Монгол, Үзбекистаны харилцаа

ШХАБ-ын Дээд түвшний уулзалтад оролцоно
2022.09.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо 2022 оны 09 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно. Монгол Улсын Ерөнхийлөгч өргөтгөсөн хуралдааны үеэр ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орны төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийж, хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. Түүнчлэн цар тахлын улмаас хоёр жил завсардсан Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын гурван талт ээлжит зургаадугаар уулзалтад оролцож, гурван улсын хувьд стратегийн ач холбогдолтой Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойн төслийн хэрэгжилтийн талаар ярилцана. Монгол Улс ШХАБ-ыг олон талт хамтын ажиллагаанд оролцох чухал суваг хэмээн үзэж, 2004 онд ажиглагчийн статустай болсноос хойш тус байгууллагын дээд түвшний уулзалт болох Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд тогтмол оролцож ирсэн юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистанд хүрэлцэн очив
2022.09.14. Узбекистан улс. Самарканд хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотод хүрэлцэн очлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Самарканд хотын олон улсын нисэх буудалд хүрэлцэн очиход хүндэт харуулын цэрэг жагсаж, Үзбекистаны талаас Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Н.Арипов, Монголын талаас Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү тэргүүтэй албаны төлөөлөгчид угтав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын анхны Ерөнхийлөгч И.Каримовын бунханд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевтэй уулзана.

Узбекистаны Ерөнхийлөгч Ш.Мирзиёевтэй уулзав
2022.09.14. Узбекистан улс. Самарканд хот. Бүгд Найрамдах Узбекистан Улсад айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирoмонович Мирзиёевтэй албан ёсны уулзалт хийв. Албан ёсны уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч эртний түүхт Самарканд хотод зочилж, Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын ээлжит зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэж, өндөр амжилт хүсэв. Уулзалтын үеэр талууд Монгол, Узбекистан хоёр улс түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын гүнзгий хэлхээ холбоотой, найрсаг харилцаатай орнууд болохыг онцолж, далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд хөгжлийн туршлагаасаа хуваалцаж, цаашид олон салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг онцлон тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевийг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урилаа. Цаашид хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахын тулд дээд түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлж, өндөр түвшний яриа хэлэлцээг тогтмол өрнүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдэж, ойрын ирээдүйд Дипломат төлөөлөгчийн газраа харилцан нээн ажиллуулах нь чухал ач холбогдолтой болохыг онцлов. Монгол Улсын Ерөнхийлөгч Төв Азийн бүс нутагт хүн амаараа тэргүүлдэг Узбекистан Улсын зах зээл манай сонирхлыг ихээхэн татаж байгааг онцолж, цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх, ялангуяа мал аж ахуй, газар тариалангийн, мөн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлт зэрэг хөнгөн үйлдвэрийн салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Узбекистаны тал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ялангуяа хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилтын хүрээнд Засгийн газар хоорондын комиссыг шинээр байгуулах саналыг дэвшүүлж, узбекистаны талаас Хөдөө аж ахуйн сайдыг томилж байгаагаа мэдэгдэв. Түүнчлэн хоёр орны Гадаад харилцааны яамд хоорондын уулзалтыг тогтмолжуулж, зөвлөлдөх уулзалтуудыг хийж ажиллахаар тохиролцов. Үүнээс гадна, талууд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын нийтлэг сорилт болох тээврийн саад тотгорыг хэрхэн даван туулах талаар харилцан туршлага солилцож ажиллахаар санал нэгдэв. Түүнчлэн Улаанбаатар хотноо төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвд Төв Азийн бүс нутгийн чухал орон болох Узбекистан Улс гишүүнээр элсэх чиглэлээр нааштай судалж үзэхээ Узбекистаны тал мэдэгдэв. Уулзалтын үеэр талууд цаашид түүх, соёл, аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг онцолж, энэ оны 06 дугаар сараас эхлэн хоёр улсын иргэд 30 хүртэл хоног харилцан визгүй зорчиж байгааг сайшаан тэмдэглэсэн болно. Түүнчлэн тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хувь нэмэр оруулах зорилтын хүрээнд Монгол Улсын Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, Узбекистаны Ногоон орон зай хөтөлбөрийг уялдуулан хэрэгжүүлэхээр санал солилцож, дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод буй хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр хоёр талын хүрээнд болон олон улсын тавцанд нягт хамтарч ажиллахаар тогтов.

ШХАБ-ын хуралд үг хэлэв
2022.09.17. Үзбекистан улс. Самарканд хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж, бүс нутагт өрнөж буй худалдаа, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлздэг гэдгийг тэмдэглэв. Энэхүү олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд Монгол Улс ШХАБ-ын ажиглагч улсын хувьд тус байгууллагын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын болон бусад уулзалт, арга хэмжээнд тогтмол, идэвхтэй оролцож, хамтран ажиллаж ирснийг хэлэв. Цаашид ч ШХАБ-ын гишүүн орнуудтай худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, тээвэр ложистик, байгаль орчин, аялал жуулчлал, мэдээллийн технологи, хөдөө аж ахуй, хүнсний хангамж – аюулгүй байдал, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлж, улс хоорондын болон бүс нутгийн эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, бодит ажил хэрэг болгох сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүрээлэн буй орчны доройтол болон хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлуудад улс орнууд онцгой анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа тэмдэглэв. Иймд Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шороон шуургатай тэмцэх, ой, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг эх орондоо өрнүүлж эхлээд байгааг дуулгалаа. Уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж байгаа улс орнуудын нэг болохын хувьд Монгол Улс хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр хөрш болон бүс нутгийн улс орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP-17/-ыг 2026 онд эх орондоо зохион байгуулахаар болсныг хэлэв. Мөн түүнчлэн дэлхий даяар үнийн өсөлт, инфляц нэмэгдэж, дэлхийн улс орнууд хоол хүнс, эрчим хүч, нефть шатахуун болон бусад амин чухал бараа бүтээгдэхүүний хомсдолд орж байгааг дурдав.

НҮБ-ын мэдээлснээр 2019 онд дэлхийн хэмжээнд 135 сая хүн хүнсний хэт дутагдалд орж байсан бол, энэхүү үзүүлэлт өнөөдөр 2.5 дахин нэмэгдэж, 345 саяд хүрээд байна. Иймд улс орон бүр хүнсний хангамж, аюулгүй байдалдаа ихээхэн анхаарах шаардлагатай байгаа бөгөөд энэ хүрээнд Монгол Улс хүнсний хангамж, аюулгүй байдлаа сайжруулж, цаашид хүнс экспортлогч улс болохыг зорьж байгааг онцоллоо. Монгол Улс нь Ази, Европыг холбосон газар зүйн байршлын онцлог байдалдаа тулгуурлан худалдаа, аялал жуулчлал, тээвэр ложистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал, үйлчилгээний зангилаа болсон Транзит Монгол болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгааг хэлэв. Энэ хүрээнд ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн өргөн хүрээтэй, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд онцгой анхаарч, Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт туссан авто зам, төмөр зам, эрчим хүч, аялал жуулчлалын томоохон төслүүд болон Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг барьж байгуулах төслийг хэрэгжүүлэхээр идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцлон тэмдэглэлээ. Энэ удаагийн ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит өргөтгөсөн хуралдааны дүнгээр:

- Самаркандын тунхаглал,
- Иран Улс ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн улс болохтой холбогдуулан хүлээх үүргийн тухай санамж бичиг,
- Египет, Саудын Арабын Хаант Улс, Катар зэрэг улсад ШХАБ-ын яриа хэлэлцээний түншийн статус олгох тухай санамж бичиг,
- Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газар хоорондын хэлэлцээр,
- ШХАБ-ын гишүүн орнуудын дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр, бизнесийн салбарын аж үйлдвэрийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх хөтөлбөр,
- ШХАБ-ын хүрээнд бүс нутгийн худалдааг хөгжүүлэх үйл ажиллагааны хамтарсан төлөвлөгөө,
- ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар, Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг зэрэг нийт 40 гаруй баримт бичгийг батлан гаргасан байна.
Энэ удаагийн ШХАБ-ын дээд түвшний уулзалтад Казахстан, Киргизстан, Тажикистан, Узбекистан, Пакистан,
Туркменистан, Энэтхэг, Иран, Беларусь, Турк, Азербайжан, Армени, Балба, Камбож, Мьянмар, Шри-Ланка, Мальдив, Бахрейн, Сири, Арабын Нэгдсэн Эмират Улс, Кувейт, Монгол, ОХУ, БНХАУ зэрэг улсын төлөөлөгчид оролцов. Мөн НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага, НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс, Арабын орнуудын лиг, Астана олон улсын санхүүгийн төв зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцов.

