эртний гар бичмэлийн 113 боть өнөөг хэр нь ОХУ-ын Санкт-Петербургийн их сургуульд хадгалаатай байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчлах үеэр Санкт-Петербургийн их сургуулийн монгол судлалын багш, оюутан, төгсөгчид ярьж байсан юм.

Шадар сайд У.Хүрэлсүх Энэтхэгийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2016.07.28. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Суреш Бабуг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Суреш Бабу Шадар сайдыг хүлээн авч уулзаж байгаад талархаж буйгаа илэрхийлээд ардчилсан сонгуулийн дүнд Монгол Ардын Нам ялалт байгуулж, шинэ парламент, Засгийн газар бүрдсэнд баяр хүргэлээ. Шадар сайд У.Хүрэлсүх өнгөрсөн онд Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад албан ёсны айлчлал хийсэн нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад түлхэц болсон гэдгийг онцлоод айлчлалын хүрээнд 1 тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд онцгой ач холбогдолтой үйл явдал болсныг тэмдэглэлээ. Мөн тэрээр эдийн засгийн хөгжлийг сэргээх, өсгөх чиглэлд ажиллана гээд хоёр орны хамтын ажиллагааг эдийн засаг, худалдааны чиглэлээр өргөжүүлэх, ялангуяа хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт хамтран ажиллах боломж байгааг тодотгоод ноён Элчин сайдыг дэмжиж ажиллахыг хүслээ. Энэтхэгийн Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд Малын эрүүл мэнд, сүүний чиглэлээр  хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулсан. Энэ санамж бичиг хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлд хамтран ажиллах түншлэлийн нэг чиглэл болох боломжтой юм гэж Элчин сайд Суреш Бабу хэллээ. Нарийн мэргэжилтнүүдээ Энэтхэг Улсын Засгийн газрын тэтгэлгээр чадавхжуулах сургалтад хамруулах хүсэлтэй байгаагаа Шадар сайд илэрхийлээд тус улсын тэтгэлгээр жилд 150 иргэн сургалтад хамрагддаг байсныг Ерөнхий сайд Нарендра Модигийн айлчлалын хүрээнд суралцагчдын тоог 200 болгон нэмэгдүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлэв. Уулзалтын үеэр Элчин сайд Суреш Бабу Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дотоод хэргийн сайдын илгээсэн урилгыг гардууллаа. Шадад сайдад Нью Дели хотод болох Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хуралд оролцох урилга илгээжээ.

Шадар сайд У.Хүрэлсүх Азийн сайд нарын Бага хурлын нээлтэд үг хэлнэ

2016.11.03. Монгол Улс. Улаанбаатар хот. Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар Бага хурал өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Шинэ Дели хотноо эхэлж байна. 2018 онд хоёрдугаар Бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан Шадар сайд У.Хүрэлсүх бага хурлын эхэнд үг хэлэх юм. Мөн БНЭУ-ын Ерөнхий сайд Моди, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай төлөөлөгч ноён Роберт Глассер нар үг хэлнэ. ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг уур амьсгалын эрсдэлийн удирдлагын стратегид нэгтгэх, хэрэгжүүлэх Улсын болон орон нутгийн стратеги” сэдэвт хуралдаанд илтгэл тавина. Мөн “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаан дахь хөрөнгө оруулалт” сэдэвт техникийн хуралдааныг даргалах юм. ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Ц.Ганзориг “Олон нийтийн гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах” сэдэвт сэдэвчилсэн хуралдаан, ОБЕГ-ын ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хурандаа Ч.Ариунаа “Хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сэдэвчилсэн хуралдаанд танилцуулга хийх ажээ.

Монгол Улс гамшгийн эрсдэлийг бууруулах салбарт найдвартай түнш болж чадах алхмыг тавилаа

2016.11.02-05. Энэтхэг Улс. Дели хот. Азийн сайд нарын анхдугаар хуралдаанд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх оролцоод ирлээ. Дэлхийн хүн амын 60 хувь амьдардаг Ази тивийн хувьд газар хөдлөлт, цунами, далайн шуурга, үер, зуд, ганд өртөх эрсдэл өндөртэй бүс нутаг. Байгаль цаг уурын өөрчлөлт болон хүний хүчин зүйлээс хамаарах эрсдэл гамшигтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, хор хөнөөлийг арилгах асуудлыг зөвхөн нэг улс, Засгийн газар дангаараа хэрэгжүүлэх боломжгүй тул Энэтхэг Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран анх удаа энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулсан юм. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх сайд нарын хуралдаанд анхны илтгэлийг тавьж, гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, зорилтын талаар мэдээлэл хийлээ. Чуулга уулзалтын үеэр Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай элч Роберт Глассертай  уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Азийн 39 орны Засгийн газрын тэргүүн, гамшгийн асуудал эрхэлсэн сайд нар чуулж 2015 онд Японы Сендай хотноо болсон Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн гуравдугаар бага хурлаас НҮБ-ын гишүүн 187 орон соёрхон гаргасан “2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн” Азийн бүс нутгийн төлөвлөгөөг батлан гаргалаа. Мөн гамшгийн эрсдэлийг бууруулахад улс төрийн дээд түвшний оролцоог хангахын тулд “Делигийн тунхаглалыг” гаргасанаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл Азийн бүс нутагт ирэх 15 жилд гамшгийн эрсдэлийг хэрхэн бууруулах талаар баримт бичигтэй болж байгаа юм. Ирэх 2018 онд Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран Азийн сайд нарын II бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулна. Тийм ч учраас энэ удаагийн Азийн сайд нарын анхдугаар хуралдаан манай улсын  хувьд туршлага хуримтлуулан судлахын зэрэгцээ, Монгол Улс бүс нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах салбарт улс орныг манлайлан оролцох,  найдвартай түнш болж чадах эхний алхмыг тавьжээ. 

Шадар Сайд У.Хүрэлсүх Азийн сайд нарын чуулга уулзалтад оролцож байна

2016.11.04. Монгол Улс. Улаанбаатар хот. Шинэ Дели хотноо болж байгаа Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын чуулга уулзалтад Шадар сайд У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Дэлхийн хүн амын 60 хувь амьдардаг Ази тив нь газар хөдлөлт, цунами, далайн шуурга, үер, зуд, ган зэрэг гамшиг эрсдэлд 88 хувьтай өртдөг эмзэг бүс нутаг юм. Гамшиг эрсдэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах зэргийг аль нэг улс, Засгийн газар дангаараа хийх боломжгүй тул анх удаа энэ чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Моди Засгийн газрынхаа бодлого, гамшиг ослыг эрт мэдээлэх, урьдчилан сэргийлэх, хүн ардыг мэдээллээр хангах, эрсдэл даатгалын сан үүсгэх, зам, барилгын чанарыг стандартад нийцүүлэх зэрэг 10 зүйл төлөвлөгөө, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцууллаа. Чуулга уулзалтад Азийн 39 орны төлөөлөгчид оролцож байгаагийн 34 нь сайд нар юм. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх сайд нарын хуралдаанд анхны илтгэлийг тавьж, гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр хийж байгаа ажил, бодлого, зорилтын талаар мэдээлэл хийлээ. Чуулга уулзалтын үеэр Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай элч Роберт Глассертай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Азийн сайд нарын чуулга уулзалт 3 хоног үргэлжлэх бөгөөд хуралдаанаас Гамшгийн эрсдэлийг бууруулах Засгийн газруудын хамтарсан Шинэ Делийн тунхаглал, Сендай программыг хэрэгжүүлэх Азийн хөтөлбөр зэрэг баримт бичиг гаргах юм гэжээ.

