2 сар 19, 2025

Mонгол, Вьетнамын хaрилцaa

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгчтэй уулзав

2021.09.23. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэрээ БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Суан Фуктай уулзлаа. Уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэв. Цаашид улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлж, хамтын ажиллагааны цар хүрээг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. 2016 онд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ийн дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеэр БНСВУ-ын Ерөнхий сайдын хувиар албан ёсны айлчлал хийсэн нь харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсныг хэлэв. Дайны хүнд хэцүү цагт Монгол Улсын үзүүлж байсан тусламж, дэмжлэгийг сайнаар дурсаж явдаг, ахан дүүсийн харилцаатай улсууд гэдгийг БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Суан Фук тэмдэглэв. Өмнөд Хятадын тэнгис дэх маргааны асуудлаар дүрэмд суурилсан зохицуулалт, энхийн шугамаар шийдэх шийдлийг эрхэмлэдэг гэдгээ  хэлээд, энэ чиглэлээр Монгол Улс байр сууриа илэрхийлж байхыг хүсэв. Уулзалтын үеэр худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тээврийн нөхцөлийг сайжруулах болон хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, уул уурхай, аж үйлдвэрийн салбарт хамтрах боломжийн талаар санал солилцов гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ

2022.07.16. Монгол Улс. Улаанбаатар хот. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Нгуен Суан Фүк  мэндчилгээ дэвшүүллээ. МЭНДЧИЛГЭЭНД: Монгол Улсын Ардын хувьсгалын 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Вьетнамын төр, засаг, ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд болон танаар уламжлан Монгол Улсын төр, засаг болон нийт Монголын ард түмэнд халуун баяр хүргэж мэндчилье. Өнгөрсөн хугацаанд олсон их ололт амжилтын үндсэн дээр Монгол Улсын төр, засаг, ард түмэн эх орноо хөгжүүлэн бүтээн байгуулах их үйлсэд ихээхэн амжилтыг гаргаж, ард түмний амьжиргааны түвшин өдрөөс өдөрт тасралтгүй сайжирна гэдэгт итгэл төгс байна. Сүүлийн жилүүдэд дэлхий болон бүс нутаг олон хүндрэл, сорилттой тулгарч байгаа нөхцөлд Вьетнам, Монгол хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа тасралтгүй хөгжин бэхжиж, олон шинэ амжилтад хүрсэн билээ. Хоёр орны хичээл зүтгэлээр цаашид Вьетнам, Монголын уламжлалт найрсаг, сайн сайхан харилцаа хоёр орны ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө улам их өргөжин хөгжиж, даян дэлхий болон бүс нутгийн энх тайван, хамтын ажиллагаа, хөгжлийн төлөөх их үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт миний бие итгэл дүүрэн байна. Монгол Улсад хөгжил цэцэглэлт, Монголын ард түмэнд аз жаргал, Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд эрүүл энх, өндөр үүрэг хариуцлагатай албан тушаалдаа амжилт гаргахын ерөөлийг дэвшүүлье гэжээ.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг

2023.07.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан гадаадын улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд баярын мэндчилгээ ирүүлсээр байна. Монгол Улсын Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Вьетнамын төр, засаг, ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Ерөнхийлөгч Танд болон танаар уламжлан Монгол Улсын төр, засаг болон нийт Монголын ард түмэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэж мэндчилье. Монгол Улсад хөгжил цэцэглэлт, Монголын ард түмэнд аз жаргал, Ерөнхийлөгч Танд эрүүл энхийг хүсэхийн зэрэгцээ, өндөр үүрэг хариуцлагатай албан тушаалдаа улам их амжилт гаргахыг хүсье.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Батлан хамгаалахын сайд Фам Ван Зиангийг хүлээн авч уулзлаа

2023.10.26. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Батлан хамгаалахын сайд Фам Ван Зиангийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын урилгаар Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалд нь амжилт хүсэв. Монгол Улс, БНСВУ-ын найрсаг харилцааг хөгжүүлэх, ялангуяа, аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд энэхүү айлчлал хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Батлан хамгаалахын сайд Фам Ван Зианг БНСВУ-ын Ерөнхийлөгчийн халуун дотно мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилж, хүлээн авч уулзаж буйд нь талархал илэрхийлэв. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Батлан хамгаалахын сайдтай салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд идэвхтэй хамтран ажиллана гэдгээ хэллээ. Талууд дэлхий дахин болон бүс нутгийн аюулгүй байдал, энх тайвны төлөөх хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлж, батлан хамгаалах салбарын солилцоог нэмэгдүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад төрийн айлчлал хийнэ

2023.10.27. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 01-05-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Энэхүү айлчлалыг Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй бөгөөд 2013 оноос хойш буюу 10 жилийн дараа Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Вьетнам Улсад хийж буй айлчлал гэдгээрээ онцлог юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгтой албан ёсны хэлэлцээ хийж, Вьетнамын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонгтой уулзана. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Выөнг Динь Хүэ, Ерөнхий сайд Фам Минь Чинь нар тус тус бараалхаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар ярилцана. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол, Вьетнамын бизнес форум”-д оролцож, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо

2023.11.01. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо. Айлчлал 2023 оны 11 дүгээр сарын 01-05-ны өдрүүдэд болох бөгөөд Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй юм. Мөн 2013 оноос хойш буюу 10 жилийн дараа Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Вьетнам Улсад хийж буй айлчлал гэдгээрээ онцлог юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгтой албан ёсны хэлэлцээ хийж, Вьетнамын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонгтой уулзана. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Выөнг Динь Хүэ, Ерөнхий сайд Фам Минь Чинь нар тус тус бараалхаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар ярилцахаар төлөвлөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

2023.11.01. Вьетнам. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад төрийн айлчлал хийхээр 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ханой хотноо хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Ханой хотын Ной Бай олон улсын нисэх онгоцны буудалд БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ле Кхань Хай, Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сэрээжав, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам зэрэг албаны төлөөлөгчид угтан авав. Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд 1954 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд 70 жилийн ойг угтан тус айлчлалыг хэрэгжүүлж буй юм. Энэхүү айлчлал нь 2013 оноос хойш буюу 10 жилийн дараа Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Вьетнам Улсад хийж буй айлчлал гэдгээрээ онцлог юм. Вьетнамын талаас 1955 онд БНСВУ-ын Ерөнхийлөгч Хо Чи Мин, 2000 онд БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дык Лыонг, 2008 онд БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Минь Чиет, 2017 онд БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь нар тус тус Монгол Улсад айлчилж байжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хо Ши Минд хүндэтгэл үзүүллээ

2023.11.01. Вьетнам. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Дайнд амь үрэгдсэн дайчдын хөшөөнд цэцэг өргөлөө. Монгол Улсын Ерөнхийлөгч болон гэргийг Дайнд амь үрэгдсэн дайчдын хөшөөнд хүрэлцэн ирэхэд БНСВУ-ын Төрийн хүндэт харуул жагсаж угтлаа. Хөшөөнд цэцэг өргөх үед үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд гашуудлын ая эгшиглэв. Дайнд амь үрэгдсэн дайчдын хөшөөг үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө болон эх орноо хамгаалах үйл хэрэгт эрэлхэг зоригтой тэмцэж, амь эрсэдсэн цэрэг эрсийн алдар гавьяаг мөнхөлж, үүрд санан дурсах зорилгоор босгожээ. Тус цогцолбор нь 12,000 ам метр бүхий талбайг хамарсан 12,6 метр өндөртэй бөгөөд амь үрэгдсэн баатрыг харуулсан хөшөө юм. Тавцангийн их бие нь дөрвөлжин хэлбэртэй бөгөөд 8,7 метр өндөр, суурь нь 0,9 метр зузаантай. Ойролцоох цэнгэг усны цөөрөм нь 1,255 м2 талбайтай, 1,620 м2 талбай бүхий ногоон байгууламжийг хамарсан байдаг.Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Хо Чи Минийн бунханд хүндэтгэл үзүүлэв. Вьетнамын ард түмний удирдагч Ерөнхийлөгч Хо Чи Минийн бунхан нь Ханой хотын Ба Динь-ий талбайд байрладаг бөгөөд Ерөнхийлөгч Хо Чи Минь 1945 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр энэ талбайд бүх нийтийн анхны цуглааныг зохион байгуулж, Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улс байгуулагдсаныг зарлан тунхагласан.1973 оны 09 дүгээр сард бунхны барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд 1975 оны 06 дугаар сарын 16-нд барьж дуусгаж, мөн оны 08 дугаар сарын 26-нд албан ёсны нээлтийг хийжээ. Бунхан нь дөрвөлжин хэлбэртэй, хааш хаашаагаа 30 метр өргөнтэй, өндөр нь 21.6 метр бөгөөд 7 баллын хүчтэй газар хөдлөлтийг тэсвэрлэхээр баригдсан байна. Бунхны нийт талбайн хэмжээ 21,000 метр хавтгай дөрвөлжин болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг албан ёсоор угтах ёслол боллоо