Узбекистанийн элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2023.11.17. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Узбекистан Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фарход Арзиев Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд Фарход Арзиев харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгчтэй уулзав
2023.12.02. АНЭУ. Дубай хот. Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-тэй уулзав. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын хэлхээ холбоотой Узбекистан Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээ, иргэд хоорондын хэлхээ холбоог бататган бэхжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэв. Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол Улс болон Узбекистан Улс нь далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд хөгжлийн туршлагаа харилцан хуваалцаж, цаашид аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик зэрэг тэргүүлэх салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхээ илэрхийлэв. Түүнчлэн хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, “Монгол, Узбекистаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар тохирч, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Бүгд Найрамдах Узбекистан Улсад тааламжтай цагтаа айлчлахыг Ерөнхийлөгч Ш.Мирзиёев урив.

Монгол Улсын Eрөнхийлөгч Үзбeкистан Улсад айлчилна
2024.06.21.Монгол Улс.Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-ийн урилгаар 2024 оны 06 дугаар сарын
23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Энэ айлчлал нь хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш дээд түвшинд болж буй анхны айлчлал юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Олий Мажлис Парламентийн Сенатын дарга Танзила Нарбаева, Ерөнхий сайд Абдулла Арипов нартай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
2024.06.23. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-ийн урилгаар 2024 оны 06 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо. Энэ айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 32 жилийн хугацаанд анх удаа болж буй дээд түвшний айлчлал юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Узбекистан Улсын Парламент Олий Мажлис-ийн Сенатын дарга Т.Нарбаева, Ерөнхий сайд А.Арипов зэрэг албаны хүмүүс бараалхана. Айлчлалын хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Элчин сайдын яамыг албан ёсоор нээж, Монгол-Узбекистаны бизнес форум, соёлын хамтарсан тоглолт зэрэг арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
2024.06.24. Үзбекистан Улс. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийхээр 2024.06.23-ны өдөр Ташкент хотноо хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Ташкент хотын Ислам Каримовын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Н.Арипов, Гадаад хэргийн сайд Б.Саидов, тус улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ф.Н.Арзиев зэрэг албаны хүн угтан авав. Энэ өдөр Ерөнхийлөгч гэргийн хамт Тусгаар тогтнолын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Төлөөлөгчдийг тусгаар тогтнолын хөшөөнд хүрэлцэн ирэхэд Узбекистан Улсын Төрийн хүндэт харуул жагсаж угтлаа. Цэцэг өргөсний дараа Түүхийн музейн захирал Ж.Исмаилова дурсгалын хананд сийлсэн Узбекистан Улсын түүхийг товч танилцууллаа. Энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улсын хооронд 1992.01.25-ны өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд болж буй анхны төрийн айлчлал юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хиву хотод зочилж, тус улсын түүх соёлын дурсгалт газартай танилцана
2024.06.24. Үзбекистан Улс. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлс.үх Бүгд Найрамдах Үзбекистан Улсад төрийн айлчлал хийх тухай тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллэв. Үзбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2024.06.23-26-ны өдрүүдэд Үзбекистан Улсад төрийн айлчлал хийх юм гэжээ. Айлчлалын үеэр Ташкент хотод өндөр дээд түвшний яриа хэлэлцээ өрнөх ба Монгол-Үзбекийн найрамдалт харилцааг цаашид улам гүнзгийрүүлэх, бэхжүүлэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх юм. Ингэхдээ улстөрийн яриа хэлэлцээг өргөжүүлэх, бараа эргэлтийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, эрүүл мэнд, транспорт, логистик, соёл урлаг, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцэж, баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Үзбекистан Улсад хийж буй төрийн айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн уулзахаас гадна, томоохон компаниудын төлөөлөл болон ажлын хэргийн ойрын хүрээлэлтэй уулзаж, хоёр талын бусад арга хэмжээнд оролцох юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хиву хотод зочилж, тус улсын түүх соёлын дурсгалт газартай танилцана гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг албан ёсоор угтан авлаа
2024.06.24. Үзбекистан Улс. Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Узбекистаны “Куксарой” ордны өмнө албан ёсоор угтан авлаа. Ордны өмнөх талбайд хоёр улсын төрийн далбааг мандуулж, Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн Хүндэт харуул жагссан байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев хүндэт индэрт урьсны дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Хүндэт харуулын дарга угтан мэндчилсний дараа Төрийн тэргүүн нар хоёр талын албан ёсны төлөөлөгчидтэй мэндчиллээ. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев, гэргий З.Мирзиёева нар дурсгалын гэрэл зураг авахууллаа. Угтах ёслолын дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхийлөгч Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцоно. Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн ордон “Куксарой” буюу “Хөх ордон”-г тус улсын анхны Ерөнхийлөгч И.Каримов-ын санаачилгаар 1990 онд барьсан. Энэ ордонд Ерөнхийлөгч Ш.Мирзиёев өдөр тутмын ажлаа эрхлэн явуулдаг бөгөөд гадаадын төрийн тэргүүн, хүндэт зочдыг хүлээн авч, ёслолын хүлээн авалт зохион байгуулдаг уламжлалтай юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээ
2024.06.24. Үзбекистан Улс. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-ийн урилгаар 2024 оны 06 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна. Хоёр улсын төрийн тэргүүн 2024.06.24-ний өдөр Узбекистаны Куксарой Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Евроазийн төвд орших байгалийн үзэсгэлэнт сайхан эх орондоо айлчлахыг урьж, Монголын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч байгаад Ерөнхийлөгч Ш.Mирзиёев болон Узбекистаны төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Мөн хоёр ард түмний хэлхээ холбоо олон зууны тэртээгээс эхтэй бөгөөд нүүдлийн соёл иргэншил, түүх, ёс заншил зэрэг ижил төстэй үнэт зүйлстэй, найрсаг дотно харилцаатай орнууд болохыг онцоллоо. Узбекистан Улстай хөгжүүлж буй найрсаг харилцааг бэхжүүлж, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Ерөнхийлөгч Ш.Мирзиёев хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойших 32 жилийн хугацаанд Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны айлчлал нь найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн шинэ агуулгаар баяжуулахад чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ. Хоёр улсын төрийн тэргүүн өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хүрсэн ололт амжилтаа дүгнэж, ирэх 30 жилийн хамтын ажиллагааны хэтийн төлөв, чиг хандлагыг тодорхойлж, харилцааны түүхэн шинэ хуудсыг хамтдаа нээж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Айлчлалын хүрээнд хоёр улсын харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх Засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй гэрээ, хэлэлцээр байгуулсныг сайшаан тэмдэглэв. Талууд цаашид харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд уул уурхай, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик, аялал жуулчлал, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотлов. Айлчлалын үеэр Монгол Улсын Элчин сайдын яамыг Ташкент хотноо нээж байгаа нь харилцаа, хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа талууд нотоллоо. Ерөнхийлөгч Ш.Мирзиёев Узбекистан Улс Элчин сайдын яамаа Улаанбаатар хотноо ойрын хугацаанд нээх эрмэлзэлтэй буйгаа тэмдэглэв. Төрийн тэргүүн нар Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг 2024-2026 онд хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр байгуулсныг сайшааж, худалдааны эргэлтийг 10-20 дахин нэмэгдүүлэх, Монголоос Узбекистаны зах зээлд болон тус улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн бусад улс оронд ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх, Узбекистанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо импортлох чиглэлд хамтран ажиллахаар тогтов. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хоёр улсын төрийн тэргүүний тохирсон ажлуудыг бодит ажил хэрэг болгох хүрээнд Засгийн газар хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг 2024 оны хоёрдугаар хагаст Ташкент хотноо зохион байгуулахаар боллоо. Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нөөц, бололцоонд тулгуурлан хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хамтарсан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр талууд санал нэгдэж, Ажлын хэсэг байгуулахаар болов. Талууд тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж, Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр болон Олон улсын автозамын тээвэрлэлтийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсныг сайшаав. Цаашид хоёр орны иргэд харилцан визгүй зорчдог давуу талаа ашиглан Улаанбаатар-Ташкент чиглэлийн шууд нислэгийг эхлүүлж, иргэд харилцан зорчих урсгал, бараа, бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиров. Айлчлалын хүрээнд Ташкент хотноо зохион байгуулж буй Монгол-Узбекистаны бизнес форумд хоёр улсын 300 гаруй аж ахуйн нэгж оролцож байгааг сайшааж, цаашид хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн үзэсгэлэн, худалдааг хамтран зохион байгуулахаар тогтов. Узбекистан Улсад олон зуун монгол залуус дээд боловсрол эзэмшсэнийг талууд тэмдэглээд цаашид хоёр улсын Засгийн газрын тэтгэлгээр оюутан залуусыг их, дээд сургуульд харилцан сургах, боловсролын салбарын уламжлалт харилцаагаа сэргээн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болов. Төрийн тэргүүн нар эрүүл мэндийн салбар нь Монгол, Узбекистаны хамтын ажиллагааны бас нэгэн шинэ чиглэл болон хөгжиж буйг сайшаалаа. Монголын аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн дэвшилтэт техник, технологи бүхий эрүүл мэндийн Нура оношилгооны төвийг Ташкент хотноо нээж байгаа нь хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд харилцан бие биеэ дэмжин идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа улам бүр эрчимжүүлэн хөгжүүлэхийн төлөө гэдгээ харилцан нотлов. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтад хамтын хувь нэмрээ оруулах үүднээс Монгол Улсын Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг Узбекистан Улсын Ногоон орон зай төсөлтэй уялдуулан ойн салбарт хамтран ажиллахаар санал нэгдэв. Монгол Улсын санаачилгаар үүсгэн байгуулсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг байгуулах тухай олон талт хэлэлцээрт Узбекистан Улс нэгдэн орохоо илэрхийлэв. Талууд хоёр улсын Төрийн тэргүүн нарын ивээл дор Монгол-Узбекистаны соёлын хамтарсан тоглолт зохион байгуулж буйг сайшааж, цаашид соёлын өдөрлөг зохион, хоёр орны өв соёл, зан заншлыг харилцан сурталчлан таниулах чиглэлээр хамтрахаар боллоо. Албан ёсны хэлэлцээний дүнгээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Ш.Mирзиёев нар Монгол, Узбекистаны хоорондын харилцаа, хамтын ажиллагааны Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа.