Шадар сайд У.Хүрэлсүх Энэтхэгийн Хилийн асуудал эрхэлсэн Дотоод хэргийн дэд сайдыг хүлээн авч уулзав

2016.12.22. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хилийн асуудал эрхэлсэн Дотоод хэргийн дэд сайд Санжийваний Куттиг хүлээн авч уулзлаа. Манай хоёр орон харилцаа, хамтын ажиллагааны олон жилийн түүхтэй. Цаашид ч улам шинэ шатанд гарч хөгжинө гэдэгт итгэдэг.  2018 онд Гамшгийн эрсдэлийг бууруулах талаарх дээд хэмжээний уулзалт, хурлыг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүнд идэвхитэй хамтран ажиллана гэдэгт найдаж байна гэж Шадар сайд уулзалтын эхэнд хэллээ. 2015 онд БНЭУ-ын Ерөнхий сайд Наренда Модигийн айлчлалаас  хойш хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа стратегийн түвшнөөс шинэ түвшинд гарсан. Өнөөдөр бид Цагдаа, Хил хамгааллын чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн яамтай байгууллаа. Хамтарсан ажлын хэсгийн хуралдааныг хийлээ. Цаашид хэрхэн ажиллах талаараа тодорхой чиглэл шийдлийг гаргасан гэж Энэтхэг Улсын хилийн асуудал эрхэлсэн Дотоод хэргийн дэд сайд Санжийваний Кутти танилцуулжээ.

Азийн түншлэлийн хуралдаан Улаанбаатар хотод эхэллээ

2017.04.05. Монгол Улс. Улаанбаатар хот. Өнөөдрийн хуралдаанаар манай улс Азийн сайд нарын бага хурлаар баталсан Нью Делигийн тунхаглал, Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөөнд тусгагдсан үүрэг, амлалтуудаа хэрхэн хэрэгжүүлж байгаагаа тайлагнана. Мөн бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулахад ямар асуудлуудад анхаарч ажиллах шаардлагатай байгаа талаар хэлэлцэх юм.  Түүнчлэн ирэх онд Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хоёр дугаар бага хурлын бэлтгэлийг хэрхэн хангах талаар ярилцахаар төлөвлөжээ. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Азийн түншлэлийн хуралдаан нь өнгөрсөн оны 11-р сард БНЭУ-ын Нью Дели хотноо хуралдсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар бага хурлын дараа чуулж байгаагаараа өндөр ач холбогдолтой” гэж тэмдэглэлээ. Азийн түншлэлийн хуралд Австрали, Бангладеш, Бутан, БНХАУ, БНАСАУ, БНЭУ, Индонези, Япон, Лаос, Малайз, Мальдив, Мьянмар, Пакистан, Филиппин, БНСУ, Шри-Ланка, Тайланд, Вьетнам болон олон улсын Засгийн газар хоорондын байгууллага, НҮБ , олон улс, бүс нутгийн төрийн бус байгууллагууд, Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төв, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрар болон манай улсын 120 гаруй төлөөлөгч оролцож байна.

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлнэ

2017.11.08. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-ын Элчин сайд Суреш Бабуг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Түүхэн болон соёлын хэлхээ холбоо, ардчиллын үнэт зүйлс, бүс нутаг болон олон улсын энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах хоёр талын хамтын хүсэл эрмэлзэлд суурилсан Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ. Мөн өндөр, дээд түвшний айлчлалын үеэр яригдсан асуудлууд хэрэгжиж байгаад талархлаа илэрхийлээд БНЭУ-ын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг үр дүнтэй ашиглахад онцгой анхаарна гэлээ. Хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээр, түүнд тусгасан нэмэлт өөрчлөлтийн дагуу газрын тос боловсруулах үйлдвэрийг дамжуулах шугам хоолойн хамт барьж байгуулах нарийвчилсан ТЭЗҮ-г боловсруулж эхэлсэн байна. Ерөнхий сайд Н.Модигийн айлчлалын үеэр яригдсан нөгөө чухал асуудал нь Мэдээллийн технологийн аутсорсингийн төв байгуулах төсөл юм. Газар зүйн байршил, дэд бүтэц, хүний нөөц зэргийг бодолцоход энэ төв цаашид мэдээллийн  Data center болж өргөжих боломжтой юм. Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих эдгээр төслийг хэрэгжүүлэх техникийн баг өнөөдөр Улаанбаатарт ирж байна, уулзалт, сургалт зохион байгуулна. Ирэх оны эхний улиралд газрын тосны үйлдвэр байгуулах тендер зарлах боломжтой гэж ноён Элчин сайд Суреш Бабу хэллээ. Онцгой байдлын ерөнхий газрын 25 албан хаагч Энэтхэг Улсад сургалтад явж байгаа. Хилийн хамгаалах ерөнхий газрын Удирдлагын төв байгуулахад техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлнэ. Мөн харилцан туршлага солилцох, мэргэжилтэн сургах ажлыг хийнэ зэрэг ажлыг зохион байгуулж байгаа гэж Элчин сайд хэллээ. Уулзалтын үеэр яригдсан бас нэг асуудал нь Энэтхэг Монголын хооронд шууд нислэгтэй болох талаар санал солилцов. Шууд нислэгтэй болсноор бизнес, аялал жуулчлал хөгжих төдийгүй хөрөнгө оруулагчдыг татна. Мөн дээрх том төслүүдийн ажлыг эрчимжүүлэхэд тустай гэдгийг хоёр тал онцолжээ.

Ерөнхий сайд БНЭУ-ын Дотоод хэргийн сайдыг хүлээн авч уулзав

2018.06.23. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар айлчилж байгаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дотоод хэргийн сайд Ражнат Сингхийг албан өрөөндөө хүлээн авч уулзлаа. Монгол Улс нь БНЭУ-ыг хамгийн ойр дотны гуравдагч хөрш орон гэж үздэг бөгөөд Стратегийн түншлэлийн харилцаандаа тэргүүлэх чиглэл өгдөг гэдгийг Ерөнхий сайд хэлэв. Мөн БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди 2015 онд Монгол Улсад айлчилсан нь харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасныг тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын даргаар томилогдсонд нь Дотоод хэргийн сайд Ражнат Сингх баяр хүргээд БНЭУ-д айлчлахыг урилаа. Монгол Улс бол БНЭУ-ын Зүүн Хойд Ази дахь том түнш орон. Өндөр, дээд түвшний харилцан айлчлал тогтмолжиж, харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглэв. Цаашид хил хамгаалах, батлан хамгаалах, боловсрол, мэдээллийн технологи, кино урлаг, аялал жуулчлал зэрэг салбарт хамтран ажиллах шаардлагатай. Ялангуяа хоёр орны хоорондын худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, Улаанбаатар-Дели чиглэлд шууд нислэгтэй болохын тулд хүчин чармайлт гаргаж ажиллах ёстой гэдэгт талууд санал нэгджээ.

Азийн сайд нар Улаанбаатар хотноо чуулж эхэллээ

2018.07.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Энэ өдрүүдэд  “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал” Улаанбаатар хотноо болж байна. Хоёр жил тутам болдог энэ хурлаар Азийн 50 орны хоёр мянга гаруй төлөөлөгч дэлхийн болон бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулахад  тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг хэлэлцэн шийдвэр гаргах юм. Бага хурал нь бүс нутгийн болон хил дамнасан гамшгийн эрсдэлийг бууруулахад манлайллаа үзүүлж, улс орон, ард иргэдэд үр дүнтэй шийдэл гаргах замаар тулгамдсан хүндрэл бэрхшээлийг даван туулах, шинэ арга замыг нээх боломжийг оролцогч улсуудад олгодог. Мөн хурлаар “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичиг хэрэгжсэн өнгөрсөн гурван жилд хэрэгжүүлсэн гол арга хэмжээг танилцуулж, хэлэлцүүлнэ. Түүнчлэн 2016 онд болсон хурлаар батласан Шинэ Делигийн Тунхаглал, Азийн бүсийн төлөвлөгөө, 10 оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл, тэдний хүлээсэн үүрэг, амлалтын хэрэгжилтийг дүгнэх юм. “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал-2018”-аас Улаанбаатарын тунхаглал. 2018-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Үндэсний болон орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах стратегитай улс орны тоог нэмэх, оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл  зэрэг үндсэн баримт бичгийг батлан гаргана. “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцон хэлсэн үгнээс хүргэе.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Тусгай төлөөлөгч, эрхэмсэг хатагтай Мизутори, Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо,