2023.11.01. Вьетнам. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 01-05-ны өдрүүдэд Вьетнам Улсад төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг нарыг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ванг Тыөнг гэргий Фан Тхи Дамын хамт Ерөнхийлөгчийн ордны өмнө албан ёсоор угтлаа. Угтах ёслолын үеэр БНСВУ-ын Төрийн хүндэт харуул жагсаж, хөгжимд хоёр орны төрийн дуулал эгшиглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч, гэргий нарт цэцгийн баглаа барьж, дунд сургуулийн сурагчид хоёр улсын төрийн далбаатай мэндчиллээ. Төрийн тэргүүн нар хоёр талын албан ёсны төлөөлөгчдийг харилцан танилцуулсныхаа дараа цэргийн хүндэтгэлийн парад үзэж сонирхлоо. Угтах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ванг Тыөнг нар албан ёсны хэлэлцээ хийхээр уулзалтын танхим руу явжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2023.11.02. Вьетнам. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг нар 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв. Албан ёсны хэлэлцээ найрсаг, халуун дотно уур амьсгалд болж, талууд Монгол, Вьетнамын харилцаа, түүний дотор улс төр, батлан хамгаалах, зам тээвэр, ложистик, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн талбар дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Монгол Улсын Ерөнхийлөгч Вьетнам Улсад найрсгаар урьж, Монголын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч буй Вьетнамын төр, засаг, ард түмэнд талархал илэрхийллээ. Эртний түүхэн улбаатай, Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа “Найрамдалт хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурлан өргөжин бэхжиж ирснийг тэмдэглээд цаашид хоёр орны харилцааны онцлог, нөөц бололцоонд тулгуурлан хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНСВУ-д хийж буй энэхүү төрийн айлчлал нь хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг ирж буй он жилүүдэд хөгжүүлэх хэтийн төлөв, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал түлхэц болж буйг талууд онцлон тэмдэглэв. БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг 2024 онд тохиох Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсад төрийн айлчлал хийхийг урьсанд талархал илэрхийлэв. Хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин бэхжиж, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд зэрэг олон салбарт амжилтын түүхийг бүтээж буйд сэтгэл хангалуун байгаагаа хэллээ.Талууд Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, соёл, урлагийн зэрэг арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохирч, ойн хүрээнд хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдэв. Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Монгол, Вьетнамын хооронд агаарын харилцааг өргөжүүлэх, шууд нислэг үйлдэх замаар зорчигч, ачаа тээврийг хослуулан хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж иргэдийн солилцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиров. Энэ удаагийн айлчлалын үеэр байгуулж буй “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” нь хоёр улсын иргэд харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх болон аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг талууд тэмдэглэв. Талууд хоёр улсын худалдааны эргэлтийн дийлэнх хувийг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн эзэлж буйг дурдаад айлчлалын үеэр байгуулж буй “Цагаан будааны худалдааны тогтвортой нийлүүлэлтийн тухай санамж бичиг” нь цаашид Вьетнам Улсаас импортлох цагаан будааны чанарыг сайжруулах, худалдааны тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтойг онцлов. Мөн Монгол Улсаас Вьетнам Улсад экспортлох хонь, ямааны махны олон улсын мал эмнэлгийн гэрчилгээний загварын тухай баримт бичиг нь хоёр улсын хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдгийг талууд санал нэгтэй тэмдэглэв.Талууд хоёр улсын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд, жижиг, дунд үйлдвэрлэлийн хооронд хэлхээ холбоо тогтоох, хамтын ажиллагаанд төр, засгийн зүгээс бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахын чухлыг дурдаж, айлчлалын үеэр Монгол, Вьетнамын бизнес форумыг Ханой хотноо зохион байгуулж буйг сайшаав. Мөн цаашид уул уурхай, эрчим хүч, төмөр зам болон далайн тээврийн салбарт хамтран ажиллах өргөн боломж буйг талууд онцлоод Монгол Улсаас коксжих болон эрчим хүчний нүүрс, уул уурхайн бусад бүтээгдэхүүнийг Вьетнам Улсад экспортлох, арьс, шир зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн харилцан нийлүүлэх боломжийг эрэлхийлж ажиллахаар тогтов.Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, дэлхийн хүнсний хангамжид Монгол Улс хувь нэмрээ оруулах зорилгоор “Тэрбум мод” болон “Хүнсний хангамж, аюулгүй байдал” гэсэн хөдөлгөөнүүдийг эх орондоо санаачлан хэрэгжүүлж буйг дурдаад энэ чиглэлд вьетнамын талтай хамтран ажиллах боломжийн талаар ярилцав. Хоёр улсын төрийн тэргүүн нар НҮБ, АСЕАН болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирснийг онцолж, Монгол Улсын Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-д элсэх хүсэл эрмэлзлийг Вьетнам Улс үргэлжлүүлэн дэмжихээ нотлов. Хэлэлцээний дүнгээр талууд Хамтарсан мэдэгдэл гаргаж, хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх хүрээнд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа.

Монгол Улс, БНСВУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа

2025.01.24. Вьетнам. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг нарыг байлцуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслол боллоо.

ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН БАРИМТ БИЧГҮҮД:

  • Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Вьетнамын талаас Гадаад хэргийн сайд Буй Тань Сөн нар,
  • Мэдээлэл солилцоо болон цагаачлалын менежментийн тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Вьетнамын талаас Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам нар,
  • Үндэстэн дамнасан мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Вьетнамын талаас Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам нар,
  • Хамтран ажиллах тухай Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын талаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Вьетнамын талаас Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам нар,
  • Стратеги судалгааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын талаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Вьетнамын талаас Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам нар,
  • Цагаан будааны худалдааны тогтвортой байдлын тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Аж үйлдвэр, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Вьетнамын талаас Аж үйлдвэр, худалдааны сайд Нгуен Хонг Зиен нар тус тус гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг хэвлэлд мэдээлэл хийлээ