Монгол, Узбекистаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
2024.06.24. Үзбекистан Улс.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны хамтарсан мэдэгдэлд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиёев нар гарын үсэг зурлаа.
- Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хооронд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх 2024-2026 оны хөтөлбөрт Шадар сайд С.Амарсайхан, узбекийн талаас Шадар сайд Ж.Ходжаев,
- Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад харилцааны яам хоорондын 2024-2025 оны хамтын ажиллагааны хөтөлбөрт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, узбекийн талаас Гадаад хэргийн сайд Б.Саидов,
- Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, узбекийн талаас Аялал жуулчлалыг хөгжүүлэх төрийн зөвлөлийн дарга У.Шадиев,
Түүх, соёл, байгалийн түүхэн дурсгалт газрууд болон үндэсний уламжлалыг харилцан сурталчилж, аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
- Олон улсын автоээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, узбекийн талаас Тээврийн сайд И.Махкамов,
Хоёр орны нутаг дэвсгэр хооронд болон нутаг дэвсгэрээр дамжин гуравдагч улс руу ачаа, зорчигч тээвэр үйлдэх боломж бүрдэнэ. Хоёр улсын хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, тээвэр зуучлалын хамтын ажиллагаа хөгжинө.
- Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, узбекийн талаас Тээврийн сайд И.Махкамов,
Хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бий болохын зэрэгцээ цаашид Төв Азийн орнууд руу шинээр нээх нислэгийн завсрын цэг болгон ашиглах боломж бүрдэнэ.
- Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээр,
Мал эмнэлэг, мал аж ахуйн салбарын мэдлэг, туршлагаа солилцох, мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт хийх, хяналт тавих чиглэлээр хамтарна.
- Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээр,
- Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёл, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах тухай Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Ташкент хотын Хокимият хоорондын хэлэлцээр,
Бизнес эрхлэгчдийг холбоход дэмжлэг үзүүлж, албан хаагчдын туршлага, мэдлэгийг нэмэгдүүлэх, иргэдэд тухайн улсын уламжлал, соёл, түүхтэй танилцуулах зорилгоор мэдээлэл, сайн туршлагаа солилцох, уулзалт зэргийг зохион байгуулах
- Шинжлэх ухааны академи, Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Узбекистаны Аж үйлдвэрийн танхим, МОНЦАМЭ агентлаг, Узбекистаны үндэсний мэдээллийн УзА агентлаг хоорондын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа.

Хамтарсан хөтөлбөрт гарын үсэг зурлаа
2024.06.24. Үзбекистан Улс. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев нар Ташкент хотноо хоёр орны албаны төлөөлөгчдийг байлцуулан Куксарой ордонд Дээд түвшний хэлэлцээ хийлээ. Хамтарсан хөтөлбөрийг үзэглэснээр хоёр улсын худалдааны эргэлтийг 10-20 дахин нэмэгдүүлэх, Монголоос Узбекистаны зах зээлд болон тус улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн бусад улс оронд ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх, Узбекистанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо импортлох чиглэлд хамтран ажиллах боломж бүрдлээ. Айлчлалын хүрээнд хоёр улсын харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх Засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй гэрээ, хэлэлцээр байгуулсан бөгөөд талууд цаашид харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд уул уурхай, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, агаарын болон авто тээвэр, ложистик, аялал жуулчлал, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхээр тогтов гэжээ. Мөн худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хоёр улсын төрийн тэргүүний тохирсон ажлуудыг бодит ажил хэрэг болгох хүрээнд Засгийн газар хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг 2024 оны хоёрдугаар хагаст Ташкент хотноо зохион байгуулахаар боллоо гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа
2024.06.25. Үзбекистан Улс.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев, гэргий З.Мирзиёева нар Куксарой цогцолборын Хүндэт зочдын төгөлд ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарилаа. Төрийн тэргүүн нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг Узбекистаны Ногоон орон зай төсөлтэй уялдуулан хэрэгжүүлэхээр тохирлоо. Энэ нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтад хамтын хувь нэмрээ оруулах зорилготой юм. Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн ордон Куксарой буюу Хөх ордоны Хүндэт зочдын төгөлд тус улсад айлчилж буй гадаадын улс орны төр, засгийн тэргүүн нар мод тарьдаг уламжлал тогтжээ.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Элчин сайдын яамны нээлт боллоо
2024.06.25. Үзбекистан Улс. онгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Элчин сайдын яамыг Ташкент хотноо нээлээ. Хоёр улсын төрийн тэргүүний ярьж тохирсны дагуу богино хугацаанд Элчин сайдын яамаа нээж байгаа нь Монгол Улс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгаа юм. Элчин сайдын яам худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэдийн солилцоо, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахыг тэмдэглэлээ. Мөн Бүгд Найрамдах Узбекистан Улс удахгүй Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Арипов, Гадаад хэргийн сайд Б.Саидов, Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Элчин сайд Д.Батбаатар болон албаны хүмүүс оролцлоо. Монгол Улсын Ерөнхий консулын газар 1977-1994 онд Ташкент хотноо ажиллаж байсан. Өнөөдрийн байдлаар тус хотод 46 Элчин сайдын яам, Ерөнхий консулын гурав, Өргөмжит консулын 13 газар үйл ажиллагаа явуулж байна.