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хуралд хүрэлцэн ирсэн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын Засгийн газар, НҮБ  болон бусад оролцогч талын төлөөлөл Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлэн мэндчилье. Та бүхэн Монголын сайхан оронд тавтай морилно уу. 2015 оны “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”-т үндэсний болон бүс нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг Гамшгийн эрсдэлийг ойлгох; Гамшгийн эрсдэлийг удирдах засаглалыг бэхжүүлэх; Гамшигтай тэмцэх чадавхийг бэхжүүлэхэд хөрөнгө оруулах; Гамшгийн бэлэн байдлыг хангах, түүний дараах сэргээн босголт, нөхөн сэргээлтэд “сайжруулан сэргээн барих” үзэл баримтлалыг хэрэгжүүлэх гэсэн дөрвөн тэргүүлэх чиглэлд хандуулахаар тодорхойлсон билээ. Мөн онд дэлхий нийтийн хөгжлийн дараагийн 15 жилийн хөтөч болсон “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030”-ийн зэрэгцээ “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”, “Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх Аддис Абебагийн үйл ажиллагааны хөтөлбөр”, “Хотжилтын шинэ хөтөлбөр”  зэрэг чухал баримт бичиг батлагдсаныг та бид хамтран хэрэгжүүлж байна. Тогтвортой хөгжил  нь олон талыг хамарсан цогц үйл ажиллагаа тул эдгээр баримт бичгийг амжилттай, уялдаа холбоотой хэрэгжүүлэх нь та бидний өмнө тавигдаж буй эрхэм зорилго төдийгүй хэрэгцээ, шаардлага болоод байна.

Хүндэт хатагтай ноёдоо,

Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн баримт бичиг батлагдсанаас хойшхи гурван жил хагасын хугацаанд бид Азийн бүсийн төлөвлөгөө болон Шинэ Делигийн тунхаглалыг батлан хэрэгжүүлж байгаа билээ. Сүүлийн 15 жилд Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал нь гамшигт хамгийн ихээр өртдөг манай тивийн улс орнуудын хувьд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр ярьж хэлэлцэх, санаа бодлоо солилцох, хамтран шийдвэр гаргах үүрэгтэй хамтын ажиллагааны идэвхтэй механизм болон хөгжиж байна. Өнгөрсөн хугацаанд бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, түүний бүсийн төвийн үүрэг оролцоо, дэмжлэг чухал ач холбогдолтой байсныг энд цохон тэмдэглэхийг хүсч байна. Энэ удаагийн бага хурлаар бид Шинэ Делигийн тунхаглал, Сендайн баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүсийн 2016-2018 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэн дүгнэх, 2018-2020 онд хэрэгжүүлэх бүсийн төлөвлөгөөг батлах зэрэг улс төрийн чухал шийдэл гаргах, улмаар улс орнууд сайн дурын амлалт авах, талууд харилцан туршлага солилцох боломжийг олгож байна.

Эрхэмсэг хатагтай ноёдоо,

Монгол орны газарзүй болон нийгэм, эдийн засгийн энэ өвөрмөц байдал нь гамшгийн эрсдэлийн онцгой нөхцлийг бүрдүүлж байдаг. Манай улсад хүчтэй салхи, шуурга, үер, ой, хээрийн түймэр, ган, зуд зэрэг байгалийн гамшгийн давтамж нэмэгдэж, хүн амын ахуй амьдрал, улс орны эдийн засаг, тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Үүний зэрэгцээ Монгол Улс нь Төв Азийн газар хөдлөлтийн өндөр эрсдэлтэй бүс нутагт байрладаг бөгөөд сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж улам бүр нэмэгдэх боллоо. Иймээс гамшгийн эрсдэлийг бууруулах нь манай төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг яах аргагүй мөн билээ. Засгийн газар НҮБ-аас баталсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”, “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030”, “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг бүрэн дэмжиж, улсынхаа хөгжлийн бодлого, төлөвлөлтийг нэгдсэн удирдлагаар хангах зорилго бүхий “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ыг баталж, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-оо хэрэгжүүлж байна. Сендайн баримт бичиг батлагдсанаас хойш Монгол Улс гамшгаас хамгаалах менежментээс гамшгийн эрсдэлийн менежмент рүү хурдацтай шилжиж, гамшгийн удирдлагын  тогтолцоог боловсронгуй болгох, хууль эрхзүйн орчныг шинэчлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, олон нийтийн оролцоог дэмжих чиглэлээр нэлээдгүй ажил хийсэн. Тухайлбал 2017 онд УИХ-аас Гамшгаас хамгаалах хуулийг шинэчлэн баталж, үндэсний болон орон нутгийн түвшний гамшгийн эрсдлийг бууруулах тогтолцоог бүрдүүлэн, оролцогч талуудын үүргийг тодорхойлж, онцгой байдлын албаныхны эрхзүйн байдал, нийгмийн халамжийг сайжруулж, гамшгийн үеийнхүмүүнлэгийн тусламжийн зохицуулалтыг боловсронгуй болголоо. 2018 онд Засгийн газраас “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлж байна. Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бусГамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл байгуулав. Мөн НҮБ-ын “Гамшигт тэсвэртэй, аюулгүй хот” хөтөлбөрт бүх хот нь нэгдсэн Азийн анхны улс болсон зэргийг дурдаж болно.  Бүс нутгийн орнууд, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар болон олон улсын байгууллагуудын зүгээс Монгол Улсыггамшигтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Азидаа тэргүүлэгч орны нэг хэмээн үнэлж байгаад бид сэтгэл хангалуун байна. Монгол Улсын Засгийн газраас Азийн сайд нарын II бага хурлын үеэр бид

  • “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах нь”,
  • “Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” сэдвээр хоёр онцлох хуралдааныг зохион байгуулна.

Хүндэт хатагтай ноёдоо,

Бүс нутгийн олон улс орон хөгжлийн бодлогоо шинэчилж, эдийн засгийн огцом өсөлтийг бий болгосноор сая сая хүн ядуурлаас гарч байна. Гэвч энэ ололт амжилттай зэрэгцэн дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, экологийн доройтлын улмаас бүс нутагт тохиолдох гамшгийн давтамж, хамрах цар хүрээ, нийгэм-эдийн засагт учруулах хор хохирлын хэмжээ улам бүр ихэсч байгаа нь бидний  сэтгэлийг түгшээх боллоо. Ази тивийн гамшгийн эрсдэл нь Африк тивээс дөрөв дахин, Европ болон Хойд Америкаас 25 дахин өндөр байна. НҮБ-аас гаргасан мэдээгээр Ази, Номхон далайн бүс нутагт 2000 оноос хойш жилд дунджаар 150 гаруй гамшиг тохиолдсон нь дэлхий дахинд жилд тохиолдож буй нийт гамшгийн 45 хувийг эзэлж байна. Үүний зэрэгцээ гамшгийн улмаас дэлхийн эдийн засагт учирсан хохирлын 38 хувь нь, гамшигт өртсөн хүн амын 85 хувь нь Ази, Номхон далайн орнуудад оногдож байна. Нийгэм, эдийн засгийн хөгжлийг даган бүс нутагт хотжилт эрчимтэй явагдаж байна. Ази, Номхон далайн бүс нутагт  хөдөөгийн хүн амын тоо хот, суурин газарт амьдардаг хүн амын тооноос ямагт илүү байсан бол 2018 оноос хойш эсрэгээрээ хотын хүн ам хөдөөд амьдардаг хүн амын тооноос давж гарах нөхцөл бүрджээ. Тиймээс ирээдүйд бидэнд хотжилттой холбоотой олон асуудал тулгарах нь дамжиггүй болоод байна. Олон мянган хүний амь насыг авч одсон Энэтхэгийн далайн цунами, Сычуаны газар хөдлөлт, Мьянмарын Наргис хар салхи болон эдийн засагт ихээхэн хохирол учруулсан Японы зүүн эргийн  газар хөдлөлтөөс үүдэлтэй гурвалсан гамшиг, Тайландын их үер, Балбын газар хөдлөлт зэрэг томоохон гамшгийн харамсалтай түүхээс сургамж авч гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, улам идэвхжүүлэх хэрэгцээ шаардлага бүс нутгийн хувьд онцгой ач холбогдолтой болоод байна.

