Mонгол, Бангладешийн харилцаа

Бангладешийн Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2022.04.27. Төрийн ордон. Улаанбаатар хот. Монгол улс.Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Махбуб Уз Заман өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайдад баяр хүргэж, Монгол, Бангладешийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгааг онцоллоо. Хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайд бодит хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, амжилт хүсэв. Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтарч байгааг Элчин сайд Махбуб Уз Заман тэмдэглэлээ. Харилцаа, хамтын ажиллагааг цаашид худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Бангладешийн элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2023.11.17. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жашим Уддин Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд Жашим Уддин харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв.