2023.11.02. Вьетнам. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг нар албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэлсэн үгэндээ, эртний түүхэн улбаатай, найрсаг харилцаатай Монгол, Вьетнам улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн босгон дээр эх орондоо найрсаг дотноор хүлээн авч буй Ерөнхийлөгч Во Ван Тыөнг болон Вьетнамын ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Монгол Улс, Вьетнам Улсын харилцаа тэртээ XIII зуунд цэрэг, улс төрийн харилцаа тогтоосноор эхэлж байсан өнө эртний түүхтэй бөгөөд ХX зууны эхний хагаст хоёр улс үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, хөгжил дэвшлийн шинэ эрин үетэй золгосон нь орчин цагийн харилцааны үндэс суурь болсон гэдгийг тэмдэглэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНСВУ-д хийж буй энэхүү төрийн айлчлал нь хоёр орны уламжлалт найрсаг харилцааг улам бүр бэхжүүлэн, ирж буй он жилүүдэд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хэтийн төлөв, цаашдын замын зураглалыг тодорхойлоход чухал түлхэц болно гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ. Айлчлалын хүрээнд хоёр улсын хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлалын салбарыг бодлогоор дэмжих, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж чадсаныг онцоллоо. Төрийн айлчлалын хүрээнд Монгол, Вьетнамын бизнес форумыг хамтран зохион байгуулж, хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаанд бодлогын дэмжлэг үзүүлэх нь худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой гэж үзэж байгаагаа хэлэв. Хоёр улсын Ерөнхийлөгчийн албан ёсны хэлэлцээ өндөр ач холбогдолтой, үр дүнтэй, найрсаг дотно болсон гэж үнэлж байгаагаа онцоллоо. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг хэлсэн үгийнхээ эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй хийсэн албан ёсны хэлэлцээ илэн далангүй, чин сэтгэлийн, найрсаг, халуун дотно уур амьсгалд болж, хоёр улсын харилцаа төдийгүй харилцан сонирхсон олон улс, бүс нутгийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, олон нийтлэг ойлголцолд хүрсэн гэдгийг тэмдэглэв. Ирэх жилүүдэд хоёр улсын хамтын ажиллагааг улам үр бүтээлтэй болгохын тулд дараах томоохон чиглэлүүдийн хүрээнд хөгжүүлэх талаар ярилцаж тохирсон гэдгийг хэллээ. Үүнд улс төр, батлан хамгаалах, аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, соёл, хөдөлмөр, иргэд хоорондын солилцооны чиглэлээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцож, нягт хамтран ажиллахаар тохирсныг онцлов. Ирэх онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнүүдийг үр дүнтэй, бодитой хэрэгжүүлэх чиглэлд хоёр тал нягт уялдаатай хамтран ажиллахаар санаачилга нэгдсэнийг дурдлаа. Ирэх жилүүдэд Вьетнам, Монголын харилцаа улам бэхжин харилцааны шинэ түншлэлд хүрч, хоёр орны ард түмний ашиг тусын тулд бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хамтын ажиллагааны хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байгаагаа тэмдэглэв. Ирэх 2024 онд тохиох Вьетнам, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч БНСВУ-ын Ерөнхийлөгчийг Монгол Улсад айлчлахыг урьсанд талархал илэрхийлж, баяртай хүлээн авч байгаагаа илэрхийллээ.

Монгол, Вьетнамын Хамтарсан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна

2023.11.02. Вьетнам. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг нарын албан ёсны хэлэлцээний дүнгээр гаргасан Монгол, Вьетнамын Хамтарсан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ, ВЬЕТНАМЫН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ:

Нэг. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг-ийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 01-05-ны өдрүүдэд Вьетнам Улсад төрийн айлчлал хийв.

Хоёр. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Вьетнамын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонг, Ерөнхий сайд Фам Минь Чинь, Үндэсний Ассамблейн дарга Выөнг Динь Хүэ нартай тус тус уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид Хо Чи Минь-ий бунханд хүндэтгэл үзүүлж, Хоа Бинь мужийн соёл, эдийн засгийн чөлөөт бүсэд зочлов.

Гурав. Айлчлалын үеэр талууд улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, технологи, зам тээвэр, ложистик, соёл, аялал жуулчлал, иргэдийн солилцоо зэрэг хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх бодит арга хэмжээний талаар болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. 2024 онд тохиох Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдэв.

Дөрөв. Албан ёсны хэлэлцээний үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Во Ван Тыөнг нар хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа хөгжин бэхжиж, улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах зэрэг олон салбарт амжилтын түүхийг бүтээж буйд сэтгэл хангалуун байгааг илэрхийлээд, цаашид хоёр орны харилцааны давуу тал, нөөц бололцоонд тулгуурлан бүхий л салбарт үр бүтээмжтэй ажиллаж, хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулан хөгжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар тохиролцов. Талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх хүрээнд дээд, өндөр түвшний төлөөлөгчдийн солилцоог нам, төр, Засгийн газар, парламент зэрэг бүхий л түвшинд үргэлжлүүлэх, 2024 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 70 жилийн түүхэн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, соёл, урлагийн арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх, хоёр талын хамтын ажиллагааны баримт бичгүүдийн хэрэгжилтийг эрчимтэй хангах талаар санал нэгдэв.

Тав. Талууд батлан ​​хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлж, хамтын ажиллагааны өнөөгийн механизмууд, түүний дотор 2019 оны 12 дугаар сард байгуулсан “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг үр дүнтэй хэрэгжүүлэх, Вьетнам Улсын Үндэсний батлан хамгаалахын сайдын 2023 оны 10 дугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр ярьж тохирсон хамтын ажиллагааны тодорхой төсөл, хөтөлбөрөөр дамжуулан мэдээлэл солилцох, батлан хамгаалах аж үйлдвэр, техник болон энхийг сахиулах зэрэг чиглэлд бодит хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаар тохиролцов. Талууд аюулгүй байдал, нийтийн хэв журмыг сахиулах, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, шилжилт хөдөлгөөний удирдлагын чиглэлд хамтран ажиллах тухай хоёр орны хууль сахиулах байгууллага хооронд байгуулсан баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангаж ажиллахаар тохиролцов. Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яамны харьяа Хөдөлгөөнт цагдаагийн газрын дэргэд байгуулагдсан Морьт цагдаагийн хороо нь нийгмийн хэв журам, аюулгүй байдлыг сахиулахад хувь нэмэр оруулж буй нь хоёр орны аюулгүй байдлын байгууллагуудын хамтын ажиллагааны тод илрэл болж буйг Талууд тэмдэглээд тус Морьт цагдаагийн хороог бэхжүүлэхэд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар болов.

Зургаа. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комисс хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хэлэлцэх чухал механизм болж хөгжиж буйг Талууд өндрөөр үнэлж, тус механизмаар дамжуулан хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт бодит хамтын ажиллагааг хөгжүүлж, хоёр орны бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид хооронд хэлхээ холбоо тогтоон худалдааг дэмжиж ажиллахаар тохиров. Мөн хоёр улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын салбар дахь хамтын ажиллагааг дэмжиж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн төлөө хоёр талын давуу тал, нөөц боломжийг дайчлан ажиллахаар болов. Талууд хоёр орны аж ахуйн нэгжүүдийг холбоход чухал үүрэг гүйцэтгэж, дэмжлэг үзүүлж буй Вьетнамын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх “Вьетнам, Монголын бизнесийн зөвлөл” болон Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх “Монгол, Вьетнамын бизнесийн зөвлөл” зэрэг байгууллагуудын хамтын ажиллагааг өндрөөр үнэлэв.

Долоо. Талууд 2019 онд байгуулсан “Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг”-ийн хэрэгжилтийг үр дүнтэйгээр хангах чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиров. Талууд Монгол Улсаас БНСВУ-д экспортлох ямаа, хонины махны “Мал эмнэлгийн ариун цэврийн гэрчилгээ” болон БНСВУ-аас Монгол Улсад экспортлох шувууны мах, махан бүтээгдэхүүний “Мал эмнэлгийн ариун цэврийн гэрчилгээ”-г тус тус харилцан тохирсон нь хоёр улсын хооронд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний солилцоо хийх таатай нөхцөл бүрдүүлснийг сайшаан тэмдэглэв.

Найм. Хоёр орны төрийн тэргүүн нар хоёр талын холбогдох байгууллагууд Монгол, Вьетнамын хооронд агаарын харилцааг өргөжүүлж, хоёр орны худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, иргэдийн солилцоог нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлэв. Талууд хоёр улс хоорондын зам тээврийн харилцаа, түүний дотор төмөр зам, далайн тээвэр, агаарын тээвэр зэрэгт тулгамдаж буй ложистикийн саад бэрхшээлийг шийдвэрлэх боломжит гарцыг үргэлжлүүлэн эрэлхийлж ажиллахаар болов.

Ес. Хоёр орны төрийн тэргүүн нар нийгмийн хамгаалал, мэргэжлийн боловсрол, нийгмийн даатгал, хүн амын хөгжил, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн бодлого, үйлчилгээ, жендерийн тэгш байдлын чиглэлээр хамтран ажиллах тухай 2017 онд байгуулсан “Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Вьетнам Улсын Хөдөлмөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийгмийн асуудлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хэрэгжилтийг хангаж ажиллахын чухлыг тэмдэглэж, талуудын хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй салбаруудад харилцан ажиллах хүч нийлүүлэх, хүлээн авах боломжийг үргэлжлүүлэн судлахаар тохиролцов.