Эрхэм хатагтай ноёдоо,

Монгол Улсын Засгийн газарт гурван удаа Онцгой байдлын асуудал хариуцсан сайдаар ажиллаж байсны  хувьд улс орны тогтвортой хөгжлийг хангах нэг гол нөхцөл нь гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах явдал гэдгийг би маш сайн ойлгож мэдэрсэн. Гамшгийн голомтод ажиллан гамшигт өртсөн иргэдийн зовлонг хуваалцаж, гамшгийг даван туулах тэдний асар их эр зориг, хүсэл тэмүүлэл, тэсвэр хатуужлаас эрч хүч авч, тэдэнд дэмжлэг үзүүлэн ажиллаж, туршлага хуримтлуулсандаа бахархаж явдаг. Гамшгийн эрсдэлийг бууруулах НҮБ-ын манлайлагч төрийн түшээ хүний хувьд, Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувьд бүс нутаг, дэлхий дахинд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хэд хэдэн санал дэвшүүлье.  

Нэгдүгээрт. Улс орон, холбогдох бүх талд хүртээмжтэй Гамшгийн эрсдэлийн мэдээлэл, мэдлэгийн нэгдсэн сүлжээ бий болгоё:

Мэдээллийн санд тулгуурлан  шинжлэх ухааны орчин үеийн арга хэрэгслийг ашиглан гамшгийн эрсдэлийн талаарх мэдээллийг шийдвэр гаргагчид, олон нийт, иргэдэд ойлгомжтой байдлаар хүргэх, мэдлэгийг хуваалцах сүлжээг бий болгох хэрэгтэй байна. Мөн мэдээллийн нэгдсэн сүлжээний зэрэгцээ улс орон, холбогдох талууд мэдлэг, туршлагаа харилцан солилцох, Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурлуудаас баталсан тунхаглал, бүсийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах, тогтмол үнэлэх, олон нийтэд тайлагнах механизмыг бий болгох хэрэгтэй гэж үзэж байна. Ингэж чадвал бид гамшгийн эрсдэлийн талаар нэгдмэл, үнэн бодитой мэдээлэл авах, түүндээ тулгуурлан оновчтой шийдвэр гаргах, хэрэгжилтийг хянах боломжтой болох юм.

Хоёрдугаарт. Гамшгийн эрсдэлийн боловсролыг бүх нийтэд олгох, гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлье.

Гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах тухай ойлголт, мэдлэгийг албан болон албан бус боловсрол, бүх түвшний иргэний боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтаар  дамжуулан олгох нь хүн амын амьдралын хэвшил, зан үйлийг өөрчлөхөд дэмжлэг болж, эрсдэлийг бууруулах соёл, уламжлалыг төлөвшүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэнэ. Гамшгийн эрсдэлийн боловсролыг олон нийтийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, нэн ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цагаач болон уугуул иргэд, хүүхэд, ахмад настан зэрэг онцлог бүлгийг хамруулсан, жендерийн мэдрэмжтэй арга, хэлбэрээр олгох нь илүү үр өгөөжтэй гэж бодож байна. Бидний ирээдүй хүүхэд, залуучуудаар дамжуулан гамшгийн эрсдэлийг бууруулах болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талаарх мэдлэг, чадварыг эцэг, эх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх нь гамшгийн эмзэг байдлыг бууруулах, гамшгийг тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх үр дүнтэй арга байх болно.

Гуравдугаарт. Хөдөө аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогыг дэмжье.

Ази, Номхон далайн бүсэд хоёр тэрбум гаруй хүний амьдрал зөвхөн хөдөө аж ахуйн салбараас хамааралтай байна. Хөдөө аж ахуйд учруулж буй уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн шинж чанарыг бүрэн дүүрэн таньж мэдэж, урьдчилан сэргийлэх оновчтой арга хэмжээ авч чадахгүй байгаагаас энэ салбарт гамшгийн эрсдэлээс хүлээх хохирол улам бүр нэмэгдэх боллоо. Өнөөдөр дэлхий дахинд тохиолдож буй байгалийн дөрвөн гамшиг тутмын гурав нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй бөгөөд хөгжлийн түвшнээс үл хамааран бүх улс оронд нэгэн адил нөлөөлж байна. Монгол орны хувьд уур амьсгалын өөрчлөлт нь аль эрт бодит аюул болж, ган, зуд, цөлжилт зэрэг гамшгийн давтамж болон далайц олшрон өсч, хүн амын тэр дундаа хөдөө аж ахуйд ажиллагсдын эмзэг байдал улам бүр нэмэгдэж байна. Иймд улс орнууд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх чадварыг хөдөө аж ахуйн салбарт нэмэгдүүлж, арга технологио шинэчлэх шаардлага зүй ёсоор урган гарч байна. Мөн улс орон бүр олон зууныг дамжин амьдарч, аж төрөхдөө аливаа гамшгийн эрсдэлийг бууруулах арга ухаан, мэдлэг туршлага хуримтлуулсан байдаг. Иймд гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн улс үндэсний уламжлалт арга ухаан, үндэсний чадварыг орчин үеийн чиг хандлагатай хослуулан баяжуулж үр өгөөжийг нь дээшлүүлж байх  хэрэгтэй байна. Энэ нь бүс нутгийн болон улс орнуудын хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийн таагүй нөлөөллийг бууруулах замаар урт удаан хугацаанд тогтвортой хөгжих гол үндэс болох юм.

Дөрөвдүгээрт. Гамшигт тэсвэртэй дэд бүтэц болон хот төлөвлөлтийг хөгжүүлье.

Ази тив бол эрчимтэй хотжиж, дэд бүтцийг далайцтай бүтээн байгуулж буй бүс нутаг юм. Иймд гамшгийн эрсдэлийг бууруулах, шинэ эрсдэл үүсэхээс сэргийлэхийн тулд орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтөд эрсдэлийн мэдээллийг ашиглах,  түүнчлэн хүн ам суурьшихад аюулгүй, экосистемийн үйл ажиллагааг хэвийн хадгалах боломжтой, гамшгийн эрсдэлд тэсвэртэй хот төлөвлөлтийг хөгжүүлэх шаардлагатай байна. Гамшгийг тэсвэрлэх чадвартай дэд бүтцийг барих ялангуяа сургууль, эмнэлэг зэрэг нэн чухал барилга, байгууламжийг барилгын материалын стандарт, дэлхий нийтээр мөрддөг зарчмуудын дагуу эхнээс нь зөв загвар хийцээр, аюулд тэсвэртэй барих, хүчитгэл хийх, ашиглалтын засвар үйлчилгээний соёлыг хөгжүүлэн төлөвшүүлэх нь зүйтэй. Одоогоор тус бүс нутгийн дийлэнх улс орон өөрсдийн хот төлөвлөлт, дэд бүтцийн хөгжлийн бодлого, стратеги, хөтөлбөр, төлөвлөгөөтэй байгаа хэдий ч эдгээрт эрсдэлийг тооцсон эсэхийг дахин  нягтлах шаардлага байгаа гэж үзнэ. Хөгжлийн бодлого төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг тооцох нь тогтвортой хөгжлийг хангах нэг үндсэн нөхцөл гэдгийг онцгой анхаарах хэрэгтэй байна.

Тавдугаарт. Гамшигт тэсвэртэй байх чадварыг бизнесийн байгууллагуудад бэхжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг дэмжье.

