1 сар 22, 2025

Mонгол, Европын харилцаа

Европын холбооны саарал жагсаалтаас гарчээ

2020.10.07. Mонгол Улс. Улаанбаатар хот. Европын Холбооны Эдийн засаг, сангийн сайд нарын зөвлөл энэ сарын 6-нд хуралдаж, Монгол Улсыг Европын Холбооны өмнө хүлээсэн бүх үүрэг амлалтаа биелүүлж, Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенцыг соёрхон баталсныг сайшааж, Татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалтын хяналтанд байлгах саарал жагсаалтаас Монгол Улсыг албан ёсоор гаргах шийдвэр гаргажээ. Татварын асуудлаар мэдээлэл солилцдоггүй, татварын ил тод байдлыг хангаагүй, татвараас зайлсхийхийн эсрэг эрх зүйн орчин нь дутмаг гуравдагч улсын буюу Татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт буюу Хар жагсаалтыг Европын Холбоо 2017 оноос хойш хөтөлж байгаа бөгөөд тус жагсаалтанд Монгол Улсыг 2017 оны арванхоёрдугаар сарын 5-нд оруулсан байна. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Сангийн яамны хамтарч 2018 оны нэгдүгээр сард тус хар жагсаалтаас манай улс богино хугацаанд гарч хяналт-ажиглалтын саарал жагсаалтанд шилжээд байжээ. Энэ жагсаалтаас гарахын тулд татварын ил тод байдал, мэдээлэл харилцан солилцоог хангах, татвараас зайлсхийхтэй тэмцэх олон улсын дүрмүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар 2017 онд 350 дугаар тоот тогтоол баталж холбогдох арга хэмжээг авч, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) Татварын зорилгоор ил тод байдал, мэдээлэл солилцооны олон улсын форумд 2018 оны нэгдүгээр сард манай улс албан ёсны гишүүнээр элсэж, уг байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу мэдээлэл харилцан солилцох, ил тод байдлыг хангах, хамтран ажиллах, татвараас зайлсхийхийн эсрэг эрх зүйн зохицуулалтыг татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд дотоодын хууль тогтоомжид тусгаж хэрэгжүүлжээ. Түүнчлэн Европын Холбооны өмнө хүлээсэн үүргийн хүрээнд Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенцыг УИХ өнгөрсөн нэгдүгээр сарын 3-ны өдөр соёрхон баталж, тус конвенц 2020 оны зургаадугаар сарын 1-нээс эхлэн Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ жагсаалт нь ФАТФ-ын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоондоо стратегийн дутагдалтай улсын хяналтын жагсаалт буюу албан бус хэллэгээр саарал жагсаалт биш бөгөөд Европын холбооны Татварын асуудлаар хамтран ажилладаггүй гуравдагч улсын жагсаалт юм гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Европын холбооны саарал жагсаалтын тухай

2021.01.28. Mонгол Улс. Улаанбаатар хот. Европын Холбооны албан ёсны сэтгүүлд Монгол Улсыг Европын Холбооны хар жагсаалт гэж нэрлэгддэг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтаас хассан тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нийтэллээ. Энэхүү тогтоол нь тус сэтгүүлд нийтлэгдсэнээс хойш 20 дахь хоногоос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Монгол Улсыг 2019 оны 10 дугаар сард Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалт буюу саарал жагсаалтад орсонтой холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Европын Холбооны өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтад оруулаад байсан юм. Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас гаргах хүрээнд төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоод болон хувийн хэвшлийнхэн эрчимтэй хамтран ажиллаж, ФАТФ-аас өгөгдсөн үүрэг даалгавруудыг амжилттай биелүүлсэн. Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр гаргасан ахиц дэвшлийг ФАТФ-аас өндрөөр үнэлж, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ФАТФ-ын саарал жагсаалтаас гаргахаар шийдвэрлэсэн. Улмаар Монгол Улс бусад улс орнуудтай харьцуулахад хамгийн богино хугацаанд буюу 1 жилийн дотор саарал жагсаалтаас гарч чадсан улс болсон. Иймд Европын Комиссоос Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай байдлыг Европын Холбооны 2015/849 дугаартай тогтоолын шаардлагуудын дагуу үнэлж, дараах дүгнэлтийг хийжээ. Үүнд:

Европын Комиссоос холбогдох мэдээлэлд үндэслэн үнэлгээ хийж, Монгол Улсыг мөнгө
угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоон дахь стратегийн
дутагдлаа арилгасан гэж дүгнэв. Монгол Улс мөнгө угаах, терроризмыг
санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооныхоо үр дүнтэй байдлыг бэхжүүлж,
ФАТФ-ын илрүүлсэн стратегийн дутагдлыг арилгах чиглэлээр ажлын
төлөвлөгөөнд тусгагдсан үүрэг даалгавруудыг бүрэн биелүүлж ажилласан.
Эдгээр арга хэмжээ нь хангалттай өргөн цар хүрээтэй ажил болсон бөгөөд
Европын Холбооны 2015/849 дугаар тогтоолын 9 дүгээр зүйлд заасан
стратегийн дутагдлыг бүрэн арилгах шаардлагыг хангасан байна.”
гэжээ. Монгол Улсыг Европын
Холбооны өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтаас гаргаснаар
Европын Холбооны гишүүн орны банк, санхүүгийн байгууллагуудтай бизнесийн
харилцаа тогтоох, гүйлгээг богино хугацаанд хийж гүйцэтгэх, Европын
Холбооны санхүүжилтээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж нэмэгдэх юм. Европын Холбооны албан ёсны сэтгүүлд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нийтэлсэн 2021/37 дугаартай тогтоолтой дараах холбоосоор орж танилцана уу гэжээ. Official Journal of the European Union-Commission Delegated Regulation (EU) 2021/37