Арав. Талууд 2012 онд байгуулсан Боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг үргэлжлүүлэн үр дүнтэй хэрэгжүүлэхээр тохиролцов. Монголын талын “Ерөнхийлөгчийн илгээлт–2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд вьетнамын тал тус улсын Засгийн газраас олгож буй тэтгэлгийн тоог нэмэгдүүлэх боломжийг нааштайгаар судлан үзэхээ илэрхийлэв. Талууд эрүүл мэндийн салбар, түүний дотор уламжлалт анагаах ухаан, ургамлын гаралтай эм үйлдвэрлэх технологийг судлах чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр орны түүх, соёлыг харилцан сурталчлах зорилго бүхий хөтөлбөр хэрэгжүүлэх, соёл, урлагийн баг, хамтлагуудын солилцоог дэмжих, түүх, соёлын өвийг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх,  хоёр талын аялал жуулчлалын давуу тал, нөөц бололцоог харилцан сурталчлах замаар иргэдийн найрсаг солилцоог эрчимжүүлэх, ялангуяа оюутан залуучуудын солилцоо, орон нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр санал нэгдэв. Мөн хоёр улсад ажиллаж, амьдарч буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдний сурч боловсрох, ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд нягт хамтран ажилласнаар тухайн иргэд хоёр орны найрамдлыг бэхжүүлэх чухал гүүр болох ач холбогдолтойг тэмдэглэв.

Арван нэг. Талууд НҮБ, ЭҮНХ, ДЭМБ, АСЕМ, АСЕАН (АРФ), ЮНЕСКО, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга, Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг (APG) зэрэг олон улсын болон бүс нутгийн байгууллагын хүрээнд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллаж, харилцан бие биеэ дэмжихээ илэрхийлэв.

Арван хоёр. Вьетнамын тал Монгол Улсыг АСЕАН-ы улс орнуудтай харилцаагаа өргөжүүлэн бэхжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж, АПЕК гишүүнчлэлээ өргөтгөх үеэр Монгол Улс тус байгууллагад элсэх хүсэлтийг дэмжихээ дахин нотлов. Талууд НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг чухалчлан үзэж, ядуурлыг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Арван гурав. Талууд Өмнөд Хятадын тэнгист энх тайван, аюулгүй байдлыг хангах, маргаантай асуудлыг НҮБ-ын дүрэм, олон улсын хууль тогтоомж, түүний дотор  1982 оны Далайн эрх зүйн тухай НҮБ-ын конвенц (UNCLOS 1982)-д нийцүүлэн энхтайвны арга замаар шийдвэрлэхийн чухлыг тэмдэглэв.

Арван дөрөв. Айлчлалын үеэр талууд дараах баримт бичигт гарын үсэг зурав. Үүнд:

  • Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр;
  • Мэдээлэл солилцоо болон цагаачлалын менежментийн тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;
  • Үндэстэн дамнасан мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;
  • Хамтран ажиллах тухай Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;
  • Стратеги судалгааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;
  • Цагаан будааны худалдааны тогтвортой нийлүүлэлтийн тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Аж үйлдвэр, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;
  • Монгол Улсаас БНСВУ-д экспортлох ямаа, хонины махны “Мал эмнэлгийн ариун цэврийн гэрчилгээ” болон БНСВУ-аас Монгол Улсад экспортлох шувууны мах, махан бүтээгдэхүүний “Мал эмнэлгийн ариун цэврийн гэрчилгээ”.

Арван тав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг болон Вьетнамын ард түмэнд Монголын төлөөлөгчдийг халуун дотно, найрсгаар хүлээн авч буйд талархал илэрхийлж, Ерөнхийлөгч Во Ван Тыөнг-ийг ирэх 2024 онд тохиох Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсад төрийн айлчлал хийхийг урив.

Монгол-Вьетнамын бизнес форум Ханой хотноо боллоо

2023.11.02. Вьетнам. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол – Вьетнамын бизнес форумд 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр оролцлоо. Форумыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол, Вьетнамын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээвэр, эрчим хүч, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нөөц боломж байгааг онцлон тэмдэглэв. Тэрбээр түүхэн найрсаг харилцаатай манай хоёр орны ард түмний хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Манай орны мал аж ахуйн түүхий эдийн нөөц болох хонь, ямаа, үхэр, адууны арьс, ширийг Вьетнамын дэвшилтэт техник технологитой хослуулан боловсруулах, мөн малын мах, махан бүтээгдэхүүн бэлтгэн экспортлох хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Далайд гарцгүй Монгол Улс нь төмөр зам, авто зам болон агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааг гуравдагч хөрш орнуудтай өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгдөг бөгөөд Вьетнамын аж ахуйн нэгжүүдтэй хамтран карго, тээвэр ложистикийн шинэ шийдлүүдийг хайх сонирхолтой байгааг цохон тэмдэглэлээ. Монгол Улс хөрөнгө оруулалтын бодлогоо улам сайжруулж, тогтвортой, тууштай байж, “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш”  байх зарчмыг баримтлан, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр эрх зүйн болон институтийн шинэчлэлүүдийг хэрэгжүүлж байгааг дурдав. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яамыг шинээр байгуулж, гадаадын хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийн үйл ажиллагааг эхлүүлээд байгааг онцоллоо. Түүнчлэн БНСВУ-ын Шадар сайд Чунг Луу Куанг тус форумыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал, Бизнес форумын өргөн оролцоо нь хоёр талын улс төрийн харилцааг эдийн засгийн хамтын ажиллагаа болгон өргөжүүлж, харилцааны цоо шинэ хуудас нээж байгааг онцлон тэмдэглэсэн юм.

Начанг-Улаанбаатар-Начанг чиглэлийн нислэгийн нээлтийн ёслол боллоо

Монгол Улсаас БНСВУ-д суугаа Элчин сайдын яам, Вьетнамын Аж үйлдвэр, худалдааны яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Вьетнамын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтран зохион байгуулсан тус форумд монголын талаас 70 гаруй, вьетнамын талаас 80 гаруй, нийт 200 орчим төлөөлөгч оролцлоо. Форумын үеэр Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар мэдээлэл өгч, хоёр улсын хооронд хөдөө аж ахуй, мал аж ахуй болон сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарт хамтран ажиллах боломжийн талаар вьетнамын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нарт дэлгэрэнгүй танилцуулав. БНСВУ-ын талаас  агаарын тээврийн Вьет-Жет групп, Совико групп, Ти Эйч групп, БиАрЖи групп, аялал жуулчлалын Вьен-Пеарл зэрэг компани үйл ажиллагаагаа танилцуулж, монголын талтай хамтран хэрэгжүүлж буй төслүүд болон цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар танилцууллаа. Мөн бизнес форумын үеэр Вьетнам Улсын Вьет-Жет авиакомпанийн Начанг-Улаанбаатар-Начанг чиглэлийн нислэгийн нээлтийн ёслол арга хэмжээ боллоо. Энэхүү нислэг нь 2023 оны 12 дугаар сарын 15-наас эхлэн тогтмол давтамжтайгаар хийгдэж эхлэх юм. Тус форумын төгсгөлд зарим аж ахуйн нэгжүүдийн хооронд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, хоёр талын бизнесийн төлөөлөгчид чөлөөт уулзалт хийж, худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Выөнг Динь Хүэ бараалхлаа

2023.11.03. Вьетнам. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНСВУ-д хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Үндэсний Ассамблейн дарга Выөнг Динь Хүэ-г хүлээн авч уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн босгон дээр Вьетнам Улсад төрийн айлчлал хийж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв. Монгол Улс Вьетнам Улсыг Зүүн өмнөд Ази дахь чухал түнш хэмээн үздэг бөгөөд хоёр улс түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын гүнзгий хэлхээ холбоотой, найрсаг дотно харилцаатай орнууд гэдгийг онцлов. Үндэсний Ассамблейн дарга Выөнг Динь Хүэ хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа дипломат харилцаа тогтоосноос хойш тууштай өргөжин гүнзгийрч ирсэн бөгөөд хүнд бэрх цаг үед монгол, вьетнамын ард түмэн бие биеэ харилцан дэмжиж, найрсгаар хамтран ажиллаж ирсэн сайхан уламжлалтайг тэмдэглэв. Хоёр орны үе үеийн удирдагчдын тавьсан харилцааны хөрс суурь нь цаг хугацааны бүхий л сорилт, шалгуурыг давж, хөгжин бэхжиж ирсэн бөгөөд цаашид энэхүү бат бэх харилцааг шат ахиулан Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх түүхэн цаг үе ирснийг талууд санал нэгтэй тэмдэглэв. Талууд хоёр улсын улс төрийн харилцааг бэхжүүлж, харилцааны эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа, хэлхээ холбоо чухал үүрэг гүйцэтгэдгийг онцолж, цаашид парламент хоорондын хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжиж, Парламентын Найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг нотлов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНСВУ-ын Ерөнхий сайд Фам Минь Чинь бараалхлаа

