1 сар 21, 2025

Mонгол, Унгарын харилцаа

Унгар улс Байдрагийн усан цахилгаан станц барих төсөлийг дэмжихээ илэрхийллээ

2024.04.03. Унгар Улс. Унгар улс дахь албан айлчлалынхаа үеэр Сангийн сайд Б.Жавхлан тус улсын Гадаад харилцаа, худалдааны сайд Петер Сияяартотой уулзлаа. Уулзалтаар Баянхонгор аймгийн Байдрагийн усан цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэх яриа хэлэлцээрийг хийв. Унгарын талаас Байдрагийн усан цахилгаан станц барих төслийг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Энэ үеэр Сангийн сайд тус төслийн техник эдийн засгийн үндэслэлийн баримт бичгийг Унгарын талд өглөө. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Байдраг голын урсацыг тохируулж, 30 МВт хүртэлх хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоно. Ингэснээр төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг хангаж, импортын эрчим хүчний хэрэглээг бууруулах зэрэг олон боломж нээгдэнэ гэж Cангийн яамнаас мэдээллэв.

Сангийн сайд Б.Жавхлан Унгар Улсын Хөдөө, аж ахуйн сайд Нодь Иштвантай уулзав

2024.03.13. Унгар Улс. Уулзалтаар Сангийн сайд Б.Жавхлан манай улс дахь өвөлжилтийн нөхцөл байдал, зудын хүндрэл бэрхшээлийн талаар мэдээлэл өгөв. Мөн түүнчлэн малын нийт тоо толгойн 10 орчим хувь нь хорогдож Дэлхийн II дайнаас хойших хамгийн том гарз хохирол амсаад буйг танилцуулсан байна. Цаашид цаг уурын онц нөхцөлд дасан зохицсон эрчимжсэн мал аж ахуйг уламжлалт бэлчээрийн мал аж ахуйтай хослуулан хөгжүүлэх тал дээр мал аж ахуйгаараа дэлхийд үнэлэгдсэн улс орнуудтай хамтран ажиллах, туршлага солилцох нь чухал байгааг илэрхийлэв. Унгар Улсын Хөдөө, аж ахуйн сайд Нодь Иштван дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдэж буй энэ эмзэг үед талууд хөдөө аж ахуйн салбарт туршлага, солилцож, цаг уурын онцгой нөхцөлд бэлтгэлтэй байхад чиглэсэн хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэв. Энэ хүрээнд Хөдөө, аж ахуйн сайд Нодь Иштван мэргэжилтнүүдийн хамтаар Монгол Улсад ажиллаж туршлага солилцоход бэлэн байгаагаа илэрхийлэв. Уулзалтын үеэр Монгол-Унгарын тал Хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Унгар Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. Дээрх баримт бичиг байгуулагдсанаар талууд хөдөө аж ахуйн технологи, техникийг шинэчлэх, өвлийн хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх, тарилангийн усалгаа, хүнсний ногоо, жимс хадгалах хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар хамтран ажиллах боломж бүрдэж байна гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Унгар Улсын Ерөнхийлөгч Каталин Новак-тай уулзлаа

2023.12.02. Арабын Нэгдсэн Эмират. Дубай. Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдаж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Унгар Улсын Ерөнхийлөгч Каталин Новак-тай уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа, олон улсын зарим асуудлаар санал солилцов. Уулзалтаар талууд Монгол, Унгарын дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамж хадгалагдаж, хоёр талын харилцаа олон салбарт идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Цаашид хоёр улсын хөгжлийн бодлогод тусгасан харилцан уялдаа бүхий зорилтуудыг хэрэгжүүлэх замаар хамтын ажиллагааг тэлэх боломжийн талаар ярилцлаа. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол зэрэг олон улсын хамтын нийгэмлэгт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хүчин чармайлтад хувь нэмрээ оруулан хамтран ажиллахаа талууд нотлов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Унгар Улсын Ерөнхийлөгч Каталин Новак-ийг ирэх онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Дэлхийн эмэгтэй манлайлагчдын чуулганд оролцохыг урив.

Унгарын төвбанкны дэд Ерөнхийлөгч айлчлав

2022.07.25. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монголбанкны урилгаар Унгар улсын төв банкны /Magyar Nemzeti Bank/ Дэд ерөнхийлөгч Михали Патай тэргүүтэй зочид төлөөлөгчид 2022 оны 07 сарын 17-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд талууд Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Унгар улсын төв банкны Дэд ерөнхийлөгч Михали Патай тэргүүтэй зочид төлөөлөгчид, Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушански нар оролцсон юм. Санамж бичгээр хоёр тал ногоон санхүүжилт, төв банкны цахим мөнгө, олон нийтийн санхүүгийн боловсрол, төлбөрийн системийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, харилцаагаа улам гүнзгийрүүлэхээр тохироод байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Унгарын шинэ Ерөнхийлөгчид баярын захидал хүргүүлэв

2022.05.22. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон хатагтай Новак Каталинд баярын захидал хүргүүлэв. Баярын захидалд: Эрхэмсэг хатагтай Ерөнхийлөгч өө. Унгар Улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдсон Танд чин сэтгэлийн баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлье. Унгар Улс нь Европ дахь чухал түншүүдийн нэг бөгөөд манай хоёр улсын ард иргэд ойр дотно харилцаатай билээ. Монгол, Унгарын уламжлалт найрсаг харилцаа соёл, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт өргөжин хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байдаг. Дэлхийн улс орнуудын тогтвортой хөгжил, аюулгүй байдлыг хангах, цаг уурын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдсан сорилтуудыг шийдвэрлэхэд төдийгүй хоёр улсын нийгэм, эдийн засгийн тууштай өсөлт, ард иргэдийн сайн сайхны төлөө Монгол, Унгарын харилцааг цаашид улам бүр бэхжүүлэхэд Эрхэмсэг хатагтай Ерөнхийлөгч Тантай хамтран ажиллах болсондоо баяртай байна. Эрхэмсэг хатагтай Ерөнхийлөгч танд эрүүл энх, сайн сайхан, ажлын амжилтыг хүсэн ерөөе гэжээ.

Хариулт үлдээнэ үү