Mонгол, Киргизcтaны харилцаа
Киргизийн Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна
2023.05.30. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Жээнбек Молдоканович Кулубаевыг хүлээн авч уулзав. Хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах бүрэн боломж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэв. Удахгүй Монгол Улсад айлчлах Ерөнхийлөгч С.Н.Жапаровын айлчлал хоёр орны улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв6 Бүгд Найрамдах Киргиз Улс худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, энхийг сахиулах, аюулгүй байдал, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, тээвэр ложистик, соёл, боловсрол зэрэг салбарт харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой байгааг Гадаад хэргийн сайд Ж.М.Кулубаев илэрхийлэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг улсынхаа Ногоон өв санаачилгатай уялдуулах боломжтойг хэлэв. Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг өнгөрсөн онд тэмдэглэн өнгөрүүлсэн нь хоёр ард түмний харилцаа, хамтын ажиллагааг улам ойртуулахад чухал ач холбогдолтой болсон юм.
-Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаров Монгол Улсад айлчилна-
2023.07.06. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров 2023.07.09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 онд Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд Киргиз Улсын төрийн тэргүүн 21 жилийн дараа Монгол Улсад айлчлах юм. Айлчлал Төв Азийн улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх бодлогын хүрээнд хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, тээвэр, ложистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд ахиц гаргахад чухал ач холбогдолтой. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровтай албан ёсны хэлэлцээ хийнэ. Айлчлалын үеэр Төв Азийн бүс нутагт түүх, соёлын гүнзгий хэлхээ холбоотой Бүгд Найрамдах Киргиз Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, яриа хэлэлцээг идэвхжүүлэх, харилцан итгэлцэл, харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, бүс нутаг болон олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар ярилцана. Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолын ажиллагаанд хүндэт зочноор оролцоно.
-Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров Монгол Улсад хүрэлцэн ирэв-
2023.07.09. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров 2023.07.09-11-ний өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэв. Ерөнхийлөгч С.Н.Жапаровыг Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Ганхуяг болон албаны бусад хүн угтав. Төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаровтай албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, улс төрийн харилцан итгэлцэл, харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, бүс нутаг болон олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар ярилцана. Хоёр улсын төрийн тэргүүн харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцох юм. Айлчлал Төв Азийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх бодлогын хүрээнд хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, тээвэр, ложистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал ач холбогдолтой. Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 онд Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд Киргиз Улсын төрийн тэргүүн 21 жилийн дараа Монгол Улсад айлчилж байна.
-Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаровын төрийн айлчлал эхэллээ-
2023.07.09. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров 2023.07.09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНКирУ-ын Ерөнхийлөгч С.Н.Жапаровыг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа.Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Төрийн тэргүүн нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа Ерөнхийлөгч С.Н.Жапаров Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, БНКирУ-ын Ерөнхийлөгч С.Н.Жапаров, гэргий А.Ж.Жапарова нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Ерөнхийлөгч С.Н.Жапаров Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсны дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Ерөнхийлөгч С.Жапаров, гэргий А.Ж.Жапарова нар товч уулзалт хийв.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаровтай албан ёсны хэлэлцээ хийв-
2023.07.06. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров 2023.07.09-11-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Хэлэлцээний үеэр харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, улс төр, худалдаа, эдийн засаг, тээвэр, ложистик, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүс нутаг болон олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Киргизийн найрсаг харилцаа өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд тогтвортой хөгжиж ирснийг дурдаж, далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Мөн Монгол Улсын Засгийн газрын Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Киргиз Улстай дэд бүтэц, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр хамтран ажиллах, хоёр улсын давуу тал, нөөц бололцоог ашиглан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцав. Гадаад худалдааг төрөлжүүлэх бодлогын хүрээнд Монгол Улсаас Киргиз Улсад болон тус улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн бусад оронд мах, махан бүтээгдэхүүн, арьс шир зэрэг бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, Киргиз Улсаас жимс, жимсгэнэ, нарийн ногоо импортлох, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих болон мал эмнэлэг, хорио цээрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв. 2023-2025 оныг Монголд зочлох жил болгосонтой холбогдуулан хоёр улсын хоорондын шууд нислэгийг сэргээх, харилцан визгүй зорчих тохиролцоог үр дүнтэй ашиглах талаар ярилцав. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын ажлыг өндөр үнэлж, цаашид бүх талаар эрчимжүүлэхээр тогтов. Айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яамаа нээж буйг талууд сайшаав. Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг Киргиз Улсын Ногоон өв санаачилгатай уялдуулах, Эрдэнэт хотод Монгол, Киргизийн найрамдлын төгөл байгуулах, Киргизийн жимс, жимсгэний модны суулгацыг Монгол Улсад нутагшуулах, хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр идэвхтэй хамтрахаар болов. Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.
-Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав-
2023.07.06. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров нар Найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа. Мөн:
- Байгаль орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээр,
- Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээр,
- Гэмт хэрэгтэй тэмцэх салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Дотоод хэргийн яам хооронд хэлэлцээр,
- Ойн экосистемийг хөгжүүлэх салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Киргиз Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг,
- Ургамлын хорио цээрийн талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Киргиз Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээр,
- Ах дүүгийн харилцаа тогтоох тухай Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Бүгд найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хот хоорондын хэлэлцээрт холбогдох сайдууд болон нийслэл хотын удирдлагууд гарын үсэг зурлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров нар мэдээлэл хийв-
2023.07.09. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл хийв. Энэ удаагийн айлчлал хоёр улсын ард түмний найрамдал, нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд түлхэц үзүүлж, харилцаа, хамтын ажиллагааг ирэх 30 жилд хөгжүүлэх хэтийн төлөв, чиг хандлагыг тодорхойлсон түүхэн айлчлал болсныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэв. Ерөнхийлөгч С.Н.Жапаров албан ёсны хэлэлцээ найрсаг, харилцан итгэлцсэн, ажил хэрэгч уур амьсгалд болж, улс төр, аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёл болон хүмүүнлэгийн хамтын ажиллагааны талаар санал солилцсоноо онцлов. Монгол Улс 2019 онд Бишкек хотноо Элчин сайдын яамаа, Бүгд Найрамдах Киргиз Улс Элчин сайдын яамаа энэ удаагийн төрийн айлчлалын үеэр Улаанбаатар хотноо нээж буй нь хоёр улс харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэн өргөжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байгаагийн тод илэрхийлэл гэдгийг төрийн тэргүүн нар тэмдэглэв. Энх тайван, тогтвортой, аюулгүй байдалд заналхийлж буй шинэ болон уламжлалт сорилт, заналхийллийг хамтран эсэргүүцэж, терроризм, экстремизм, мансууруулах бодисын хууль бус эргэлт, хууль бус зэвсгийн худалдаа, хил дамнасан гэмт хэрэг, цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр идэвхтэй хамтрах эрмэлзэлтэй байгаагаа нотлов. Харилцан итгэлцэл, хүндэтгэл, эрх тэгш, харилцан ашигтай, бүх талын хамтын ажиллагааны үзэл санааны үндсэн дээр харилцан сонирхсон асуудлаар харилцан дэмжлэг үзүүлэхээ хоёр улсын Ерөнхийлөгч нотлов. Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд бие биеэ идэвхтэй дэмжиж, бүс нутаг болон дэлхий дахинд энх тайван, тогтвортой, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулахаа илэрхийлэв. Хоёр улсын ард түмэн олон зуун жилийн түүх, соёлын гүн хэлхээ холбоотойг тэмдэглэж, харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж, улс төрийн хүсэл эрмэлзэл дүүрэн байгааг нотлов. Албан ёсны хэлэлцээ, харилцан тохиролцсон зүйлс харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа төрийн тэргүүн нар илэрхийлэв. Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров халуун дотноор хүлээн авсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон Монголын ард түмэнд талархал илэрхийлэв.
Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс Хамтарсан тунхаглал гаргав
2023.07.09. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров 2023 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Талууд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын Хамтарсан тунхаглал гаргалаа. Хамтарсан тунхаглалаас талууд найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн бэхжүүлэх хүсэл эрмэлзлээ нотолж, дараах зүйлийг тохиров. Үүнд:
- Улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, хүмүүнлэг болон бусад салбарын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд аливаа саад тотгор байхгүйд сэтгэл хангалуун байгааг тэмдэглэв.