2023.11.03. Вьетнам. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНСВУ-д хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхий сайд Фам Минь Чинь-ийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг цохон тэмдэглээд, энэ хүрээнд БНСВУ-тай худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг-тэй хийсэн яриа, хэлэлцээ амжилттай, үр дүнтэй болсныг дурдаад айлчлалын үеэр ярьж тохирсон зүйлсийг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэх чиглэлд хоёр улсын Засгийн газар нягт хамтран ажиллана гэдэгт итгэж буйг тэмдэглэв. Хоёр улсын бат бэх харилцааг ирэх онд шат ахиулж, Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх талаар хоёр тал тохирсныг сайшаан тэмдэглэлээ. Ерөнхий сайд Фам Минь Чинь 2024 онд тохиох Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, ард түмний ойр дотно нөхөрлөлийг бэхжүүлсэн арга хэмжээг хамтдаа зохион байгуулах, түүхэн шинэ хуудсыг нээх талаар хамтран ажиллахдаа баяртай байгааг илэрхийлэв. Талууд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комисс нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хэлэлцэх чухал механизм болж хөгжиж буйг өндрөөр үнэлж, тус механизмаар дамжуулан хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт бодит хамтын ажиллагааг хөгжүүлж, хоёр орны бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид хооронд хэлхээ холбоо тогтоон худалдааг дэмжиж ажиллахын чухлыг онцоллоо. Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд тээвэр, ложистикийн саад тотгорыг арилгах, хоёр улс хоорондын агаарын харилцааг өргөжүүлэх, шууд нислэг үйлдэх замаар аялал жуулчлал, иргэдийн солилцоог нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах болсныг талууд сайшаав. Мөн цаашид бараа бүтээгдэхүүний эргэлтийг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг хөнгөвчлөх хүрээнд Монгол, Вьетнам, Хятадын зам тээврийн асуудал хариуцсан сайд нарын түвшний гурван талт уулзалтыг зохион байгуулж, төмөр замд түшиглэсэн транзит тээврийн дамжин өнгөрөх боомтуудыг тохирох чиглэлд идэвхтэй хамтран ажиллахын төлөө байгааг нотлов. Энэ удаагийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэх хүрээнд хоёр талын хэд хэдэн баримт бичгийг байгуулсныг талууд сайшаан тэмдэглээд үүний дотор “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” нь хоёр улсын иргэд харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх болон аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг талууд тэмдэглэв. Талууд мөн хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Вьетнам Улсаас цагаан будаа нийлүүлэх, Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортлох таатай нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд цагаан будааны худалдааны тогтвортой нийлүүлэлтийн тухай санамж бичиг болон олон улсын мал эмнэлгийн гэрчилгээний загварын тухай баримт бичгийг тохирсон нь хоёр улсын хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдгийг талууд санал нэгтэй тэмдэглэв. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Хоа Бинь мужийн Лыөнг Сөн аж үйлдвэрийн паркад ажиллалаа

2023.11.04. Вьетнам. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Хоа Бинь мужийн Лыөнг Сөн аж үйлдвэрийн паркад ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцлаа. БНСВУ-ын Төлөвлөлт, хөрөнгө оруулалтын яамнаас тус улсын 63 засаг захиргааны мужийн 61 муж, хотод 563 аж үйлдвэрийн парк байгуулахаар төлөвлөсөн бөгөөд 2023 оны байдлаар 397 аж үйлдвэрийн парк байгуулагдсан байна. Хоа Бинь мужид 8 аж үйлдвэрийн парк байгуулах шийдвэрийг гаргасан бөгөөд 2 аж үйлдвэрийн парк үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Лыөнг Сөн” аж үйлдвэрийн парк нь 2010 онд байгуулагдсан бөгөөд Хоа Бинь мужид 230 га талбай газрыг хамарч байна. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах, барилгын материал, нарны цахилгаан хавтан угсралт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, байгаль орчинд ээлтэй аж үйлдвэрийг дэмжих зорилготой парк юм. Лыөнг Сөн аж үйлдвэрийн парк нь байгуулагдсанаасаа хойш нийт 300 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг Япон, Солонгос, Энэтхэгийн 30 орчим аж ахуй нэгжүүдээс татжээ. Бүс нутагт нийт 15 мянга гаруй ажлын байрыг бий болгож, улсын болон орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус паркад ажиллах үеэрээ автомашины салхины шил арчигч үйлдвэрлэж буй “Cap Global” ХХК, мотоциклын сэлбэг үйлдвэрлэгч “Nissin Manufacturing Vietnam” ХХК, нарны панел үйлдвэрлэгч “CRC Solar Cell” ХК-д тус тус зочиллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-д суралцаж буй оюутнуудтай уулзлаа

2023.11.05. Вьетнам. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр тус улсад суралцаж буй монгол оюутнуудтай уулзлаа. Одоогоор Монгол Улсаас БНСВУ-д нийт 34 монгол оюутан суралцаж буй бөгөөд үүний 11 нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд суралцаж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч оюутнуудад хандан хэлсэн үгэндээ, БНСВУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлал амжилттай, өндөр үр дүнтэй болсон бөгөөд ирэх онд тохиох Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан БНСВУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлахаар болсныг хэллээ. Ирэх жилүүдэд найрсаг харилцаатай Монгол, Вьетнамын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд вьетнам хэлтэй боловсон хүчин чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцолж, сурлагын өндөр амжилт хүсэв. Мөн хүн бүр суралцах хугацаандаа эх орноо төлөөлж буйгаа үргэлж санаж, эв нэгдэл, нэр төрөө эрхэмлэж явахыг захилаа.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын иргэдэд төрийн одон, медаль гардууллаа

2023.11.05. Вьетнам. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэр бүхий иргэдэд төрийн одон, медаль гардууллаа. Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан хоёр орны гадаад харилцаа, хамтын ажиллагаа, соёлын салбарт оруулсан үнэтэй хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, дараах БНСВУ-ын иргэдэд төрийн одон, медаль хүртээв. АЛТАН ГАДАС ОДОНГООР:

БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Чан Нгуен Чук

БНСВУ-ын орчуулагч, зохиолч Хоанг Тхүй Тоан

НАЙРАМДАЛ МЕДАЛИАР:

БНСВУ-ын Гадаад хэргийн дэд сайд асан Нгуен Фыөнг Нга

БНСВУ-д суугаа Өргөмжит консул Суан Хань Нгуен

БНСВУ-ын сэтгүүлч Ле Монг Чиен нарыг тус тус шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

2024.05.13.Mонгол Улc. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам-ыг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой энэ онд тохиож буйг тэмдэглээд, харилцаа Найрамдалт хамтын ажиллагааны зарчимд тулгуурлан бүхий л салбарт өргөжин хөгжиж байгааг дурдав. Элчин сайдаар ажиллах хугацаандаа харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд идэвх санаачилга гаргаж, худалдаа, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа иргэдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөхөд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлов. Монгол Улсын төр, засаг бүх талаар дэмжин, хамтран ажиллаж байсанд Элчин сайд Зоан Хань Дам талархал илэрхийллээ. Цаашид харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж,  иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлж Элчин сайд Зоан Хань Дам-ыг Найрамдал медалиар шагналаа.