Узбекистан Улсын инновацийн чадавхийг Монгол Улсын Ерөнхийлөгч өндрөөр үнэлэв
2024.06.25. Үзбекистан Улс. Бүгд Найрамдах Үзбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хамт Ташкент хот дахь Технологийн паркад зочлов. Энэхүү орчин үеийн инновацийн цогцолборыг Үзбекистан Улсын төрийн тэргүүний санаачилгаар аж үйлдвэрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор байгуулжээ. Өнөөдөр энд 365 сая гаруй ам.долларын шууд хөрөнгө оруулалттай 16 үйлдвэрлэлийн газар ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх технологийн паркад үйлдвэрлэсэн гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, электрон тоолуур, лифт, усны насос, үйлдвэрийн агааржуулагч, хөргөлтийн төхөөрөмж болон бусад бүтээгдэхүүнтэй танилцав. Технологийн паркад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн нь гадаад, дотоодын зах зээлд эрэлт ихтэй байдаг аж. Хоёр улсын төрийн тэргүүн Монгол, Үзбекистаны тэргүүлэх аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцох нь чухал болохыг тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Олий Мажлис-ийн Сенатын даргыг хүлээн авч уулзлаа
2024.06.25. Үзбекистан Улс.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсын Олий Мажлисийн Сенатын дарга Танзила Нарбаеваг хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч, хоёр улсын төрийн тэргүүний албан ёсны хэлэлцээ халуун дотно, ажил хэрэгч уур амьсгалд үр дүнтэй болсныг онцоллоо. Нүүдлийн соёл иргэншил, түүх, ёс заншил зэрэг ижил төстэй үнэт зүйлстэй хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт эрчимжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв. Үүнд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж, жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Сенатын дарга Т.Нарбаева Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалд Узбекистан Улсын төр, засаг, парламентын зүгээс өндөр ач холбогдол өгч буйг онцолж, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд боломжит бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Талууд хоёр улсын харилцааны эрх зүйн таатай орчныг улам бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллага хооронд харилцан айлчлал хэрэгжүүлэх, туршлага солилцох зэргээр нягт хамтран ажиллахын төлөө буйгаа нотлов. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олий Мажлисийн Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, дурсгалын үг үлдээлээ. Бүгд Найрамдах Узбекистан Улсын Парламент Олий Мажлис нь 65 гишүүн бүхий Сенатын дээд танхим, 150 гишүүнтэй Хууль тогтоох доод танхимаас бүрддэг. Тус улсын 25 нас хүрсэн иргэн эдгээр танхимын гишүүнээр сонгогдох эрхтэй бөгөөд бүрэн эрхийн хугацаа таван жил байдаг юм.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Элчин сайдын яамны нээлт боллоо
2024.06.25. Үзбекистан Улс.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Элчин сайдын яамыг Ташкент хотноо нээлээ. Хоёр улсын төрийн тэргүүний ярьж тохирсны дагуу богино хугацаанд Элчин сайдын яамаа нээж байгаа нь Монгол Улс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгаагийн тод илрэл гэдгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэллээ. Элчин сайдын яам худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэдийн солилцоо, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахыг тэмдэглэлээ. Мөн Бүгд Найрамдах Узбекистан Улс удахгүй Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Арипов, Гадаад хэргийн сайд Б.Саидов, Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Элчин сайд Д.Батбаатар болон албаны хүмүүс оролцлоо. Монгол Улсын Ерөнхий консулын газар 1977-1994 онд Ташкент хотноо ажиллаж байсан. Өнөөдрийн байдлаар тус хотод 46 Элчин сайдын яам, Ерөнхий консулын гурав, Өргөмжит консулын 13 газар үйл ажиллагаа явуулж байна гэжээ.

Үндэсний үйлдвэрлэгчид Узбекистан болон Төв Азийн орнуудын зах зээлд нэвтрэх боломж эрс нэмэгдлээ
2024.06.26. Үзбекистан Улс. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийх үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн хамт хоёр орны бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Энэ нь төрийн тэргүүнүүд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцааг хөгжүүлэхэд онцгой анхаарч байгаагийн илрэл гэж хоёр улсын бизнес эрхлэгчид үзэж байлаа. Цаашид худалдааны эргэлтийг богино хугацаанд 10-20 дахин нэмэгдүүлэх, уул уурхай, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбарт хамтрах аж ахуйн нэгжүүдийг бүх талаар дэмжинэ гэдгээ хоёр орны Ерөнхийлөгч илэрхийллээ. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх 2024-2026 оны хөтөлбөрийн хүрээнд талууд хамтарч хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийнхөө жагсаалтыг баталлаа. Ингэснээр хоёр улс ойрын хоёр жилд харилцан ашигтай, бодит, идэвхтэй хамтын ажиллагаа явуулах юм. Одоогоор манай улсын 10 гаруй аж ахуйн нэгж Узбекистанд үйл ажиллагаа явуулж байна. Төрийн айлчлалын үеэр зохион байгуулсан Бизнес форумд хоёр улсын 300 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Узбекистаны Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтын ажиллагааны Санамж бичгээ шинэчлэн, хамтарсан бизнес зөвлөл байгуулах боллоо. Энэ зөвлөл бизнес эрхлэгчдийг холбож, худалдаа, хөрөнгө оруулалт, үйлчилгээ, аж үйлдвэрийн бүх салбарын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны санаачилгыг дэмжих зорилготой юм. Таванбогд солюшнс ХХК, Монгол базальт ХК, Доктор авто сүлжээ, Эра жимс зэрэг олон аж ахуйн нэгж узбекийн талтай хамтрах гэрээ, хэлцэл хийсэн байна. Тухайлбал эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмж, хиймэл оюун ухааны технологи ашиглан хорт хавдар болон амьдралын хэв маягаас шалтгаалах өвчлөлийг эрт илрүүлдэг NURA төслийг тус улсад нэвтрүүлэх боллоо. Монгол Базальт ХК, Базальт Узбекистан групп хамтран Узбекистанд орчин үеийн базальт технологийн үйлдвэр байгуулна. Эхний шатанд 30 сая ам.долларын хөрөнгө оруулах бөгөөд үйлдвэрлэлийн хүчин чадал нь жилд 45,000 тонн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж байгаа төрийн айлчлалын бүрэлдэхүүнд үндэсний 40 гаруй үйлдвэрлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөл багтсан юм. Хоёр орны худалдааны эргэлт 2023 оны байдлаар 10 сая ам.доллар, нэр, төрөл нь цөөн хэдий ч цар тахлын үеэс хойш тогтмол өсөж байгаа. Манай улс 4,6 сая ам.долларын үнэ бүхий хонь, хурганы боловсруулсан арьс, өлөн гэдэс, хонь, ямаа, үхрийн хөлдүү мах зэргийг экспортолж, Узбекистанаас 5,4 сая ам.долларын үнэ бүхий усан үзэм, жимс, хүнсний бүтээгдэхүүн, хөргөх, хөлдөх цахилгаан төхөөрөмж, ачааны автомашин импортоор авчээ. Узбекистан Улс сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт, бизнесийн орчноо сайжруулах, тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийг арилгах шийдэмгий алхам авч байна. Үүний дүнд эдийн засаг нь сүүлийн жилүүдэд бараг хоёр дахин өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүн 1.5 дахин, аж ахуйн нэгжийн тоо хоёр дахин, аж үйлдвэрлэл 40 хувиар өсжээ. 2023 оны байдлаар Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 90 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох хэмжээ нь 2,510 ам.доллар, гадаад худалдааны эргэлт 63 орчим тэрбум ам.долларт хүрсэн байна. Узбекистан далайд гарцгүй, байгалийн баялгийн арвин нөөцтэй, 2,700 гаруй орд газар илрүүлж, 60 гаруй төрлийн эрдэс баялаг олборлодог. Алтны нөөцөөр дэлхийд дөрөвт, олборлолтын хэмжээгээр долоодугаарт ордог юм.