Европын Холбооны Элчин сайд нартай цахимаар уулзлаа

2021.05.22. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Европын холбоо болон Европын зарим улсаас Монгол Улсад суугаа элчин сайд нартай 2021.05.20-нд  цахим уулзалт хийлээ. Цахим уулзалтад Европын Холбоо, ХБНГУ, Унгар, Франц, Чех улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, түүнчлэн БНХАУ-аас Монгол Улсыг хавсран суугаа Люксембург, Португал, Румын, Финлянд, Грек Улсын Элчин сайд нар оролцлоо. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд анхаарал тавьж буй Элчин сайд нарт талархлаа илэрхийлээд, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилт, сонгуулийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэв. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил хуульд заасан хугацаандаа хэвийн явагдаж байгааг цохон хэллээ. Цаашид гадаад улсад байгаа иргэд, шилжилт хөдөлгөөний улмаас саналаа өгч чадахгүй байгаа зарим сонгогчдын сонгох, сонгогдох эрхийг хангахад анхаарч ажиллана гээд, тэрхүү зорилгоор санал өгөх системийг цахимжуулах, цахимаар санал өгөх боломж бүрдүүлэх нь чухал байгааг тэмдэглэв. Тэрбээр цааш нь, Европын Холбооны гишүүн орнууд болон сонгуулиар мэргэшсэн олон улсын байгууллагуудыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахыг урив. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн алба Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаа мэдэгдээд байгаа бөгөөд сонгуулийг ил тод, нээлттэй, чөлөөтэй ажиглах боломж бүрдүүлнэ гэдгээ илэрхийллээ. АИХЭА-ны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Франц, Испани, Чех, Итали, АНУ зэрэг орны ажиглагчид багтаж байгаа билээ. Уулзалтын үеэр нэр дэвшигчдийн бүртгэл, цар тахлын үед санал авах байрны хэвийн, аюулгүй ажиллагааг хангахад баримтлах журам, гадаад улс дахь сонгогчдын бүртгэл зэрэг тэдний сонирхсон асуултад хариуллаа. Цахим уулзалтад оролцсон Элчин сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар хэрэгцээтэй мэдээлэл өгсөнд, мөн сонгууль ажиглахыг урьсанд талархал илэрхийлэв гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга бараалхав

2023.06.30. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Хельга Мариа Шмид бараалхав. Талууд Монгол Улс, ЕАБХАБ-ын харилцаа, хамтын ажиллагаа, ялангуяа эдийн засаг, хүрээлэн буй орчны хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг ЕАБХАБ дэмжиж, хамтран ажиллана гэдгийг Ерөнхий нарийн бичгийн дарга илэрхийлэв. Хатагтай Хельга Шмид нь Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад оролцож байна. Монгол Улс ЕАБХАБ-ын бүрэн эрхт гишүүнээр 2012 онд элссэн юм.

Европын Холбооны Элчин сайд Итгэмжлэх жуухаа барив

2024.08.18. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Европын Холбооноос Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим зэрэг ардчиллын үнэт зүйлсэд суурилсан Монгол Улс, Европын Холбоо хоорондын харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүч чармайлтын дүнд өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв. Уулзалтын үеэр хоёр талын хөгжлийн урт хугацааны бодлого, төлөвлөгөөнд тусгасан нийтлэг зорилтуудын хүрээнд үр дүнтэй хамтран ажиллаж, харилцааг улам баяжуулах боломжийн талаар санал солилцлоо. Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтыг даван туулахад хамтын хувь нэмрээ оруулахад чиглэсэн Тэрбум мод, Европын Холбооны Ойн түншлэлийн хүрээн дэх хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхээ талууд нотлов. Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Ина Марчюлёните-д ажлын амжилт хүсэж, бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Монгол Улс, Европын Холбооны хооронд 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ онд 35 жилийн ой тохиож байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

2024.10.07. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгч Одиль Рено-Бассо-г хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Европын сэргээн босголт, хөгжлийн банк сүүлийн 18 жилийн хугацаанд 140 орчим төсөлд 2.3 тэрбум еврогийн санхүүжилтийг зээл, хөрөнгө оруулалт хэлбэрээр олгосонд талархал илэрхийллээ. Уул уурхай, банк, санхүү, эрүүл мэнд, зам, тээвэр, сэргээгдэх эрчим хүч, жижиг, дунд үйлдвэрлэл, тэр дундаа хувийн хэвшлийн салбарт өгсөн санхүүжилт нь нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгч Одиль Рено-Бассо, тус банкнаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар товч танилцууллаа. Цаашид эдийн засгийг ногооруулах, төрөлжүүлэхэд чиглэсэн бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийн хүрээнд үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ. Тус банк банкны салбар дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбар болон нийслэл хотын ногоон хөгжилд анхаарч, залуу бизнес эрхлэгчдийг дэмжихээр төлөвлөж байна. Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа Тэрбум мод, Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг бүрэн дэмжиж байгаагаа хэлээд, энэ хүрээнд бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ Одиль Рено-Бассо онцоллоо.

Хариулт үлдээнэ үү