БНСВУ-ын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ

2024.07.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам баярын мэндчилгээ дэвшүүллээ. Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Вьетнамын төр, ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд болон танаар уламжлан Монголын ард түмэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Монгол Улсын төр, ард түмэн улс орноо хөгжүүлэн цэцэглүүлэх их үйлсэд улам их амжилт гарган, ард түмэн нь аз жаргалтай байж, улс орон нь цэцэглэн хөгжиж, Шинэ сэргэлтийн бодлого болон 2021-2025 оны Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан зорилтуудаа амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа өнгөрсөн 70 жилийн хугацаанд тасралтгүй бэхжин хөгжиж, сүүлийн жилүүдэд олон бодит үр дүн, амжилтанд хүрч байгаад баяртай байна. Цаашид харилцаа, хамтын ажиллагаа хоёр орны ард түмний нийтлэг эрх ашигт нийцэн улам бүр өргөжин хөгжиж, дэлхий болон бүс нутгийн энх тайван, хамтын ажиллагаа, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

2024.08.28. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Дуан Тань Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ онд Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой тохиож буйг тэмдэглээд, энэхүү түүхэн ойн жил Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж буйд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. Тэрбээр манай хоёр улсын Найрамдалт хамтын ажиллагааны зарчимд тулгуурласан уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх зорилтыг бодит ажил хэрэг болгох, иргэд харилцан визгүй зорчих давуу талаа ашиглан иргэдийн солилцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад элчин сайдыг онцгойлон анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэв гэжээ.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

2024.09.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам 2024 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын өнгөрсөн 70 жилийн хамтын ажиллагааг дүгнэж, харилцааг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. Мөн талууд хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 онд Вьетнам Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал бөгөөд Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй гэдгээрээ онцлог юм.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024.09.30. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам болон дагалдан яваа төлөөлөгчдийг Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд албаны төлөөлөгчид угтав. Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй энэхүү төрийн айлчлалын үеэр төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын эрх зүйн орчныг бэхжүүлэх хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Ерөнхийлөгч То Лам-д бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн  хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс нь 1954 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дипломат харилцаа тогтоосон юм гэжээ.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2024.09.30. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгч То Лам-ыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Төрийн тэргүүн нар Төрийн ёслолын цэргийн цагаан тугт мэхийн ёсолсны дараа Ерөнхийлөгч То Лам Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, То Лам нар Вьетнамын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар болон Олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй мэндчиллээ. Төрийн тэргүүн нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч То Лам Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, То Лам нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцоно.

Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

2024.09.30. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам-ын Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Үүнд:

1. “ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”

монголын талыг төлөөлж Хууль зүй, дотоод хэргийн сайд Оюунсайханы Алтангэрэл, вьетнамын талыг төлөөлж Хууль зүйн сайд Нгуен Хай Нинь нар гарын үсэг зурлаа. Хууль тогтоомжийн төсөл боловсруулахад урьдчилсан судалгаа хийх, эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийг төгөлдөржүүлэх, хууль тогтоомжийн эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөлөл, хэрэгжилтийн талаар харилцан туршлага солилцох зэргээр хамтран ажиллана. Мөн иргэний бүртгэл, хууль зүйн туслалцаа, эрх зүйн сурталчилгааны салбарт хамтарна.  

2. “ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ТЭЭВРИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”

монголын талыг төлөөлж Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, вьетнамын талыг төлөөлж Тээврийн сайд Нгуен Ван Тан нар гарын үсэг зурлаа.

Автотээвэр, агаарын тээвэр, төмөр зам, далайн тээврийн салбарын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан дэмжлэг үзүүлэх, талуудын нутаг дэвсгэрээр дамжуулан ачаа тээвэрлэх таатай нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн олон улсын тээвэр, ложистикийн үр ашигтай сүлжээ бий болгоно. 

3. “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”

монголын талыг төлөөлж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Номин, вьетнамын талыг төлөөлж Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Нгуен Ван Хунг нар гарын үсэг зурлаа.

Аялал жуулчлалын салбарын мэдлэг, туршлага, хэвлэмэл материал, мэдээ мэдээлэл, тоо баримт солилцох, аялал жуулчлалын хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих замаар аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлнэ. 

4. “КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ, КИБЕР ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН НИЙГМИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”

монголын талыг төлөөлж Хууль зүй, дотоод хэргийн сайд Оюунсайханы Алтангэрэл, вьетнамын талыг төлөөлж Нийгмийн аюулгүй байдлын дэд сайд Фам Те Дунг нар гарын үсэг зурлаа.

Кибер аюулгүй байдлын тухай олон улсын эрх зүйн дүрэм, журам, стандартыг хөгжүүлэн сайжруулах, кибер халдлагаас урьдчилан сэргийлэх үр дүнтэй аргууд, чухал мэдээллийн дэд бүтцийн хамгаалалт, кибер аюулгүй байдлын хамгаалалтын чиглэлээр мэдээлэл солилцож, харилцан туршлага солилцоно. 

5. “МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН НИЙСЛЭЛ ХАНОЙ ХОТ ХООРОНДЫН НАЙРСАГ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ”

монголын талыг төлөөлж Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Луулайгийн Хосбаяр, вьетнамын талыг төлөөлж Ханой хотын Ардын хорооны орлогч дарга Нгуен Мань Куйен нар гарын үсэг зурлаа.

Худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарт өргөн хүрээнд хамтран ажиллаж, найрсаг харилцаагаа бэхжүүлэн, бүхий л салбар дахь харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нөхцөл бүрдүүлнэ. 

6. “МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН АКАДЕМИ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”

монголын талыг төлөөлж Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн газрын дарга Адьяасүрэнгийн Баярбаатар, вьетнамын талыг төлөөлж Шинжлэх ухаан, технологийн академийн Ерөнхийлөгч Чау Ван Минь нар гарын үсэг зурлаа.

Хамтарсан хурал, семинар, зөвлөгөөн зохион байгуулах, эрдэм шинжилгээний ажилтан солилцох, шинжлэх ухааны мэдээлэл, өгөгдөл, судалгааны үр дүнгийн талаар харилцан мэдээлэл солилцох замаар  харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. 

7. “МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ВЬЕТНАМЫН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”

монголын талыг төлөөлж Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректор Төмөрпүрэвийн Намнан, вьетнамын талыг төлөөлж Вьетнамын Үндэсний их сургуулийн захирал Ле Куан нар гарын үсэг зурлаа. Хамтарсан сургалт, хөтөлбөр зохион байгуулах, арга зүй, туршлага солилцох, шинжлэх ухаан болон технологийн салбарт хамтарсан судалгаа хийх, судлаач эрдэмтэн мэргэшүүлэх болон оюутан харилцан солилцоно.

Монгол Улс, БНСВУ-ын хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох тухай Хамтарсан тунхаглал гаргалаа

2024.09.30. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улс, БНСВУ-ын хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох тухай Хамтарсан тунхаглал гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам-ын төрийн айлчлал үргэлжилж байна.Айлчлалын хүрээнд хоёр улс Хамтарсан тунхаглал гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ХООРОНД ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦАА ТОГТООХ ТУХАЙ ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ
  1. Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам 2024 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам-д тус тус бараалхлаа.
  2. Төрийн тэргүүн нар өнгөрсөн 70 жилийн хугацаанд Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа тууштай өргөжин бэхжиж ирснийг өндрөөр үнэлж, хоёр улсын хамтын ажиллагааны хэтийн төлөв болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо.
  3. Монгол Улс БНСВУ-ыг Зүүн өмнөд Ази дахь чухал түнш хэмээн үзэж, харилцан ашигтай, бие биеэ нөхсөн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа нотоллоо. БНСВУ нь Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого, “гуравдагч хөрш”-ийн бодлогыг хүндэтгэн хоёр орны харилцааг шинэ шатанд өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.
  4. Төрийн тэргүүн нар Монгол Улс, БНСВУ-ын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай хоёр улсын ард түмний нийтлэг эрх ашигт нийцэх төдийгүй олон улс, бүс нутгийн энх тайвныг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг хангахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдэж, хоёр улсын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тохирч, дараах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тогтов. Үүнд:

I. Улс төрийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ.

  1. Талууд бүхий л түвшний харилцан айлчлал, төлөөлөгчдийн солилцоог нэмэгдүүлж, ард иргэд хоорондын ойр дотно харилцааг өргөжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаар санал нэгдэв. Түүнчлэн, хоёр улсын яамд, төрийн бусад байгууллага болон нийслэл, орон нутаг хоорондын хамтын ажиллагааны шинэ механизмыг бий болгох боломжийг судалж ажиллахаар тогтов.
  2. Талууд Монгол, Вьетнамын хууль тогтоох дээд байгууллага, түүний дотор Парламент дахь Байнгын хороо, Найрамдлын бүлэг, эмэгтэй болон залуу гишүүд хоорондын хамтын ажиллагааг харилцааны шинэ түвшинд нийцүүлэн хөгжүүлэх, 2018 онд байгуулсан Парламент хоорондын хамтын ажиллагааны баримт бичгийг шинэчлэн байгуулах, бүс нутаг болон олон улсын парламентчдын форум зэрэг олон улсын байгууллагын хүрээнд харилцан бие биеэ үргэлжлүүлэн дэмжиж, хамтран ажиллахаар санал нэгдэв.
  3. Талууд хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтын механизмыг тогтмолжуулж, хоёр талт хамтын ажиллагаа, гадаад бодлого, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар тогтмол санал солилцож, олон талт яриа хэлэлцээний механизмыг бий болгох арга замыг эрэлхийлэхээр болов.