Ази, Номхон далайн бүсэд дэлхийн хүн амын 60 гаруй хувь оршин сууж, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний тэн хагасыг үйлдвэрлэж байна. Энэ утгаараа тус бүс нутгийн бүтээгдэхүүн ханган нийлүүлэлтийн сүлжээ өөр хоорондоо маш нягт уялдаатай тул ганц удаагийн гамшиг бүс нутгийн эдийн засагт бүхэлд нь сөргөөр нөлөөлж болохуйц нөхцөл үүсээд байна. Иймд ханган нийлүүлэлтийн сүлжээний бүх шатанд бизнесийн тасралтгүй ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, бизнесийн байгууллагууд өөр өөрийн онцлогт тохирсон гамшгийн эрсдэлийн удирдлагын загварыг  нэвтрүүлж, байгууллагынхаа гамшгийг тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх шаардлагатай байна. 2011 онд Японы зүүн эрэгт болсон газар хөдлөлт болон Тайландад болсон үер зэрэг томоохон гамшгаас авсан нэг том сургамж бол хувийн хэвшил маш сайн бэлтгэлтэй байх нь үндэсний болон бүс нутгийн эдийн засгийн хохирлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэж буй явдал юм. Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд зарцуулсан зардлын үр ашиг нь гамшгийн дараах аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааны зардлаас хавьгүй бага байдаг. Тиймээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах талаар хамтран ажиллаж, нөөц, мэдлэг туршлагаа нэгтгэж, үр дүнтэй хөрөнгө оруулалт хийх нь маш чухал болоод байна.

Зургаадугаарт. Тогтвортой хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлийн хамтын ажиллагааны санхүүгийн механизмыг бүрдүүлье.

Дэлхийн болон бүсийн санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа, улс орнуудын хандив, татвар зэрэгт түшиглэн тогтвортой хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлийн хамтын ажиллагааны санхүүгийн механизмыг бүрдүүлэх нь зүйтэй. Энэ нь бүс нутгийн гамшигт өртөмтгий хөгжиж буй орнууд, ялангуяа нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй болон арлын жижиг хөгжиж буй орнуудын гамшгийн эрсдэлийг бууруулахад тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд туслах, шинжлэх ухаан, судалгааны байгууллага, хувийн хэвшил, бусад холбогдох талын гамшгийн эрсдэлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, хөгжүүлэхийг дэмжих хамтын хүчин чармайлт, хөрөнгийг үр өгөөжтэй зарцуулах боломж бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Эрхэмсэг хатагтай ноёдоо,

Бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн оновчтой, өргөн хүрээтэй, хариуцлагатай шийдвэр гаргаж, туршлага солилцохоор энд хуран цугларсан төлөөлөгчид та бидний  хэлэлцүүлгийн дүн, цаашдын хамтын ажиллагаа  нь улс орнуудын гамшгийн эрсдэлийг бууруулах, бүс нутгийн төдийгүй дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн хангахад  онцгой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” сэдэвт Азийн сайд нарын II  бага хурлыг амжилттай зохион байгуулж, цаашид бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжиж, өргөжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар бүх талаар хамтран ажиллах эрмэлзэл төгс байгааг дахин нотолж байна. Хурлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар болон хамтран ажилласан та бүхэнд дахин чин сэтгэлийн талархал илэрхийлье. Гамшгийн эрсдэлийг бууруулах замаар байгаль орчинд ээлтэй, хүн бүрт тэгш хүртээмжтэй тогтвортой хөгжилд хүрэхийн төлөө хамтдаа зүтгэе гэжээ.

БНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

2018.08.28. Монгол Улс. Улаанбаатар хот. Бүрэн эрхийн хугацаа нь дуусч нутаг буцах болсонтой нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-аас манай оронд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Сураш Бабуг хүлээн авч уулзав. Хоёр улсын хооронд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал болж, худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжин хөгжихөд Элчин сайдын оруулсан хувь нэмэр их байсан гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Тэр дундаа Энэтхэгийн Засгийн газрын хөрөнгө оруулалтаар Монгол Улсад Газрын тосны боловсруулах үйлдвэр барих бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, гэрээ хэлэлцээр ажил хэрэг болж, бодит биелэлээ олоход онцгой үүрэг гүйцэтгэснийг хэллээ. Мөн, Монгол Улсад эх орноо төлөөлөн сууж байсны хувьд цаашид Газрын тосны боловсруулах үйлдвэр барьж дуусгахад аль болох дэмжлэг туслалцааг үзүүлж ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. Манай хоёр орны хамтын ажиллагааны үр дүнд босгосон газрын тосны үйлдвэрийн үйл ажиллагаа нээгдэх тэр өдөр баяртай уулзахын ерөөл тавив. Монгол, Энэтхэгийн олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар анхаарч байгааг Элчин сайд Сураш Бабу тэмдэглээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг удахгүй Энэтхэг Улсад айлчилна гэдэгт найдаж байна гэв. Хоёр орны харилцаа хамтын ажиллагаа улам тэлнэ гэж итгэж байна. Хил хамгаалах, Онцгой байдал, Батлан хамгаалах, Энергийн чиглэлээр явуулж байгаа бидний хамтын ажиллагаа үргэлжилнэ гэж бодож байгаа учир сэтгэл дүүрэн нутаг буцаж байна хэмээн ноён Сураш Бабу хэлжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Энэтхэгийн шинэ Элчин сайдыг хүлээн авч уулзав

2019.02.25. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Мохиндер Пратап Сингхийг хүлээн авч уулзав. Хоёр орны улс төрийн харилцаа өндөр түвшинд хөгжиж байгааг  Ерөнхий сайд тэмдэглээд түүх, соёлын эртний харилцаатай Энэтхэг Улсыг бүс нутаг дахь гол түнш, тус улстай хөгжүүлж байгаа Стратегийн түншлэлийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгдөг гэв. Цаашид улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг нэмэгдүүлэхийн төлөө байна гэлээ. Мөн аюулгүй байдал, батлан хамгаалах, хил хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахын төлөө Элчин сайд идэвх санаачилгатай ажиллана гэдэгт итгэлтэй байна гэв. Монгол Улс нь Энэтхэг Улсын хувьд чухал анд нөхөр, бүс нутаг дахь түнш орон. Харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллана гэдгээ Элчин сайд М.П.Сингх хэлэв. Уулзалтын үеэр Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар ярилцлаа. Энэ төсөл нь харилцаа, хамтын ажиллагаанд шинэ хуудас нэмсэн, түүхэнд тэмдэглэгдэн үлдэх бүтээн байгуулалт гэдэгт талууд санал нэгдэв. Энэтхэгийн тал нэмэлт санхүүжилтийг баталгаажуулах, үйлдвэрт ажиллах монгол инженер, техникийн ажилтнуудыг сургаж бэлтгэх, Инженерс Индиа Лимитед компанийн Төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотод нээх, Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлгээр суралцах иргэдийн тоог нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр ажиллаж байгааг Элчин сайд М.П.Сингх хэлжээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажил эхэллээ

