Монгол, Филиппины харилцаа

МАН-ын Нарийн бичгийн дарга О.Батнайрамдал Филиппин улсын Себу хотноо ажиллаж байна
2023.03.01. Филиппин улсын Себу хотноо 02-р сарын 25-28-ны өдрүүдэд СокДем Азийн Дэвшилтэт Улс төрийн академиас “Уур амьсгалын хямралд үзүүлэх дэвшилтэт аргачлал” сэдэвт олон улсын сургалт зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн сургалт, арга хэмжээнд 10 орчим орны төлөөлөгчид хамрагдаж байгаа юм. Монгол Ардын Намаас тус намын Нарийн бичгийн дарга, СДМЗХ-ны дэд Ерөнхийлөгч О.Батнайрамдал болон Монгол Ардын Намын Хүний нөөцийн хэлтсийн дарга Ч.Сүнжидмаа, Нийслэлийн СДМЗХ-ны тэргүүн, НИТХ-ын төлөөлөгч Г.Төгөлдөр нар оролцож байна. Бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн тулгамдсан том сорилтуудыг даван туулахад олж авсан мэдлэг, ур чадвар, туршлага өнөөдөр юу юунаас чухал. Тийм ч учраас олон улс орны төлөөлөгчид нэгэн дор цугларан мэдлэг, туршлага, ур чадвараа танилцуулахын зэрэгцээ, санал солилцож байгаа юм. Арга хэмжээний үеэр Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга О.Батнайрамдал Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Ногоон хөгжлийн сэргэлт, Уул уурхайн салбар дээр барьж буй Монгол Улсын бодлогын талаар дэлгэрэнгүй танилцуулсан. СокДем Азийн Дэвшилтэт Улс төрийн академи нь улс төрч, төрийн бодлогын зөвлөх, намын улс төрийн ажилтан зэргээр 250 удирдагч, манлайлагчдыг бэлтгэн төрүүлжээ. Дашрамд дурдахад, СокДем Азийн Дэвшилтэт Улс төрийн академи нь социал демократ үзэл баримтлалтай, дэвшилтэт залуучуудад улс төрийн боловсрол олгодог сургалтын цогц хөтөлбөртэй олон улсын байгууллага юм.

Бүгд Найрамдах Филиппин Улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиов
2023.10.11. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол улс Филиппин Улстай 1973.10.11-ний өдөр дипломат харилцаа тогтоожээ. Монгол Улс, Бүгд Найрамдах Филиппин Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2023.10.11-ний өдөр тохиосон юм. Ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгч Фердинанд Р. Маркос Жр. нар 2023.10.11-ний өдөр баярын захидал солилцов. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгчид илгээсэн захидалдаа өнгөрсөн 50 жилийн хугацаанд Монгол-Филиппиний уламжлалт найрсаг харилцаа хамтын хүчин чармайлтаар тогтвортой хөгжиж ирснийг тэмдэглээд цаашид хоёр талын хамтын ажиллагаа худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, аялал жуулчлал болон батлан хамгаалах зэрэг олон салбарт өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгч Фердинанд Р. Маркос Жр. хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн баярын мэндийг Монгол Улсын Ерөнхийлөгчид дэвшүүлээд Филиппиний тал соёлын солилцоо, эдийн засгийн түншлэл болон дипломат яриа хэлэлцээг үргэлжлүүлэн урагшлуулснаар хоёр талын харилцааг улам бүр бэхжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэсэн байна.

Бүгд Найрамдах Филиппин Улсын Элчин сайд Хаймэ А.Флоркруз Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2023.11.17. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Филиппин Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хаймэ А. Флоркруз Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд, төр засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд Хаймэ А.Флоркруз харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв.