Морин хуур найрал хөгжим, Узбекистаны Үндэсний хөгжмийн улсын эрдмийн найрал Ташкент хотноо хамтран тоглолоо
2024.06.26. Үзбекистан Улс. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Улсын филармонийн Морин хуур найрал хөгжим, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Үндэсний хөгжмийн улсын эрдмийн найрал хөгжим Ташкент хотноо хамтын уран бүтээлээ толилууллаа. Морин хуур найрал хөгжим анх удаа Ташкент хотноо тоглож байгаа бөгөөд энэ хамтарсан тоглолт хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг улам бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгааг харуулж буй юм. Уламжлал, соёл, амьдралын хэв маяг нь хоорондоо ижил төстэй хоёр орон түүх, урлаг, соёлын өвөө харилцан судалж, хамгаалж байх нь зүйтэйг Үзбекистаны Шадар сайд Ж.Ходжаев онцлоод, Узбекистанд зохион байгуулдаг урлаг, соёлын олон арга хэмжээнд Монголын уран бүтээлчид тогтмол оролцдогт талархав. Монгол, Узбекийн шилдэг бүтээлийг хоршиж толилуулсан тоглолтыг Узбекистаны төр, засаг, нийгэм, бизнес эрхлэгчдийн төлөөлөл, тус улсад суугаа гадаадын улсуудын Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, монгол, узбек иргэд зэрэг 1,800 гаруй хүн үзэж сонирхлоо. Морин хуурын чуулга 1992 онд байгуулагдсан цагаасаа хойш эх орондоо 3000 гаруй, дэлхийн улсаадад 600 гаруй удаа тогложээ. Үндэснийхээ урлагийг сурталчлан таниулахад оруулсан хувь нэмэр, гавьяаг нь төр үнэлж Чингис хаан тэргүүн зэргийн одон хүртээн, энэ онд өргөтгөж Морин хуур найрал хөгжим болгосон юм. Найрал хөгжмийн хамт олон Японы NHK телевизийн концертын их танхим, НҮБ-ын төв байр, Сиднейн дуурийн театр, Парис хотын Версалийн ордны Хааны дуурийн театр, Нант хотын Консерваторын Дебюсси танхим, Шанхай хотын Ягуар симфони оркестрын их танхим зэрэгт Монголын сайхан орон бүтээлээ толилуулж байсан түүхтэй.

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
2025.06.22. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев 2025 оны 06 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь 1992 онд Монгол, Узбекистаны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжиж буй анхны төрийн айлчлал бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 онд Узбекистан Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал юм. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Монгол Улс Узбекистан Улстай 1992 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дипломат харилцаа тогтоосон гэжээ.

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
2025.06.24. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийхээр 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүрэлцэн ирлээ. Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, гэргий Зиорат Мирзиёева болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Буянт-Ухаа” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батбаатар, Бүгд Найрамдах Узбекистан Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ф.Арзиев тэргүүтэй албаны төлөөлөгчид угтав. Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн түвшинд анх удаа хийж буй энэхүү төрийн айлчлалын үеэр талууд харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, уул уурхай, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэнд, ургамлын хорио цээр зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичигт гарын үсэг зурна. Айлчлайлын хүрээнд Монгол – Узбекистаны бизнес форум, “Узбекистанд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа, аялал жуулчлалын форум, Узбекистаны уран бүтээлчдийн тоглолт, фото зургийн үзэсгэлэн болон узбек хоолны өдөрлөгийг зохион байгуулж байна.

Узбекистаны Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
2025.06.24. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, гэргий Зиорат Мирзиёева нарыг Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, Ерөнхийлөгч Ш.Мирзиёев Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ. Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улс болон Узбекистан Улсын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчидтэй мэндчилэв. Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч Ш.Мирзиёев Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Ерөнхийлөгч Ш.Мирзиёевийн энэ удаагийн төрийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд Бүгд Найрамдах Узбекистан Улсын төрийн тэргүүний түвшинд анх удаа хийж буй дээд түвшний айлчлал юм. Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс 1992 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дипломат харилцаа тогтоосон юм.