- Харилцан итгэлцэл, хүндэтгэл, эрх тэгш, харилцан ашигтай, бүх талын хамтын ажиллагааны үндсэн дээр харилцан сонирхсон асуудлаар харилцан дэмжлэг үзүүлэхээ нотлов.
- Олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлаар ижил төстэй байр суурьтай байгаагаа тэмдэглэж, НҮБ, Дэлхийн худалдааны байгууллага, ШХАБ, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал зэрэг олон улсын болон бүс нутгийн байгууллагын хүрээнд бие биеийн санаачилгыг үргэлжлүүлэн харилцан дэмжихээ илэрхийлэв.
- Ядуурлыг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ногоон хөгжлийг урагшлуулах чиглэлээр бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээ мэдэгдэв.
- Терроризм, экстремизм, мансууруулах бодисын хууль бус эргэлт, хууль бус зэвсгийн худалдаа, хил дамнасан гэмт хэрэг, цахим гэмт хэрэгтэй тэмцэж, Төв Азийн аюулгүй байдал, энх тайван, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах эрмэлзлээ нотлов.
- Дэд бүтэц, зам тээвэр, эрчим хүч, аж үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрлэл, уул уурхай, цахимжуулалт, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр болов.
- Мал аж ахуй, мал эмнэлэг, ургамлын эрүүл ахуйн салбар болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, машин механизм, хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэхээр болов.
- Монгол Улсаас Киргиз Улсад мах, махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, ноос, арьс шир нийлүүлэх, Киргиз Улсаас Монгол Улсад хөдөө аж ахуйн таримал бүтээгдэхүүн нийлүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв.
- Хоёр орны аж ахуйн нэгжүүд нэхмэл, оёдлын салбарт шууд харилцаа тогтоож байгааг сайшааж, Монголын тал Киргизийн оёдлын үйлдвэрийн түүхий эдийг нийлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
- Агаарын тээврийг сэргээж, далайд гарцгүй орнуудын хувьд тээвэр, дамжин өнгөрөх харилцааг хөгжүүлэхийн төлөө шаардлагатай арга хэмжээ авахаар болов.
- Ах дүү хотын харилцаа тогтоох, хоёр орны ард түмний харилцааг өргөжүүлэхийн чухлыг онцлов.
- Шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний хамтарсан судалгаа, туршлага солилцоход дэмжлэг үзүүлэхээр болов.
- Монгол, Киргизийн ард түмний түүх, соёл, оюун санааны болон биет өвийн талаар хамтарсан судалгаа хийх сонирхолтой байгаагаа нотлов.
- Монгол Улсын Тэрбум мод, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ногоон өв зэрэг үндэсний төсөл, хөтөлбөрүүдийг харилцан уялдаатай хэрэгжүүлэхээр тогтов.
- Соёл, хүмүүнлэгийн солилцоог идэвхтэй дэмжиж, боловсрол, соёл, спорт болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болов.
- Хоёр улсын их, дээд сургуульд монгол, киргиз хэл судлалын чиглэлээр оюутан солилцож, сургахаар тохиролцов.
-Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суух элчин сайдын яамны нээлт болов-
2023.07.11. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсад тус улсын Элчин сайдын яамыг нээх ёслол боллоо. Тус арга хэмжээнд Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Жээнбек Кулубаев, Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Элчин сайд С.Ганхуяг, Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Айбек Артыкбаев болон бусад албаны хүмүүс оролцов. Монгол Улс Бишкек хотноо өөрийн Дипломат төлөөлөгчийн газраа 2014 онд нээсэн бол, Ерөнхийлөгч С.Жапаровын Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Киргиз Улс өөрийн Элчин сайдын яамаа Улаанбаатар хотноо ийнхүү нээж буй нь хоёр улс харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэн өргөжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байгаагийн тод илэрхийлэл төдийгүй манай хоёр улсын харилцааг үсрэнгүй хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх болно гэж албаныхан онцоллоо.
-Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөв-
2023.07.11. Монгол Улс. Улаанбаатар хот. Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын Монгол Улсад хийж буй төрийн айлчлал 2023.07.11-ний өдөр өндөрлөж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Ганхуяг болон албаны бусад хүмүүс Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд үдэж мордууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровтай албан ёсны хэлэлцээ хийв. Мөн Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров Үндэсний их баяр наадмын нээлтийг хүндэт зочны хувиар үзэж сонирхон, Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яамны нээлтийн ёслолын ажиллагаанд оролцов. Энэхүү айлчлал нь Төв Азийн улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх бодлогын хүрээнд хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болов гэжээ.
Киргизийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2023.08.08. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Айбек Артыкбаев Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд А. Артыкбаевыг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Хоёр орны уламжлалт найрсаг харилцааг улам гүнзгийрүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, мөн Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход Элчин сайд хүчин чармайлт гарган ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэв. Түүнчлэн хамтын ажиллагааг НҮБ зэрэг олон улсын байгууллагын хүрээнд өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгааг онцлов. Элчин сайд А.Артыкбаев уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, аялал жуулчлал, уул уурхай, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Улаанбаатар-Бишкек чиглэлийн шууд нислэгийг ойрын хугацаанд сэргээхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлэв.
Киргизийн Парламентын дарга бараалхав
2024.04.25. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Нурланбек Шакиев Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхав. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын хэлхээ холбоотой Киргиз Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, улс төрийн яриа хэлэлцээг бататган бэхжүүлэх, иргэдийн солилцоог эрчимжүүлэх, харилцааны бэлгэ тэмдэг болох томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэв. Хоёр улсын төрийн тэргүүний харилцан тохиролцсон асуудлууд, тухайлбал Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг Киргизийн Ногоон өв санаачилгатай уялдуулан киргизийн жимс, жимсгэний модны суулгацыг Монгол Улсад нутагшуулах, Эрдэнэт хотод Монгол, Киргизийн найрамдлын төгөл цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил урагшилж буйг сайшаав. Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиев худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Киргиз Улсаас хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлэх сонирхлоо илэрхийлж, оюутан залуусыг харилцан сургах, соёлын өдөрлөг хамтран зохион байгуулах санал дэвшүүлэв. Талууд далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд хөгжлийн туршлагаа харилцан хуваалцаж, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик, уул уурхай зэрэг салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Н.Шакиев энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байгаа Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ II чуулга уулзалтад хүндэт зочноор оролцож, илтгэл тавина. Энэ удаагийн айлчлал нь Киргиз Улсын Парламентын даргын түвшинд хийж буй анхны айлчлал юм. Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс 1992.04.22-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчтэй уулзав
2024.07.03. Казакстан. Астана. Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровтай уулзав. Ерөнхийлөгч С.Жапаровын 2023 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал хоёр улсын харилцааг гүнзгийрүүлж, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлснийг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх онцоллоо. Мөн хоёр орны найрсаг харилцааг бататгах, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг идэвхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэв. Төрийн тэргүүнүүд хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа идэвхжиж буйг сайшааж, Монгол Улсын Их Хурлын дарга болон Киргиз Улсын Парламент Жогорку Кенешийн дарга нарын 2024 онд хийсэн харилцан айлчлал амжилттай, үр дүнтэй болсныг онцоллоо. Цаашид уламжлалт найрсаг харилцаагаа гүнзгийрүүлэн бататгах хүрээнд батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, боловсрол, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик зэрэг салбарт идэвхтэй, нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг Киргиз Улсын Ногоон өв санаачилгатай уялдуулан Киргизийн жимс, жимсгэний модны суулгацыг Монголд нутагшуулах, Эрдэнэт хотод Монгол, Киргизийн найрамдлын төгөл цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил идэвхтэй өрнөж буйг талууд сайшаалаа гэжээ.
Киргизийн Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
2024.07.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров баярын мэндчилгээ дэвшүүллээ. Бүгд Найрамдах Киргиз Улсын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье. Энэ баяр бол Монголын ард түмний оюун санааны арвин өвийг илэрхийлээд зогсохгүй хөгжил дэвшил, сайн сайхан байдлын урам зоригийн бэлгэдэл билээ. Манай улс Монгол Улстай харилцан хүндэтгэх, дэмжих зарчимд суурилсан найрсаг харилцаагаа өндрөөр үнэлдэг гэдгийг тэмдэглэхэд таатай байна гэжээ.