2019.10.08. Монгол Улс. Улаанбаатар хот. Газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтэц бэлэн боллоо. Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийг ашиглалтад хүлээн авч, барилга угсралт, хөрөнгө оруулалтыг албан ёсоор эхэллээ. БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 2023 онд энэ үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахаар болсон. Монгол Улсын  Засгийн  газар үйлдвэрийн гаднах дэд бүтцийг  байгуулах үүргээ цаг хугацаанд нь гүйцэтгэж ашиглалтад орууллаа. Хүлээн авах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Дармэндр Пратхан, БНЭУ-ын Гадаад хэргийн сайдын зөвлөх К.Панкаж, БНЭУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд М.П.Сингх болон УИХ, Засгийн газрын гишүүд, албаны бусад хүн оролцов. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ БНЭУ-ын Засгийн газар хөрөнгө оруулалт хийснээр Монголын төрөөс сүүлийн хориод жил зорьж буй газрын тосоо дотооддоо боловсруулж, түлш шатахууны хэрэгцээгээ хангах зорилтыг бодитой ажил хэрэг болгох боломжийг бүрдүүллээ. Төмөр зам, авто зам, цахилгаан дамжуулах агаарын шугамаа татаж дууслаа. Энэ бол төрийн болон мэргэжлийн байгууллагуудын өндөр зохион байгуулалттай ажилласны үр дүн. Дотоод нөөц бололцоогоо дайчилж, бүтээн байгуулалтаа гүйцээж хийхийн нотолгоо болж байна. Монгол, Энэтхэгийн зорьж буй энэхүү хамтын бүтээн байгуулалт нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. БНЭУ-ын Засгийн газар, ард түмэнд талархал илэрхийлье гэжээ. БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Д.Пратхан; Монгол Улсад 1,5 сая/тн хүчин чадалтай газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулж буй нь хоёр улсын нөхөрлөлийн бэлэг тэмдэг юм. Монголын талын хүсэлтээр 236 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг манай Засгийн газраас хийхээр шийдвэрлэсэн. Хоёр орны стратегийн түншлэлийг улам хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах болно” гэв. Дорноговь аймгийн Сайншанд хотоос зүүн хойш 18 км-т Алтанширээ сумын нутаг дэвсгэрт байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд 27км төмөр зам, 17,2 км 100 тоннын хүнд даацын авто зам барьж, улсын чанартай төв автозам болон төмөр замтай холбожээ. Мөн 110 кВт-ын эрчим хүчний агаарын дамжуулах шугам барьж, үйлдвэрийн талбайг бэлтгэх, тэгшлэх ажлыг гүйцэтгээд байна. Газрын тосны боловсруулах үйлдвэр нь урьдчилсан ТЭЗҮ-ээр жилд 1,5 сая/тн тос боловруулах хүчин чадалтай байх юм. Үйлдвэрийн түүхий эдийн нөөцийг тогтоох хайгуулын ажлууд бүс нутгийн хэмжээнд идэвхитэй хийгдэж байгаа бөгөөд бүрэн тогтоогдсон нь 35 сая/тн. Нефть-хими болон химийн аж үйлдвэрийн суурь, түүхий тос дамжуулах хоолой төслийн хүрээнд тавигдах юм. Газрын тосны боловсруулах үйлдвэр баригдсанаар түлш  шатахууны импортын хамаарлаас гарч, валютын гарах урсгал 20 орчим хувиар буурна. Мөн Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хувиар нэмэгдэж, улсын болон орон нутгийн төсвийн орлого 150 сая ам.доллараар өсч, 600 гаруй ажлын байр шинээр бий болж, үйлдвэрийг дагасан жижиг дунд үйлдвэрлэл хөгжих юм. Дэд бүтцийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, үүрэг гүйцэтгэсэн Зэвсэгт хүчний дугаар ангийн албан хаагчид, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”, “УБТЗ” ХНН, “МТЗ” компанийн нийт ажилчдад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын талархалыг гардуулж, баяр хүргэн зарим хүнийг шагнаж урамшууллаа. Одоо газрын тосны боловсруулах үйлдвэрийн ажилтан албан хаагчдын 550 айлын орон сууцны хорооллыг барьж эхлээд байна гэжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзав

2020.09.22. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзав. Элчин сайд М.П.Сингх Монгол Улсын Ерөнхий сайдад Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Модигийн мэндчилгээг уламжлан, Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэхэд онцгой анхаарч, дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад талархал илэрхийлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсад элэгсэг дотно ханддаг Элчин сайдтай уулзаж байгаадаа баяртай байна гээд Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Модигийн Монгол Улстай хийж буй харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал түлхэц үзүүлж буйг тэмдэглэв. Хамтын ажиллагааны эрчийг цаашид улам нэмэгдүүлэн, дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалж, харилцааг бүхий л салбарт өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Талууд Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиролцов. Мөн Энэтхэг Улсад зарим бараа бүтээгдэхүүнийг экспортлох туршилтын тээвэрлэлт хийхэд хоёр тал ач холбогдол өгч, хамтран ажиллахаар ярилцав. Соёл, боловсрол, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцсоноос гадна зарим төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Энэ онд тохиож буй Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаагаа Элчин сайд М.П.Сингх хэлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад онцгой ач холбогдол өгч байгаагаа хэлээд, Энэтхэгт саатаад байсан монгол иргэдийг татаж авахад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлжээ.

Энэтхэгээс захиалгат нислэгээр 219 лам хүүхдийг эх орондоо авч ирнэ

2020.06.01. Монгол Улс. Улаанбаатар хот. БНЭУ-ын Каранатака мужид байдаг Гоман, Сэра, Жүме гэсэн гурван дацанд шашны чиглэлээр сурч, амьдарч буй нийт 597 монгол иргэн байна. Үүний 357 нь 10-18 хүртэлх насны хүүхэд аж. Тэдгээрээс 219 хүүхдийнх нь  эцэг, эх, асран хамгаалагч болон Гоман дацангийн удирдлагуудаас хүсэлт тавьсны дагуу хүүхдүүдийг эх оронд нь авч ирэхээр шийдвэрлэж, зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайдад үүрэг болгов. Хүүхдүүдийн амьдарч буй хийдээс 6 километрийн зайд Ковид19 вурусын тохиолдол илэрсэн нь тэдний нөхцөл байдлыг эрсдэлтэй болгосон учир чартер нислэг гарган хүүхдүүдийг эх оронд нь татан авч ирүүлэхийг хүссэн байна. Эх орондоо ирэх хүсэлтэй 219 хүүхдийн 70 хувь нь  Архангай, Баянхонгор, Завхан, Төв, Хэнтий, Увс зэрэг аймгуудаас ирсэн орон нутгийн хүүхдүүд аж. Эцэг эхчүүд нислэгийн зардлыг төлөх ч тусгаарлалтын төлбөрийг төлөх боломжгүй учир дэмжлэг үзүүлэхийг Засгийн газраас хүсчээ. Иймд тусгаарлах зардалд шаардагдах 229.9 сая төгрөгийг Хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөрөөс санхүүжүүлж, насанд хүрэгчдийн адил хорио цээрийн шаардлага хангасан  тусгаарлах байранд байрлуулж, нийгэм сэтгэлзүйн үйлчилгээг үзүүлэх ажлыг даалгажээ. Дашрамд дурдахад, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020.05.13-нд Туркийн Истанбул  хот руу тусгай үүргийн нислэг хийж, 170 орчим монгол иргэнээ татан авав. Мөн ОХУ-ын Улаан-Үд хотоос 05.14-нд 202 иргэнийг, 05.15-нд Эрхүү хотоос 200 орчим иргэнийг татан авав. Харин 05.18-нд Энэтхэг улсаас тусгай үүргийг онгоц нислэг үйлдэж, иргэдээ татан авахаар ажиллаж байсан юм.

БНЭУ-аас ойрын хугацаанд вакцин нийлүүлнэ

2021.01.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-д үйлдвэрлэж байгаа “Ковид-19” цар тахлын эсрэг вакцинаас авах хүсэлтэй байгаагаа тус улсын Ерөнхий сайд Нарендра Модид илгээсэн албан захидалдаа илэрхийлсэн байна.Талууд вакцин нийлүүлэх хүрээнд өнөөдрөөс буюу 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 150 монгол эмчийг цахим сургалтад хамруулж эхэллээ. Тээвэрлэлт, хадгалалт, вакцинжуулах ажил бэлэн болсон бөгөөд вакцины тоо хэмжээ, нийлүүлэх хуваарийг дипломат шугамаар тохиролцох юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсад дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн стратегийн түнш, гуравдагч хөрш БНЭУ-ын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлжээ.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа

2021.03.02. Сангийн сайд Б.Жавхлан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол, Энэтхэг хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, ялангуяа түүхий тос дамжуулах хоолойн асуудлаар санал солилцов. БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төсөл амжилттай хэрэгжиж, төлөвлөлтийн шатнаас барилга-угсралтын шатанд шилжиж байгаа бөгөөд үйлдвэрийн технологийн бус барилга байгууламжийн ажлыг Энэтхэгийн “JMC Projects India” компани гүйцэтгэхээр гэрээ байгуулан бүтээн байгуулалтын ажлыг 2021 оны 01 сарын 15-ны өдрөөс эхлүүлсэн байна. Элчин сайд М.П.Сингх хоёр орны харилцааны бэлэг тэмдэг болсон энэхүү төслийг амжилттай урагшлуулахад Энэтхэгийн талаас бүх талаар дэмжиж хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

Энэтхэгийн элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзав

2020.09.22. Монгол Улс. Улаанбаатар хот. Энэ өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа. Элчин сайд М.П.Сингх Монгол Улсын Ерөнхий сайдад Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Модигийн мэндчилгээг уламжлан, Монгол Энэтхэгийн Стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэхэд онцгой анхаарч, дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад талархал илэрхийлэв. Талууд Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиролцсон юм. Мөн Энэтхэг Улсад зарим бараа бүтээгдэхүүнийг экспортлох туршилтын тээвэрлэлт хийхэд хоёр тал ач холбогдол өгч, хамтран ажиллахаар ярилцав. Соёл, боловсрол, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцсоноос гадна зарим төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Энэ онд тохиож буй Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаагаа Элчин сайд М.П.Сингх хэлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх КОВИД-19 цар тахлыг даван туулах, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад онцгой ач холбогдол өгч байгаагаа хэлээд Энэтхэгт саатаад байсан монгол иргэдийг татаж авахад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлсэн юм.

Энэтхэгийн элчин сайдыг хүлээн авч уулзав

2021.08.31. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх-ийг хүлээн авч уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь Элчин сайд баяр хүргэж, Монгол Улсад улс төрийн тогтвортой байдал сэргэн бэхжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч ирснээ дурдаж, цаашид Ерөнхийлөгчийн хувиар Стратегийн түншлэлийг бэхжүүлэх, хамтарсан томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Хоёр улс цар тахлын үед ч идэвхтэй хамтран ажиллаж, бие биенээ харилцан дэмжиж ирснийг талууд онцлов. БНЭУ-аас цар тахлын эмчилгээнд ашиглах Ремдесивир эмийн 100 мянган тун тарилгыг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улс хүлээн авсан нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад чухал хувь нэмэртэйг тэмдэглэлээ. Хоёр улсын Стратегийн түншлэлийн бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн идэвх чармайлттай ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Уулзалтын үеэр хоёр улсын хооронд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, энэ хүрээнд БНЭУ-д коксжих нүүрс экспортлох туршилтын тээвэрлэлтийг эхлүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцлоо. БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд А.Б.Важпайн нэрэмжит Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн төв болон Монгол, Энэтхэгийн хамтарсан найрамдалт дунд сургууль байгуулах зэрэг хамтарсан төсөл хэрэгжиж эхэлсэнд талууд сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийллээ гэжээ. 


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-ын Үндэсний аюулгүй байдал хариуцсан орлогч зөвлөх Викрам Мисриг хүлээн авч уулзлаа

2022.04.14. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улс /БНЭУ/-ын Үндэсний аюулгүй байдал хариуцсан орлогч зөвлөх Викрам Мисриг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын ард түмний оюун санааны хөрш, чухал гуравдагч түнш болох Энэтхэг улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүх түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлж, Стратегийн түншлэлээ улам бэхжүүлэн шинэ шатанд гаргахын төлөө байгаагаа илэрхийлэв. Ялангуяа хоёр орны хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар онцгой анхаарал хандуулж байгаагаа дурдаад, үйлдвэрийг цаг хугацаанд нь ашиглалтад оруулах нь чухал байгааг онцоллоо. Орлогч зөвлөх Викрам Мисри БНЭУ-ын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилж, хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтаар хамтын ажиллагааны чиглэлүүд, сансар, харилцаа холбооны салбарт хамтран хэрэгжүүлэх тодорхой төсөл, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй яриа хэлэлцээ өрнүүлснийг тэмдэглэв. Тухайлбал, аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх асуудлаар санал нэгтэй байгааг дурдлаа. Мөн Энэтхэг, Монгол Улсын хамтран хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд тус улсаас төр, засгийн өндөр, дээд түвшинд анхаарал хандуулж буйг хэлэв. Энэхүү төслийн хэрэгжилт нь холбогдох яамдын хариуцах ажил хэдий ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс онцгойлон авч үзэж буйд талархалтай хандаж байна гэлээ. Иймд тус төслийн явцад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны зүгээс тусгайлан анхаарч, хяналт тавин ажиллана гэдгийг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-ын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад халуун дотно мэндчилгээг нь уламжлахыг хүсээд, энэ удаагийн айлчлал өндөр үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

БНЭУ-ын Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзав

2022.09.06. Монгол Улс. Улаанбаатао хот. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингхийг хүлээн авч уулзав. Оюун санааны түнш, гуравдагч хөрш БНЭУ-тай харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжиж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэж, үүнд БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди-гийн 2015 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал болон Батлан хамгаалахын сайдын энэ удаагийн айлчлал чухал түлхэц болж байгааг онцлов. Мөн хоёр орны хооронд тогтоосон Стратегийн түншлэлийн харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хүргэх бүрэн боломж байгааг хэлэв. Ардчилал, эрх чөлөөг дээдэлдэг зэрэг ижил төстэй зүйл олон Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахаа БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх илэрхийлэв. Уулзалтын үеэр олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудал болон газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт, батлан хамгаалах, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдал, боловсрол, агаарын тээвэр, аялал жуулчлал зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Энэтхэгийн Ерөнхийлөгч баярын захидал ирүүлэв

2022.07.15. Mонгол Улc. Улaaнбaaтaр хот. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Рам Нат Ковинд мэндчилгээ дэвшүүллээ. УГ МЭНДЧИЛГЭЭНД: Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монголын ард түмэнд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар, Энэтхэгийн ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Энэтхэг, Монгол нь оюун санааны ойр дотно хөрш бөгөөд Стратегийн түншүүд билээ. Цар тахлын улмаас тулгарч буй сорилтуудыг үл харгалзан бидний олон талт хамтын ажиллагаа бүх талаар цэцэглэн хөгжиж байгааг тэмдэглэхэд нэн таатай байна. Саяхан болж өнгөрсөн Монгол Улсын Их дүйчэн өдрөөр Энэтхэг Улсад хадгалагдаж буй Бурхан багш Буддагийн чандарыг Монгол Улсад залж, сүсэгтэн олон, ард иргэдэд дэлгэн үзүүлсэн нь бидний Буддын шашны гүн гүнзгий хэлхээ холбоо, ижил төстэй өв соёл, шашин шүтлэгтэйг гэрчилж байна. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Таны манлайлал дор манай хоёр орны Стратегийн түншлэл олон салбарт өргөжин тэлж, хамтын ажиллагааны шинэ гарцуудыг нээж өгнө гэдэгт миний бие итгэл төгс байна. Энэхүү завшааныг ашиглан Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлт, сайн сайхны ерөөл дэвшүүлье. Энэ ялдамд, Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд нэн өндөр хүндэтгэлээ дахин илэрхийлж буйг минь хүлээн авна уу гэжээ. 

ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

2023.05.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскалантег хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч цар тахлын үед ДЭМБ-ын Монгол Улсад үзүүлсэн дэмжлэгийг үнэлж байдгаа хэлж, Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Энэ жил тохиож буй ДЭМБ үүсэж хөгжсөний 75 жилийн ойн мэндийг дэвшүүлж, ДЭМБ-ын дэвшүүлсэн Эрүүл мэндийг хүн бүрд аяныг Монгол Улс дэмжиж байгаа гэлээ. Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан хөгжүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй Эрүүл монгол хүн, Тэрбум мод, Хүнсний хангамж, аюулгүй байдал хэмээх гурван тулгуурт, харилцан уялдаатай үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа хэлэв. ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте үүрэгт ажилдаа орсноос хойш Монгол Улсын эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцах явцад анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар, мөн монгол эмч, мэргэжилтнүүдийн ур чадварын түвшнийг өндрөөр үнэлж байснаа хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй Эрүүл монгол хүн, Тэрбум мод, Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг ДЭМБ дэмжиж буй бөгөөд Монгол Улсад ажиллах хугацаандаа хамтын зорилтуудын хэрэгжилтийг хангахын төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ. ДЭМБ, Монгол Улсын хамтын ажиллагааны ирэх 5 жилийн стратегийн баримт бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах, эрүүл мэндийн аюулгүй байдлын чадавхыг хөгжүүлэх, эрүүл орчныг бүрдүүлэх, халдварт болон халдварт бус өвчинтэй тэмцэх тогтолцооны чадавхыг сайжруулах зэрэг чиглэлийг тусгахаар төлөвлөн ажиллаж байгаа гэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сокорро Эскалантед ажлын амжилт хүсэж, хамтын ажиллагааг нягт, үр дүнтэй байлгахад бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-ын Парламентын Доод танхим Лок Сабха-гийн даргыг хүлээн авч уулзав

2023.07.07. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла-г хүлээн авч уулзав. Монгол Улс “оюун санааны хөрш”, “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь чухал түнш Энэтхэг Улстай хөгжүүлж буй “Стратегийн түншлэл”-ийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгдгийг Ерөнхийлөгч тэмдэглэв. Харилцаа, хамтын ажиллагаа аюулгүй байдал, батлан хамгаалах, боловсрол, соёлын салбарт түлхүү хөгжиж буйг тэмдэглээд, цаашид уул уурхай, хөдөө аж ахуй, эрүүл мэнд зэрэг салбарт идэвхтэй ажиллахын төлөө буйгаа онцлов. Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд харилцан бие биеэ дэмжин, хамтран ажиллаж ирснийг улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. БНЭУ нь ШХАБ болон Их-20-ийг амжилттай даргалж буйд баяр хүргэж, Монгол Улсад 2026 онд зохион байгуулах НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д энэтхэгийн талыг оролцохыг урив. Лок Сабха-гийн дарга Ом Бирла Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-ын Ерөнхийлөгч Дроупади Мүрмү-гийн мэндчилгээг уламжилж, Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагааг бүх түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв. Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа онцлов. Талууд Монгол, Энэтхэгийн хамтарсан “Нүүдэлчин заан” тусгай хүчний хээрийн сургууль болон “Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуулийг хамтран  зохион байгуулж буйг сайшаав. Түүнчлэн хоёр улсын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө байгаагаа илэрхийлжээ.

ДЭМБ-ын Ерөнхий захирлыг хүлээн авч уулзав

2023.07.10. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос А.Гебрейесусыг хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үүсэж хөгжсөний 75 жилийн ойн баярын мэнд хүргэж,  цар тахлын хүнд үеийг хохирол багатай даван туулахад тус байгууллагын дэмжлэг, тусламж, хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэв. Мөн ДЭМБ-ын дэвшүүлсэн “Эрүүл мэндийг хүн бүрд” аяныг дэмжиж буйгаа илэрхийлж, Эрүүл монгол хүн”, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” гэсэн харилцан уялдаатай үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа хэлэв. Монгол Улс бусад улстай харьцуулбал ард иргэдээ богино хугацаанд дархлаажуулалтад хамруулах  зэргээр түргэн шуурхай арга хэмжээ авч, цар тахлын үеийг хохирол багатай даван гарсныг ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос А.Гебрейесус онцлов. Мөн эрүүл мэндийн салбартаа өмнөхөөс илүү хөрөнгө зарцуулж, эрүүл орчин бүрдүүлэх, халдварт болон халдварт бус өвчинтэй тэмцэх тогтолцоо, эрүүл мэндийн байдлын чадавхыг бэхжүүлэхийн төлөө байгааг сайшаав. Монгол Улсын төр, засаг ард иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч, тодорхой санал, санаачилга гарган ажиллаж байгааг тэмдэглээд, энэ чиглэлээрх бодлого, зорилтуудыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

2023.11.20. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мохиндер Пратап Сингх-ийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Энэтхэгийн харилцаа 70 орчим жилийн түүхтэй хэдий ч хоёр орны ард түмэн өнө эртнээс түүх, соёл, бурхан шашны хэлхээ холбоотой гэдгийг тэмдэглэлээ. Мөн Оюун санааны хөрш Энэтхэг Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаа гүнзгийрэн хөгжиж буйд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв. Монгол Улсад Элчин сайдаар ажиллах хугацаандаа Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, улс төрийн харилцааг дээд, өндөр түвшинд бэхжүүлэх, хамтын ажиллагааны түүхэнд бичигдэх томоохон төсөл, хөтөлбөрийг ажил хэрэг болгоход жинтэй хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлж буйгаа онцлов. Элчин сайд М.Сингх аюулгүй байдал, батлан хамгаалах, уул уурхай, цахим харилцаа, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг  өргөжүүлэх чиглэлээр хамтран ажилласандаа баяртай буйгаа тэмдэглэв. Тэрбээр цаашид хоёр орны найрсаг харилцааг бататган бэхжүүлэх, ялангуяа Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахад анхаарч ажиллахаа илэрхийллээ. Элчин сайд М.Сингх нь 2019 оноос Монгол Улсад суугаа Элчин сайдаар ажиллахдаа цар тахлын үед Энэтхэг Улсаас вакцин хандивлах, Энэтхэгийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар Кибер аюулгүй байдлын төв,  Мэдээлэл, харилцаа холбооны аутсорсонгийн төв болон Монгол-Энэтхэгийн найрамдалт ерөнхий боловсролын сургуулийг Улаанбаатар хотноо байгуулах зэрэгт онцгой хувь нэмэр оруулсан юм.

Энэтхэгийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2024.04.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвэ Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Элчин сайд А.М.Готсурвэг үүрэгт ажилдаа орж буйд нь Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэн, амжилт хүсээд Оюун санааны хөрш Энэтхэг Улстай тогтоосон Стратегийн түншлэлийн харилцаа гүнзгийрэн хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв. Монгол, Энэтхэгийн харилцаа 70 орчим жилийн түүхтэй ч хоёр орны ард түмэн өнө эртнээс түүх, соёл, бурхан шашны хэлхээ холбоотойг тэмдэглэв. Харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, улс төрийн харилцааг дээд, өндөр түвшинд бэхжүүлэх, харилцааны бэлгэ тэмдэг болох төсөл, хөтөлбөр, ялангуяа Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулах чиглэлээр хичээн ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа хэлэв. Элчин сайд А.М.Готсурвэ хоёр орны харилцааг бэхжүүлэх, аюулгүй байдал, батлан хамгаалах, уул уурхай, цахим харилцаа, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ. Монгол Улс, БНЭУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой ирэх онд тохионо.

Энэтхэгийн Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүллээ

2024.07.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму мэндчилгээ ирүүлжээ. Энэтхэгийн Засгийн газар, ард түмэн, өөрийн нэрийн өмнөөс Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд болон Монгол Улсын Засгийн газар, танай найрсаг ард түмэнд Үндэсний их баяр наадмын халуун баяр хүргэе. Манай хоёр улс оюун санааны хөрш бөгөөд стратегийн түншүүд билээ. Бид соёл иргэншил, түүх, оюун санаа, соёлын хэлхээ холбоотой төдийгүй ардчилал, эрх чөлөөний ижил үнэт зүйлстэй. Буддын шашны нийтлэг өв соёл нь бидний харилцааг улам бүр бэхжүүлэн бататгах гүүр болдог билээ. Харилцааны чухал төсөл болох Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажилд ихээхэн ахиц гарч байна. Таны чадварлаг удирдлага дор манай Стратегийн түншлэлийн харилцаа улам хөгжиж, хамтын ажиллагаа шинэ агуулгаар баяжна гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Хариулт үлдээнэ үү