Монгол, Узбекистан Улс харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэлээ
2025.06.24. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиёевын төрийн айлчлалын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааны 14 баримт бичигт гарын үсэг зурлаа.
- “МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ”-д Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиёев нар гарын үсэг зурлаа.
Уламжлалт найрсаг харилцааг НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмын дагуу тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх тэгш бөгөөд нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн бусад зарчим, хэм хэмжээний үндсэн дээр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь хоёр улс төдийгүй Төв Азийн бүс нутаг, олон улсад энх тайвныг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг хангах ашиг сонирхолд нийцнэ гэдэгт санал нэгдэж, харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тохирлоо.
- “МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, АЖ ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ ЯАМ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР”-т Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ням-Осорын Учрал, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөрөнгө оруулалт, гадаад худалдааны асуудал хариуцсан Шадар сайд Жамшид Ходжаев,
Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, харилцааг бэхжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийг дэмжих, худалдааг өргөжүүлэх, зах зээлд нэвтрэх боломжийг сайжруулах, шууд хөрөнгө оруулалтыг татах зэргээр хамтран ажиллана.
- “МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН 2026-2027 ОНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР”-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов,
Яам хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан сонирхсон олон улсын болон бүс нутгийн асуудлаар зөвлөлдөх уулзалт тогтмол зохион байгуулж, мэдээлэл солилцоно.
- “ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ДОТООД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН ПРОТОКОЛ”-д Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Лхагвын Мөнхбаатар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов,
Эрх бүхий байгууллагууд тодорхой нэр төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр мэдээлэл, туршлага солилцож, хамтын ажиллагааны хүрээнд уулзалт, семинар, зөвлөгөөн зэрэг арга хэмжээ зохион байгуулна.
- “МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХАРЬЯА АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР БОЛОН БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ХАРЬЯА “УЗАРХИВ” АГЕНТЛАГ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ПРОТОКОЛ”-д Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Лхагвын Мөнхбаатар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов,
Баримт бичгийг хамтран судлах, цахим архивын шийдэл нэвтрүүлэх, сэргээн засварлалт болон мэргэжилтэн солилцооны чиглэлээр туршлага хуваалцах, хамтарсан үзэсгэлэн ба эрдэм шинжилгээний арга хэмжээ зохион байгуулна.
- “ДЭЭД БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААН, ИННОВАЦЫН ЯАМ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т Монгол Улсын Боловсролын сайд Пүрэвсүрэнгийн Наранбаяр, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов нар гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ашигтай олон чиглэлд хамтран ажиллах нөхцөл бүрдүүлнэ. Тухайлбал, их, дээд сургуулиудын удирдлага, багш, судлаач, оюутнуудын харилцан солилцоог дэмжих, сургалт, судалгаа зохион байгуулах, боловсролын тогтолцоо, хөтөлбөр, сургалтын нөөц, сурах бичиг, программ хангамжийн талаар мэдээлэл солилцох, хамтарсан эрдэм шинжилгээний хурал, семинар, сургалт зохион байгуулах, инновац, технологи, гарааны бизнесийн чиглэлээр хамтарсан төслүүд хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр хамтарч ажиллана.
- “ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН УУЛ УУРХАЙ, ГЕОЛОГИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Гонгорын Дамдинням, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Уул уурхай, геологийн сайд Бобир Исламов,
Уул уурхайн хамтын ажиллагааны үндсийг тавьж, эрдэс баялгийн хайгуул, олборлолт, боловсруулалтын чиглэлээр харилцан ашигтай түншлэл хөгжүүлэх бөгөөд хамтын ажиллагаа нь технологийн хөгжил болон уул уурхайн салбарын үр ашгийг нэмэгдүүлнэ.
- “МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ ХООРОНДЫН УРГАМЛЫГ ХАМГААЛАХ, ХОРИО ЦЭЭРИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР”-т Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбын Энхбаяр, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөдөө аж ахуйн сайд Ибрахим Абдурахманов,
Ургамал болон ургамлын гаралтай бүтээгдэхүүн импортолж, экспортлох таатай нөхцөл бүрдүүлж, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангана. Ургамлын эрүүл ахуйн шаардлага, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, ургамлын цахим гэрчилгээний (e-Phyto) систем нэвтрүүлэхэд хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдлээ. Хоёр улсын нутаг дэвсгэрээр бараа бүтээгдэхүүн дамжин өнгөрөх, импорт, экспортын үйл ажиллагааг хөнгөвчиллөө.
- “МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ ХООРОНДЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХОЁР ТАЛЫН ХАРИЛЦААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ”-нд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбын Энхбаяр, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөдөө аж ахуйн сайд Ибрахим Абдурахманов,
Хөдөө аж ахуйн салбарт орчин үеийн усалгааны технологи нэвтрүүлэх, мал аж ахуй, бэлчээрийн менежментийн чиглэлд хамтарсан төслүүд хэрэгжүүлнэ. Монгол Улсад Узбекистаны тэргүүн туршлагыг ашиглан ургамлын сортуудыг сонгож 5,000 суулгацыг шилжүүлэн суулгаж, загасны аж ахуй болон зөгий үржүүлгийн чиглэлээр хамтран ажиллана.
- “ЭРҮҮЛ МЭНД, АНАГААХ УХААНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ ХООРОНДЫН ПРОТОКОЛ”-д Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Жигжидсүрэнгийн Чинбүрэн, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов,
Мэргэжилтэн бэлтгэх болон эрүүл мэндийн судалгааны чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, зайнаас эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн цахим мэдээллийн системийн талаар харилцан туршлага солилцоно. Нийгмийн эрүүл мэндийн даатгал, орчин үеийн технологид суурилсан оношилгоо зэрэг чиглэлээр харилцан мэдээлэл солилцоно.
- “БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ЭКОЛОГИ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ХАМГААЛАЛ БОЛОН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ ХООРОНДЫН ПРОТОКОЛ”-т Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Батын Батбаатар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов,
Цөлжилт, газрын доройтол, усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон төрөлт зүйлс, еко-системийг хамгаалах, байгаль хамгааллын боловсрол зэрэг салбарт харилцан туршлага солилцож, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
- “БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН СПОРТЫН ЯАМ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Ундрам, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов,
Биеийн тамир, спортын салбарт хамтын ажиллагааг харилцан ашигтай байдлаар хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, тэмцээн, олон улсын спортын арга хэмжээнд тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид, спортын зүтгэлтэнүүдийг харилцан оролцуулна.
- “МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ЭКОЛОГИ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ХАМГААЛАЛ БОЛОН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ ХООРОНДЫН ЭКО АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ”-нд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Ундрам, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Соёлын сайд Озодбек Назарбеков,
Эко аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, шилдэг туршлагаа солилцох, эко аялал жуулчлал болон байгаль хамгааллын мэргэжилтнүүдийг сургах, чадавхыг бэхжүүлэх, хамтарсан бага хурал, семинар, үзэсгэлэн зохион байгуулах, эко аялал жуулчлалын газруудыг харилцан сурталчлах, мэдээлэл, статистикийн өгөгдөл солилцох зэргээр хамтарна.
- “МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН СОЁЛЫН ЯАМ ХООРОНДЫН 2025-2028 ОНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР”-т Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Ундрам, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов нар гарын үсэг зурлаа.
Хоёр орны ард түмний соёлын онцлог, урлагийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, уламжлалт дуу хөгжим, бүжиг, зан үйл, ардын аман зохиол зэрэг соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах, сурталчилах, олон улсын наадам, тэмцээнд төлөөлөгчдөө оролцуулах, олон улсын түвшинд соёлын солилцоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллана гэжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шавкат Мирзиёев нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо зарлалаа