II. Батлан хамгаалах, хууль сахиулах чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

  1. Төрийн тэргүүн нар аюулгүй байдал, батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагаанд сүүлийн үед гарч буй шинэ ахиц дэвшлийг өндрөөр үнэлж, бүх түвшний төлөөлөгчдийн солилцоо, уулзалт, яриа хэлэлцээг тогтмолжуулахаар тогтлоо.
  2. Талууд хоёр улсын хууль сахиулах болон хүчний байгууллага хоорондын харилцааг үргэлжлүүлэн өргөжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.
  3. Энэ хүрээнд хоёр талын хооронд байгуулсан хамтын ажиллагааны баримт бичгийн хэрэгжилтийг хангах, аюулгүй байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гэрээ, хэлэлцээр байгуулах, мэдээлэл солилцох, хоёр орны үндэсний эрх ашиг, аюулгүй байдалтай холбоотой стратегийн асуудлаар таамаглал, дүн шинжилгээ хийж, хамтарсан үнэлгээ гаргах чиглэлд хамтран ажиллахаар тохиров. 

III. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбар дахь бодит хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

  1. Төрийн тэргүүн нар эдийн засгийн бодит, үр өгөөжтэй, иж бүрэн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны механизмыг тогтмолжуулах, түүний дотор Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны механизм болох Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг тогтмолжуулахын чухлыг онцлон тэмдэглэв.
  2. Талууд Монгол, Вьетнамын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаар санал нэгдэж, хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан “Бизнесийн зөвлөл”-ийн ач холбогдол, үүргийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчид хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг дэмжих зэргээр хамтран ажиллахаар тохиров.
  3. Төрийн тэргүүн нар хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр харилцан туршлага солилцох, “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр” байгуулах асуудлыг судлан үзэхээр тохиров. 

IV. Хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, технологи, зам, тээвэр, соёл, спорт, аялал жуулчлал, боловсрол, хөдөлмөр, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарт бодит хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.

  1. Төрийн тэргүүн нар 2022 онд байгуулсан “Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийг шинэчлэхээр тохиролцов.
  2. Талууд хөдөө аж ахуйн салбарт баримталж буй хөгжлийн бодлого, цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийн урсгалыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, хөдөө аж ахуйн салбар дахь дэвшилтэт технологийг судалж, хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлд харилцан дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
  3. Төрийн тэргүүн нар Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан, түүний дотор Шинжлэх ухаан, технологийн дэд комиссын протоколын хэрэгжилтийг хангаж, шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, инновац, мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр хамтарсан судалгаа хийхээр санал нэгдэв.
  4. Төрийн тэргүүн нар зам тээвэр, ложистикийн саад бэрхшээлийг шийдвэрлэх, хоёр улсын хооронд авто зам, төмөр зам, агаарын тээвэр, далайн тээврийн салбарт байгуулсан баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангаж ажиллахаар тохиров.
  5. Монгол, Орос, Хятад гурван улсын 2016 онд байгуулсан “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т БНСВУ-ыг нэгдэн ороход Монгол Улс дэмжлэг үзүүлэх, Монгол, Вьетнам, Хятад гурван улсын хооронд бараа бүтээгдэхүүн тээвэрлэх механизм байгуулах тухай асуудлыг үргэлжлүүлэн судлахаар тогтов.
  6. Талууд 2022 онд байгуулсан “Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Вьетнам Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хэрэгжилтийг хангах, соёл, урлаг болон спортын төлөөлөгчид хооронд хамтарсан арга хэмжээ, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр санал нэгдэв.
  7. Хоёр орны ард иргэдийн найрамдал, нөхөрлөл, харилцан ойлголцлыг бататгах, түүх, соёлын дурсгалт өвийг хамгаалах, нөхөн сэргээх, соёлын биет бус өвийг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр улсын аялал жуулчлалын давуу тал, нөөц бололцоог харилцан сурталчлах ажлыг эрчимжүүлж, аялал жуулчлалын салбарт баримталж буй хөгжлийн бодлого, менежментийн талаарх туршлага, мэдээлэл солилцох чиглэлд идэвхтэй хамтран ажиллахаар тогтов.
  8. Талууд боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНСВУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хоёр улсад суралцаж буй оюутнуудыг өөр өөрийн улсын хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжлээр суралцуулах чиглэлд хамтран ажиллахаар болов.
  9. Талууд 2017 онд байгуулсан “Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Вьетнам Улсын хөдөлмөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийгмийн асуудлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд хоёр орны хөдөлмөрийн зах зээлд хэрэгцээтэй салбарт ажиллах хүч нийлүүлэх, хүлээн авах боломжийн талаар үргэлжлүүлэн судлахаар тогтов.
  10. Вьетнам Улс нь Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, цөлжилттэй тэмцэх, Монгол орны тал хээр, говь, цөлийн бүсийг ойжуулах, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн хүчин чармайлт, түүний дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өндрөөр үнэлж, монголын хөрсөнд тохирсон мод тарих судалгааг төлөвлөсөн талбайд хийхээр тогтов.
  11. Талууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар судалж үзэхээр санал нэгдэв.
  12. Талууд мэдээлэл, харилцаа холбооны салбарт хамтран ажиллах тухай баримт бичиг байгуулах талаар судалж, эдийн засаг, соёл, нийгмийн хөгжлийн үйл явцын талаарх мэдээ, мэдээлэл, зураг, дүрс бичлэг зэргийг харилцан солилцох нь хоёр орны иргэд бие биеэ төдийгүй улс орны онцлогийг илүү сайн ойлгосноор ард түмэн хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх ач холбогдолтойг онцолж, мэдээлэл, харилцаа холбооны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиров.

V. Олон улс болон бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

  1. Төрийн тэргүүн нар олон улс болон бүс нутгийн байгууллагын хүрээнд нягт хамтран ажиллаж ирснийг өндрөөр үнэлэв. Талууд бүс нутгийн аюулгүй байдал, улс төр, олон улсын нөхцөл байдлын талаар харилцан сонирхсон асуудлаар баримталж буй бодлого, байр суурийн талаар тогтмол санал солилцож, НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа нотлов.
  2. Түүнчлэн Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ), Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК), Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (АСЕАН), Ази-Европын уулзалт (АСЕМ), Зүүн Азийн Дээд түвшний уулзалт зэрэг бүс нутаг, олон улсын байгууллага болон Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд нягт хамтран ажиллаж, вьетнамын тал Монгол Улсыг АСЕАН-ы улс орнуудтай харилцаагаа өргөжүүлэн бэхжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж, АПЕК гишүүнчлэлээ өргөтгөх үеэр Монгол Улс тус байгууллагад элсэх хүсэлтийг дэмжихээ дахин нотлов.
  3. Талууд терроризм, үндэстэн дамнасан гэмт хэрэг, уур амьсгалын өөрчлөлт зэрэг уламжлалт бус аюул заналтай тэмцэх хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллахаар тогтов.
  4. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмэр оруулах, олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй хамтран ажиллах хүрээнд 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд вьетнамын талаас төлөөлөгч оролцуулахаар болов.
  1. Талууд Өмнөд Хятадын тэнгист тогтвортой байдал, энх тайван, аюулгүй байдлыг хангах, маргаантай асуудлыг НҮБ-ын дүрэм, олон улсын хууль тогтоомж, түүний дотор 1982 оны Далайн эрх зүйн тухай НҮБ-ын конвенц (UNCLOS 1982)-д нийцүүлэн энхтайвны арга замаар шийдвэрлэхийн чухлыг тэмдэглэв.
  2. Төрийн тэргүүн нар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам-ын Монгол Улсад хийсэн энэхүү төрийн айлчлал нь хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлоход чухал хувь нэмэр оруулсныг санал нэгтэй тэмдэглэв.
  3. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр Вьетнамын дээд, өндөр түвшний төлөөлөгчдийг халуун дотно, найрсгаар хүлээн авч буйд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Монголын ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Айлчлалын үеэр талууд дараах баримт бичигт гарын үсэг зурав. Үүнд:

“Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний их сургууль хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” зэрэг болно.

“Хууль зүйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хууль зүйн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”;

“Кибер аюулгүй байдал, кибер гэмт хэрэгтэй тэмцэх тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”;

“Хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн яам болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Тээврийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”;

“Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хот хоорондын найрсаг, хамтын ажиллагааны санамж бичиг”;

“Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Шинжлэх ухаан, технологийн академи хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”;

“Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч То Лам нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2024.10.01. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам нар 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Төрийн тэргүүн нарын албан ёсны хэлэлцээ ажил хэрэгч, халуун дотно уур амьсгалд болж, талууд Монгол, Вьетнамын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, түүний дотор улс төр, батлан хамгаалах, зам тээвэр, ложистик, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй энэхүү төрийн айлчлал нь “Найрамдалт хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурласан Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гарган, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататгахад чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад найрсгаар айлчлахыг урьж, вьетнамын төлөөлөгчдийг элэгсэг, халуун дотноор хүлээн авч буй Монгол Улсын төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Тэрээр манай хоёр улс газарзүйн байршлын хувьд алслагдмал хэдий ч цаг хугацааны бүхий л сорилт, шалгуурыг даван туулж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг  тууштай хөгжүүлэн эдүгээ 70 жилийн ойтойгоо золгож буйг тэмдэглэв. Талууд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хэрэгжүүлж буй энэхүү төрийн айлчлалаар өнгөрсөн хугацаанд хүрсэн ололт амжилтаа улам бүр бататган ахиулж, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүрснийг тунхаглан зарлаж буй нь хоёр улсын харилцааны түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдэх онцгой чухал үйл явдал болж буйг цохон тэмдэглэв. буйг цохон тэмдэглэв. Ерөнхийлөгч То Лам хоёр орон бие биеэ нөхсөн, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж бий гээд хоёр орны давуу тал бүхий бараа, бүтээгдэхүүнийг хоёр улсын зах зээлд харилцан нийлүүлэх, түүний дотор Вьетнам Улсаас далайн гаралтай бүтээгдэхүүн экспортлох, Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн импортлох боломжтойг илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнгөрсөн онд байгуулсан визийн шаардлагаас харилцан чөлөөлөх хэлэлцээр нь иргэд харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлснийг онцлоод, цаашид Монгол, Вьетнамын хооронд агаарын харилцааг өргөжүүлэх, хоёр улсын хооронд зорчигч болон ачаа тээврийн шууд нислэгийг  эхлүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд дэвшилтэт технологид суурилсан хамтарсан үйлдвэр байгуулах, нэмүү өртөг шингэсэн хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг судалж, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, хамтын ажиллагааны тулгуур багана болгох чиглэлд нягт хамтран ажиллахаар Төрийн тэргүүн нар санал нэгдэв. Ерөнхийлөгч То Лам хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчин нийлүүлэх тухай монголын талын саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд,  ирээдүй рүү чиглэсэн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, мөн мэдээлэл, технологийн салбар дахь боловсон хүчинг бэлтгэх боломжтойг илэрхийлэв. Төрийн тэргүүн нар боловсрол, соёл,  спортын салбар дахь хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, Монгол Улсын тамирчдын өндөр амжилт үзүүлж буй байт харваа, чөлөөт бөх, жүдо бөхийн төрлөөр харилцан туршлага солилцох, хамтарсан бэлтгэл хийх болон монгол, вьетнам судлалыг хөгжүүлэх, оюутан солилцоог өргөжүүлэхээр тохиров. Түүнчлэн манай хоёр орны хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болон хөгжиж буй Вьетнамын Хөдөлгөөнт цагдаагийн дэргэдэх “Морьт цагдаагийн хороо”-нд нэр төртэй алба хашсан монгол морьдыг нутаг буцаах ажлыг хамтран хэрэгжүүлэхээр тогтов. Төрийн тэргүүн нар манай хоёр улс олон улс болон бүс нутгийн байгууллагын хүрээнд нягт хамтран ажиллаж ирснийг өндрөөр үнэлж, вьетнамын тал Монгол Улсын Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн (АСЕАН) Яриа хэлэлцээний түнш болох, Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК) зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн орох санаачилгыг үргэлжлүүлэн дэмжихээ нотлов. Мөн 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд вьетнамын тал оролцохоо илэрхийлэв. Төрийн тэргүүн нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулах чиглэлд нягт хамтран ажиллаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд монголын хөрсөнд тохирсон мод тарих судалгааг хийхэд хамтран ажиллахаар тогтов.Eрөнхийлөгч То Лам Монгол орон даяар хаваржилт хүндэрч, зудтай хүнд жил болсонтой холбогдуулан зудад нэрвэгдсэн малчдад Вьетнам Улсын Засгийн газраас 500 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсныг мэдэгдэв. Уулзалтын дүнгээр талууд “Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан тунхаглал”, мөн хоёр улсын харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чиглэсэн хоёр талын баримт бичгүүдийг байгуулав.

БНСВУ-ын Ерөнхийлөгч То Лам Хо Чи Минийн нэрэмжит 14 дүгээр сургуульд зочиллоо

2024.10.01. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам өнөөдөр Хо Чи Минийн нэрэмжит улсын тэргүүний 14 дүгээр сургуульд зочиллоо. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам энэ үеэр Хо Чи Минийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, сургуулийн хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Энэ онд 75 жилийн ойгоо тэмдэглэж буй тус сургуульд Вьетнам, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор зочилж буйдаа баяртай байгаагаа Ерөнхийлөгч То Лам илэрхийлэв. Тэрбээр Хо Чи Минийн нэрэмжит 14 дүгээр сургуулийн сурагчид сурлага, хөдөлмөрөөр манлайлж, улсын тэргүүний сургууль болон хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа онцлов. Ерөнхийлөгч То Лам БНСВУ-ын анхны Ерөнхийлөгч Хо Чи Минь нь БНСВУ-аас Монгол Улсад айлчилсан анхны удирдагч байсан бөгөөд 1955 онд хэрэгжсэн тус айлчлалаар хоёр улсын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны үндэс суурийг тавьсан гэдгийг тэмдэглэлээ. Сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилд багшийн хөгжил, тоног төхөөрөмжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор БНСВУ-ын талаас 14 дүгээр сургуульд 50 мянган ам.доллар хандивлах тухай батламжийг Ерөнхийлөгч То Лам сургуулийн удирдлагад гардуулав. Ерөнхийлөгч То Лам сурагчдын урлагийн тоглолтыг үзэж, тус сургууль болон сурагчдад сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ. Хо Чи Минийн нэрэмжит улсын тэргүүний 14 дүгээр сургууль нь 6 мянга гаруй сурагч, 200 гаруй багш, ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. БНСВУ-ын анхны Ерөнхийлөгч Хо Чи Минийн мэндэлсний 80 жилийн ойг тохиолдуулан 14 дүгээр сургуулийг түүний нэрэмжит болгосон.

БНСВУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

2024.10.01. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам-ын төрийн айлчлал өндөрлөлөө. Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, улс хооронд болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Монгол Улс Зүүн өмнөд Азийн улс орнуудаас хамгийн түрүүнд Вьетнам Улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоож буйгаа тунхаглан зарлаж, харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Хоёр улс харилцан ашигтай, бие биеэ нөхсөн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа нотоллоо. Ерөнхийлөгч То Лам-д Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа. Талууд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан Соёлын өдөрлөгийг хамтран зохион байгуулж, Ерөнхийлөгч То Лам монголын аж ахуйн нэгж, бизнесийн төлөөлөлтэй уулзлаа. Энэ удаагийн айлчлал Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 онд Вьетнам Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болсноороо онцлогтой байлаа.