2025.06.25. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө. Хоёр улсын төрийн тэргүүний хэлсэн үгийг хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, Энд хүрэлцэн ирсэн хэвлэлийн төлөөлөгчид өө, Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Узбекистан Улсын Ерөнхийлөгч, Эрхэм хүндэт Шавкат Мирзиёев Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар өнө эртний түүхт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад төрийн айлчлал хийж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны зургаадугаар сард Евроазийн төвд орших түүх, соёлын өлгий нутаг, байгалийн үзэсгэлэнт танай сайхан оронд эрхэм Ерөнхийлөгч Таны урилгаар анхны төрийн айлчлал хийснээ эргэн дурсахад таатай байна. Хоёр улсын төрийн тэргүүн нэг жилийн хугацаанд харилцан төрийн айлчлал хийж буй нь найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөөх Та бидний хүсэл эрмэлзлийн тод илэрхийлэл юм. Энэхүү айлчлал нь манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 33 жилийн хугацаанд Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж буй анхны төрийн айлчлал бөгөөд харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн, онцгой ач холбогдолтой түүхэн айлчлал болж байгааг онцлон тэмдэглэж байна. Айлчлалын хүрээнд эрхэм Ерөнхийлөгч та бид, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлж, харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэн хөгжүүлэх түүхэн шийдвэр гаргалаа. Узбекистан Улс нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаатай орон болж буйг онцлон тэмдэглэхэд таатай байна. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны энэхүү төрийн айлчлалаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 онд Узбекистан Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулсан хамтын ажиллагааны баримт бичгүүдийн биелэлт, үр дүнг дүгнэн хэлэлцэж, харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх талаар хэлэлцлээ. Айлчлалын үр дүнгээр “Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улсын хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан тунхаглал” гаргаж байгаадаа баяртай байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 онд Узбекистан Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Агаарын болон олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал эмнэлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны үндэс суурь болсон баримт бичгүүд байгуулсан билээ. Тэгвэл Эрхэм Ерөнхийлөгч таны төрийн айлчлалаар харилцааг хууль, эрх зүй, уул уурхай, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэнд, ургамлын хорио цээр зэрэг салбарын хамтын ажиллагаагаар баяжуулан Засгийн газар болон байгууллага хоорондын 14 баримт бичигт гарын үсэг зурлаа. Тухайлбал, “Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх салбарт хамтран ажиллах тухай протокол”, “Ургамлыг хамгаалах, хорио цээрийн чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээр” болон “Соёлын салбарт 2025-2028 онд хамтран ажиллах хөтөлбөр” зэргийг онцлон тэмдэглэе. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Энд хүрэлцэн ирсэн хэвлэлийн төлөөлөгчид өө,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Узбекистан Улсын Ерөнхийлөгч, Эрхэм хүндэт Шавкат Мирзиёев Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар өнө эртний түүхт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад төрийн айлчлал хийж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны зургаадугаар сард Евроазийн төвд орших түүх, соёлын өлгий нутаг, байгалийн үзэсгэлэнт танай сайхан оронд эрхэм Ерөнхийлөгч Таны урилгаар анхны төрийн айлчлал хийснээ эргэн дурсахад таатай байна.
Хоёр улсын төрийн тэргүүн нэг жилийн хугацаанд харилцан төрийн айлчлал хийж буй нь найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөөх Та бидний хүсэл эрмэлзлийн тод илэрхийлэл юм.
Энэхүү айлчлал нь манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 33 жилийн хугацаанд Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж буй анхны төрийн айлчлал бөгөөд харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн, онцгой ач холбогдолтой түүхэн айлчлал болж байгааг онцлон тэмдэглэж байна.
Айлчлалын хүрээнд эрхэм Ерөнхийлөгч та бид, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлж, харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэн хөгжүүлэх түүхэн шийдвэр гаргалаа.
Узбекистан Улс нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаатай орон болж буйг онцлон тэмдэглэхэд таатай байна.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны энэхүү төрийн айлчлалаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 онд Узбекистан Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулсан хамтын ажиллагааны баримт бичгүүдийн биелэлт, үр дүнг дүгнэн хэлэлцэж, харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх талаар хэлэлцлээ.
Айлчлалын үр дүнгээр “Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улсын хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан тунхаглал” гаргаж байгаадаа баяртай байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 онд Узбекистан Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Агаарын болон олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал эмнэлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны үндэс суурь болсон баримт бичгүүд байгуулсан билээ.
Тэгвэл Эрхэм Ерөнхийлөгч таны төрийн айлчлалаар харилцааг хууль, эрх зүй, уул уурхай, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэнд, ургамлын хорио цээр зэрэг салбарын хамтын ажиллагаагаар баяжуулан Засгийн газар болон байгууллага хоорондын 14 баримт бичигт гарын үсэг зурлаа.
Тухайлбал, “Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх салбарт хамтран ажиллах тухай протокол”, “Ургамлыг хамгаалах, хорио цээрийн чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээр” болон “Соёлын салбарт 2025-2028 онд хамтран ажиллах хөтөлбөр” зэргийг онцлон тэмдэглэе.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлийг онцлон тэмдэглэж, өндөр үнэлж байна.
Та бид 2024 онд Ташкент хотноо хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлсон нь богино хугацаанд биеллээ олж, эхнээсээ бодит ажил хэрэг болж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна.
“Монгол-Узбекистаны Засгийн газар хоорондын комисс” болон “Автотээврийн хамтарсан хороо”-г шинээр байгуулж, анхдугаар хуралдаануудыг 2025 оны хоёрдугаар сард амжилттай зохион байгуулсан.
Хоёр орны хоорондын худалдааны эргэлтийг 10-20 дахин нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, аж ахуйн нэгж хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэхээр тохирч, “Узбекистаны худалдааны төв”-ийг Улаанбаатар хотноо нээлээ.
Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 100 мянган толгой хонь, ямааг Узбекистан Улсад нийлүүлж байна.
Монгол Улсын өргөн уудам нутаг дэвсгэр, бэлчээрийн мал аж ахуйн нөөц бололцоонд тулгуурлан мал аж ахуйн салбарт хамтарсан томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.
Бид өнгөрсөн онд “Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулж, агаарын тээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх таатай нөхцөл бүрдүүлсэн нь үр өгөөжөө өглөө.
Монголын агаарын тээврийн компани энэ оны хоёрдугаар хагасаас Улаанбаатар-Ташкент чиглэлд шууд нислэг үйлдэж эхлэхээр боллоо.
“Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т үндэслэн зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүний дотор тээвэр, логистикийн шинэ чиглэл бий болгохоор тохирсны дагуу Ташкент-Бишкек-Урумчи-Улаанбаатар чиглэлийн авто коридор нээж, авто цувааг амжилттай эхлүүллээ.
Мөн айлчлалын хүрээнд “Монгол-Узбекистаны бизнес форум”, “Узбекистанд үйлдвэрлэв” үзэсгэлэн, худалдаа зохион байгуулснаар хоёр орны бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хэлхээ холбоо улам бүр бэхжиж, Узбекистаны бараа, бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд таниулах чухал үйл явдал боллоо.
Энэ ялдамд Узбекистан Улсад үйл ажиллагаа эрхэлж буй манай аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжин, хамтран ажиллаж буй Узбекистаны талд талархал илэрхийлье.
Монгол-Узбекистаны аялал жуулчлалын форум, фото үзэсгэлэн, узбек үндэсний хоолны өдөрлөгийг анх удаа хамтран зохион байгуулсан нь улс орноо харилцан таниулах, нүүдэлчин соёл, зан заншилд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.
Улаанбаатар хотноо узбекийн авьяаслаг уран бүтээлчид анх удаа өөрийн орны соёл, урлагийн дээж болсон бүтээлүүдээр манай ард түмний сонорыг мялааж, сэтгэлд хоногших сайхан дурсамжийг хамтдаа бүтээсэнд сэтгэл өндөр байна.
Уул уурхай, эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үндэс суурийг тавьж, “Уул уурхайн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр” байгууллаа.
Узбекистанд дээд боловсрол эзэмшсэн олон монгол залуус найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гүүр болж ирсэн сайхан уламжлалтай.
Бид “Дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр” байгуулсан нь энэ түүхэн уламжлалыг сэргээж, оюутан залуусыг Засгийн газрын тэтгэлгээр харилцан сургахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Спортын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх арвин их нөөц бололцоо бидэнд байна. Өсвөрийн боксын болон хүндийн өргөлтийн шигшээ баг, тамирчдын хамтарсан нөхөрсөг бэлтгэл, сургуулилт хийж буй нь харилцан туршлага солилцох, баг, тамирчдын тэмцээн зохион байгуулах үндэс суурь боллоо.
Уур амьсгалын өөрчлөлттэй хамтран тэмцэх, хүрээлэн буй орчныг хамгаалахад хувь нэмэр оруулахаар болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Ногоон ирээдүй” төслийг уялдуулан хэрэгжүүлэх чиглэлд хамтрахаар санал нэгдлээ.
Манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхээ харилцан нотоллоо.
Монгол Улсын санаачилгаар үүсгэн байгуулагдсан “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т Узбекистан Улс нэгдэн орж буйд талархал илэрхийлье.
Энэ байгууллагын хүрээнд далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгарч буй саад, бэрхшээлийг даван туулах, хөгжлийн бодлого боловсруулах, эдгээр улс орнуудын байр суурийг нэгтгэх, харилцан туршлага солилцох хамтын үйлсэд Узбекистан Улстай хамтран ажиллахдаа баяртай байх болно.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Тантай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэж, хоёр орны харилцааны түүхийн нэгэн шинэ хуудсыг хамтдаа нээж буйдаа сэтгэл хангалуун байна.
Бидний яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард түмний сайн сайхны төлөө биеллээ олж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхэжнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Манай хоёр ард түмний найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, ахан дүүсийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай.
Өнө эртний түүхт, эртний нүүдэлчдийн төрт ёсны гал голомт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад тавтай морилохыг хүсье.
Анхаарал хандуулсанд баярлалаа.
БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ШАВКАТ МИРЗИЁЕВ:

Эрхэм хүндэт хэвлэл мэдээллийн төлөөгчид өө,
Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо,
Биднийг урьж, Улаанбаатар хотод ирсэн эхний мөчөөс халуун дотноор хүлээн авсан Монгол Улсын Ерөнхийлөгч, миний анд, Эрхэм хүндэт ноён У.Хүрэлсүх танд чин сэтгэлийн талархлаа дахин илэрхийлье.
Энэ бол Узбекистаны Ерөнхийлөгчийн танай улсад, мөнх хөх тэнгэрийн сайхан оронд хийж буй анхны төрийн айлчлал гэдгийг онцгойлон тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Энэ нь найрамдал, хүндэтгэл, итгэлцэл, харилцан ашигтай байдалд суурилсан, олон талт харилцааг хөгжүүлж, бэхжүүлэхийн төлөөх хамтын хүсэл эрмэлзэл бэхжиж байгааг гэрчилж байна.
Юуны түрүүнд ноён Ерөнхийлөгч болон найрсаг Монголын ард түмэнд удахгүй болох Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье. Монгол анд нөхдийнхөө нийгэм, эдийн засгийн шинэчлэл хийх чиглэлээр гайхалтай амжилт олж байгаад нь чин сэтгэлээсээ баярлаж, та бүгдийн энхийг эрхэмлэгч гадаад бодлогыг бүрэн дэмжиж байна.
Улаанбаатар хот руу ойртох тусам, хот руу орж ирэхдээ улс орны хөгжлийг хараад үнэхээр их гайхсанаа хэлэлцээний үеэр би тэмдэглэсэн. Танай улсаа хөгжүүлэх “Алсын хараа-2050” урт хугацааны бодлого бодит үр дүнгээ өгч байгаа нь харагдаж байна.
Монгол Улсын эдийн засаг тогтмол өсөж, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, дэд бүтэц хөгжиж байгааг харж байна. Хархорум хотыг сэргээн босгох ажил эхэлсэн. Тууштай, прагматик, идэвхтэй бодлогын ачаар танай улсын олон улс дахь нэр хүнд өсөж байна.
Эрхэм хүндэт сэтгүүлчид ээ,
Монгол Улс бол бидний уламжлалт, найдвартай түнш. Узбек, Монголын харилцаа хэзээ ч нөхцөл байдлаас шалтгаалж байгаагүй. Өнөөдөр бид “Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурж, харилцаа, хамтын ажиллагааны шинэ үе шатыг эхлүүллээ.
Албан ёсны хэлэлцээ нээлттэй, ажил хэрэгч уур амьсгалд болж, хамтын ажиллагааны ирээдүйтэй чиглэлүүдийг нарийвчлан хэлэлцлээ. Бид нөхцөл байдлын талаар сайтар дүн шинжилгээ хийж, цаашдын ажлын төлөвлөгөөгөө тодорхойллоо.
Өнгөрсөн жил Ташкентад болсон уулзалтын дараа бүх салбарын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжсэн. Хоёрдугаар сард Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан амжилттай болсныг би хэлэлцээний үеэр дурдлаа.
Өнөөдөр Эрхэм Ерөнхийлөгчтэй НҮБ, ШХАБ болон бусад олон талт бүтцийн хүрээнд нягт хамтарч, харилцан бие биеэ дэмжихээр тохиролцлоо. Хэлэлцээний үеэр эдийн засгийн хамтын ажиллагаанд голлон анхаарлаа. Ирэх жилүүдэд эрэлт хэрэгцээтэй байгаа бүтээгдэхүүний нэр төрөл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар худалдааны эргэлтийг хэд дахин өсгөх зорилт тавилаа.
Улаанбаатар хотноо “Узбекистаны худалдааны төв” нээсэн нь энэ ажлын суурь боллоо. Айлчлал өмнөхөн аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, гэрээ, хэлэлцээр байгууллаа. Аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах сонирхол улам нэмэгдэж байна. Тэдний санал, санаачилгыг бүх талаар дэмжих болно.
Хөнгөлөлттэй худалдаа, хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалахтай холбоотой хэлэлцээрийг аль болох богино хугацаанд байгуулахаар тохиролцлоо. Бид бие биеэ үр дүнтэй нөхөж чадах салбарууд дахь хамтын ажиллагааны чиглэлүүдээ тодорхойллоо.
Тухайлбал ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, хөдөө аж ахуй, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, ноос, арьс, шир боловсруулах төслүүдийг хэлж болно. Далайд гарцгүй орнуудын хувьд бид үр ашгтай тээврийн чиглэлийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Ирэх намраас хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэж эхлэхээр төлөвлөсөн.
Эрхэм хүндэт сэтгүүлчид ээ,
Бид соёл, боловсролын салбарт идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцлоо. Хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурсныг та бүхэн харсан.
Энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо “Узбекистаны соёлын өдрүүд”, аялал жуулчлалын үзэсгэлэн, концерт, байгууллага хоорондын уулзалтууд болж байна. Бид тодорхой квотын хүрээнд авьяаслаг монгол залуусыг Узбекистаны тэргүүлэх их, дээд сургуульд сургаж байсан сайхан уламжлалыг сэргээхэд бэлэн байна.
Албан ёсны хэлэлцээ үр дүнтэй болсонд сэтгэл хангалуун байна. Гарын үсэг зурсан баримт бичиг, гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ, төслүүд бүхий Замын зураг батлахаар тохиролцлоо. Үүнд Засгийн газар, гадаад хэргийн яам хяналт тавих болно.
Эцэст нь хэлэхэд, Монгол Улсад хийсэн төрийн айлчлал түүхэн айлчлал болж, бидний олон талт хамтын ажиллагааг эрчимтэй, халуун дулаан, тодорхой агуулгаар дүүрэн боллоо.
Мартагдашгүй зочломтгой, ажил хэрэгч арга барилтай, санал санаачилгыг бүрэн дэмжиж ирсэн Эрхэм хүндэт Ерөнхийлөгч, найз У.Хүрэлсүх танд дахин дахин талархал илэрхийлье.
Энэ завшааныг ашиглан эрхэм найзаа Узбекистан Улсад айлчлахыг урьж байгаагаа дахин хэлье. Хэвлэл мэдээллийн төлөөлөгч та бүхэнтэй Узбекистанд уулзахдаа баяртай байх болно гэжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа
2025.06.25. Монгол Улс. Улаанбаатар хот. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Узбекистаны Ерөнхийлөгч Ш.Мирзиёевийн төрийн айлчлал үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев, гэргий З.Мирзиёева нар Их тэнгэр цогцолборт ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарилаа. Төрийн тэргүүн нар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Узбекистаны “Ногоон орон зай” төслийг уялдуулан хэрэгжүүлэхээр тохиролцлоо.Энэ нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтад хамтын хувь нэмрээ оруулах зорилготой юм.

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевийн төрийн айлчлал өндөрлөлөө
2025.06.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн төрийн айлчлал өндөрлөлөө. Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд төрийн тэргүүний хувиар анх удаа төрийн айлчлал хийлээ. Төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцлаа. Хоёр улсын Ерөнхийлөгч “Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааны тухай хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурж, харилцааны түвшнийг шат ахиулан, “Иж бүрэн түншлэл“-д хүргэлээ. Талууд харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, уул уурхай, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэнд, ургамлын хорио цээр зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Айлчлалын хүрээнд “Монгол-Узбекистаны аялал жуулчлалын форум”, “Монгол-Узбекистаны бизнес форум”, “Узбекистаны соёлын тоглолт”, фото зургийн үзэсгэлэн болон узбек үндэсний хоолны өдөрлөгийг зохион байгууллаа. Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, гэргий Зиорат Мирзиёева нарыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батбаатар, Бүгд Найрамдах Узбекистан Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ф.Арзиев тэргүүтэй албаны хүмүүс үдэж мордууллаа.
